Categories
гадаад мэдээ

Монголчуудыг доромжилсон баримтат киног шүүмжлэв

Шведийн найруулагч Ruben Östlund гэдэг хүний бүтээсэн “The Guitar Mongoloid” баримтат кино Нью-Йоркийн Линкольний төв театрт гарч эхэллээ. Гудамжинд гитар тоглон өдрийг өнгөрөөдөг, Дауны синдромтой Erik Rutstrom гэх хүүгийн талаар кинонд өгүүлдэг байна.

Кинонд 1965 онд ДЭМБ-аас хэрэглээнээс хасахыг баталсан “Монголоид” гэдэг үгийг ашигласан нь шүүмжлэл дагуулж байна.

“Монголоид” хэмээх үгийг анагаах ухааны хэллэгээс хассан ч энэ хэллэг ямар учиртайг мэдэхгүй хүмүүс зарим оронд буруугаар хэрэглэсээр байгаагийн жишээ нь дээрх кино юм.
Үүнтэй холбогдуулан Нью-Йорк дахь Монголчуудын холбоо, Их Британи дахь Монгол нийгэмлэг, “Цахим өртөө холбоо” ТББ-аас найруулагч Ruben Östlund-дад хандан захиа бичжээ.

Оюуны хомсдолтой, бие эрхтэний гажигтай төрдөг нэгэн эмгэгийг 1866 онд Английн удамзүйч (генетикч) Жон Лангдон Даун оюуны хомсдолын бусад эмгэгээс ялган авч, бие даасан тусдаа өвчин гэдгийг баталж судалгаа хийж эхэлжээ. Анх Дауны синдромыг “Монголоид” гэж нэрлэдэг байв. Учир нь энэ өвчний илрэх байдал нь Алтайн нуруугаар нутагладаг монголчуудын нүүрний хэв шинжтэй төстэй байснаас Блуменбахын хүний хэв шинж, гарал үүслийн судалгааг үндэслэн “Монголоид” гэж нэрлэх болжээ. Хожим нь энэ өвчний судалгааг анхлан хийсэн Дауны нэрээр өвчнийг нэрлэх болсон гэдэг.
2012018_18718905154f43b04e115c6
Найруулагч Ruben Östlund

Categories
мэдээ нийгэм

Налайх, Багануур дүүрэгт хот байгуулах иргэдийн санал асуулга лхагва, пүрэв гарагт болно

