Categories
нүүр-хуудасны-онцлох туслах-ангилал

12 цагт болох хэлэлцүүлэгт урьж байна

“Өдрийн сонин”-ы Асуух эрхийн танхимд өнөөдөр 12.00 цагт “Эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудлууд” сэдэвт хэлэлцүүлэг болно. Уг хэлэлцүүлэгт элэгний В, С вирусийн эмийн үнийн зөрүү болоод хүүхдийн эмнэлэг, мэдрэлийн мэс засал, хорт хавдар зэрэг тулгамдсан асуудлуудын талаар ярилцана. Хэлэлцүүлэгт ЭМСЯ-ны Эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга О.Баяр, ардын эмч Ж.Хайрулла, Д.Малчинхүү, АШУИС-ийн тэнхимийн эрхлэгч Г.Эрдэнэтуяа, ХСҮТ-ийн элэг цөс, нойр булчирхайн мэс заслын тасгийн эрхлэгч Ж.Чинбүрэн, III эмнэлгийн мэдрэлийн мэс заслын тасгийн эрхлэгч Х.Костя нарын хүмүүс оролцоно. Хэвлэл мэдээллийн байгууллагуудыг хэлэлцүүлэгт оролцохыг урьж байна.

Categories
мэдээ соёл-урлаг

“Болор цом” наадам Төв аймагт болно

Оны шилдэг шүлэг шалгаруулах “Болор цом” яруу найргийн наадам ирэх хоёрдугаар сарын 14-нд Төв аймгийн Зуунмод суманд болох гэж байна. Тиймээс “Болор цом” наадамд өрсөлдөх найрагчдын бүтээлийг Монголын зохиолчдын эвлэл дээр авч эхэлжээ.

Энэ жил 32 дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Болор цом” наадамд “Болор цом”-ын эзэд тааллаараа оролцох бөгөөд бусад найрагчдын хувьд шилдэг 32 найрагчийг шигшин Зуунмод сумын тайзнаа шүлгийг нь уншуулах юм байна.

“Болор цом” наадмыг Эрдэнэт, Дархан хотууд болон Архангай, Өвөрхангай аймгуудад зохион байгуулж байсан бөгөөд энэ жил тав дахь удаагаа орон нутагт болох гэж байгаа нь энэ юм.

С.Содбилэг

“Болор цом”-ын эзэд

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, төрийн шагналт, ардын уран зохиолч Д.Пүрэвдоржийн санаачилгаар МЗЭ-ийн хороо жил бүрийн шилдэг яруу найргийг шалгаруулах зорилгоор 1983 оноос “Болор цом” яруу найргийн наадмыг явуулж эхэлснээс хойш нийт 31 удаагийн “Болор цом” наадамд төрийн шагналт, ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн, Д.Цоодол нар тус бүр гурав, яруу найрагч Ц.Чимиддорж, Б.Ичинхорлоо, Ц.Хулан нар тус бүр хоёр түрүүлжээ.

1. ПҮРЭВДОРЖ.Д 1983 он Хүн төрөлхтөнд хүргэх үг

2. Д.ЦООДОЛ. Д 1984 он Нэр нь тодроогүй баатрууд

3. ЛХАГВАСҮРЭН.Б 1985 он Шагнал

4. ОЧИРХҮҮ.Т 1986 он Чулууны магтаал

5. БАДАРЧ.П 1987 он Тэмээ

6. ГАЛСАН.Т 1988 он Дөрвөн мөртийн цоморлиг

7. ЧИМЭДДОРЖ.Ц 1989 он Малчин

8. ИЧИНХОРЛОО.Б 1990 он Тэнгэр

9. ИЧИНХОРЛОО.Б 1991 он Эх нутаг

10. ЛХАГВАСҮРЭН.Б 1992 он Хил дээр бичсэн шүлэг

11. ЦООДОЛ.Д 1993 он Миний муусайн найз нар

12. ХУЛАН.Ц 1994 он Ази

13. ДОРЖПАЛАМ.Б 1995 он Хөөрлийн шүлэг

14. ТӨРБАТ.Д 1996 он Ижий

15. ЦООДОЛ.Д 1997 он Хуучин дэр модны дууль

16. ЛХАГВАСҮРЭН.Б 1998 он Ижийтэйгээ байхад би баян байсан

17. ЧИМИДДОРЖ.Ц 1999 он Элсэн тасархай

18. МӨНХЦЭЦЭГ.Г 2000 он Чамаас олсон эх орон

19. БАВУУДОРЖ.Ц 2001 он Хүрэл чоно

20. ЭРДЭНЭ-ОЧИР.А 2002 он Зам

21. УРИАНХАЙ.Д 2003 он Шөнийн онгоц

22. БАЯРЖАРГАЛ.Ж 2004 он Дарангуйллын хаан оршил

23. МӨНХБАТ.Ж 2005 он Бурхан хүсэл

24. ГАЛСАНСҮХ.Б 2006 он Бурханд хэлэх зөвлөгөө

25. ЛХАМНОРЖМАА.Ш 2007 он Газрын үг

26. ХАСАР.Л 2008 он Миний нэг өдөр

27. ЭРДЭНЭБААТАР.Х 2009 он Зуун дамжсан суварга үгс

28. Ц.ХУЛАН 2010 он Нөхөртөө хэлсэн үг

29. Д.БОЛДХУЯГ 2011 он Монгол хэл

30. Н.ГАНТУЛГА 2013 он Уулсын сэтгэлгээний тэлэлт

31. Л.МОЛОМЖАМЦ 2014 он Хэзээ ба хожмыг өгүүлэх Зангирмал үгс

32. ………………………..

