Categories
мэдээ нийгэм

Шуудангийн илгээмжийг гаалийн татвараас чөлөөлөв

Гадаадын улс орнуудаас шуудангаар дамжин ирсэн илгээмжийг гаалийн татвараас чөлөөлөх тухай хууль хэрэгжиж эхэллээ. Ингэснээр улс хоорондын шуудангийн илгээмжээр илгээсэн арилжааны шинж чанаргүй, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэн буюу 1 920 000 /нэг сая есөн зуун хорин мянга/ төгрөгөөс дээшгүй үнийн дүнтэй илгээмжийг гаалийн татвар төлөхгүйгээр хүлээн авах боломжтой болж байна. Энэ үнийн дүнг Гаалийн ерөнхий газар, Харилцаа холбооны зохицуулах хороо болон шуудангийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн санал, хүсэлтэд үндэслэн тогтоожээ.

ГЕГ-ын харьяа Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газраар нэвтэрч байгаа шуудангийн илгээмжийг гол төлөв гадаадад оршин суугаа Монгол улсын иргэдээс гэр бүлдээ илгээсэн хуучин хувцас, хичээлийн хэрэглэл, хүүхдийн гутал, хувцас, ном, бэлэг дурсгал, бага оврын хүнсний зүйл, эм, эмийн багаж, хэрэгсэл гэх мэт арилжааны бус, хувийн хэрэглээний эд зүйлс эзэлж байдаг. Гэтэл тэдгээрээс гаалийн албан татвар нэхдэгт иргэд байнгын гомдолтой байдаг бөгөөд улмаар энэ байдал нь шуудангийн байгууллагуудын үйл ажиллагаанд ч хүндрэлтэй байсан. Тэгвэл одоо дээрх төрлийн барааны үнийн дүнд тодорхой хязгаарлалт тогтоож, албан татвараас чөлөөлж байна.

Categories
мэдээ нийгэм

Зам, барилгын салбарт найман тэрбум ам.долларын хөрөнгө хийх боломжтой гэв

Канадын Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Khot Infrastucture Holdings” компани Монголын зам барилгын салбарт хийх хөрөнгө оруулалтын боломжийг найман тэрбум ам.долларт хүрч өснө гэж үзэж байгаагаа илэрхийлжээ

Тэдний ийм дүгнэлт гаргах болсон шалтгааны нэг ньМонгол Улсын Засгийн газрынҮндэсний хөгжлийн цогц бодлогод тусгасан 10 мянган км автозам барих төлөвлөгөө гэнэ.

“Khot Infrastucture Holdings” нь охин компаниараа дамжуулан Дархан-Уул аймагт зургаан км хатуу хучилттай автозамын засвар, шинэчлэлийн ажлыг гүйцэтгэн, хүлээлгэж өгснөө ч мэдээллээ.

Categories
нүүр-хуудасны-онцлох туслах-ангилал

Р.Нямдорж: Бөхийн цолыг Ерөнхийлөгч биш Бөхийн холбоо нь өөрөө өгөх хэрэгтэй

Монголын үндэсний бөхийн холбооны тэр­гүүн, Монгол Улсын соё­лын гавьяат зүтгэлтэн Рэгжийбуугийн Нямдорж­той ярилцлаа.

-Таныг Алтайн хөх харчуудын нэгэн, улсын заан Даваанямын ах, улсын гарьд Ганбаатарын аав гээд гэр бүл талаас чинь хүмүүс ерөнхийдөө мэднэ. Бөхтэй амьдралаа холбосон замналаа ч нэлээдгүй ярь­сан байдаг. Харин бөхийн холбоог байгуулж байх тэр үед хань бараа болж байсан ахмад бөхчүүд гэвэл хэн хэн байв?

-Намайг бөхийн холбоо руу ороход эртний гэх хүмүүс нь Гялдангийн Цоодол гуай, “Дэрэн бор” Сүнрэвийн Самданжигмэд гуай хоёр байлаа. Дөчөөд оны сүүл, тавиад оны эхээр төрийн наадмын түрүү үзүүрт шалгарч явсан хүчит арслангууд шүү дээ. Мөн тавин нэгэн оны улсын наадамд Түвдэн аваргатай үлдэж түрүүлж байсан Жамсрангийн Цэвээнравдан аварга байна. За тэгээд Сэлэнгийн Гомбодагва гэж хамгийн ахмад улсын заан цолтой бөх байсан. Би Вандан аваргын тухай их асууна. Гомбодагва гуай гэхэд “1922 оны улсын наадамд барилдаж хоёр даваад боорцогноосоо жанжин Сүхбаатарт амсуулж байлаа” гэж ирээд л хууч хөөрдөг сөн.Тэгэхээр мөн ч эртний хүн байгаа биз. Гомбодагва гуай худал хэлдэггүй, баримттай яг л үнэнийг хэлдэг сайхан буурал байлаа. “Манай Вандан гуай чинь үнэндээ анги байсан даа. Ярих юм биш. Толгойных нь ар дагзны арьс сарлагийн бухны магнайн арьс шиг зузаан тийм хүн байсан” хэмээн халхын домогт их аваргыг нүдээр үзсэн их хувь заяагаараа бахархана. Ахмад хүчтэнүүдийн ярианаас Лу гүний Вандан гэж ямархан аварга амьтан байсан нь мэдрэгдээд ирдэг. Оросын сэтгүүл дээр хэвлэгдсэн Вандан гуайн идэр залуугийн зургийг манай бөхийн холбооныхон олж ном сонинд гаргасан даа.

-Түрүүнд та Цоодол арслан, Самданжигмэд арслан хоёрын талаар дурдаад өнгөрлөө?

-Самданжигмэд гуай ухаан санаа сийрэг лут хүн байлаа. Цоодол гуай “Дэрэн бор”-ыгооманай “дэрэн хар” гэнэ. Тэгснээ “Би энэний үгнээс гаралгүй өдий хүрлээ” гэнэ. Тэр нь ч үнэн. Амьдрал дээр, монгол бөхийнхөө дэвжээн дээр ч Цоодол гуай Самданжигмэд гуайгаас л бүх зүйлээ асууж ирсэн юм билээ. Манайхан мэднэ дээ. Жаран гурван оны наадмын тавын даваанд хоёр арслан ярилцаад Увсын Баянмөнх, Төв аймгийн Дагвасүрэн гэсэн 19 настай хоёр залууг нэг нэгээр нь амлаж аваад улсын цолонд хүргэсэн байдаг. Цоодол гуайгаар тав давсан Баянмөнх төрийн наадамд арав түрүүлсэн бол, Самданжигмэд гуайгаар тав давсан Дагвасүрэн улсын наадамд гурав үзүүрлэсэн. Арвайхээрийн Банди гэж Вандан аварга, Буур Жамъян аварга нарын үеийн домогтбөхийн гарын хоёр шавь шүү дээ.

Ерээд оны эхэн үеэс миний түшиг тулгуур болж ирсэн хүн бол Дагвасүрэн арслан юм. Тухайн үед арслан маань 40 гарсан л хүн байж. Өнөө жил далан нэгэн насандаа өөд боллоо. Бөхийн авьяасаас гадна шинжлэх ухааны хүн. Өндөр боловсролтой, соёлтой хүн болохоороо нөхөрлөлдөө их үнэнч, шулуун шударга зантай ясны зарчимч мундаг хүн байлаа. Аливаа зүйлд намайг биеэрээ хамгаалж ирсэн хүн. Наадмын ерөнхий цэцээр ажиллаж байхдаа миний өмнөөс тавьтаргүй бөхөд төв цэнгэлдэхэд элэгдүүлээд зогсож байлаа. Өнөөдөр монгол бөх эрэмбэндээ орчихсон. Түүнээс ерээд оны эхэн дунд үед мөн ч хэцүү байлаа шүү дээ. Мөн 2002, 2003 оны бөхийн өргөө рүү хэсэг бүлэг хүмүүс дайрдаг тэр үед Дагвасүрэн гуай л ганцаараа Данзан бид хоёртой үлдээд гааздуулж байсан түүх ч бий. Тийм түшигтэй сайхан хүн байлаа.

