Categories
мэдээ нийгэм

Таксины жолоочийг хүчиндсэн этгээдийг долоон жил чанга дэглэмтэй хорих ангид ял эдлүүлнэ

Өнгөрсөн оны есдүгээр сарын 20-ны өдөр жолооч Э-г такси үйлчилгээнд явж байхад нь С гэгч хүчиндсэн хэрэг хэрэг Дорнод аймгийн Хэрлэн суманд гарсан. С нь тус сумын III багт байрлах оршуулгын газарт хүргүүлэхээр яваад буцах замдаа Э-г зодож, хутга, автомашины түлхүүр зэргийг зэвсгийн чанартай ашиглан айлган сүрдүүлж, хүч хэрэглэн танхайрсан байдаг. Улмаар давтан үйлдлээр хүчинджээ. Уг гэмт хэрэгт Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.3-т зааснаар, мөн тус хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар тус тус яллагдах бүрэн үндэслэлтэй гэж үзэн 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 05/205 дугаартай яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.

Тэгвэл анхан шатны шүүх энэ сарын 10-ны өдөр 13 тоот шийтгэх тогтоол гаргаж, шүүгдэгч С-ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.3-т зааснаар зургаан жил, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар таван жил нэг сарын хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх нийт ялын хугацааг долоон жил зургаан сарын хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Categories
гадаад мэдээ

Хүүхэд зодсон багшийн үйлдэл хяналтын камерын эрэлтийг нэмэгдүүлэв

Цэцэрлэгийн багш бага насны охиныг алгадан унагааж буй нь хяналтын камерт ийн бичигдсэн байна

Өмнөд Солонгост энэ нэгдүгээр сарын 8-нд цэцэрлэгийн багш бага насны охиныг кимчи идэхийг хүчилж, зодсон нь илэрч томоохон шуугиан тарьжээ. Хэргийг үйлдсэн багш эмэгтэйг Өмнөд Солонгосын цагдаа нар энэ нэгдүгээр сарын 15-нд баривчилжээ. Энэ хэргээс үүдэн Өмнөд Солонгост хяналтын камерын худалдан авалт эрс нэмэгдэж, эрэлт үүссэн байна. Өмнөд Солонгосын онлайн худалдааны “Auction” дэлгүүрийн хяналтын камерын худалдаа энэ нэгдүгээр сарын 9-22-ны хооронд 40 хувиар нэмэгджээ. Түүнчлэн “G-Market” цахим дэлгүүрийн хяналтын камерын худалдаа өнгөрсөн жилийнхээс 37 хувиар өссөн судалгаа гарсан байна.

Үүний зэрэгцээ Өмнөд Солонгосын Боловсролын сайд ирэх 2016 он гэхэд цэцэрлэгүүдийн 90 хувийг камержуулахаар төлөвлөж буйгаа мэдэгдсэн байна. Мөн Өмнөд Солонгос дахь өдөр өнжүүлэх төвүүдийг камержуулахаар тусгасан хуулийн төслийг ирэх гуравдугаар сард парламент батлах ажээ.

Categories
мэдээ улс-төр

Шударга ёс” эвсэл “урт нэр”-тэй хуулийг хойшлуулав

УИХ дахь Шударга ёс эвслийн бүлэг өнөөдрийн ээлжит хурлаараа “Урт нэртэй” гэгдэх хуулийн дагаж мөрдөх журамд өөрчлөлт оруулах хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагчаар ажилласан УИХ-ын гишүүн Д.Арвины мэдээллийг сонссон байна. Уг хуулийн төсөл дээр дахин ажлын хэсэг байгуулахаар болж, ахлагчаар УИХ-ын гишүүн Г.Уянгыг томилсон байна. “Урт нэртэй” гэгдэх хуулийн дагаж мөрдөх журамд өөрчлөлт оруулах хуулийн төсөл дээр нэгдсэн байр суурьт хүрэх хүртэл хойшлуулж буйгаа дуулгалаа. Мөн энэ долоо хоногт хэлэлцэх Согтууруулах ундааны хяналтын тухай хуулийн төсөл УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн өргөн барьсан Архины хяналтын тухай хуультай 80 хувь нь нийцэж байгаа аж. Тиймээс зарчмын зөрүүтэй тодорхой заалтууд дээр бүлэг нэгдсэн байр суурьт хүрэхээр болжээ. Мөн бүлгийн хуралдаанаар Эдийн засгийн өршөөл үзүүлэх тухай, Өршөөлийн тухай хуулиудын төслөөр санал солилцсон байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Урсгал сөрснөөс хоёр хүний аминд хүрсэн гэв

