Categories
мэдээ нийгэм

Драмын театрыг орчин цагийн төхөөрөмжөөр тоноглоно

Залуусыг өөдрөг үзлээр жигүүрлэх уриатай “Оргил өөд” клубийнхэн Улсын драмын эрдмийн театрыг засварлах их хэмжээний мөнгийг босгох аяныг эхлүүлж байна. 1950-иад оноос хойш ямар нэгэн засвар хийгээгүй тус барилгыг орчин цагийн тоног төхөөрөмжтэй болгож, их засвар хийхэд 20 орчим тэрбум төгрөг шаардлагатай. Өнөөдөр 18 цагт Драмын театрт “Тэнгэрийн хүү” жүжиг тавьснаар мөнгө босгох ажиллагаа эхэлнэ.

Х.БАТТӨГС

Categories
булангууд мэдээ нэг-ангийнхан цаг-үе

Г.Мэнд-Ооёо, До.Цэнджав тэргүүтэй Багшийн дээдийн “ХЭНХЭГҮҮД”

Монгол Улсын хамгийн их хөгжиж, цэцэглэж байсан үед 1970-аад он зүй ёсоор ордог. Юм бүхэн цэгцэрч, улс орны хэмжээнд шинжлэх ухаан, барилга, мал аж ахуйгаас эхлээд бусад бүхий л салбарт хөгжил, дэвшил ирж нийгэм шинэ шатанд алхаад байсан үе. Иргэд, ард түмний амьдрал ч айвуу тайвуу, нийгмийн бухимдалгүй байж. Тэр цагийн оюутнууд, өнөөгийн нийгэмд голлох байр суурь эзлэх болсон нэг ангийнхныг энэ удаа онцолж байна. Тодруулбал, 1974-1978 оны Багшийн дээд сургуулийн Монгол хэл, уран зохиолын ангийнхан. Тэгэхэд 70-80 оюутан энэ ангийг бүр­дүүлж байсан бөгөөд А,Б,В гэсэн гурван бүлэгтэй. Ангийнхнаасаа цойлж, ний­гэмд танигдсан эрхмүүд бол Соёлын гавьяат зүтгэлтэн До.Цэнджав, Г.Мэнд-Ооёо нар юм.

Багшийн дээд сургуулийг 1974-1978 онд дүүргэсэн оюут­нуудын хэнтэй нь ч уулзсан багш, сурган хүмүүжүүлэгчдээ дурсана. Тэр үед Багшийн дээд сургуулийн багш нарын эрдэм, чадал, нөөц бололцоо гайхагдаж байсан гэдгийг оюутнууд нь одоо ч ярьсаар. Академич н.Төмөртогоо, Гадаадын уран зохиолын багш Р.Болд, утга зохиолын судлаач, шүүмжлэгч багш Цэнд, “Хайрхан уулын бараа”, “Урсгал тунгалаг Тамирын гол” гээд олон сайхан дууг зохиож, амилуулсан яруу найрагч Д.Отгонсүрэн гээд олон арван эрдэмтэд хойч үеэ сурган хүмүүжүүлж байжээ. Ш.Надмид багш авиа зүй хэмээх уйтгарт хичээлийг яруу найраг шиг болгож, Дашдорж багшардын уран зохиолыг ёстой л “тос амтагдтал” заана даа хэмээн нэрт зохиолч До.Цэнджавын ангийнхан хүүрнэн байна. Монгол бичгийн багш Б.Шаравын самбар дээрх сийлсэн мэт бичээсийг оюутнууд хараад арчиж, арилгаж чаддаггүй байсан гэдэг. Тэд ангийн багш Ж.Санжаагаа “Бидний үе тэнгийн шахуу. Мэдлэг, мэдээлэл, сурган хүмүүжүүлэх тал дээр биднээсээ нэгэн зууны түрүүнд явдаг хүн” хэмээн сайшаана. Эдгээр багш нарын үгийг дуулж явсан оюутнууд эрдэмтэд шиг, шинжлэх ухаан, ном зохиолд хөтлөгдсөн тийм л нэг давалгааг үүсгэж байж.

