Categories
мэдээ цаг-үе

Н.Хүлгэн: Ном уншдаггүй хүн сэтгэдэггүй болохоор тархины дархлаагүй байдаг

-ИРЭХ ОНД 12 ДАВХАР ҮНДЭСНИЙ НОМЫН ОРДОН АШИГЛАЛТАД ОРНО-

Номтой нөхөрлөе” клубийг үүсгэн байгуулагч Н.Хүлгэнтэй ярилцлаа.

-“Номтой нөхөрлөе” клубийг яагаад байгуулах болсон талаар хоёулаа яриагаа эхлэх үү?

-Их сургуулиа төгсөөд ажлын гараагаа Монголын залуучуудын холбооны судалгааны багаас эхлүүлж байлаа. Энэ нь оюутан байх үеэсээ л бусдын эрх ашгийг хамгаалахын төлөө санаа тавьдаг, нийгмийн идэвх сайтай оюутан байсантай холбоотой байх. Бид залуучуудад тулгамдаж буй асуудлыг шинжлэх ухаанч үүднээс судалсан. Монголын арван иргэн тутмын долоо нь залуу учраас тэдэнд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэл Монгол Улсын асуудлыг шийдчихэж байгаагаас ялгаагүй. Өнөөдөр залууст архидалт, гэр бүл салалт их байна. Орон сууц худалдан авах хөрөнгөгүйгээс гадна чөлөөт цагаа боловсон өнгөрүүлэх газаргүй зэрэг тулгамдсан асуудлууд үүсээд байгааг тогтоосон юм. Энэ асуудлууд бүгд хоорондоо холбоотой. Ажилгүй хүн архи ууна, архи уудаг хүн гэр бүлгүй. Гэр бүлгүй хүн хувийн орон сууцтай болж, амьдралаа төвхнүүлэх сонирхолгүй байх нь мэдээж.

Монголын залуучуудын холбооны гишүүн залуустайгаа хамтран эдгээр асуудлыг шийдвэрлэх арга замыг эрэлхийлж эхэлсэн. Ингээд залуусыг чөлөөт цагаа боловсон өнгөрүүлдэг болгох тал дээр анхаарч ажиллахаар болсон. Оюутан залуус тэр бүр кино театраар үйлчлүүлж, тэнд попкорн идэж, кола уугаад байхгүй. Тэгээд ч сардаа хэдхэн шинэ кино нээлтээ хийдэг шүү дээ. Спортоор хичээллэе гэхээр дунд сургуулиудын биеийн тамирын заалыг томоохон компаниуд бүтэн жилээр түрээсэлчихсэн байсан. Гэтэл статистикийн газрын судалгаагаар 2012 онд Улаанбаатарын төв хэсэгт л гэхэд 10 мянга гаруй архи зарах тусгай зөвшөөрөлтэй дэлгүүр ажиллаж байсан. Түүнээс гадна арав алхам тутамд мөн тооны ресторан, паб бий. Тиймээс залуусын чөлөөт цагийг боловсон өнгөрүүлэх альтернатив маягийн клуб байгуулах санаа төрж, 2012 оны сүүлээр”Номтой нөхөрлөе” клубээ байгуулсан. Мөн клубийнхээ фейсбүүк группыг нээсэн. Эхэндээ би өөрөө өөртөө юм бичээд, түүнийг нь залуус ойшоохгүй байгаа юм шиг санагддаг байсан. Харин өнөөдөр манай фейсбүүк группт 100 мянга гаруй залуус нэгджээ. Анхандаа зөвхөн би уншсан мэдээг оруулдаг байсан бол өдгөө номын хэлэлцүүлэг, дуудлага худалдаа, номын солилцоо группт маань болохоос гадна нэгнээсээ зөвлөгөө тусламж ч авч болно. Ингэж цахим ертөнцөөр дамжуулж залуусыг номтой нөхөрлүүлж, ном уншдаггүйг нь номонд дурлуулах гэж, ном уншдаг залуусыг нь хооронд холбож, мэдээлэл солилцуулахын тул сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд маш идэвхтэй суртал ухуулгын ажлуудыг хийлээ.

Танай клубийг бямба гариг бүр уулзалт зохион байгуулж, шилдэг номын талаар ярилцдаг гэж сонссон юм байна?

-Үүсгэн байгуулагдсан цагаасаа өнөөдрийг хүртэл бямба гариг бүр номын уулзалт буюу бага хуралдай зохион байгуулсаар ирсэн. Эхэндээ бид зөвхөн өөрсдийн уншсан шилдэг ном зохиолын талаар ярилцдаг байсан бол өдгөө оюун ухаанаараа нийгмийнхээ түүчээ болсон эрхмүүдтэй уулзалт зохион байгуулдаг болсон. Нөгөөдөр буюу энэ сарын 31-нд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат гуайтай залуусыг уулзуулахаар болсон. Өмнө нь СГЗ, нэрт зохиолч Г.Мэнд-Ооёо, Пост панк яруу найрагч Б.Галсансүх, УИХ-ын гишүүн С.Ганбаатар зэрэг 30-аад эрхмүүдтэй клубийнхээ гишүүдийг уулзуулж байлаа. Монголынхоо оюун санааны түчээлэгчдийн илтгэл, лекцийг сонсоод гарах бүрт цээжинд халуу шатдаг юм. Тэр нь энэ сонссон, мэдсэнээ гудамжинд сэлгүүцээд, баар сав хэсээд явж байгаа залуустаа хэлэхийг, тэд нарыг эгнээндээ элсүүлэхийг эрмэлзэх болсон. Тиймээс уулзалтууд маань маш их үр дүнтэй болсон гэж бодож байна.

Үүнээс гадна танай клубийн зүгээс “Шинэ жилийн шидэт ном” сайн үйлсийн аяныг үүсгэн байгуулагдсанаасаа хойш тогтмол зохион байгуулсаар ирсэн байх аа?

-Өнгөрсөн хугацаанд 50 гаруй мянган номыг хандивын аянаараа цуглуулсан. “Шинэ жилийн шидэт ном” хэмээх сайн үйлсийн аяныг сүүлийн гурван жил дараалан оны сүүлчийн өдөр буюу арванхоёрдугаар сарын 31-нд зохион байгуулсан. Баярын өдрөөр эмнэлэгт хүүхэлдэйн киноны баатрын хувцас өмсч ороод, өвчин туссан хүүхдүүдийг хөгжөөж баярлуулан, бэлгэнд нь ном өгөхөөр тэд маш их баярладаг. Баярын дараахан “Хүүхдийг минь өвчин зовлонтой байхад хүүхэлдэйн баатрын дүрээр эмнэлэгт ирж, ном бэлэглэж, хөгжөөнт тоглоом тоглуулсан тань бие нь эдгэрэхэд маш их дэм боллоо. Хамгийн гол нь хүүхэд маань ном унших дуртай болсон” гэсэн урмын үгтэй олон захидал ирсэн шүү. Үүнээс гадна эрх чөлөөгөө хасуулсан хүүхдүүдэд хүртэл хорих анги дээр нь очиж ном тарааж байсан. 2013 оны олон улсын эмэгтэйчүүдийн баяраар хорих ангид ял эдэлж байгаа эхчүүд эмэгтэйчүүддээ 600 ном, 600 сарнай бэлэглэсэн.

