Categories
мэдээ улс-төр

Маргааш УИХ-ын чуулган хуралдана

Маргааш Төсвийн байнгын хорооны хуралдааны дараа УИХ-ынчуулган хуралдаж төсвийн тодотголын асуудлыг хэлэлцэнэ. Үүнд

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай /Засгийн газар 2015.01.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

МАН-ын бүлэг өрийн хязгаарыг 60 хувьд хүргэхийг дэмжихгүй гэв

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж төсвийн тодотголын хамт өргөн барьсан Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн байна.

Засгийн газраас Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулж гадаад өрийн дээд хязгаарыг ДНБ-ий 60 хувьтай тэнцүү байхаар тогтоолын төсөл өргөн барьсныг нь МАН-ын бүлэг эсэргүүцэж өнгөрсөн долоо хоногт уг асуудлыг байнгын хороогоор хэлэлцэх үеэр тав хоногийн завсарлага аваад байсан юм. Тиймээс өнөөдөр бүлгийн хуралдаанаар уг өрийн дээд хэмжээг ДНБ-ий 60 хувьд хүргэх хуулийн төслийг дахин хэлэлцээд дэмжих боломжгүй гэсэн байр суурьт нэгджээ.

Учир нь МАН-ын бүлэг Шийдлийн Засгийн газарт хамтарч ажиллах саналыг хүлээж авахдаа өрийн таазыг ДНБ-ий 40 хувиас хэтрүүлэхгүй байх гэсэн хуулийн заалтыг дэмжиж, үүнээс илүү гаргахгүй гэсэн болзолтой байсан гэдгийг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ хэлсэн юм.

Тэрбээр мөн “Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн дагуу өрийн дээд хязгаар нь ДНБ-ий 40 хувьтай тэнцэх ёстой байтал өмнөх Шинэчлэлийн Засгийн газар зөрчөөд өнөөдрийн байдлаар 58.3 хувьд хүргэчихсэн байгаа. Тийм учраас ара буюу хууль зөрчөөд хүрчихсэн байгаа 58.3 хувийг зөвшөөрье. Харин өрийн дээд хязгаарыг үүнээс хэтрүүлэхгүй байх зарчмын байр суурин дээрээ хэвээрээ байхыг МАН-ын бүлэг шийдлээ” гэсэн юм. Өөрөөр хэлбэл, хэдийгээр хууль зөрчсөн ч өнөөдрийн 58.3 хувийн өрийн дээд хэмжээг хүлээн зөвшөөрч харин цаашид ингэж хууль зөрчихгүй байхыг анхааруулна гэсэн юм.

Үүнээс гадна Засгийн газраас Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулж төсвийн алдагдлыг ДНБ-ий хоёр хувиас хэтрүүлэхгүй бай гэсэн заалтыг өөрчилж таван хувьд хүргэх гэсэн заалтыг дэмжихгүй байхаас өөр аргагүй хүрсэн учир дэмжихээр боллоо гэдгийг бүлгийн дарга хэлсэн юм. Учир нь төсвийн алдагдлыг энэ жилдээ ДНБ-ий таван хувьд хүргэж байж одонтой эхчүүдийн мөнгийг үргэлжлүүлэн олгох, хүүхдийн мөнгийг нийтэд олгох, тэтгэвэр тэтгэмжийн хэмээг бууруулахгүй байх, төсвийн хөрөнгө оруулалтуудыг зогсоолгүй олгох боломжтой хэмээн үзсэн байна.

