Categories
мэдээ цаг-үе

Ч.Хүрэлбаатар: АН 2012 онд яаж халаа сэлгээ хийсэн, түүнийг нь хийж л таарна

УИХ-ын гишүүн Ч.Хүрбаатартай ярилцлаа.

-Та нарын гишүүд МАН засагт хамтрахыг эсэргүүцэж байсан ч намын тань олонхи шийдвэрээ гаргасан. Тухайн үед зарим нь намаасаа гарах тухай ч сонстож байлаа?

-Би Ардын нам засагт хамтрах шаардлагагүй. Сөрөг хүчний үүргээ гүйцэтгэж явах нь улс төр, эдийн засаг, нийгэмдээ хэрэгтэй гэсэн байр суурьтай байсан. Намын Бага хурал дээр энэ байр суурийнхаа дагуу эсрэг санал өгсөн. Намын олонхийн гаргасан шийдвэрийг хэрэгжүүлж явах дүрэмтэй. Нэгэнт Бага хурлаас “Хамтрах нь зүйтэй” гэж үзсэн учраас асуудал шийдэгдсэн. Би өөрөө НАМ-ын Удирдах зөвлөлийн гишүүн, намын нарийн бичгийн дарга хүн. Бид Н.Алтанхуягийн Засгийн газрын алдаатай бодлогыг хэлж шүүмжилж байсан. Гэхдээ хамтрахын үүднээс шүүмжлээгүй.

-МАН засагт хамтарснаар ямар гавьяа байгуулах юм?

-Анзаарсан бол манайх үндсэн чиг үүргийн буюу бодлогын яамдыг УИХ-ын гишүүн хавсарч хийж болно. Засгийн кабинетийн бусад гишүүн гаднаас томилогдох ёстой гэж байсан. Яг тэр зарчмаараа манайх зургаан сайдаа томиллоо. Өөрөөр хэлбэл УИХ нь УИХ шиг, Засгийн газар нь засаг шиг ажиллах ёстой гэсэн байр суурь дээрээ хатуу байгаа. Ингэснээр Засгийн газрын алдаатай бодлогыг УИХ-ын гишүүд нь хэлж, засч явах болно гэсэн үг.

-МАН засагт орж улс төрийн нөхцөл байдал өөрчлөгдсөн учраас эдийн засаг дээрдэх үү гэдгийг л асуугаад байна?

-Ч.Сайханбилэг Ерөнхий сайдаар томилогдсоноосоо хойш 14 хоногийн дараа кабинетаа бүрдүүллээ. Миний эхний хүлээж байсан асуудал бол Төсвийн тодотголыг их хариуцлагатай оруулж ирэх байх гэж үзэж байсан. Гэтэл төсвийн тодотгол хамгийн хариуцлагагүй орж ирж байна. Яагаад гэвэл тэнд байгаа тооны ихэнх нь худлаа. Төсвийн орлого нэг их наяд 19 тэрбум төгрөгөөр тасарна гээд бичсэн байна. Өөрөөр хэлбэл нэг их наяд 19 тэрбум төгрөг огт орж ирэхгүй мөнгө. Тэгсэн хэрнээ төсвийн зардал хэвээрээ байгаа юм. Орлого хасагдвал зардал хасагдах ёстой. Ингээд нэг их наяд төгрөгийн зардлыг санхүүжүүлэхгүй бол 2015 онд өр болон шилжээд нөгөө эдийн засгийн хүндрэлийг шийднэ гэдэг маань алга болчихно гэсэн үг. Туйлын хариуцлагагүй оруулж ирснийг нь хэлж, шүүмжилж байгаа. Өөрөөр хэлбэл худлаа төсөв баталдаг байсан, хэвээрээ үргэлжлэх юм байна.

-Төсвийн тодотголыг МАН-аас томилогдсон Ж.Эрдэнэбат гишүүн өргөн барьсан шүү дээ?

-Ж.Эрдэнэбат Сангийн сайдаар томилогдоод нэг хоноод өргөн барилаа. Тэгэхээр Ж.Эрдэнэбат сайд ямар санхүүтэй төсөв авчихав. Эдийн засаг ямар байгаа гэх зэрэг тодорхой мэдээллйиг ирэх баасан гаригт өгөх байх. Тодорхой, бодит мэдээллийг өгөөрэй ч гэж захисан. Хамгийн гол нь одоогийн нөхцөл тийм амар биш байгаа. Өмнө нь хамаг зүйлээ нуугаад хэлдэггүй байсан ш дээ. Одоо эдийн засгийн олон бодит үзүүлэлт гарч ирэх байх гэж найдаж байгаа.

-Тэгвэл одоо эдийн засгаа сэргээхийн тулд яах ёстой вэ?

-Эдийн засагт гаргасан алдаануудаа засах ёстой. Төсвийн бодлого, мөнгөний бодлогын алдаагаа засах ёстой гэсэн үг. Яамдууд нь яам шиг ажилладаг болох ёстой. Өмнө нь яам төрийн байгууллагын түвшинд хэвийн ажиллаж чадахаа больчихсон байсан. Энэ мэтээр алдаагаа яаралтай засаад явбал байдал дээрдэх боломж бий. Нэмээд хэлэхэд Олон улсын валютын сангийнхан ирсэн байгаа. Бид уулзсан. Ингээд Олон улсын валютын сантай хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх ёстой. З.Энхболд Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайд болгох гээд бүлэг дээр орж ирэхд нь энэ саналыг хэлж байсан. “Эдийн засгийн алдаа гаргачихлаа. Алдаагаа хамгийн хурдан засах арга бол Олон улсын валютын сантай хамтарч хөтөлбөр хэрэгжүүлэх. Энэ тохиолдолд хөрөнгө оруулагчдын дунд эдийн засаг бага зэрэг дээшилж магадгүй юм байна гэсэн итгэл нэмэгдэнэ. Өөр аргагүй” гэж хэлсэн.

-Валютын ханшийг бууруулах ажлыг МАН-ын зүгээс хийх болов уу?

-Валютын ханшийг хүмүүс их энгийнээр хүлээж аваад байгаа юм. Үүний ард Монгол Улсын эдийн засгийн суурь үзүүлэлтүүд нөлөөлнө. Хөрөнгө оруулагчид “АН, МАН нэгдчихлээ, одоо оръё” гээд ороод ирнэ гэсэн ойлголт биш гэдгийг ухаарах ёстой. Монгол Улсын эдийн засгийн суурь үзүүлэлтүүд ямар байна. Эдийн засагтаа хэрэгжүүлж байгаа бодлого ямар байна. Цаашид ямар байх нь вэ гэдгийг их харна. Хамгийн прогматик хүмүүс чинь хөрөнгө оруулагчид. Тэгэхээр төсвийн бодлого, мөнгөний бодлогоо засах замаар эдийн засгийнхаа суурь үзүүлэлтүүдийг сайжруулах ёстой. Хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлэх ёстой. Төрийн байгууллагууд ажиллах ёстой. Энэ ажлуудыг хийвэл жил зургаан сарын дараа эдийн засгийн хүрээгээ тэлэх боломж бий. Харин ам.долларын ханш бараг буухгүй дээ. Эдийн засгийн суурь үзүүлэлтүүд засагдах хүртэл асуудал шийдэгдэхгүй. Дээр нь Монгол Улсын валютын нөөц хэр байна гэдэг хамаарна. Бас Монгол руу оруулж ирж байгаа хөрөнгө оруулалт байхгүй, 2015 он хувийн хэвшлийн гаднаас авсан зээлийн эргэн төлөлтийн оргил үе бол 2017 он Засгийн газрын зээлийн эргэн төлөлтийн оргил үе болно. Эрдэс баялгийн үнэ өсөх магадлал тун бага. Ийм ийм нөлөөллүүд бий.

-Таны хэлээд байгаа бүхнийг хийчихвэл монголчууд бага зэрэг мөнгөтэй болж магадгүй гэсэн үг үү?

-Төсвийн бодлого, мөнгөний бодлогынхоо алдааг хэр зэрэг засах гэсэн хүсэл эрмэлзэл байна. Хэр зэрэг тууштай ажиллаж чадах нь вэ гэдгээс л хамаарна. Хэлж ярьж байснаасаа эргэж буцаад байвал хэзээ ч бүтэхгүй. Үнэндээ баахан мөнгөтэй болчихоор эдийн засаг сайжирчихна гэж үзээд байж бас болохгүй. 2012 оны дараа хамгийн их мөнгөтэй байсандаа. Нийтдээ 10 гаруй их наяд төгрөгийг зарцуулсан. Үр дүн нь өнөөдрийн нөхцөл байдалд хүргэлээ. Асуудал мөнгөндөө байгаа юм биш гэдгийг харуулж байгаа хэрэг.

-Ажил хийх хүсэл эрмэлзэл гэхээсээ илүү төр засагт ажиллаж буй хүмүүсийг хөрөнгө оруулагчид хардаг юм шиг ээ. Засгийн газрын бүрэлдэхүүн итгэл төрөхүйц байж чадаж байна уу?

