Categories
мэдээ улс-төр

“Урт нэртэй” хуулийн журамд нэмэлт оруулах төслийг буцаав

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн ч ажлын хэсэгт буцаах санал гаргасан нь дэмжлэг хүлээв.

УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд “Дээрх журмын хуульд өөрчлөлт оруулах хүрээнд 200 метр дотор гол, мөрөн, ойн эхийг хөндөх ёсгүй гэсэн заалт оруулах ёстой” гэсэн байр суурь барьсан юм.

Энэ дагуу УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “Энэ хуулийн төсөлд асуудалтай зүйл их байна. Байгаль орчин талаасаа хуульд зөрчилдөх заалтууд бий. Ажлын хэсэг дахин томилж, хэлэлцүүлэх шаардлагатай” гэж байв.

Харин дээрх хуулийн төслийг боловсруулах үүрэг ажлын хэсгийг ахалж ажилласан УИХ-ын гишүүн Д.Арвин “Энэ хуулийн төсөл 2009 онд батлагдсанаасаа хойш уул уурхайн үйл ажиллагаа эрхэлдэг компаниудын ажлыг зогсоолоо. Урт нэртэй хууль таван жил хэвтээ байдалтай явж ирсэн. Одоо энэ хуульд өөрчлөлт оруулж, компаниудын үйл ажиллагааг явуулж, байгаль орчны нөхөн сэргээлтийг хийх хэрэгтэй байна шүү дээ” гэсэн ч хуулийн төслийг дахин ажлын хэсэгт буцаах санал олонхийн дэмжлэг хүлээсэн юм.

Үүний дараа байнгын хорооны хуралдаанаар тариаланчид, гурил үйлдвэрлэгчид, Хүнс хөдөө аж ахуйн яамны холбогдох албаны хүмүүсийг байлцуулан мэдээлэл сонслоо.

Categories
мэдээ улс-төр

Тэтгэврийн шинэчлэлийн асуудлаар хэлэлцүүлэг болов

Тэтгэврийн даатгалын шинэчлэлийн асуудлаарх уулзалт, хэлэлцүүлэг өнөөдөр Төрийн ордонд боллоо.

Тус хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны гишүүд болон УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, тус яамны газрын дарга нар, холбогдох мэргэжилтнүүд болон Дэлхийн банкны мэргэжилтнүүд оролцов.

Хэлэлцүүлгийг нээж, Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт хэлсэн үгэндээ, “Тэтгэвэр авагчдын 60 гаруй хувь нь тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр авч, ахмад настнуудын амьжиргааны түвшин буурах хандлагатай боллоо. Тэтгэвэр авагчдын 70-80 хувь нь тэтгэврийн зээлд хамрагдаж байна. Тэтгэврийн даатгалын сан орлогоороо зарлагаа нөхөх боломжгүй болсон, цаашид ахмад настны нийгэмд эзлэх хувь өсөх хандлагатай, дундаж наслалт нэмэгдэж байгаа зэрэг олон шалтгаанаас үүдэн тэтгэврийн даатгалын сан ачааллаа даахгүй болж, дорвитой шинэчлэл хийх эрэлт, хэрэгцээ, шаардлага бий болсныг харж болно” гэв. Мөн тэрээр тэтгэврийн тогтолцоог шинэчлэхдээ нэрийн дансны шинэчлэлийг эрчимжүүлэх, шимтгэлийн болон тэтгэврийн зохистой хувь хэмжээг тогтоох, тэтгэвэр бодох аргачлалыг сайжруулах, тэтгэврийн сангийн хөрөнгийг үр ашигтай зарцуулах, эдийн засгийн эргэлтэд оруулах, сангийн хөрөнгийг даатгуулагчдад нээлттэй, ил тод болгох, сайн дурын даатгалын ач холбогдлыг олон нийтэд сурталчлах зэрэг асуудлыг тусгах нь зүйтэй хэмээн үзэж байгаагаа илэрхийлсэн.

Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, “Засгийн газрын мөрийн хөтөлбөрт ниймгийн даатгалын хууль тогтоомжийг цогцоор нь шинэчилнэ, тэр дундаа тэтгэврийн даатгалын тогтолцоог шинэчлэхээр тусгагдсан. Хүн амын огцом өсөлтийн үеийнхэн тэтгэвэрт гарах үед тэтгэврийн даатгалын одоогийн тогтолцоо үүсэх нөхцөл байдлыг зохицуулах боломжгүй” хэмээн тодорхой тоо, баримтуудыг танилцуулав. Мөн иргэдийн нийгмийн даатгалд хамрагдалтын хувь хэмжээ хангалтгүй, тэтгэврийн даатгалын сангийн алдагдал 2030 он гэхэд ДНБ-ий 4-5 хувьд хүрэх төлөвтэй байна. Тиймээс үүсч болзошгүй санхүүгийн эрсдэлтэй байдлаас сэргийлэх үүднээс зайлшгүй өөрчлөлт оруулах шаардлагууд бий. Уг асуудлыг шийдвэрлэх үүднээс Засгийн газар, олон улсын байгууллагуудтай хамтран ажилласан болохыг онцлов.

“Монгол Улсын тэтгэврийн даатгалын тогтолцоог шинэчлэх шаардлага, зорилтууд” сэдвээр ХАХНХЯ-ны Нийгмийн хамгааллын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Мөнхзул илтгэл тавьсан. Мөн Дэлхийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгчийн газрын нийгмийн хамгааллын асуудал хариуцсан мэргэжилтэн Ч.Тунгалаг тэтгэврийн шинэчлэлийн асуудлаар олон улсын туршлагаас хуваалцлаа.

Үүний дараа хэлэлцүүлгийн оролцогчид тэтгэврийн шинэчлэлийн асуудлаар санал, бодлоо солилцов. Улсын Их Хурлын гишүүн З.Баянсэлэнгэ, С.Ганбаатар, О.Баасанхүү нар өөрсдийн байр сууриа илэрхийлж, тодорхой асуудлуудыг хөндсөн юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ “Өнөөдрийн байдлаар арилжааны банкуудын олгож буй тэтгэврийн зээлийн хүү маш өндөр байгаа бөгөөд уг асуудлыг шийдвэрлэх, тэтгэвэр авагчдын зээлийн харилцааг зохицуулах баримт бичгийг ойрын хугацаанд боловсруулж, холбогдох газруудад өргөн барих шаардлагатай байна” гэлээ. Түүнчлэн хэлэлцүүлэгт оролцогчид тэтгэврийн шинэчлэлийн асуудлыг дахин сайржуулан боловсруулах шаардлагатай, 2030 он хүртэл тус салбарт концепцийн өөрчлөлт хийх, мөн ойрын хэдэн жилийн эдийн засгийн нөхцөл байдлыг зөв тооцож тусгах зэрэг саналуудыг гаргалаа хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ спорт

​Обама Цагаан ордонд “Лос-Анжелес Гэлакси” багийнхныг хүлээн авч хүндэтгэл үзүүлэв

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама өөрийн улсынхаа аварга болсон багийн төрлийн тоглогчдын хүлээн авч уулздаг уламжлалтай. Үүнээс өмнө бейсбол, хоккей, сагсан бөмбөгийн улирагч оны аваргууд Цагаан ордонд зочилж ерөнхийлөгчтэйгээ уулзаад зургаа татуулаад амжсан. Энэ удаа хөлбөмбөгийн багийнхны ээлж ирсэн бололтой. Өнгөрөгч улирлын аварга Лос-Анжелес хотын “Лос-Анжелес Гэлакси” баг ерөнхийлөгчтэйгээ хамт Цагаан ордонд нэг үдшийг өнгөрүүллээ. “Гэлакси” багийн бүрэлдэхүүнд багтан тоглож байсан Дэвид Бекхэм, Л.Донован нар “Обама” гэсэн хаягтай багийнхаа өмсгөлийг ерөнхийлөгчдөө дурсгаж хамт зургаа татуулжээ.

Б.ХУЛАН

Categories
мэдээ нийгэм

АНУ-ын Элчин сайд эрчим хүчний салбарт хамтран ажиллах хүсэлтийг ажил хэрэг болгоно гэлээ

Эрчим хүчний сайд Д.Зоригт Амеркийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайд хатагтай Пайпэр Энн Уинд Кэмбэллийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Эрчим хүчний сайд Д.Зоригт хэлэхдээ “АНУ-ын Хөгжлийн агентлагын зөвлөхүүд Эрчим хүчний салбарын хууль, эрхзүйн суурь баримт бичиг болох 2001 онд батлагдсан Эрчим хүчний тухай хуулийг боловсруулах, Эрчим хүчний салбарт нэг худалдан авагчтай загварыг нэвтрүүлэх, Эрчим хүчний зохицуулах хороог бэхжүүлэх зэрэгт идэвхитэй хамтран ажиллаж одоо мөрдөгдөж буй үнэ тарифын системийг тогтооход үнэтэй хувь нэмэр оруулж байсан.

