Ерөнхий сайдын “бурантгаа эвхүүлээд” удаагүй байгааН.Алтанхуяг ажилдаа орсон даруйдаа л халааг нь авсан Ч.Сайханбилэгийг шоу чинь хэтэрлээ хэмээн загнав. Тэрбээр “Энэ оны төсвийн тодотголоо хурдан баталж болдоггүй юм уу. Өнөөдөр нэгдүгээр сарын 23 болчихоод байна. Төсөв тойрсон бүтэн популизм явж байна гэж би харж байгаа. Эхчүүд, хүүхдүүдийн мөнгийг булааж авах хэмжээнд доройтсон юм байхгүй. Наад популизм чинь хэтэрлээ, Ч.Сайханбилэг ээ. Оюутолгой, Тавантолгойг хөдөлгөөнд оруулаад амь гаргая гэж байгаа бол буруу. Нийлээд бүх зүйлийг сайхан болгоно гэсэн яасан бэ. Бидний үед ийм алхам хийх нөхцөл байдал байсан ч бид хийгээгүй. Түүний оронд УИХ-ын батлаад хаясан дутуу орхисон барилгыг зарах юм бол үр ашигтай. Өнгөрсөн Засгийн газарт ТЕГ-ын байшинг зарсан. Түүнээс 14 тэрбум төгрөг олсон. Та нар 211 мянган ээжид өгдөг 24 тэрбум төгрөгөөс 5 тэрбум төгрөг өгнө гэж дэмийрч байхаар хэрэггүй байшингуудаа зар. Эдийн засгийн хувьд ч хувийн хэвшилд өгчихвөл ашигтай. Ч.Сайханбилэг бид хоёр хамтраад ажиллаж л байсан. Арга барил чинь үндсээрээ буруу байна” гэж ирээд л “шийддэг” Ерөнхий сайдын ажлыг дүгнэчихэв.
Month: January 2015
Нийслэлд өвлийн болон тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчны улирлын хугацааг уртасгах зорилготой “Улаанбаатарын өвлийн наадам”-ыг хоёрдугаар сарын 1-нд зохиохоор болжээ. Хоёр дахь жилдээ уламжлагдаж буй эл наадмыг Хатан Туулдаа хийхээр болсон байна.
Наадмын үеэр уран гулгалт, тэшүүрийн үзүүлэх тоглолт, мөсөн шагайн харваа, мөсөн сурын харвааны мэргэжлийн тамирчдын болон жуулчдын тэмцээн, нохойтой чарга, өвлийн дугуйн аялал болон бусад тэмцээнүүд болж, урлагийн тоглолт, өвлийн хувцасны загварын үзүүлбэр, үндэсний тоглоом наадгай, бэлэг дурсгалын зүйлсийн үзэсгэлэн худалдаа, халуун хоол ундааны үйлчилгээ явагдах ажээ.
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар дэд сайдуудын орон тоог хасах асуудлыг хэлэлцэв. УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж дэд сайдуудын орон тоо байх шаардлагатай, хасагдвал Үндсэн хууль зөрчигдөнө гэж үзэв. Тиймээс дэд сайд нарын орон тоог хасч, зардлыг танах саналыг хэлэлцэх боломжгүй гэх зарчмын зөрүүтэй санал гаргасныг байнгын хорооны гишүүдийн олонх нь дэмжив. Ингэснээр дагалдан орж ирж буй Засгийн газрын тухай, Төрийн албаны тухай зэрэг хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх шаардлагагүй боллоо. Дэд сайд нарыг авч үлдэх саналыг байнгын хорооны гишүүдийн арав нь дэмжсэн бол УИХ-ын гишүүн Л.Цог, Х.Тэмүүжин нар татгалзах санал өгөв.
Улсын Их Хурлын дарга З.Энхболдод Хууль зүйн сайд Д.Дорлигжав Хууль тогтоомжийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх журмын тухай болон холбогдох бусад хуулийн төслийг өнөөдөр өргөн барив. Монгол Улсын Их Хурлын 2012 оны 37 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн Эрх чөлөөтэй Монгол хүн гэсэн тавдугаар бүлэгт “Хуулийн тухай хуулийг батлуулж, хуулийн хэрэгцээ шаардлага, хэрэгжилтийг үнэлдэг болох” гэж заасныг хэрэгжүүлэх зорилгоор хууль тогтоомжийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх журмын тухай төслийг боловсруулжээ
Хуулийн төслийг боловсруулахдаа НҮБХХ-ийн “Иргэдийн оролцоотой хууль тогтоох ажиллагааг дэмжих нь” төслөөс зөвлөх багуудыг ажиллуулсан бөгөөд хууль боловсруулах стандарт, журмын талаар олон улс /ХБНГУ, БНСУ, БНВУ, ИБУИБНУ, Канад Улс, Япон Улс/-ын туршлага, практикийн харьцуулсан судалгаа хийж, түүнд үндэслэн хуулийн төслийн анхны хувилбарыг боловсруулж, төсөлд хуулийн үр нөлөөний үнэлгээ болон хууль тогтоомжийн давхардал, хийдэл, зөрчлийг тогтоох судалгаа хийсэн байна. Хуулийн төсөл нь 11 бүлэг, 53 зүйлтэй юм хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Хэнтий аймгийн Биндэр сумын Орон нутгийн зохицуулагч Г.Нармандахтай ярилцлаа.
-Орон нутгийн зохицуулагч гэж ямар албан тушаал вэ. Та хэзээнээс энэ ажлыг хийж эхлэв?
