Төрийн байгууллагуудын бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох, чиг үүргийн давхардлыг арилгах, төрийн албан хаагч, төсвөөс цалинждаг зөвлөхийн орон тоог цөөлөх, зардал хэмнэх чиглэлийн хүрээнд Ерөнхий сайдын зөвлөхийн орон тоог 4 болголоо. Ингэснээр жилд 140 сая төгрөгийн хэмнэлт гарах тооцоо байна.
Month: January 2015
Халдлагад өртсөн тохиолдолд олон нийтийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй онц чухал объектуудыг цагдаагийн байгууллагын хамгаалалтад байлгадаг. Тэгвэл Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Цагдаагийн байгууллагын хамгаалалтад авах онц чухал обьектын жагсаалт”-д МҮОНРТ, Радиогийн төв байр, радио телевизийн эфирийн студи, Хонхор дахь дамжуулах байгууламжийн радио, телевизийн техникийн төв зэргийг нэмж оруулжээ. Уг нь дээрх газрууд Цагдаагийн байгууллагын хамгаалалтад авах онц чухал обьектын жагсаалтад байдаг байсан боловч 2014 оны Засгийн газрын шийдвэрээр хассан байсан юм байна.
Цагдаагийн төсөвт хамгаалалтад байх объект:
1. Гадаадын дипломат төлөөлөгчийн газар;
2. НҮБ-ын суурин төлөөлөгчийн газар;
3. Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв;
4. Улсын бүртгэлийн ерөнхий газрын төв болон үйлчилгээний байрууд, иргэний цахим үнэмлэхийн үйлдвэр;
5. “Изотоп” төв;
6. Улаанбаатар, Чойбалсан, Дархан, Эрдэнэт, Ховд, Даланзадгад хотын ус хангамжийн эх үүсвэрийн барилга байгууламж;
7. “Дулааны III цахилгаан станц”, “Дулааны IV цахилгаан станц” төрийн өмчит хувьцаат компаниуд;
8. Дөргөний усан цахилгаан станц;
9. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн төв лаборатори;
10. Халдварт өвчин судлалын үндэсний төвийн лаборатори;
11. Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори;
12. Зоонозын өвчин судлапын үндэсний төв;
13. “Биокомбинат” төрийн өмчит үйлдвэрийн газар;
14. Стандартчилал, хэмжил зүйн газрын төв байр.
Цагдаагийн гэрээт хамгаалалтад байх объект:
1. Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр, дарь, дэлбэрэх бодисын үйлдвэр, тэсэрч дэлбэрэх бодисын агуулах;
2. “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүс, “Цагааннуур” худалдааны чөлөөт бүс.
Цагдаагийн гэрээт түр хамгаалалтад байх объект:
1. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар (нийслэлийн замын цагдаагийн хөдөлгөөн зохицуулах нэгж);
2. Улаанбаатар төмөр замын хувь нийлүүлсэн нийгэмлэг
Өмнөговь аймгийн Булган суманд ирэх гуравдугаар сарын 6,7-ны өдрүүдэд “Тэмээний баяр-2015” наадам болох гэж байна. “Түмэн тэмээ” тэмээ аяллын холбоо уг наадмыг 1997 оноос хойш тэмдэглэсээр ирсэн юм. Тэмээний баярын үеэр тэмээтэй парад жагсаал, тэмээтэй сайхан хос, тэмээтэй буухиа зэрэг уралдаан тэмцээн, үйл ажиллагаа болох гэнэ. Үүнээс гадна орон нутгийн иргэдийн гар урлалын зүйл, сүү цагаан идээний үзэсгэлэн худалдаа болох аж.
Монгол Улсын Засгийн газраас өнөөдөр /2015.01.20/ Улсын Их Хурлын дарга З.Энхболдод Согтууруулах ундааны хяналтын тухай хуулийн төслийг өргөн барилаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч 2010 оны 12 дугаар сарын 31-ний өдөр “Архигүй Монголын төлөө хамтдаа” санаачилгыг дэвшүүлж, бүх нийтээрээ тэмцэх шаардлагатай хэмээн уриалга гаргасан. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2009-2013 оны бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрийн 1.2.3-т “Монгол хүний удмын сан, түүнд муугаар нөлөөлж байгаа хүчин зүйлүүдийн талаар судалгаа явуулж, шаардлагатай бодлого, үйл ажиллагааг авч хэрэгжүүлэх” тухай тусгасан байдаг.
Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуулийн 15.8.1-т “уг хуульд олон нэмэлт, өөрчлөлт оруулах буюу үүний улмаас хуулийн үзэл баримтлал өөрчлөгдөх, бүтэц, уялдаа алдагдахад хүрэх, эсхүл тухайн хуулийн нийт заалтын тавиас дээш хувьд нэмэлт өөрчлөлт орохоор бол хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулна” гэж заасны дагуу Согтууруулах ундааны хяналтын тухай хуулийн төслийг боловсруулан танилцуулаж байгаа гэв хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Шүрэнгийн усан цахилгаан станцын урьдчилсан ТЭЗҮ-ийг боловсруулж дууссан байна. Ийм учраас техник эдийн засгийн судалгаа, байгаль орчны болон нийгэмд нөлөөлөх байдлын үнэлгээ хийх зөвлөх багийг олон улсад нээлтэй сонгон шалгаруулахаар болжээ. Энэ ажил хавраас эхэлнэ. Сэлэнгэ мөрөнд суурилсан усан цахилгаан станцын төсөлд урьдчилсан тооцоолсноор 750 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа юм байна. Кувейтийн тал төслийн барилгын ажлыг санхүүжүүлэх боломжтой гэж мэдэгдсэн юм. Одоогоор хоёр орны хооронд байгуулах зээлийн гэрээний нөхцөлийн талаар хэлэлцээ үргэлжилж байгаа гэнэ. 50 мвт-ын хүчин чадалтай уг станц ашиглалтад орвол ОХУ-аас импортолдог эрчим хүчний хэрэглээг нөхнө гэсэн тооцоо байгаа юм.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Яармагийн гүүрнээс Нисэх-Нисэхийн товчоо, Сонсголонгийн уулзвараас Яармагийн товчоо хүртэлх 13.7 км авто замыг барьж 2014 онд ашиглалтад оруулсан. Уг замд өнгөрсөн онд зам тээврийн ослоор 20 хүн амь насаа алджээ. Он гарсаар эхний 14 хоногийн байдлаар 1 хүн нас барж, 9 хүн гэмтээд байна.
