Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

З.Энхболд: Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр Монгол, Японы харилцааны шинэ үеийг эхлүүлж байна

УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр /2015.02.24/ Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэтай Ерөнхий сайдын өргөөнд уулзалт хийлээ.

Уулзалтын эхэнд Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ “Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд таныг Япон Улсад айлчлал хийж буйд баяртай байна. Монгол, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 43 жилийн ойн тэмдэглэлт өдөр өнөөдөр тохиож байна. Таны энэ удаагийн айлчлал хоёр орны улс төр, эдийн засгийн хамтын ажиллагаанд маш чухал айлчлал болж байна” хэмээн хэллээ.

УИХ-ын дарга З.Энхболд Япон Улсын Ерөнхий сайдад хандан “Эрхэмсэг ноён Ш.Абэ Та биднийг элэгсэг дотно хүлээн авч байгаад талархал илэрхийлье. Японы ард түмэн, Засгийн газар Монголын ардчилал, шинэчлэлийг эхнээс нь тууштай дэмжин тусалж ирснийг Монголын ард түмэн, төр, засаг өндөр үнэлж, чин сэтгэлээсээ талархаж хүндэтгэж байдгийг илэрхийлье. Ерөнхий сайд Ш.Абэ Таны дэвшүүлсэн “Эрч”, “Эрч нэмэх” санаачлагуудын гүйцэтгэх үүрэг, ач холбогдол өндөр гэж үнэлдэг. Энэ нь Монгол, Японы эдийн засгийн хамтын ажиллагаанд чухал нөлөөтэй. Хоёр улсын Ерөнхий сайд нарын гарын үсэг зурсан Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг Монгол Улсын Их Хурал соёрхон баталсан. Танай улсын парламент ч ойрын хугацаанд батална гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Уулзалтын үеэр Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ хэлэхдээ, Японы хөрөнгө оруулагчид Монголд хөрөнгө оруулах сонирхолтой байдаг. Иймд Монгол Улсын Их Хурлын дарга та хөрөнгө оруулалтын орчныг бүрдүүлэхэд анхаарч ажиллана гэдэгт итгэж байна. Мөн Таны хэлсэнчлэн хоёр улсын хооронд байгуулж буй Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг Монгол Улсын Их Хурал соёрхон баталсанд бидний зүгээс талархал илэрхийлье. Манай улсын парламент ч бас ойрын үед батлахын төлөө ажиллах болно. Монгол, Япон улсуудын хоорондын өндөр дээд хэмжээний уулзалтуудын давтамж ойртож буй нь бидний харилцаа, хамтын ажиллагаа маш ойр байдгийн баталгаа юм. Түүнчлэн Японы мэргэжлийн сумогийн их аварга Хакухо өндөр амжилт тогтоолоо. Цаашид энэхүү амжилтаа улам бататгана гэдэгт итгэлтэй байна гэв.

УИХ-ын дарга З.Энхболд Монголын зүүн бүсийн төмөр замын төсөлд оролцох хүсэлтэй Японы компаниудад дэмжлэг үзүүлэхийг хүсээд Ниппон стиль компани нь рельс төмрийг нийлүүлэхэд бэлэн болохоо бидэнд илэрхийлсэн байгаа. Дэлхийн түүхий ноолуурын 40 хувийг Монголд үйлдвэрлэж байна. Зөвхөн 10 хувийг боловсруулж байгаа тул цаашид Япон улстай хамтран танай улсын технологийг нэвтрүүлж, үйлдвэрлэж буй бүх ноолуурыг боловсруулан зах зээлд нийлүүлэх хүсэлтэй байдгаа уулзалтын үеэр онцлов.

УИХ-ын дарга З.Энхболдын Японы Ерөнхий сайд Ш.Абэтэй хийсэн уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Японы парламентын бүлгийн гишүүн Н.Батцэрэг, Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Японы парламентын бүлгийн дэд дарга Сундуйн Батболд, Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Японы парламентын бүлгийн дарга Д.Ганхуяг, Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Японы парламентын бүлгийн гишүүн Ж.Батзандан, Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Хүрэлбаатар, Улсын Их Хурлын даргын зөвлөх А.Гансүх болон албаны бусад хүмүүс байлцав хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

Хуульзүйн хүрээлэнгийн шинэ захирал Э.Батбаяр ажлаа хүлээж авлаа

Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн шинэ захирал өнөөдөр ажлаа хүлээн авлаа. Монгол Улсын Хууль зүйн сайд Д.Дорлигжавын тушаалаар хууль зүйн ухааны доктор, дэд профессор Энхээгийн Батбаярыг тус албан тушаалд томилж, тамга тэмдгийг гардуулан өгөв. Э.Батбаяр нь 1990-1992 онд ЗХУ-ын Курган хотын Металлургийн сургууль, 1995-1999 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч бакалаврын зэрэг, 1999-2000 онд МУИС-ийн хууль зүйн ухааны магистрын зэрэг тус тус хамгаалжээ. Мөн 2002-2005 онд ОХУ-ын Краснодар хотын Кубаний Улсын их сургуульд хууль зүйн ухааны докторын (Ph.D) зэрэг хамгаалсан байна.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын дарга З.Энхболдод Япон Улсын парламентын Зөвлөхүүдийн танхим дахь Япон-Монголын найрамдлын бүлгийн дарга С.Эда бараалхав

УИХ-ын дарга З.Энхболдод өнөөдөр /2015.02.24/ Япон Улсын парламентын Зөвлөхүүдийн танхим дахь Япон-Монголын найрамдлын бүлгийн дарга С.Эда бараалхав.

