Categories
мэдээ нийгэм

Дэлхийн залуучууд олуулаа болжээ

НҮБ-ын Хүн амын сангийн Гүйцэтгэх Захирал Др.Бабатундэ Осотимехин тус сангаас жил бүр гаргадаг “Дэлхийн хүн амын байдал 2014” тайлангийн Лондон дахь албан ёсны нээлтэн дээр “Залуу хүн ам урьд өмнө байгаагүй олуулаа болжээ- Эдийн засаг, нийгмийн хөгжилд ахиц гаргах ийм таатай боломжөмнө нь хэзээ ч бүрдэж байгаагүй, цаашид ч бүрдэхгүй биз ээ” хэмээн онцлов.

Тэрбээр залуучуудын боловсрол, эрүүл мэнд, хүний эрх, сайн сайхан амьдралд зориулж хангалттай хөрөнгө оруулалт хийж чадвал тухайн улс орны эдийн засаг асар хурдацтайгаар хөгжих боломжтой хэмээн уг тайланд тусгасан байгааг тэмдэглэв.

Учир нь аливаа улс оронд хөдөлмөрийн насны хүн амын тоо нь бусдаар тэжээн тэтгүүлэгч хүн амын тооноос давсан тохиолдолд тус улс “Хүн ам зүйн урамшуулал”- ын ашгийг хүртэж, айл өрх нь хуримтлал үүсгэн, эрүүл мэнд, боловсрол, амьжиргаагаа сайжруулахад түлхүү хөрөнгө оруулж, эдийн засгийн бүтээмж нэмэгддэг байна.

Өнөөдөр дэлхийн 1,8 тэрбум залуучуудын 10 хүн тутмын ес нь боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ хүртэх, хүчирхийллээс ангид амьдрахад бэрхшээлтэй буурай хөгжилтэй орнуудад амьдарч байна. Тиймээс жендерийн тэгш байдлыг хангаж хүний эрх түүний доторнөхөн үржихүйн эрхийг хамгаалж, бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийг сайжруулж, залуучуудын мэдлэг, чадварыг хөгжүүлэн төлөвшүүлэхийн төлөө илүү ихийг хийх хэрэгтэйг НҮБ-ын Хүн амын сангаас мэдээлжээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Рублийн ханш уналт Оросыг хүнд байдалд оруулаад байна

Оросын төв банк арванхоёрдугаар сар гарсаар 4.5 тэрбум ам.долларын интервенц хийсэн байгаа тухай ВВС мэдээлсэн. Хамгийн сүүлд арванхоёрдугаар сарын 3-ны өдөр дахин интервенц явуулахдаа 1.9 тэрбум ам.доллар гаргажээ. Рублийн ханш уналтыг зогсоохоор тус улсын эрх баригчид нэлээд хэдэн удаа янз бүрийн арга хэмжээ авсан боловч үр дүн алга.

Рублийн ханш уналтад хүргээд буй гол шалтгааныг хоёр зүйлээр тайлбарлаж байна. Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ огцом унаж, Оросын эсрэг эдийн засгийн хориг тавьсан явдал. Газрын тосны үнэ болон рублийн ханш уналт хоёрыг хувиар авч үзвэл үндсэндээ тэнцчихээд байгаа. Энэ хугацаанд Орост өргөн хэрэглээний барааны үнэ нэлээд өссөөр байна. Хамгийн энгийн жишээг дурдахад хайрцаг янжуур есөн рублиэр нэмэгджээ.

В.Путин Холбооны хуралд хандан үг хэлэхдээ Төв банк болон Засгийн газар хоёрт хандан рублийн ханшаар тоглож буй нөхдийн эсрэг хамтран хатуу арга хэмжээ авахыг шаардсан. Тэрээр уржигдар болсон Засгийн газрын хуралдаанд биечлэн оролцохдоо энэ сарын 1-ний өдрөөс хойш дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ 35 хувиар буурсан байхад Орост шатахууны үнэ 10 хувиар нэмэгдсэнийг дурдаад ихэд бухимдсан гэнэ. Энэ бүхнээс харахад Оросын эрх баригчид эдийн засгийн байдлаа тогтворжуулж чадахгүй гэдэг нь тодорхой боллоо. 1998 оноос хойш рублийн ханш ингэж унаж байгаагүй аж.

Үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Дэлхийн банкнаас судалгаа хийсэн. Тус банкны шилдэг эдийн засагчдын нэг Брижит Ханзль 2014 онд тус улсын ДНБ-д өсөлт гараагүйг гэдгийг онцолсон юм. Ер нь Оросын геополитик болон эдийн засгийн байдал тодорхой бус байгаа энэ үед тийм ч таатай ирээдүй харагдахгүй байгааг хэлсэн. Ирэх ондгадаадын хөрөнгө оруулалт хумигдаж, энэ нь барааныэрэлт хэрэгцээ багасгахад хүргэх гэнэ. Тус улсын төсвийг бүрдүүлдэг ашигт малтмал олборлодог компаниудад гаднаас хийдэг хөрөнгө оруулалт багасна. Дэлхийн банк ойрын хоёр жилд Оросын эдийн засаг ямар байх талаар урьдчилсан төлөвийг ч бас гаргаад байна. Ирэх жил дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ дунджаар 78 ам.доллар байх гэнэ. Харин 2016 онд нэг баррель нь 80 ам.долларт хүрэх юм байна. Үүнээс үзэхэд, ОХУ-д2015 онд ДНБ 0.7 хувиар багасч, 2016 онд ДНБ 0.3 хувиар буурна. Тиймээс эдийн засаг нь сайжирна гэсэн найдлага төрүүлэхгүй байгаа аж.

Газрын тосны үнэ 85 ам.долларт хүрсэн тохиолдолд Оросын санхүүгийн ертөнцөд нааштай өөрчлөлтүүд гарна хэмээн Дэлхийн банкны мэргэжилтнүүд үзэж байгаа. Гал дээр тос гэгчээр “OPEC”-ийн гишүүн орнууд саяхан Вена хотноо хуралдахдаа олборлолтоо багасгахгүй гэсэн шийдвэр гаргасан.

Оросын Ерөнхийлөгч хэдхэн хоногийн өмнөХолбооны хуралд хандан үг хэлэхдээ рублийн ханшаар тоглож буй луйварчдыг олохыг шаардсан. Энэ бүхний цаана ямар хүмүүс байгааг эрх баригчид мэднэ гэдгийг ч В.Путин онцлон хэлсэн. Гэвч уг алхам нь нөхцөл байдлыг өөрчилнө гэдэг юу л бол.

Ямартаа ч рублийн болон газрын тосны ханш унаснаас 2015 ондОХУ-ын төсөв 331 тэрбум ам.долларын алдагдалд орох аюул нүүрлээд байгааг тус улсын нэлээд хариуцлагатай ажилтан мэдэгджээ.

