УИХ дахь бие даагчдын зөвлөлөөс мэдээлэл хийлээ. Бие даагч гишүүд Өрийн удирдлагын хуулийг яаралтай батлах шаардлагатай, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргыг огцруулах асуудлаар байр сууриа илэрхийлсэн юм. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Сүүлийн үед цагаан сар, баяр наадмын өмнөхөн олон чухал хуулийг бөөнддөг хандлага гарч байна. Ашигт малтмалын хууль, гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох асуудал, Урт нэртэй хуулийн журамд өөрчлөлт оруулах гээд чухал хуулийг сар шинийн баяр давхцуулж батлах гэж байна.Ашигт малтмалын хуульд өөрчлөлт оруулснаар төрийнхөө хувийг татвараар сольдог дэлхийд хаана ч байхгүй жишиг бий болох гэж байна. Тавантолгой, Оюутолгой, Эрдэнэт гээд томоохон ордуудаа нэр цохчихсон байгаа нь аюултай. Тавантолгой дээр байгаа 1072 хувьцаа, Оюутолгойн 34 хувийг нөөцийн татвараар сольчихлоо гээд сууж байж ч магадгүй нөхцөл үүслээ. Дэлхий дээр байхгүй муу жишгийг Монголын парламент тогтоохгүй гэж найдаж байгаа. Үүн дээр бие даагчид хатуухан байр суурь баримтална” гэлээ. Мөн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтыг огцруулах асуудлаар байр сууриа илэрхийлсэн. Тэрбээр “2015 оны төсвийн тодотгол хийж байх үед Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаас албан тоот ирүүлж 2015 оны төсөвт Хөгжлийн банкаар санхүүжүүлэх төсөл арга хэмжээний жагсаалт ирүүлсэн. Үүн дотор 17.5 тэрбум төгрөгийг Хөгжлийн банкны санхүүжилтээр санхүүжүүлэхээр оруулсан нь Хөгжлийн банкны хуулийг зөрчсөн гэж үзэж байгаа. Бид С.Баярцогтыг огцруулах асуудал тавихаасаа өмнө шаардлага хүргүүлсэн. Хариу тайлбар ирүүлээгүй. Тухайн үедээ тайлбар ирүүлээгүй байж огцруулах асуудал тавьсны дараа янз бүрийн тайлбар, мэдэгдэл хийж, гүтгэлээ гэж ярьж байгаа нь утгагүй. Тайлбарт хариу ирүүлсэн бол асуудал илүү тодорхой болох байсан. Хөгжлийн банкны тухай хуулийн 10 дугаар зүйл зөрчигдсөн. Өөрөөр хэлбэл, төслүүдэд тавих шаардлагуудыг зөрчсөн. Монгол Улсын хөгжлийг тэргүүлэх болон стратегийн ач холбогдол бүхий салбарт хамаарсан байх, эдийн засаг, дэд бүтцийн хөгжлийг дэмжсэн, төсөл хөтөлбөрийн зураг төсөл, ТЭЗҮ хийгдсэн байх, төсөл хөтөлбөрийн эдийн засаг, нийгмийн үр өгөөжийг олон улсын шинжилгээ үнэлгээ, аргачлалын дагуу тогтоосон байх, олон улсын болон стандартыг хангасан импортыг орлох, экспортыг нэмэгдүүлэх нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд чиглэсэн байх зэрэг шалгуур бий. Үүнд гэр бүлийн компаниас зөвлөгөө авах асуудал багтаагүй байгаа биз. Төсвийн хуулийн хүрээнд ч ерөнхий зарчимд нийцэхгүй зүйл болсон. Хөгжлийн банкны хууль зөрчсөн гэдэг үндэслэлээр огцруулах асуудал тавьсан. Огцруулах асуудал тавих нь хуулиар тодорхой заасан. Огцруулах асуудал үндэслэлтэй юу, үндэслэлгүй юу гэдгийг ярьдаг болохоос хүн гүтгэсэн асуудал ярьдаггүй. С.Баярцогт харин өөрөө асуудал тавьсан гишүүдийг өөрийг нь гүтгэсэн мэтээр гүтгэж байна. Тэр байтугай хувийнхаа төлөө яамыг хүртэл мэдэгдэл хийлгэсэн. Тиймээс халдашгүй байдлын дэд хороо, Ёс зүйн хороо энэ асуудалд анхаарал хандуулаасай гэж бодож байна” гэлээ.
Month: February 2015
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд манай улсад албан ёсны айлчлал хийж байгаа Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Төрийн Думын дарга Сергей Евгеньевич Нарышкин нар өнөөдөр /2015.02.17/ Төрийн ордны хуралдааны “Б” танхимд хэлэлцээ хийлээ.
Хэлэлцээний эхэнд Улсын Их Хурлын дарга З.Энхболд урилгыг нь хүлээн авч Монгол Улсад айлчилж байгаад нь ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга эрхэм хүндэт С.Е.Нарышкинд талархал илэрхийлэхийн зэрэгцээ Монгол Улсад тавтай зочлохыг ерөөгөөд монголын талаас уулзалт хэлэлцээнд оролцож буй Улсын Их Хурлын гишүүдийг танилцуулав.
ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга С.Е.Нарышкин Монгол Улсад албан ёсоор айлчлахыг урьж элэгсэг дотноор хүлээн авч буйд нь Улсын Их Хурлын дарга З.Энхболдод хариу талархал илэрхийлээд уулзалт хэлэлцээнд оросын талаас оролцож байгаа төлөөлөгчдийг танилцууллаа. Ноён С.Е.Нарышкин “Энэ удаагийн айлчлал маань Монголын ард түмний уламжлалт Цагаан сарын өмнөхөн болж буйгаараа ихээхэн онцлогтой байна” гээд Монголын нийт ард түмэнд Цагаан сарын баярын мэндчилгээ дэвшүүлэв. Энэхүү айлчлал нь хоёр орны хууль тогтоох байгууллага хоорондын төдийгүй уламжлалт найрсаг харилцаатай хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг улам өргөжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт найдаж буйгаа тэрбээр илэрхийллээ.