Энэхүү замаар хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийн жолооч нар хурд хэтрүүлэх, гэрэл дохио зөрчих, явган хүний гарцын тэмдэг тэмдэглэл баримталдаггүй зэрэг зөрчлийг ихэвчлэн гаргаж байна. Харин явган зорчигчид тээврийн хэрэгслийн урдуур гүйх, гарцгүй газраар зам хөндлөн гарах зэрэг зөрчлөөс үүдэн амь нас, эрүүл мэндээрээ хохирох явдал их байна. Иймд замын хөдөлгөөнд оролцогчид хууль дүрмээ сахин биелүүлж, бие биедээ хүндэтгэлтэй хандаж замын хөдөлгөөнд соёлтой, сахилгатай оролцохыг анхааруулж байна гэж Улаанбаатар хотын Замын Цагдаагийн газраас мэдээллээ.
БНХАУ-ын нүүрсний импортын хэмжээ жилийн дүнгээрээ 2009 оноос хойш анх удаа бууралттай гарсан байна. Нүүрсний үнийн уналт энэ бууралтын нэг шалтгаан болжээ. Өөр нэг шалтгаан нь өнгөрсөн оны сүүлээс тус улсын Засгийн газар дотоодын олборлогчдоо дэмжих бодлого баримталж эхэлснийх аж. Өнгөрсөн онд тус улсын нүүрсний импортын хэмжээ 10.9 хувиар буурсан байна. Тодруулж хэлбэл тус улс 291 сая тонн нүүрс импортолжээ. Үнийн дүнгээрээ бол 22.3 тэрбум ам.долларын нүүрс импортолсон байна. Энэ нь 2013 оныхоос 23.5 хувиар буурсан үзүүлэлт гэнэ.
УИХ-аар батлагдсан Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөр, 2030 он хүртэл хөгжлийн чиг хандлагын баримт бичиг, нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан нийслэлийн нутаг дэвсгэрийн тэнцвэрт хөгжлийг хангах, Улаанбаатар хотын хэт төвлөрлийг сааруулах зорилтын хүрээнд Налайх, Багануур дүүрэгт хот байгуулах асуудлаар иргэдийн санал асуулга болох гэж байна. Энэ асуудлаар Багануур дүүргийн ИТХ-ын дарга Р.Өнөржаргалаас тодруулга авлаа.
-Багануур дүүрэгт хот байгуулах асуудлаар иргэдээс санал авах гэж байна. Тус дүүрэгт хот байгуулсанаар ямар ач холбогдолтой вэ?
-Анх 2006 онд Багануур дүүрэгт хот байгуулах асуудал яригдаж, тухайн үед иргэдээсээ асууж 96,5 хувийн санал авч байсан. Гэвч бодит ажил болж чадалгүй өнгөрсөн юм. Дүүргийн иргэд ч үе үеийн нийслэлийн удирдлагуудад энэ асуудлаар санал, сэтгэгдлээ илэрхийлж, шийдэж өгөхийг хүсдэг байсан. Харин энэ удаад хотын дүрмийн асуудалтай хамт, дүүрэгт хот байгуулах асуудлыг хэрэгжүүлэхээр нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан хот, дүүргийн хамтарсан ажлын хэсэг өнгөрсөн оны 11 дүгээр сараас ажиллаж эхэлсэн. Үнэхээр манай дүүрэгт хот байгуулах шаардлага, боломж бий юу гэвэл бүрэн боломжтой. Манай иргэд ч үүнтэй санал нийлнэ. Эдийн засаг, газар зүйн байршил, нутаг дэвсгэрийн хувьд бие даах цаг хэдий нь болсон. Засгийн газраас гарсан тогтоолын дагуу Багануур дүүрэгт Оюутны хотхон, Нийслэлийн төлөвлөлтөөр уурхайгаа түшиглэн Үйлдвэр технологийн парк байгуулах төлөвлөгөөтэй. Ингэхийн тулд хот байгуулах асуудлыг шийдвэрлэх шаардлагатай болж байгаа юм.
-Санал асуулгыг хэрхэн зохион байгуулах вэ?
-Бид олон удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулж, иргэдээс хотын дүрмэнд санал авч, дахин боловсруулж бэлэн болгосон. Дүүргийн ИТХ-аар хэлэлцүүлж санал асуулга явуулахаар тов гаргасан юм. Манай дүүрэг дээр энэ сарын 21, 22-ны өдөр буюу лхагва, пүрэв гарагт 07-20 цагийн хооронд санал асуулга болно. Хороодод тусгай байр засч байна. Иргэд сонгууль өгөх зарчмаар иргэний цахим үнэмлэхтэйгээ ирж санал өгнө. 100-аас дээш ажилтантай байгууллага, очиж өгөх боломжгүй иргэдээс өнөөдөр, маргааш битүүмжилсэн хайрцагаар санал авна. 22-ны өдөр 22 цагийн байдлаар эхний дүн мэдээ гарахаар тооцож байна. Хөндлөнгийн хянагч, ажлын хэсгийн хяналттайгаар санал авах ажиллагааг явуулна.