Ю.ДЭЛГЭРМАА

Categories
мэдээ нийгэм

Занабазарын бүтээл 4.3 сая ам.доллараар зарагджээ

Францын дуудлага худалдаа эрхэлдэг Сотби компани өнгөрсөн өчигдөр Монголын анхдугаар Богд Занабазарын 17 дугаар зуунд бүтээсэн хүрэл цутгамал Ногоон дарь эхийг дуудлага худалдаагаар заржээ. Уг дуудлага худалдааны талаар “Өдрийн сонин” пүрэв гаригийн дугаартаа мэдээлсэн билээ.

Сотби компанийн зохион байгуулсан дуудлага худалдаагаар Ногоон дарь эх 3.46 сая евро буюу 4.3 сая ам.доллараар зарагдсан байна. Судлаачид энэхүү бүтээлийг 300 мянган евро хүрнэ хэмээн тооцоолж байсан гэдэг.

Categories
мэдээ нийгэм

Энэтхэг эмнэлэг Монголд нээгджээ

Энэтхэгийн Аполло эмнэлгийн Монгол дахь төлөөлөгчийн газар Монголд байгуулагджээ. Тус эмнэлэг нь олон улсын эрүүл мэндийн цогц үйлчилгээг үзүүлдэг улсдаа томд тооцогддог эмнэлэг юм байна.
Аполло эмнэлэг нь 120 гаруй улсаас ирсэн 39 сая хүнд үйлчилсэн аж. Эмнэлгийн 56 салбар 1500 гаруй эмийн сан, 100 гаруй анхан шатны тусламж үйлчилгээний төв, есөн улсад эмнэлэгийн салбар болон 115 теле-анагаах ухааны салбар, 10000 ортой эмнэлэгтэй юм байна. Зүрхний мэс засал, элэг, бөөр, цус болон чөмөг шилжүүлэн суулгах мэс засал хийдэг аж. Мөн нүдний цогц эмчилгээ, согог засал, гоо сайхны төв, шүдний эмнэлэг, теле эмнэлэг, эрүүл амьдрахуйн төвтэй аж.

Categories
мэдээ цаг-үе

Х.Наранжаргал: Энэ хууль гараад хатуугаар хэрэгжвэл телевизүүдийг шууд дампууралд хөтөлчихөж болзошгүй

Глоб интернэйшнл” ТББ-ын тэргүүн Х.Наран­жаргалтай ярилцлаа.

Телевизүүдийг үндэсний агуулгатай уран бүтээл нэвтрүүлдэг болгохоор Соёлын тухай хуульд “Монгол контент” хөтөлбөрийг нэмэлтээр оруулах төсөл УИХ дээр явж байгаа. Үүнд та ямар бодолтой байна?

-Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал 2010 онд батлагдаж, үндэсний соёл, нийтийн эрх ашгийг хамгаалах тухай зүйл заалт нэлээд орсон л доо. Тиймээс Соёлын тухай хууль бодлогын бичиг баримтыг дагаж гарч байгаа хуулиудын нэг юм болов уу гэж харагдаж байгаа. Ер нь телевизтэй холбоотой хоёр хуулийн төсөл явагдаж байна. “Монгол контент”-оос гадна Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийг Мэдээлэл технологи шуудангийн газар боловсруулж байгаа. Телевизийн агуулгад хязгаарлалт тогтоодог нийтийн жишиг байгаа юм. Энэ утгаар зохистой хязгаарлалт гэж үздэг л дээ. Харин “Монгол контент” хөтөлбөр батлагдвал арилжааны телевизүүдэд нэлээд хүнд тусахаар байгаа юм.

Яаж?

-Энэ хөтөлбөрийн дагуу үндэсний агуулгатай кино, уран сайхны бүтээл үйлдвэрлэх тухай яригдаж байгаа нь сайшаалтай. Үүнд улсаас таван тэрбум төгрөг төсөвлөгдсөн гэж ярьж байгаа юм. Харамсалтай нь энэ мөнгө хаанаа ч хүрэхгүй. Уран сайхны кино, бүтээл хийх бааз суурь нь манайд алга. 1997 онд бид “Халтар царайт ” киноны нэг ангийг нь 100 ам.доллараар худалдаж авч байлаа. Өнөөдөр гадаадын хамгийн хямд кино 500 ам.долларын үнэтэй байна. Тэгвэл бид үндэсний сериал кино хийе гэж бодоход нэг анги нь 500 ам.доллараар бүтэхгүй л дээ. Тиймээс энэ хууль гарлаа гэхэд хэрэгжилт нь асуудалтай. Мөн ойлгомжгүй хэдхэдэн зүйл заалт байна лээ. Уран бүтээлчдийнх нь, зураг авалтын багийн нэг нь монгол хүн бол үндэсний контент гэж үзнэ гэсэн тодорхойлолт байгаа. Жишээлбэл, “Марка поло” бол гадаадын кино. Үүнийг бид дэлгэцээр гаргая гэвэл монгол жүжигчин Амарсайхан тоглож байгаа учраас энэ хуулиар үндэсний контент гэж үзэх талтай болчихоод байгаа юм.

Эфирийн 50 хувь нь үндэсний агуулгатай уран бүтээл байна гэж хуульчилбал төр хувийн хэвшлийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс шууд оролцож байгаа хэлбэр болно. Давхар үзэгчдийн эрхэнд халдсан явдал болно байх аа?

-Телевизүүд өөрсдөө олон нийтийн өмч болсон долгионыг ашигладаг. Тэд тусгай зөвшөөрөл аваад бидний өмчийг ашиглаж байгаа учраас үзэгчдийн эрэлт хэрэгцээ, таашаалд нийцсэн үйл ажиллагаа явуулж таарах болоод байна. Энэ хуулийг боловсруулахдаа яг телевизийн үзэгчид юухүсээд байгаа вэ гэдэгт нарийвчилсан судалгаа хийсэн эсэх ньасуудалтай байгаа юм. Хэт хатуу хязгаарлалт болбол жижиг зах зээлдөрсөлдөж буй энэ олон тооны телевизүүдийг шударгаар бизнес хийхэд нь ямар нэгэн дарамт болж мэдэхээр харагдаад байгаа юм. Тэгэхээр арилжааны телевиз гэдэг бол уран бүтээл хийж, хүмүүст таниулж, зар сурталчилгаанаасаа ашиг олдог бизнес шүү дээ. Энэ бол хүний хувийн бизнес. Энэ хууль гараад хатуугаар хэрэгжээд ирвэл олон бизнесийн байгууллагыг шууд дампууралд хөтөлчихөж болзошгүй юм.

Дэлхий нийтдаяаршиж байхад дандаа л монгол кино, уран бүтээл үзээд байвал үзэгчид таашаахгүй байх л даа?