Уулзалтын эхэнд УИХ-ын дарга З.Энхболд Монгол, Японы бүх талын харилцаа, хамтын ажиллагааг урагшлуулан хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулж буй парламентын Төлөөлөгчдийн танхимын Япон, Монголын бүлгийн гишүүдтэй уулзаж буйдаа баяртай байгаагаа илэрхийллээ.

Япон-Монголын найрамдлын бүлгийн дарга С.Эда хариу талархал илэрхийлээд, өнгөрсөн оны наймдугаар сард УИХ-ын даргатай уулзах боломж тохиож байсан бөгөөд өнөөдөр хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 43 жилийн ойн өдөр дахин уулзаж буйдаа баяртай байна. Сүүлийн жилүүдэд Япон Монголын харилцаа үсрэнгүй хөгжсөөр ирсэн. Саяхан Ерөнхий сайд Ч.Сайханбилэг айлчлал хийсэн, мөн эрхэм УИХ-ын дарга Та албан ёсны айлчлал хийж буй нь парламент хоорондын харилцаа өндөр түвшинд гарсныг илтгэж байна. Япон, Монгол хоёр орон стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх зорилготой байгаа. Японы парламентын Төлөөлөгчдийн танхим болон Зөвлөхүүдийн танхимын зүгээс Япон, Монголын харилцааг үсрэнгүй хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах болно. Монгол-Японы найрамдлын бүлэгт Монгол Улсын Их Хурлын 54 гишүүн ордогт талархалтай байдаг хэмээн онцоллоо.

УИХ-ын дарга З.Энхболд уулзалтын үеэр хэлэхдээ, Монгол, Японы парламентын харилцааг хөгжүүлэхэд Зөвлөхүүдийн танхимын гишүүд ихээхэн хувь нэмэр оруулж байгааг онцлон тэмдэглэлээ. Мөн хоёр орны парламентын уламжлалт хэлхээ холбоог бэхжүүлж буйд талархалж байна. Саяхан хоёр орны Ерөнхий сайд нарын гарын үсэг зурсан Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр /EPA/-ийг Монгол Улсын Их Хурал богино хугацаанд соёрхон баталлаа. Энэхүү хэлэлцээрийг Япон Улсын парламентаар батлуулахад Та бүхэн дэмжинэ гэдэгт итгэж байна. Өнгөрсөн зун Улаанбаатарт гарсан “Тэнгэр, нар, түншлэл” каллиграфын хамтарсан үзэсгэлэнг Токиод гаргах гэж байгаад баяртай байна. Энэхүү үзэсгэлэнгийн нээлтэд Монгол-Японы парламентын найрамдлын бүлгийн дарга Д.Ганхуяг болон тус бүлгийн дэд дарга Сундуйн Батболд нар оролцоно гэдгийг мэдэгдэв.

УИХ-ын дарга З.Энхболдод Япон Улсын парламентын Зөвлөхүүдийн танхим дахь Япон-Монголын найрамдлын бүлгийн дарга С.Эда бараалхах үеэр, Япон Улсын Либерал Ардчилсан намын гишүүн, парламентын гишүүн Иваки, Ардчилсан намын гишүүн, парламентын гишүүн Нишимура, Японыг Эрчимжүүлэх намын гишүүн, парламентын гишүүн Яамада болон бусад Зөвлөхүүдийн танхимын гишүүд УИХ-ын даргын айлчлалд амжилт хүсч, Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр /EPA/-ийг хоёр улс байгуулж буйд сэтгэл өндөр байгаагаа илэрхийлж, Японы Улсын парламентын Зөвлөхүүдийн танхимын гишүүд уг хэлэлцээрийг дэмжиж буйгаа дуулгалаа.

Мөн уулзалтын үеэр УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Японы парламентын бүлгийн гишүүн Н.Батцэрэг, Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Японы парламентын бүлгийн дэд дарга Су.Батболд, Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Японы парламентын бүлгийн дарга Д.Ганхуяг, Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Японы парламентын бүлгийн гишүүн Ж.Батзандан нар парламент хоорондын харилцааны талаар өөрсдийн байр сууриа илэрхийлэв.

Уулзалтын төгсгөлд УИХ-ын дарга З.Энхболд, хоёр талын хүчин чармайлтын дүнд сүүлийн жилүүдэд Монгол, Японы улс төрийн харилцаанд итгэлцэл бэхжиж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун буйгаа тэмдэглэж, цаашид хоёр орны парламент, түүний гишүүд хоорондын харилцан солилцоог улам идэвхжүүлэх, түүнчлэн улс төр, эдийн засаг, соёл, боловсролын харилцааг Стратегийн түншлэлийн зарчмын дагуу улам гүнзгийрүүлэн хөгжүүлэх хэрэгтэйг онцлон тэмдэглэлээ.