-Би МАН-аас сонгогдсон сайд нартаа 100 хувь итгэж байгаа. Нөгөө талаас сонгогдсон сайд нарыг би мэдэхгүй. Бусад намынхан маань сайн ажиллах байлгүй дээ. Тэд хоёр жил гаруй эрх баригч байсан. Үлдэж байгаа хугацаанд хариуцлагатай хандах байх гэсэн бодолтой байна.

-“Шударга ёс” эвсэл, ИЗНН-ыг засагт хамтарсанд ямар байр суурьтай байгаа вэ. Танай намынхан эсэргүүцэж байх шиг байсан?

-Санаачлага гаргах эрх нь АН-д бий. Өөрөөр хэлбэл олон суудал авсан нам нь Ерөнхий сайдаа томилсон. Ерөнхий сайд нь УИХ-д суудалтай бүх намыг оруулна гээд заралчихсан. Тэгэхээр хэн завийг жолоодож явна тэр хүний үг хүчтэй. Завинд нь суучихаад ингэх ёстой гэж олон зүйл шаардах нь утгагүй.

-Одоо МАН 11 агентлаг, долоон дэд сайд, мөн хэмжээний Төрийн нарийн бичгийн дарга, улсын үйлдвэрийн газруудын 40 хувьд нь хүнээ томилно. Энэ томилгоо МАН-ын засаг унагах зорилго байсан юм биш үү?

-Дэд сайд, агентлагийг угаасаа авах ёстой. Авж л таарна. 2012 онд яаж халаа сэлгээ хийсэн бэ. Түүнийг нь хийж л таарна. Хийсэн арга замаар нь буцаагаад л ажиллана ш дээ. Ойлгомжтой асуудал.

-Өшөө авна гэж үү?

-Өшөө авалт биш. Нэгэнт л сайд нар нь тухайн салбарынхаа ажлыг сайжруулахаар очиж байгаа юм бол боловсон хүчинтэйгээ хамт ажлаа хийх ёстой. Шаардлага хангахгүй байгаа боловсон хүчин, улс төрийн томилгоогоор ирсэн төрийн албан хаагчдыг солих ёстой. Өшөө авалтдаа биш. Тэр нь эрүүл бөгөөд зөв шаардлага.

-Төрийн ажлын шаардлага хангахгүй гэдгийг яаж мэдэж, тодорхойлох юм?

-Хамтраад ажиллаад үзэхэд мэдэгддэг юм. Тиймээс энэ бүхэн хийгдээд явах ёстой. Н.Алтанхуягийг унагах зорилго байсан уу гэвэл байсан. Яагаад гэвэл улс орны эдийн засгийг ямар нөхцөлд авчрав гэдгээр нь бид тэр хүнд хариуцлага тооцсон. Түүний дараагийн асуудал нь тухайн үеийн улс төр АН-ын санаачлага байсан. Түүнээс биш хүнийг зорилгогүй огцруулна гэж байхгүй. Огцруулах үндэслэлээ бид хэлсэн. Харин тэр дунд бид хамтармаар байна гэсэн үг, үсэг ороогүй. Бид бодлогын алдаа байгааг олон хэлсэн. Засах үйлдэл огт хийгээгүй. 2013 оноос бодлогоо цэгцэл гэж билд ярьж эхэлсэндээ. “Цаасан мөнгө хэвлээд үнэ тогтворжуулна гэж байдаггүй юм. Чингэс бонд, самурай бонд бүхнээ төсөвтөө оруулаад ир. Тэгээд төсвийнхөө тэнцлийг хуульдаа нийцүүлээд өргөн бариач ээ” гэсэн.

-Оюу толгой, Таван толгойд танайхаас хүн тавигдах болов уу?

-Би тавигдаасай гэж хүсч байгаа. Яагаад гэвэл мэдээлэл олж авч чадахгүй байна ш дээ. Тэнд ямар асуудал болоод байна, аль нь үнэн бэ гэдэг нь бүгд хаалттай. Эрх биш манайх хамтарч байгаа учраас мэдээлэл нь одоо ил тод болох байх гэж бодож байна.

-Засгийн газрын гишүүдийг томилоход та “Дэлхийн зах зээлд нефтийн үнэ буурчихаад байхад Монголд яагаад буурахгүй байна вэ” гэж асууж байсан. Яагаад Монголд энэ бүтээгдэхүүний үнэ буурахгүй байна?

-Би Ерөнхий сайдын өгсөн хийгээд шинээр Уул уурхайн сайд болсон Р.Жигжидийн өгсөн хариултад сэтгэл дундуур байгаа. Яагаад гэвэл зургаан сарын өмнөхтэй харьцуулахад газрын тосны үнэ 50 хувь буурчихлаа. Зургаан сарын өмнө нэг баррель нь 117 ам.доллар байсан. Өнөөдөр 58 ам.доллар болж хоёр дахин унасан. Хоёрдугаарт нефть импортолдог компаниуд нэг ам.долларыг 1443 төгрөгөөр тооцож авдаг. Нэг ам.долларыг 1443 төгрөгөөр тооцож авна гэдэг бусад аж ахуйн нэгжээсээ даруй 400 төгрөгөөр бага буюу литр тутамдаа 400 төгрөгийн наана худалдан авалт хийж байсан юм. Эндээс эрүүлээр бодоход нефтийн төрөл зүйлийн үнэ тодорхой хэмжээгээр буурчихсан байх ёстой.

-Үнийг буулгахгүй байлгах шалтгаан нь юу юм бол?

-Шалтгаан нь бид онцгой албан татвар тавих эрхтэй. Татвар тавьж төсөвтөө мөнгө төвлөрүүлье гэсэн арга байх гэж бодож байгаа.

-Одоо нефтийн бүтээгдэхүүнээс татвар авдаггүй биздээ?

-Одоо нэмж эхлэх байх. Татвар авах үүднээс үнийг нь буулгахгүй гэсэн үг. Би эдний тархинд орчихоогүй учраас сайн мэдэхгүй байна. Гэхдээ ийм л зүйл сэдэж байгаа болов уу.

-Бас Д.Дорлигжав нэр дэвшигчийг сайд болгохоор хэлэлцэж байхад та “Увсын Засаг дарга таны нэрийг барьж аймгийн ард түмнийг айлгаж байна” гэсэн. Энэ үнэн юм уу?

-Байгаа юм нь хэр хэмжээнээсээ хэтэрсэн. Олон нийтийн мэдэж байгаагаар Увс аймгийн дарга байсан хоёр хүн ял авсан ш дээ, тэр хүний матаасаар. Тэр хүн байнга матаж манай намынхныг хэлдэг, шалгуулдаг. Бизнес эрхэлж байгаа улстөрийн хүмүүсийг хэрэгт холбогдуулж ярьдаг. Тэр бүхэндээ сая Хууль зүйн сайд болсон Д.Дорлигжавын нэрийг барьдаг. Тиймч учраас хүмүүс аймгийн ард түмний дунд болгоомжлол бий болчихсон. Үүнийг нь сайд болоход нь анхааруулж хэлье л гэж бодсон юм. Дахиад тэр Засаг дарга Увс аймагт Хууль зүйн сайдын ажлыг, Цагдаагийн ерөнхий газрын даргын ажлыг, Мөрдөн байцаах газрын даргын ажлыг хамтад нь битгий хийгээд байгаасай л гэж хүссэн юм.

Л.МӨНХТӨР

Categories
мэдээ нийгэм

Гурван сая дахь иргэн энэ сард төрнө

Монгол Улс гурван сая дахь иргэнээ хүлээж авахад бэлтгэж байна. Үндэсний статистикийн газраас гаргасан тооцоогоор Монгол Улсын гурван сая дахь иргэн 2015 оны нэгдүгээр сард төрөх гэнэ. Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгаас тус бүр нэг хүүхдийг буюу нийт 30 хүүхдийг гурван сая дахь иргэнээр тодруулах юм. Тэдгээр хүүхдүүдэд орон сууц буюу түүнтэй тэнцэх хэмжээний мөнгөн шагнал, гурван сая төгрөгийн тэтгэмж олгох юм.

Монгол Улсын нэг сая дахь иргэн 1962 оны хоёрдугаар сард төрсөн бол хоёр сая дахь иргэн 1988 онд мэндэлж байжээ.1988 онд хоёр сая дахь иргэн гэж хот, хөдөөд 25 хүүхдийг тодруулж байсан юм байна.

Гурван сая дахь иргэнийг тодруулахдаа мэс заслын аргаар төрж байгаа хүүхдүүдийг тооцохгүй юм байна.

Categories
мэдээ нийгэм

Цаг агаарын мэдээллийг цахимжуулжээ

-Цахимжуулах ажлын хүрээнд нийт 3,7 сая орчим хуудас баримтыг сканерджээ-

БНСУ-ын КОЙКА байгууллагын буцалтгүй тусламжаар “Монгол орны уур амьсгалын түүхэн мэдээ баримтыг цахимжуулах, архивын орчин үеийн систем бий болгох нь” төсөл Цаг уур, орчны шинжилгээний газар /ЦУОШГ/-ын Байгаль орчин, ус цаг уурын мэдээллийн архивт хэрэгжжээ.