-Гадаадаас юм худалдаж авах нь Монголд хийснээс хямдхан байгаад байгаа юм. Зарим үнэтэйг нь дийлэхгүй болохоор хулгайлж, зохиогчийн эрхэнд халдсан явдал болж байна. Тэр таван тэрбум төгрөг болох нийтийн хөрөнгийг яаж телевизүүдэд хуваарилах нь одоогоор ойлгомжгүй байгаа юм. Тэр мөнгийг гайгүй уран бүтээл хийдэг туршлагатай телевизүүд нь авах юм бол нөгөө жижиг телевизүүд тэдний хийсэн уран бүтээлийг дамжуулах болно. 20 ангит кино хийлээ гэхэд бүх сувгаар гарах болж таарах нь. Хэрэв тэгвэл утгагүй. Энэ өөрөө зохицуулалтын хувьдтодорхой бус. Эргээд бизнес эрхэлж байгаа хүмүүст ямар нэгэн дарамт болоод эцсийнхээ дүнд үзэгчид хохирох вий.Тэгэхээр үзэгчид юу сонирхоод байгаа юм бэ гэдгийг нарийвчлан судлах хэрэгтэй. Зарим хүмүүс телевизүүдийн оргил цагийг зохицуулна гээд байдаг. Тэр оргил цагийг өөрсдөд нь өгөх хэрэгтэй. Хэрэв оргил цагаар монгол уран сайхны кино гаргаад тэрийг нь хүмүүс шүтээд реклам тэр хэмжээгээр нэмэгдвэл бизнесийнхээ хувьд хамгийн сайхан зарчим болно л доо.

Гадны телевизүүд мэдээж эфирийнхээ цагийг хугаслаж Монгол агуулгатай бүтээлүүд нэвтрүүлэхгүй байх?

-Телевизүүд өөрөө дотроо төрөлждөг. BBC гэхэд мэдээний суваг. Тэгэхээр заавал уран сайхны нэвтрүүлэг хий гэвэл утгагүй болно шүү дээ.

-“Монгол контент” хөтөлбөр зэрэг янз бүрийн хуулийн зохицуулалтаар төрөөс хэвлэлд хяналт тавиад байх нь үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд халдаж байна гэсэн үг?

-Төрөөставьж байгаа хяналт, магадгүй эрх баригчдыг дандаа шүүмжилдэг, тэдний дургүй телевизийн сувгийг үүгээр далимдуулж хааж боох асуудал үүсч болно. Өнөөдөр Монголын харилцаа холбооны зохицуулах хороо бол агуулга зохицуулдаг цорын ганц байгууллага. Агуулгад нь дандаа төрийн байгууллага хяналт тавьдаг. Төрийн байгууллага хяналт тавих нь зонхилж байгаа үед эрх баригчдад таалагдахгүй телевизийг үүгээр далимдуулж, хааж боох хэрэгсэл болоод хувирчих юм бол өөрөө үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд халдсан асуудал болно. Аливаа ийм хязгаарлалтыг нухацтай бодож хийхгүй бол болохгүй. Бэлтгэл ажил хийх хэрэгтэй.

Эрх баригчид өөрсдийнхөө телевизүүдийг санхүүжүүлэх ийм хуулийн төсөл оруулж ирлээ. Ирэх сонгуульд бэлтгэлээ базааж байна гэх хардлага дагуулж байгаа л даа?

-Тэгж харж болно. Яагаад гэвэл аливаа ХМХ-тэй холбоотой, агуулгын хувьд хязгаарлалт тавьж байгаа нөхцөлд хүмүүсийн дунд хардагдаж болно. Хүмүүс анзаарахгүй байгаа болохоос Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд тэнцвэртэй сурталчилгаа гэдэг заалтад төрийн байгууллага буюу ШӨХТГ хяналт тавиад байгаа. Тус байгууллагын мэдэгдлийг үндэслээд телевиз сайтуудын үйл ажиллагааг гурван сарын хугацаанд зогсоох хууль гараад ирж байгаа юм. Тэгэхээр Соёлын тухай хууль яг үүнтэй адилхан зохицуулалттай гараад ирэхийг үгүйсгэхгүй.

АН эрх баригчид болсоноос хойш хувийн хэвшил рүү, тэр дундаа хэвлэл рүү дайрч байна. Хэвлэлийн эрх чөлөөг боомилохыг оролдсон шийдвэрүүд гаргах боллоо. Энэ тал дээр та юу хэлэх вэ?

-ХМХ рүү дайрч байна гэж харахад энэ нь зорилготой, зорилгогүй гэдгийг нь сайн мэдэхгүй юм. Ер нь үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө сүүлийн хоёр, гурван жилд илүү түгшүүртэй болж байна. Энэ телевизийн асуудал бол Соёлын хуулийн ч асуудал биш. Харилцаа холбооны зохицуулах хорооны дүрэм журмууд байж байна. Тэр дүрэм журмаар ерөнхийдөө НҮБ-аас гаргасан Олон улсын хэм хэмжээ, стандартыг зөрчсөн зүйлүүд гараад байна. Дээрээс нь 2005-2012 оны хооронд шүүхээр шийдвэрлэгдсэн нэр төр гутаахтай холбоотой эрүүгийн хэрэг 37 байсан.Жилд 3-4 хэрэг гарсан байгаа юм. Гэтэл 2014 он дуусаагүй байхад ийм хэрэг бидний бүртгэлээр 13 гарсан.Ганцхан жилд энэ нь хэд дахин өссөн байна вэ. Мөн “Amjilt.com” сайт, “Гэрэгэ” сэтгүүлтэй холбоотой гарсан асуудал байна. Түүнчлэн сошиалд нэрээ нууцлаад хандсан хүмүүсийн комментыг илчлэх гэх мэт асуудал байна л даа. Одоо асуудал улам хэцүү болох байх. Их эвсэл гэж байгуулагдлаа. Бүгд зөвшилцөж байж ХМХ-ийн зарчмууддаа тогтож авах байх. Эсвэл нийлж эсэргүүцээд улам хатуу болгох ийм л хоёр хувилбар байна.

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
мэдээ цаг-үе

Г.Уянга: Шударга ёс “МАНАН”-д төөрчихлөө

УИХын гишүүн Г.Уянгатай ярилцлаа.

АН, МАН, МАХНМҮАН хамтран Засгийн газар байгуулж байна. Ингэж бүгдээрээ хамтрах нь улс орныг өнөөдрийн эдийн засгийн хүнд байдлаас гаргана гэж яриад байгаа. Та яаж харж байна вэ?

-Би итгэхгүй байна. Энэ засаг бол өмнөх МАНАН-гийн нэг хувилбар. Эдийн засгийг өөд татах тухайд энэ Засгийн газар хэдхэн тодорхой алхам хийх гэж байна. “Оюу толгой”, “Таван толгойг” зарах нь. Засгийн газрын өрийн босгыг нэмээгүй ч хувийн компаниудадЗасгийн газраас баталгаа гаргаж өгөх болж байна. Мэдээж Засгийн газрын өр нэмэгдэхгүй ч улсын өр нэмэгдэнэ. Одоо ч манай улсын өрийн гуравны хоёр нь хувийнхны өр, үлдсэн нь Засгийн газрын өр. Хэдхэн том компанид Засгийн газар өрийн баталгаа гаргаж өгөөд тэднээр дамжуулж зээл авна. Тэр нь мэдээж уул уурхайтай холбоотой компаниуд, банкныхан л байна шүү дээ. Тэдний асуудлыг л шийдэх гэж байна. Байгаа нөхцөл байдал нь бахь байдгаараа, олсон мөнгөө тэрүүхэндээ эргэлдүүлээд, төсвөө хэдхэн том компанийн өрийн барьцаанд тавьчихаар босч чадахгүй.

