Categories
мэдээ улс-төр

УИХ-ын дарга З.Энхболд европын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2015.02.17/ Европын Парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга З.Энхболд төлөөлөгчдийг Монгол Улсад айлчилж байгаад баяртай байгаагаа илэрхийлээд, өнөөдөр болж буй Монгол Улсын Их Хурал, Европын Парламентын 10 дугаар зөвлөлдөх уулзалтад амжилт хүсэв.

Европын Холбоо болон түүний гишүүн орнуудтай харилцаа, хамтын ажиллагааг бололцоотой бүх салбарт эрчимжүүлэн хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг бөгөөд манай Гадаад бодлогын үзэл баримтлалд Европын Холбоог “гуравдагч хөрш” гэж тодорхойлсон хэмээн онцлон тэмдэглэв. Мөн тэрээр Монгол Улсад өрнөсөн ардчилал, нийгэм, эдийн засгийн өөрчлөлт, шилжилтийн явцыг Европын Холбоо болон түүний гишүүн орнууд тууштай дэмжиж, туршлагаасаа хуваалцаж, туслалцаа үзүүлэн манай улстай хөгжлийн хамтын ажиллагааг идэвхтэй хөгжүүлж ирсэнд талархал илэрхийллээ.

Европын Парламентын төлөөлөгчид Улсын Их Хурлын даргыг цаг зав гарган хүлээн авсанд талархал илэрхийлээд, Монгол Улсын эдийн засаг, улс төр болон хөгжлийн нөхцөл байдлын талаар асуулт асууж, харилцан ярилцав.

Улсын Их Хурлын дарга, Монгол Улс шат шатандаа авлигатай тэмцэх асуудалд анхаарал хандуулж ажиллаж байгаа бөгөөд Авлигтай тэмцэх газар хэмээх бие даасан байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Мөн 2015 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Шилэн дансны тухай хуулийн зарим зүйл заалтыг танилцууллаа.

Уулзалтад Европын Парламентын төлөөлөгчид, Улсын Их Хурлын гишүүн, УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга, УИХ дахь Монгол-Европын Парламенттай харилцах бүлгийн дарга Б.Болор, УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Европын Парламенттай харилцах бүлгийн гишүүн Ц.Оюунбаатар, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар болон албаны бусад хүмүүс байлцлаа хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Д.Дорлигжав: Охиныхоо зоримог сэтгэлээр бахархаж байна

Хуульзүйн сайд Д.Дорлигжавын төрсөн охин Д.Сарангэрэл Турк улсад аялж яваад усанд осолдож амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Талийгаачийн аав, Хуульзүйн сайд Д.Дорлигжав эмгэнэлт хэргийн дараа “2015 оны хоёрдугаар сарын 11-ний өдөр миний охин Сарангэрэл гэнэтийн ослоор харамсалтайгаар амь үрэгдлээ. Бидний уй гашууг хуваалцаж, охины минь буяны ажилд тусалсан бүх хүмүүст гүн талархлаа илэрхийлж байна. Бид гүн их уй гашуутай байгаа боловч аюулд өртсөн анд нөхрөө аврахын тулд амиа хайрлаагүй охиныхоо хүмүүнлэг, зоримог сайхан сэтгэлээр нь бахархаж байна. Цаашид охиныхоо мөрөөдлийг биелүүлж, дурсгалыг нь мөнхжүүлэхэд манай гэр бүл тууштай ажиллах болно” гэжээ.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн азай буурлууддаа хүндэтгэл үзүүллээ

Сар шинийн баярыг тохиолдуулан хамгийн өндөр насыг зооглож буй азай буурлууддаа Нийслэлийн ЗДТГ-аас хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Билгийн тооллын XVII жарны хөхөгчин хонь жилийн Сар шинийн баярыг тохиолдуулан нийслэлд амьдарч байгаа 98-99 насны 50 иргэнд нийслэлийн Засаг даргын гарын бэлгийг гардуулж, хүндэтгэл үзүүллээ. “Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хууль” – ийн 2 дугаар бүлгийн 6.2- д Билгийн тооллын хаврын тэргүүн сар-цагаан сарын шинийн нэгнийг тохиолдуулан тухайн нутаг дэвсгэрийн хамгийн өндөр настанд аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг даргын, 1ОО ба түүнээс дээш өндөр настанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн мэндчилгээ, гарын бэлгийг тус тус гардуулна гэж заасан байдаг гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Бууз, зуушаа тохируулаад, архиа бага хэрэглэхийг зөвлөв

