Categories
мэдээ нийгэм

291196 иргэн саналаа өгсөн байна

Монгол Улсын Засгийн газраас “2015-2016 оны хөгжлийн замаа хамтдаа сонгоё” санал асуулгыг санаачлан үүрэн харилцаа холбооны үйлчилгээ эрхлэгч компаниудын мессежээр дамжуулан иргэдээс санал авч буй.

Санал авах хугацаа өнөөдрийн 22.00 цагт дуусах ёстой юм.

Мэдээллийн технологи, шуудан харилцаа холбооны газраас гаргасан хамгийн сүүлийн мэдээгээр буюу 2015.02.03-ны өдрийн 13.41 цагийн байдлаар 3.306145 иргэн рүү санал асуулгын мессеж илгээж, тэднээс Засгийн газрын асуулгад 291.196 иргэн саналаа өгчээ.

Санал асуулгын тухай мэдээллийг www.itpta.gov.mn, www.zasag.mn вэб сайтуудаас авах боломжтой.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Тариаланчид ирэх хавар үр тариа тарихгүй гэв

УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо нь өнөөдрийн хуралдаанаараа тариаланчид, гурил үйлдвэрлэгчид, Хүнс хөдөө аж ахуйн яамны холбогдох албаны хүмүүсийг байлцуулан мэдээлэл сонслоо.

Тариаланчид 2014 оны ургац хураалтаас гурил үйлдвэрлэлд нийт 349,8 мянган тонн буудай нийлүүлсэн байна. Энэхүү 349,8 мянган тонн буудайгаар 2014-2015 онд нийт 262,2 мянган тонн гурил үйлдвэрлэх боломжтой гэнэ. Энэ нь хүн амын зөөлөн буудайн гурилын хэрэгцээг бүрэн хангаж байгаа боловч 2015 онд хүн амын хэрэгцээнд талх, гурилан бүтээгдэхүүний үйлдвэрлэлд шаардлагатай 180.6 мянган тонн гурил буюу 240,8 мянган тонн улаан буудайн чанарын асуудлыг анхаарах зайлшгүй шаардлагатай байгаа аж. Тодруулбал, 240,8 мянган тонн улаан буудайнаас стандартын шаардлага хангасан гурил үйлдвэрлэхэд 25-аас дээш хувийн цавуулагтай чанаржуулагч улаан буудайн эрэлт гарч ирж байгаа юм байна.

Түүнийг нь үндэсний тариаланчдын хураасан улаан буудайгаас нөхөх боломжгүй тул хойд хөршөөс буудай импортлох шаардлага үүссэн гэнэ. Гэвч Монголын үр тариа эрхлэгчдийн газар тариалангийн холбооны ерөнхийлөгч Л.Цандэлэг “Үндэсний компаниудын хураасан буудай чанартай. Харамсалтай нь, төрд газар тариаланг хөгжүүлэх нэгдсэн бодлогогүй байгаа нь салбарынхныг хооронд нь сөргөлдүүлсэн ажил болж хувирч байна. Долларын ханшийн зөрүүнээс тариаланчид 120 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн. Дээр нь төр худалдан авсан буудайн урамшууллын үнийг бууруулж, 70 мянга болгосон. Банкны зээлээ төлж чадахгүй болсон асар олон компани бий. Ямар ч мөнгөгүй компаниуд хавар тариа тарих боломжгүй. Ирэх хавар Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Хүнс хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа, “Улаанбаатар гурил” компанийн захирал Ц.Баатарсайхан, Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Су.Батболд нар тариа тарина биз” гэсэн тайлбар хийсэн юм.

Эцэст нь байнгын хорооноос энэ чиглэлээр салбарын яам болон тариаланчид, гурил үйлдвэрлэгчдийн холбоодод протоколоор үүрэг чиглэл өгч, Хүнс, хөдөө аж ахуйн бодлого боловсруулах болон улаанбуудайн импортын асуудлаар ажлын хэсэг байгуулахаар тогтлоо.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Л.Эрдэнэчимэг гишүүний тодотголтой архины хуулийг “татан буулгалаа”

АН-ын бүлгийн ээлжит хурал өчигдөр болсон. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлынхаа талаар өнөөдөр тус бүлгийн ахлагч Б.Гарамгайбаатар болон дэд дарга С.Одонтуяа нар мэдээлэл өглөө.

АН-ын бүлэг хуралдаанаараа эхлээд Таван толгойн төслийн ажлын хэсэгт явуулсан асуулгынхаа хариуг бичгээр авч, нэмэлт хэлэлцүүлэг үр дүнгийн талаар мэдээлэл сонссон байна. Мөн Архидан согтуурахтай тэмцэх үндэсний хөтөлбөрийг Засгийн газраас УИХ-д өргөн барих гэж буйтай холбогдуулан Согтууруулах ундааны хяналтын тухай хуулийн төслийг хууль санаачлагчид нь татаж авахаар болжээ. Мөн бүлгийн хуралдаанаар АН-ын томилогдсон сайд нартай уулзалт зохион байгуулж, халаа сэлгээ газар авч байгаа асуудлаар мэдээлэл авчээ. Өнөөдрийн байдлаар Гадаад харилцааны яам, Уул уурхайн яам, Аж үйлдвэрийн яам, Хүнс хөдөө аж ахуйн яам, Хууль зүйн яам, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Эрчим хүчний яам, Гадаад харилцааны яам, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд боловсон хүчнээ ажлаас нь халсан, чөлөөлсөн асуудал байхгүй гэдгийг салбар хариуцсан сайд нар нь мэдэгджээ. Мөн МАН-аас томилогдсон сайд нартай уулзаж энэ талаар мэдээлэл авна гэдгийг АН-ын бүлгийн ахлагч Б.Гарамгайбаатар хэллээ. Цаашдаа төрийн жинхэнэ алба хаагчдыг үндэслэлгүйгээр хомроглон халах байдал гаргахгүй байх, ийм зүйл болсон тохиолдолд тухайн салбарын сайдад хариуцлага тооцох аж.

Түүнчлэн АН 2015 оны үйл ажиллагааны төлөвлөгөөгөө боловсруулсан талаараа бүлгийн гишүүдэд мэдээлэл өгч, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай, Эдийн засгийн өршөөл үзүүлэх тухай, ут нэртэй хуулийн дагаж мөрдөх журамд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэн батлуулах чиглэлээр ажлын хэсэг гаргахаар болсон байна.

Categories
мэдээ нийгэм

“Өгөөж-чихэр боов” ХХК-ийн хэвийн боовны давуу тал болон онцлог

Сар шинийн баяр хаяанд ирсэн энэ өдрүүдэд хүмүүсийн хөл хөдөлгөөнд хамгийн ихээр дарагдаад байгаа газарбол”Өгөөж-Чихэр боов” компани байна. Иймд тус компанийн үйлдвэрлэл хариуцсан захирал Ч.Өлзийбадрахтай уулзаж, 2015 оны сар шинийн баярт зориулсан тус компанийн “Угалз” хэвийн боовны давуу тал, онцлогийн талаар тодрууллаа.

-“Өгөөж-Чихэр боов” компани хэд дэх жилдээ хэвийн боов үйлдвэрлэж байна. Энэ олон жил хэвийн боовныхоо “АМТ ЧАНАР”-ыг алдахгүй үйлдвэрлэдэг нууц нь юунд оршдог вэ?

-Манай компани анх 1936 онд үүсч байгуулагдсан хүнсний ууган үйлдвэр ба энэ ч утгаараа хэвийн боов хийх үндэсний арга технологийг үйлдвэрлэлийн горимд анх амжилттай нэвтрүүлсэн. Жилийн дөрвөн улирлын турш хэвийн боовоо үйлдвэрлэн хэрэглэгчдийнхээ амьдралынх нь хамгийн чухал мөчүүдийг хуваалцдаг ба сар шинийн баярын өмнө үйлдвэрлэлээ нэмэгдүүлэн ажилладаг. Хэвийн боовны амтанд орц, найрлага маш чухал нөлөөтэй байдаг. Өгөөж брэндийн “Угалз” хэвийн боов хамгийн сайхан амттай байдаг гол онцлог нь Монгол улсад төдийгүй дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн баталгаат байгууллагуудын лабораторийн шинжилгээгээр үйлдвэрлэлд тэнцсэн, чанартай түүхий эд материал ашиглаж байгаатай шууд холбоотой. Тухайлбал,

-“Алтан тариа” компанийн хамгийн чанартай ширхэгтэй дээд гурилыг элсэн чихэр, тослог сайтай цөцгийн тосоор багсарч, бэмбийг цэвэр монгол шар тосоор тосолж амраадаг.

