УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ээлжит хуралдаан өчигдөр боллоо. Энэ удаагийн хуралдаанаар А.Бакей гишүүний ахалсан Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болон холбогдох хуулийн төслүүдийн талаар бүлгийн санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн мэдээллийг сонсч, хэд, хэдэн чухал шийдвэрт хүрсэн байна.
УИХ-ын төвшинд төсвийн хуулийг боловсруулах шатанд Сангийн яамныхан 221 тэрбум төгрөгийн эх үүсвэр олжээ. Үүнийг хүүхдийн мөнгөнд зориулж долоон тэрбумыг, Одонтэй ээжүүдийн мөнгөнд 19 тэрбумыг, төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэхэд 90 тэрбумыг, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэхэд 15 тэрбум, жирэмсэн эхчүүдийн тэтгэмжид 15 тэрбум гэх жишгээр зарцуулахаар болжээ.
Үүнээс гадна бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудал нь цэцэрлэгийн хоолны мөнгөний 50 хувийг эцэг эхчүүдээр гаргуулах, нийслэлийн орлогч дарга нар цалингүй ажиллана гэсэн нь хууль зөрчсөн. Хуулийн дагуу хоёр орлоготой байхаас гадна нэгэнт төрд ажиллаж байгаа учраас төрөөс цалингаа авч байх нь зөв гэж АН-ын бүлгийн гишүүд үзсэн байна.
Малын хөлийн татвараас орж ирсэн хөрөнгийг гурван зүйлд зарцуулна
Засгийн газар Монгол Улсын 2015 оны төсвийн тодотголыг өргөн мэдүүлэхдээ хэд, хэдэн төрлийн татварыг нэмэгдүүлэхээр орж ирсэнийг дараах байдлаар өөрчлөх санал гаргажээ. Тухайлбал, бууны татварыг 6.3 мм хүртэл голчтойд 30 мянган төгрөгийн, 6.4 мм голчтойгоос дээш бол 60 мянган төгрөгийн татвар ногдуулах.
Сургалт, үзмэрт ашигладаг буунд одоо татвар ногдуулахгүй байсныг 15-30 мянган төгрөг болгон өөрчлөхөөр бүлгийн гишүүд санал нэгдсэн байна. Түүнчлэн, Малын хөлийн татварыг тогтоох нь зүйтэй гэж бүлгийн гишүүд үзжээ. Татварыг 0-1000 хүртэл төгрөгт багтаан тогтоох эрхийг аймаг, сумын ИТХ-д олгож байгаа. Гэхдээ малын хөлийн татвараас орж орж ирсэн орлогыг буцааж гурван зүйлд зарцуулах санал гаргажээ.
Үүнд Бэлчээрийг сайжруулах, худаг ус гаргах, малын удмын санг сайжруулахад энэхүү мөнгийг буцаан зарцуулахаар болжээ. Харин нэг өрхийн нэг гишүүнд ногдох бог малын тоо 50 хүртэл бол татвар төлөхгүй, түүнээс дээш малтай өрх татвар төлөх саналыг гишүүд дэмжжээ. Харин нийслэл хотын татварыг мөн шинээр тогтоох нь зүйтэй гэж үзэж, архи, тамхи, зочид буудал, гадаадын иргэдээс энэхүү татварыг авахаар санал нэгджээ.
“Hybrid” машины татварыг нэмэгдүүлэхгүй
Харин сүүлийн үед иргэдийн хамгийн ихээр бухимдуулж байгаа асуудал бол авто машины татвар. Тэр дундаа монголчуудын хамгийн ихээр унадаг “Prius” машины татварыг гурав дахин нэмэгдүүлэхээр болсон нь олны дургүйцлыг хүргээд байсан. Тэгвэл АН-ын бүлгийн хуралдаанаар авто машины албан татварыг ногдуулахдаа бензин, шатахуун бага зарцуулдаг “Hybrid” маркийн бүх төрлийн авто машины татварыг нэмэгдүүлэхгүй байхаар болжээ. Харин моторын багтаамж ихтэй том машинуудад татварыг өндөр тогтоох нь зүйтэй гэж үзсэн байна.