-Дагвасүрэн гуай гааздуулаад гэснээс заан Ганболд, Амгаа, начин Дуламсүрэн гээд нэр бүхий бөхчүүд Бөхийн өргөө рүү нохойтой дайрч сүрхий юм болж байсан?

-Ардчилсан нийгэм хүнд ямар авир байна түүнийгээ гаргах эрх чөлөөг өгдөг юм байна. Хэсэг бүлэг хүмүүс бөхийн өргөөний дөрвөн талаас нохойтой зэрэг дайрч үүд хаалгыг цөм өшиглөөд дээрмийн шинжтэй орж ирсэн. Тэдний ингэж улайран дайрсан шалтгаан ерөөсөө бөхийн өргөөг эзэлж авах гэсэн атгаг санаа агуулсантай холбоотой. Ашигтай гэж ойлгоод л улайрахгүй юу. Ер нь хувьчилж авах гэж үзсэн нь тэр л дээ. Бидний барьсан бодлого бол бөхийн өргөөг хувьчилж болохгүй гэж үздэг. Хувьчлах тухай асуудал бөхийн өргөө баригдаж дуусаагүй байхад л яригдсан. Төрөөс өгсөн 800 сая дээрээ түшиглээд Төрийн өмчийн хороо шалгаад эхэлж байсан. Бөхийн холбоо эзэнтэй, удирдах бүрэлдэхүүнтэй, хууль ёсны ажил үүргээ гүйцэтгэж байсан болохоор тэд зүгээр нэг дайраад амжилт олохгүй юм байна гэж үзсэн. Тэгээд хууль бус хэд хэдэн хурал хийсэн.

-Үндсэндээ тэргүүнээ сонгочихоод тамга тэмдгээ авна гэж дайрсан уу?

-Тэгсэн юм. Гэхдээ энд би хүний нэр ус хэлэхгүй. Болсон явдлыг асуултын чинь дагуу утгачилан хариулж байна. Тэд тамгыг маань булааж авсан. За яахав тамгаа алдлаа. Гэхдээ надад тухайн үед харамсаж явдаг нэг зүйл бий. Манай өрөөний хаалгыг цүүцээр эвдэж, цэвэр дээрмийн шинжтэй улайран дайрч байхад цагдаа нар юу ч болоогүй юм шиг хараад зогсож байсан. Би цагдаа нарт хандан “Та нар энэ хууль бус үйлдлийг зогсоогооч ээ. Байгууллагын эд хөрөнгөд ингэж халдаж болохгүй шүү дээ. Надад та нар шиг цагдаа дүү байна” гэхэд огт хөдлөхгүй байгаа юм. Би дахин дахин шаардсан. Тэгэхэд цагдаагийн хэсгийг ахалж явсан нэг дэд хурандаа “Нямдорж ах аа үнэнийг хэлье. Генерал биднийг битгий хөдлөөрэй гэсэн тушаал өгсөн юм” гэсэн.Генерал гэдэг нь тэр үеийн Цагдаагийн ерөнхий газрын дарга л даа. Цагдаагийн даргын цаана хэн байна гэхээр Хууль зүйн яамны сайд байгаа юм. Тэр чинь 2002-2003 оны үе шүү дээ. Тэгжл цэрэг цагдаатайгаа нийлсэн төрийн аппарат төрийн бус байгууллага руу дээрмийн үйл ажиллагааг гардан зохион байгуулж байлаа. Бөхийн өргөөний дөрвөн талаас нохойтой дайраад, гааз шүршээд юм авч зугтааж байсныг эргээд бодохоор хүүхдүүдийн хоорондын тоглоом ч юм шиг санагддаг. Ер нь тэр үед дээрэм их явагдсан. Нийслэлийн нэр бүхий хүмүүс Бөхийн өргөөний эзэмшилд байсан машины зогсоолын газруудыг дээрэмдэж аваад л бүгд нэг нэг байшин барилга барьчихсан. Уул нь төрийн бус байгууллагын үйл ажиллагаанд төрийн байгууллага хүч түрэмгийлэн орж болохгүй. Бид цэрэг цагдаа, төр, хэсэг бүлэг бөхчүүдээс ямар чиг байсан Бөхийн өргөөг авч үлдэж чадсан. Тэр бол гавьяа. Бараг л түүнийх нь төлөө гавьяат гэдэг цолыг өгч болохоор.

-Одоо таны хэлээд байгаа, дээр миний нэр дурдсан бөхчүүд ямар санаа бодолтой явдаг бол?

-Бас л бөхийн өргөөг авна гэсэн бодолтой байгаа. “Хувьчлагдаагүй ганцхан объект бөхийн өргөө байна. Үүнийг хувьцаат компани болгох ёстой” гээд ярьдаг, саяхан ч ярьж байна лээ. Улсын аварга болоодөндөр цолтой бөхчүүдийн ярианд ард түмэн итгэнэ. “Энэ хүмүүсийн яриад байгаа худлаа. Тэр чинь ийм учиртай” гээд тайлбар хийвэл дараа нь бүр нарийн аргаар худлаа ярихаа тэд сайн мэднэ. Бусдаар бичүүлнэ. Хичнээн ч удаа наадах чинь худлаа шүү гэж хэлээд нэмэргүй. Ийм нэг зүйлийн учир гогцоо тайлагдах цаг ирнэ л дээ. Би юмыг эргэцүүлэн бодох дуртай. Манай ааваас надад үлдсэн нэг зүйл бол аливааг гүйцэд бодох ухаан юм. Аливаа асуудлын бүх эрсдлийг урьдчилан тооцож байж ажлаа эхэлдэг. Улс орны эдийн засаг хүнд хэцүү цагт бөхийн өргөө байгуулнаа л гэсэн. Энэ бол миний зүгээр нэг сэтгэлийн хөөрлөөр эхэлсэн зүйл биш. Гарах бүх л эрсдлийг тооцсоны эцэст гаргасан шийдвэр.

-Нэг хэсэг Д.Сумъяабазар аварга бөхийн холбоог шүүмжилж баахан ярьсан. Одоо А.Сүхбат аварга бас л яриад байгаа. Тэдний ярьдаг сэдэв нь Данзан, Нямдорж хоёр. Ингэж бусдын бай болохын оронд наад бөхийн өргөөгөө хэн нэгэнд өгчихөж болдоггүйюм уу. Ширээ сандалтайгаа ингэж их зууралдахынхэрэг байна уу. Та нэгэнтээ Бөхийн холбоог бусдад өгч болно. Гэхдээ нэр бүхий найман хүнд өгөхгүй гэж хэлсэн удаатай?

-Бөхийн холбоог Данзан бид хоёр хувьчлаад авчихсан биш дээ. Цаашид хэн нэг нь удирдаад явах болно. Гэхдээ бид хоёрт бодож санаж төлөвлөсөн зүйл байна.

Аль тэртээ ерэн найман онд бөхийн өргөөг ашиглалтад өгөөд эрдмийн ажлаа хөөе гэж ярилцсан. Гэвч тэр үед ойр дотнын бүх хүн зөвшөөрөөгүй юм. Тэгээд ч 1998 онд III Их Эеэр намайг бөхчүүд нэр дэвшүүлээд тэргүүнээрээ сонгоод үргэлжлүүлэн ажиллах үүрэг өгсөн. Ингээд 2002 он боллоо. Бөхийн цолны шинэчлэлийн асуудал ид яригдаж байсан цаг.