-Дэлхийд хүнсний зориулалтай тос үйлдвэрлэлээрээ номер нэгт тооцогддог Малайз улсын “Lamsoon” фирмээс зөвхөн өгөөжийн хэвийн боовны онцлогт тохируулан цөцгийн тосоо тусгайлан захиж авч хэрэглэдэг. Энэтос нь хэвийн боовны орц найрлаганд орсноор бүтээгдэхүүний шинэлэг байдлыг удаан хадгалаад зогсохгүй, зөөлөн таатай амтыг бий болгодог.

-Малайз улсын элсэн чихэр үйлдвэрлэгч компанитай 2005 онд гэрээ байгуулан хамтран ажиллаж эхэлснээр сайн чанарын элсэн чихрийг тогтмол татан авч бүтээгдэхүүндээ хэрэглэдэг.

-Мэргэжлийн хяналтын газрын шинжилгээгээр үйлдвэрлэлд хэрэглэж болох нь тогтоогдсон цэвэр монгол шар тосыг гэрээт малчдаар бэлтгүүлэн авч, бэмбийг амрааж тосолсноор хэвийн боовны амтанд нөлөөлөөд зогсохгүй хэлбэр дүрс, өнгө сайхан гаргахад гол түлхэц болдог.

-“Lamsoon” фирмийн далдуу модны тосонд чанадаг ба түүний давуу тал нь амьтны гаралтай тостой харьцуулахад хайлах температур нь бага, ханаагүй тосны хүчил болох линолийн хүчил агуулдаг тул хэвийн боов тосоо ууж, нэвчилгүй амттай болдог.

-Мөн хэвийн боовны үйлдвэрлэл нь 100 хувийн гар ажиллагаатай нарийн чимхлүүр ажил боловч “Өгөөж-Чихэр боов” компанийн хамт олон жил бүрийн сар шинийн хэвийн боов нь хэлбэр хэмжээ, амт чанар, өнгө зүс сайхан байх төдийгүй өв уламжлал, ёс заншлын хүрээнд ч хэрэглэгчдийн хэрэгцээг бүрэн хангаж байх ёстой хэмээн үзэж сэтгэл, зүтгэл гарган үйлдвэрлэдэг тул тэр чинээгээр амттай байж чаддаг.

-Энэ жилийн Өгөөжийн хэвийн боовны гол онцлог нь хэрэглэгчдийнхээ хүсэл таашаалд нийцүүлэн жор орцыг нэмэгдүүлэн, илүү баялаг, амтлаг жортой болгож амтыг нь улам сайжруулаад байна. Мөн хайрцаг бүртээ амталгааны боовтой учир сар шинийн идээгээ баярын өмнө амтлах боломжтой учраас хэрэглэгчид маань аль хэдийн амталж үзээд үнэхээр ам сайтай байгаа шүү.

-Монгол орны өнцөг булан бүрт айл өрх “Өгөөж”-ийн хэвийн боовоор тавгийн идээгээ засдаг гэхэд нэг их хилсдэхгүй болов уу. Ер нь монголчууд бид тэр жилийн тавгийн идээний өнгө зүсээр ирж буй жилийн өнгийн тодорхойлдог гэж ярьдаг шүү дээ. Тийм ч учраас сая танай дэлгүүрээр орж үзлээ, энэ жил “Угалз” хэвийн боов шаргалтаад цаанаа л нэг “ӨНГӨ ЗҮС, ХЭЛБЭР”сайтай гарсан харагдлаа. Тэр чинээгээр борлуулалт сайтай байна уу?

-Анх өндөр гэгээн Занабазар санаачлан боовны хэв урлаж хийснээр хэвийн боов үүссэн түүхтэй. Өгөөж брэндийн “Угалз” хэвийн боов хамгийн сайхан өнгө зүс, хэлбэртэй байдаг гол онцлог нь Монгол түмний уламжлалт баяр “Цагаан сар”-аар зассан идээний өнгө зүс сайхан байвал тэр жилдээ тухайн айл өрхийн ажил үйлс өөдрөг, идээ будаа элбэг дэлбэг байна хэмээн бэлэгшээдэг тул энэхүү хүндэтгэлийн идээг сар шинийн баяр дөхсөн энэ өдрүүдэд Өгөөжийн хамгийн туршлагатай ажилчид цаг наргүй, сэтгэлээ шингээн үйлдвэрлэдэгтэй шууд холбоотой. Тухайлбал,

-Итали, Герман, ОХУ-ын улсад үйлдвэрлэсэн ус дозлогч, ОХУ-ын “Топос” фирмийн бүрэн автомат зуурагч машин дээр зуурмагаа намирсан зөөлөн болтол нь зуурч, бэмбийг ямарч хийгүй болтол нь нухаж чаддаг.

-Хэвлэхдээ технологийн зааварт заасан параметрын дагуу хүрээг жигд, өө сэвгүй, тэгш сайхан дардаг мөн голын нимгэн, зузааныг өндөр мэдрэмжтэйгээр тохируулан дарж хэвлэдэг энэ үйлдвэрт олон жил тогтвор суурьшилтай ажиллаж, хэвийн боов үйлдвэрлэлээр мэргэшсэн, ур чадвар өндөртэй ажилчид байдаг.

-Чанахдаа дулаан тохируулга бүхий чаналгын тогоо зэрэг дэвшилтэд техник, тоног төхөөрөмж ашигладаг ба тосны температур, хүчиллэг, хэвлэсэн хагас бэлэн бүтээгдэхүүний температур, амраах технологийн горимыг ягштал баримтлан, хул шаргал нэгэн жигд өнгөтэй чанагдаг.

-Мөн бэлэн болсон хэвийн боовны жин 400-410 грамм байгаа нь бусад үйлдвэрлэгчдийнхээс даруй 7-10 хувь илүү учир хэрэглэгчид хамгийн нүнжигтэй хэмээн ам сайтай байна. Тэр чинээгээр хэлбэр хэмжээ ч сайтай, чанартай, борлуулалт ч жил бүр сайн байдагт манай хамт олон их баяртай байдаг шүү.

-Хэвийн боовыг хайрцаг тутамд нь “БЭЛЭГТЭЙ”-гээр худалдаалж байгаа юм байна. Иймд та бэлэглэж буй суурь еэвэнгийнхээ амт чанар, давуу талыг хэрэглэгчдэд сонирхуулна уу?

-Өгөөж брэндийн “Угалз” хэвийн боовыг авсан хэрэглэгч бүрт амт, чанар сайтай тавгийн суурь еэвэн бэлэглэдэг учир нь өдрөөс өдөрт бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж байгаа хэдий ч Өгөөжийнхөн сар шинийн баярт эртнээс зэхдэг азай буурал хэрэглэгчдэдээ зориулан хэвийн боовныхоо үнийг жил бүр хямдруулдаг сайхан уламжлалтай холбоотой. Мөн хэрэглэгчдэдээ тавгийн идээг нь бүрэн, гүйцэд өгөх юмсан гэсэн сэтгэл байдаг. Яагаад амт чанар сайтай гэж байгаагаа тодруулбал,

-Манай үйлдвэр 79 жил уламжлал болон ирсэн жор, тогтвортой технологиор төрөл бүрийн тавгийн суурь еэвэнгээ жилийн 4 улиралд тасралтгүйүйлдвэрлэдэг.

-Түүхий эд материалын хувьд хүнсний элдэв нэмэлт ордоггүй жинхэнэ цэвэр бүтээгдэхүүн байдаг ба чанартай түүхий эд материалаар үйлдвэрлэдэг тул сар шинийн баяраар таваг засахад өнгө зүс сайтай байхын зэрэгцээ баярын дараа идэхэд амт чанараа алдаагүй байдаг.

-“Алтан тариа” компанийн чанар сайтай улаан буудайн дээд гурил, элсэн чихрийг цөцгийн тосоор багсран зуурч, дотор нь гар аргаар гаргаж авсан арвай гурилыг элсэн чихэр, цөцгийн тос, бурмаар амтлан тусгайлан боловсруулж шанз бэлтгэн зөвхөн Өгөөжид байдаг жор, технологиор үйлдвэрлэдэг учраас хамгийн амттай еэвэн болон гардаг.

-Тэр ч утгаараа хэрэглэгчид манай төрөл бүрийн тавгийн суурь болон ком еэвэнд ам сайтай байдаг. Мөн сүүлийн жилүүдэд37, 44 см-ийн диаметртэйтом суурь еэвэнгүүдийг үйлдвэрлэж худалдаанд гаргасан нь хэрэглэгчдийн талархлыг хүлээгээд байна.

-Тавгийн еэвэнгийн үйлдвэрлэл нь 100 хувь гар ажиллагаатай, нарийн чимхлүүр ажил байдаг хэдий ч олон жил тогтвор суурьшилтай ажиллаж, еэвэн үйлдвэрлэлийн чиглэлээр мэргэшсэн ажилчид нэг бүрчлэн гараар хийж үйлдвэрлэдэг тул тэр чинээгээр амттай байж чаддаг.

