Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгчид Сергей Евгеньевич Нарышкин бараалхав

Монгол Улсын Ерөнхийлөгчид ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга бараалхав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид өнөөдөр ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга Сергей Евгеньевич Нарышкин бараалхав.

Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга, төлөөлөгчдийн хамт Монгол Улсад хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлж, айлчлалд нь амжилт хүслээ. Бүр өнгөрсөн ХХ зууны эхээр, 1911 онд Монгол Улсын Ерөнхий сайд Т.Намнансүрэн Орост айлчлахдаа Төрийн Думд айлчилж, тэндээсээ санаа авч Монголдоо ирээд хоёр танхимтай парламент байгуулж, парламентын системийг Монголд нэвтрүүлж байсныг энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч тэмдэглэж байлаа. Өнөөдөр энэ түүхийг санаж ОХУ-ын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч байгааг дурдаад “Парламент хоорондын харилцааг улам бэхжүүлэхэд таны айлчлал чухал юм. Таны айлчлалд амжилт хүсье” гэлээ.

ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга С.Е.Нарышкин хариу хэлсэн үгэндээ өөрийг нь хүндэтгэн хүлээн авсан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид талархал илэрхийлж, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины дэвшүүлсэн чин сэтгэлийн халуун дотно мэндчилгээг дамжуулав. Мөн удахгүй болох гэж байгаа монголчуудын билгийн тооллын шинэ жил, Цагаан сарын баярын мэндийг дэвшүүлж сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.

Тэрээр “ОХУ-ын хувьд Монгол Улстай эртний сайн хөршийн харилцаатай орон юм. Монгол Улстай стратегийн харилцаагаа өргөжүүлэн хөгжүүлэх нь ОХУ-ын гадаад харилцааны тэргүүлэх бодлого байсаар ирсэн. Монгол Улс ч ОХУ-тай харилцах харилцаагаа тэргүүлэх чиглэлд хөгжүүлж байгааг үнэлж байдаг” гэлээ.

Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины өнгөрсөн 2014 оны есдүгээр сард Монголд хийсэн ажлын айлчлал амжилттай болж, олон баримт бичигт гарын үсэг зурсан нь хоёр орны харилцаа цаашид өргөжин хөгжихөд чухал алхам болсныг онцлон тэмдэглэв. Мөн ОХУ-ын Ерөнхийлөгчтэй өнгөрсөн жилийн хугацаанд нийт таван удаа уулзсаныг тэмдэглээд энэ 2015 онд болох Эх орны аугаа их дайны ялалтын 70 жилийн ойд оролцох урилга хүлээн авсандаа талархал илэрхийлж, ОХУ-ын Уфа хотноо болох ШХАБ-ын уулзалтад оролцох үеэрээ ч уулзах боломжтой гэдгийг хэлж байлаа. Хэрэв ОХУ-ын Ерөнхийлөгч Сибирийн бус нутагт ажиллавал тэр үеэр мөн уулзаж болох юм гэв.

ОХУ-ын Ерөнхийлөгчийн өнгөрсөн жил Монголд айлчлах үеэр гарын үсэг зурсан баримт бичгүүд болон яриа, хэлэлцээнүүдийг ажил хэрэг болгох талаар хоёр тал анхааран ажиллаж байгааг мөн тэмдэглэж байлаа. ОХУ-д визгүй зорчдог болсон тул орос, монголын олон иргэд харилцан зорчиж, сэтгэгдэл өндөр байгааг Төрийн тэргүүн хэллээ.

Өнөөдөр Монгол Улсын оны тэргүүн бүтээн байгуулалтад шагнал гардуулах ёслол болно. Түүний дотор ОХУ-ын техник, технологийн оролцоотойгоор гүйцэтгэсэн Дулааны 4 дүгээр цахилгаан станцын суурилагдсан хүчин чадлыг 123 МВт-аар өргөтгөх төсөл багтсаныг тэмдэглэж, хоёр орны харилцаа ийнхүү салбар бүрт өргөжин хөгжиж байна гэлээ.

Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүллээ.

Categories
мэдээ улс-төр

ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга С.Е.Нарышкин Маршал Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөлөө

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдын урилгаар манай улсад албан ёсны айлчлал хийж буй Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Төрийн Думын дарга С.Е.Нарышкин өнөөдөр /2015.02.16/ ЗХУ-ын дөрвөн удаагийн баатар, Монгол Улсын баатар, маршал Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөж, түүний гэр музейг үзэж сонирхлоо.