Бид шинэчлэлийн бодлогыг 2000 онд эхлүүлсэн юм. Харцага, гарьд цолыг бий болгож, улсын наадмын дөрвийн давааг оноолтоор барилдуулдаг, ижил цолтой бөхчүүдийг амжилтаар нь эрэмбэлдэг болсон. Энэ шинэчлэл монгол бөхийг аварсан юм. Найраа гэдэг зүйл газар авчихсан, тэр жилийн наадмаар хэн хэн улсын цолонд хүрэх вэ гэдгийг цагаан сараар тохирчихдог байсан тийм л цаг. Монгол бөх үзэгчгүй болоод сөнөх тал руугаа хандсан байв. Аливаа юм худлаа л байвал үнэ цэнээ алдан устаж үгүй болдог. Монгол бөхөд хийсэн шинэчлэл үргэлжлээд явсан учир 2002 оны бөхийн холбооныдөрөвдүгээр “Их эе”-ийн төлөөлөгчид намайг дахин сонгосон. Гэвч тэр хурлаас хилс хэрэг үүсгэсэн юм. Тэрхүү хилс хэрэг өнөөдөр ч үргэлжилсээр байна. Гэхдээ нэг зүйлийг хэлэхэд өнгөрсөн 25 жилийн хугацаанд монгол бөхчүүд аргадах, алгадах аавтай хүн шиг байсан.

-Өнгөрөгч зуны наадмаар найман жилийн өмнө зодог тайлсан А.Сүхбат аварга зодоглосон. Наадмын өмнө­хөн Г.Өсөхбаяр аваргын хамт дархан аварга цол хүртээд зодоглосон. Гэтэл бас л асуудал гарсан. Зүү­ний магнайд хэн гарах вэ гэдэг дээр маргаан болсон. Сүхбат “Би гарна” гэж орилж хашгирсан дуулддаг. Үүнд та огт тайлбар өгөлгүй өдий хүрлээ?

-Яах вэ, олон түмэн юмыг ойлгоно биз ээ. Хэн зүүний магнайд гарах вэ гэдэг бол монгол бөхийн эрэмбийн асуудал. Тэрхүү цолны эрэмбэ дарааллыг чинь Монгол Улсын Ерөнхийлөгч биш Монголын үндэсний бөхийн холбоо гаргадаг юм. Засгийн газрын дүрмэнд тэгж заасан байдаг. Бид хууль дүрмийнхээ дагуу л эрэмбэлсэн. Бөхийн холбоо бөхчүүдийг амжилтаар нь эрэмбэлнэ гэхээр ганцхан Нямдоржийн асуудал биш. Тэнд тусгай мэргэжлийн баг ажилладаг. Тэд бөхчүүдийнхээ үзүүлсэн бүхий л амжилтыг үзэж эрэмбийг гаргаж байгаа. Түүнээс хэн нэгэнд нь дотно гээд буруу эрэмбэлэх өөдгүй зан, муу жудагтай хүн би биш.

-Сүхбат, Өсөхбаяр хоёрын хувьд нэг өдөр нэг зарлигаар дархан аварга цол хүртсэн. Тэгэхээр өмнөх эрэмбээр нь явах уу, эсвэл улсын аварга цолтой бөхчүүдэд эрэмбэ хамаардаггүй юу?

-Өмнөх амжилтынх нь илүүгээр эрэмбэлдэг журам дүрэм байна. Түүгээр эрэмбэлээд Өсөхбаяр зүүний магнайд гарах учиртай. Гэвч нөгөө бөх нь “Ерөнхийлөгчийн зарлигт миний нэр түрүүлж дуудуулсан. Тэгэхээр би дархан аварга цолыг түрүүлж авсан” гэж үзсэн л дээ. Түүнд хариу өгөх бэлээхэн жишээ байна. 2003 онд бөхийн шинэчилсэн дүрмээр харцага цолыг бий болгож төрийн наадамд зургаа давсан бөхчүүдэд уг цолыг Ерөнхийлөгчийн зарлигаар нөхөж олгосон. Хэрвээ Ерөнхийлөгчийн зарлигийн номер дугаараар эрэмбэлдэг бол тэдгээр бөхчүүдийн өмнөх амжилт хэнд ч хэрэггүй болно. Бас үндэсний их баяр наадмын бөхийн салбар хороо, үндэсний бөхийн холбоо гэж байхын хэрэггүй.

-Өсөхөө аварга амжил­таараа зүүний магнайд гарах учиртай байж. Гэтэл яагаад Сүхбат аваргыг гаргачихсан юм. Бөхийн холбоо яагаад хууль дүрмээсээ ухрав?

-Аливаа юманд ухаантай нь хохирч байж хорвоо оршин байдаг юм билээ.Ах дүүсийн амьдралд ч ийм. Төрт ёсны тэр том баярыг дэлхий дахинд эвгүй байдлаар харуулах, мөн ард түмнээ бас эвгүй байдалд оруулахгүйн тулд ухаантай нь тухайн асуудалд буулт хийхээс аргагүй болсон.

-Монгол бөхийг ингэж их гааруулж, алдаршуулах хэрэг байна уу даа гэсэн бодол надад төрдөг. Уучлаарай. Төрийн наадамд тав давсан нэг нөхөрт Монголын төр цол чимэг хайрлаад л, Ерөнхийлөгч нь зарлиг гаргаж өгөөд л. Ингэхийн хэрэг байна уу. Статусыг нь буулгах хэрэгтэй юм биш үү. Ухаандаа цол чимгийг нь бөхийн холбоо өөрөө өгдөг болбол яасан юм бэ. Наад бөх чинь баялаг бүтээгчид биш шүү дээ?

-Бөхийн цолыг бөхийн холбоо олгодог байсан. 2003 оноос Ерөнхийлөгч өгдөг болчихсон. Ард түмэн бөхтэй холбоотой бүх зүйлийг бөхийн холбоо мэднэ гэдэг. Наад захын жишээ гэхэд “допинг хэрэглэсэн бөхчүүддээ арга хэмжээ аваач ээ. Нямдорж хахууль авчихаад чимээгүй байна” гэдэг. Ингэж хэлж байгаад учир бий. Бөхтэй холбоотой бүхий л асуудлыг бөхийн холбоо мэдэх ёстой гэж ард түмэн үзэж, ойлгоод байгаа нь энэ. Тэгэхээр цаашдаа бөхийн цолыг бөхийн холбоо өөрөө өгдөг болох ёстой. Ерөнхийлөгч үүнээс татгалзах хэрэгтэй. Мөн допинг болоод бөхчүүдтэй холбоотой сахилга хариуцлагын асуудлыг бөхийн холбоо өөрөө шийддэг байх нь зөв. Бөх гэдэг чинь өөрөө ард түмний зүйл. Бөхийн холбоо бол ард түмний төлөөлөл болох төрийн бус байгууллага. Үүнд төр оролцох хэрэггүй.

Та сая бөхчүүд баялаг бүтээдэггүй гэлээ. Ингэж ойлгох нь бас өрөөсгөл. Урлагийнхан тэгвэл материал­лаг баялаг бүтээдэг хүмүүс үү. Жишээлбэл, төрийн шагналт жүжигчин Н.Сувдаа ямар материаллаг баялаг Монголд бүтээсэн бэ гэвэл тийм зүйл үгүй. Сувдаа жүжигчин тайз дэлгэцэнд бүтээсэн дүрээрээ ард түмний сэтгэл зүрхэнд баяр баясгалан авчирдаг, жаргал бэлэглэдэг. Сэтгэлийн цэнгэл амссан хүмүүсийн амьдрах эрч хүч улам нэмэгдэж, цог золбоотой болдог. Ийм зүйлийг бүтээдгээрээ тэд үнэтэй юм. Бөх бол яг л үүнтэй ижил зүйл.

-Тэгвэл танаас бас нэг зүйлийг асууя. Сүүлийн гурван ч наадамд Увсын бөх түрүүллээ. Гэтэл төв цэнгэлдэхэд “Увс нуур” дуу эгшиглэх болсон. Үүнд та ямар бодолтой байдаг вэ?

-Наадах чинь нэг их ач холбогдол өгөөд байхаар том зүйл биш л дээ. Манай Алтайнхан шинэ жилийн цэнгүүн юм уу, аймаг орон нутгийнхныгаа хамруулсан баяр дээр “Зулай цагаан Алтай”-гаа дуулдаг. Харин төрийн наадам дээр бол арай өөр. Монгол төрийн наадамд түрүүлсэн хүчтэнээ угтаж аваад төв цэнгэлдэхдээ “Халуун элгэн нутаг”-аа дуулбал сайхан л байх байх. Би хувьдаа ийм бодолтой байна даа.

