Categories
мэдээ нийгэм

Нийслэлээс төрийн албан хаагчдадаа орон сууцны дэмжлэг үзүүлнэ

Нийслэл иргэддээ зориулан Орон сууцны сан байгуулахаар болоод буй. Энэ дагуу иргэд урьдчилгаа төлбөрөө тус санд тодорхой графикийн дагуу бага багаар байршуулснаар 3-5 жилийн дараа орон сууцныхаа түлхүүрийг гардан авах боломжтой юм. Тэгвэл НИТХ-ын өнөөдрийн хуралдаанаар тус сангаас төрийн албан хаагчдын орон сууцны урьдчилгаа төлбөр дээр ч бас дэмжлэг үзүүлэх боломжтой гэж үзэв.

Урьдчилгаа төлбөрийн 50 хувийг даана

Төсөлд тусгагдсанаар нийслэлийн харьяа төрийн албанд ажиллаж буй алба хаагчдад орон сууцны урьдчилгаа төлбөрийн 50 хүртэлх хувиар дэмжлэг үзүүлэх аж. Хэрэв тухайн төрийн албан хаагч урьдчилгаа төлбөрийн үлдэгдэл 50 хувиа өөрөө хариуцах боломжтой бол тодорхой шалгуурын дагуу ур чадвар, ажилласан жил зэргийг харгалзан худалдан авах орон сууцны урьдчилгаа төлбөрийн 50 хувийг нэг удаа буцалтгүй тусламжаар олгоно. Энэ хүрээнд Нийслэлийн орон сууцны корпораци, арилжааны банк болон төрийн албан хаагч гурвалсан гэрээ байгуулна. Хэрэв гэрээний нөхцөл зөрчигдвөл буцалтгүй тусламжаар олгосон мөнгөн дүнг эргүүлэн төлүүлэх арга хэмжээ авна гэдгийг нийслэлийн Засаг даргын орлогч С.Очирбат танилцууллаа. Түүнчлэн худалдан авах орон сууцны тухайд Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд баригдах шинэ орон сууцнуудаас сонголтоо хийнэ. Энэ хүрээнд ирэх дөрөвдүгээр сарын 1 гэхэд цөөнгүй орон сууц ашиглалтад орохоор байгаа аж. Төрийн албан хаагчдын худалдан зээлээр худалдан авах орон сууц нь 80 метр квадратаас ихгүй талбайтай байх юм байна. Түүнчлэн заавал анхны орон сууцаа худалдан авах гэх зэрэг хатуу шалгуур байхгүй, гагцхүү ипотекийн зээлийн үндсэн шалгуурыг л хангаж байх ёстой аж.

Дахин төлөвлөлт хийж буй компаниуд борлуулалтын дэмжлэг хүсчээ

Гэр хорооллыг дахин төлөвлөх ажлын хүрээнд хувийн хэвшлийн компаниуд хэд хэдэн газарт дахин төлөвлөлтөөр орон сууц барьж буй. Тэгвэл эдгээр компаниудын зүгээс орон сууцны борлуулалт дээр нийслэлээс тодорхой дэмжлэг үзүүлж өгөөч гэх хүсэлтийг тавьж байгаа аж. Төрийн албан хаагчдыг дахин төлөвлөлтийн хүрээнд ашиглалтад орох орон сууцанд ороход нийслэлээс дэмжлэг үзүүлснээр тэдгээр компаниудад ч бас давхар дэмжлэг болно гэж үзэж байгаа юм байна. Мөн энэ хүрээнд нийслэлийн Боловсролын газраас 11000 гаруй багш, ажилчдын дунд судалгаа явуулахад 79 хувь нь “Нийслэлийн дахин төлөвлөлтийн хүрээнд баригдах шинэ орон сууцанд ороход асуудалгүй” гэсэн байна.