-Орон нутгийн зохицуулагч нь төрийн болон орон нутгийн хэмжээний бодлого, шийдвэрт иргэдийн санал бодлыг тусгах, иргэн болон төрийн байгууллагын хоорондын мэдээллийн гүүр болж ажиллах үүрэгтэй хүн гэж боддог. Манай суманд энэ төсөл 2014 оны гурван сараас эхлэн хэрэгжсэн. Тэр цагаас эхлэн би орон нутгийн зохицуулагчаар ажиллаж байна. Биндэр сумын иргэд нь ажилсаг, идэвхтэй, сумын удирдлага нь иргэдийн оролцооны бодлогыг маш их дэмждэг учраас ЕТГ-аас дэмжиж, Монгол Улсын хэмжээнд иргэдийн оролцоо, шууд ардчиллын загвар бий болгох төсөлд хамруулсан. Удирдлага нь дэмждэггүй газар ийм чухал бодлого хэрэгжинэ гэдэг бэрхшээлтэй байдаг талаар бусад сумын иргэдээс дуулж байсан. Ер нь иргэдийн оролцооны ажлыг зохицуулах ажилтан ИТХ-ын дэргэд ажиллуулмаар гэж бусад загвар сумдынхан ч мөн ярьж байна. Төсөл гэдэг богино хугацаанд хэрэгжээд дуусна. Харин төсөл дуусахад иргэдийн оролцоо дагаад дуусах ёсгүй. Иймээс зохицуулагч нар үйл ажиллагааг Иргэний танхимын зохицуулагч хэлбэрээр үргэлжлүүлэх шаардлагатай гэж бид ярилцаж байгаа. Манай сумын удирдлага иргэдийн оролцооны ач холбогдлыг ойлгож дэмжиж явдаг учраас иргэдээ идэвхтэй болгож, оролцоог дэмжиж чадна. Энэ төсөл нь сумын бодитой асуудлуудыг иргэдийн оролцоотой шийдэхэд тус дэм болно гэж найдаж байна.
-Таны ажлын хамрах хүрээ, үүрэг юу вэ?
-Иргэний танхимын үйлчилгээг чанартай, хүртээмжтэй байдлаар иргэдэд хүргэх, иргэдийн оролцоог нэмэгдүүлж, иргэдийн мэдлэгийг дээшлүүлж, шийдвэр гаргах түвшинд хүргэх зорилго тавин ажилладаг. Иргэдийн оролцооны хуулийг УИХ-аар батлуулахын төлөө иргэдэд агуулгыг нь ойлгуулан таниулж ажиллах болно. Иргэддээ зар мэдээ хүргэж, ИНХ ба олон нийтийн хэлэлцүүлгүүдийг шинэ аргаар хөтөлснөөр үр дүнд хүрч эхэлж байна.
-Танай Биндэр сумын Иргэдийн оролцоо өмнө нь ямар байсан бэ. Энэ төсөл хэрэгжсэнээр оролцоо хэрхэн нэмэгдэж байна вэ?
-Ер нь манай сумын иргэд их идэвхитэй л дээ. Иргэдийн оролцоотойгоор маш олон ажлууд хийгдсэн. Энэ утгаараа ч төслийг их дэмжиж байгаа. Төсөл хэрэгжсэний үр дүнд гол нь сумынхаа асуудлыг оролцооны олон арга хэрэглэн шийдээд сурчихвал энэ төслийн зорилго биелэгдлээ гэсэн үг.
-Энэ ажлынхаа арга барил, туршлагад хэрхэн суралцаж байна вэ?
-Ямар ч байсан анх эхэлж байснаа бодвол их зүйл сурч мэдэж байна. Манай төсөл орон нутгийн зохицуулагч нарыг байнгын сургалтанд хамруулж, харилцан суралцах семинар явуулдаг. Тиймээс бид бусдаасаа туршлага солилцох зэргээр сайн суралцаж байгаа. www.shuud-ardchilal.mn цахим хуудас дээр бид туршлагуудаасаа нийтлүүлж, санал солилцож байх болно.
-Сумын сайн туршлага болон анхаарах асуудлын жишээнээс ярина уу?
-Манай сумынсайн туршлага гэвэл удирдлагууд өөрсдөө биш иргэдийн оролцоотойгоор 2014-2030 оны сумынхаа хэтийн хөгжлийн төлөвлөгөөг зургаан сарын турш иргэдээсээ санал хүсэлтийг нь авч гаргасан. Энэ ажил иргэдийн сэтгэлд маш их нийцсэн. Мөн 2015 онд манай суманд хуваарилагдаж ирэх ёстой Орон нутгийн хөгжлийн санд ирүүлсэн иргэдийн саналыг багуудын ИНХ-ын хуралдаанаар хэлэлцүүлж, иргэдээр өөрсдөөр нь саналыг нь эрэмбэлүүлж чадсан. Иргэд ба сумын удирдлага маш сайхан хүлээж авсан. Иргэдийн гаргасан саналуудыг хэрэгжүүлэх боломжтой эсэх талаар Засаг дарга тэр даруй иргэддээ тайлбарлаж өгсөн. Иргэд хамгийн чухал асуудлуудаа сумын шийдвэрт тусгуулахаар эрэмбэлж, өөрсдөө гар өргөн шийдсэн нь давуу тал болсон.
-Ямар бэрхшээлүүд тулгардаг вэ?
-“Сайны хажуугаар саар” гэгчээр бас бэрхшээл гарахгүй байна гэж юу байх вэ. Хэлэлцүүлэг сургалт хийгээд зар хүргээд, урилга өгөөд байхад зарим үед иргэд ирж оролцохгүй үе их гардаг. Энэ үед хэцүү иргэдийг яаж оролцуулах вэ гэх мэт асуудал гардаг даа. Оролцоо гэдэг нөгөө талаас сайн дурын хэрэг. Гэхдээ бид зараа бэлтгэх, хэлэлцүүлгийн хөтөлбөрөө илүү сонирхолтой болгох, өдрөө тогтмол болгоод, хурал хэлэлцүүлэг хийх хаягаа тогтмол болгож эхэлж байна. Өөрсдөд нь хамаатай асуудал хэлэлцэхэд иргэд аяндаа ирж хэвшдэг талаар зарим загвар сумынхан ярьж байна.
-Та өөрийн сумыг арван жилийн дараа ямар болно гэж төсөөлдөг вэ?
-Би ирээдүйг их өөдрөгөөр харж байгаа. Иргэдийн амьдрах орчин улам сайжирсаар байна. Иргэд маань шийдвэр гаргах түвшинд бүрэн хүрсэн томоохон бүтээн байгуулалт үйлдвэрлэл явагдсан Монгол улсад дээгүүр орох тийм жишиг сум болно гэж бодож байна. Биндэр сумынхан ажилсаг, амьдрал нь боломжийн, байгаль нь сайхан, мал олонтой. Мөн Чингис хааны төрсөн нутаг, Монголын анхны Их Хурилдай энд чуулж, парламентын засаг энд анх тулгын галаа бадраасан,Дэлүүн болдог, Онон мөрөн гээд “Монголын нууц товчоо”-ны түүхийн нутаг болохоор иргэдийнхээ санал санаачлагыг сонсож, дэмжиж, хамтаараа зүтгээд хамгийн сайхан нутаг болно гэж итгэж байна.