Ер нь манай клуб байгуулагдаж, фейсбүүк групп нээгдсэнээр олон залуусыг ном уншуулахын тулд ятгаж чадсан. Манай гишүүд дунд ном уншихыг эрмэлздэг хэрнээ ямар номноос эхлэхээ мэдэхгүй олон залуус байсан. Ямар ч өгөөжгүй, сонирхолгүй ном уншвал мөнгө, цагаа дэмий үрэхээс гадна дахин ном унших хүсэл төрөхгүй л болов уу. Тиймээс клубийн зүгээс тэдгээр залууст ямар мэдээ мэдээллийг дэлгэрэнгүй мэдэхийг хүсэж байгаагаас гадна уран зохиолын ямар төрлийн ном зохиол унших сонирхолтой гэдгийг нь мэдсэний үндсэн дээр тэдэнд “тохирох” номыг санал болгодог. Эсвэл фейсбүүк групп дээрээ уншсан номынхоо талаарх сэтгэгдэл, санал шүүмжлэлийг гишүүд маань нээлттэй бичдэг учраас тэндээс өөрийн уншихаар төлөвлөсөн номоо үр өгөөжтэй эсэхийг мэдэж болно. Ер нь клубийн зүгээс залуу хүний уншвал зохих 10 номын жагсаалтыг удахгүй гаргана. Цаашлаад унших ёстой биш уншвал зохих гэх нэрийн дор 100 номын жагсаалт гаргана.

Хүүхдэд багаас нь ном унших дадал хэвшүүлэх, номонд дуртай болгохын тулд яах ёстой вэ?

-Эцэг эхчүүд “Хүүхдээ яаж ном уншуулдаг болох вэ” гэж их асуудаг. Хамгийн гол нь эцэг эхчүүд өөрснөө ном уншдаг байж хүүхэд түүнийг нь үлгэрлэн дагана уу гэхээс өөрснөө ном уншдаггүй байж хүүхдээ ном унш гэж шаардвал утгагүй хэрэг. Гэхдээ хүүхэд ном уншиж суух нь бус ямар ном, юу унших нь чухал учраас номын агуулгад томчууд анхаарлаа хандуулах ёстой. Хүүхдийн номын агуулгад Социализмын үеийнх шиг цензур хэрэгтэй байна. Энэ талаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд бичиг илгээхээр төлөвлөсөн. Ер нь одоогоос арав гаруйхан жилийн өмнө хүүхдүүд Л.Түдэв гуайн “Хорвоотой танилцсан түүх” зохиолоор дамжуулж хүрээлэн буй орчноо таньж мэддэг байсан бол одоо “Уолт Дисней”-н эсвэл “Миша Маша хоёр” зэрэг хүүхэлдэйн киногоор дамжуулж ертөнцтэй танилцаж байна.

Интернэт, телевизор, радио зэрэг мэдээ, мэдээлэл олж авах асар олон суваг бий. Гэсэн ч ном байр суурь, үнэ цэнээ алдалгүй өнөөдрийг хүрсний гол нууц нь юунд байна гэж та үзэж байна вэ?

-Өмнөх үеийнхээ ололт амжилтыг дараагийн үедээ өвлүүлэх маягаар үргэлж хөгждөг учраас хүний нийгэм урагшилдаг. Амьтнаас ялгагдах гол онцлог нь ердөө л энэ. Хүн төрөлхтний түүх бол урагш үргэлж тэмүүлсэн хөгжлийн түүх. Тэрхүү түүхийн амьд гэрч нь ном. Яагаад гэвэл хүн төрөлхтний бүхэл бүтэн хөгжил дэвшлийн түүхийг номноос уншиж мэдэж болно.

Номноос олж авдаг шиг гүн гүнзгий өргөн дэлгэр мэдээ, мэдээлэл, мэдлэгийг цахим ертөнцөөс олж авч чадахгүй. Хамгийн гол нь номноос уншсан, ойлгосон бүхэн мэдлэг болон хуримтлагддаг бол интернэтээс олж авсан, твиттерээс уншсан мэдээ хэрэгцээтэй байх нь тун ховор учраас хэн нэгний амнаасаа гаргаж хаясан шүлстэй хоолыг идэж, газраас хог түүж идэж байгаагаас ялгаагүй. Цахим ертөнцөд хүний тархи угаах гэсэн явуулга гүтгэлгийн шинжтэй мэдээ мэдээлэл ихээхэн байдаг. Ном уншдаггүй хүн сэтгэдэггүй болохоор тархины дархлаагүй гэсэн үг. Дээр нь номноос тухайн сонирхсон сэдвээр чинээнд нь тултал мэдлэг мэдээлэл авна. Телевиз сайн үйлчлэгч муу багш бол ном муу үйлчлэгч сайн багш. Ганц ном хувь хүн бүү хэл улс үндэстний хувь заяаг өөрчилсөн түүх бий шүү дээ.

Хоёр жилийн өмнө танай клубийн зүгээс Чингэсийн талбай дээр “Чимээгүй хашгираан” хэмээх суулт хийж байсан. Чухам ямар зорилгоор энэ суултыг зохион байгуулсан юм бэ?

-Өнөөдөр сая гаруй хүн амтай Улаанбаатар хот хэдэн номын сантай байна вэ? Цөөн хэдхэн номын санд нь сүүлийн үеийн, хэрэгцээтэй ном тун цөөн бий. Өнгөрсөн хугацаанд засаг ээлжилж барьсан төрийн түшээд нэг ч номын сан бариагүй хэрнээ 10 мянган баар, ресторанд архи зарах зөвшөөрөл олгосон. Азийн бар улс болно гээд баар улс болсон шүү дээ. Энэ байдлыг эсэргүүцэн “Номтой нөхөрлөе” клубээс 2013 онд Чингэсийн талбайд суулт хийж, тэнд ном уншсан. Үүний үр дүнд Сүхбаатар Дүүргийн долдугаар хороо буюуАНУ-ын элчингийн хажууд 11 тэрбум төгрөгийн өртгөөр 12 давхар Үндэсний номын ордон баригдахаар болж, шаваа тавьсан. Ирэх онд ашиглалтад орох ёстой. Түүнчлэн Монгол Улсын түүхэнд анх удаагаа “Номын Сангийн Тухай Хууль” УИХ-д өргөн барилаа.