Харин энэхүү 79 хувь дотроо:

  • 57 хувь нь: Урьдчилгаа төлбөрийнхөө 10 хувийг л төлж чадна,
  • 8 хувь нь: Урьдчилгаа төлбөрийнхөө 20 хувийг төлж чадна
  • 4 хувь нь: Урьдчилгаа төлбөрийнхөө 30 хувиа төлж чадна
  • 31 хувь нь: Ямар ч төлөх бололцоогүй, гэхдээ орон сууцанд ормоор байна гэжээ.

Тиймээс нийслэлээс санаачилж буй журмаар орон сууцны урьдчилгаа төлбөр дээр төрийн албан хаагчдад 50 хүртэлх дэмжлэг үзүүлэх асуудлыг зохицуулжээ.

Categories
мэдээ нийгэм

Дүүрэг, өрхийн эмнэлгүүд 10.00-14.00 цагийн хооронд ажиллана

Нийслэлийн түргэн тусламжийн төв битүүнээс шинийн таван хүртэл өндөржүүлсэн байдалд ажиллана. Энэ үеэр өдөрт ажиллаж байгаа эмч, автомашины тоог 40 хувиар нэмэгдүүлэх гэнэ. Нийслэлийн түргэн тусламжийн төвд ирж байгаа дуудлагын тоо сар шинээр энгийн өдрийнхийг бодоход 50 гаруй хувиар нэмэгддэг юм байна.

Тиймээс сар шинийн баярын өдрүүдэд эмнэлгийн байгууллагууд хуваарийн дагуу ажиллах юм аж. Харин дүүрэг, өрхийн эмнэлгүүд богиносгосон цагаар буюу 10.00-14.00 цагийн хооронд ажиллах юм.

Categories
мэдээ нийгэм

Ахмадуудын өргөдлийг хүлээж авлаа

Монголын ахмадын чөлөөт холбооноос тэтгэврийн зээлийн хүүг зохистой харилцаанд хүргэх талаар хоёр жил гаруй ажиллажээ. Энэ хугацаанд 21 аймаг, нийслэлийн 9 дүүргээс нийт 9474 ахмад настан тус холбоогоор уламжлан УИХ-ын Өргөдөл гомдлын байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороо, Монгол Улсын Засгийн газарт өргөдөл гаргасныг холбооны тэргүүн Г.Баасан болон ахмадын төлөөлөл холбогдох хүмүүст хүлээлгэж өглөө.

Өргөдөл гаргасан ахмадууд тэтгэврийн зээлийн хүү хэт өндөр байгааг анхаарч, энэ асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсчээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Тод манлай, алдарт уяач цол олгов

Улсын баяр наадмыг зохион байгуулах комиссоос өргөн мэдүүлсэн саналыг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ХYII жарны хөхөгчин хонин жилийн босгон дээр зарлиг гаргаж олон жил хурдан морины уяа сойлго тааруулж улсын хэмжээний наадмуудаас түрүү, айраг авсан нэр бүхий уяачдад улсын цол хүртээлээ. Уяачдын цолыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Төрийн ордонд гардуулан өгөв.

Монгол Улсын Тод манлай уяач цолоор Ховд аймгийн Дарви сумын уугуул Батчулууны Мөнхтөр, Төв аймгийн Лүн сумын уугуул, Банзрагчийн Билэгдэмбэрэл, Архангай аймгийн Их тамир сумын уугуул Чимэддоржийн Ганзориг нарыг,

Монгол Улсын Манлай уяач цолоор Өмнөговь аймгийн Булган сумын уугуул Намдагийн Хүрлээ, Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул Туваанжавын Гантөмөр, Увс аймгийн Зүүнговь сумын уугуул Бичээрэйн Далай, Ховд аймгийн Мөст сумын уугуул Буднямын Буяннэмэх, Завхан аймгийн Эрдэнэхайран сумын уугуул Намжилцэрэнгийн Даш-Өлзий, Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул Ононгийн Батбилэг, Хэнтий аймгийн Дадал сумын уугуул Гончигийн Содном нарыг,

