Categories
гадаад мэдээ соёл-урлаг

“Ида” шилдэг гадаадын киногоор шалгарлаа

Энэ жилийн “Оскар” шагналын шилдэг гадаад киноны төрөлд таван бүтээл нэр дэвшсэн билээ. Польшийн найруулагч Павел Павликовскийн “Ида” кин “Оскар” хүртлээ. Шагналыг нь нэрт жүжигчин Николь Кидман гардуулсан байна.

Ю.Дэлгэр

Categories
гадаад мэдээ соёл-урлаг

“Оскар”-ын шагналтнууд тодорч эхэллээ

Америкийн Кино академиас олгодог “Оскар” шагналын эзэд тодорч эхэллээ. Лос-Анжелес хотно болж буй уг арга хэмжээнд дэлхийн кино урлагийн одууд оролцож байгаа юм. Энэ жилийн шилдэг эрэгтэй жүжигчнээр Жей Кей Симмонс тодорлоо

Categories
гадаад мэдээ

“Оскар”-ыг гардуулах ёслолд оролцсон жүжигчид

“Оскар”-ын шагналыг гардуулах ёслол уламжлалт ёсоор Лос-Анжелес хотноо боллоо. Улаан хивсний ёслолд оролцсон жүжигчин дэлхийн бренд болон загвар зохион бүтээгчдийн хувцасаар гоёсон байв. Мөнх залуу гэгддэх жүжигчин Жейн Фонда Versace-ийн даашинз, Chopard-ийн гоёл зүүсэн байв. “Оскар”-ын шагналтан жүжигчин Холли Берри мөн лVersace-ийн даашинзаар гоёжээ. Харин жүжигчин Майк Дугласын эхнэр, олны танил Катрина Зета-Жонсын хамт шагнал гардуулах ёслолд оролцсон юм. Мөн нэрт дуучин Лэди Гага ч уг ёслолд уригдан оролцлоо.

Categories
булангууд мэдээ танайд-өнжье цаг-үе

Завханы гавьяат Х.Оюунцэцэгийнд өнжлөө

Завханы гавьяат гэдгээрээ олонд танигдсан Х.Оюунцэцэгийнд өнжлөө. Сүүлийн гурван жил СУИС-ийн харьяа Завхан аймаг дахь Хөгжим бүжгийн сургуульд багшилж байгаад Улаанбаатарт шилжин иржээ. Гавьяат Нисэхэд гурван өрөө сууцанд дүүтэйгээ амьдардаг юм байна. Х.Оюунцэцэг гавьяатын хоёр хүү тусдаа гарчээ. Биднийг очиход бага хүү нь ирчихсэн ээждээ тусалж байв.

“Ирэхийг чинь мэдэж байсан ч сайн бэлдэж чадсангүй” гэж хэлээд инээд алданзолголоо. Биднийг цай цүй болж, хууч хөөрч байхад хуурай дүү нь гэх эмэгтэй орж ирэв. Завханд нэг байранд хөрш байжээ. Төд удалгүй хамт амьдардаг дүү нь ирлээ.

Мэдсосапрон буюу бүдүүвтэр хоолойтой Х.Оюунцэцэг дуучин сургуульд байхдаа альт хоолойтой байсан гэнэ. Увс аймгийн Зүүнхангай сумын уугуул аж. 1979 онд Завхан аймгийн Соёлын ордонд дуучнаар орж байж. Хожим 1983 онд театр болжээ. Театртаа 35 жил ажилласан байна. Х.Оюунцэцэгийн удмынхан сайхан дуулдаг хүмүүс байсан гэнэ. Түүний өвөө аав гурван өдөр шөнө буюу 72 цаг дуулахад нэг ч дуу давтахгүй, хоолой нь ер сэрвэлзэлгүй дуулдаг хүн байсан аж. Ээжийнх нь аав Галсан, аавынх нь аав Гаадан гэдэг хүн байж. Хоёр өвөө нь их сайхан дуулдаг найрын дуучид байжээ. Нагац, авга нар нь бүгд найрын дуучид байсан гэнэ.

Гавьяат “Би бага залуу байхдаа дуучин болно гэж огт бодож байгаагүй. Драмын жүжигчин болно гэж боддог байсан юм. Гэтэл намайг арав төгсдөг жил драмын ангийн хуваарь ирээгүй. Тэгээд л аймгийнхаа Соёлын ордонд дагалдан дуучнаар орсон. Намайг урлагт хөл тавихад нөлөөлсөн хүннагац ах Г.Дэмбэрэлсамбуу маань. 1978 онд кино драмын анги төгсөөд Завханд найруулагчаар ирсэн хүн. Театрын үндэслэгч, сайн найруулагчдын нэг дээ” гэж ярив.

Оюунцэцэг 1980 онд Улаанбаатарт ирж дуулаачийн ангид шалгалт өгч байжээ. Нэг жил ажиллаад ирсэн учраас хоолой нь задарчихсан, тэр жил шалгуулсан хүүхдүүдээс хамаагүй илүү байжээ. Түүнийг Болгарын урлагийн сургуульд явуулах тухай яриа шүүгч нарын дунд өрнөхөд биеэр намхан гэдэг шалтгаанаар бүтээгүй аж. Тэр үед Соёлын яамны Дамдин гэж хүн “Миний хүү урлагийн хүн байна даа хотын хүүхдүүд шиг хагас өсгийтэй юм өмсөөд ирэхгүй яасан юм. Уг нь их сайхан хоолойтой юм” гэж магтаж байсан гэдэг. Ингээд 1981-1984 онд УБИС-ийн дуулаачийн ангид суралцаж төгсчээ. Тэрээр СУИС-ийн гавьяат Дашиймаа багшийн шавь юм байна.

Гавьяатын аавыг Хоодон, ээжийг Дашмаа гэдэг аж. Хоёулаа Увс аймгийн Зүүнхангай сумын уугуул. Нутаг усандаа нэр хүндтэй хүмүүс байжээ. Аав нь сумын орлогч дарга, бригадын даргаар ажиллаж байсан гэнэ. Түүний ээж үйлэнд уран, ширдэг оёод гэртээ битүү дэвсчихдэг байжээ. Оюунцэцэг зургаан хүүхдийн том нь. Тэрээр цай аягалангаа “Баярын үеэр хамгийн гоё дээл, хувцастай нь байлаа шүү дээ. Тэр үед дөрвийн гээд эрээн цэцэгтэй даавуу байсан юм. Тэр даавуугаар зураг харж байгаад л одооны орчин үеийн тайзан дээр өмсөж байгаа шиг даашинз хийж өгдөг байж билээ. Дээлийг хачин гоё урлана. Цагаан сарын өмнө сумын ихэнх хүмүүс дээл хийлгэх гээд оочерлочихно. Одоо ч тайзан дээр гараад дуулахад манай сумынхан аав, ээжийг минь санаад уйлдаг. Би айлын том нь учраас гэрийн бүх ажлаа хийдэг байлаа. Нэг дүүгээ үүрээд, хоёрыг нь хөтлөөд, заримыг нь дагуулаад цэцэрлэг сургуульд нь хүргэж өгдөг байсан юм. Нэлээд эршүүд өссөн шүү. Том шуудайтай мөс төвөггүй үүрээд явдаг байлаа. Өвгөнтэйгөө суусан хойноо 25 килограммын шуудайтай гурил мөрөн дээрээ тавиад очсон чинь, хүмүүс намайг муу хэлнэ ш дээ гэж дургүйцсэн. Тэрнээс хойш би тийм юм өргөөгүй” гэж дурсамж сөхөөд хөгжилтэйгөөр инээв. “Тува руу жилд нэг удаа заавал очиж тоглодог байсан. Тайзан дээр өсгийтэй гуталтай, тоглолтын хувцастай монгол, орос, тува гурван дуу дуулахаар үзэгчид сайхан хүлээж авна. Хүлээн авалтаар Тувагийн сайд манай Оюука гээд дагуулаад яваад байна. Хэдэн өдөр тоглолтоо хийчихээд дэлгүүр хэсэхээр би пүүз өмсөөд энгийн цамц өмсчихсөн явж байсан. Сайд нь ирээд миний хажууд зогсчихоод манай Оюука хаана байна гээд өндөр хүн хайгаад байж билээ. Би тэгээд зугтчихсан. Тэгсэн манай дарга ирээд чи урлагийн хүн байж аятайхан хувцаслахгүй яасан юм гээд шоолоод байж билээ. Би ер нь их хээгүй ээ” гэж байна.

