АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Энэтхэг улсад хийж буй гурван өдрийн айлчлалаа эхлүүллээ. АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама өнөөдөр /I.25/ энэтхэгийн Шинэ Дели хотноо газардсан байна. Энэ нь түүний төрийн тэргүүний хувиар Энэтхэгт хийж буй хоёр дахь айлчлал аж. Барак Обамагийн айлчлал АНУ, Энэтхэгийн харилцаанд бэлэгдлийн чухал ач холбогдолтой аж. Барак Обама Энэтхэгийн бүгд найрамдах улсаа тунхагласны баярын парадад оролцохоор төлөвлөснөөр барахгүй ерөнхий сайд Нарендра Модитай радиогийн нэвтрүүлэг хөтлөх гэнэ. Барак Обамагийн айлчлалын үеэр Энэтхэг, АНУ-ын батлан хамгаалахын хамтын ажиллагаа, татвар, цаг уурын өөрчлөлт зэрэг асуудлыг авч хэлэлцэх гэнэ. АНУ-ын зүгээс Энэтхэгийг Хятадтай дүйх асар том зах зээл хэмээн харж байгаа аж. Хоёр орны хоорондын худалдаа наймаа 100 тэрбум ам.долларт хүрдэг байна.
Энэтхэгийн айлчлалаас өмнө Барак Обама Саудын Арабт түр саатан, Абдулла вангийн таалал төгссөнд эмгэнэл илэрхийлжээ. Уг нь Барак Обама Энэтхэгт арай эрт очиж алдарт Таж Махалыг үзэхээр төлөвлөж байсан ч Саудын Арабт саатсанаас айлчлалын цаг нь хүрэлцэхгүй болсон аж. Үүний зэрэгцээ Барак Обамагийн Энэтхэгийн айлчлалд АНУ-ын тэргүүн хатагтай Мишель Обама дагалдсан нь анхаарал татаж байна. Тэдний харилцаа муудаж, салах дээрээ тулсан гэх шум тарахын зэрэгцээ Барак Обамагийн өмнөх хэдэн айлчлалд Мишель Обама хамт яваагүй нь хардлага төрүүлж байсан юм.