Нийгмийн халамжийн сангаас 18 хүртэлх насны хүүхдэд сар бүр 20 мянган төгрөгийн мөнгөн тэтгэмж олгодог. Энэхүү тэтгэмж нь тухайн сарынхаа 15-ны өдөр гэхэд олгогдсон байдаг. Харин 2015 оны нэгдүгээр сарын хүүхдийн мөнгө өдийг хүртэл яагаад олгогдохгүй байгаа талаар иргэд асууж байгаа. Энэ тухай Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газрын мэргэжилтнээс тодруулахад “Хүүхдийн мөнгө болон бусад халамжийн санхүүжилт хараахан орж ирээгүй байна. Энэ асуудал Сангийн яаман дээр яригдаж байгаа. Санхүүжилт орж ирсэн тохиолдолд шууд халамжуудыг олгож эхэлнэ” гэсэн хариултыг өгч байна.
Month: January 2015
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны даргаар томилогдсон УИХ-ын гишүүн Ж.Батсуурь Үндэсний статистикийн хорооны үйл ажиллагаатай танилцах уулзалтыг хийсэн байна. ҮСХ-ны удирдлагууд Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурь, Эдийн засгийн байнгын хорооны ажлын албаны ахлах зөвлөх Ж.Батсайхан нарыг хүлээн авч байгууллагыгхаа үйл ажиллагааг танилцуулжээ. Тухайлбал, статистикийн салбарыг 2011-2015 онд хөгжүүлэх хөтөлбөрийн хэрэгжилт болон сүүлийн үеийн дэвшилтэд технологийн давуу талыг ашиглан хөрөнгө хүч хэмнэсэн ХАӨБМС, мал тооллогын онлайн систем, НҮТС зэргийг танилцуулж, цаашид анхаарах асуудал, 2015 онд хийх ажлынхаа талаар ярилцсан байна.
Эдийн засгийн байнгын хорооны даргын зүгээс ҮСХ-ны хамт олонд төрийн хүндэт одон медалиар шагнагдсанд нь баяр хүргэж, төрийн албаны байгууллагууд дотроос улс төрөөс ангид салбар бол статистикийн байгууллага хэмээн тодорхойлж, статистикийн мэдээлэл халдашгүй, хөдлөшгүй үнэн зөв байх үүргээ гүйцэтгэж яваа та бүхэнтэй нэгэн зүгт хамтдаа хамтарч ажиллах болно гээд уулзалтын төгсгөлд статистикийн байгууллагын хамт олонд ажлын амжилт хүслээ.
Монгол Улсын гавьяат тамирчин Таваагийн Гүррагчаатай ярилцлаа.
–Танд цаст Гималайн ноён оргил Эверэстэд авирах урилга ирсэн гэсэн. Хэзээ явах гэж байна вэ?
-Эверэстэд авирах уулчин тухайн улсынхаа харьяа холбоогоор дамжуулаад зохих зөвшөөрөл авдаг юм. Зөвшөөрөл өгдөг тусгай газар бий. Тэндээс уулчдад урилга ирүүлдэг. Урилгын дагуу 100 гаруй сая төгрөг төлж байж авирах эрхтэй болдог. Би 2001 онд арван хоёр хүний багтай хамт Эверэстэд авирах зорилгоор очсон юм. Тухайн үед хоёр улсын хамтын ажиллагааны дагуу бага мөнгөөр авирахаар очтол хэлэлцээр хүчингүй болчихсон байсан. Тэгээд мөнгөгүй байсан учраас Лобучи, Мерабек хоёрт авираад буцаад ирсэн юм. Ингэж явах үедээ хэдэн төгрөгийн хураамж төлдөг, ямар маршрутаар явах, хаана очиж хоноглох, хэдэн баазтай байдаг вэ гэдгийг судлаад ирсэн. Олон жил мөрөөдөж байсан ч хөрөнгө мөнгө олдохгүй байлаа. Харин өнгөрсөн аравдугаар сард Улсын онцгой байдлын дарга, хурандаа Бадрал Ховдын салбар дээрээ очиж ажилласан юм. Энэ үеэр нь би танилцсан. Тэгээд манай гэрт очъё гэхээр нь дагуулаад явлаа. Өөрийн намтар түүх, гаргасан амжилтаа танилцуулаад Эверэстэд авирах мөрөөдлөө хэлтэл “Та бэлтгэлээ хийж бай. Хөрөнгө мөнгийг би цуглуулъя. Дуудсан цагт Улаанбаатарт хүрээд ирээрэй” гээд явсан. Ингээд л явах болчихоод байна. Ирэх дөрөвдүгээр сарын 1 гэхэд Непалд очсон байхаар төлөвлөж байгаа. Би 74 настай. Надад чадал байна, эрүүл бие байна. Нэг насныхаа зорилго, мөрөөдлийг биелүүлнэ дээ.