Улиастайн уулзварт энэ сарын 17-нд зам тээврийн ноцтой осол гарч, хоёр хүн нас барж, арван хүн гэмтсэн. Налайхаас ирж байсан ЗИЛ-130 маркийн автомашин Истана маркийн микро автобустай мөргөлдсөн юм. Энэхүү ослын улмаас Истана маркийн машины жолооч болон зорчигч амиа алдсан.

Ослын газарт хийсэн эхний үзлэгээр “Зил-130” маркийн тээврийн хэрэгслийг Х нь жолоодож явахдаа эсрэг урсгалд орж “Истана” маркийн тээврийн хэрэгслийг мөргөснөөс уг зам тээврийн осол гарсан гэж үзжээ. Одоогоор энэ хэрэгт Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.4-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа бөгөөд мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа талаар прокурорын байгууллагаас мэдээллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Дэд сайдын асуудлаар Цэцэд хандахаа мэдэгдэв

УИХ дахь бие даагчдын зөвлөл дэд сайд нарын асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандахаар болжээ. УИХ Монгол Улсын 2015 оны төсвийн тодотголын хоёрдугаар хэлэлцүүлгийг хийх шатанд С.Ганбаатар гишүүн “Дэд сайд нарыг чөлөөлөх санал” гаргасныг гишүүдийн 51 хувь дэмжсэн. Гэвч маргааш өдөр нь УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороог хуралдуулж УИХ-ын гишүүн Р.Гончигдорж “Дэд сайд нарыг чөлөөлөхийг дэмжихгүй” гэсэн санал гаргаж, УИХ дэмжсэнээр дэд сайд нар ажлаа үргэлжлүүлэхээр болсон юм.

Харин бие даагч гишүүдийн хувьд дээрх УИХ-ын шийдвэр хууль зөрчсөн үйлдэл хэмээн үзэж, Үндсэн хуулийн цэцэд хандахаар болжээ. Мөн ийм шийдвэрийг гаргасныхаа дараа УИХ-ын дарга З.Энхболд “Нэг өдрийн популизм ингээд дууслаа” гэж хэлсэн нь Дархан-Уул аймгийн иргэд сонгогчдоос уучлал гуйх үйлдэл болсон гэж гишүүн С.Ганбаатар үзэж байна. УИХ-ын даргын хувьд гишүүнийг үг хэлж дууссаны дараа араас нь тайлбар хийх зэргээр доромжлох үйлдэл гаргадаг гэнэ. Ц.Даваасүрэн гишүүний хэлж байгаагаар зөвхөн бие даагчдад ч ийм араншин үзүүлдэггүй бусад гишүүдэд ч ийм байдлаар ханддаг аж. Дээр нь З.Энхболд дарга хууль зөрчиж УИХ-ын дарга болсон, тиймээс дээрх үйлдлүүдийг дахин гаргавал хариуцлага тооцох асуудлыг бие даагч гишүүдийн зүгээс тавих болно гэлээ.

Сүүлийн өдрүүдэд ам.долларын төгрөгтэй харилцах ханш чангарсаар 1950 төгрөгтэй тэнцэх болсон. Бие даагч гишүүдийн хувьд өнгөрсөн намар Монголбанкны удирдлагуудыг огцруулах асуудлыг тавьсан ч УИХ-ын дарга З.Энхболд өмгөөлж, асуудлыг нь дарса учир төв банкны удирдлагуудтай хариуцлага тооцохыг дахин шаардах болно гэж мэдэгдлээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар мэдээлэл хийв