Сар шинийн баярыг угтан номын хямдралтай худалдаа зохион байгуулна гэсэн байх аа?

– Ном хэзээ ч үнэ цэнээ алддаггүй. Ном уншдаг хүн үргэлж ухаарч, гэгээрч бас мэдлэг оюунаа тэлж боловсролоо дээшлүүлдэг. Гэтэл ийм зүйлийг хямдруулна, хямдхан зарна гэдэгтэй би санал нийлдэггүй. Зун нь зарагдаагүй ботинкийг өвөл борлуулах гэж, хадгалах хугацаа нь дуусах дөхчихсөн хүнсний бүтээлдэхүүн бөөнд нь зарах гэж, чанар муутай барааг өндөр үнээр зарах гээд бүтэлгүйтсэн үедээ хямдрал зарладаг гэж би ойлгодог. Номыг эдгээр бараатай харьцуулж, жиших үнэхээр утгагүй. Харин хүн тоож уншихааргүй муу номын тэнгэрт хадсан үнийг агуулгынх нь хэмжээнд хүртэл хямдруулж болно.

Ер нь зөвхөн Цагаан сар гэлтгүй баяр болгоноор хамгийн эрэлттэй бараа, бүтээгдэхүүн нь архи дарс болчихдог. Баяр тэмдэглэсний маргааш согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсний улмаас өчнөөн хүн осгож, автомашины осолд өртөж эсвэл хэрэг төвөгт орооцолдох зэргээр эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирдог. Тэдгээрийн дийлэнх нь залуучууд байдаг нь тун харамсалтай. Тиймээс Сар шинийн баяраар нэгэндээ бэлэг бэлгийн дээд номоо бэлэглэе гэсэн уриалга гаргасан. Өөрт хэрэггүй, өрөөлд ч ашиггүй Хятадын шампунь, сандаал, нусны алчуур хоорондоо дамжуулж, Хятадын үйлдвэрүүдэд хэдэн их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийхийн оронд нэгэндээ ном бэлэглэж, цэцэн оюун бэлэглэхийг манай клубийн зүгээс уриалж байна. Тиймээс Цагаан сарын баярыг угтан номын хямдралтай бус харин өргөтгөсөн худалдааг зохион байгуулна.

Ярилцлагын төгсгөлд та залуустаа хандан юу хэлэх вэ?

-“Уншигч хүн үргэлж хождог”, “Өнөөдрийн уншигч маргаашийн удирдагч”, “Уншиж байгаа бол сэтгэж байна гэсэн үг” гэсэн үгээр ярилцлагаа өндөрлөе дөө.

М.УУГАН-ЭРДЭНЭ

Categories
мэдээ нийгэм

“Саусгоби сэндс” компанийн Жастин Капла нарт холбогдох хэргийг шүүх хурал үргэлжилж байна

35 тэрбумын татвараас зайлсхийсэн байж болзошгүй “Саусгоби сэндс” компанийн экс удирдлагуудын хэргийг шүүх хурал дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гурав дахь өдрөө үргэлжилж байна. Энэ хэрэгт “Саусгоби сэндс” компанийн гүйцэтгэх захирал Жастин Капла, тус компанийн санхүүгийн ерөнхий менежерээр ажиллаж байсан Филиппин улсын иргэн Хиларион В.Кажуком ЖР, санхүү нягтлан бодох бүртгэлийн ерөнхий менежерээр ажиллаж байсан Кристобэл Ж.Дэвид нарыг шүүгдэгчээр татсан билээ. Энэ сарын 22-нд болсон шүүх хурлын үеэр улсын яллагчийн зүгээс хуралд шинжээч нарыг оролцуулах, шүүгдэгчдийн зүгээс шинжээч болон гэрч нарыг оролцуулах, орчуулагчийн тоог нэмэх хүсэлт тавьснаар хурлыг энэ сарын 28-ныг хүртэл хойшлуулаад байсан юм. Шүүх хурал өнөөдөр мөн үргэлжилж байгаа аж. Энэ хэргийн талаар эргэн сануулахад Жастин Капла нь “Саусгоби сэндс” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа тус компанийн санхүүгийн ерөнхий менежерээр ажиллаж байсан Хиларион В.Кажукомтай бүлэглэн компанийн 2011 оны санхүүгийн тайлан тэнцлийг гаргахдаа Татварын хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн хэд хэдэн заалтыг зөрчсөн гэж буруутгагдсан. Өөрөөр хэлбэл, татвар ногдох орлогын зардлын тоо хэмжээг зориуд нэмж, татвар ногдох орлогыг зориуд бууруулан 90 тэрбум төгрөгийн орлогод ногдох 17 тэрбум төгрөгийн буюу онц их хэмжээний татвар төлөхөөс санаатай зайлсхийсэн гэмт хэрэгт зохион байгуулагчаар оролцсон гэж үзсэн байдаг.Хиларион В.Кажуком нь санхүү нягтлан бодох бүртгэлийн ерөнхий менежерээр ажиллаж байсан, одоо Канад Улсын “Монголиа Минералс” ХХК-д хянагчийн албан тушаал хашдаг Кристобэл Ж.Дэвид нар мөн бүлэглэн 17 орчим тэрбумын татвараас зайлхийсэн гэдэг. Энэ хэргээс улбаалан “Саусгоби сэндс” ХХК-ийн үл хөдлөх хөрөнгө болон Хаан, Голомт, Худалдаа Хөгжлийн банкин дахь дансуудыг нь битүүмжилсэн байдаг.