Архивын үйл ажиллагаанд орчин үеийн мэдээллийн технологийн ололтыг нэвтрүүлэх, олон жилийн түүхэн баримт мэдээг үрэгдэж устах эрсдлээс хамгаалах, эрэлт ихтэй баримтын цахим хувийг бий болгох, өндөр хурдны сүлжээнд суурилсан, их хэмжээний мэдээлэл хадгалах боломж бүхий мэдээллийн сан үүсгэх, улмаар интернетийн орчинд төр, засгийн байгууллага, иргэдэд шаардлагатай мэдээллээр шуурхай, хүртээмжтэй үйлчлэх, боловсон хүчний чадавхийг сайжруулах зорилгоор хэрэгжүүлсэн уг төслийг БНСУ-ын KOЙКА байгууллагын санхүүжилтээр SoluTek компани, Пүгёны Их сургууль, CitiNet компани зэрэг байгууллагууд хамтран гүйцэтгэсэн байна.

Төслийн хүрээнд аппликэйшн сервер, цахимжуулалтын сервер, мэдээллийн сангийн сервер, хадгалуурын тоног төхөөрөмжийг SoluTek компаний мэргэжилтнүүд суурилуулөн өгсөн ба цаасан суурьтай баримтыг цахимжуулах ажлын хүрээнд нийт 3,7 сая орчим хуудас баримтыг сканердаж мөн цахим баримтыг хөрвүүлэн, автомат болон чанарын шалгалт гүйцэтгэж, мэдээллийн сангийн серверт оруулаад байна.

Categories
мэдээ нийгэм

Чингисийн талбайд 2 мөсөн гулгуурын талбайтай боллоо

Нийслэлийн ЗДТГ, Мобиком корпараци, Соунд оф Монголиатай хамтран анх удаа олон улсын стандартын мөсөн гулгуурын талбайг Чингисийн талбайн баруун урд хэсэгт байгуулж, албан ёсоор нээлээ. Энэхүү арга хэмжээнд нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл, Монголын хоккейн холбооны тамирчид, Соунд оф Монголиа болон Мобиком корпарацийн төлөөлөл оролцлоо.

Мөсөн гулгуур болон хоккейн талбай нь 30х60 хэмжээтэй бөгөөд нийслэлчүүддээ чанартай, өнгө үзэмж бүхий тэшүүр, хувцас хэрэгсэл, халуун цай, кофегоор үйлчилж, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд хувь нэмэр оруулахын зэрэгцээ ая тухтай, тохилог орчинд гулгаж, наадах нөхцлийг бүрдүүлж өгч байгаагаараа онцлог юм.

Уг мөсөн талбайд Монголын хоккейн холбооноос UB CUP – 2015 олон улсын тэмцээн, Монголын хоккейчдын тоглолт, хүүхдийн фестиваль, Монголын анхны кёрлингийн тэмцээн зэрэг олон арга хэмжээг зохион байгуулах төлөвлөгөөтэй байгаа ажээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе

З.Энхболд: Оюу толгойн гэрээнд өөрчлөлт оруулах шаардлагагүй

УИХ-ын даргаЗ.Энх­болдын “Bloomberg TV Mongolia” телевизэд өгсөн ярилцла­гыг хүргэж байна.

-Эдийн засгийн хүндрэлийн талаар олон янзын байр суурь, үзэл бодол байгаа. Зарим нь засаглалын хямрал, улс төржилт хоосон популизм гэж байна. Гэхдээ энэ бүхний дунд нэг ойлголцол бүрэлдэж байх шиг. Өнгөрсөн долоо хоногийн чуулган дээр таны хэлсэн “Урсгалаараа яваад байж болохгүй. Хуучин хандлага солигдох ёстой” гэсэн энэ ойлголцол таны бодлоор хэр хүчтэй вэ?

-Би Монгол Улсыг айлтай зүйрлэж хэлдэг л дээ, гэхдээ өнгөрсөн долоо хоногт чуулган дээр хэлээгүй санагдаж байна. Монгол Улсыг нэг айл гэж бодох юм бол хоёр янзын айл байна л даа. Нэг айл нь гэнэт цалин, орлого нь огцом нэмэгдээд, манай эдийн засаг, төсөв гээд тоон бүх үзүүлэлт арван жилийн өмнөхөөсөө арав дахин өсчихөөд байна. Тэгээд хэрэглэхгүй атлаа хоёр, гурван машин авч тавиад, үнэтэй ресторанд орж хооллох зэргээр маш их үргүй зардал гаргах болсон. Гэтэл нөгөө орлого нэг л өдөр алга болчихсон. Тэр өндөр орлого юуных байв гэхээр түүхий эдийн үнийн өсөлтийнх байсан. Бид бүтээмжээ сайжруулаад, iPhone, Microsoft шиг шинэ бүтээгдэхүүн бодож олоод, түүнийгээ зарж ашиг олоогүй. Ердөө л зэс, төмөр, нүүрс, алт, жоншны үнэ өссөн жилүүдэд эдийн засгийн өсөлт нь 17 хувь хүрч дэлхийд гайхагдаад байсан. Яг үнэндээ бид хөдөлмөрлөөгүй. “windfall” гэдэг шиг, зүгээр байж байхад гэнэт орлоготой болсон улс. Тэр үедээ төсвийнхөө зарлагыг баахан тэлсэн. Орлогоосоо илүү тэлсэн байгаа юм. Орлого 10 дахин нэмэгдсэн байхад зарлага 12 дахин нэмэгдсэн. 2006-2007 оны үед пропицит төсөв баталж байсан байгаа юм. Пропицит гэдэг нь депицитийн эсрэг үг. Нэмэхтэй төсөв гэсэн ойлголт.

-Бусад жилүүдэд дандаа алдагдалтай…

-Бусад нь дандаа алдагдалтай. Гэхдээ зарлага бол жил бүр орлогоосоо давж өсч байсан байгаа юм. Тэгэхээр мөнгөөр туйлж байсан нөгөө айл орлого нь байхгүй болоод ирэхээр зарлагаа бууруулахаас өөр аргагүй болно. Хэрэгтэй, хэрэггүй эд зүйлс авахгүй, өндөр үнэтэй ресторанд хооллохоо больж байна. Хүссэн, хүсээгүй санхүүгийн сахилга баттай болж байгаа юм. Эсвэл сахилгатай болохгүйгээр цаашаа явах өөр арга бий. Дэлхийн зах зээл дээр нүүрс, зэс, төмрийн үнэ өсөх цагт буцааж өгье гээд хөршөөсөө мөнгө зээлээд, зарлагаа танахгүй цаашаа явж болно. Гэхдээ энэ буруу зам. Бид одоо байгаагаасаа 10 дахин даруухан амьдарч болдог байсан. 2004 оноос өмнө буюу гэнэтийн өсөлт гарахаас өмнө. 68 хувийн татвар хүртэл тавьж байлаа. Тэр хандлага руугаа дөхье, бид болоод л байсан улс. Ийм тансаглал байгаагүй.

Бид эдийн засгаа хэтэрхий хурдан тэлсэн учраас одоо төсвөө нэг их наяд төгрөгөөр агшаах бололцоо байна гэж үзэж байгаа. Энэ нэг их наяд төгрөгийн таналтыг хаанаас хийх вэ гэдэг асуудал бий. Энэ ч болохгүй, тэр ч болохгүй, энэ арга хэмжээ хатуудна, тийм татаасыг ч хасаж болохгүй гээд байх юм бол ажил явахгүй л дээ.

Асуулт маш энгийн. Энэ төрөөс үзүүлэх үйлчилгээ мөн үү гэдэг энгийн асуултаас эхлэх хэрэгтэй. Тэгсэн тохиолдолд хариулт олдоно. Улаанбуудай, арьс ширний салбарт төрөөс олгодог урамшуулал байна. Үүнийг насан туршид нь өгнө гэж төр амлаагүй. Улаанбуудайн зах зээл сайжирч, хэрэгцээгээ хангадаг болтол гэдэг нөхцөлтэйгөөр анх татаас өгч эхэлсэн. Одоо бол нөхцөл харьцангуй сайжирч, ерөнхийдөө хэрэгцээгээ хангаж эхэлж байна. Тэгэхээр энэ мэт төрийн дэмжлэг болгон үзүүлж байсан богино хугацааны зарим татаасуудаа бүгдийг нь эргэж харах хэрэгтэй.

-Энэ асуудалд эдийн засгийн хүндрэл тулгарч байгаа энэ үед анхаарах, төвлөрөх шаардлагатай гэж та харж байгаа юу. Эсвэл цааш үргэлжлэх ёстой юу?

-Энэ бол удаан хугацаанд үргэлжилж, ямар ч байсан Монгол Улс алдагдалгүй төсөв батлах боломжтой болох тэр цаг үе хүртэл үргэлжлэх ёстой.

-Төсөв танана, цомхотгол хийнэ, таналт хийнэ гэдэг шийдвэрийг олон нийт мэдээж таатайгаар хүлээж авахгүй. Тэгэхээр төвлөрлийн энэ цэгийг яаж тодорхойлсон бэ?