-Эдгээр ажилчид маань хуучин чихэр боовны үйлдвэрийн ахмад үеийн залгамж халааг хүлээн авч, ирээдүйн Өгөөжийн ажилчдыг хүлээн авч бэлтгэн сургаж байгаа гавъяатай хүмүүс юм. Тэдэн дунд “Алтан гадас” одонгоор энгэрээ мялаасан ажилчид ч цөөнгүй байдаг.

-Хэвийн боовыг хэрхэн хадгалвал “ХАДГАЛАЛТ” сайн даадаг талаар та манай уншигчдад бяцхан зөвлөгөө өгнө үү!

-Өгөөж брэндийн “Угалз” хэвийн боов нь цаасан хайрцагт 15, 21 ширхгээр савлагддаг.Сав баглаа боодлын хувьд дотроо хамгаалалтын гялгар уут бүхий цаасан хайрцагтай. Холын замд авч явахад хугарч, хагарахаас сэргийлсэн зориулалтын цаасан хайрцагтай тул ачиж тээвэрлэхэд тохиромжтой, хайрцган дээрх мэдээлэл нь стандартын дагуу үнэн зөв бичигдсэн тул гадаадын улс орон руу авч явах боломжтой. “Угалз” хэвийн боовыг хайрцган дээр бичсэн зааврын дагуу нар, салхи үзүүлэхгүй, хөлдөөж хадгалах технологитой.Хадгалах зааврын дагуу зөв хөлдөөж хадгалсан тохиолдолд 2.5-3 сарын хугацаанд өнгө зүсээ алдаагүй сайхнаараа байдаг.Мөн зөв хадгалж чадвал сар шинийн дараа идэхэд ч амт чанар нь алдагдаагүй, зөөлхнөөрөө байдаг давуу талтай. Тавгийн идээгээ засахаас 12 цагийн өмнө дулаан газар оруулж гэсгээгээд шар тосоор тосолбол өнгө нь улам сайхан шаргал болдог давуу талтай. Дашрамд сонирхуулахад, Өгөөжийн хэвийн боовыг гэрийнхээ хөргөгчинд байгааг мэдэхгүй зургаан сар болсных нь дараа мэдээд, сониучирхан идэж үзэхэд яг хэвээрээ, сайхнаараа байсан шүү хэмээн сайшаалын захидал бичсэн хэрэглэгч ч байдаг.

-Танай компани сар шинийн баярт зориулан хэвийн боов, еэвэнгээс өөр цагаан сарын “ГАРЫН БЭЛЭГ”-нд зориулсан шинэ бүтээгдэхүүн гэх мэтээр өргөтгөсөн худалдаа, нэмэлт үйлчилгээнүүдийг хэрэглэгчдэд санал болгож байгаа юу?

-Компанийн ажилчдын санаачлагаар “МОНГОЛ ХҮН-МОНГОЛ БЭЛЭГ” үндэсний үйлдвэрлэлээ дэмжье уриан дор импортын бараа бүтээгдэхүүнүүдтэй өрсөлдөхүйц амт чанартай, гоёмсог чамин сав баглаа боодолтой, үнийн хувьд маш хямд бүтээгдэхүүнүүдийг санал болгож байна. Тухайлбал, төрөл бүрийн зөөлөн болон үрлэн чихэр, бидний хүүхэд байхдаа амтархан идэх дуртай байсан “банка”-ны жороор хийсэн шоко вафли, шоко баялаг, цөцгийтэй, шоколадтай, лимонтой төрөл бүрийн хэмжээ, савлагаатай вафли гаргасан. Мөн шинэ техник, технологиор үйлдвэрлэсэн иристэй болон чангаанзтай, интоортой еэвэн зэрэг нийт 30 гаран нэр төрлийн бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэн хэрэглэгч түмэндээ санал болгон худалдаалж байна. Бидний “МОНГОЛ ХҮН-МОНГОЛ БЭЛЭГ” уриа хэрэглэгчдэд шууд хүрч эхэлсэн ба бэлгийн бүтээгдэхүүнүүд маань зах зээлд, эрэлт хэрэгцээ өндөртэйгээр худалдаалагдаж байгаад бид баяртай байна.

-Өгөөж компанийн “Угалз” хэвийн боовыг “ҮЙЛДВЭРИЙН ҮНЭЭР” худалдаалж буй хэдэн цэг ажиллаж байгаа вэ. Та энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

-Манай өгөөжийн “Угалз” хэвийн боов, төрөл бүрийн тавгийн суурь еэвэн болон сар шинийн гарын бэлгэнд санал болгож буй бэлгийн бүтээгдэхүүнүүдийг баруун 4 замд “Голомт” хотхоны зүүн талд байрлах үйлдвэрийн дэргэдэх төв дэлгүүр, Улаанбаатар хотын бүх дүүрэгт байрлах нэрийн барааны 22 дэлгүүр, Налайх дүүрэгт шуудангийн урд талын 11-р байранд байрлах нэрийн барааны дэлгүүр болон Улаанбаатар хотын томоохон худалдааны төв, захууд,”Номинфүүдс”-ийн хотын болон хөдөө орон нутгийн бүх салбар, Миний дэлгүүр, “Скай”, “Макс”, “Сансар”, “Боса”, “Оргил”, “Эвридэй”, “Дүүхээ”,”Замбала”, “Баясах трейд” сүлжээ дэлгүүрүүдийн бүх салбар, дүүрэг бүрт үйлдвэрийн үнээр зарж буй нийт 66 супермаркет, дэлгүүр, цагаан сарын өргөтгөсөн худалдаа, үзэсгэлэн зохион байгуулагдаж буй Дүнжингарав, Мишээл экспо, Аса цирк, Шөнийн зах, Тусгаар тогнолын талбай, Цэрэндоржийн гудамж буюу Битлзийн хөшөөний дэргэд, мөн драгоны авто зогсоол дээр байрлах гэр дэлгүүр, Төв аймаг, Дархан-Уул аймаг, Орхон-Уул аймаг, Сэлэнгэ аймаг, Хэнтий аймаг, Дорноговь аймаг, Дорнод аймаг, Багануур дүүрэг дэх дэлгүүрүүдээс тус тус үйлдвэрийн үнээр, хямдралтай, бэлэгтэйгээр худалдан авах боломжтой.

Categories
мэдээ нийгэм

XX зууны их увьдастан гэвш Сэнгээ Ринбүчи (1905-1993 он) (Мэндэлсний 110 жилийн ойд)

XXI зууны 20-иод он гэхэд дэлхийн хэмжээний том шашнуудын үнэлгээ, нэр хүндэд багагүй гэхээр өөрчлөлт орчихлоо. Таван тивийн хүн ардад таашаагдах хэр хэмжээгээр нь үзэх, үнэлэх аваас Христийн шашин болон Лалын шашны нэр, нөлөө саарах, хумигдах төлөвтэй болов. Тэдгээрийн олон үнэт зүйл амдралын үнэнд гүйцэгдэж, шинжлэх ухааны нээлтээр няцаагдаж, бас нэмээд өөрсдийгөө сэвтүүлэх хэрэгт ч орооцолджээ.

“Ертөнцөд ганцхан л эзэн бий. Тэр эзэн хорвоод байгаа бүхнийг бүтээсэн. Ертөнцийн эзний таалал дагуу бүх зүйл явагддаг ” гэхчилэн үздэг, эсвээс “Аллахаас өөр бурхан, Аллахаас хүчтэй бурхан байхгүй. Лалын шашинг шүтдэггүй хэн боловч буруу номтон мөн”гэхчилэн номлодог шашин суртлыг зөвтгөх, магтахад нэгэнт хэцүү болчихжээ. Харин Бурханы шашин, Буддын гүн ухаан тэдгээрээс өөр юм. Чухам тэр чанараараа Бурханы шашин, Буддын гүн ухааны нэр, нөлөө ХХ зууны эцсээр хаяагаа тэлжээ. XXI зуунд бүүр ч их тэлэх, нэр хүнд нь ч өсөх төлөв ажиглагдах боллоо. Өнөөдөр дэлхийн сүсэгтэн хүн амын дийлэнх олонхи нь үндсэндээ энэ шашин суртлын нөлөөн дор байгаа гэж хэлж болох юм. Аль ч улс үндэстний аав, ээжүүд үр хүүхдээ ам хэлээрээ, бие цогцосоороо, сэтгэл санаагаараа буруу зүйл битгий хийгээсэй, нүгэл битгий үйлдээсэй, өөртөө болон өрөөл бусдад хор битгий хүргээсэй, хүү охид маань оюунлаг, боловсорч гэгээрсэн хүмүүс болоосой!гэж хүсцэгээдэг. Эцэг эхчүүдийн энэ амин чухал хүслийг Бурханы шашин дэмжиж, тийм болж хүмүүжихэд нь туслах гэж чармайдаг билээ.