УИХ-аар батлагдсан Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөр, 2030 он хүртэл хөгжлийн чиг хандлагын баримт бичиг, нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан нийслэлийн нутаг дэвсгэрийн тэнцвэрт хөгжлийг хангах, Улаанбаатар хотын хэт төвлөрлийг сааруулах зорилтын хүрээнд нийслэлийн дагуул, хаяа хот, тосгоныг хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлж Багануур, Налайх дүүрэгт иргэдийн оролцоотойгоор хот байгуулах шийдвэр гаргах, хотын дүрэм батлуулах ажил 2014 оны 11 дүгээр сард эхэлсэн. Өнгөрсөн хугацаанд “Хотын багц дүрэм боловсруулах” төслийн хүрээнд хотын загвар дүрмийг боловсруулж, Налайх, Багануур дүүргийн иргэдэд танилцуулсан байна. Иргэдийн дунд үе шаттайгаар хэлэлцүүлэг зохион байгуулж, санал, бодлыг нь сонсох, хотын Үндсэн дүрмийн төсөлд тусгах, нэгтгэх ажлыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар дүүргийн удирдлагуудтай хамтран зохион байгуулжээ. Ингэхдээ дүүргийн хороо бүрийн иргэний төлөөлөл Редакцийн зөвлөлд оролцож, дүүрэг тус бүр дээр ажилласан байна. Нийт 18 удаагийн уулзалт, хэлэлцүүлэг, цахим хуудсаар ирүүлсэн 150 гаруй иргэдийн саналыг хотын Үндсэн дүрэмд тусгах эсэхийг хэлэлцэж, Багануур болон Налайх хотын Үндсэн дүрмийн эцсийн найруулгыг боловсруулан өрх бүрт хүргэн дахин танилцуулжээ.
Багануур, Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын шийдвэрийн дагуу “Дүүрэгт хотыг шинээр үүсгэн байгуулж, хотын үндсэн дүрмийг батлах тухай асуудлаар иргэдийн санал асуулгыг зохион байгуулах журам”-ыг баталж, санал асуулга явуулахаар болсон.
Налайх дүүрэгт “Налайх хот”-ыг шинээр байгуулж, Налайх хотын Үндсэн дүрмийг санал асуулгын дүнд үндэслэн батлах асуудлаар санал асуулга 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр тус дүүргийн бүх хороодын байрт байрлах санал асуулгын байранд явагдахаар болсон бол Багануур дүүрэгт “Багануур хот”-ыг шинээр байгуулж, Багануур хотын Үндсэн дүрмийг санал асуулгын дүнд үндэслэн батлах асуудлаар иргэдийн санал асуулгыг 2015 оны 01 дүгээр сарын 21-22-ны өдрүүдэд тус дүүргийн 5 хорооны байранд зохион байгуулна.
Тус дүүргийн иргэд саналаа өгөхдөө иргэний үнэмлэхтэйгээ очиж хороон дээр өгөхөөс гадна өнөөдрөөс эхлэн саналаа урьдчилан өгөх боломжтой. Мөн санал авах ажлыг зохион байгуулах хорооны Ажлын хэсэг нь биеийн эрүүл мэндийн байдлаас болон бусад хүндэтгэн үзэх бусад шалтгааны улмаас хорооны байранд хүрэлцэн ирж чадахгүй иргэний саналыг түүний хүсэлтээр очиж, битүүмжилсэн хайрцгаар авах юм байна. Санал асуулгад дүүргийн сонгуулийн эрх бүхий иргэдийн 50-иас дээш хувь нь оролцож, оролцсон иргэдийн 50-иас дээш хувь нь хот байгуулахыг дэмжсэн тохиолдолд Багануур, Налайх дүүрэгт Багануур, Налайх хотыг шинээр байгуулахыг дэмжиж, Багануур, Налайх хотын Үндсэн дүрмийг санал асуулгын дүнд үндэслэн батлагдсан гэж үзэн дүүрэг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас уг асуудлыг дэмжин, “Багануур”, “Налайх” хотыг байгуулах шийдвэр гаргуулахаар УИХ, Засгийн газарт санал асуулгын дүнг хүргүүлнэ.
Ингэснээр Багануур нь Улаанбаатар хотын 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын дагуу нүүрсний уурхай, эрчим хүч, нүүр боловсруулах, нано технологи, барилгын материал, хөнгөн хүнсний үйлдвэр, эрүүл мэнд, тээвэр ложистикийн төв болж, 2030 он гэхэд 60000 орчим хүн амтай хот болон хөгжих юм.
Харин Налайхын өрхийн аж ахуй, тээвэр ложистик, бөөний худалдаа, хүнсний үйлдвэрлэл, барилгын материалын үйлдвэрлэл, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, шинэ технологи нутагшуулах парк бүхий хот болон хөгжиж, 2030 он гэхэд 65000 орчим хүн амтай хот болон болно гэж төлөвлөж байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
p19c01miqr1flcu8eoro168i3d54

Categories
мэдээ нийгэм

“Сүүн бүтээгдэхүүн хэрэглэгчийн төв”-өөс хэрэглэгчдэд зориулан уриалга гаргажээ

НИЙТ ХЭРЭГЛЭГЧ НАР НЭГДЭЖ ТЭМЦЭХИЙГ ХҮСЬЕ!!!

