Categories
мэдээ спорт

Бадминтоны олон улсын тэмцээнийг шүүж байна

БНХАУ-ын Линшуй хотноо болж буй олон улсын тэмцээний шүүгчдийн бүрэлдэхүүнд манай улсаас шүүгч Э.Эрэдэнбаяр, Ө.Ишхүү, М.Золзаяа нар багтжээ. Монголын бадминтоны спортын түүхэнд шинэ түүх бичиж, анхны олон улсын тэмцээнийг шүүж буй шүүгчдийн хувьд энэ сарын 22-27-нд тус улсад шүүгчийн семинарт оролцон, шалгалт өгснөөр Олон улсын зэргийг авсан байна.

Дөрөв дэх удаагаа зохиогдож буй тус тэмцээний нийт шагналын сан 50 мянган ам.долларт багтаж байгаа бөгөөд БНХАУ, ОХУ, Шинэ Зиланд, Малайз тэргүүтэй орны шилдэг тамирчид өрсөлдөж байна.

Categories
мэдээ нийгэм

Гөрөөсөн толгой одтой, улаан морь өдөр

Аргын тооллын нэгдүгээр сарын 30. Сугар гариг. Билгийн тооллын 11. Гөрөөсөн толгой одтой, улаан морь өдөр. Өдрийн наран 08.13 цагт мандан, 17.36 цагт жаргана. Тухайн өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, тангараг тавих, гэр байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэхэд, хэрүүл тэмцэл хийхэд муу.

Өдрийн сайн цагнь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно.

Categories
мэдээ нийгэм

Онцгой байдлын удирдах ажилтны зөвлөгөөн эхэллээ

Онцгой байдлын албаны хэмжээнд тавьсан зорилт, зорилгынхоо биелэлт, хэрэгжүүлсэн ажлаа дүгнэж цэгнэх, шинэ ондоо хийж хэрэгжүүлэх үйл ажиллагааныхаа зорилтыг тодорхойлох зорилгоор Онцгой байдлын албаны удирдах ажилтны 2015 оны зөвлөгөөнийг зохион байгуулж байна.

Зөвлөгөөнд төв, орон нутгийн Онцгой байдлын анги байгууллагын 100 гаруй удирдах ажилтан оролцож байна.

Онцгой байдлын албаны удирдах ажилтны зөвлөгөөний нээлтэд оролцсон Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх, “Цаашид тус албаны хууль эрхзүйн орчинг боловсронгуй болгох, албаны бэлэн байдлыг дээшлүүлж, албан хаагчдын сахилга, харицлагыг өндөржүүлэх, мэргэжилтэй боловсон хүчнээр хангах, давтан сургаж бэлтгэх, багаж, техник хэрэгслийн чадавхийг бэхжүүлэх, аврагч, гал сөнөөгчдийн эрүүл мэнд, орон байрны асуудлыг шийдвэрлэх, хангамж, цалинг нэмэгдүүлэх, тэдний нийгмийн баталгааг сайжруулахад чиглэсэн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж гадаад улс орны тусламж дэмжлэгийг авч гадаад харилцаагаа өргөжүүлэхэд салбарын сайдын хувьд ч анхаарч ажиллана, Онцгой байдлын албаны удирдах бүрэлдэхүүн Та бүхэн ч анхаарч ажиллах ёстой” гэж хэллээ.

Онцгой байдлын албаны мэргэжлийн боловсон хүчин, аврагч, гал сөнөөгчдийг бэлтгэн сургаж мэргэшүүлдэг бие даасан сургууль, сургалтын төвтэй болох, албаны онцлог, албан хаагчдын ажил мэргэжлийг олон нийтэд сурталчлах сурталчилгааг сайжруулах хэрэгтэй байгааг ч хэлсэн.