МУГЖ цолоо 1997 онд хөгжмийн зохиолч Д.Цэвээнравдан багштайгаа нэг зарлигаар Завхан аймгийн соёл урлагийн өдрүүдээр авч байж. Х.Оюунцэцэг гавьяат“Аав минь намайг гавьяат авахаас тав хоногийн өмнө бурхан болсон юм. Аавыгаа хөдөөлүүлээд шуудхотод ирж маргааш нь тоглолтод орж байлаа. Хүнд л байсан. Нэгэнт тайзан дээр гарсан хүн хоёр, гурван мянган хүний өмнө уйлж болохгүй шүү дээ. Урлаг ийм үед хатуу. Би тэр үед хоортой дуулдаг байсан юм. Дуулаад ороход хоорынхон маань бүгд уйлчихсан зогсож байсан. Чамайг өрөвдөөд уйллаа гэж хэлж байж билээ. Гавьяат авдаг жил аав, ээж хоёр маань их ойрхон өнгөрсөн” хэмээн ярив.

Тэрээр “Дуулахгүй яаж л явах юм бэ”, “Ойгон сайхан ээж”, “Аав ээждээ өргөх дуу” гээд олон сайхан дуутай аж. Урын сандаа ардын, сонгодог гээд 300 гаруй дуутай юм байна. Өдөр тутамдаа дуулдаг 70-80 дуу бий гэнэ. “Гавьяат гэдэг нэрийг өндөрт л өргөж явах хэрэгтэй. Тайзан дээр, микрофонгүй зааланд, найранд ч дуугаа хүмүүст сайхан хүргэх ёстой. Дуулаад дуусахад аргагүй гавьяат юм даа гэж үнэлэгдэхээр дуулдаг байх хэрэгтэй” гэж ярилаа.

Нөхөр Б.Зоригт нь Завханы Эрдэнэ сумын уугуул аж. “Нутагтаа бид хоёр Вандан, Дуламсүрэн хоёр шиг л байсан. Хамт бүх зүйлээ хийнэ. Ажилдаа ч тэр, гэртээ ч тэр салахгүй. Намайг Соёлын ордонд ажилд ороход манай хүн бүжигчин байсан юм. Бүх юманд нь ахаа гээд их гүйдэг байж билээ. Соёлын өдрүүд, уран бүтээл гээд байнга хамт хөдөө явдаг байлаа. Хөдөөгийн театрынхан төвийнхөөс нэг зүйлээрээ онцлог. Дуулна бүжиглэнэ, жүжиглэнэ гээд чаддаг бүх юмаа хийнэ. Дуурь, хөгжимт драм, жүжигт орно хөтлөгчөө хийнэ гээд бүгдийг л хийдэг байлаа. Хөгжимт драмд манай өвгөн бид хоёр л гол дүрийг авдаг байсан. Драмын 17 жүжгийн гол дүр бүтээсэн байдаг юм. Миний хань надтай хамт УБИС-ийн дуулаачийн анги төгссөн хүн” гэж ханиа дурслаа.

Том хүү Эрдэнэбаяр нь хөгжим бүжгийн их сургуулийн лимбийн ангийг төгсчээ. Одоо 19 дүгээр сургуулийн дуу хөгжмийн багш аж. Харин бага хүү Бямбадорж нь дасгалжуулагч юм байна.

“Хөдөөний уран бүтээлчид хүнд танигдах нь ховор байх. Батсүх гавьяат маань 1993 онд гавьяат аваад ерэн оны сүүлчээр хотод орж ирснээсээ хойш л олонд танигдсан. Гавьяат Батсүхийн дуулсан олон дууг бид бас дуулдаг. Гавьяат маань дуугаа хүмүүст сайхан хүргэх юм даа. Дууны шүлэг үгэн дээр их сайхан ажилладаг мундаг хүн. Хүнд хүргэнэ гэдэг их ажил шүү. Одооны залуус ам барих гээд байдаг болж. Би тэгж үзээгүй учраас мэдэхгүй. Сэтгэлээсээ дуулах өөр. Дуучин сайхан сэтгэлтэй байх ёстой гэж шавь нартаа захидаг юм” гэж байна. Батсүх гавьяат 1983 оноос Завханы театрт ажиллаж эхэлжээ. 1998 он хүртэл хамт ажилласан гэнэ.

Х.Оюунцэцэг дуучин “Учиртай гурван толгой” дуурийн Нансалмаад олон удаа тоглож байжээ. Тэрээр зургийн цомгоо сонирхуулангаа “Театрт ажиллаж байгаа хүн нэг жилд театраас тавьж байгаа дөрөв, таван концертонд тоглоно. Аймгийн бүх арга хэмжээнд оролцоно. Хөдөө явж театрын орлого төлөвлөгөөг хийнэ. 1979 оноос эхлээд “Таван эрдэнэ”, “Хаврын шөнийн бодол” зэрэг тэр үед гарч байсан дууг их дуулдаг байлаа. Наяад оны сүүлээр өөрийн гэсэн олон сайхан дуутай болсон. МУГЖ Цэвээнравдан, Жамьян гэж хоёр сайхан хөгжмийн зохиолч тэнд байсан юм. Ерээд оны сүүлээр Бавуудорж найрагч, Лутбаяр найрагч, СТА Батсайхан нартай ажиллаж байсан. Тэр үед баригад явах замдаа л дуугаа хийчихдэг байлаа. Авьяас тэтгэвэрт гарахгүй гэдэг. Одоохондоо дуулж чадаж байгаа дээрээ таетртаа очиж ажиллана гэж боддог. Миний хувьд одоо л жинхэнэ дуулж болмоор санагдаж байгаа. Дуулаач гэдэг чинь их амьсгаа шаарддаг. Чадаж байгаа дээрээ дуулж л байсан дээр” гэж хууч хөөрөв.

МУГЖ Х.Оюунцэцэг “Тэс мөрөн ээж” тоглолтоо 2003 онд хийжээ. Бие даасан долоо найман тоглолт хийсэн аж. Гавьяат маань энэ жил гуравдугаар сарын 15-нд буюу шинийн 25-ны өдөр “UB palace”-д тоглолтоо хийх гэж байгаа аж.

“Тэс мөрөн” дуу яаж төрсөн түүхийг сонирхуулж байна. 20 жилийн өмнө Тэс сумын сүлд дуу хийх үүрэг авсан гэнэ. Хөдөөгүүр урлагийн тоглолт хийж явах замдаа Батсайхан гавьяат үгийг нь бичжээ. Батсүх аяыг нь ч хийсэн аж.“Тэс мөрөн ээж одоогоос 20 жилийн өмнө гарч байсан дуу. Дөнгөж сураад дуулахад хүмүүс их сайхан хүлээж авч байлаа. Дуулж байхад шууд сураад лтэр дор нь дагаж дуулж байсан. Тэс сумын сүлд дуу болсон доо. Нэг удаа Тэс сумын хөгшин тайзан дээр “Тэс мөрөн ээж” дууг дуулж дууссаны дараа надтай уулзаад Батсүх, Жавхлан хоёрыг дуулахад арай л сэтгэлд хүрэхгүй байсан юм. Чиний дуу ёстой нэг сэтгэлд хүрлээ” гэж хэлж байсан шүү” хэмээн ярив.

