Categories
мэдээ нийгэм

230 га талбайд ойжуулалт, нөхөн сэргээлт хийнэ

Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, 2015 оны нийгэм, эдийн засгийн зорилтын хүрээнд байгаль орчны чиглэлээр ой зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу нийслэлийн ногоон бүсэд 230 га талбайд ойжуулалт, ой нөхөн сэргээх ажил, 80000 га тайлбайд ойн хөнөөлт шавьж, өвчний судалгаа хийнэ. Мөн 5000 га талбайд тэмцлийн ажил явуулахаар төлөвлөжээ. Элсний нүүдэл цөлжилтөөс хамгаалах зорилгоор Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт Түргэний гол дагуу 10 га талбайд ногоон зурвас байгуулах ажлыг хэрэгжүүлнэ. Түүнчлэн Ойн менежментийн төлөвлөгөөний дагуу 20 га талбайд ойн цэвэрлэгээний ажлыг гүйцэтгүүлэхээр төлөвлөөд байна.

Хүн амын ундны усны эх үүсвэрийг хамгаалах зорилгоор рашаан, булаг тохижуулах, тохижуулсан булгуудын хамгаалалтын хайс, хашааг сэргээн засварлах ажлыг энэ онд гүйцэтгүүлнэ. Баянзүрх дүүргийн 20-р хороо Улиастайн голын эх байгалийн нөөц газрын ангиллаар орон нутгийн тусгай хамгаалалтанд авсан газарт хамгаалалтын хашааг барина. Эдгээр ажлыг нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газар хариуцан ажиллах юм. Харин ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, тохижилтын ажлын хүрээнд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 2015 онд Эко танхим, Хүүхдийн номын сан байгуулахаар төлөвлөжээ. Мөн цэцэрлэгт хүрээлэнгийн цагдаагийн талбайн орчны тохижилтын ажлыг хийж, Сөүл хотын нэрэмжит хүүхдийн тоглоомын талбайн ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байна . Дээрх ажлуудыг Үндэсний цэцэрлэгт хүрээлэн НӨҮГ хариуцан гүйцэтгүүлнэ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Зөвшөөрөлгүй сурталчилгааны самбаруудыг буулгана

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн дэргэдэх Гадна зар сурталчилгааны зөвлөл хуралдаж 2015 оны үйл ажиллагааныхаа төлөвлөгөөг хэлэлцлээ. Хурлын үеэр Гадна сурталчилгааны зөвлөлөөс гаргасан шийдвэр, зөвлөмжийг дүүргүүдийн түвшинд хэрэгжүүлэхийн тулд дүүргүүдийн дэд бүтэц тохижилт хариуцсан Засаг даргын орлогч нарыг оруулахаар боллоо. Уг зөвлөл нь Улаанбаатар хотын хэмжээнд гадна сурталчилгааны журмын хэрэгжилт, норм дүрэм, зай хэмжээнд нь нэгдсэн хяналтыг тавин ажиллах юм. Дүүрэг бүр өөрийн нийтийн эзэмшлийн гудамжуудад ямар хэмжээтэй хэдэн ширхэг сурталчилгааны самбар байрлуулах боломжтойг зөвлөлийн хурлаар хэлэлцэж, зай хэмжээ, төлөвлөлтөө хийж олон нийтэд нээлттэй зарлах юм. Ингэснээр Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт гадна сурталчилгааны байгууламж байрлуулахад дагаж мөрдөх журмын хэрэгжилт хангагдах боломж бүрдэнэ. Мөн Зайсангийн гудамж, Энэбиш, Ард Аюушийн өргөн чөлөө гэх мэт гудамжуудад байрлуулсан зөвшөөрөлгүй болон шаардлага хангахгүй сурталчилгааны самбаруудыг дүүргүүдтэй хамтран буулгана гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Дархан-Уулд цасны зузаан 20-35 см хүрчээ

Дархан-Уул аймагт олон жилийн дунджаас ахиу цас орж, бүх суманд цасны зузаан 20-35 см хүрчээ. Мөн энэ сарын эхээр хүйтний эрч чангарч, ойрын өдрүүдэд шөнөдөө хасах 28-33 градус, өдөртөө 14-20 градус хүйтэн байна. Иймд замгүй газраар газар товчлон зорчихгүй байх, зайлшгүй шаардлагатайгаас бусад тохиолдолд хол замд гарахгүй байх, бага насны хүүхдээ малд явуулахгүй байхыг сануулжээ. Мөн жолооч нарт техникийн бүрэн бүтэн байдал, аюулгүй ажиллагаагаа сайтар хангаж замд гарахыг анхааруулсан байна.