Манай эдийн засгийн цусны эргэлт банкуудад очоод бөглөрчихдөг юм. Систем энэ бөглөөсийг гаргаж чадахгүй байгаа учраас тэрүүхэн тэндээ цус нь нөжрөөд, хөл гар нь хөрөөд хөшчихсөн өвчтэй хүн шиг эдийн засагтай байгаа юм.

Засгийн газар өрийн баталгаа гаргаснаа өр биш зүтгэнэ гэдэг жаахан хүүхэд нүдээ аньчихаад бусдад харагдахгүй байна гэж итгэхтэй адил инээдэмтэй л хэрэг болж байгаа юм даа. Одоо МАНАН-гийн олигархиудаа тэтгэсэн, тэдэнд үйлчилдэг эдийн засгийг л эндээс харж болно. Өөр юу ч хүлээх хэрэггүй, эдийн засаг улам бүр олигархжина.

Засгийн газрын бүтэц ойлгомжтой боллоо.Бүрэлдэхүүнд нь орж ажиллах сайд нар тодорхой болчихлоо. Хэр нүдээ олсон гэж бодож байгаа вэ?

-Ерөнхийдөө хийх ажлыг нь сая хэллээ, түүндээ хэрэгтэй гэж үзсэн хүмүүсээ л сонгож авлаа. Гэхдээ энд тэнд нь гоёл чимэг наахаа наадуул чинь андахгүй л дээ.

Өнгөрсөн баасан гаригт УИХын үйл ажиллагаа бараг шөнийн 1.00 цаг хүртэл үргэлжиллээ. Та нэлээд бухимдалтай байсан. Гэхдээ бүлгийнхээ асуудлыг тэнд тавих шаардлага байсан уу гэж шүүмжлэх хүмүүс байлаа

-Энэ бол Монгол Улсын их хурал. Энэ дотор болж байгаа бүхнийг мэдэх эрх олон нийтэд бий. Ингэснээрээ Монголын төр хэрхэн ялзарч дуусч байгааг, зайлшгүй өөрчлөх шаардлагатайг мэдэж, үүний төлөө юу хэрэгтэй талаар хэлэлцүүлэг нийгэмд өрнөөсэй гэж хүсч байсан. Эцсийн дүндээ нийгэм ч Үндсэн хуулийн өөрчлөлт гарцаагүй гэдгийг олж мэдвэл энэ зовлонт үеийг хурдан гэтлэхэд нэмэртэй болов уу гэж бодох юм. Бүлгүүдэд байгаа талцал хуваагдал, зовлон ч бас л Монголын зовлон. Энэ бүхнийг анатомоор нь мэдэж байж зөв шийдэл олно шүү дээ.

Шөнө дөлөөр хуралддаг дүрэм журмын талаар та асуусан. Гэхдээ Шударга ёс эвслийн бүлгээс болж чуулган орой хуралдахдаа хүрсэн гэлцэж байгаа

-Хэнээс нь ч болсон юм, бүү мэд. Бүлэг юу байхав, МАХН өөртөө оногдсон сайд нараа томилох гээд л удсан бололтой юм.

Парламентад суудалтай намууд эвсээд, хамтдаа улс орноо аваад явъя гэж байхад ганцаараа утоп зүйл ярих нь онцгүй байна гэж таныг дүгнэх хүмүүс ч байна

-Үндсэн хуулийн өөрчлөлт хийж улс төрөө цэгцлээд улс орноо зөвөөр цааш авч явах тухай миний яриа тийм үл гүйцэлдэх мөрөөдөл үү, одоогийнхоо энэ байдлаар явсаар цэнгэлийн манлайд хүрнэ гэж итгэх нь үл гүйцэлдэх мөрөөдөл үү? Та юу гэж бодож байна. Би ямар ч утоп юм яриагүй. Бодит байдлыг хэлсэн, бодит гарцыг санал болгож байгаа. Одоо тэгээд хамтраад улс орныг хааш нь чирэхийг харцгаая л даа. Би бол буруу гэдгийг нь хэлж өөрөөс шалтгаалах бүхнээ л хийлээ.

Үнэндээ таны чуулган дээр үг хэлсэн үйлдлийг популизм хийж байна гэдэг утгаар харах хүмүүс байсан. Та юу хэлэх вэ?

-Популизм гэдэг үг л чөтгөр дарах тарни нь болж дээ. Зарим нь энэ үгээ ч сайн мэдэхгүй, аягүй бол популизм гэдэг нь нэг иймэрхүү жижигхэн шар чөтгөрийг хэлдэг гэж боддог болсон бололтой. Би популизм биш бодит байдлыг ярьдаг. Харин манайхан өөрсдөө амьдралаас тасарчихаад миний ярьж байгааг популизм гэж бодоод байна. Энэ виртуаль сэтгэлгээ дээрээсээ доороо хүртэл, ялангуяа цахим орчинд түгээмэл байна. Монголд хоёр өөр ертөнц зэрэгцэн оршиж байгаа ч нэгнээ мэдэхгүй байна. Нэг дэх нь миний хэлдэг баруун зүүн дөрвөн зам, ордон-зайсан гэсэн тойрог, энэ тойрогт виртуал сэтгэлгээ ноёлсон, нөгөөх нь бодат ертөнц түүнийг бүслээд оршиж байгаа шүү.

Эмнэлгээр яваад шалан дээр хүүхдээ тэврээд хэвтэж байгаа ээжүүдийг харсан хүн энэрэнгүй нийгэм амжилттай байгуулж байна гэж итгэх үү? Цэцэрлэгээр орвол, захын хорооллоор явж үзвэл, сургуулиар орж үзсэн хүнд энэнийгэм хүмүүнлэг санагдах уу? Энэ чуулганы хуралдааныг цаг алгасалгүй үзсэн хүмүүс ардчилсан нийгэмд байгаа гэж ойлгох болж байна уу? Ийм орчинд миний хэлж байгаа бүхэн популизм биш бодат байдал юм байна гэдгийг тэд биш ч олон нийт ойлгож байгаа. 25 жилийн эрх чөлөө, хүмүүнлэг нийгэм, энэрэнгүй нийгэм, ардчиллын тухай популизм нь “хий үзэгдэл” болох нь батлагдаж, ирээдүй нь харагдахгүй, өтгөн мананд төөрөлдсөн өнөөдрийн нийгмийг бүтээсэн гэдгийг ойлго. МАНАН-гийнхан манан дотроо гэрэл гэгээтэй амьдарч байна гэж бодож байна. Харин би МАНАН-тай байна л гэж байгаа шүү дээ. Нэгэнт бий болсон бодат байдлыг ярьж, гарах гарцыг санал болгоод, хамтарч хийе гэж байгаа хүнийг ойлгохгүй, буруу цоллоод байна.

