Categories
мэдээ цаг-үе

Л.Болд: Парламент Засгийн газар байгуулагдсаны маргаашнаас хэнд ч хэрэггүй болж байна

УИХ-ын гишүүн Л.Болдтой ярилцлаа.

-Та баасан гаригийн чуулган дээр шинэ Засгийн газрын гишүүд хуралдаа суухгүй байна хэмээн нэлээд шүүмжиллээ. Гэнэт бухимдах шалтгаан юу байсан юм бэ?

-Миний хувьд нэг том болгоомжлол байна. Ардчиллын үнэт зүйл бол олонхидоо хяналт тавих цөөнхтэй байх юм. Үүнийг л бид бий болгохын тулд 1990 онд хувьсгал хийсэн юм шүү дээ. Дээрээ төр засаг, нам нь нэгдчихсэн битүү байж болохгүй. Бүх шийдвэрээ нэг байшин дотор гаргахдаа өөрсдийнхөө эрх ашгийг нэгдүгээрт тавьж, ард түмний эрх ашгийг орхигдуулах нь жам ёсны зүйл байхад нь бид хувьсгал хийж байлаа. Ардчилсан хувьсгалын төлөө олон хүн хүйтэнд хөрч, халуунд халж тэмцсэн. Өнөөдөр эдийн засаг хүндэрсэн энэ цаг үед парламентын намууд хамтран ажиллаж байгаа нь зөв. Ер нь хамтрахад нэг нам нь 70 гаруй суудал аваад парламент нь ямар ч хяналтгүй, хэнд ч хэрэггүй болдог ийм үр дүнг хүсээгүй. Өнөөдрийн нөхцөл байдал яг л тэгж харагдаж байна. Улсын төсвөө хэлэлцэж байхад нэг ч сайд чуулганд суусангүй. Би Гадаад харилцааны сайдаар ажиллаж байхдаа хурлаас чөлөө авах зүйл байсан. Гэхдээ төсөв, салбар хариуцсан зүйлс хэлэлцэгдэхэд заавал суудаг байсан юм шүү. Өөрөөр хэлбэл парламент Засгийн газар байгуулагдсаны маргаашнаас хэнд ч хэрэггүй болж байна. Үүнд л харамсаад байгаа юм. Хамгийн гол нь ардчиллын зарчим алдагдах гээд байгаа юм. Засгийн газрыг огцруулан шинэ Засгийн газрыг байгууллаа. Парламент нь парламент шиг, Засгийн газар нь Засгийн газар шиг баймаар байна. Уг нь парламент нь засагтаа хяналт тавья гээд байсан биз дээ. Гэтэл тэр зүйл нь алга болчихлоо. Парламентад сууж байгаа гишүүд ч алга. Өнөөдөр (баасан гаригт) 20 гишүүнтэй л чуулган явж байна. Засгийн газраас нь нэг ч гишүүн орж ирэхгүй байгааг хараад эмзэглэж байна. Сайд нар нь ядаж долоо хоног, нэг сар тэвчээд чуулгандаа сууж чадахгүй байна гэдэг чинь үнэн нүүр царайг нь харуулаад байгаа юм. Ардчиллын төлөө анхнаас нь тэмцэж, жагсаал цуглаанд нь оролцож явсан хүний хувьд маш их санаа зовж байна. Энэ байдлаа цаашид өөрчлөхгүй бол дуугүй суугаад байх боломж алга.

-Өмнөх Засгийн газарт таныг ажиллаж байхад УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүнээр давхар ажиллаж болохгүй гэсэн шүүмжлэл гарч, Ерөнхийлөгчийн зүгээс хуулийн төсөл хүртэл өргөн барьсан. Энэ Засгийн газарт давхар дээлтэн тэр дундаа танай намаас олон хүн байх юм?

-АН 35-уулаа. Өмнөх Засгийн газарт 15 нь Засгийн газрын сайд байсан. Засгийн газрын гишүүдийн тал нь гаднаас орж ирсэн. Одоо хэрхэн ажиллахыг л харъя. Угтаа энэ чинь тахиа анхдагч уу, өндөг анхдагч уу гэдэг л маргаан юм шүү дээ. Засгийн газрын гишүүн гэхээрээ заавал гудамжнаас орж ирдэг байх ёстой юу. Ард түмнээсээ мандат авч үзээгүй, монголчуудын голсон хүн сайд болоод Засагт орж ирээд дээд эрх хэрэгжүүлээд явах нь зөв үү. Үүнийг бас бодолцмоор л байгаа юм. Ард түмэн төрийн эрхээ өгч байна гэдэг чинь Засгийн эрхээ давхар өгч байна гэсэн үг юм шүү дээ. Дэлхийн аль ч улс орон үүнийг өөр өөрсдийнхөөрөө олон зуун жилээр төрийн тогтолцоогоо шийдээд явчихсан. Бид ч гэсэн Үндсэн хуулиараа шийдээд явчих бололцоотой.

-Энэ Засгийн газар ч мөн ялгаагүй данхайсан бүтэцтэй боллоо. Байр суу­риа илэрхийлэхгүй юу?