Ц.БУЛГАН

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Маргаашнаас эхлэн 1515-1111 дугаарт хөгжлийн аль замаар явах сонголтоо илгээгээрэй

Засгийн газар энэ бямба гаригаас эхлэн ирэх долоо хоногийн мягмар гаригийн 22:00 цаг хүртэл “Монгол Улсын 2015-2016 оны хөгжлийн замаа хамтдаа сонгоё” нэрийн дор ард иргэдээсээ мессэжээр санал авахаар болоод байна. Энэхүү ажлыг зохион байгуулах журам, техникийн нөхцөлийн талаар Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаа мэдээлэл хийлээ. Санал авах ажилд хяналт тавих ажлын хэсгийг байгуулжээ. Хяналтын ажлын хэсэг нь харилцаа холбооны үйлчилгээ эрхлэгч компаниудаар дамжуулан энэ сарын 31-нээс хоёрдугаар сарын 03-ны өдрүүдэд явагдах саналын үйл ажиллагаанд хяналт тавьж, дүнг хоёрдугаар сарын 04-ний өдөрт багтаан Засгийн газрын хэрэг эрхлэх газарт хүргүүлэх аж

Санал асуулгын тестийг үүрэн холбооны оператор компаниас 1515-1111 тусгай дугаараар иргэдийн гар утас руу илгээх ба хариуг “1” эсвэл “2” гэсэн тэмдэгтээр хүлээн авах юм байна. Харин өөр хариулт ирсэн тохиолдолд саналыг хүчингүйд тооцох аж. Нэг дугаараас санал асуулгад зөвхөн нэг санал өгөх эрхтэй. 1515-1111 дугаарт хариу мессеж илгээхэд үнэгүй, иргэн таны гар утас нэгжгүй байсан ч мессеж явах боломжтой. Гэхдээ санал асуулга эхлэхээс долоо хоног буюу түүнээс бага хугацааны өмнө шинээр авсан дугаараас болон гадаадын үүрэн холбооны операторын хэрэглэгч санал өгөх боломжгүй юм байна.

Categories
мэдээ улс-төр

Элчин сайдуудыг томилов

УИХ-ын өчигдрийн чуулганаар Монгол Улсаас гадаад улсуудад суух Элчин сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэв. Элчин сайд томилох сана­лыг Ерөнхийлөгч УИХ-д оруулж ирдэг бөгөөд энэ удаа, Монгол Улсаас Бүгд Найрамдах Ардчилсан Лаос ард улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Лодойдамбын Галбадрахыг, Бүгд Найрамдах Сингапур улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Төмөрийн Лхагвадоржийг, Бүгд Найрамдах Куба улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Цэдэндамбын Батбаярыг, Бүгд Найрамдах Энэтхэг улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Гончигийн Ганболдыг, Арабын Бүгд Найрамдах Египет улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Чулууны Баярмөнхийг, Австрали улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Батлайн Чулуунхүүг, Бүгд Найрамдах Польш улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Нэмэхийн Батааг, Тайландын Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Төмөрхүлгийн Төгсбилгүүнийг, Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэргэд суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Сүхээгийн Сүхболд нарыг тус тус томилох саналыг зөвшилцөхөөр УИХ-д хуулийн төслийг өргөн мэдүүлсэн юм. Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор З.Баянсэлэнгэ гишүүн “Элчин сайдууд огцорч буй шалтгаан нь юунд байна. Хугацаа нь дуусаагүй байхад солих ямар шалтгаантай билээ” гэсэн асуулт тавьж байв. Үүнд Ерөнхийлөгчийн Тамгын газраас тайлбар өгч, “Хуулийн дагуу гурван жилийн хугацаатайгаар томилогддог. Хугацаанаас нь өмнө сольж хольж буй зүйл байхгүй. Ажлын туршлага, эхлүүлсэн ажлыг нь дуусгах зэргээс шалтгаалан гурваас илүү жилийн хугацаагаар ажиллуулах практик ч байдаг” гэсэн. Харин Х.Болорчулуун гишүүн Элчин сайд болж буй хүмүүс гачигдал зовлон гарсан нутгийн иргэддээ халуун гараа сунгаж, эцгийн хайраар халамжилж яваарай хэмээн захисан юм.

Э.ЭНХ

Categories
мэдээ улс-төр

Өнөөдөр чуулганаар хэлэлцэх асуудлууд

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ 2015 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 30-НЫ ӨДӨР /БААСАН ГАРАГ/-ИЙН БАЙНГЫН ХОРОО БОЛОН НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

1.Монгол Улсаас гадаадын зарим улстай дипломат харилцаа тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл/Засгийн газар 2015.01.23-ны өдөр өргөн мэдүүлсэн/:

-Хууль санаачлагчийн илтгэлийг Гадаад хэргийн сайд Л.ПҮРЭВСҮРЭН танилцуулна;

-Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.БОЛОР танилцуулна.

2.Засгийн газарт чиглэл өгөх тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Байнгын хороо санаачилсан, хэлэлцэх эсэх/:

-Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.ГАНХУЯГ танилцуулна.

3.Нийтийн сонсголын тухай хуулийн төсөл/Монгол Улсын Ерөнхийлөгч 2014.07.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

-Хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.ӨНӨРБАЯР танилцуулна;

-Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.ЦОГ танилцуулна.

4.Хүүхэд харах үйлчилгээний тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд/Монгол Улсын Ерөнхийлөгч 2014.10.31-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/:

-Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүнЛ.ЭРДЭНЭЧИМЭГ танилцуулна.

5.Хууль тогтоомжийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх журмын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд/Засгийн газар 2015.01.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

-Хууль санаачлагчийн илтгэлийг Хууль зүйн сайд Д.ДОРЛИГЖАВ танилцуулна;

-Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.БОЛД танилцуулна.

6.Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд “Монгол Улсын төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлого батлах тухай”, “Монгол Улсын Их Хурлын тогтоолын зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монгол Улсын Ерөнхий сайд 2014.12.03-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн хамт өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

-Хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Шадар сайд У.ХҮРЭЛСҮХ танилцуулна;

-Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.ОЮУН танилцуулна.

7.Монгол Улсын Олон Улсын хөдөлмөрийн байгууллагын “Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний тухай” 88 дугаар /Засгийн газар 2015.01.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, нэгдэн орох/:

-Хууль санаачлагчийн илтгэлийг Хөдөлмөрийн сайд С.ЧИНЗОРИГ танилцуулна;

-Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.БАЯРСАЙХАН танилцуулна.

8.”Хөдөлмөр эрхлэлтийн хувийн байгууллагын тухай” 181 дүгээр конвенцид тус тус нэгдэн орох тухай хуулийн төслүүд/Засгийн газар 2015.01.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, нэгдэн орох/:

-Хууль санаачлагчийн илтгэлийг Хөдөлмөрийн сайд С.ЧИНЗОРИГ танилцуулна;

-Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.БАЯРСАЙХАН танилцуулна.

9.”Антарктидийн тухай гэрээнд нэгдэн орох тухай” хуулийн төсөл/Засгийн газар 2015.01.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, нэгдэн орох/:

-Хууль санаачлагчийн илтгэлийг Гадаад хэргийн сайд Л.ПҮРЭВСҮРЭН танилцуулна;

-Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.БОЛОР танилцуулна.

10.Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд/Засгийн газар 2014.09.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/:

-Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүнЁ.ОТГОНБАЯР танилцуулна.