-Хэлэлцүүлгүүдийн мөрөөр ямар ажлууд хийж, ямар үр дүнд хүрсэн бэ?
-Ер нь нэлээд олон хэлэлцүүлэг, сургалт хийсэн. Үүний дотроос иргэдийн сэтгэлд хүрч үр дүнд хүрсэн ажлууд гэвэл Үндэсний цэцэрлэгт хүрээлэн байгуулах, айл өрхүүдийн эгнээ гудамжийг цэгцлэх, жишиг эгнээ гудамж, малын хулгайтай тэмцэх зэрэг олон ажлууд хийгдээд, үр дүнтэй явж байна.
-Холбогдох шийдвэр, хэрэгжилтийн байдлаас…Танай суманд олгогдсон тэтгэлгийн хэмжээ болон энэ хөрөнгийн эх үүсвэрээр ямар ажлуудыг хийж гүйцэтгэсэн тухайд…
-Иргэдээс гарсан саналыг дэмжиж, ажил болгохын тулд манай удирдлагууд хичээн ажилладаг. Эн тэргүүнд иргэний танхимдаа шаардлагатай тоног төхөөрөмжийг авсан. Иргэний танхим бол манай сумын уураг тархи болох ёстой гэсэн утгаараа ийм сайн дэмжиж өгч байгаа юм. Мөн сумуудад хийгдэж байгаа ажлын талаар иргэдэд мэдээлэл түгээх, сурталчлах зорилгоор сонин сэтгүүл, гарын авлага, зургийн цомог хийж байна. Иргэний танхимынхаа талаар нэмээд ганц үг хэлмээр байна. Иргэний танхим дээр “Жижүүрийн дэвтэр” тогтмол ажиллуулдаг. Энэ дэвтэр дээр иргэд санал, хүсэлтээ бичиж үлдээдэг. ИТХ-ын төлөөлөгч нар долоо хоног тутам ээлжлэн Иргэний танхим дээр ажиллаж, иргэдийнхээ саналтай танилцаж тэдний саналыг үйл ажиллагаандаа тусган ажиллаж байгаа. Иргэд ч энэ дэвтэртэй танилцаж, бусдынхаа санал бодлыг уншиж болно. Энэ хугацаанд нэлээд хэдэн зузаан дэвтэр дүүрчихээд байгаа. Аль болох хүнд сурталгүйгээр иргэдийнхээ үгийг сонсох нь чухал юм.
-Ярилцлага өгсөнд баярлалаа.
Монгол түмний уламжлалт баяр цагаан сар хаяанд ирлээ. Бууз, банш, хэвийн боов зэрэг сар шинийнхээ идээ ундааг бэлдэхдээ бид гуриланд гол ач холбогдол өгдөг. Нялцайж урсан хоорондоо наалдаад байхааргүй, буузны ёроол ньсалаад уначихгүй, хэвийн боов нь цэврүүтдэггүй гурил сонгодог байх жишээний. Хэрэглэгчдийн таашаалд нийцсэн чанарын шаардлагыг “Цесна” гурил бүрэн хангадаг. Зах зээлд аль хэдийнэ танил болсон “Цесна”-г “Өег” компани ОХУ-аас импортолдог билээ. Тус компанийн Ерөнхий захирал Г.Даваасүрэнтэй ярилцлаа.
-Удахгүй гарах модон хонин жилийн босгон дээр тантай уулзаж байгаадаа таатай байна. Юуны өмнө Монгол Улсын Худалдааны гавьяат ажилтан цол хүртсэнд тань баяр хүргье?
-Баярлалаа. Манай компани “Цесна” гурилыг ОХУ-аас импортолж, дотоодынхоо зах зээлд нийлүүлээд 18 жил болсон байна. Энэ хугацаанд Монголынхоо ард түмнийг сайн чанарын гурилаар хангаж ирсэн. Үүндээ ч бид сэтгэл хангалуун ажилладаг даа.
-“Өег” компани жил болгон “ТОП-150” аж ахуйд шалгарч, шилдэг татвар төлөгч байгууллагаар тодордог. Ингэхэд улсад төлсөн татварын хэмжээгээр хичнээн төгрөгийн орлого оруулав?
-Манай компани үйл ажиллагаагаа явуулж эхэлснээс хойш улсад 30 гаруй тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлсэн байгаа. Жилдээ хоёр тэрбум орчим төгрөгийн татвар төлдөг гэсэн үг. Бид чанартай гурилаар ард түмнийхээ хэрэгцээг хангахын сацуу улсад төлсөн татварынхаа дүн болон бусад үзүүлэлтээр “ТОП-150” аж ахуй нэгжид байнга шалгардаг.
-Танай компани “Цесна” гурилаас гадна гоймон, будаа импортолдог болсон байна лээ. Зах зээлд шинээр орж ирж байгаа бүтээгдэхүүн хөлөө олтол нэлээд хугацаа шаардагддаг нь аливаа бизнест байдаг л асуудал. Тэр утгаараа гоймон, будааны хувьд борлуулалт ямар байна?
-Казахстанаас импортолж байгаа “Жайма” гоймонгийн хувьд гэрийн эзэгтэй нараас өндөр үнэлгээ аваад байгаа шүү(инээв). Манай монгол эрчүүд бүхэл мах чанаад тэрэн дээрээ илдсэн гурил тавьж болгоод идэх дуртай. Тэгвэл “Жайма” гоймон эзэгтэй нарын гурил зуурч, илдэх бүх ажлыг хөнгөвчилчихөж байгаа юм. Дээрээс нь урсч, нялцайхгүй.Амт, чанар сайтай болохоор борлуулалт ч дажгүй байна. Мөн цагаан будааны хувьд ОХУ-ын Краснодарскийн Кубаний шим сайтай хөрсөнд ургуулсан жинхэнэ органик бүтээгдэхүүн. Тэнд жилд нэг удаа ургац авдаг. Харин манай урд хөрш хэрэгцээ шаардлагаас хамаарч жилдээ 2-3 удаа ургац хураадаг. Янз бүрийн химийн гаралтай бордоогоор “бөмбөгдөж” байж ургуулдаг болохоор тэр шүү дээ. Манай компанийн оруулж ирж байгаа “Краснодарский рис” цагаан будаа бол хятад цагаан будаанаас амт, чанарын хувьд хамаагүй илүү. Үнийн хувьд ч хавьгүй хямд. Өсөлт сайтай зэрэг амт чанараараа хэрэглэгчдийн таашаалд бүрэн нийцэж байгаа. Бид туршилтын журмаар “Цесна”-гийн хоёрдугаар гурил оруулж ирээд зах зээлд нийлүүлтэл борлуулалт нь нэгдүгээр гурилаасаа илүү байсан гээч. Үйлдвэрээсээ хоёдугаар гурил нь жаахан үнэтэй гарсан л даа. Тэгсэн хэрнээ дэлгүүрийн лангуун дээрээс түрүүлж дуусч байсан. Хүмүүс хооллолтдоо ихэд анхаарч, аль болох бор гурил хүнсэндээ хэрэглэдэг болсонтой холбоотой юм болов уу гэж бодогдсон.