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдод Япон Улсын парламентын Зөвлөхүүдийн танхим дахь Япон-Монголын найрамдлын бүлгийн дарга С.Эда бараалхах үеэр Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Японы парламентын бүлгийн гишүүн Н.Батцэрэг, Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Японы парламентын бүлгийн дэд дарга Су.Батболд, Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Японы парламентын бүлгийн дарга Д.Ганхуяг, Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Японы парламентын бүлгийн гишүүн Ж.Батзандан, Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Хүрэлбаатар, Улсын Их Хурлын даргын зөвлөх А.Гансүх болон албаны бусад хүмүүс байлцав хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Долоо хоногийн турш тогтмол цагт суулт зарлахаар шийджээ

Өнөөдөр Чингисийн талбайд хэдэн залуус сайн дурын суулт хийсэн юм. Тэд сайн дурын суултаа долоо хоног үргэлжлүүлэх аж. Ингэхдээ өдөр бүр 11.30-14.00 цаг хүртэл суух юм байна.

Тэд “Үзэл бодлоо илэрхийлэхийн тулд суулт хийж байна. Монгол Улс маань бидэнд хэрэгтэй байна. Ард иргэд залуучууд минь ухаараад Монголоо авч үлдэцгээе. Сүүлийн үед газар нутаг минь сүйдэж дуусч байна. Би хойч үедээ энд Монгол Улс байсан гэж яримааргүй байна. Би хойч үедээ овоолсон шороо биш ариун нандин газар нутгаа үлдээмээр байна. Бас төрийн албан хаагч болон төрийн том албан тушаалтай хүмүүст хандан идэж уухаа болиоч ээ хэмээн хэлмээр байна” гэв.

Categories
мэдээ улс-төр

Зөвлөлдөх ардчилал сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэв

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлийн урилгаар Улаанбаатар хотноо хүрэлцэн ирээд байгаа АНУ-ын Стэнфордын Их сургуулийн Улс төрийн шинжлэх ухааны профессор, Стэнфордын Зөвлөлдөх Ардчилал Төвийн захирал Жэймс С.Фишкин өнөөдөр “Зөвлөлдөх ардчилал” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэгт оролцож илтгэл тавилаа.

Зөвлөлдөх ардчиллын үнэ цэнэ нь аливаа бодлогод олон нийтийн санаа бодол тусч, зөв шийдэл гардагт оршдог. Нөгөө талдаа иргэдийг зөв мэдээлэл, мэдлэгээр цэнэглэхэд зөвлөлдөх ардчиллын үнэ цэнэ оршдог байна.

Ийм үр дүнтэй аргыг хэрэглэхийн тулд улс орнууд иргэдийнхээ дунд Зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулдаг аж. Санал асуулгад санамсаргүй сонгон авсан иргэдийн төлөөллийг түлхүү оролцуулахад чиглэх ёстой. Үүний дараа санал асуулга явуулахаас өмнө тухайн оролцогчдод хэлэлцэгдэж байгаа асуудлаар тэнцвэртэй мэдээлэл өгдөг. Үүний дараа оролцогчдын саналыг асуулгын хуудсаар авснаар санал асуулгын үйл ажиллагаа дуусдаг аж. Улмаар үр дүнг нь нэгтгэн анализ хийж, хэвлэл мэдээллээр мэдээлдэг байна.

Ийм аргыг БНХАУ-ын Макаогийн тусгай бүс, Бразилын Рио Гранд до Сул муж, Италийн Лазио муж, Япон зэрэг хэд, хэдэн орон амжилттай хэрэгжүүлж бодлого боловсруулагчдад асуудлаа хүргэн шийдүүлж байжээ.

Тухайлбал, Япон улсад 2011 оны тавдугаар сард хэсэг иргэд тэтгэврийн тогтолцооны цаашдын асуудлаар зөвлөлдөх санал асуулгад оролцож, хэрэглээний татварыг нэмэгдүүлэхийг дэмжсэн байна. Энэ нь цаад талдаа тэтгэврийнхний эрх ашгийг хамгаалахад чиглэжээ. Үүнтэй холбоотойгоор 2012 оны зургадугаар сард Японы парламентын доод танхим хэрэглээний татварыг нэмэгдүүлэх хуулийг баталж, дээд танхимдаа өргөн мэдүүлсэн байна.

Мөн АНУ-ын Калифорни мужид улстөрийн хоёр нам хамтран шинжлэх ухааны 30 асуудлаар иргэдээс санал асуулга авчээ. Санал асуулгын дүнд хамгийн их дэмжлэг авсан зургаан асуудлыг төрийн байгууллагын ажлын гүйцэтгэл ба хариуцлагын тухай хуульд 2012 оны арваннэгдүгээр сард тусгаж байжээ.