Харин энэ ангийнхнаас онцолбол Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Мэнд-Ооёо эмэгтэй хүн бүр дурлам тийм залуу байсан байна. Г.Мэнд-Ооёо хичээл дээр ч шүлэг тэрлэж суудаг нэгэн байжээ. Багш нар нь хүртэл дүн тавихаасаа цааргалж, хичээлд шимтэхгүй байгааг нь шүүмжилнэ. Тиймдээ ч Утга зохиолын нэгдлийг оюутан ахуйдаа удирдаж явсан түүхтэй гэнэ. Тодруулж өгүүлэхэд До.Цэнджав зохиолчтой нэг анги гэх ч нөгөө бүлэгт нь харьяалагддаг байжээ. Харин Соёлын гавьяат зүтгэлтэн До.Цэнджав зохиолчийн хувьд Оюутны зөвлөлийн дарга хийж, нэртэй зохиолч болно гэж байнга ярьдаг байсан нь амьдралд биеллээ олж энэ цагийн нийгмийг соён гэгээрүүлэх олон арван ном туурвих түүчээ болсон бололтой. Бас хожмоо доктор хамгаалсан Б.Явуухулангийн ойрын хамаатан Я.Баатар нь ангийн нөлөө бүхий хүүхдүүдийн нэг. Өдгөө АНУ-д амьдарч буй аж. Доктор Ч.Жачин тэр үеийн жинхэнэ улаан онцын эзэн. Хэн ч Ч.Жачингийн хэмжээнд хүрч хичээлийн төлөө хэнхэглэдэггүй байсан гэдэг. Д.Нацагдоржийн шагналт оюутан болж сардаа 400 орчим төгрөгийн стипенд авдаг байсан нь оюутнуудын дунд шагшигдаж байсан түүх тэднийх.Ангийнхныг муудалцсан үед нь эвлүүлж, муугүй үед нь хөгжөөдөг гол хүмүүс бол Д.Даваа, А.Борхүү нар. Д.Даваа нэгдлийн дарга болно гэж байнга шахам ярина. Ангийнхан нь ч “Чам шиг хүн нэгдэл удирдвал Монгол Улс дампуурна” гэж “цаашлуулдаг” байж. Гэтэл төгсөөд дөрвөн жилийн дотор сум нэгдлийн дарга болон дэвшиж тухайн үеийн нийгэмд ангийнхнаасаа амжилт үзүүлсэн хамгийн эхний хүн болж байжээ. Эмэгтэйчүүдийн тухайд олон жил нэгдүгээр сургуульд багшилж байгаад өдгөө Улаанбаатарын их сургуулийн Монгол хэл, уран зохиолын багшаар ажиллаж буй доктор Д.Дэнсмаа, 33 дугаар сургуулийн захирал асан З.Янжмаа, Д.Шатар, Цогтчимэг, Ц.Должин гээд олон манлайлагч бий. Ер нь тэд нэгэн жигд сурлагатай, багш нарын хайрыг татсан анги, хамт олныг бүрдүүлж байжээ. Ангийг Ховдын гарвалтай Лут-Очир даргална. Лут-Очир нь насаар ахмад, ажиллаж байгаад ирсэн учраас бүх зүйлийг ном ёсоор нь, ямар ч гажуудалгүй хийхийг эрмэлздэг нэгэн. Оюутнууд багш нараасаа бус ангийн даргаасаа айна. Учир нь хичээлийн тасыг арилгуулах гэж оролдсоны ч хэрэггүй. Харин ангийнхан нь хариу авах ганцхан аргатай гэж байгаа. Тэрээр орос хэлний дуудлага, сонсголгүй учраас шинэ багш ирэхэд ангийн дарга “ах нар”-ын хэлээр хамгийн сайн ярьдаг гэж хэлээд яриулаад байна. Ард нь ангийнхан нь ёстой л шавайгаа ханатал инээлддэг байжээ.

Мэдээж дөрвөн жилийн хугацаанд есөн зүйлийн л юм болно. Тэр үеийн семинар бол одооны эрдэм шинжилгээний ажилтай дүйхүйц хэмжээнд хийгддэг байсан гэж байгаа. Дор хаяж 20 түүнээс дээш ном уншиж, судалж байж илтгэнэ. Семинарт оролцохгүй оюутан сайн, онц гэсэн дүнг мөрөөдөөд ч хэрэггүй.Гадаадын уран зохиолын багш Р.Болд нэг удаагийн семинар дээр “Обломов гэж хэн бэ” гэж А.Борхүүгээс асуусан байна. Обломов гэдэг нь тухайн нийгэмд залхуугийн хамгийн сонгодог жишээ болсон номын баатар. Тэгэхэд А.Борхүү “Их муухай хүн” хэмээн хариулсан нь хэзээнээс ёгт Р.Болд багшийн анхааралд өртөж ярьсаар байгаад нөхөр А.Борхүү нь обломов болж ангийн нөхөд нь ярьж, инээх зүйлтэй хоцорсон байдаг. Ингэсээр Р.Болд багш А.Борхүүгээ гадаадын уран зохиолын номоос салахгүй, шимтэн уншдаг оюутан болгосон байна. Бас нэг удаа семинар дээр “Гульсар минь баяртай” номыг даалгаварт өгснөө асуужээ. Мөн л А.Борхүүг босгон асууж. Уг ном нь өвгөн, морь хоёрын тухай. Гэтэл нөхөр “Өндөр цагаан хүүхэн байсан юм” гээд хариулж гэнэ. Багш нь ч явуулаад, асуугаад эхэлсэн байна. Оюутан нь “Тэр өндөр цагаан хүүхэн явсаар нэгэн залуутай танилцан сайхан амьдарсан гэдэг” гээд төгсгөсөн нь бүтэн жилийн инээд болсныг одоо ч дурсана.