Оноо авах гэж энэ бүхнийг яриагүй, бусдыг өөрсөд шигээ бодох хэрэггүй л дээ. Би хуурч санал авдаг тэдэнтэй адил хүн биш. Шийдэл гарцаа олоод, гацаа Үндсэн хуульд байна шүү гэдгийг байнга хэлж байгаа. Энэ бол популизм бүүр ч биш. Харин ч сүүлийн үед улам олон хүн энэ гацааг олж харж байх шиг байна, С.Баяр ч гэсэн ярилцлагадаа хэлж л байна билээ. Энэ маш сайн хэрэг.

Та ЗГХЭГын даргад нэр дэвшсэн УИХын гишүүн С.Баярцогтыг эсэргүүцэж байх шиг байна. Гэхдээ Н.Алтанхуяг огцорч, оронд нь Ч.Сайханбилэг боллоо л бол С.Баярцогт нарын хүмүүс засагт орж ирэх нь тодорхой байсан байх. Тэгэхээр С.Баярцогтыг эсэргүүцэх байсан бол яах гэж Н.Алтанхуягийг огцруулах кноп дарсан юм бэ гэдэг асуулт танд ирэх байх

-Эхлээд наадахиа Ерөнхийлөгчөөс асуух хэрэгтэй. Миний хувьд Н.Алтанхуягийг огцруулахаар Ч.Сайханбилэг болно гэж лав төлөвлөөгүй. Харин Р.Амаржаргал болох гэж байсан санагдаж байна. Гэтэл парламентын бүлгийн гаргасан шийдвэрийг нам нь татаж аваад, ҮЗХ нь өөрчилсөн. Энэ үед төрийн эрх мэдэл хаана байсан бэ. ТэгээдАН-ын парламентын гишүүд нь ясаа булаалгасан нохой шиг гаслан, сүүлээ хавчиж ирээд намын шийдвэрийг парламентад тулгасан.

Үр дүн нь Ч.Сайханбилэг, С.Баярцогт гэдэг “МХЗЭ-ийн сиамын ихэр”. Энэ миний зуурсан бантан биш шүү. Нөгөө ариун нандин ардчилсан Үндсэн хууль нь хаана байна. Нэг нам л уландаа гишгэж байна. Дараа нь МАН-ын бүлэг яг ийм байдлаар өөрсдөө МАНАН-тсан муу нэр дуулахаас айж бас л Бага хурлаараа эвсэх шийдвэр гаргуулсан.

Миний бүхий л үйлдэл одоо байгаа Үндсэн хуулийг мөрдөхгүй байгааг илчлэх, хэн ч тоохгүй тэр тусмаа өмчилдөг АН нь нулимдаг энэ Үндсэн хуулийг өөрчлөх замаар нийгмийг өөрчлөх ёстойг харуулахад чиглэсэн. Шинэчлэлийн Засгийн газар л гэсэн, юу шинэчлэв?, одоо шийдлийн Засгийн газар л гэнэ, юу шийдэх юм. Засгийн газрын нэр хоч нь хүртэл харин ч популист санагдахгүй байна гэж үү.

Ер нь Ардын намаас сайдад нэр дэвшигчдийг та яаж харж байна. Үнэндээ өнгөрсөн 2012 оны сонгуулийн дуулианаар Өвөрхангайн хоёр гэдэг нэр автлаа алдаршсан С.Чинзориг, Н.Төмөрхүү нар ороод ирлээ. Ардын нам тэдний гомдлыг ингэж л тайлж байхшиг байна

-МАНАН-гийн л идэвхтнүүд гэж харж байна.

Гомдлыг нь АН тайлж байгаа юм биш үү. Гишүүнийг чинь авчихсан учраас сайд бол гэж. Наад хоёр намыг чинь салгаж ойлгох ямар ч аргагүй болсон.

Нөгөө талаар У.Хүрэлсүхийг сайд болгох гэж Ардын нам Засгийн газрыг огцруулсан ч юм шиг болчихлоо. Нөгөө УИХын гишүүнээсээ татгалзаад явсан хүнийг эргээд сайд болгох нь хэр нийцтэй юм бол. Та юу хэлэх вэ?

-Одоо үйлчилж байгаа системээр нам, фракцаас хэн ч ямар ч арга замаар орж ирж сайд болох бололцоотой, тэр ёсоор л явж байна. Тийм л учраас Үндсэн хуулиа өөрчилье, төрөө зөв болгоё гээд байгаа юм. Нам, фракцын систем бол магадгүй хамгийн адгийн амьтныг ч төрийн толгойд гаргаж ирнэ. Яг жинхэнээсээ Монголд нам байхгүй. Жишээ нь АН бол фракцуудын нэгдэл. Аль нэг фракцад орохгүйгээр жинхэнэ намын, үзэл санааны, үндэсний эрх ашгийг ярьж тэнд оршин тогтнох аргагүй. Фракцдаа үнэнч байж, тэндээ нөхөрсөг байж чадвал л дараагийн сонгуульд тойргоо авч чадна, сайд болж болно, албан тушаалд очиж чадна. Хамгийн энгийн дүрэм. Хэн түүнийг гаргаж ирсэн, түүнд үнэнч байх адгуусны энгийн зарчим. Өнөөдөр З.Энхболдод, Ц.Элбэгдоржид гэх мэтээр хувь заяагаа, бооцоогоо энэ хүмүүст тавьсан хүмүүс л байгаа. Нөгөө талаасаа тойрсон хүмүүсийнхээ эрх ашгийг хангаж чадахгүй бол дээрх нь бас яг Н.Алтанхуяг шиг тасчуулна л гэсэн үг. Ийм л намууд төр барьж байна даа. Тийм л учраас дахиад Үндсэн хуулийн өөрчлөлтөө ярьцгаая. У.Хүрэлсүхийн тухайд фракцгүй гэж бахархдаг МАН-ын “Зүүний хүчний холбоо” гэдэг фракц хүчтэйг харуулж байна. Гэхдээ ялаагүй, МАН, АН-ын фракц гэж байхгүй, харин МАНАН-гийн фракц гэвэл оновчтой.

Энэ мэтчилэн шүүмжлэлтэй хандах хүмүүс нэр дэвшигчид дунд байгаа. Гэлээ ч тэднийг нэгэнт дэмжээд томилоод явах нь тодорхой болж байх шиг байна. Энэ тохиолдолд таны хувьд цаашид ямар байр суурь баримталж явах бол?

-“Шударга ёс” нь хүртэл МАНАН-д идүүлчихлээ. “Шударга ёс” гэдэг нэрийг манай бүлгийнхэнд хамаатуулж хэлэхэд хэл эвлэхгүй болов. Одоо юу хэрэгтэй вэ, хяналт л хэрэгтэй. Хяналт талд нь ажиллана. Гэхдээ би энэ улайрсан үйл явцыг зогсоож хүчрэхгүй байж магадгүй, харин илчилж чадна.

МагадгүйШударга ёсэвслээсээ гарах хэмжээнд хүрч магадгүй ч болчихсон юм шиг хандлага танаас сүүлийн үед харагдах боллоо?