-Дүнг ямар байдлаар гаргах вэ, хэрэв дэмжсэн тохиолдолд?
-Санал асуулгад 30 гаруй мянган иргэнээс 16800 иргэн оролцох ёстой. 50 хувиас дээш иргэний оролцоотой байвал дүнг хүчинтэйд тооцно. Санал өгсөн иргэдийн 50 хувиас дээш нь дэмжсэн бол дүүргийн ИТХ-аар хэлэлцэж, нийслэлийн ИТХ-д өргөн барина. Олон жил ярьж, хүсч байсан Багануур дүүрэгт хот байгуулах асуудлаар иргэдээс санал авах гэж байна. Тиймээс иргэд маань идэвхтэй оролцож, дэмжиж санал өгөхийг уриалж байна.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.
–УИХ-аар төсвийн тодотгол хэлэлцэж байна. Өрийн босгыг 60 хувьд хүргэх үү, үгүй юу гэдэг дээр ч нэлээд яриа өрнөж байгаа. Энэ тал дээр таны бодол ямар байна вэ?
-Хэдхэн сарын өмнө 2015 оны төсвөө баталчихсан. Сүүлийн хоёр жил төсвийн орлого нэмэгдэхгүй, тасалдаж байна гэдэг шүүмжлэлийг тухайн үед өрнүүлж байсан. Тийм учраас төсвийн орлогыг нэмэгдүүлье, царцаасан барилгуудын асуудлыг нэг тийш нь болгоё гэсэн. Цалин тэтгэврийг сүүлийн хоёр жил огт нэмсэнгүй. Ардын намын зүгээс цалин, тэтгэврийг 30-аас доошгүй хувиар нэм гэдэг шаардлагыг тувтан тавьж байлаа. Тийм учраас 2015 оны төсөвт цалин бага хувиар нэмэхээр тусгасан шүү дээ. Ийм байдлаар баталсан төсвөө хоёрхон сарын дараа тодотгоно гээд ороод ирлээ. Бүх намыг нэгтгээд Засгийн газар байгуулчихаад төсвөө тодотгоно гэсэн чинь сахил хүртээд шал дордов гэгч юм болж байна. Цалин тэтгэвэр нэмэх нь битгий хэл, иргэдэд олгодог тэтгэмжийг алга болгоно, татвар нэмнэ гээд оруулаад ирлээ.
Үүнийг дагаад бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдээд ирнэ шүү дээ. Тэгсэн хэрнээ эрх мэдэлтэй, эд хөрөнгөтэй байгаа хэсэгт үйлчлэх таналт, хэмнэлтийн бодлогыг тодотголдоо огтоос тусгаагүй. Жишээ нь архи, тамхи үйлдвэрлэдэг, алтны уурхай эрхэлдэг нөхдүүдийн татварыг хөнгөлнө гээд байна.Ийм байж болох уу даа.
–Хэмнэлт ямар хэлбэрээр байх ёстой юм бэ, таныхаар?
-Хэмнэлт хүн болгонд байх ёстой. Монголчууд бид том хэрэглээтэй байна. Үүндээ бусдыгаа чирээд байх хандлага дийлэнх байна. Монгол ухаан гэдэг чинь юмыг барж биш хэмнэж хэрэглэдэг ухаан. Байгалийн хахир хатуу үед өвлийн идшээ, аргал түлээгээ яаж урт удаан хугацаанд хэрэглэх вэ гэдгээ тооцоолж, хүртээж ирсэн ард түмэн. Энэ зарчмыг би амьдралдаа баримталдаг хүн. Ялангуяа УИХ-д орсноосоо хойш. Олныг төлөөлж яваа хүн сайн үлгэр болох жишээтэй. Надад барья гэвэл Монголын нэг номерт орох том цагаан хөөрөг байна. Монголын бололцоотой бүх хүн тэр хөөргийг авах гэж гуйгаад эзэн нь өгөөгүй юм билээ.”Чамайг л гуйвал өгнө. Тэр хөөрөг танай нутгаас гаралтай юм билээ” гэж хүмүүс хэлсэн. Ховдын Бямбадорж гэж сайхан хүн байлаа. УИХ-ын гишүүн болохоосоо өмнө тэр хүн дээр очиход “Аваргадаа өгөлгүй яахав. Танай нутгийн гаралтай хөөрөг. Нутгийнх нь хүнд өгнө” гээд өгч байлаа. Манай шавь Дагвадорж гэхэд надад 20, 30 мянган ам.долларын үнэтэй алтан цаг өгсөн байдаг. Гэвч би тэр зүйлүүдийг хэрэглэдэггүй. Хэрэглээ бодитой байх ёстой гэж боддог юм. Энгийн утас л барьдаг. Төрийн албанд байгаа хүмүүс гэх мэтчилэнгээр хэрэглээгээ бодитой байлгах хэрэгтэй. Ордны гадаа байгаа том машинуудыг хар даа, та нар. Хашаанд багтахгүй шахам их. Өдөржин нармальдаад л гадаа зогсч байна. Тэрний цаана хичнээн шатахууны зардал гарч байгаа юм бүү мэд. Энэ бүгдийгээ л хэмнэх хэрэгтэй шүү дээ.
Өнөөдөр том том орд газруудыг эрх мэдэлтэй олигархи бүлгүүдөөрийн болгох гээд байна. Сэтгүүлчид та нар харж байдаг юм уу, үгүй юу. Та нар чинькамер энэ тэрээ оруулж ирээд чуулган дээр сууж байвал учиртай байдаг. Гэтэл одоо сэтгүүлчид байнгын хороо, чуулган дээр харагдахаа байж. Яасан гэхээр мэдээлэл авах сүлжээг сайжруулсан учраас зурагтаар бүгдийг харж байгаа л гэх юм. Хол газраас аваад ямар хэмжээнд юу ч болдог юм.