-Хүссэн, хүсээгүй үүнийг парламент хийхээс өөр аргагүй. Ойрын хугацаанд 2015 оны төсвийн тодотгол өргөн баригдана. Энэ байгууллага хэрэгтэй юу, үгүй юу гэдгээс ажлаа эхлэх хэрэгтэй. Шууд тодорхой хувиар цомхотгол хий гэдэг аргаас Ерөнхий сайд татгалзаж байна гэдгээ хэлсэн. Тэр бол механик аргаар, ухаан зарахгүй, хамгийн хялбараар шийдэж болох гарц байгаа юм. Тэгэхээр шууд 10 мянган хүнийг ажлаас нь хална гэдэг гарцаас татгалзаад, “Энэ байгууллага хэрэгтэй юу, энэ байгууллагын үзүүлдэг үйлчилгээ төрийн үзүүлэх ёстой үйлчилгээ мөн үү, биш үү” гэдгээс асуудлаа эхэл гэж байгаа юм. Энэ олон үр ашигтай эсэх нь тодорхойгүй аж ахуйн нэгж төрийн мэдэлд байх ямар хэрэгтэй юм. Чадах юм бол зах зээл дээр амьдар, үгүй бол зарагдах ёстой. Заавал төрөөс тамга хийгээд байх утгагүй. Энэ мэтээр цэвэр хувийн хэвшил хийх боломжтой ажил үйлчилгээ төрд дэндүү олон байна.

Хямралыг УИХ боломж гэж харж байгаа. Бодит байдалдаа буцаж очих боломж. Хэтэрхий хурдан тэлсэн үрэлгэн төсвөө танах боломж гэж харж байна. Хэрэв гэнэтийн орлого хэвээрээ байсан бол бид энэ байдал руу орохгүй, үрээд л яваад байх байлаа. Гэтэл орлого байхгүй болсноороо бидэнд нөхцөл байдлыг эргэж харах цаг болсныг сануулж байна. Мөн үүний зэрэгцээ мөнгө зээлээд үрэлгэн хэвээрээ цаашаа явах уу, хасалт таналт хийгээд хөнжлийнхөө хэрээр хөлөө жийх үү гэдэг шийдвэрээ гарга. Энэ хоёрын алийг сонгохоо нэн даруй шийд гэж байгаа юм. Хагас жилийн дараа биш, жилийн дараа биш.

-Дотоод асуудлыг ярилцахын өмнө нэг зүйлийг асууя. Эдийн засагт тулгамдсан хамгийн том бэрхшээл бол гадаадын хөрөнгө оруулалт. 2011 онд 4 тэрбум гарч байсан бол одоо 1 тэрбум хүрэхгүй байгаа нь огцом бууралт. Парламентын зүгээс, таны харж байгаагаар гаднын хөрөнгө оруулалтыг хамгийн богино хугацаанд үр өгөөжтэйгөөр татах аргыг хэрхэн тодорхойлж байна вэ?

-Энэ Их Хурал байгуулагдсан цагаасаа эхлээд энэ асуудалд анхаарал хандуулж, зарим хүний хэлдгээр “муу нэртэй” хуулийг хүчингүй болгох арга хэмжээ авч хэрэгжүүлсээр ирсэн. Гэхдээ тэр хэрээр гадаадын хөрөнгө оруулалт дагаад хурдан өсчихгүй байна. Шалтгаан нь итгэлцлийн асуудал.

Нөгөөтэйгүүр, гадаад эдийн засгийн байдал нөлөөлж байна. Монгол руу хөрөнгө оруулалт татаж байсан хамгийн том хөшүүрэг бол уул уурхай. Түүхий эдийн үнэ өндөр байхад уул уурхай хөрөнгө татна. Харин үнэ нь уначихаар хөрөнгө оруулагчдад эрхзүй, бизнесийн ямар ч сайн нөхцөл бүрдүүлж өгсөн хөрөнгө оруулалт орж ирэхгүй. Учир нь тэндээс ашиг олохгүй. Ашиг олохгүй зүйлд хэн хөрөнгө оруулах вэ. Гадаадын хөрөнгө оруулалтын огцом өсөлтийг АН засгийн эрхийг бариад эсвэл АН-ыг сонгуульд ялахын өмнөхөн гарсан хоёр хуультай холбож ярьдаг. Урт нэртэй хууль болон стратегийн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулиуд. Аль, аль нь миний даргалж байгаа одоогийн УИХ-ын ажил биш. Түрүүчийн УИХ-ын үед гарсан асуудал. Тэр хуулиас болж, мэдээж сөрөг хандлага үүснэ. Гэхдээ асуудлын гол нь энэ биш.

Том нөлөө үзүүлсэн өөр зүйл бий. 4 тэрбум хүрээд байсан гаднын хөрөнгө оруулалтын талаас илүү хувь нь зөвхөн Оюутолгой байсан юм. Оюутолгой төслийн хүрээнд, тодорхой хугацаанд үйлдвэр барьсан. Хөрөнгө л оруулахын тулд биш тодорхой зорилготойгоор үйлдвэр байгуулсан. Бүтээн байгуулалтын ажил төлөвлөсөн цаг хугацаандаа дууссан. Бүтээн байгуулалт дуусахаар хөрөнгө оруулалт зогсох нь дамжиггүй. Жил болгон тэрбум, тэрбумаар орж ирж байсан үйлдвэрийн бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалт дууссан. Дуусахаар яах уу, нөгөө компани хөрөнгө оруулалтаа зогсооно. Үйлдвэрийн эхний үе шат баригдаж дууссан. Хоёрдугаар үе шат руу хөрөнгө хийх байсан уу гэвэл байсан. Үүн дээр гацаа үүссэн нь үнэн. Оюутолгойг дагаж ирдэг жижиг хөрөнгө оруулалтууд Оюутолгойг харзнан хойш суусан. Энэ бол үнэн.

Хамгийн бодит шалтгаан бол баригдах ёстой үйлдвэр дууссантай холбоотойгоор хөрөнгө оруулалтын хэмжээ эрс буурсан. Манайх шиг жижиг эдийн засагт 4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирснээр ямар эмзэг вэ гэдгийг харуулж байгаа юм. Бид 40 тэрбум ам.долларын эдийн засагтай байсан бол 10 хувийн оролт, гаралт мэдэгдэхгүй. Гэтэл манай нийт эдийн засаг 10 тэрбум ам.доллар. Түүн дотор Оюутолгой гэдэг ганцхан том үйлдвэр орж ирээд 4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулаад, тэр нь дуусмагц тэг болчихож байна. Үлдсэн жижиг хөрөнгө оруулалтууд хоорондоо нийлээд ч тэр хэмжээг нөхөж чадахгүй.

Үүн дээр Засгийн газар, УИХ-ын алдаа нь Оюутолгойн араас залгаад явах ёстой тэрбум ам.долларын хэмжээтэй олон хөрөнгө оруулалтыг татах, зохион байгуулах нөхцөлийг хангах ажил хийгээгүйд байгаа юм. Оюутолгойг харж баясаад, дагаж давхиад байсан болохоос биш, Оюутолгойн хөрөнгө оруулалт дуусах цэгтэйг тооцоогүй. Товлосон хугацаандаа энэ хөрөнгө оруулалт зогсохоор залгаад Таван толгой, хий, эсвэл төмөр замын ч юм уу төслийг хэрэгжүүлэхээр бэлтгээгүй байсандаа гол алдаа нь байгаа.

-Бусад том төслүүдийг орхигдуулсан байсан юм уу?

-Тийм бодол байгаагүй. Үргэлж түүхий эдийн үнэ өндөр байх юм шиг, Оюутолгойн хөрөнгө оруулалт зогсохгүй юм шиг бодож явсан нь бидний алдаа.

-Нэгэнт нэр дурдагдаж байгаа учраас гаднын хөрөнгө оруулалтын хурал, чуулган, форум болгон дээр байнга яригддаг “Оюутолгой хэзээ урагшлах вэ” гэдэг асуултыг энд асуухгүй өнгөрч болохгүй нь. Тодорхой хугацаа хэлэх боломжгүй ч гэлээ гаднын хөрөнгө оруулагчид болон уг асуудлыг сонирхож байгаа талуудад цаг хугацааны баримжаа өгөх боломжтой юу?

-УИХ-ын зүгээс Оюутолгойн асуудал дээр тодорхой байр суурьтай байгаа. 2010 онд гэрээ байгуулахыг Засгийн газар зөвшөөрсөн. Ажил эхэлж, эхний шат дууссан. Хоёр дахь шатны ажил дээр Монголоос мөнгө гаргахгүйгээр, Монголын талыг мөнгө гаргахад зөвшөөрлийг нь авахгүйгээр 60 жилээр ажиллах ийм гэрээтэй улс. Бидэнд баялаг, тэдэнд технологи, хөрөнгө байсан. Ингэж л хамтарсан. Одоо ажлаа хий. Монгол Улсын зүгээс хүлээсэн үүргээ бүгдийг биелүүлсэн. Одоо гэрээнд өөрчлөлт оруулах шаардлага байхгүй. Зүгээр л урагшаа хараад, ажлаа хий. Тэд мөнгөтэй, технологитой байсан. Зүгээр гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүл, үйлдвэр тасралтгүй ажиллах ёстой. Хоёр дахь шатанд хөрөнгө оруулалт хэрэгтэй бол өөрсдөө олж, оруулж, ажиллуулах үүрэгтэй. Түүнээс Монгол Улс ийм үүрэг хүлээгээгүй. Монгол Улс бол хөрөнгө оруулагч биш. Уурхай манай нутаг дээр байна. Бид хуулиа хүртэл өөрчилж байгаад хөрөнгө оруулагч талын хүсэлтээр олон зохицуулалт хийсэн. Одоо зүгээр л ажлаа хий.