Улсын Их Хурлын дарга З.Энхболд хэлэлцээн дээр хэлсэн үгэндээ, ОХУ-тай уламжлалт, сайн хөршийн найрсаг харилцаагаа гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл гэж бид үздэг. Сүүлийн жилүүдэд хоёр орны хооронд өндөр дээд түвшний айлчлал, яриа хэлэлцээний давтамж нэмэгдэж байна. Өнгөрсөн онд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Монгол Улсад ажлын айлчлал хийсний зэрэгцээ хоёр орны төрийн тэргүүн нар Шанхай хотноо уулзсан нь хоёр орны харилцаанд чухал ач холбогдолтой үйл явдал юм. Харин Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж энэ оны 5 дугаар сард ОХУ-д айлчлахаар төлөвлөж байна.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины айлчлалын үеэр хоёр орны стратегийн түншлэлийг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөрийг тохиролцсон. Манай улс ийм хөтөлбөрийг БНХАУ, Япон Улстай байгуулаад байна. Сайн хөршийн уламжлалт, найрсаг харилцаатай ОХУ-тай энэ хөтөлбөрийг байгуулах нь чухал ач холбогдолтой гэж үзэж байгаа. Иймээс талууд тохиролцсоны дагуу уг хөтөлбөрийг ойрын үед батална гэдэгт найдаж байна гэдгээ илэрхийлэв.
Улсын Их Хурлын дарга З.Энхболд хоёр орны парламент хоорондын харилцааны талаар хэлэхдээ, “Хоёр орны хууль тогтоох байгууллага хоорондын харилцаа идэвхтэй хөгжиж парламентын түвшинд хэд хэдэн томоохон айлчлал, арга хэмжээнүүд хэрэгжсэн. Тухайлбал, өнгөрсөн онд ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенко тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад айлчилсан бол Улсын Их Хурлын дэд дарга Л.Цог тэргүүтэй төлөөлөгчид ОХУ-д айлчиллаа. Энэ харилцааг гүнзгийрүүлэхэд ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга Таны энэ удаагийн айлчлал нэгэн шинэ хуудсыг нээж байна” гэдгийг онцлоод Улсын Их Хуралд гурван дэд дарга, 17 гишүүнтэй Монгол-Оросын парламентын бүлэг ажиллаж, идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг талаар танилцуулсан юм.
Төрийн Думын дарга С.Е.Нарышкин ОХУ-ын хувьд Монгол Улстай эртнээс уламжлалтай, найрсаг харилцаатай төдийгүй стратегийн сайн түнш гэдгийг тэмдэглээд энэхүү харилцаа нь уламжлалт харилцааны бааз суурь дээр олон чиглэлээр хөгжиж байгаа, цаашид хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг бүх түвшинд харилцан ашигтай байх зарчмын үндсэн дээр хөгжүүлэхийн төлөө байгаагаа онцлов. Хоёр орны хууль тогтоох байгууллагууд Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын хүрээнд идэвхтэй хамтран ажиллах боломжтойг Төрийн Думын дарга онцлоод тус байгууллагын чуулга уулзалтыг Монгол Улс даргалж буйд буйг сайшаан дэмжиж буйгаа илэрхийлж, энэ оны 9 дүгээр сард Улаанбаатар хотод болох чуулга уулзалтад идэвхтэй оролцох болно гэдгээ хэллээ.
Хэлэлцээний үеэр талууд хоёр орны улс төр, худалдаа эдийн засаг, соёл, шинжлэх ухаан, боловсрол, хил орчмын бүс нутгийн хамтын ажиллагааны үр ашгийг дээшлүүлэх арга замын талаар хөндөж ярилцав.
Улсын Их Хурлын дарга З.Энхболд хоёр улсын худалдаа, эдийн засгийн харилцаа зогсонги байгаад сэтгэл зовинож байна. Энэ харилцааг эрчимжүүлж, хөгжүүлэхэд парламент хоорондын хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэх боломжтой гэж үздэгээ хэлэлцээний үеэр онцоллоо. Тэрбээр хэлэхдээ, манай хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны гол зүтгүүр нь хамтарсан гурван үйлдвэр юм гээд “Эрдэнэт” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн үйл ажиллагааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрт нэмэлт өөрчлөлт оруулах яригдаж байгаа. Энэ асуудлыг ойрын үед Улсын Их Хурлаар эцэслэн шийдвэрлэхээр ажиллаж байна. Өөр нэг чухал асуудал бол “Монголросцветмет” ХХК-ийн өрийн асуудлыг шийдвэрлэсэн баримт бичиг болох “ОХУ-ын өмнө Монгол Улсын хүлээх санхүүгийн үүргийн тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг Төрийн Думаар соёрхон батлах асуудал юм. Манай хоёр тал энэхүү хэлэлцээрт 2010 онд гарын үсэг зурж, тэр ондоо Монгол Улсын Засгийн газар батламжилсан боловч оросын талын хүлээсэн үүрэг өнөөдрийг хүртэл хэрэгжээгүй байна” гээд үүнд анхаарал хандуулахыг ноён С.Е.Нарышкинаас хүсэв.