-Сүүлийн үед газар тариалан эрхлэгч, гурил үйлдвэрлэгчдийн хооронд багагүй маргаан үүсээд байгаа. Гурил импортлогчийн хувьд та тэдний маргааныг хэрхэн харж байна вэ?
-Тэдний маргааны гол сэдэв нь импортоор орж ирэх улаан буудайн квотын асуудал. 1999 оны сүүлч, 2000-аад оны эхээр Монголын газар тариалан уналтадорчихсон байсан. Тухайн үед манай компани гурил импортлон дотоодынхоо гурилын нийт хэрэгцээний 30 хүртэлх хувийг дангаараа хангадаг байв. Төр засгаас нэлээд арга хэмжээ авсаны үр дүнд газар тариалан ч сэргэсэн. Ямартай ч монголчууд өөрсдийгөө гурилаар хангах боломжтой болж байна. Гэвч тариаланчид маань газар тариалангаа технлогийн дагуу явуулахгүйгээс чанартай буудай ургуулж чадахгүй байгаа юм. Үүнээс болж чанартай гурил үйлдвэрлэх боломжгүй болж байна. Дотоодынхоо үйлдвэрлэлийг дэмжих үүднээс төр засгаас гурил импортлогч бидний татварыг өсгөж, квот тогтоодог. Хэдийгээр энэ нь бидний бизнест тулгамдаж байгаа хүндрэл бэрхшээл болох ч нөгөө талаарэх орны газар тариаланг хөгжүүлэхэд зөв зүйтэй арга хэмжээ гэж иргэн хүнийхээ хувьд үздэг дээ.
-Саяхан Хүнс хөдөө аж, ахуйн яаман дээр гурил импортлогчид, үйлдвэрлэгчид,нарийн боовчдын уулзалт болсон. Уг хурал дээр таны хэлсэн үг анхаарал татаж байсан л даа. “Дотоодын улаан буудайн чанарт гурил үйлдвэрлэгчдийн хүсээд байгаа стандартыг тогтоох хэрэгтэй” гэсэн таны санаа өнөөдөр биелэлээ олж байна. Юу вэ гэвэл, хоёр хоногийн өмнө Ерөнхий сайд тариаланчид болон гурил үйлдвэрлэгчидтэй уулзахдаа дотоодын буудайн чанарын стандартыг тогтоотол импортын буудайг зогсоох шийдвэр гаргажээ. Ер нь буудайн стандартын талаар ямар бодолтой явдаг вэ?
-“Цесна” гурил бол зах зээлд аль хэдийнэ чанараараа танигдсан. Манай зах зээлд борлуулагдаж байгаа гурилаас хамгийн үнэтэй нь. Тэгсэн ч гэлээ ард түмэн “Цесна”-г идээд сурчихсан болохоор байнга хэрэглэдэг. Цагаан сар, баяр ёслолын үеэр борлуулалт улам нэмэгддэг. Учир нь хэрэглэгчид сар шинийнхээ бууз банш, боов, боорцгоо “Цесна”-гаар хийдэг болохоор тэр шүү дээ. Мөн хүнсний үйлдвэрүүд, нарийн боовны цехүүдийн гол түүхий эд нь “Цесна” гурил болж байна. Харин манай тариаланчид энэ гурилын хэмжээнд хүрэхээр буудайгаа чанартай ургуулж чадахгүй байгаа нь үнэн. Хүнс, хөдөө аж ахуйн яаман дээр болсон уулзалтын үеэр гурил үйлдвэрлэгчид, нарийн боовчид “Бидэнд чанартай буудай, гурил хэрэгтэй” гэж байсан. Өнөөдөр манай газар тариалан эрхлэгчдэд тогтсон стандарт гэж алга. Тийм болохоор юу ч хамаагүй ургуулдаг, тэрэндээ урамшуулал авдаг маш буруу механизм үүсчихээд байгаа.
-Хүнсний үйлдвэрийнхэн чанартай гурил сонгох нь ойлгомжтой. Гурил үйлдвэрлэгчид тэдний хэрэгцээнд нийцүүлсэн гурил гаргахын тулд цавуулаг өндөртэй буудай хэрэгтэй гэсэн. Харин монголын хөрсөнд ургуулсан буудайг заавал импортын буудайтай холих шаардлагатай юу?
-Тэгэлгүй яахав. Гурил үйлдвэрлэгчид 25 хувийн цавуулагтай улаан буудайг импортлоод дотоодын буудайтай хольж сайн гурил гаргаж авахыг зорьдог.Гэтэл цавуулаг өндөртэй буудай өгөх тариаланч манайд алга. Тэдний ярьж байгаагаар одоо агуулахад буй буудайны цавуулаг 18-20 хувьтай байна гэсэн. ОХУ-д мөрдөж байгаа стандартаар ийм цавуулагтай буудай малын тэжээлд зориулагддаг. Манайтариаланчид тийм буудай ургуулчихаад төр засгийнхан руу дайрч давшлаад байж болмооргүй юм. Тиймээс Хүнс, хөдөө аж ахуйн яаман дээр болсон уулзалтын үеэрч би энэ тухай хөндсөн. Гурилын үйлдвэрлэлт дээр нарийн стандарт тогтоомоор байгаа юм. Стандарт хангасан улаан буудай ургуулсан тариаланчдад урамшуулал өгдөг болгох ёстой. Тэрнээс малын тэжээлд нь урамшуулал өгөөд яахав дээ. Ерөөсөө 25 хувийн цавуулагтай улаан буудайд л урамшуулал олгоно гээд тогтсон стандарттай байх хэрэгтэй. Манайд энэ стандарт байхгүй болохоор чанартай гурил үйлдвэрлэх гаргалгаа нь Оросоос цавуулаг өндөртэй улаан буудай оруулж ирээд хольж байгаад гайгүй гурил гаргадаг. Энэ бол гурил үйлдвэрлэгчдийн буруу биш шүү дээ. Үнэхээр стандартын шаардлага хангачихсан буудай байгаад байхад нь импортоор улаан буудай оруулах гээд зүтгээд байвал буруу зүйл. Иймд гурилүйлдвэрлэгчдийн яриад байгааг буруутгах аргагүй.