Нээлттэй хэлэлцүүлэгт оролцсон Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл энэхүү аргыг нийслэлд хэрэгжүүлнэ гэдгээ онцолсон юм. Энэ тухай тэрээр “Төр захиргааны үүрэг бол иргэддээ үйлчлэх. Дэлгүүр худалдан авагчийн эрэлтийг хангах бараа зарахгүй бол дампуурах аюултай. Тийм учраас дэлгүүрээ нээхийн өмнө маркетингийн судалгаа хийдэг. Хотын захиргаа ч бас иргэддээ үйлчлэхийн тулд ямар бараа гүйлгээтэй байх вэ гэдгийг мэдэж байх нь чухал. Өөрт нь үйлчилж чадахгүй байгаа төр захиргааны байгууллагад иргэд сэтгэл ханамжгүй байдаг. Түүнийг дагаад нийгмийн тогтворгүй байдал үүсч, ардчилал ч цохилтод орох аюултай. Өөрөөр хэлбэл, дэлгүүрийн эзэнд арга байна, төр захиргааныханд харин арга олдохгүй байна. Иргэдийнхээ санал бодлыг бодлогод тусгахын тулд янз бүрийн арга санаачилж байгаа ч алдаж онож буй юм их бий. Энэ аргыг хэрэгжүүлбэл татвар төлөгчдийн мөнгийг үр ашигтай хөтөлбөрт зарцуулахад тустай болно. Хоёрдугаарт, иргэд мэдлэг, мэдээлэлгүйгэээсээ болж, популистад автаж байна.

Амь орж өгөхгүй байгаа төлөөллийн ардчиллыг амь оруулахад энэ арга нь сайн донор болно” гэсэн юм.

Дашрамд дурдахад, ноён Жэймс С.Фишкин нь Ардчилал болон Нийтийн төлөөлөл, Шударга ёсын хэлэлцүүлэг, Иргэдийн дуу хоолой зэрэг номуудыг туурвиж, Deliberative Polling буюу Зөвлөлдөх ардчилал /Нийтийн төлөөлөллийн/ санал хураалтыг үүсгэн байгуулсан. АНУ, ИБУИНВУ, Австрали, Дани, Болгар, БНХАУ, Грек зэрэг орнуудад нийтийн төлөөллийн санал хураалтыг 40 гаруй удаа амжилттай хэрэгжүүлсэн нэгэн юм байна.

Хэлэлцүүлгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэргэдэх Иргэний танхимд зохион байгуулж, нийслэлийн иргэдийн төлөөлөл мөн оролцлоо.

Тэд зөвлөлдөх санал асуулгатай холбоотой асуудлаар ноён Жэймс С.Фишкинээс сонирхсон асуултдаа хариулт авлаа.

Categories
мэдээ нийгэм

Иргэд газрын баталжуулалтын хугацааг сунгахыг хүсч байна

Цахим системээр бүртгүүлж, газар өмчилж авахаар сонгогдсон иргэд энэ сарын 26-ны дотор газраа баталжуулах ёстой. Энэ ажил хоёрдугаар сарын 11-ний өдрөөс эхэлсэн ч цагаан сарын баяр таарсан учир иргэд сар шинийн дараагаас харьяа дүүрэгтээ хандан дараалал үүсгэх болжээ. Хоёр дахь удаагийн газар өмчлөлөөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Их цуурай, Бага цуурайн ам, Сонгинохайрхан дүүргийн Эмээлт уулын баруун хоолойн, Багануур дүүргийн Тариан булаг, Багахангай дүүргийн хоёрдугаар хороо Хангайн хөндий зэрэг байршилд иргэд газраа баталгаажуулж байна.

Баянзүрх дүүрэгт газар өмчлөхөөр сонгогдсон иргэд Баянзүрх дүүргийн өмч газрын харилцааны албанд, Сонгинохайрхан дүүрэгт сонгогдсон иргэд Орчлон хорооллын урд 27 дугаар хорооны байранд, Багануур, Багахангай дүүрэгт сонгогдсон Улаанбаатар хотод оршин суудаг иргэд Хан-Уул дүүргийн соёлын төв ордонд очиж өргөдлөө баталгаажуулах ёстой. Цахим бүртгэлд хамрагдан газар өмчлөхөөр сонгогдсон иргэд үлдэж буй хоёр хоногт амжиж бүртгүүлэхээргүй байгааг харгалзан өмчлөх газрыг баталгаажуулах хугацааг сунгаж өгөхийг хүсч байв.

Categories
мэдээ нийгэм

Ерөнхий прокурор М.Энх-Амгалан нэгжүүдийн үйл ажиллагаатай танилцаж байна

Монгол Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан Нийслэл, дүүргүүдийн прокурорын газруудын үйл ажиллагаатай танилцаж байна.
Энэ ажлын хүрээнд тэрээр он дамжин удааширсан, ээдрээ төвөгтэй, олны анхаарал татсан эрүүгийн зарим хэргүүдийн шиийдвэрлэлтийн явцтай давхар танилцах аж.
Түүнийг дагалдан Улсын Ерөнхий прокурорын туслах, Тамгын газрын дарга Б.Үнэнбат ажиллаж байгаа гэнэ.

Categories
мэдээ нийгэм

Төрөх эмнэлгүүдийн нэршлийг өөрчилжээ

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас төрөх эмнэлгүүдийн нэршлийг өөрчилсөн байна. Тодруулбал, Нэгдүгээр амаржих газрыг Нийслэлийн Өргөө амаржих газар, хоёрдугаар төрөх эмнэлгийг Нийслэлийн Хүрээ амаржих газар, гуравдугаар амаржих газрыг Нийслэлийн Амгалан амаржих газар хэмээн нэрлэж эхэлсэн байна.

