Categories
мэдээ нийгэм

Хотын даргын урилгаар Стэнфордын профессор Жэймс С.Фишкин Улаанбаатарт зочилно

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлийн урилгаар АНУ-ын Стэнфордын Их сургуулийн Улс төрийн шинжлэх ухааны профессор бөгөөд Стэнфордын Зөвлөлдөх ардчиллын төвийн захирал Жэймс С.Фишкин Улаанбаатар хотод зочлох гэж байна. Тэрээр АНУ-ын Елийн Их сургуулийн Улс төрийн Шинжлэх ухааны, ИБУИНВУ-ын Кэмбриджийн Их сургуулийн Философийн доктор зэрэгтэй профессор юм. Ардчилал болон Нийтийн төлөөлөл, Шударга ёсын хэлэлцүүлэг, Иргэдийн дуу хоолой зэрэг номуудыг туурвиж, Deliberative Polling буюу Зөвлөлдөх ардчилал /Нийтийн төлөөлөллийн/ санал хураалтыг санаачлан, АНУ, ИБУИНВУ, Австрали, Дани, Болгар, БНХАУ, Грек зэрэг орнуудад нийтийн төлөөллийн санал хураалтыг 40 гаруй удаа амжилттай зохион байгуулжээ.

Жэймс С.Фишкин нь 2015 оны 02 дугаар сарын 22-27-ны өдрүүдэд Улаанбаатар хотод ажиллах бөгөөд энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхаж, нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл нартай уулзах юм. Нийслэл, дүүргийн удирдлагууд, МУ-ын Засгийн газар, Олон Улсын байгууллагуудын төлөөлөгч нарт “Зөвлөлдөх ардчилал” сэдвээр лекц уншиж, нийслэлийн түвшинд иргэдийн оролцоог хангах чиглэлээр хийгдсэн ажлын талаар харилцан санал солилцоно. Мөн төр, захиргааны анхан шатны нэгж болох хорооны үйл ажиллагаатай танилцаж, хэвлэл мэдээллийн байгууллагынхантай уулзахаар төлөвлөжээ.

Categories
мэдээ нийгэм

Сүм, хийдүүдээс зөрчил илэрчээ

НОБГ-аас Сар шинийн баяраар иргэд их очдог шашны байгууллагуудад гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөт бус шалгалтыг нэгдүгээр сарын 21-нээс энэ сарын 11-ний өдрийг хүртэл зохион байгуулжээ. Шалгалтаар нийт 72 объект хамрагдсан бөгөөд хэд хэдэн зөрчил илэрчээ. Зөрчил гаргасан есөн албан тушаалтныг 540,000 төгрөгөөр торгож захиргааны арга хэмжээ авсан байна.

Шалгалтаар барилга байгууламжийн хийц бүтээцийн шийдэл нь гал түймэр гарсан тохиолдолд хүн амын аюулгүй байдлыг хангахуйц, гал түймрийг бага хохиролтойгоор унтраах бололцоог хангаагүй, авралтын зам гарцан дээр ослын гэрэлтүүлэг хийгээгүй, агааржуулалтын систем суурилуулаагүй, барилгын шатамхай хийц бүтцэд галын тэсвэршилтийг сайжруулах нэвчилгээ хийгээгүй, аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой осол гарсан үед хүний амь бие, эд хөрөнгө аварч гаргах авралтын зам гарцын схем зураг хийгээгүй, зам гарцын чиглэл заасан анхааруулах тэмдэглэгээг хүний нүдэнд ил харагдахуйц газар байрлуулаагүй зэрэг зөрчлүүд илэрчээ.