Дээрхээс гадна тус бүлгийн өнөөдрийн хуралдаанаар УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд МАН-аас сонгогдсон сайд нар болон дэд сайд нартай ажлаа уялдуулж, хамтарч ажиллах шийдвэрийг гаргажээ. Тодруулбал, УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд, бүлгээс сонгогдсон сайд болон дэд сайд нар хамтарч нийт 37 хүний бүрэлдэхүүнтэй, байнгын ажиллагаатай ажлын хэсэг байгуулсан байна. Тус бүлэг нь өнөөдрөөс эхэлж Монгол улсын нийгэм эдийн засагт тулгараад байгаа асуудлыг хэрхэн яаж шийдэх вэ гэдэгт анхаарлаа хандуулж, асуудлыг гартаа авна гэдгийг тус бүлгийн гишүүн Н.Номтойбаяр мэдээллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Гарамгайбаатар: Ерөнхий сайд Концессын хуулийг Аж үйлдвэрийн яам руу, Гудамж төслийг Улаанбаатар хот руу шилжүүлэх тухай ярьсан

УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаанд УИХ-ын дарга болон Ерөнхий сайд нар мэдээлэл хийсэн байна. Мөн Эдийн засгийн түншлэлийн тухай болон Төсвийн тодотголын асуудлаар ярилцжээ. Энэ талаар өнөөдөр УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, дэд дарга С.Одонтуяа нар мэдээлэл хийлээ. Дараа нь сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.

-УИХ-ын дарга болон Ерөнхий сайд ямар асуудлаар мэдээлэл хийсэн юм бэ?

-УИХ-ын дарга энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлуудын талаар танилцуулсан. Ерөнхий сайд Концессын хуулийг Аж үйлдвэрийн яам руу, Гудамж төслийг Улаанбаатар хот руу шилжүүлэх тухай ярьсан. Мөн төсвийн тодотголтой холбоотойгоор МАН-тай болон бусад намуудтай харилцан тохиролцсны үндсэн дээр үргэлжлүүлэн хэлэлцэн батлуулах, өрийн таазтай холбоотой мэдээлэл өгсөн.

-Урт нэртэй хуулийн талаар тодруулахгүй юу?

-Урт нэртэй хуулийг өөрчлөх гээд байгаа юм биш. Энэ хуультай холбоотой гарсан алдааг олж тогтоосон. Усны тухай хуулиар 200 метрийн зайтай гэж байхад янз бүрийн тушаал журмууд гараад 10 мянган метр буюу 100 км-ээр Засаг дарга нар үзэмжээрээ тогтоосон. Үүнээс болж олон аж ахуйн нэгжүүд хохирсон. Энэ зүйлүүдийг ярилцсан.

-Өрийн таазыг МАН нэмэхгүй гэж үзсэн байна?

-Өрийн таазыг Засгийн газар 60 хувиар оруулж ирсэн. 60 хувиар оруулж ирсэн өрийн тааз бол нэмэлт зээл авах намуудын зөвшилцлийн хүрээнд ярьж тохирсноор бол гадаадын өндөр хүүтэй богино хугацаатай зээл авахыг зогсоосон. Өнөөдөр бодит байдал дээр Хөгжлийн банк үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд гаргасан хөрөнгө оруулалтыг төсөвт суулгаагүй явж байсныг буцааж суулгаснаар өрийн тааз 60 хувьд хүрч байгаа ийм нөхцөл байгаа юм. Үүнийг нэг бланс тайлантай болгохын тулд намууд ойлголцож нэг шийдэлд хүрлээ гэж ойлгож болно. Түүнээс биш нэмж өр, зээл тавих асуудал биш. Засгийн газар хувийн хэвшил, аж ахуйн нэгжид баталгаа гаргаж өгөх нь нээлттэй байгаа.

-Өрийн тааз 58,3 хувь байгаа гэж МАН мэдээлэл хийсэн. Н.Алтанхуягийн Засгийн газар хууль зөрчиж байсан гэж байна. Танай намын байр суурь ямар байна вэ?

-2012 онд Хөгжлийн банкыг байгуулахдаа тус банкаар санхүүжүүлэх төсөл арга хэмжээг улсын төсөвт тусгахгүйгээр явж байсан. Чингис, Самурай бонд улсын төсөвт суухгүйгээр Хөгжлийн банкаар дамжигдаж явж байсан учраас төсвөөс гадуур байгаа нэмэлт хоёр төсвөөр явж байсан асуудлыг МАН-ын шаардлага, шахаагаар төсвийн тогтвортой байдлын хуульд нийцүүлээд нэг төсөвтэй болсон чинь өрийн хэмжээ 58,3 болсон нь тодорхой шүү дээ. Түүнээс биш Энэ засаг байгуулагдаад өдрөөс өдөрт өр нэмэгдээд байгаа юм байхгүй.