Монгол Улсын Алдарт уяач цолоор Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын уугуул Бат-Очирын Цэрэнбалтав, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул Төмөрбаатарын Галбадрах, Төв аймгийн Баянцогт сумын уугуул Сумъяасүрэнгийн Ганбаатар, Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын уугуул Түвдэнжаажидын Батзориг, Дорнод аймгийн Матад сумын уугуул Бат-Очирын Цэндбаатар, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уугуул Дагвын Цогтбаяр, Төв аймгийн Батсүмбэр сумын уугуул Сундуйн Лувсанбалдан, Төв аймгийн Баян сумын уугуул Пунцагбалжирын Энх-Мөнх, Дундговь аймгийн Луус сумын уугуул Лувсантаравын Бямбаноров, Дундговь аймгийн Луус сумын уугуул Сэрээгийн Шинэбаатар, Говьсүмбэр аймгийн Баянтал сумын уугуул Цэлхээгийн Бямбасүрэн, Ховд аймгийн Мөнххайрхан сумын уугуул Ширнэнбандийн Адьшаа, Ховд аймгийн Цэцэг сумын уугуул Рагчаагийн Баатархүү, Төв аймгийн Баянцагаан сумын уугуул Даваахүүгийн Баянбат, Баянхонгор аймгийн Баянцагаан сумын уугуул Дамбын Баяраа, Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн уугуул Анандын Ариунсайхан, Баянхонгор аймгийн Бууцагаан сумын уугуул Искрагийн Золбоот нарыг тус тус шагнав.

Шагнал гардуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлсэн үгэндээ “Өвгөдөөс өвлөсөн монгол уяачийн эрдэм, молор эрдэнэ адууны хиймориор түмэн олноо баясгасан Та бүхэндээ баяр хүргэе!

Нэгэн цагт монгол морьдын чулуу цахисан туурайн очис дор түмэн газар алдраа дуурсгасан өвгөдийн өндөр цадигийн алтан цулбуурыг морь уях эрдмээрээ өвлөж, монгол бахархлаа дархлан яваа хүмүүс бол уяачид юм.

Та бүхэн маань аргамаг хүлгийн эрч нь ханаж, ажнай шандаст өнгө нь гийсэн морин жилдээ Төрийнхөө есөн хөлт их цагаан тугийн өмнө ийнхүү төрөөрөө үнэлүүллээ.

Хөх морин жилийн Улсын баяр наадмаар миний бие “Монголчууд морио унацгаая” гэж ард түмэндээ уриалсан. Та бүхний хөдөлмөр бол адууны соёлын сонгодог жишээг Азийн цээжнээ авч яваа бахархал юм. Монголын түүхийг, монгол соёлыг морин эрдэнэ хамт бүтээлцсэн юм. Та бүхнийг, Монголын ард түмнийг адууны хийморь өнөд ивээх болтугай.

Сар шинэдээ сайхан шинэлээрэй” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Сар шинээр хилийн боомтыг түр хаана

Сар шинийн баяртай холбогдуулан хилийн боомтуудыг хаах юм байна. Тодруулбал, урд хөршийн цагаан сартай манай цагаан сар давхцан болж байгаа учир баярын өдрүүдэд хилийн боомт хаалттай байх аж.

Баярын гурван өдөр амраад шинийн 4-нөөс эхлэн ердийн хуваарийн дагуу ажиллах нь. Харин авто замын боомтууд хуваарийн дагуу ажиллах бол төмөр замын боомт амрахгүй гэнэ.

Categories
мэдээ улс-төр

Шүүгчийн цалин хөлсний асуудлыг хаврын чуулганаар хэлэлцэх нь зүйтэй гэж үзэв

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /хоёрдугаар сарын 17/ хуралдаанаар Захиргааны ерөнхий хууль болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх талаар хэлэлцэн шийдвэрлэсний дараа Шүүгчийн албан тушаалын цалин хангамж болон холбогдох бусад асуудлын талаар авах зарим хэмжээний тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэх ёстой байлаа.