-Олон нам хамтарч байгаа үед яам, сайд нарын тоо нэмэгдэх тал руугаа явдаг. Тэр тал руугаа л явчихлаа. Гэхдээ өнөөдрийн нөхцөлд тооны их бага гэхээсээ илүүтэйгээр төрийнхөө үүрэг функцэд шинэчлэл хийх хэрэгтэй. Төр нь ард түмэндээ хэрэгтэй ажил хийгээд явахад хэдэн яам, сайд нэмэгдэж хасагдах нь төрийн том зовлон биш. Биднээр завсрын зүйлс хөөцөлдүүлээд байна. Ард түмний амьдрал дээшилж байвал 40 яамтай байсан ч яахав дээ. Люксембург гээд жижиг улс бараг 40 яамтай. Гэтэл дэлхийн том гүрэн АНУ гэхэд 10 гаруйхан яамтай гээд асуудлыг зөв талаас нь үр дүнтэй явуулахад анхааран шахаж ажиллуулах ёстой. Засгийн газарт парламентад суудалтай бүх намын төлөөлөл орлоо. Хэрхэн ажиллахыг цаг хугацаа харуулна.

-Шийдлийн гэгдээд буй Засгийн газар олон хүндрэл бэрхшээлийн ард гарч чадах нь уу?

-Шийдлийн Засгийн газар бүх зүйлийг шийдээд явах боломж байхгүй. Өнөөдөр парламентад суудалтай бүх намууд нэгдчихлээ. Тиймээс өмнө нь шийдэж чаддаггүй байсан асуудлуудаа шийдээд явчих боломж бүрдлээ. Ингээд шийдээд явж чадвал зөв алхам болно.

-Намууд бүгд хамтраад сөрөг хүчин байхгүй болчихлоо. Таны чуулган дээр хэлсэн үгийг сонсч байхад цаашид сөрөг хүчний байр сууринаас ажиллах юм байна гэсэн ойлголтыг авлаа. Үнэхээр тэгж явах юм уу?

-Яг ч сөрөг хүчин болно гэж хэлээгүй л дээ. Засагт хяналт тавихын тулд дуу хоолойгоо өргөнө. Өнөөдөр ард түмэн сөрөг хүчин болчихоод байна. Тэгэхээр тэр дуу хоолойг бид хүргэх ёстой. Ард түмнийхээ дуу хоолойг сонсох ёстой. Хам­тарсан засаг ажлаа хийх бүх бололцоо байна. Түүнийгээ хий, Их хуралдаа тайлагна, хянуул. УИХ-тайгаа амьд холбоотой бай гэж байгаа юм.

-Таны үгийг сонсч байхад өөрөө засагт ажиллаж байхдаа хэлж байгаагүй үгээ сул гишүүн болсныхоо дараа хэлж байгаа нь ямар учиртай юм бол гэж бодогдоход хүргэлээ?

-Энэ парламент миний сонгогдсон дөрөв дэх Их хурал. Өмнө нь би сул гишүүн явсан. Давхар дээлтэй ч явж ирлээ. Гадаад харилцаа хариуцаж байхад бүх асуудал руу ороод явах цаг зав байсангүй. Өнөөдөр би Их хурлын гишүүнийхээ ажлыг хийж байна. Их хурлын гишүүн ард түмний хүсч, захиж байгаа үгийг төрийн сонорт хүргэх, түүнийгээ ажил хэрэг болгох, хэрэгжилтэд нь хяналт тавих үндсэн үүрэгтэй. Сайдын ажлаа өгснөөр энэ зарчмаар ажиллах боломж илүү бүрдлээ.

-Өмнөх Их хурал Засгийн газартаа хяналт тавьж чадахгүй байна гэдгийг гишүүд шүүмжилж байсан. Энэ Засгийн газар хяналттай явж чадах уу?

-Өмнөх Засгийн газарт Их хурал нь хяналтаа тавьж чадаж байсан гэж бодож байгаа. Чуулганы хуралдаандаа анхааралтай маш дуулгавартай оролцдог байлаа. Тэр хяналтууд надад маш сайн мэдрэгдэж байсан юм. Монгол төрийн ажил ойлголцож явах ёстой.

-Засгийн газрын зарим сайд нарын томилгоо нүдээ олсонгүй гэх яриа байна. Та санал нийлж байна уу?

-Сайд болсон хүмүүс Монголын төрд олон ажил явсан болохоор янз бүрийн л мэдээлэл гарч байна. Хүн бүр өөр өөрийн гэсэн бодолтой. Цаг хугацаа харуулна. Гэхдээ цаг хугацаа харуулна гээд хэдэн жилээр хүлээж болохгүй. Их хурал ажлыг нь хийлгээд явах нь зөв. Энэ Засгийн газар үлдсэн хугацаандаа яаж, ямар ажил хийгээд явах нь одоо хэр нь бүрхэг л байна. Сайдууд юу хийж чадах вэ гэдгээ харуулж ажиллах байхаа.

-Шинэ Гадаад хэргийн сайд томилогдлоо. Та ямархуу бодолтой яваа вэ. Уулзаж ярилцав уу. Зарим гишүүдийн зүгээс Беларусьт Монголын нэрийг унагасан хүн гээд ам муутай байх юм?

-Бид хараахан уулзаж амжаагүй байна. Ажил нь цэгцэрвэл уулзаж хийж хэрэг­жүүлсэн ажлынхаа талаар ярилцан захиж хэлэх зүйлс мэдээж бий. Би Их хурал, Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороондоо байна. Тиймээс төрийнхөө ажилд хяналт тавиад, бүх талаар нь тусалж дэмжээд явна. Шинэ яамны сайд маань өмнө нь Ерөнхийлөгчийн тамгын газар, Их хурал, Засгийн газарт олон жил хамт ажилласан болохоор салбараа мэдэж байгаа. Цаашид яамаа аваад явчих байх гэдэгт итгэж байна.

-Таныг Гадаад харил­цааны сайдаар ажиллаж байхад хоёр хөршийн төрийн тэргүүнүүдийн айлчлал болсон. Маш олон гэрээнд гарын үсэг зурж “Монголын эдийн засагт гэрэл гэгээ гарах нь” гэж байлаа. Үр дүн нь хэзээ гарах вэ?

