Categories
мэдээ нийгэм

Японд суралцах залуус батламжаа авна

БСШУ-ны яамнаас Японд 1000 инженер бэлтгэх төслийг эхлүүлээд байгаа билээ. Уг төслийн хүрээнд япон улсад суралцах шалгуур хангасан залууст БСШУ-ны сайд Л.Гантөмөр өнөөдөр батламжаа авах юм байна. Уг төслийн талаар Боловсрол, соёл шинжлэх ухааны сайд өмнө нь ярьж байсныг хүргэе.

-Япон улсад 1000 инженер сургах талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

-2012 он аравдугаар сараас Боловсролын яам, Японы Жайка байгууллагатай хамтран ажиллаж эхэлсэн. Ер нь дэлхий дээр инженерийн чиглэлээр хүмүүсээ сайн бэлддэг улс гэвэл Япон, Герман хоёр. Германы хувьд Германы технологийн их сургуулийг бид монголдоо байгуулсан. Энэ ажил 2014 онд хүчээ авна. Барилга байшингаа ашиглалтад оруулчихлаа. Германаас хөтөлбөрийн дагуу багш нар ирж байна. Монголын компаниуд, яамдууд захилагаа өгч оюутнуудаа сургаж эхэлж байна. Ингэснээр Герман хөтөлбөр дээр инженер бэлтгэх ажил маань эхэлсэн. Мөн бид жил гурван сар Япон талтай оюутан сургах асуудлаар хэлэлцээр хийгээд МУ-ын Ерөнхий сайд Японд хийх айлчлалын хүрээнд санал тависан. Улмаар хоёр улсын дунд хугацааны хамтын ажиллагааны хөтөлбөрт тусгаад энэ зорилтоо хэрэгжүүлэхээр ажиллаж байна. “Инженер, технологийн дээд боловсрол” нэртэй энэхүү төслийн талаар Боловсролын яамны сайтад байршуулсан байгаа. тэндээс дэлгэрэнгүй мэдээлэл авч болно. Төслийн үр дүнд Японд 1000 гаруй залуучуудыг хоёр жилээр буюу богино хугацаанд сургана. Өөрөөр хэлбэл хоёр жил монголд, хоёр жилд Японд сурах хөтөлбөрийг бий болгоно. Нэгд, монголын инженерийн хөтөлбөрийг Японд хүлээн зөвшөөрөх түвшинд очно гэдгээрээ их ач холбогдолтой. Хоёрт, Японы сайн инженер бэлтгэж байгаа тогтолцоог өөрийн болгож авч байна. Гуравт, Японы сайн тогтолцоог маш богино хугацаанд маш олон залууст сургаж, манай улс инженерийн бүтэн шинэ үеийг бий болгох юм. Ер нь цаашид МУИС, ШУТИС-т Японы инжененрийн дээд түвшний сургалтыг хэрэгжүүлэх ирээдүй харагдаж байна. Одоо Боловсролын яам, Жайка байгууллага, Эдийн засгийн яам хамтран зөвшилцөлөө богинохон хугацаанд эцэслэж, Хаврын чуулганаар зээлийн хэлэлцээрийг их хуралдаа өргөн барихаар ажиллаж байна.

-Гадаад сурахад ар өврийн хаалганы асуудал их яригддаг. Сонгон шалгаруулалтыг хэрхэн явуулахаар төлөвлөж байна вэ?

-Шалгаруулалт хийх эрхийг бид Японы талд өгнө. Япончууд маш өндөр шалгуураар элсэлт авдаг онцлогтой. Гэтэл АНУ-д тодорхой болзол хангасан авах бол сургуулиуд нь элсэлт авах боломжтой болдог. Тийм болохоор хоёр жил суралцах хүсэлтэй суралцагч Япон талын шалгалтыг давах ёстой. Давах бэлтгэлийг энд монголдоо хоёр жил сурахдаа хийнэ. Тиймээс монгол талаас ар өврийн хаалгаар хүүхэд элсүүлэх гэдэг асуудал яригдахгүй. Японы шалгалтын системийг нь хөндөхгүйгээр хүүхдүүд шалгуулаад шууд элсдэг тэр боломжуудаар хангах юм.

-Дээрх суралцагчдын үр өгөөж Монгол Улсад хэзээнээс мэдрэгдэнэ гэж тооцоолж байна. Ер нь ямар үр дүн авчирах бол?