-Гарах бол хамгийн амар­хан. Зөвөөр шийдэх үүргийг амлалтаараа хүлээсэн хэд хэдэн чухал асуудал эвсэлд бий. Эхнээсээ эхэлж байна, одоо Оюутолгойн асуудал юу юугүй ороод ирлээ. Хэрэв Оюу толгойн асуудлаар амлалтынхаа эсрэг ажиллавал эвсэл хий үзэгдэл болно. Намайг гарахаас урьдаад Шударга ёс байхгүй болчихоод байнаа, наана чинь.

Шударга ёс эвслийн бүлэг дотооддоо үл ойлголцол ихтэй байгаа гэсэн. Чухам ямар асуудал байгаа юм бэ?

-Дотооддоо их сайхан ойлголцолтой эвийн цавуу шиг нам эвсэл энэ парламентад бас байна уу.

Танай эвслээс сайдад нэр дэвшсэн гурван хүний талаар ямар байр суурьтай байна. Үнэхээр хариуцсан салбартаа сэтгэлд хүртэл ажиллаж чадахболов уу?

-Удахгүй харуулах биз дээ, надад одоо хэлэх зүйл алга.

-“Шударга ёсэвсэл М.Энхсайханаас гадна хоёр сайдаа нэр дэвшүүлэх гэж бөөн юм болсон тухай сураг сонсогдох юм. Бүгд л албан тушаалын төлөө зүтгээд, зарим нь уйлж дуулсан тухай ч жиг жуг бий. Үнэхээр тийм зүйл болсон юм уу?

-М.Энхсайхан даргыг МҮАН-ын дийлэнх олонх дэмжиж нэр дэвшүүлсэн, МАХН-ын тухайд нэр дэвшигчдээ яаж гаргаж ирснийг мэдэхгүй юм.

М.Энхсайхан даргын хувьд томоохон төслүүдийг хариуцан ажиллахаар болж байна. Таны шүүмжлэлтэй хандаад байдагОюу толгой“, “Таван толгойтөслийг сайжруулах болов уу?

-Одоогоор М.Энхсайхан дар­га хуулиар юу хийх нь тодор­хойгүй, ямар ч эрх мэдэлгүй байна. Төсөвгүй, аппаратгүй, оффисгүй, тамгагүй. Мантуун бууз гэж бодсон чинь мантуу авчих шиг л боллоо. Ер нь бол энэ үйл явц нэг хүнээс шалтгаалахаасаа өнгөрсөн. Тэгээд ч М.Энхсайхан дарга Ерөнхий сайд болоогүй уч­раас юу ч өөрчлөхгүй л бо­лов уу. Оюутолгойг чадвал сайжруулаасай, чадахгүй бол хийх нүгэлд нь битгий орол­цоосой л гэж бодож байна. Муу үйлийн баг болох хэрэггүй бизээ.

Танай бүлгийн дарга яамгүй сайд бий болгох гэлээ гээд шүүмжлээд байсан. Гэтэл бүр МҮАНын даргыг яамгүй сайд болгочихлоо?

-Энэ Засгийн газар ч зүйрлэвэл нэг хуйцайрхуу л юм юмны холимог маягтай болчих шиг боллоо. Ингэвэл дагуулж өгдөг талх, мантуу нь манай дарга бололтой юм уу даа.

Эцэст нь асуухад ямар ч байлаа гэсэн шинээр бүрдэх шийдлийн гэж нэрлээд бай­гаа эвслийн Засгийн газар бүрдчихлээ. Үлдсэн хоёр жилийн хугацаанд яаж ажил­лаасай гэж хүсч байна вэ?

-“Оюу толгой”, “Таван толгой”-г битгий тавиад туучихаасай гэж чин сэтгэлээсээ залбирч сууна, харин тэнгэр миний энэ залбирлыг энэ манан, хэрүүл дундаас харж, сонсохгүй байх шиг байна. Үндсэн хуулийн өөрчлөлт рүүгээ орж улс төрийн гацаанаас гарах ажлаа шуурхай эхлээсэй гэж бодож байна.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Categories
мэдээ цаг-үе

Зүүн гурван аймгийн хуульгүй ардууд зээрийн сүргээ хүйс тэмтрээд дууслаа

-ААВЫГАА ДАГАЖ ЯВСАН ХҮҮ ЗЭЭР ХЯДАЖ ЗУГААГАА ГАРГАВ-

Сүхбаатар, Дорнод, Хэнтий аймгийн шаргал тал нутагт үнэндээ цагаан зээрийн цусан мөр татуулсан их хядлага болж байна лээ. Хэн ч цагаан зээрийг өмөөрч хамгаалдаггүй болохоор дуртай нь АК-гаар шүршчихэж байна. Зээр хядаж байгаа хүмүүст амьтныг хайрлах энэрэх гэсэн ойлголт огт алга. Уусан архиндаа халамцаж, улаан зээрд болсоняахаас ч буцахааргүй дүр төрхтэй хэдэн нөхдүүд хуульгүй юм шиг л аашилж байна, зүүн аймгуудад. Хууль хяналтынхан дур зоргоороо аашилж байгааг мэдсэн ч мэдээгүй юм шиг өрөөндөө шигдэн, бичиг цаастай зууралдан сууж байна. Хараа гүйцэмгүй тал нутагт мотоцикльтой, машинтай, хүнд даацын машинтай хүмүүс энд тэндгүй л зээр хядаж байлаа. Биднээс холгүйхэнӨглөө эрт чоно авлахаар хотоос ирсэн, гадна төрх байдлыг харахад томоохон албан тушаал хашдаг болов уу гэмээр арав гаруй залуус цагаан зээрийг буудаж байхтай нь таарсан юм. Сүрэг цагаан зээрийг хуйлруулан элдэж, араас нь автомат буугаар шүршиж байна. Биднийг ирэх бараанаар зээрийн аллагаа ашгүй зогсоолоо. Тэднээс “Цагаан чоно таарсан уу” гэж асуулаа. Хэн нэг нь “Нэг ч харагдсангүй. Маргааш өглөө дахиад нэг үзнэ дээ. Ядаж нэгийг унагах байлгүй” гэж хариулав. “Зээрийн махны хэрэг гараа юу” гээд дахиад л яриа өдвөл тэд өөдөөс шоолсон байдалтайгаар инээлдэж “Цагаан зээрийн махаар ч яах вэ дээ.