Өнөө гэхэд иргэний боловсрол, шашины боловсрол хоёр ойртох, нийлэх хандлагад ороод байна. Зарим оронд сүм хийдийн дэргэд ерөнхий боловсролын дунд сургуулиуд ажиллаж эхэлжээ.

“Бидний биеийг бүтээгч эх болсон зургаан зүйл бодис, бид бүхэнтэй зэрэгцэн амьдарч байгаа хамаг амьтны тусыг бодож яв. Чамайг хүрээлж буй орчин сайн сайхан, амар түвшин байх аваас чи өөрөө ч мөн амар амгалан байх болно. Хүмүүст байдаг, угтаа бол зэрлэг амьтан байх цагаас нь улбаалсан тэр нүгэлт шинжүүдээ ариусгах, номхотгох аргаар хүн нэг бүр боловсрол олж гэгээрэх ёстой. Хүний хөгжил, ариусалт бол түүний өөрийн нь дотоод сэтгэлийн ариусалт, гэгээрэл байх учиртай. Боловсорч гэгээрсэн хүн бусад хүмүүсийг боловсрох, гэгээрэхэд нь мөн туслах үүрэгтэй. Хүн бүр өөрөө өөртэйгээ, дотоод ертөнцтэйгээ, сэрэл, сэтгэхүйтэйгээ ажиллах ёстой.” гэхчилэн хүнийг өөрт нь нээж ойлгуулдаг, өөртэй нь ажиллуулдаг, тэрчлэн хөгжил бол өөрийн нь хөгжил байх учиртайг Буддын гүн ухаан сургадаг ба ийм үзэл санаа өнөөдөр дэлхий дахинд дэмжигдэх, үнэлэгдэх болжээ. Ингэхлээр Бурханы шашин, сурталд сайн багш, гэгээрсэн хүмүүс, хувийн нэр хүнд, үлгэр жишээгээрээ хэтийдсэн гэгээнтнүүд хэрэгтэй ажээ. Ийм хүмүүсийн нэг нь Монгол лам нарын дундаас тодорсон ХХ зууны суутан, их хүн, Сэнгээ гэвштэн байжээ.Номхотгохуйн ухаан, шашин суртлын ёс зүй, дэг жаягийн (Винайн ёс) уламжлал, шинэтгэл ба сав, шим ертөнцийн үүсэл, хувьслын философид энэ их хүний оруулсан хувь нэмрийг Түвд, Энэтхэг,Балба даяар мэддэг, үнэлдэг ажээ.

Сэнгээ гэвштэний амьд сэрүүн ахуйд манай шашин номын ихэс дээдэс, голлох зонхилох хүмүүс түүнтэй очиж уулзсаар байсан нь азтай хэрэг юм. Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба лам, гавж Д.Чойжамц, Зүүн хүрээ Дашчойлин хийдийн тэргүүн хамба лам, гавж Ч.Дамбажав, Мамба дацан хийдийн тэргүүн, хамба лам Д.Нацагдорж, Гандантэгчэнлин хийдийн Эрдэм соёлын хүрээлэнгийн захирал, гавж Ш.Сонинбаяр, Бурханы шашны урлахуйн ухааны төв, урлахуйн дээд сургуулийн захирал, бурханч лам Г.Пүрэвбат нар Сэнгээ ринбүчийн айлдвар, сургаалыг сонсож, шавь орж, Түвдэд байх үедээ тусламж, дэмжлэг авч байжээ. Энэ их хүнтэй манай нэртэй Түвдэч, доктор, профессор Л.Хүрэлбаатар агсан, мөнГандантэгчэнлин хийдийн хамба агсан Х.Гаадан нар ч мөн уулзаж түүний эрдэм, оюуны ижилгүй өндөр түвшинг мэдэрч, биширч, дурсамж, сэтгэгдлээ бичиж үлдээжээ. “Сэнгээ ламтны бүтэн нэгэн жарны туршид завсарлагагүй шимтэн суралцаж, махран хичээж, дэг ёсоо сахиж, шашин болон амьтанд ихэд тус хүргэснийг эргэн дурсахад үнэнхүү биширмээр” хэмээн шавь нар, нөхөд нь бичсэн байх юм. Бурханы шашны их таван ухаанд нэр, цууд гарсан гэгээнтнүүдийн удирдлага дор тэрээр суралцаж ухаан нэг бүрийг нягтлан, хураан үзэж, далд бүхнийг нь тайлж ойлгоод, дээд цол, зэргийг нь /гавж, лхарамба, аграмба, гэвш/ хүртээд зогссонгүй цааш нь ахиулж Цастын орны эрдмийн дээд ноён оргил болох “Цогт үндсэн” хэмээх нууц тарнийн доод болон дээд дацан, дамжааг шатлан дүүргээд “Нууцын хураангуйн үндэс” гэгдэгч Судал, Хий, Дуслын ухаанд урган дэвшиж, төлжин боловсорч, тэдгээрийн цагийг эзэлсэн алдарт дөрвөн зүйл тайлбар, сэлтийг мөн харьцуулан судалж уг ухааны “Цаана нь гарч, дээр нь зогсчээ. “Лхасын тэргүүлэх том хийдүүдийн сор нь гэгдэгч номч мэргэдийн дунд зохиогддог “Нууц тарнийн уг шаг, учир, шид”-ийг шүүн хэлэлцдэг алдартай том мэтгэлцээн бүрийг ахалж, “Дийлдэхээ бүр байсан” Сэра Гомба Жамъян хэмээгч их эрдэмтэн лам “Нууц тарнийн энэ цагийн дээд болон гүнийн учир, аацаа, тайлал маргааш гэхэд Халхын Сэнгээ гэвшид л тулж очиж, тунаж хоцрон, түүнийхээр болж үлдэхээр боллоо” хэмээн аргагүйдэн, бас бахархан үнэлж, мэдэгдэж байжээ. Хожим нь өвгөн гэвштэн өөрөө (Сэнгээ ринбүчи) “Винай, Зод хоёрыг 14 жил тэмтрэн, бясалган хөөцөлдсөн хүн энэ их газар гэхэд (Түвд даяар) ганцхүү миний төдийхнөөр дуусах болой” гэж харамсан өгүүлж байжээ. Энэ цаг үеийн санваартнууд мөнхүү ховор, чухаг эрдмийг нягтлан, задлан үзэж судлахгүй, ганцхүү багшийн амаар дамжин шавьд очих учиртай тэр нарийн, нандинд нь хүрэлгүй, тэр нууц, чанад нь нэвтрэлгүй үлдэх бий хэмээн их гэвштэн эмзэглэж суусан нь тэр буйзаа…