Түүний тоглолтоор Завхан, Увс аймгуудын нутгийн зөвлөл ирдэг гэнэ. ”Нямдорж гишүүн нутгийн зөвлөлийн дарга байсан үе. Гишүүнд танай нутгийн охин юм чинь үг хэл гэж л дээ. Гэтэл тэр үедгавьяатаа сайн авч яваа учраас танайхаар овоглохыг зөвшөөрнө гэж байсан. Нэг сонин тохиолдол ярья. Увс аймгийнхаа төв дээр Далантай, Батсайхан, Батсүх бид хэд явж байлаа. Нутагтаа байна шүү гэж хэлээд их додигор явж байтал нэг хүн Завханы гавьяат Оюунцэцэг явж байна гэдэг юм. Нөгөөдүүл чинь нирхийтэл инээхгүй хаачихав. Тэгсэн өнөө хүн тэднийг харсанаа өө Завханыхан бүгд явж байна гэж хэлдэг байгаа. Гэтэл тэд танай нутгийнхан хүртэл Завханы гавьяат байна гэж их шоолж билээ” гэж хэлээд хөгжилтэйгөөр инээв.

Дуучин хүн сайхан сэтгэлтэй байх ёстой. Тэгж байж л хүнд хүрсэн дуу гарна шүү дээ. Би энийг шавь нартаа байнга захидаг хэмээв. Бидэнд өөрийн гаргасан “Дуулахгүй яаж л явах юм бэ” цомгийн дурсгаад ажлын амжилт хүсэн үдэн гаргалаа.

С.АРИУНЖАРГАЛ

Гэрэл зургуудыг Г.ЛХАГВАДОРЖ

Categories
мэдээ цаг-үе

Г.Өнөрбаяр: Зуун жилийн өмнө өрнөж байсан хос бичигтэн болох маргааныг өнөөдөр давтаад сууж байгаа нь дэвшил биш ухралт

Төрийн бүх хэргийг уйгаржин монгол, кирилл гэсэн хос бичгээр явуулахаар шийдвэрлэсэн хуулийг УИХ сар шинийн өмнөхөн яаран сандран баталсан. Энэ хуулийн талаарх маргаан хүрээгээ тэлсээр байна. Уг асуудалтай холбогдуулан УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албаны дарга Г.Өнөрбаяраас цахим ертөнцөд илэрхийлсэн байр суурийнх нь талаар ярилцлаа.

УИХ-аас Монгол хэлний тухай хуулийг баталсан. Уг хуулиар Монголчуудыг хос бичигтэй болохыг албан ёсоор хуульчилсан нь том маргааны сэдэв болоод байна. Таны хувьд нэлээд шүүмжлэлтэй хандаж байгаа нь анзаарагдлаа…

-Монгол бичигт шилжих нь зөв буруу гэж өөрийн хандлага, ойлголтоор тайлбарлахаас илүү хуулийн зүйл заалт, түүнээс урган гарах хүндрэлийг харж ярих нь зүйд нийцнэ. Бас бидний өвөг дээдэс Уйгаржин монгол бичгээс латин бичигт, дараа нь кирилл бичигт шилжих гэж юу болсон талаарх өнгөрсөн түүхийг ч эргэцүүлэх ёстой. Манай монголчууд 2000 гаруй жилийнхээ түүхэнд арав гаруй бичиг үсэг хэрэглэж ирсэн. Хэдийгээр улс төр, шашны гэх мэт янз бүрийн нөлөөлөл байсан боловч тухайн цаг үе бүртээ бичиг үсгээ шинэчилж орчин үеийн дэвшилд нийцүүлсэн. Миний санаж байгаагаар анх 1925 онд хуралдсан МАН-ын IV Их Хурлаар “Монгол үсэг бичгийг засамжлан шинэтгэж амар дөхөм болгох” тухай яригдсан байдаг. Тухайн үед уйгаржин монгол бичгийг “Нэг үсгээр хоёр авиа тэмдэглэдэг, нэг үсэг эхэн, дунд, адагт хувирдаг. Сурахад бэрхшээлтэй. Бичгийн дүрэм нь ярианы хэлнээс зөрүүтэй. Шинэ үеийн техник, технологийн нэршлийг илэрхийлэхэд хүндрэлтэй, орчин үеийн хөгжлийн зорилтуудыг хангахад төвөгтэй” гэх мэтээр тайлбарлаж байсан юм билээ. Өөрөөр хэлбэл, өнөөдрийнх шиг маргаан 1925 онд буюу 100 орчим жилийн өмнө өрнөж байсныг дахиад л давтаад сууж байгаа нь харамсалтай.

Тухайн үеийн энэ маргаан ямархуу байдлаар хүрээгээ тэлсэн юм бол?

-Ардын хувьсгал ялсны дараагаас эхлэн яригдаж 1925 оны үеэс эрчимжсэн маргаан хүрээгээ тэлсээр 1930 онд хуралдсан МАН-ын VIII Их Хурлаар латин үсэгт шилжих нь улс орны цаашдын хөгжилд хэрэгтэй, өрнөдийн соёл иргэншилтэй хөл нийлүүлж хөгжих ёстой гэсэн шийдвэрт хүрсэн. Энд нэг зүйлийг онцлон дурдахад тухайн үеийн МАН-ын удирдлагууд кирилл биш латин бичигт шилжих ёстойг чухалчилсан байдаг. Энэ бол Монгол Улс барууны ардчилсан орнуудын хэв загвараар, ардчиллын үзэл санааны дагуу хөгжих ёстой гэсэн чин хүсэл эрмэлзэлтэй байсных нь нэг илэрхийлэл юм. Ингээд Ардыг гэгээрүүлэх яамны дэргэд “Латин-Монгол үсгийн зөвлөл” байгуулж 26 үсэгтэй латин хэлний цагаан толгойг зохиож Засгийн газар нь баталсан байдаг. Гэтэл тухайн үед Монгол бичгийг халж Латин бичигт шилжих нь зохимжгүй гэсэн асар том маргаан өрнөсөн юм билээ. Хамгийн дэвшилттэй нь хос бичигт шилжих тухай хэлэлцүүлгийг сургууль, эмнэлэг, захиргаа гэх мэт нутгийн удирдлагын болон олон нийтийн газар өргөн хүрээтэй хэлэлцүүлж ард олны саналыг сонссон байдаг.Үр дүнд нь Засгийн газар бага сургууль, түр сургуулиудад латин монгол, уйгаржин бичгүүдийг зэрэгцүүлэн зааж хос бичигтэй болох шийдвэрийг гаргаж асуудлыг намжаасан. Бас сонин хэвлэлийг хос хэлээр гаргах, албан байгууллага, дэлгүүр, гуанз, албан бланк, тамга тэмдгийг латин монгол бичгээр шинэчлэх, засаг захиргаа, үйлдвэрийн ажилчдыг латин монгол бичигт албан журмаар сургах, төр засгийн шийдвэрийг хэрэгжүүлээгүй бол шийтгэхээр болсон. Яг л өнөөдрийн Монгол хэлний хуулиар зохицуулсан маргаан байгаа биз. Танил зураг, дуусашгүй маргаан. Ийм түүхийг давтаад сууж байгаадаа санаа зовох юм.

Энэхүү хос бичигтэй болох маргаан хэзээ төгсгөл болсон юм бэ?