Мөн дүүргүүдийн Эрүүл мэндийн нэгдлийг Эрүүл мэндийн төв болгон нэршлийг нь өөрчилжээ.

Categories
мэдээ цаг-үе

С.Дэмбэрэл: Хөрөнгө оруулалтыг татъя гэвэл хүний эрхийг зөрчсөн, халдашгүй байдал, дансны нууцад халдсан олон заалтыг арилгах ёстой

УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлтэй ярилцлаа.

-Цагаан сар болж, чуулган завсарлалаа. Төрийн ордон эзэнгүй шахам байна. Таны хувьд өнгөрсөн чуулганд ямар дүн тавьж энэ завсарлагаар ажлын ямар төлөвлөгөөгаргав?

-Их хурал завсарлахад тойрогтой гишүүд нь тойрог руугаа явсан байх. Харин Монгол Улс гэх нэг тойргоос гарсан гишүүд нь үлдээд ажлаа хийж байгаа. Төлөвлөгөөт ажил гэвэл гурван байнгын хороонд харьяалагддагийн дагуу аймгуудаар явж хууль сурталчилна. Мэдээж хажуугаар нь хуулиуд дээр ажиллана. Сая хаврын чуулганаар батлах хуулийн жагсаалтыг гаргасан. Намрын чуулганы төгсгөлд нэлээд олон чухал хуулийг баталсан ч гэлээ эдийн засгийн холбогдолтой хуулиуд хэлэлцүүлгийн шатанд байна. Хамгийн гол нь 2015 он гарлаа, согтууруулагч хэмээх хонин жил орлоо. Энэ жилийн өнгө ямар байх юм бэ гэдэг нь сонин байгаа. Зурхай уншихад өнөө жилийг өнтэй сайхан байна гээд бичдэгээрээ бичиж. Эдийн засгийн талаас нь харвал хүндрэлтэй байгаа учраас үүнийг даван туулах тогтоолын төслийг УИХ-аар баталсан. Одоо яг ямар төлөвлөгөө гаргаж хөтөлбөр хэрэгжүүлэх вэ гэдгээ ярих ёстой. Тиймээс Засгийн газарт хүргүүлэх санал боловсруулаад сууж байна.

-Энэ хүндрэлтэй цаг үеийг ямар замаар даван туулах ёстой гэж та үзэж байгаа юм?

-Миний санал гэвэл хамгийн эхэнд Татварын ерөнхий хууль болон холбогдох бусад хуулиа авч хэлэлцээч гэж байгаа. Ингэснээр татвар төлөгч ба төрийн хооронд тэгш байдал үүснэ гэж үзсэн. Өнөөдөр татвар төлөгчийн үүрэг нь хэт их, эрх нь тун бага хувьтай байгаа дутагдал арилах ёстой.

Татварын маргаан шийдвэрлэхэд ёс төдий ханддагаа болих хэрэгтэй. Татварын маргааныг эрүүгийн хэрэг болгож явдаггүй байх эрх зүйн орчин үүсэх ёстой. Өөрөөр хэлбэл Татварын хуулийн 74.1, 74.2 гэх мэтээр олон заалт асуудлыг эрүүгийн хэрэг болгочих гээд байдаг. Эс бөгөөс дурын байцаагч данс хааж байна шүү дээ. Тиймээс хаврын чуулганаар Гэмт хэрэг ба зөрчлийн тухай хуулиудыг батлах ёстой. Дараа нь аж ахуйн орлогын, хүн амын албан, НӨАТ-ын тухай хуулиудад хувь хэмжээний тухай асуудлыг хөндөх ёстой. Эдийн засгийн хүндрэлтэй энэ үед татварын хувь хэмжээг нэмж биш бууруулах бодлогыг зоригтой хийх ёстой.

-Ер нь дэлхийн жишигт нийцсэн бодлого явуулж чадаж байгаа юм уу. Энэ тал дээр ямар санал нэмэрлэх вэ?

-Ер нь өнгөрсөн 20 жил Монгол Улсын эдийн засаг мөчлөг дагасан шинж чанартай явж ирсэн.