Мөнгөн ээмэг, монгол дээлтэй бол Багшийн дээдийн монгол хэлний ангийнхан гэж Улаанбаатарын хэмжээнд хошигнодог байсан бол анги дотроо ой, төгөл гэсэн нэршлийг хэрэглэдэг байжээ. Ой нь онц сурлагатнууд урд эгнээг дүүргэж хичээлдээ тааруу нэг нь төгөл болон араар нуугддаг байж. Төгөл бүлэгт өндөр биетэй олон ч хүүхэд багтдаг бөгөөд нэг цаг 30 минутын хичээл дуустал хамаг биеэ хураан суух гэж ихээхэн том зүйл болдог байсан байна.

Г.Мэнд-Ооёогийн удирддаг утга зохиолын дугуйланд нийгэмд нэр нөлөө бүхий томоохон зохиол ч ирнэ гэвэл оюутнуудын ёстой амны хужир нь болдог байжээ. Ц.Гайтав гуай халамцуухан ирээд утга, уран зохиолын тухай, Ц.Дамдинсүрэн гуай судалгааны ажил хийх арга барилын тухай ярина. “Эрдэм шинжилгээний ажил хийхэд шогол ашиглах ёстой. Шогол гэдэг нь дөрвөлжин нүдтэй хайрцганд уншсан зүйлээ толгой үсгийн дарааллаар оруулна” гээд сургана. Тэрээр бид амьдралд бас хөгжилтэй зүйлийг ярьж байх ёстой гээд “Би энд тэнд явж байхдаа. Хүүхэд, хүүхнүүд шаваад ирэхээр Эрээн алаг барсыг элдэв аргаар номхруулж болно. Эхнэр гэдэг гэзэгтэй барыг эрхлүүлэх тусам толгой дээр гарна гэж уншдаг юм” гээд ёстой л шүлс гоожтол ярьдаг байжээ. Харин П.Бадарч гуай офицер цолтой сэлэм шиг залуу байсан гэнэ. “Буун сумны дуунд булганы үс унана” гээд эхлэхэд Багшийн дээдийн эмэгтэй оюутнууд шүүрс алддаг байж. Яг энэ үед Ү.Хүрэлбаатар, Ш.Гүрбазар дээд ангиас нь, үе тэнгийнхнээс нь Ж.Саруулбуян, шар Мийгаа нар тус сургуульд бэлтгэгдэж байсан бол Б.Лхагвасүрэнгийн, О.Дашбалбарын шүлэг яригдаж байсан гэнэ.

Мэдээж оюутан ахуй цагийг намрын ажил, цайны газар, хоол ундтай холбоотой хөгжилтэй явдалгүйгээр төсөөлөх аргагүй. Хөдөөний голдуу оюутан байранд ирнэ. Байранд орох гэж уртаас урт дараалал үүсэх бөгөөд тасгаа сонгоод авбал дараа дараагийн асуудал юу ч биш. Тэр үед 240 төгрөгийн стипенд авдаг учраас гачигдал бараг байхгүй. Гэхдээ ар гэрээсээ холдож үзээгүй хүүхдүүд дөрвөн жилийн хугацаатай ирж байгаа учир сэтгэл цадна гэж үгүй. Нийтийн хоолонд хоолшихгүй. Байрныхаа ний­тийн гал тогоонд өөрсдөө хоол хийлээ ч ихэвчлэн гоймонтой шөл идэх учраас сэтгэл нэг л дундуур. Хэрвээ нийтийн гал тогоонд оюутнууд зэрэгцээд хоол хийж байхад нэг нь цуйван бэлдвэл анаж байгаад хулгайлна. Охидын байраар явахад олуу­лаа бол хоолоо нуугаад өгөхгүй болохоор ихэвчлэн ганцаарчилсан тоглолт хийж тасаг, байраар нь хэсч тэднээр дайлуулна. Дайлуулахдаа амаа ангатал ярьж, тэднийг хөгжөөх зарчимтай.