Ярилцсан Н.ГАНТУЛГА

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хулганайн ТЭРГЭЛ: “Зүрхээр наадагч” киноны уран бүтээлчид манай гэр бүлийг доромжилсон учраас шүүхэд өгч байгаа

МЗЭ-ийн шагналт яруу найрагч Хулганайн Тэргэлтэй цахимаар холбогдож хөөрөлдлөө. Тэрээр эдүгээ АНУ-д амьдарч буй манай нэртэй уран бүтээлчдийн нэг билээ.

-Та сайхан өвөлжиж байна уу. Америк оронд очоод хэдэн жилийн нүүр үзчихэв дээ?

-Сайхаан. Найман жил болж байна аа.

-Бас л их удаж байгаа юм байна даа. Хүний нутагт ямаршуухан байна?

-За, хүнд хэцүү үе их л байлаа. Амьдралдаа хийж үзээгүй хар бор ажил хийх, сэтгэл санаа гундах гээд эхэндээ амар байгаагүй ээ. Одоо бол дасаад арай дээр болсон доо.

-Хэн хэнтэйгээ амьдарч байна?

-Нөхөр, хоёр хүүхдийнхээ хамт аж төрж байна даа.

-Өөрийн чинь “Залуу явахад юм бүхэн өнгөлөг” шүлэг цахим ертөнцөд их явах юм. Мартсанаас мал мэнд үү гэдэг шиг уран бүтээлийн олз омог хэр их байна?

-Уран бүтээлийн хувьд чамлахааргүй байгаа. “Америк диваажин мөн үү” ном, мөн яруу найргийн номоо бэлдээд гараас гаргах ойртож л байна. Мөн хөгжмийн зохиолч Ш.Энхбат, “Хурд” хамтлаг, “Emotion” хамтлагтай хамтарч хэд хэдэн дуу хийлээ.

-Таны шүтэн бишрэгчдэд дуулгах сайхан мэдээ байна шүү…

-Ирэх жилээс эх орон­доо очиж амрахдаа но­моо хэвлүүлчихээд, уншигчид­тайгаа уулзаж уран бүтээлийн үдэшлэг хийх санаатай л байна.

-Та чинь ингэхэд төрийн шагналт яруу найрагч О.Даш­балбар агсны хамаатан гэдэг бил үү?

-Тийм ээ. Яруу найрагч О.Дашбалбар миний авга ах юм. Миний аавын ээж, эмээгийн төрсөн дүү Очирбат ахын ууган хүү шүү дээ.

-Таныг яруу найрагч болоход авга ахын чинь нөлөө их байв уу?

-Яг үнэндээ ээж минь л надад их нөлөөлсөн. Миний ээж намайг уран зохиолын хичээлдээ авьяастайг минь мэдэрч, долоо наймдугаар ангийн хүүхэд зуны амралтаар эмээгийнх өөдөө явахад тэмдэглэлийн гоё дэвтэр өгч “Шүлэг бичээрэй” гэсэн юм. Ээжийнхээ үүрэг даалгавар ч гэх үү, хүслийг биелүүлэх гэж бороотой өдөр гадаа догдлон сууж анхны арав гаруй шүлгээ бичиж билээ. Тэр миний уран бүтээлийн гараа байлаа. Анхны шүлгүүдийг маань аав, ээж хоёр Дашбалбар ахад “Манай энэ хүүхэд шүлэг бичих дуртай юм. Болбол хэвлүүлээд, болохгүй бол тэр биз” гээд өгч байсныг санаж байна. Дашбалбар ах маань ч ер нь ах дүүсээ байтугай төрсөн хүүхдүүддээ ч өөрийн чадлаараа яв гэж ханддаг шударга нь дэндүү хүн байсан шүү дээ. Их хожим шүлэг сайн бичиж байгаа сайн найрагчдын нэрийг дурдахдаа миний нэрийг оруулсан байсныг сонин дээр гарсан ярилцлагаас нь олж уншаад учиргүй их хөөрч байлаа.

-Тэр шүлгүүд тэгээд уран бүтээл болоо юу?

-Би ч шүлгүүдээ мартаж орхиж. Тэгтэл ээж нэг өдөр “Утга зохиол, урлаг” сонин авчраад өгтөл аугаа их Д.Урианхай ах өмнөх үг бичээд хэвлүүлсэн байж билээ. Одоо ч би энэ хувь заяандаа баярладаг. Анхны тэр шүлгүүдээс “Намар”, “Хүүхэд нас минь баяртай” гэдэг хоёр шүлэгт урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Д.Баттөмөр гуай, “Элькондор” хамтлагийн Цогоо хоёр аялгуу хийн дуу болж байсан түүхтэй. Аа бас, Дашбямбын ая “Номинталст”-ын Батсүхийн дуулдаг “Өвлийн шөнө” гэдэг дуу маань тэр анхны шүлгүүдийн нэг юм байна. “Хүүхэд нас минь баяртай” дуу гэхэд хорин найман жил дуулагдаж байна шүү.

-Миний санахад “Залуу явахад юм бүхэн өнгөлөг” гэсэн ганц ном гаргасан байх шүү?

-Үеийнхнээ бодоход ердөө ганц номтой яруу найрагч. “Чөтгөрийн гүнж”, “Залуу явахад юм бүхэн өнгөлөг” хоёр шүлгээрээ би Монголын уран зохиолын хоосон хатавчинд зогсохооргүй яруу найрагч гэдгээ баталсан гэж уран бүтээлчийн хувьд өөрийгөө тоодог шүү.

-“Болор цом” наадамд “Би чөтгөрийн гүнж” гэсэн шүлгээ уншихыг чинь хараад ний нуугүй хэлэхэд биширч байлаа. Энэ наадамд олон удаа оролцов уу?

-Би ер нь тэмцээний одгүйгээ мэдрээд “Болор цом”-доо олон удаа шүлгээ уншаагүй ээ. Гэхдээ “Болор цом”бол яруу найрагчдыг ард түмэнд таниулж өгдөг сайхан тэмцээн. Би муулах дургүй.

-Саяхан цахим хуудсан дээрээ “Зүрхээр наадагч” киноны уран бүтээлчдийг шүүхэд өгнө гэсэн байсан. Ямар учиртай юм болов?

-Би эцэг эхээс ах дүү дөрвүүлээ юм. Нэг ах, хоёр дүүтэй. Аав маань дөрвөн хүүхдэдээ Эрхэс, Тэргэл, Ялгуун, Энхжин гэж сайхан нэрсийг ертөнцөд мэндлэхэд минь шивнэж өгсөн. Тэр бүү хэл, “Эрхэс тэнгэрт

Тэргэл саран

Ялгуун сайхнаар

Энхжин мандмой” гэж шүлэглэж бидэнд бэлэглэсэн байдаг. Гэтэл, “Зүрхээр наадагч” гэдэг кинонд бидний нэрийг бүгдийг оруулаад, аавын шүлгийг хүртэл хуулсан байгаад хэн ч гэсэн гомдолтой байна биз дээ. Бидний ууган ах 1969 оны, отгон дүү 1976 оных. Тэр үед бидэн шиг содон сайхан, ховор чамин нэртэй ганц ч хүүхэд байгаагүй. Сүүлд 1990-ээд он, шинэ мянганд төрсөн хүүхдүүдэд дуурайж будаан ширхэг, бороон дусал шиг олноор үржүүлж өгсөн дөө.

-“Зүрхээр наадагч”-ийг үзэв үү. Аль хэр кино байх юм?

