Categories
мэдээ нийгэм

Айлын гэр дээр машинтайгаа унажээ

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хүлээн авах тасаг дээр махны цахилгаан машинд бага насны хүүхэд гараа хавчуулан иржээ. Одоогоор түүнийг хагалгаанд оруулахаар бэлдэж байгаа аж. Дуудлагын дагуу нийслэлийн Аврах ангийн бүлгийг очиход тус төвийн хүлээн авах дээр Төв аймгийн Эрдэнэ сумын харъяат 4 настай, эрэгтэй хүүхдийн баруун гар сарвуу хэсгээрээ махны цахилгаан машинд хавчуулагдсан байсныг салгаж, хагалгаанд оруулахаар мэс заслын эмчид хүлээлгэж өгчээ.

Мөн Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн Ард Аюушийн 17 дугаар гудамжинд айлын хашаан дахь гэр дээр автомашин унаж хүмүүс гэрээсээ гарч чадахгүй байна гэсэн дуудлага иржээ. Газар дээр нь очиход “Mazda bongo” загварын бага оврын ачааны автомашин жалга руу онхолдож иргэн В-ийн 5 ханатай гэрийг мөргөсний улмаас гэрийн хаалга цөмөрсөн, гэр хагас нурсан, гэр дотор бага насны нэг хүүхэд, насанд хүрсэн хоёр иргэн гарч чадахгүй байсныг аюулгүй болгон гаргаж, хэргийн газрыг цагдаагийн байгууллагад хүлээлгэж өгчээ.

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт ахуйн осолд бага насны гурван хүүхэд өртсөн байна. Иймд эцэг эхчүүдийг хүүхдээ хараа хяналтгүй гэрт нь үлдээхгүй байх, зам тээврийн, ахуйн хүрээний осол гэмтлээс урьдчилан сэргийлж, амьдарч буй гэр, орон сууцныхаа галын аюулгүй байдлыг хангахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Categories
мэдээ цаг-үе

Агрохимийн шинжлэх ухаанд арилшгүй мөрөө үлдээсэн академич

Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич, доктор профессор Ж.Амгалангийн тухай хөрөг нийтлэлийг хүргэж байна.

Монголчууд бид үеийн үедээ эрдэм номтой хүмүүсээ эрхэмлэн дээдэлдэг, багшаа шүтдэг, номоо торгонд баримтаглан дээдэлдэг нэн эртний аугаа түүхтэй ард түмэн.Хүн бүхэн багштай харин багшийнхаа хэлсэн үг, заасан хичээл, сургасан сургаалийг нь өөртөө шингээн авч, итгэлийг нь олж, багш шавийн барилдлагааны алтан аргамжааг үргэлжлүүлэняваа нь төдийлөн олон биш. Монгол улсын ШУА байгуулагдсаны хойтон жил буюу 1962 оноос одоог хүртэл энэ байгууллагадаа тогтвор суурьшилтай, өндөр үр бүтээлтэй ажиллаж буй цөөн хэдэн ахмад академичдын нэг бөгөөд миний хамгийн сайн мэдэх Ж.Амгалан багшийнхаа тухай товч хэдэн өгүүлбэр бичихээр шийдлээ. Залуу дунд үеийнхэнд хэрэг болох байх. Тэртээ 1973 оны хавар намайг хөдөө 10 дугаар ангиа төгсөх гэж байхад гэнэт нэг өдөр ШУА-ийн Химийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Ж.Амгалан гэдэг хүн ирж химийн чиглэлээр сурахыг сонирхдог хүүхдүүдтэй уулзан хими ба түүний ач холбогдол, ирээдүйн тухай ярьж, дараа нь хүүхдүүдээр зохион бичлэг хийлгэншалгаруулж авсан хүүхдийн нэг нь би байсан юм.