Categories
мэдээ спорт

Тувагийн бөх Сайнбуян Г.Эрхэмбаяр аваргад өвдөг шороодлоо

Өнөө жилийн сар шинийн барилдаан Дархан аварга Г.Өсөхбаяр барилдаж байгаа нь үзэгчдийн талархлыг хүлээж байгаа юм. Учир нь Б.Бат-Эрдэнэ аваргаас хойш сүүлийн хэдэн жил дархан аварга цолтон сар шинийн барилдаанд огт зодоглоогүй. Тэгвэл энэ удаагийн барилдааны өөр нэг зүйл нь Тувагийн бөх Сайнбуян анх удаа сар шинийн барилдаанд зодоглож буй явдал юм. Нэгийн даваанд барилдаж буй байдлыг харахад аварга Г.Эрхэмбаяраас дутахааргүй бяртай нь харагдаж байв. Ямартаа ч аварга Г.Эрхэмбаяртай хайнцаж дахин барилдаж өвдөг шороодлоо. Тувагийн бөх Сайнбуян нь аймгийн заан цолтой аж. Тэрбээр тойргийн барилдаанаас заан цол хүртсэн юм байна.

Categories
мэдээ улс-төр

Оюутолгойн 34 хувийг зарах саналаа зогсоохыг шаарджээ

УИХ-ын гишүүн О.Содбилэг Монголын ард түмний баялаг болох Оюутолгойн төрийн эзэмшлийн 34 хувийг бусдын мэдэлд шилжүүлэх хэлцлийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хийсэн тухай мэдээлэл гадаадын хэвлэлээр гарсантай холбогдуулан түүнд асуулга тавьж, мэдээлэл хийлээ. Тэрээр Оюутолгой ордтой аливаа худалдах болон шилжүүлэх үйлдэл, үйл ажиллагаа явуулж хууль зөрчихгүй байхыг Ерөнхий сайдад анхааруулан, аливаа аман болон бусад байдлаар хэлэлцэх хийх, гэрээ байгуулахаа зогсоохыг шаардлаа.

2015 оны хоёрдугаар сарын 5-ны өдрийн “Ройтерс” мэдээллийн агентлагийн албан ёсны мэдээ, хоёрдугаар сарын 6, 14-ний өдрийн Австрали Улсын үндэсний хэмжээний “The Australian” сонинд “Рио Тинто” группын гүйцэтгэх захирал Сэм Уолш Оюутолгойн Монголын талын эзэмшил 34 хувийг Монгол Улсын Ерөнхий сайд санал болгосон гэх мэдэгдэл албан ёсоор гарчээ. Уг мэдэгдэл “Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн “Рио Тинто”-д санал болгосон Оюутолгойн Монголын эзэмшил 34 хувийг тэд авах сонирхолгүй бөгөөд төсөлд хувь эзэмших өөр хэн нэгэн этгээд гарч ирвэл тэр этгээд сонирхог” гэсэн агуулгатай байжээ.

Монгол Улсын Үндсэн хуульд “…байгалийн баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна” хэмээн заасан байтал Ерөнхий сайд Ч.Сайханбилэг УИХ-ын тогтоол, шийдвэрүүдийг зөрчин, УИХ-д үл мэдэгдэн эрх мэдлээ хэтрүүлсэн гэж үзэж байгаа тул УИХ-ын гишүүн О.Содбилэг Ерөнхий сайдад асуулга тавьжээ. Энэхүү асуулгад:

Нэгдүгээрт, Ерөнхий сайд Та УИХ-аас гаргасан тогтоол шийдвэрүүдийг зөрчиж дур мэдэн Оюутолгойн Монголын талын эзэмшлийн 34 хувийг санал болгосон гэх хэлцлийг “Рио Тинто” группын гүйцэтгэх захиралтай хийсэн бол хууль, эрх зүйн үндэслэлээ тайлбарлана уу?

Хоёрдугаарт, Таны дээрх үйлдэл Үндсэн хуулийг зөрчин Оюутолгойн төрийн эзэмшлийн 34 хувийг бусдад шилжүүлэхээр завдсан гэж ойлгогдож байна. Иймд дээрх асуудлыг тодорхой болтол “Рио Тинто” групптэй болон Оюутолгой төслийн Монголын эзэмшлийн хувийг худалдах болон шилжүүлэх үйлдэл, үйл ажиллагаа явуулж хууль зөрчихгүй байхыг Танд анхааруулж, аливаа нэгэн аман болон бусад байдлаар хэлцэл хийх, гэрээ байгуулахаа зогсоохыг шаардаж байна гэжээ.