-Үзсэн. Үнэхээр надад таалагдаагүй. Зарим хүмүүс “Танай гэр бүлийн амьдралаас сэдэвлэсэн юм уу” гэж асууж байна лээ. Ядаж байхад, киноны дүр болох дөрөв дотор янхан, луйварчин, хог түүгч гээдгялайх цайх намтартай олигтой ганц ч хүн алга. “Уран бүтээлийг ингэж хүн доромжилж хийдэггүй юм аа. Аав маань та нараас бидний нэрийг зээлдэж, тууж авсан юм уу” гэж асуух гээд гавьяат жүжигчин Уранчимэг, Цогоо, киног зохиосон гэх жүжигчин Ганчимэг нараас асуух гээд холбогдохоор утсаа ч авахгүй юм. Уучлал гуйж холбогдох болов уу гэж ч бишгүй харлаа.

-Одоо тэгээд гомдлоо барагдуулж шүүхэд өгөх үү, яахав?

-Би тэднийг шүүхэд өгнө. Аав минь өөд болоод ганц жил ч болоогүй байхад хул­гайч гэж дэлгэцээр доромжилж, бас цахим ертөнцөөр доромжлогдох боломжоор хангаж өгсөн тэдэнтэй үсээ цайтал тэмцэнэ. Тэднийг өмөөрч, өөгшүүлж буй олон ч хүнд өөрөө хулгай хийсэн гэмтэн шиг өчнөөн доромжлууллаа. Үнэхээр гомдолтой байна. Уранчимэг аавын маань бидэнд зориулсан сэтгэлийн сайхан үгийг хээв нэг ашиглачихаад, миний дүү, ангийнхаа охин Ялгуунд ч дуулгаж болох л байсан даа. Одоогийн нөхцөл байдлаар бол миний аав хулгайч шиг харагдаад, тэд харин агуу уран бүтээлчид болж нийгэмд ойлгогдоод байна. Хүн чанаргүй байна гэхэд ийм байж болох уу, даанч.

-Урнаа гавьяат, Ганчимэг жүжигчин хоёртой манай сонин ч холбогдох гээд чадаагүй. Таны дуудлагыг тэгэхээр авахгүй нь ойлгомжтой биз дээ?

-Утсаа ерөөс авахгүй байгаа. Би зурвас бичиж байж, Ганчимэг надад майл хаягаа өгсөн. Тэгсэн тэр нь шал буруу хаяг байсан. Хулгайч биш л юм бол тэд юунд миний дугаарыг авахгүй зугтана вэ гэж дэмий л гайхаж сууна. Урнаа ч утсаа авахгүй байгаа. Сонин хэвлэлийнхэн залгаад үзэхэд утсаа ер авахгүй байна гэсэн. “Одод” болчихоороо хүний утас ч авдаггүй юм уу.

-Аавын чинь шүлгийг хүртэл иш татсан болохоор зохиогчийн эрхийг аргагүй ноцтой зөрчиж дээ. Танай аав яруу найрагч хүн байсан юм уу?

-Миний муу аав зохиолч хүн байгаагүй ээ. Амьдралдаа анх удаа хоёр хүү, хоёр охиндоо бичсэн ганц шүлэг нь болохоор би дэндүү хайртай юм. Ааваараа бахархаж баясаж явдаг нандиндурсамжийг минь ингэж хөөтэй хутгаж болохгүй.

-Нандин дурсамж үлдээсэн шүлгийг киноны уран бүтээлчид хаанаас авчихсан юм бол?

-Өөрөө тэднээс асуусан нь дээр байх. Би далдыг мэддэг хүн биш. 1987 оноос хойш өгсөн миний бүх ярилцлагад шахуу байгаа. Хамгийн сүүлд гэхэд МҮОНТВ-ийн тоймч Ц.Мөнхтөр ахын “Ярилцъя” нэвтрүүлэгт 2010 онд орохдоо дурдаж л байсан. Үүнийг маань батлах амьд гэрчүүд ч олон бий.

-Аа, таны ярианаас сон­соод л уран бүтээлийн өл­гөц болгоод авчихаж л дээ…

-Хамгийн гол нь аавын минь бидэнд хайрласан нэр, бидэнд зориулсан шүлэг энэ киноных нь амин сүнс, гол холбоос болсон байна лээ. Би жүжигчин Урнааг Драмын театрт өлгүүрчин, Цогоог СУИС төгсөөд хүнд танигдаагүй, Ганцэцэг, Ганчимэгийг урлагт сураггүй байхад Монголын их уран зохиолын хаалгыг татаж, дуудах нэр, дуурсах алдартай, хүмүүс шүлгийг минь ам дамжуулан цээжилдэг болчихсон уран бүтээлч байсан. Урнаа, Цогоо хоёрт хэлэхэд хоёуланг чинь таних л юм сан, ичих нүүртэй амьдраарай гэж захичихъя.

-Монгол Улсад оюуны өмч, зохиогчийн эрх гэдэг ойлголт хэцүүхэн л байдалтай байдаг эд. Харин АНУ-д байдал ямар байдаг юм бол?

-Америкт ёстой нүүр хийх газаргүй болно. Залуусын хэлдгээр “будаа болж” шо­рон зүглэнэ. Хийсэн ганц ч уран бүтээлийг нь хүн үзэх­гүй, асар их төлбөрт унана. Нэр төр нь шалбаагт унана. Монголд хууль эрхзүй ямаршуухан байгааг хуульчид хандсан байгаа. Шинэ он болох гэж байхад баахан гомдол ярьчихав уу даа.

-Үнэн юмыг бага дээр хэлж ярьж явахгүй бол угаасаа хэцүү л дээ. МЗЭ-ийн төлөөллүүд жил бүр АНУ-д зочилж, нутаг нэгтнүүддээ зориулсан утга зохиолын үйл ажиллагаанд оролцдог болсон. Үүнд та хэрхэн оролцож байна?

-“Америкийн монголчуу­дын уран зохиолын нийгэм­лэг”-ийг Пүүжээ гэдэг сэтгүүлч хүү зохион байгуулъя, тус дэм болооч гэсний дагуу бүх чадлаараа л дэмжиж явдаг даа. Анх Америкт Монголын зохиолчид маань хөл тавих үүд хаалгыг Денвер хотод аж төрж буй яруу найрагч Лхамзаваар ахлуулсан “Тулга” клубийн хамт олон нээж, улмаар сэтгүүлч Пүрэвсүрэн, АМУЗН байгууллагадаа найрагч надаас өгсүүлээд халуун сэтгэлээр ханддаг олон хүн байдагт талархаж явдаг даа. Саяхан ардын уран зохиолч Т.Галсан, Б.Лхаг­васүрэн нар ирж уран бүтээлээ толилуулаад явсан. Т.Галсан гуайгаа өдий ная гарсан хүн гэхэд ямар гайхамшигтай оюун билэг төгс, Монголын гайхамшигт хүн бэ гэж эндхийн монголчууд маань биширсэн шүү. Энэ завшааныг ашиглаад гэдэг шиг “Оройтсон бороо” дууны шүлгийг бичсэн зохиолч Б.Туяа эгч болон Бирадамба ах, Үржинханд эгчдээ алс холын газраас сайн сайхныг хүсье.

Л.БАТЦЭНГЭЛ

Categories
мэдээ нийгэм

Өндөр өртөгтэй мэс хэрэгсэл, протезид хөнгөлөлт үзүүлнэ

Эрүүл мэндийн сайдын тушаалаар “Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжих өндөр өртөг бүхий мэс заслын тусламж, үйлчилгээнд шаардагдах зарим эмнэлгийн хэрэгсэл, протезийн жагсаалт”-ыг өнгөрсөн онд баталж, 2015 оны нэгдүгээр сарын 1-ээс мөрдөж эхэлж байна. Даатгуулагч өндөр өртөгтэй мэс засал хийлгэсэн тохиолдолд тухайн мэс засалд шаардагдах зарим эмнэлгийн хэрэгсэл, протезийн үнийн тодорхой хэсгийг эрүүл мэндийн даатгалын сангаас төлөхөөр болж байгаа юм. Өндөр өртөгтэй мэс заслын тусламж, үйлчилгээнд дараах мэс засал хамаарах ажээ. Үүнд:

-зүрхний төрөлхийн гажгийн мэс засал;
-зүрхний олдмол гажгийн мэс засал;
-зүрхний ишемит өвчний үеийн мэс засал;
-артерийн судасны эмгэгүүдийн үеийн мэс засал;
-тархи мэдрэлийн мэс засал;
-бүдүүн шулуун гэдэсний мэс засал;
-бөөрний мэс засал;
-чих, хамар, хоолойн мэс засал;
-гэмтэл, бэртлийн мэс засал;
-ерөнхий мэс засал;
-эрхтэн, хиймэл эрхтэн суулгах мэс засал зэрэг багтжээ.