-Өнөө жил манайх түүхэнд байгаагүй их хэмжээний ургац хураасан гээд байгаа биш бил үү. Тэгэхээр нөөц арвин баймаар юм. Ингэхэд монголчуудын нэг жилийн хэрэгцээг хэдэн тн гурил хангадаг юм бэ?
-Манай улс 2013 онд 300 гаруй мянган тн улаан буудай хурааж улсынхаа хэрэгцээг 100 хувь хангалаа гээд нэлээд дуулиан болж, олон хүнд гавьяа шагнал өгсөн дөө. Гэтэл дөнгөж 2014 оны гуравдугаар сард буудай нь дуусчихсан. Тэгээд л гаднаас улаан буудай оруулж ирэх квот тавигдаад импортолж эхэлсэн шүү дээ. Тэгэхээр хөдөө аж ахуйн яаман дээр байдаг статистикийн системээр маш худлаа мэдээллүүд яваад байх шиг санагддаг юм. Тэрийг зөв гольдролд нь оруулах хэрэгтэй. Монгол Улсын хүн амын нэг жилийн нийт гурилын хэрэгцээ 220-230 мянган тн байдаг. Үүнд 300 мянган тн улаан буудай л хангалттай. Гэтэл өнөө жил манай тариаланчид 420 мянган тн үр тариа хураасан гээд тн тутамд нь 100 мянган төгрөгийн урамшуулал авчихсан байгаа. Тэгэхээр худлаа дүн гаргачихаад үүнд урамшуулал олгоод байдаг юм уу. Анхаарах л ёстой. Нэг тн тутамд олгож байгаа урамшуулалдаа стандарт хангасан буудай ургуулах хэрэгтэй. Энэ асуудалд нийт тариаланчдыг буруутгавал өрөөсгөл ойлголт болно. Тариаланч болгон адилгүй шүү дээ. Зарим үйлдвэрүүд дотоодын буудайгаар гайгүй гурил үйлдвэрлэлээ л гээд байдаг. Бодвол буудайны чанар нь гайгүй байсан болохоор тэр биз. Ер нь газар тариалангийн технологийн асуудлыг иж бүрнээр нь шийдэхгүй бол цаашид байнга л ийм асуудал гарна.
-Тариаланчдын хувьд төрөөр бүрэн тэтгүүлчихсэн улс шиг санагддаг юм. Харин чанартай гурилаар ард түмнээ хангаж байгаа гурил импортлогчид хүнд нөхцөлд үйл ажиллагаа явуулдаг юм биш үү. Татвараар ч нэг дарамтлуулж, оруулж ирэх гурилдаа ч квот тогтоолгоод…
-ОХУ-ын газар тариалангийн бүс нутаг болох Алтайн хязгаар мөн Казахстанаас аль сайн гэсэн гурилыг нь бид импортолдог. Олон жилийн сайн харилцаат түншийнхээ хүрээнд болж өгвөл хямд үнэтэй бүтээгдэхүүн хэрэглэгчдэдээ хүргэхийг зорьж ажиллаж байна. Гэтэл дотоодын гурил үйлдвэрлэгчидтэй харьцуулахад 26.5 хувийн илүү татвар төлж байна. Дотоодын гурилын үйлдвэрүүд бараг татвараас хөнгөлөгдөж, НӨАТ ч төлдөггүй. Татварын ерөнхий газраас үүнийг авч үзвэл сонин л дүн гарна даа. Тэгтэл манай нэг жижиг компани сүүлийн арван жилд 20 тэрбум төгрөгийн татвар улсын төсөвт суулгасан байна. Бид ийм хэмжээний татвар төлж байгаагаас гадна тодорхой хэмжээнд нийт ард иргэдийнхээ гурилын хэрэгцээг нь хангаж ирсэн. Гурил импортлогчдыг тэгж их нүд үзүүрлэж болохгүй. Импортын гурилаас хамгаалагдсан систем нь манайх мундаг л даа. Өндөр татвар тавьчихсан, квот тогтоочихсон. Харин газар тариалан эрхлэгчдэд хавар нь үр, шатахуунаа хөнгөлөлттэй үнээр зээлээр өгчихдөг. Намар хураасан ургацыг нь улс худалдаж аваад дээрээс нь урамшуулал олгоно. Улсад төлдөг татварын хэмжээ үнэхээр бага, байхгүйтэй адил. Ийм бизнес гэж дэлхийд хаана ч байхгүй. Бодит байдал нь энэ. Гэтэл газар тариалан эрхлэгчид асуудлыг дэвэргэх ямар шаардлага байна вэ. Эсвэл импортын улаан буудай гурилыг хаачих хэрэгтэй.
-Тэгвэл таны бизнес яах болж байна вэ?
-Цөөхөн хэдэн компанийн асуудал ч яахав. Цаана нь хийх ажил зөндөө байгаа. Тариаланчид ямархуу буудай тарьж, хурааж байгаа үнэн нүүр царай нь гараад ирнэ. Ер нь монголын газар тариаланэрхлэгчдэддээр ярьснаас илүү тааламжтай нөхцөл гэж алга. Тиймээс сайн ургац авдаг байх ёстой.
-Жил болгон квотдоо захирагдаад импортын гурил багасч байна. Өнөө жил танай компани хэдэн тн гурил оруулж ирэх вэ?