Хамгийн сүүлд 2013 онд Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт баригдсан 50 МВт-ын хүчин чадалтай Салхитын салхин паркийг барьж байгуулахад АНУ-ын Женерал электрик компанийн салхин турбинуудыг ашигласан нь одоо амжилттай ажилласаар байна.

Мөн сүүлийн жилүүдэд Эрчим хүчний салбарт салбарын сайд нарын айлчлал удаа дараа болж байсан. Тухайлбал: 2009 оны 05 дугаар сарын 12-15-ны өдрүүдэд хуучнаар Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, 2014 оны 3 дугаар сард Эрчим хүчний сайд М.Сономпил АНУ-ын Калифорни мужид айлчилж, айлчлалын хүрээнд тус мужийн Эрчим хүчний комисст зочлон сэргээгдэх эрчим хүчний талаар дугуй ширээний уулзалт хийж, Монгол Улс, Калифорни мужийн эрчим хүчний салбарын өнөөгийн байдал, сэргээгдэх эрчим хүчний бодлого, хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл солилцож, хамтын ажиллагааны боломжийн талаар ярилцсан байдаг” гээд цаашид хоёр орны хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улс Мянганы сорилтын сангийн санхүүжилтийг авах боломжтой болсонтой холбогдуулан. Эрчим хүчний яамнаас 10 аймгийн төвд дулааны станц байгуулах саналыг Мянганы сорилтын сангийн санхүүжилтэд хамруулах, Энэ асуудалд АНУ-ын элчин сайдын яамны дэмжлэг авах хүсэлтэй байна” гэв.

Эрчим хүчний сайд Д.Зоригт цааш нь “АНУ нь сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх чиглэлээр хууль, эрхзүйн орчны дэмжлэг, хөшүүргүүдийг үр дүнтэй ашиглаж ирсэн туршлагаас манай улстай хуваалцах боломжийг судлах, өмнө нь манай улсын эрчим хүчний үнэ тарифын системийг бэхжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулж байсан зөвлөх экспертүүдийг дахин манай улсад урьж үнэ тарифын үр ашигтай системийг бий болгох, шинэчлэхэд хамтран ажиллах хүсэлтэй байна” гэв.

Элчин сайд хатагтай Пайпэр Энн Уинд Кэмбэлл Эрчим хүчний сайд Д.Зоригтод хандаж хүлээн авч уулзсанд талархаж байгаагаа илэрхийлээд хоёр орны эрчим хүчний салбарын хамтын ажиллагаа өргөжин тэлж байгаад сэтгэл хангалуун байна гээд Эрчим хүчний сайдын зүгээс тавьж байгаа санал хүсэлтийг анхааралтай судалж, ажил хэрэг болгохын төлөө ажиллах болно гэв.

Categories
мэдээ нийгэм

Компьютерээс үүдсэн ядаргааг яаж тайлах вэ?

Компьютерийн ард суусан хүн доороос дээш, эсвэл урагш байнга хардаг учир нүдний булчингууд их ядардаг байна. Гэрлийн урсгал нь нүдний торлогийг өрөөр хэлбэл нүдний арын гэрэл хүлээн авах хэсгийг их цочроодог аж. Ажилдаа хэт их шамдсанаас хүн нүдээ цавчих нь багасч үүнээс гадна нойр, ой санамж муудах, хоолны дуршил багасах, толгой өвдөх, хэт мэдрэмтгий болох гэх мэт зовиур илэрдэг байна. Харин эдгээр асуудлаас зугтахын тулд том хүн 45, хүүхэд 15 минут суугаад 20 минут амрах ёстой аж. Амралтын 20 минутын хугацаанд зурагт үзэж, ном уншиж болохгүй. Суугаа эсвэл хэвтээ байдалд 5-7 минут нүдээ аньж алгаараа бага зэрэг дарж өгч нүдээ баруун зүүн тийш, диогнальдах байдлаар сайн хөдөлгөөрэй. Ингэх нь таны компьютероос үүдсэн ядаргааг төгс тайлах болно.