Халх голын байлдааны ялалтад онцгой үүрэг гүйцэтгэн, үнэтэй хувь нэмэр оруулсан Зөвлөлт Холбоот Улсын дөрвөн удаагийн баатар, БНМАУ-ын хошой баатар, маршал, Г.К.Жуковын хөшөөг 1981 онд босгожээ. 1939 онд Халхын голын байлдааныг командлахаар Улаанбаатарт буудалласан байшинг нь музей болгож, дэргэдэх талбайд хөшөөг босгосон билээ. 1939 оноос 1940 оны тавдугаар сарын эхэн хүртэл Г.К.Жуков уг байшинд амьдарч байсан аж.

Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Төрийн Думын дарга С.Е.Нарышкин маршал Г.К.Жуковын музейг үзэж сонирхсоны дараа Халх голын байлдаанд оролцож байсан манай улсын зарим дайчдын үнэмлэх болон тухайн үед манай улсаас ЗХУ-д суралцаж байсан оюутнуудын талаарх материалыг музейн захирал хурандаа н.Золзаяад хүлээлгэж өгсөн.

Цэцэг өргөх ёслолд Улсын Их Хурлын дэд дарга Л.Цог болон албаны бусад хүмүүс оролцлоо хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Улсын тэргүүний тариаланч хамт олны шагналыг гардууллаа

2014 онд Сэлэнгэ аймаг газар тариалан болон хөдөө аж ахуйн салбарт өндөр амжилт үзүүлсэн байна. Тус аймаг нэг га-гаас 17,6 центр ургац хураасан нь сүүлийн 26 жилд гараагүй үзүүлэлт болжээ. Мөн малаа таван төрөлд өсгөж, ашиг шимтэй малын тоо толгой нэмэгджээ. Сэлэнгийнхний энэхүү амжилтыг Засгийн газраас үнэлж, Улсын тэргүүний тариаланч тав, Улсын тэргүүний тариаланч хамт олон гурав, Улсын сайн малчин дөрвийг тус тус тодруулсан байна.

УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт, УИХ-ын гишүүн, Сангийн сайд С.Эрдэнэбат нар өнгөрөгч амралтын өдрүүдэд Сэлэнгэ аймагт ажиллаж, 2014 онд хийж бүтээсэн амжилтаараа бусдыгаа манлайлан улсдаа шалгарсан Сэлэнгийн шилдгүүдэд Засгийн газрын өргөмжлөл, цол тэмдэг, дурсгалын зүйлийг шагналыг гардууллаа.

Тус аймгийн

Жавхлант сумын Гончигсүрэнгийн Баасанжав,

Жавхлант сумын Цэвээний Эрдэнэ,

Орхонтуул сумын Ганболдын Даваадорж,

Орхон сумын Ламзавын Баянмөнх нарыг “Мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх чиглэлээр гарсан бодлого, шийдвэрийг бүтээлчээр хэрэгжүүлж, байгаль цаг уурын эрсдэлийг гарз хохиролгүй даван туулж, нутаг орон, айл саахалтынхаа малчин түмэнд үлгэр дууриал болж байгаа малч ухаан, хуримтлуулсан туршлага нөр их хөдөлмөрийг Засгийн газар өндрөөр үнэлж, “УЛСЫН САЙН МАЛЧИН”-аар шалгаруулсан юм.

Сэлэнгэ аймгийн

Түшиг сумын Б.Алтангэрэл

Түшиг сумын Б.Мөнхжаргал

Цагааннуур сумын Т.Гантөмөр

Орхонтуул сумын Д.Ганхуяг

Хушаат сумын О.Баярдалай нарыг “Газар тариалангийн салбарыг хөгжүүлэх, хүн амыг эрүүл аюулгүй хүнсээр хангах үйлсэд оруулсан хувь нэмэр, хөдөлмөр бүтээл, ажлын амжилтыг үнэлж Монгол Улсын Засгийн газраас “УЛСЫН ТЭРГҮҮНИЙ ТАРИАЛАНЧ”-аар тодруулсан.