–Дэргэд камер л байхгүй бол үг хэлэх сонирхолгүй байдаг юм уу?
-Хүний харилцаа юм даа. Миний хувьд утсаар ярихаас илүү хүнтэй нүүр нүүрээ харж уулзахыг илүүд үздэг. Бүлээн зүсийг нь харж, халуун сэтгэлээ уудлахыг монголчууд хэзээнээсээ эрхэмлэж ирсэн шүү дээ.
–Өрийн таазын тухайд юу хэлэх вэ?
-Бүгдээрээ хамтарч эвссэн учраас өрийн таазыг нэмээд явах юм шиг байна л даа. Манай өрийн хэмжээ хоног тутам өсч, одоогийн байдлаар ДНБ-ий 55 хувьд хүрчихээд байгаа.
–АН, МАН хамтарсанд нэлээд дургүй байгаа юм аа даа?
-Ямар ч намчирхалгүйгээр улс орныхоо баялгийг ард түмэндээ ашигтайгаар ашиглаж, өмнө нь УИХ-аасгарсан шийдвэр тогтоолуудын хүрээнд ажиллана гэвэл дэмжинэ. 2008 оны сонгуулийн дараа хамтарсан Засгийн газар байгуулсан нэрээр хийсэн гэрээнүүд муу болсон гэдэг нь өнөөдөр батлагдсаар байна. Оюу толгойн орд газраас тэрбум 100 сая долларын борлуулалт хийсэн том компаниас өнөөдөр 70 сая ам.долларыг Монголд оруулна гэж байна. Тэр нь орж байгаа ч юм уу, үгүй юу. Ирэх жил ч гэсэн хоёр тэрбум гаруй ам.долларын борлуулалт хийнэ, тэндээс Монголд 200 сая ам.доллар оногдоно. Үүний талаас илүү хувийг нь өрөндөө суутгаад авчих юм ярьж байгаа шүү дээ. Нөхцөл байдал ийм байхад Оюу толгойн гэрээг сайн болсон гэж хэлэхэд хэцүү. Ийм байдлаар нам дамжсан баян олигархи, гэр бүлүүд нийтийн баялгийг зувчуулах бодлогоо үргэлжлүүлбэл энэ Засгийн газрыг дэмжих ямар ч боломж байхгүй. Шийдлийн гээд байгаа Засгийн газрыг байгуулагдахаас нь эхлээд хараад байхад саар нь давамгайлчихав бололтой. Оруулж ирсэн Төсвийн тодотгол, өрийн таазыг нэмэх гэж байгаа байдал, том ордуудыг явуулахаар шуурхайлж эхэлснээс нь үзвэл шүү дээ.
–Том ордуудыг явуулж байж л манай эдийн засаг сэргэнэ. Үнэндээ өнгөрсөн хоёр жил том ордуудаа эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг гацаасан учраас хөрөнгө оруулалт буурч, хамаг орлого тасарсан байх…
-Эдийн засгийг сэргээх тулгуур нь уул уурхай гэдэг нь зөв байх. Гэхдээ анхнаасаа мордохын хазгай болсон. Оюу толгойн гэрээ хэлэлцээрийг эхнээсээ буруу хийсэн. 2008 онд байгуулагдсан Засгийн газар том ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулахдаа өөр ашиг сонирхлын үүднээс хандсан болов уу гэж хардаад байгаа юм. Өнөөдөр гадаадын хөрөнгө оруулалт багассан нь урт нэртэй хуультай холбоотой гэж л ярьдаг боллоо. Голын эх, ойн эх сан бүрэлдсэн газрыг монголчууд үеийн үедээ хамгаалж ирсэн. Зах зээлд ороод ашиг арилжаа хөөсөн нийгмийнхээ араншинг дагаад “Алт” хөтөлбөр, Ашигт малтмалын тухай хуулийг баталснаар өнөөдөр ган гачигтай, байгаль экологийн тэнцвэр алдагдаж, зун нь зун болохоо байгаад монголчууд үнэндээ хэцүү байдалд орчихлоо. Харамсалтай нь урт нэртэй хуулийн хэрэгжилтийг бүрэн хангуулах чиглэлээр аль ч Засгийн газар дорвитой ажиллаагүй. Одоо бүр хуулийг бүхэлд нь хүчингүй болгох хуулийн төсөл өргөн барьчихсан байна. Хөрөнгө оруулалт зогссон хамгийн гол шалтгаан бол эхнээсээ ил тод, гэрээ хэлэлцээрээ зөв хийгээгүйгээс үүдэлтэй. Стратегийн ач холбогдолтой салбаруудыг зохицуулах хууль гэдгийг гаргасан нь ч нөлөөлсөн. Гэх мэтээр олон шалтгаантай. Ер нь улс орныг удирдан явуулах бодлогын алдаа ийм үр дүнд хүргэсэн шүү дээ.