-74 нас гэдэг залууд лав тооцогдохгүй. Ийм насанд Гималайг зорьсон хүн хэр олон байдаг юм бол?
-Хэдэн жилийн өмнө Японы уулчин 73 насандаа Эверэстэд авирсан байдаг юм билээ. Харин 74-тэйдөө авирч байсан хүн байхгүй. Би өөртөө эргэлзэх зүйл алга. Ная хүрсэн хойноо ч авирч чадна. Эх орныхоо болон дэлхийн өндөр уулнуудад энэ насаараа л авирч явлаа. Намайг Эверэстэд авирах гэж байгааг сонссон хүн болгон ийм өндөр насандаа гарах гэж үү гэж гайхаж байна. Намайг мэдэх нэгэн нь “Та бол чадна. Гэхдээ хүний насанд нэг юм байдаг шүү. Хөлдөж үхэх вий дээ, нисч үхэх вий дээ” гэж анхааруулж байгаа.
–Нээрээ л тэр өндрийг өдий насандаа зорино гэдэг амархан байхгүй нь лавтай?
-Энэ чинь миний л хийх ёстой ажил шүү дээ. Миний энэ насны хүсэл мөрөөдөл, зорилго, сонирхол. Цээжинд, нүдэнд бүгд харагдаж байна. Хамгийн гол нь болгоомжтой байх ёстой. Бэлтгэлээ сайн базаах ёстой. Харин айж байгаа хоёр зүйл байна. Юу вэ гэхээр багаараа авирч байхад оргилоос нуралт ирэх вий гэхээс эмээж байна. Хэдэн жилийн өмнө 60 хүний бүрэлдэхүүнтэй олон улсын экспедиц Эверэстэд авирч байгаад нурангид даруулан нас барсан шүү дээ. Ганцхан хүн амьд гарсан байдаг. Уул тэр чигээрээ нураад ирэхээр амьд гарах боломж байхгүй. Хоёрдугаарт, оргилд ойртсон хойно аваар гарах вий. Багаараа авирч байхад гишүүдээс нь хөлдөж нас барах, нисэж үхэх тохиолдол гарвал тэр аяллыг шууд хаадаг. Тийм харамсалтай зүйл л битгий гараасай гэж залбирч байна. Монгол хүний заяа түших байлгүй дээ.
–Уул өөд мацаж байгаа хэрнээ хөлдөж үхдэг юмуу?
-Тийм зүйл их гардаг. Бид нарыг авирах үед харьцангуй дулаахан байна. Дунджаар өдөртөө 30 хэмийн хүйтэн байх болов уу. Зарим үед ч 40, 50 хүрэх л байх. Дээрээс нь байнгын цасаар шуурч байдаг.
–Хаана, ямар бэлтгэл хийж байна вэ?
-Би Ховдын хүн. Хотод ирээд хоёр хонож байна. Ерөнхийдөө ирэн очин байдаг юм. Арванхоёрдугаар сард ирэхдээ “Оргил” рашаан сувилалд амарсан. Амарч байхдаа Зайсангийн араар гараад Их тэнгэр, Бага тэнгэрээр кроссонд гүйнэ. Бас Зайсангийн гүүрээр гарч Баруун ширээт өөд өгсөнө. Тэр хэсэг их гоё огцом. Энэ бэлтгэлээ хоёрдугаар сарын 15 хүртэл хийх юм. Цагаан сараар нутагтаа очиж шинэлчихээд гуравдугаар сард буцаад ирнэ.
–Эх орноосоо хэдүүлээ явах вэ. Ямар багтай хамт авирах бол?