Мөн Монгол Улсын газар зүйн давуу байдлыг ашиглан ОХУ, БНХАУ-ыг холбох төмөр зам, авто зам, газрын тос болон байгалийн хийн хоолой, эрчим хүчний шугамыг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дайруулан барьж байгуулах асуудлаар оросын талтай хамтран ажиллах сонирхолтойгоо онцлон дурдав. Ингэхдээ Монгол Улсын “Талын зам” төслийг ОХУ-ын “Транс Евро-Азийн хөгжлийн бүс” болон БНХАУ-ын “Торгоны замын эдийн засгийн бүс” бүтээн байгуулалтын санаачлагуудтай уялдуулан Засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээр байгуулах боломжтой гэж үзэж байгаагаа хэллээ. Түүнчлэн Москва-Бээжин чиглэлд баригдах хурдны төмөр замыг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан барих саналыг тавьж байгаа, үүний зэрэгцээ Улаанбаатар төмөр замыг дамжин өнгөрөх тээврийн үндсэн шугам болгохын төлөө хамтран ажиллахаар санал нэгдсэний дагуу талууд идэвхтэй ажиллах нь зүйтэй байна гээд эдгээр асуудалд ноён даргыг анхаарлаа хандуулж, дэмжиж ажиллана гэдэгт итгэж буйгаа илэрхийллээ.
Бусад салбарын хамтын ажиллагааны тухайд олон мянган монголчуудын адил хуучин ЗХУ-д дээд боловсрол эзэмшсэний хувьд ОХУ-ын Засгийн газрын тэтгэлэгт сургалт болон мэргэжил дээшлүүлэх хөтөлбөрт хамрагдагсдын тоог цаашид нэмэгдүүлэх, ОХУ-ын их, дээд сургуулиудтай судалгааны чиглэлээр хамтарч ажиллах, хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх сонирхолтой байгаа. Мөн Эрдэнэт хотод Монгол, Оросын хамтарсан Технологийн их сургуулийг хотхон байдлаар хөгжүүлэх төсөл хэрэгжүүлэхээр хоёр улсын холбогдох байгууллагууд хамтран ажиллаж байгааг дуулгав. Түүнчлэн хоёр орны архивын байгууллагууд үр дүнтэй хамтран ажиллаж буйг жишээ татан дурдав.
Ноён С.Е.Нарышкин хоёр орны худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааны тухайд Улсын Их Хурлын даргатай адил байр суурьтай байгаагаа хэлээд гэхдээ энэ салбарын нөөц бололцоог гүйцэд ашиглах чиглэлээр цаашид идэвхтэй ажиллах шаардлагатай байгааг онцоллоо. Тэрбээр орос хэл, соёлыг хөгжүүлэх асуудалд Монгол Улсын төр, засгийн зүгээс анхаарал хандуулж, үргэлж дэмжиж ирснийг өндөр үнэлдэгээ дурдаад 2014-2015 онд ОХУ-д монголын талаас суралцах иргэдийн тоог 25 хувиар нэмэгдүүлэхээр шийдвэрлэснийг Улсын Их Хурлын даргад дуулгасан юм.
Хэлэлцээний үеэр ноён С.Е.Нарышкин Улсын Их Хурлын даргыг тааламжтай цагтаа ОХУ-д зочлохыг уриад Төрийн Думд уулзаж хоёр орны парламент хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх яриа хэлэлцээг үргэлжлүүлэхийг хүсч буйгаа хэллээ.
Хэлэлцээнд Улсын Их Хурлын дэд дарга Р.Гончигдорж, Л.Цог, Улсын Их Хурлын гишүүн Н.Батцэрэг, Д.Хаянхярваа, Д.Арвин, Г.Баярсайхан, О.Содбилэг, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, Гадаад хэргийн дэд сайд Н.Оюундарь, албаны бусад хүмүүс оролцлоо гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
Өмнөговь аймагт ахмадын чөлөөт холбоо, ахмад багш нарын холбоо, ахмадын хороо, бүсийн оношилгоо эмчилгээний төвийн ахмадын зөвлөл зэрэг 20 гаруй байгууллага үйл ажиллагаа явуулдаг.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг эдгээр байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж, ахмад настны нийтлэг эрх ашгийг хамгаалах, тэдэнд тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэх зэрэг чиглэлээр ярилцлаа. Өмнөговь аймагт 4300 гаруй ахмад настан байгаа нь нийт хүн амын 7 орчим хувийг эзлэж байгаа юм.
Орон нутгаас өөрийн нөөц боломжиндоо тулгуурлан аймгийн ахмадын соёл, мэдээллийн төв байгуулж, ахмад настны нийгмийн нөхөн сэргээлт хөтөлбөрийг хэрэгжүүлэн, тэдний эрүүл мэндэд анхаарч ажиллаж байгаа талаар ахмадын байгууллагынхан Ерөнхий сайдад танилцууллаа.
Ахмадын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа төрийн бус байгууллагуудаар төрийн зарим чиг үүргийг гэрээгээр гүйцэтгүүлэх болсон тухай Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал болж хоёр асуудлыг шийдвэрлэн ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр болсон байна. Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 14-р зүйлийн 14.3 дахь заалт, дүрмийн 7.4.2, “Үндэсний их баяр наадмыг бөх, харваач, моринд сэргээшийг шинжилгээ хийх журам”-ын 5.1, 5.4 дэх заалт, Монголын Допингийн эсрэг төвийн албан бичгийг тус тус үндэслэн Улсын начин Н.Адъяабат, Б.Суманчулуун нарын үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд тав давсан давааг хүчингүй болгож хүчингүй болгосон тогтоолыг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр болсон байна. Мөн тус хурлаар дараах нэр бүхий уяачдад улсын цол олгуулахаар Төрийн тэргүүнд өргөн мэдүүлэхээр болжээ. Тус хурлыг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх удирдан явууллаа.