Улс, эх орны аюулгүй байдал, ард иргэдийн эрүүл мэнд, амь насыг авран хамгаалах хүнд хэцүү хөдөлмөр эрхэлдэг аврагч, гал сөнөөгчдийн нийгмийн баталгааг сайжруулж, тэдний орон байр, сууцаар хангах, цалин, хангамжийг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Албан хаагчдын 20 орчим хувь нь орон сууцанд амьдарч байна, Аврагчийн цалингаар амьдардаг олон айл өрх бий. Эхнэрийг нь ажилтай, хүүхдийг нь сурах сургуультай болгомоор байна.

“Онцгой байдлын алба бол улс эх орон, нийгэм, эдийн засгийн тогтвортой байдал, ард иргэдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг сахин хамгаалах үүрэгтэй тусгай алба учраас албаны хэмжээнд сахилга хариуцлагыг өндөржүүлж, иргэдэд хөнгөн шуурхай, хүнд сурталгүй үйлчлэх ёстой, Онцгой байдлын албаны нүд, чих үргэлж соргог байж, 24 цаг сэрүүн байх ёстой алба гэдгийг давхар анхаарууллаа.

Монгол Улсын нутаг дэвсгэрт жилд дунджаар 20-30 удаа цаг агаарын аюулт vзэгдэл тохиолддогийн гуравны нэг орчим нь гамшгийн хэмжээнд хvрч, жил тутам 5-7 тэрбум тєгрєгийн шууд хохирол учирч байна.

Зөвхөн өнгөрсөн 3 жилийн хугацаанд манай офицер, ахлагч нар нийтдээ 9000 гаруй хүний амь нас, эрүүл мэнд, төрийн болон аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн 80 орчим тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан байна.

Сүүлийн жилүүдэд Онцгой байдлын салбарын хувьд бие бүрэлдэхүүний чадавхийг сайжруулах, техник багаж хэрэгслийн чадамжийг дээшлүүлэхэд анхаарч ажиллан, тодорхой дэвшил гарч байгаа хэдий ч хүн амын суурьшил, хотшилт, ард иргэдийн буруутай үйл ажиллагаанаас үүдэн аюулт үзэгдэл, ослын тоо, давтамж буурахгүй байгаа юм.

Онцгой байдлын ерөнхий газрын дарга, онцгой байдлын хурандаа Т.Бадрал танилцуулгадаа, Онцгой байдлын салбарын үйл ажиллагаанд нэн тэргүүнд анхаарах асуудал бол эрхзүйн орчноо боловсронгуй болгох, гамшгаас хамгаалах хүч хэрэгслийн чадавхиа сайжруулах шаардлагатай байна, өнөөдрийн байдлаар Монгол улсын хэмжээнд аврах, гал унтраах техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, албан хаагчдын хувцас, хэрэгслийн шинэчлэл, хангалт 30 орчим хувьтай байна. Аврах, гал унтраах техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, албан хаагчдын хувцас, хэрэгслийн шинэчлэл, хангалтыг 100 хувьд хүргэхэд нийт 240 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай. Хүн амын хэт төвлөрөл, үйлдвэржилт, хотжилт, хот төлөвлөлт, хөгжлийн бодлоготой уялдуулан зарим аврах, гал унтраах анги, салбарыг өргөтгөх, шинээр барих шаардлагатай байгаа” гэж хэллээ.
Онцгой байдлын салбарт энэ жил аврах, гал унтраах техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, албан хаагчдын хувцас, хэрэгслийн шинэчлэл, хангалтыг сайжруулахад зориулж энэ онд 20 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэх болсныг Шадар сайд У.Хүрэлсүх дуулгасан юм.

Мөн энэ онд Австри Улсын Засгийн газрын урт хугацааны хөнгөлөлттэй зээлийн хүрээнд Онцгой байдлын байгууллагын техникийн хүчин чадлыг дээшлүүлэх, тоног төхөөрөмжийг шинэчлэх төсөл хэрэгжиж 5.2 сая евро буюу 12 тэрбум төгрөгийн үнэ өртөг бүхий Гал унтраах, аврах ажиллагааны болон ой, хээрийн түймэр унтраах иж бүрэн багаж, тоноглол бүхий автомашин, техник хэрэгсэл нийлүүлэгдэх юм.