–Энэ парламентад шүүмжлэл хэлж байгаа цөөн гишүүдийн нэг та. Гэхдээ та нарыг популизм хийж, ард түмэнд таалагдах гэж байна гэж хэлдэг. Үнэндээ популистуудаас болж хөрөнгө оруулалт буурсан гэдэг дүгнэлтийг ч хийх нь олонтаа…
-Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээ анх УИХ-аар орж ирэхэд нь байр сууриа илэрхийлж байлаа. Тухайн үед бид зөвхөн өөрсдийн байр суурь гэхээсээ илүү асуудалд судалгаатай хандаж,эрдэмтэдтэй ярилцаж, санал онолоо солилцсоны үндсэн дээр шүүмжлэл хэлдэг байсан. Тухайн үед бидний шаардаж байсан зүйлүүд зөв байсан нь өнөөдөр батлагдаад л байгаа шүү дээ. Өнөөдрийнх шиг ийм занганд орно шүү гэдгийг тэр үед хэлээд байсан. Бидэнтэй хамт байсан нөхдүүд эрх мэдэлд хүрсэн. Өөрсдийнхөө ярьж байсан асуудлуудыг шийдэх хэмжээнд очсон. Эдийн засгийн хөгжил, уул уурхайн сайд болсон.УИХ-ыг бүхэлд нь мэдэх хэмжээнд хүрсэн. Гэвч бүгд таг алга болсон. Яасан нь мэдэгдэхгүй. Эсвэл “Бид их буруу юм хийж байжээ” гээд одоо уучлал гуйгаад нэг мөр хэлчихвэл амар байх юм. Би лав тав, зургаан жилийн өмнө хэлж байсан байр суурь дээрээ хатуу зогссон хэвээрээ. Тийм болохоор нэг хэсэг нь худлаа эх орончид гэнэ. Зарим нь популист гэж адална. Гэвч байгаа бодитой зүйлийг үнэнээр нь хэлэхээс өөр яах вэ.
–Та сүүлд чуулган дээр алтны роялттай холбоотой үг хэлэх гэсэн боловч тал талаас чинь хашгиралдаад олигтой яриулаагүй. Тэнд хэлж чадаагүй зүйлээ одоо ярьж болно шүү…
-Дэлхийн бусад орнуудад роялт гэдэг үг нэн эртнээс явж ирсэн юм байна. Байгалийнхаа нөөц баялгийг ашиглуулж байгаа учраас ашиг нь ард түмэнд жигд хүртэх ёстой. Тийм учраас баялгийг эзэмшигчийн хувьд төр роялтын татвар авдаг. Байгалийн баялгийнхаа үнэ цэнэ, өртгийг үнэлээд роялтын татварыг тогтоодог юм байна. Гэтэл бид өөрсдийн баялгаа үнэлбэл дэлхийд тэргүүлэх хэмжээнд байна. Ийм давуу тал байхад бид бусдад сул өгч, хямд хоол болгох ёсгүй. Харамсалтай нь хуйвалдаант бүлэглэлүүд ордуудыг яаж үнэ цэнэгүй болгох вэ гэдэг гарц хайдаг. Тийм учраас Монголбанкинд алт тушаавал 2.5 хувийн татвар төлнө гэдэг өөрчлөлт хийсэн шүү дээ. Үүнийг нь ярихаар ундууцаад байна лээ. Яахав УИХ дээр тал талаасаа хэлэлцээд, маргалдаж мэтгэлцсэний үндсэн дээр олонхиороо асуудлыг шийдээд явдаг гэдгийг ойлгодог. Гэхдээ дэндүү хуйвалдаант маягаар явж болохгүй л дээ.
–Нам чинь засагт хамтарчихсан байгаа үед та шүүмжлэл хэлээд байх нь өөртөө дарамт авчрахгүй юу. Ардын нам шүүмжлэл хэлсэн гишүүддээ элэггүй гэдэг шүү дээ…
-Тийм зүйл алхам тутамд л ирнэ шүү дээ.Миний хувьд эх орон ард түмнийхээ нийлэг эрх ашгийн төлөө ажиллах ёстой гэдэг тангараг тавьсан хүн учраас байр суурь дээрээ хатуу зогсох ёстой. Хараад байхад намд албан тушаал сонирхсон, алт эрдэнэс хүсэмжилсэн нэг хэсэг байдаг шиг байгаа юм. Зарим нь нам яана тэрийг дагана, дарга юу гэж хэлнэ биелүүлдэг шиг байгаа юм. Бас ашиг сонирхлоороо нэгдсэн бүлэглэл байдаг бололтой. Ер нь манайд парламентын төлөвшил хэрэгтэй байна. Германд гэхэд тусгай хяналт, хүний эрхийн дэд хороо, аудитын эрх мэдлийг хүртэл сөрөг хүчиндээ өгдөг юм байна. Гэтэл манайх тэгдэггүй. Аль нэг нам нь олон суудалтай болонгуутаа бие даагчдаас эхлээд жижиг, эвсэл намтай хамтраад хүч түрж асуудлыг шийдсээр эцэст нь явах газаргүй намгийн голд суусан шүү дээ. Тэр намгаасаа гарахын тулд одоо парламентад байгаа бүх намыг нэг хөнжилд оруулж авлаа. Ингээд хяналт алга болж байна.Байнгын хороогоор яаж асуудал хэлэлцэж байна, хар. Хэлэлцэж байгаа асуудлыг хариуцдаг сайд нь байнгын хороонд суух ёстой. Сайд нь үзэгдэх нь битгий хэл яамнаас ирж байгаа хүмүүс нь цөөхөн байдаг болж.
–Та бол Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшээд чамлахааргүй санал авсан хүн. Эргээд харж байхад юу бодогддог вэ?
-Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ ямар их хариуцлага, нэр хүнд вэ гэдгийг ойлгодог. Надад 523 мянган хүн надад санал өгсөн. Энэ бол чамлахааргүй итгэл. Тэр хүмүүст баярлаж талархаж явдаг. Туулсан ажил амьдралаа бодоод, олон түмнийхээ санаа бодлыг сонссоны үндсэн дээр өнөөдөр үг хэлж, байр сууриа илэрхийлж явна.
–Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа таныг намдаа нэлээд шүүмжлэлтэй ханддаг болсон гэлцдэг. МАХН руу явна гэдэг яриа ч удаан дагадаг…
-Намаас гарч, орох тухай асуудал байхгүй. Би монгол, тэр дундаа бөх хүн. Монгол ахуйдаа өсч хүмүүжихдээ аливаа тууштай байх чанарыг олж авсан. Болж байгаа асуудлуудад шударга талаас нь хандаж хэлэх зүйл бий. Түүнээс биш одоогийн зарим улстөрчид шиг ар хударгаар элдэв зүйл ярьдаг, гүжир гүтгэлэг тараадаг зүйл огт суралцаагүй.