-Өнгөрсөн 20 гаруй жил бид алдаа хийсэн юм билээ. Гадаад харилцаагаа эдийн засагжуулна гээд Гадаад харилцааны яам, Элчин сайдын яамд нь өөрсдөө бизнесийн төсөл бариад явсан. Энэ нь зорилгоо буруу ойлгож, цаг алдсан талтай л даа. Намайг сайдаар ажилласан жилүүдэд сонгомол утгаараа улс төрийн Гадаад харилцааны яам болон ажилласан. Ингээд явахаар цаанаа том ахиц өөрчлөлт гарсан. 10 гаруй жил хүлээгдсэн Хятад, Оросын асуудлууд шийдэгдэх суурь тавигдлаа. Одоо хүрсэн түвш­нээ баталгаажуулан ажиллах ёстой. Хоёр орны төрийн тэргүүнүүдийн айлчлал маргааш нь үр дүнгээ өгнө гэж байхгүй л дээ. Урт хугацаанд ирээдүйгээ харсан үр дүнтэй ажлууд хийгдсэн. Үүнийгээ явуулахын тулд Монголын төр засаг эрчимтэй ажиллах л шаардлагатай.

-Гадаад харилцааны яам гадны хөрөнгө оруулагчидтай хэр ойрхон ажилладаг юм бол. Сүүлийн хоёр жилийн хугацаанд гадны хөрөнгө оруулагчид нүүр буруулсан нь таны толгойлж байсан Гадаад харилцааны яамтай холбоотой юу?

-Бүх зүйл хоорондоо уял­даа холбоотой л доо. Монгол Улсыг олон улсад идэвхтэй байр сууринд байлгаж нөхцөл байдлыг наашлуулах тал дээр хичээж ажиллалаа. Монголд томоохон хуралдаанууд болсон. АСЕМ ч хуралдахаар боллоо. Монгол Улсыг бүс нутаг болон дэлхий дахинд идэвхтэй тоглогч гэдгийг хүлээн зөвшөөрүүллээ. Сүүлийн хоёр жил өмнөх 10 жилээс илүүтэй томоохон айлчлалууд хийгдэж Монгол Улс дэлхийд хүлээн зөвшөөрөгдлөө. Бүх орны улс төр эдийн засаг салшгүй холбоотой байдаг. Гадаад яам улс төр талаа янзалж чадсан. Энэ нь бизнестээ шууд нөлөөлж байна. Үр дүн нь удахгүй эерэгээр мэдэгдэнэ. Мөн эдийн засаг бизнесийг хариуцсан яамд нь ажлаа хийх хэрэгтэй л дээ. Хууль эрх зүйн орчноо тогтвортой болгож, хуулиа мөрдүүлж, хүнд суртлаа халах хэрэгтэй. Бизнесийг боомилсон, хяхсан хянасан, буруу өрсөлдөөнд дэмжсэн гэх мэтээр буруу шийдвэрүүдээ бүгдийг нь өөрчлөх шаардлагатай.

-Та сайд байхдаа олон улсын томоохон хурал болон айлчлалаар их явсан. Гадныхан Монголд хөрөнгө оруулах тал дээр ямар байр суурийг илэрхийлж байсан бэ?

-Өнгөрсөн хугацаанд нэлээд өөрчлөлтийг авч ирж чадсан. Манай Засгийн газар ч идэвхтэй ажилласан. Одоо ч гэсэн парламентаараа бүх намуудаараа нэгдэж байгаа нь гадны итгэлийг авах томоохон алхам гэж хэлж болно. Энэ проблемыг бид өөрсдөө л бий болгосон. Манай хуулийн нэг дутагдал нь хоёр жилд зөвхөн сонгууль л болдог. Сонгуулийн үеэр популизм, эдийн засгийн эсрэг алхмууд хийгддэг. Байгалийнхаа баялгийг ард түмэнд хувьцаа болгоод өгчихөөч, ард түмэн өмчлөгч нь болчихвол өөрөө босоод ирнэ. Газраа эдийн засгийг эргэлтэд оруулахад иргэн бүрийг хамруулаачээ гэж байнга хэлж ирсэн. Энэ том асуудлаа шийдэхгүй хойшлуулсаар байна. Гэтэл төрийн компани байгуулаад ашиггүй яваад л байдаг. Төр гэдэг нь юу юм. Ердөө л хэдэн хүн шүү дээ. Тэгээд л бие биенээ унагаад дараагийн хүн нь ирдэг. Ингэх бүрт бизнесийн орчин муудаад байгаа юм. Харин ард түмэн хэзээ ч өөрчлөгддөггүй байхгүй юу. Ард түмэн газрын баялгийнхаа өмчлөгч болчихвол хөрөнгө оруулалт ямар ч саадгүй орж ирнэ.

-Өнөөдөр Монголын ардчилал 25 нас хүрч ойгоо тэмдэглэж байна. Ард түмний хүсэн хүлээсэн ардчилал биш байна гэдэг зүйлийг ярих юм. Оюутан Л.Болдын хүсэн хүлээж байсан ардчилал өнөөдөр ямар дүр төрхтэй байна вэ?