-Монголын талаас хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах хүсэлт тавьсан гэдэг буруу ойлголт байв уу?

-2012 онд Монголын талаас тийм хүсэлт явуулсан. Нөгөө тал зөвшөөрөөгүй учраас больсон. Одоо бол хөрөнгө оруулагч “Гэрээндээ өөрчлөлт оруулъя” гэдэг хүсэлт ирүүлсэн. Тухайлбал, рояалти тооцох аргачлалыг өөрчилье гэж байгаа. Бүх компаниас нэг л аргачлалаар рояалти авдаг. Зөвхөн Оюутолгойд таарсан аргачлалыг бид зохиож болохгүй. Тэгвэл хууль зөрчинө.

Рояалти тооцдог манай аргачлалд асуудал байгаа бол ярилцъя. Түүнээс татварын газар Оюутолгойгоос рояалти авах тусгай аргачлал, дүрэм зохиож болохгүй. Асуудал байгаа бол судалъя. Түүнээс нэг компанид зориулсан татварын хөнгөлөлт үзүүлэх боломжгүй. Татварын хууль бүх компанид адилхан үйлчилж байгаа учраас тэрийг бид өөрчлөх эрхгүй л дээ. Засгийн газар, УИХ-ын хувьд ажил хэвийн явж байгаа. Цаашид элдэв юм ярилгүй ажлаа л үргэлжлүүл гэж байгаа.

-Таван толгой, эсвэл нүүрс хийжүүлэх гэх зэрэг томоохон мега төслүүдийн хэтийг та хэр өөдрөгөөр харж байна вэ. Ганц гялайлгаж, гялтайлгаж байсан түүхий эдийн үнэ уначихсан энэ нөхцөлд таны санааг зовоохоор хэр олон зүйл харагдаж байна вэ?

-Түүхий эдийн үнээс хэт хамааралтай эдийн засаг бий болгосон буруугаа засах хэрэгтэй. Тэгэхгүй бол үнэ маргааш унавал, дахиад бид өртөнө.

Нэг тонн нь 50 ам.доллар руу орж байгаа 60 хувьтай төмрийн хүдэр, мөн хэмжээтэй нь 70 ам.доллар хүрч байгаа коксжих нүүрсээ бид түүхийгээр экспортолдог. Энэ хоёр төрлийн түүхий эдийг нийлүүлээд, зууханд шатаачихаар нэг тонн нь 500 орчим ам.доллар хүрэх хагас боловсруулсан бүтээгдэхүүн болох юм. Ширэм, /pig iron/ ч гэж нэрлэдэг. Дэлхийн зах зээл дээр энэ төрлийн бүтээгдэхүүний 500 ам.доллар гэдэг ханш харьцангуй тогтвортой байгаа хэрнээ үүний орц болох хоёр төрлийн түүхий эдийн үнэ огцом хэлбэлзэж байгаа юм. Бараг 170-180 ам.доллар байсан коксжих нүүрс 70 ам.доллар болчихоод байхад ширэмний үнэ 500 ам.доллар хэвээрээ байна. Тэгэхээр энэ хоёрыг нийлүүлээд, зууханд хийж шатаагаад, тэрийгээ экспортолж байсан бол бид хямралд өртөхгүй. Хэдийгээр хагас боловсруулсан бүтээгдэхүүн ч гэсэн. Цаашилбал, 1000 ам.доллар болон үүнээс дээш үнэтэй ган хийцүүд, лист, янз бүрийн цувимал, машины эд ангиудын үнэ нь тогтвортой л байгаа.

-Нэг талаас эдийн засгийн энэ хүндрэл үйлдвэржээгүйн сул тал гэж харж болох уу?

-Үйлдвэржээгүй учраас бид өртөж байгаа юм. Дахиад хэлье, түүхийгээр нь гаргадаг төмрийн хүдэр, коксжих нүүрсээ нийлүүлээд, зууханд шатаан ширэм болгочихдог байсан бол өнөөдрийн хямралд Монгол өртөхгүй. Үүнтэй адил жишээ салбар бүрт бий. Зэсээ бид зэс болгодог байсан бол хямралд өртөхгүй байх байлаа. Ширэм хийдэгсэн бол хямралд өртөхгүй байлаа, өөр ямар түүхий эд байна түүнийгээ бүтээгдэхүүн болгодог байсан бол. Үйлдвэржээгүйнхээ горыг амсаж байна. Үйлдвэржилт гэж маш их ярьсан ч бодит байдал дээр юу ч хийгээгүй.

-Энэ байдал зөвхөн уул уурхай биш барилгын салбар болон бусдад нь ажиглагдаж байгаа юу?

-Төгрөгийн ханш хэцүү болж байна гэж ярьж байгаа. Ханш бол бодит эдийн засгийн тусгал болохоос Эдийн засгийн сайд Батбаяр зохиодоггүй юм. Ханшийг хүн зохиодоггүй, бидний оруулж байгаа, олж ирж байгаа болон гадагшаа зарж байгаа валютын урсгалын тэнцэл юм. Гэхдээ валютын ханшийн өсөлт биднийг үйлдвэржилт рүү түлхэж байгаа. Ам.долларын үнэ өсөхөөр гаднаас бэлэн юм авахад өртөг өндөр болно. Тэгэхээр оруулж ирэх гээд байгаа зүйлээ энд үйлдвэрлэх нь ашигтай болоод байгаа юм.

Рублийн ханш төгрөгөөс илүү уналаа. Үүнтэй холбоотой Оросын Ерөнхийлөгчийн яриа зурагтаар гарч байна билээ. “Бидэнд импортоос хамааралгүй амьдрах, дотоодынхоо үйлдвэрлэлийг хөгжүүлэх боломж гэж үүнийг харж байна. Түүнээс энэ бол гамшиг болж, улс орон сүйрэх гэж байгаа хэрэг биш. Бид зүгээр л хэтэрхий бэлэнчлэх сэтгэлгээтэй байсан. Өөрсдөө хийж болох юмыг гаднаас авдаг байсан. Үүнийг ханш зогсоож өгч байна” гэж Путин онцолсон. Үүнтэй яг адил төгрөгийн ханшийн сулрал дотоодын үйлдвэр хөгжихөд тус болж байгаа юм. Бүх юмаа битгий гаднаас ав, чадах юмаа өөрсдөө хий гэдэг шаардлага. Дотоодын үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварыг нэмж байгаа хэрэг. Ирэх жил гэхэд л цемент, арматур импортлох шаардлагагүй болж байгаа.

-Дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангах боломжтой болсон юм уу?

-Энэ бол барилгын салбарын өсөлт дотооддоо үлдэнэ гэсэн үг. Урьд бол энд барилгын салбар өсөхөд хамгийн ойрхон Хятадын үйлдвэрлэгчид хожоод өнгөрдөг байсан. Одоо Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Эрдэнэтийн Бэрэн металл, Хөтөлийн цемент, шохойн үйлдвэр бий, дараагийн цементийн үйлдвэр говь руу байгаа. Ирэх жилээс энэ үйлдвэрүүдэд барилгын салбарын өсөлт шингэж, ажлын байр нэмэгдэн, нэмүү өртөгийн ашиг энэ үйлдвэрүүдэд өргөтгөл хийсэн хөрөнгө оруулалтыг нөхөх сан руу явна.

-Мөн валютын гадагшлах урсгалыг хумина?

-Валютын гадагшлах урсгал багасахаар ханшид эерэгээр нөлөөлнө.

-“Үйлдвэржилт гээд ярихаар үүнийг хийх урт, удаан хугацааны бодлого Монгол Улсад бий юү” гэдэг асуулт гарч ирж байна. Аль нэг нам, улс төрийн хүчин засгийн эрхэнд гарахаар аливаа бодлого, чиглэл тодорхой хэмжээгээр өөрчлөгдөөд явчихдаг. Хойдох нь өмнөхөө үгүйсгээд ч юм уу?

-Сонгуулийн дөрөвхөн жилийн циклдээ тааруулж бодлогоо хэтэрхий, хамаагүй өөрчилснийхөө горыг бас амсаж байна. Үйлдвэржүүлэх бодлого 10, 20, 30 жилээр тогтвортой явахгүй бол 4, 4 жилийн циклээр хийх боломжгүй ажил. 10 тэрбум ам.долларын бүтээгдэхүүн үйлдвэрлэх томоохон үйлдвэрийг барих хугацаа нь дөрвөн жил. Хөрөнгө оруулалтаа нөхөх хугацаа нь 10 ба түүнээс дээш жилээр яригдана. Тэгэхээр, нэг үйлдвэр байгуулж, тогтвортой ажиллуулан, үр ашгийг нь үзье гэвэл наад зах нь 15-20 жил болж таарна.