Categories
мэдээ нийгэм

Төрийн гэрэгэг сар шинээр гардуулна

“Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал-Төрийн гэрэгэ” шагналыг Ерөнхийлөгчийн Тамгын газар, Шинжлэх ухааны академи, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Үндэсний хөгжлийн хүрээлэн, Үндэсний бүтээмжийн төв, Өрсөлдөх чадварын төв, Нийслэлийн засаг даргын тамгын газраас хамтран байгуулсан ажлын хэсэг шалгаруулах аж. “Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал Төрийн гэрэгэ” шагналд Аймаг, нийслэлийн ИТХ, Засаг даргын Тамгын газар орон нутагтаа тухайн жилд бий болсон бүтээн байгуулалтыг, Төрийн яамд салбартаа тухайн жилд бий болсон бүтээн байгуулалтыг, иргэд, төрийн бус байгууллагууд дэмжиж буй бүтээн байгуулалтыг нэр дэвшүүлэх эрхтэй бөгөөд холбогдох бичиг баримтыг Ерөнхийлөгчийн Тамгын газарт 1 дүгээр сарын 25-ны өдрийн дотор ирүүлж байхаар тогтжээ.

Уг шагналыг олгох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн бичвэр бүхий цомыг сар шинийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гарган Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнд гардуулах юм байна.

Categories
мэдээ цаг-үе

Д.Баянбатын “Наран” хонгор чансаа өндөр азаргыг тэргүүллээ

Монголын морин спорт уяачдын холбооноос тухайн жилийн хамгийн өндөр чансаатай азарга, их нас, эрлийз дээд насны морьдын чансааг тодорхойлон гаргадаг. Мөн чансаа өндөр уяач, унаач хүүхдийг тодруулдаг уламжлалтай. Чансааг тодорхойлохдоо тухайн жилд гаргасан амжилтуудыг үндэслэдэг. Харин улс, бүсэд түрүүлж айрагдсан шандаст хүлгүүдийг мөнгөн дүнгээр үнэлбэл чансааг тэргүүлсэн азарга дор хаяж хагас тэрбум төгрөг хүрнэ. Энэ жилийн улсын наадмын хязаалан насанд Дорнод аймгийн Цагаан-Уул сумын уугуул, аймгийн алдарт уяач Т.Батзоригийн сартай хээр түрүүлж торгон жолоо өргүүлсэн. Хээр үрээ 120 сая төгрөг хүрч зарагдсан байна лээ. Харин дааганд Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул, Монгол Улсын тод манлай уяач Хадбаасангийн Бат-Эрдэнийн хээр даага түрүүлж түмэн олноо баярлуулсан. Тод манлай хээр даагаа хоёр өрөө орон сууцаар наймаалсан сураг бий. Тэгэхээр улсын наадамд түрүүлсэн дээд насны морьд даага, хязаалангаас хол илүү үнэлэгдэнэ. Улсын наадамд түрүүлсэн морь давхар бүсийн болон аймгийн наадамд түрүүлж, айрагдсан байдаг болохоор тэр хэрээр үнэлгээ өсөх юм. Тэгэхээр ММСУХ-ноос тодорхойлдог өндөр чансаатай азаргыг тэргүүлсэн доорх алтан тууртууд доод тал нь гурван зуун сая төгрөгөөр үнэлэгдэх нь дамжиггүй. Ингээд энэ жилийн чансаа өндөр азаргыг тэргүүлсэн хурдан хүлгүүдийг танилцуулъя.

Нэгдүгээрт, ММСУХ-ны рейтингийн зөвлөлийн шийдвэрээр Төв аймгийн Баянцагаан сумын харьяат, аймгийн алдарт уяач Даваахүүгийн Баянбатын “Наран” хонгор азарга бичигдлээ. “Наран” хонгор азарга Үндэсний их баяр наадам, Их Монгол Улс байгуулагдсаны 808 жил, Ардын хувьсгалын 93 жилийн ойн баяр наадмын түрүү, “Их мандал-2014” төвийн бүсийн уралдаанд түрүүлсэн.

Хоёрдугаарт, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уугуул, аймгийн алдарт уяач Түвдэндоржийн Болдбаатарынхалиун азарга. Халиун азарга үндэсний их баяр наадам, Их Монгол Улс байгуулагдсаны 808 жил, Ардын хувьсгалын 93 жилийн ойн баяр наадмын аман хүзүү, “Хотгойдын хурд-III” Хангайн бүсийн уралдааны айргийн гуравт тус, тус хурдалжээ.

Гуравдугаарт, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат Содномцэрэнгийн Цэмбэлийн сартай хүрэн азарга эрэмбэлэгдлээ. Сартай хүрэн азарга үндэсний их баяр наадам, Их Монгол Улс байгуулагдсаны 808 жил, Ардын хувьсгалын 93 жилийн ойн баяр наадмын айргийн дөрөв , “Дорнод талын хурд-2014” зүүн бүсийн уралдааны айргийн тавд тус, тус хурдалсан.