АН-ын бүлэг өнөөдөр хуралдаж Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн Эдийн засгийн өршөөл үзүүлэх тухай хууль, НӨАТ-ын тухай хуулийн автобензин, дизелийн түлшийн онцгой албан татварыг нэмэгдүүлэх, Тавантолгойн хөрөнгө оруулалтын асуудлыг хэлэлцсэн байна. Мөн Ерөнхий сайдын болон УИХ-ын даргын мэдээллийг сонсчээ. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Тендерийн тухай хуулийг эргүүлэн татахаар болсноо мэдээлсэн байна. Мөн эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан ерөнхий сайд хэдэн зүйл дээр өөрийн байр сууриа илэрхийлжээ. Тухайлбал, УИХ-д өргөн бариад байгаа “Урт нэртэй” хууль, Өрийн удирдлагын тухай хууль, Зөвшөөрлийн тухай хууль, Хуулиудын тухай хууль зэргийг чуулганаар яаралтай хэлэлцэх саналыг тавилаа. Мөн намын дотоод асуудал болон боловсон хүчний асуудлыг хэлэлцжээ. Улс төрийн шахаагаар боловсон хүчнүүдийг ажилгүй болгохгүй байхад анхаарч ажиллахаа мэдэгдсэн байна. Харин Тавантолгойн асуудлаар Монгол улсын сайд М.Энхсайхан ирэх даваа гаригт мэдээлэл хийхээр болжээ. Мэдээлэл хийх үеэр АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатараас сэтгүүлчид зарим асуултад хариулт авлаа.

-Энэ долоо хоногт Өрийн удирдлагын тухай хэлэлцэхээр төлөвлөсөн. Үүнд АН ямар байр суурьтай байгаа вэ?

-Ирэх долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудалд Өрийн удирдлагын менежментийн асуудал ороогүй байгаа. МАН-ын бүлэг энэ асуудлаар хэлэлцэж дуусаагүй байгаа гэсэн хариу өгсөн.

-Автобензин, дизелийн түлшний онцгой албан татварыг нэмэгдүүлснээр цаашид дотооддоо бензин шатахууны үнэ нэмэгдэх үү?

-Бензин, шатахууны онцгой албан татварыг тогтоож байгаатай холбоотойгоор Засгийн газар өнгөрсөн хоёр жилийн хугацаанд нефть импортлогчидтой үнийн тогтвортой байдлын хэлэлцээрийн дагуу тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлж ажилласан. Дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ унаж буй учраас боломжууд бий болж байгаа гэж харж Засгийн газартай тохиролцсон. Иймээс энэ асуудлыг хөндөж тавьсан гэдгээ Засгийн газар тайлбарласан.

-Өрийн удирдлагын тухай хуульд Засгийн газрын баталгаа гаргах гээд байна. Засгийн газраар баталгаа гаргуулах компаниудын нэрсийг олон нийтэд ил болгох уу. Засгийн газраар баталгаа гаргуулсан компаниуд ямар нэг байдлаар дампуурах тохиолдолд төсвөөс шууд өрийг нь төлөх үү?

-Өрийн удирлагын тухай хууль зайлшгүй шаардлагатай байгаа. Харамсалтай нь МАН-ын бүлэг Өрийн удирдлагын хуулиар нэгдсэн ойлголтод хүрээгүй байна гэсэн учраас тодорхой хэмжээгээр хойшлогдоод байна. Намуудын зөвшилцлийн хүрээнд яригдаагүй байна. Засгийн газрын баталгааны асуудал дээр нөлөөлж байгаа асуудал бий. Өндөр хүүтэй богино хугацааны зээл авахгүй гэсэн асуудлаас гадна өнөөдөр Монгол Улсын өрөнд багтаж байгаа, баталгаа гаргасан тэр хэсгийг л энэ хууль гарснаараа чөлөөлж, хувийн хэвшлийнхэн гаднаас хөрөнгө оруулалтыг авах боломжийг нээх юм. Энэ хуулийг АН-ын бүлэг батлуулахын төлөө ажиллаж байгаа. Бусад намуудын хувьд энэ хууль дээр ярих, ойлголтонд хүрэх шаардлагатай байна.