Орчин үеийн үйлдвэрлэл их өөрчлөгдөж байна. Юуны өмнө бид үндсэн хэрэгцээгээ хангах зүйлсээ үйлдвэрлэж таарна. Дараа нь бусад улс, дэлхийн зах зээл рүү юу нийлүүлэх вэ гэдэг асуудлыг тооцох болно. Давуу тал, харьцангуй давуу тал гээд янз бүрийн онол бий л дээ. Ядаж л бид түүхийгээр нь экспортолж байгаа төмрийн хүдэр, коксжих нүүрс хоёроо нийлүүлээд шатаахад л тогтвортой, олон мянган ажлын байр бий болно. Сайншандын гангийн үйлдвэрийн талаар ярьсаар дөрвөн жил болж байх шиг байна. 10 сая тоннын гангийн үйлдвэр гэдэг 10 тэрбум ам.долларын экспортын орлого. Оюутолгой өнөөдрийн байдлаар хоёр тэрбум ам.долларын экспорт хийж байгаа гэхээр энэ бол таван Оюутолгой гэсэн үг.

Гэтэл таван Оюутолгойтой тэнцэх Сайншандын гангийн үйлдвэртээ сүүлийн Засгийн газар анхаарал хандуулаагүй л явж. Хямрал болонгуут юунд анхаарал хандуулалгүй орхигдуулснаа гэнэт ойлгож байгаа байхгүй юу. Хямрал болоогүй бол эдийн засгийнхаа согогтой талыг олж харахгүй, үүнийг ойлгохгүй, зүгээр л “Business as usual” гэдэг зарчмаар юу ч өөрчлөгдөхгүй яваад л байна. Түүхий эдийн үнэ унаснаар манай эдийн засгийн энэ бүтцийн гажгийг маш тод харуулсан хэрэг.

-Тэгэхээр 2015 онд хамгийн хүнд шийдвэрүүд бидний өмнө хүлээж байгаа, тэр нь Засгийн газар болон УИХ-ын хувьд хүнд цаг үе байх нь гэж ойлгож болох уу?

-Хамгийн хүнд шийдвэрийг хоёр хоногийн дараа өргөн барих гэж байна. Төсвийн тодотгол. Тэндээс улстөрчдийн хүсдэггүй шийдвэрүүд гарч эхэлнэ. Тэрийг гаргахгүй бол бүр хэцүү байдал хүлээж байгаа. Яаж хохирол багатай даван туулах вэ гэдэг асуудлыг бид хэлэлцэх гэж байна.

-Та хямралын үеийн парламентыг удирдаж байна. Нөгөө талаас сонгуульд оролцох улс төрийн хүчний дарга. Тиймээс сонгуулийн өмнөхөн чухал шийдвэрүүд гаргах нь байна. Тэгэхээр олон нийтэд таалагдах ч үр дүнтэй биш шийдвэр гаргах, эсвэл олон нийтэд таалагдахгүй ч гэлээ улс орны хувьд хэрэгтэй байх шийдвэрүүдийг гаргах гэдэг сонголт гарч ирнэ. Сонирхоод асуухад та энэ балансыг нь хэрхэн барих вэ?

-Саяхан УИХ дээр Ч.Сайханбилэг сайдын Засгийн газрыг байгуулахдаа байгуулсан гэрээ, тохиролцсон зүйлийн гол нь “УИХ-д суудалтай бүх нам нэг жил хагасын дараа болох сонгуулиа умартаад, эдийн засагт анхаарлаа хандуулъя. Сонгуулиа бодоод байвал эдийн засгийг бүр унагах нь байна. Тиймээс сонгуулийг мартъя. Харин эдийн засгийн хүндрэлтэй тэмцэх Засгийн газрыг хамтарч байгуулъя. УИХ-д суудалтай намууд нь өөрсдөө сонгуульдаа бэлтгэцгээе. Харин энэ Засгийн газар улс төр бодолгүй, эдийн засгийн хямралаас улс орноо хохирол багатайхан гаргаад өг” гэдэг асуудал байна.

Ер нь хохирол амсах нь тодорхой. Манай эдийн засаг өрөөсгөл бүтэцтэй байсан. 70-80 жилээр нь ярихаа больё, сүүлийн 20 жил энэ өрөөсгөл бүтцээ өөрчилж чадаагүй нь бидний алдаа. Хэдийгээр Эрдэнэт үйлдвэрээс хоёр дахин том үйлдвэр барьсан ч гэсэн гажиг нь хэвээрээ л байгаад байна. Өөрсдөө бүтээгдэхүүн үйлдвэрлэдэггүй гажиг байсаар байна. Валютын ханш импортыг өөгшүүлсэн. Энд юм үйлдвэрлэснээс гаднаас зөөгөөд ирэх нь илүү хялбархан байсан. Одоо харахад том гэгдэж байгаа бүх бизнес импортлогчид байна. Монголын хамгийн том нефтийн компани гэхэд л нефть импортлогч л байна. Машин гэхэд л бүгд импорт. Тэгэхээр бид өөрсдийн хийж чадах юмыг, дэлхий нийтэд өрсөлдөж чадах зүйлээ хийлгүй удсан, цаг алдсаны төлбөрөө өнөөдөр төлж байна. Хямралыг далимдуулаад, бушуухан аж үйлдвэржих бодлогоо хэрэгжүүлье. Ядаж амьдрах сууцаа барихдаа хэрэглэдэг материалуудаа импортоор авахаа больё. Иймэрхүү байдлаар дотооддоо үйлдвэрлэл эрхэлж, ажил явуулах гэсэн хүмүүсийг урамшуулж байгаа энэ нэг хөдөлгөөн байна. Хүссэндээ биш, буланд шахагдаад зайлшгүй хийж байгаа энэ хөдөлгөөнөө улам эрчимжүүлэх хэрэгтэй. Тиймээс Аж үйлдвэрийн яамыг байгуулсан.

УИХ-ын бодлого буруудаад, өмнө нь Монголд яагаад үйлдвэрлэл явуулахад утгагүй байсныг “Номин”-гийн автобусны жишээгээр тайлбарлаж болно. УИХ том автобусны татварыг тэглэсэн. Гэтэл “Номин” автобус угсраад байдаг. Түүний эд анги манай гаалиар татвартай орж ирдэг. Тэгэхээр татвартай орж ирсэн эд ангиар үйлдвэрлэсэн автобус, татваргүй орж ирж байгаа бэлэн автобустай өрсөлдөж чадахгүй дээ. УИХ-ын гаргасан буруу шийдвэрүүд энэ. Уг нь эсрэгээрээ, бэлэн автобус татвартай, автобусыг үйлдвэрлэдэг эд ангиуд татваргүй байх юм бол “Номин”-д ажилладаг 100-200 хүн цалинтай болж байгаа юм. Ялгаагүй автобус гэдэг чинь явдаг амбаар. Бид амбаар барьж чадна. Бэлэн дугуй, мотор авчраад хийчихэж байна. Троллейбус болгохоор бол цахилгаан хөдөлгүүр тавьчихна. Гэтэл тэрийг эрэгдэж, шургадаад, нэгтгэж, угсарч байгаа хүний цалин Монголд үлдэх нь чухал байгаа юм. Товчхондоо, бид бэлэн юм импортлохыг дэмжсэн бодлогыг олон жилийн турш явуулж ирсэн байна. Автобусны татвар тэглэх үед “Номин”-гийн үйлдвэр байгаагүй. Гэхдээ тэр үйлдвэрийг бий болсны дараа УИХ татвараа өөрчлөх ёстой шүү дээ. Тэр ажлаа хийхгүй, бүтэн жил алдсан.

Энэ мэт санаагаа шинэ Аж үйлдвэрийн сайдад хэлээд, Монголд автобусны үйлдвэр байгуулагдмагц татварынхаа хуулийг Засгийн газар дээр өөрөө мэдэн өөрчилдөг эрхийг өгсөн. Зарим төрлийн татварын эрхийг Засгийн газарт өгсөн байгаа. Түүнтэй адил ийм уян хатан хууль тогтоомжтой бол УИХ-ын татварын талаарх хууль, тогтоолыг хүлээлгүй, хурдан шийдвэр гаргаж өөрчилдөг байх нь зөв. Автобусны үйлдвэртэй болсон учраас сэлбэг хэрэгсэл татваргүй, харин бэлэн автобусны татварыг нэмнэ гэх маягаар дотоодын үйлдвэрлэлээ дэмжих нь чухал байгаа юм. Үйлдвэрлэлийг жижиг гэлтгүй дэмжих нь чухал.