11.Монгол хэлний тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд/Улсын Их Хурлын гишүүн М.Батчимэг нарын 6 гишүүн 2014.06.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/:

-Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүнР.ГОНЧИГДОРЖ танилцуулна.

12.Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд/Засгийн газар 2014.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

-Хууль санаачлагчийн илтгэлийг Сангийн сайд Ж.ЭРДЭНЭБАТ танилцуулна;

-Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.ЗОРИГТ танилцуулна.

13.Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл/Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл нарын 23 гишүүн 2014.11.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

-Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн С.ДЭМБЭРЭЛ танилцуулна;

-Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.БОЛД танилцуулна.

14.Барьцаалан зээлдэх журмаар зээл олгох үйл ажиллагааны тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд/Улсын Их Хурлын гишүүн Г.Уянга 2014.11.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

-Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Г.УЯНГА танилцуулна;

-Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.БАТСУУРЬ танилцуулна.

15.Монгол Улсын Эрдэнэсийн сангийн орлого, зарлагын 2015 оны төсвийн тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монгол банк 2014.12.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, нууц/:

16.Согтуурч, мансуурч донтох эмгэгтэй хүнийг албадан эмчлэх тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд/Засгийн газар 2014.11.24-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

-Хууль санаачлагчийн илтгэлийг Хууль зүйн сайд Д.ДОРЛИГЖАВ танилцуулна;

-Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.ОЮУНХОРОЛ танилцуулна.

17.Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл/Засгийн газар 2014.06.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

-Хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын шадар сайд У.ХҮРЭЛСҮХ танилцуулна;

-Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн А.ТЛЕЙХАН танилцуулна.

18.Эрдэс баялгийн салбарын ил тод байдлын тухай хуулийн төсөл/Засгийн газар, 2014.10.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

-Хууль санаачлагчийн илтгэлийг Уул, уурхайн сайд Р.ЖИГЖИД танилцуулна;

-Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.ОДОНТУЯА танилцуулна.

Categories
арын-нүүр булангууд мэдээ нийгэм

Үнэн гэдэг чамд таалагдсан худал зүйл

“Үнэн гэдэг чамд таалагдсан худал зүйл” гэж Ф.Гельдерлин хэмээх ухаантан хэлсэн байдаг. Гэвч хүн төрөлхтөн үнэний тухай ярьсаар ирсэн. Үнэнийг олохын тулд заримдаашударга үгийг ч иш татдаг. Гэвч үнэн, шударга үг нь ч харьцангуй. Яг л бурхан байгаа, байхгүй гэдэгтэй агаар нэг. Худал үгийг мянга давтвалүнэн болдог гэдэг. Гэхдээ үнэний тухай мэдэхгүй хүмүүс үнэн юм байна гэж итгэдэг, найддаг. Харин тэр үнэнийг мэддэг хүмүүст нь худал гэдэг нь харагддаг. Тэгэхээр үнэнгэдэг болхүн төрөлхтний урагш тэмүүлэх нэгэн итгэл найдвар.

Арга тасарсан нь бурхан байдаг гэдэг шиг л сэтгэлдээ үнэн ялна гэж хэлдэг байх. Үнэн бол амьдралд байдаг чхүмүүст байдаггүй ганц зүйл. Улаан нүүрээхамгаалахын тулд бусдыг хэрэгт унагадаг, бусдад буруугаа чихдэг, инээж байгаад хэн нэгний тухай ярихдааудирдлагадаа буруу ойлголтыг өгдөг хүмүүс хаа сайгүй байгааг бүгд харж л байдаг. Магтаал, шагналын ард тэр үнэн огтбайдаггүй. Амьдралд байдаг жинхэнэ үнэнхарин хүний сэтгэлд байхгүй учраасбусдыг золиослож байгаа нь тэр. Ийм л амьдралын энгийн зүйлд барьц алдаж хүн чанаргүй авирладаг атлаа бусдад өөрийгөө гайхамшгийн нэгэн хэлтэрхий мэт ойлгуулжэцэст нь тэр нь түүний үнэн болж дуусдаг. Харин тэд өөрийнхөө мөн чанарыг гээж нийгмийн амьтан болж буйгаа мэдэрдэггүй.

Тэгэхээр үнэн гэдэг чамд таалагдсан худал зүйл гэдэг юутай үнэн үг вэ.

Г.ДЭЛГЭРЦЭЦЭГ

Categories
мэдээ нийгэм

Амины орон сууцтай болох журмыг баталлаа

НИТХ-ын ээлжит 23 дугаар хуралдаанаар “Газар шинэчлэн зохион байгуулах үйл ажиллагааны журам”-ыг хэлэлцэн баталлаа. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын суурьшил бүхий 27.680 га нутаг дэвсгэрийн 21.823 га газрыг гэр хороолол эзэлж байна. Гэр хороололд Улаанбаатар хотын нийт хүн амын 68 гаруй хувь буюу 186.000 гаруй өрх амьдарч байна гэсэн статистик судалгаа байгаа юм. Иймээс гэр хорооллыг орон сууцжуулах хүрээнд “Нийслэлийн орон сууцны хөтөлбөр”-ийг баталсан. Тус хөтөлбөрийн нэг чиглэлд иргэдийн оролцоотойгоор газар шинэчлэн зохион байгуулж, газар ашиглалтыг сайжруулах, газрын үнэ цэнийг нэмэгдүүлэх, нийгмийн болон инженерийн дэд бүтэцтэй амины орон сууц голлосон хороолол болгон хөгжүүлэх үйл ажиллагааг тусгасан байдаг. Энэхүү журам нь нийслэлийн иргэдийн эрүүл аюулгүй, тохилог амьдрах орчинг бүрдүүлэх, газар ашиглалтыг сайжруулах, гэр хорооллыг инженерийн болон нийгмийн дэд бүтэцтэй амины орон сууцны хороолол болгон хөгжүүлэх үйл ажиллагааг иргэдийн оролцоотойгоор газар шинэчлэн зохион байгуулах хэлбэрээр хэрэгжүүлэхэд иргэн, хуулийн этгээд, төрийн байгууллага хооронд үүсэх харилцааг зохицуулах бөгөөд 6 бүлэг 98 зүйл заалттай.
Уг журам хэрэгжиж эхэлснээр иргэд амины орон сууц барих санхүүгийн эх үүсвэргүй, зээл авах болон зээлээ төлөх боломжгүй бол шууд төлбөргүйгээр газрынхаа нэг хэсгийг төлбөрийн хэрэгсэл болгож амины орон сууц барих санхүүгийн эх үүсвэрээ шийдэх, иргэд өөрийн газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах, орчин үеийн шаардлагад нийцсэн эрүүл ахуйн шаардлага хангахуйц орон сууцтай болох, Улсын төсвийн хөрөнгийг хамгийн бага хэмжээгээр зарцуулж, иргэдийн өөрсдийн хүсэл санаачилгын дагуу өөрсдийн хөрөнгөөрөө шийдэх боломж бүрдэх, жижиг дунд үйлдвэрийг дэмжих, жижиг дунд бизнес эрхлэгчдэд хөгжих боломжийг бүрдүүлж өгөх зэрэг олон талын давуу талтай аж.

