Categories
мэдээ улс-төр

Засгийн газрын гишүүдэд нэр дэвшигчид юу хэлэв

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Ерөнхийлөгчтэй зөвшилцөх үеэр Засгийн газрын гишүүнд нэр дэвшигчид гол хийх ажлынхаа чиглэлүүдийг танилцуулсан юм. Тэдний юу ярьсныг тоймлон хүргэе.

Монгол Улсын Шадар сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүх:

-Монгол Улсын Ерөнхийлөгч танд илтгэхэд Монгол Улсын хуулийн хүрээнд УИХ, Засгийн газраас гаргасан хууль тогтоомж, Монгол Улсын Төрийн тэргүүнээс гаргасан зарлиг, хуулийн хүрээнд бид шударга ёсыг эрхэмлэж ажиллана гэж бодож байгаа. Нэн ялангуяа улс төрийн тогтвортой байдлыг бий болгох, парламентад суудалтай улс төрийн намуудын харилцан ойлголцыг бэхжүүлэх, түүн дээр тулгуурлаж Монгол Улсын нийгэм, эдийн засгийн энэхүү хүндэрсэн нөхцөл байдлыг даван туулах, эдийн засгийн уналтыг зогсоох явдал бол бидний анхаарах хамгийн гол асуудал гэж үзэж байна. Монгол улсын язгуур эрх ашиг, ард түмний сайн сайхан амьдралын төлөө бид бүхэн хамтарч нэг санаа бодолтой, эв эеийг сахиж эх орныхоо төлөө ажиллах хариуцлагатай үе ирсэн гэдгийг бид бүхэн ухамсарлаж байгаа гэдгийг танд хэлэхийг хүсч байна. Монгол Улсын Шадар сайдын ажлын хүрээнд 6 агентлаг байгаа. Урьд нь би таны толгойлж байсан Засгийн газрын кабинетийн гишүүнээр Онцгой байдлын асуудал эрхэлж ажиллаж байсан. Дараа нь Мэргэжлийн хяналтын сайдаар ажиллаж байсан. Энэ хоёр чиглэлийн ажлуудыг ерөнхийд нь мэднэ. Үлдсэн агентлагуудын ажлыг яаралтай судалж ажиллана гэж бодож байгаа.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргад нэр дэвшигч С.Баярцогт:

-Ерөнхийдөө дөрвөн намаас бүрдсэн Үндэсний эв нэгдлийн Засгийн газар бүрдэж байна. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын хувьд улс төрийн өргөн хэмжээний тогтвортой байдал, дэмжлэгийг Ерөнхий сайдад үзүүлэх ажлыг уялдуулан зохион байгуулна. Эдийн засгийн хүндрэлийг богино хугацаанд барагдуулахын тулд кабинетийг өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллуулах үүргийг хүлээнэ. Мөн Үндсэн хуулийн нэмэлт болон Сонгуулийн хууль, Улс төрийн намын хууль гэсэн энэ улс төрийн реформын чиглэлийн асуудлуудыг дэмжиж ажиллана. Өмнө нь таны кабинетад, Их эвслийн Засгийн газрыг 2004 онд байгуулагдахад Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан туршлага, мөн 2008 оны Их эвслийн Засгийн газарт хямралын үед Сангийн сайдаар ажиллаж байсан туршлагаа кабинетийнхандаа харамгүй хуваалцаж ажиллана.

Байгаль Орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдад нэр дэвшигч Д.Оюунхорол:

-Юуны өмнө Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг МАН-аас нэр дэвшигчдийг хүлээн авч, Засгийн газартаа урьж, нэг баг болж, хамтран ажиллах гэж байгаад болон Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдаар томилох шийдвэр гарган дэмжсэн МАН-ын Удирдах Зөвлөл, УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд, УИХ-ын гишүүддээ мөн Завханчууддаа гүн талархлаа илэрхийлье.

Монгол Улсын үндэсний эрх ашиг, ард иргэдийнхээ сайн сайхны төлөө мөр зэрэгцэн нэг баг болж ажиллах Засгийн газрын гишүүддээ их үйлсийн төлөө хамтран зүтгэнэ гэдгээ илэрхийлж байна. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдад итгэл хүлээлгэн нэр дэвшүүлсэнтэй холбогдуулан хэдэн зүйл хэлье.

Даяаршин хөгжиж буй дэлхий ертөнц, улс үндэстнүүд байгаль орчныг хамгаалах чиг үүргээ хэрэгжүүлэхдээ баримтлаж буй хандлага зарчмуудыг мөрдөн Байгаль орчин ногоон хөгжлийг тогтвортой хангаж ард иргэдээ эрүүл, аюулгүй орчинд амьдруулахад хичээн зүтгэж ажиллах болно. Байгаль орчныг хамгаалах, байгалийн баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх, ногоон бүсийг нэмэгдүүлж экологийн тэнцлийг хангахад үйл ажиллагаагаа чиглүүлж төрийн болоод төрийн бус байгууллагуудтай хамтарч ажиллана.

Байгаль, соёлын аялал жуулчлалыг өндөр түвшинд хөгжүүлж, Монгол орныхоо унаган байгаль, онгон төрхийг хадгалахад анхаарч аялал жуулчлалын газар нутагт уул уурхайн аливаа үйл ажиллагаа явуулах хязгаарлалт тогтоох, гадна дотнын жуулчлалыг нэмэгдүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлнэ гэж бодож байна. Үүний тулд аялал жуулчлалын салбарыг эдийн засгийн тэргүүлэх салбар болгож аялал жуулчлал эрхлэгчдийг хууль эрх зүй, татварын тааламжтай нөхцөлөөр хөхүлэн дэмжиж ажиллана.

Байгаль хамгаалахад иргэдийн оролцоог өргөжүүлэх, байгаль орчныг хамгаалах ногоон хөгжлийг дэмжих талаар төр хувийн хэвшил иргэд олон нийтийн байгууллагын үүсгэл санаачилгыг дэмжиж үйл ажиллагааг нь бодлогоор уялдуулах, байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогоос байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах хөрөнгийн хувь, хэмжээг тасралтгүй өсгөх гэсэн асуудлууд манай бодлогын анхаарлын төвд байх болно. Дээрх зүйлс нь үе үеийн Засгийн газрын Байгаль орчны сайд нарын уламжлалт бодлогын зарчим байсаар ирсэн гэж ойлгож болно.

Гадаад хэргийн сайдад нэр дэвшигч Л.Пүрэвсүрэн:

-Гадаад бодлогын салбарын нэг онцлог байгаа нь залгамж чанараа хадгалж ажиллах ёстой. Түрүү түрүүчийн Засгийн газрын гол чиглэлүүдийг үргэлжлүүлэн ажиллах болно. Дээрээс нь төрийн гадаад бодлогын нэгдмэл байдлын зохицуулалтыг хангахад онцгой анхаарч ажиллана. Ойрын зорилт гэвэл энэ онд болсон ОХУ, БНХАУ-ын Төрийн тэргүүнүүдийн айлчлалын үеэр ярьсан тохирсон зүйлийг ажил хэрэг болгох тал дээр анхааран хэрэгжүүлэх, ОХУ болон БНХАУ-ын төрийн тэргүүн нарын Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр тохирсон ажлуудыг ажил хэрэг болгох тал дээр анхаарна. Гурав дахь хөршийн бодлогыг бэхжүүлэх ажлын хүрээнд энэ сарын 10-наас эхэлж буй Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойг энэ жилдээ болон дараа жил өргөн дэлгэр тэмдэглэх ажлыг хангана. Энэхүү арга хэмжээ нь ардчилалд шилжих замд Монгол Улс алдсан оносон сургамжаа гурав дахь хөршийн орнуудад ойлгуулах тал дээр чухал ач холбогдолтой болно гэж үзэж байгаа. Мөн АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтын бэлтгэл ажлыг хангах том зорилт бий.

Сангийн сайдад нэр дэвшигч Ж.Эрдэнэбат:

-Санхүүгийн хүнд байдлаас улс орноо гаргахад аливаа нэг яам дангаараа төдийлөн нөлөө үзүүлж чадахгүй. Тиймээс хямралаас гарах төлөвлөгөөг бид хамтран боловсруулах нь зүйтэй гэж үзэж байна. Юуны түрүүнд хэлэхэд улсын төсвийн хувьд орлого зарлагын тэнцэл, баланс алдагдсан байгаа. Иймээс үүнийг тэнцүүлэх арга хэмжээг хамгийн түрүүнд авна. Мөн өрийн баланс, төсвийн алдагдлын хувьд төсвийн тогтвортой байдлын тухай хуулиа зөрчсөн байдалтай байна. Тэгэхээр энэ асуудлын өнөөдрийн нөхцөл байдлыг дүгнэсний дараа үүнд тулгуурлан хямралаас гарах төлөвлөгөөгөө боловсруулна.

Мөн эдийн засаг, санхүүгийн дэмжлэг туслалцаа үзүүлэх гадаадын улс орнууд, байгууллагуудтай хамтран ажиллана. Ингэж хамтран ажиллахад өрийн босго, хязгаарын асуудал гарч ирнэ. Энэ асуудлыг Засгийн газар, нам эвслийн түвшинд ярилцах болно.

Хуульзүйн сайдад нэр дэвшигч Д.Дорлигжав:

-Хууль зүйн салбарт хийх шинэчлэлийн талаар ҮАБЗ-өөс сайшаагдсан хөтөлбөр бий. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд батлагдсан, өргөн баригдсан болон боловсруулж буй хуулиудыг энэ үзэл санааны хүрээнд дахин нягталж, цогц байдлаар УИХ-д өргөн барьж, хаврын чуулганаар батлуулах зорилт тавин ажиллана. Энэ жил Хууль зүйн сайдын багцад батлагдсан хөрөнгө оруулалтыг оновчтой болгож, захиран зарцуулалтыг хийх болно.

Хуулийн салбарын боловсон хүчний мэргэжлийн, ёс зүйн, удирдах арга барилын давтан сургалтыг эрчимтэй хийх шаардлага байгаа. Хууль зүйн салбарын бүтцийг оновчтой болгож, ажил үүргийн хуваарийг давхцуулахгүй болгох тал дээр ажиллана.

Аж үйлдвэрийн сайдад нэр дэвшигч Д.Эрдэнэбат:

-Аж үйлдвэрийн яам манай орны хөгжлийн стратегийг тодорхойлох ёстой. Энэ яамыг маш богино хугацаанд зохион байгуулж, мэргэжлийн боловсон хүчнийг бүрдүүлэх тал дээр анхаарч ажиллана. Монголын экспортыг нэмэгдүүлэх, импортыг хязгаарлах чиглэлийн дагуу аж үйлдвэрээ хөгжүүлэх, цэгцтэй удирдлага зохион байгуулалтыг бүрдүүлэх тал дээр төвлөрч ажиллана. Ямар ч байсан жил зургаан сарын хугацаанд Аж үйлдвэрийн яам Монгол Улсад хэрэгтэй байсан юм байна. Дотоодын хүнд хөнгөн үйлдвэрүүдээр дамжуулан экспортоо нэмэгдүүлэх боломжтой юм байна гэсэн ойлголтыг ард түмэнд төрүүлэхийн төлөө чармайн ажиллах болно.

Мэдээж Засгийн газрын бүрэлдэхүүнд орсны хувьд хариуцсан яамаа зөв голдрилд нь оруулах, эхнээсээ цэгцтэй, зохион байгуулалттай жишиг яам болгохын төлөө ажиллана.

Барилга хот байгуулалтын сайдад нэр дэвшигч Д.Цогтбаатар:

-Хоёр нам хамтарсан Засгийн газар байгуулах болсонд би баяртай байгаа. Ялангуяа хямралын үед ингэж ойлголцож хамтран ажиллах нь эдийн засгаа сэргээх хамгийн чухал алхам билээ. Хямралын нөхцөлд авч хэрэгжүүлэх арга хэмжээний богино хугацааны нэгдсэн төлөвлөгөөг нэн түрүүнд гаргах хэрэгтэй. Ингэснээр бид нөөц боломж, эрсдлээ үнэлэн дараагийн алхмаа хийнэ. Монгол төрийн түвшинд яригдаж эхэлж байгаа шинэлэг зүйл бол баримтад суурилсан шийдвэр гаргах механизм юм. Тэгэхээр нөхцөл байдлаа зөв дүгнэж байж дараагийн арга хэмжээг авах ёстой.

Өнөөгийн нөхцөл байдал их эмзэг гэж дүгнэж байгаа. Тиймээс энэ салбарыг цочирдуулахгүй, үйл ажиллагааг нь дэмжих, үргэлжлүүлэх тал дээр анхаарна гэж бодож байна. Энэ бол богино хугацаанд авах арга хэмжээ. Цаашид баримтлах бодлогын хувьд хот байгуулалтын дахин төлөвлөлтийг хотын захиргаатай хамтран хэрэгжүүлэх ёстой гэж бодож байна. Байгаль орчин талаасаа ч, хүний амьдрах орчин талаасаа ч, орчин үеийн хот болгох талаасаа ч төлөвлөлтийг эхнээс нь бүр олон жилийн туршид, бүр социализмын үеэс эхлэн төлөвлөгөө, тооцоогүй явж ирснээс болж хэт төвлөрөл, хүндрэл гарсан гэж үзэж байна. Тэгэхээр энэ тал дээр орчин үеийн хэв шинжтэй төлөвлөлтийн тогтолцоог нэвтрүүлэхийн төлөө ажиллах болно. Өөрөө хэрэглэгч хүний хувьд орон сууцанд амьдарч байгаа хүмүүсийн хамгийн чухал зүйл бол барилгын стандарт байдаг. Барилга бол тухайн хүний чухал хуримтлалыг шингээсэн өмч байдаг. Иймээс барилгын стандарт сайн байна гэдэг бол тэр хүний хадгаламж найдвартай байна гэсэн үг юм. Тиймээс барилгын стандартыг орчин үеийн түвшинд хүргэж ажиллах тал дээр анхаарна.