“Тод Манлай уяач ” цолоор
1. Төв аймгийн Лүн сумын уугуул Банзрагчийн Билэгдэмбэрэл /23 морь түрүүлж айрагдсан, үүнээс дээд нас 10, бага нас 13/;
2. Ховд аймгийн Дарви сумын уугуул Батчулууны Мөнхтөр /23 морь түрүүлж айрагдсан, үүнээс дээд нас 10, бага нас 13/ ;
3. Архангай аймгийн Их тамир сумын уугуул Чимэддоржийн Ганзориг /20 морь түрүүлж айрагдсан, үүнээс дээд нас 10, бага нас 10/.
“Манлай уяач ” цолоор
1. Өмнөговь аймгийн Булган сумын уугуул Намдагийн Хүрлээ /13 морь түрүүлж айрагдсан, үүнээс дээд нас 9, бага нас 4/;
2. Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул Туваанжавын Гантөмөр /16 морь түрүүлж айрагдсан, үүнээс дээд нас 7, бага нас 9/;
3. Увс аймгийн Зүүнговь сумын уугуул Бичээрэйн Далай /21 морь түрүүлж айрагдсан, үүнээс дээд нас 6, бага нас 15/;
4. Ховд аймгийн Мөст сумын уугуул Буднямын Буяннэмэх /13 морь түрүүлж айрагдсан, үүнээс дээд нас 6, бага нас 7/;
5. Завхан аймгийн Эрдэнэхайран сумын уугуул Намжилцэрэнгийн Даш-Өлзий /14 морь түрүүлж айрагдсан, үүнээс дээд нас 6, бага нас 8/;
6. Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул Ононгийн Батбилэг /20 морь түрүүлж айрагдсан, үүнээс дээд нас 6, бага нас 14/;
7. Хэнтий аймгийн Дадал сумын уугуул Гончигийн Содном /12 морь түрүүлж айрагдсан, үүнээс дээд нас 7, бага нас 5/.
“Алдарт уяач” цолоор
1. Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын уугуул Бат-Очирын Цэрэнбалтав /9 морь түрүүлж айрагдсан, үүнээс дээд нас 4, бага нас 5/;
2. Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул Төмөрбаатарын Галбадрах /10 морь түрүүлж айрагдсан, үүнээс дээд нас 4, бага нас 6/;
3. Төв аймгийн Баянцогт сумын уугуул Сумъяасүрэнгийн Ганбаатар /8 морь түрүүлж айрагдсан, үүнээс дээд нас 4, бага нас 4/;
4. Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын уугуул Түвдэнжаажидийн Батзориг /9 морь түрүүлж айрагдсан, үүнээс дээд нас 4, бага нас 5/ ;
5. Дорнод аймгийн Матад сумын уугуул Бат-Очирын Цэндбаатар /12 морь түрүүлж айрагдсан, үүнээс дээд нас 4, бага нас 8/;
6. Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уугуул Давгын Цогтбаяр /8 морь түрүүлж айрагдсан, үүнээс дээд нас 5, бага нас 3/;
7. Төв аймгийн Батсүмбэр сумын уугуул Сундуйн Лувсанбалдан /10 морь түрүүлж айрагдсан, үүнээс дээд нас 4, бага нас 6/;
8. Төв аймгийн Баян сумын уугуул Пунцагбалжирын Энх-Мөнх /13 морь түрүүлж айрагдсан, үүнээс дээд нас 4, бага нас 9/;
9. Дундговь аймгийн Луус сумын уугуул Лувсантаравын Бямбаноров /8 морь түрүүлж айрагдсан, үүнээс дээд нас 5, бага нас 3/;
10. Дундговь аймгийн Луус сумын уугуул Сэрээгийн Шинэбаатар /8 морь түрүүлж айрагдсан, үүнээс дээд нас 4, бага нас 4/ ;
11. Говьсүмбэр аймгийн Баянтал сумын уугуул Цэлхээгийн Бямбасүрэн /10 морь түрүүлж айрагдсан, үүнээс дээд нас 7, бага нас 3/;
12. Ховд аймгийн Мөнххайрхан сумын уугуул Ширнэнбандийн Адьшаа /11 морь түрүүлж айрагдсан, үүнээс дээд нас 4, бага нас 7/;
13. Ховд аймгийн Цэцэг сумын уугуул Рагчаагийн Баатархүү /4 морь түрүүлсэн, үүнээс дээд нас 2, бага нас 2/;
14. Төв аймгийн Баянцагаан сумын уугуул Даваахүүгийн Баянбат /8 морь түрүүлж айрагдсан, үүнээс дээд нас 4, бага нас 4/;
15. Баянхонгор аймгийн Баянцагаан сумын уугуул Дамбын Баяраа /8 морь түрүүлж айрагдсан, үүнээс дээд нас 4, бага нас 4/;
16. Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн уугуул Анандын Ариунсайхан /9 морь түрүүлж айрагдсан, үүнээс дээд нас 5, бага нас 4/;
17. Баянхонгор аймгийн Бууцагаан сумын уугуул Искрагийн Золбоот /8 морь түрүүлж айрагдсан, үүнээс дээд нас 4, бага нас 4/.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Даланзадгад сумын Өнөд өвлөх урлахуй компанийн Даланбулаг цэвэр усны үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус компани 2008 онд 5 ажилтантайгаар үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бол одоо 19 хүнийг байнгын ажлын байраар ханган ажиллуулж байна.
Эднийх Оюу толгой, Хүннү ресурс, Хишиг арвин индустриал, Терра энержи зэрэг тус аймагт үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн томоохон компаниудаас гадна жуулчны баазууд, аймгийн төв болон бусад сумын иргэдийн хэрэгцээнд зориулан “Даланбулаг” цэвэр усаа нийлүүлж байна. Үйлдвэр 520 м2 талбай бүхий хоёр давхар ажлын байртай бөгөөд цаашид үйл ажиллагаагаа өргөжүүлэхийн тулд үйлдвэрийн өргөтгөл барих шаардлагатай байгаа талаар компанийн удирдлагууд Ерөнхий сайдад танилцууллаа. Үйл ажиллагаа нь жигдэрсэн, бүтээгдэхүүнээ борлуулах зах зээл, худалдан авагч бэлэн байгаа ийм үйлдвэрүүдийн үйл ажиллагааг өргөжүүлэхэд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл олгох боломжтой гэж УИХ-ын гишүүн, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат хэллээ.