-Ард түмний амьдрал хэцүү байгаа бол ардчилал гол зүйлсээ хэрэгжүүлээгүй байна. Ард түмний эрх чөлөө, улс төр, сонгуулийн ардчилал байна. Гэтэл бид иргэдийнхээ амьдралд өөрчлөлт гаргаж чадахгүй байгаа юм. Гуравхан сая хүнтэй улсынхаа иргэдийн амьдралыг сайхан болгож чадаагүй гэдэг чинь ардчилал ялаагүйн нэг дүр төрх л дөө. Ардчилал хөгжсөн бусад орнуудыг жишгийг хар л даа. Ард түмний амьдрал ахуй сайжирч, иргэд нь эрх чөлөөгөө эдэлдэг байх ёстой. Ардчиллын тал дээр учир дутагталтай, хийх зүйл их байнаа. Ардчилсан хувьсгал тэмцэл 25 дахь жилдээ үргэлжилж байгаа ч цаашид ч үргэлжлэх ёстой.

-Ардчилал 200 гаруй жил хөгжсөн орнуудад ардчилал өнөө хэр нь хөлөө олоогүй байна. Тиймээс Монголын ардчилал нялх байна гэдэг­тэй санал нийлэх үү?

-100-ны дөрөвний нэг хугацаа гэдэг бол яасан ч нялх байж таарахгүй. Улс төр, эдийн засгийн шинэчлэл зэрэг хийгээд явчихаар үе үе нэгнийгээ татаад байх юм. Улс төр нь гайгүй яваад эхлэхээр эдийн засаг нь муудаад амжилтаас нь хойш татаад байна л даа. Эдийн засаг нь гайгүй сэргэчихээр улс төрийн процесс нь алдагдаад байгаа зүйл бий. Цаашид тогтолцоогоо зөв боловсронгуй болгох тал дээр ажиллах л ёстой.

25 жилийн өмнө ардчилсан хувьсгал хийхэд хамгийн гол үүрэгтэй оролцсон хэрнээ нэр нь дурдагддаггүй хүмүүс манай оюутнууд байсан юм шүү. Оюутнууд орсон хувьсгал аль ч оронд ялдаг. Оюутнууд ямар нэгэн албан тушаал, мөнгө, эрх мэдлийн төлөө байдаггүй. Оюутнууд нийгэм, ард түмнийхээ хүсэл зоригт нийцсэн хамгийн зөв зүйлийг дэмждэг. Тиймээс манай ардчилсан хувьсгал ялсан. Түүнээс хойш зөндөө л хувьсгал хийх гээд оюутнууд дэмжихгүй байгаа биз. Тэр нь хэн нэгэнтэй өмч булаацалдсан, байр суурь, албан тушаал булаалдсан болохоор оюутнууд дэмжихгүй байгаа юм. Оюутнуудын ариун сэтгэлээр бүтсэн ардчиллыг бид өнөөдөр ажил хэрэг болгож чадаагүйд харамсалтай байна. Одоо үүнийгээ хийх ёстой. Бидэнд улс төрд идэвхтэй ажиллах нас хэд үлдсэнийг бүү мэд.

Анх ардчилсан хувьсгал хийж байсан бид тэтгэврийн насанд ойртчихлоо. Одоо бид нийгмийн өмнө байгаа том үүргээ биелүүлэх ёстой. Ард түмнийхээ өгсөн итгэлийг биелүүлэхийн төлөө явнаа.

-Ардчилсан нам партизануудаа харж үзэж байгаа юм уу. Нэг хэсэг нь хорвоогоос буцаж нөгөө хэсэг нь архинд орлоо л гэх юм…

-Том дутагдал бий нь үнэн. 25 жилийг бид зүгээр л хаячихсан байхгүй юу. Гэтэл тэр хүмүүсээ сургаж боловсруулаад тэр мундаг хүчийг ашигласан бол болох байсан. Энэ намуудын хуультай холбоотой. Нам нь эрүүл болчих юм бол хүмүүсээ хаядаг биш ашигладаг болно. Тэр агуу хувьсгал хийсэн хүмүүс өшөө олон юм хийх боломжтой байхгүй юу. Тэднийг ашиглаж чадаагүйгээрээ манай нийгэм том боломжоо алдаж байна. Хуучин нийгэм ардын хувьсгалын, ахмад дайчдаа ашиглаж нийгмийнхээ сэтгэл зүйг бэлдэн эв нэгдлийг бэхжүүлэхэд яасан сайхан ашиглав аа. Партизанууд гэдэг чинь тийм сайхан арми байхгүй юу. Түүнийг нь бид хийлгэлгүй урдуур нь орж цээжээ дэлдээд давхицгаасан. Нам гэдэг нь дан­даа хуйвалдааны байгууллага болж тэндээ хуйвалдахаас өөр зүйл хийхгүй байна. Үүнд л гол асуудал байна.

-Ардчилсан нам дараагийн ардчилагчид, залуу, дунд үеэ гаргаж ирэх үнэхээр дургүй юм аа даа. Гэтэл МАН-ын дараагийн үе нь аль хэдийнэ Их хуралд суучихсан байна. Та болохоор үүнийг хуультай л холбоод байх юм…

-Гол шалтгаан нь намуудын ту­хай хуулинд байгаа юм. Уг хууль нь намуудыг хуйвалдааны байгууллага болгочихоод байна. Ингэхээр нийт ард түмний дэмжлэг байхгүй болох тул сайн лидер төрөх боломжгүй болчихлоо. Нам гэдэг чинь сайн лидер төрөх гал тогоо байхгүй юу. Гэтэл гал тогоогоо өөр зүйлд ашиглаад байна.

Э.ЭНХБОЛД

Categories
мэдээ нийгэм

Гадаадад байгаа монголчууд илгээмж илгээх нь ихэсчээ

Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулснаар гаалийн татвараас нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арав дахин нэмэгдүүлснээс дээшгүй үнийн дүнтэй, ижил төрлийн хоёроос илүүгүй бараа бүхий хувь хүний нэр дээр илгээсэн улс хоорондын шуудангийн илгээмж чөлөөлөгдөж буй аж.

