УИХ дахь албан бус эмэгтэйчүүдийн бүлгийн Л.Эрдэнэчимэг, Д.Сарангэрэл, З.Баянсэлэнгэ нар өчигдөр Нийслэлийн хоёр, гуравдугаар амаржих газруудын үйл ажиллагаатай танилцлаа. Тэдний хувьд удахгүй Монгол Улс гурван сая дахь иргэнээ авах дөхсөн энэ үед төрөх эмнэлгүүд ямар нөхцөл байдалд үйл ажиллагаа явуулж байгааг сонирхсон юм. Түүнчлэн эмэгтэй гишүүдийн зүгээс эмнэлгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх тал дээр анхаарал хандуулж ажиллана гэдгээ мэдэгдлээ.
УИХ-ын эмэгтэй гишүүд гуравдугаар эмнэлэг дээр эхэлж очсон юм. З.Баянсэлэнгэ гишүүний хувьд 1994 онд уг эмнэлэгт хүүгээ төрүүлж байсан хэмээн хуучиллаа. Ярианы эхэнд гуравдугаар амаржих газрын ерөнхий эмч Д.Бат-Очир “Нэн тэргүүнд III эмнэлгийн шинэ байрыг яаралтай ашиглалтад оруулах шаардлагатай байна. 2015 оны эмийн төсөв тасарснаас эмчилгээ үйлчилгээ явуулахад бэрхшээлтэй байгаа учраас төсвийн тодотголын үеэр энэ мөнгийг шийдвэрлэж өгөхийг УИХ-ын гишүүдээс хүсч байгаа юм.Эмнэлэг маань 45 ортой атлаа бусад амаржих газраас илүү ачаалалтай ажилладаг” гэлээ. Баянзүрх дүүрэг 300 гаруй мянган иргэнтэй бөгөөд тус дүүргийн иргэд төрөхөөр бол уг эмнэлгийг зорьдог байна.
Гэтэл төрөх эмнэлгийн ор 45 байдаг тул бие нь гайгүй, төрөх арай болоогүй бол эмч нь үзээд гэртээ харьж байгаад төрөхөө дөхүүлээд ир гээд явуулахаас өөр арга байдаггүй аж. Тиймээс гурван сая дахь иргэн гэртээ төрсөн байхад гайхаад байх зүйлгүй мэт санагдаж байсан юм.
Тус амаржих газрын нэг өрөө 12 метр квардат бол нэг өрөөнд дөрвөн эх амаржсаныхаа дараа хэвтдэг гэлээ. Харин олон улсын стандарт бол нэг амаржих эхэд 15 метр квадрат оногддог гэдгийг эмч нар нь хэлж байв. Эмнэлгийн нөхцөл байдал хүнд гэдэг нь эхчүүдийн амрах өрөөнөөс шууд мэдэгдэнэ. Хүүхдээ унтуулсан, хүүхдээ хөхүүлсэн эхчүүд өрөөнийхөө хаалгыг цэлийтэл нээжээ. Хаалгаар нь шагайхад л бүгчим халуун агаар пүнхийтэл угтана. Амьсгал давчдах шахам ийм нэг өрөөнд дөрвөн ээж, хүүхдүүдтэйгээ хамт байдаг юм байна. Эхчүүд “Халуун бүгчим байлаа гээд яахав дээ. Энэ нялх хүүхдүүд байхад цонх онгойлголтой биш” хэмээн хөлсөө арчин сууцгаана.
2015.01.16-ны өдөр III төрөх эмнэлгийн коридор
Биднийг очиход 13 цаг хэдийнэ өнгөрсөн байсан тул амаржсан эхчүүд эхнээсээ эмнэлгээс гараад хүн цөөтэй байна гэсэн ч эмнэлгийн өрөө бүр хүнтэй сул ор гэж байсангүй. Тус гуравдугаар амаржих газрын хувьд 32 эмч, 118 ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байгаа юм билээ. Эмнэлгийн хэт ачааллын улмаас янз бүрийн эрсдэл үүсч болзошгүйг эмнэлгийн эмч нар гишүүдэд хандан хэлж байлаа. 2012 онд УИХ дахь эмэгтэй гишүүдийн санаачилга, дэмжлэгээр шинэ төрөгсдөд зориулсан хэрэгслийн цомог ашиглаж эхэлсэн.
Харин 2015 оны төсөвт эм, эмнэлгийн хэрэгслийн зардлуудыг тодорхой хувиар танаснаас үүдэн бэрхшээл үүсээд байгааг төрийн түшээдэд уламжлав. Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг “Монгол Улс 10-аад хоногийн дараа гурван сая дахь иргэнээ хүлээн авна гэсэн мэдээлэл бий. Засгийн газраас энэ үйл явдлыг тэмдэглэн өнгөрүүлэхээр холбогдох тогтоол шийдвэрүүд гарсныг та бүхэн мэдэж байгаа. Хүн хүч, нөөц бололцоо хүрэлцээгүй энэ нөхцөлд төрөх эмнэлгийг гал алдуулахгүйгээр ажиллуулж байгаа нь төр, аливаа нэг Засгийн газрын гавьяа биш. Харин эмнэлгийн эмч, ажилтан та бүхний гавьяа юм. 2015 оны улсын төсөвт III төрөх эмнэлгийн дуусаагүй барилгын үлдэгдэл 1.7 тэрбум төгрөгийн санхүүжилтийг хассан байгаа. Энэ мөнгийг, төсвөөс танагдсан эм тариа, эмнэлгийн хэрэгслийн гэх мэт зардлуудыг тодотгол хэлэлцэх үеэр төсөвт тусгуулах тал дээр анхаарна” гэлээ.