Мөн Цагааннуур сумын “Баянсэлэнгэ” ХХК

Хушаат сумын “Элит үр” ХХК

Орхонтуул сумын “Агрошим” ХХК-ийн хамт олныг “Газар тариалангийн салбарт техник технологийн шинэчлэлийг амжилттай нэвтрүүлж, хүн амыг эрүүл хүнсний бүтээгдэхүүнээр хангаж, нийгмийн өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, орон нутгаа хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх үйлсэд бодитой хувь нэмэр оруулсан амжилтыг үнэлж, Монгол Улсын Засгийн газраас “УЛСЫН ТЭРГҮҮНИЙ ТАРИАЛАНЧ ХАМТ ОЛОН”-оор өргөмжилсэн юм.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт шагнал гардуулахдаа,

-Сэлэнгэ аймагт цас ихтэй ч өнтэй сайхан өвөл боллоо. 2014 он өндөр амжилтын жил байлаа. Сүүлийн 20 гаруй жилд аваагүй их хэмжээний ургац буюу нэг га-гаас 17,6 центр ургац хураасан нь 1988 оны рекордыг бататгалаа. Мөн сэлэнгэчүүд малаа таван төрөлд өсгөж, ашиг шимтэй малын тоо толгой өмнөх жилүүдээс нэмэгдлээ.

Сэлэнгэ аймгаас “Улсын сайн малчин” 4, “Улсын тэргүүний тариаланч” 5, “Улсын тэргүүний тариаланч хамт олон” 3 тодорсон амжилтаар морин жилээ үдэж байна. Хөхөгчин хонин жилдээ морин жилд гаргасан амжилтаа бататгаж, улам ахиулахыг хүсэн ерөөж байлаа.

МҮОНР, Хүнс хөдөө ажуйн яамтай хамтран олгодог “Таван-Эрдэнэ” нэвтрүүлгийн нэрэмжит “Алтан төлийн эзэн” шагнал байдаг. “Алтан ишиг”, “Алтан хурга”-ны эзэн энэ жил Сэлэнгэ аймгаас тодорсон байна. Тус аймгийн Цагааннуур сумын малчин М.Пүрэвжав “Алтан ишигний эзэн” цомын эзэн болсон бөгөөд шагналыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт тус аймагт ажиллах үеэрээ гардууллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Архангай аймгаас Улсын сайн малчин найм төрлөө

Монгол Улсын төр, засаг малч түмнийхээ хөдөлмөрийг үнэлж, эх орныалтан соёмбот тэмдгээр энгэрийг нь мялаасан баярт агшин улс орны өнцөг булан бүрт өнгөрөгч амралтын өдрүүдэд тохиолоо.

Архангай нутгийн зон олон өнөө жил хоёр дахь удаагаа буянт малынхаа тоо толгойгоор улсдаа тэргүүлсэн бол Арын сайхан хангайгаар овоглосон хамгийн олон буюу найман малчин дуудах нэрийнхээ өмнө “УЛСЫН САЙН МАЛЧИН” хэмээх эрхэм алдрыг хөдөлмөр зүтгэлийнхээ үр шимээр заллаа. Монгол Улсын Засгийн газрын эл шагналыг Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаяр, Архангай аймгийн ИТХ-ын дарга Ч.Мөнхбат нараар ахлуулсан төлөөлөл малч өрхүүдийн хотонд хүрч, хүндэтгэл үзүүлэн, олгосон юм.

Өнөө жил Архангай аймаг улсын хэмжээнд Хамгийн олон мал буюу 6.8 сая толгойг тоолуулж, тэр дундаа Хамгийн олон хоньтой, Хамгийн олон үхэртэй аймгаар шалгарснаас гадна тус аймгийн Эрдэнэмандал сум “Улсын тэргүүний сум”, “Монгол Улсын хамгийн олон хоньтой сум”-аар, Өндөр-Улаан “Монгол Улсын хамгийн олон үхэртэй сум”-аар тус тус тодорсон юм. Түүнчлэн Монгол Улсын 3 сая дахь иргэний үе чацуутан 8 иргэн Архангай нутгийн харьяат болон мэндэлснийг зон олон бахархан бэлгэшээж байна.

Аавынхаа амжилтыг 12 жилийн дараа залгамжлан үзүүлэв

Баасанцэдэнгийн Дэмиднямбуу Архангай аймгийн Өлзийт сумын Бодонт багт эхнэр, гурван хүүхдийнхээ хамт өнөтэй сайхан өвөлжиж байна. Монгол Улсын төр, засгийн байгууллагуудад эдийн засагч, санхүүчээр насаараа ажилласан сэхээтэн аавын хүү ч гэлээ малд хайртай сэтгэл нь түүнийг 8 дугаар анги төгсмөгцөө малчин болох замд хөтөлжээ. Өвөлжөөгөө хадан уулын бэл өөд, өгсүүр замд хэрхэн нямбай засч, тохижуулснаас нь үзэхэд Улсын сайн малчинд байх урамтай хөдөлмөр нь илт харагдах аж.