Нөгөө талаас барилгын хөдөлмөрийн аюулгүй байдал дээр анхаарна. Мөн барилгын байгаль орчинд ээлтэй, өртөг багатай шинэлэг технологи нэвтрүүлэх тал дээр ажиллана. Бусад ажлыг мэргэжлийн хүмүүстэй ярилцаж байж шийдвэрлэнэ.

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдад нэр дэвшигч Л.Гантөмөр:

Боловсролын салбарт сүүлийн хоёр жил хэрэгжүүлсэн бодлогоо үргэлжлүүлнэ. Үүний үр дүнг бид богино хугацаанд харна гэж үзэж байгаа. Ялангуяа хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхэд чиглэсэн бодлого, багшийн хөгжлийн бодлогын үр дүнг бид ойрын ирээдүйд харна гэдэгт итгэлтэй байна. Хоёрдугаарт, эдийн засгийн хямрал, өнөөгийн нөхцөл байдлыг харахад Монгол Улс шинжлэх ухаанд суурилсан мэдлэгийн эдийн засаг руу шилжих шаардлага байгаа. Үүний суурийг бид үлдсэн хугацаанд бид тавьж чадна гэж үзэж байгаа.

Гуравдугаарт, энэ яаманд соёлын асуудал ирж байгаа. Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлж байсан монголчууд олуулаа болохын тулд монгол соёлыг өвлөх, уламжлах, дэлгэрүүлэх бодлогуудыг цаашид үргэлжлүүлэн баримтална.

Уул уурхайн сайдад нэр дэвшигч Р.Жигжид:

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн оройн амгаланг айлтгая. Уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилд хууль, эрх зүйн орчинг сайжруулах чиглэлээр хийж ирсэн ажлууд, эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлоготой болсон. Долоо, найм орчим хууль шинэчлэгдэн батлагдсан. Эдгээр хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд голлон анхаарч ажиллана. Тухайлбал, энэ хуулиудын хүрээнд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох хүрээнд ажлууд бий. Үүнийг яаралтай хэрэгжүүлэх шаардлагатай байна. 106 зөвшөөрлийн асуудлыг шийдвэрлэхээр хэрэгжүүлж эхэлсэн ажил явж байгаа. Ашигт малтмалын салбараас эдийн засагт жинтэй хувь нэмэр оруулах том төслүүд болох Оюутолгой, Тавантолгой зэрэг төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулж Монгол Улсын эдийн засагт бодитой хувь нэмэр оруулах тул үүнд түлхүү анхаарч ажиллана. Мөн түүнчлэн нүүрс боловсруулах чиглэлээр, тухайлбал, хий гаргах, шингэрүүлэх, хуурай аргаар баяжуулах гэх мэт чиглэлд анхаарч ажиллана. Нефть боловсруулах үйлдвэр барих асуудал нэлээдгүй тулгамдсан асуудал болж байгаа. Үүнийг анхааран ажиллана. Үндэсний боловсон хүчний бодлого баримталж, гаднын мэргэжилтний гарыг аль болох харахгүй, Монголд үлдэх үр ашгийг нэмэгдүүлэх үүднээс богино хугацаанд мэргэжилтэн бэлтгэх зэрэг чиглэлүүдэд анхааран ажиллах болно.

Хөдөлмөрийн сайдад нэр дэвшигч С.Чинзориг:

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн оройн амгаланг айлтгая. Энэ салбарт шударга, ил тод, нээлттэй байх зарчмыг баримтлан ажиллана. Хөдөлмөрийн салбар өөрөө салбар дундын олон зохицуулалт шаардсан салбар. Тэр утгаараа кабинетын зарчмаар ажиллана. Эдийн засгийн хямралтай холбогдуулан ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээнүүд авна. Ажлын байрыг хадгалах, иргэдийн худалдан авах чадвар муудаж байгаа үед орлогыг нэмэгдүүлэх, орлогын зөрүүг ойртуулах талаар арга хэмжээ авч ажиллана. Бүх намууд хамтарч засаг барьж байгаа энэ үед хэд хэдэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаар ажиллана. Ялангуяа нэг нам засаг авахаараа төрийн албыг бужигнуулдаг. Энэ нь засаглалын хямралд тодорхой хэмжээгээр нөлөөлдөг. Энэ чиглэлд болон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчлөл буурахгүй байгаад анхаарч хууль тогтоомжид өөрчлөлт оруулахад анхаарч ажиллана.

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдад нэр дэвшигч С.Эрдэнэ:

-Бид өнгөрсөн хоёр жилд хүн амын хөгжлийн чиглэлээр хийсэн ажлаа үргэлжлүүлнэ. Саяхан Хүн амын хөгжлийн талаар төрөөс баримтлах цогц бодлогын баримт бичгийг УИХ-д өргөн барьсан. Мөн нийгмийн хамгааллын тал дээр чухал асуудлууд бий. Ялангуяа эдийн засгийн хүндрэлтэй өнөө цагт хүн амын нийгмийн хамгааллын бодлогыг эрс сайжруулах зайлшгүй шаарлагатай. Нийгмийн халамжийн чиглэлээр хийж буй шинэчлэл, нийгмийн даатгалын тогтолцоог шинэчлэх, эрүүл мэндийн тогтолцоог шинэчлэх үйл ажиллагааны чанарыг дээшлүүлэх чиглэлд гол анхаарлаа хандуулж ажиллана. Улс орны нийгэм, эдийн засгийн байдал, хүний хөгжлийг анхааран ажиллаж хүн амын хөгжлийн бодлогыг сайжруулах ажлууд дээр гол анхаарал хандуулж ажиллана.

Хүнс хөдөө аж ахуйн сайдад нэр дэвшигч Р.Бурмаа:

-Энэ салбар Монгол Улсын хөгжилд нөлөөтэй төдийгүй стратегийн чухал салбар. Энэ салбарыг эдийн засгийн хямралаас хамгаалах, гаргах нөөц боломжоо бүрдүүлж хямралыг даван туулахад анхаарна гэж үзэж байгаа. Уг салбарт талуудын оролцоог хангах, мэргэжлийн судалгаа зөвлөмжийг ашиглахад түшиглэн ажиллана. Салбарын чиглэлээр УИХ-д өргөн баригдсан хуулийн төслүүд дээр ажиллаж илүү боловсронгуй болгох талаар ажиллаж, энэ салбарт хийгдэж ирсэн ажлуудыг үргэлжлүүлэн ажиллах болно.

Зам тээврийн сайдад нэр дэвшигч Н.Төмөрхүү:

-Танд оройн мэнд хүргэе. Юуны өмнө замын салбарт сүүлийн хоёр жилд багагүй амжилт гарсан. Сүүлийн хоёр жилд замын ажлууд сайн хийгдэж, замын аж ахуйн нэгжүүд чадавхи, чадамжтай болсон. Салбарын бодлого залгамж чанарыг үргэлжлүүлнэ. Мөн Засгийн газрын кабнетийн зарчмыг барьж ажиллана. Хууль эрх зүйн хүрээнд Төрөөс төмөр замын салбарт баримтлах бодлого, авто замын сүлжээ үндсэн трассын бодлого батлагдсан. Үүнийг үргэлжлүүлэн ойрын хугацаанд аймгийн төвүүдийг авто замаар холбох болон төмөр замын ажлуудыг яаралтай хийх хэрэгтэй байгаа. Энэ нь улс орны эдийн засагт их нэмэр тулаас болно. Энэ салбар нь Төмөр зам, авто зам, иргэний агаарын тээвэр гээд салбаруудтай. Энэ салбаруудыг мэргэжлийн хүмүүсээр удирдуулна. Замын чанар, стандартыг Евро стандартад нийцүүлэх, шилжүүлэх, Монголын уур амьсгал, цаг уурын нөхцөл байдалд тохирсон сайн замыг бүтээн байгуулах нөхцөлөөр хангах хүрээнд дэмжиж ажиллана. Төрөөс баримталж буй бодлогыг үргэлжлүүлж, чанарын өндөр түвшинд хүргэнэ.

Эрчим хүчний сайдад нэр дэвшигч Д.Зоригт :

-Танд оройн мэнд хүргэе. Энэ салбар онцлогтой салбар. Миний бие УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд зургаан жил ажиллаа. Энэ салбарын хууль эрх зүйн салбарын шинэчлэлийг сайжруулахад оролцож байсан. Энэ салбарууд миний харж байгаагаар онцлогтой. Дунд , урт хугацааны зарим асуудлыг зайлшгүй шийдэх ёстой. Энэ салбарт төрөөс тодорхой хэмжээгээр зохицуулалт хийж, салбарын хөрөнгө оруулалтын орчинг нээлттэй болгож чадахгүй байна. Хоёрдугаарт, энэ салбарт үйл ажиллагаа эрхэлж байгаа салбар байгууллагууд төрийн өмч давамгайлсан үр ашиг, менежментийн талаар тодорхой шаардлага хангахгүй байнга шүүмжлэлд өртөж байгаа. Засч залруулах зүйлүүд бий, түүнийг засна. Гуравдугаарт, манай улс өөрийн хэрэгцээний ихэнх хэсгийг хоёр хөршөөс импортоор авч байна. Энэ хэрэгцээ жилээс жилд өсч байгаа. Иймээс дунд хугацаанд импортлогч биш, хөршүүдэд экспортлогч болох чиглэлээр Засгийн газраас хэрэгжүүлж байгаа сайн ажлууд бий. Том цахилгаан станцууд, Тавантолгой, гурав, дөрөв,тавдугаар станц, Эгийн гол, Шүрэнгийн усан цахилгаан станц зэрэг ажиллаж байгаа төслүүдийг залгамжлуулан ажиллана. Ойрын хугацаанд энэ салбарын түлш, эрчим хүчний найдвартай байдал чухал байна. Энэ өвлийн болон эрх жилийн бэлтгэл гээд ажлууд байна. Ерэн жилийн түүхтэй энэ салбарыг салбарын хүнээр удирдуулах чиглэлээр хамтарч, дэмжиж ажиллана.

Монгол Улсын сайдад нэр дэвшигч М.Энхсайхан:

Миний нэрийг Монгол Улсын сайдад өргөн барьж байгаад талархаж байна. Хариуцах асуудал бол Монголын нийгэмд тулгамдаад байгаа эдийн засагт зайлшгүй шийдэх ёстой томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд би өөрийгөө дайчилж ажиллах болно. Гол нь Оюутолгой, Тавантолгой, төмөр зам гээд улс орны цаашдын хөгжилд чухал ач холбогдолтой томоохон төслүүд нарийн арга зүй шаарддаг. Монголын хувьд энэ нь анхдагч төслүүд учраас алдаж онохын зовлонг бид туулж явна. Тиймээс үүнийг шийдвэрлэхэд миний өчүүхэн туршлагыг ашиглая гэж надад хандсан болов уу гэж бодож байна. Та бүхний итгэлийг дааж ажиллах болно.

Батлан хамгаалахын сайдад нэр дэвшигч Ц.Цолмон:

-Миний нэрийг Батлан хамгаалахын сайдад дэвшүүлж байгаад Ерөнхий сайдад талархаж байна. Манай улс төрийн бүх хүчнүүд бүгд ойлголцдог нэгдсэн бодлого, концепциор Батлан хамгаалахын яам явж байгаа. Энэ бодлогын хүрээнд бид ажиллах болно. Батлан хамгаалахын бодлогод сүүлийн үед шинэчлэл хийгдэж, боловсруулж байгаа зүйлүүд бий. Үүнтэй УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга байхдаа танилцаж, энэ чиглэлийг дэмжиж байсан. Энэ концепциуд шинэчлэгдэж батлагдаад явахад гар бие оролцож хичээн ажиллана гэж бодож байна.

Мөн Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч, Монгол Улсын Ерөнхийлөгчийн шууд удирдлагын дор заавар зөвлөгөөг авч ажиллах ёстой албан тушаал. Иймээс Засгийн газрын бодлого, Ерөнхийлөгчийн чиглэл, үүргийн дагуу Монгол Улсын Зэвсэгт хүчнийг улам бүр бэхжүүлэх, техникийн болон бусад чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр санаачилга, чармайлттай ажиллана.

Эрүүл мэнд, спортын сайдад нэр дэвшигч Г.Шийлэгдамба:

-Эрхэм Ерөнхийлөгч танд болон Ерөнхий сайдад талархал илэрхийлье. Улс орон нийгэм эдийн засгийн ихээхэн хүндрэлтэй олон асуудлыг давж шийдвэрлэх ёстой энэ цаг үед Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэнд, спортын сайдаар ажиллах хариуцлагатай үүрэг ногдож байгааг ухамсарлан ойлгож байна. Эрүүл мэндийн салбарын хувьд товчхон хэлэхэд энэ салбарын үр дүнтэй, зохистой удирдлага, шуурхай, хариуцлагатай, найдвартай үйл ажиллагаа, зөв үр дүнтэй санхүүжилт гэсэн ийм гурван чиглэлд энэ салбарын өмнө явуулж ирсэн бодлогыг үргэлжлүүлэх, түүнчлэн саяны томъёолсон гурван асуудалд илүү анхаарал хандуулж ажиллах болно.

