Categories
мэдээ соёл-урлаг

Түүхэн баримт бичгүүдийг Монголын үндэсний музейд хүлээлгэн өглөө

Хөдөө аж ахуйн дээд сургуулийн дэргэдэх Монголын Ардчилсан Холбооны салбар зөвлөлөөс ардчиллын үйл хэргийг дэмжин оролцож байсан түүхэн баримт бичгийг Монголын үндэсний музейд хүлээлгэн өглөө.
Хөдөө аж ахуйн дээд сургуулийн дэргэдэх Монголын Ардчилсан Холбооны 058 дугаар салбар зөвлөл 25 жилийн ойгоороо дахин цуглаж хөдөө аж ахуйн мэргэжилтнүүдийн Ардчилсан холбоо төрийн бус байгууллагыг байгуулсан бөгөөд анхны хуралдаанаа хийжээ.
Тус хуралдаанаар салбар зөвлөлийнхөө үйл ажиллагаатай холбоотой түүхэн баримт бичгүүдийг Монголын үндэсний музейд хүлээлгэн өгөх шийдвэрийг гаргасан юм байна. Тус салбар зөвлөлийн санаачлагч , УИХ-ын Тамгын газрын Нарийн бичгийн дарга Б.Цэвээнпүрэв, “Бидний өнөөдөр Үндэсний музейд хүлээлгэн өгч байгаа баримт бичгүүд тухайн үеийн оюутнууд нийгмийн өөрчлөхийн төлөө хэрхэн зүтгэж байсныг гэрчлэх болно” хэмээв.

Categories
мэдээ соёл-урлаг

“Амьдралын үнэр” кино гранпри хүртлээ

Австри Улсад болсон олон улсын богино хэмжээний кино наадмаас “Амьдралын үнэр” кино гранпри шагнал хүртжээ.

Дэлхийн 80 гаруй орны уран бүтээлчид оролцсон тус наадам гэр бүлийн хүчирхийллийн тухай хөндсөн уран бүтээлүүдээс шилдэг бүтээл шалгаруулдаг.

Тус кинонд хойд ээжтэйгээ амьдардаг Анар охины тухай өгүүлдэг байна. “Амьдралын үнэр” киноны найруулагчаар Б.Батболд ажилласан бол гол дүрд нь долоон настай Х.Хүслэн тогложээ.

Categories
гадаад мэдээ

Реппер Psy дахин дээд амжилт тогтоов

БНСУ-ын энгийн нэгэн дуучин залуугийн этгээд хөгжилтэй бүжигтэй “Gangnam Style” гэх дуу гарсан даруйдаа дэлхий нийтээр тарж, давалгаа үүсгэж байсан билээ.

Нэг тэрбум хүн үзсэн видео болж, Гиннесийн дээд амжилтын эзэн болж байсан уг уран бүтээл амжилтаа дахин эвдэж, хоёр тэрбум гаруй удаа үзсэн байна. Тиймээс “Gangnam Style” дууг “YouTube”-ээр үзсэн тоо хамгийн дээд хэмжээнээс давснаар тус вэб хуудас системээ шинэчлэхэд хүрчээ.

“YouTube” уг вадеоны талаар “Нэг дүрс бичлэгийг 2 тэрбум 147сая 483 мянган 647-гоос илүү олон удаа үзнэ гэж бид төсөөлж байсангүй. Гэхдээ “Psy”-ийн “Gangnam Style” ингэж чадлаа” гэж дүрс бичлэг доорх сэтгэгдэл бичих хэсэгт бичжээ.

2012 оны долдугаар сарын 15-нд “Gangnam Style”-ийг “YouTube”-д тавьснаас 52 хоногийн дараа гэхэд хэдийн 100 сая гаруй удаа үзсэн байсан бол, 161 дэх хоногт нэг тэрбум удаа үзсэн байсан юм. Харин энэ оны тавдугаар сард “Gangnam Style” нь хоёр тэрбум гаруй удаа үзсэн “YouTube”-ийн анхны дүрс бичлэг болсон юм.