Өвдсөн, шаналсан нэгний нүүр царайг харж, зовиурыг нь сонсох төдийд л учир юунд буйг шууд оношилж, тэр даруйдаа тарнийн зан үйлийг хөнгөхөөн гээч үйлдэн илаарь болгочихож чаддаг Сэнгээ гэгээнтний ид шидийг Лхас даяар шагшин хэлэлцэж, дээр дооргүй бахархан дурссаар иржээ. Өвчилсөн хүний судсыг барьж ч үзэлгүйгээр онош тавиад сэтгэлзүйн талын гэхээр засал, тарни мэтсээр илааршуулж чадна гэдэг бол ойлгох, тайлбарлахад хэцүү ч гэлээ Сэнгээ гэвштэний эрдэм, увдисыг хэн хүний нүдэн дээр баталж, нотолж ирсэн бодит жишээ, баримт юм. Нэн ялангуяа сэтгэл мэдрэл, хий, эрэндгийн талын гарвал, шалтагтай зовиурын хувьд Сэнгээ ринбүчитэй дүйцэх хүн үгүй байжээ. Ийм чадвар, тийм шидийг олтлоо суралцаж, гэгээрч,туршлагажиж, “далдыг илт болгон харж, хүршгүйг хүртэн мэдэрч ” амьд компьютер мэт болж хувирсан их гэвштэнг “нэгэн мэдээ, ганц баримтыг зуун мэдээ, зуун баримт болгож задлан тусгаж чадах төгс эрдэмт нэгэн ” гэхээс өөрөөр үнэлэх аргагүй ажээ. Энэ их хүний хойд дүрийг нэхэн тодруулж, мөнхүү их чадавхийг нь дахин бүтээх, ашиглахыг Түвдийн санваартнууд эрхэмлэн хичээж буй баримт ч цаанаа олныг өгүүлж байна. Лхасын Сэратэгчэнлин хийдэд Сэнгээ ринбүчийн бие лагшны алтадмал дүрийг бурханчлан бүтээж Дамдин-Янсан Ядамын хувилгаан хэмээн тахих болсон ч түүний өөрөө тодрохуйн эгэлгүй их чадавхийн нэгэн илрэл гэлтэй. ” Эгэлгүй их чадавхтан”гэгдэхээр хүн байдаг гэж үү? Тиймээ, тэгж нэрлэгдэхээр хүн байжээ, одоо ч байгаа, ирээдүйд ч байх болно. Хүний зөвхөн булчингийн хүч гэхэд л “ямаа өргөж даахгүй нэгэн байхад тэмээ өргөж даадаг “нэгэн байдаг. “Хорин метрээс цаашхыг харж чадахгүй нэгэн байхад шавар хананы цаадахыг нэвт хардаг нэгэн бас байжээ. Энэний учир юу байна вэ? Муур, арслан мэтийн араатан амьтад харанхуй шөнө өдөр мэт хардаг.Хэрэв хүний нүдний генд өөрчлөлт оруулж муурынх шиг болгочихвол хүн ч гэсэн харанхуйд харах болно. Хүний нүд гэрлийн долгионыг ашиглаж ажилладаг. Рентген туяаны долгионыг ашиглан ажиллаж чаддаг болгож генд нь өөрчлөлт оруулах аваас хүний нүд шавар хананы цаадахыг нэвт харж чадна. Радио долгионыг ашиглан хардаг нүд, сонсдог чихтэй амьтан байх боломж ч бодьтой юм. Ингэхлээр нүдний нь генд өөрчлөлт оруулж чадвал хүн муур мэт шөнө хардаг, бас бүргэд мэт хол хардаг болж чадах байна. Дулааныг мэдрэх эрхтэнд нь гений өөрчлөлт оруулбаас хүн могой шиг чадавхи олж халуун цустай амьтныг шөнө,өдөр алинд нь ч олж хараагүй байхдаа мэдэрч, таньж чадах юм. Энэчлэн хүний амтлах эрхтэнд өөрчлөлт оруулж түүний чадавхыг гоц сайн болгож болно. Тохиолдлоор ген нь мутацид /өөрчлөлт/ орсон учраас шар шувуу шиг хэт сонор хүүхэд төрж болох юм. Зохих чадварыг олсон, зохих чадвартай төрсөн Германы Вольф Мессинг шиг хүний нууц ид шидийг өнөөдөр гэхэд шинжлэх ухааны холбогдох салбарууд тайлж, таньж чадаагүй байгаа билээ.

Хүмүүс сэтгэн бодох чадав­хаараа ч их өөр өөр, ялгаатайтөрдөг, ялгаатай болж хувирдаг. Гоцгойд чадавхтай төрсөн, эсвээс гоц гойд чадавхыг суралцаж, мэрэгшиж, эрдэм ухаанаар олж авсан хүний хувьд өвчин туссан хүн огт өөр үнэртэй болж,огт өөр биеийн халуунтай болж, огт өөр дуутай болж, юу нь яачихаад байгаа нь илхэн, тодхон ойлгогддог байж ч болох юм. Буддын гүн ухаанаар ул сууриа хийсэн, “эх болсон зургаан зүйл бодис, хамаг амьтанд тус болох их таван ухаанд ” төгс боловсорсон, дээр нь хүний сэтгэл мэдрэлд нөлөөлж эмгэг, эрэндгийг засаж чадах сурц, увдисыголж тарни, шившлэг, хар домын гэгдэх ухаан, илбэ шидэд мэрэгшсэн гоц чадвартан, их мэдлэгтэн хүмүүс болох хутагт, хувилгаад, гэгээнтэн нарын дунд үнэхээрийн ер бишийн хүмүүс байсан нь үнэн. Чухам тийм гоц гойд чадавхтаны нэг нь Сэнгээ гэвш байжээ. Ийм чадавхыг тэрээр суралцаж, судлаж, бясалгаж, нэгэн үзүүрт сэтгэлийг барин хичээн зүтгэж, олон арван жилийн нөр их хөдөлмөрөөр, оюун сэтгэхүйн дасгал сургуулилтаар олж авчээ. Нэгэнт олж чадсан, бодьтой болж хурцлагдсан ид увидсаараа тэрээр Түвдийн хүн зонд тус болж, зовлонгоос илтээр ангижруулж, “Монгол гэгээнтэн” гэх цуу ихтэй алдар, хүндийг үүрчээ. Тиймдээ ч Лхас дахь бурханы шашны ихэс дээдэс дундаас шалгарч Сэра хийдийн 69 дэх хамбаар тодорчээ.

Сэнгээ гэгээнтэн харь оронд сууж, хавь орчиндоо алдаршиж, хамбын алба хашиж, хамгаа шашин суртлын хэрэг, буяны үйлсэд зориулан зав зайгүйбайсан хэдий ч эх орон, нутаг усаа санасаар, эрдэм чадлаа Монгол түмэндээ зориулах өдрийг хүсэнхүлээсээр л байжээ. “Би нутгийнхаа Тариатын хүрээг сэргээж байгааг сонсоод дуган сүмд хэрэг болох бүхнийг бэлдчихсэн, Халхын ногоон дугандаа хураачихсан байгаа. Бас сүм дуган шинээр барих, сэргээхэд зориулж мөнгө хөрөнгө ч өргөнө. Харин энэ бүхнээ Монгол руу илгээх арга замаа одоогоор сайн олохгүй байна ” гэж Сэнгээ гэгээнтэн ярьж байжээ. Монголчуудын дундаас сод ухаантан, гоц авъяастан, далдыг харагч рентген нүдтэн, өнгөрснийг тодруулагч их мөрчин, ирээдүйг зөгнөгч билэг оюунтан, учраа бүхнээ сөгдүүлэгч их бөх, онилсон бүхнээ авлаач их харваач, учир бүхнийг тайлагч их философичид цаг цагтаа төрөн гарсаар, дэлхий даяхнаа гайхагдан бишрэгдсээр ирсэн түүхтэй. Эгэлгүй их билэг, авъяасыг нь таньж, тэмдэглэн үлдээж чадаагүй нууцлагдан үлдсэн хүмүүс ч бас цөөнгүй. Ар халхын зөвхөн ганц аймгийн ганц хошуунаас сүүлийн 200 гаруй жилийн дотор төрөн гарсан хутагт, хувилгаад гэхэд л дараах хүмүүсийг нэрлэж болох юм. Тэд бол Сайн ноён хан аймгийн Далайчойнхор вангийн хошууныхан. Үүнд:

1. Тэнгэрийг тэтгэсний 22 дугаар онд (1757) Хамба номун хан хутагтын V дүр, гадаад Монголд тодорсон анхны дүр Эрдэнэ номч цорж Агваангончиг

2. Төр гэрэлтийн нэгдүгээр онд (1821) Ялгуусан хутагтын XIV дүр, гадаад Монголд тодорсон VI дүр нэвтэрхий сайн самади багш Лувсансамадав

3. Төр гэрэлтийн есдүгээр онд (1829) Хамба номун хан хутагтын VI дүр буюу гадаад Монголд тодорсон II дүр Эрдэнэ номч цорж Лувсансандаг-Одсэр

4. Бадаргуулт төрийн 19-р онд (1893) Хамба номун хан хутагтын VII дүр буюу гадаад Монголд тодорсон III дүр Эрдэнэ номч цорж Жамбалдорж

5. Олноо өргөгдсөний тавдугаар онд(1915) Ялгуусан хутагтын XVI дүр, Богд хаант Монгол Улсад тодорсон VI дүр Ялгасан гэгээн Чимэдцэрэн

6. Өвгөн гэсэр ламхэмээх Тойн Эрдэнэ Чүлтэмжамц

7. Дорно дахинаа алдаршсан их Маарамба Лүнрэг Дандар гэх бүрэн бус тоо ба нэрс дурдагдах боломжтой байна. Гэтэл өнөөгийн бид эдгээр номч лам нарынхаа юу юу бүтээж туурвисныг нь бүртгэж ч үзээгүй, судалж ч чадаагүй, хэрэг болох үнэт зүйлсийг нь авч ашиглаж ч амжаагүй хэрнээ харь хэлнээс ганц хоёр ном орчуулж “таван цаас”олсоор л сууцгааж байна шүү дээ….