Уг төсөл дэх “Бүх шатны шүүхийн шүүгчийн үндсэн цалинг тогтоохдоо шүүгчийн эдийн засгийн хараат бус байдлыг бүрэн утгаар нь бүрдүүлэх, шүүхийн хүний нөөцийн бодлогыг дэмжих, шүүгчийн хараат бус байдалд хөндлөнгийн этгээдийн нөлөөллийг бий болгохоос урьдчилан сэргийлэх зорилгоор бусад орнуудын үндэсний дундаж цалинг 2-7 дахин нэмэгдүүлж олгодог туршлагыг өөрийн орны улсын төсвийн өнөөгийн бодит байдалтай нийцүүлэн нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13,8-15,8 дахин нэмэгдүүлэхээр тусгана” гэсэн заалттай холбогдуулан Байнгын хорооны гишүүн Х.Тэмүүжин саналаа илэрхийлэхдээ:

-Цалингийн хэмжээг ингэж хөдөлгөөнтэй байдлаар бичих хэрэг байна уу? Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг төр биш, гурван тал хэлэлцэж байгаад үе үе шинэчлэн тогтоодог. Шүүгчийн цалин хөлсөнд огт хамаагүйгээр жил бүр хөдөлгөөн гарна, энэ нь төсвийн бодлогод ч нөлөөтэй гэсэн үг. Тиймээс төрд огт хамаагүй, том эрсдэлтэй, тогтвортой бус зүйлтэй шүүгчийн цалинг уялдуулах хэрэггүй. Төрийн нарийн бичгийн дарга, УИХ-ын гишүүний цалинтай уялдуулах нь илүү зохистой, тогтвортой байх гэсэн бол Ц.Оюунгэрэл гишүүн:

-Шүүгчийн одоогийн авч байгаа цалин хөлсийг суурь цалин гээд үүн дээр нь нэмэх асуудлыг ярьж болох юм. Харин УИХ-ын гишүүн, Төрийн нарийн бичгийн даргын цалинтай харьцуулбал улс төрийн асуудал гарч ирнэ. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ гэхээр салбар болгоны Үйлдвэрчний эвлэл оролцох болно, салбар болгон асуудалтай болохоор тус тусад нь салгаж хэлэлцээр хийдэг зүйлийг суурь болгон оруулах нь ярвигтай, төсөв батлахад ч хүндрэлтэй гэлээ. Тэрбээр бас “Шинэ хууль гарснаас хойш шүүгч нар нөлөөллийн мэдүүлэг бөглөж өгдөг болсон, тэгэхээр ямар боловч нөлөөлөл байна гэсэн үг. Энэ хугацаанд хэдэн шүүгч ийм мэдүүлэг бөглөж өгсөн, шүүгчид шударга байгааг илтгэх тоо баримт байна уу?” гэж төсөл боловсруулсан ажлын хэсгийнхнээс асуусан юм.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндоржийн хариулснаар бол 10 гаруй шүүгчээс ийм мэдүүлэг өгсөн, өмгөөлөгч, хэргийн оролцогч гэх мэтийн хүмүүс шүүгчид нөлөөлөхийг оролдож байсан, заримд нь арга хэмжээ авсан, заримыг нь шалгах шатандаа явж байгаа аж.