Өнөөдрийн байдлаар, “Gangnam Style”-ийг хоёр тэрбум 156 сая 705 мянга гаруй удаа үзжээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Оюу толгойн баяжуулах үйлдвэр өнөөдрөөс ажиллаж эхэлнэ

“Туркойз Хилл Ресурс” компани өнөөдөр Оюу толгойн баяжуулах үйлдвэрт гарсан галын талаар нэмэлт мэдээлэл гаргав. Энэ сарын 3-нд Оюутолгойн баяжуулах үйлдвэрийн нунтаглалтын хэсгийн бөөрөнцөгт тээрмийн усан ангилагчийн нэгийг хамарсан гал гарсан билээ. Галын улмаас бэртэж, гэмтсэн хүн байхгүй гэж өмнө нь мэдээлсэн. Ажиллагсдын аюулгүй ажиллагааг хангах, мэргэжлийн байгууллагуудын шалгалт хийх зорилгоор баяжуулах үйлдвэрийн ажиллагааг түр зогсоох шаардлагатай болсон аж. Үзлэг, шалгалт энэ сарын 4-нд дуусч үйлдвэрийг дахин ажиллуулж эхлэх бэлтгэл ажил болон гарсан хохирлыг тогтоох ажлыг хийж байгаа гэнэ. Гал усан ангилагчийн резинэн доторлогоотой шугам хоолой болон булингар дамжуулах сувагт гарсан байна. Үзлэг шалгалт дууссанаар зөвхөн галд өртсөн ангилагчийг тусгаарлан бусад тоног төхөөрөмж, системүүдийн тусламжтайгаар баяжуулах үйлдвэрийг ажиллуулах боломжтой юм байна. Оюу толгойн баяжуулах үйлдвэрийг өнөөдрөөс ажиллуулж эхлэхээр болжээ.

Оюу толгойн баяжуулах үйлдвэр нь дөрвөн бөөрөнцөгт тээрэм, дөрвөн усан ангилагчтай бөгөөд бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэмжээнд хэрхэн нөлөөлж болох тухай үнэлгээг баяжуулах үйлдвэрийг ажиллуулсаны дараа хийх аж.

Categories
нүүр-хуудасны-онцлох туслах-ангилал

Нийслэлийн төв талбайн сүлд модыг засч эхэллээ

Нийслэлийн Засаг даргын “Шинэ жилийг угтах, тэмдэглэх ажлын хэсэг байгуулах тухай” А/980 дугаар захирамжийн дагуу ажлын хэсэг байгуулагдаж, ажлын хэсгийн даргаар нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл ажиллаж байгаа юм. Ажлын хэсгээс өгсөн үүргийн дагуу нийслэлийн төв талбайд жил бүр сүндэрлэдэг сүлд модыг засч эхэллээ. Сүлд модны гэрэл асаах ёслол энэ сарын 15-нд болох товтой. Харин 31-ний үдэш Чингисийн талбайд нийслэлчүүдийн шинэ оноо угтах баярын цэнгүүн болно гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Агаарын бохирдлыг 99.9 хувь бууруулах төхөөрөмжийг суурилуулж эхэлжээ

Агаарын бохирдлыг 99.9 хувь бууруулах төхөөрөмжийг “МЭС” ХХК Баянзүрх дүүргийн 68 дугаар сургуульд суурилуулсан байна.

Улаанбаата рхотын агаарын бохирдлын 80-аас дээш хувийг нийслэлийн гэр хороолол болон нам даралтын зуухнууд “үйлдвэрлэж” байна .Нийслэлд одоогоор 1319 нам даралтын зуухтай бөгөөд жил бүр урсгал засвар үйлчилгээнд нэлээд хэмжээний төсөв зарцуулдаг ч агаарын бохирдлыг бууруулж чадахгүй байна. Тиймээс нарийн бүдүүн ширхэглэгт тоосонцорыг шүүдэг дэвшилтэт технологийг нэвтрүүлэх нь хамаагүй үр дүнтэй юм. Дээрх санаачлагыг “МЭС” компани гаргаж, Япон Улсын тоосонцор утаа шүүгч зэрэг тоног төхөөрөмж үйлдвэрлэгч “АКО” компанитай хамтран төсөл хэрэгжүүлэхээр туршиж эхэлжээ. Тус компани утаа шүүгч төхөөрөмжийг энэ оны 5-р сард Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороонд танилцуулснаар нийслэлийн агаарыг бохирдуулж байгаа эх үүсвэр болох хотын захын сургууль, цэцэрлэг аж ахуй нэгжүүдийн ажиллуулж байгаа нам даралтын зуухнуудад суурилуулсан байна. Анхны туршилтыг Нийслэлийн хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газрын харьяа Баянзүрх дүүргийн “Баянзүрх цогцолбор” сургуулийн 68-р сургуулийн халаалтын зуух дээр хэрэгжүүлсэн юм. Туршилт хийхийн өмнө 6-р сард нарийн хэмжилт хийж, 8-р сарын сүүлчээр Япон Улсын мэргэжилтнүүдийг урин угсралт, холболтыг технологийн дагуу суурилуулж, зуухыг +300 хэм хүртэл галлахад утааг 99,9 хувь шүүж байгааг Нийслэлийн агаарын чанарын албаны явуулын лабораториор баталгаажууллаа. Мөн Нийслэлийн агаарын чанарын албаны утаа хэмжилт хариуцсан тусгай мэргэжилтнүүд дахин хэмжилт хийх шаардлагагүй гэж үзэв. Сургуулийн багш ажилтнуудын ярианаас үзэхэд өмнөх усан халаалтын нам даралтын зуухыг галлах үед сургуулийн ойр орчимд утаа угаар, нүүрсний тортогоор газар хучигдаж, агаар болон хөрс бохирдож тус сургуулийн 2000 гаруй сурагч, багш ажилчид эрүүл мэндээр хохирдог байжээ. Улаанбаатарын утааэд ихсэж буй өнөө бид үед газар дээр нь очиж танилцсан юм.БЗД-ийн 68-р сургуулийн 400 кВт-ын хүчин чадалтай нам даралтын зуух нь бүрэн хүчин чадлаараа ажиллаж байхад яндангаас ямар ч утаа гарахгүйн зэрэгцээ ойр орчимд агаар сийрэг байсан юм.