-Ганцаараа явна. Олон мундаг залуучууд байна л даа. Тэдэнтэйгээ хамт явъя гэхээр зардал мөнгөний асуудал хэцүү байна. Очоод олон улсын уулчидтай нэг баг болж явах юм. Гималайд авирах хугацаа жилд хоёрхон удаа тохиодог. Хаврын болон намрын жар хоног гэж байна. Хаврын жар хоног нь дөрөвдүгээр сарын нэгнээс зургадугаар сар хүртэл үргэлжилнэ. Намрынх нь наймдугаар сараас аравдугаар сар хүртэл үргэлжилдэг.
–Ямархуу чиглэлээр авирах вэ?
-Дөрөвдүгээр сарын 4 гэхэд Лукла олон улсын баазад очсон байна. Тэндээсээ Эверэстийн бэл буюу 5300 метр хүртэл долоо хоног явган аялах юм. Ингэж явахдаа нэг хүн 50 кг ачаа үүрч явахыг зөвшөөрдөг. Гэхдээ ширфа буюу туслах худалдаж авбал түүнтэйгээ хувааж үүрээд явна. Эверэст гэдэг чинь Гималайн нурууны хамгийн өндөр салбар шүү дээ. Эверэстийн ноён оргил нь 8850 метрийн өндөрт байх Жомолунгма. Эверэстийн бэлд очсоноос хойш үндсэн авиралт эхлэх юм. Оргилд гарах хүртэл 6400, 6750, 7100, 8400 метрийн өндөрт дөрвөн бааз байдаг. Тэнд очиж амарч, өндөрт өөрийгөө дасгаж байгаад оргил руу зүтгэнэ.
–Хэд хоног зарцуулах бол?
-Хэдэн ч өдөр явж болно. Дунджаар 14 хоног явах байх. Гэхдээ хорь ч хонож болно. Цаг агаар муу байгаад байвал баазаас бааз руу шилжиж явах жишээтэй. Өндөрт болон цаг агаартаа дасах хэрэгтэй. Тэгэхээр өдөрт 1-2 км яваад буцаж хоноглосон бааздаа ирэх зэргээр авирна. Сүүлийн баазаас Жомолунгма хүртэл 450 метр. Бодоход хэдхэн харайгаад очихоор зай байгаа биз. Гэтэл ганцхан метр явна гэдэг том амжилт байдаг юм. Сүүлийн баазаас орой хүртэлх зайг харин ганцхан удаагийн дайралтаар туулна. Гурав, дөрөвдүгээр баазад байхдаа уур амьсгалд өөрийгөө дасан зохицуулна гэдэг их чухал.
–Оргил дээр гарчихаад уддаггүй гэх юм билээ?
-Удаан байх ямар ч боломж байхгүй. Бушуухан шиг гараад шруп тавьж олсноос өөрийгөө уяад төрийнхөө далбааг мандуулаад авбал тэгээд л боллоо. Нэг сайхан зураг авахуулаад амжвал дээдийн заяа. Тэр өдөр аз таарч тэнгэр цэлмэг байвал Гималайн нурууны найман мянган метрээс дээш 14 оргил дүнхийж байна. Тэрийг харж чадвал уулчин хүний хүсэл бүрэн биелнэ. Оргил дээр хэр удах вэ гэдэг цаг агаараас л шалтгаалах зүйл юм даа. Цэлмэг бөгөөд тогтуун байвал таваас арван минут болох байх. Харанхуй манантай, хүйтэн байвал төрийн далбаагаа мандуулаад буцна. Би Гималай хайрханы урд тал, нар мандах зүг буюу эх орон руугаа харсан талаас авирах юм.
–Оргилд гарсан хүмүүс юу бодож, залбирдаг бол оо?
-Ямар ч уулын ноён оргил дээр гарахад ерөөсөө ганцхан эх орон минь л бодогддог. Амь наана там цаана явж байна шүү дээ. Тийм үед гэр орон, үр хүүхдийн тухай бодох зав огт байхгүй. Би ганц ч удаа авгай, хүүхдээ бодож байсангүй. Би гэлтгүй тэр өндөрт гарсан ямар ч хүнд өөрийн эрхгүй эх орон нь бодогддог юм. Алтан соёмбот төрийн далбаагаа залах шиг жаргал байхгүй дээ.