Хэрэв Засгийн газрын гишүүн, Эрүүл мэнд, спортын сайдаар томилогдож ажиллавал нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, үүн дотроо Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилж хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааг цааш нь гүнзгийрүүлэхэд салбарын сайдын хувьд Засгийн газрынхаа нэгдмэл үйл ажиллагаанд тулгуурлаж, ард иргэдийнхээ санал хүсэлтийн дагуу ажиллана гэлээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Батзориг: Монгол төр хүнээ хамгаалахад мөнгөө хэмнэвэл эрх зүйн шинэтгэл, ардчилал, хүний эрх ярих хэрэггүй

Тахарын ерөнхий газрын дэд дарга, хууль зүйн доктор Б.Батзоригтой ярилцлаа.

Тахарын ерөнхий газрын үйл ажиллагаа нь жигдрээгүй шахам байхад татан буулгах асуудлыг УИХ-аар хэлэлцээд эхэллээ. Танай чиг үүргийг хуулийн байгууллагууд хуваагаад гүйцэтгэчих боломжтой гэж үзсэн бололтой…

-Шүүхийн тухай багц хуулиуд батлагдсанаар Монгол Улсын шүүх төрийн хамгаалалтад бүрэн орсон. Мөн шүүгч, прокурорын аюулгүй байдлыг хангах чиг үүргийг төр хүлээсэн. Өмнө нь төрийн бус байгууллагын хүчээр хийгдэж байсан гэрч, хохирогчийг хамгаалах чиг үүргийг Тахарын алба гүйцэтгэх болсон шүү дээ. Гуйвар дайвраар гэмт хэрэгтэнг нэг аймгаас нөгөө аймаг руу аваачдаг байсан бол одоо энэ ажлыг хууль журмын дагуу гүйцэтгэх болсон. Мөн гадаад улсад гэмт хэрэгтэн шилжүүлэх, шилжүүлэн авах, шүүхээс оргон зайлсан бас шүүхийн дуудсанаар ирэхгүй байгаа хүмүүсийг эрэн сурвалжилж баривчлан шүүхэд хүргэх ажиллагааг бүрэн утгаар нь улсын хэмжээнд хийдэг болсон. Энэ чиг үүргийг улсын хэмжээнд 600 орчим албан хаагч гүйцэтгэж байгаа. Төрийн үйл ажиллагааны залгамж холбоо тасрахгүй учир Тахарын алба татан буугдвал дээрх чиг үүргүүдийг ямар нэгэн төрийн байгууллага л гүйцэтгэх байх. Энэ УИХ-ын бүрэн эрхийн асуудал.

Танай алба байгуулаг­дахаас өмнө шүүхийн хамгаалалтыг жижүүр, шүүх хуралдааны дэгийг цагдаа хариуцдаг байлаа. Танайх татан буугдвал Тахарын албаны тухай болон шүүхийн багц хуулиудад нэмэлт, өөрчлөлт орох уу. Дахиад бас халаа, сэлгээ эхэлнэ гэсэн үг биз?

-Холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт орж таарна. Өмнө нь Монгол Улсын шүүхийг тэтгэврийн насны хүмүүс жижүүрлэн хамгаалдаг байсан. Зөвхөн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны дэгийг цагдаа сахиулдаг, иргэн, захиргааны хэргийн шүүх хуралдааны дэгийг сахиулдаг албан тушаалтан байдаггүй байлаа. Нэг ёсондоо мөнгөө булаацалдсан талууд, салах гэж байгаа эхнэр, нөхөр хоёр шүүхийн байранд бие бие рүүгээ дайрч, зодолдох, шүүгчийн эрх чөлөө нэр төрд халдах явдал энгийн үзэгдэл мэт байсан. Үүнийг захын шүүгчээс асуухад хэлээд өгөх байх. Нэгэнт Тахарын алба татан буугдаад бидний гүйцэтгэж байсан чиг үүргийг өөр байгууллага аваад хэрэгжүүлэх болбол дарга цэрэг нар таалагдах таалагдахгүй байдлаас болоод халаа сэлгээ явагдахгүй гэх баталгаа байхгүй.

Өмнө нь тэтгэврийн насныхан шүүхийг хамгаалдаг байсан гэлээ. Тэгвэл одоо шүүхийг ямар шалгуур давсан хүмүүс хамгаалж, аюулгүй байдлыг нь хангаж байна вэ?

-Тахарын албаны тухай хуульд зааснаар батлан хамгаалах, хууль сахиулах салбарт гурваас доошгүй жил ажилласан төрийн тусгай албан хаагчдыг Тахарын албанд авна гэж хуульчилсан. Тэгэхээр манай албанд төрийн тусгай чиг үүргийг 3-30 жил хүртэл хугацаагаар үүрэг гүйцэтгэж байсан хүмүүс ажиллаж байгаа. Манай албан хаагчдын 70 орчим хувь нь цагдаа, шүүхийн шийдвэр, онцгой байдал, хилийн цэрэг, батлан хамгаалах салбарт ажиллаж байсан төрийн тусгай албан хаагчид.Үлдсэн 30 орчим хувь нь сонгон шалгаруулалтаар орж ирсэн. Сонгон шалгаруулалтаар орж ирсэн хүмүүс ч гурваас дээш жил төрийн тусгай алба хашиж байгаад гадаадад сургуульд явах, хүнд өвчтэй гэр бүлийн хүнээ асрах гэх мэтийн хүндэтгэн үзэх шалтгаанаар ажлаасаа чөлөөлөгдсөн хүмүүс байгаа. Бид Төрийн тусгай албанаас халагдсан ажилд хүмүүс аваагүй.

Хэдэн жилийн өмнө хадгаламж зээлийн хор­шооны хэргийг шийдвэрлэх үед шүүх хуралдааны танхимын ширээ, сандлыг эвдэж, шүүгчид халдаж байсан. Тахарын алба ажиллаж эхэлснээс хойш шүүхийн халдашгүй байдал, шүүгчийн амь насанд заналхийлсэн, нөлөөлөхийг завдсан асуудал гарсан уу?

-Тахарын алба бол шүүн таслах ажиллагаа хэвийн тасалдалгүй, айдасгүй явагдах нөхцөлийг хангадаг. Манай байгууллага байгуулагдсанаас хойш гурван ч шүүгчийн аюулгүй байдалд халдаж, үйл ажиллагаанд нөлөөлөхийг оролдсон. Тухай бүрт нь бид хуульд заасан журмын дагуу зогсоож шүүгчийг хамгаалалтад авсан.

Ер нь ямар хүмүүс шүүгч, гэрч, хохирогчид заналхийлдэг юм бэ?

-Жирийн нэгэн гэмт хэрэгтэн шүүгч, прокурор, гэрч, хохирогчид заналхийлээд байдаггүй. Харин улс төр, бизнесийн бүлэглэл, зохион байгуулалттай гэмт хэрэгтнүүд, тэдний талд үйлчилдэг хууль хяналтын байгууллагын ажилтнуудын зүгээс заналхийлэл илүү үзүүлдэг. Тахарын албаны хамгаалалтад орсон хүмүүст ч иймэрхүү заналхийлэл ирсэн байдаг. Нэг жишээ дурдахад, Монголдоо зартай гэгддэг хоёр гэмт хэрэгтэн шүүхийн шийдвэрт нөлөөлөх зорилгоор шүүгчийг заналхийлсэн. Хуулийн дагуу бид шүүгчийг хамгаалалтад авсан. Өөр жишээ яриад байвал улсын нууц задалсан хэрэгт орж болзошгүй учир ингэсгээд зогсоё.

Шүүх хуралдаан орой тарсан тохиолдолд шүүгч ялтан, хохирогч талынхантай хамт шахам шүүхийн байрнаас гарч харагддаг байсан. Харин одоо хамгаалалтад харьдаг болсон уу?

-Хэргийн оролцогчдын ар гэрийнхэн нь “Ямар шүүгч шийдвэр гаргасан харъя” гэх мэтээр шүүхийн байрны гадаа хүлээж сэтгэлзүйн хувьд нөлөөлөх явдал гардаг байсан. Шүүх хурал орой тарахад шүүгчид гэмт хэрэгтнүүдийн ар гэр, уурлаж гомдсон хохирогчдын дундуур гарах зайлшгүй шаардлага гардаг байлаа. Одоо тийм биш болсон. Шүүх хуралдаан ойртож тарвал шүүгчийн аюулгүй байдлыг хангах үүднээс бид гэрт нь хүргэж өгдөг. Сүүлийн үед прокурорууд “Та нар шүүгч нарыг хамгаалаад аваад явчихдаг, биднийг гэмт хэрэгтэн, хохирогчдын дунд орхиод явчихлаа. хамгаалалтад аваач” гэсэн хүсэлт тавих нь ихэссэн. Бид улсын яллагчийг хамгаалах үүрэгтэй учир хамгаалалтад бүрэн авна.

Тахарынхан шүүгчийг “Ажлын цаг дууссан” гэж шүүхээс хөөдөг талаар яриа гарсан. Иймэрхүү үл ойлголцол байдаг уу?

-Өмнө нь орой үдшийн цагаар шүүхийн байранд архи дарс уух, хонож өнжих асуудал гардаг байсныг нуугаад хэрэггүй биз. Энэ байдалдаа дассан зарим шүүгч нар тийм яриа гаргасан. Шүүхийн байранд архидан согтуурсан, ажлын зорилгогүй хонож өнжих явдлыг арилгах үүднээс Шүүхийн аюулгүй байдлыг хангах журмыг Шүүхийн ерөнхий зөвлөл, Хууль зүйн яам хамтран баталсан. Өмнө нь шүүх төрийн хамгаалалтад байгаагүй, одоо төрийн хамгаалалтад орсон онцгой обьект. Төрийн хамгаалалттай байр руу нэвтэрч ордог тусгай дэг жаяг мөрдөгдөж эхэлсэн нь олон арван жил дадал болсон хэвшил өөрчлөгдөж санал зөрөх асуудал гардаг. Ажлын цаг дууссанаас хойш шүүгч төрийн хамгаалалттай шүүхийн байр руу нэвтрэн орохдоо тамгын даргадаа мэдэгдээд орохоор журамласан. Шүүгч тамгын даргадаа ийм ажилтай гээд утасдаад хэлэхэд л тахарынхан оруулна.

Танай байгууллагын сайт дээр эрэн сурвалж­лагдаж байгаа олон хүний зураг байна лээ. Бүгд шүүхийн шатанд оргосон хүмүүс үү?

-Тахарын алба өнгөрсөн есдүгээр сараас эрэн сурвалжлах ажлаа эхэлсэн. Шүүх, прокуророос 243 хүнийг эрэн сурвалжилж баривчлах шийдвэр ирүүлснээс 105-ийг ньбаривчилсан. Одоогоор 138 хүнийг эрэн сурвалжилж байна. Шүүх, прокурорын шатнаас оргон зугатаасан хүмүүсийг бид эрэн сурвалжилдаг. Бидний барьсан хүмүүсээс долоон жил оргосон шүүгдэгч байна. Бас иргэний хэрэг дээр зохиогч, хариуцагч нарыг эрэн сурвалжилж барьж шүүхэд хүргэж өгдөг.

Зарим өндөр албан тушаалтнууд шүүхэд очдоггүй, түүнээс болж шүүх хурал хойшилдог байсан. Одоо албадан хүргэдэг болсон гэсэн үг үү?

-Шүүхээс албадан ирүүл гэсэн захирамж ирүүлбэл ямар ч том генерал, улстөрч, дарга байсан ч бид хуульд заасны дагуу албадан шүүхэд хүргэнэ. Өндөр албан тушаалтнууд шүүхийн шийдвэрийг нь үл тоодог хуучны хандлагаар хандах тохиолдол гардгийг нуугаад яахав. Гэхдээ бид юу юугүй албадаж нэр хүндэд нь халдахгүйн тулд эхлээд уулзаж учирлаж ойлгуулснаар шүүхийн дуудсан цагт очдог болсон.

Тойргийн шүүх байгуу­лагдсанаар аймаг, сум дамжин ялтнуудыг зөөдөг болсон. Ялтнуудыг хуяглан хүргэхэд оргохыг завдсан тохиолдол гарсан уу?

-Нүүдлийн шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аюулгүй байдал, дэг сахиулах ажлыг тахарууд гүйцэтгэдэг. Өмнө нь ял авсан хүмүүсийг бөөнөөр байлгаж байгаад олон болохоор нь нэгмөсөн зөөдөг нь байсан ял авсан хүний эрхийн ноцтой зөрчил байсан. Одоо бид шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон даруй хуяглан хүргэж байгаа. Машин замдаа зогсох, бие засах зэрэг асуудлаар далимдуулж оргох оролдлогыг таслан зогсоох зорилгоор бид олон улсын жишигт нийцсэн аюулгүй байдлыг хангасан, дотроо бие засах боломжтой байдлаар машинаа тоноглож байгаа.

Танайх хэд, хэдэн улс руу ялтан шилжүүлсэн. Өмнө нь энэ асуудлыг яаж шийддэг байсан бол?