-Маш богино хугацаанд үр дүн мэдрэгдэнэ. Хэлэлцээр байгуулагдаад үйл ажиллагаа эхэлсэн цагаас МУИС, ШУТИС хоёрын инженерийн сургалтын хөтөлбөр нь Японы түвшинд очих юм. Бид Японоос багш нараа урина, тэдний санал болгож байгаа лабораториудыг бий болгоно. Монголоос багш нараа явуулж сургана. Ер нь дотоодын хоёр том сургуулийн инженерийн сургалтын орчин богино хугацаанд өндөр түвшинд хүрнэ гэж ойлгох хэрэгтэй. Хоёр жилийн хугацаатай явах учраас анхны инженерүүд гурван жилийн дараа төгсөөд ирнэ. Японоос ирж байгаа инженерийн тоо тав, арав биш 50, 100 гаараа байна. Хамгийн гол нь тэр инженерүүдийг ирэхэд угтаж авах дэд бүтэц, ажлын байраа бэлдэх хэрэгтэй. Японд суралцах докторууд, магиструуд сурлцаад ирлээ гэхэд энд эрдэм шинжилгээний ажил хийх дэд бүтэц хэрэгтэй. Тийм учраас бид бүх чадлаараа Шинжлэх ухаан руу анхаарлаа хандуулж байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-ы шинэ оны анхны дугаарын тойм

Өдөр тутмын чөлөөт хэвлэл “Өдрийн сонин”-ы 2015 оны анхны дугаар хэвлэгдэн уншигчдын гарт хүрлээ. Манай сонины анхны дугаарын “Танайд өнжье” буланд их наран улсад Монгол Улсынхаа нэрийг өндөрт өргөж яваа Монголын сумочдын алтан хараацай Кёкүтэнхо Н.Цэвэгнямынхаас бэлтгэлээ. Түүний олон сайхан амжилт ялалтын тухай үргэлжлэл нь 12, 13 дугаарт нүүрт хэвлэгдсэн байна.

Монголчууд сүүлийн жилүүдэд шинэ оны анхны нарыг Багахангай дүүрэгт угтдаг болсон. Тэгвэл 2015 оны нэгдүгээр сарын 1-ний өглөөний мандах нарыг манай сонины сэтгүүлч Э.Хүрэлбаатар сурвалжлага хийсэн юм. Энэ тухай үргэлжлэлийг арвандолдугаар нүүрээс тольдоорой.

Тэгвэл УИХ-ын гишүүн, Уул уурхайн сайд асан Д.Ганхуягийн “Хөрөнгө оруулалтын эрх зүйн орчин урт хугацаанд тогтвортой болсон” хэмээх сонирхолтой ярилцлагын эхлэл нэгдүгээр нүүрт багтсан бол үргэлжлэл нь хоёрдугаар нүүрт хэвлэгджээ. Тэрбээр өнөөгийн уул уурхайн салбар хийгээд гадны хөрөнгө оруулалтын тухай дэлгэрэнгүй ярьсан байна.

Нийтлэлч Д.Мөнгөндалай баримт үзэл бодлын гуравдугаар нүүрт “Энэ жилийн эерэг зураг”-ийн талаар буулгажээ. Энэ онд баригдах бүтээн байгуулалт, хийгдэх ажлууд, уул уурхайн томоохон төслүүд хөдлөөд эхэлбэл Монгол Улсад ямар ашигтай талаар дурджээ.

Харин манай сонины дөрөвдүгээр нүүрт Монгол Улсын Ерөнхийлөгчийн он солигдох мөчид ард түмэндээ хандан хэлсэн үг хийгээд цаг үеийн мэдээллүүд багтсан юм.

Улс төрийн тавдугаар нүүрт Засгийн газрын хуралдаан болон улс төрийн эргэн тойрон дахь үйл явдлын мэдээллийн багцыг шигтгэжээ. УИХ-ын гишүүн, ХАХНХ-ын сайд С.Эрдэнийн ярилцлага зургадугаар нүүрт багтав.

Долдугаар нүүрт Шинжлэх ухааны академийн эргэн тойрон дахь үйл явдал багтсан бол наймдугаар нүүрт 2015 оны өрнийн зурлага хэвлэгдлээ. Есдүгээр нүүрт дэлхийн мэдээ уламжлал ёсоор хэвлэгдсэн байна. Энэ мэтчилэн олон сонирхолтой үйл явдлаар дүүрэн шинэхэн дугаар уншигчдын гарт очсон билээ.