Тусутаашүүх, цэвэршүүлэхшинэтэвшилтэд технологийг нам даралтын зуух, дулааны станциудад суурилуулснаар ирээдүй болсон хойч үе маань эрүүл орчинд сурч боловсорч, өсч торних боломжийг бүрдүүлж байна.

Categories
мэдээ нийгэм

164 дүгээр цэцэрлэгийн бүжгийн наадам болов

БГД-ийн тэргүүний 164 дүгээр цэцэрлэгт арваннэгдүгээр сарын 27-нд “Бүжгийн наадам”-ын үйл ажиллагааныхаа дүнг гаргаж наадмын хоёрдугаар шатанд шалгарсан 284 хүүхдийннэгдсэн тоглолт болж багш, хүүхэд, эцэг, эхчүүдийн дунд томоохон баяр болж өнгөрлөө. Энэ цэцэрлэг бүжгийн урлагаардамжуулж хүүхдийг хөгжүүлж амжилтанд хүрч байгаа нь эцэг эхчүүд, үйлчлүүлэгчдийн талархлыг хүлээж, хүн болгон хүүхдээ бүжгийн наадамд идэвхтэй оролцуулжхүүхдээ хөгжүүлэх гэсэн эцэг эхчүүдийн тоо жилээс жилд нэмэгдэж томоохон хэмжээний баяр болдог болсон байна.

Categories
мэдээ улс-төр

Засгийн газар 19 сайдтай ажиллахаар боллоо

УИХ-ын чуулганөчигдөр нэгдсэн хуралдаанаа цаг сунган хуралдаж, Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай болон холбогдох бусад хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцэж баталлаа.

Хууль батлагдсанаар шинэ Засгийн газар Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Улсын Шадар сайд, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга болон дор дурдсан асуудал эрхэлсэн нийт 19 гишүүнтэйгээр ажиллахаар боллоо.

1.Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд;

2.Гадаад хэргийн сайд;

3.Сангийн сайд;

4.Хууль зүйн сайд;

5.Аж үйлдвэрийн сайд;

6.Батлан хамгаалахын сайд;

7.Барилга, хот байгуулалтын сайд;

8.Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд;

9.Зам, тээврийн сайд;

10.Уул уурхайн сайд;

11.Хөдөлмөрийн сайд;

12.Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд;

13.Хүнс, хөдөө аж ахуйн сайд;

14.Эрчим хүчний сайд;

15.Эрүүл мэнд, спортын сайд;

16.Монгол Улсын сайд.

Хуралдааны төгсгөлд Улсын Их Хурлын дарга З.Энхболд Засгийн газрын бүтцийн тухай хууль батлагдсанаар Ерөнхий сайд Засгийн газрын гишүүнээр ажиллах хүмүүсийг томилуулах саналаа УИХ-д өргөн мэдүүлэх боломжтой болсныг дуулгаад 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн ажлын цаг дуусахаас өмнө саналаа өргөн мэдүүлэхийг сануулсан юм.