Дөрөвдүгээрт, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын уугуул Эрдэнэ-Очирын Тамирын хүрэнхалзан азарга бичигдлээ. Хүрэнхалзан азарга үндэсний их баяр наадам, Их Монгол Улс байгуулагдсаны 808 жил, Ардын хувьсгалын 93 жилийн ойн баяр наадмын айргийн гуравт хурдалжээ.

Тавдугаарт, Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн харьяат Бадамын Оргилынхалтар азарга эрэмбэлэгдэв. Халтар азарга үндэсний их баяр наадам, Их Монгол Улс байгуулсны 808 жил, Ардын хувьсгалын 93 жилийн ойн баяр наадмын айргийн тавд хурдалсан.

Зургадугаарт, Өвөрхангай аймгийн Өлзийт сумын уугуул, аймгийн алдарт уяач Дуламын Сугарын хул азаргабичигдлээ. Хул азарга үндэсний их баяр наадам, Их Монгол Улс байгуулагдсаны 808 жил, ардын хувьсгалын 93 жилийн ойн баяр наадмын зургаа, “Дорнод талын хурд-2014” зүүн бүсийн уралдаанд түрүүлсэн юм.

Долдугаарт, Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын уугуул аймгийн алдарт уяач Бундийн Бүрэнтөрийн хүрэн халзан азарга оржээ. Хүрэн халзан азарга “Ламын гэгээн мэндэлсний 375 жилийн ой” говийн бүсийн уралдаанд түрүүлсэн.

Наймдугаарт, Өмнөговь аймгийн Ханхонгор сумын уугуул Навааны Энхболдын хүрэн азарга. Хүрэн азарга “Дүнжингарав-2014” хаврын бүсийн уралдаанд түрүүлсэн байна.

Есдүгээрт, Ховд аймгийн Цэцэг сумын уугуул Начингийн Баасанжавын хул азарга эрэмбэлэгдлээ. Хул азарга “Галдан бошигт хаан мэндэлсний 370 жилийн ой”баруун бүсийн уралдаанд түрүүлсэн юм.

Аравдугаарт, Өвөрхангай аймгийн Баянгол сумын уугуул Төмөрпүрэвийн Ганзоригийн загал азарга. Загал азарга “Өвөрхангай-2014” хаврын бүсийн уралдаанд түрүүлсэн байна.

С.АЛТАНЦЭЦЭГ

Categories
мэдээ нийгэм

Төсвийн байгууллагаас 400 шахам сая төгрөг гаргуулахаар шийдвэрлэжээ

Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхим өнгөрсөн онд 841 хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцсэнээс 181 нь хөдөлмөрийн эрх зүйн маргаан байна.

Дээрх 181 хэргийн нэхэмжлэл бүгд “…ажлаас үндэслэлгүй халагдсан..” агуулгатай бөгөөд 65.7 хувь буюу 119 нэхэмжлэлийг шүүхүүд үндэслэлтэй гэж үзэж, ажилтныг хуучин эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөх олговрыг ажил олгогчоос гаргуулан ажилтанд олгохоор шийдвэрлэжээ.

Эдгээр 119 хэрэгт судалгаа хийж үзэхэд 80 нь төрийн өмчит хуулийн этгээд, улсын төсөвт үйлдвэрийн газар, 39 нь хувийн аж ахуйн нэгжийн албан тушаалтанд холбоотой байна. Хувийн аж ахуйн нэгжийн албан тушаалтанд холбогдохоос бусад 80 байгууллагын 17 нь Засаг даргын тамгын газар, 22 нь сургууль цэцэрлэг, 11 нь эмнэлэг, 12 нь төрийн өмчит хувьцаат компани, аж ахуйн тооцоотой улсын үйлдвэрийн газар, 23 нь Засгийн газрын агентлагийн орон нутаг дахь хэлтэс, албад зэрэгт холбогдуулан гаргасан нэхэмжлэл байгаа аж.

Ажилтныг хуучин ажилд нь эгүүлэн тогтоохдоо шүүх нийт 651.203.268 төгрөг ажил олгогчоос гаргуулж, 623.706.644 төгрөгийг ажилтанд, 27.496.624 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид оруулахаар шийдвэрлэжээ.

Ажил олгогчийн төлөх 651.203.268 төгрөгөөс 397.025.421 төгрөгийг төрийн өмчит хуулийн этгээд, улсын төсөвт үйлдвэрийн газар, 254.177.847 төгрөгийг хувийн аж ахуйн нэгж төлөх юм.

Төрийн өмчит хуулийн этгээд, улсын үйлдвэрийн газраас гарах 397.025.421 төгрөгийн 384.596.712 төгрөгийг ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтанд, 12.428.709 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид оруулахаар шийдвэрлэжээ. Харин хувийн аж ахуйн нэгжээс гарах 254.177.847 төгрөгөөс 239.109.932 төгрөгийг ажилтанд, 15.067.915 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлөхөөр шийдвэрлэсэн байна.