“Газар шинэчлэн зохион байгуулах” үйл ажиллагаанд иргэдийн санал санаачилгыг тусгаж, иргэдийн оролцоотойгоор хэрэгжүүлэх 9 алхам төсөл байдлаар явуулахаар төлөвлөгөө гарган ажиллаж байгаа юм. Ингэхдээ иргэд газар шинэчлэн зохион байгуулалтад хамрагдах талаар хүсэлт гаргана – Гэр хорооллыг орон сууцжуулах төсөл хүсэлтийг хүлээн авч анхан шатны судалгаа хийнэ – Улаанбаатар хотын Ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан хамрах хүрээг тогтооно – Тогтоосон хамрах хүрээнд иргэдийг бүлгээр зохион байгуулна – Мэдээлэл, сурталчилгаа, сургалт, суурь судалгаа хийнэ – Иргэдийн санал санаачилгыг тусгасан хотын ерөнхий төлөвлөгөө бүхий төслийг боловсруулна – Боловсруулсан төслийг Ерөнхий төлөвлөгөөний газар, Өмчийн харилцааны газар гэх мэт байгууллагатай харилцан зөвшилцөнө – Иргэдийн ашиг сонирхол болон хотын ерөнхий төлөвлөгөөнд нийцсэн төсөл бэлэн болно – Төслийг НИТХ холбогдох төсвийн хамт батлах юм. Мөн газар шинэчлэн зохион байгуулах үйл ажиллагааг төслийн бэлтгэл үе шат, төсөл боловсруулах үе шат, төсөл хэрэгжүүлэх үе шат, төслийн төгсгөлийн үе шат гэсэн үндсэн 4 үе шаттайгаар хэрэгжүүлэх юм.
Бэлтгэл шатанд гэр хорооллын иргэдийг мэдээллээр хангах, төслийн талбарыг тогтоох, төслийн талбарт нийгэм, эдийн засгийн болон төлөвлөлтийн судалгаа хийх, судалгаанд дүн шинжилгээ хийх, иргэдийн бүлэг байгуулагдахад дэмжлэг үзүүлэх.
Төсөл боловсруулах үе шатанд төслийн талбарын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний даалгаврыг баталж, эх загвар, зургийг боловсруулах, газар өмчлөгч, эзэмшигчидтэй хамтран төслийн баримт бичиг боловсруулж батлуулах.
Төсөл хэрэгжүүлэх үе шатанд инженер, геологийн судалгаа хийх, ажлын зураг боловсруулах, батлуулах, төсөл хэрэгжүүлэгч талууд гэрээ байгуулах, барилга байгууламжийг барих, нөөц газрыг борлуулах.
Төслийн төгсгөлийн үе шатанд батлагдсан зураг төслийн дагуу баригдсан барилга байгууламжийг байнгын ашиглалтад хүлээлгэн өгөх, газар болон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгчийн эрхийг шинэчлэх бүртгүүлэх, борлуулсан нөөц газрын эрхийг шилжүүлэх, төслийн хэрэгжилтийн тайланг дүгнэх гэсэн 4 үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөжээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Амралтын өдрүүдэд Дэнжийн мянгын замд нэг чигийн хөдөлгөөний зохицуулалт хийнэ

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу сар шинийн баяр ойртсон энэ өдрүүдэд авто замын ачааллыг бууруулах зорилгоор нэгдсэн зохицуулалтын арга хэмжээ авч байна. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт нэгдүгээр сарын 31, хоёрдугаар сарын 07, 14-ний бямба гаригт, хоёрдугаар сарын 01, 08, 15-ны ням гаригуудад “Дэнжийн мянга”-ын авто замын хөдөлгөөнийг “Хүчит шонхор” худалдааны төвийн зүүн урд уулзвараас хойш үерийн далангийн уулзвар хүртэл урдаас хойш чиглэлд, далангаас зүүн тийш Судалт төвийн /хуучнаар/ уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг баруунаас зүүн чиглэлд 08:00-17:00 цагийн хооронд нэг чигийн хөдөлгөөнд оруулж зохицуулалтын арга хэмжээ авч, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллахаар болов.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Гадаад “ах” буюу УРИЛГАТАЙ ТҮРЭМГИЙЛЭГЧИД

Б.Цэнддоогийн “Соёлын довтолгоо: Анхны хэт гүрнээс сүүлчийн нүүдэлчин” (2008) хэмээх бестселлер бүтээлийг манайхан сайн мэднэ. Нүүдэлчин ардуудыгиргэншин суурьшуулах процессын хүрээнд өрнөсөн албадан соёлжуулах операци-соёлын довтолгооны хөгтэй, хөгжилтэй түүхэн дээр үндэслэн бичсэн уг бүтээлд монголчуудын оюун сэтгэлгээ, ёс сурталд гарсан шинэчлэл, хувьслыг сэтгэл хоногшим дүрсэлсэн байдаг.

Зохиогч уг сэдвээ гүнзгийрүүлэн ХХ зуун болон шинэ мянганы эхэн үеийн Монголын нийгмийн оюун санаа, соёлын хувьслыг үзүүлэх “Сайн эрээс хулигаан, коммунистаас жентельмэн. Монголын соёлын түүхийн альманах” бүтээлээ дуусган хэвлэлд шилжүүлжээ. Манай сонин уг бүтээлийн “Нүүдэл ба хүн”бүлгээс хэсэгчлэн толилуулж байна.

Чингисийн байгуулсан эзэнт гүрний өмнөх ба хойшхи түүхийг харахад тал нутгийн улс төрийн бодлого дахь гадаад хамсаатны хүчин зүйл тодрон харагддаг. Нүүдэлчид дотоодын асуудлыг өөртөө ашигтайгаар шийдэх боломж хомсдохын хэрээр гадны этгээдэд хандана.

Тэмүүжин хөвүүн Чингис хаан болох замынхаа эхийг Хэрэйд аймгийн тэргүүн Тоорил хаанд хандан “булган дах” бүхий бэлэг сэлт барьж дотоодын дайсныг даралцах хүсэлт гарган нааштай хариу авснаас эхэлнэ. Хожим түүнтэйгээ муудалцахын цагт өөр нэг гадаад хүчинд хандана.