Дараа нь Ерөнхий сайд болон Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Зам, тээврийн сайд Н.Төмөрхүү нар “Эрхэт баян тулга” компанийн худалдааны төвийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус компани 2014 онд арилжааны банкнаас 2 тэрбум төгрөгийн зээл авч тус бүр 1080 м2 талбайтай хоёр худалдааны төв барьж ашиглалтанд оруулжээ. Худалдаа, үйлчилгээний зориулалт бүхий тохилог, дулаахан ажлын байраар худалдаа эрхлэгчдийг хангах зорилт тавин ажилласан ч одоогоор түрээслэгчдийн тоо цөөхөн байгаа талаар компанийн захирал Ц.Батбаяр хэллээ. Зарим аймагт төрийн дэмжлэгтэйгээр барьж байгаа тохилог худалдааны төвийг хувийн хэвшлийн компани өөрийн хөрөнгөөр барьж босгоод, олон хүнийг ажлын байраар хангах боломжтой болгож байгаад Ерөнхий сайд Ч.Сайханбилэг компанийн удирдлагуудад баяр хүргээд эдийн засгийн том төсөл, хөтөлбөрүүдээ хэрэгжүүлж, хүндрэлээс гарах үед энэ том худалдааны төвд ажлын байр түрээслэх хүний тоо олон болно гэдэгт итгэж байгаагаа хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
Сангийн дэд сайд асан “Хас“-ын гэгдэх Ч.Ганхуягтай ярилцлаа.
–УИХ Монгол хэлний тухай хуулийн төслийг баталчихлаа. Та их шүүмжилж байх шиг байна…
-Өнөөдөр эдийн засаг уналтад орчихлоо. Тиймээс улс орноо энэ хүнд үеэс гаргах үүрэг одоогийн төр засагт ногдчихсон байна. Ийм байхад авах арга хэмжээгээ зөв эрэмбэлж, ухаантай ажиллах хэрэгтэй. Гэтэл өнөөдөр тулгамдчихаад байгаа бэрхшээлээ давж, улсаа өөд татах нь нэн тэргүүнийх байх ёстой. Түүнээс биш Монгол хэлний тухай хуулийг баталж, уйгаржин монгол бичгийн асуудлыг шийдэх нь аминд тулсан чухал зүйл биш. Яг өнөөдөр Монгол Улс мөхөж, нийгэм нурж унах гээд байна. Дааж давшгүй их өр төлөх шаардлага тулгараад байна. Гэтэл ийм дампуу, өөдгүй хууль батлаад сууж байна гэдэг нь шившиг. Манай төрийн түшээдийн толгой эргэчихэж. Ийм хүмүүс төрд ажиллаж байна гэхээр үнэхээр гутамшигтай байна. Би бол жирийн иргэний сонгогчийн хувиар байр сууриа илэрхийлж байгаа шүү.
Нөгөө талаасаа би татвар төлөгч. Ухамсар суусан цагаасаа хойш татвар төллөө. Олон хүнийг ажлын байраар хангасан. Энэ хүмүүс татвараа төлж байна. Бидний төлсөн татварыг захиран зарцуулдаг төрийн түшээд өнөөдөр ийм завхарсан зүйл хийж байгаад үнэхээр харамсч байна. Тиймээс өөрийн фэйсбүүк хаягаараа дамжуулан байр сууриа бусадтай хуваалцлаа. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хандаж “Яриад байдаг ухаалаг төр чинь хаана байна вэ. Наад түшээдийн чинь толгойэргэчихэж. Батлаад байгаа хуулийг нь болиулаач ээ” гэдэг асуудлыг тавьж байна. Ухаалаг төртэй болъё гэж байгаа юм бол энэ хууль дээр хориг тавих хэрэгтэй. Эдийн засгийн асуудлыг шийдэж, том төслүүдийг хөдөлгөж, хөрөнгө оруулагчдыг татах нь үүнээс чухал байна. Түүнээс биш Улаанбаатар хот монгол бичгээр хаягаа бичээдхөгжинө гэж байхгүй, тусгаар тогтнол маань баталгаажихгүй.
–Дарга нар уйгаржин бичгээр бичдэг, харилцдаг болчихвол Монгол Улс хөгжих гээд байгаа юм шиг авирлаж байна…
-Тийм юм байхгүй ээ. Эдийн засгийн хувьд бат бөх, дэлхийн хэлээр харилцажбайж Монгол гэдэг нэр нүүрийг ертөнцөд бий болгоно. Баталж байгаа хуулиудаа уйгаржин бичгээр бичвэл өв соёлоо хамгаалчих юм уу.
Үгүй ээ, Монгол Улс зүгээр л түүхийн үзмэр болон хувирна. Монгол Улсыг ийм динозаврын орон болгох гээгүй юм бол энэ хуулиа болих хэрэгтэй.