Тодруулбал, албан татвараас чөлөөлөгдөх улс хоорондын шуудангийн илгээмжээр илгээсэн хоёроос дээшгүй ижил төрлийн, үнийн дүн нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэн буюу 1920000 /нэг сая есөн зуун хорин мянга/ төгрөгөөс дээшгүй бараа байхаар тусгасан байна. Хууль хэрэгжиж эхэлснээс хойш гадааад байгаа монголчууд наашаа илгээмж илгээх нь ихэссэн талаар шуудангийн компаниуд мэдээлсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Маргааш цэргийн бүртгэл эхэлнэ

2015 оны нэгдүгээр сарын 5-20-н хүртэл нийслэлийн хэмжээнд цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэлийг явуулах юм байна. Энэхүү бүртгэлд 60 хүртлэх насны бэлтгэл офицерууд, 18-50 насны эрэгтэйчүүд, цэргийн анги, байгууллагад ажиллаж байгаа генерал, офицер, ахлагч, гэрээт цэргийн албан хаагч, цэрэгжсэн болон үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын албан хаагчид өөрийн оршин сууж буй хороон дээрээ очиж хамрагдах боломжтой юм байна.

Categories
мэдээ нийгэм

Гал унтраах иж бүрэн хэрэгсэл нийлүүлнэ

Манай Онцгой байдлын албанд Австри улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр гал унтраах иж бүрэн хэрэгсэл нийлүүлэхээр төлөвлөж байна. Монгол-Австрийн Засгийн газар хооронд байгуулсан санхүүгийн хамтын ажиллагааны хүрээнд дээрх төслийг хэрэгжүүлэх юм. Улсын хэмжээнд аврах, гал унтраах зориулалтын 198 автомашин байгаагийн 55 хувь нь 1967-1990 онд үйлдвэрлэсэн, эдэлгээний норм, хугацаа дууссан техник байгаа юм.

Categories
мэдээ спорт

Өвлийн дугуйн аялал боллоо

Жил бүр зохион байгуулдаг “Мөнгөн өвөл” дугуйн аялал өнөөдөр болж байна. Долоо дахь жилдээ зохион байгуулж буй уг аялал Туул голоос Гачуурт хүртэл 20-30 км үргэлжилж байгаа юм. Замын хувьд огцом өгсүүр, уруу газар байхгүй бөгөөд зарим хэсэгт голын мөсөн дээгүүр дугуйгаар явах аж. Нэг баг 9-12 хүнээс бүрдэж аялж байна

Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн төрсний гэрчилгээг шуудангаар хүргэдэг болно

УБЕГ шинээр төрсөн хүүхдийг бүртгүүлэх хүсэлтийг цахимаар хүлээн авах үйлчилгээг энэ оноос нэвтрүүлэхээр ажиллаж байгаа гэнэ. Эцэг эх нь өөрийн биеэр бүртгэлийн байгууллагад биечлэн ирэх боломжгүй бол хүсэлт болон хүүхэд төрснийг нотлох баримт бичгийг тус газарт цахимаар илгээх, улсын бүртгэгч баримт бичгийг шалган, хүүхдийн төрснийг бүртгэж, иргэнд гэрчилгээг шуудангаар хүргүүлдэг болох юм байна.

Categories
гадаад мэдээ соёл-урлаг

Шон Пэнн, Шарлиз Терон нар хуримлана гэлээ

US Weekly сэтгүүл шинэ дугаартаа ингэж бичсэн байх юм. Холливудын супер одууд 2013 оны сүүл үеэс эхлэн сэм, сэм уулзаж болзож байгаад өнгөрөгч оны дунд үеэс эхлэн олон нийтийн өмнө хамтдаа байж харагдах болсон нь үнэн. Дуучин Мадоннагаас эхлүүлээд олон ч бүсгүйчүүдийн зүрхийг шархлуулж явсан 54-н настай Шон Пэнн энэ удаа Өмнөд Африкийн ганц од үзэсгэлэнт Шарлиз Теронтой хэр удаан ханилан амьдрахаар шийдсэн юм бол. Өдгөө 39 нас хүрч байгаа Шарлиз 2014 оны 11-р сард Парист байхдаа Шоноос сүй тавьсан саналыг авсан хэмээн дээрх сэтгүүлд бичжээ.

Ц.Булган

Categories
мэдээ нийгэм

Мэс заслын аргаар төрсөн хүүхдийг гурван сая дахь иргэнээр тооцохгүй

Монгол Улс гурван сая дахь иргэнээ хүлээж авахад бэлтгэж байна. Үндэсний статистикийн газраас гаргасан тооцоогоор Монгол Улсын гурван сая дахь иргэн 2015 оны нэгдүгээр сард төрөх гэнэ. Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгаас тус бүр нэг хүүхдийг буюу нийт 30 хүүхдийг гурван сая дахь иргэнээр тодруулах юм. Тэдгээр хүүхдүүдэд орон сууц буюу түүнтэй тэнцэх хэмжээний мөнгөн шагнал, гурван сая төгрөгийн тэтгэмж олгох юм.

Монгол Улсын нэг сая дахь иргэн 1962 оны хоёрдугаар сард төрсөн бол хоёр сая дахь иргэн 1988 онд мэндэлж байжээ.1988 онд хоёр сая дахь иргэн гэж хот, хөдөөд 25 хүүхдийг тодруулж байсан юм байна. Гурван сая дахь иргэнийг тодруулахдаа мэс заслын аргаар төрж байгаа хүүхдүүдийг тооцохгүй юм байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ж.Хайрулла: Би Монголын ганц татар

Монгол Улсын ардын эмч, хөдөлмөрийн баатар, төрийн шагналт, академич, доктор, профессор Ж.Хайруллатай уулзаж хөөрөлдлөө.