-Гэмт хэрэгтэн шилжүүлэх зарим ажиллагааг мөн улс дотроо хуяглан хүргэх ажиллагааг хийхдээ албан ажлын шугамаар явж байгаа хүмүүсийг гуйх, дайлгаж явуулах зэргээр амжуулдаг байсан. Одоо олон улсын жишигт нийцсэн стандартын дагуу ялтан шилжүүлж байгаа.

Тахарын албаны нэг үүрэг бол гэрч, хохирогчийг хамгаалах. Өмнө нь энэ ажил Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, Хүйсийн тэгш эрхийн төв зэрэг төрийн бус байгууллагууд гүйцэтгэдэг байсан. Тахарын алба гэрч хохирогчийг хамгаалалтад авснаар ямар өөрчлөлт гарсан бэ?

-Өмнө нь гэрч, хохирогчийн шүүхэд нотлох баримтын эх сурвалжийн хэмжээнд үнэлж байсан. Шүүх хуралдаан дууссаны дараа хамгаалах эрх зүйн үндэс байхгүй байв. Одоо шүүхийн өмнө, шүүх хуралдааны явцад, шүүх хуралдааны дараа хамгаалах эрх зүйн үндэс бүрдсэн. Тахарын албанд гэрч, хохирогч хамгаалах чиглэлээр мэргэшсэн тусгай алба хаагчидтай ч боллоо.

Хүчирхийллийн эсрэг төвийн хамгаалалтад байсан хүн амиа алдсан тохиолдолд гарсан. Одоо ийм эрсдэл арилсан гэсэн үг үү?

-Манайх 20 гаруй хүнийг хамгаалалтад авсан. Манай хамгаалалтад байгаа нэг ч гэрч, хохирогч амь насаа алдах ёсгүй. Энэ тал дээр тусгай мэргэшсэн алба хаагчид ажиллаж байгаа. Манайх Шүүхийн ерөнхий зөвлөлтэй хамтраад эрүүгийн хэргийн I шүүхэд тусгай өрөө тохижуулсан. Хохирогч айдастай байгаа тохиолдолд шүүх хуралдаанд оролцохгүйгээр тусгай өрөөнөөс мэдүүлэг өгөх, шүүх хуралдааны явцыг харах боломжтой болсон.

Зохион байгуулалттай, өндөр албан тушаалтан оролцсон бас эдийн зас­гийн том хэрэг дээр гэрч олддоггүй гэж ярьдаг байсан. Гэр­чийг хамгаалснаар хэр­гийн мөрдөн байцаалтад ахиц мэдрэгдэж байгаа болов уу?

-Нэг жишээ дурдахад хүн худалдаалах гэмт хэргийн гэрч гэмт хэрэгтнүүдийн заналхийллээс болоод мэ­дүүл­гээ байн, байн өөрчлөөд байсан. Манай хамгаалалтанд орсноор айдас нь багасан итгэлтэй бол мэдүүлгээ үнэн зөв өгч хэрэг шийдэгдсэн. Гэмт хэрэгтнүүд ч гэрч, хохирогчид заналхийлбэл хамгаалдаг байгууллагатай болсон гэдгийг мэддэг учир илт заналхийлэх явдал буурч байгаа.

Гэрч хохирогчийг хам­гаалах үүргийг цагдаагийн байгууллага эсхүл өөр хууль сахиулах байгууллага гүйцэтгэх боломж бий юу?

-Боломж бол бий. Гэхдээ гэрч, хохирогчид заналхийлэх эрсдэл өндөртэй хүмүүсийн тоонд хууль сахиулагчид ордог. Гэрч нь тухайн хууль сахиулах байгууллагад итгэхгүй, тэд улс төр бизнесийн бүлэглэлийн нөлөөнд байна гэж үзсэн тохиолдолд тэр байгууллагаар хамгаалуулах нь асар их эрсдэлтэй.

Олон нийтийн дунд Тахарын алба нэрнээсээ эхлээд ойлгомжгүй байсан. Танай байгууллага олон нийтэд байгууллагаа та­ниулж чадаагүй юм уу, эсхүл татан буугдах хэмжээнд хүртэл үйл ажиллагаагаа тааруу байв уу?

-Олон улсад манайх шиг үүрэгтэй байгууллагууд байдаг. Тухайлбал, Азийн орнуудад цагдаагийн бай­гууллагаас нь тусдаа Шүүхийн цагдаа, ОХУ-д яг манайх шиг чиг үүрэгтэй ФССП гэдэг байгууллага байдаг. Канад, Австрали, Их Британид Шэриф, АНУ-д Маршал гэсэн нэршлээр үйл ажиллагаагаа явуулдаг. Тэдний туршлагаас харахад тухайн байгууллагууд олон нийтэд хандаж үйл ажиллагаагаа таниулдаггүй, тэр тусмаа гэрч, хохирогч хамгаалах талаар огт дурсдаггүй арга барилтай юм билээ. Тэдний хувьд шүүгч, гэрч, аюултай байдалд орсон гэдэг мэдээлэл гарахгүй байх нь ажлын үр дүн гэж үздэг. Бид өөрийн үйл ажиллагаагаа олон нийтэд таниулах пиар хийхээсээ илүү Монгол Улсад өмнө нь хийгдэж байгаагүй эл үйл ажиллагаа жигдрүүлэхэд бүх анхаарлаа хандуулж ажилласан.

Зардлаа багасгахын тулд танай албыг татан буулгах санал гарсан шүү дээ. Ер нь танайх хэр зардалтай байгууллага вэ?

-Гэрч, хохирогчийг хамгаалах, шүүгч, прокурорыг хамгаалах, гэмт хэрэгтнийг эрхийг нь хамгаалсан орчинд аюулгүй хуяглан хүргэхэд монгол төр мөнгөө хэмнэж байгаа юм байна гэж ойлгож байна. Бас иргэн хүн эрх нь зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд ханддаг. Гэтэл шүүх түүний эрхийг хамгаалах зорилгоор олдохгүй байгаа хүнийг олох, ирэхгүй байгаа хүнийг ирүүлэх тал дээр мөнгөө хэмнэж байгаа бол бас хүний эрхийг хамгаалах асуудалд мөнгө хэмнэх бодлого барьж байгаа юм байлгүй дээ. Монгол төр хүнээ хамгаалахад мөнгөө хэмнэвэл эрх зүйн шинэтгэл, ардчилал, хүний эрх ярих хэрэггүй биз дээ.

Тахарын алба 730 хүнтэй үйл ажиллагаагаа хэвийн явуулах байсныг танаад 589 болгосон. Үүнээс болж бид зарим үүргээ гүйцэтгэхэд хүндрэл учирч зарим шүүхийг бүрэн хамгаалж чадахгүй, албан хаагчдаа илүү цагаар ажиллуулахаас өөр аргагүй байдал орж байгаа. 12.6 тэрбум төгрөг төсөвлөснөөс 8.5 тэрбум болгож багасгасан.

Хэрэв Тахарын албыг татан буулгавал 600 орчим албан хаагчид хаана очих вэ?

-Тахарын албан хаагчид төрийн тусгай чиг үүргээр мэргэшсэн албан хаагчид. Тэд энгийн ажил хийх боломж муу. Ирсэн байгууллага руугаа буцах гэхээр тэдний оронд хүмүүс томилогдчихсон байгаа. Буцаад очно гэхээр тэр оронд нь томилогдсон төрийн тусгай албан хаагчдыг чөлөөлөөд эдгээр албан хаагчдыг томилох уу эсхүл энэ хүмүүсийг гудамжинд гаргах уу. Бид үүнийг мэдэхгүй. УИХ шийднэ.

Ц.ӨРНӨХ

Categories
мэдээ улс-төр

Ц.Элбэгдорж: Амрах, ажил цалгардуулах хугацаа та бүхэнд үлдээгүй.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгчтэй Засгийн газрын гишүүнд нэр дэвшиж буй хүмүүсийг зөвшилцлөө. Зөвшилцөх уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хэлсэн үгийг хүргэе. Тэрбээр “Монгол Улсын Засгийн газрын гишүүнд нэр дэвшигчдийн энэ оройн амгаланг айлтгая. Та бүхэн улс орныхоо эрх ашгийг бодож, тулгамдаж байгаа асуудлын нөхцөл байдлыг сайн ойлгож, хамтарч ажиллахаар улс төрийн шийдвэр гаргаж орж ирсэн гэж би үзэж байна.

Энэ Засгийн газарт онцлог бий. Сонгуулийн дараа байгуулагдаж байгаа Засаг биш тул, шинээр байгуулагдаж байгаа Засгийн газар шиг 100 хоног гэх зэрэг тодорхой шатлалтай ажиллах хугацаа та бүхэнд байхгүй. Нэг талаас оны төгсгөл болж байна. Удахгүй шинэ жил, оны дараа цагаан сар гэх маягаар харж ажиллах хугацаа байхгүй. Нэг үгээр хэлбэл амрах, ажил цалгардуулах хугацаа та бүхэнд үлдээгүй. Тийм Засгийн газар гэж харж байгаа.

Хэлэх гэсэн хоёр дахь зүйл бол Засгийн газрын зүгээс тулгамдсан асуудлыг эрчимтэй, зоригтой, хурдтай шийдэж ажиллахыг бүх талаар дэмжиж ажиллана.

Бид Засгийн газар байгуулж, янз бүрийн нөхцөлд ажиллаж байсан учраас сайныг бодож мууг нь анхааруулах үүрэгтэй. Анхаарах шаардлагатай асуудлуудыг хэлэхээс өөр арга байхгүй. Хуулийг дээдэлж, ёс зүйтэй,хариуцлагатай ажиллах ёстой. Засгийн газрын гишүүн боллоо гээд амьдралаа өөд татах, ар гэр, хажуудаа байгаа найз нөхдөө өөд татах, нам, хамт олноо харж үзэх зэрэг хууль зөрчсөн, авлигын шинжтэй үйл ажиллагаанд оролцохыг хэрхэвч тэвчихгүй. Үүнийг эхнээс нь хэлэх ёстой. Засгийн газар байгуулагдлаа гээд очоод янз бүрийн халаа солио хийх, ялангуяа мэргэжлийн, ажлаа сайн хийж байгаа хүмүүс дээр халаа сэлгээ хийх үйл ажиллагаа ерөөсөө байж болохгүй.

Сүүлийн жилүүдэд төрийн, Засгийн газрын хэмжээ томорсон. Би Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт үүнийг багасгаж чадах байх гэж найдаж байна. Томруулдаг хүчин зүйлүүдийг алга болгодог санаачлагуудыг УИХ-д маш хурдан хугацаанд оруулж шийдүүлэх байх аа гэж бодож байгаа. ДНБ-д Засгийн газрын эзэлж байгаа зардлын хэмжээг асар багасгах хэрэгтэй. Үүн дээр хамгийн эрчимтэй амжилт гаргасан Засгийн газар болоосой гэсэн хүсэлт байна.

Өмнө нь ч хэлж байсан. Энэ Засгийн газар бол улс төр бодох, дараагийн сонгууль бодох эрхгүй Засгийн газар юм. Үнэхээр тулгамдаж байгаа асуудлаа аваад үзэхэд асар их ажил бий. Тийм учраас энэ бүхнийг харж, ухамсарлаж, Ерөнхий сайдын саналыг хүлээж авч энэ сонголтыг хийж байгаа гэж би ойлгож байна.

Үнэхээр Монголын төлөө хэцүүг үүрч, хүнд асуудлыг шийдвэрлэж, өөрсдийгөө золиослон байж үлдсэн нэг жил, зургаан сарын хугацаанд, дараагийн сонгуулиар бүрдэх Засгийн газрыг бүрдтэл ажиллах ийм л итгэл төгс хүмүүс орж ирж байна гэж харж байгаа.

Миний Ерөнхий сайдад хэлж байсан өмнөх байр суурь хэвээрээ. Засгийн газрыг гаднаас, мэргэжлийн, чадварлаг, ёс зүйтэй ажиллаж чадах хүмүүсээс бүрдүүлэх ёстой. УИХ-ын гишүүн хүн Засгийн газрын гишүүнийг хавсарч ажиллахыг би дэмжихгүй байгаа. Энэ байр сууриа шууд илэрхийлэх ёстой гэж бодож байна.

Намын бүлгүүдийн хувьд хамтарч ажиллана гэдэг бол энгийн зүйл. Би нэг уриалга хэлж байгаа. Энд орж ирж байгаа төлөөллийн хүмүүс нам, намынхаа бүлэг дээр, намынхаа удирдах байгууллага дээр шийдвэр гаргах ёстой. Засгийн газрыг манай нам, манай бүлгийн зүгээс, манай намын бүлэгт багтдаг гишүүдийн зүгээс огцруулах асуудлыг санаачилж тавихгүй гэсэн шийдвэр гаргах ёстой. Үлдсэн хугацаанд бидэнд үнэндээ ийм зав алга. Засгийн газар огцруулах хялбар. Эргээд байгуулахад ямар хэцүү хүндрэлтэй тулгардгийг би маш олон удаа харж байсан. Та бүхэн ч мэднэ. Хэдийгээр ийм хуулийн боломж байгаа ч гэсэн улс төрийн ийм шийдвэр гаргаж, ард олонд ойлголт өгөх юм бол энэ Засгийн газарт итгэх итгэл нь нэмэгдэнэ. Эд нар үнэхээр юм хийх юм байна. Айлтгүй урагшаа зүтгэх юм байна. Монгол Улсын өмнө тулгамдаж байгаа хүнд асуудлыг шийдэх Засгийн газар байна гэдэгт итгэх итгэл аль аль талдаа бий болно. Энэ бол их чухал шүү гэдгийг дахин хэлье.