Уяач хүн ирээдүйн хурдан хүлгээ унага дааганаас нь таньж сонгон алдарт хурдан ажнай болгодгийн нэгэн адил тэр холоос ирж шавиа сонгон, багш шавийн алтан аргамжааны шанг татаж явсаныг нь тэр үеийн жаахан хүүхэд би юугаан мэдэхэв.Ингэж л би Амгалан багштайгаа анх танилцсан юм. Удалгүй би 10 дугаар ангиа төгсч тэр хооронд багш маань намайг Болгар улсад Химийн технологийн их сургуульд явуулах асуудлыг шийдвэрлүүлсэн байсан.Багшийнхаа явуулж өгсөн сургуулийг 1979 онд төгсөж ирээд мөн л түүний удирдаж байсан аж үйлдвэрийн химийн тасагт орж, эрдэм шинжилгээний ажилтан болох гараагаа удирдлага дорнь эхэлснээс хойшөнөөдрийг хүртэл 35 жил хамт ажиллаж, өдий зэрэгтэй яваа маань академич багшийн маань ач буян хэмээн дотроо залбирч хүндэтгэж явдаг юм.

Миний багш бол эрдэм оюуны бүтээлүүдээрээ дотоод, гадаадад танигдсан, эрдэм шинжилгээ, судалгаа боловсруулалтын нөр хэцүү, цаг наргүй ажилд өөрийгөө хоёргүй сэтгэлээр 53 жилийн турш зориулж яваа манай улсын оюуны сор болсон эрдэмтдийг эгнээндээ нэгтгсэн Монгол улсын ШУА-ийн жинхэнэ гишүүдийн нэгэн төлөөлөгч юм. Академич Ж.Амгалан монгол орны хөрсний микроэлементийн тархалтын зүй тогтлыг анх удаа судлан тогтоож, манай газар тариаланд микробордоо хэрэглэх онолын үндэслэлийг боловсруулах явцдаа эрдэс элемент никель нь ургамалын бионийлэгжилтэнд эерэг үйлчлэл бүхий биологийн идэвхт элемент болохыг химийн шинжлэх ухаанд анх удаа тогтоосон дүнгОХУ –ын алдарт К.А. Тимирязевийн нэрэмжит Ургамалын физиологийн хүрээлэнд хамгаалсан докторынажлаараа дэлхийн химич эрдэмтдийн сонорт хүргэсэн нь түүний химийн шинжлэх ухаанд оруулсан томоохон хувь нэмрийн нэг болсон юм.

Хожим нь тэрээр Хөвсгөлийн байгалийн фосфатыгмеханохимийн идэвхжүүлэлтийн цоо шинэ аргаар боловсруулах механизмыг судлан тогтоох ажлыг ОХУ-ын алдарт эрдэмтэн, академич В.В.Болдыров нарын хамтхийх явцдаа байгалийн фосфатыг механохимийн аргаар боловсруулах үед уг фосфатын талстын оронт торын хэмжээнд өөрчлөлт орж гажилт үүссэнээс болж уусах чанар нь нь сайжирч,фосфорын бордоо болох тухай онолын шинэ үндэслэлийг анх удаа дэвшүүлсэн байна. Ингэснээрээ тэрээр механохимийн үйлчлэлийн дүндкальцийн фосфат ба фторт кальци үүссэнээр уусах чанар нь сайжирч фосфорын бордоо болдог гэсэн хамтран зүтгэгч, академич В.В.Болдыровынонолд няцаалт өгч, энэ тухайгаа өөрийнгадаадад хэвлүүлсэн олон бүтээлүүддээ нийтэлж, дэлхийн эрдэмтдийн сонорт хүргэсэн бөгөөд түүний боловсруулсан энэ шинэ онолын талаар өнөөг хүртэл ямар нэг сөрөг дүгнэлт гараагүй байна. Энэ болтүүний химийн шинжлэх ухаанд оруулсан бас нэг том хувь нэмэр болсон юм. Онолын эдгээр үр дүнгүүдээрээ нэгэн сэдэвт зохиол, монограф -4, хамтын бүтээлийн ном-9, эрдэм шинжилгээний 242 өгүүлэл хэвлүүлснээс 68-ыг нь гадаадын нэр хүндтэй босго өндөртэй мэргэжлийн сэтгүүлүүдэд хэвлүүлж, түүний бүтээлээс гадаадын эрдэмтэд180гаруй удаа ишлэл хийсэн нь академич Ж.Амгалан дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн эрдэмтэн гэдгийг нотолж байгаа юм.