Categories
мэдээ улс-төр

Засгийн газар иргэдээс санал авах дугаарыг зарлалаа

Хөгжлийн бодлогын асуудлаар санал авах утас: 15151111

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Монгол Улсын 2015-2016 оны хөгжлийн замаа хамтдаа сонгоё” нэрийн дор иргэд олон нийтээс мессежээр санал авах болсноо зарласан. Энэхүү ажлыг зохион байгуулах журам, техникийн нөхцлийн талаар Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаа мэдээлэл хийлээ.

Санал авах ажилд хяналт тавих ажлын хэсгийг байгуулсан бөгөөд хяналтын ажлын хэсэг нь харилцаа холбооны үйлчилгээ эрхлэгч компаниудаар дамжуулан өгөх саналын үйл ажиллагаанд 2015 оны нэгдүгээр сарын 31-ээс хоёрдугаар сарын 03-ны өдрүүдэд хяналт тавьж, ажлын тайланг саналын дүнгийн хамт 2 дугаар сарын 04-ний өдөрт багтаан Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлэх аж.

Үүрэн холбооны сүлжээ эрхлэгчид иргэдийн саналыг 15151111 тусгай дугаараар хүлээн авахын тулд санал асуулгын тестийг өөрийн сүлжээн дэх бүх хэрэглэгчдэд мессежээр илгээнэ.

Саналын хариуг “1” эсвэл “2” гэсэн тэмдэгтээр хүлээн авах бөгөөд өөр хариулт ирсэн тохиолдолд саналыг хүчингүйд тооцно.

Нэг дугаараас санал асуулгад зөвхөн нэг санал өгөх эрхтэй.

15151111 дугаарт мессеж илгээхэд үнэгүй бөгөөд таны гар утас нэгжгүй байсан ч мессеж явах боломжтой гэж Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаа хэллээ.

Харин санал асуулга эхлэхээс 7 хоног буюу түүнээс бага хугацааны өмнө шинээр авсан дугаараас болон гадаадын үүрэн холбооны операторын хэрэглэгч санал өгөх боломжгүй юм байна.

Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албa

Categories
мэдээ нийгэм

Элэгний С вирусын эмийг нийлүүлнэ

С вирусыг эмчлэх “Sofosbuvir” эм Монголд орж ирэхээр болсон. Энэ эм дангаараа 50 хувь хүрэхтэй үгүйтэйгээр вирусыг устгах чадвартай гэнэ. Харин зөв эмтэй хавсарч чадвал вирусыг зуун хувь устгаж чадах үр дүнтэй эмчилгээ болдог аж. Дараа дараагийн эмүүд нь бүртгэгдэж байж уг эмтэй хавсрах эмүүд орж ирэх юм байна. Монгол улсад бүртгэгдсэн эмүүд дотроос “Sofosbuvir” эмтэй хавсраад хэрэглэх хоёр эм байгаа гэж албаныхан ярьж байна. Пег-Интерферон, Рибавирин гэдэг эм аж. Рибавирин гэдэг эмтэй хавсраад эмчилбэл Монгол хүнд 76 хувийн үр дүн өгөх боломжтой гэсэн судалгаа гарчээ. Пег-Интерферонтой дээр нь Рибавиринтай гурвалсан эмчилгээ хийвэл 90 хувиас илүү үр дүн үзүүлэх боломжтой юм байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ц.Алдармаад хоёр жилийн тэнсэн харгалзах ял оноолоо

“Шинэ үе” продакшны жүжигчин Ц.Алдармаа, Д.Оюунтуул нарт холбогдох, биенээ гэмтээж, хөдөлмөрийн чадварыг нь түр хугацаагаар алдагдуулсан гэх хэргийг өнөөдөр 13.00 цагт дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхэд шүүлээ.Шүүх бүрэлдэхүүн Ц.Алдармаад 3,5 жилийн ял оноожээ. Гэхдээ ялыг нь хоёр жилээр тэнссэн юм. Хоригдох шаардлагагүй болсон гэсэн үг.