Харин 2000 оноос хойш хөгжиж буй орнуудын сангийн бодлогод өөрчлөлт гарсан. Энэ нь мөчлөг сөрсөн бодлого. Монгол Улсын хувьд мөчлөг сөрсөн бодлогод бүрэн шилжиж чадахгүй байна. Тиймээс энэ онд мөчлөг сөрсөн бодлогыг тууштай хэрэгжүүлэх шаардлагатай. Өрийн хуулийг баталлаа. Баталчихаад зүгээр орхиж болохгүй. Тиймээс өрийн тогтвортой байдлын анализыг хийх ёстой. Өр ба ДНБ, өр ба гадаад валют, өр ба экспорт өр ба төсвийн орлого ч гэдэг юм уу 6-8 үзүүлэлт дотор улирал бүр анализ хийгээд төсвийнхөө үзүүлэлтийг сайжруулж байдаг практик руу орох хэрэгтэй байна. Дээр нь 2015 оны төсөвт тойргийн сонирхол нэлээд орсон. Тиймдээ ч төсөв оновчтой болж чадаагүй. Тэгэхээр төсвийн зарлага, санхүүжүүлэлт дээрээ ач холбогдол өгч анхаарах хэрэгтэй. Төсвийн тэргүүлчлэл гэж ярьдаг ойлголтыг тууштай хэрэгжүүлэх шаардлагатай. Одоо бас “Үнэ тогтворжуулах хөтөлбөрийг зогсоо” гэж яриад эхэлж. Зогсоож болно. Үнэ тогтворжуулах хөтөлбөрт олон алдаа дутагдал гарсан ч гэсэн гол ач холбогдол нь юу вэ гэдгийг бас харах ёстой. Бензин, гол нэрийн барааны үнийг тогтвортой барьж чадсан уу, чадсан. Үүний үр дүнд нийлүүлэлтийн гаралтай инфляц 32 хувийг эзэлдэг байсан бол 2010-2013 оны хугацаанд таван хувь болсон. Харин энэ байдал цаашид өсөх хандлагатай болчихсон байна. Тэгэхээр “үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийн оронд юу хийх вэ гэхээр Монголбанк Засгийн газар хоёр хамтран ажиллах ёстой. Мөн нийгмийн халамжийг яаж хүртээх вэ гэдэг асуудал бий. Засгийн газар сая хүн амыг амьжиргааных нь түвшингээр 20 хуваасан. Энэ шалгуур үзүүлэлтээ бариад нийгмийн хамгааллын арга хэмжээг зорилтот бүлэгт нь чиглүүлэх ажлыг няцалгүйгээр хийх ёстой. Сая Ч.Сайханбилэгийн Засгийн газар хүүхдийн мөнгийг хасах гэх мэтээр эвгүй сонсогдохуйц халамжийг яг зорилтот бүлэгт нь өгье гэсэн. Гэтэл АН, МАН-ынхан ард түмэнд таалагдахын тулд асуудлаас няцаж УИХ ухарч баталсан. Ийм байж болохгүй.

-Хөрөнгө оруулалтыг татах тухайд яаж ажилла гэж байгаа юм?

-Монгол Улсын нэр хүнд навсайтал унасан. Одоо Hotel Mongolia гэж нэрлэх боллоо. Зөвхөн гадаадын гэлтгүй дотоодын тэр олон компанийн эздийг оргон зайлж болзошгүй гэдгээр зорчих эрхийг нь хаасан. Монгол Улс зөвхөн Хөрөнгө оруулалтын хуулиа баталчихаар хүрээд ирэх бус хүний эрхийг энэ улс яаж хангадаг юм. Хуулийн засаглал яаж хэрэгждэг юм. Чөлөөтэй явах эрх нь хэр байдаг вэ гэдэг талаас нь хардаг учраас саяын муухай нэрийг дуулж байгаа юм. Тиймээс хөрөнгө оруулалтын идэвхжлийг сэргээхийн тулд Дэлхийн банкны бизнес эрхлэлтийн индекс, авлигын төсөөллийн индекс, хуулийн засаглалын индекс, эрх чөлөөний индекс гэх мэт үзүүлэлтүүд өнөөдөр ямар байгаа юм. Ирэх жилүүдэд ямар болох юм гэдгийг гаргаад ажиллах хэрэгтэй. Мөн донор орнуудын зөвлөгөөн гэж хийдэг байсан. Түүнийг сэргээж Монгол Улсын талаарх зөв төсөөллийг өгөхийн тулд эхний хагас жилдээ багтаан хийх ёстой байна. Тэрчлэн улс бүрт аялал жуулчлалын уриа үг гэж бий. “Итгэж үнэмшихийн аргагүй сайхан байгаль-Итгэл дааж чадах ард түмэн” гэсэн утгатай уриа гаргаад үүнийхээ дагуу 2015 оны аялал жуулчлалыг зохион байгуулах саналыг мөн Засгийн газарт хүргүүлж байгаа. Үүнээс гадна Элчин сайд нарын ажлыг эдийн засагжуулах хэрэгтэй. Нэг элчин сайд нэг экспорт, нэжгээд технологийг эх орондоо нэвтрүүлэх ажлыг дааж авдаг болно гэсэн үг. Ядаж хивс гэдэг бүтээгдэхүүнийг сонгож аваад Элчин сайдаар очсон орондоо нэвтрүүлэх ажлыг хий гэсэн даалгаврыг өгдөг болох хэрэгтэй. Дээрээс нь Гэмт хэргийн, Зөрчлийн, АТГ-ын, шүүх, Прокурор, цагдаагийн, Хүний эрхийн, иргэний, Банкны тухай хуулиудад өөрчлөлт оруулах шаардлагатай. Энд хүний эрхийг зөрчсөн, халдашгүй байдал болон, дансны нууцад халдсан олон заалт бий. Үнэхээр хөрөнгө оруулалтыг татъя, хуулийн засаглалыг бэхжүүлье гэж бодож байвал энэ бүх заалтуудыг арилгах хэрэгтэй. Зөвхөн уул уурхайн бүтээгдэхүүн гэлтгүй уул уурхайн бус экспортыг хөгжүүлэх, солонгоруулах хөтөлбөр зайлшгүй хэрэгтэй. Санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр орхигдсон байна. Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах үйлчилгээг нэвтрүүлэх шаардлага бас байна. Хөгжлийн банк сүүлдээ хогийн сав шиг болчихлоо. Энэ банкийг дампууруулахгүйн тулд иж бүрэн арга хэмжээ авч, өрийн тогтвортой байдлын дүн шинжилгээ хийдэг болох шаардлага бий. Ийм ажил хийвэл өнөө жилийн эдийн засгийн өнгө сайжирна гэж үзээд саналаа Засгийн газарт хэлж байгаа.