Categories
мэдээ нийгэм

“Амазонкийн гоо бүсгүй 2015” тэмцээн тун эвгүй өндөрлөв

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Бразилийн Манаус хотод “Амазонкийн гоо бүсгүй 2015” –г шалгаруулсан байна. Гэвч энэ удаагийн тэмцээн нэлээд хэл амтай болов. Тэмцээний тэргүүн байрны шагналыг 20 настай К.Толедо хүртжээ. Гэтэл түүнд ялагчийн титмийг гардуулсны дараахан хоёрдугаар байранд шалгарсан Ш.Айяла бүсгүй түүнийг нь булаан авч үзэгчдийн танхим руу шидэж, тун эвгүй үгээр хараажээ. Дараа нь хоёрдугаар байрны шагналтан Facebook-ээр дамжуулан эгүй ааш гаргасандаа хүлцэл өчсөн байна.

Ю.Дэлгэр

Categories
мэдээ спорт

Дэлхийн аваргын тэмцээнийг хожлоор эхэлсэн Монголын бөмбөгтэй хоккейн шигшээ багийнхан өнөөдөр Сомалийн багтай тоглоно

ОХУ-ын Хабаровск хотноо 35 дах удаагийн бөмбөгиэй хоккейн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний В хэсэгт манай улсын шигшээ баг оноолт таарснаас тэмцээний нээлтийн өдөр эхний тоглолтоо БНХАУ-ын шигшээ багтай хийсэн байна. Тоглолтын 13 дах минутанд Хятадын довтлогч Иохан Чан эхний гоолыг оруулсан бол 16 дах минутанд Ц. Шинэбаяр торгуулийн цохилтыг амжилттай гүйцэтгэлээ. Тоглолтын эхний үе завсарлахаас өмнө Г. Тамир өрсөлдөгч багийн хаалганд

дахин нэг гоол оруулж, тоглолтын харьцааг 2:1 болгон өөрчилсөн байна. Тоглолтын 2 дах үед Хятадын шигшээ багийн тамирчин Цао Ган хаалга мөргөж гэмтэн тоглолтын талбайг орхисон байна. Тоглолтын 2 дах үед манай шигшээ багийнхан дахин нэг гоол оруулж, Швед дасгалжуулагчтай Хятадын багийг 3:2-ын харьцаатай хожсон юм. Үүний дараагаар манай улсын шигшээ баг Германы шигшээ багтай тоглож, 4:2-ын харьцаатай хожигдсон байна. Тэмцээний эхний өдөр Нидерландын баг Сомалийн багийг 18:0-ээр, Эстонийн баг Унгарын багийг 8:6-ийн харьцаатай тус тус хожсон байна. Өнөөдөр манай улсын шигшээ баг Нидерландын багт 18:0-ийн харьцаатай хожигдсон Самолийн багтай тоглох юм байна. Энэ өдөр мөн Эстони-Латви, Унгар-Япон, Голланд-Германы багуудын тоглолт болох юм байна.

Categories
мэдээ нийгэм

”Туушин” зочид буудалд гал гарлаа

Хотын төвд байрлах “Бэст Вэстэрн Примьер Туушин” зочид буудлын 17 давхарт өнөө өглөө гал гарсан байна. Онцгой байдлын албаны эх сурвалжаас тодруулахад “Өнөөдөр 10.13 цагт Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны “Туушин” зочид буудлын үзелийн өрөөнд гал гарч байна гэсэн дуудлага нийслэлийн Онцгой байдлын газарт ирснээр дуудлагын дагуу Аврах гал унтраах 10 дугаар ангийн гал унтраах 1,2 дугаар тасаг ажиллаж гал түймрийг унтрааж, гал түймрийн улмаас утаажилт ихтэй байсан тул зочид буудлын дээд давхаруудад байсан иргэд, зочдын аюулгүй газарт гаргаж амь биеийг нь авран хамгаалсан” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Залуу байж урт наслах нууцаас: Орон орны жор

Орон орны иргэд залуужуулах, урт наслах өөр өөрийн жортой байдаг. Шинжлэх ухааны нотолгоо, амьдралыг үзэх үзэл, уламжлалт арга ухаан зэргээс үүдэн урт наслахын жор нь өөр өөр байдаг байна. Жишээлбэл, зарим улсын иргэд урт наслахын гол нууц жор нь боловсрол гэдэг бол зарим нь шингэнийг их хэрэглэх, амьтан тэр дундаа муур тэжээх жортой байдаг гэнэ. Ингээд зарим