Шүүгчийн цалин хөлсний асуудалтай холбоотойгоор Байнгын хорооны гишүүд олон янзын байр суурь илэрхийлсний дотор Ж.Батзандан гишүүн шүүгчийн цалин хөлсийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулах нь муу хувилбар биш гэсэн бодолтой байсан бол Ц.Нямдорж гишүүн “Шүүгчийн цалин хөлсийг өнөөгийн түвшнээс нь буулгахгүй гэцгээж байна. Шүүхийн ерөнхий зөвлөлийн тогтоолоор баталсан хууль бус шийдвэрийг хүлээн зөвшөөрч болохгүй. Монголд ганцхан шүүгч нар байгаа бус, төрийн бусад албан хаагчдыг ялгаварлан гадуурхаж болохгүй. Цалинг нь нэмсээр байхад шуналтай нэг хэсэг нь авдгаа авсаар л байх болно. Би үүнийг шүүхэд дургүйдээ хэлж байгаа бус цалингийн хэмжээг тогтоох арга замд нь дургүйцэж байна. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулж болохгүй, УИХ-ын 54-р тогтоолын хүрээнд асуудлыг шийдвэрлэх ёстой. “Монголд зөвхөн шүүгч нар шударга ажилла” гэж хэлж байгаа мэт логик гарч байна. УИХ-ын тогтоол хүчинтэй байгааг мэдсээр байж Шүүхийн ерөнхий зөвлөл ингэж дураар авирлаж байгаа бол хууль бусаар нэмсэн цалинг нь шүүгчдээс эргүүлэн суутгаж ч болно” гэж хэлсэн юм.

Гишүүд энэ асуудлыг нэлээд удаан хэлэлцсэний эцэст бүх шатны шүүхийн шүүгчийн цалинг УИХ-аас хуулиар тогтооно, тэгэхдээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй бус төрийн өндөр албан тушаалтнуудын цалин хөлстэй харьцуулан тогтооно, тодорхой хэмжээний нэмэгдэл байж болох бөгөөд шүүгчдийн эрх зүйн байдлыг одоо байгаагаас нь дордуулахгүйгээр шийдвэрлэе гэсэн зарчмын хэд хэдэн байр суурин дээр санал нэгдэж, уг асуудлыг хаврын чуулганаар нухацтай хэлэлцэн шийдвэрлэхээр тогтлоо.

Хууль зүйн байнгын хорооны энэ удаагийн хуралдааны төгсгөлд Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 02-р дүгнэлтийг хэлэлцэх ёстой байсан боловчХөрөнгө оруулалтын тухай хууль, Онц байдлын тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Хүний хөгжил сангийн тухай хууль гэх мэт 6 чухал хуульд хамаатай энэхүү асуудлыгнамын бүлгүүдээр сайтар хэлэлцүүлсний дараа Байнгын хороогоор хэлэлцэх нь зүйтэй гэсэн үндэслэлээр МАН-ын бүлгээс 5 хүртэл хоногийн хугацаатай завсарлага авлаа гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барив

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод өнөөдөр /2015.02.17/ УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барив.

1992 онд БНМАУ-ын Ардын Их Хурлаар шинэ Үндсэн хууль баталж, бүх нийтээр дагаж мөрдөөд даруй 22 жилийн нүүр үзэж байна. Энэ хугацаанд уг хуулийн нийт 7 зүйл, заалтад нэмэлт өөрчлөлт оруулсан нь өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Үндсэн хуулийн 29.1 заалтад орсон “Улсын Их Хурлын гишүүн нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээс бусад хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй” гэсэн өөрчлөлт нь төрийн хяналт, хариуцлагыг сулруулж, хууль тогтоох байгууллага, гүйцэтгэх засаглал хоорондын зааг, ялгаа, зарчмыг алдагдуулахад хүрсэн гэх шүүмжлэл дагуулах болсон.

Энэхүү заалтыг дагаж мөрдсөнөөр улс орны өмнө тулгарч буй төрийн эрх мэдлийн хуваарилалт, хяналтын тогтолцоо алдагдсан өнөөгийн байдлыг бүрэн засаж чадахгүй нь тодорхой байгаа тул Үндсэн хуулийн анхны суурь үзэл баримтлалыг сэргээх зорилгоор энэхүү төслийг боловсрууллаа гэж УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн танилцуулав хэмээн Улсын Их Хурлын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллэв.

Categories
мэдээ нийгэм

Аюулгүй байдлаа бүрэн хангаж хөдөлгөөнд оролцохыг анхааруулав

Монголын үндэсний уламжлалт “Сар шинэ”-ийн баяр болохтой холбогдуулан Улаанбаатар хотын Замын цагдаагийн газраас нийт жолооч, ард иргэддээ дараахь санамж сэрэмжлүүлгийг хүргүүлж байна.