Их гүрний дараахьзадралын үед Халх ба Баруун монгол хүчтэй хагаралдах болов. Эхэндээ тэд Төвдийн ламын шашныг “гадаадын зээл тусламж” маягтай ашиглахаар шийдсэн байдаг. Ойрдууд ч Халхыг дайлах үйлстээ Бурханыг туслуулахаар шийдэж, Лхаст ном үзэж, шашны том мяндагтан болсон Галданг тэргүүндээ залан хөдлөв.

Халхууд ч зүгээр байсангүй, энэ ба хойт насыг аврахаас гадна “ойрадыг дарахад хэрэг болно” гэж дэлгэрүүлсэн ламын шашны анхдугаар Богд юугаан “магнай дээрээ мандуулан” сөрөв.

Бурхад шавь нараа үл алагчлах учир хэнийг нь ч тал тохой татсангүй тул улаан, шарыг алаглуулсан Чингис хааны үр хойчис дэмий л хоорондоо алалцаад өнгөрөв.Гэвч цэрэг зэвсгийн тал дээр давуу Галдан сүүл сүүлдээ Халх руу цөмрөн халдаж, аллага таллага үйлдсээр цөмрөн ирлээ.

Монголчууд бие биеийнхээ өсөрхүү зан, хонзогнох, муу санах тал дээр гарамгай болохыг сайн мэдэх халхчууд сандралд орлоо. Нэгийгээ амьдаар нь чанах, насанд хүрэгчдийг тэрэгний дугуйтай чацуулан хядах мөртлөө өнчирсөн хүүхдийг нь учиргүй асрамжилж өсгөх энэ тэр гээд нэг нэгнийхээ хийсэн юмыг мэдэхгүй биш.

Халхууд Бурхан багшийн суурин төлөөлөгч хэмээн хоёргүй сэтгэлээр итгэсэн анхдугаар Богд Занабазартаа хамаг хувь заяагаа даатган мөргөхөөс гарцгүй болов.Халхын ноёд Манжид дагаар орох эсэх талаар Өндөр гэгээнээс асуусан байна. Сонголтгүй байдалд орсон Г.Занабазар дорхи тайлбарыг хийжээ. Улсын (Манж) хааны төр төвшинамгалан сайны дээр, бас түүнд бурханы шашин дэлгэрсэн ялангуяа Манжийн хааны эд агуурс нь тэнгэр лусын эд эрдэнэсийн хив хадаг, торго тэргүүтэн бүрдсэн их буянтай хаан мөний тул тэр зүгт явбаас төр тогтож хамаг амьтан жаргамуй” хэмээжээ.

ХХ зууны Монголын улс төр бол дотоод бодлогоо гадны тусламжаар явуулах эрмэлзлийн хамгийн том тусгал байв. 1911 онд Манж Чин гүрэн унасныг далимдуулан тусгаар тогтнолоо бүрэн сэргээн тунхаглахдаа Хаант орос улсыг голлон түших шийдвэр гаргасан байна. Хэдийгээр нүүдэлчин хэвшлээ хадгалан хөгжлөөс хоцрогдсон боловч, нэгэн цагттивээс тив дэмжсан их гүрнийг байгуулж, дэлхийн бодлогыг тодорхойлж ирсэн үндэсний хувьддараахь дүгнэлтийг хийжээ.

Монгол шиг вассаль улс эзэрхийлэгч гүрнийхээ сулралыг далимдуулан илэрхий тусгаарлах амархан. Гэвч түүний орон сууринг залгамжлан авагчид урдын тогтоцын санаархлаас хэзээ буцаж байлаа! Иймээс гадаад их гүрнүүдийн дэмжлэгчухал. Ингээд тэртээ арвангуравдугаар зуунд Тэмүүжинд гараа сунгасан Ван хааны орлогчоор Хаант орос, улмаар Зөвлөлт засаг тодорсон юм. Монголчууд ганцхан Орост хандаад зогсоогүй, Япон, Америкт хандан дэмжлэг хүсч байсан нь тэдний их гүрний үеийн бодлого санаархлаас уламжилсан холын стратеги байсан юм. Учир нь гадаад хамсаатнаа хянах, эгзэгтэй цаг үед түүнээс салахад тус болох шинэ маягийн “Жамуха анд”хэрэгтэйг санаж байлаа. Гэвч түүх арай өөрөөр бичигдсэн бөлгөө.

1911 оны хувьсгалаас эхлээд тусгаар тогтнолоо автономи болгосон, улмаар түүнээ сайн дураар устгахад хүрч Сю Шүжаны дэглэм тогтсон, тэгтэл Барон Унгерн хүрээг чөлөөлсөн, байдал өөрчлөгдөн Улаан арми орж ирээд большевик засаглал тогтоосон бүхий л явдал монголчуудын “дотоод асуудлаа гадаад харилцаагаар шийдэх” уламжлалын хүрээнд өрнөсний үр дагавар, бас тэр онцлогийг нь өгөөшболгон ашигласан их гүрний алхам болсон. Өөрөөр хэлбэл, Монгол орныг хэн ч цэрэглэн түрэмгийлж байгаагүй, харин ч өөрсдийнх нь дотоод зөрчил дээр тоглолт хийж, дотоодын дайсныг дарж өгөхөөр уригдан ирж, улмаар өөрийн хууль цааз, дэглэмийг тогтоож байсан юм.

Монголчууд дотоодын зөрчилдөөнөө гадны оролцоогоор шийдэж, үр дүнд нь хараат (буюу Вассал)дагуул (буюу сателлит) болсоор ирсний учрыг дараахь хоёр шалтгаанаас хайж болно.

Юуны өмнө асуудлыг зэвсгийн хүчээр шийдэхийг эрхэмлэнэ. Буулт, зохицол нь нүүн одож, асуудлыг газар зүйн хувьд шийдэх байдлаар хийгдэнэ. Талуудын эрх ашгийг дундажлан шийдэх, хожмын үр өгөөжийн төлөө буулт хийх, ухрах туршлага хомс. Өөр өөрийн санаа бодлыг зөв гэж үзсэн талууд хүч тэнцэхийн цагт гадны дэм, тусламжийг урьтаж авсан тал нь ялалт байгуулна.

Нөгөө талаас нүүдэлчид асар уудам орон зайд аялан амьдардаг, нийслэл болсон хүрээгээ ч нүүлгэдэг, төр, засгийн ордон болох хааныхаа гэрт дугуй хийгээд чирэн оддог ард түмэн. Нэг газар удаан тогтдоггүй гэсэн үг. Тэд бусад улс орныг эзлэхдээ ч тэндээ суудаггүй, дагаар оруулаад цаашлан оддог. Заримдаа хэзээ ч эргэж ирэхгүй. Ийм болохоор суурин хөгжилтэй улс гүрэн бусдыг эзлэн суухаас өөр утгаар дайн, байлдан дагуулалтыг ойлгож тайлбарлана.