2015 онд өндөр өртөгтэй мэс заслын тусламж, үйлчилгээнд шаардагдах зарим эмнэлгийн хэрэгсэл, ортопедийн үнийн хөнгөлөлтөд эрүүл мэндийн даатгалын сангаас 13.4 тэрбум төгрөг зарцуулах юм байна. Түүнчлэн даатгуулагч тухайн сард өвчний учир эмчийн заалтаар оношлогоо, шинжилгээ хийлгэх бол эрүүл мэндийн даатгалын сангаас 55000 төгрөгийн хөнгөлөлт үзүүлдэг байсан бол нэг удаад 3 сарын хэмжээтэй тэнцүү хэмжээгээр буюу 165000 төгрөгийн хөнгөлөлт эдлэх боломжтой болжээ.

Categories
мэдээ нийгэм

Төвөнхийн хорт хавдар нэмэгдэх болжээ

Сүүлийн үед төвөнхийн хорт хавдар нэмэгдэх болжээ. Төвөнхийн хорт хавдар үүсгэх эрсдэлтэй зүйлсийг жагсаая.

Тамхи: Удаан хугацаагаар татах тусам хавдар үүсэх эрсдэл төдий их байна. Судалгаагаар өдөрт 25 ширхэг тамхи татдаг эсвэл 40 жил түүнээс дээш хугацаагаар татсан хүнд хорт хавдар үүсэх эрсдэл татдаггүй хүнээс 40 дахин их байдаг байна. Тамхичин хүн өөрөөсөө гадна хажууд нь байгаа хүнээ мөн эрсдэлт байдалд оруулж байдаг. Дам тамхидалтад өртөж байгаа хүн татаж байгаа хүнтэй адилхан найрлагатай агаараар амьсгалж байдаг. Тамхи архи хоёр бие биенийхээ өвчин үүсгэх хорт нөлөөг дэмжин ихэсгэж байдаг.

Архи: Архи уудаггүй хүмүүстэй харьцуулахад ихээр уудаг хүмүүст төвөнхийн хорт хавдар үүсэх эрсдэл гурав дахин их байдаг байна. Архаг архичдад зөв хооллолтын горим байдаггүй ба иймээс аминдэмийн дутагдалтай байдаг нь үүнтэй холбоотой байж болзошгүй гэж таамагладаг.

Хүний хөхлөг вирусын халдвар: Энэ вирусын олон хэлбэр байдаг. Арьснаас арьсанд болон бэлгийн замаар халдварладаг. Төвөнхийн хоргүй хавдрыг зарим хэлбэр нь үүсгэдэг ба төвөнхийн хорт хавдартай өвчтөнүүдийн 25 хувьд нь хөхлөг вирус илэрдэг.

Хоол тэжээл: Шинэ жимс ногоогоор дутмаг хоол хавдар үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг. Энэ нь аминдэм эрдсийн дутагдалтай холбоотой.

Нас: 40-өөс дээш насанд хортой хавдар ихэвчлэн үүсдэг ба залуу насанд их ховор.

Удмын хүчин зүйл: Төрсөн эцэг эх, ах эгч , дүү, хүүхдэд нь хорт хавдраар өвдсөн хүн байдаг хүмүүс бусад хүмүүсийг бодвол хавдар үүсэх эрсдэл арай өндөр байна.

Дархлаа буурах: ДОХ-ын халдвартай эсвэл эрхтэн шилжүүлэн суулгуулсны дараа дархлаа дарангуйлах эм уудаг хүмүүст эрсдэл илүү байна.

Тодорхой химийн бодис: Хэдэн жилийн турш модны болон нүүсний тоос тортог, утаа, хүхрийн хүчлийн уур, дизелийн шаталтын утаа зэргийн нөлөөнд байх нь хорт хавдар үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг. Үүнтэй холбоотой тодорхой ажил мэргэжлийн хүмүүст төвөнхийн хавдар илүү тохиолдоод байгаа нь ажиглагддаг. Жишээ нь: багш, жолооч гм. Гэртээ нүүрс олон жилийн турш түлэх нь эрсдэлийг мөн нэмэгдүүлдэг.

-Ходоод гэдэсний сөөргөөтэй хүмүүст ходоодны хүчил цөсөөр гулгих нь улаан хоолойг гэмтээж дээд хэсгийн ийм өөрчлөлт нь улмаар төвөнхөд мөн нөлөөлж хавдар үүсэх эрсдэлийг нэмдэг.

Шинж тэмдэг:

-Дуу хоолой сөөх – хоолой сөөх нь олон эмгэгийн үед тохиолддог. Ханиад томуу, гэмтэл, хэт хүчтэй чангаар орилж хашгирснаас гм олон шалтгаантай. Тиймээс хоолой сөөнгүүт хавдар гэж айж сандрах хэрэггүй ч энэ шинж тэмдэг 3-4 долоо хоног, сараас илүү үргэлжилбэл мэргэжлийн эмчээр шалгуулах нь зүйтэй. Төвөнхийн дууны нугалааснаас дээшхи болон доошхи хэсгийн хавдрын үед дууны өөрчлөлт эрт илрэхгүй бөгөөд хавдар үүссэн газраасаа хальж дууны нугалаасыг гэмтээсэн үед л хоолойн өнгө өөрчлөгддөгөөс дээрх хэсгүүдийн хавдрын үед хавдар оройтож илрэх нь элбэг.

-Залгихад хүндрэлтэй тээглээд байх мэт болох: энэ нь мөн л дан ганц хавдрын үед гардаг шинж биш тул хоол тээглээд байх мэт болох, гадны биет байгаа мэт болох, залгихад хорсох өвдөх гэх мэт шинжүүд илрээд намдахгүй байвал эмчид үзүүлж шалтгааныг нь тодруулаарай.

-Ханиах, хоол цайндаа хахаж цацаад байх

-Турах: өөр ямар нэг шалтгаангүйгээр богино хугацаанд 4-5 кг турсан бол шалтгааныг тодруулна. Хорт хавдрын үед турж эцэн сульдаж ядрах шинж гардаг.

-Чих уруу өвдөх

-Хүзүүнд овгор үүсвэр булчирхай гарах

-Амьсгал муухай үнэртэй гарах, амьсгал бачуурах, хяхтнаж шуугиж амьсгалах

Оношлогоо эмчилгээ:

Дээрх сэжигтэй шинжүүд илэрсэн бол толгой хүзүүний хавдрын эмчид үзүүлж онош тодруулах шинжилгээ хийлгэнэ. Гол нь дурангаар төвөнхийг дурандаж хавдрын сэжигтэй үүсвэр байвал түүнээс эдийн шинжилгээ авч оношийг тогтоодог. Хавдар оношлогдсон бол хавдрын хэмжээ тархацыг тогтоож цаашдын эмчилгээний тактик, мэс заслын цар хүрээг тодорхойлохын тулд компьютер томографи, MRI, рентген, дотор цуллаг эрхтэний болон хүзүүний ЭХО зэрэг шинжилгээнүүдийг бусад цус, шээсний шинжилгээний хамт хийдэг.

Эмчилгээ нь хавдрын хэмжээ үе шат, өвчтөний биеийн байдал хавсарсан бусад эмгэг зэрэг олон хүчин зүйлээс хамааран мэс засал, туяа эмчилгээг хослуулан эсвэл дангаар хэрэглэн эмчилдэг. Зарим тохиолдолд химийн эмчилгээг мөн хийнэ.