Categories
мэдээ цаг-үе

Түмэнжаргалын Дүүрэн: Аав маань миний нэрийг дуундаа их оруулсан

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, дууны шүлгийн нэрт мастер, зохиолч, яруу найрагч Загдын Түмэнжаргал агсныг монгол түмэн сэтгэлд мөнхөрсөн уран бүтээлээр нь сайн танина. Найрагчийн хүү, “UFC” группын хүнсний үйлдвэрлэл хариуцсан дэд захирал Түмэнжаргалын Дүүрэнтэй уулзаж аавынх нь тухай хөөрөлдлөө.

Түмээ найрагчийгМонголын ард түмэн уран бүтээлчийнх нь хувьд дэндүү сайн мэднэ. Та аавынхаа тухай сайхан дурсамжуудаас хуваалцаач?

-Миний аав 1953 онд Төв аймгийн Угтаал цайдам суманд мэндэлсэн. Арван хүүхэдтэй Загд хэмээх өнөр өтгөн айлын хоёр дахь хүү л дээ. Нэг эгчтэй. Сумынхаа долоон жилийн сургуулийг төгсөөд Улаанбаатар хотын Багшийн сургуульд элсэн суралцсан. Аав байгалиас заяасан унаган авьяастай, бичгийн их хүн байжээ гэдгийг нэгдүгээр ангид байхдаа сайхан бичгийн аварга болж байснаас нь харахад ч тодорхой байгаа юм. Их нямбай хүн учраас сайхан бичгийн аварга болж байсан хуудсаа хүртэл хавтсанд хадгалчихсан байсныг би сүүлд хараад бахархсан. Бичгийн цаасан дээр шугам татчихсан юм шиг бичсэн байгаа биз. Хэвлэлд гарсан анхны шүлгүүд нь байж байна. Арван таван насандаа Москвагийн радиод захидал хүртэл бичижбайсан хэнхэгдүү ч гэмээр тийм л бадрангуй нэгэн байж дээ. Наймдугаар ангидаа сургуулийнхаа математикийн аварга болсон гэрчилгээ нь ч бий. Тэр бүхнээ нямбай хадгалсан нь хожим үр хүүхдэд нь үлгэр дуурайл болно гэж боддог байж. Багшийн сургуулийн оюутан байхдаа төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Шарав ахтай хамт “Пионер” хэмээх анхны дуугаа зохиож уралдаанд оролцож хоёрдугаар байр эзлэн Филатова гуайн гараас шагналаа гардаж байсан байдаг. Филатова шагнал гардуулахдаа мань хоёрыг “Ийм балчирхан мөртлөө ямар гайхамшигтай авьяастай юм бэ” гэж дуу алдаж байсныг ээж маань дурсдаг юм.

Ажлын гараагаа хаанаас эхэлсэн юм бол?

-Багшийн сургуулиа дүүргээд нэгдүгээр сургуульд бага ангийн багшаар ажиллаж, даасан ангид нь дорнын их яруу найрагч Б.Явуухулангийн хүү Амараа, их эрдэмтэн Чой.Лувсанжав гуайн хүү Өлзийт нар суралцаж байсан байдаг. Энд нэг инээдтэй юм ярихад аавын уран бүтээлийн багш Явуу найрагч хүүгийнхээ өмнөөс хоёр удаа бичгээр чөлөө гуйсан нь хүртэл баримтаараа байж байна. Тэр үеийн хүмүүс ийм гайхамшигтай ёс зүйтэй байсан байгаа юм. Аав маань сургуулийнхаа тэргүүний бага ангийн багшаар хүртэл шалгарч байсан гээд бод доо. Дараа нь МУИС-ийн Монгол хэл, уран зохиолын ангийг 1980 онд улаан дипломтой дүүргэсэн юм билээ. Их сургуулийн онц төгсөгчдийн самбарт нэр нь байдаг юм.

Их л энгийн хүн байсан санагддаг?

-Аав өөрөө хөдөөний хүүхэд болохоор ч тэр юм уу монгол ахуйг ойлгуулах гэж намайг дөрвөн настайгаас наймдугаар анги төгстөл зуны амралтаар хөдөө явуулдаг байсан. Би нэг зун “Найрамдал” зусланд амарч ирээд аавыг “Юу сурав” гэхээр нь

Цагаан баавгайн бамбарууш тоглон наадаж байна.