Таныг угсаа гарлаар чинь дөрөв таван үндэстэн булаацалддаг гэж сонссон. Та чинь хасаг хүн биш юм уу?

-Ардын уран зохиолч Тангадын Галсан бид хоёр их найзууд л даа. Тэр нөхөр миний цолны хүлээн авалтанд уригдаж ирээд “В.Путин “Хайрулла бол Оросын татар. Тэгэхээр манай хүн” гэж хэлжээ. Хятадын удирдагч Ху Жинтао “Хайруллын ээж уйгар хүн учраас манай хүн” гэжээ. Казахстаны ерөнхийлөгч Н.Назарбаев тэндээс “Хайрулла казах хүн. Худлаа гэвэл Алма-Аты хотод хүүхдүүдээ дагуулчихсан есөн авгай нь байна” гэсэн. Тэгтэл харин манай Ерөнхийлөгч монголоос гэж баталгаажуулаад хөдөлмөрийн баатар өгчихсөн” гэж амьтны элэг авсан. Хүнийг мөн баллаж байгаа юм шүү, сүрхий хог чинь. (инээв.сур) Манай аав Жалель үнэхээр Лениний сурч байсан Казанийн тэнд төрж, гимнази дүүргэж шашны дунд боловсролтой молла болсон. Шашны зан үйл дэлгэрүүлэх, сүм хийд бариулах зорилгоор аавыг маань Хятадын казахууд руу томилолтоор явуулсан байгаа юм. Шинжаанд байхдаа ээжтэй танилцаж, одоогийнхтой адил хил хязгаарын зааггүй байсан учраас Ховд аймгийн Булган сумын Цагаан голд нүүн ирж суурьшсан байгаа юм. Тэнд ногоо тарьж, шашныхаа номлолыг ч явуулдаг байж. Хил тогтоход Монголд үлдэж, 1938 оны их хэлмэгдүүлэлтээр баригдан тэр чигтээ сураг алдарсан. Тэр үед би наймхан настай өнчирч хоцорсон доо. 1972 онд цагаадсан гэдэг тогтоолыг нь надад гардуулсан. Хоёрхон өдөр байцаагаад “Гадаадын тагнуул” гээд шууд буудчихсан гэж хавтаст хэрэгт бичсэн байна лээ. Миний уг гарал татар, уйгарын эрлийз, төрсөн нутаг минь эх сайхан Монгол, Ховдын Минжит Булганы рашаанаар угааж хүн болсон.

Та ах дүү олуулаа юу?

-Аав маань боловсролтой хүн байсан болохоор дөрвөн хүүхдээ Улаанбаатар, Москва руу сургуульд явуулсан байдаг юм. Монголын анхны инженер Ахмад байна. Удаахь ах Эрхүүд КУТВ-д эмч мэргэжил эзэмшиж ирсэн. Валя гэдэг ах маань Улаанбаатарт цэр­гийн алба хааж, офицер болоод ажиллаж байгаад бур­хан болсон. Абдил ах маань Улаанбаатар хотын Гүйцэтгэх захиргааны дарга, аймгуудын намын хорооны даргаар ажиллаж байгаад нас барсан. Миний төрсөн эгч наян естэй хөгшин насаараа багшилсан. Гэр бүлийн хүн маань Х.Гүлсэн гэж казах хүн бий.

Та сургууль соёлын мөр хөөсөн түүхээ өдий өндөрлөгөөс хуучлаач!

-Баян-Өлгий аймгийн нэг­дүгээр арван жилийн дөрөв­дүгээр анги төгсөөд, 1945 оны зуны сүүлээрмодон кабинтай “ЗИС-5” гэдэг машинаар хорин нэг хоног явсаар Улаанбаатар хотод орж ирэн, Офицерын сургуульд орох боллоо. Надтай хамт ирсэн Хаби гэдэг хүн жанжин Сүхбаатарын гэргий Янжмаа гуайнд дагуулж очин, хичээл эхэлтэл тэднийд байхаар болов. Янжмаа гуайнх тэр үед Тавын халуун ус гэж байсан өндөр яндантай, дан цагаан байшингийн арын дэнж дээр, одоогийн Болгар улсын элчин сайдын яам байгаа орчимд том хашаанд сараалжин цонхтой хятад маягийн хийцтэй зуны байшинтай, том цагаан гэртэй айл байв. Зуных нь байшинд жанжны хүү Галсан гуай, гэргий ньхожим ардын жүжигчин болсон Ичинхорлоотой хамт, харин гэрт Янжмаа гуай хүүгийнхээ жаахан охин Тамара, бид гурав байна. Тамара хожим нэрээ монголоор солиод Гадаад яамны сайд байсан Дүгэрсүрэн гуайн гэргий болсон. Янжмаа гуай өглөө болгон “М-1” гэдэг битүү хар машинаар ажилдаа явчихна. Эднийхний ачаар би хэд гурван монгол үгтэй боллоо. Ингээд хэд хоногийн дараа Сүхбаатарын нэрэмжит Офицерын сургуулийн захирал генерал Дагдантай уулзуулан “Онц сурна шүү” гээд духан дээр үнсээд явсан.

Зохиолч С.Эрдэнэ гуай тэр сургуульд сурч байсан гэдэг. Анги нь ойролцоо байсан уу?