Нэг зүйлийг бид ойлгох хэрэгтэй. Үндсэн хуулийн утга ч тэр. Нөгөө талаас ерөөсөө Засгийн газрын зарчим гэж байдаг. Энд сайдуудын өөрсдийн хэрэгжүүлэх бодлого гэж байхгүй. Монгол Улсын Ерөнхий сайдын бодлогыг тухайн салбарт хэрэгжүүлэх гэж л орж ирж байгаа хүмүүс. Засгийн газрын кабинет гэдэг бол хуралдаж мэдээллээ солилцдог зүйл гэж хуульч Б.Чимид гуай хэлдэг байсан. Түүнээс биш шийдвэр гаргаад, би санал нийлэхгүй байна гээд явдаг газар биш. Энэ асуудлыг Монгол Улсын өмнө, УИХ-ын өмнө Ерөнхий сайд хариуцдаг. Засгийн газрын гишүүд дээр хариуцлага тооцох асуудал гарах юм бол Ерөнхий сайдад л хандаж асуудал тавих ёстой. Түүнээс биш УИХ-ын гишүүд Засгийн газрын гишүүнийг огцруулна гээд бариад гүйдгээ болих хэрэгтэй. Үүнийг бүр хуулиар хааж өгөх ёстой юм. Ерөнхий сайд шаардлагатай бол оруулж ирж болно. Дахиад Засгийн газрыг бүтнээр нь огцруулах, Ерөнхий сайдыг солих боломж байхгүй гэдгийг хэлье.

Харин Засгийн газрын гишүүн ганцаараа хариуцлага алдах юм бол хариуцлага алдсан тоо бүрээр нь хариуцлага тооцдог, асуудлыг оруулж маш хурдтай шийддэг хэлбэр рүү явуулах хэрэгтэй. Ингэж чадах юм бол Монгол Улсын төрд, УИХ-д, Засгийн газарт итгэх итгэл бий болно. Хамгийн гол итгэхгүй байгаа зүйл бол хариуцлагатай холбоотой гэдгийг хэлэх нь зөв байх. Одоо Засгийн газар бүрдэж байхад итгэж найдаж байгаа хүмүүс их байгаа. Тэдний итгэл найдварыг баталгаажуулж ажиллах ёстой. Итгэхгүй, эхнээсээ дэмжихгүй хүмүүс ч байгаа. Тэдний дэмжлэгийг авч ажиллах ёстой. Аль болох тэдний дэмжлэгийг нэмэгдүүлж, “Би эхнээс нь энэ сайдын тухай буруу бодож байсан байна. Яг ажил дээр гараад ирэхэд үнэхээр юмыг хариуцсан шиг хариуцаад хийчихдэг юм байна” гэж бодтол ажиллах ёстой. Энэ бол хугацаатай ажил. Энэ хугацаатай ажил дээр янз бүрийн зүй бус, ёс бус, хууль зөрчсөн, авлига, хээл хахууль, янз бүрийн шударга бус зүйлтэй холбогдсон нэг ч мэдээлэл энэ Засгийн газраас сонсогдож болохгүй. Сонсогдоод асуудал гарах юм бол тухайн хүнтэй шууд хариуцлага тооцоод явах ёстой гэдгийг дахин давтаж хэлье” гэлээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Чойжамц: Нийгэм нийтээрээ шүүмжлэхийн дон тусчихжээ

Ардчилсан хүчний холбооны дэргэдэх “Хөгжил” клуб цуврал лекц зохион байгуулах болжээ. Өнгөрсөн мягмар гаригийн зочноор Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба, гавж Д.Чойжамц уригдаж “Уламжлал, зан заншил ба ёс зүй” сэдвээр лекц тавьсан юм. Энэхүү лекцийг хүргэж байна.

ГЭРЛИЙН ЧИЙДЭН ШИГ БАЙГААЧ ЭЭ ГЭЖ УРИАЛЖ БАЙНА

-Уламжлалт зан заншил дотор ялгаж салгах олон зүйл бий. Монголчууд хүүхдийн сэвлэг үргээх, бэр гуйхаас эхлээд олон сайхан уламжлалыг өнөөдөр ч авч явсаар ирсэн. Бидний ариун ёс чухам хэрэгтэй байж уу, үгүй юу гэдгийг залуу үеийнхэн судалж, амьдрал ахуйтай зөв холбох нь чухал. Судлахдаа өөр хүний нүдээр, өөр хүний зааж сургаснаар бус өөрийнхөө толгойгоор судлах хэрэгтэй. Манайхан гадаадын нэг хүн ирээд тийм байдаг гээд хэлчихвэл түүнийг яг тоть шиг даган дуурайдаг улс. Би монголчуудыг арга ядахдаа “Гэрлийн чийдэн шиг байгаач ээ” гэж уриалж байна. Дандаа цахилгааны утас шиг битгий дамжуулагч байгаач ээ гэж хэлмээр байна. Өөрөө гэрэл болж, өөрийнхөөрөө байна гэдэг бол хамгийн том алхам. Гадны орнуудыг хэт даган дуурайх нь өөрсдийнхөө уламжлалыг үгүй хийж, нийгмээ боомилж байгаа явдал. Дөрвөн уулын дундах Улаанбаатар хот хэзээ ийм байлаа. Өнгөрсөн зуунд техник, технологи хөгжиж, бидний ахуй амьдрал ч тэр хэрээр сайхан болсон. Гэхдээ хэт техникжсэн орнууд хүртэл сүүлийн үед хүнээ орхигдуулснаа ойлгож анхаарал тавих болсон. Учир нь хүнээ дээдэлж байгаа нь гээд жендэрийн тухай хууль, хүүхдийн тухай хууль зэргийг дагаж мөрдөөд эхлэхээр байгалийн зохицол зөрчигдөөд ирж байгаа юм. Нэг ёсондоо ямар ч жаргал гэх юмгүй болж байгаа юм.Хуулийн дагуу эхнэр, нөхөр ийм, тийм хариуцлага хүлээх ёстой гээд заачихсан байдаг учраас зарим нь хүнтэй суухгүй хөгширч, үр хүүхэд нь хүүхдийн эрхийн тухай хууль яриад аав, ээжийгээ шоронд хийх тохиолдол энүүхэнд болчихсон. Өнөө хайраар өсгөж, хүмүүжүүлж байсан хүүхдийг хуулиар өсгөөд ирэхээр эцэг, эхчүүд хайр бус хуулиа урьтал болгоод явчихна. Ингээд хүүхэд нь эцэг, эхдээ жаргал өгөхөө байгаад, хуулинд боомилогдоод ирэхээр одоо үеийн хүмүүс ганц нэг хүүхэд гаргадаг болчихсон байх жишээтэй. Харин өнөө жендэр энэ тэргүй орнуудын гэр бүл олон хүүхэдтэй, аз жаргалтай харагддаг. Манайх бусад орны олон улсын конвенц, хууль дүрмийг яг таг хуулбарласнаараа уламжлалт зан заншлаа улам үгүй хийж, үгүйсгэхээс гадна бодит амьдралаас хэт их холдчихож байгаа хэрэг. Авахыг нь аваад, хаяхыг нь хаях хэрэгтэй. Миний энэ бодол зуун хувь зөв байх алба үгүй л дээ. Гэхдээ дээр дурдсан жишээ бол наад захын асуудал. Харин тэрний оронд эмэгтэйчүүдийн гэх тодотголтой байгууллагуудыг тэр сүржин нэртэй конвенц зэрэг нэрээр нь бус бодит хөрсөнд буулгаж яавал хүн амаа ойрын хугацаанд 10, 20 сая болгох вэ гэсэн бодлого явуулах зүйтэй болов уу.

НИЙГЭМ НИЙТЭЭРЭЭ ШҮҮМЖЛЭЛИЙН ДОН ТУСЧИХЖЭЭ

-Би зурагт радиогоор улс оронд өрнөж буй мэдээ мэдээллийг байнга үздэг. Гарч байгаа мэдээллийг үзэхэд дэндүү хийсвэр. Нэг удаа ч манай Гандан дээр ирээд бидэнтэй уулзаагүй байж шашин ийм, тийм гэж муулна. Эсвэл Төрийн ордонд сууж байгаа эрхмүүдийг энэ нь тэгж идэж уудаг гэж муулна. Хааяа Төрийн ордонд орохоор УИХ, Засгийн газрын гишүүд гэх хүмүүс нь бүгдээрээ л зав зайгүй. Дундуур нь уулзах гэж зүдэргээтэй. Гэтэл тэднийг юу ч хийхгүй ард түмний татварын мөнгө идээд л сууж байна гээд шүүмжилдэг. Тэр дунд иддэг ч хүн бий, иддэггүй ч хүн байгаа л байх. Бид хараагүй шүү дээ. Ерөөсөө өнөөдрийн нийгэм нийтээрээ шүүмжлэлийн дон тусчихсан. Улс орноо сайхан хөгжүүлэх тухай нэг нийтлэл гарахад л зарчмын хувьд тийм ийм байна гээд санаа нэмэхгүй хэрнээ “Тэнд нэг цэг алдчихсан байна”, “Тэр үгийг тэгээд буруу биччихэж. Үгээ зөв бичихгүй байж энэ яаж эх орноо хөгжүүлдэг юм” гэж ирээд л баахан муулж харагддаг. Тэр өгүүллийн гэрэл гэгээтэй доторх агуулгыг уншихгүй байж газар дор ортол муулна. Энэ хүмүүс сэтгэн бодох чадваргүй байна. Ялангуяа сүүлийн үед хүн болгон интернэт гэж шуурах болж. Би саяхан Намсрай гэж эрдэмтэн цөмийн физикийн тухай чухал судалгаа хийж төрийн дээд одон шагнал авсан гэхээр нь интернэт орж мэдээлэл авахаар хайж үзлээ. Цөмийн физик гээд хүнээр заалгаад интернэтээс хайтал “Намсрай шагнал гардлаа” гэхээс биш яг ямар учиртай ололт, шинжлэх ухаан болох талаар ямар ч мэдээлэл гарч ирсэнгүй. Харин Орос, Америкийн сайтууд руу нэвтрэхэд маш сайхан дэлгэрэнгүй мэдээлэл гарч ирж байх юм. Манайх зөвхөн шагнал авсан тухайгаас хэтрэхгүй. Тэгэхээр нь зүгээр зодоон гээд хайгаад үзэнгүүт бөөн юм гарч ирж байна. Нохой зодоон, охидын зодоон гээд тасрахгүй юм. Энэ чинь гайхамшиг юм уу. Бид чинь ард түмнийхээ толгойд юу хийгээд байна аа. Би ойлгохгүй байж болно л доо. Интернэт гэж агуу ертөнц юм гэнэ лээ. За тэр фэйсбүүк, твиттер нь хүн загнасан, доромжилсон бүр завхарсан юм байдаг юм билээ. Тэнд ямар ч ёс зүй алга. Балай ажил биш үү. Хэрвээ интернэтийг ашиглахаар бол хэрэгтэй мэдээлэл түгээдэг, ард түмнийхээ тархийг бодит утгаараа хэрэгтэй, сайн сайхан мэдээллээр цэнэглэдэг болговол дээр шүү дээ. Ард түмэн зүгээр л хэн нэгнийг муулах, шүүмжлэхээс өөр хийх ажилгүй байгаа юм биш үү. Надад нэг 90 нас шүргэж яваа хөгшин хэлсэн. Тэр хүн “Өнөөдөр хүмүүс мэдэхгүйгээ мэдэхгүй. Мэдэхгүй учраас хамаагүй ярьдаг. Тэр хүн мэдэх юмсан гэж санадаггүй. Энэ мэдсэн байж магадгүй гэж асуудаг ч үгүй гурван мэдэхгүйтэй болжээ” гэж хэлсэн. Үнэхээр тэгж харагддаг. Тэгсэн хэрнээ нийгэм сайн сайхан зүйл хийж бүтээж буй бусдыгаа муулдаг. Төр засаг, хууль дүрмээ хүртэл шүүмжилнэ. Эцсийн эцэст хуулиа өөрчиллөө гэхэд дахиад муулахгүй байж чадах уу. Ерөөсөө харсан, үзсэн бүхнээ муулна. Би нэг жишээ дурдъя л даа. Нэг айлд очоод ном уншлаа. Зурагтаар УИХ-ын гишүүн ярилцлага өгч байна. Тэгсэн өнөөх айлын эхнэр “Энэ балай чинь өчнөөн мөнгө идэж уусан. Өмч хувьчлалаар ганц завшсан хүн дээ” гэж байна. Нэг загвар өмсөгч охины тухай мэдээлэл гарсан чинь “Өө энэ мисс чинь баячуудтай явж байгаад хоёр ч орон сууцтай болчихсон шүү дээ” гэлээ. Гэтэл олны танил гэхээргүй нэг эмэгтэй гартал би ч дотроо “За энэ хүнийг сайн танихгүй юм чинь юм хэлэхгүй байлгүй” гэж дотроо бараг залбирч суутал “Дарвайсан шар гуйлгачин чинь юу гээд байгаа юм” гэж байна. Ерөөсөө бид бусдын өөг л хараад байхаас биш өөрсдийгөө харахаа байчихсан, ёс зүйгээ уландаа гишгэчихсэн юм биш биз дээ. Тэгэхээр нэн түрүүнд өөрийнхөө өөг харж суръя.