“Цаг цагаар нэг цаддаг цагаан сараар нэг цаддаг” хэмээх үг үеэ өнгөрөөснийг Эрүүл мэнд, спортын яамны мэргэжилтнүүд сануулж байна. Цагаан сар хаяанд ирсэн энэ үед баяраар ихэвчлэн хэрэглэдэг бууз, нийслэл салат, архины калорийг тэд тооцож үзжээ. Учир нь Монголын хүн амын дунд илүүдэл жин, таргалалт сүүлийн жилүүдэд эрчтэй нэмэгдэж, 54,4 хувьд хүрчээ.Энэ нь хоёр монгол хүний нэг нь илүүдэл жинтэй байна гэсэн үг юм. Сар шинийн баярын гол зоогуудын илчлэгийг тооцвол дунд зэргийн бууз ойролцоогоор 200 хүртэл ккал, жижиг дийзтэйнийслэл салат 260 ккал, 50 грамм цагаан архи 115 ккал гэж тооцжээ.

Монголчууд золголт хийж явахдаа өдөрт хамгийн багадаа гурван айлаар орж, айл болгонд 3-5 бууз, нэг таваг салат идэн гурван хундага архи тогтоолоо гэж үзэхэд тэр өдөртөө хамгийн багадаа 4000 ккалори илчлэгийг хоол хүнсээрээ авна гэсэн үг юм.

Гэтэл эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжөөр эрүүл чийрэг дундаж насны эрэгтэй хүний хоногт дунджаар авах илчлэгийн хэмжээ 2500ккал, эмэгтэй хүнийх 2000ккал байдаг. Тэгэхээр дээр тооцсон илчлэгийн хэмжээг эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжтэй харьцуулбал хоёр дахин их гарна гэж ЭМСЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн мэргэжилтэн Д.Ганзориг тайлбарлав.

Шатаагаагүй 3500 калори болгон 420 гр-аар жинг (өөх) нэмэгдүүлдэг байна. Хүн биеийн жингээ тогтмол барихын тулд өдөрт дор хаяж 250 калори илчлэг шатаах хэрэгтэй гэнэ. Энэ нь дунджаар 30 минут алхсантай дүйцэх юм.

Б.ЭГШИГЛЭН

Categories
мэдээ нийгэм

СХД-ийн Ардчилсан намаас ахмадуудаа хүлээж авчээ

Сар шинийн босгон дээр албан байгууллагууд ахмад буурлууддаа хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Тэгвэл Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан нам өчигдөр ахмадуудаа хүлээж авчээ. Тус дүүргийн 32 хорооны төлөөлөл болох 320 ахмадыг хүлээн авсан уг уулзалтад “Соёмбо” кино театрт болсон байна. Энэхүү арга хэмжээнд СХД-ийн АН-ын дарга Ө.Пүрэвбаатар, дэд дарга М.Зундуйвадаа, АН-ын ХЭГ-ын дарга Ч.Төмөр, дүүргийн ИТХ дахь АН-ын бүлгийн дарга П.Галиндэв болон дүүргийн намын хорооны гишүүд, хороодын АН-ын дарга нар оролцсон юм.

Categories
мэдээ нийгэм

Шагналын хур бууж, М.Ананд гавьяат тамирчин цол хүртлээ

Хаврын тэргүүн сар ирж буй энэ өдрүүдэд шагналын хур бууж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гаргаж, Хакухо М.Даваажаргалд Хөдөлмөрийн баатар цол олгосон бол мөн мэргэжлийн сумогийн их аварга М.Анандад гавьяат тамирчин цол хүртээлээ.

Түүнчлэн Гавьяат малчнаар П.Батпүрэв, Д.Дашзэвэг

Аж үйлдвэрийн гавьяат ажилтнаар Н.Лувсангомбо

Байгаль орчны гавьяат ажилтнаар Ж.Баатарсүрэн

Гавьяат барилгачнаар С.Сандавдовжид, Ч.Баатаржав

Гавьяат тамирчнаар С.Заяа

Гавьяат багшаар Д.Амар, С.Батсүрэн, Д.Мандахсан, Ж.Оюунчимэг, З.Хишигжаргал

Гавьяат дасгалжуулагчаар Л.Ням, Ч.Раднаабазар

Соёлын гавьяат зүтгэлтнээр Ж.Пүрэв, Д.Галбадрах

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор сүмоч Б.Дашням нарыг тус тус шагналаа.