Түүнчлэн Монголын хээр талын цагуур, байршил нь нүүдэллэн амьдрахыг хүмүүстээ тулгадаг. Тариалан эрхлэхэд хөрс цаг уур таагүй, худалдааны боомт болон хөгжинө гэхээр зам харилцаанаас нэн алсдуу. Тийм учраас нүүдэлчид нүүдэлчдээ эзлэх боловч нүүгээд явчихна. Нүүдэлчин биш гүрэн довтлон ирэвч тэгсгээд буцна,мал маллан амь зуух газар хайж ирсэн биш.

Ийм учраас гадны тусламж авч дотоодын зөрчлөө шийдэхэд амар байв. Гадаадын туслагч ирж дайсныг нь дарж өгчихөөд нүүж одно. Мэдээж шан харамж, тал засах, үнэнчээ илэрхийлэх ёслол байлгүй яахав. Тэгээд явж л таараа. Санаачилгаараа явахгүй юм гэхэд ган зуд зохицуулаад, тугалын бэлчээр, морины аргамжаа хомсдоод ирэхийн цагт явахгүй хаачих билээ! Бүр хөдөлж өгөхгүй бол тэрний цаана өөр нэг дайсан “туслах” ээлжээ хүлээгээд нүүж яваа юм чинь, “булган дах”-аа бариад гарахад хэрэг бүтэхгүй хаачихсан билээ.

Харин ойр байгаа, нэг дорын этгээд, ялангуяа сөргөлдөгч этгээд оройд суувал шууд дарамт учруулна. Харин алс холд суух өөр улсын хааны хараат вассал байвал тэд шууд ирээд дарлаад байхгүй. Хэний эрхэнд байгаагаа заримдаа мартана. Дэргэдийн өрсөлдөгч хийгээд төлөөний этгээдийг ньдээш матах, мэдээлэх замаар тэмцэлдэж бас болно.

Монголын төр засгийн байдал, олон түмний сэтгэл санаа, хааны ордны амьдралыг тагнахаар тавигдсан олон арван туршуулын ард Зөвлөлтийн аюулаас хамгаалах байгууллага зогсож байв. Ордны туршуулуудыг их төлөв доод зиндааны лам нар бүрдүүлж байсныг Л.Шинкарев тэмдэглэжээ. Монгол мэдээлэгчээс оросуудад1923 оны зургадугаар сарын 20-ноос долдугаар сарын 2-ны хооронд ирүүлсэн мэдээлэлд “…Автономийн үед засгийн эрхийг тэр чигээр нь лам нар авсан байжээ. Ордон (богдын.Б.Ц) илүү хүчтэй Засгийн газар болж, Засгийн газраа үл тоон хэрэгсэхгүй явдал олонтаа гарч байсан байна. Автономийг халсны дараа “Лам нарт захируулж байснаас хаа хол суугаа Хятадад захируулж байсан нь дээр” гэсэн үг сонсдох болсон. Бодвол, феодалууд нь лам нартайгаа тэмцэлдээд бүтээгүй учраас энэ үг гарсан бололтой” хэмээн тэмдэглэсэн нь байна.

Чухам ийм бодол санаа, түүнийг соргог ажиглан ашигласан хятадуудын үйл ажиллагааны үр дүнд монголчууд автономио “сайн дураар” устган, 1919 онд генерал Сю Шүжаны цэргийн дэглэм хүрээнд тогтсон бөлгөө.

Хэрвээ байдал өөр өөр эргэж, хэрэг бишидвэл түүнийг гэрээ хэлэлцээр, бусад бодлогоор зохицуулах ба бурхны хишиг болох байгаль цаг уур, түүнээс уялдсан амьдралын хэвшил нь янзлаад өгнө. Манж чин гүрний Вассаль явах хоёр зуугаад жилд Монгол газарт хятад маягийн иргэншил, тариалан зориут хөгжүүлэхгүй хазаарлах, нангиад цагаачид суурьшихыг хатуу хязгаарласан гэрээ хэлэлцээртэй байв. Харин ХХ зуунд Зөвлөлтийн дагуул улс байх үед монгол нутгийн цаг уур,хөгжлийн хоцрогдол зэрэг нь цагаан арьстнууд сайн дураараа суурьшихад хаалт хориг болж өгчээ. Монголчууд буруу тооцоо хийгээгүй аж.

Эдгээр хүчин зүйлүүд нь тал нутгийнхны улс төрийн шийдвэрт хүрэх гуравхан хувилбар болох “байлдан ялах”, “нүүн зугтаах”, “гадны хүчийг даган орж цэрэг-улс төрийн тусламж авах” эдгээрийн үндэс болсон байна…

Categories
мэдээ нийгэм

Хүйтний улиралд автозам нөхөх боломжтой боллоо

DOOSAN компанид үйлдвэрлэгдсэн G40 загварын асфальт халаагч, боловсруулагч төхөөрөмжийг нэвтрүүлэхээс өмнө автозамын нөхөөсийг зөвхөн дулааны улиралд хүн хүч, техникийн өргөн бүрэлдэхүүнтэйгээр гүйцэтгэдэг байлаа. Харин энэхүү төхөөрөмж нь хүйтний улиралд -10-20 градусын температурт ажилладаг нь автозам нөхөх ажлыг улирал харгалзахгүй хийх боломжийг бий болгож байна. Ингэснээр автозам дахь эвдрэл гэмтэл, үүссэн нүхийг нөхөж арчлах ажлыг цаг алдалгүй хэвийн явуулах нөхцөл бүрдэж байгаагаас гадна хуучин асфальтбетоныг эргүүлэн ашиглаж болдогоороо давуу талтай юм. Мөн G40 загварын асфальт халаагч, боловсруулагч төхөөрөмж нь нэг удаа 2м2 талбайд нөхөөс хийх боломжтой бөгөөд хуучин технологитой харьцуулахад ажиллагаа бага, хүний хөдөлмөрийг хөнгөвчилсөн, бүтээмж өндөр, техник тоног төхөөрөмжийн хувьд ч хэмнэлт бий болгож байгаагаараа давуу талтай төхөөрөмж юм. Одоогоор “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ Баруун, Зүүн салбарын үйл ажиллагаанд тус бүр нэг нэгийг ашиглаж эхлээд байна гэж Улаанбаатар хотын “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ мэдээллээ.