Одоо Баруун-Хараад ургамлын тосны үйлдвэр ажиллаж байна. Тэдний бүтээгдэхүүн 20 сая ам.долларын импортыг орлож байна. Монголд тарьсан рапсыг шахаад, ургамлын тос хийн, тэрийгээ Дарханд цэвэршүүлнэ. 20 сая ам.доллар бол улсын төсвийн хэмжээтэй харьцуулахад бага мөнгө. Гэхдээ нэг компани 20 саяыг хэмнээд байвал ирээдүй харагдаж байгаа юм. Энэ үйлдвэрлэл явуулах түүхий эд өмнө нь манайд байсан уу гэвэл байсан. Урьд нь рапсаа экспортолчихдог. Хятадад аваачаад тос болгохоор нь эргүүлээд худалдаж авдаг байсан. Харин энэ бүх процесс одоо Дархан, Баруун-Хараад хийгдэж байна. Тэр үйлдвэрийн бүтээгдэхүүн “Монгол Алтан тос” нэртэйгээр дэлгүүрүүдэд хүрч, эх орондоо 20 сая ам.доллар үлдээж байна. Автобус, ургамлын тосны үйлдвэрийн жишээг харахаар валютын ханшийн өсөлт үйлдвэржилтийг дэмжээд, энэхүү үйлдвэрлэл эрхлэгчдийг урамшуулж байгаа юм.

-Монголд үйлдвэрлэхээр илүү зардал багатай хямд болоод л тэр…?

-Импортын бараа бүтээг­дэхүүн өрсөлдөж чадахаа болиод эхэлж байгаа хэрэг. Ам.доллараар гаднаас оруулж ирэх нь үнэтэй болж, эндээ үйлдвэрлэх нь илүү хямд болсон учраас тэр. Гол нь тэр үйлдвэрт монгол хүн ажиллана, тэр бүх нэмүү өртөг Монголд үлдэж байна.

Эдийн засаг гэдэг тоо томшгүй жижиг эд анги, эрэг боолтноос бүрдэнэ. Тэр эрэг боолт нь зөв ажиллахыг л УИХ, Засгийн газар гааль, татварын бодлого болон хуулиараа урамшуулж дэмжих боломжтой. Ингэвэл үйлдвэржилт хөгжинө, хүмүүс нь ажилтай, валютын ханш айхтар савлаад байдаггүй болох боломж бий.

Валютын ханш тэд байвал сайн гэдэг буруу ойлголт. Бид ямар эдийн засагтай байгаагийн тусгал нь ханш болохоос биш хэд байхыг нь хэн нэг нь мэдээд, шийдээд байгаа хэрэг биш.

-2015 оны төгсгөлөөр энэ бүх гадаад хүчин зүйл, дотоод өөрчлөлтүүдийг аваад үзвэл боломж гэдэг талаасаа хэр өөдрөг харагдаж байна вэ?

-Мэдээж боломж харагдаж байна. Тийшээ хөдлөх зориг байна уу гэдэг л асуудал. Бид гадаад орчныг сайжирна гэж тооцохгүй байгаа. Сайжирвал сайн. Хамгийн чухал нь дэд бүтэц буюу нарийн төмөр замын төсөл хийгдээд, нүүрсний өртөг буураад, тэр ажлууд оны дундуур дуусаад шууд вагон яваад эхэлнэ. Цахилгаан станцуудын өргөтгөл дуусч байна. Шинэ цахилгаан станцууд баригдана. Нефть боловсруулах үйлдвэр яригдаж байна. Энэ бүхэн өөрөө жижиг жижиг горхиуд нийлсээр, том гол мөрөн болдог шиг эерэг тал руугаа л өөрчлөлт хийгдэж буйн илрэл юм. Тэгэхдээ энэ бол нэг өдөр хийгдэхгүй. Техникийн хугацаатай, тодорхой үе шаттай. Цаашдаа гадаад нөхцөл яаж ч өөрчлөгдсөн бид амьдарч чаддаг байхын тулд энэ бүтцээ сууриар нь өөрчлөхөө хийнэ гэсэн үг. 2015 онд нэг их айхтар эерэг өөрчлөлт гараад, сайхан болчихно гэж хүлээх хэрэггүй. Яаж амортизатортай юм шиг уналтаа зөөллөх вэ гэдгийг л хийнэ. Жижиг өөрчлөлтүүд хуримтлагдсаар, эерэг өөрчлөлт, өсөлт рүү очино. Тэр нь хэзээ вэ гэдэг асуудал байгаа юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Сөхөрсөн хүчнийг дүрэлзсэн хүчин болгох боломж АН-д ирэв

МАН сөрөг хүчин биш сөхөрсөн хүчин гэж хоёр жилийн өмнө бичиж байлаа. Сая МАН үүнийгээ бат нот нотлов. АН энэ намаас айж бэргээд байх юм алга. Засгийн тэргүүнийг сонгоход дэмжээгүй хэрнээ засагт орохыг дэмжчихлээ, МАН-ынхан. Аль хэдийнээ олон жилд төр барьсан, тэр хугацаанд мөн ч их идэж, ууж шамшигдуулсан, тоймгүй их айдас хүйдэс өвөрлөж яваа энэ намынхан сөхөрсөн хүчин гэдгээ сая болсон Бага хурлынхаа шийдвэрээр харууллаа. Бага хурлын өмнө Удирдах зөвлөл, намын бүлэг ч дагаар орох эсэхийг шийдэх ажлын хэсэг нь ч шийдчихсэн байсан л даа.

Тиймдээ ч Бага хурлын шийдвэрээс өмнө Засгийн газарт сайдаар ажиллах МАН-ын зарим хүний нэр дуулдаад эхэлчихсэн. Мэдээж үүнийгээ “Албан тушаал, сандал суудалд дурлаж, засагт хамтарч байгаа юм биш. Улс орноо, эдийн засгаа өөд татах гэж хамтарч байна” гэж дахин дахин хэлж байгаа. Ардын намынхны хувьд нэг зүйл дээр хатуу зарчим барина гэж хэлсэн. Энийг нь намын дарга нь ч Бага хурлын үеэр хэлсэн үгэндээ давхар дээлтэй сайд байхгүй шүү л гэдгийг сануулаад байсан. Бага хурал дээр ч олон хүн энэ талаар ярьж. “Талбай дээр очоод дээлээ тайлаад “Дан дээлтэй байна” гэж хэлээд байснаа битгий мартаарай, том эрх ашгаа бодъё, одоо УИХ-ын гишүүн байгаа хүн сайд болох гэж хүсвэл гишүүнээсээ больж байж л болно шүү” гэж ярьсан байна лээ.

АН үргэлж гэнэтийн шийдвэр гаргахад бэлэн байдаг бол МАН удирдлага яаж шийднэ, тэрнээс нэг их зөрөхгүй. Тэгэхээр сая болсон Бага хурлаараа хамтрах асуудлыг ёсчилсон төдий л юм. Ц.Нямдорж тэргүүтэй цөөн хүн л гэдийгээд байснаас биш олонхи нь буюу 75 хувь нь засагт хамтрахыг дэмжиж, АН-ын өмнө нэлээд дээрээс сөгдөөд унасан. “Далан таваар бууж өглөө” гэдэг шиг л юм болж. Ц.Нямдоржийн эсэргүүцээд байгаа гол санаа нь МАХН-тай хамт нэг засагт багтахгүй л дургүйцээд байгаа болохоос гэж Ардын намынхан хэлж байгаа. Ямартай ч хамтарснаар тэргүүн шадар сайдад У.Хүрэлсүх, Гадаад харилцааг С.Баяр гэх зэргээр намын нэр нөлөө бүхий эрхмүүдийг хамтарсан засагт ажиллуулахаар санал болгоно гээд яриад эхэлсэн байна лээ. Харин Ч.Сайханбилэг танхимын сайд нартаа салбараа мэддэг туршлагатай хүн тавина гэж ярьсан байна лээ. Ядаж л УИХ-д сууж байсан салбарын ажлыг төрийн бодлоготой уялдуулах дайны шинэ залуу хүмүүсийг түлхүү оруулж ирэх болов уу гэж АН-ынхан үзэж байгаа. Ямартаа ч энэ Засгийн газрын танхимын тэргүүн тодорхой хамтрах нь тодорхой, эдийн засгийг сэргээхийн төлөө ажиллах нь тодорхой болчихоод байна. Эрх биш зорилгоо биелүүлэхээр бүрэлдэхүүнтэй байх биз.