Categories
гадаад мэдээ

Итали руу хууль бусаар цагаачлах нь ихэсчээ

Сицилийн эргээр дамжин Итали руу хууль бусаар цагаачлах явдал ихэсчээ. Жил бүр Сомали, Эритрей улсуудаас хэдэн мянган иргэн Итали, Испаниар дамжин Европ руу цагаачилдаг аж. Сүүлийн үед иргэний дайны гал асч буй Сири улсаас ирэгсдийн тоо нэмэгдэх болсон байна. Европын хил хамгаалагчид өнгөрсөн онд Итали руу хил нэвтрэхээр завдсан 20 мянган хүнийг бүртгэн авчээ. Энэ нь нийт Европын хууль бус цагаачдын тал хувийг эзэлж байна. Эдгээр цагаачид хамгийн аюултай замыг сонгож, амь насаа дэнчинд тавьсаар байгаа юм.

Categories
мэдээ соёл-урлаг

“Guys” хамтлаг тоглолтоо хийнэ

“Guys” хамтлагийнхан эргэн уран бүтээлдээ орж шинэхэн клипүүдээ үзэгчдэд дэлгэх болсон билээ. Тэгвэл тэд ирэх хоёрдугаар сарын 14-нд буюу Гэгээн хайрын баяраар дурлалт хосууддаа зориулан “Хайрын бүжиг” шоу тоглолтоо хийхээр болжээ. Энэхүү тоглолт нь Чингисийн өргөө “Event Hall”-д болох юм байна. Харин уг тоглолтын тасалбар нэгдүгээр сарын 30-наас эхлэн худалдаанд гарах нь ээ.

Categories
мэдээ нийгэм

БНХАУ-ын хөрөнгөөр 21 сургууль барина

БНХАУ-ын 300 сая юаний хөрөнгөөр нийслэлд 20, Орхон аймагт нэг сургууль шинээр барих буюу өргөтгөхөөр Засгийн газар шийдвэрлэжээ. Ийнхүү салбарын яам энэ онд шинээр барих болон, өргөтгөх шаардлагатай сургууль, сургуулийн газрыг судлахаар боллоо. Эдгээрт гурван ээлжээр хичээллэж буй зарим сургууль, МХЕГ-ын шалгалтаар тогтоогдон ашиглахад аюултай болсон хуучин сургууль зэрэг орох юм.

Categories
мэдээ нийгэм

Гурван сая дахь иргэнд зориулж лого гаргажээ

Монгол Улсын сая дахь иргэн мэндэлсний дараа Монгол Улс 3 сая иргэнтэй болсныг бэлгэдэж үндэсний бараа, бүтээгдэхүүн, ТВ нэвтрүүлэг, хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдээр түгээх мэдээ, нийтлэл, материалд энэхүү логог хэрэглэхээр тогтсон байна.

Энэхүү логог тайлбарлахдаа:

“Монгол Улсын 3 сая дахь иргэн дэлхийн бамбөрцгийн хаана ч тодорч болохыг илэрхийлэх үүднээс дэлхийн бөмбөрцгийг дэвсгэр болгон зурсан. Бөмбөрцөг дотор бие биедээ багтсан гурван хүнийг харуулсан нь хүүхэд гэр бүлд өсч хүмүүжих, 3 сая дахь иргэн маань бие бялдрын хувьд өсч том болсон ч Монгол Улсын 3 сая дахь иргэнээр мөнхөд алдаршиж үлдэж байгааг илэрхийлнэ гэсэн хоёр утгатай. Амуу буудайгаар хүрээлүүлсэн нь хүн ам өсч олуулаа болохыг бэлгэдсэн” гэжээ.

Categories
мэдээ нийгэм

Олон улсын Хөдөлмөрийн байгууллагын төлөөлөлтэй уулзлаа

Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт өнөөдөр Хөдөлмөрийн хуулийн шинэчлэлийн асуудлаар Хөдөлмөрийн яам, Олон улсын Хөдөлмөрийн байгууллагын төлөөлөлтэй уулзлаа.