Я.МӨНГӨНЦЭЦЭГ
Хэрэглээний урлал блогийн хөтлөөч Э.Цэцгээ гэх энэ бүсгүйг даган дуурайдаг, түүнээс үлгэр авдаг олон зуун эмэгтэй байдаг. Түүнтэй хороолол дахь “Цох” дэлгүүрт нь уулзаж ярилцсан юм.
–Та өөрийгөө танилцуулахгүй юу?
-Намайг Э.Цэцгээ гэдэг. Нөхөр гурван хүүхдийнхээ хамт амьдардаг. Хэрэглээний урлал блогийг хөтөлдөг. Мөн гар урлалын “Урлаг ин” бүлгийн үүсгэн байгуулагч. Ер нь гар урлалд дуртай энгийн нэгэн ийм нэг хүн байна даа.
–Хэзээнээс гар урлал сонирхож эхэлсэн бэ?
-Бүр жаахан байхаасаа л оёж сурсан. Бусад охидын адил ээжийнхээ хувцсыг эвдэлж, өөртөө таарсан загвартай юм оёж өмсөх гэсэн хүсэлтэй, хөдөлмөрийн хичээлдээ дуртай охин байлаа. Гэвч би мэргэжлээ буруу сонгочихсон юм. Надад ирээдүйд ямар мэргэжил хэрэг болох вэ гэдэг талаасаа сонгосноос би юунд дуртай билээ гэдгээ анхаараагүй юм билээ. Нягтлан бодогч мэргэжлээр сурч төгсөөд хэсэг ажилласан. Тэгээд гэр бүлтэй болж хөл хүнд болсон. Эмэгтэйчүүд чинь ингээд л нэг хэсэг завсарлага авч гэртээ суудаг шүү дээ. Гэтэл эхний гурав дөрвөн сар хийх юм олдоггүй үнэхээр хэцүү байсан. Гэрт суухаар хийх юм захаасаа аваад олдоно. Оёж шидэх юм гарч ирнэ. Гэртээ гоё хөшиг авъя гэхээр загварын сонголт муутай хэрнээ өндөр үнэтэй. Тавилга энэ тэртэйгээ зохицуулаад оёчихъё гэхээр тохирох материал олдохгүй. Гэсэн ч энд тэндээс материалуудаа түүгээд юм оёж эхэлсэн. Гурван хүүхдэдээ аавынх нь хуучин хувцсыг эвдэлж гоё загвартай цамц, өмд оёж өгөхөөс эхлүүлээд ажил ундарсан. Тэгээд л ер нь энэ бүхэн надад их урам зориг өгсөн л дөө. Энэ их гоё юм байна. Гэрийн эзэгтэй, эмэгтэй хүний хийдэг энэ ажил чинь сонирхолтой юм, энэ бүхнээ бусадтай хуваалцъя гэсэн хүсэл төрсөн. Хүн дуртай юмаа хийж байж л аз жаргалтай байдаг шүү дээ. Эрчүүд гэлтгүй ялангуяа эмэгтэйчүүд дуртай юмаа хийгээсэй гэж хүсдэг. Ингээд 2010 оны арваннэгдүгээр сард блогоо нээгээд 8-ны өдөр нь анхныхаа бичлэгээ оруулж байлаа. Сая блогийн маань дөрвөн жилийн ой болсон.
-“Урлаг ин” бүлгийг хэрхэн байгуулж байв?
-Гар урлал сонирхдог хүмүүсийг нэгтгэе, хамтарч үйл ажиллагаа явуулъя гээд 2012 онд байгуулсан. Манайд мундаг охид, бүсгүйчүүл байдаг. Бид сар болгон тогтмол уулзаж, төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулдаг юм. Урланд маань гар урлал хийх сурах сонирхолтой хүмүүс очдог. Манай бүлгийн фэйсбүүк хуудсанд 15 мянган хүн нэгдсэн байдаг юм. Идэвхитэй гишүүд гэвэл 100-200. Уулзалтдаа ажил төрөл, заваасаа хамаарч 20, 30, 50, 60гээд янз янз ирдэг.
Бид сар бүр гар урлалтайгаа холбоотой үйл ажиллагаа зохиодог юм. Хийсэн бүтээснээ төрөлжүүлээд хоорондоо өрсөлдөнө. Цагаан сараар хүмүүст зөвхөн өөрсдийнхөө хийсэн бүтээлээ бэлэглэж, хятад бэлгийг халахыг уриалдаг. Хүмүүс нэг бол үнэтэй, нэг бол хямдхан юм хайгаад байдаг. Үнэндээ гараар хийсэн бүтээл хамгийн үнэтэй бэлэг болдог юм шүү гэдгийг манай бүлгийнхэн ойлгоод эхэлчихсэн гэж болно.
–Дэлгүүрийн тань нэр “Цох”. Энэ нэр сонирхол татлаа л даа. Дэлгүүр тань хаа сайгүй л гараар урласан цохнууд “сууж” байх юм?