Дээр дурьдсан микроэлементийн судалгааны үр дүнд монгол орны хөрсний микроэлементийн тархалтын 1:200000 масштабын зураглалыг анх удаа зохиож, хэрэгжүүлэх стандарт ба аргачлалын хамт тэр үеийн Монголын томоохон 20 гаруй сангийн аж ахуйнуудад нэвтрүүлэнхэрэгжүүлсэн баэнэ ажлын практик үр дүнг мөнгөөр тооцвол одоогийн ханшаар олон их наяд төгрөг болох биз.Дараагийнх нь онолын судалгааны үр дүнд Хөвсгөлийн байгалийн фосфатыг өөрийн боловсруулсанмеханохимийн шинэ бөгөөд экологийн цэвэр технологиор боловсруулж,жилд 500000 тонн фосфорын бордоо үйлдвэрлэх үйлдвэрийн ТЭЗҮ-ийг нөхдийн хамт боловсруулж хэрэгжүүлэхэд бэлэн болгосон ба энэ технологийг АНУ, Хятад, Солонгос зэрэг орнууд ихээхэн сонирхож хөрөнгөө гаргаж технологийн тоног төхөөрөмжүүдээ оруулж ирэхэд бэлэн гэдгээ нотолсон боловч орон нутгийн чанартай зарим нэг шалтгаануудаас болж энэхүү үйлдвэр байгуулагдах цагаа хүлээн хойшлогдсоор байна. Хожмын нэг өдөр энэ үйлдвэр байгуулагдаж одоогоор үржил шимээ алдаж хөрсний элэгдэлд орж мөхлийн ирмэгт тулж ирээд байгаа Монголын газар тариалангийн талбайнуудыг аврах цаг ирнэ гэдэгт итгэлтэй байна.

Эрдэм шинжилгээнийхээ онолын үр дүнг үйлдвэрлэл практикт нэвтрүүлэх эдгээр ажлуудыг хийх явцдаа тэрээр нийт 11 патентийн эрх хамгаалж, 14 бүтээгдэхүүний стандарт боловсруулан батлуулж, том, жижиг нийлсэн 12 ТЭЗҮ боловсруулж байж эдгээр үр дүнд хүрчээ. Багш маань химийн шинжлэх ухаан, технологийн мэдлэгийг хойч үедээ дамжуулагч, түгээн дэлгэрүүлэгч бөгөөд сурталчлагч гэдгийг манай ард түмэн сайн мэднэ.Түүний сургаж хүмүүжүүлсэн олон арван шавь нараас олон хүн химийн шинжлэх ухааны болон боловсролын докторын зэргийг гадаад ба дотоодод хамгаалж, олон салбарт амжилттай ажиллаж байгаа ба удирдаж хамгаалуулсан 2 доктор (Sc.D) ба 9 доктор (Ph.D) одоо түүний эхлүүлсэн судалгааны ажлыг үргэлжлүүлж байна.