Урьдчилан сэргийлэлт:

-Эрсдэлт хүчин зүйлсээс аль болох зайлсхийх бууруулах: Архи тамхины найрлагад хорт хавдар үүсгэгч бодис байдаг. 13 судалгааны үр дүнгээр архи уухаа больсон хүмүүст 5-10 жилийн хугацаанд хавдар үүсэх эрсдэл эрс буурч цаашид аажим буурсаар 20-30 жил болоход архи огт уудаггүй хүмүүсийнхтэй адил болдог байна. Нэгэн судалгаагаар төвөнхийн хорт хавдартай хүмүүсийн 80 хувь нь эрүүл амьдралын хэвшилтэй байсан бол өвдөхгүй байх боломжтой байсан гэж гарчээ. Өөрөөр хэлбэл 80 хувь нь урьдчилан сэргийлж болох байсан байна.

-Эрсдэлт хүчин зүйлсийн нөлөөнд байдаг бол, ойрын удамдаа толгой хүзүүний ялангуяа төвөнхийн хорт хавдраар өвдсөн хүнтэй бол сэжигтэй шинж тэмдэг мэдэгдэнгүүт хугацаа алдалгүй эмчид үзүүлж байх нь эмчлэгдэх шатанд нь өвчнийг илрүүлж бүрэн эдгэх нөхцөлийг бүрдүүлнэ. Дашрамд хэлэхэд манай өвчтөнүүд хожуу шатанд ирсэний улмаас төвөнх тайрагдаж дуу хоолой гаргаж чадахгүй бичгээр харьцдаг болдогоос үүдэн эмчилгээнээс зугтан алга болох тохиолдол гардаг. Хэдийгээр хавдар ургаж амьсгал бачуурч боогдон нас барах аюул байгааг сануулсан ч үл хайхран эмчилгээг хаян явж эмчлэгдэх боломж байхгүй болсон хойно амьсгал боогдон бачуурч түргэнээр ирэх тохиолдол гардаг. Үүнд манай хүмүүсийн дунд нийтлэг байдаг хавдарт мэс хүргэж болдоггүй гэсэн маш буруу ойлголт бас нөлөөтэй. Хэдийгээр төвөнх тайрагдахад өөрийн дуу хоолойгоор ярих боломжгүй болдог ч хиймэл дуу гаргах төхөөрөмж түүнчлэн дуу гаргах протез ч байдаг. Гэхдээ үүнд хиймэл хөл гараа ашиглаж сурахын тулд хүн өөрөө олон хоног сараар хичээн зүтгэж даддагтай адилаар ердийнхөөс өөр механизмаар дуу авиа гаргаж сурах, дадах хэрэгтэй болдог.

Categories
мэдээ нийгэм

Компьютерийн ард суудаг хүмүүсийн хийх нүдний дасгал

Статистик судалгаанаас үзвэл өнөөдөр дэлхийн гурван хүн тутмын нэгнийх нь хараа муу байдаг аж. Энд компьютерийн үүрэг нэлээд бийг эмч нар сануулдаг. Гэвч муутгахгүй гээд компьютерээ гаргаад хаячихаж болохгүй нь мэдээж. Нүдээ хамгаалах, хараа муудахаас сэргийлдэг, хараа тогтоодог комплекс дасгалуудыг байнга хийж сурчихад л асуудлыг ухаалгаар шийдчихнэ. Дасгалуудаас өөрт хамгийн эвтэй, тохиромжтойг нь сонгож аваад хийгээрэй. Дасгалуудыг өдөрт хоёроос цөөнгүй удаа хийнэ. Хослуулж хийвэл бүр ч сайн. Нэг комплексийг хийхэд ердөө таван минут хангалттай.

1-р Комплекс

Хараа сайжруулах цогц дасгалууд

Нүдийг баруун зүүн тийш хөдөлгөнө.

Нүдийг дээш доош нь хөдөлгөнө.

Нүдээ нар зөв болон нар буруу эргэлдүүлнэ.

Нүдээ хурдан, эрчимтэй анивчина.

Зүүн доод булан руугаа хараад шууд дээшээ эгцлэн харна. Дараа нь нөгөө талдаа давтана.

Нүдээ хооронд нь ойртуулна.

Ойр ойрхон анивчих.

Оффисынхоо цонхонд дөхөж очоод эхлээд цонхон дээрх жижиг зураас г.м. /жижигхэн цаас наасан ч болно/ ойр байгаа зүйлийг ширтээд дараа нь харцаа алсад байгаа байр, уул г.м. зүйлс рүү шилжүүлнэ.

Нэг дасгалыг 6-аас доошгүй удаа давтана.

2-р комплекс

Холын хараа муудахаас сэргийлэх цогц дасгал

Сандлын түшлэгийг налан хойшлохдоо амьсгаа аваад дараа нь урагш тонгойхдоо амьсгаагаа гаргана.

Сандлынхаа түшлэгийг налаад нүдээ чанга аниад дараа нь нээнэ.

Гараа ташаандаа аваад толгойгоо баруун тийш эргүүлээд баруун тохойгоо харна. Дараа нь зүүн талдаа давтана.

Дээш хараад нүдээ нар зөв болон буруу эргэлдүүлнэ.

Гараа урагш сунгаад хурууныхаа үзүүрийг ширтэнэ. Гараа дээш өргөхдөө амьсгаа аваад толгойгоо өргөлгүйгээр хурууны хөдөлгөөнийг дагуулан харна. Гараа буулгахдаа амьсгаагаа гаргана.

Энэ цогц дасгалыг компын ард 40-50 минут ажилласны дараа тогтмол хийж байх нь сайн. Дасгалыг хийх хугацаа 3-5 минут.

3-р комплекс

Нүдний ядаргааг тайлах цогц дасгалууд

Цэх урагшаа 2-3 секунд ширтэнэ. Дараа нь хуруугаа нүднээсээ нэг төө хэртэй орчим газар аваачаад 3-5 секунд ширтэнэ. Гараа буулгаад ахиад алсыг ширтэнэ. 10-22 удаа давтаарай.

Харандаа, эсвэл бал бариад гараа сунгаад харандааг хамрын үзүүр рүү ойртуулахдаа харц салгалгүй ширтэнэ. 10-12 удаа давтана.

Цонхны шилэн дээр 3-5 мм хэртэй жижиг цаас, наалт наана. Харцаа цонхы цаана, алсад байгаа зүйл дээр төвлөрүүлээд буцаахдаа цонхон дээрх тэмдэг рүү ширтэнэ. Дасгалыг 10-12 удаа хийнэ.

Нүдээ наймаа тоо зурж байгаа мэт эргэлдүүлэн амьсгалын хэмнэлтэйгээ удаан нээнэ. Наймын тоог зурахдаа цэх харан босоо, хэвтээ чигт хийнэ. Чиг бүрт 5-7 удаа давт.

Эрхий хуруугаа нүднээс 20-30 см зайнд аваачаад хоёр нүдээрээ үзүүрийг нь 3-5 секунд ширтэнэ. Дараа нэг нүдээ 3-5 секунд аниад, дараа нь ахиад хоёр нүдээрээ ширтэнэ, дараа нь нөгөө нүдээ анина. 10-12 удаа давт.

Нүдний түвшинд өргөж сунгасан баруун гарынхаа эрхий хурууг 5-6 секунд ширтэнэ. Гараа аажмаар баруун тийш болгоход эрхийг хурууг толгойгоо хөдөлгөлгүйгээр дагуулан харна. Зүүн гар дээрээ давтана. Чиг тус бүр дээр 5-7 удаа давт.

Толгойгоо хөдөлгөлгүйгээр зүүн доод булан руу ширтээд, дараа баруун дээд булан руу харна. Дараа нь баруун доод, зүүн дээд гэсэн чигт давтана. 5-7 удаа давтаад нөгөө чигт давтана.

4-р комплекс

Нүд ядарсан үед хийх дасгал

Нүдээ аль болох хүчтэй аниад хүзүү, нүүр, толгойныхоо булчинг чангал. Амьсгалаа 2-3 секунд бариад хүчтэй хурдан гаргахтайгаа зэрэгцэн нүдээ нээнэ. 5 удаа давтана.