Тэр цагийн гоёл драпан пальто, тарфицан өмд. Эмэгтэйчүүдийн хувьд импор­тын хийгээд гар хийцийн юбка, өндөр ултай оймсон түрийт гутлаар гангарна. Гэхдээ намрын ажил эхлэхэд юун гоёж, гоодох. Хөвөнтэй куртка, шар вааран өмд, орос бакиалаар эр, эмгүй жигдэрнэ. Эмэгтэйчүүдийн хувьд нүүр, нүдний будаг хомс ч олж аваад будна. Тэгээд багш нараа орж ирэхээс өмнө буцаагаад арилгана. Ер нь Хөдөөгийн баясгалан, Мартагдашгүй намар кинонууд тухайн үед хийгдсэн бөгөөд тэр үеийн оюутнуудын намрын ажил, зуны ажлыг яг тусгасан байдаг байна. Монгол хэл уран зохиолын энэ ангийнхан л гэхэд Дундговь аймгийн Дэрэн сумын сургуулийн барилгыг 1976 онд барьсан түүхтэй. Тэгэхэд тус сумын баяр наадам нь таарч эрхэм До.Цэнджав шөвгөрч байсан юм байна. Тэд тэр л цагийнхаа жамаар хичээл номын төлөө хэнхэглэж, хэн нэгнээс өрсч унших, олж мэдэхийн тулд шамдаж явсан байна. Намар, зуны ажилд, хөлдүү газар ухахад ч эр, эм гэж жендер ярилгүй бүгд хүрз, лоом барин хөдөлмөрлөж, бүтээж босгож асан нь өдгөө 40 жилийн өмнөх түүх болон дурсагдаж буй нь энэ.

Монголын нийгмийн нэгэн үеийн төлөөлөл Багшийн дээд сургуулийн Монгол хэл, уран зохиолын ангийнхны түүхээс багахан өгүүлэхэд ийм. Тэдний тухай, оюутан ахуй үеийг нь өгүүлэхэд сонины энэхэн зай багадна. Харин тэр цагийн хийгээд энэ цагийн оюутнуудын сурч боловсрох, эдэлж хэрэглэхийн хооронд, олж мэдсэн нь ч өдөр шөнө шиг ялгаатай байгаа нь харагдаж байлаа.

Л.МӨНХТӨР

Categories
мэдээ цаг-үе

Аваргуудын жинд аваргалсан Г.ОДБАЯР

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Монголын жудо бөхийн улсын аварга шалга­руулах тэмцээн болсон. Улсын аваргын хамгийн сонирхолтой жин яах аргагүй 73 кг-ынх байлаа. Энэ жинд “Женко” клубийн тамирчин Ганбаатарын Одбаяр аваргалж 2015 оны улсын аварга болсон юм. 73 кг-ын жин бол Монголын жудочдын “тулааны талбар”. Х.Цагаанбаатар, С.Мияарагчаа нарын аваргуудын дундаас онцгойрч гарч ирнэ гэдэг баргийн аавын хүүгийн чадах зүйл биш. Харин Г.Одбаяр чадсан юм. Түүнийг жудогийнхон 73 кг жингийн унаган бөх гэдэг юм билээ. Ихэнх тамирчин жин өгсөж, эсвэл уруудаж барилддаг бол өөрийнхөө жинд хамгийн олон жил тогтвортой барилдаж байгаа нь Г.Одбаяр. Тэрээр нийслэлийн унаган хүүхэд. Анх арван хэдтэй хүүхэд байхдаа өсвөрийн жудочдын тэмцээнд Сонгинохайрхан дүүргээс оролцож байсан. Өсвөрийн тамирчдын дунд тэмцээн болохоор үеийнхэн нь “Сонгинохайрханы өндөр залуу” гэж нэрлэн, түүнээс бэргэдэг байсан гэдэг. Сүүлд насанд хүрэгчдийн барилдаанд барилдаж эхэлсэн цагаасаа 73 кг-д хүч үзэх болсон бөгөөд С.Ням-Очиртой ана мана үзэлцэх болжээ. Жудогийнхон түүний тухай “Манай Г.Одбаяр бол угаасаа л 73 кг-ын бөх. Х.Цагаанбаатар, С.Мияарагчаа нараас хол илүү амжилт үзүүлэхээр тамирчин” гэж ярих юм билээ.