“Сүүн бүтээгдэхүүн хэрэглэгчийн төв” ТББ нь үйлдвэрлэлд бүтээгдэхүүний хадгалалтын хугацаа, өнгө, амт, үнэр, бусад ашигтай үзүүлэлтийг өөрчилдөг хүнсний нэмэлт хольцын тухай асуудлыг санаачлан тавиад 3 дах жилдээ тэмцэж байна.
Замбараагүй хэрэглэж байх хүнсний нэмэлт хольцыг цэгцлэх, хяналтыг чангатгах нь Монгол хүний эрүүл мэндтэй салшгүй холбоотойг төрийн бодлогын баримт бичиг 2013 оны Хүнсний тухай хууль, 2014 оны Мэргэжлийн хяналтын тандалт судалгааны үр дүнгээр бүрэн батлагдсан боловч тодорхой албан тушаалтаны ажилдаа хариуцлагагүй ханддаг, өнөөдөр л нэг бичгийн хариу өгч л байвал боллоо гэсэн төрийн албыг оромдомж гүйцэтгэдэг үйл ажиллагаанаас
1. Хэрэглэгч та бүхний эрүүл мэнд ХОХИРОХ
2. Асуудлыг тавьж тууштай тэмцэж яваа ТББ нь үйл ажиллагаа ЗОГСОХ түвшинд хүрлээ.
УЧИР НЬ:
2015 оны 1 дүгээр сарын 14-ны өдөр болсон Дүүргийн Иргэний хэргийн 2 дугаар шүүх дээр “Оргил хүнс” ХХК-ийн /ГОЁ тараг/ нэхэмжлэлтэй “Сүүн бүтээгдэхүүн хэрэглэгчийн төв” ТББ-д холбогдох иргэний хэргийг хэлэлцээд ТББ-аас 54 сая төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Бид шүүхийн шийдвэрт нь хүндэтгэлтэй хандаж байгаа боловч түүний гаргахад тулгуурласан үндсэн нотлох баримтыг ОЛОН НИЙТИЙН АНХААРАЛД хүргэх нь зүйтэй гэж үзлээ. Яагаад гэвэл асуудлыг өнгөрсөн 3 жил МХЕГ, СХЗГ гэх зэрэг байгууллагуудад 30 гаруй удаа албан тоотоор төрийн ажлаа хийгээч гэж хандаад ЯГ ҮНЭНДЭЭ нэмэр алга.
Асуудлыг анх 2012 онд гаргаж тавихдаа бид ТАРАГ гэдэг бүтээгдэхүүн хүний биед маш чухал ач холбогдолтой, тараг нь өөрийн исэлдэх чадвараар элэг, цөс, бөөр, хоол боловсруулах тогтолцоог цэвэрлэж байдаг, үүнийг зарим дотоодын үйлдвэрлэгч, импортлогч нар үйлдвэрлэлдээ Е төрлийн хүнсний нэмэлт хийснээр исэлдэх чадварыг алдагдагдуулж, хадгалалтын хугацааг уртасгаж байгаа нь буруу байна гэж байлаа.
Шүүхийн шийдвэрийн нотолгоо болгосон баримт нь МХЕГ-ын албан тоотууд, дүгнэлт, СХЗГ-ын тохирлын гэрчилгээ болоод байна.
Иймд дээрхи хуульд нийцээгүй баримт бичгүүдийг ОЛОН НИЙТЭД ИЛ БОЛГОН ЗАРЛАХ, түүнийг хүчингүй болгуулах, шүүхийн шийдвэрийг давж заалдах шатны журмаар гомдол гаргахад ХЭРЭГЛЭГЧ ТА БҮХНИЙ ДЭМЖЛЭГ / сэтгэл санааны эв нэгдэл, санхүүгийн болон бусад/ зайлшгүй шаардлагатай байна.
Өвчлөл, хавдар улам ихэсэж байгаа нь замраагүй хүнс хэрэглэж байгаатай холбоотой бөгөөд үйлдвэрлэлд зөвшөөрөөгүй, бүртгэлгүй, хүнсний нэмэлт хэрэглэж байгаа нь нэг ТОМ ШАЛТГААН гэж дүгнэж цаашид түүний эсрэг ТУУШТАЙ ТЭМЦЭХ ЭЭ ИЛЭРХИЙЛЖ БАЙНА!!!
Тэмцэлийг дараах шатлалтай явуулах болно!!!
1. Монгол Улсын Хүнсний нэмэлтийн MNS 192 : 2007 стандартад зохицуулсанаар Е 440, Е1442, Е330, Е451 гэсэн нэмэлтийг тарганд огт зөвшөөргүй байдаг ба хэрэглэгч та бүхэн худалдан авахгүй байхыг хүсье. Нотолгоо: Стандартын 100, 104, 105, 123 хуудаст бий.
2. Монгол Улсын Шадар сайд, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Стандарчлал хэмжил зүйн газарт асуудлын тухай, яаралтай арга хэмжээ авахуулах нотлох баримт бүхий албан тоотыг 2015-01-22 дотор хүргүүлэх.
3. Асуудлын тухай хэвлэл мэдээлэл, олон нийтэд хандсан мэдээллийг 2015-01-23 дотор өгөх.
4. Асуудалд 14 хоногийн дотор үндэслэл бүхий хариу өгөхгүй тохиолдолд МХЕГ-ын төв байрны өмнө “ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨХ ТЭМЦЭЛИЙН СУУЛТ” зарлаж, үр дүнгүй тохиолдолд өвчлөл, хавдарыг нэмэгдүүлж байх чимээгүй үхлийн өмнөөс “ӨЛСГӨЛӨН ЗАРЛАХ” арга хэмжээ авна.