-МАН-ын X Их Хурлын тогтоолд ард түмнээ бичиг үсэгт сургах явдлыг тодорхой тусгаж, латин үсэгт аажмаар шилжиж, араб тоог авч хэрэглэхийг шийдвэрлэсэн юм. Араб тоо бол дэлхий дахинд түгэн дэлгэрсэн тэмдэглэгээ. Үүнийг нэвтрүүлсэн нь бас л том дэвшил. Удахгүй бид араб тооноос татгалзаж уйгаржин тоогоороо явна гэж тэнэглэх хүмүүс гарч ирэх л байх. Нэг туйлшрал энэ мэтээр үргэлжилдэг түүхийг бид давтаж байна. МАН-ын уг хурлаар шинээр авч хэрэглэж байгаа латин бичгийн цагаан толгойг шинэчлэн сайжруулах үүрэг ч өгөгдсөн. Ингээд 1941 оны хоёрдугаар сард Латин үсгийг боловсруулах комиссоос ард түмний саналыг үндэслэн дахин 29 үсэгтэй латин цагаан толгойг зохиосон. Ингэж байтал кирилл бичигт шилжих гэсэн өөр санаачилга хүчээ авсан.

-Kирилл бичиг шилжих санаачилгыг анх Ю.Цэдэнбал дарга санаачилж байсан гэдэг байх аа. Тэгээд манай улс бүх нийтээрээ бичиг үсэгтэн болсон ард түмэн гээд ЮНЕСКО-гоос шагнал авч байсан биз дээ?

-1941 оны гуравдугаар сарын МАН-ын төв хороо, Сайд нарын зөвлөлийн хамтарсан хуралд Ю.Цэдэнбал дарга “Кирилл үсэг авч хэрэглэх” санаачилга оруулсан. Ингээд уйгаржин, латин бичгийн маргаан дээр кирилл гэсэн бичиг нэмэгдэн орж ирсэн юм. Үүний дагуу кирилл үсгийн цагаан толгойг 35 үсэгтэйгээр зохиож, 1941-1942 оны хичээлийн шинэ жилээс эхлэн бага сургуулийн хичээлийг шинэ үсгээр явуулах, сонин хэвлэлийг кирилл үсгийн булантай болгосон. Харамсалтай нь кирилл үсэгт шилжих ажил маш их удаашралтай байсан. Тухайлбал 1945 он гэхэд бичиг үсэгтэй хүн амын дөнгөж 20 хувь нь л кирилл үсэг мэддэг болсон. Энэ үйл явцыг тун хангалтгүй гэж дүгнэж 1946 оны нэгдүгээр сарын 1-нээс Монголын бүх сонин хэвлэл, төрийн албан хэргийг кирилл үсгээр явуулах шийдвэрийг гаргасан. 1946 оны энэхүү зоримог шийдвэрээс хойш 26 жилийн дараа монголчууд бүх нийтээрээ бичиг үсэг сурсан Азийн анхны орон болж ЮНЕСKО–гийн шагнал хүртсэн дээ. Тухайн үед бичиг үсгийн маргаан ийм олон жил өрнөсөн. Бид 1990 оноос хойш уйгаржин Монгол бичгээ сэргээх гэж бас л 25 жилийн маргаан өрнүүллээ. Эцэст нь хос бичигтэн болно гэсэн 1930 оны шийдвэрээ давтан гаргачихаад сууж байна. Энэ дэвшил биш ухралт.

ГАДААДАД АЖИЛЛАЖ, АМЬДАРЧ БАЙГАА ХҮМҮҮСИЙН ХҮҮХДҮҮД МОНГОЛЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛЬД СУРАХ, ТӨРИЙН АЛБАНД АЖИЛЛАХ БОЛОМЖГҮЙ БОЛСОН

Монголчууд өв соёлоо уламжлан авч явахын тулд уйгаржин бичигт шилжих ёстой гэх хүмүүс цөөнгүй байх шиг. Харин та сая хос бичигтэй болох шийдвэрийг дэвшил биш ухралт гэж тодорхойллоо. Энэ тухайгаа тодруулахгүй юу?

-Бид Монгол бичигт хайргүй, түүх соёлоо хүндэтгэхгүй байгаадаа ингэж хандаад байгаа юм биш ээ. Би монгол бичигтээ, түүх, соёл иргэншил бүрт хайртай. Монголынхоо соёлыг тээж хойч үедээ үлдээх ариун үүрэгтэй гэдгээ ухамсарладаг. Монгол хүн бүрийг ийм итгэл үнэмшилтэй гэдэгт итгэдэг. Гэхдээ цаг үетэйгээ, өнөөгийн нөхцөл байдалтайгаа зохицож амьдрах ёстой биз дээ. Бид чинь өнөөдөр 13 зуунд амьдраагүй. Хөгжил дэвшлийн хурдасгуур хүчээ авсан, дэлхийн соёл иргэншил улам бүр даяаршиж байгаа эрин үед амьдарч байна. Уйгаржин монгол бичгийг монгол хэлний эрдэмтэд, энэ чиглэлийн сургууль соёлын хүрээнд үзэж тээж хадгалж байвал болоо юм биш үү. Заавал хүүхдүүдээс их, дээд сургууль ороход нь монгол бичгийн шалгалт авна, төрийн албаны шалгалтыг монгол бичгээр өгүүлнэ гэж эх оронч царай гаргах хэрэг байна уу гэж хууль санаачлагчид болон батлагчдаас асуумаар байна л даа.

Их, дээд сургуульд элсэгчид, төрийн албаныхан монгол бичиг мэддэг байх үүрэг хүлээлээ. Үүнийг том ялгаварлал үүсгэлээ гэж та твиттертээ бичсэн байснаа тайлбарлахгүй юу?

-Бид энэ хуулийн хэрэгжилтийг Монголын газар нутгийн хилийн зурвасаар өнгөцхөн харах хэрэггүй. Олон монголчууд гадаадад төрж, өсч байгааг Монголын төр мартаж болохгүй. Тухайлбал, гадаадын нэлээд олон оронд манай ЭСЯ гэж бий. Бас гадаадад сурч, ажиллаж амьдарч байгаа хүмүүс бий. Тэр бүхний хүүхдүүд байгаа газрынхаа сургуулиудад сурдаг. Тэднийг байгаа газарт нь монгол бичигт сургана гэдэг бэрхшээлтэй. Эдгээр хүүхдүүд Монголдоо буцаж ирээд их, дээд сургуульд элсэн орж чадахгүй. Яагаад гэвэл шалгалтынх нь тодорхой хувийг монгол бичгээр өгнө. Бас эдгээр хүүхдүүд гадаадад дээд боловсрол эзэмшээд эх орондоо эргэн ирээд төрийн албанд ажиллах боломжгүй. Бас л төрийн албаны шалгалтын тодорхой хувь монгол бичиг байна. Тэгэхээр гадаадад төрж, өссөнийх нь төлөө ингэж хуулиар гадуурхан ялгаж болохгүй шүү дээ.

Монгол бичгийг сэргээн хэрэглэснээр эдийн засагт ямар нэгэн хүндрэл үүсэхгүй гэж хууль батлагчид тайлбарлаж байна л даа. Харин та эсрэгээрээ энэ бичиг эдийн засагт томоохон хүндрэл үүсгэнэ гэж байсан байх аа?

-Монгол бичгийг сэргээн хэрэглэхийн тулд Монгол бичгийн багш нарын орон тоо олноор нэмэгдэнэ. Бас төрийн албаны бичгийг 2025 оноос кирилл, уйгаржин монгол бичиг хоёроор хавсран хэрэглэхээр хуульчилсан. Төрийн албан хаагчдын ихэнх нь уйгаржин монгол бичгийг төгс эзэмшээгүй. Цаашид ч албан бичгийг кирилл, уйгаржин монгол бичгээр давхар бичээд сууж байх завтай албан тушаалтан байхгүй. Тэгэхээр төрийн албанд уйгаржин монгол бичиг мэддэг хүмүүс олноор хэрэгтэй болно. Цомхон байх ёстой гэж сүүлийн хоёр жилийн турш хэрүүл хийсэн төрийн алба нь дахиад л данхайна. Төрийн албаны бичгийг уйгаржин монгол бичиг, кириллээр давхар явуулахаар хуульчилсан. Үүнээс улбаалан төрийн албаны бичиг хэрэг, тээврийн зардал одоогийнхоос хоёр дахин нэмэгдэнэ. Уйгаржин монгол бичгийн олон программ шаардлагатай болно. Төрийн бүх байгууллага уйгаржин монгол бичиг, кирилл гэсэн хоёр толгойтой бланкийг хэвлүүлнэ. Тамга, тэмдгээ шинэчилж таарна. Энэ бүхний зардал хаанаас гарах вэ. Үүнийг эдийн засгийн ачаалал биш гэж хэлж чадаж байгаа нь ухаалаг төрийн тооцоололбайх л даа.

