Монгол Улсын гурван сая дахь иргэн өнгөрсөн нэгдүгээр сарын 24-ний өдөр Өмнөговь аймагт мэндэлсэн. Гурван сая дахь иргэн Х.Монголжин болон түүний чацуутнуудад Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гарын бэлэг илгээж байгgа юм. Ѳнгѳрсѳн амралтын ѳдѳр /хоёрдугаар сарын 14-ний өдөр/ Ерѳнхий сайд Ч.Сайханбилэг Монголжин охиныд зочилохдоо Ерѳнхийлѳгчийн гарын бэлгийн дээжийг гардуулсан билээ. Ерөнхийлөгч гарын бэлгэндээ гурван сая дах иргэнд зориулан гаргасан марк, бойтогны хонх, Монгол банкнаас гаргасан 500 төгрөгийн мөнгөн зоос, үндэсний үйлдвэрийн шоколад болон “Гурван сая Монгол” гэсэн бичигтэй өлгий, ээжийн толгойны боолт, бусад зүйлүүдийг багтаажээ. Энэхүү бэлэг Ерөнхийлөгчийн гараараа бичсэн мялаалгатай хамт очиж байгаа юм.
Мялаалга
Туурга тусгаар, бүрэн эрхт, эрх чөлөөт Монгол Улс гурван сая дахь иргэнээ тосож авлаа. Гурван мянганы эхэнд, морин жилийн барианд, гурвалсан чандмань аугаа Монгол иргэд гурван сая болон өслөө. Юутай их баяр бахархал вэ?Монголчууд бид ерөөлөөр улам олуулаа болж байна. Манай улсын хүн ам цаашид “Гурван сая” гэсэн билэгдэлт тоон дээр үргэлж өсч үргэлж нэмэгдэж тоологдох болноо.
Хүний сайн, нутгийн сайхан цогцолсон Монгол Улсынхаа иргэн болж, түмэн олныхоо магнайг тэнийлгэж төрсөн хүүхэд бүртээ төр түмнээ төлөөлөн чин сэтгэлийн сүүн мялаалга өргөе. Элбэрэл, ачлал дүүрэн ээж ааваа, өвгөс буурлуудаа, өрх гэрийнхнээ баярлуулан ирсэн бяцхан үрсдээ баяр баярын дээдийг ерөөж, хамгийн сайн сайхныг хүсье. Эх Монгол орныхоо нэрийг дуурсгасан сайн хүн болж өсч торнихын өлзийтэй ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлье. Их цагаан сүлдэндээ залбиран даатгая.
Монгол түмний гал голомт үргэлж бадарч яваг ээ. Эх үрсийн бие сайн, түшиг ихт түмний минь буян заяа тэгш байг ээ. Монголын хүүхдүүд улам олуулаа болог ээ. Гучин мянган монголчууд минь эв бөх, хийморь өөдөө, эрх төгс, бүтээл арвин жаргаж яваг ээ. Түүх ихт төрийн минь сүлд тэнгэрийн тамгат Монгол үрсээ өнөд мөнх ивээх болтугай.
Хурай, хурай, хурай
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж
2015 оны 01 дүгээр сарын 28.
ХVII жарны ялгуусан хэмээх морин жилийн өвлийн адаг улаагчин үхэр сарын шинийн есний Балжиннямтай гурван хөх мэнгэтэй хөх луу өдөр, морин цаг