Бурханы шашинтнуудын ёс, жаяг, зан үйлийн уламжлал болон шинэчлэлийн асуудлууд, мөн Буддын гүн ухааны эртний хийгээд хожуу үеийн суурь үзэл, баримтлалын асуудлуудаар туурвисан бүтээлүүд нь Түвд, Энэтхэг, Балба даяар нэр зард гарч чухалчлагдах болсон Сэнгээ гэгээнтний намтрыг шавь нар нь “Чандмань эрдэнийн эрх” нэртэйгээр Түвдэд, хожуухан нь “Саран чандманийн толь”нэртэйгээр Энэтхэгт хэвлүүлжээ. Сэнгээ гэвштэний Түвдэд өнгөрүүлсэн 65 жилийн амьдрал, үйл ажиллагаа бол хэн хүнд хүндлэл ба бишрэл тө­рүүлэхээр жинхэнэ ариун явдалтны үйл хэрэг, жинхэнэ гэгээлэг, оюунлаг санваартны зам мөр байсныг шавь нар нь бахархан өгүүлжээ. Балба, Энэтхэгийн шашин номын ихэс дээдэс Сэнгээ гэвштэнийг удаа дараа урин залж Дүйнхорын ван, Янсангийн ванг айлтгуулж монгол гэгээнтний билэг, оюуныг бишрэн олон олон номч лам нар түүнд шавь орж байжээ. Энэ цагийн Монголчуудын сайн мэдэх Бакула ринбүчи “Сэнгээ хувилгаан бол XIV Далай ламын, мөн миний ч багш” хэмээн бахархан өгүүлж байсан ажээ. АНУ болон бусад олон оронд тодорсон хувилгаан, ринбүчи нар Сэнгээ гэвшийг багшаа хэмээн хүндэтгэдэг байна. Дамдин-Янсангийн авшгийг Сэнгээ гэвшээс авсан Жадо ринбүчи, Пари ринбүчи, Зопа ринбүчи мөн Одсэр, Дэнгээ, Дадан, Бари, Кэцан, Үржинцэдэн, Шова ринбүчи нарын олон ихэс дээдэс ч энэхүү Монгол хувилгааны шавь нар юм. Энэ бүхнээс үзэх ахул Сэнгээ гэвштэн бол аргагүй л Бурханы шашны ихэс дээдэс дундаас ХХ зуунд тодорсон,мон­гол хутагт, хувилгаадаа өнгөл­сөн, манлайн баясгалан мөн болно. Чухам иймийн учир Монголын сүсэгтэн олон хийгээд лам хуваргууд Сэнгээ ринбүчийг “Зууны их Гэгээнтэн” хэмээн албан ёсоор нэхэн өргөмжлөвөөс зохих болов уу. Түвд, Энэтхэг, Балбын лам хуврагууд ч ийнхүү өргөмжлөхийг дэмжих нь тодорхой билээ. Аливаа сод, их хүмүүн бол, төрж төлөвшсөн нийгмийнхээ, түшиж тэтгүүлж өссөн зон олныхоо хүү, бүтээгдэхүүн байдаг. Олон олон бүтээгдэхүүн дундаас онцгойрон бүтсэн, бүтээгдсэн “Манлай бүтээгдэхүүн” (Брэнд) гэж бас бий. Тэгвэл Сэнгээ гэвштэн бол Монголын Бурханы шашны томчууд дундаас товойн тодорсон их хүн, зууны гэгээнтэн, ” Брэнд бүтээгдэхүүн” мөн болно.

Мэдлэг, чадвараараа, суу оюунаараа нэр, зард гарсан хүмүүсээрээ аль ч улс үндэстэн бахархдаг нь хорвоогийн жам билээ. Тэгвэл дэлхийн хэмжээнд, тивийн хэмжээнд, нэгэн мянган жилийн хэмжээнд, мөн ХХ зууны хувьд бахархах, дээдлэх, дууриах хүмүүс Монголчууд дотроос олон гарчээ. Монголчуудад Чингис хаан хэмээх Мянганы хүн бий. Дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн Мянганы хүнтэй өөр улс орон, ард түмэн одоохондоо байхгүй. Чингис хаан гэх түүхэн бие хүн бол Монголын ард түмний нэгэн үнэт эрдэнэ, “Брэнд бүтээгдэхүүн”, нийтийн тооллын хоёрдугаар мянганы хэмжээн дэх ижил гэж үгүй том Лидер, хаадын хаан юм. Мянган жилийн цар, хэмжээнд онцгойрон тодрох гэдэг бол хосгүй чадвар, эгнэшгүй ухаан, мятрашгүй хичээл зүтгэл, давтагдашгүй амжилтыг гэрчилсэн үзүүлэлт билээ.

Шашин судлал, шашин суртлын үүднээс үзэх юм бол Монголчууд бидэнд бас зуун зууны гэхээр Брэндүүд, зуундаа онцгойрон тодорсон бүтээгдэхүүнүүд бас бий.Зөвхөн ХХ зууны хувьд гэхэд л Монгол лам нарын дотроос гоц чадалтан гэгдсэн олон хутагт, гэгээнтэн тодорчээ. Тэдний заримын нь үйл ажиллагаа, нэр нөлөө бүр улс үндэстэн дамнасан, тивүүд дамнасан шинжтэй ч байжээ. Тод жишээ гэвээс Сэнгээ хувилгаан, Дилав хутагтыг нэрлэж болох юм. Нилээн эртний жишээ гэх аваас Богд Зонховыг (1357-1419) ч Монгол гаралтай гэдэг. Мөн IV Далай ламаар (1589-1616) тодорсон Монгол Дээрхийн гэгээнтэн ч бас байжээ.

“Мянганы хүн” гэж хүлээн зөвшөөрөгдсөн Чингис хаан гэх “Брэндийг” Монголчууд бид тун сулхан, бүр зохисгүй гэхээр ашиглаж ирлээ. Манай өвөрлөгчид л харин энэ тухайд биднээс илүү сайн ажиллаж,ашиглаж байна.

Зууны ламтан, зууны гэгээнтэн, зууны шилдэг хувилгаан, их гэвштэн гэх энэ чухал “Брэндийг” харин анхнаас нь, одооноос ихээхэн ухаалаг ашигламаар байна. Сэнгээ гэвштэн чухам л ХХ зууныг оюун чадлаараа алдалж, энэ зуун дахь шарын шашиныг атгаж, өөрөө тодорч, нэгэн Соёмбо болж гарч иржээ. Тэрээр үнэхээр л ХХ зууны шарын шашны нэгэн ижилгүй цуутан мөн юм.

Мэдлэг оюун, нэгэн үзүүрт сэтгэл, зүтгэлээрээ Түвд, Энэтхэг, Балба, Монгол дахинаа нэр зард гарсан, бурханчлагдан шүтэгдэх болсон энэ гэгээнтний нэр, нөлөө цаашид үргэлжлэн дуурсахад нь шавь нар, нөхөд, төрөл садан, нэг нутгийнхан нь санаа тавих, туслах ёстой. Зууны хувилгаан, зууны гэгээнтэн, их гэвштэн гэх энэ “Брэнд бүтээгдэхүүн” нь Монголчууддаа их зүйл өгөх бололцоотой юм. Шашин сүсэгийн талаар ч тэр, аялал, жуулчлал-бизнесийн утгаар ч тэр, бас Монгол хүний чадварлаг, оюунлаг төрөлх шинжийг сурталчлах, таниулах хэрэгт ч тэр Зууны Гэгээнтэн-Сэнгээ гэвштэний гүйцэтгэх үүрэг тун ч их байх боломжтой.

Лам хуврагийн ёс зүй, цааз суртлын (Винай) уламжлал ба шинэчлэлийг шүтэлцүүлэн үзэж, засамжлан зохиосон судар, мөн амьгүй хийгээд амьд байгалийн үүсэл, хувьслын талаарх Дорнын сэтгэлгээний хожуу үеийн үзэлтийн утгыг тайлсан судар зэргийг Сэнгээ гэвштэн бичиж, Цаст түвдийн Их, Багахоёр зуу, Сэра, Брайбүн, Галдан гурван хийдэд тус тусаар айлдвар, сургаалаа номлож байсан нь нэн эрхэм өв болон үлдсэн байна. Ер Сэнгээ гэвштэний бүхий л ном, бүтээлийг цуглуулан авч монголчлох, тараах, судлах нь бурханы шашин суртлын түүхийн үүднээс төдийгүй бас шарын шашны цаашдын оршил, хөгжлийн явцад ч ихээхэн ач холбогдолтой болох билээ.