-Гар урлал хийхэд зарим материал нь эндээс олдохгүй болохоор Японд байдаг найздаа захиж авчруулдаг байсан. Гэтэл тэр найзын маань зав зай нь болоогүй. Би энэ тухайгаа блогтоо биччихсэн байтал блогийн маань уншигч Оюуномин гэх охин “Би тантай хамтарч ажиллая. Би Японоос тан руу материалуудыг тань явуулж байя” гэсэн юм. Ингэж бид танилцаад түүний илгээсэн зүйлсийг би блогоороо дамжуулан зардаг боллоо. Хүмүүс ч их дуртай байсан. Урландаа сургалт явуулахын зэрэгцээ японоос ирсэн гар урлалын зүйлс, материалуудаа зардаг байсан. Тэр үед би дахиад хөл хүнд болсон. Тэгээд урлангаа түр хаачихсан чбараагаа зарахаас өөр аргагүй болсон. Бараа материал асууж сурагладаг хүмүүс олон байсан болохоор яалтгүй ч дэлгүүр нээхгүй бол болохгүй нь гэсэн асуудал тулгарсан. Ингээд Оюуноминтойгоо хамтраад лангуу ч болтугай ажиллуулъя гээд дэлгүүрээ анх нээж байлаа. Нэрийн тухайд “ЦОХ” гэдэг нэр чинь уг нь “Цэцгээ, Оюуномин хоёр” гэсэн өгүүлбэрийн товчлол л доо (инээв). Цох чинь хөөрхөн амьтан ш дээ. Ер нь цох, зөгий, эрвээхэй зэрэг жижиг амьтад чинь хөөрхөн. Гар урлалын бүтээлд хамгийн их дүрслэгддэг амьтад шүү дээ. Ууль шувуу бас их дурслэгдэнэ. Зөгий нь ажилсаг, хөдөлмөрч, баян байхын бэлгэдэл бол ууль шувуу эрдэм ном, мэргэн цэцэн ухааны бэлгэдэл гэгддэг.
–Танай дэлгүүрт оёж шидэх, хайчлах, наах гээд гар аргаар юм урлахад юу л хэрэгтэй байна, тэр бүгд дүүрэн байх юм. Зүү, утас, тууз, шүр, товч, шошго, эсгий, таар, нэхмэлийн утаснаас эхлүүлээд олон үйлдэлтэй оёдлын машин хүртэл байна?
-Ерөнхийд нь базаад хэлбэл туузан урлал, шүр сувс, цаасан урлал, цаасан хуйлбар, нугалбар, даавууны будаг, даавуун дээр зурдаг харандаа, цүнхний хэрэглэлүүд, хөдрөг буюу зүүмэл даавуун урлалын хэрэглэгдэхүүнүүд, нимгэн нийлэг эсгийнүүд, оёдлын бүх төрлийн машинууд, гар урлалын сурах бичгүүд, товчнууд, нэхмэлийн утаснууд гээд нэрлэвэл олон зүйл байна.
–Янз бүрийн урлал бий. Хэрэглээний урлал гэдгээ тайлбарлавал?
-Урлалыг хэрхэн яаж өдөр тутмын амьдралдаа холбож хэрэглэх вэ, урлал гэхээр сувинерийн эд зүйлс, ойр зуурын арьс ширэн эдлэлийн хэмжээнд ойлгодог. Хүн ер нь гараар хийсэн юмаа хэрэглэж байж илүү гоё таашаал, мэдрэмж авна. Тэр хэрээр түүнийгээ илүү хөгжүүлдэг. Өөрийнхөө хийсэн юмыг хэрэглэж байгаа хүн чинь дараа нь “Энийг ингэж хийвэл илүү гоё байна” гэж сэтгэж эхэлдэг. Миний хувьд л лав тэгдэг юм. Хүүхдүүддээ гэрийн хувцас гэж авч өгдөггүй,өөрөө оёод өмсүүлчихдэг. Тэр утгаараа энэ чинь давхар эдийн засгийн хэмнэлттэй байхгүй юу. Дэлхий нийтээрээ идэх юм маань органик байх ёстой гэцгээдэг. Амьдрал бол урлал юм. Урлалыг амьдралтай холбож өгвөл бидний амьдрал илүү утга учиртай, аз жаргалтай байна гэдгийг хүмүүст ойлуулахыг их хичээдэг. Би өөрөө тэр бүхнийг өдөр тутмынхаа амьдралд мэдрээд явж байгаа болохоороо үүнийгээ улам дэлгэрүүлье гэж боддог.
–Одооны охид бүсгүйчүүлийн дунд товч хадаж чаддаггүй, юм оёх, хасуулах шаардлага гарвал хувцас захиалга, засварын газрыг зорьдог нь олон болжээ?
-Хүмүүст чи үүнийг оё, ингэ тэг гэж тулгахгүйгээр зүгээр л гоё үзүүлээд үлгэрлэн дуурайлгуулах нь зөв байдаг байхгүй юу. Блогоо нээснээс жилийн дараагаар байнгын уншигчтай болж, өдөрт 200-300 хүн тогтмол ордог болж, бичлэг оруулсан өдөр мянга гаруй хүн орох нь энгийн үзэгдэл болсон л доо. Хүмүүс надад ингэж хэлдэг юм “Би өглөө ажилдаа ирээд компьютерээ асаагаад чиний блог руу ороод бичлэгийг чинь уншчихаад ажилдаа ордог. Би ерөөсөө оёж шидэх талаар бодож байгаагүй. Гэтэл чиний бичлэгүүдийг чинь уншаад өөрөө мэдэлгүй оёдлын машин аваад юм оёод эхэлсэн. Би өмнө нь гэртээ яг л зочид буудалд амьдардаг хүн шиг л байжээ. Товч маань унахад энийг хадаад өгөх хүн байна уу гэж хайгаад явдаг байлаа. Гэтэл одоо чамайг хараад өөрөөсөө үнэхээр ичиж байна. Эмэгтэй хүн гэдгээ мэдэрч байна. Би өмнө нь хаана байсан юм бэ. Миний өмнө нэгэн шинэ ертөнц нээгдлээ” гэж. Иймэрхүү үгнүүдийг зөндөө сонсоод ирсэн чинь нэг зүйл бодогдсон. Учир зүггүй үглээд хажуунаас нь угзраад ингээч ээ, тэгээч ээ гэж шүүмжлэхээсээ илүүтэй юм хийж байгаа хүнийг харуулах хэрэгтэй юм байна гэж бодсон.