ӨРӨӨЛИЙГ ШҮТЭЖ ӨӨРИЙНХИЙГӨӨ ҮГҮЙСГЭХИЙН ХӨНӨӨЛ

-Монголчуудын бас нэг сул тал нь гадагшаа л сайхан амьдрал байна гэж давж харах. Монголд бүх юм бүтэхгүй, болохгүй байна гэж шүүмжилдэг. Намайг гадны орнуудаар явж байхад таарсан монголчууд бүгд л нутаг буцах юмсан гэсэн битүүхэн хүсэлтэй байсан. Тэгээд юугаа хийгээд байдаг юм хариач гэхээр “Ичээд байна” гэдэг. Яагаад гэж асуухад “Анх энд ирэхдээ андуурсан байна лээ. Хамаг гэр орноо зараад ирчихсэн. Ирээд ажил хийгээд гоё болоод нутаг буцна гэж бодож байтал ирээд нэмсэн юм алга. Одоо очвол Баянхошуунд л хашаа авах мөнгө байна. Дахиад жаахан ажиллаж байгаад ядаж орон сууцны мөнгөтэй болоод явахаас” гэж ярьсан. Гэтэл хүүхдүүд нь барууны орны амьдралыг кино мэтээс хараад их сайхан, тэдэн шиг далайн эрэг дээр очоод наранд биеэ шараад хэвтэнэ гэж боддог. Гэвч тэр жигдэрчихсэн нийгэмд гадны цагаач очоод жаргалтай амьдарна гэж хэзээ ч байхгүй. Жинхэнэ эндүүрэл. Бүх зүйл нь үнэлэгдээд мөнгө болчихсон газар шүү дээ. Америкийн тэр өндөр барилгыг барихад Есүс нэг ч тоосго зөөж өгөөгүй. Японы шил толь болсон барилгыг барихад Будда нэг ч шавар зуурч өгөөгүй нь ойлгомжтой. Өөрсдөө л ард түмэн нь хийсэн. Харин засаг төр нь зөв бодлого явуулсан. “Чи өөрөө өөрийнхөө аврал шүү” гэсэн бурхан багшийн үг хүртэл байдаг. Тиймээс өөрсдөө хүн дуурайж, бэлэн хоол хүлээж, буруугаа хүнд тохохын оронд хөдөлмөрлөж сур. Монгол нэг үеэ бодоход сайхан хөгжиж, эрх чөлөө гэдэг зүйл жинхэнэ утгаараа хэрэгжиж байна шүү дээ. Адаглаад харийн нутагт байгаа хүн жинхэнээсээ агсам тавьж чадахгүй шүү дээ. Шууд өнөөх, цагдаа сэргийлэх нь ирээд бариад явчихна. Тува, Өвөрмонголчууд хүртэл ингэж ярьж байна. Харин манайд наад захын Өвгөнтийн хөндийд эрх чөлөө үнэртэж байна. Эрх чөлөөтэй оронд амьдарч байгаадаа бид талархах хэрэгтэй.

ӨӨРИЙНХӨӨРӨӨ АМЬДАРНА ГЭДЭГ БУСДЫГ ХӨНӨӨХИЙН

НЭР БИШ

-Ёс зүйтэй байна гэдэг ганцхан хууль, дүрэм биш юм. Үүнийг ярихын өмнө бид наад зах нь ирээдүйн хүүхдийнхээ хүмүүжлээс эхлэх нь зүйтэй. Орчин үед эцэг, эхчүүд хоёр, гуравхан настай хүүхдэдээ гар утас гээч юм өгөөд хүүхэлдэйн кино тавьж өгсөн болоод орхичихно. Өнөөх нь гар утсыг нь авангуут бархирна. Гэтэл хүүхэд яг энэ насан дээрээ жаран чавганцын ажил хийгээд хөл, гарных нь булчин шөрмөс чангарч байх учиртай шүү дээ. Хүүхэд нь цэцэрлэгээс орж ирээд ээжийнхээ нүүр рүү шал хийтэл алгадаад авч байна. Хариуд нь ээж “Эвий эвий миний хүү чанга гартай шүү” гэж байна. Энэ чинь юу гэсэн үг вэ. Ухааны цар суугаагүй байхад нь ээжийгээ цохиж болохгүй гэж ойлгуулахын оронд ингэж хэлж байгаа нь хүүхдэд дахиад чанга цохиж ээжээсээ урам авах суурийг тавьж өгч байна. Ингэж өөрийгөө зодуулж сургаж байгаа юм. “Хуц” гээд өөдөөс нь хэлэхээр “Хошууг нь хараа хөөрхөн гэдэг нь” гээд өөрийгөө загнуулж сургаж байгаа юм. Эсвэл сургуулийн насны хүүхдээ хүмүүжүүлж байгаа хэлбэр нь болдоггүй. Хүүхдэдээ “Миний хүү хичээлээ сайн хийгээрэй” гэхийн оронд “Дарвайсан хулгайч чинь саяхан авч өгсөн пүүз урчихаж, хичээлээ хийгээч” гэх жишээтэй. Эсвэл зөнд нь орхичихно. Чөлөөт сэтгэлгээтэй оюун ухаан хөгжүүлнэ гэхээс биш зоргоор нь хаяна гэсэн үг биш шүү дээ. Хүүхдээ тааруухан сураад ирэхээр “Мартын-8-нд багшдаа өгөөд дүнгээ засуул” гээдбэлэг авч өгөөд явуулчихна. Тэгэхээр хүүхэд яаж сурах юм бэ. Монголын хүүхдүүд бүх зүйлийг болдог юм байна гэсэн бодолтой өсдөг. Америкт аав, ээж нь замын хөдөлгөөний зөрчил гаргаад орой гэрт нь торгуулийн хуудас ирэхэд бөөн юм болно. Эцэг, эх нь хүүхдийнхээ хажууд их гэмшиж зайлшгүй төлөх ёстой тооцоо гэж хүлээж авдаг. Гэтэл манайд хүндайрч алчихаад дарга хамаатан садан руугаа утас цохиж “Ах аа аргалаарай. Хэдэн төгрөг өгөөд шүүхэд шилжихээс өмнө чимээгүй болгоод өгөөч” гээд хүүхдийнхээ хажууд ярихаар хүүхэд мэдээж болохгүй зүйл үгүй гэж ойлгох нь тодорхой шүү дээ. За тэгээд болоогүй хүүхдээ Оксфорд, Харвардын их сургуульд сургахгүй бол Монголд ямар ч боловсрол алга гэж хүүхдүүдийнхээ хажууд ярьцгаадаг. Хүүхдээ эвддэг. Хүн болгон тэнд сурах албагүй шүү дээ. Монголд сургууль төгсөөд сайхан амьдарч байгаа өчнөөн хүмүүс байна. За тэгээд хүүхдүүд нь жаахан том болохоороо өрөөндөө хаалгаа хаагаад компьютер ширтээд суучихна. Хаалттай өрөөнд юу ч үздэг юм бүү мэд. Ингээд насанд хүрэхээсээ өмнө элдэв муу муухай зүйлийг үзээд харчихсан хүүхэд ирээдүйд гэр бүл зохионо гэдэг тун ч хэцүү дээ. Хүүхдүүд нь том болохоороо “Би өөрийнхөөрөө амьдарна” гэдэг том толгой гарч ирдэг. Өөрийнхөөрөө амьдарна гээд дураараа дургиж, аав, ээжийгээ гомдоож, зарим нь хүнээ байдаг. Өөрийнхөөрөө амьдарна гэдэг бусдыг хөнөөхийн нэр биш. Уян хатан амьдрахыг хэлнэ шүү дээ.

ХҮН БОЛГОН ШҮҮМЖЛЭХ ДОН ТУССАН НИЙГМЭЭС ХЭРХЭН ӨӨРИЙГӨӨ АНГИД АВЧ ЯВАХ ВЭ?

-Ёс зүй гурван янзаар илэрдэг. Бие, хэл, сэтгэлийг нь хар. Бие, хэл хоёр нь сэтгэлийн толь. Биеийг хар, яаж өөрчлөгдөж байна, хэлийг нь судлаад үз дараа нь гэр оронд очоод хэлбэржилтийг нь хар. Хүн гэдэг бол бие, хэл, сэтгэл гурвын илэрхийлэл учраас эндээс эх орны аюулгүй байдал, тусгаар тогтнол хэрхэн бөх байгааг ч харж болно. Хүн болгон хүнийг муу хэлэхээсээ өмнө бодож үз. Өөрийгөө ганцхан хором дүгнээд үз. Магадгүй машин бариад зам дээр явж байтал урдуур чинь өөр машин дайрахад “Яадаг новш вэ” гэхийн оронд “Аав, ээжийнх нь бие нь өвдсөн юм болов уу” гэдэг ч юм уу их л яаралтай ажил гарч дээ хөөрхий гэж бодоод үз. Тэр агшинд л тайвширчихна. Урьтаж уурлахаасаа өмнө учир шалтгааныг нь заавал бодож, ухаж бай. Чиний бодож буй бодол, үйлийн үр өөрт чинь ирдэг. Чи сайхан зүйл бодож, сайн зүйл хийж явбал жаргал ирнэ. Диваажин чинь өөрийн үйлдсэн үйлийн үр дүн.

Тэмдэглэсэн

Д.ДАВААСҮРЭН

Categories
мэдээ нийгэм

Эрчим хүчний шинэ тарифыг мөрдөж эхэллээ

Эрчим хүчний зохицуулах хорооноос цахилгаан эрчим хүчний үнэ тарифыг 9.85 хувиар, дулааны эрчим хүчний үнэ тарифыг 13 хувиар тус тус индексжүүлж, хэрэглэгчдэд борлуулах эрчим хүчний үнэ тарифыг шинэчлэн тогтоолоо. Шинэ тарифыг 2014 оны арванхоёрдугаар сарын 5-ны өдрөөс буюу өчигдрөөс мөрдөж эхэллээ.

“Үнийг индексжүүлсэн” гэдэг нь гадаад болон дотоод зах зээлийн олон нөлөөллийг харьцуулан судалж, дүгнэсний үндсэн дээр дундажлан гаргасан шинэ тариф гэж ойлгож болох юм.

УИХ-аас 2010 онд эрчим хүчний үнэ тарифыг бодит өртөгт нь хүргэх, эрчим хүчний үнэ тарифыг индексжүүлэх, цаашид үнэ тарифыг чөлөөлөх асуудлыг тусгасан тогтоолыг баталсан. Энэ дагуу Эрчим хүчний зохицуулах хорооноос эрчим хүчний салбарын санхүүгийн алдагдлыг бууруулах, эдийн засгийн чадавхийг сайжруулах, найдвартай ажиллагааг дээшлүүлэх чиглэлд үнэ тарифын зохицуулалтыг хэрэглэгчдэд үзүүлэх нөлөөллийг харгалзан үе шаттайгаар хэрэгжүүлэх бодлого баримталж байна гэж нийслэлийн Агаарын чанарын албанаас мэдээллээ.

Цаашдаа эрчим хүчний үнийг чөлөөлөх эхний алхам нь энэ байж болох юм. Төвийн бүсийн үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагад болон айл өрхөд борлуулах цахилгааны тариф

ҮЙЛДВЭР, АЖ АХУЙН НЭГЖ БОЛОН БУСАД БАЙГУУЛЛАГАД БОРЛУУЛАХ ЦАХИЛГААНЫ ТАРИФ

1. Үйлдвэр, аж ахуйн нэгж болон бусад байгууллагад борлуулах цахилгааны тарифыг (НӨАТ-гүй) ангиллаас нь хамааруулан төлбөр тооцох үзүүлэлтийн нэгжид дараах хязгаарт багтаан тогтооно:

Ангилал

Хэмжих
нэгж

Тариф

1

Уул уурхайн олборлох, боловсруулах аж үйлдвэр

Үүнд: Нүүрс олборлолт. Боловсруулалт
Газрын тос, шатдаг хий олборлолт, боловсруулалт
Төмрийн хүдэр олборлолт, боловсруулалт
Бусад ашигт малтмал олборлолт, боловсруулалт

1.1

Энгийн тоолууртай

Төг/кВт.ц

138.00

1.2

3 тарифт тоолууртай

а

Өдрийн хэрэглээ /өглөөний 06.00 цагаас оройн 17.00 цаг хүртэл/

Төг/кВт.ц

138.00

б

Оройн хэрэглээ /оройн 17.00 цагаас шөнийн 22.00 цаг хүртэл/

Төг/кВт.ц

244.00

в

Шөнийн хэрэглээ /шөнийн 22.00 цагаас өглөөний 06.00 цаг хүртэл/

Төг/кВт.ц

66.30

2

Бусад үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллага

2.1

Энгийн тоолууртай

Төг/кВт.ц

113.00

2.2

3 тарифт тоолууртай

а

Өдрийн хэрэглээ /өглөөний 06.00 цагаас оройн 17.00 цаг хүртэл/

Төг/кВт.ц

113.00

б

Оройн хэрэглээ /оройн 17.00 цагаас шөнийн 22.00 цаг хүртэл/

Төг/кВт.ц

187.00

в

Шөнийн хэрэглээ /шөнийн 22.00 цагаас өглөөний 06.00 цаг хүртэл/

Төг/кВт.ц

66.30

2.3

“Цахилгаан тээвэр” ХК

Төг/кВт.ц

66.30

3

Улаанбаатар хот, аймгийн төвийн нийтийн зориулалттай зам талбайн гэрэлтүүлэг болон нийтийн зориулалттай орон сууцны орцны гэрэлтүүлэг