–Таныг одоо авирах үед өмнөх уулчдын маань мандуулсан төрийн далбаа байж байх болов уу?
-Ээ байхгүй байх. Тэр их салхинд яаж тэсэж үлдэх вэ дээ. Сайн л бол хоёр гурав хонох байх. Би Алтай таван богд руу гараад намхан иштэй, жижгэвтэр далбаа мандуулчихаад хоёр, гурав хоногийн дараа буцаад гарахад байхгүй болчихдог. Нэг бол хийсчихдэг байх, үгүй бол цасанд дарагдана.
–Буухыг авирахаасаа хэцүү гэж ярих юм билээ?
-Тэгэлгүй яахав. Дээшээ явахад хүндийн төвөө татаад явна. Уруудахдаа араараа буудаг. Хамгийн гол зүйл нь сэтгэл зүй. Дээшээ авирахад хүн урдах замаа л харж оргил өөд мацна. Харин буухад эргэж хараад доорхоо харна шүү дээ. Тэр үед ёроол нь мэдэгдэхгүй хязгааргүй нүдэнд тусна. Тэгэхээр хүн айж, сүрддэг байхгүй юу. Бас толгой эргэнэ.
–Өндөр уулын оргил өөд авирахад амь насаа өөрөө батлан даана ч гэдэг юм уу, ямар нэгэн байдлаар амиа алдахад гомдолгүй гэж гарын үсэг зурах уу?
-Уг нь өндөрт авирч яваад нас барвал гомдолгүй гэж бичдэг байсан юм байна лээ. Сүүлийн үед харин гэр бүл, ойр дотнын хүмүүсээс нь зөвшөөрлийн гарын үсэг авдаг болсон. Манай нөхөр амь насаа алдвал бид ямар нэгэн гомдолгүй гэх жишээний. Олон сар бэлтгэл хийж байгаад яг явах гэтэл гэрийнхэн нь гарын үсэг зурахгүйн улмаас авирч чадахгүй байх тохиолдол олон. Манай гэрийнхэнч гэсэн одоо болно, хаана очиж үхэх гээв гэдэг байсан. Одоо харин тоохгүй дээ. Ирж л байдаг, явж л байдаг болохоор тоохоо больчихдог юм.
–Та уулын спортоор хичээллээд хэдэн жил болж байна вэ. Анхны авиралтаа хэзээ, хаашаа хийж байв?
-Би 1977 оны есдүгээр сард Ховд нутгийнхаа ноён оргил Мөнх хайрхан руу авирсан. Эндээс л би уулын спорттой амьдралаа холбосон доо. Бас спортын олон төрлөөр хичээллэсэн. Хаданд авиралтын олон удаагийн аварга. Бас марафон гүйлтээр хичээллэнэ. 100 км-т гүйдэг байлаа. 2008 онд Азийн хөнгөн атлетикийн наадамд оролцоод мөнгө, хүрэл медаль авсан. Мөн 2003 оноос хойш Хөвсгөлийн Уран дөш ууланд болж байгаа дэлхийн 15 орны тамирчдын оролцдог 100 км марафон гүйлтийн тэмцээнд 13 цаг 24 минутын амжилтаар хоёрдугаар байрт орж байлаа. 2013 онд бас Японы Киото хотод болсон олон улсын алтан мастеруудын уралдаанд 30 орны 70-аас дээш настай 1200 тамирчдын дунд болсон уралдаанаас хүрэл медаль авсан. Энэ мэт спортын олон амжилт гаргасан даа. Би чинь цэргийн хүн. Бэлтгэл дэд хурандаа юм шүү дээ.
–Дөч шахам жилийн турш хэчнээн уулын оргил дээр төрийнхөө далбааг мандуулсан бэ?
-Ёстой замбараагүй тоо гарах байх. Би тоолж үзээгүй юм байна. Монголд бол авираагүй, гараагүй оргил гэж байхгүй. Сүүлийн хэдэн жил дандаа нээлт хийж байгаа. Уулчид авирч байгаагүй замаар, хүнд аялал хийж байна. Зуун дөч, тавь гарсан байх. Алтай таван богд руу гэхэд жилдээ гурав, дөрвөн удаа гардаг. Өнгөрсөн зун л гэхэд Цамбагарав хайрхан руу гурван удаа гарсан. Жилдээ долоогоос найман удаа өндөр оргил өөд гардаг. Надад одоо Жомолунгма л үлдсэн.