“Өнөөдөр монголчууд гурван сая дахь иргэнээ өлгийдөх гэж байна хэмээн бахархан ярьж байгаа ч төрөх эмнэлгүүдийн нөхцөл байдал үнэхээр хүнд байна. Гурван сая дахь иргэнээ хэрхэн угтаж авах бэлтгэл хийж байгаа юм бэ” хэмээн асуух эхчүүд ч таарсан юм. Төрөх эмнэлгүүд хэвийн байдгаараа байгаа ч төсөв мөнгө нь л танагдаад байх юм хэмээн халаглан суух эмч нар ч бий ажээ.
Гишүүдийн зүгээс төрөлтийг дэмжсэн бодлого явуулж байгаа ч гэсэн иргэнээ хүлээж авах тал дээр хөрөнгө оруулалт хийхгүй байгаа тухай учирлаж байлаа. Тус эмнэлгийн өргөтгөл ашиглалтад орвол 220 гаруй хүний орон тоотойгоор цаашид үйл ажиллагаа явуулах шаардлагатай болж байгаа ч одоо байгаа нөөц боломжоороо ажиллах хэрэгтэй гэдгийг салбар яамны зүгээс мэдэгдээд байгаа юм байна. Гуравдугаар төрөх эмнэлгийн эмч нар нэгэн зэрэг гурван хагалгаанд ороход эмч нар нь бараг хүрэлцэхээ болих хэмжээнд байгаа гэдгийг ерөнхий эмч Д.Бат-Очир хэлж байсан юм.
“Эмнэлэгт амаржсан эхчүүд 18 цаг болоод эмнэлгээс гарч байгаагаас болж төрсний дараа эх хүүхдийг хянах боломж тааруу байж магадгүй. Одоо эхнэр, хүүхдээ аваад гарлаа” хэмээн үглэн суух залуу сэтгүүлчдэд гомдлын үг хаяж байсан билээ. “Гуравдугаар төрөх эмнэлгээс бусад төрөх эмнэлгүүд илүү тээлттэй хүүхэд төрж байгаа бол манай эмнэлэгт илүү тээлттэй бүү хэл эмээр бөмбөгдөн хурдан төрүүлж байна. Тэгэхгүй бол дараагийн төрөх эхчүүд хүлээгдээд байдаг юм” хэмээн эмч нар үнэн үгээ хэлж байв.
УИХ-ын гишүүд төрөх эмнэлгийн үйл ажиллагаатай танилцан явж байтал эхнэр хүүхдээ хүлээсэн харцуул эргэлтийн жижиг цонхоор бүлтийтэл хараад сууж байх юм. “Наад гишүүд чинь юу гэж байна. Эмнэлгийг аятайхан болгоно гэнэ үү. Гурван сая дахь иргэн төрчихсөн юм уу. Манай эхнэр сая төрсөн” хэмээн догдлох эрчүүд их байх юм. Улсаас хүндрэлтэй төрсөн хүүхдийн эмийг өгөхөө больсныг эргүүлэн өгөх ёстой гэсэн зүйл ч яригдлаа. Эмнэлгийн коридорт нэг модон ор байх агаад дөнгөж төрсөн нярай унтаж байлаа. Ээж нь сая ариун цэврийн өрөө явсан хэмээн сувилагч нар хэлсэн юм. Төрөлт ихтэй үед бүр ч олон эхчүүд төрсний дараа коридорт байдаг байж мэдэх юм хэмээн гишүүд өөр хоорондоо ярилцан явлаа. Тус эмнэлэгт амаржсан эхчүүд эмнэлгээс гарсны дараа хүүхдийн өлгий, даавуу тэргүүт зарим зүйлсийг талархсан сэтгэлийн илэрхийлэл болгон эмнэлэгтээ хандивладаг юм байна. Саяхан нэг казах бүсгүй 20 өлгий өгсөн хэмээн эмнэлгийнхэн ам уралдуулан ярьцгааж байлаа. Хүний төлөө гэсэн чин сэтгэлээр ажиллаж байгаа ч эмнэлгийн нөхцөл байдал төдий л сайн биш байгааг төрд уламжлахыг хүссэн юм. Энэ мэтчилэн байвал эмнэлгийн үйл ажиллагаа төдий л сайжрахгүй, гурван сая дахь иргэнээ хүлээж авах эмнэлэг хэцүүхэн байгаа нь ч тус эмнэлгийн дүр зургаас харагдсан билээ.
УИХ дахь эмэгтэй гишүүдийн төлөөлөл гуравдугаар амаржих газраас гарсны дараа Нийслэлийн хоёрдугаар төрөх эмнэлгийн үйл ажиллагаатай танилцлаа. Тэгвэл уг төрөх эмнэлэг гурван сая дахь иргэнийг хүлээн авахаар бэлтгэлээ базаасан тухай тус эмнэлгийнхэн хэлж байлаа. Хоёрдугаар эмнэлгийн хувьд нэг эмч жилд 100 хүнд үйлчлэх стандарттай ч өнгөрсөн 2014 оны байдлаар нэг эмч 627 хүнд үйлчилж байгаа талаар тус эмнэлгийн дарга Б.Оюунханд хэлж байлаа. Мөн эмнэлгийн ачаалал их байгаа ч дотоод нөөц, бололцоогоо дайчлан үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаа гэв. Тус эмнэлгийн хувьд тулгамдаад байгаа гол асуудал нь хуучирсан барилга болоод байгаа талаар мөн танилцуулж, энэ тал дээр холбогдох байгууллагуудын анхаарлыг хандуулж, түргэн шийдвэрлүүлэх тал дээр дэмжлэг үзүүлэхийг хүслээ.
Э.ЭНХБОЛД