Түүний анхны багшийг н.Хаштогтох гэдэг. Жудо бөх гэж юу байдгаас авахуулаад энэ спорттой холбоотой бүхий л зүйлийг анхныхаа багшаас сурч авсан гэж ярьсан. Түүнээс хойш олон амжилт гаргасан. Хамгийн сүүлд л гэхэд Инчёоны Азийн наадмаас мөнгөн медаль авсан. Бас Олон улсын жудо бөхийн холбооноос зохион байгуулдаг цуврал тэмцээнээс алт, мөнгө, хүрэл медаль авч байлаа. Олон улсын жудогийн холбооноос шалгаруулдаг дэлхийн чансааны хорин хоёрдугаарт бичигдсэн. Харин шинэ оныг улсын аваргын алтан медальтайгаар эхлүүлж байгаа юм.

С.АЛТАН

Categories
мэдээ цаг-үе

Түүхээр аялуулагч “Динза”

Динза бол эрт цагаас өнөө үед ирсэн динозаврын бяцхан зулзага. Харин Жижгээ нийслэлийн нэгэн дунд сургуулийн сурагч. “Ирмүүн” агентлаг аль зургаан жилийн өмнөөс “Динза” цуврал комикийг гаргаж эхэлсэн болохоор номонд дуртай хүүхдүүд Динза, Жижгээ хоёрыг эртнээс танина. “Динза” цуврал комикийн 43, 44 дэх дэвтэр өнгөрсөн сард хэвлэлтээс гарчээ. Гол баатрууд маань шидэт сахиусны тусламжтайгаар Хүннү, Сүннүгийн үеэс эхлээд түүхийн бүх л цаг хугацаагаараялдаг юм.

Энэ удаа шидэт сахиус тэдэнд “Түүхийн хамгийн хүнд цаг үед очно” гэж сануулна. Хоёр найз 1990 оны дүн өвлөөр Ардчилсан хувьсгал өрнөсөн Улаанбаатартирнэ.Тэднийг нийслэлийн төв талбайд иртэл хувьсгал өрнүүлсэн иргэд улс төрийн өлсгөлөн зарлаж байв. Огт мэдэхгүй цаг үед ирсэн хүү цагдаа нараас зугтаж яваад үеийнхээ охинтой тааралдана. Талбай дээр өлсгөлөн зарлаж байгаа ахдаа хоол аваачиж өгөх гээд чадаагүй Халиунаа охин Динза, Жижгээ хоёрыг ирээдүйгээс ирсэн гэдэгт нь итгэж өгөхгүй гайхна. Эцэст нь арай гэж учрыг нь мэдээд гэр рүүгээ дагуулан явав.

Байрны атаманууд Динзагийн жинсэн өмд, үүргэвчийг дээрэмдэх гэж оролдсон ч тэд зугтаж амжина. Халиунаа Жижгээг гэртээ дагуулж ирж амьдардаг цаг үеийнхээ тухай олон сонирхолтой зүйл ярьж өгнө. Цогтсайхан гэдэг дуучны “Хонхны дуу”-г дуулахыг хорьсон тухайсонссонЖижгээ “Дуу дуулахыг хүртэл хорилоо гэж үү” хэмээн ихэд гайхширна. Халиунаагийн эмээ тэднийг ярилцаж байх зуурөлсгөлөн зарлаж байгаа хүүдээ санаа зовон дахиад хоол бэлдлээ.

Удсан ч үгүй Жижгээ, Динза хоёр Халиунаатай хамт Баясаа ахад нь хоол хүргэхээр төв талбай руу явав. Тэнд Динза, Жижгээ хоёрт дургүй, шидэт сахиусыг нь хулгайлах хүсэлтэймуу ёрын сүнснүүд жагсагчид болж дүрээ хувирган иржээ. Халиунаа ахдаахоол өгөх гэтэл өлсгөлөн зарласан Баясаа хоол идэхийг зөвшөөрсөнгүй. Найзууд энэ үеэр өмнө нь ярьж байсан дуучинтайгаа тааралдана.Ардчилсан хувьсгалын үеэр төв талбай дээр цангинажбайсан “Хонхны дуу”-г дуулсан дуучин залуу тэдэнд “Та нар энд байх аюултай. Гэртээ харьцгаа хүүхдүүд ээ” гэж сануулна.