Оюунлаг хүмүүс, гэгээрсэн сод, тод хүмүүс бол үндэстний бахархал, тухайн ард түмний дундаас тодорсон “Брэнд бие хүн” юм.Сэнгээ ринбучийн Лхас хүртэл туулсан урт, бэрх зам, харь хэл сурах, харь хэл дээр суралцах бэрхшээл, хэдэн арван жил дамнан үргэлжилсэн нөр их оюуны хөдөлмөр, гэгээрэх, боловсрох чигт бүхнийг огоорон гаргаж чадсан ижилгүй зүтгэл, нэгэн үзүүрт хатуу сэтгэл, түүний туурвисан чансаа өндөртэй ном, бүтээлүүд, сүсэгтэн олноос хүлээсэн нэр алдар, итгэл хүндлэл, амьд бурхан хэмээгдсэн үнэлгээ, эцэс сүүлдээ нэрд гарсан том хийдийн (Лхасын Сэра) шүтээн болж мөнхөрсөн төөрөг заяа, хойд дүр нь тодрон уламжлагдсан хувь тавилан, үл тасрах ирээдүй-энэ бүхэн нь хэнд ч сургамжтай, амьд жишээ болохоор, шилэгдмэл оюунлаг мэргэдийн дундах том “Брэнд” мөн болно. Энэ гэгээнтний Түвд болон Монгол хэл дээр туурвисан ном, бүтээл, тайлбар толь, айлдвар, сургаал, бэрх хүнд нөхцөлд хэрэгжүүлж чадсан зарим шинэчлэл зэргийг агуулсан, үзүүлсэн бүрэн цуглуулгатай болох, гэр музей байгуулах, сүсэгтэн олны мөргөх, сүсэглэх орчин, нөхцлийг үүсгэх, жуулчид, сонирхогчдын саатах бааз, судлаач, шинжээчдэд үйлчлэх номын сан, архив зэргийг Их Гэвштэний төрсөн нутагт нь буй болгож ажиллуулах хэрэгтэй байна.

Иргэний боловсрол ба шашны боловсрол хоёр ойртох, нийлэх хандлагад орсон өнөөгийн бодит байдалд, ер XXI зууны гэгдэх өвөрмөц хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн Сэнгээ гэгээнтний өв,уламжлалыг алс хойчийг сайтар тооцох байр, сууринаас Ази дахинаас шүүрдэн цуглуулах, судлах, улмаар дэлхий нийтэд сурталчлах хэрэгтэй. Удахгүй тохиох 110 насны нь ойгоор Их Гэвштэний амьдрал, үйл ажиллагаа, бүтээл туурвилд зориулсан эрдэм шинжилгээний хурал зохиож,тэнд тавигдсан илтгэлүүд, хэлсэн үгсийн эмхэтгэлийг ном болгож нийтэд түгээх шаардлагатай байна. Эрдэм шинжилгээний хуралд наад зах нь Түвд, Энэтхэг, Балба, Буриад, Халимаг, Хятад, Монголын судлаачид, лам нар оролцох бололцоотой.

Бурханы шашин, Буддын гүн ухааны суртлыг Монголчууд анх Түвдийн лам нараар дамжуулан авсан хэдий ч мөнхүү шашин сурталд ихэд боловсорч гэгээрсэн Монгол лам нар XVII зууны орчмоос эхлээд л эргээд Түвдийн лам нарт багшлах, тэдний томчуудтай ном хаялцан чацуурах, дийлэх нь байнгын гэхээр үзэгдэл болсон байв. Түвдийн гол, төв хийдүүдэд шавилан сууж өндөр алба хашдаг, багшилдаг, ном эрдмийн зарим салбар, чиглэлээр тэргүүлдэг, ахалдаг Монгол ринбучи нарын тоо мөн олширчээ.

Ер бурханы шашины хэрэгт, тэр дундаас Түвд дахь бурханы шашны эгзэг ээдрээтэй үеийн (1959 он-1993 он) хувь заяанд Сэнгээ гэгээнтний гүйцэтгэсэн үүргийг түвд лам нар төдийгүй, Түвдийн ард түмэн мартахгүй бизээ.

Залгамжлагчаа, шавь нараа бэлдэх хэрэгт чтэрээр санаа тавьсаар иржээ. 1993 он гэхэд бүрэн бус баримтаар түүнд Түвд, Энэтхэг, Балбын 11 том хувилгаан шавь орж Дамдин-Янсан бурхны ван, лүн, абшиг хүртжээ.

Сэнгээ ринбүчийн сойвон асан “Түвдэд шашин, ном эзэнгүйдэн доройтож эхэлсэн маш хүнд үед багш маань их хэргийн замч нь болж Түвдийн бурхан шашныг тэр бэрх цагт хөтөлж гарсан юм. Мөн ч их тусыг бүтээсэн гэвш дээ” хэмээн дурсчээ.

1986 онд XIV Далай лам Сэнгээ гэвшийг залж түвдийн мэргэдэд Дамдин-Янсан бурханы увдисыг хүртээлгэжээ. Монголчууд бидний сайн мэдэх болсон Жадо ринбүчи тэр үеэс эхлэн (тэр үед 32 настай байв) Сэнгээ Гэгээнтнээс Дамдин-Янсан тэргүүтэн бурхдын нууц увдист хичээн суралцсаар нэгэн залгамжлагч нь болж чаджээ.

Бурханы шашин, буддын гүн ухааны суурь, тулгуур асуудлуудаарх үзэл, онолоо түвд хэл дээр туурвиж байсан монгол лам нарын тоо хагас мянга хүрэх ба Түвдийн олон хийдэд лам нар монгол мэргэдийн бичсэн сурах бичгүүдийг гол судлагдахуун болгож ирсэн түүхтэй ажээ. Дамдин-Янсан бурхны номын гурван аймгийг Дамцигдорж хэмээх монгол лам зохиомжлон эмхэтгэсэн нь өнөө үед ч сургалтын чухал хэрэглэгдэхүүн болсоор буй. Энэчлэн дурдах аваас хэдэн зуун жишээ, баримт нэрлэгдэх болно.

XIV Далай лам гадаад руу дүрвэн одсоноор Түвд дахь Бурханы шашин суртал, Буддын гүн ухаан зогсонги, идэвхигүй байдалд орох, зарим талаар хавчигдаж уруудахад хүрсэн эдүгээ цагт Монгол улс нь Бурханы шашин, Буддын гүн ухааны нэгэн чухал төв болж хувирахад болохгүй гэх газаргүй болоод байна. Далай ламтан ч эл байдлыг болгоож, тооцож үздэг юм уу гэхээр санагдах болжээ. Ингэхлээр Сэнгээ гэвштэний төрсөн нутаг Архангай аймагт түүний өв сан дээр суурилсан судар номын нэгэн өргөө, төв байх нь зүйтэй бололтой.

Дургүй бандид дарж байж сахил хүртээдэггүйгэдэг. Тэгэх аваас тэрээр шашны нэр хүндийг гутаагч болдог ажээ. Харин дур сонирхолтой, хичээл зүтгэлтэй, монгол эр хүний тэвчээр хатуужилтай, монгол угсаатны оюунлаг чадавхтай, “хат ба ир нь гүйцсэн” хутга мэт сондгой Сэнгээ Ламтан “Бурхны ном хормойгоосоо эхлээд шатлан хүндэрсээр оройдоо хүрэхдээ тарни, ид шид, увьдсын учир ухаанд хүрч төгсдөг ” гэх тэр жамын замын уртыг төөлж, алдалж туулаад “томчуудаас томорч, ихсээс дээдлэгдэж, ид увьдсыг ч олж, дээш дэгдэн алдуурч хөөвч гүйцэгдэмгүй болон төгсгөжээ. Их хүмүүн ийм л мөр, зам үлдээх жамтай билээ.

Судлаач, профессор Д.ЧУЛУУНЖАВ

Categories
мэдээ нийгэм

Та саналаа амжиж өгсөн үү?

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Монгол Улсын 2015-2016 оны хөгжлийн замаа хамтдаа сонгоё” нэрийн дор иргэд олон нийтээс мессежээр санал авч байгаа билээ. Энэхүү санал асуулга 2015 оны нэгдүгээр сарын сарын 31-нээс эхлэн гурав хоног үргэлжилж, өнөөдөр дуусах юм.

15151111 тусгай дугаараас ирсэн мессежинд та хариугаа “1” эсвэл “2” гэсэн тэмдэгтээр илгээх ёстой ба өөр хариулт илгээсэн тохиолдолд саналыг хүчингүйд тооцох юм байна.

Нэг дугаараас санал асуулгад зөвхөн нэг санал өгөх эрхтэй. 15151111 дугаарт мессеж илгээхэд үнэгүй бөгөөд таны гар утас нэгжгүй байсан ч мессеж явах боломжтой аж.

Дашрамд санууулахад, санал асуулга эхлэхээс 7 хоног буюу түүнээс бага хугацааны өмнө шинээр авсан дугаараас болон гадаадын үүрэн холбооны операторын хэрэглэгч санал өгөх боломжгүй юм байна.

Categories
мэдээ спорт

Зөвхөн эрчүүдийн олимпийн наадамтай болох уу?