Төрийн бүх албан хэргийг хоёр бичгээр хөтлөн явуулснаар эдийн засагт учрах бэрхшээлээс гадна өөр ямар хүндрэл үүсэх вэ?

-Албан бичгийг кирилл, уйгаржинаар давхар бичихээр олон хүндрэл үүснэ. Наанадажхөрвүүлгийн алдаа гарвал яах вэ. Зарим нь зориуд луйвар булхай хийх гэж нэгнийх нь эхийг нөгөөгөөс бага зэрэг зөрүүтэй хийнэ. Шүүх, цагдаадаа очно. Шүүх аль бичгээр бичсэн нь албан ёсны үнэн зөв нь гэж тогтооход ч хэцүү байдал үүснэ. Өөрөөр хэлбэл, төрийг мэхлэх арга замууд нарийсан нээгдэнэ.

Хос бичигтэй болох шийдвэрт үндэсний цөөнхүүд их эмзэглэн хандаж байна л даа. Тэдний саналыг төр засаг сонсох ёстой биз дээ?

-Эрх баригчид маань шийдвэр гаргахдаа ард түмнээсээ асууна. Төлөөллийн ардчиллыг хэрэгжүүлнэ гэж их ярьдаг. Яг шийдвэр гаргах болохоороо ардчиллын ямар ч шинж тэмдэг байхгүй дарангуйллын байдлаар асуудалд хандах болсны нэг илрэл. Ардчилал гүнзгийрсэн өнөө үед битгий хэл манай улс 1930 оны үед хос бичигтэй болох тухай шийдвэрээ ард түмнээсээ асууж, удаа дараагийн хэлэлцүүлэг маргаан өрнүүлж байсан түүхтэй. Энэ шийдвэрээс хамгийн их хохирол амсах нь казахууд. Тэд одоо хоёр хэлтэй, гурван бичигтэй болж таарах нь. Ийм ухралт хийж байхын оронд Кембрижийн стандартыг нэвтрүүлсэн бол дэвшилд хүрэх байлаа. Энэ дэвшлээс бас л татгалзсан.

KЕМБРИЖИЙН СТАНДАРТААС ТАТГАЛЗАЖ, МОНГОЛ БИЧИГТЭЭ ШИЛЖИХ НЬ ХӨГЖЛИЙН АСАР ТОМ УХРАЛТ БОЛНО

Кембрижийн стандарт, уйгаржин Монгол бичиг хоёр ямар холбоотой юм бэ. Нэгээс нь татгалзаж нөгөөг нь нэвтрүүллээ гэдгээ дэлгэрүүлэхгүй юу?

-МАН, АН хоёрын бодлогын ялгаа олон зүйл дээр гардаг. Бас олон зүйл дээр ч нэгддэг. Нэг ялгаа нь боловсролын салбарын бодлогын асуудал болчихлоо. 2011 оны үед Ерөнхий сайд С.Батболд, МАН-ынхантайгаа ярилцаад Монголын боловсролын салбарт Кембрижийн стандартыг нэвтрүүлэх санаачилга гаргасан юм. Энэ стандартыг Монголд нутагшуулах санаачилга гаргасан багт би ажилласан. Энэ бол маш том амбиц байлаа. Маш том дэвшил байлаа. Монголын боловсролын салбарт байгаагүй эргэлтийн бодлого байлаа. Монголын бүх хүүхдийн хувь заяанд асар том түлхээс болох байлаа. Одоо би зөвхөн байлаа гэдэг цаг дээр ярьж суугаадаа харамсах юм.

Яагаад?

-Тухайн үед Кембрижийн стандартыг нэвтрүүлэхээр англи, монгол хэл дээр хичээлээ явуулах хос хэлний сургалттай сургууль Улаанбаатарт гурвыг байгуулсан. Тэгээд бүх дүүрэг, аймгийн төвүүдэд хос хэлээр хичээллэх Кембрижийн стандарттай сургуулийг байгуулж эхэлсэн юм. 2017 он гэхэд улсын хэмжээний бага болон ахлах ангиудаа Кембрижийн стандартаар хичээллүүлэхээр төлөвлөж Кембрижийн олон улсын шалгалтын төвөөр үнэлгээ хийлгэхээр төлөвлөсөн. Бидэнд Кембрижийн олон улсын шалгалтын төвийнхөн тусалсан. Харамсалтай нь АН Засгийн эрхэнд гарснаар энэ бодлого алдагдсан. Тэгээд Кембрижийн стандартаар хичээллэх зориулалтаар засч тохижуулсан сургуулиудыг лаборатори сургууль гэж нэрлэдэг болсон гэсэн. Кембрижийн стандартын сураг алдарсан.

Өнөөдөр дэлхийн улс орнуудын боловсролын ситем даяарчлагдаж байна. Улс орон бүр ерөнхий боловсролын стандарттай байсан үе түүх боллоо. Хөгжсөн болон хөгжиж буй улс орнууд Женевийн эсвэл Кембрижийн стандартыг сонгодог. Өнөөдөр Кембрижийн стандартаар дэлхийн 130 гаруй орон хичээллэдэг болчихлоо. Энэ тоо бидэнд нэгийг хэлж өгнө. Женевийн стандарт бол маш хатуу болзол шалгууртай учир европын голдуу орнууд хичээллэдэг. Харин Кембрижийн стандарт уян хатан учраас эрчимтэй түгэн дэлгэрлээ. Тухайлбал Кембрижийн стандартыг нэвтрүүлэхдээ түүх, соёл, хөдөлмөр, хэл бичиг гэх мэт хичээлүүдийг өөрийн улсын арга барилаар заана. Харин хими, физик, алгебр, математик, геометр, англи хэл гэх мэт байгалийн ухааны голдуу хичээлүүдийг Кембрижийн стандартаар заалгана гэж зорьсон. Учир нь эдгээр хичээлийг дэлхийн хаана ч нэг л стандартаар заадаг. Манай хүүхдүүд ч тэр стандартаас хоцрохгүй. Нэг л сурах бичгийн арга барилаар хичээл явагдана. Тийм учраас Кембрижийн стандартаар сурсан хүүхдийг дэлхийн аль ч их сургууль шууд хүлээн зөвшөөрдөг. Тухайн үеийн МАН-ын дэвшүүлсэн зорилтоор бол Кембрижийн стандартаар хичээллэсэн бүх сургуулийн сурагчдыг үндэсний болон Кембрижийн стандартын гэрчилгээтэй төгсгөхөөр төлөвлөж байсан юм. Үндэсний сургалтын гэрчилгээгээр дотоодын их дээд сургуулиудад, Кембрижийн гэрчилгээгээрээ дэлхийн ямар ч сургуульд элсэн суралцах боломж нээгдэх байлаа. Хичээл, Англи, Монгол гэсэн хос хэлээр явагдана. Дэлхийн нэг номерийн стандартаар, дэлхийн нэг номерийн хэлээр хичээллэж төгссөн Монгол хүүхдийн өрсөлдөх чадвар өснө гэсэн том амбицыг чухалчилж байлаа. Харамсалтай нь АН ялаад дэлхийн 130 гаруй оронд нэвтэрсэн Кембрижийн стандартыг зогсоогоод 13 дугаар зууны үеийн монгол бичгээ сэргээхээр хуульчлаад өглөө дөө.