–Иймэрхүү маягаар олон жил аялахад ховор нандин ургамал, содон амьтантай олон л таарч байсан байх даа?
-Эх орныхоо хайрхан ууланд авирахад таараагүй амьтан, ургамал байхгүй дээ. Би оргил өөд мацаж л байдаг. Урд янгир алхаж байх жишээтэй. “Хүүе жаахан удаан яваарай. Та нар чинь мэргэжлийнх, би чинь суралцагч” гээд л нөгөө хэдэн янгиртайгаа яриад яваад байна. Ховор нандин ургамал, цэцэгтэй бишгүй л таарч явлаа. Хосоороо ургадаг вансэмбэрүү цэцгийг авирах бүртээ хардаг. Онгон дагшин, сэрүүн газар ургадаг шүү дээ. Вансэмбэрүүг тойроод хөх удвал ургасан байдаг. Их үзэсгэлэнтэй цэцэг. Эрээн гомбо, алтан хундага, алтан гагнуур, хурган цагаан мөөг зэрэг жинхэнэ монгол хөрсний ургамлыг харж, залбирч явдаг юм. Ер нь хаанахын ямар ч хайрханд авирсан уул, усаа шүтэж явна. Уул бүрийг хайрхан, ус бүрийг рашаан гэж бодож явахаар алзахгүй дээ.
–Таны сэтгэлээс гардаггүй, хамгийн сонирхолтой аялал хэзээ болж байсан бэ?
-1990 онд Казахстан, Киргизийн нутагт орших 7010 метрийн өндөртэй Хан тэнгэр оргил өөд авирсан юм. Эрдэнэтийн уулчин Ганболдтойгоо хамт явсан. Тун хэцүү авиралт болж байлаа. Би энд л ясаа тавих нь дээ гэж бодогдож байсан. 6800 метрт явж байтал Хан тэнгэрийн авран хянах албаныхан цаг агаар муудах нь гэдгийг мэдээд авиралт зогсоож, уул хаахаа мэдэгдээд байсан. Тэр хол газар яваад очсон болохоор буцна гэхээр харамсаад болдоггүй. Тэгэхээр нь шөнөдөө хулгайгаар авирч байлаа. Хамгийн дээд талын бааз дээр Ганболдын маань бие муудаад үлдсэн. Цааш шөнөжин авирсаар оргил дээр гарсан шүү. Тэр үед “За би энд л хөлдөж үхэх юм байна даа” гэж бодогдож байсан. Азаар Солонгосын багийнхантай таарч тэдний майханд хоноод амьд гарч байв. Өглөө нь оргил дээрээ гарчихаад буцаад буухад тэндхийн авран хянах албаныхан болон Ганболд маань байдгаараа сандарчихсан байж билээ. Ганболд маань бүр шоконд орчихсон байсан. Буугаад иртэл сайн уу гэж байна. Сайн л гэлээ. Тэгсэн дахиад л сайн уу гэсэн. Бүр дөрөв, таван удаа асуудаг юм. Сайн, сайн гэчихээд майхан руугаа ортол цай чаначихаж. Аягалаад өгөхөөр нь хоёр гардаад автал Ганболд маань “Зүгээр байна, зүгээр байна” гээд орилоод явчихсан. Миний гар, хөл хөлдсөн гэж бодоод их л санаа нь зовж байсан юм билээ.
–Ингэж авирч байх үедээ хоол, ундаа яадаг вэ?
-Олон жилийн туршлагаар хоол, ундаа өөрөө зохиодог. Өндөр ууланд авирахад монгол хүний биед юу дутагддаг вэ гэдгийг өөрийн бие дээр судалж байгаад л хоолоо зохионо. Одоо явахдаа шагайн чинээ шар ааруул авч явна. Хүлхээд явж байхад ам цангахгүй, хоолны дутагдал болохгүй. Шинэ хонины махаар шууз хийж авч яваад хааяа нэг шөл хийж ууна. Ингэж тамир тэнхээгээ сэлбэж, биеийн хий хуйгаа дардаг юм. Мөн сарлагийн борцоо аваад явчихна. Бас халтар арвайн гурил, баруун Ховдын хөхүүрийн айрагны шар тос, зөгийн бал, элсэн чихэр, чацарганы тосыг хооронд нь холиод тэмээний хорголын чинээ үрэл болгочихдог. Түүнийгээ шөнөдөө хүлхээд хононо. Энэ бүгд л аминд орно доо.