–Монгол Улс эргээд хөдсөн дээлтэй харанхуй бүдүүлэг үе рүүгээ буцах байлгүй…
-Монголын ирээдүй болсон хүүхдүүдийн боловсролын асуудал бүрхэг болж байна. Би хүүхдээ нэг нас хүрэхээр нь гадаад үг зааж өгдөг. Тэгснээр миний хүүхэд монгол хэл мэддэггүй, Монголоо алдсан нэгэн болж өсдөггүй. Харин ч дэлхийн иргэн болж Монголын дархлааг улам бэхжүүлж өгч байна гэж ойлгодог.Дэлхийн бусад орны хүүхдүүдтэй ижил хэмжээнд өрсөлдөж, чадварлаг боловсон хүчин болж төлөвшдөг. Монгол хүүхдүүд ийм байвал дэлхий биднийг үнэлнэ. Монголын нэр хүнд дэлхийд гарна шүү дээ. Тэр хэрээрээ Монгол Улс хөгжинө. Би ийм л бодолтой хүн. Гэтэл өнөөдөр УИХ-ын гишүүд өөрсдийнхөө хүүхдийг гадаадад сургуульд явуулж дэлхийн боловсрол олгож байна.Тэгсэн хэрнээ ядарсан ардын хүүхдүүдийг монгол бичиг үзээд хөдсөн дээлтэйгээ малаа маллаад амьдар гэдэг тулгалт хийж тавлаж байна. Ийм эрх тэдэнд байхгүй.
–Бид уйгаржин бичигтэй болчихвол Өвөрмонголоос өөр харилцах газаргүй. Дэлхий биднийг юу гэж харах юм бол доо?
-Монголчууд өөрсдийгөө музейн үзмэр болгож байна даа гэж харна. Өөр яах юм. Нэг зүйлийг бод доо. Дэлхий дээр хуучин нийгэм рүү буцъя, эртний хэлээ сэргээе гэж дөвчигнөж байгаа улс харсан уу.
–Урагшилна уу гэхээс хуучин руугаа ухарч байдаг улсхаана байхав…
-Яг тийм. Германчууд өөрсдийгөө агуйд амьдарч байсан ард түмэн гэж ярьцгаадаг. Гэлээ гээд өнөөдөр анх үүссэн агуй руугаа нүүе гэж ярьдаггүй. Гэтэл монголчууд бид монгол гэртээ амьдарч, малаа дагах тухай ярьцгаадаг. Энэ туйлшрал ньявсаар эцэстээ хуучин бичиг рүүгээ буцах хэмжээнд хүрлээ шүү дээ. Гэтэл тэр бичиг нь 21 дүгээр зууны техник технологийн дэвшиж,нийгэм, эдийн засгийн харилцаанд огтхон ч нийцэхгүй, тохирохгүй, хоцрогдсон зүйл байдаг. Тэгэхээр бидний дэлхийтэй харилцахаа боль, мэдээлэл авалгүй, харанхуй бүдүүлгээрээ үлд гэж байгаа юм байна.
–Гадныхны захиалгын дагуу энэ хууль батлагдчихав уу гэдэг хардлага хүмүүст байх шиг байна. Үнэндээ энэ хуулийг эсэргүүцээд байсан гишүүд батлах мөчид дэмжих кноп дараад сууж байхыг нь харвал цаанаасаа захиалгатай гэдгийг батлаад ч байх шиг…
-Нарийн учир начрыг нь үнэндээ мэдэхгүй юм. Монголын язгуур эрх ашигт нийцээгүй хууль гарлаа гэдгийг л мэдэж байна. Ер нь бол Монголыг хөгжилтэй, баян чинээлэг, гуравдагч хөршийн бодлогоо тууштай хэрэгжүүлсэн, Европ, АНУ руу өөрийн гарцтай улс байлгахыг манай хоёр хөрш алга ташаад хүлээж авахгүй нь тодорхой.Монгол Улс ядуу буурай хэн нэгнээс хамааралтай байх нь тэдэнд ашигтай байх. Гэтэл бид гадаад бодлогоо өөрөө тогтоочихдог, хэн дуртай улсаа гуравдагч хөршөөрөө зарладаг, монгол хүүхдүүд орос, хятад хүүхдүүдтэй ажлын байрны төлөө эн зэрэгцэн өрсөлдөж чаддаг болох ёстой байна.ДНБ, өрсөлдөх чадвараараа бусад улстай ижил хэмжээнд уралддаг, өөдөлдөг байх хэрэгтэй байна. Бид хэн нэгний захиалгаар явахёсгүй. Монгол Улсын урт хугацааны язгуур эрх ашгийг дээдэлж, асуудлыг яаж шийдвэл хөгжих үү гэдгийг бодож ажилладаг болмоор байна. Ийм байлгах нь төрийн хар хайрцагны бодлого ул суурьтай байх хэрэгтэй. Харамсалтай нь өнөөдрийн манай төрийнхар хайрцагны бодлогыг Монгол хэлний тухай хууль тодорхой хэмжээнд алдагдуулж байна.
–Өнөөдөр монголчууд гадаад хэлээр ярьсан нэгнээ барьж авч зодож байна. Төр нь уйгаржин бичгээ сэргээх зэргээр хуучин харанхуй, бүдүүлэг үе рүү уриалан дуудаад байгаа учраас нийгмийн сэтгэлгээгийм байдал руу түлхээд байгаа юм болов уу?
-Ийм төрийг бий болгож байгаа түшээдийг УИХ-д дахин сонгох хэрэггүй юм байна гэдэг нь харагдаад байна. Ирэх жил сонгууль болно. Тэр үеэр ард түмэн та нартай хариуцлага тооцно.
–Уйгаржин бичигт шилжлээ гэхэд нийгэм, эдийн засгийн талаасаа гарах асар их хор хөнөөлтэй биз?