-Ер нь дэлхий ямар байгаа юм. Монгол л зөвхөн хямраад байна уу?

-Эдийн засгийн өсөлт өндөр түвшинд хүрч чадахгүй. Тэр сайхан цаг өнгөрсөн. Өөрөөр хэлбэл дэлхий даяар хөгжилтэй орнуудын эдийн засгийн өсөлт 2-3, хөгжиж буй орнуудынх 3-5 хувьтай байна. Хятадынх долоо орчим хувьтай, ОХУ-ынх их бага гарах байх. Инфляц нь 22 хувьд хүрсэн прогноз байна. Гадаад орчин тааруу байх энэ нөхцөлд Засгийн газар дээр хэлсэн санаануудыг шингээгээд тууштай ажиллавал 2015 оныг манайх гайгүй давчихна.

-Уул уурхайн түүхий эдийн үнэ хэрхэх тооцоолол гарч байна уу?

-Дэлхийн банк, Олон улсын валютын сан гээд байгууллагуудын судалгаа гарсан. Дэлхий дээр уул уурхайн түүхий эдийн уналт учир зүггүй доошоо уруудахгүй. Өнгөрсөн жилийн балансаа барина. Харин түүхий эдийн үнэ өснө гэсэн ойлголт байхгүй. Хатуурч байгаа санхүүгийн орчинд бонд гаргана гэдэг утгагүй болох учраас дундаас доош орлоготой ангилалд үлдэхийг хичээх ёстой.

-Уул уурхайн томоохон төслүүд Монголд ямар үр өгөөжтэй байх юм, 2015 онд?

-Эдийн засагт мөнгө хэрэгтэй л байна. Бид 20 жил өрийн удирдлагагүй явж байгаад сая өрийн удирдлагатай боллоо. Энэ нь зөв цагт нь зөв гараас зөв нөхцөлтэй зээл авах боломж гарч байна гэсэн үг. Одоо Таван толгой, Оюу толгойн хоёрдугаар ээлж, бусад обьектын ард хөрөнгө оруулалт, мөнгө босгох шаардлага гарна. Нэг хэсгийг нь концессийн хэлбэрээр барьж байгуулах, үйл ажиллагаа явуулах, шилжүүлэх гэсэн хэлбэрээр явна. Таван толгойд хөрөнгө оруулагчдыг урьчихсан. Төлбөрийн балансаа эерэг болгоё гэхэд 1.1 их наяд төгрөг хэрэгтэй байна. Тийм учраас хөрөнгө оруулалтын итгэлийг сэргээх гэх мэт арга хэмжээ төрийн бодлого байх ёстой.

-Битүүний өдөр ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт орууллаа. Урт нэртэй хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг баталлаа. Ингэснээр эдийн засагт өөрчлөлт мэдрэгдэх үү?

-Тодорхой бус байдалд байсан компаниуд хөдөлнө. Тэд маш өндөр хяналт дор олборлолт явуулна. Өөрөөр хэлбэл Эрдэс баялгийн талаар төрөөс баримтлах бодлогыг бид өмнө нь баталчихсан. Сая Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт орууллаа. Одоо Ашигт малтмалын салбарт ил тод байдлыг хангах тухай хууль нь ороод ирлээ. Мөн батлагдчихаад олон жил болсон, тэгсэн хэрнээ байгаль орчин нь муудаад байдаг, нинжа нар нь сүйтгээд байдаг Урт нэртэй хуулийг гацаанаас гаргалаа. Энэ бол эерэг, зөв алхам. Нийгэм үүнийг олон янзаар хүлээж авна. Гэхдээ л үүний үр дүн гарна.

-Ам.доллар 1970-1980 төгрөгт хүрлээ. Энэ хамгийн том асуудал биз?