Categories
мэдээ спорт

Сар шинийн барилдаанд барилдаагүй улсын цолтнууд

Сар шинийн хүчит бөхийн барилдааныг үзэхээр ирсэн иргэд улсын арслан Д.Азжаргал, улсын гарьд Н.Ганбаатар, Ж.Бат-Эрдэнэ, заан Баасандорж нарыг барилдах болов уу гэж их хүлээж байсан аж. Зарим нь үзүүрт түрүүнд үлдэнэ хэмээн таавар бөглөснөө ч ярьж байлаа. Түүнчлэн аймгийн арслан О.Хангай барилдаагүй тул түүний сургийг гаргахаар өөр хоорондоо ярьж байх юм. Тэгвэл Завхан аймгийн Тэс сумын харьяат улсын начин Нямсүрэн нэгийн даваанд өвдөг шороодсон бол дөнгөж сая аймгийн харцага Доржсүрэнгээр Б.Гончигдамба гарьд, аймгийн заан Мустафагаар улсын харцага Т.Өсөх-Ирээдүй даваагаа ахуиллаа

Categories
мэдээ спорт

Хоёрын даваа эхэллээ

Сар шинийн баярт зориулсан үндэсний бөхийн барилдааны хоёрын даваа эхэллээ. Сар шинийн барилдаанд 2007 оноос хойш дархан аварга цолтон барилдаагүй бөгөөд энэ удаад Дархан аварга Г.Өсөхбаяр барилдаж байгаа нь олны анхаарлыг татаж байна. Түүний хувьд нэгийн давааны учраагаа түвэггүй давсан бол хоёрын давааны учраа бөхөө ч мөн өвдөглүүлээд авлаа. Улсын аварга Г.Эрхэмбаяр, улсын арслан Н.Батсуурь Өсөхбаатараар даваагаа ахиулсан бол улсын заан Ч.Санжаадамба мөн хоёр даваад байгаа юм.
Нэгийн давааны Улсын гарьд Ш.Жаргалсайхан аймгийн начин Нямсүрэнтэй барилдсан барилдааныг хүмүүс нэлээд шүүмжилж байгаа юм. Учир нь залуу гарьд Нямсүрэнг унагчихаад дээрээс нь нидэрч байгаа нь буруу гэдгийг цэц булаалдах маягтай ярьцгааж байна.

Categories
гадаад мэдээ

Копенгагенд амь үрэгдсэн иргэдэд хүндэтгэл үзүүллээ

Данийн Копенгаген хотод болсон халдлагын улмаас амь үрэгдсэн иргэдийн дурсгалыг хүндэтгэн олон мянган хүн жагссан байна. Хүндэтгэлийн жагсаал халдлага болсон газрын ойролцоо болжээ. Үргэлжилсэн халдлагын улмаас хоёр хүн амиа алдаж, таван хүн гэмтэж бэртсэн байна. Данид болсон энэ удаагийн халдлагыг Парист болсон “Charlie Hebdo”-ийн халдлагатай ижил төстэй гэж ажиглагчид дүгнэж байгаа. Учир нь эхний удаад хэрэгтэн Копенгагены төвд болсон үг хэлэх эрх чөлөөний талаарх нээлттэй хэлэлцүүлэгт оролцогчид руу гал нээсэн бол дараагийн байгаар еврейчүүд төвлөрсөн хэсгийг сонгосон байжээ.

Омар Абдель гэх 22 настай хэрэгтэн хоёрхон долоо хоногийн өмнө шоронгоос суллагдсан болохыг Данийн цагдаагийнхан тогтоосон байна. Түүнчлэн тэрбээр “Исламын улс” бүлэглэлд тангараг өргөсөн байжээ.