Багш маань хүрээлэнгийнхээ эрдэмтэн нарийн бичгийн даргаар олон жил ажиллаж, хүрээлэндээ Аж үйлдвэрийн химиийн, Фосфоритийн механохимийн болон Материал судлалын гэсэн 3 лабораторийг санаачлан байгуулж, өөрөө эрхлэгчээр нь ажиллаж, мөн олон сэдэв, төслийн удирдагчаар ажиллаж эрдэм судлалын ажлын сайн зохион байгуулагч гэдгээ харуулснаас гадна ШУА-ийн салбарын бага чуулганы даргаар олон жил ажиллаж, Химийн нийгэмлэгийг хамтран анх удаа байгуулж, дэд өрөнхийлөгчөөр нь одоог хүртэл ажиллаж байна. Тэрээр хүрээлэнгийнхээ зөвлөхөөр ажиллаж, харин сүүлийн арваад жилийн туршөөрийнбайгуулсан лабораторийн эрхлэгч ба сэдэвт ажлын удирдагчийн ажлаа шавь нартаа хүлээлгэн өгч, тэд нар нь эдгээр ажлыг нь амжилттай үргэлжлүүлж яваагаас харахад нас өндөр болтол бүх эрх мэдлээ өөртөө атгаадзалуу хойч үеэ бариад байдаггүй, харинч тэднийгээ дэмжиж чиглүүлж зөвлөж яваа нь бахархалтай.

Сүүлийн 10-аад жилийн хугацаанд шавь нарынх нь хэвлүүлсэн бүтээлүүдийн зохиогчдын нэрсийн жагсаалтанд түүний нэр эхэнд байхыг нь би хараагүй бөгөөд хааяа хамгийн сүүлд бичигдсэн өгүүлэл тааралддаг.Ёс зүйгээ сахидаг эрдэмтэн гэсэн үг. Академич Амгалан багш маань эмх цэгц сайтай, олны дунд биеэ сайхан авч явдаг, хэлж байгаа үг нь их даацтай, хэнтэй ч сайхан харьцаж чаддаг учраас хойч үеийнхэн шавь бид нартаа маш их үлгэр дууриалалтай, тэднийхээ ажил үйлсийг чин сэтгэлээсээ дэмждэг, бүх юмаа толгойдоо хийсэн хүн.

Багш маань эрдэм номыг дээдэлдэг шинжлэх ухааны хүн учраас шавь биднийхээ ажил үйлдсийг чин сэтгэлээсээ дэмждэг биднийг ирээдүйд Монголын химийн шинжлэх ухааныг та нар авч явах ёстой тиймийн тулд та нар Монголын оюуны сор болсонэрдэмтдийн төв байгууллага болох Монгол улсын ШУА-ийн гишүүн болж өөрсдийн байр сууриа эзлэх ёстой гэж байнга сургаж, бүх талаар дэмжиж ирсэний дүнд манай химичдээс 5 хүн сүүлийн 15 орчим жилийн туршидхэн бүхэнд ойлгомжтой, нээлттэй олон шатны нарийн шалгаруулалттай, эрдэмтдийн шударга өрсөлдөөнөөр хэрийн хүн давахааргүй өндөр босгыг давж академич гэдэг нэр хүндтэй өндөр цолыг хүртэхэд ахмад академич Ж.Амгалангийн анхаарал халамж тодорхой үүрэг гүйцэтгэсэн гэдэгт хэн ч эргэлзэхгүй бөгөөд энэ нь түүний шавь нараа хэрхэн дэмжиж тусалдагийн хамгийн том жишээ гэж боддог.