–Та Эверэст рүү авирчихаад эх орондоо хэзээ ирэх вэ?
-Тавдугаар сарын 29-нд ирэхээр төлөвлөж байгаа.
С.АЛТАНЦЭЦЭГ
Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдод өнөөдөр /2015.01.21/ Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Б.Тогтохбуян Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох саналыг өргөн мэдүүллээ.
Монгол Улсаас Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Лодойдамбын Галбадрахыг, Бүгд Найрамдах Сингапур Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Төмөрийн Лхагвадоржийг, Бүгд Найрамдах Куба Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Цэдэндамбын Батбаярыг, Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Гончигийн Ганболдыг, Арабын Бүгд Найрамдах Египет Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Чулууны Баярмөнхийг, Австрали Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Батлайн Чулуунхүүг, Бүгд Найрамдах Польш Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Нэмэхийн Батааг, Тайландын Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Төмөрхүлгийн Төгсбилгүүнийг, Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэргэд суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Сүхээгийн Сүхболд нарыг тус тус томилох саналыг зөвшилцөхөөр өргөн мэдүүлэв гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн хэлтсээс нэгдүгээр сарыг “Ажилгүйдлийн эсрэг хамтдаа” аян болгон зарласан билээ. Сарын аяны хүрээнд дүүргийн нийт ажилгүй иргэдийн судалгааг шинэчилж байгаа юм байна.
Тус хэлтсийн мэргэжилтнүүд хороодод ажиллаж ажил хөдөлмөр эрхлэх чадвартай, ажил идэвхитэй хайж буй болон тус хэлтэст бүртгэлтэй иргэдийн гэрт нь очиж нөхцөл байдлын нарийвчилсан судалгааг гаргаж байгаа юм. Ингэснээр ажил олгогч компаниуд цаг хугацаа алдалгүй ажиллах хүчээ олж байгаа бол ажил хайгч иргэд гэрээсээ ажилтай болох боломжтой болж байгаа аж.
Уг аян нь хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ажилүйлчилгээг иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад түргэн шуурхай хүргэх, ажил олгогч болон ажилгүй иргэдийн хоорондын уялдаа холбоог сайжруулах, ажилд зуучлах үйлчилгээ, ажлын байрны захиалга бүртгэл мэдээллийг идэвхижүүлэх, мэргэжлийн чиг баримжаа олгох зорилготой юм байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Обама жил бүр Конгрессын өмнө үг хэлдэг уламжлалтай. Энэ удаагийнх мягмар гаригт буюу өнөөдөр болох юм. Тэрбээр чинээлэг иргэд болон банк санхүүгийн байгууллагынхны татварыг нэмж, дундаж давхаргынханд илүү хөнгөлөлт эдлүүлэх тухай асуудлыг хөндөх талаар “The Wall Street Jornal”-д өчигдөр мэдээлэв. Саяхан америкчуудын дунд явуулсан санал асуулгаар саналд оролцогчдын 56 хувь нь “Баячууд баяжиж, ядуучууд ядуурсаар байна” гэдэгтэй санал нэг буйгаа илэрхийлжээ. Мөн тэд эрх баригчдын хөрөнгө хэт өсч буй. Нийгмийн аль ч давхаргынхны дунд ядуурал, ажилгүйдэл өндөр байгаа нь үүнийг илтгэж байна гэв. Саналд оролцогчдын 25 хувь нь энэ жил АНУ-д эдийн засагт ахиц гарна гэж үзэж байна.
Багануур, Налайх дүүрэгт иргэдийн оролцоотойгоор хот байгуулах санал асуулга өнөөдөр 7 цагаас эхэллээ. Налайх дүүргийг хот болгох иргэдийн санал асуулгад Нийслэлийн засаг даргын тамгийн газрийн дарга Ё. Гэрэлчулуун хүрэлцэн ирж санал хураалтын явцтай танилцаж, Налайх дүүргийг хот болгох талаар санал хүсэлтээ илэрхийлсэн юм.