Төв талбай дээр ногоон хувцсаар жигдэрсэн цэргүүд эгнэн жагсах нь сүрдмээр. Халиунаагийн том ах Баяраа дүүгийнхээ өлсгөлөн зарлаж эхэлсэн талбай дээр төрийн тушаалаар жагсаж байгаа нь энэ. Цэргүүдийн хувьддээрээс тушаал өгвөл жагсагчид руу гал нээх үүрэгтэй. Энэ үеэр хорон санаат сүнснүүд Төрийн ордон дотор орж ирнэ. Ордонд байгаа дарга нар өлсгөлөн зарлаж буй жагсагчдын өгсөн шаардлагад ямар хариу өгөхөө ярилцацгааж байв. Зарим нь “Энхийн замаар шийднэ, ардчиллыг бид хүлээж авна” гэцгээнэ…

“Динза” комикийн сүүлд гарсан хоёр дэвтэрт тэртээ ерэн онд ардчилсан хувьсгал өрнөсөн Монгол оронд ямар үйл явдал өрнөж байсныг энэ мэтээр дүрсэлжээ. Түүхийг зураг хэлбэрээр, хөнгөхөн, зугаатай, сонирхолтойгоорилэрхийлсэн нь “Динза” комикийн нэг онцлог. Динза, Жижгээ хоёрт тохиолдсон адал явдлыг сонирхонгоотүүхээ мэдэх боломжтой учраас энэ комик аав, ээжүүдийн хүүхдүүддээ авч өгөх дуртай номын тоонд аль хэдийнэ багтсан юм билээ. Ардчилсан хувьсгал өрнөсөн цаг үеэр аялсан найзууд дараагийн удаа түүхийн альцаг үед очих бол?

Ц.БААСАНСҮРЭН

Categories
мэдээ нийгэм

Гар одтой, хөх морь өдөр

Аргын тооллын нэгдүгээр сарын 18. Адъяа гариг. Билгийн тооллын 28. Гар одтой, хөх морь өдөр. Өдрийн наран 08.30 цагт мандан, 17.20 цагт жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал адгуус муулах, лусыг тахих, тангаргаа буцаахад сайн. Гар бүрэх, хэрүүл тэмцэл хийх, сэтгэлд сэвтэй газар очих, хүүхэд хөлд оруулахад муу.

Өдрийн сайн цагнь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой.

Categories
мэдээ соёл-урлаг

Өнөөдрийн үзвэр: “Травиата” дуурь

Та өнөөдөр Дуурийн театрыг зориорой. Өнөөдөр тус театрт 17:00 цагаас Ж.Вердийн “Травиата” дуурийг тоглоно.

ТРАВИАТА

Гурван бүлэг, дөрвөн үзэгдэлт дуурь

  • Хөгжим: Ж.Верди
  • Цомнол: А.Дюмагийн Камелийн цэцэгт хатагтай зохиолоор Ф.Пиявэ бичжээ.
  • Удирдаач: Н.Туулайхүү УГЗ
  • Найруулагч: Ё.Цэрэндолгор УГЗ
  • Зураач: Ч.Гунгаасүх АЗ
  • Туслах найруулагч Е.Сарантуяа СТА
  • Манай тайзнаа 1977-4-09-нд анх тавигдсан.
  • Анх 1853 оны 3-р сарын 6-нд Венец хотын театрт тогложээ.

ДҮРҮҮД:

  • Виолетта (сопрано) – Н. Туяа СТА
  • Флора/түүний найз/ (меццо-сопрано) – Р. Доржхорлоо СТА
  • Альфред Жермон (тенор) – Г.Шижирболд
  • Жорж Жермон/Альфредын эцэг/ (баритон) – Э.Анхбаяр СТА
  • Анина/Виолеттагийн зарц/ (сопрано) – Ш.Наранчимэг СТА
  • Гастон/Виолеттагийн танил/ (тенор) – М.Даваадорж
  • Барон (баритон) – Ч.Энхтайван СТА
  • Маркиз Обиньи – Б.Алтанхуяг
  • Гренвиль/эмч/ (бас) – С.Бат-Эрдэнэ
  • Жозеф – А.Анар-Эрдэнэ

Цыган, испани бүжгүүд балетын жүжигчид, найрал дуучид дуулж, симфони найрал хөгжим хөгжимдөнө. Дуурийн үйл явдал XIX зууны үед Парис хотод болно.