сонирхолтой жорнуудаас сонирхуулахад:
Англичуудын жор: Британийн эрдэмтэд, жирийн иргэд хувь хүний боловсролын түвшин нь тухайн хүний урт наслах жор болдог гэдэгт итгэдэг байна. Тэдний хийсэн судалгаа, ажиглалтаар ерөнхий боловсролын сургуулиа төгсч чадаагүй дундаас нь хаясан хүмүүссургуулиа амжилттай төгссөн хүмүүсээс хамаагүй бага насалдаг гэнэ. Сургуулиа төгсч чадаагүй хүмүүсийн дийлэнх нь амьдралын буруу хэвшил, буруу хооллолт, биеэ гаргуунд нь гаргаснаас болж сургуулиа амжилттай төгссөн хүмүүсээс дунджаар 9,3 жил богино насалдаг байна. Энэ сонирхолтой жорын нууцыг Кембрижийн эрдэмтэн мэргэд хийсэн төдийгүй урт наслахыг хүсвэл дээд боловсрол эзэмших хэрэгтэй гэсэн зөвлөмжийг хүртэл гаргасан байна.
Германчуудын жор: Германы жирийн иргэд эрүүл байж урт наслахын гол нууц жорыг 7 хоногт хамгийн багаар бодоход 3 удаа загас наадуулахад оршдог гэж үздэг байна. Ийм маягаар 10 жил гармонио ялгаруулж чадвал үхэлд хүргэх өвчлөлийн эрсдэл 50 хувиар буурч, 7-12 насаар залуу харагддаг гэнэ.
Францчуудын жор: Амттан бага хэрэглэ. Чихэрлэг хүнсний бүтээгдэхүүн нь арьсанд агуулагдах коллаген, эластиныг гэмтээдэг учир амттанаас аль болох зайлсхийх хэрэгтэй. Үүнийхээ оронд чихрээр нүүрэндээ маск тавьж үрчлээнээс хамгаалах хэрэгтэй гэж тэд үздэг байна.
Канадуудын жор: Канадын сэтгэл зүйчид амьдралаа 6 насаар уртасгахыг хүсэгчдэд дараах зөвлөгөөг өгдөг байна. Энэ нь:
-Муур тэжээх
-Уурлаж бухимдахаа больж, нойргүйдлээс сэргийлэх
-Түргэн боловсрох хоолноос зайлсхийж, биеийн жингээ тогтоон барих
-Дээд боловсрол эзэмших
-Өөрийгөө баяр жаргалтай байж чадах сайн нөхөр, сайн эхнэртэй болох гэсэн 6 зөвлөгөөг өгдөг байна.
Андоррчуудын жор: Европын энэ жижигхэн улсын иргэдийн дундаж наслалт нь 83 байдаг. Тэдний үздэгээр ирээдүйн хань нөхрөө сонгохын тулд ээж, аавынх нь насжилтыг харах хэрэгтэй байдаг гэнэ. Хэний ээж, ааь илүү урт насалсан байна үр хүүхдүүд нь төдий чинээ урт насалдаг гэж үздэг байна.
Энэтхэгчүүдийн жор: Хүний биед шингэн дутагдснаар үрчлээ суудаг болохыг эрдэмтэд хэдийнээ судлаад гарчихсан. Энэтхэгчүүдийн хувьд үүнийг усан үзэм үзэм болж хувирахтай адилтгадаг байна. Үрчлээнээс зайлсхийхийн тулд тэд өдөртөө 2 литр шингэн уухыг зөвлөдөг. Хүний биеийн шингэн нь хэвийн хэмжээнд байх үед элдэв төрлийн өвчин эмгэгээс хамгаалагдаж урт насалдаг гэдэгт Энэтхэгчүүд итгэдэг байна.
Харин таны урт наслахын нууц юу вэ? Цэвэр цэнгэг агаар, байгалийн гаралтай цэвэр хүнсний бүтээгдэхүүн хэрэглэж, биеийн тамирын дасгал хөдөлгөөн хийх нь идэвхтэй амьдралыг тэтгэж, урт наслах бас нэгэн жор гэдгийг энд тэмдэглэе

Categories
мэдээ нийгэм

”Туушин” зочид буудлын орчимд гарааш шатжээ

Хотын төвд байрлах “Бэст Вэстэрн Примьер Туушин” зочид буудлын 17 давхарт өнөө өглөө гал гарсан гэх мэдээлэл байна. Гэвч албаны эх сурвалж үгүйсгэж Туушин зочид буудлын хойно гарааш шатсан гэх мэдээллийг өглөө. Галын шалтгааныг тодруулахаар Онцгой байдлын алба хаагчид яг одоо ажиллаж байгаа аж.