-Төсвийн алдагдлыг 5 хувьд хүргэхийг АН-ын бүлэг дэмжиж байгаа юу?

-Бүх бурууг АН-д үүрүүлэх гээд байх шаардлагагүй. Ардчилсан нам өнөөдөр МАН-ын тавьж байгаа шаардлага, төсвийн тогтвортой байдлын өнөөдрийн мөрдөгдөж байгаа хуулийн дагуу хоёр хувьтай төсвийн тэнцвэржсэн алдагдал, дээр нь төсвийн нийт өрийн хэмжээг 40 хувьд барья гэсэн шаардлагыг хүлээж авахад бэлэн байгаа юм. Хамгийн харамсалтай нь МАН өнөөдрийг хүртэл нэг төсөвтэй байх ёстой, тийм учраас төсвөөё гадуур санхүүжигдэж байгаа төсвийн эх үүсвэрүүдийг бүгдийг нь төсөвт суулга гэдэг шаардлагыг тавьж ирсэн. Үүнийг оруулах гэхээр өнөөдрийн яриад байгаа 5, 58,3 хувилбар ирж байгаа. Шинэ засгийн газар тооцоо, судалгаагаа хийгээд 2015 онд санхүүжүүлэх төсвийн эх үүсвэрээ суулгаад 58,3 хувь дээр барьж байгаа.

-Хүүхдийн эрүүл мэндийн даатгалыг төрөөс даах асуудал юу болж байгаа вэ?

С.Одонтуяа: -Шинэ эрүүл мэндийн даатгалын хуулиар хүүхдийн төлөх шимтгэлийг 100 хувь төр хариуцахаар эцсийн хэлэлцүүлэгт орж байгаа. Эцсийн хэлэлцүүлэг энэ баасан гарагт УИХ-ын чуулганаар хэлэлцэгдэнэ. Хүүхдийн шимтгэлийг одоогийн хуулиар тооцохоор 40 орчим тэрбум төгрөг шаардлагатай байсан. Үүнийг байнгын хороо, ажлын хэсэг 100 хувь төр даах нь зүйтэй юм, тийм учраас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хоёр хувийг нэг хувь болгоод төсвийн ачаалал 20 орчим тэрбум болж байгаа. 2014 оны хүүхдэд төлсөн тусламж үйлчилгээний зардал 20 орчим тэрбум төгрөг болж байгаа.

Categories
мэдээ нийгэм

Замын цагдаагаас сэрэмжлүүлэв

Энэ сарын 17, 18 буюу амралтын өдрүүдэд Улаанбаатар хотын Замын цагдаагийн газар нийт дуудлага мэдээ мэдээлэл 687 хүлээн авснаас зам тээврийн ослын 598 дуудлага бүртгэгдсэн байна. Авто ослын улмаас хоёр хүн нас барж, 31 хүн хүнд хөнгөн гэмтсэн байна. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсон 16, үүнээс жолооч 10 , явган зорчигч 6 байна.

Categories
мэдээ нийгэм

Мөн зам тээврийн осолд нэг хүүхэд өртсөн байна

Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 135 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна.