Зарим хүний хувьд сонирхолгүй зүйл нь ч байж болно л доо. Гэхдээ манай монголчууд чинь эрт дээр үеэсээ л охид, хүүхнүүдээ заавал ч үгүй оёулж шидүүлж сургадаг байсан шүү дээ. Ардын аман зохиол, сургаалуудыг уншиж суухад оёж чаддаггүй эмийг нэг нүдээрээ ч харж чаддаггүй юм билээ. Оёдолгүй эм утасны бармал, уншлагагүй лам олбогны бармал гэдэг ч юм уу. Ертөнцийн гурван шившигт хүртэл үйлгүй эм нэг шившиг гэх мэтээр сургасан байдаг юм билээ. Ингэж л хүүхдүүдээ хүмүүжүүлж ирсэн байдаг. Оёж чаддаггүй, дургүй, би хэзээ ч оёж үзээгүй гэж бодож байгаа эмэгтэйчүүд байж болно. Гэвч бүгд цаг нь ирвэл оёж чадна.
–Гараар юм урлаад сууж байхад танд ямар мэдрэмж төрдөг вэ?
-Аз жаргалтай болдог. Үнэхээр аз жаргалтай байж чаддаг юм. Би бусад эмэгтэйчүүдийг ч тийм байгаасай гэж хүсдэг. Гараас юм гарна, хийсэн юмаа дараа нь хараад суух мэдрэмж их гоё ш дээ. Би жижиг ч бай, том ч бай гүйцэтгэл сайтай юм хийхийг хүсдэг.
Нөхөр маань намайг их дэмждэг. Бусад бүсгүйчүүдийн нөхрийг ч манай хүн шиг ингэж эхнэрээ дэмжээд өгөөсэй гэж хүсдэг. Би өөрийгөө том амжилтад хүрсэн гэж хэлэхгүй ч мөрөөдлийнхөө зах зухаас нь атгаад авчихлаа. Хань ижил гэдэг их чухал. Ханьдаа маш их баярладаг шүү гэж хэлье. Нөхөр маань их эмч. Одоогоор хувиараа хөдөлмөр эрхлээд явж байгаа л даа. Удахгүй мөрөөдөлдөө хүрнэ гэдэгт нь итгэдэг. Хүүхдүүд маань хийж байгаа юманд маань их урам өгнө өө. “Ээж ээ, яасан гоё юм бэ” гээд л магтана. Би тэдэндээ юм хийж өгөх дуртай. Ямар ч завгүй байсан хүүхдүүддээ цаг гаргаад ямар нэг юм хийж өгдөг. Үгүй ядаж өмднийх нь өвдгийг нөхөж өгдөг. Охиндоо үсний боолтыг нь хийгээд өгчихнө. Хүүдээ цүнх, үзэг харандааны савыг нь хийгээд өгчихдөг юм. Хамтдаа суугаад юм хийх үе ч бий.
–Даалин оёх гэж байгаа, даалингийн бэлэн эсгүүр хайсан бүсгүйчүүд их орж байна, дэлгүүрт тань?
-Цагаан сар, наадмаар бүсгүйчүүд маань аав, нөхөртөө даалин оёж өгцгөөдөг болсон. Ялангуяа цагаан сарын өмнө даалин оёх гэсэн бүсгүйчүүд их ирдэг юм.
–Та хэдэн настайдаа юм оёж сурч байсан юм бэ?
-Таван настай байхдаа оёсон хатгамал юм маань одоо хүртэл надад байдаг ш дээ. Эмээ маань зааж өгч байсан. Гэтэл миний охин одоо таван настай мөртлөө оёж чаддаггүй. Миний тэр үед оёж сурсан маань эмээгийн маань л ач тус байж дээ гэж боддог юм. Манай эмээ их айхавтар нягт нямбай хүн байсан юм билээ?
–Та аль нутаг усны хүн бэ?
-Төв аймаг.
–Аль сумынх вэ?
-Бүрэн. Эмээгийн маань ээж буюу миний элэнц эмээ Долгор гэж уран хүнбайсан гэдэг. Зэргэлдээ сумынхан нь хүртэл ирж юм оёулдаг байсан гэлцдэг. Гадна нь наадам болж байгаа юм шиг л морь мал багшралдаад л, хүмүүс дугаарлаад суучихна. Зөвхөн оёдол хийгээд зогсохгүй, бүтээлч санаачилга гаргадаг хүн байсан гэсэн. Аагим зуны халуунд гэрээ халаахгүйгээр яаж тогоо нэрэх вэ, хатад, охидын малгайг яаж гоё хийх вэ гээд загвар, эсгүүр гаргана. Тэр хавийнхаа хүмүүст мэддэгээ зааж өгнө. Их мундаг, нэр хүндтэй хүн байсан. Тэр тухай манай эмээ ярина. “Ээж маань орой унтахад л оёод сууж байдаг, өглөө босоход л мөн оёод сууж байдаг байж билээ. Би гэрийнхээ ажлыг бараг бүгдийг нь хийж нугалдаг байсан болохоор ээжийнхээ үйл үртэснээс олигтой сурч чадаагүй” гэж дурсч билээ. Гэхдээ л тэр мундаг хүний хажууд байсан гэхэд эмээ маань хэнээр ч юугаа ч гуйхгүй өөрөө оёчихдог хүн байсан. Би багаасаа эмээтэйгээ өссөн, эмээгийн хүүхэд л дээ.
Д.ГАНСАРУУЛ
Гэрэл зургийг Г.ЛХАГВАДОРЖ