Ер нь ихэнхдээ академич болохооршинжлэх ухааны төлөө өөрийнхөө ухамсарт бүх амьдралыг хоёргүй сэтгэлээр зориулсан, бүтээлээрээ дотоод болон гадаадад танигдсан,тухайн шинжлэх ухаанд онолын болоод практикийн өөрийн гэсэн хувь нэмрийг оруулсан, өөрийн гэсэн шавь нарыг бэлтгэж чадсан, эрдэмтэн хүний ёс зүйг эрхэмлэн дагадаг, үнэнч шударга эрдэмтэд орж өрсөлддөгийг би өөрийн туулсан 10 гаруй жилийн хүнд хэцүү сорилтууд, олон удаагийн ялагдлын дүнд ойлгож мэдсэн. Ийм ч байх ёстой гэж би боддог. Учир нь Монгол улсын ШУА-ийн жинхэнэ гишүүн академич гэдэг энэ нэр хүндтэй цолыг хүссэн хүн болгон авдаг байж яасан ч таарахгүй. Шалгарч байж л хүртэх цол юм. Гадаад орнуудад, тухайлбал манай хойд ба урд хөрш улсуудад мөн л ийм замаар ШУА-ийнхаа гишүүдийг сонгодог ба нэгэнт сонгогдсон академич нарынхаа нэр хүндийг хамгаалах, тэднийхээ үгийг сонсож, улс орныхоо хөгжлийн бодлогын үндэс суурь болгодог, тэдэндээ төрөөс үзүүлэх анхаарал халамж нь өндөр байдаг юм билээ.

ШУА-ийн Хими, хими технологийн хүрээлэнгийн Нүүрсний хими технологийн лабораторийн эрхлэгч, Ази-Номхон далайн орнуудын Материал судлалын олон улсын академийн гишүүн, Академич, доктор (Sc.D), профессор Б.Пүрэвсүрэн

Categories
гадаад мэдээ

Карл Шваб Давосын уулзалтаар юуг онцлов

Өчигдөр /I.21/ Дэлхийн Эдийн засгийн чуулга уулзалтын гүйцэтгэх захирал, профессор Карл Шваб үг хэлсэнээр Давосын чуулга уулзалт албан ёсоор эхэлсэн байна. Түүний нээлтийн ёслол дээр хэлсэн үгийг хураангуйлан хүргэж байна.

“Би өнгөрсөн жил жинхэнэ манлайллыг бүрдүүлдэг дөрвөн гол зүйл байдаг бөгөөд тэдгээр оюун ухаан, сэтгэл, өр зүрх, эрч хүч юм гэдгийг онцлон хэлж байсан. Энд хүрэлцсэн ирсэн та бүхэн бүгд манлайлагчид учраас бүгдэд нь дээрх авьяас чадвар байгаа гэдэгт итгэлтэй байна. Энэхүү чадваруудыг бид энэ хэд хоногт бүрэн ашиглах болно.

Нэгдүгээрт, оюун ухаан. Бид дэлхий дахинаа тулгамдаж буй бүхий л асуудлыг оруулсан хүнд хөтөлбөр бэлдсэн байгаа. Бүс нутгийн асуудлын хувьд ч , салбарын асуудлын хувьд ч тулгамдсан асуудлуудыг тусгаж өгсөн. Түүнчлэн бид асуудлыг зөвхөн тодорхойлоод орхих бус та бүхний хурц оюун билиг, хамтын хүчээр шийдлүүдийг дэвшүүлэхийг хүсч байна.

Үүний зэрэгцээ бид бүхэн зөвхөн хувийн ашиг сонирхлыг бодож энд ирээгүй. Харин бид зорилготой хамтын нийгэмлэгийн хувьд нийтийн өмнө тулгадсан асуудлыг шийдэх, сэтгэлээ чагнахаар энд хуран цугларсан.

Мөн бид энд бусдын асуудлыг ойлгож, тусгах, хуваалцах, бусдад анхаарах гэж ирсэн. Энэ бол өр зүрх юм. Түүнчлэн ойлголцож, халамжлах явдал бол энэ уулзалтын уриа байх ёстой. Эдгээр өдрүүдэд чуулга уулзалтын хүрээнд олон боломжууд гарах учраас бүгдийг дээд хэмжээгээр ашиглахын тулд нэлээд эрч хүч гаргаж ажиллах шаардлагатай болно” гэжээ.