Categories
мэдээ спорт

Н.Төгсцогт мэргэжлийн боксчны үнэмлэхээ авчээ

Тив, дэлхийн олон тэмцээнд эх орныхоо нэрийг мандуулсан МУГТ Н.Төгсцогтыг мэргэжлийн бокст орох нь гэсэн мэдээлэл үе, үе гарах болсон. Тэрээр өнгөрсөн хавар нэг сар АНУ-д амьдарч мэргэжлийн боксын спорттой танилцаж, судлаад ирсэн. Өнгөрсөн хугацаанд энэ талаар ямар нэгэн хариулт өгөөгүй ч “Мэргэжлийн бокс миний мөрөөдөл. Цаашдаа мэргэжлийн рингэнд тоглоно гэж боддог. Наана нь Олимпийн аварга болох зорилтыг өөртөө тавьсан” хэмээн ярилцлагадаа дурдаж байсан юм. Мөн АНУ-ын хоёр ч компани, мэргэжлийн боксын менежерүүд санал тавьсан талаар ярьсан билээ.

Солонгос улсад болсон “Инчён 2014” Азийн наадамд шүүгчдийн луйвраар харамсалтайгаар ялагдсан тэрээр өдгөө Лос Анжелест байгаа. Лос Анжелест дасгалжуулагч Joe Goossen-ны удирдлаган дор бэлтгэл сургуулилтаа хийж байгаа аж. Харин энэ талаар Монголын боксын холбооны хэвлэл мэдээллийн ажилтан Ц.Батнасан сарын өмнө “Азийн наадамд Н.Төгсцогт луйвардуулсан нь АНУ-д мэргэжлийн бокст хүч сорих нэгэн шалтгаан болсон байх. Гэхдээ албан ёсоор бидэнд мэргэжлийн бокст хүч үзэхээр боллоо гэсэн мэдээлэл өгөөгүй байгаа” гэсэн тайлбарыг өгч байлаа. МУГТ Н.Төгсцогт мэргэжлийн бокст хүч үзэх эсэх нь тодорхойгүй байсаар өнөөдрийг хүргэсэн. Тэрээр шинэ он гарсан даруйд мэргэжлийн бокс тоглох үнэмлэхээ гардаж авснаар дээрх бүх асуултууд хариулт өгч байна.

Categories
мэдээ нийгэм

Сумаасаа эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн үйлчилгээ авна

Хүн ам олноор суурьшсан, аймгийн төвөөс алслагдсан бүсийн төвүүдэд эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн нэгжийг бий болгох, улсын бүртгэлийн үйлчилгээний шат дамжлагыг бууруулах, иргэдэд үйлчилгээг түргэн шуурхай хүргэх зорилгоор Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс нь Мандал, Сайхан сумдад бүсчилсэн хэлбэрээр эд хөрөнгийн бүртгэлийн үйлчилгээг бий болгожээ.

Дээрх арга хэмжээний дүнд Сэлэнгэ аймгийн Мандал, Сайхан сумдын иргэд өмнө нь 170-260 километр явж аймгийн төвөөс эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн үйлчилгээг авдаг байсан бол одоо илүү ойроос түргэн шуурхай үйлчилгээ аваад зогсохгүй онлайнаар бүртгэл хийлгэх боломжтой болсон байна. Энэ нь төрийн үйлчилгээ тэр дундаа улсын бүртгэлийн үйлчилгээ иргэдэд улам ойртож байгаагаас гадна цаг зав, эдийн засгийг хэмнэсэн томоохон дэвшилттэй ажил болж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн мөнгө хасахыг эмэгтэй гишүүд эсэргүүцнэ

Эдийн засгийн хүндрэлийг даван туулахын тулд зарим халамжийн чанартай бодлогуудаа эргэн харж, ялгавартай хандахаас аргагүй болж байгаагаа Ерөнхий сайд өнгөрсөн оны арванхоёрдугаар сард УИХ-д мэдэгдсэн юм. Тухайлбал, 0-18 хүртэл насны хүүхдэд сар тутам олгодог 20 мянган төгрөгийг эцэг, эхийнх нь орлогоос хамааруулж нэг хэсгийг нь хасахаа мэдэгдсэн. Ингэхдээ эцэг, эхийнх нь сарын орлого 1 сая төгрөгөөс дээш бол хүүхдэд нь 20 мянган төгрөг олгохгүй байхаар хуульд өөрчлөлт оруулна гэж буй. Үүнийг нь УИХ дахь эмэгтэй гишүүд эсэргүүцэж, хүүхдэд ялгавартай хандаж болохгүй гэх байр суурийг барьж байгаа аж. Мөн одонтой ээжүүдэд олгодог мөнгөн тэтгэлгийг ялгавартай өгөхийг эсэргүүцэж буй юм байна. Тиймээс энэ асуудлаар Ерөнхий сайдад санал хүргүүлэхээр болжээ.