Уулзалтад Олон улсын Хөдөлмөрийн байгууллагын Монгол Улс болон БНХАУ-ыг хариуцсан товчооны дарга Тим Дэ Мейер, Олон улсын Хөдөлмөрийн байгууллагын олон улсын зөвлөх Дэвид Тажман, Мооней Пруденс Жудит болон Хөдөлмөрийн яамны дэд сайд Ж.Батхуяг, албаны бусад хүмүүс оролцсон юм

Ноён Тим Дэ Мейер уулзалтын эхэнд Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогтыг цаг гарган хүлээн авч буйд талархал илэрхийлэв. Мөн тэрээр “Монгол Улсын Хөдөлмөрийн яамнаас гаргасан албан ёсны хүсэлтийн дагуу Олон улсын Хөдөлмөрийн байгууллага 2010 оноос Хөдөлмөрийн хуулийн шинэчлэлд техникийн туслалцаа үзүүлж байна. Хөдөлмөрийн хуулийн шинэчлэлийг Хөдөлмөрийн яам, Ажил олгогч эздийн холбоо болон Үйлдвэрчний эвлэл гэсэн гурван талын оролцоотойгоор хийж байгааг бид дэмжиж байна. Манай байгууллагын зүгээс Монгол Улс олон улсад нээлттэй байх, мөн хөдөлмөрийн орчныг зах зээлийн нөхцөлд нийцүүлэх, ажлын байран дахь суурь эрхийг хангах, ажилтанд Хөдөлмөрийн хуулиар олгогдсон эрхээ эдлэх нөхцлийг хангах зэрэг чиглэлд гол анхаарал хандуулан, зөвлөгөө өгсөн” гэв. Хөдөлмөрийн хуулийн шинэчлэлийн явц нэлээд хугацаанд үргэлжилж байгаа бөгөөд Хөдөлмөрийн яам зохих журмын дагуу хуулийн төслийг боловсруулж буйг дуулгасан. Үүнийг УИХ-аар хэлэлцэх шатанд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо дэмжинэ хэмээн найдаж буйгаа илэрхийллээ. Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт, “Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн харилцааны эрх зүйн зохицуулалт нь Монгол Улсад тулгамдаад байгаа асуудлын нэг. Тиймээс 2012 онд Засгийн газраас Хөдөлмөрийн яамыг тусгайлан байгуулсан” хэмээгээд Хөдөлмөрийн хуулийн шинэчлэлд техникийн туслалцаа үзүүлж байгаад талархал илэрхийлсэн юм. Мөн тэрээр хуулийн төслийг Улсын Их Хурлаар хэлэлцэх үед Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргын хувиар дэмжин ажиллах болно гэв хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Ажил эхлэх цагийг зөрүүлнэ гэв

Засгийн газраас Нийслэлийн Засаг даргад цагийн зохицуулалт хийх эрх олгосон учраас ажил эхлэх цагийг зөрүүлэх зохицуулалт удахгүй хийгдэх юм байна. Цэцэрлэгүүдийг 08.00 цагаас, Нийслэлийн төр захиргааны байгууллагуудыг 08.30 цагаас, Төрийн захиргааны төв байгууллагуудыг 09.00 цагаас, Их дээд сургуулиудыг 09.00-10.00 цагаас эхлүүлдэг байхаар зохицуулалт хийх аж. Энэ асуудал одоогоор нийслэлийн удирдлагуудын хэмжээнд яригдаж байгаа юм байна.

Categories
мэдээ нийгэм

Албаны машинаар томилолтонд явахгүй

Орхон аймгийн засаг дарга Г.Зоригт хэд хэдэн чиглэлд хэмнэлт хийхийг үүрэг болгожээ. Төрийн ажил үйлчилгээнд унаж хэрэглэж байгаа авто машины бинзен шатахууны зарцуулалтыг багасгах зорилгоор аймгийн засаг дарга 56 км, орлогч дарга 40 км, тамгын газрын дарга болоод бүх хэлтэс агентлагийн дарга нар өдрийн 20 км-ын нормтой ажиллахаар болжээ. Мөн аймгийн Засаг даргаас бусад бүх албан тушаалтнууд төрийн мэдлийн авто машинаар нийслэл хот, хөдөө орон нутаг руу томилолтоор явахыг хориглосон тушаал гаргажээ.

Categories
мэдээ улс-төр

Элчин сайд нарыг томилуулахаар санал хүргүүлнэ

Монгол Улсаас гадаад улс, Нэгдсэн үндэстний байгууллагын дэргэд суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдыг томилуулах, эгүүлэн татах асуудлыг хэлэлцлээ.

Бүгд найрамдах ардчилсан Лаос улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Лодойдамбын Галбадрах, Сингапур улсад Төмөрийн Лхагвадорж, Куба улсад Цэдэндамбын Батбаяр, Энэтхэг улсад Гончигийн Ганболд, Египэт улсад Чулууны Баярмөнх, Австрали улсад Батлайн Чулуунхүү, Польш улсад Нэмэхийн Батаа, Тайландын Вант улсад Төмөрхүлэгийн Төгсбилгүүн, НҮБ-ын дэргэд суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Сүхээгийн Сүхболд нарыг тус тус томилуулах асуудлыг хэлэлцэн дэмжээд саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр тогтлоо.