Categories
мэдээ спорт

Дүнжингаравын хөтөлбөр

Энэ жилийн Дүнжингарав уралдаан хоёр өдөр үргэлжилхээр болжээ. Учир нь эрлийз насны морьдын уралдаанаа шинийн гурванд буюу 21-ний өдөр уралдуулахаар болсон байна. Эрлийз, Монгол адуунуудыг сэрвээний өдөр болон үүлдэрлэг байдал, гадаад төрхөөр нь ялгана гэнэ.

Categories
мэдээ нийгэм

Баярын өдрүүдэд банкууд хэрхэн ажиллах вэ?

Сар шинийн баярын өдрүүдэд банкууд хэрхэн ажиллах талаарх мэдээллийг хүргэе.

Голомт банк

Энэ сарын 19-нд “Центр пойнт” салбар 10.00-.18.00 цаг хүртэл ажиллана.

Энэ сарын 20-нд Солонго салбар 10.00-18.00 цаг хүртэл ажиллана. Харин шинийн гурван, дөрөвний өдрүүдэд “Нарантуул”, “Да хүрээ”-гээс бусад бүх салбар энгийн буюу амралтын өдрийн хуваарийн дагуу ажиллах юм байна.

Хаан банк

Энэ сарын 19, 20-нд амарна. Энэ сарын 21-нд Сансар, Үйлдвэр комбинат, “Ард”, “Бичил”, “100 айл”, “Өнөр хороолол” салбарууд 10.00-18.00 цаг хүртэл ажиллана.

Худалдаа хөгжлийн банк

Сар шинийн баярын өдрүүдэд буюу энэ сарын 19-22-ны дуустал амарна.

Хас банк

Энэ сарын 19-21-ныг дуустал амарна. Харин энэ сарын 22-нд “Ард кинотеатр”-ын салбар 11.00-17.00 цагуудад ажиллана, “Түшиг” салбар 10.00-18.00, “Нарантуул” салбар 10.00-19.00, “Улаанбаатар их дэлгүүр” 12.00-16.00 цагийн хооронд тус тус ажиллана.

Төрийн банк

Шинийн нэгэнд буюу энэ сарын 19-нд бүх салбарууд амарна. Энэ сарын 20-нд “Мөнгөн завъяа” тоцооны төв 11.00-16.00 цагт ажиллана. Харин энэ сарын 21-нд “40 мянгат”, “13 дугаар хороолол”, “120 мянгат”, “Өнөр хороолол”, “50 мянгат”, “Баруун хүрээ” зэрэг тооцооны төвүүд 11.00-16.00 цагт ажиллана. “Занабазар”, “Бахийн өргөө”, “11 хороолол”, “Өргөө кинотеатр”, “Драгон”, “Хан-Уул” зэрэг тооцооны төвүүд энэ сарын 22-нд 11.00-16.00 цагуудад ажиллана.

Капитал банк

Шинийн нэгний өдөр буюу энэ сарын 19-нд Нисэх дэх тооцооны төв 24 цагаар ажиллана. “Төв шуудан” дахь тооцооны төв энэ сарын 20-нд 10.00-16.00 цагт ажиллана. Шинийн гуравны өдөр “50 мянгат”, Төв шуудан” ахь салбарууд 10.00-18.00 цагт ажиллана. Хороолол дахь салбар 10.00-16.00 цагт ажиллана.

Categories
мэдээ улс-төр

М.Энх-Амгаланг Улсын ерөнхий прокуророор томилов

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гаргаж Магванноровын Энх-Амгаланг Улсын ерөнхий прокуророор томилов.

УИХ-ын чуулганы 2 дугаар сарын 13-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар М.Энх-Амгаланг Улсын Ерөнхий прокурор, төрийн хууль цаазын тэргүүн зөвлөхөөр томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцэн, гишүүдийн 100 хувийн саналаар дэмжсэн билээ.