Сар шинийн баярын өдрүүдэд гэр бүл ойр дотнын хүмүүстэйгээ настан буурлууддаа хүндэтгэл үзүүлэхээр замын хөдөлгөөнд оролцож явахдаа хэн нэгний хариуцлагагүй үйлдлээс болж амь нас эрүүл мэндээрээ хохирох явдал жилийн жилд өсөн нэмэгдсээр байна.

Энэ жилийн хувьд сар шинийн баяр олон хоног үргэлжилж байгаагаас замын ачаалал эрс нэмэгдэх, түгжрэл саатал бий болж магадгүй учир иргэд настан буурлууддаа золголт хийхдээ бие биедээ хүндэтгэлтэй, хүлээцтэй хандах, бусдын хөдөлгөөнд саад болох газар тээврийн хэрэгслээ байршуулахгүй байх, орон сууцны болон гэр хороололд замын хөдөлгөөнд оролцож яваа бол тээврийн хэрэгслээ зориулалтын зогсоолд байршуулах, тухайн айлынхаа хашаанд нь оруулж тавих зэрэг арга хэмжээг өөрсдөө авч хэрэгжүүлэх шаардлагатай юм. Шинийн 03, 04–ний өдрүүдэд хотоос хөдөө орон нутгийг чиглэсэн хөдөлгөөн эрс нэмэгддэг тул өв уламжлалаа дээдлэн хамгаалж хууль дүрмээ сахин биелүүлцгээн тээврийн хэрэгслийн хурдаа зөв тохируулж хөдөлгөөнд оролцох, согтууруулах ундаааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохоос эрс татгалзах, урсгал сөрөхгүй байх, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангах, бага насны хүүхдийг харгалзах хүнтэй, гараас нь хөтлөн аюулгүй байдлыг хангах, зориулалтын хамгаалах суудал, хамгаалалтын бүсийг нь зүүлгэж замын хөдөлгөөнд оролцох, явган хүний гарцын тэмдэг тэмдэглэлтэй хэсгээр зөвшөөрсөн гэрэл дохиогоор зам хөндлөн гарахыг Улаанбаатар хотын Замын цагдаагийн газраас уриалж байна.

Categories
мэдээ улс-төр

БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол: Хууль бусаар мод бэлтгэсэн нь тогтоогдвол хариуцлага хүлээлгэх ёстой

-Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газраас хууль бусаар мод бэлтгэсэн гэх мэдээлэл твиттер, фейсбүүкээр цацагдсан. Энэ талаар тайлбар өгөөч?

-Засгийн газрын гишүүд ойрын өдрүүдэд хөдөө орон нутагт ажиллаж байна. Миний хувьд Завхан аймгийн гурван суманд ажиллаад саяхан ирлээ. Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газраас олон машин мод бэлтгэлээ гэсэн мэдээллийн мөрөөр манай яам, цагдаагийн байгууллага, МХЕГ, Хууль бус мод бэлтгэлээс урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлыг зохицуулах зөвлөлийнхөн асуудлыг нягтлан судалж, хяналт шалгалт явуулж эхэлсэн.

Манай яамны хувьд гаргасанзахирамж, албан даалгавраа хуулийн дагуу хэрэгжүүлсэн эсэхэд хяналт тавин ажиллаж байна. Хууль зөрчин мод бэлтгэснээс гадна эрхийн бичиг аваагүй ойн цэвэрлэгээ хийсэн нь тогтоогдвол хуулийн дагуу модыг хураах, мод тээвэрлэсэн машиныг хураах, эрүүгийн хэрэг үүсгэнэ.

-Горхи-Тэрэлжид мод бэлтгэх сайдын тушаал хэзээ гарсан бэ?