Өнөөдөр өндөр төлбөртэй цөөхөн хэдэн ерөнхий боловсролын сургууль Кембрижийн стандартаар хичээллэж байна. Дэлхий нийт даяаршиж байгаа өнөө үед харин ардын хүүхдүүд уйгаржин бичиг сурах гэж зовох болох нь ээ?

-Миний мэдэж байгаагаар бол Орчлон, Американ, Элит, Интернешнл гэсэн хэд хэдэн сургууль Кембрижийн стандартаар хичээллэдэг болсон. Энэ бол маш том дэвшил. Эдгээр сургуулийн төлбөр хэд билээ, хэний хүүхэд сурдаг билээ гэсэн хоёрхон асуулт олон зүйлийг бодогдуулна. Сонирхолтой нь өөрсдийнхөө хүүхдүүдийг олон мянган ам.долларын төлбөртэй Кэмбрижийн стандартаар хичээллэдэг эдгээр сургуулиудад сургачихаад ард түмний хүүхдийг Кембрижийн стандартаар сургая, ерөнхий боловсролын бүх сургуулийг аажимдаа, үе шаттайгаар Кембрижийн стандартаар хичээллэдэг болгоё гэхэд үгүй гэж байна. Тэгсэн мөртлөө ард түмний хүүхдийг багаас нь монгол бичигтэй болгоно. Өөрсдийнхөө хүүхдийг Кембрижийн стандартаар хичээллэсэн сургуульд сургаж төгс англи хэлтэй болгоно гэсэн бодлого баримталж байна. Нийгмийн асар том ялгарлын суурь чимээгүй тавигдаж эхэллээ. Кембрижийн стандартаар хичээллэж дэлхийн бүх орныхон ярьдаг англи хэлийг төгс сурсан хүүхдүүдтэй жирийн ардын, зөвхөн Ар, Өвөр Монголд л хэрэглэгдэх уйгаржин монгол бичигтэй хүүхэд өрсөлдөнө гэдэг маш хэцүү. Хүүхэд, залуучуудад гарааны тэгш боломж олгоно гэдэг энэрэнгүй бодлого ингэж устаж байгаад эмзэглэж байна. Тиймээс Монголын ерөнхий боловсролын бүх сургуулиудад Кембрижийн стандартыг нэвтэрүүлнэ гэсэн санаачилга бодлогоо орхихгүй ээ.

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монголын төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийг танилцуулж байна

Монгол төр өнөөдөр нийт 83 аж нэгжийг өөрийн харьяанд байлгаж байна. Эдгээрээс заримаж ахуйн нэгжүүдийн алдагдал 60 тэрбум төгрөгт хүрсэн тухай мэдээ бий. Эдгээр аж ахуйн нэгжийн удирдлага, бүтэц, санхүүгийн тайлан шилэн дансны хуулиар нийтэд ил байх ёстой. Одоогоор нарийн мэдээлэл байхгүй боловч бид цувралаар бүх аж ахуйн тайланг уншигчддаа толилуулах болно.

Categories
мэдээ цаг-үе

Б.Батсүх: Даяаршсан дэлхийд хэнд ч, аль ч түвшинд ажиллах боломж нээлттэй болсон

-OIE-Д АЖИЛЛАЖ МОНГОЛ УЛСЫНХАА НЭРИЙГ ОЛОН УЛСЫН ТҮВШИНД ГАРГАХ ӨНДӨР ХАРИУЦЛАГА ИРЛЭЭ ГЭЖ ОЙЛГОЖ БАЙГАА-

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлэг үржлийн газрын мэргэжилтан, малын их эмч Б.Батсүхтэй ярилцлаа. Тэрбээр Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллага (OIE)-д Монгол Улсаас анх удаа ажиллах урилгыг авчээ.

Та өөрийгөө товч танилцуулаач. Малын эмч мэргэжлийг яагаад сонгов?

-Би Ховд аймгийн Мөнххайрхан суманд төрж өссөн. Аав минь малын эмч, ээж хүний эмч мэргэжилтэй. Бага байхаасаа л УАЗ 469-ийн дунд хайрцаг дээр суугаад л аавтайгаа дуудлагад явдаг байлаа. Жаахан томроод туслах ажилтан, жолооч гээд л бүх л хар бор ажлыг хийлцэж мал эмнэлгийн ажилд дадлагажиж өссөн дөө. Аавтайгаа хамт ажиллаж байсан цаг хугацаа миний хувьд насан туршид минь хэзээ ч мартагдахгүй сайхан он жилүүд байсан. Бурхан болсон аавынхаа хийж амжаагүй ажлыг үргэлжлүүлнэ гэж бодож санаж явдаг даа. Тиймээс ч аавынхаа мэргэжлийг өвлөж, удам дамжсан малын эмч болох зорилготойгоор 2001 онд ХААИС-д элссэн хэрэг. Сургуулиа 2006 онд төгсөөд Монгол, Америкийн хамтарсан “В.И.Т.Н.Э.Т” ТББ-аас ажлын гараагаа эхэлж байлаа. Тэнд гурван жил төслийн зохицуулагч, малын эмчээр ажиллаад Удирдлагын академийн Төрийн удирдлагын сургуульд элсэн суралцаж төгссөн.

Төрийн бус байгууллага гэхээр хөдөө аж ахуйн салбарт ямар үйл ажиллагаа явуулдаг байгууллага вэ?

-Миний ажиллаж байсан “В.И.Т.Н.Э.Т” төрийн бус байгууллага хувийн мал эмнэлгүүдэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг, төсөл хэрэгжүүлдэг. Тиймээс мянга гаруй мал эмнэлгийн эмч, мэргэжилтнүүдэд мал эмнэлгийн чиглэлийн хичээл заах ажилд оролцож, эх орноо хэд, хэд тойрсон. Хичээл заахын тулд тухайн зүйлээ маш сайн мэддэг байх ёстой, тэгээд ч оюутнуудад биш малын эмч нарт өөрсдийнх нь мэддэг асуудлаар хичээл орно гэдэг амаргүй ажил. Тиймээс заах гэж байгаа асуудлаа нэлээн судлах шаардлага гардаг. Мөн зуны улиралд мэргэжил нэгт гадаад нөхөдтэй хамт хөдөө орон нутгаар явж хувийн мал эмнэлгийн эмч нартай цуг өвчтэй мал эмчлэх зэргээр практик дээр хамтран ажиллаж мал эмчлэх тал дээр туршлага хуримтлуулж, малын эмчийн нэлээн дөртэй болсон доо. Удирдлагын академиа төгсөөд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлэг үржлийн газарт орж Хил дамжин халдварлах гоц халдварт өвчин, гадаад харилцааны мэргэжилтэн албан тушаал дээр ажиллаж эхэлсэн. Тэнд ажиллаж байхдаа Швейцарийн хөгжлийн агентлагийн С.Батсайхан захиралтай Мал аж ахуйн төсөл (одоогийн Малын эрүүл мэнд)-ийн санхүүжилтээр 2011-2013 онд Швейцарийн Бернийн Их сургуульд суралцаж, “Шүлхий өвчний голомтын дараахь хяналт удирдлага” сэдвээр магистр хамгаалсан.

Бернийн их сургуульд суралцах эрхээ яаж олж авсан бэ?

-Удирдлагын академи төгссөнийхөө дараа “Өдрийн сонин”-оос ажлын зар хайж байгаад Швейцарийн хөгжлийн агентлагийн тавьсан зарыг олж уншсан. Ингээд зарын дагуу англи хэлээр эссэ бичиж, анкетаа хамт явуулсан. Дараагаар нь агентлаг дээр ярилцлаганд орж, Бернийн их сургуульд онлайн скайфаар ярилцлага шалгалт өгсөн. Энэ сайхан мэргэжлийн буян дээрээс нь бага зэрэг англи хэл сурч байсны хүчинд суралцах эрхтэй болсон болов уу.

Таныг Монголоос анх удаа Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагад ажиллах гэж байгаа гэж сонссон. Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллага ямар үйл ажиллагаа явуулдаг, хэр олон улсыг гишүүнээр элсүүлсэн юм бол?