Дашрамд дурдахад энэ нь зөвхөн хяналтын шатны шүүх буюу Дээд шүүхээр өнгөрсөнондшийдвэрлэгдсэн хөдөлмөрийн эрх зүйн маргаантай иргэний хэрэгт хийсэн судалгааюм.

Categories
мэдээ цаг-үе

Шүүхийн ерөнхий зөвлөл анхан болон давж заалдах шатны шүүгчийн сонгон шалгаруулалтыг зарлалаа

Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 03 тоот тушаалаар анхан болон давжзаалдах шатны шүүхийн шүүгчийн 16сул орон тоонд сонгон шалгаруулалт зарлалаа.

Шүүгчид нэр дэвшигч нь 2015 оны 03 дугаар сарын 09-ны өдрийн 09 цаг 00 минутаас 03 дугаар сарын 13-ны өдрийн 17 цаг 00 минут хүртэлх хугацаанд www.shuugch-songon.mn хаягт хандан бүртгүүлнэ.

Нэр дэвшигчдээс шалгалт авч, үнэлгээ өгөх ажиллагааг 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс 04 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд Шүүхийн мэргэшлийн хороо хэрэгжүүлнэ.

Анхан шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигч нь хуульд заасан дараах бол­зол, шаардлагыг хангасан байна. Үүнд:

-Хууль зүйн дээд боловсролтой;

-Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан;

-Ял шийтгүүлж байгаагүй;

-Шүүгчид нэр дэвших үед гэмт хэрэгт холбогдоогүй буюу сэжигтэн яллагдагчаар татагдаагүй;

-Бусдад хугацаа хэтэрсэн зээлийн өргүй;

-Шүүгчээр ажиллахад харшлах өвчин, сэтгэцийн эмгэггүй;

-Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээтэй /гэрчилгээ авсан өдрөөс хойш 3 жил болсон/

-Мэргэжлийн ёс зүйгээ ухамсарласан, шударга ёсыг эрхэмлэдэг, хүний эрхийг дээдлэх, бусдын нөлөөнд автахгүй, бие даасан шийдвэр гаргах чадвартай;

-Мэдээллийн технологийн хэрэглээний програмыг ашиглах чадвартай;

-Шүүгчээр ажиллах тухайн дагнасан шүүхийн салбар эрх зүйн мэдлэг, туршлагатай;

-Бусдын саналд хүндэтгэлтэй хандаж, шүүмжлэлийг бодитойгоор хүлээн авч, өөрийн байр суурийг ойлгомжтой тайлбарлах зэрэг асуудлыг шийдвэрлэхэд шаардлагатай зан чанартай байх.

Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигч нь анхан шатны шүүхийн шүүгчид тавигдах болзол шаардлагаас гадна дараах шаардлагыг хангасан байна: Үүнд:

-Анхан шатны шүүхийн шүүгчээр гурваас доошгүй жил ажилласан, шүүн таслах ажиллагааны туршлагатай;

-Шийдвэрлэсэн хэргийн хүрээнд судалгаа, дүгнэлт хийх чадвартай;

-Мэргэшсэн чиглэлээр хэрэглэгддэг хууль тогтоомжийг боловсронгуй болгох талаар санал гаргах, хуулийн зүйл, заалтыг зөв хэрэглэх талаар мэргэжлийн хэвлэлд өгүүлэл бичин, нийтлүүлсэн байх /Шүүхийн ерөнхий зөвлөлийн “Шүүх эрх мэдэл”, Улсын дээд шүүхийн “Монголын төр, эрх зүй”, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн “Хууль дээдлэх ёс”, Монгол улсын их сургуулийн “Эрх зүй” зэрэг мэргэжлийн хэвлэлд хууль тогтоомжийг боловсронгуй болгох талаар санал дэвшүүлэх эсхүл эрх зүйн хэм хэмжээг хэрэглэх талаар 1500-аас доошгүй үгтэй 2 буюу түүнээс дээш өгүүлэл нийтлүүлсэн хэвлэлийн эх хувийг Шүүхийн мэргэшлийн хорооны ажлын албанд ирүүлнэ/.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигч нь өргөдөл дараах баримт бичгийг бүрдүүлэн, шүүгчийн сонгон шалгаруулалтын системийн www.shuugch.songon.mn хаягаар бүртгэлийн хэсэгт хавсарган оруулна уу.