Цэгээн туйлын мөсөн дээр бөмбөг битгий хаяарай”,

Хүүхдийн сэтгэл шиг цэлмэгхэн

Монгол наадмын тэнгэр дор

Эв найрамдал дүүрэн, дүүрэн

Инээд баясал тодхон, тодхон

Бөөн баяр аа

Бөөн баяр аа” зэрэг зуслан дээр байнга дуулдаг дуунуудыг сурснаа хэллээ. Манай аав чинь ямар ч хүнтэй наргиад байгаа нь ч мэдэгдэхгүй, хошиндуу ч гэмээр харьцдаг хүн ш дээ. Тэгсэн мань эр “Миний зохиосон дуу ш дээ” гэж байна. “Аав аа, та худлаа яриад байгаа юм биш үү” гэсэн чинь шөнө хэрэг болгож босож ирээд баахан бичиг цаас үзүүлж, ямар уралдаанд хэддүгээр байр эзэлснийг хүртэл баярын бичигтэй нь харуулж байна. Аавыгаа тэр гайхамшигтай дуунуудыг бичсэн найрагч гэж бодсон чинь бахдал төрөөд цонхоор тусах сарны гэрэлд нэг л гайхамшигтай мэдрэмж төрж, даль жигүүртэй ч болчихсон юм шиг санагдаж, нойргүй хонож байж билээ.

Таны нэрийг мэдээж аав тань өгөө байлгүй?

-Нэрийг маань аавын амьдралын ч, яруу найргийн ч багш Тангадын Галсан гуай өгсөн байдаг. Аав дүү Дөлгөөн бид хоёрын тухай бүхнийг нялх үстэй нойтон зүстэйгээс бичсэн дэвтэр одоо ч ээжид минь байгаа. Аж төрөлдөө бүхий л зүйлээр дүүрэн байг гэсэн утгатай шүлэглэж бичсэн ерөөл тэнд бий. Зулай дээр минь гишгэж төрсөн ах минь ой хүрэлгүй өөд болсон болохоор аав ээж хоёр минь дүүрэн жаргалтай байхыг хүсэж байсан нь лавтай. Манайх миний нэр шиг ёстой дүүрэн халгиж цалгисан айл байлаа. “Хонх”-ын Цогтсайхан манай хоёрынх хөрш. Цогоо ах гитараа үүрээд ороод ирнэ. Аав “Рашаантын-18”-ыг нь дуулуулна. Шог зохиолч Ж.Барамсай, яруу найрагч Ш.Уянга, Ж.Болд-Эрдэнэ, хүүхдийн зохиолч Даваашарав, зохиолч Ж.Зана ах нар мөн ирж уран бүтээлийн халуун яриа өрнүүлдэг сэн. Ардын уран зохиолч Б.Догмид ах намайг бага байхад их хардаг байлаа. Төрийн сүлд зурсан төрийн шагналт зураач Ц.Ойдов ах аавтай их дотно. Аав “Ажнай”-н Бат-Эрдэнэ ахад их баярлаж явдаг байсан. Уран бүтээлийн тоглолтоо хийх гээд мачийж явахад гар сунгаж, ажлыг нь амжуулж өгсөн юм билээ. Уран бүтээлч хүн урмаар л урагшаа явдаг шүү дээ.

Аав чинь бүтээж туурвихаас гадна ямар битүү авьяастай хүн байсан бол?

-Баян хуур дарна, аман хуур үлээнэ. Хүүхэд байхад аав гэртээ өөрийнхөө дуунуудыг баян хуурдан тоглож, дуулдаг байсан нь одоо ч нүдэнд харагдаж байна. Тухайн үеийнхээ гайхамшигтай дуучдын хуурцагийг сонсоно. Дуучин Адарсүрэн гуайн дууг хэдэн зуун удаа сонсоо л “Өнгө нь ингэж орж ирж байна, дээд өнгөнд нь хоолой хүрэхгүй нь” гэх мэтээр нэг хоббийтохоороо шөнөжингөө дуугаа давтчихдаг байсан. Би харжээ суусаар нөгөө дууг нь сурчихна. Нэг зүйл сонирхохоороо түүнийхээ эцсийг үзэх гээд зүтгэдэг тэр чанар нь надад бас өвлөгдсөн дөө. Ааваас өмнө дөрвөн хүү нь хүн болоогүй болохоор өвөө эмээ маань буруу энгэртэй дээл өмсүүлж, алган дээрээ бөмбөрүүлж өсгөсөн юм билээ. Тиймдээ ч тэр үү дүү бид хоёрыг эрхлүүлэх гэж жигтэйхэн хүн байлаа. Намайг дөрөвдүгээр ангидаа гэрэл зургийн дугуйланд ороход аав Москва явж долоон зуун рублиэр “Зенит” аппарат авчирч өглөө. Уг нь сонирхогч хүүхдэд 16 рублийн ердийн аппарат байхад л болоо шүү дээ. Тэгэхэд хүүдээ хэдэн сарынхаа ч цалингаар ийм их үнэ цэнэтэй зүйл авчирч өгч байсан юм, хөөрхий. Би энэ аппаратаар олон ч зураг дарж, угааж сурсан даа.