Ерөнхийлөгч тэдэнд эрхэм хүндтэй цол олгох үеэрээ “Золбоо хийморийн бэлгэдэл хөх морин жилийн төвөргөөн алсарч, хотлоор жаргах хонин жил айлчлан ирж байна. XVII жарны модон хонин жилийн босгон дээр эх орныхоо нэрийг даяан дэлхийд дуурсгаж яваа бид бүхний бахархлын эзэн, алдар хүндийн эзэд болсон гавьяат тамирчин, мөн хөдөлмөр зүтгэл, бүтээл туурвил, ажил амжилтаараа Монголын түүхийг бичилцэж буй багш эмч, малчин барилгачин, эрдэмтэн, архитектор, хилчин инженер, тамирчин, дасгалжуулагч, удирдаач зэрэг олон салбарын гавьяат үйлсийн эзэд маань төрийн эрхэм дээд цол тэмдэг хүртэж байна” гээд “Япон Улсын мэргэжлийн сумогийн дээд зиндааны барилдаанд 33 удаа түрүүлэн түүхэн шинэ амжилт тогтоосон, дархан аварга Мөнхбатын хүү Даваажаргал Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртэж байна. Монголчууд агуу хүчит аав, хүү баатартай боллоо” хэмээн онцолж байв.

Categories
мэдээ улс-төр

“Монгол, Хятадын барилгын салбарын ажил хэргийн уулзалт 2015”-д оролцлоо

Монгол, Хятадын барилгын салбарын ажил хэргийн хоёр дахь удаагийн уулзалт 2015 оны 2 дугаар сарын 09-нөөс 11-ний өдрүүдэд Бээжин хотноо боллоо. Уулзалтад Монгол Улсын Барилга, хот байгуулалтын дэд сайд Г.Байгалмаа, Нийслэлийн Засаг даргын хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат тэргүүтэй төр засаг, бизнесийн салбарын 50 орчим байгууллагын 80 гаруй төлөөлөгч, БНХАУ-ын 75 байгууллагын 140 гаруй төлөөлөгч, ӨМӨЗО, Ляонин муж, Тянжин, Фужан, Жанси мужийн Ардын Засгийн газрын төлөөлөгчид оролцлоо.

Уулзалтын нээлтийн үеэр нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалт хариуцсан орлогч С.Очирбат “Судалгаагаар Улаанбаатар хотод ирэх 5 жилд 200 гаруй мянган орон сууц шинээр барих шаардлагатай байгаа, орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх, гэр хорооллыг дахин төлөвлөж орон сууцны хороолол болгон хөгжүүлэх зорилгоор инженерийн магистраль шугам сүлжээг улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр барьж байна. Мөн барилгын материалын үйлдвэрийн салбарыг дэмжих бодлогын хүрээнд импортыг орлох үйлдвэрийг хөгжүүлэх, барилгын материалын хангамж ложистикийн сүлжээг боловсронгуй болгох, барилгын материалын үйлдвэрлэл техникийн парк байгуулах зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа” хэмээн онцлон хэллээ.

Уг арга хэмжээний хүрээнд хоёр талын бизнес уулзалт болж, Монгол Улсын барилгын салбарт хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төслүүдтэй Хятадын хөрөнгө оруулагчид, аж ахуйн нэгжүүд танилцаж, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Мөн 02 дугаар сарын 11-ний өдрийн 11:30 цагт Бээжин хотын орлогч дарга Чэн Ганьтай уулзалт хийж, хоёр хотын хамтын ажиллагааг өргөжүүлэх ялангуяа хотын хурлын удирдлагуудыг харилцан айлчлуулах, гэр хороололын дахин төлөвлөлттэй холбоотой төслүүд дээр хамтран ажиллах, Бээжин хотоос зохион байгуулж буй олон улсын чанартай хурал, сургалт зэрэг арга хэмжээнд нийслэлийн холбогдох мэргэжилтнүүдийг оролцуулах зэрэг асуудлаар харилцан санал солилцлоо.Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлийн мэндчилгээг Бээжин хотын дарга Ван Аньшүнд уламжилж, НИТХ-ын дарга Д.Баттулгын албан захидлыг Бээжин хотын Ардын их хурлын дарга Дү Дө иньд уламжиллаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ спорт

“Макс” Д.Ганбаатарын морь Хойд Америкт түрүүлжээ

“Макс” Д.Ганбаатарын “Mongolian Saturday” хэмээх морь “Gulfstream Park”-ийн уралдаанаас ээлжит түрүүгээ авлаа.