-Энэ жилийн эхний хагаст хоёр мянган тн гурил оруулж ирэх хэмжээтэй. Үүн дээр бид гомдоод байх юм алга. Төр засгаас гарсан шийдвэрийг дагахаас өөр яахав. Бидэнд тогтоосон квотод багтааж гурилаа оруулж сар шинийнхээ баярт зориулан худалдаалж байна. Манайхан “Цесна” гурилаараа өнгөлөг, амттай сайхан бууз, банш, хэвийн боов, боорцгоо хийгээд сурчихсан болохоор сар шинийн баяраас өмнө гурилаа оруулж ирсэн байгаа. Ингээд модон хонь жилдээ монголчууд маань хотол түмнээрээ сайхан шинэлэхийг хүсье.
-Танд ч бас сар шинийн мэндийг урьдчилаад дэвшүүлье. Цаг үеийн асуудлаар илэн далангүй ярилцсан танд баярлалаа.
Э.ДЭЛГЭР
-ЗАРЫН ДАГУУ ХӨДӨӨНӨӨС ИРЖ ОХИНЫГ НЬ АВЧЭЭ-
Автобусны буудлын дэргэдэх зарын самбар дээр алгын чинээ цаасан дээр “Нэгдүгээр сарын 4-нд төрсөн хүүхэд өргүүлнэ” гэж бичээд наасан нь олны анхаарал татаж байна. Гудамжинд “Хүүхэд өргүүлнэ” гэсэн зар наагаад утсаа үлдээсэн нь анхны тохиолдол гэж олон хүн өчигдөр шуугилаа. Энэ зарыг харсан зарим нэгэн нь цахим хуудастаа “Зар тавиад хүүхдээ зарчихдаг болсон юм уу” гэж дургүйцлээ илэрхийлжээ. Нөгөө хэсэг нь “Гудамжинд хүүхдээ хаяад явдаг эцэг, эхчүүдээс дээр байна. Ямар ч байсан хүний гарт өгье гэсэн нь зөв” гэж өмөөрсөн байв. Бид хүүхдээ бусдад үрчлүүлэхээр шийдэж, гудамжинд зар тавьсан эмэгтэйтэй ярилцлаа. Түүнийг Э гэдэг. Нөхөр таван хүүхэдтэйгээ амьдарч байгаад бага охиноо бусдад өгчээ.
-Уучлаарай. Та хүүхдээ үрчлүүлнэ гэж зар тавьсан байна. Яагаад ийм шийдвэр гаргах болов?
-Эгч нь 39 настай. Манай нөхөр надтай чацуу. Бид хөдөө амьдарч байгаад өнгөрсөн наймдугаар сард хотод нүүж ирсэн. Амьдрал хүнд байгаа учраас л ийм шийдвэр гаргалаа.
-Хөдөө ямар ажил хийж байсан бэ?
-Олдсон ажлаа л хийдэг байсан. Би цайны газарт туслах ажилчин, цэвэрлэгч гээд бага цалинтай ажил хийдэг байсан. Манай хүн барилгын ажил хийдэг. Зуны улиралд л ажилтай байдаг. Амьдрал үнэхээр хүнд байсан.
-Тэгээд нийслэлд ирж ажил хийе гэж бодсон уу?
-Тэгсэн. Том хүү маань нутагтаа коллежид сурдаг. Одоо аравдугаар анги. Дараагийнх нь наймдугаар анги. Гурав дахь охин минь тав, бага нь хоёрдугаар ангид сурдаг. Том хүүгээ үлдээгээд гурван хүүхдээ аваад ирсэн. Гурван хүүхэд маань 97 дугаар сургуульд сурч байгаа.
-Та хоёр ажил олж чадав уу. Хаана амьдарч байна вэ?
-Би нэг орон сууцанд орцны жижүүр хийж байгаа. Нөхөр барилгын ажил хийж байна. Гэрээ орхичихоод өөрсдөө л ирсэн. Сард 40 мянган төгрөг төлөөд түрээсийн байранд амьдарч байна.
-Та бага хүүхдээ ерөөсөө ярихгүй юм.
-Ажил хийж мөнгө олж, хүүхдүүдээ хоолтой болгоё гээд хотод ирсэн. Энд ойрын ах дүү байхгүй. Хотод ирэхэд жирэмсэн болчихсон байсан. Манайх хоёр охин, хоёр хүүтэй шүү дээ. Нас ч нэлээд явчихлаа. Тэгээд л төрөх хүүхдээ бусдад үрчлүүлье гэж шийдсэн.
-Хүүхэд үрчлүүлэх талаар судалсан уу. Яагаад гудамжинд зар тавихаар болсон юм бэ?
-Судалж чадаагүй. Тийм боломж ч байхгүй. Нөхөртэйгээ ярилцаж байгаад зар тавья гэж шийдсэн. Жирэмсэн байхдаа ийм шийдвэр гаргачихсан байсан.
-Төрөөд хүүхдээ хараад тэр бодол өөрчлөгдөөгүй юу?
-Үгүй. Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд төрж 3.4 кг охинтой болсон. Охин минь эрүүл саруул, хөөрхөн хүүхэд. Гэхдээ өмнөх хүүхдүүдээ тэжээх гэж зүдэрч байж энэ хүүхдээ сайн хүмүүст өгсөн нь дээр гэж бодсон. Төрснийхөө дараа зараа хаана тавих вэ гэж ярилцаж байгаад ажлынхаа ойролцоо автобусны буудал дээр тавьсан.
-Зар тавьсны дараа олон хүн ярьсан уу?
-Зогсоо зайгүй утас дуугарч байсан. Зарим нь хүүхдийг чинь үзэж харъя гэнэ. Зарим нь таг болчихно. Яг ирээд үзсэн хүн байхгүй. Тэгтэл өнгөрсөн долоо хоногт нэг эмэгтэй яриад яг авах гэж байгаа юм шиг яриад байсан.
-Тэр эмэгтэй охиныг тань авсан юм уу?
-Дүү нар нь хүүхэдгүй юм билээ. Бидний наасан зарыг уншаад хөдөө байдаг дүү нар руугаа ярьсан юм билээ. Дүү, бэр хоёр нь Увс аймгаас өнгөрсөн ням гаригт ирсэн гэсэн. Тэгээд даваа гаригт манайд ирээд хүүхдээ аваад явсан.
-Та охиноо бүртгүүлээгүй байсан юм уу?
-Бүртгүүлээгүй. Бид хоёрын бичиг баримт дутуу. Тиймээс бүртгүүлээгүй байсан. Тэр хүмүүс ажил төрөлтэй, сайхан амьдралтай юм билээ. Охиныг минь зовоохгүй гэдгээ хэлсэн. Тэгээд ёс төр хийгээд охиноо аваад явсан.