1. Өргөдөл /Хуудас тус бүрт гарын үсэг зурж, огноог бичсэн байна/;

2. Монгол Улсын иргэний үнэмлэхний хуулбар /Нотариатаар гэрчлүүлсэн байх/;

3.Мэргэжлийн боловс­ролын дипломны хуулбар /Нотариатаар гэрчлүүлсэн байх/;

4. Нийгмийн даатгалын дэвтэр, хөдөлмөр эрхэлж байгааг нотлох бусад баримт бичиг, тэдгээрийн хуулбар /Нотариатаар гэрчлүүлсэн байх/;

5. Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хуулбар /Нотариатаар гэрчлүүлсэн байх/;

6. Өөрийн намтар бүхий анкет /www.judcouncil.mn/burtgelhtml гэсэн хаягаар орж Төрийн албан хаагчийн анкет татаж авах боломжтой/;

7. Шүүгчийн албан тушаалд томилогдоход харшлах өвчин, сэтгэцийн эмгэггүйг нотолсон эрүүл мэндийн тодорхойлолт /www.judcouncil.mn/burtgelhtml гэсэн хаягаар орж Эрүүл мэндийн сайд, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын хамтарсан 2014 оны 41/20 тоот тушаалаар батлагдсан “Шүүгчид нэр дэвшигчийн эрүүл мэндийн тодорхойлолт гаргах журам”-ыг татаж авах/, /Эрүүл мэндийн үзлэгийн маягтыг татаж авах боломжтой/;

8. Байнга оршин суугаа газрын хаягийн тодорхойлолт, ам бүлийн болон эд хөрөнгийн байдал, бусдад хугацаа хэтэрсэн өр, зээлгүй тухайгаа бичгээр гаргасан мэдэгдэл:

•Оршин суугаа газрын болон ам бүлийн тодорхойлолт;

•Өр зээлгүй тухайгаа бичгээр гаргасан мэдэгдэл;

• Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхолын урьдчилсан мэдүүлгийг сүүлийн 30 хоног дотор гаргасан байх ба хуудас тус бүр дээр гарын үсэг зурж баталгаажуулна /www.judcouncil.mn/burtgelhtml гэсэн хаягаар орж Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхолын урьдчилсан мэдүүлгийн маягтыг татаж авах боломжтой/;

9. Ажиллаж байгаа бол эрхэлсэн ажлын байдал, хамт олны доторх нэр хүнд, зан төлөвийн тухай аж ахуйн нэгж, байгууллагын захиргааны тодорхойлолт;

10. Нэр дэвшигчийн мэ­дээл­лийн хүснэгт /Нэр дэв­шигч мэдээллийн хүснэгтийг үнэн зөв бөглөх үүрэгтэй бөгөөд нэр дэвшигчийг үнэлж дүгнэхэд ашиглана/, /www.judcouncil.mn/burtgelhtml гэсэн хаягаар орж Нэр дэвшигчийн мэдээллийн хүснэгтийг татаж авах боломжтой/;

11.Зөвшөөрлийн хуудаc /www.judcouncil.mn/burtgelhtml гэсэн хаягаар орж Зөвшөөрлийн хуудасны загварыг татаж авах боломжтой/;

Жич:Тус сонгон шалгаруулалтад бүртгүүлэхийг хүссэн иргэдийн сэтгэцийн эрүүл мэндийн үзлэгийн хуваарийг 2015 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс 02 дугаар сарын 27-ны өдрийн хооронд Шүүхийн ерөнхий зөвлөлийн цахим хуудсаар мэдэгдэнэ.

Categories
мэдээ цаг-үе

Иргэд оролцож байж л хөгжих боломжтой

Ховд аймгийнхан олон шинэ зүйлийг санаачлан хийж бүтээн, 2013 онд шилдэг аймгаар шалгарсан. Ховд аймгийн Жаргалант сумын “Нутгийн удирдлагын түвшинд иргэдийн оролцоог дэмжих нь” төслийн Орон нутгийн зохицуулагч С.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.

Жаргалант сум иргэний оролцоог хөгжүүлэх асуудал дээр Азийн сантай хамтран ажиллаж байгаа.

-Манай төслийн хүрээнд сумын иргэдийн боловсрол, оролцоо, нийгмийн хариуцлага, сумын иргэний танхимын үйл ажиллагаа, нөлөөллийг нэмэгдүүлэх зэрэг ажлуудыг зохион байгуулан ажиллаж байна. Тухайлбал, Монгол Улсын Төсвийн тухай хууль, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль, хэрэгжиж эхлээд байгаа Шилэн дансны тухай зэрэг хууль дүрэм, Иргэдийн оролцоо, иргэдийн хяналт, Иргэний танхимын үйл ажиллагааны тухай сургалтуудыг зохион байгуулж ирлээ. Мөн Орон нутгийн хөгжлийн сангийн хэлэлцүүлгийг хуулийн хугацаанд Жаргалант сумын ИТХ болон Засаг даргын Тамгын газартай хамтран баг тус бүрд зохион байгуулж, сумын иргэдээ оролцуулан, гаргасан саналуудыг нь шийдвэрт тусган ажиллалаа.

Үр дүн ямар байна?