-Өнөөдөр бид кирилл үсгээрээ зөв бичиж чадахгүй байж юун уйгаржин бичиг вэ. Дэлхий ертөнц өнөөдөр даяаршиж байна. Үүнийг дагаад компьютер, гар утас хэрэглэж байна. Бидний хэрэглэж байгаа эд хэрэгсэл латин үсэг ашиглаж байна. Энэ бүхнийг үйлдвэрлэдэг компаниудад нь захиалга өгч, монгол бичгээрээ солиулаад ашиглаж болно. Ингэхийн тулд Монгол Улс баян байх ёстой. Гэтэл бид өнөөдөр ямар байгаа билээ. Өөрсдөө ганц гар утас үйлдвэрлэж чадахгүй байж ийм хууль батлаад яах юм бэ. Ард түмнээ нүүр бардам амьдрах боломжоор хангаж чадаагүй байж ийм хууль баталж байна шүү дээ, цаадуул чинь. Хүүхдүүдийг хосолмол бичигтэй болгохын тулд багш нараа бэлтгэнэ. Номыг хоёр бичгээрээ хэвлэнэ. Гадна хаягаа монгол бичгээр солиулахад хичнээн зардал гарах вэ. Албан бичгээ тусгай монгол бичгээр бичих программыг нь суулгахад хэдий хэмжээний мөнгө зарах вэ. Гэх мэтээр хичнээн их мөнгө зарцуулна гэж бодож байна. Санаанд ч багтамгүй юм. Ядуу зүдүү, дөнгөж хөгжиж байгаа улсын хийдэг ажил энэ мөн үү.
Бид одоо хүртэл латинаар өөрсдийнхөө нэрийг тогтсон байдлаар бичиж сураагүй байна шүү дээ. Үүнийгээ зохицуулж чадахгүй байж юун уйгаржин бичиг яриад байгаа юм бэ. Агаараас битгий ийм хийсвэр юм оруулж ирээч ээ. Өнөөдөр Улаанбаатарын бүх хаягийг монгол бичгээр бичье. Та бид бие биеэ олж уулзаж чадах болов уу. Хүн ардаа 100 хувь уйгаржин бичигт сургаагүй байж ийм балай хууль гаргаж болохгүй.
–Уйгаржин бичгээр бичсэн үгийг хэвтүүлчихээр арабууд уншчихдаг гэсэн биз дээ?
-Угаасаа орчин цагийн араб бичгийн үндэс нь сериак үсэг. Манайхаар Египетийн ханз гэсэн үг. Эндээс гаралтай үсгийг уйгар, түрэгүүд хэрэглэж байхад нь монголчууд байлдан дагуулалтынхаа үед авсан юм билээ. Лал шашинтай араб үсгийг бид уйгаржин бичиг гэж шүтээд цээжээ дэлдээд байгаа юм шүү дээ.
–Уйгаржин бичгийг сэргээнэ гэсэн нь улс үндэстнээ хагалан бутаргаж ч магадгүй байна…
-Яах аргагүй хагалж байна. Нэг хоёр хүн бодсон санаснаа олонхидоо тулгасан авторитар, тоталитар дэглэмийн шинжийг агуулсан зүйл хийлээ. Наанаа шууд ардчилал гэж сайхан ярьчихаад, ард түмнээсээ бүгдийг асууна гэж хэлдэг. Тэгсэн хэрнээ амьдралд нь, хүүхдэд нь нөлөөлөх чухал хуулийг хэнээс ч асуулгүй чимээгүйхэн баталчихлаа. Тиймээс иргэд эсэргүүцлээ илэрхийлэх ёстой.
–Тэгээд одоо Ерөнхийлөгч хориг тавих юм болов уу даа?
-Мэдэхгүй. Бид хэрхэн тэмцэхээс л хамаарна шүү дээ. Ямар ч байсан бидэнд 14 хоногийн хугацаа байна. Энэ хугацаанд иргэд үгээ хэлж эсэргүүцлээ илэрхийлэх ёстой. Тэгж байж Ерөнхийлөгчөөр хориг тавиулна. Шууд ардчилал гэдэг зүйлийг гаргаж ирээд яриад байгаахүн байна, иргэдийнхээ үгийг сонсох байлгүй дээ гэж найдаж байна.
Я.МӨНГӨНЦЭЦЭГ
Сар шинийн баяраар замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг. Монгол түмний энэхүү уламжлалт баяр болох гэж байгаатай холбогдуулан Улаанбаатар хотын Замын цагдаагийн газраас жолооч, ард иргэддээ дараах сэрэмжлүүлгийг хүргүүллээ. Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын алба хаагчид нь “Сар шинийн баяр”-ын өдрүүдэд иргэдийн аюулгүй, амгалан тайван байдлыг хангах, гарч болзошгүй зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх, гудамж замд хяналт шалгалт тавихаас гадна хөдөлгөөн зохицуулж өндөржүүлсэн бэлэн байдалд уртасгасан цагаар ажиллахаас гадна нэмэгдлээр Олон нийтийн аюулгүй байдал хамгаалах газраас 65 алба хаагч, УБ хотын Цагдаагийн газар дээр дадлага хийж байгаа 90 сонсогчийг ажиллуулна.