Өмнө нь 2006 оноос эхлэн Багануур, Налайх дүүргийн иргэд нийслэлийн алслагдсан дүүргийг бие даасан хот болгох асуудлыг хөндөж, нийслэлийн үе үеийн удирдлагуудад санал тавьж байжээ. Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичиг, нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт нийслэлийн нутаг дэвсгэрийн тэнцвэрт хөгжлийг хангах, Улаанбаатар хотын хэт төвлөрлийг сааруулах зорилтын дагуу энэхүү санал асуулгыг явуулж байгаа юм байна.
Налайх дүүрэгт санал өгөхөөр нийт 19510 хүн бүртгэгдээд байгаа юм. Налайх дүүрэг 34575 хүн амтайгаас 18-аас дээш насны 19510 хүн энэхүү санал асуулгад оролцох юм. Өглөөний 9 цагийн байдлаар 495 хүн санал өгч, ирц 2.5 хувьтай байсан бол 11 цагийн байдлаар 1426 хүн санал өгч, ирц 7.3 хувьтай байна. Харин Багануур дүүргийн хувьд 11 цагийн байдлаар 1826 хүн саналаа өгч, ирц 11.24 хувьтай байна. 13 цагийн байдлаар 19510 иргэний 15,5 хувь буюу 3029 нь санал өгөөд байгаа юм. Санал асуулгын талаарх дараагийн мэдээлэл 15 цагаас гарах бөгөөд санал асуулгын дүнг хоёр цаг тутамд мэдээлэх ажээ.
Налайх дүүрэгт хот байгуулах санал асуулгын талаар Налайх дүүргийн засаг дарга Х.Болдбаатар хэлэхдээ:
-“1992 онд Налайхыг дүүрэг хэмээн нэрлэх болсон. Харин өнөөдөр Налайх дүүргийг Налайх хот болгох санал асуулга болж байна. Налайх дүүрэг хот болсноор Налайх дүүргийн ард иргэдийн амьдралд маш том өөрчлөлт орно. Түүнчлэн өөрсдөө эдийн засгийнхаа бүх асуудлыг шийддэг болж бүх л үйл ажиллагаагаа эндээ шийдвэрлэх боломжтой болно. Энэний үндсэн дээр эдийн засаг, нийгмийн хөгжил, аялал жуулчлал, аж үйлдвэрийн паркууд хөгжих бүрэн бололцоотой” гэж хэлсэн юм.
1993 оноос хойш Монгол Улсад хот бий болоогүй бөгөөд Налайх дүүргийн ард иргэд Налайх дүүргийг хот болгох санал асуулгыг дэмжиж байгаагаа хэлсэн юм. “Налайх дүүргийг хот болгохыг 100 хувь дэмжинэ. Энэ дүүрэг маань хот болсноор цаашдаа илүү их өргөжин дэвших болно. Налайхыг хот болгохын тулд хандив цус өгөхөд ч бэлэн байна” хэмээн Налайх дүүргийн оршин суугч, тайжийн 11/7 амьдардаг Б. Даш хэлсэн юм.
Налайх дүүргийг хот болгох иргэдийн санал асуулга өнөөдөр 21 цаг хүртэл үргэлжлэх бол Багануур дүүргийн хувьд санал асуулга 22-ны 20 цаг хүртэл үргэлжилнэ.
Парист халдлагад оролцсон гэх хэрэгт сэжиглэгдэж буйХаят Бумедьен бүсгүйг интерполоор эрэн сурвалжилж байгаа билээ. Алан хядагчдын нэг Амеди Кулибали эхнэр гэх түүнийг Сирийн хилээр аюулгүй давуулахын тулд “Лалын улс” бүлэглэл Туркийн мафийнханд чамгүй мөнгө төлсөн бололтой. Энэ талаар “The Mirror” сонинд мэдээлсэн байна. Туркийн мафийн хоёр хүн Хаят Бумедьеныг Станбулын нисэх буудал дээр угтан авсан аж. Дараа нь Турк-Сирийн хил дээр орших Шанлыурф хот, үүний дараа Эль-Абьяд хотод хүргэсэн байна. Харин уг хотоос бүсгүй явганаар хил давсан тухай мэдээлэл байгаа аж. Хаят Бумедьян дэлгүүрт кассчинаар ажиллаж байгаад халагдсан юм. Арав хоногийн өмнө Парист болсон халдлагад 17 хүн нас барсан. Уг хэргийг дөрвөн алан хядагч үйлдсэн бөгөөд Францын тусгай албаныхан гурвыг нь устгасан юм.