36 насандаа “Аймгийн сайн малчин”, өнөө жил 41-тэйдээ “Улсын сайн малчин” цол тэмдгээр энгэрээ мялааж буй Б.Дэмиднямбуу өдгөө бог, бод нийлсэн 2500 орчим малтай. Бодонт багаасаа М.Бүрэнбадрах, Х.Дарханбаатар, Ж.Баатаржин, Н.Ганхуяг, Б.Жамсранжав нарын иргэдийг туслах малчнаар ажиллуулж, нийт 200 бог, 40 бод малаар амьдрал ахуйд нь тусалсны зэрэгцээ туслах мадчидтайгаа 3-5 жилийн хугацаатай түрээсийн гэрээ байгуулж, Нийгмийн даатгалын шимтгэлийг нь төлж, даатгалд хамруулан хамтран ажилладаг байна.

Түүний ээж буянтай буурай Л.Цэрэндолгор гуай мөн л төр, засгийн байгууллагуудад насаараа оёдолчноор ажиллаж, тэтгэвэрт гармагц нөхрийнхөө хамт мал маллаж эхлээд 2002 оны Хонин жилд “Улсын аварга малчин” цолоор шагнагдаж байжээ. Эцгийнхээ амжилтыг хүү нь 12 жилийн дараах Хонин жилийн босгон дээр ийн давтаж буйд нь туйлын баяртай байгаагаа Л.Цэрэндолгор гуай хуучилж байлаа. Шагнал гардуулах үеэр УИХ-ын гишүүн Н.Батбаяр “Энэ өдрөөс эхлэн Таныг нутгийн зон олон, ард түмэн Улсын сайн малчин Дэмиднямбуу хэмээн дуудах боллоо. Өнөөдөр авсан цол тэмдгээ цаашид улам ахиулж, Хөдөлмөрийн баатар болохыг хүсэн ерөөе..” гэсэн юм.

Гэрийг гийгүүлэгчид нь мөн хүндэтгэл үзүүлдэг боллоо


Улсын сайн малчны тэмдэг гэрийн эзний энгэрт аргамжигддаг бол урамтай хөдөлмөр, үзүүлсэн амжилтын тал хувь нь гэрийн чимэг гэргий хүний нуруунд бий билээ. Тиймдээ ч Монгол Улсын Засгийн газраас Улсын сайн малчдынхаа гэргий нарт зориулж, зэс хамжаартай мөнгөн домбо урлуулдаг болсон. Энэ жилийн хавраас урьтан яарч, эзэндээ ихэрлэн ирсэн хоёр хургаа эрхлүүлэх Ж.Цэдэндулам гуай хүндэтгэл бүхий дээрх домбоны эзэн болсон бол түүний хань Содномын Батмөнх Монгол Улсын сайн малчны цол тэмдгээр энгэрээ мялаалаа.

“Хэдэн малынхаа төлөө жилийн хэдэнтээ отор нүүдэл хийдэг хүн дээ” гэж нутгийнхан нь ам сайтай тодотгох С.Баянмөнх гуайнх Хотонт үржлийн илүү нугаламт, Сүхбаатарын Эрдэнэцагааны Үзэмчин хониор хонин сүргээ, Сэлэнгэ үүлдрийн бух ашиглан үхэр сүргээ, нутгийн шилмэл ухнаар ямаан сүргээ сайжруулан хээлтүүлэгч мал бойжуулан малчдад нийлүүлдэг байна. Түүнчлэн малгүй болон цөөн малтай өрхүүдийг дэмжих зорилгоор Т.Баярсайхан, Г.Даваасүрэн, Л.Зундуй, Ч.Энхсайхан нарын иргэдэд тус бүр 15-20 толгой мал олгосноос гадна сумынхаа сургууль, хүн эмнэлэгт мах, цагаан идээхандивлажээ.

Улсын сайн малчны шагналыг өргөмжлөл, цол тэмдэг, домбо, таван хошуу малын дүрс бүхий баримал, мөнгөн аяга, хадаг дагалддаг ба аймаг, сум, багийнх нь зүгээс мөн тус тусын хүндэтгэлээ үзүүлдэг уламжлал тогтжээ.