-Валютын ханш гэдэг хүмүүсийн бодлоос, хүлээлтээс үүсдэг. Тэр дундаа психологийн сэтгэлзүйн түвшин гэж байдаг. Мянга, мянга 500 гэдэг ч юм уу дандаа тэгш тоотой. Манай улсын бүх тооцоолол мянга гэж өнөөдрийн байгаа бүх түвшнээр түүнээс ч доогуур хийгдсэн. Энэ нь хамгийн зөв. Ерөнхийдөө валютын ханшийн гол нөлөөлөл бол инфляцаар дамжиж ирдэг. Энэ нөлөөлөл манайд байсан. 2013 онд инфляцийн 11.5 хувийн өсөлтийн 30-35 хувь нь ам.долларын ханшийн нөлөөлөл байлаа. Өөрөөр хэлбэл валютын ханш байнгын хөдөлгөөнтэй байдаг. Энэ хөдөлгөөнтэй байгаа ханшийг инфляцийн хувьтайгаа харьцуулаад үзэхээр нэрлэсэн ханш биш бодит ханшийн хэмжээ гарна. Энэ ханш сулраад байвал Монголбанк, Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл арга хэмжээ авах ёстой. Миний бодлоор Монгол Улс 2015 онд валютын ханшийг удирдана. Нэг ёсондоо 2015 оны төсвийн санхүүжүүлэлтэд анхаарч мөчлөг сөрсөн төсөв байлгаж чадвал тодорхой хэмжээнд валютын ханшийг удирдах боломж бүрдэнэ.

-Өрийн тааз нэмэгдэнэ гээд зээл авч болохоо байсан тухайд. Зээл авалгүйгээр яаж эдийн засгаа сэргээх юм бол?

-Өрийн менежмент дотор хөнгөлөлттэй элемент гэсэн ойлголт бий. Тэр нь нийт өрийнх нь 30-35 хувьд хөнгөлөлттэй зээл байвал зохино. Аль болох арилжааны бус хөнгөлөлттэй зээл байвал улс оронд ашигтай. Урт хугацааны хүү багатай зээлийг л ихээр авах ёстой. Тэгэхээр миний яриад байгаа донор орнуудын түншлэлийн уулзалтыг энэ оны эхний хагас жилд хийх хэрэгтэй. Энд өрийн тухай, 2015-2016 оныхоо төлөв байдлыг ярьцгаая. Санхүүгийн хэрэгцээ, төлбөрийн балансаа ярихад бусад орнууд санхүүгийн болон технологийн тусламж үзүүлнэ. Монгол орон учир зүггүй муудчихаад үүнийг хийх гэж байгаа юм биш. Олон улсын жишиг ийм.

-Эцэст нь асуухад Эдийн засгийн түншлэлийн гэрээг Япон улстай байгууллаа. Харилцан хийж байгаа бүх наймаа татваргүй явагдах бололтой. Бусад үр дүн нь юу байх вэ?

-Түншлэлийн гэрээний гол зорилго бол эдийн засгийн утгаараа биш Монгол Улс Японы онцгойлон үздэг түншийн хувьд Монголд өгч байгаа улс төрийн бэлэг. Энэ нь Монголын эдийн засаг тэлэхэд Япон зах зээлээ нээж өгч байгаа хэрэг. Японоос бид өнөөдөр юу авдаг юм. Хэдхэн жилийн өмнөх Монголын машиныг харахад бүгд Солонгосын үйлдвэрийнх байдаг байлаа. Харин одоо Солонгосын машинууд ховордсон. Японоос дан ганц машин авалгүйгээр технологийг нь авна. Монголын зах зээлд шинэ элемент оруулж ирэх, ноу хау авах, Японы хөрөнгө оруулалтыг авах боломж нээгдэж байгаа юм. Бараа нь татваргүй орж ирнэ. Тодорхой бараан дээр тодорхой нөхцөлүүд заасан. Тиймдээ ч энэ түншлэлийн гэрээ Монголын эдийн засгийг солонгоруулах учиртай. Япончууд Монголын уул уурхайн баялгийг татваргүй авах хэрэг угаасаа байхгүй. Хамгийн гол нь Японы эдийн засгийн ололт, чанартай үйлчилгээ, сайн бүтээгдэхүүн энэ бүгдийг Монголын зах зээлд оруулж ирэх боломж нь манай талд илүү ашигтай. Үүнээс нь ядаж суралцах боломж гарна. Гэхдээ гэрээ байгуулагдсанаар манай бүтээгдэхүүн Япон руу урсана гэж ойлгож болохгүй. Яагаад гэвэл тэдний зах зээлийн шаардлага өндөр.

Л.МӨНХТӨР

Categories
мэдээ спорт

Эмэгтэй жүдочид гурван мөнгөн медаль хүртлээ

Жүдо бөхийн олимпийн эрхийн оноо олгох Европын цуврал тэмцээн Германы Дюсселдорф хотноо боллоо. Тэмцээнд нийт 83 орны 740 гаруй жүдочид оролцсон юм. Манай улсаас Дюсселдорф гранпри тэмцээнд дасгалжуулагч Х.Эрдэнэт-Од, Д.Баттулга нарын удирдлагатай эрэгтэй, эмэгтэй баг хүч үзсэн юм. Эрэгтэйчүүдийн 48 кг-ын жинд хүч үзсэн гавьяат тамирчин М.Уранцэцэг, 57 кг-д Д.Сумъяа, 63 кг-д Ц.Мөнхзаяа нар гурван мөнгөн медаль хүртлээ. Харин 100 кг-ын жинд барилдсан Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаяр 5, 73 кг-д Г.Одбаяр долдугаар байр эзэлэжээ.