Аавтайгаа авахуулсан зураг уул овоо шиг л олон байгаа юм байна даа, тэгвэл?

-Харамсалтай нь аавтайгаа авахуулсан зураг надад байдаггүй юм. Парист амьдарч байхад нь авахуулсан зургийг эс тооцвол. Би аавыгаа дуурайсан сониуч хүүхэд байлаа. Нөгөө “Зенит”-ийг задалж үзчихээд яг байгаагаар нь эвлүүлчихье гээд задалчихсан чинь дахин угсарч чадаагүй.

Алган боовыг ч хүртээ биз?

-Өө ёстой яагаа ч үгүй. “Задалж үзэв үү, дотоод ажиллагаатай нь танилцсан биз. За тэгвэл яахав яахав” гээд тоогоо ч үгүй. Ер нь их сонин хүн дээ. Хүүхдийн паркаар хамт явж байгаад намайг хөөсөн чихэр сонирхохоор “Аманд ороод хоол болохгүй араанд ч үлдэцгүй юмаар яах гэсэн юм бэ” гэснээ намайг авахуулсны дараа “Аав нь нэг амсаадахъя” гэснээ амтанд нь ороод бүгдийг нь идчихээд “Энэ чинь харин зүгээр юм байна ш дээ” гэж жишээтэй. Хүүдээ боловсрол эзэмшүүлэх гэж орос сургалттай сургуульд оруулж, Боловсролын яаманд нэр хүндтэй мэргэжилтний ажлаа хүртэл хүлээлгэж өгөөд Орел хотод ажиллаж байсныг нь бодохоор сэтгэлд нэг л өег гэгээн байдаг юм.

Найрагчийн хүү болохоор уран бүтээл төрөхийн жаргал зовлонг дэндүү мэдэрч өсөө дөө?

-“Хүүхэд насанд хүргэж өгдөг

Галт тэрэг хэрвээ байдаг бол

Хүн бүхэн сууна даа гэж

Хааяа би боддог юм

Ийм сайхан

Тийм сайхан

Бага насаа би

Хайрлаж явнаа” гэсэн дууг хүн бүхэн мэднэ. Энгийн үгтэй мөртлөө миний ааваас өөр хэн ч бичиж чадаагүй дуу л даа. Хүүхдийн сэтгэхүйд үүнээс илүү яаж ойлгомжтой хэлэх вэ дээ. Сэлэнгэ аймгийн Ерөө дэхь тусгай сургалттай ТМС-ийн захирлаар ажиллаж байхдаа ээжийг хот руу ажлаар явахад “Бага насаа хайрлаж явна би”, “Амгалан цэнхэр дэлхий” гэсэн хоёр шүлгийг Л.Галмандах ахад явуулж дуу болгосон түүхтэй. “Америк сөнөтүгэй” гэж үзэл сурталжсан тэр бэрх цагт “Москва, Дели, Нью-Йорк хаана ч гэсэн хүүхэд бүхэн адилхан байна” гэж хэлж чадсан нь ертөнцийн бүх хүүхдэд хайртай, тэднийг өмөөрөх нинжин сэтгэлтэй найрагч байсан гэхээс аргагүй. Аав маань унаган монгол уламжлалаа дээдэлсэн, төгс төгөлдөрт тэмүүлсэн уран бүтээлч байж. Төгс төгөлдөр гэдэг ойлголт маань маш энгийн байна гэсэн үг биз дээ. Хүн муулах ясны дургүй. Харин хүнийг магтах, өөрөө ч магтуулах дуртай өөдрөг, юмыг дандаа сайн талаас нь харж, хийж бүтээдэг хүнийг дэмжээд явчихдаг хүн байсан. Тэр нь уран бүтээлд нь ч тусгалаа олсон. Дуучин Сэрчмаагийн тоглолт болоход сонин хэвлэл рүү утасдаад их тус болсон гэж манай найз Тэмүүлэн хэлдэг юм.