Сар шинийн баярын өдрүүдэд гэр бүл ойр дотны хүмүүстэйгээ настан буурлууддаа хүндэтгэл үзүүлэх гэж замын хөдөлгөөнд оролцож явах үедээ хэн нэгний хариуцлагагүй үйлдлээс болж амь нас эрүүл мэндээрээ хохирох явдал жилийн жилд өсөн нэмэгддэг. 2013 оны 2-р сард нийт дуудлага мэдээ мэдээлэл 3671 хүлээн авч байсан бол 2014 оны 2-р сард 6765 болон 84.3% өссөн, зам тээвэр ослын улмаас 2013 оны 2-р сард 8 хүн нас барж байсан бол 2014 оны 2-р сард 9 болж 12.5%-аар, гэмтсэн хүн 361 байсан бол 380 болж 5.3%-иар тус тус өссөн байна. Шинийн 1, 2-ны өдрүүдэд хотын зах гэр хороололын замууд ачаалал их авч бусад замын хөдөлгөөнд оролцогч нарт хүндрэл учруулахаас гадна механик түгжрэл саатал ихээр бий болгодог учир замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нар урсгал сөрөх, хурд хэтрүүлэх, эгнээ байр буруу эзлэх, хүн ба ачаа тээвэрлэх журам зөрчих зэрэг үйлдлийг ихээр гаргадаг. Энэ жилийн хувьд сар шинийн баяр олон хоног үргэлжилж байгаатайгаар замын ачаалал эрс нэмэгдэх, түгжрэл саатал бий болж магадгүй учир иргэд настан буурлууддаа золголт хийхдээ бие биендээ хүндэтгэлтэй, хүлээцтэй хандах, бусдын хөдөлгөөнд саад болох газар тээврийн хэрэгслээ байршуулахгүй байх, гэр хороолол, орон сууцны хороололд замын хөдөлгөөнд оролцож яваа бол тээврийн хэрэгслээ зориулалтын зогсоолд байршуулах, тухайн айлынхаа хашаанд нь оруулж тавих зэрэг арга хэмжээг өөрсдөө авч хэрэгжүүлэх шаардлагатай юм. Шинийн 3, 4 –ний өдрүүдэд хотоос хөдөө орон нутгийг чиглэсэн хөдөлгөөн эрс нэмэгддэг тул Монголын цагаан сараараа хууль дүрмээ дээдлэн биелүүлж өв уламжлалаа сахин хамгаалж хар сар болгохгүй байх нь та бидний гарт байгаа тул тээврийн хэрэгслийн хурдаа зөв тохируулах, согтууруулах ундаааны зүйл хэрэглэсэн бол тээврийн хэрэгсэл жолоодохоос эрс татгалзах, урсгал сөрөхгүй байх, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангах, бага насны хүүхдийг харгалзах хүнтэй, гараас нь хөтлөн аюулгүй байдлыг хангах, зориулалтын хамгаалах суудал, хамгаалалтын бүсийг нь зүүлгэж замын хөдөлгөөнд оролцох, явган хүний гарцын тэмдэг тэмдэглэлтэй хэсгээр зөвшөөрсөн гэрэл дохиогоор зам хөндлөн гарахыг Улаанбаатар хотын Замын цагдаагийн газраас уриалж байна.
Нийслэлийн Засаг дарга “Ажлын хэсэг байгуулах тухай” А/129 дугаар захирамж гаргаж, нийслэлийн нутаг дэвсгэрт байгалийн шингэрүүлсэн хийн хангамж, хэрэглээг нэмэгдүүлэх, хий, хийн бүтээгдэхүүн импортлох, түгээх, борлуулах, тээвэрлэх, хэрэглээнд нэвтрүүлэх зорилгоор төсөл боловсруулан батлуулах “Ажлын хэсэг-ийг байгууллаа. Ажлын хэсгийн даргаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал, орлогч даргаар Нийслэлийн Эдийн засгийн хөгжлийн газрын дарга Э.Тэмүүлэн ажиллана. Тус ажлын хэсэгт “Байгалийн шингэрүүлсэн хийн хангамж, хэрэглээг нэмэгдүүлэх төсөл”-ийн хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулахыг үүрэг болгосон юм. Харин төсөл хэрэгжих газрыг хамгаалтанд авч, газар эзэмших эрхийг захирамжаар баталгаажуулан ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт даалгав, Захирамжийн хэрэгжилтэд Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа хяналт тавьж ажиллах бөгөөд асуудлыг Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралд танилцуулах юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал Төрийн гэрэгэ гардуулах ёслол өнөөдөр 14.00 цагаас Есөн хөлт цагаан тугт танхимд болно. Энэхүү шагналд морь жилийн шилдэг арван бүтээн байгуулалт шалгарсан байна. “Төрийн гэрэгэ” шагнал хүртэх бүтээн байгуулалтад, Улаанбаатар хотын ундны усыг нэмэгдүүлэх “Гачуурт эх үүсвэр” төсөл, Оюутолгой бүтээн байгуулалт, Дулааны IV цахилгаан станцын суурилагдсан хүчин чадлыг 123 МВт-аар өргөтгөх төсөл, НВЦ ХХК-ийн “Баян шувуу” төсөл, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн үйлдвэрлэл, АПУ ХК-ийн Сүүний үйлдвэр, “Хөтөлийн цемент шохой” ХХК-ийн үйлдвэрлэл, “Энержи ресурс” ХХК-ийн үйлдвэрлэл, “Гацуурт” ХХК-ийн газар тариалан, мал аж ахуйн салбарт хийж буй техник, технологийн шинэчлэл багтаж байгаа юм байна.
Дээрх арван бүтээн байгуулалтаас гуравт нь Төрийн гэрэгэг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гардуулна.
Улсын Их Хурлын дарга З.Энхболд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Төрийн Думын дарга С.Е.Нарышкиныг өнөөдөр /2015.02.16/ Чингисийн талбайд угтан мэндчиллээ.
Улсын Их Хурлын дарга З.Энхболд эрхэм зочны хамт их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөөний Баганат танхимд саатан Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Төрийн Думын дарга С.Е.Нарышкин хүндэт зочны дэвтэрт сэтгэгдлээ үлдээн, гарын үсэг зурсан юм.
Үүний дараа Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Төрийн Думын даргын Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдтой хийх хэлэлцээ эхэллээ.
Энэ өдөр эрхэм зочин Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхах бөгөөд дараа нь Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Төрийн Думын дарга ноён С.Е.Нарышкинд бараалхана.
Эрхэм зочин Монгол Улсын Их Хурлын чуулганы танхимтай танилцаж, Маршал Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөн, Г.К.Жуковын музейд зочлохын зэрэгцээ “Монгол-Оросын харилцааны түүх, уран зохиол”-ын сэдвээр ГХЯ-нд зохиогдох дугуй ширээний уулзалтад оролцоно. Мөн Халх голын дайнд оролцсон дайчдын үнэмлэхийг БХЯ-нд хүлээлгэн өгнө хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.