Архангайгаас төрсөн Улсын сайн малчдын өндөр настай нь Д.Лхагваа гуай

Дарьсүрэнгийн Лхагваа гуай өнөө жил 73 настай, гэргийнхээ хамтаар 2000 гаруй толгой мал өсгөн бойжуулж байна. Нам, төрийн байгууллагуулад үр бүтээлтэй ажиллаж, тэтгэвэрт гармагцаа малын буян дагасан тэрбээр УИХ-ын гишүүн Н.Батбаярын аавынх нь унаган шавь юмсанж. “Хатуу багшийн удирдлага дор сурч, хүмүүжсэн минь өнөөдрийн амжилтыг үндэс суурь юм шүү” хэмээн бахархалтайгаар хуучлах тэрбээр багшийнхаа хүүгээс улсын шагнал хүртэж буйдаа ихэд бэлгэшээж байсан.

Д.Лхагваа гуай өнөөг хүртэл нийт 27 гэр бүлийг туслах малчнаар авч ажиллуулан, амьдрал ахуйг нь дэмжиж, малч ухаанаа өвлүүлсээр байна. Түүнчлэн эрэлд яваа малчдад туслах зорилгоор бод малын зүсмийн бүртгэл хөтөлж, малын хөдөлгөөнд ажиглалт хийдэг байна.

Улсын сайн малчны шагналыг гардуулахаар УИХ-ын гишүүн Н.Батбаяр, Архангай аймгийн ИТХ-ын дарга Ч.Мөнхбат нараар ахлуулсан төлөөлөл мөн Цэцэрлэг сумын Хонгорж багийн малчин Дарьмаагийн Отгонбаяр, Өндөр-Улаан сумын Донгой багийн малчин Ишдоржийн Жамъянсүрэн, Эрдэнэбулган сумын 3-р багийн малчин Батбаатарын Ванданшарав, тус сумын 6-р багийн малчин Гочоогийн Ганбаатар, Эрдэнэмандал сумын Эрдэнэ-Уул багийн малчин Банзарын Сандагсүрэн нарын хотонд очиж, Монгол Улсын төр, засгийн хүндэтгэлийг биечлэн уламжилсан юм.

Арын хангайн өвгөн уулс өвөрлөн дүнхийж, Архангай нутгийн зон олон өнөтэй сайхан өвөлжиж байна. Монгол Улсын төр, засгийн мялаалгын хуртай зэрэгцэн байгаль ээж мөн хураа илгээсэн нь шинэ сарын өмнөхөн буянт сүргийг маань давхар шагнасан сэргээш боллоо хэмээн ард олон бэлгэшээж байлаа. Монгол хүний хөдөлмөр, ухаан дундаршгүй байж, монгол малын буян өнөд арвижин дэлгэрэх болтугай.

Categories
мэдээ улс-төр

ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын даргад бараалхав

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Улсын Их Хурлын дарга З.Энхболдын урилгаар манай улсад албан ёсны айлчлал хийж байгаа Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Төрийн Думын дарга Сергей Евгеньевич Нарышкинд бараалхлаа.

Энэ удаагийн албан ёсны айлчлал нь уламжлалт найрсаг харилцаатай хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг улам өргөжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт найдаж байгаагаа Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Төрийн Думын дарга Сергей Евгеньевич Нарышкин илэрхийллээ.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ОХУ-тай уламжлалт сайн хөршийн найрсаг харилцаа, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг гээд сүүлийн жилүүдэд хоёр орны хооронд өндөр дээд түвшний айлчлал, яриа хэлэлцээний давтамж нэмэгдэж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн байна.

Мөн ОХУ-тай төмөр зам, барилга, эрчим хүч, уул уурхай, хөдөө аж ахуй зэрэг уламжлалт хамтын ажиллагаатай салбаруудаас гадна хурдны зам зэрэг шинэ салбарт хамтран ажиллах сонирхолтой байгаагаа хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

АН-ын бүлэгт Ерөнхий сайд мэдээлэл хийжээ

АН-ын бүлгийн хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг мэдээлэл хийсэн байна. Мөн хуралдаанаар намрын чуулганы хугацаанд АН-ын бүлгийн гишүүдийн хэн хаана ажиллах талаарх асуудлыг авч хэлэлцсэн байна. АН-ын бүлэг ерөнхийпөө намын дотоод асуудлыг хэлэлцжээ. Бүлгийн хуралдааны талаарх мэдээллийг өнөөдөр хийхгүй юм байна.