Categories
гадаад мэдээ

“Sony”-д шаардах бичиг хүргүүлжээ

Өнгөрсөн зул сарын баяраар нээлтээ хийсэн “Sony Picture” компанийн бүтээл “Ярилцлага”-ыг кино театрууд болон онлайнаар гаргахгүй байхыг Хойд Солонгосын “Хөдөлмөрийн нам”-аас мэдэгдэж, шаардах хуудас явуулсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тус шаардах бичигт “Хойд Солонгосын гурав дахь үеийн удирдагч Ким Чен Уныг гутаан доромжилж, ард түмнийг минь айдаст автуулж буй “Ярилцлага” киног нэн даруй гаргахаа зогсоохгүй бол олон улсын хүний эрхийн байгууллагад хандах, цаашлаад шүүхэд гомдол гаргахаа мэдэгдье. Мөн “Sony Picture”-ийн кибер халдлагыг Хойд Солонгостой холбож буй ямар ч гүрэнтэй дайтахад бэлэн. Бид энэ асуудалтай ямар ч холбоогүй” гэжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама өчигдөр мэдэгдэл хийх үеэрээ “Sony Picture”-ийн хохирлыг Хойд Солонгос барагдуулахгүй бол эдийн засгийн хориг арга хэмжээ авахаа сануулсан юм. “Ярилцлага” кино нээлтээ хийсэн даруйдаа Америкийн гурван кино чартад эхний таван байрт жагсаад буй. Өнөөдрийн байдлаар нийт 127 сая ам.долларын ашиг олжээ. “Sony”-ийн удирдлагууд энэ сарын 15-наас Америкийн томоохон хотуудын кино театруудад нээлтээ хийхээ мэдэгджээ.

Categories
мэдээ улс-төр

Буцалтгүй тусламж олгох журам хэрэгжиж эхэллээ

Төрийн жинхэнэ албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам шинэ оны эхний өдрөөс хэрэгжиж эхэллээ. Уг журмаар төрийн захиргааны албан тушаалд ажиллаж байгаад Төрийн албаны тухай хуулийн 24.1.1, 24.1.2-т заасан үндэслэлээр чөлөөлөгдөж, тэтгэвэр тогтоолгосон төрийн жинхэнэ албан хаагчид төрийн албанд ажилласан жилийн тоог нь хамгийн сүүлд хашиж байсан албан тушаалын гурван жилийн үндсэн цалингийн дунджаар үржүүлсэнтэй тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно.

Төрийн жинхэнэ албан хаагчид олгох нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ нь тухайн албан хаагчийн хамгийн сүүлд хашиж байсан албан тушаалын гурван жилийн үндсэн цалингийн дунджийг 36 дахин нэмэгдүүлснээс ихгүй байхаар тогтсон байна. Мөн тэтгэвэр тогтоолгосон төрийн жинхэнэ албан хаагч нь төрийн жинхэнэ албанд сүүлийн таваас доошгүй жил ажилласан бол нэг удаагийн буцалтгүй тусламж авах эрх үүсэх юм.

Түүнчлэн тэтгэмж бодох сарын үндсэн цалинг 1.4 дахин өсгөн тооцож байсныг өөрчилж сарын цалингаар тооцож байх, мөн төрийн захиргааны жинхэнэ албанд ажилласан жилд төрийн өмчит үйлдвэрийн газарт ажиллаж байсан хугацааг оруулан тооцож байсныг хасч тооцохоор тогтжээ. Тиймээс төрийн албанд ажиллагсад ажилласан жилтэйгээ дүйцсэн сарын тэтгэмж авах нөхцөл бүрдсэн нь төрийн албан хаагчдад шударга хандах боломж бүрдсэн гэж үзэж байна. Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж баталсан уг өөрчлөлт төрийн тусгай албан хаагчдад хамаарахгүй юм байна.