Categories
гадаад мэдээ

ОХУ-ыг олон улсын шүүхэд өгнө

Украины Засгийн газар ОХУ-ыг терроризмтой тэмцэх НҮБ-ын олон улсын конвенцийг зөрчсөн хэмээж, Олон улсын шүүхэд өгөхөөр болжээ. Энэ тухай тус улсын Ерөнхий сайд Арсений Яценюк мэдэгдсэн тухай “Ройтерс” агентлаг уламжлав. Тэрбээр “Украины зүүн хязгаарт болж буй зөрчил мөргөөлдөөнийг Орос эхлүүлж, салан тусгаарлагчдыг зэвсгээр хангасан нь хууль бус. Бидэнд хангалттай нотолгоо байгаа” гэж ярьжээ.

Арсений Яценюк “Эхний ээлжинд Оросыг шүүхэд өгөх нотолгоо, баримтаа бүрдүүлэх болно. Дараа нь Орос улс НҮБ-ын конвенцийг хэрхэн зөрчиж буй асуудлаар олон улсын зөвлөхүүдээс зөвлөгөө авна. Бид ухсан нүхэндээ эргэн унахгүйн тулд сайтар бэлдэх шаардлагатай” гэсэн байна. Ерөнхий сайдын мэдэгдлийн дараа ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров “Украины зүүн хязгаарт өрнөж буй асуудалтай ОХУ ямар ч хамааралгүй. Орос буруугүй гэдгээ батлах болно” гэжээ.

Өнгөрсөн оны сүүлээр Украины Ерөнхийлөгч Петр Порощенко Оросын Засгийн газрыг Олон улсын шүүхэд өгөхөө мэдэгдэж байсан юм.

Categories
мэдээ соёл-урлаг

“Guys” хамтлагийнхан Гэгээн хайрын баярын өдөр тоглолтоо хийнэ

“Guys” хамтлагийнхан эргэн уран бүтээлдээ орж шинэхэн клипүүдээ үзэгчдэд дэлгэх болсон билээ.

Тэгвэл тэд ирэх хоёрдугаар сарын 14-нд буюу Гэгээн хайрын баяраар дурлалт хосууддаа зориулан “Хайрын бүжиг” шоу тоглолтоо хийхээр болжээ. Энэхүү тоглолт нь Чингисийн өргөө “Event Hall”-д болох юм байна.

Харин уг тоглолтын тасалбар нэгдүгээр сарын 30-наас эхлэн худалдаанд гарах гэнэ.

“Хайрын бүжиг” тоглолтын тухайд тус хамтлагийн тав дахь бие даасан тоглолт бөгөөд тэд тоглолтондоо дан ганц дуу дуулах биш, жүжигчнийхээ ур чадварыг харуулсан, бүжгийн үзүүлбэр гээд олон гайхалтай уран бүтээлээ толилуулах юм.

Categories
мэдээ нийгэм

Замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг анхааруулж байна

Өнгөрсөн амралтын өдрүүдэд буюу 2015 оны нэгдүгээр сарын 17, 18-ны өдрүүдэд Улаанбаатар хотын Замын цагдаагийн газар нийт дуудлага мэдээлэл 687-г хүлээн авснаас зам тээврийн ослын 598 дуудлага бүртгэгдсэн, үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 18-г хүлээн авчээ. Алба хаагчид согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 135 жолоочийг илрүүлэн журамлаж гарч болзошгүй осол, хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна.

Зам тээврийн осол, хэргийн улмаас гурван хүн нас барж 31 хүн гэмтсэн байх бөгөөд осолд өртөгсдөөс 10 жолооч, зургаан явган зорчигч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцож явсан байна.

Дээрх өдрүүдэд гарсан ноцтой осол хэргээс дурдвал, Баянзүрх дүүргийн нутаг Улиастайн уулзварын зүүн замд амины Зил-130 маркийн автомашины жолооч Х нь Истана маркийн автомашинтай мөргөлдсөний улмаас 3 хүн нас барж 11 хүн хүнд, хөнгөн гэмтсэн ноцтой хэрэг гарчээ.