Categories
мэдээ нийгэм

Баярын өдрүүдэд хязгаарлалт үйлчлэхгүй

Сар шинийн баярын өдрүүдэд дугаарын хязгаарлалтыг хэрхэн зохицуулах талаар Замын цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах байцаагч Ж.Энхбатаас тодруулахад “Нийтээр амардаг өдрүүдэд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй гэсэн журам бий. Тиймээс баярын өдрүүдэд буюу энэ сарын 19-нээс 22-ны өдрүүдэд хязгаарлалт үйлчлэхгүй. Мөн эдгээр өдрүүдэд хотын төв хэсэгт хөдөлгөөн сийрэг, захын хорооллуудад замын түгжрэл харьцангуй ихэсдэг. Тиймээс жолоочдыг замаа зөв сонгож хөдөлгөөнд соёлтой оролцохыг зөвлөж байна” гэлээ.

Битүүний өдөр буюу нөгөөдөр ихэнх худалдааны төвүүд хагас ажиллана. Гэхдээ дугаарын хязгаарлалт үйлчилнэ гэсэн. Нийт жолооч нарт сэрэмжлүүлэхэд энэ сарын 18-наас нийт нутгаар цас орж, огцом хүйтрэх тул замын хальтаргаа, гулгаанаас болгоомжлон хөдөлгөөнд оролцохыг Замын цагдаагийн газраас уламжиллаа.

Categories
мэдээ улс-төр

“Монгол, Орос мөр зэрэгцсэн хамтрагч”

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд манай улсад албан ёсны айлчлал хийж буй Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Төрийн Думын дарга С.Е.Нарышкин нар хоёр орны сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Мэдээллийн эхэнд Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд, миний урилгаар Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Төрийн Думын дарга Сергей Евгеньевич Нарышкин манай улсад албан ёсны айлчлал хийж байна. Монгол Улс Оросын Холбооны Улстай уламжлалт, сайн хөршийн найрсаг харилцаагаа гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө байдаг бөгөөд манай хоёр орны хооронд хөгжүүлж буй стратегийн түншлэлийг цаашид шинэ агуулгаар баяжуулах, хоёр улсын парламент хоорондын идэвхтэй харилцааг өргөжүүлэхэд энэхүү айлчлал чухал ач холбогдолтой юм гэдгийг онцлон тэмдэглэв.

Мөн тэрбээр сүүлийн жилүүдэд хоёр орны хооронд өндөр, дээд түвшний айлчлал, яриа хэлэлцээний давтамж нэмэгдэж байна. Тухайлбал, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Монгол Улсад 2014 оны 9 дүгээр сард ажлын айлчлал хийсэн. Үүний өмнө буюу 2014 оны 6 дугаар сард ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенко Монгол Улсад албан ёсоор айлчилсан. Хоёр орны хооронд өндөр, дээд түвшинд ярилцсаны дагуу “Монгол, Оросын стратегийн түншлэлийг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр”-ийг ойрын хугацаанд байгуулах чиглэлээр талууд ажиллаж байна. Энэхүү хөтөлбөрийг энэ онд болох дээд түвшний айлчлалын үеэр байгуулахаар төлөвлөж байна. Өнөөдөр хийсэн хэлэлцээрийн үеэр Монгол, Оросын харилцааны өнөөгийн явцыг дүгнэж, цаашид өргөжүүлэн хөгжүүлэх боломжийн талаар санал солилцлоо. Мөн хоёр талын хооронд яригдаж ирсэн зарим тодорхой асуудлын шийдлийг урагшлуулах, хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэх боломжийн талаар ярилцсан хэмээгээд Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Төрийн Думын дарга Сергей Евгеньевич Нарышкины айлчлалд амжилт хүсэв.

Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Төрийн Думын дарга С.Е.Нарышкин Монгол Улсад айлчлахыг урьсанд нь Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдод талархаж байна гээд Оросын Холбооны Улсын хувьд Монгол Улс нь тэргүүний ач холбогдолтой хөрш улс юм. Манай хоёр орны хамтын ажиллагаа уламжлалт сайн хөршийн харилцаанд үндэслэж, өргөн хүрээний хамтын ажиллагаа гүн гүнзгий хөгжиж ирсэн. Түүнчлэн эдийн засаг, хүмүүнлэгийн салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхийн зэрэгцээ олон улсын хамтын ажиллагааны асуудлаар манай хоёр орон адил төстэй байр суурь баримталдаг бөгөөд хоёр орны хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд саад болохуйц улс төрийн ямар нэгэн асуудал байхгүй. Өнөөдрийн хэлэлцээрийн явцад хоёр талын харилцааны өргөн хүрээний асуудлыг хэлэлцэж, түүний дотор парламент хоорондын болон улс хоорондын худалдаа эдийн засгийн, хүмүүнлэгийн салбарын асуудлыг хэлэлцсэнийг онцлон тэмдэглэв.