ХЭРЭГЛЭГЧ ТА БҮХНИЙГ НЭГДЭН ДЭМЖИХИЙГ УРИАЛЖ БАЙНА.

“Сүүн бүтээндэхүүн хэрэглэгчийн төв”-ийн Тэргүүн Б.Цэрэн
Харилцах утас 94251244,
facebook: “Монголын Хэрэглэгчийн эрх, боловсролын холбоо” –д Like дарж, сэтгэлдэл, холбогдох хаягаа үлдээнэ үү.

2015 оны 01 дүгээр сарын 19-ны өдөр

Categories
мэдээ нийгэм

Мөс нимгэрсэн тул дээгүүр нь зорчихгүй байхыг анхааруулав

Өнөө жил цагаан сар харьцангуй дулаан байгаагаас зарим томоохон гол мөрнүүдийн мөсний зузаан нимгэрсэн байна. Арав хоногийн өмнөх байдлаар 2-5 см-ээр нимгэн болжээ. Жишээлбэл, Хангай нуруунаас эхтэй Хойттамир, Түй, Зэгэстэй, Их Хянганы нуруунаас усжих Халх гол Сүмбэр сум орчимд болон Сэлэнгэ мөрний эхээр мөсний зузаан гурван см нимгэрсэн байна. Иймд өсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул ард иргэдийг мөс цөмрөх аюулаас урьдчилан сэргийлж, цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явахгүй байхыг цаг уурчид онцгойлон анхаарууллаа.

Categories
мэдээ нийгэм

Цэцэрлэг сургуулийн цогцолбор ашиглалтад орлоо

Дахин төлөвлөлтийн хүрээнд барьсан анхны цэцэрлэг сургуулийн цогцолбор ашиглалтад орлоо

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд чөлөөлсөн газар дээр баригдсан анхны 300 хүүхдийн цэцэрлэг сургуулийн цогцолборыг нийслэл хүлээн авлаа. Төсөл хэрэгжүүлэгч “Бэрэн групп” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд барьсан цэцэрлэг сургуулийн цогцолборын нээлтийн ажиллагаанд НИТХ-ын дарга Д.Баттулга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа, нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл болон бусад холбогдох албаны хүмүүс оролцов. Төслийн хүрээнд баригдсан хамгийн анхны сургууль цэцэрлэгийн цогцолборын туузыг тус өргөөний эзэд болох хүүхдүүд хайчиллаа.

Ёслолын ажиллагааг нээж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Улаанбаатар хотод анх удаа орон сууц болон цэцэрлэг, сургуулийн цогцолбортой цогц хороолол баригдаж байгаад баяртай байна. Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хүүхдүүдийг гэрээс нь 500 метрийн радиуст эрүүл, аюулгүй орчинд сургах талаар тусгагдсан. Тиймээс 300 хүүхэд гэрээсээ 500 метрийн радиуст цэцэрлэг сургуульдаа явах болж, тэр хэмжээгээрээ эцэг эхчүүдэд тулгардаг хүндрэл бэрхшээл багасч байгаад баяртай байна. Цаашид ийм олон сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад оруулж, намрын намарт үүсдэг сургууль цэцэрлэгийн бэрхшээлийг арилгах зорилт тавин ажиллаж байгаа гэдгээ хэлэхэд таатай байна” гэдгийг онцоллоо. Ийнхүү шинээр 120 хүүхэд цэцэрлэгт хамрагдаж, 180 хүүхэд эрүүл, аюулгүй орчинд хичээллэх боломжтой боллоо.

Тус цогцолборыг хүлээлгэн өгч буй “Бэрэн групп” ХХК нь 2013 онд Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр шалгарч, СБД-ийн 11-р хороо, 7-р хороололын нутаг дэвсгэрт орон сууцны 37 барилга, 600 хүүхдийн сургууль цэцэрлэгийн 2 цогцолбор, авто замын ажил хийхээр хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөгөө батлуулаад байгаа юм байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Онцгой зохион байгуулалтын шинэ бүтцээр ажиллаж байна

Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлэх хүрээнд Засгийн газрын 2014 оны 147 дугаар тогтоол, Засгийн газрын агентлагийн талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 2014 оны 387 дугаар тогтоолыг үндэслэн төрийн албаны бүтэц, зохион байгуулалтыг оновчтой, чадварлаг, цомхон, шат дамжлагагүй болгон Онцгой байдлын ерөнхий газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг Монгол Улсын Шадар сайдаар батлуулсан.

Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Онцгой байдлын ерөнхий газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцэд зарим өөрчлөлтийг оруулжээ.

Онцгой байдлын ерөнхий газар нь Бодлого зохицуулалт, хамтын ажиллагаа, Захиргаа, удирдлагын, Гамшгаас урьдчилан сэргийлэх, Гамшгийн шуурхай удирдлагын, Гал түймэртэй тэмцэх, Улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн, Санхүү, хангалт үйлчилгээний газар, Хяналт -шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын хэлтэс гэсэн долоон газар, нэг хэлтэстэйгээр ажиллах юм байна.

Өмнө нь ОБЕГ зургаан газар, 15 хэлтэстэйгээр ажиллаж байжээ.

ОБЕГ-ын даргын тушаалаар тус салбарт олон жил ажилласан, туршлагатай, гамшгийн удирдлагаар мэргэшсэн удирдах ажилтнуудаар газар, хэлтсийн дарга нараа томилсон аж.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

АНУ-ын дэд Ерөнхийлөгчийн гэр рүү бууджээ

АНУ-ын дэд Ерөнхийлөгч Жосеф Байдены Делавар муж дахь гэр рүү амралтын өдрөөр автомашин унасан зэвсэгт этгээдүүд халдсан байна. Тодруулбал, Жо Байдены гэрийн ойролцоох автозамаар хурдтай давхиж буй автомашинаас гал нээсэн байна. АНУ-ын дэд Ерөнхийлөгчийн гэрийн хамгаалагчид тэрхүү автомашины эсрэг хариу гал нээжээ. Халдлага гарах үед Жо Байден эхнэрийнхээ хамт гэртээ байгаагүй аж. Жо Байден амралтын өдрүүдийг гэр бүлийн хамт Делавар муж дахь гэртээ өнгөрүүлдэг гэнэ.

Үүнээс өмнө өнгөрсөн есдүгээр сард хутгатай этгээд хамгаалагчдыг хуурч АНУ-ын Ерөнхийлөгчийн байрладаг “Цагаан ордон”- руу нэвтрэхийг завдсан хэрэг гарч байсан билээ. “Цагаан ордон” руу халдахыг завдсан олон удаагийн хэргийн улмаас АНУ-ын эрх баригчдын аюулгүй байдлын аюулгүй байдлыг хариуцдаг “Нууц алба”-ны дарга албан тушаалаасаа огцорсон билээ.

Categories
мэдээ нийгэм

ЦЕГ-ындарга Р.Чингис Сургалт, дадлагын төвийн үйл ажиллагаатай танилцлаа

Цагдаагийн ерөнхий газрын дарга, тэргүүн комиссар Р.Чингис, зөвлөлийн гишүүдийн хамт Сургалт, дадлагын төв, албаны нохой, морь сургалтын хэсгийн үйл ажиллагаатай танилцлаа.

ЦЕГ-ын Сургалт, дадлагын төв нь цагдаагийн байгууллагын сургалтын төлөвлөгөөний дагуу төв, орон нутгийн цагдаагийн газар, хэлтсийн алба хаагчдыг мэргэшүүлэх, ур чадварыг дээшлүүлэх, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаанд албаны нохойг сургаж, бэлтгэх, ашиглах ажлуудыг зохион байгуулж байна.

Цагдаагийн ерөнхий газрын дарга, тэргүүн комиссар Р.Чингис үйл ажиллагаатай танилцан, цагдаагийн алба хаагчдыг мэргэшүүлэх, дадлагажуулах сургалтыг шинэлэг арга хэлбэрээр явуулах, цахим сургалтыг зохион байгуулах, сургалтын талаар бусад байгууллагатай хамтран ажиллах, төсөл, хөтөлбөр боловсруулах талаар үүрэг чиглэлийг өгсөн байна.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын бие даагч гишүүд Орхон сумаас мэдээлэл хийлээ

Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар, Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нар өнгөрсөн амралтын өдрүүдэд Дархан-Уул аймгийн Орхон суманд ажиллаж, иргэдтэй уулзан санал бодлыг нь сонслоо. Мөн бие даагч гишүүд Даваа гараг бүр хийдэг мэдээллийн цагаа Орхон сумын иргэд сонгогчидтой хамтдаа хийсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Эрүүл ахуйн байгууламж барьж өглөө

Эрүүл биед саруул ухаан оршино гэдэг. Хүүхэд багачууд маань ирээдүйдээ амжилттай, боловсролтой нэгэн болж төлөвшихөд эрүүл цэвэр орчинд эрдэм боловсролд суралцах нь хамгаас чухал билээ. Харамсалтай нь энэ боломж сумдын сургуулиудад сурч, дотуур байранд амьдарч буй хүүхэд багачуудад маш бага байгаа. Баруун аймгуудад, тэр дундаа Говь-Алтай, Ховд аймгуудад цэвэр усан хангамжтай ариун цэвэр, эрүүл ахуйн байгууламжийн хүрэлцээ улсын дунджаас хоёр дахин бага байдаг.

Үүнээс үүдэн хүүхдүүдэд бие засахад тухгүй, агааржуулалт болон аюулгүй байдлын орчин нөхцөл муутай нүхэн модон жорлон ашиглан хүйтэнд даарах, цэвэр усны хүрэлцээ дутмаг байдгаас бохир гараар дамжих халдварт өвчин тусах зэрэг олон эрсдэлтэй байсан юм. Тухайлбал, 2010 оны 12-р сард нийслэлийн болон зарим аймгийн хүүхдийн байгууллагад А гепатит вирус голомтлон гарсан нь нийт бүртгэгдсэн халдварт өвчний 47 хувийг эзэлсэн байна. Тэр дундаа Говь-Алтай аймгийн Тонхил сум нь тухайн үед энэ өвчлөлөөр хамгийн хүнд нэрвэгдэж байсан сумдын нэг юм.

Иймээс 2014 оны 11-р сарын 21-нээс 30-ны хооронд Ховд, Говь-Алтай аймгуудын Засаг даргын Тамга газар, Мобиком Корпораци болон Дэлхийн Зөн Монгол ОУБ нар хамтран, Говь-Алтай аймгийн Эрдэнэ, Бигэр, Тонхил сумд, Ховд аймгийн Чандмань, Дөргөн, Эрдэнэбүрэн сумдын сургуульд ариун цэврийн эрүүл ахуйн байгууламжийгг барьж, 3800 хүүхдэд бие засах боловсон орчныг бүрдүүлснээ хүлээлгэн өглөө.

Ингэснээр тус сумдын сургуульд суралцдаг сурагчид тав тухтай орчинд, халуун хүйтэн устай ариун цэврийн өрөөтэй болж, тогтмол гарын ариун цэврийг хангах боломжтой боллоо.

“Алслагдсан сум сууринд халуун устай, цэвэр усны эх үүсвэртэй, хамгийн гол нь жилийн аль ч улиралд ашиглах боломжтой байгууламж алс хязгаарт байгуулагдаж байгаа нь тун сайшаалтай” хэмээн Эрдэнэ сумын Засаг дарга Ч.Гантөмөр ярилаа.

Энэ бол төр, хувийн хэвшлийн болон төрийн бус байгууллагууд гар нэгдэн гүйцэтгэсэн анхны төсөл биш юм. Өнгөрсөн 6-р сарын 1-нд ашиглалтад орсон Хүүхдийн тусламжийн утас 108-ыг Хүүхдийн төлөө үндэсний газар, Мобиком Корпораци болон Дэлхийн Зөн Монгол ОУБ нар хамтдаа гурван жилийн хугацаанд хэрэгжүүлэх болсон нь богино хугацаанд үр дүнгээ өгч, эхний хагас жилд 80 орчим мянган дуудлага хүлээн авч чадсан байна. Уг тусламжийн утас маань өдөр бүр 24 цагийн турш Монгол Улс төдийгүй дэлхийн өнцөг булан бүрээс хүүхдүүд, эцэг эхчүүд, тэдний багш нийгмийн ажилтнуудаас дуудлагыг огт үнэ төлбөргүйгээр хүлээн авч мэдээлэл, зөвлөгөө, яаралтай тусламж, холбон зуучлах чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг хүүхэд хамгааллын чиглэлээр томоохон ажил болж чадсан юм.