-Дэлхийн мал амьтны байгууллага (OIE)-ын Ази, Номхон далайн бүсийн төлөөлөгчийн газарт бүсийн төслийн зохицуулагчаар ажиллахаар болсон. Тус байгууллагын Ерөнхий захирал Бернард Валлатаас урилга ирсэн, удахгүй явах гэж байна. Монгол Улсынхаа нэрийг олон улсын түвшинд гаргаж, нэр хүндтэй авч явах өндөр хариуцлага ирж байна гэж ойлгож байгаа. OIE нь 1924 онд байгуулагдсан. 2014 оны байдлаар тус байгууллага нь 180 гишүүн оронтой. Манай улс1989 онд тус байгууллагын гишүүнээр элссэн юм билээ.Дэлхийн 180 улсын мал эмнэлгийг нэгтгэсэн энэ байгууллага мал амьтны эрүүлийг хамгаалах, мал эмнэлгийн салбарт дагаж мөрдөх стандартыг баталж, мал амьтны гаралтай бүтээгдэхүүний олон улсын худалдааны үйл ажиллагаанд ихээхэн үүрэгтэй оролцдог. Мөн дэлхий дахинд гарч байгаа мал амьтан, малаас хүнд халдварладаг халдварт өвчинтэй хамтран тэмцэх, сэргийлэх, харилцан мэдээлэл солилцох, мал эмнэлгийн салбарт эрүүл ахуй болон шинжлэх ухааны чиглэлээр хамтран үйл ажиллагаа явуулж байна. OIE-ийн төв нь Парист байрладаг. Тэнд ажиллах урилга ирсэн ч Монгол Улс харъяалагддаг гэдэг утгаар нь Ази, Номхон далайн бүсийг сонгосон хэрэг. Төлөөлөгчийн газар нь Токиод байрладаг юм.

Тэнд ажиллах эрхийг яаж авсан бол?

-Өөрийнх нь сайт дээр нээлттэй ажлын байрны зар байдаг юм. Тэр дагуу анкетаа явуулсан. Төд удалгүй ажиллах урилга ирсэн.

-OIE-ийн гишүүн байхын ач холбогдол юу вэ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага шиг манайд төсөл, хөтөлбөр хэрэгжүүлдэг үү?

-Мал аж ахуйн орны хувьд тус байгууллагын гишүүн байна гэдэг маш их ач холбогдолтой. Дэлхий дахинд байгаа мал, амьтны халдварт өвчний талаарх мэдээллийг цаг алдалгүй хүлээж авч, мэдээлэл өгөх боломжтой. Мөн дэлхий дахины мал эмнэлгийн бодлого, стандартыг OIE гаргадаг. Дээрх асуудлаар хурал, семинар хийх, мэргэжилтнүүдийг чадавхижуулахад манайд багагүй тусламж үзүүлдэг. Өнгөрсөн онд манай улсад шүлхий өвчин гарахад 300 мянган тун вакцин тусламжаар нийлүүлсэн. Үүний өртөг гэхэд 900 сая төгрөг байх жишээтэй.

Мөн мал, амьтны гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг олон улсын худалдаанд оруулахад энэ байгууллагын нөлөө их. Олон улсын худалдааны хорио цээрт өвчнүүдээс “эрүүл гэдэг” статусыг энэ байгууллага өгдөг байх жишээтэй.

Манай улс гадаадад мах, амьд мал гаргах талаар олон жил ярьж байгаа. Тэгвэл эрүүл гэдэг баталгааг нь гаргаж өгдөг энэ байгууллагаас манайх хэр дүн авдаг бол?

-OIE-аас хөндлөнгийн шинжээчид ирж Монгол Улсын мал эмнэлгийн бүтэц, үйл ажиллагаа, мал эмнэлгийн албыг чадваржуулах зорилтот үнэлгээ, тус салбарын хууль эрх зүйн үнэлгээ гэсэн гурван чиглэлд үнэлгээ хийж дүгнэлт, зөвлөмж гаргасан байдаг. Ингэхдээ Монгол Улсын мал эмнэлгийн бүтэц тогтолцоо олон улсын шаардлагад нийцэхгүй байна гэсэн дүгнэлт гаргасан. Энэ дүгнэлтийг үндэслэн Мал эмнэлгийн бүтэц тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэх тухай Монголын Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл мөн зөвлөмж гарсан байдаг. Зөвлөмжийн гол санаа нь мал эмнэлэг мэргэжлийн нэгдсэн бодлого, хяналт, удирдлагын тогтолцоотой байх ёстой гэж заасан. Жишээ нь малын эрүүл мэндийг хамгаалах чиглэлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх үүргийг Мал эмнэлэг үржлийн газар, хянах үүргийг засгийн газрын тохируулагч агентлаг мэргэжлийн хяналтын газар хүлээдэг гэх мэт. Энэ нь эргээд бид нарын яриад байдаг хариуцлагын тогтолцоог хэрэгжүүлэхэд бэрхшээлтэй болгодог. Мал эмнэлгийн байгууллага бол улс төр, бизнесийн салбараас ангид мэргэжлийн, шинжлэх ухаанд суурилсан шийдвэрийг гаргаж ажиллах ёстой хамгийн чухал салбаруудын нэг. Дэлхийн олон улсууд олон улсын худалдаанд оролцохдоо мал эмнэлгийг тоглоомын дүрмэндээ гол “хөзөр” болгон ашиглаж оролцдог. Мал эмнэлгийн байгууллага гэдэг малчны хотноос зочны ширээ рүү хүртэлх хүнсний аюулгүй байдалтай холбоотой бүх асуудлыг хариуцан ажилладаг томоохон бүтэцтэй, чухал салбар. Тиймээс улс төрийн оролцоо аль болох бага, тогтвортой байвал цаашид хөгжихэд илүү үр дүнтэй болно.

Таны араас OIE-д монголчууд ажиллах боломж хэр байгаа бол?

-Мал эмнэлгийн салбарын бодлого тодорхойлогч, дэлхийн түвшний байгууллагад олон монгол хүн ажиллаасай гэж хүсдэг. Тэр утгаараа аль болох гүүр болж ажиллана. Даяаршиж байгаа энэ дэлхийд хэнд ч аль ч түвшинд ажиллах боломж нээлттэй байгаа гэж ойлгодог. Хамгийн гол нь бид тэр түвшинд ажиллаж чадахуйц мэдлэг, чадвараар өөрсдийгөө хөгжүүлж өөрөөр хэлбэл хэзээд бэлэн л байх хэрэгтэй.

Ц.ӨРНӨХ

Categories
мэдээ нийгэм

ИНЕГ-ын дарга асан С.Батмөнхийг суллажээ

Иргэний нисэхийн ерөнхий газар /ИНЕГ/-ын даргаар ажиллаж байсан С.Батмөнх нарын хэргийг шүүх хурал Улсын дээд шүүхэд энэ сарын 18-нд болж тэдэнд оноосон ялыг хөнгөрүүлж, суллажээ. ИНЕГ-ын дарга асан С.Батмөнхөд оноосон 6.6 жилийн ялыг хөнгөрүүлж 14 сая төгрөгөөр торгох шийдвэр гаргасан байна. Мөн ИНЕГ-ын Агаарын тээврийн бодлого зохицуулалтын ерөнхий менежер, газрын дарга асан Д.Эрдэнэбат, “Электрон системс” компанийн дарга М.Батболд нарт оноосон ялыг мөн 14 сая төгрөгөөр торгох ял болгон өөрчилсөн байна. Түүнчлэн Санхүү, эдийн засгийн ерөнхий менежер асан Г.Наранцэцэгийн хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Мөн шүүгдэгчдээс улсад учруулсан хохирол болох тэрбум 62 сая төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Өөх тостой хоол, архи нойр булчирхайн цочмог үрэвсэлд хүргэдэг

Шастины нэрэмжит улсын гуравдугаар төв эмнэлэгийн ерөнхий мэс заслын эмч Д.Эрдэнэболдоос нойр булчирхайн цочмог үрэвслийн тухай тодрууллаа.