-Хууль журмын дагуу бүртгүүлээгүй гэсэн үг үү?
-Бичиг баримт хөөцөлдөөгүй. Хотоос явах болоогүй гэсэн. Эргээд холбоо барих байх аа. Утасных нь дугаарыг хадгалж амжаагүй байна.
-Нялх биетэй байхдаа хүүхдээсээ хол байхаар танд хэцүү л байгаа байх даа.
-Хөхний сүү бараг ширгэж байна. Хар цай уугаад байхаар угаасаа сүү ороогүй шахам. Хоёрдугаар ангид сурдаг хүүхэддээ хөхүүлж байгаа.
-Бичиг баримт бүрдүүлж байж хүүхдээ үрчлүүлэхгүй бол хэрэгт орох юм биш биз?
-Мэдэхгүй юм. Гэхдээ бид хүүхдээ хаяагүй. Сайн хүмүүст өгсөн. Энэ хүүхдээ яаж сайн хүмүүст өгөх вэ гэж бодож байгаад л зар тавьсан. Хуульд юу гэж заасан байдгийг мэдэхгүй юм гэв.
Гэр бүлийн тухай хуульд зааснаар хүүхдээ үрчлүүлэх тухай эцэг, эхийн зөвшөөрөл болон хүүхэд үрчлэн авах хүсэлтийг бичгээр гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн байх ёстой. Үрчлэн авч байгаа хүмүүс нь тухайн хүүхдийн оршин суугаа сум, дүүргийн Засаг даргад хүүхэд үрчлэн авах тухай хүсэлтээ гаргах учиртай. Үүний дагуу сум, дүүргийн Засаг дарга хүсэлтийг хянаж, шийдвэрээ 20 хоногийн дотор гаргах хуультай. Мөн хүүхэд үрчилсэн тухай шийдвэрийг үндэслэн иргэний гэр бүлийн бүртгэлийн ажилтан хүүхэд үрчилснийг бүртгэх тухай хуульд заажээ.
Ц.ӨРНӨХ
Өнөөдөр монголын нийгэм дээр дороо орохоо шахаж, ард түмний амьдрал өдөр болгон доошоо уруудаж байгаагаас шалтгаалан ард түмний бухимдал дээд цэгтээ хүртэл дэвэрч буй нь өнөө үеийн хамгийн эмэгнэлтэй үйл явц болоод байна.
Нийгэмийн энэ хурц үйл явдлуудыг сүүлийн үед киноны залуу уран бүтээлчид уран бүтээлдээ соргогоор тусган үзүүлэх болсон нь нэг талаас тэд нар нийгэмийнхээ хүнд байдлыг мэдрээд зогсохгүй энэ гацаанаас хэрхэн гарах арга замыг эрэлхийлдэг болсныг харуулахын хамтбүтээл туурвилынхаа үндсэн арга барилыг олж эхлэж буйг мэдрүүлэх ажаам.
Саяхан нийтийн хүртээл болсон “Амьдрал нулимсанд дургүй”киног бүтээсэн залуу найруулагч Ц.Энхцогт мөн өнөөгийн нийгэмд хүн өөрийн зам мөрийг олохын төлөө хэрхэн тэмцэж буйг тодорхой харуулсан нь уг бүтээлийн ололттой тал хэмээн хэлж болно.
Найруулагч “Тэнгис” кино театрт хүргүүлсэн товч танилцуулгандаа ” Энэ кинонд гоё биш, гоо байхыг хүссэн, сайхан бас саруул байхыг хичээсэн, өөртөө биш бусдын төлөө санаагаа чилээж, өнгөнд бус үнэнд ойр амьдарч яваа эгэл нэгэн бүсгүйн тухай өгүүлнэ. Хайрынхаа төлөө амьдралыг аргадан, сэтгэлээрээ бусдыг нар шиг ээж яваа бүсгүй хүнд хувь тавилан нь сорилтуудыг харамгүй бэлэглэнэ.
Амьдралд маргааш юу хүлээж байгааг бид мэдэхгүй. Хүсэл хясал зэрэгцэнбайдаг энэ орчлонд бүсгүй хүн хайр энхрийлэл хүсэвч, хүйтэн жавар л хамгийн түрүүнд хацарт хүрнэ.” хэмээн өгүүлжээ.
Үнэхээр гол баатар бүсгүйЮмжир \ А.Туяа\хүний ёсоор ханийн ивээлд түшин, эвтэй найртай амьдрахыг хүсэх боловч нөхөр Ангараг \Б.Батзаяа\ нь түүний чин үнэн, шудрага сайхан сэтгэлийг үл ойлгоно. Үйл явдлын өрнөлийн явцад нөхрийнх нь тэр хандлагад бүсгүйн хадам ээж Загир | Ж.Оюундарь\гол “хорыг” найруулан хутгаж байсныг үзэгчид мэдэж авна.
Киноны дүрслэлийн хэл нилээд сонирхолтой болсон нь найруулагч, зураглаач Ц. Энхцогтын өсч ундарч буй ур чадвартай холбоотой.Энэ кинонд утгачилсан шигтгээнүүд, гэрлийн өвөрмөц шийдлүүд олонтаа орсон нь уг бүтээлийнхээ утга санааг тодруулахад багагүй үүрэг гүйцэтгэжээ.Жишээ нь: нөхөр нь гэртээ шал согтуу гуйвсаар оржирэхэд үүдний харанхуй өрөөний ханан дээр гэрэл, сүүдэр хосолсон хоёр зурвас гэрэл тусч буй нь тэдний сэтгэл санаа хоёрдож буйг илтгэсэн уран дүрслэл болсон байдаг. Гол дүрийн бүсгүй нөхрөө шархдуулсан асуудалд орж цагдаагийн газар очоод байцаагдан сууж ахуйд түүний гавлагдсан цустай гарны шигтгээ \деталь\ дүрслэл харагдах нь түүний амьдрал эмэгнэлт байдалд орсныг илтгэсэн дүрслэл болжээ. Ийм дүрслэл шигтгээнүүд олон гарч байна. Оновчтой шигтгээнүүд киноны дүрслэлд ихээхэн хүч оруулдагийг энэ киноноос харж болно.