-Өнгөрсөн оны аравдугаар сард гаргасан Байгаль орчин ногоон хөгжлийн сайд С.Оюуны тушаал ёсоор улсын тусгай хамгаалалттай газрын ойгоос ойн цэвэрлэгээний огтлолоор бэлтгэх модны дээд хязгаар, талбайн хэмжээг, “Ойн цэвэрлэгээ хөтөлбөрийг хэрэгжүүлэх” зорилгоор ойгоос бэлтгэх модны дээд хязгаар, талбайн хэмжээг тогтоосон шийдвэр гарсан. Сайдын тушаалын дагуу Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас ой цэвэрлэх, хэрэглээний мод бэлтгэх сонгон шалгаруулалтыг аж ахуйн нэгжүүдийн дунд явуулсан. Сонгон шалгаруулалтад таван аж ахуйн нэгж оролцсоноос ЭБЭЭ, “Төв ой-ан” гэсэн хоёр аж ахуйн нэгж шалгарсан. Тэдгээраж ахуйн нэгжтэй Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны дарга С.Доржготов гэрээ байгуулсан юм. Дээрх аж ахуйн нэгжүүд хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж буй эсэхэд БОНХАЖЯ, Цагдаагийн ерөнхий газар, мэргэжлийн хяналтын газар хамтран шалгалт хийдэг. Улсын хэмжээнд ойн цэвэрлэгээ хийх эрхтэй 306 аж ахуйн нэгж байдгаас Улаанбаатарт 78 нь бий.

-Хууль бус мод бэлтгэлтэй тэмцэх БОНХАЖ-ын сайдын албан даалгаврын хэрэгжилт ямархуу байгаа бол?

-БОНХАЖ-ын сайдын Хууль бус мод бэлтгэлтэй тэмцэх албан даалгавар энэ оны нэгдүгээр сарын 25-нд гарсан. Уг албан даалгавраар тодорхой асуудлуудыг аймаг, нийслэл, сум, дүүргийнЗасаг дарга, Байгаль орчны газрын дарга нар, мөн ЦЕГ, МХЕГ-ын даргазэрэг албан тушаалтнуудад үүрэг болгоод ажиллаж байна. Манай яамнаас цагдаа, мэргэжлийн хяналт, нийслэлийн төр, захиргааны байгууллагын төлөөлөл, төрийн байгууллагууд, иргэний нийгмийнхэн, иргэдийг оролцуулсан уулзалт ярилцлагыг зохион байгуулж, тэндээс гарсан санал дүгнэлтийн үндсэн дээр албан даалгавар гарсан. Хамгийн гол нь хууль бус мод бэлтгэлтэй ерөөсөө л хамтын хүчээр тэмцэж амжилтад хүрнэ гэсэн дүгнэлтэд бид хүрээд, хамтран ажиллаж байна. Мөн хууль бус мод бэлтгэлээс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх ажлыг удирдлага, зохион байгуулалтаар хангаж, салбар дундын зохицуулалт хийх үүрэг бүхий Зохицуулах зөвлөлийг сайдын тушаалаар байгуулан ажиллаж байна. Бидний үйл ажиллагаа үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байгаа.

М.УУГАН-ЭРДЭНЭ

Categories
мэдээ улс-төр

Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2015.02.17/ хуралдаанаар “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний тухай” УИХын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийн, ажлын хэсэг болон гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явууллаа.

Тогтоолын төслийн нэрийг “Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөр батлах тухай” гэж өөрчлөх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн.