Бэлтгэсэн
Д.ЦЭРЭНДОЛГОР
Өнгөрсөн ням гаригт АНУ-ындэд Ерөнхийлөгч Жо Байдены өргөө рүү машинтай этгээд хэд хэдэн удаа гал нээжээ. “Ассошиэйтэд Пресс” агентлагийн мэдээлснээр хэрэг гарах үед Жо Байден гэргийн хамт өөр газар байсан гэнэ. Буудалцааны үеэр хэн нэгэн бэртэж гэмтээгүй байна. Цагдаа нар хэрэг гарснаас хагас цагийн дараа сэжигтнийг барьжээ. Түүнийг саатуулах үеэр тэрээр эсэргүүцэл үзүүлсэн гэнэ. АНУ-ын дэд Ерөнхийлөгч амралтын өдрүүдээр тус өргөөндөө амрахаар ирсэн байж. Хэрэг гарсантай холбогдуулан АНУ-ын тусгай албаныхан шалгаж эхэлсэн байна. Мөн энэ талаар Жо Байдены гэр бүлийнхэнд болон АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама нарт дуулгасан аж.
2014-2015 оны хичээлийн жилээс үндэсний хэмжээнд хэрэгжиж буй бага боловсролын сургалтын цөм хөтөлбөрийг Хан-Уул дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн удирдлагууд, бага ангийн багш нар амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна.
Хан-Уул дүүргийн Боловсролын хэлтсээс санаачлан багш нарынхаа заах арга ур чадварыг дээшлүүлж, Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх зорилгоо хэрэгжүүлэхийн тулд төлөвлөгөөний дагуу үе шаттай ажлуудыг зохион байгуулж, сар бүрийн 20-нд бага ангийн сургалтын менежерүүд сургууль, хамт олонтойгоо хамтран шинээр санаачлан зохион байгуулсан шинэлэг ажил, үр дүнгээ бусдадаа түгээн дэлгэрүүлж, хамтран суралцдаг болсон.
Хан-Уул дүүргийн багш нар мэргэжлийн багш нарын зөвлөлөө байгуулан сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх , харилцан санал солилцох тогтсон өдөртэй болсон бөгөөд гурван бүсэд хуваагдан үйл ажиллагаагаа явуулдаг.
Сурагчдын 1-р улирлын амралтаар Багшийн мэргэжил дээшлүүлэх институттэй хамтран бага ангийн багш нартаа зориулан “Явцын үнэлгээнд суралцах арга зүй”, нийслэлийн Боловсролын газар, Боловсролын хүрээлэнтэй хамтран сурах бичгийн зохиогч нартай “Агуулгын зөрүү, түүнийг хэрхэн шийдвэрлэх” асуудлаар үе шаттай сургалтыг зохион байгуулсан бол сурагчдын 2-р улирлын амралтыг тохиолдуулан нийслэлийн Боловсролын газрын сургагч багш нартай хамтран “математик, монгол хэл, сургалтыг дэмжих үйл ажиллагаа, урлаг, хүн орчин, хүн ба байгаль, хүн ба нийгэм” судлагдахууны багийн багш нарт зориулан гурван хоногийн сургалтыг зохион байгуулж байна.
Бусдаас харилцан суралцаж, хамтдаа хөгжих зорилгоор 26-р сургуулийн багш удирдлага, боловсролын хэлтсийн мэргэжилтнүүд Дорнод аймгийн Хан-Уул цогцолбор сургуулийн үйл ажиллагаатай танилцсан ба Говьсүмбэр, Архангай аймгийн Өлзийт сумын багш, удирдлагуудын төлөөлөл тус дүүргийн Орхон, Орчлон сургуулиас туршлага судалж, Боловсролын хэлтсийн мэргэжилтэн Д.Чинбаатар дүүргийн хэмжээнд бага боловсролын сургалтын цөм хөтөлбөрийг хэрхэн хэрэгжүүлж, ямар үр дүн гарч байгаа талаараа мэдээлэл хийлээ.