-Аливаа сургалт, хэлэлцүүлгийн үр дүн тэр дороо, шууд харагддаггүй, тодорхой хугацаа шаарддаг. Орон нутгийн хөгжлийн сангийн хэлэлцүүлэг гэхэд өмнөх оны 5, 6 сард хийгдэж, иргэдийн гаргасан санал дараа онд хэрэгжиж эхлэх жишээтэй. Төсөв санхүү танагдах, цаг хугацааны байдлаас хамааран иргэдийн санал дэмжигдэхгүй, эсвэл удаашрах үед иргэд бухимдаж, төрийн үйл ажиллагаа, төрд итгэх итгэл сулардаг нь анзаарагддаг. Тиймээс аливаа үйл ажиллагааны мэдээ, мэдээллийг иргэдэд нээлттэй, ил тод, цаг хугацаа алдалгүйшуурхай хүргэх нь чухал. Мэдээлэл өгөөгүйн улмаас иргэд хэлэлцүүлэг, Багийн Иргэдийн нийтийн хурал ч юм уу, төрд хяналт тавих санаачилга, идэвх сулардаг байх гэж боддог.

Иргэний оролцоог хэрхэн хүлээн авдаг болсон бэ?

-Жаргалант сумын иргэдийн идэвхи, оролцоо өнгөрсөн онуудтай харьцуулахад эрс нэмэгдсэн. Төрийн үйл ажиллагаанд хяналт тавих, санал бодлоо илэрхийлэх, олон нийтийн эрх ашгийн төлөө санаачилга гаргах зэрэг дээр оролцоо нь нэмэгдэж, манай Жаргалант сум өдрөөс өдөрт өнгө нэмж байна. Баг бүрд идэвхтэй иргэд олон бий. Өмнө нь төр болон “Нутгийн удирдлагын түвшинд иргэдийн оролцоог дэмжих нь” төслөөс зохион байгуулж буй сургалт, хэлэлцүүлэгторолцож байгаагүй иргэд дараагийн хуралд ирэх идэвх нь нэмэгдсэн. Харин залуучуудын оролцоо төдийлөн сайн биш, ажил зохион байгуулахад голдуу дундаас дээш насны хүмүүс оролцдог. Залуучуудын оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай.

Өнгөрсөн оны ОНХС-ийн зарцуулалтын хэлэлцүүлгээс жишээ татна уу?

-2014 оны ОНХС-ийн хөрөнгийг иргэдээс авсан санал, хэлэлцүүлгүүдээс гарсан саналын дагуу Бичигт багийн иргэдэд зориулан нийтийн халуун ус шинээр байгуулж, Мал бүхий иргэдийн хороололд гэрэлтүүлэг, цахилгаан шугам сүлжээ, дэд бүтцийн ажлууд, Алагтолгой багт хүүхдийн тоглоомын талбай зэрэг олон ажил хийсэн, одоо ч хийж байна. Өнгөрсөн оны 5, 6 сард 2015 оны Орон нутгийн хөгжлийн сангийн хэлэлцүүлгүүдийг зохион байгуулсан. Хэлэлцүүлэг зохион байгуулахаас өмнө Жаргалант сумын 12 багийн бүх айл өрх, иргэдэд нийт 13000 ширхэг саналын хуудас тарааж, урьдчилсан байдлаар эрэмбэлж, хэлэлцүүлгүүд зохион байгуулж,баталгаажуулсан.

Цаашдын төлөвлөгөөний талаар?

2015 оны эхний улиралд Жаргалант сумын иргэдийн дунд хууль, эрх зүйн мэдлэг, мөн шийдвэр гаргах түвшинд яаж оролцох талаар цөөнгүй ажил зохион байгуулахаар сумын ИТХ, Засаг даргын Тамгын газартай хамтарсан төлөвлөгөө гарган ажиллаж байна. Мөн өнгөрсөн намар АНУ-ын Азийн сан, Шууд Ардчилал Хүрээлэнтэй хамтран “Хөтлөх урлаг”-ийн 4 өдрийн сургалтыг амжилттай зохион байгуулсан. Сургалтын нэг зорилт нь “Ховд хотын дүрэм”-ийн хэлэлцүүлэг зохион байгуулах байсан. Сургалтанд оролцсон төрийн албан хаагчид, иргэд “Ховд хотын дүрэм”-ийн саналыг нийт иргэдээс авах, хэлэлцүүлэх, батлуулах ажилд оролцож, дүрэмтэй болох ажлаа эхлүүлээд байна. Манай сумынхан иргэний оролцоо бол маш чухал, улам илүү хөгжүүлэх хэрэгтэй гэдгийг сайн ойлгож, цаашид өөрсдийн эрхээ эдлэн, орон нутгаа хөгжүүлэхийг эрмэлзэж байна. Иргэний оролцоо, нийтийн зар мэдээний хууль батлагдвал оролцоо улам илүү эрчимтэй хөгжих боломжтой учир энэ хуулийг бид хүлээж байна. Ер нь бол иргэд оролцож байж л хөгжих боломжтой. Өөрийн оршин суугаа газарт юу хэрэгтэйг иргэд л илүү сайн мэднэ.