Categories
гадаад мэдээ

АНУ Украинд дахин 1 тэрбум ам.доллар өгөхөд бэлэн

АНУ-ын Сангийн сайд Жейкоб Лью Украинд дахин нэг тэрбум ам.долларын тусламж үзүүлэхэд бэлэн гэдгээ мэдэгдэв. Гэхдээ Украины эрх баригчид шинэчлэлийг тууштай үргэлжлүүлнэ гэсэн нөхцөлд энэ тусламжийг өгнө гэдгээ дурджээ. Түүнээс гадна Конгрессоор хэлэлцүүлэх юм байна. Өчигдөр Америкийн эрх баригчид тус улсад 2 тэрбум ам.долларын тусламж үзүүлэхээр болж зохион бичиг баримтанд гарын үсэг зурчихаад байгаа.

Ю.Дэлгэр

Categories
гадаад мэдээ

“McDonald’s” шинэ тэргүүнтэй боллоо

Америкийн “McDonald’s”корпораци шинэ тэргүүнтэй боллоо. Ирэх гуравдугаар сараас тус корпорацийн ерөнхийлөгчийн албыг Стивен Истербрук хаших юм байна. Одоогоор “McDonald’s” –ийг Дон Томпсон удирдан ажиллаж байгаа. Тэрээр 2 жил гаруй ерөнхийлөгчөөр ажилласан бөгөөд нийтдээ “McDonald’s”-д 25 ажилласан. Харин шинээр томилогдсон ерөнхийлөгч Стивн Истербрук нь өдгөө дэд ерөнхийлөгчөөс гадна зар сурталчилгааны хэлтсийг хариуцсан ажиллаж байгаа юм.

Ю.Дэлгэр

Categories
мэдээ нийгэм

Шатахууны үнэ буурахгүй гэлээ

Засгийн газрын энэ сарын 19-ний хуралдаанаар автобензин, дизелийн түлшний онцгой албан татварыг нэмж нэг тонн A-80-д 252.000, АИ-92-т 259.0 төгрөг, дизель түлшинд 265.0 төгрөгөөр тогтоосон юм. Ийм шалтгаанаар түүхий нефтийн үнэ шалдаа буусан энэ үед шатахууны үнэ дагаж буурахгүй гэсэн тайлбарыг албаныхан өгч байгаа. Жижиглэнгээр худалдах шатахууны үнэ цаашид тогтвортой байна гэж салбарын яам нь онцолж байна.

Categories
мэдээ нийгэм

Хүнд даацын машин Нарны замаар цагийн хязгаартай зорчино

Нийслэлийн Засаг даргын “Сар шинийн баярыг угтсан зарим арга хэмжээний тухай” А/78 дугаар захирамжийн дагуу Авто замын ачааллыг бууруулах зорилгоор Нарны замын зарим хэсэгт /Чулуун овооны уулзвараас баруун тийш Нийслэлийн өргөн чөлөөний зүүн тал, Дүнжингаравын замын хойд хэсэг/ бүх жин 5 тонноос дээш жинтэй тээврийн хэрэгслийг 07.00 цагаас 22 цагийн хооронд явуулахыг хязгаарлах зохион байгуулалтын ажлыг Улаанбаатар хотын Замын цагдаагийн газар, Замын хөдөлгөөний удирдлагын төв 2015 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж ажиллана. Харин шаардлагатай газруудад замын тэмдэг байрлуулахыг “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар хариуцан ажиллана гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.