Иддэг нь л иддэг юм байгаа биз. Бууныхаа цэцийг үзэж байна” гэлээ. Тэд чоно авлаж чадаагүй уураа ямар ч гэм зэмгүй цагаан зээрт гаргаж байгаа нь энэ аж. Махыг нь идэхгүй мөртлөө зугаагаа гаргаж хайр найргүй суман бороо оруулж байлаа. Бидэнтэй ийн ярилцаад цагаан зээрийн аллагаа үргэлжлүүлэхээр хөдөллөө. Тун удалгүй амьсгаагаа дарж амжаагүй зээрийн сүргийг бужигнуулаад автомат буугаа тачигнуулж гарлаа. Аавтайгаа хамт яваа арав гаруй насныхүү машиныхаа лүүкийг онгойлгочихсон шүршээд байх. Бууны суманд оногдсон зээр тэрий хадан хамраараа газар шаан унаад тэр хавийн цас, өвсцусанд будагдах ажээ. Тэр хүүгийн нүдэнд бууны суманд оногдон унах цустайгаа холилдсон цагаан зээрийг харах үнэхээр бахдалтай байгаа бололтой. Хүүд амьтныг хайрлах энэрэх сэтгэл огт төрөхгүй байгаа нь харамсалтай. Түүнд “Цагаан зээр ч амьтан хүн ч гэсэн амьтан. Бурхан, байгаль хоёр наад цагаан зээрийг чинь сая сая жилээр бий болгосоор өдий зэрэгт хүргэсэн юм шүү” гэж хэлмээр санагдаж байлаа. Зугаагаа гаргасан машинтай нөхөд төд удалгүй давхиад явчихлаа. Аавынхаа мөнгөнд эрхэлсэн хүү РС тоглоомынrestal ертөнц дэх дайсны талаа устгаж байгаа юм шиг амьд амьтны амиар хайр найргүй тоглов. Restal ертөнц дэх тоглоом шигээ санаж огт цус гаргахгүй, хэнд ч гэм хор болохгүйюм шиг л ойлгож байна уу гэлтэй хүйс тэмтэрчихээд, юу ч болоогүй юм шиг давхин одлоо. Тэдний зугаанд 20гаруй зээр буудуулжээ. Суманд оногдсон чүхлийн шарх авалгүй давхин одсон хэдэн зээр байгааг мэдэх аргагүй. Баруун хойд хөлөө хуга буудуулсан зээр хөлөө санжгануулан сүргийнхээ араас одох. Харин урд хоёр хөлөө тас буудуулсан зээр мухар болсон хөлөө урьдынх шигээ гишгүүлэх гэж үзээд газар шаан унахыг харах өр зүрх өмөрнө. Цээжиндээ буудуулсан цагаан зээрийн цус тунарч, бүртийх ч үүлгүй хөх тэнгэр өөд ширтсэн чигтээ сүүлчийн амьсгал татжээ. Гуя, хондлойдоо буудуулаад цус нь цавиа дагаад урсчихсан, шархаа дааж ядан зогсох, хэлээ унжуулаад хэвтчихсэн гээд их хядлагад өртсөн зээрийн сүрэг хөндий талд дахин өндийхөөргүйгээр хоцорлоо. Бууны сум тачигнаж, хүний хашгиран гуугчих дуу хадаж байсан тал нутаг юу болов гэмээр нам гүм боллоо.

АМЬДААР НЬ ГЭДСИЙГ НЬ ХҮҮ ТАТАЖ, ТОЛГОЙГ НЬ ТАСДАВ

Баруун хойноос зээр агнахыг дурандаж байсан хүмүүс машинаа асаагаад давхиад ирлээ. Тэрбээр буудуулсан зээрийг машиныхаа тэвшин дээр чулуудчихаад, биднийг зорин ирэв. Тэгээд “Аймгийн төв оруулж, зээрийн махны ченжид 20 мянган төгрөгөөр өгч, шатахууны мөнгөтэй болох тухайгаа инээд алдан ярив. Биднийг ийн ярилцаж байтал түүнтэй хамт явсан хоёр залуу урд хөлөө тас буудуулж шилбэнийхээ ясаар газар гишгэлэн догонцож явсан зээрийн араас нь гүйж очоод хүзүүг нь нужигнатал хуга дарлаа. Дутуу үхэн татганаж байхад нь дээш өргөлөө. Тэгсэн бидэнтэй хамт зогсож байсан нөхөр гутлынхаа түрийнээс хутга суга татан гүйж очоод өвчүүний бүдэрхийнээс цавийг нь хүртэл хүү татав. Гэдэс цус, эд эрхтэн нь гоожиход өргөж зогссон хоёр хэд хэд сэгсрээд цас руу чулуудчихав. Тэгснээ дөрвөн хөл, толгойг нь яах ийхийн зуургүйтасдаад машиныхаа тэвшин дээр шидчихлээ. Гэдсээ хүү татуулж толгойгоо тасдуулсан зээрийн дутуу үхсэн бие татганахыг нүд халтираад харж чадсангүй. Цагаан зээрийг дутуу буудаад ингэж л зэрлэгээр аминд нь хүрдэг юм байна. Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймагт буугүй айл ховор юм. АК буугаар бүрэн зэвсэглэсэн хүмүүс олон байна. Орсон айл болгон л орон доороосоо АК, Винтов, Калибр буу гаргаад ирнэ. Зүүн аймгуудад цэргийн анги олонтой, Дорнод аймагт эх орны чөлөөлөх дайн болж их хэмжээний буу зэвсэг ирсэн. Дайны үеийн буу зэвсэг бүгд л энэ аймгийн иргэдийн гар дээр ирсэн байх юм. Буу хэрхэн олж авсан түүхийг асуухаар “Хэдэн жилийн өмнө нэг хониор авсан, төдөн шил архи өгөөд буутай болсон” гээд л ярьж байсан юм.

Ширээтийн өврийн хөндийд мөн л “фронттир” маркийн автомашинтай хүмүүс зээр агнаж байлаа. Тэвш дүүрэн гэдсээ амьд байхдаа гэдсээ хүү татуулан толгой, дөрвөн шийрээ тасдуулсан зээрээр дүүрчээ. Тэвшин дээр дутуу үхэн татганах зээр ч байна лээ. Өмнөговь аймгаас ирсэн гэнэ. Энэ бүрэнхий болохоос өмнө машиныхаа тэвшийг дүүргэж аваад нутгийн зүг хөдлөх гэнэ.Дараагийн зээрийн анчидтай тааралдлаа. Дандаа ооныг нь шилж бууджээ. Аймгийн төв зээрийн махны ченж хийдэг хүмүүс гэж өөрсдийгөө хэлж байна лээ. Тэднээс их хэмжээний мах бэлтгэж өгч чадах уу гэж асуутал “Нэг гулууз махыг 15 мянгаар бөөндөөд өгч болно. Хэд хэрэгтэй юм. Бензин тосыг нь хийвэл хотод оруулаад өгье. Ногоон гэрлээр л цагдаа нарын дундуур давхиад л хүрнэ шүү дээ” гэв.