Мөн ч өргөн олон сэдвээр дууны уран бүтээл туурвисан даа?

-Сургууль төгсөх үеэр жил болгон оюутан сурагчид “Уяхан цэнхэр хавар”, “Салаа хархан гэзгэн дээр чинь” гээд дуулахад би саатаж сонсдог. Хүүхдийн баяраар “Хүүхэд насанд хүргэж өгдөг галт тэрэг”, “Могжоохон даагатай Жогжоохон хүү”, “Бөөн баяр” гээд дуунууд заавал хангинана. Тэр үед би хүүхдүүддээ та нар ийм мундаг өвөөгийн удам юм шүү гэж хэлэх дуртай. Аав “Миний өвөө Богдын Мөрцэрэн жаа лам гэж мундаг эрдэмтэй хүн байсан. Аав нь удмынхаа сайн сайхныг өргөж Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллалаа. Ямар ч байсан өвөөгийнхөө хүрсэн өндөрлөгийг уруудуулсангүй” гэдэг байсан нь үр хүүхдүүдэд нь гэрээс болон үлдсэн дээ. Би хэдийгээр шүлэг найраг бичээгүй ч “Интернэтийн цагаан толгой” гаргаж, орчуулгыг бол өөрийн хэмжээнд хийчихнэ шүү.

Ерөнхийлөгч асан Н.Энхбаярт хир халдаахгүй биз?

-Н.Энхбаяр гуайн орчуулгын анхны бүтээлийн редактороор ажиллаж энэ хоёр анд бололцсон түүхтэй юм билээ. Намайг Энэтхэг рүү сургуульд явах болоход Энхбаяр ах Соёлын сайд байсан. Би уг нь бор зүрхээрээ сургууль авсан ч заавал ч үгүй нэг яамны нэр дээр явах ёстой гэсэн шаардлага тавиад аав намайг дагуулж орсноор миний эрдмийн гараа эхэлсэн. Аав ер нь нөхөрлөлдөө үнэнч, хүнд туслахын одонд төрсөн хүн байсан ч өөрөө их даруу, гавьяа шагналын хувьд их ичимхий хүн байсан. “Та яруу найрагч л юм бол “Болор цом”-д нь ороод түрүүлчих л дээ, Ерөнхийлөгчийн зөвлөх юм чинь Төрийн шагналаа авчих л даа” гэж намайг хорыг нь маажихад “Өө тэр дэмий зүйл, битгий ийм зүйл ярьж бай” гээд ер тоодоггүй байсан даа.

Аавынхаа уран бүтээлээс хамгийн дуртай нь?

-Их олон бүтээлээ албаар бүр хүүхдүүддээ ухаарал хайрлахуйцаар бичдэг байсан юм. Галхүү ахын ая “Цэцгэн зүйрлэл” чинь ээжид зориулсан дуу шүү дээ. “Очоод золгоно доо”, “Халтар манан хөөрөг”, “Багш та”, “Баярлалаа”, “Сургууль минь баяртай”, “Алтан нар”, “Үүр шөнийн оддоос асуугаарай”, “Мөнгө” гээд бичээгүй сэдэв үнэндээ байхгүй. “Баярлалаа” дууг гэхэд өөрийн дотнын анд, соёлыг гавьяат зүтгэлтэн, нэрт сэтгүүлч Ц.Балдорж ахад зориулж бичсэн шүү дээ. Танай “Өдрийн сонин”-ы ерөнхий эрхлэгч, МонголУлсын соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, сэтгүүлч Жамбалын Мягмарсүрэн ахын гэрэлт сайхан сэтгэлд үргэлж талархаж явдаг байсан. Хүний ачийг санаж явахыг аав минь амьдралынхаа алтан мөрдлөг болгосон олонтой хүн байсан. Өөрийгөө ойлгохгүй явах үед минь аав “Дууны хорвоо” гэдэг дуундаа:

Идэр омголон насны өнгөөр

Эрдэж бардаж яваагүй л бил үү.

Эндүү андуугийн халуухан харгуйг

Эргээд санахад харамгүй л бил үү” гээд биччихсэн байсан нь их гүн сэтгэгдэл төрүүлсэн. Тэгээд “Миний хувьд энэ таны топ дуу” гэсэн чинь аав “Ямар сонин юм, хүн болгон л “Улс гүрэн нь олон чиг Монголыг минь яаж гүйцэхэв дээ”-г л агуу гэдэг, чамд л тэгж санагдсан юм байлгүй” гэж билээ. Миний нэрийг дуундаа бас их хавчуулна аа.