-Сэнгийн Эрдэнэ надаас нэг ах анги. Офицерийн сургууль төгсөгчдөөс Армийн Улс төрийн газрын орлогч дарга байсан хурандаа генерал Гомбосүрэн, генерал Моломжамц хоёр л амьд сэрүүн байх шив дээ. Би Офицерийн сургуулиас Монгол Улсын их сургуульд шилжин эмч мэргэжил эзэмшин, 56-57 жил эмч-багшийн ажил эрхэлсэн. Мэс засал хийхдээ дадлагын оюутнуудад багшилдаг болохоор багш болчих юм даа. Гадаадад курс төгсөж ирээд 1966 онд Монголд анх удаа хүний уураг тархинд мэс засал хийж гар хүрсэн. Тэрнээс хойш тавь гаруй жил уураг тархитай ноцолдож, тархи мэдрэлийн мэс заслын мэргэжлийн гучаад эмч нарыг бэлдсэн. Монголын эмч нарын жар далан хувь нь миний гараар дамжсан шавь нар байгаа биз дээ. Монгол Улсынхаа бүх аймаг, сумаар явсан даа.

Таны үр хүүхдүүд алтан гартай, бурхан мэргэжлийг тань өвлөсөн биз?

-Би гурван хүү, нэг охинтой. Төмөр замд машинист, цэргийн газар багш байсан хоёр хүү маань өөд болсон. Костя хүү маань миний мэргэжлийг өвлөн Шастины нэрэмжит клиникийн III эмнэлгийн Мэдрэлийн мэс заслын эрхлэгчээр сүүлийн арваад жил ажиллаж байна. Костягийн хүү Жам тархины мэс засалч болох гээд явж байна. Миний зээ хүү Абай маань саяхан тархин доторх судсыг нөгөө судсаар залгах нарийн хагалгааг Монголд анх удаа хийлээ. Миний хийгээгүй нарийн мэс засал. Зээ хүүгээрээ бахархаж байна.

Эрүүл мэндийн салбарт амьдралынхаа бүтэн жарныг үдсэн хүний хувьд та өнөөгийн байдлыг юу гэж бодож явдаг бол?

-Хатуухан хэлэхэд Эрүүл мэндийн яам, эрүүлийг хамгаа­лах салбар өнчин хурга, ишиг шиг санагддаг болчихлоо. Бусад яам, салбарыг ажиглаж байхад улсын төсөвт нэмэр хандив өргөж, муугаар хэлэхэд авилгадаж оршин тогтнож байхад Эрүүл мэндийн яам гуйлгачин шиг л байна. Эрүүл мэндийн сайдаар мэргэжлийн болоод мэргэжлийн бус хүнч томилогдож байна. УИХ-аар 2015 оны улсын төсвийг хэлэлцэхэд эрүүл мэндийн салбарт нэг ч эмнэлгийн барил­га барих, засвар хийх мөн­гө төсөвлөгдсөнгүй. Намайг анх 1966 онд тархинд хагалгаа хийж, 1971 онд Мэдрэлийн мэс заслын тасаг байгуулагдахад дөчин хүний ортой, зургаа долоон эмчийн орон тоотой байсан. Тэр үед Монгол Улсын хүн ам нийтдээ ганцхан сая, манай тасаг долоо хоногт хоёр гурван хүнд л мэс засал хийдэг байлаа. Өнөөдөр гурван сая дахь иргэ­нээ хүлээж авах гээд хоёр сая есөн зуун ерэн мянган хүнтэй болчихоод, долоо хоногт дөч тавин хүнд хагалгаа хийдэг болжээ. Ийм байтал эмчийнх нь орон тоо ч нэмэгдэхгүй, орны тоо нэмэгдэхгүй ч оочир дугаар нь дийлдэхээ байлаа. Төр засаг гэж байдаг бол энэ бүхнийг анхаараасай. Бид яг дайны үеийн байдалд л ажиллаж байна. Тиймээс мэдрэлийн мэс заслын эмч нар их залуухан нас барцгааж байгаа. Эмнэлгүүдийн зас­вар ч хийх төсөв байхгүй байна гээд бод доо. Аз боло­ход сая Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн Засгийн газар биеийн тамирын спор­тын байрыг чөлөөлж 150 ортой хүүхдийн эмнэлэг болгох шийдвэр гарсан. Энэ бол миний мэдэхээр сүүлийн арваад жилд гарч буй сайхан зүйл л дээ. Ингээд бодохоор эрүүл мэндийн байгууллага хавсарга гуйлгачин салбар болжээ.

Эрүүл мэндийн байгууллагыг ийм гуйлгачин хавсарга байлгаж байхаар хувьд гаргачих галт тэргийг хөдөлгөчихөж болдоггүй юм болов уу?

-Манай улсын төрийн бодлогод боловсролын гажуу­дал үүсчихсэн. Эмч бэлтгэх хувийн дээд сургуулиуд олшир­сон. Дэлхийд 100 мянган хүнд үйлчлэх эмчийн тоогоороо АНУ-ын дараа аман хүзүүдэж байгаа шүү дээ. Чанаргүй, мэдлэг чадвар тааруу эмч нар замбараагаа алдсан. Хувийн эмнэлэг байгуулсан эмч нар тангараг өргөсөн цагаан нөмрөгтнүүд мөнгөний төлөө ажилладаг луйварчингууд болж хувирсан. Өөрийг чинь орж ирэхээс өмнө үзүүлээд явсан өвчтөн “Очирваань” эмнэлэгт хоёр гурван сая төгрөгөө цацсан ч ямар ч үр дүн гарсангүй гэж орж ирж байна. Тэр эмнэлгийг орой бүр зурагтаар сурталчлаад байдаг шүү дээ. “Жигүүр гранд” компанийн “Гранд мед”-ийнхэн нуруу нугасны мэс засал хийдэг юм байна. Манайд энэ хагалгааг хийгээд дөч тавин жил болж байгаа шүү дээ. Тэнд солонгос эмчээр 15 сая төгрөгөөр мэс засал хийлгэсэн хүн надад үзүүлэх гээд хүрээд ирж байна. Тэгэхэд тэр хагалгааг хийхэд улсын эмнэлэг 1500 төгрөг ч авдаггүй шүү дээ. Энэ их хэцүү еэ. Ингэж манай хувийн эмнэлгүүд өвчтөнийг хохироож мөнгө угааж байна. Иймэрхүү байдалтай өнчин салбарт халаад нөмөрч үзээгүй Шийлэгдамба гэдэг нэг өнчин сайд ороод ирлээ.