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

Парис хотынхны дунд хөнгөмсөг амьдрал, үзэсгэлэн гоо зүс царай, төрөлх ухаанаараа нэрд гарсан Виолетта Валери, ужиг өвчнөөс ангижирч эрүүл энх болсныхоо баярыг тэмдэглэхээр зочдыг урьжээ.Зочдын дунд Виолеттагийн хамгийн дотнын нөхөд болох Дуфол гүн, эмч Гренвиль, найз бүсгүй Флора нар байна.

Виолеттагийн сайн танил Гастон найз нөхөр Альфред Жермоны хамт орж ирэхэд гэрийн эзэгтэй баясгалантайгаар угтан очив. Гастон өөрийн найз Альфред түүнд ухаангүй дур сэтгэлтэй болсныг шивнэж амжина. Хажуугийн тасалгаанд хөгжим хангинаж эхлэхэд Виолетта зочдоос бүжигт уриад өөрийн нь бие таагүй байсан учир үлдэнэ. Альфред бүсгүйд ойртон оргилж хөөрсөн сэтгэлээр өөрийн хайр сэтгэлийг илчлэв.

Виолетта анхандаа тоглоом өнгөрөөх гэсэн боловч залуугийн үнэн сэтгэлээс илчлэх гал халуун дурлалын илчинд автагдсаар… Виолетта Альфредын дурлал ариун бөгөөд эргэшгүй гэдгийг ухамсарлахдаа хэзээ ч тохиолдоогүйгээр хайрлан дурлах гүн сэтгэлд уусан хайлж байгаагаа мэдэрнэ…

Categories
мэдээ нийгэм

ХААИС-ийн экс захирлын хэргийг дахин шүүнэ

Хөдөө аж ахуйн их сургууль /ХААИС/-ийн захирлаар ажиллаж байсан Б.Бямбаа болон Д.Янжмаа, Б.Болдбаатар, Ц.Амарсайхан нарын хэргийг ирэх мягмар гариг /01.20/-т дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхэд хянан хэлэлцэнэ.

Б.Бямбаа нарыг албан тушаалаа урвуулан ашиглаж, хуурамч бичиг баримт үйлдэн, сургуулийн хөрөнгөнөөс их хэмжээний мөнгө шамшигдуулсан байж болзошгүй гэж сэжиглэж байгаа юм.

Энэ хэргийг шүүх хурал өнгөрсөн 2014 оны зургаадугаар сард тус шүүхэд болж, Б.Бямбаа нарыг гэм буруугүй гэж үзэн, цагаатгах шийдвэр гаргасан ч шийдвэрийг дүүргийн II прокурорын газраас хүлээн зөвшөөрөлгүй, шүүхэд эсэргүүцэл бичсэнээр хэргийг дахин шүүхээр болж байгаа юм.

Авлигатай тэмцэх газраас явуулсан мөрдөн байцаалтаар Б.Бямбааг Хөдөө аж ахуйн их сургуулийн захирлаар ажиллаж байхдаа тус сургуульд 800 орчим сая төгрөгийн хохирол учруулсан. Ингэхдээ тус сургуулийн дэд захирал Ц.Амарсайханаар хуурамч тушаал гаргуулж, гэрээ материал бүрдүүлэн, ерөнхий санхүүч Д.Янжмаагаар хууль бус гүйлгээ хийлгэсэн гэж үзэн, хэргийг Нийслэлийн прокурорын газарт шилжүүлж байсан юм.

Categories
мэдээ нийгэм

Тэнэмэл иргэдийг бичиг баримттай болгожээ

Чингэлтэй дүүргийн Бүртгэлийн хэлтсээс Нийслэлийн Засаг даргын “Амьдрах ухаан сургалт үйлдвэрлэлийн тусгай төв”-тэй хамтран “Орон гэргүй тэнэмэл амьдралтай иргэдийг бичиг баримтжуулах” аяны зохион байгуулжээ. Энэ хүрээнд тус дүүргийн харьяат 82 иргэнийг мэдээллийн санд нэг бүрчлэн шалгаж гэрийн хаяг, зөрчлийн төрлийг тогтоон бичиг баримтжуулж иргэний үнэмлэхийг нь гардуулан өгсөн гэж мэдээллээ.