Найруулагч Ц.Энхцогт энэ киноныхоо төрөл зүйлийг уянгын драм хэмээн тодорхойлжээ. Гэтэл үнэндээ эл кино нь эмэгнэлт драм болсон харагдана. Ийнхүү хэлсний учир бол тэр бүсгүйн амьдралд гэрэл гэгээтэй зүйл бага байгаагийн дээр уг киноны гэрлийн үндсэн өнгө гол төлөв хар бараан байгаатай холбоотой юм.
“Амьдрал нулимсанд дургүй” киноны зохиолыг Д.Энхжин бичиж, ерөнхий найруулагчаар Ц.Энхцогт ажиллаж, ерөнхий зураачаар О.Нямдаваа, хөгжмийн зохиолчоор Б.Одбаяр нар ажиллажээ.
Гол ба туслах дүрүүдийг жүжигчин А.Туяа, Б.Батзаяа, МУГЖ Ж.Оюундарь, жүжигчин Ц.Төмөрхуяг, Р.Баттогтох, Т.Карма, Т.Саранзаяа нар бүтээжээ.
Жүжигчин А.Туяа дүрийнхээ дотоод сэтгэлийг нээж харуулахын тулд багагүй хөдөлмөрлөжээ. Тиймээс түүний бүтээсэн дүр үнэмшилтэй болсноор барахгүй үзэгчдийн талархалыг зүй ёсоор хүртэж байна.
Жүжигчин Ж.Оюундарь хадам эхийн хорон санаа, хүнлэг бус зан чанарыг урнаар тодруулан харууллаа.
Энэ киноны нэг ололт нь хөгжмийн зохиолч Б.Одбаяртай холбоотой. Тэрээр киноныхоо нилээд өрнөлтэй хэсгүүдэд төгөлдөр хуурын хөг аялгуу голлосон арга билгийн зохиролоор эгшиглүүлсэн урандүрслэл бүхий хөгжим тууривсан нь оножээ.
Уг кинонддүрслэл хэллэг, утга санаа, хөгжим, найруулга, зураг авалтын зэрэг ололттой зүйл багагүйхарагдаж буй боловч алдаж эндсэн зүйлс ч бас байна. Жишээ нь: уг кино эхлээд нилээд эрчимтэй, хэмнэл сайтай явж байснаа дундаасаа цааш тэр хэмнэл нь алдагдаж, илүү дутуу үйл явдлууд нилээд орж ирсэнээр хэмнэлийн эрчим ньсуларсан тал үзэгдэнэ. Тэрчлэн зарим хэсгүүдэд хөгжмийн ая хөг нь хэтэрхий чанга бичигдсэнээс гол баатруудын үг яриа нь давхцан муу сонсогдож байна.
Хэдийвээр ийм алдаа харагдаж буй боловч “Амьдрал нулимсанд дургүй” кино нь өнөөгийн монголын нийгэмийн хүнд байдлыг уран сайхны хэлээр тодорхой дүрслэн үзүүлж, хүнлэг сэтгэл хэзээд ялж дийлэх хувь ерөөлтэй байдгийг батлан харуулснаараа монголын кино урлагт нэг шинэ өнгө гэрэл, нэг шинэ өвөрмөц арга барилыг авчирснаараа ач холбогдолтой юм.
ДҮ.МЯГМАРСҮРЭН
Японы мэргэжлийн сумогийн Хацү башёд 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал түрүүлбэл алдарт Тайхо аваргын 32 түрүүлсэн амжилтыг давж, 1700 жилийн түүхтэй сумо бөхийн түүхэн дэх хамгийн олон түрүү авсан бөхөөр бичигдэх юм. Тэрбээр одоогоор нэг ч уналгүй 12 даваатай башёг тэргүүлж яваа бөгөөд өнөөдөр озеки Кисэносатотой барилдана. Харин түүний араас мэргэжлийн сумогийн 70 дахь аварга Харүмафүжи Д.Бямбадорж 10 даваа 2 унаатай, ёкозүна Какүрюү М.Ананд9 даваа 3 унаатай нэхэж явна. Сэкивакэ Ичиножо А.Ичинноровын хувьд энэ башёд дөрөв давж, найм унаснаар сэкивакэ цолоо алдах боллоо. Тэрбээр өнөөдөр комүсүби Точиозантай барилдана. Харин Тамаваши Б.Мөнх-Оргил, Токитэнкү А.Хүчитбаатар нар тавин хувийн амжилтаа үзүүлээд байгаа бол тэмцээний эхний өдрүүдэд хоёр озэки цолтонг давсан Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ болон Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар нар 7 даваатай башёг үргэлжлүүлж байна.
Монгол бөхчүүд 12 өдрийн дараахь байдлаар хэрхэн барилдаж буйг танилцуулъя.
Макүүчи:
Ёкозүна Хакүхо М.Даваажаргал 12-0 Ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж 10-2 Ёкозүна Какүрюү М.Ананд 9-3 Сэкивакэ Ичиножёо А.Ичинноров 4-8 М-2 Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 7-5 М-7 Кёкүтэнхо Н.Цэвэгням 5-7 М-9 Тамаваши Б.Мөнх-Оргил 8-4 М-12 Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар 7-5 M-13 Араваши Э.Дөлгөөн 6-6 M-13 Токитэнкү А.Хүчитбаатар 8-4
Жюүрёо:
Зүүний-2 Асасэкирюү Б.Дашням 3-9 Барууны 4 Таканоива А.Баасандорж 4-8 3үүний-5 Шёотэнро Д.Нямсүрэн 4-8 3үүний-9 Сэйро А.Өнөболд 6-6 3үүний-12 Азүмарюү С.Тодбилэг 6-6 3үүний-14 Сакигакэ Я.Баттүшиг 3-9 гэсэн амжилттай явна.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас вьетнам авто засварын газруудад хяналт шалгалт хийхээр болжээ. Вьетнамчууд ажлын байрандаа адуу, гахай нядалсан, нохой муур хуйхалсан зэрэг асуудал нь ажлын байран дээрх эрүүл ахуйн стандарт журмыг зөрчиж байгаа гэнэ. Хаана үйл ажиллагаа явуулж байсан автокузов засварын газрын ажилчид ажлын байран дээрээ адуу гахай төхөөрснийг олж тогтоон торгуулийн арга хэмжээ авах гэнэ. Олон нийтийн сүлжээгээр тарсан вьетнам ажилчдын хэргийн тухай дэлгэрэнгүй мэдээллүүдийг “Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарын зургадугаар нүүрээс уншина уу.