Тухайлбал, БЗД ийн нутаг Товчооны зам Улиастайн уулзварын зүүн замд амины “Зил-130” маркийн авто машины жолооч Х нь “Истана” маркийн авто машинтай мөргөлдөж 2 хүн нас барж 11 хүн хүнд, хөнгөн гэмтсэн ноцтой осол хэрэг гарсан. Замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нар хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийг хурдыг сонгож, анхаарал болгоомжтой оролцохыг Цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол хууль зөрчсөн гэв

“НИТХ-ын 2013 оны 13/47 тогтоолоор баталсан “Нийслэлийн авто зам, замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс төлбөр авах журам” болон төлбөрийн хувь хэмжээг тогтоосон ИТХ-ын тогтоол нь хууль зөрчсөн болохыг “Монголын жолооч нарын эрх ашиг хамгаалах холбоо”-ноос өнөөдөр мэдээллээ. Үүнийг захиргааны хэргийн анхан шатны шүүхээр хууль бус гэж нотолсоор байтал 2015 оны төсөв батлахдаа уг асуудлаар дахин шийдвэр гаргаж 10.6 тэрбум төгрөгийг хураахаар шийдвэрлэсэн нь нийгэмд болон жолооч нарт ихээхэн бухимдал төрүүлж байна гэв.

Мөн сүүлийн үед жолооч нарын эрх ашиг ихээр зөрчигдөж байгааг шүүмжилсэн юм. Тухайлбал, автомашин эзэнд нь мэдэгдэлгүйгээр ачиж авч явах нь хүний өмчид бүдүүлгээр хандаж байгаа явдал гэж Монголын жолооч нарын эрх ашиг хамгаалах холбооныхон онцлов.

Categories
мэдээ нийгэм

Сүүний үйлдвэрлэл эрхлэгчдэд хөнгөлөлттэй зээл олгоно

Нийслэлийн Экологи, ногоон хөгжлийн салбарын Үйлдвэр хөдөө аж ахуйн чиглэлээр 2015 онд хийгдэх зарим ажлыг танилцуулж байна. УИХ-ын 2012 оны Малчид, үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих зарим арга хэмжээний тухай 74-р тогтоолын дагуу арьс ширний үйлдвэрүүдийг үйлдвэрийн шинэ бүс рүү шилжүүлэх арга хэмжээг 2017 оны 12 дугаар сарын 31-ний дотор үе шаттайгаар зохион байгуулах тухай заалт, Засгийн газрын 2013 оны Арьс ширний үйлдвэрлэлийн талаар авах арга хэмжээний тухай 249-р тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн жил нийслэлээс Үйлдвэр технологийн паркийн газрын асуудлыг шийдвэрлэсэн. Дээрх тогтоол, зорилтын дагуу Эмээлт болон Налайхын Үйлдвэр Технологийн Парк ОНӨТҮГ-ыг байгуулсан бөгөөд Арьс ширний үйлдвэрүүдийг нүүлгэн шилжүүлэх бэлтгэл ажлыг хийхээр нийслэлийн 2015 оны төсөвт 2,5 тэрбум төгрөгийг тусгажээ.
Мөн Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан Улаанбаатар хотын сүүний хэрэглээний 80 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангах зорилтын хүрээнд 2014 онд Эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх дэд хөтөлбөр болон бусад эрх зүйн баримт бичгийг боловсруулж батлуулсан юм. Харин 2015 онд эдгээр баримт бичгүүдийн хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байна. Мөн сүүний үйлдвэрлэлийг дэмжиж, Мал хамгаалах сантай хамтран Зээлийн батлан даалтын санг байгуулж, сангаар дамжуулан ферм эрхлэгч, загас, тахианы аж ахуй эрхлэгчдийг хөнгөлөлттэй зээлд хамруулах ажлыг зохион байгуулах ажээ.
Нийслэлийн газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдийг чадавхжуулах сургалт, зөвлөмж, үзүүлэх ажлыг зохион байгуулж, цэвэр аюулгүй хүнсний ногоо, эцсийн бүтээгдэхүүнээр хангахад дэмжлэг үзүүлэх ажлыг шат дараатай хэрэгжүүлнэ. Түүнчлэн Нийслэл орчмын бэлчээрийн менежментийг сайжруулах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх төслийг Австри Монголын хамтын нийгэмлэгтэй хамтран энэ оноос эхлэн таван жилийн хугацаатайгаар хэрэгжүүлэхээр төсөл хөтөлбөрийг боловсруулан ажиллаж байгаа гэнэ.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Прагад галт тэргээр айлчлан очив