-Монголын уламжлалт баяр цагаан сартайхолбогдууланнойр булчирхайн цочмог үрэвслийн талаар ард түмэндээ зөвлөмж хүргэж байна. Нойрбулчирхайн цочмог үрэвслийн шалтгаанд манай улсад хийгдсэн судалгаагаар архи, цөсний чулууөвчин, өөх тостой хоолны хэрэглээ эхний гурван байрт орж байгаа.Иймээс ард иргэд маань цагаан сарынхаа баярын үеэр өөх тостой хоолыг тохируулж хэрэглэх архийг зөв зохистой хэрэглэх шаардлагатай. Нойр булчирхайн цочмог үрэвслийн үед эмийн эмчилгээнд үр дүн өгөхгүй бол мэс заслын эмчилгээ хийдэг. Ноцтой хүндрэл өгдөг аюултай өвчин тул аль болох энэ өвчнөөр өвдөхгүй байх өвдсөн тохиолдолд эрт эмчид хандаж эмчлүүлэх шаардлагатай.

-Нойр булчирхайн эхний шинж тэмдэг яаж илэрдэг вэ?

-Нойр булчирхайн хурц үрэвслээр өвдсөн хүн аюулхайд болон зүүн, баруун сүврэгдсний нум дагуу хүчтэй хатгаж өвддөг. Өвдөлт бүсэлхий рүүгээ баруун зүүн тийшээ дамждаг.Үгүй бол бөөлждөг. Өвдөлтөөсөө болж, хүйтэн хөлс гарч, царай цонхийдог. Дээрх зовиуруудилэрвэл өрхийн эмчид болон 103-ын эмчид хандах хэрэгтэй. Тэр эмч нар анхны үзлэг хийгээд дүүргийн эмнэлэгт эсвэлгурав дахь шатлалын эмнэлэгт хандаж, оношлогоо эмчилгээний тусламж авах эсэхийг шийднэ.

Categories
мэдээ нийгэм

Шинийн нэгнээс эхлээд 15 хоног Их Ерөөл хурдаг

Зүүн хүрээ Дашчойлин хийдийн тамгын лам Ц.Алтанхүү

-Битүүний шөнө хурал номын газар Цэдэр Лхамаа тахиж, Лхам сахиус замбуулин болон бусад тивийг тойрдог гэсэн домог, уламжлалын дагуу Лхам бурханаа тахьдаг. Энэ хуралд сүсэгтэн олон ихээр ирж, мөргөдөг. Лхам сахиус битүүний орой замбуутивд залран ирж гай түйтгэр, өвчин зовлонг амирлуулж, сайн сайхныг дэлгэрүүлдэг гэдэг. Цаадутгаараа хүний гурван муу сэтгэл уур, шунал, мунхагийн сэтгэлийг амирлуулахад тустай заларч ирдэг гэж үздэг юм.Тийм учраас сүм хийдүүд битүүний шөнө Лхам тахьдаг. Шинийн нэгний өглөө лам нар золгоод, Шинийн нэгнээс эхлээд их ерөөл хурдаг. Уламжлалт сар шинийн баяртай маань давхацаад Бурхан багшийн рид хувилгаан үзүүлсэн 15 хоног таардаг. Шинийннэгнээс 15 –нийг хүртэл 15 өдөр үргэлжилдэг учраас билэг дэмбэрэлийг бодож Их ерөөл хурдаг. Сүсэгтэнолон ирж, ном хуруулж, эргэл мөргөл хийж,суварга бурхан шүтээн гороолж, буяныг ихээр хураадаг. Шинэ он гарч байгаа учраас зурхайн ёсоор нар сар од гаригсын ерөөлөөр хүний махбодид гардаг нөлөөллийг бодож,засал номоо хийлгэж, тухайн жилийнхээ хийморь сүлд, ажил үйлсийг даатгаж хурал ном хуруулдаг юм.Бурхан багшийн их рид хувилгаан үзүүлсэн 15 хоногийн хооронд ерөөл хурдаг. Энэ ерөөлийг Түвдэд хурдаг. Бас Монголд анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын дэглэсэн ёсоор ерөөл хурж, 15 дэлгэр их хурал хурдаг юм.

-Цагаан сарын үеэр ямар зан үйл гүйцэтгэх вэ. Цагаан сарын үеэр цээрлэх ёстой юм юу байдаг вэ?

-Цагаан сар, шинэ он гарна гэдэг дандаа билэгдлийн шинж чанартай. Хүн болгон сайн сайхныг билгэдэх тухайн жилдээ өвчин зовлон гай түйтгэр байсан бол хуучин жилдээ үлдээгээд, шинэ ондоо эрүүл энхидээ ундаанаар элбэг, өнгө зүс төгөлдөр байхыг билгэдэж бүх юмаа бэлтгэдэг монголчуудын сайхан ёс заншил бий. Үүн дээр мөн бие, хэл, сэтгэлээр хийдэгмуу үйлийг тэвчиж,хараал хэлэх, муу санах зэргийг тэвчээд, шинэ ондоо бие хэл сэтгэлээ гадаадүзэмж, гэр орон хотол чуулганаараа сайхан байхыг билгэддэг. Бүгдээрээ гэр орноо цэвэрлэдэг, хот хүрээгээ цэвэрлэж байна. Дээл хувцсаа бэлтгэж байна. Үүний зэрэгцээ дотоод сэтгэлээбэлтгэж, хэн нэгнийг гомдоосон бол шинийннэгний өглөө гар зөрүүлж золгоод, бүгдээрээ сайхан мэндчилж золгодог. Шинэ ондоо хэл ам хэрүүл тэмцэлгүй, атаа чөтөөгүй муу ширүүн үг хэлэхгүй. Энэ утгаараа цагаан сард хүмүүс бэлтгэхдээ дотоод болон гадаад бэлтгэл хангадаг уламжлал тогтсон байгаа. Үүнийгээ хичээж явах нь чухал.

-Шинэ он гараад засал номоо хийлгэж эхэлдэг байх аа?

-Шинийн нэгний өглөө 7-9 цагийн хооронд хурал хураагаад, үдээс хойш 16-19 цагийн хооронд ерөөл хурна. Шинийн 2-ноос жигдрээд ерөөлөө хураад явчихна. Энэ үеэр сүсэгтэнүүд хурал ном айлтгуулах эргэл мөргөл хийх, ном гүрэм хийлгэх нь урьдын адил хийгдээд явна. Шинэ он гарч байгаа учраас тухайн жилийнхээ заслыг хийлгэдэг уламжлалбайдаг. Үүнийхээ дагуухийд дээр ирээд хурал номоо айлтгуулаад, янз бүрийн жил сар, суудал мэнгэ, бусад заслуудыг лам нараархийлгээд явдаг уламжлал бий. Ер нь заслыг зөвхөн цагаан сараар хийдэг юм биш. Өдөр бүр хүмүүс тийм юм болж байна, ийм юм болж байна гээд заслаа хийлгээд явж л байна. Шинийн нэгний өглөө хүмүүс уул овоонд гарч, хийморь сүлдээ сэргээхдээ өргөл тахилаа цацал халбагаар өргөөд, бууж ирэхдээ өөрийн тарьсан хогоо сав, цаасаа аваад буух учиртай. Хийморь сүлдээ мандуулж байгаа мөртлөө тухайн уул овоондоо хүндэтгэлтэй биш хандах нь байдаг. Бурхны номонд шалтгааныг гаднаас битгий хай. Шалтгаан өөрт байдаг гэдэг. Хогийн сав байсангүй гэх шалтгаанаар хогооуул овоон дээрээ орхиж болохгүй ээ.