Түүнчлэн төслийн “Экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлуулах” гэсэн хэсэгт Төмрийн хүдрийн баяжмалын экспортыг нэмэгдүүлэх ажлыг 2015 оны хоёрдугаар хагасаас эхлүүлэх гэсэн саналыг нэр бүхий гишүүд гаргасныг дэмжсэн юм. Энэ арга хэмжээг эхлүүлснээр 2016 оноос жил бүр 10 сая тонноос доошгүй экспортыг хийнэ гэж тооцсон байна. Мөн Эгийн голын усан цахилгаан станц төслийн бэлтгэл ажлыг хангаж, эхлүүлэх гэсэн санал олонхын дэмжлэг авлаа. Эгийн голын усан цахилгаан станц төслийн техник, эдийн засгийн үндэслэл болон байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийгдэж дууссан хэмээн Эрчим хүчний сайд Д.Зоригт хэлсэн бөгөөд энэ төслийг хэрэгжүүлэхэд 810 сая ам.доллар шаардлагатай гэсэн тооцоо гарсан ажээ. Гишүүд ийнхүү хэлэлцээд чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Үүний дараа “Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Тогтоолын төслийг хэлэлцэх үеэр гишүүд ноосны урамшууллыг малын ашиг шим, үйлдвэрллэг байдал, ноосны чанараас хамаарч 1000-2000 төгрөг байх заалтын талаар багагүй ярилцсан. Д.Ганхуяг, С.Дэмбэрэл нарын гишүүд малын ашиг шим, үйлдвэрллэг байдал гэснийг хасч, ноосны чанараас хамаарч гэсэн шаардлагыг үлдээн найруулах санал гаргасныг гишүүдийн олонх дэмжсэн. Дээрх төслийг хэлэлцэх үеэр зарчмын зөрүүтэй санал гараагүй бөгөөд Д.Зоригт гишүүн тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Энэ өдрийн хуралдаанаар хэлэлцсэн дараагийн асуудал нь “Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудал байв. Төслийн талаар Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат танилцууллаа.

Манай улсын аж үйлдвэрийн салбарын бүтэц нь уул уурхай, хөдөө аж ахуйн түүхий эдэд тулгуурласан, хялбар технологи дээр суурилсан өрөөсгөл бүтэцтэй байгаа бөгөөд экспортод гаргасан бараа бүтээгдэхүүний 81,9 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн бүрдүүлж байна. Түүнчлэн экспортын бүтээгдэхүүний 97 хувийг технологийн багтаамжгүй болон нам технологит бүтээгдэхүүн эзэлж байгаа нь манай улсын аж үйлдвэрийн салбарын өрсөлдөх чадвар сул байгааг харуулж байна хэмээн сайд хэллээ.

Аж үйлдвэрийн салбарын талаар бодлого, хөтөлбөрүүд УИХ, Засгийн газрын тогтоолоор удаа дараа батлагдсан боловч хэрэгжилт хангалтгүй, хэрэгжүүлэх механизм тодорхой бус, олон салбарт бодлогын асуудал хуваагдаж нэгдсэн бодлого, удирдлага зохион байгуулалтгүй байсан нь салбарын хөгжилд сөргөөр нөлөөлж байгаа аж.

Иймд Аж үйлдвэрийн сайдын тушаалаар “Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого”-ыг боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулан энэхүү баримт бичгийн төслийг боловсруулсан байна.

Бодлогын баримт бичгийн төсөлд мэргэжлийн холбоод, бизнес эрхлэгчид, салбарын эрдэмтэн, судлаачид болон яамдын саналыг тусгажээ.

Бодлогын зорилго нь аж үйлдвэрийн салбарыг дэвшилтэт техник, өндөр технологи, өрсөлдөх чадвар бүхий үйлдвэрлэл, үйлчилгээг бий болгож Монгол Улсын тогтвортой хөгжлийг хангах тэргүүлэх салбар болгон хөгжүүлэхэд оршиж байгааг сайд онцолсон.

Бодлогыг хэрэгжүүлснээр боловсруулах аж үйлдвэрийн салбарын дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувийн жин нэмэгдэж, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээгээр дотоодын хэрэгцээгээ хангаж, дэлхийн болон бүс нутгийн хэмжээнд өрсөлдөх чадвартай эцсийн бүтээгдэхүүн экспортлогч орон болно гэж тооцож буй аж. Түүнчлэн судалгаа хөгжлийн боловсруулалтын ажлын үр дүнг эдийн засгийн эргэлтэд оруулж, үйлдвэрлэл, технологийн парк, үйлдвэрийн кластер, логистикийн сүлжээг хөгжүүлэх юм байна.

Сайдын танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй. Ингээд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.