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Чех улсад хийх төрийн айлчлал өнөөдөр эхэллээ. Тэрбээр өчигдөр орой Чехийн нийслэл Прага хотноо гал тэргээр хүрэлцэн очсон талаар тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дамжуулжээ. Төрийн тэргүүн галт тэргээр Чехэд айлчилж байсан явдал 30 жилийн өмнө гарч байсан юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ХБНГУ-ын нийслэл Берлин хотоос “Euro City” галт тэргээр ийнхүү зорчин Прагад хөл тавихад Чех улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Гадаад хэргийн яам, Монгол Улсын ЭСЯ-ны төлөөлөл угтан авсан байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Чех улсын Ерөнхийлөгч Милош Земан, Ерөнхий сайд Бохуслав Соботка болон парламентын дээд, доод хурлын дарга нартай уулзах юм. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн энэ удаагийн айлчлал хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойн жил болж буйгаараа онцлогтой ажээ. Харин маргааш Прага дахь Карлын Их Сургуульд зочилж, монгол судлалаар суралцаж буй оюутнуудтай уулзах ажээ.

Улмаар Швейцарийн Давос хотноо энэ сарын 21-24-нд болох Дэлхийн эдийн засгийн 45 дахь удаагийн чуулга уулзалтад оролцох юм байна. Харин дэлхийн эдийн засгийн 45 дугаар чуулга уулзалтын үеэр Уул уурхай металлургийн бодлогын удирдагчдын хуралдаан, Авлигын эсрэг түншлэлийн санаачилгын арга хэмжээ болон дэлхийн 2015 оны Усны хөтөлбөр, эдийн засгийн удирдагчдын уулзалт зэрэг арга хэмжээнд оролцох юм байна. Чуулга уулзалтын үеэр зарим улсын төрийн тэргүүн нартай хоёр талын уулзалт хийж, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцно.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Шударга ёс” эвсэл мэдээлэл хийлээ

УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлэг өнөөдрийн ээлжит хуралдаанаараа хоёр асуудлыг хэлэлцэн дэмжлээ. Эхнийх нь Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийн төсөл аж.

Өнгөрсөн 25 жилийн хугацаанд Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтийг тодорхойлсон урт, дунд хугацааны бодлогууд олон батлагдсан ч хэрэгжилт хангалтгүй байжээ.

Энэ нь Засгийн газар солигдох бүрийд бодлого өөрчлөгддөгтэй холбоотой юм байна. Тэгвэл УИХ-аар хэлэлцэгдэж байгаа Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийн төсөл нь урт удаан хугацаанд хэрэгжих, аль ч улстөрийн хүчин сонгуульд ялсан байлаа гэхэд тухайн баримт бичигт туссан ажлууд хэрэгжиж байхаар төсөлд тусгасан нь давуу аж. Гэхдээ бас бодлогын баримт бичгийг боловсронгуй болгох шаардлага байна гэж бүлэг үзэн, УИХ-ын гишүүн Ч.Улаанаар ахлуулсан ажлын хэсэг байгуулжээ.

Мөн бүлгээр Япон улстай эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах тухай асуудлыг хэлэлцэн дэмжсэн байна. Хэлэлцээртэй холбоотой мэдээллийг Ерөнхий сайдын зөвлөх О.Чулуунбат өгчээ.

Монгол Улс эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг аль нэг улстай байгуулсан удаагүй, анхных нь Япон улстай байгуулах хэлэлцээр болох юм байна.

Categories
мэдээ нийгэм

Цагаан сарын өмнөх шалгалт эхэллээ

Сар шинийн баяр дөхсөнтэй холбогдуулан Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас бүх дүүргүүдэд хяналт шалгалт зохион байгуулахаар болсон байна. Шалтгалт энэ сарын 15-нд эхэлсэн бөгөөд нэг сарын хугацаанд үргэлжлэх ажээ.

Шалгалтаар худалдаалагдаж буй хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг шалгаж тухай бүрт нь мэдээлэх юм байна.