Нүдээ аниад нүдний ухархайн дээд ба доод хэсэгт хамраас чамархай руу гэсэн чиглэлээр илнэ.

Нүдээ аниад хөмсгөө суллана. Нүдээ зүүнээс баруун, баруунаас зүүн тийш эргэлдүүл. 10 удаа давт.

Эрхий хуруугаа нүднээс 20-30 см зайнд аваачаад хоёр нүдээрээ үзүүрийг нь 3-5 секунд ширтэнэ. Дараа нэг нүдээ 3-5 секунд аниад, дараа нь ахиад хоёр нүдээрээ ширтэнэ, дараа нь нөгөө нүдээ анина. 10-12 удаа давт.

Хуруугаараа чамархайн орчим зөөлөн дараад 10 удаа хурдан анивчина. Нүдээ аниад 2-3 удаа гүнзгий амьсгаа авч амар. 3 удаа давтана.

Нүдний массаж

Нүдээ аниад долоовор болон дунд хуруугаараа наймын тоо хэлбэртэй хөдөлгөөн хийж иллэг хийх нь нүдний цусны эргэлт, мэдрэлд сайн нөлөө үзүүлдэг. Ухархайн доод хэсэгт хөдөлгөөн нь хамар руу чиглэсэн, дээд хэсэгт нь хөмсөгний дээгүүр. Дасгалыг 8-16 удаа давтана.

Categories
гадаад мэдээ

Францад шинэ жилээр мянга орчим машин шатжээ

Францад энэ шинэ жилийн баяраар 940 автомашин шатжээ. Энэ нь өмнөх оныхоос 12 хувиар буурсан үзүүлэлт гэж Дотоод яамнаас нь мэдээлж байна. 2014 онд 1067 автомашин шатаж байж. Шинэ жилийн баяраар машин шатсан дуудлага их ирдэг нь Засгийн газрын бодлогыг эсэргүүцэгч хэт үндсэрхэг үзэлтнүүдийн бусармаг үйлдэл гэж хуулийн байгууллагынхан танилцуулдаг байна. Харин нутгийн иргэд үндэсний хачирхалтай уламжлалтай холбон тайлбарладаг аж. Өнгөрсөн онд гэхэд галын наадам хийсний улмаас гурван хүн түлэгдэж нас барсан юм байнэ. Энэ шинэ жилийн баяраар Парис хотод 55 мянган цагдаа, 38 мянган гал сөнөөгч ажилласан нь ийм шалтгаантай гэнэ.

Categories
мэдээ нийгэм

Зуун наст, сармисны хандыг ашиглан залуужих жор

Байгалийн, уламжлалт арга ямар ч шинжлэх ухааны аргаас илүүтэй нөлөөлөх нь бий. Танд дорнын үзэсгэлэнт бүсгүйчүүдийн эртнээс хэрэглэж ирсэн зуун наст, сармисны хандыг ашиглан залуужих эмчилгээний жорыг толилуулж байна.

1. Зуун наст + Архи
Энэ жорыг японы гейша нар толигор залуу царайгаа алдахгүйн тулд хэрэглэж иржээ.
Зуун настын залуу дэлбээнүүдийг шилж, хурц хутгаар маш нимгэн, жижигхэн хэрчээд 39-өөс доошгүй градустай 100 орчим грамм цагаан архинд хийнэ. Үүнийгээ сайн бөглөөд, сэрүүн харанхуй газарт нэг сар хадгал. Нэг сарын дараанаас өглөө, оройд нүүрээ цэвэрлэснийхээ дараа уг бэлдмэлийг хөвөнд шингээж арчаарай. Хэрэглэж эхэлснээс хойш 7 хоногийн дараа таны арьс өнгөлөгжиж, зөөлөрч буйг та анзаарах болно.Нүүрний гүн биш үрчлээтэй хэсгээ хоёр тийш нь ийн арчаад байвал удахгүй бүдгэрнэ.

2. Сармис + Спирт + Сүү
Харин энэ бол эртний төвдийн залуужуулах жоруудын нэг юм.
350 грамм сармисыг угааж цэвэрлээд модон сав юм уу тагшинд сайтар үрж, шүүс гартал нь нунтаглана. Нунтагласан сармисны доод, шүүсэрхэг хэсгээс нь 200 граммыг авч шилэн саванд хийнэ. Түүн дээр 96 хувийн спирт хийнэ. Уг холимогтой савыг сайтар бөглөж, харанхуй сэрүүн газарт 10 өдөр байлгана. Дараа нь нягт, цэвэр даавуугаар шингэнийг шүүж авна. Үүнээс 2-3 өдрийн дараанаас эмчилгээг хийж эхэлнэ. Хоол идэхээсээ 15-20 минутын өмнө стаканы ¼ хэмжээтэй сүүнд дараах байдлаар хийж ууна.

Өдөр

Өглөө

Өдөр

Орой

1 өдөр

2 дусал

2 дусал

3 дусал

2 өдөр

4 дусал

5 дусал

6 дусал

3 өдөр

7 дусал

8 дусал

9 дусал

4 өдөр

10 дусал

11 дусал

12 дусал

5 өдөр

13 дусал

14 дусал

15 дусал

6 өдөр

15 дусал

14 дусал

13 дусал

7 өдөр

12 дусал

11 дусал

10 дусал

8 өдөр

9 дусал

8 дусал

7 дусал

9 өдөр

6 дусал

5 дусал

4 дусал

10 өдөр

3 дусал

2 дусал

1 дусал

11 өдөр

25 дусал

25 дусал

25 дусал

Давтан эмчилгээг зургаан жилийн дараа хийнэ.

Categories
гадаад мэдээ

Шанхайчууд гашуудаж байна

БНХАУ-ын Шанхай хотод 36 хүн амиа алдан, 47 хүн гэмтсэн харамсалтай хэрэг гараад байгаа билээ. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 31-нд орон нутгийн цагаар 23:35 цагийн үед Шанхайн Вайтань дүүргийн хүн олноор цугладаг Чэнь И талбайн ойролцоох барилга дээрээс хэн нэгэн долларын мөнгөн дэвсгэрт цацаж эхэлсэн аж. Түүний цацсан зүйл доллар биш талбайгаас холгүй байрлах М18 цэнгээний газраар хөнгөлөлттэй үйлчлүүлэх тасалбар байжээ. Цугласан хүмүүс хуурамч мөнгийг авах гэж улайрснаас үймээн самуун дэгдэж, олон хүн дарагдаж амиа алдсан юм. Шанхай хотын эрх баригчид 47 хүний 33-ыг нь хэн болохыг одоогийн байдлаар тогтоогоод байгаа гэнэ. Тэдний дунд Малайзын нэг, Тайваний хоёр иргэн байжээ. Одоогоор Шанхай хотын эмнэлэгт гэмтэж бэртсэн 40 гаруй хүнд түргэн тусламж үзүүлж байна. Шанхайд болсон тус эмгэнэлт хэргийн гэрчүүд цагдаагийн хараа хяналтгүйн улмаас олон хүний амь үрэгдсэн гэж үзэж байгаа юм байна.

Хэргийг мөрдөн шалгах тусгай ажлын хэсэг гаргажээ

БНХАУ-ын дарга Си Зиньпин тус хэргийг үйлдсэн хүнийг олох, зохих арга хэмжээг авахыг Шанхай эрх баригчдад үүрэг болгожээ.

“Энэхүү харамсалтай хэрэг явдалаас бид сургамж авах хэрэгтэй. Хятадын цагаан сар зэрэг олон арга хэмжээний үеэр орон нутгийн эрх баригчид ард иргэдийнхээ амь нас, аюулгүй байдлыг нэн тэргүүний зорилт болгох хэрэгтэй” гэж Хятадын удирдагч хэлсэн байна.

Хятадын Засгийн газар болсон явдлыг мөрдөн шалгах тусгай ажлын хэсэг гаргажээ.

Шанхайчууд амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэн золгүй хэрэг болсон газар цэцэг өргөн, зул асааж байна.

Эх сурвалж: ИТАР ТАСС