Иймд замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нартаа хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг сонгож замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцож байхыг сэрэмжлүүлж байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Саусгоби Сэндсийн шүүх хурал хойшиллоо

35 тэрбумын татвараас зайлсхийсэн байж болзошгүй “Саусгоби сэндс” компанийн экс удирдлагуудын хэргийг өнөөдөр дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхэд шүүсэн ч энэ сарын 28-ныг хүртэл хойшлуулжээ.

Улсын яллагч хуралд шинжээч нарыг, шүүгдэгчдийн зүгээс шинжээч болон гэрч нарыг оролцуулах хүсэлт тавьсан байна. Мөн Жастин Капла нь орчуулагчийн тоог нэмэх хүсэлт тавьжээ. Эдгээр хүсэлтийг шүүх бүрэлдэхүүн хэлэлцээд энэ сарын 28-ныг хүртэл хойшлууллаа.

Энэ хэрэгт “Саусгоби сэндс” компанийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал Жастин Капла, тус компанийн санхүүгийн ерөнхий менежерээр ажиллаж байсан Филиппин улсын иргэн Хиларион В.Кажуком ЖР, санхүү нягтлан бодох бүртгэлийн ерөнхий менежерээр ажиллаж байсан Кристобэл Ж.Дэвид нарыг шүүгдэгчээр татаад байгаа юм.

Жастин Капла нь “Саусгоби сэндс” ХХК-ний ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа тус компанийн санхүүгийн ерөнхий менежерээр ажиллаж байсан Хиларион В.Кажукомтай бүлэглэн компанийн 2011 оны санхүүгийн тайлан тэнцлийг гаргахдаа Татварын хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн хэд хэдэн заалтыг зөрчсөн байна. Тодруулбал, татвар ногдох орлогын зардлын тоо хэмжээг зориуд нэмж, татвар ногдох орлогыг зориуд бууруулан 90 тэрбум төгрөгийн орлогод ногдох 17 тэрбум төгрөгийн буюу онц их хэмжээний татвар төлөхөөс санаатай зайлсхийсэн гэмт хэрэгт зохион байгуулагчаар оролцсон гэж үзжээ. Мөн энэ хэрэгт “Саусгоби сэндс” ХХК-д санхүүгийн ерөнхий менежерээр ажиллаж байсан Хиларион В.Кажуком ЖР нь санхүү нягтлан бодох бүртгэлийн ерөнхий менежерээр ажиллаж байсан, одоо Канад Улсын “Монголиа Минералс” ХХК-д хянагчийн албан тушаал хашдаг Кристобэл Ж.Дэвид нар мөн бүлэглэн 17 орчим тэрбумын татвараас зайлхийсэн болох нь тогтоогджээ.

Одоогоор “Саусгоби сэндс” ХХК-ийн үл хөдлөх хөрөнгө болон Хаан, Голомт, Худалдаа Хөгжлийн банкин дахь дансуудыг битүүмжилсэн байна.

Дашрамд, гурван шүүгдэгч нь нэг орчуулагчтай байсан учраас багагүй хүндрэл үүссэн гэж шүүх бүрэлдэхүүн үзжээ.

Categories
гадаад мэдээ

Солир дэлхийд ойрхон өнгөрнө

Сансар огторгуйн бас нэгэн тэнүүлч болох BL86 2004 хэмээх солир ирэх долоо хоногт буюу 2015 оны нэгдүгээр сарын 26-ны даваа гарагт манай гарагаас ойролцоогоор 745.000 миль зайтайгаар өнгөрөх гэнэ. Дэлхийд нэн ойрхон өнгөрөх энэхүү 0.5 км-ийн диаметртэй бяцхан “зочин” дараагийн удаа 2027 онд л манай гарагийн дэргэдүүр өнгөрөх учир одоо тохиох таатай боломжийг ашиглан тэрхүү солирын талаар илүү их мэдээллийг цуглуулахыг NASSA-аас одон орон судлаачдад уриалсан байна.