Мэдээллийн үеэр парламентын тэргүүн нар сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгсөн юм. “Монгол, Оросын эдийн засгийн хамтын ажиллагааны хөгжлийн өнөөгийн байдлыг Та хэрхэн дүгнэж байна?” гэсэн сэтгүүлчийн асуултад Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд хариулахдаа, “Манай хоёр улсын худалдаа, эдийн засгийн харилцаа урт удаан түүхтэй. Хэдхэн хамтарсан үйлдвэр дурдахад одоогоос 50 жилийн өмнө ашиглалтад орсон “Улаанбаатар төмөр зам” хувьцаат нийгэмлэг, одоогоос 30 гаруй жилийн өмнө ашиглалтад орсон “Эрдэнэт” хамтарсан үйлдвэр байна. Гэхдээ бэрхшээлтэй асуудлууд бий. Юуны өмнө худалдааны тэнцвэргүй байдал байна. Өнгөрсөн жил манай хоёр улсын худалдааны нийт хэмжээ 1,6 тэрбум ам.долларт хүрснээс зөвхөн 3 хувь нь Орост нийлүүлсэн Монголын экспорт байна. Энэхүү нөхцөл байдлыг өөрчлөх талаар идэвхтэй хамтран ажиллах шаардлагатай. Шинэ шатны том төслүүдийг хөгжүүлэх хэрэгтэй. Мөн Монголын нутаг дэвсгэрээр дамжуулан ОХУ-аас БНХАУ руу гарах дамжин өнгөрүүлэх коридор бий болгох нь үр өгөөжтэй болно гэж үзэж байна. Тухайлбал, ОХУ-аас цахилгаан эрчим хүч, хурдны галт тэрэгний замыг Монголын нутаг дэвсгэрээр дамжуулан барих, хамтарсан тээвэр-логистикийн компани байгуулах зэрэг төслийг хэрэгжүүлж болох юм. Энэ бүхэн нь Орос, Монголын худалдаа эдийн засгийн төдийгүй бүс нутгийн томоохон төслүүд юм. Монгол, Оросын эдийн засгийн хамтын ажиллагааг бодит агуулгаар баяжуулах шаардлага бодитойгоор тулгараад байна. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд парламент, Засгийн газар бүх шатандаа хамтран ажиллах шаардлагатай байгаа юм” гэв.

Харин ноён С.Е.Нарышкин, “хоёр орны бүтээж бий болгосон зүйлсийг манай улс өндрөөр үнэлж байдаг. Юуны өмнө гурван хамтарсан үйлдвэрийг нэрлэх хэрэгтэй. Эдгээр нь манай хамтын ажиллагааг тэргүүлж байдаг юм. Нөгөө талаар тээврийн салбарт хэтийн төлөвтэй төслүүд байгаа гэж харж байна. Үүнд, төмөр зам, авто зам, дамжуулах хоолой зэргийг нэрлэж болно. Бид эдгээр төслүүдийг хэрэгжүүлэхэд оролцож байгаа, цаашид ч оролцоход бэлэн байна. Бидний түрүүний ярьснаар стратегийн түвшинд хөгжүүлэх дунд хугацааны ажил ид явагдаж байгаа. Энэ баримт бичигт одоогийн ололт амжилтаа тусгахын зэрэгцээ цаашдын хэтийн төлөвийг тодорхойлж өгнө. Парламент болон Засгийн газрын хувьд тэргүүлэх чиглэлийн зорилт болоод байгаа” гэлээ.

Түүнчлэн “Аугаа их эх орны дайнд ЗХУ ялалт байгуулахад Монгол Улс ямар хувь нэмэр оруулсан гэж Та дүгнэж байна вэ” гэсэн асуултад тэрбээр Монгол Улс, Оросын Холбооны Улстай түүхэн харилцаатай, дайны жилүүдэд ч, тайван цагт ч мөр зэрэгцэн хамтран ажилласаар ирсэн хөрш орнууд. Аугаа их эх орны дайн 1941 онд эхэлсэн тэр өдөр Монгол Улс Зөвлөлт Холбоот Улсыг дэмжиж, туслалцаа үзүүлэхэд бэлэн байгаагаа албан ёсоор илэрхийлсэн анхны улсуудын нэг болж байсан.