-Ярилцлага өгсөнд баярлалаа.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Зөөврийн шагнал

Б.Цэнддоогийн “Соёлын довтолгоо: Анхны хэт гүрнээс сүүлчийн нүүдэлчин” (2008) хэмээх бестселлер бүтээлийг манайхан сайн мэднэ. Нүүдэлчин ардуудыгиргэншин суурьшуулах процессын хүрээнд өрнөсөн албадан соёлжуулах операци-соёлын довтолгооны хөгтэй, хөгжилтэй түүхэн дээр үндэслэн бичсэн уг бүтээлд монголчуудын оюун сэтгэлгээ, ёс сурталд гарсан шинэчлэл, хувьслыг сэтгэл хоногшим дүрсэлсэн байдаг.

Зохиогч уг сэдвээ гүнзгийрүүлэн ХХ зуун болон шинэ мянганы эхэн үеийн Монголын нийгмийн оюун санаа, соёлын хувьслыг үзүүлэх “Сайн эрээс хулигаан, коммунистаас жентельмэн.Монголын соёлын түүхийн альманах” бүтээлээ дуусган хэвлэлд шилжүүлжээ. Бид уг бүтээлийн “Нүүдэлчид ба урамшууллын тогтолцоо” хэсгээс толилуулж байна.

…Тал нутгийн шагнал урамшил, урамшуулах тогтолцоо нь нүүдэлчин амьдралынх нь онцлогтой бас л холбогдоно. Хүчирхэг эзний өмнө гавьяа байгуулагсдыг сайн морь, эмс охид, бэлчээр нутаг зэргээр урамшуулж болно. Суурин иргэнийг эдэлбэр газар, байшин саваар шагнах аваас айл гэрийн амьдралд наалдаж, үе үе дамжин өвлөгдөнө. Харин нүүдэлчний шагнал маш эмзэг. Цаг агаараас хамааран нутаг бэлчээр солигдож, ган гачгаас үүдэлтэйгээр мал хорогдоно.

Нөгөө талаас нүүдэлчид сайн морь, эр чадал, ид хав ерөнхийдөө ойролцоо. Хүлэг сайн ажнай ядуу эрийн ганц морь байж болно, өнчин хөвүүн ч алдар цуутай баатар явж мэднэ.

Чухам тэдний бусдаасаа ялгарах, бие биеийн дээр гарах боломж чухам, эзэн дээдсийн хайр шагнал, элдэв цол хэргэм болж өгнө. Гэвч хол ойр аялан явахдаа эзэн дээдсийн хайрласан нутаг, мал сүргийг зөөгөөд явж, туугаад үзүүлж болохгүй. Ийм учраас цол хэргэм, биедээ аваад явахад тээргүй гуншин л тал нутагт онцгой зохино. Ийм учраас “хээрийн шагнал” маягийн материаллаг орц, эзлэхүүн багатай цол гуншин давамгайлсан шагнал урамшуулал л тал нутагт зохицож байлаа.

Өөрөө өөртөө нэр цол хайрлахад амархан ч бусад нь тоохгүйн гачлантай. Иймээс хол ойрын аймаг улсын өгсөн элдэв цол гуншинг эрээлэхгүй хэрэглэнэ. Монголын нууц товчоонд дурьдсанаар Алтан улсын тусгай элч Вангин Чин сангаас Тоорил, Чингис хаан нарыг шагнасан аж. Тэгэхдээ Тоорилд “ван” гэдэг цол олгосон нь түүнийг “ван хаан”хэмээн алдаршихад хүргэж. Харин Тэмүүжинд ногдсон”Чаутхари” цолыг хэн ч тоосонгүй тул чамгүй гомдоосон аж.

Чингис хаан цол хэргэм, алдар чимэг хайрлахдаа гар татдаггүй нэгэн байсан ба заримдаа өгчихмөөр бол санаанд орохгүй бол ирээдүйд хийж болох гэмт хэргийг урьдчилан уулзах урамшуулал хүртэл сэднэ.

Төвдийн ламын шашны тэргүүнийг одоо болтол дагаж яваа “Далай лам” цолыг монголчууд сэдэж өгсөн ба хариуд нь Автай хаан “Номын их Очирт хаан” цол хүртжээ. Ойрадын Галдан хаан Төвдөөс хүртсэн шашин суртлын “бошигт” цолоо хэвээр хадгалан дайнд мордож байв.