Categories
мэдээ улс-төр

Монгол Чехийн бизнес уулзалт боллоо

Бүгд найрамдах Чех улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж “Монгол Чехийн бизнес форум”-д оролцож үг хэллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Бүгд найрамдах Чех Улсын ерөнхийлөгч Милош Земантай уулзах үеэрээ хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар өргөн хүрээнд ярилцахдаа хоёр улс хоорондын худалдааны эргэлт буурч байгааг дурдаад, энэ удаагийн айлчлал болон бизнес форумын дараа худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа цаашид өснө гэж итгэж буйгаа хоёр тал илэрхийлж байсан. Мөн Бүгд найрамдах Чех улсын ерөнхийлөгч Милош Земан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид манай оронтой эдийн засгийн чиглэлд хамтран ажиллах хүсэлтэй 40 гаруй компанийн нэрийг уулзалтынхаа үеэр хүлээлгэн өгсөн билээ. Энэ нь энэхүү уулзалтад тус улсын удирдлагуудын зүгээс өндөр ач холбогдол өгч байгаагийн илэрхийлэл гэж бизнес эрхлэгчид үзэж байгаагаа тус уулзалтын үеэр ярьж байлаа. Тус уулзалтад хоёр улсын нийт 57 компани оролцсоны 20 гаруй нь монгол компани байлаа.

Уулзалтын үеэр хэлсэн үгэндээ Ерөнхийлөгч, Чехийн Худалдаа аж үйлдвэрийн танхимын байраар зочилсон анхны гадаад улсын Ерөнхийлөгч болсондоо баяртай байна. Бид Монголд эдийн засгийн талаар хамтрах хүсэлтэй компаниудыг анхааралтай судалж, хамтран ажиллахдаа нээлттэй байх болно. Бидэнд бүхий л салбарт хамтран ажиллах өргөн боломж мөн хамтын ажиллагааны их туршлага, итгэлцэл бий гэдгийг дурдлаа.

Тус чуулга уулзалт нь хоёр талын компаниудын хамтын ажиллагаа, мэдээлэл солилцоход үр дүнтэй, өргөн хүрээний уулзалт боллоо гэж дүгнэлээ.

Categories
мэдээ нийгэм

Газар өмчлөлийн II ээлж даваа гаригт эхэлнэ

Нийслэлд бүртгэлтэй иргэдэд газар шинээр өмчлүүлэхээр батлагдсан дараагийн ээлжийн байршлуудад цахим хэлбэрээр газар өмчлөх хүсэлт хүлээн авах ажиллагааг эхлүүлэхээр боллоо. Энэ удаад шинээр Сонгинохайрхан дүүргийн Эмээлт уулын баруун хоолой, Баянзүрх дүүргийн Улиастай дахь Их цуурай, Бага цуурайн ам, Багануур дүүргийн Тариан булагийн 2-р хэсэг, Баганхангай дүүргийн Хангайн хөндийн 1-р хэсэг зэрэг 5 байршилд нийт 12 388 иргэнд, мөн өмнөх 5 байршлаас Сонгинохайрхан дүүргийн Соёондын ам, Багануур дүүргийн Тариан булагийн 1-р хэсэг, Баганхангай дүүргийн Бор үзүүр гэсэн 3 байршилд нийт 1431 иргэнд цахим системээр газар өмчлүүлэхээр үйл ажиллагааг зохион байгуулна. Цахим системээр иргэдээс газар өмчлөх хүсэлт хүлээн авах ажиллагаа 2015 оны 01-р сарын 26-ны өдрөөс эхлэн хуанлын 15 хоногийн турш үргэлжилнэ гэж Нийслэлийн Өмчийн харилцааны газраас мэдээллээ.