Categories
мэдээ нийгэм

Гэр хороололд нохойтой эргүүл ажиллаж байна

Гэр хорооллын гэрэлгүй харанхуй гудамжинд гэмт хэрэг гарах нь ихэсчээ. Тиймээс ЦЕГ-аас нохойтой эргүүл гаргаж эхэлсэн байна. Энэ сараас эхлэн Улаанбаатар хотын цагдаагийн газрын Нийтийн хэв журам сахиулах хэлтсээс туршин ажиллуулж байгаа нохойтой эргүүл харанхуй гудамж, мухрын хашааны орчинд хяналт тавьж байгаа аж. Сонгинохайрхан, Баянзүрх, Чингэлтэй дүүргийн харанхуй, гэрэлгүй гудамж эхний ээлжинд нохойтой эргүүлийн хяналтад ороод байна.

Categories
мэдээ нийгэм

Т.Хасбаатар гомдол гаргана

Өвөрхангай аймгийн Ардчилсан намын хороо өчигдөр хуралдаж, Үндэсний зөвлөлдөх хорооны нөхөн сонгуулийг хийжээ. Нөхөн сонгуульд С.Дэмчиг, И.Мөнхжаргал, Ц.Доржпалам, Т.Батчулуун, Р.Оюунцэцэг, Б.Жавзансүрэн, Д.Лхагвабуд нарын долоон нэр дэвшигч өрсөлдсөн байна. Олонхийн саналаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ажлын албаны дарга С.Дэмчиг, УИХ-ын гишүүн Г.Батхүүгийн хүн гэгддэг Д.Лхагвабуд нар тодорч, ҮЗХ-ны гишүүн болсон аж. Гэвч Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбооны тэргүүн Т.Хасбаатарыг Өвөрхангай аймгийн Үндэсний зөвлөлдөх хороо/ҮЗХ/-ны нөхөн сонгуульд өрсөлдүүлээгүй тул энэ асуудлаар гомдол гаргахаар болжээ.

Т.Хасбаатарын хувьд өмнө нь Өвөрхангай аймгийн Ардчилсан намын ҮЗХ-ны нөхөн сонгуульд өрсөлдөхөөр мандатаа аваад байсан ч, нэрийг нь бүртгэж баталгаажуулаагүй тул нэр дэвших эрхийг боогдуулж байна гэсэн үндэслэлээр Ардчилсан намын Дотоод сонгуулийн хороонд гомдол гаргасан юм. Дотоод сонгуулийн хорооноос “Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбооны тэргүүн Т.Хасбаатарыг нөхөн сонгуульд өрсөлдөх боломжоор хангах ёстой” гэсэн албан бичгийг Өвөрхангай аймгийн Ардчилсан намын хороо руу илгээсэн байсан ч оролцуулаагүй нь ийнхүү дахин маргаан дагуулахаар болоод байна.

Онцлоход, Ардчилсан намын гишүүн гишүүд дэмжигчдийн холбооны тэргүүн Т.Хасбаатарыг Ардчилсан намаас хөөгдсөн гэсэн мэдээлэл цацагдаад байсан ч намынх нь зүгээс “Т.Хасбаатар Ардчилсан намын гишүүн хэвээр байгаа” гэсэн тайлбар хийгээд буй.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар хотын соёлын өдрүүд Тайваньд