Дүүжүү алсаас ирээд

Дүүрэн амьсгаа авахад” гэдэг дууг намайг Энэтхэгт сургууль төгсөж ирээд “Монголын агаар сайхан шүү” гэж ярьж байсныг тусгаж бичсэн. Нэг талаасаа цээж дүүрэн амьсгаа гээд байгаа юм шиг нөгөө талаасаа Дүүрэн, хүү нь амьсгаа аваад байгаа биз. Янзтай биз.”Эрдмийг сураад буцна гэхээр

Аюулхай цээжиндээ дүүрэн баяртай” гэж байна.

Та ойрд отгон дүүтэйгээ уулзсан уу?

-Зун Парис орохдоо Тэнгис дүүтэйгээ уулзсан. Канад явчихсан байсан ч хүлээж байгаад уулзлаа. Миний дүү чинь манай бага хүүтэй чацуу. Манайх ер нь хөвүүдээр л баян айл юм. Манай хоёр, Дөлгөөний хоёр, Тэнгис гээд үе тэнгийн таван хүү байна даа.

Л.БАТЦЭНГЭЛ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Төрийн гурван өндөрлөгийг гадаадад эмчлүүлэхийг хуулиар хориглоё

Төрийн гурван өндөрлөг буюу Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарыг гадаадад эмчлүүлэхийг хуулиар хориглоё. Эд нар дээр нэмээд УИХ-ын гишүүн болон сайд нарт бас уг хуулийг хамаатуулъя. Манайхан сүүлийн үед хуруугаа шалбалсан ч гадаад руу явж эмчлүүлдэг боллоо. Энэ нь манайд тун хортой.Монголын анагаах ухааны салбарыг өсөн дэвжих гарцыг нь хааж байгаа гэсэн үг.

Яагаад гэвэл тэд биеэ өвдөнгүүт л гадаадын эмнэлгүүдийг зорьдог болохоорэрүүл мэндийн байгууллага хөгжихгүй байна. За, тэгээд төрийн дээд удирдлагуудыг дагаад иргэд ч хилийн чанадад эмчлүүлдэг болчихлоо. Хамаг мөнгөө гадагшаа урсгаж байна. Эрүүл мэндийн салбарын хөгжлийг хойш татаж байгаа үндсэн шалтгаан бол ердөө энэ. Тиймээс эрүүл мэндийн байгууллагууд санхүүжилтгүй болж байгаа юм. Дээрх хоёр хүчинзүйл нийлсний үр дүнд Монголын анагаах ухаан “Жор барьдаг ламаас зовлон үзсэн чавганц дээр” гэгчээр илүү хөгжихгүй байна. Аливаа ан амьтан, ургамал цэцэгс хүний өвчин эмгэгт сайн гэж ард түмэн итгэж, хэрэглэж байгаа нь харамсалтай. Ямар ч шинжлэх ухаанаар батлагдаагүй зүйлийг ахуйдаа нэвтрүүлж байгаа. Нэг ёсондоотуршилтын туулай болж эрүүл мэндээрээ хохирч байна. Жишээлбэл, бөөрний хорт хавдартай хүнд тарваганы бөөр, чалх муутай эрчүүдэд чонын төмсөг идүүлж байх маягтай. Гэтэл дэлхийд эсийн түвшинд өвчнийг анагаахаар барахгүй шинэ хүн бүтээдэг болчихоод байна. Харин Монголын анагаах ухаан сүүлийн 20 жил огт урагшаа ахисангүй. Энэ бүгд дээр дурдсанчлан дарга нар биеэ муудахаар гадагшаа явж, Монголын анагаах ухааныг огт тоодоггүйтэй холбоотой. Тэднийг гадаад явж эмчлүүлэхийг нь хориглосон хууль байвал амиа бодоод эрхбиш эрүүл мэндийн салбарыг хөгжүүлж л таараа. Хүн аминдаа хайртай болохоор хэн ч гэсэн үхэхийг хүсэх вэ дээ.

Өнөө цагт төрийн түшмэдүүд ямар тансаг ордон бариулаад сууж байгааг бид харж байна. Эрүүл мэндээ бодсон эрхэм гишүүд гадагшаа явж эмчлүүлэхээ байчихвал дотооддоо ямар сайн эмнэлэгтэй болох нь ойлгомжтой. Эрхбиш тэнд нь монголчуудаа эмчлээд байх байлгүй дээ.

М.МӨНХЦЭЦЭГ