3.1

10, 11, 12, 1, 2 ,3 дугаар саруудад

а

Өдрийн хэрэглээ /өглөөний 06.00 цагаас оройн 19.00 цаг хүртэл/

Төг/кВт.ц

113.00

б

Орой, шөнийн хэрэглээ /оройн 19.00 цагаас өглөөний 06.00 цаг хүртэл/

Төг/кВт.ц

66.30

3.2

4, 5, 6, 7, 8, 9 дүгээр саруудад

а

Өдрийн хэрэглээ /өглөөний 06.00 цагаас оройн 22. 00 цаг хүртэл/

Төг/кВт.ц

113.00

б

Орой, шөнийн хэрэглээ /оройн 22.00 цагаас өглөөний 06.00 цаг хүртэл/

Төг/кВт.ц

66.30

АЙЛ ӨРХӨД БОРЛУУЛАХ ЦАХИЛГААНЫ ТАРИФ

1. Айл өрхөд борлуулах цахилгааны тарифыг (НӨАТ-гүй) ангиллаас нь хамааруулан төлбөр тооцох үзүүлэлтийн нэгжид дараах хязгаарт багтаан тогтооно:

Хэрэглэгчдийн ангилал

Хэмжих
нэгж

Тариф
/НӨАТ-гүй/

1

Энгийн тоолууртай

а

Сарын нийт хэрэглээний 150 кВт.ц хүртэлх хэрэглээг

Төг/кВт.ц

85.70

б

Сарын нийт хэрэглээний 151 кВт.ц болон түүнээс дээшхи хэрэглээг

Төг/кВт.ц

103.60

2

2 тарифт тоолууртай

а

Өдрийн хэрэглээ /өглеөний 06.00 цагаас шөнийн 21.00 цаг хүртэл/

Төг/кВт.ц

91.00

б

Орой, шөнийн хэрэглээ /оройн 21.00 цагаас өглөөний 06 00 цаг хүртэл/

Төг/кВт.ц

66.30

3

Сарын суурь тариф

Төг/сар

1000.00

АХУЙН ТООЛУУРГҮЙ ЦАХИЛГААН ХЭРЭГЛЭЧДИЙН ТӨЛБӨР ТООЦОХ САРЫН ДУНДАЖ ХЭРЭГЛЭЭ

1. Ахуйн тоолуургүй цахилгаан хэрэглэгчдийн төлбөр тооцох сарын дундаж хэрэглээг төлбөр тооцох үзүүлэлтийн нэгжид дараах хязгаарт багтаан тогтооно:

Ангилал

Хэмжих нэгж

Сарын хэрэглээ

1

Айл өрх

кВт.ц

350

Categories
мэдээ нийгэм

Томуугийн тархалт буурчээ

Энэ долоо хоногт томуу, томуу төст өвчний тархалт буурсан таатай мэдээг Эрүүл мэндийн яамны Шуурхай удирдлагын төвөөс мэдээллээ.Улсын хэмжээнд энэ долоо хоногт63.652 хүн амбулаториор үйлчлүүлсний 4.202 (6.6%) нь томуу, томуу төст өвчтэй гэж оношлогджээ. Энэ үзүүлэлт нь өмнөх 7 хоногоос 1.2 хувиар бага аж.Гэхдээ өнгөрсөн оны мөн үеэс 2.0 хувиар их үзүүлэлт ажээ.

Томуу, томуу төст өвчин 10.000 хүн амд 39.4 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх 7 хоногоос 6.5 тохиолдлоор бага, өмнөх оны мөн үеэс 13.1 тохиолдлоор нэмэгдсэн байна.

Categories
мэдээ цаг-үе

С.Эрдэнэ: Бид биенээ дэгээдэж суухын оронд, хамтраад хямралын ард гарах хэрэгтэй

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын үүрэг гүйцэтгэгч С.Эрдэнэтэй ярилцлаа.

Шинээр эмхлэн байгуу­лагдаж байгаа засгийн бүтцийн асуудалд та ямар байр суурьтай байна вэ. Эвслийн Засгийн газар үлдсэн 1.6 жилийн хугацаанд ямар ахиц дэвшил авчирч, эдийн засгийн хүрээнд юу хийж чадна гэж итгэл хүлээлгэж байна?

-Эдийн засаг хүндрэлтэй, улс төрийн үл ойлголцол газар авчихсан ийм цаг үед УИХ-д суудалтай бүх нам нийлээд их эвслийн Засгийн газар байгуулж байна. Миний хувьд энэ үйл явдлыг хоёр зорилготой гэж харж байгаа. Эхнийх нь Үндсэн хуулийн зохицуулалтад зарим нэг өөрчлөлт, засвар хийх шаардлагатай юм. Наад зах нь Засаг захиргааны бүтцийн өөрчлөлт хиймээр байна. Нэг сум хэдэн хүн амтай билээ дээ. Тэгвэл хамгийн бага хүн амтай дүүрэг гэхэд л 100 мянган хүнтэй байна. Бүр 4-5 аймаг нийлүүлсэн юм шиг том дүүргүүд байгаа. Монгол Улсын хүн амын 50-60 хувь нь суурьшиж байгаа Улаанбаатар хот нийслэлийн статусын нэг түвшинтэй. Өөрчлөх гэхээр Үндсэн хуулийн зохицуулалттай болохоор болдоггүй. Энэчлэн олон зүйлээс улбаалан Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлага байна. Тиймээс Шийдлийн Засгийн газрын хүрээнд боломж гарах юм болов уу гэж харж байна. 2000 оных шиг дордуулсан долоон өөрчлөлт хэрэггүй л дээ. Зөв өөрчлөлт хийгээд явах юм бол улс орны ирээдүйн хөгжилд маш чухал гэж харж байна. Хоёрдугаарт, эдийн засгийн хямралтай энэ цаг үед бэрхшээлээс яаж эрсдэл багатай давж гарах вэ. Бид биенээ дэгээдэж суухын оронд, хамтраад ард нь гарах хэрэгтэй. Эцсийн дүндээ ард түмэн л хожно. Энэ үүднээс одоогийн байгуулагдаж байгаа Засгийн газрыг буруутгахгүй. Дэмжиж байгаа.

Н.Алтанхуягийн Засгийн газрыг унагаахдаа яамдын тоог хэтэрхий олон байна гээд 13 болгож цөөлсөн. Гэтэл сая намуудын зөвшилцлийн хүрээнд буцаагаад 15 болгохоор төсөл өргөн барилаа. АН фракцийнхаа эрх ашигт хөтлөгдөөд яамдын тоог нэмчихэв үү гэх хардлага дагуулаад байгаа л даа?

-Асуудал яамныхаа тоонд байгаа юм шиг манайхан ярьдаг. Цөөхөн яам байгаад төрийн үйл ажиллагаа амжилттай болчихгүй. Үр дүн л чухал. Харин тэр тодорхой боломжит түвшинд нь засгаа байгуулаад ажиллавал ямар үр дүн өгөхийг бодох ёстой. Одоо байгуулагдаж байгаа бүтэц боломжийн түвшинд байна. Өмнө ес болон 11 яамтай байсан гээд ярих юм. Тэр үеийн нийгмийн цар хүрээ, хүн амын тоо ямар байлаа даа. Одоо хэдэн хүн амтай болж, эдийн засаг яаж өргөжлөө дөө. Гадаад харилцаа хэрхэн хүрээгээ өсгөв гээд энэ бүгдийг бодоод үзвэл Засаг захиргааны хувьд тэлэх ёстой. Илүү хүчирхэгжиж, өргөн хүрээнд үйл ажиллагаа явуулах зайлшгүй шаардлага байна. Манайхан хийе бүтээе, урагшилъя гэхээсээ илүү шүүмжилсэн, үгүйсгэсэн, хардсан, сэрдсэн, гүтгэсэн, доромжилсон зүйл гаргаж тавих юм. Энэ буруу. Улс оронд аль нь ашигтай юм, яавал түргэн хөгжих вэ гэдгийг л харах ёстой. Өнөөдөр Украин шинэ Засгийн газраа байгуулж байна. Юун яамны тоо байтугай гадаад иргэдийг хүртэл Засгийн газартаа орууллаа. Украин чинь хямралаас гарах гэж бүхий л арга чаргаа хайж байна. Ганц Монголын төр хямарчихаад байгаа юм биш. Хэд хэдэн улсын Засгийн газар өөрчлөгдөж байна. Япон улс гэхэд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Засгийн газраа хэд дахин сольчихов доо. Ингээд яриад байвал асуудал мундахгүй. Дэлхий нийтээр эдийн засаг улс төрийн хямралтай байна. Тогтуун боломжийн нөхцөл байдал үүсэх байх. Дандаа муу байна гэж юу байхав. Ашигт малтмал, уул уурхайн түүхий эд тогтворжоод ирэхээр манай улсын эдийн засаг сэргэнэ. Бид эрх зүйн зөв орчноо бүрдүүлээд явбал, улс орон эерэг тал руугаа явах цаг хол биш. Иймд монголчууд дотроо эв зүйгээ олсон байх ёстой. Тэгэхийн тулд хүлээн зөвшөөрч чаддаг байх хэрэгтэй. Монголчууд хэдэн үеэрээ хоорондоо байлдаж, талцсаар ирсэн. Ингэснээр хүч нь суларч, хөгжлийн замд том саад болж байгаа юм. Тэгэхээр одоо бие биенээ хүлээн зөвшөөрөх хандлагыг дэмжих ёстой. Хамтраад эдийн засгийн эрдслээ давъя гэж байхад яагаад МАНАН гээд байна вэ?

Өмнө хамтраад үр дүнд хүрч чадаагүй алдаа бий?

-Тэр үнэн. Гэхдээ л дандаа муу юм байна гэж юу байхав. Бид оролдох л хэрэгтэй. Нэг удаа чадаагүй байж болно. Хоёр дахиа амжилт олоогүй байг. Гурав дахь удаагаа үр дүнд яагаад хүрч болдоггүй юм бэ. Уйгагүй оролдлого л үр дүнд хүргэнэ биз дээ. Бид Ц.Элбэгдоржийн Засгийн газрын үед эхний эвслийг байгуулж үзсэн. Дараа нь С.Баярыг Засаг толгойлж байх үед бас нэг эвсэл байгуулсан. Одоо Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед их эвсэл байгуулж үзье л дээ. Тууштай оролдлогын үр дүнд амжилт олохыг хэн байг гэх юм бэ.

Яамдын тоог хоёроор нэмж, хэд хэдэн агентлагуудыг татан буулгахаар УИХ хэлэлцэж байна. Тахарын албыг гэхэд саяхан байгуулчихаад татан буулгаж байх шив дээ…

-Зарим шаардлагагүй агентлагуудыг нь татан буулгах, төсөв орон тоогоо үр дүнтэй зохицуулах асуудал гэж ойлгож байгаа. Нэг их эмзэглээд байх асуудал биш юм. Шинэ Ерөнхий сайддаа боломжийг нь олгоё л доо. Идэвх зүтгэлийг нь нээж өгье л дөө. Гэтэл манайхан тал талаас нь шүүрэн шанага болтол нь балбадаг. Тэгсээр байгаад хэн ч биш болгоод хаядаг. Нэг удаа ч гэсэн боломжийг нь олгоод, дэмжээд яагаад болохгүй гэж. Юм болгоныг нь яагаад үгүйсгэж эсэргүүцэж байх ёстой юм бэ.

Н.Алтанхуягийг Ерөнхий сайдаас огцруулах эсэхийг хэлэлцэхэд “Шонхор” фракцийнхан хурал хаяад гарсан. Ямар тохиролцоо явчихав аа,эсвэл үл ойлголцол байсан уу?

-Ямар нэгэн хор найруулаад хуйвалдаад явсан юм байхгүй. Би өөрийнхөө итгэл үнэмшлээр асуудалд хандсан. Манай хүмүүс ч тэгж хандсан байх. Эцсийн дүндээ би хэн нэгнээс урваад явах үйлдэл байтугай санаа ч байгаагүй. Улс орныхоо болоод намынхаа эрх ашгийг бодсон юм.

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
мэдээ нийгэм

Ломбардууд хүний эрх зөрчиж байна гэв

Эдийн засгийн хямралаас үүдэж хүмүүс ломбардаар үйлчлүүлэх нь ихэссэн талаар “Өдрийн сонин” сурвалжилсан билээ. Тэгвэл олон айлын хоногийн хоолыг залгуулж байгаа ломбард багагүй зөрчилтэй байсныг Хүний эрхийн үндэсний комисс тогтоожээ. Хүний эрхийн үндэсний комисс Улаанбаатар хотын цагдаагийн газар хамтран өнгөрсөн аравдугаар сарын 17-28-нд нийслэлийн хэмжээнд барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ буюу ломбардын үйл ажиллагаа явуулж буй газруудад хяналт шалгалт явуулсан аж.