АН-ын ҮЗХ өнөөдөр хуралдана. МАН-тай хамтарч засаг барих шийдвэрийг олонхи нь дэмжчих байх. Энэ хооронд МАН өчнөөн жүжиг тавьж байгаад Засагт орох болсныг бид харав. Олон айдас нь тэднийг АН-д барьцаалчихаж. Сонгуулийн луйвар, авлига, төрийн өмчийн хулгай зэрэг хууль бус үйлдлүүд нь тэдний айдас. Ер нь энэ намын Засаг огцруулна гээд бичиг цаас барьж гүйгээд байсан нь, Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг, Н.Алтанхуягийг огцруулах гэж яараад байсан нь өөрсдийнх нь ажил биш. Ардчилсан намын фракцуудын захиалга л байв. Ердөө л АН-ын хүчтэй фракцууд нөгөөхөө унагаж, эрх мэдэл барих гэсэн захиалга байсан шүү дээ. Гүйцэтгэгч нь МАН. Эд нарын ганц хийсэн тэмцэл гэвэл УИХ-ын танхимын хаалгыг диванаар дарж, эсэргүүцлийн бичиг гартаа барьж дээр нь тухалж өнжсөн. Одоо харин элдэв захиалга гүйцэтгээд төр самраад байхгүй болов. Ажлаа хамт хийгээд хариуцлагаа хамт үүрээд явахаас өөр гарц үлдсэнгүй. Анх АН-ын засаг байгуулж байхад л МАН засагт орох том горьдлоготой байсан ч АН нүүр өгөөгүй. Сая МАН-ыг хоёр хүчтэй угзраад л сөгдүүлж, Засгийн газарт татаад оруулчихлаа. МАН ингэж татуулж угзруулах ямар дуртай байв. Ихэнхийнх нь нүүрэнд инээмсэглэл тодроод үүнийгээ нууж чадахгүй байлаа. Нэгэнт энэ том хүчийг сөгдүүлж, эрхэндээ оруулж чадаж байгаа АН одоо зөв залах хэрэгтэй байгаа юм. Оюу толгой, Таван толгой, гадаадын хөрөнгө оруулалт гэх зэргийг зах зээлийнх нь замаар явуулж шийдэх хэрэгтэй байна. Улс төр, эдийн засгийн томоохон шинэчлэлүүдийг хамтарч хийх хэрэгтэй. Хуулийн салбарын шинэчлэл, Үндсэн хуулийн өөрчлөлт зэргийг ч зоригтой хийх хэрэгтэй. АН ингэж барьцаалсан хүчнээ Монголыг босгож ирэхэд бүрэн дүүрэн ашиглах боломж бий боллоо. Ядуурлаас гарах дорвитой алхмууд хийж, хувийн хэвшлийнхнийг дэмжиж, шийдэгдээгүй олон асуудлаа шийдэх, стратегийн томоохон ордыг ашиглах, төмөр замыг бүдүүн нарийн хос болгох, нефтийн үйлдвэр, цахилгаан станц барихад хамтарч байгаа 50 гаруй кнопоо ашиглах боломж ирэв. Энэ бүхнийг зоригтой шийдэж байж л тэр яриад байгаа унасан эдийн засгаа босгоно. МАН яг одоо бол юуг ч хүлээн зөвшөөрөхөд бэлэн сөхөрсөн хүчин. АН энэ үед нь юу хийж болохоор байна түүнийгээ хамтраад хийх боломжоо ашигла. Тэгж яривал МАН-ыг татан буулгаад Монгол ардын ардчилсан нам ч байгуулсан болохоор байна. Ингэвэл ойрын 20, 30 жил энэ нам төрийн эрхийг барина. Сонгогчдын олонхи энэ хоёр намд л саналаа өгч итгэл хүлээлгэж ирсэн хойно нэг нам болчихвол хэрүүл тэмцэлгүйхэн шиг улсаа аваад явчихна биз. Ингэвэл ард түмний амьдрал дээшилж, Азийн бар улс болох бүрэн боломжтой. Энэ сөхөрсөн хүчин цагаан тугаа өргөөд, “Цогт тайж” кинон дээрх шиг хоёр эрхий хуруугаа гозойлгоод, хэлээ унжуулаад дагаад орж ирлээ.

Түүнээс биш нэрлэгдээд байдаг олон жижиг нам яаж ч нэгдээд засаг барих хэмжээний санал авахгүй. Өмнө нь барьцаалагдаад юу ч хийж чадахгүй байсан бол АН одоо энэ цаг үеийг ашиглах боломж бүрдчихлээ. МАН хэмээх сөхөрсөн энэ хүчнийг дүрэлзсэн хүчин болгох бололцоо АН-д байна. За тэгээд марш л гэе дээ. Дүрэлзүүлээд, дүрэлзээд өг дөө. Гол нь энэ боломжоо алдахгүйгээр улсынхаа төлөө л дорвитойхон зүйл хийгээрэй. Боломж бололцоо бүрдлээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Таван толгойн хэлэлцээр маргааш эхэлнэ

Таван толгойн хөрөнгө оруулагчаар Чайна Шэнхуа Энержи, Сумитомо корпораци болон Энержи Ресурс ХХК-ийн түншлэлийг сонгож, эдгээр компаниудтай хэлэлцээр хийх ажлын хэсгийг томилсон. Тэгвэл маргаашнаас энэ хоёр талынТаван толгойн хөрөнгө оруулалтын талаарх хэлэлцээр эхлэх гэж байна.

Ажлын хэсгийн гишүүд “Орд газар Монгол төрийн өмчлөлд байх, Төслийн бүхий л хугацаанд үндэсний компани олонхи байх, бүтээгдэхүүнийг Япон болон бусад зах зээлд борлуулах бололцоотой байх, орон нутгийн хөгжилд хувь нэмэр оруулах болон Монголын уламжлалт соёл иргэншлийг хүндэтгэн хөгжүүлэхэд туслах, байгаль орчинд халгүй байх” зэрэг хэлэлцээрт баримтлах шалгуур баримтлалаа тохирсон аж.

Талууд хэлэлцээрт “Харилцан ашигтай байх стратеги” барихаар тогтсон бөгөөд энэ нь хэлэлцээр итгэлцэл дээр суурилах, санаа зовж байгаа бүх асуудлаа ярилцах, аливаа асуудалд хамтарсан бүтээлч шийдэл олохын төлөө ажиллах зэрэг зарчмууд багтаж байгаа юм байна.

Categories
мэдээ нийгэм

Мал тооллогын эцсийн дүн энэ сарын 10-нд гарна

Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/965 захирамжийн хүрээнд 2014 оны Мал, тэжээвэр амьтдын тооллогын дүн өнгөрөгч оны өмнө явагдаж дууссан. Урьдчилсан дүнгээр нийслэлийн мал сүргийн тоо 385161 тоо толгойд хүрч, өмнөх 2013 оныхоос 17.0 хувь буюу 56072 толгойгоор өсчээ. Тодруулбал, адуун сүргийн тоо толгой 33862, үхэр 76561, тэмээ 154, хонь 178755, ямаа 115829 хүрчээ.

Харин улс даяар мал, тэжээвэр амьтдын тооллогын эцсийн дүн мэдээ энэ сарын 10-нд гарах юм байна.

Categories
мэдээ спорт

Супер лигийн тойргийн тоглолт 16.00 цагаас эхэлнэ

Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний супер лиг”-ийн тойргийн тоглолт Спортын төв ордны “А” зааланд үргэлжилж байна. Өнөөдөр буюу нэгдүгээр сарын 4-ний өдөр “Төв ургац” – “Чингис сити” багуудын тоглолт 16.00 цагаас эхэлнэ. Үүний дараа Дундговь аймгийн “Тех харцага” – “SBL Хасын хүлгүүд” багуудын тоглолт болох юм байна.

“Үндэсний супер лиг”-т 11 баг оролцож байгаагаас 8-9 тоглолтын дараагаар “Дундговь Харцага”, “Төв ургац”, “Дорнод Танан Гарьд” болон “Мадимос шонхорууд”, “Эрдэнэдрийлинг ригс” багууд 5 хожилтой тэргүүлж байна.

Өчигдөр болсон тоглолтын дүнг танилцуулья:

СЕНТОЗА АРСЛАНГУУД vs ДОРНОД ТАНАН ГАРЬД – 96:99

ДУНДГОВЬ АЛЬЯНС ТЕХ ХАРЦАГА vs ГЭГЭЭН ХАНГАЙ ЛИДЕР – 100:109 /нэмэлт цаг/

SBL ХАСЫН ХҮЛЭГҮҮД vs ХЭНТИЙ ЧИНГИС СИТИ 121:99

Өнөөдрийн тоглолтын хуваарь болон багуудын амжилтыг харуулж байна.

Categories
мэдээ нийгэм

М.Наранбаатарыг ажлаас нь чөлөөлөхөөр болжээ

Монголын Үндэсний Олон нийтийн радио телевизийн захирал М.Наранбаатарыг ажлаас нь чөлөөлөх шийдвэр гарсан байна. Тус телевизийн үндэсний зөвлөлийн хуралдаан шинэ оны хоёрдахь өдөр болсон бөгөөд ийнхүү М.Наранбаатарыг үүрэгт ажлаас чөлөөлөх шийдвэр гаргажээ. 2012 оны наймдугаар сарын 28-ны өдөр МҮОНРТВ-ийн үндэсний зөвлөл хуралдаж М.Наранбаатарыг улираан томилж байсан юм. Тэгвэл бүрэн эрхийн хугацаа гурван жил үргэлжилдэг тул 2015 он гарангуут түүнийг чөлөөлөх шийдвэрийг гаргасан байна. Тэрбээр нэг сарын 2-ны өдөр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан бөгөөд энэ сарын тавны өдрөөр түүний ажлыг тасалбар болгож чөлөөлөхөөр болжээ.