Харин эмч, багш зэрэг төрийн үйлчилгээний албанд ажиллаж байгаад тэтгэвэрт гарч буй хүмүүст олгодог тэтгэмжийг холбогдох хууль тогтоомжид нь өөрчлөлт оруулан шинэчлэх бөгөөд ингэхдээ төрийн жинхэнэ алба хаагчдад олгохоор болсонтой адил зарчмаар шийдэх гэнэ.

Categories
мэдээ спорт

“Дакар ралли-2015”-ын албан ёсны нээлт болов

“Дакар ралли-2015” автомашины уралдааны албан ёсны нээлт өнөөдөр боллоо. Нээлтийн арга хэмжээнд Монгол, Унгарын хамтарсан “Uniqa Sandlander” баг оролцсон байна. Тамирчид өнөө шөнө замдаа гарч, 14 хоногийн турш Өмнөд Америкийн нутаг дэвсгэрээр уралдах юм.

“Дакар ралли-2015” -д Монголын талаас 431 дугаартай машины жолоочоор ОУХМ Н.Лхамаа, чиглүүлэгчээр ОУХМ Ө.Бямбадэлгэр, спортын мастер Б.Сүрэндорж нар уралдах бол механикчаар спортын мастер Б.Батболд ажиллаж байгаа юм. Харин 355 дугаартай машины чиглүүлэгчээр ОУХМ Ө.Бямбацогт нар уралдана. Энэ удаагийн “Дакар Ралли” уралдаанд нийт 138 автомашин 9111 км замыг туулж уралдах юм байна.

Categories
мэдээ спорт

“Цодгор хүү-2015” тэмцээн маргааш эхэлнэ

Нийслэлийн биеийн тамир, спортын газар, Монгол туургатны “Урамтай шатар” холбоо хамтран Улаанбаатар хотын аварга шалгаруулах “Цодгор хүү-2015” өсвөр үеийнхний аварга шалгаруулах тэмцээнийг энэ сарын 5-7-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна. “Урамтай шатар” холбооны байранд болох тэмцээн хөвгүүд, охидын тав, долоо, ес, 11 хүртэлх насны ангилалд швейцарь системээр 7-9 өрөг үргэлжилнэ. Тэмцээнд оролцогчдын бүртгэлийг өнөөдөр “Урамтай шатар” холбооны байранд (13-р хорооллын автобусны буудлын баруун талд “Шри шри амьдрах урлаг” төвийн байрны 4-р давхар) авах юм.

Тэмцээний ангилал тус бүрийн эхний найман тамирчин “Цодгор хүү-2015” улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болно.

Categories
мэдээ нийгэм

665 мянга гаруй лавлагааг ТҮЦ машинаас авчээ

УБЕГ-аас Төрийн үйлчилгээний цахим машин /ТҮЦ/-ны үйлчилгээг өнгөрсөн оны зургадугаар сарын 20-ны өдрөөс хэрэгжүүлж эхэлсэн. Түүнээс хойш 7000 гаруй иргэний хүсэлтийг ТҮЦ машинаар авсан гэсэн мэдээлэл гарчээ. Түүнчлэн иргэд иргэний улсын бүртгэлийн чиглэлээр 631121, эд хөрөнгийн улсын бүртгэлийн чиглэлээр 42128, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн чиглэлээр 2200, нийт 665449 лавлагааг ТҮЦ машинаас иргэд авсан байна. Автозамын түгжрэл, дугаар дараалал ихтэй нийслэл хотын олон иргэний хувьд мөнгө, цаг завыг хэмнэсэн үйлчилгээ ТҮЦ машин болсныг дээрх тооноос харж болох нь.

Түүнчлэн иргэний бүртгэлийн чиглэлээр үйлчилгээ авахын тулд ямар бичиг баримт бүрдүүлэхийг хүмүүс тэр болгон мэддэггүй. Үүнтэй холбоотойгоор иргэн, эд хөрөнгө, хуулийн этгээд, архивын чиглэлээр бүртгэлийн байгууллагаас үзүүлж байгаа бүхий үйлчилгээ, үнэ тариф, бүрдүүлэх баримт бичгийн талаархи мэдээллийг багтаасан гар утасны программыг гаргажээ. Бүх төрлийн андройд утсанд тус программыг татан авч, иргэний бүртгэлийн чиглэлийн мэдээ мэдээлэл, тусламж үйлчилгээ авах боломжтой юм байна.