Хойд Америкийн томоохон морин тойруулгын нэг “Gulfstream Park”-ийн уралдаан хоёрдугаар сарын 12-нд болж, ес дэх гараанд “Макс” Д.Ганбаатарын “Mongolian Saturday” хэмээх морь түрүүлжээ. Энэ морь тус тойруулгад хоёр удаа түрүүлж, мөн хоёр удаа гурвалаад байгаа аж.

Categories
мэдээ эдийн-засаг

Алтны хөрөнгө оруулалтын эрэлт хоёр хувиар өсчээ

Өнгөрсөн 2014 онд дэлхийн алтны эрэлт биетээр өмнөх оныхоосоо дөрвөн хувиар унаж 3,9 мянган тонн болсон байна. Мөнгөнд шилжүүлснээр алтны хэрэглээ нь 14 хувиар унасан бөгөөд 159,754 тэрбум ам.доллар болжээ. Дундаж үнэ нь 10 хувиар бууж, унци алтны үнэ 1266,4 ам.доллар байв. Харин алтны хөрөнгө оруулалтын эрэлт дэлхийд хоёр хувиар өсөн 904,6 тонн хүрчээ.

Categories
мэдээ улс-төр

Хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Засгийн газар хоорондын протоколын төслийг зөвшилцөв

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаан 10.25 цагт 52.6 хувийн ирцтэй эхэллээ.

Байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар Монгол-Оросын “Эрдэнэт үйлдвэр” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын протоколын төсөл болон Монгол-Оросын “Монголросцветмет” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын протоколын төслийг зөвшилцөх тухай асуудал хэлэлцэв.

элэлцэхээр төлөвлөсөн асуудлын талаарх төсөл санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн танилцуулсан юм. Сайд танилцуулгадаа, Монгол-Оросын “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын 2003 оны хэлэлцээр, Монгол-Оросын “Монголросцветмет” ХХК-ийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын 2007 оны хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай саналыг оросын тал 2013 онд тавьсан. ОХУ-ын ЭСЯ-ны ноот бичгээр тавьсан уг саналыг манай холбогдох яам, Төрийн өмчийн хороо судлаад хэлэлцээрийн нэмэлт, өөрчлөлтийг Засгийн газар хоорондын баримт бичиг хэлбэрээр байгуулах нь зүйтэй гэж үзсэн. Энэ үндсэн дээр хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Засгийн газар хоорондын протоколын төслийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэж зөвшөөрсөн юм.

Харин ОХУ-ын ЭСЯ-наас энэ сарын 10-ны өдөр ноот бичиг ирүүлж оросын тал төслүүдэд хувьцаа эзэмшигчээ “Ростех” улсын корпораци гэж оруулах, 2012 оны 1 дүгээр сарын 1-нээс хойшхи ногдол ашгийг түүнд шилжүүлэх, 2011 оны 12 дугаар сарын 31-нээс өмнөх ногдол ашгийг ОХУ-ын төсөвт авах саналаа дахин тавьсан. Мөн нэмэлт, өөрчлөлт оруулах баримт бичиг нь протокол байхаар санал болгосон болно. Иймээс “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмет” ХХК-ийн үйл ажиллагааны тухай холбогдох хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Засгийн газар хоорондын протоколын төслүүдийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсний дагуу УИХ-ын холбогдох Байнгын хороотой дахин зөвшилцөхөөр оруулж байгааг дурдлаа.

айнгын хорооны гишүүн Л.Цог, Д.Дэмбэрэл, О.Содбилэг, Н.Энхболд, Р.Амаржаргал нар төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Гадаад хэргийн сайд болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулан, гишүүн Н.Энхболд, Л.Цог, Л.Болд нар саналаа хэлсэн юм.

Ингээд Монгол-Оросын хамтарсан “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн үйл ажиллагааны тухай хоёр орны Засгийн газар хоорондын хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай протоколын төслийг зөвшилцөж, Засгийн газарт гарын үсэг зурах эрх олгохыг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 72.7 хувь нь дэмжлээ.