Тус дүүргийн хувьд 2015 оныг “Баримт бичгийн зөрчилгүй” байх уриалга дэвшүүлсэн байна. Энэ хүрээнд “Хүнд нөхцөлд амьдарч байгаа иргэдийг нийгэмшүүлэх, бичиг баримтжуулах” хөтөлбөрийн хүрээнд цуврал арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Categories
мэдээ нийгэм

Харвардын сургуульд суралцах бүртгэл эхэллээ

Дэлхийн шилдэг Харвардын их сургуульд богино хугацааны сургалтад хамрагдаарай

АНУ-ын эртний их сургуулиудын нэг, Харвард их сургууль 1636 онд Массачүсэтт мужид анх байгуулагдсан.

1607-1638 онд Англи Улсаас АНУ-д Элчин Сайд байсан Жон Харвард Чарлестаунхувийн номын сан, өв хөрөнгөө байгуулагдаад удаагүй байсан коллежид өвлүүлэн үлдээсэнд талархаж Харвард Их Сургууль гэж нэршсэн.

Харвард их сургуулийн сургалт нь өндөр мэдлэг, чанартай боловсрол эзэмшүүлдэгээрээ дэлхийн эхний 5-т багтдаг сургууль юм.

Харвард их сургууль нь анх 9 оюутантай эхэлж байсан бол өнөөдөр зөвхөн нэг жилийн элсэлтэнд 20000 гаруй оюутнууд Баклавар, Мастер, Доктор мөн төрийн удирдах ажилтнууд дэлхийн өнцөг булан бүрээс хүрэлцэн ирж мэдлэг, чадвараа дээшлүүлэн суралцдаг.

Одоогоор Харвард их сургууль нь 13 мэргэшсэн салбар сургуультай ба богино хугацааны боловсролын программын гол хүчин зүйл нь Харвард Их Сургуулийн тусгай бэлтгэгдсэн суралцах арга барилаар суралцана.

Сургалтын программ нь амьдрал дээр үндэслэгдсэн, асуудлыг оновчтой шийдэх арга барил, харах өнцгийг нэмж, бодит байдал, боломж, шийдвэр гаргахад сургана.

Бодит амьдралд гаргасан амжилт, алдаанд тулгуурлан суралцагч өөрт байгаа ажлын туршлага, мэдлэгээ ашиглан шийдвэр гаргах түвшинд улс орны удирдагч, манлайлагч нарт ихээхэн хамааралтай сургалт юм.

АНУ-ын Харвардын их сургуульд 2015 оны 2 сарын сарын 17-20 ний хооронд болох 4 хоногийн ХАРВАРД ИХ СУРГУУЛИЙН МЭРГЭШҮҮЛЭХ ХӨТӨЛБӨР-ийн хүрээнд суралцах сертифкат олгох сургалтанд таныг урьж байна.

Сургалтын бүртгэл хийж дуусах хугацаа: 2015 оны 1 сарын 25-нд

Сургалтын төлбөр нэг хүн: $6000 уг үнэнд Монголоос ирж, очих онгоцны тийзний үнэ ороогүй ба сургалт, буудал, унааны төлбөр багтсан болно.

Сургалт зохион байгуулагч:

“TYSONS CONSULTING LLC”, ” МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛЫГ ДЭМЖИХ САН”

Холбоо барих утас: 9911-5702, сургалтын хөтөлбөрийг ЭНД дарж татаж авна уу.

Categories
гадаад мэдээ

Шувууны томуугаар халдварласан хоёр хүн нас барав

Хятадад шувууны томуугийн вирусын халдвар авсан хоёр хүн нас барсан тухай Reuters агентлаг мэдээлэв. Фузянь мужид шувууны томуугийн H7N9 өсвөрөөр өвчилсөн дээрх хоёр хүн нас барснаас гадна 15 хүн халдвар авсан нь тогтоогдоод байгаа аж.

Түүнчлэн Египетэд шувууны томуугаар халдварласан долоон хүн нас барсан тухай мэдээлэл байна. Мөн Японы Окаяма мужид шувууны томууны улмаас 200 мянган тахианд устгал хийж эхэлсэн аж. Мужийн захиргааны мэдээлснээр, нэгэн шувууны аж ахуйн тахианаас Н5 төрлийн шувууны томууны вирус илэрсэн ажээ.

Окаяма мужид вирусийн тархалтын эсрэг үйл ажиллагаа явуулах комисс байгуулсан бөгөөд тус комиссоос уг аж ахуйн бүх тахиаг устгах шийдвэр гаргаж, вирусын голомтоос шувууны мах, өндөг зөөхөд хориг тавьж, гурван км-ийн хүрээтэй хорио цээрийн бүс байгуулжээ.