Хан-Уул, Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх, Баянгол дүүрэг дэх 33 ломбардад хяналт хийжэ. Шалгалтын дүнг өчигдөр олон нийтэд танилцууллаа. Хуралд ХЭҮК-ын гишүүн П.Оюунчимэг, Улаанбаатар хотын Цагдаагийн газрын дарга Ч.Болдбаатар болон шалгалтын Ажлын хэсэг болон нийслэлийн болон дүүргүүдийн цагдаагийн хэлтэс, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Авто тээврийн Үндэсний төв, Нийслэлийн татварын газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын төлөөлөл оролцож, барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ үзүүлдэг иргэд, аж ахуйн нэгжийн төлөөллийг байлцуулан шалгалтын дүн, нийслэлийн хэмжээнд зохион байгуулсан “Ломбард” нэгдсэн арга хэмжээний талаар мэдээлэл солилцон асуудлыг хэлэлцлээ.

Нийслэлийн хэмжээнд 532 аж ахуйн нэгж, байгууллага барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулж байна. Шалгалтад хамрагдсан барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ буюу ломбардын үйл ажиллагаа явуулж буй газрууд нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль, Барьцаалан зээлдүүлэх стандарт (Монгол Улсын стандарт MNS 5274:2003)-ыг төдийлэн мөрддөггүй, үйлчлүүлэгчдийн эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчдөг нь илэрчээ.

Шалгалтын Ажлын хэсэг дараах зохицуулалтыг хийх шаардлагатай гэсэн дүгнэлтийг гаргажээ. Нэгдүгээрт, барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагааг санхүүгийн үйлчилгээний төрөлд хамааруулан тусгай зөвшөөрөл олгох, үйл ажиллагааг нь зохицуулах, түүнд хяналт тавих эрх бүхий субьектийг тодорхой болгох, хоёрдугаарт, Монгол Улсын Иргэний хуулийн барьцаалан зээлдүүлэхтэй холбоотой заалтууд болон Монгол Улсын стандарт MNS 5274:2003 шаардлага зэрэг эрх зүйн баримт бичгүүдийн хэрэгжилтийг хангах, хяналт тавих механизмыг сайжруулах зорилгоор барьцаалан зээлдүүлэх газруудын үйл ажиллагааг нарийвчлан зохицуулсан дүрэм, журам, зааврыг батлан гаргах, барьцаалан зээлдүүлэх гэрээний маягтыг боловсруулж хавсралтаар батлах шаардлагатай гэжээ. Мөн зөрчил гаргасан барьцаалан зээлдүүлэх газруудад хариуцлага тооцох механизмыг тодорхой болгох, барьцаалан зээлдүүлэх газрын ажилтнуудыг үнэлгээ хийх эрх олгох мэргэжлийн сургалтад хамруулах, чадавхжуулах шаардлагатай гэсэн дүгнэлт гаргасан байна.

Categories
мэдээ цаг-үе

Украин шиг Засгийн газартаа америк мэргэжилтнээр сайд тавья

Украин улс шинэ Засгийн газраа байгууллаа. Тэд гүн хямралаа давахын тулд гадаадын өндөр боловсон хүчинд итгэл хүлээлгэж байна. Америк, Гүрж, Литви улсын иргэнд улсынхаа иргэншлийг олгож, гол, гол салбаруудаа удирдуулахаар боллоо. Ингэвэл улс нь хүнд байдлаас гарна гэдгийг харж зөв шийдвэр гаргажээ.

Манайх социализм бай­гуулж байхдаа ЗХУ-аас хоёр, гурван зуугаар нь мэргэжилтэн авдаг байлаа. Тэгвэл одоо капитализм байгуулж бай­гаа юм чинь Америкаас мэргэшсэн хүн авчирч сайд тавимаар байна. Өнөөдөр Их хурлын гишүүн болгон сайдын сэнтийд санаархан уйлалдан гүйлдэж байгаа. Та нарт л гэхэд сайд хийж, улсаа толгойлж чадахгүй. Өнгөрсөн хугацаанд хангалттай харууллаа. Үүний нэг тод жишээ бол сүүлийн 25 жил өөрсдөө ганц ч гэсэн эмнэлэг босгосонгүй. Япончууд барьж өгснийг нь эс тооцвол сургууль ч барьчихаагүй шүү дээ. Хүн ардынхаа эрүүл мэнд, боловсролд анхаарсан бүтээн байгуулалтаас өгсүүлээд энэ мэтчилэнгээр юу ч хийсэнгүй. Манай дарга нарт улс орноо аваад явах чадамж алга даа. Харин сайд болсон хүн, түүнийг дагагчид л баяжаад байдаг.

Тэгвэл хамгийн их шинэч­лэл хийх шаардлагатайХууль зүйн яамыг америк мэргэжилтнээр удирдуулъя л даа. Мөн Уул уурхайн яа­мыг ч бас гадаадын өн­дөр боловсон хүчнээр толгойлуул­маар байна. Зарим га­зар, агентлагийн дарга нарыг ч гадны мэргэжилтнээр тавьчихъя. Энэ бүхнийг амьдралд хэрэгжүүлэх уян хатан хуулийн зохицуулалт хэрэгтэй байна.

Америкийн дэлхийд гайхуулсан боловсон хүчин бэлтгэдэг сургуулийг төгссөн чадварлаг хүмүүсийн дунд дөрвөн жил гүйцэтгэх сайдын тендер зарлаж болно шүү дээ. Өндөр цалин хөлс амлаад ч болтугай тэднийг авчиръя л даа. Юуны тулд өргөн уудам газар нутагтай билээ дээ, 20-30 га эдлэн газар эзэмшүүлсэн ч яадаг юм.

Гадаадын боловсон хүчнээр улсаа удирдуулж байгаа Украинаас жишээлж байгаагийн учир нь манай хоёр улс яг адилхан болохоор тэр. Украины улс төрийн бүлэглэлүүдийн хоорондох зөрчилдөөн дайн дажны хэмжээнд хүрч улсаа нурааж байгаа. Үүн шиг Монголын улс төрийн хүчнүүд хийгээд фракцын тэмцэл хэрээс хэтэрсэн. Тийм болохоор тэд эх орныхоо эрх ашгийг тэргүүнд тавьж, улсаа жолоодож чадахгүй байгаа юм. Тиймээс Украин шиг америк мэргэжилтнээр сайд тавья.

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
нүүр-хуудасны-онцлох туслах-ангилал

“Ээж нь удахгүй ирнэ” гэж хэлээд хүүгээ зочид буудалд орхиод явжээ

-ЗОЧИД БУУДЛЫНХАН ХҮҮГИЙН ЭЭЖИЙГ ХОЁР ӨДӨР ХҮЛЭЭГЭЭД ЭЦЭСТ НЬ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД ХАНДСАН БАЙНА-

Өнгөрсөн сарын 27-нд Сонгинохайрхан дүүрэгт байрлах “Хайрхан” зочид буудалд нэгэн эмэгтэй гурван настай хүүгээ орхиод явсан хэрэг гарчээ. Хүүгийн ээж “Би ойрхон дэлгүүр орчихоод ирье. Хүүг маань харж байгаарай” гэж тус буудлын ажилтнуудад хэлчихээд явжээ. Буудлынхан эмэгтэйг ирнэ, хүүгээ авах байх гэж хоёр өдөр хүлээгээд эцэст нь цагдаагийн газарт хандсан байна. Ингээд хүүг 29-ний шөнө дунд Хан-Уул дүүрэгт байрлах Нийслэлийн цагдаагийн газрын харьяа Түр хамгаалах төвд авчирчээ. Өчигдөр хүүг журмын дагуу тус төвийнхөнСонгинохайрхан дүүргийн Гэр бүлийн хөгжлийн төвд шилжүүлсэн байна.

Хүүг авчрахад хувцас хунар нь хиртэй, усанд ороогүй нэлээд удсан шинжтэй байжээ. Түүнийг эс тооцвол яриа хөөрөөтэй, хүнээс бишүүрхдэггүй сэргэлэн цовоо юм гэнэ. Төвд хүргэгдэн ирэхэд нь үзлэг хийхэд ямар нэг шарх сорвигүй, биеийн байдал нь сайн байжээ. Хүү чухам юу болсон талаар тус төвийн ажилтнууд болон зочид буудлын хүнд ийн ярьсан байна. “Ээж бид хоёр гэрт амьдардаг. Аав Зүүнхараад байдаг. Миний дүү ээжийн гэдсэнд байгаа. Ээж маань архи уучихаад байдаг. Намайг буудалд үлдээхдээ удахгүй ирнэ гэж хэлээд явсан. Аав маань бид хоёртой удаан байдаггүй. Би ээжийгээ санаж байна. Намайг ирж ав гэж хэлээд өгөөрэй. Ээжид гар утас байхгүй. Ээжийг Цэцгээ гэдэг. Саппорогийн Батаагаас асуувал мэднэ” гэж ярьж байжээ. Хүүг Түр хамгаалах байранд тав хоног байхад ар гэрийнхнээс нь гэж ямар нэг хүн сураглаж ирээгүй байна. Харин аав нь гэх хүний сураг дуулджээ. Ээжээс нь сураг гараагүй аж. Түр хамгаалах байранд янз бүрийн хүүхэд, хүмүүс ирдэг. Гэвч зочид буудалд хаягдсан хүүхэд ирж байсан тохиолдол үгүй гэнэ. Тус төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ч.Аюурзана “Эцэг эхийн хариуцлагагүй, хайнга байдлаас болж ийм явдал гардаг. Хүүхдээ жалга, орц гээд элдэв янзын газарт хаяж явдаг. Зочид буудалд хүүхдээ орхисон анхны тохиолдол нь энэ болж байна. Харин үүнд нэг зүйлийг онцлон хэлэхэд “Хайрхан” зочид буудлын ажилтнуудад талархах хэрэгтэй. Хэний ч юм хүүхдийг хоёр хоног буудалдаа байлгаж, хооллож ундлан ээжийг нь ирнэ гэж хүлээсэн байгаа юм. Хэрвээ тэдний оронд муу хүмүүс байсан бол яана гэж бодохоор. Энэ хүйтэн сэрүүн үед гудамжинд хөөгөөд гаргачихсан бол яах юм бэ. Ямар ч байсан сайхан сэтгэл гаргаж хоёр хоног дэргэдээ байлгаад эцэст нь иргэн хүнийхээ үүргийг биелүүлж цагдаагийн газарт хандсан байна” гэлээ. Иймэрхүү төрлийн хэрэг их гардаг болжээ. Эцэг эхчүүд өөрсдийн хайхрамжгүй байдлаас болж хүүхдээ алга болгочихоод араас нь нэхэл дагал болдоггүй байдал ч олон бүртгэгдсэн байна. Түр хамгаалах байранд эцэг эхээсээ төөрсөн нэгэн хүүхэд есөн сар болсны эцэст хамаатнууд нь хайж ирсэн тохиолдол гарсан гэнэ.

Түр хамгаалах төвийнхөн “Хүүг үлдээсэн зочид буудал Саппорогийн хойно, нэгдүгээр хорооллын арын зам дагуу байдаг гэсэн. Тэнд маш олон зочид буудал байдаг. Чухам хаана гэдэн нь тодорхойгүй. Тэнд л байдаг гэж авчирсан хүмүүс нь хэлсэн” гэж байлаа.

Нэгдүгээр хорооллын арын зам дагуу маш олон зочид буудал, дэн буудал, motel, hotel гэсэн нэршилтэй газрууд байна. Зарим нь ямар ч хаяггүй. Хаалганы бариулууд нь хугарчихсан учир үйлчлүүлэхээр очих хүмүүс хаалгыг нь өшиглөх буюу цонхны шилийг нь тогших аж. Тэндхийн буудлуудаас “Хайрхан” зочид буудлын талаар асууж, гурван настай хүүгээ орхиж явсан эхийн талаар сураглавал “Манай энэ хавьд тийм хэрэг болсон юм уу. Ямар хүн нь тэгдэг байна. Саппоро, 32-ын тэнэмэл, архичдаас л тийм хэрэг гарна даа. Энэ хавиар хайж явбал тэр буудал нь олдох байлгүй. Энд чинь зочид буудал оготнын нүх шиг олон” гэцгээж байлаа. Тэр хавийн буудлууд үнэ хямд, хоногийн 8-15 мянган төгрөгийн үнэтэй аж.

Тухайн хэсгийг хариуцдаг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст очиж хэргийн талаар тодруулахад ямар нэг мэдээлэлгүй байлаа. Нэгдүгээр хорооллын арын зам дагуу маш олон хаягтай, хаяггүй, элдэв янзын муухай зочид буудал байдаг. Хүүхдээ зочид буудалд орхисон гэх ямар нэг дуудлага мэдээлэл тэмдэглэгдээгүй гэсэн хариулт өгсөн юм.

Саппорогийн арын 11 дүгээр байрны оршин суугчдаас хэргийн талаар тодруулахад “Манай арын энэ олон зочид буудлаас гарахгүй хэрэг гэж байхгүй. Юу ч гарч мэднэ. Орой үдэш хажуугаар нь явахад аюултай. Согтуу галзуу хүмүүс зодолдож хашгиралдаад түгшүүртэй. Саяхан энэ хавийн хэдэн буудлуудын үйл ажиллагааг зогсоосон гэсэн. Эдгээрийг эмх цэгцтэй болгох цаг нь болсон” гэж байлаа.

Д.САРУУЛ