Өөр мэргэжлийн сайд салбараа мэдэхгүй сандарна гэх гээд байна уу?

-Халаат өмсөж үзээгүй Ламбаа, Т.Ганди нарын сайдыг би муу ажилласан гэж үзэхгүй. Шийлэгдамба сайдад ч итгэж байна. Сайн эмч нар гэгдэж байсан Гүндалай, Удвал нар амжилт гаргасан уу гэвэл гаргаагүй. Энэ юутай холбоотой вэ гэхээр мөнгө санхүүгээс гадна эмнэлгийн ажил мэргэжлийн чадамж, эмнэлгийн менежмент цаг үеэс төө хойно хоцорсонд байгаа юм. Тиймээс би эрүүл мэндийн салбарынхандаа ажил мэргэжилдээ чин сэтгэлээс зүтгэе, мэргэжлийн ч бай, мэргэжлийн бус ч бай төрийн сайдын алба ажлыг хүндлэн дэмжиж ажиллая гэж уриалъя. Санаа нийлсэн нөхцөлд монголчууд ямар ч саад бэрхшээлийг туулна аа. Эмч мэргэжил олгодог хувийн сургуулиудыг цөөлж, улсын ч бай, хувийн ч бай сургуулиудын элсэлтийн шалгалтын босго оноог өндөрсгөе. Халаас зузаан­тай, толгой нимгэн эмч нарын цувааг ингэж л цөөлж чадна. Эмнэлгүүдийг аттестатчлах цаг болсон. Шалгаруулалтанд тэнцсэн эмнэл­гүүдийн харьяанд харин бусад эмнэлгийг менеж­ментээр хариуцуулан ажиллавал үр дүн нь эерэг гарна. Хүүхдийн өвчин, эх барих эмэгтэйчүүд,гэмтэл, зүрх, тархимэдрэлийн эмнэл­гүүдийг өргөтгөх хэрэгтэй. Өнөөдөр Гэмлийн эмнэлгийн хонгил дүүрч, Эх нялхсын эмнэлэгт нэг орон дээр хоёр эх хүүхэдтэйгээ байж байна шүү дээ. Тархи, зүрхний мэс заслын багаж төхөөрөмжийг улс маань аваад өгч чадахгүй байна. Тархины нэг судсан дээр тавих хавчаар гэхэд нэг сая төгрөгийн үнэтэй. Ийм үнэтэй багаж төхөөрөмжүүдийг улс хангаж өгч чадахгүйгээс хойш тархины мэс засал, зүрхний мэс заслын эмнэлгүүдийг менежментээр гаргамаар байна. Эмнэлгүүд амин зуулгаа алдахгүйнтулд гадаадын боломжтой газраас хямд төмөр олоод ирнэ шүү дээ. Эрүүл мэндийн даатгалыг өвчний хүнд, хөнгөн байдлаар нь ялгаж онооход болохгүй гэх газаргүй. Хуруугаа исгэчихээд иод түрхүүлээд гарч байгаа өвчтөн, тархины хүнд мэс засал хийлгэсэн өвчтөн хоёрын даатгал адилхан бай­гаа нь яавч амьдралд нийцэхгүй зүйл шүү дээ. Адуу, тэмээ, хонь, ямааны даатгал тус тусдаа үнэлгээтэй байдаг биз дээ. Арван цаг цусны үнэрт ядартлаа ажиллаад нам унаж байгаа мэс заслын эмч, гэртээ амарч байгаа шүдний эмчийнхтэй адилхан байж таарахгүй шүү дээ. Тиймээс эрүүл мэндийн даатгалыг боловсронгуй болгож, өвчний байдлаар нь ангилах хэрэгтэй гээд байгаагийн учир энэ.

Л.БАТЦЭНГЭЛ

Categories
мэдээ нийгэм

Хойд зуслангийн зам түгжрэлтэй байна

Энэ удаагийн шинэ жилийн амралт урьд өмнө болоогүй урт хугацаагаар сунжирсан нь хотын иргэдийг чөлөөт хэрхэн яаж өнгөрүүлэхэд санаа бодлоо чилээх шаардлага гаргав бололтой.

Хотын ойролцоох амралтын газрууд захиалгад дарагдаж, амрагчдаа “багтааж шингээх” боломжгүй байгаагаас гадна зуслангийн газруудад хувийн орон сууцтай хүмүүс энэ хэдэн өдрүүдэд цэвэр агаарт гарч хүүхэд хөгшдөө баясгая хэмээн нүүдэллэсэн нь Долоон буудалаас хойших цорын ганц нарийхан замыг түгжрэлтэй болгож орхив.

Шинэ он гараад хоёр гурав хоноход энэ зам Шадивлангийн зуслангаас эхлээд 32-ын тойрог хүртэл өдрийн туршид тогтмол түгжрэлтэй өнжиж байна.