Тайванийн Вандана хийдийн хамба лам яруу найрагч Уй Сигийн санаачлагаар Тайпей дахь Улаанбаатарын Худалдаа эдийн засгийн төлөөлөгчийн газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Соёл урлагийн газартай хамтран “Улаанбаатар хотын соёлын өдрүүд”-ийг Тайванийн Хуалень, Тайпэй хотуудад зохион байгуулж байна. Соёлын өдрүүдийг Хуалень хотын Вандана хийдэд “Монгол гэр” –ийн нээлтээр эхлүүлжээ. Ёслолыг нээж, соёлын өдрүүдийг санаачлан зохион байгуулагч Вандана хийдийн хамба лам Уй Си хэлэхдээ “Аугаа их Чингис хааны төрж мэндэлсэн Монгол гэр арлын Тайваньд сүндэрлэн бослоо. Дэлхий шигээ бөөрөнхий, бөмбөрцөг хэлбэртэй энэ гэр Монгол соёлын тод төлөөлөл болон үүд хаалгаа нээж байна. Монгол гэр байгаа газар бүхэнд Монголын төлөөлөл байх болно. Монголчууд шинэ гэр барихдаа найр хийдэг уламжлалын дагуу бид ч мөн гэрийнхээ нээлтийг хийж байна. Монголын хөх тэнгэр нь цэлмэг, хүн ард нь эрүүл энх аз жаргалтай байхыг хүсье” гэсэн юм. НИТХ-ын төлөөлөгч бөгөөд НЗД-ын Эдийн засгийн асуудал хариуцсан зөвлөх Ц.Алтанцэцэг хэлсэн үгэндээ “Монгол Тайванийн харилцааг цаашид бэхжүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх хамгийн дөт зам бол соёлын харилцаа юм. Тиймээс Монголын Үндэсний болон уламжлалт урлаг, соёлыг Тайванийн ард түмэнд сурталчлан таниулах ажлыг санаачлан зохион байгуулж байгаа Вандана хийдийн хамба лам Уй Си болон бусад хүмүүст талархаж байгаагаа илэриийлье” гэлээ. Улаанбаатар хотын Худалдаа эдийн засгийн төлөөлөгчийн газрын тэргүүн С.Элбэг “Улаанбаатар Тайпэй хотуудын харилцаа 1997 оноос эхэлсэн. Соёл урлаг, биеийн тамир, эдийн засаг, худалдаа, хүмүүнлэгийн салбарт хамтран ажилладаг. Энэ удаа Улаанбаатар хотын соёлын өдрүүдийг хамтран зохион байгуулж, Монголын соёлыг түгээх, сурталчлах бас нэгэн төв үүд хаалгаа нээж байна. Тайванийн ард түмэн Монгол гэр, морин хуур, Монгол соёл урлагтай танилцах энэхүү өргөөний үүд байнга нээлттэй байна гэдэгт итгэж байна” гэлээ. Соёлын өдрүүд Тайванийн Хуалень хотод орших Вандана хийдэд Монгол гэрийн нээлтийн ёслол, Төрийн соёрхолт зураач Ц.Цэгмидийн уран бүтээлийн үзэсгэлэн, Улаанбаатар чуулгын уран бүтээлчдийн тоглолтоор үргэлжилж байна. Соёлын өдрүүд өнөөдөр маргааш хоёр өдөр Тайпэй хотод үргэлжилнэ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Categories
мэдээ нийгэм

Харүмафүжи Д.Бямбадорж жирэмсэн эхчүүдэд яаралтай түргэн тусламж үзүүлэх явуулын эмнэлэг бэлэглэлээ

Харүмафүжи Д.Бямбадорж Японоос Нийслэлийн II амаржих газарт төрөхийн зориулалтын бүрэн тоноглолтой автомашин илгээжээ. Өмнө нь тус эмнэлэгт төрөхийн хүндрэлтэй эхчүүдийг нарийн мэргэжлийн эмнэлэг рүү зөөвөрлөх зориулалтын машин хэрэгтэй байжээ. Энэ машин нь хүчилтөрөгчийн болон даралтын аппарат, зүрхний үйл ажиллагааг хянах төхөөрөмж зэрэг жирэмсэн эхэд яаралтай тусламж үзүүлэхэд шаардлагатай бүхий л хэрэгслээр тоноглогджээ.

2007 онд Асашёорюү Д.Дагвадорж II амаржих газарт ийм зориулалтын машин бэлэглэж байжээ. Тэгвэл найман жилийн дараа сумогийн 70 дахь аварга Харүмафүжи Д.Бямбадорж машиныг нь шинэчилсэн нь энэ аж.

II амаржих газар 75 ортой ч өдгөө 130 эх хэвтэн эмчлүүлж байна. Хоногт дунджаар 30 эх амарждаг тус эмнэлгийн ачаалал хоёр дахин нэмэгдсэн ч төсвийг нь 75 эхэд тааруулан хуваарилдаг тухай тус эмнэлгийн эмч нар гомдоллож байгаа юм.