Мөн ч л нүүдэлчин анчин удамтай Зөрчидүүд нангиадын төрийг барих гүн вангийн олон хэргэмийг монголчуудад харамгүй хүртээх болжээ. Цол хэргэм нь ямбаны хувцас, отго жинсээр ялгарах тул бүхий алдар цолоо аваад айл хэсэх боломжтой. Цол хэргэмийг үе улируулан олгох тул хүүхэд нь ч зүүж болно. Нэг цолыг нэг дор хоёр ширхгийг олгож “хошойчин ван” мэт болгож ч болно.

Ардын засгийн жилүүдэд монголчуудын амьдралын хэвшил өөрчлөгдөж, суурин иргэншилд шилжсэн ч социалист систем нь хувийн өмчтэй байхыг хориглоно. Иймээс шагнал урамшил нь материаллагбус байх хэрэгтэй болно. Энэ утгаараа тал нутгийн шагналын онцлог болсон зөөвөрлөх боломжит “нүүдлийн систем” зөвхөн нэрээ солин, тогтоцын хувьд хэвээрээ үргэлжиллээ.

Ингээд “чаутхари”, “ван”, “гүн”, “бэйл”, “бэйсийн” ХХ зууны хувилбар болох “ударник”, “таван жилийн гавшгайч”, ” улсын гавьяат”, “хөдөлмөрийн баатар” цолууд үргэлжлэн хөвөрч, одон тэмдэг ч үржиж өсөв. Дээр нь диплом, сайшаалын үнэмлэх, гэрчилгээ хэмээх үр ач нь төлжив. Энэ утгаараа социалист тогтолцооны шагналын систем нь нүүдэлчин монголчуудын уламжлалын үргэлжлэл болон хөгжсөн гэмээр тогтоц ажгуу…

Categories
нүүр-хуудасны-онцлох туслах-ангилал

Монголчуудын эрх ашгийг гадаадад төлөөлөх байгууллагагүй байна

Есөн жилийн өмнө С.Шаарийбуу гуайн охиныг Малайзад хэрцгийгээр хөнөөсөн. Олон жил ужгирсан энэ асуудлын шүүх хурал сая болов. Гэмт этгээдийг цаазаар авах ялыг хэвээр үлдээсэн мэдээ дуулдаж байна. Гэхдээ бид энэ бүхнийг гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болоод тэндээс ирсэн захидлаар л мэдлээ.

Уг нь манай Гадаад хэргийн яамны Консулын газар байх­даа их ажил хийдэг байсан юм байна. Энэ хэлтэс гадаадад байгаа монгол иргэддээ анхаарал тавьж, тэдний эрх ашгийг хамгаалахын төлөө ажилладаг байсан. Гэвч учир мэдэхгүй шинэ сайд Гадаад хэргийн яамд очингуутаа Консулын албаны 40-өөд хүнийг нэг дор халчихаж байна. Шинэ сайд “Манай фракцийн хүн биш” гэсэн нэрээр энэ албыг тэр чигт нь байхгүй болгочихсон. Ингээд гадаад улс орнуудад Монгол Улсын иргэдийн эрх хэрхэн яаж зөрчигдөж байгаа талаар ямар ч мэдээлэлгүй, таг сууж байна. Дам сургаар сонсоход Малайзад байх Монгол Улсыг төлөөлсөн өргөмжит консул нь Ш.Алтантуяаг хөнөөсөн этгээдүүдийг шүүх хуралд очоогүй сурагтай.

Гадаад дахь иргэдийнхээ төлөө ажилладаг байсан Консулын байгууллага “татан буугдсан”-аар ГХЯ-ны бүх ажил доголдож, монголчуудын эрх ашиг дэлхийд хөндөгдөж эхэллээ. Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн үүнд ноцтой том алдаа гаргалаа. Түүний толгойлсон ГХЯ-ны ажил нь урагшгүй эхэллээ. Ер нь ч тэгээд өөрийн намын 40 хүнийг ажилгүй болгодог энэ том толгойтой гишүүнээ Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөлөөр хэлэлцүүлнэ гэсэн яриа дуулдаж байна. Улмаар түүнээс Ардчилсан намын 40 гишүүний ажлыг нэхэх талаар ярьж магадгүй юм гэлцэж байна лээ. Хэдийгээр энэ нь батлагдаагүй ч намын гишүүдийн дунд яригдаж байгаа мэдээлэл юм.

Л.Пүрэвсүрэнг анх энэ салбарын сайдад тавигдахад нь тааламжгүй этгээдгэгдэж байсан. Тодруулбал, сайд нарын томилгооны асуудлаар хуралдаж байсан УИХ-ын нэгдсэн чуулган дээр Д.Хаянхярваа гишүүн түүнийг “Гадаад харилцааны сайдад нэр дэвшигч таныг Европын холбооноос тааламжгүй хүн гэж тодорхойлсон. Тамхи тээвэрлэдэг гэх мэтийн асуудлууд дуулддаг” гэж хэлж байсан билээ.

М.МӨНХ