Саудын Араб зөвхөн эрчүүд л оролцож болох Олимпийнй наадмыг зохион байгуулах тухай санал санаачлага гаргаад байгаа юм байна. Харин Бахрейн улс энэ цаг мөчид мөн л зөвхөн эмэгтэйчүүд оролцож болох Олимпийн наадмыг зохион байгуулах тухай санаачлагаа Олон улсын Олимпийн хороонд илгээхээр болсон тул Саудын Арабынхан Бахрейн улстай нэгдэж хүн төрөлхтөний эв нэгдлийн баяр спортын наадмыг хүйс харгалзан зохион байгуулах санаачлагаа илгээхээр болж байгаа юм байна. Гэхдээ Олон улсын Олимпийн хорооны

тэргүүн Томас Бах хүйс, шашин шүтлэгээр нь ялгаварлан спортын тэмцээн уралдааныг зохион байгуулах боломжгүй гэсэн байр сууриа илэрхийлнэ гэсэн мэдээллийг урьдчилсан байдлаар хэвлэлийнхэн өгч байгаа юм. Саудын Арабт спортын аливаа нэг наадамд эмэгтэйчүүдийг оролцохыг нь хориглодог учир 2012 оны Олимпийн наадам хүртэл Саудын арабаас зөвхөн эрэгтэй тамирчид Олимпийн наадамд оролцсоор ирсэн юм. Харин Лондонд болсон Олимпийн наадмын өмнө Олон улсын Олимпийн хороо шахалт үзүүлсний нөлөөгөөр тус улсаас анх удаа 2 тамирчин тодруулбал, хөнгөн атлетикийн тамирчин Сара Аттар, жүдоч Воджан Шахрхани нар энэ наадамд оролцсон түүхтэй юм.

Categories
мэдээ нийгэм

Үр тарианы урамшууллыг бууруулжээ

Тариалан эрхлэгчдийг дэмжих зорилгоор улсын төсвөөс 14 аймгийн 67 сумын 908 иргэнд 24 тэрбум 727 сая төгрөгийг олгож буй юм. Одоогийн байдлаар 400 гаруй иргэн, аж ахуйн нэгжийн дансанд зохих мөнгийг нь шилжүүлсэнийг ХХААЯ-наас мэдэгдлээ.
ХХАА-н сайдын тушаалын дагуу өчигдөр “Тариалан эрхлэлтийг дэмжих сан”-гийн дансанд Сангийн яамнаас мөнгө шилжүүлсний дагуу санжүүжилтийг олгож эхэлсэн байна. Харин Тариалан эрхлэгчид 100 мянган төгрөгийн урамшууллыг 70 мянга болгож бууруулсанд гомдолтой байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Ноён уулыг савдгийг сэрээх зан үйл Чингэсийн талбайд болов

“Босоо хөх Монгол” ТББ, “Гал үндэстэн холбоо”, “Бөөгийн холбоо” зэрэг байгууллагууд хамтран Ноён уулыг аврах, тус уулын савдаг, эздийг сэрээх зан үйлийг Чингисийн талбайд үйлдлээ. Сэлэнгэ аймгийн Мандал суманд орших Ноён уулын бүс дэх Гацууртын алтны ордыг стратегийн орд газар болгохыг эсэргүүцэж байгаа юм байна. Мөн өнөөдөр талбай дээр 50 бөө, удган бөөлөх байсан ч жагсаал цуглаан зохион байгуулах зөвшөөрлөө аваагүй учраас цагдаагийн байгууллага бөө нарыг талбай руу оруулаагүй гэсэн юм.

Categories
мэдээ улс-төр

Хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын тухай тогтоолын төслийг дэмжив

УИХ-ын 2015 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай тогтоолын төслийг дэмжив

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2015.02.03/ хуралдаан 10 цаг 30 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, таван асуудал хэлэлцэн шийдвэрлэхээр тогтов.

Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Нутгийн удирдлагын дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудал хэлэлцэж, тус дэд хорооны бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Н.Батбаяр, С.Баярцогт нарыг нэмж оруулахаар АН-ын бүлгээс гаргасан саналыг дэмжлээ.

Дараа нь Дэд хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцлээ. Тус байнгын хорооны харьяа Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны даргад УИХ-ын гишүүн О.Содбилэгийн, Нутгийн удирдлагын дэд хорооны даргад УИХ-ын гишүүн Н.Батцэрэгийн нэрийг тус тус дэвшүүлсэн юм. Дэд хорооны даргыг сонгох асуудалтай холбогдуулан байнгын хорооны гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд нэр дэвшигчдийг дэд хорооны даргаар сонгохыг хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр дэмжлээ.

Мөн энэ өдрийн хуралдаанаар Ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ. Байнгын хорооны өмнөх хуралдааны үеэр гишүүдээс гаргасан саналын дагуу Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн М.Батчимэгээр ахлуулан УИХ-ын гишүүн Н.Батбаяр, Су.Батболд, О.Содбилэг, Г.Уянга нарын бүрэлдэхүүнтэй байгуулахаар тогтов. Хуулийн хэрэгжилттэй танилцсан тухай танилцуулга болон хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийг энэ оны 4 дүгээр сарын 20-ны дотор боловсруулж Байнгын хорооны хуралдаанд танилцуулахыг Ажлын хэсэгт үүрэг болгохоор уг тогтоолын төсөлд дурдсан байна. Байнгын хорооны тогтоолыг батлахыг хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй дэмжсэн юм.

Байнгын хорооны энэ удаагийн хуралдаанаар “Улсын Их Хурлын 2015 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. Тус байнгын хорооны дарга А.Бакей тогтоолын төслийн талаарх танилцуулгадаа, Улсын Их Хурлын 2015 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөлд тусгуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгч 11; Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 13; Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо 1; Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо 5; Төрийн байгуулалтын байнгын хороо 6; Төсвийн байнгын хороо 8; Эдийн засгийн байнгын хороо 7; Хууль зүйн байнгын хороо 6; мөн УИХ дахь Ардчилсан намын бүлгээс 35; Монгол Ардын намын бүлгээс 12; МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгээс 25, Засгийн газраас 60 гаруй төсөл санал болгосон байна. Түүнчлэн УИХ-ын гишүүн С.Оюун, Д.Ганбат, Х.Болорчулуун нараас 8 санал тусгайлан ирүүлсэн.

Улсын Их Хурлын 2015 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай тогтоолын төслийг боловсруулахдаа өргөн мэдүүлээгүй боловч хуулиар хэлэлцэх хугацааг заасан хууль, тогтоолын төслүүд; УИХ-д өргөн мэдүүлсэн болон хэлэлцүүлгийн шатанд байгаа төслүүдээс холбогдох Байнгын хороод нь эхний ээлжинд хэлэлцүүлэхээр санал болгосон төслүүд; өргөн мэдүүлээгүй боловч УИХ-ын даргын захирамжаар төслийг боловсруулж өргөн мэдүүлэхээр хугацаа заасан төслүүдийг жагсаалтад нэр зааж тусгах зарчим баримталсан. Тогтоолд зааснаас бусад хэлэлцүүлгийн шатанд байгаа болон УИХ-д өргөн мэдүүлсэн хууль, бусад шийдвэрийн төслийг ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд оруулахдаа Байнгын хороодын саналыг үндэслэн УИХ-ын дарга шийдвэрлэж байх нь зүйтэй гэж үзлээ гэдгийг хэллээ.

Өнөөдрийн байдлаар УИХ-д өргөн мэдүүлэгдсэн нийт 119 хууль, тогтоолын төсөл байгаагаас хэлэлцүүлгийн шатанд 68, хэлэлцэж эхлээгүй 51 төсөл байгаа аж.

Байнгын хорооны даргын танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн М.Батчимэг, Р.Гончигдорж, С.Бямбацогт нар асуулт асууж тодруулсны дараа байнгын хорооны гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулж шийдвэрлэсэн юм. Тухайлахад, УИХ-ын гишүүн С.Бямбацогт Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай, Худалдааны тухай хуулийн төслүүдийг, УИХ-ын гишүүн С.Баярцогт Төрийн албаны тухай, Зөрчлийн тухай болон Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын төслүүд, Казиногийн тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай, Аудитын тухай, Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөл болон Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг жагсаалтад нэмж оруулах санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжив.

Улсын Их Хурлын 2015 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөлд хуулиар хэлэлцэх хугацааг нь заасан хууль тогтоомжийн төслүүдээс гадна Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай, Хяналтын тухай, Нийтийн сонсголын тухай, Ирээдүйн өв сангийн тухай, Гэр бүлийн тухай /шинэчилсэн найруулга/, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай /шинэчилсэн найруулга/, Монгол Улсын сонгуулийн нэгдсэн хуулийн төсөл, Улс төрийн намын тухай, Улс төрийн намын санхүүжилтийн тухай зэрэг хуулийн төслүүд, түүнчлэн Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах цогц бодлого батлах тухай, Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичгийг батлах тухай, Төрөөс шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслүүд зэрэг хууль тогтоожийн төслүүдийг хэлэлцэхээр нэр зааж тусгасан байна гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.