Ашигт малтмалын газраас хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дагуу VPN тусгай төхөөрөмжөөр аж ахуй нэгжүүдийн мэдээллийг авч эхэлсэн. Гэсэн ч VPN төхөөрөмж гацсан талаар аж ахуй нэгжээс гомдол ирэх болсон билээ. Уг асуудлаар Уул уурхай яамнаас мэдээлэл хийлээ. Ашигт малтмалын газарт 373 аж ахуй нэгж нэвтрэн бүртгүүлж дугаар авах ажиллагаанд оролцсон байна. Сүлжээний ачааллаас үүдэн систем унасан, зогссон, дугаар зүй буаар олгосон тохиолдол гараагүй гэв. Ашигт малтмалын газрын түр орлон гүйцэтгэгч Д.Үүрийнтуяа сэтгүүлчдийн асуултад ингэж хариуллаа.
-Өдөрт хэдэн дугаар, хэрхэн олгож байна вэ?
Ашигт малтмалын газраас өдөрт 30 цахимдугаар олгох бөгөөд дугаар авсан аж ахуй нэгжүүд дараагийн өдөр цахим дугаарт заасан цагт хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлө холбогдох баримт бичгийн хамт Ашигт малтмалын газарт биечлэн гаргаж байгаа. Цахим дугаарыг ажлын 1 өдөр өнжиж даваа, лхагва, баасан гаригт, дараагийн долоо хоногт мягмар,пүрэв гаригт гэх зэргээр сөөлжилж олгохоор тогтсон. Мөн энэ өөрчлөлттэй холбоотойгоор аж ахуй нэгжүүд 1 долоо хоногоор системд нэвтрэх эрх авсан бол 2 долоо хоног, 1 сар нэвтрэх эрх авсан бол 2 сар нэвтрэх эрхтэй болно гэсэн үг.
–ТЕГ-аас хяналт шалгалт хийж гол гол компьютер, төхөөрөөмжийг лацадсан гэсэн мэдээлэл байна. Энэ үнэн үү?
-Төрийн нууцтай холбоотойгоор ТЕГ-аас шалгалт хийсэн байгаа. Манай дээр аж ахуй нэгжүүдийн болон төрийн архив байрладаг.Түүнээс лацадсан, битүүмжилсэн тохиолдол байхгүй. Үйл ажиллагаа хэвийн явагдаж байна.
– Нийт газар нутгийн хичнээн га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохоор төрөөс тогтоогоод байгаа вэ? Мөн солбилцол таарахгүй байгаа аж ахуй нэгжүүдэд хэрхэн олгох вэ?
Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгож болохгүй талбай нийт нутаг дэвсгэрийн 71.52 хувийг эзэлж байгаа. Харин үлдэх 28.48 хувийн тодорхой хувьд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгосон байгаа. Харин 19.88 хувь буюу 31 сая га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохоор төрөөс тогтоож өгөөд байна. Үүнийг хоёр хэлбэрээр олгох юм. Нэг нь сонгон шалгаруулалтаар, нөгөө нь өргөдлөөр гэсэн үг л дээ. Үүний 13.39 хувь буюу нийт газар нутгийн 20 сая газарт хайгуулын тусгай зөвшөөрөл өргөдлөөр олгохоор төрөөс тогтоосон. Харин 6.49 хувь буюу нийт газар нутгийн 10 сая га газарт хайгуулын тусгай зөвшөөрөл сонгон шалгаруулалтаар олгохоор тогтоосон. Төхөөрөмж өөрөө солбилцлын талаархи мэдээлэл өгөх боломжгүй учраас алдаатай солбилцол байж болно. Үүнд бид тухай бүрт нь хариу мэдээлэл өгч байгаа болохоор хэрвээ солбилцол таараагүй бол ахин шалгаж байж олгох болно.
– Хайгуулын тусгай зөвшөөрөл олгож эхэлснээр эдийн засгийн хувьд ямар ач холбогдолтой вэ?
Одоогийн байдлаар 3000 гаруй ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрөл байгаа. Энэ нь 1 дахин нэмэгдэнэ гэсэн таамаглал байна. Ойролцоогоор 3 тэрбум төгрөгийн орлого орж ирнэ гэсэн тооцоо бий.
– Үндэсний компаниудад боломж бий юу? Сонгон шалгаруулалтын тэгш байдлыг хэрхэн хангах вэ? Гадны мөнгө ихтэй компаниудад илүү боломж харагдаад байх шиг?
Аль болох үндэсний компаниуддаа боломж олгох нөхцлийг харж байгаа. Гэхдээ 50, 50 хувьтай гэж харж болно. Өмнө нь явагдаж байсан сонгон шалгаруулалтаар тусгай комисс дүгнэлт өгч, бэлтгэлээ сайн хангасан, техник тоног төхөөрөмж бэлэн байдлыг харгалздаг байсан бол энэ удаад суурь үнээр өрсөлддөг болох юм.