Дайны хүнд цаг үед Монголын төр, засгийн зүгээс ЗХУ-ын ард түмэнд бүхий л бололцоогоо дайчлан туслах шийдвэр гаргахад манай ард түмэн энэхүү уриаг талархан дэмжиж, “Бүхнийг фронтод, бүхнийг ялалтын төлөө” гэсэн уриан дор найдвартай ар тал болж байсан түүхтэй” хэмээн ноён С.Е.Нарышкин онцлов.

Мөн Халхын голын дайны ялалтаар гагнагдсан Монгол, Оросын ард түмний дайчин нөхөрлөл Аугаа их эх орны дайны хүнд бэрх жилүүдэд болон 1945 оны чөлөөлөх дайны үхэлтэй өрссөн өдрүүдэд улам бэхжин баяжсан хэмээн хоёр тал онцлов гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

“Хөгжил хүн” нам байгуулна гэв

Салбар салбартаа танигдсан 50 гаруй эрхмийг эгнээндээ нэгтгэсэн залуус шинэ нам байгуулахаар эхний ээлжинд клубын дор нэгдсэн байна. Энэ талаар “Хөгжил хүн” клубын зохицуулагч С.Боргил ярихдаа “Мэдлэг боловсролтой, ёс зүйтэй, тухайн салбартаа танигдсан хүмүүс шийдэл, гарц хайхаар нэгдээд байна. Эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга замын талаар ирэх дөрөвдүгээр сард болох салбарын мэргэжилтнүүдийн чуулган дээр тодорхой ярина. Одоогоор бид нэгдээд улстөрийн хүчин байгуулахаа зарлаад явж байна. Өнгөрсөн 25 жилийн турш Монгол Улс хүн төвтэй үзэл баримтлалыг орхигдуулж ирсэн. Үүнийг өөрчилнө. Бид хэлбэр хөөцөлдөөгүй, юу ярих вэ, ямар гарц байна, хэний амнаас гэдэг зарчим баримтална. Бидэнд тийм орон зай байгаа” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Т.Дэлгэрмөрөн “Ноён уулаа аваръя” хөдөлгөөнд нэгджээ

“Номин талст” хамтлагийн дуучин СТА Т.Дэлгэрмөрөн “Ноён уулаа аваръя” хөдөлгөөнд нэгдэн гарын үсгээ зуржээ. Тэрбээр Гацууртын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах Засгийн газрын бодлогыг шүүмжилж, булш бунханаа ухахыг эсэргүүцэж байгаа хүмүүсийг дэмжин, өлсгөлөн зарлагчдын хамгаалалтад байгаа хүмүүст сүүтэй цай, бууз аваачиж өгсөн тухайгаа фээсбүүктээ бичжээ. Тэрбээр “Амь алдар нэгтнүүдийн амгаланг эрье ээ. Өнөөдөр тэмцэл хийж буй ах дүү нартаан очмоор санагдаад бүр өр өвдөөд болдоггүй ээ.Ахан дүүс минь ахиад бид бие биенлүүгээ араатан ноход шиг турхиралдах боллоо гэж үү.Цагдаа хүн ч ардын хүүхдүүд ч ахиад хоорондоо алалцах юм бол заа тэгээд хүний идэш боллоо гэсэн үг.Олгой хагаравч тогоон дотроо гэгчийн үлгэрийг санаж урд урдынхны алдааг давталгүй ард олныхоо үгийг эс дагаваас тэнгэрт нэргүүлнээ л гэж мэд.Естой болохгүй.Алт эрдэнэсээс биш ард олноосоо л айх естой.Учир нь тэд өөрсөндөд чинь итгэж сонгосон шүү дээ ах дүүс минь.Тэгээд очиж тэдэндээ цай хоол дөхүүллээ.Яахнав дээ бид цөөхөн шүү.Яг цагаа тулвал дайнгүй газар байлдсан юм шиг үнэндээ л ичиж үхмээр байна шүү итгэл тээсэн….үг олдсонгүй” гэж сошиал сүлжээнд бичсэн байна.