ГУРВАН МЯНГАН ХОНЬТОЙ АЙЛ ЗЭЭРИЙН МАХ ИДЭЖ БАЙНА

Тал нутагт эрт харанхуй болох юм, нар баруунтаа хэвийжээ. Сумын төв явах гэхээр цаг оройтжээ. Нутгийн айлд хоног төөрүүлэхээр болов. Гаднаа их олон хонь бэлчсэнхоёр гэрээр айлсан буусан айлыг сонгож очлоо. Гэрийн эзэн гэж 50 гаруй насны эр байлаа. Харин эхнэр нь нэлээд нүүрэмгий болов уу гэмээр хижээл насны эмэгтэй цай хийж өгч, тавагтай идээ дөхүүлэхдээ элдвийг шалгаах юм. Хажуу талын жижиг гэрт малчных нь амьдардаг гэнэ. Ингээд бид ч хонохоор ирсэн гэдгээ гэрийн эздэд хэлээд тухаллаа. Гэрийн эзэгтэй дээлийн хормой дүүрэн мах оруулж ирээд тогоонд үйж байгаа харагдана. Хоёр мянга хол давсан малтай гэнэ. Сүүлийн хэдэн жил төл сайн авсан болохоор малын тоо толгой ч нэлээд нэмэгдсэн тухай ярьж байна. Хотоос яваа бидэнтэй “Манай энд хонь, ямааны махыг их хямд үнээр авах юм. Энэ хэдэн ченж дундаас нь мөнгө идээд хэрэг алга. Эндээс хямдхан авчихсан мөртлөө хотынхонд өндөр үнээр зарах юм. Манайх барга, үзэмчин хуц тавиад хонины яс томорсон. Зүүн аймгууд адуу цөөрч, хамаг хурдаа зарчихсан. Одоо бараг зүүн аймгийнхан эргүүлээд бусад аймгаас адуу худалдаж авдаг болсон” гээд ярьж гарлаа. Төд удалгүй биднийг түмпэн дүүрэн цагаан зээрийн махаар дайллаа. Гэрийн эзэн хутгаа гарган хэд огтлоод, бидэн рүү түмпэнтэйгээ дөхүүлээд “Сайхан тарган, зөөлхөн байна. Залуу улсууд цохиод байж дээ” гэв. Хотоороо дүүрэн хоньтой байж цагаан зээрийн мах идэх нь сонин. Бүр хотод байгаа хүүхдүүд нь хүртэл цагаан зээрийн махаар өвлийг давдаг гэж ярих юм. Манай нутагт зээр, гөрөөс, тэмээний мах идсэн айлыг муу хэлдэгсэн. Бүр ийм яриа ч байдаг. Манай нутгийн Дашпэлжээ гуайн хүү Дондог гэх тал дүүрэн малтай баян айлын ганц охинтой суух дээрээ тулсан гэдэг. Тэгээд Дашпэлжээ гуай бэр гуйхаар хэдэн хүнтэй худ болох айлдаа очиж. Нөгөөдүүл нь ч цай, идээ, ундаа болоод хачин сайхан хүлээж авсан байна. Тэгсэн Дашпэлжээ гуай хэсэг сууж байгаад “За хөдөлцгөөх үү” гээд гараад явчихсан байна. Хамт явсан хүмүүс нь гайхаж, “Бэрээ гуйхгүй яаж байгаа юм бэ” гэсэн юу ч хэлээгүй гэнэ. Бүр өөр хүний охин гуйгаад “Ааваасаа зөрөлгүй энэ хүнтэй суу. Эднийх нуруутай, хүний голтой айл байгаа юм” гээд, хүүгийнхээ хуримыг дэнж хотойтол хийсэн гэдэг. Дашпэлжээ гуай сүүлд “Хараа Дондогийнх биднийг очиход тэмээний мах идэж байсан. Хотоороо дүүрэн хоньтой юм байж өндрийн мах идээд сууж байхаар нь сэжиг төрөөд. Хүүгээ “Гадаах нь гэртээ ороогүй. Гэр дэх нь гэдсэндээ ороогүй” айлын хүргэн болгохгүй. Болгоогүй нь ч оносон байх” гэж нутгийнхны амнаас ам дамжиж ирсэн яриа санаанд буулаа. Хонож байгаа айлаа зээрийн мах өглөө гээд муу хэлж байгаа юм биш. Гэхдээ хот дүүрэн хоньтой айл зээрийн мах идээд сууж байгаа нь “Гадаах нь гэртээ ороогүй. Гэр дэх нь гэдсэндээ ороогүй айл” гэх хуучны үгсийг эрхгүй санагдуулсан юм аа. Бидний хоносон н.Батсүрэн, н.Намжилдорж нарынх “Цагаан зээр байхад малаа идээд яах вэ. Мөнгө болгосон нь дээр” гээд зээрийн мах иддэгээ хэлж байлаа.

Адуу янцгаасан шаргал талын шөнө одод ярайтал түгээд амар амгалангийн орон гэлтэй. Бүх зүйлс амар амгалан ч цагаан зээр аль нэг газарт хядуулж байгаа даа гэж бодогдох нь хэцүү. Хонох айлынхаа зүүн талын хамар дээр гарлаа. Машины гэрэл сүлжилдэн харагдлаа. Барагцаалбал 10 орчим машин байгааг гэрлээр нь тоолов. Өвлийн харанхуй шөнө замгүй газраар машин явж байгааг хараад цагаан зээр хядахаар ирсэн болохыг төвөггүй мэдэх ажээ.

Хөдөө талд нь зээрийн хядлага болж байхад Дорнод аймгийнхан “Юун зээр. Тэр муу зээр яадаг юм буудуулж үхээл биз. Энд Засаг даргаа огцруулах гээд жинхэнэ хор найрагдаж байхад” гэцгээгээд тоох хүүхэд ч алга, тэнд.Бүгд л сандал ширээнийхээ төлөө “алалцаад” улс төрийн хор найруулаад, хууль бус антай манатай байна лээ. Харин Сүхбаатар аймгийнхан “Бид хоёр ч удаа хөдөөгүүр яваад шалгасан. Цагаан зээрийн хядлага гэж байхаа больсон” гээд л сууж байх. Хэнтийнхэн ч мөн ялгаа байхгүй. “Өгөр цагаан зээрийг алж л байдаг юм. Төрд гарсан хэд нь улс эх орноо худалдаж байхад борчуудын тогоонд цагаан зээрийн мах буцалж яагаад болохгүй гэж” гээд огт тоохгүй байна.

Малчид нь цагаан зээрийг ад шоо үзээд огт хамгаалахгүй. Уул уурхайн компаниуд, хорих, цэргийн ангийн дарга нарын халаас зузаарч, хоригдол, цэргүүд зээрийн мах идэж байна. Нийслэлийн цайны газруудын ихэнх нь хямд үнэтэй гээд зээрийн махыг хонины сүүлтэй холиод “Хонь, үхрийн махаар хийсэн хоол” гээд худалдаалж байна. Түүнийг нь бэлтгэж, хүргэдэг сүлжээ ч байна.

Э.ХҮРЭЛБААТАР

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Сталин “ирлээ”

…Бичих туурвих авьяастай байх нэг хэрэг, Сайхан санаа олох өөр нэг хэрэг.Сайхан санаагаа баримтаар биежүүлэх гурав дахь хэрэг.Эд бүгд нийлээд сайхан туурвил болдог гэж та бодно уу?Үгүй юм аа. Төгөлдөр сайхан зохиомж гэдэг уран бүтээлийн бараг тэн хагас нь шүү дээ. Ойлгомжтой атлаа далд санаа шингэсэн, сэтгэл санаа гижигдэн татсан тийм зохиомж зохиогчийн дутуу орхисон болгоныг дүүргэж, зохиолыг бүрэн төгс болгодог оо.

Орчин үеийн ном туурвилд нэг ийм шаардлага тавигддаг юм. Мэргэн багш-зах зээлийн л гаргаж ирсэн санаа л даа.Номын дэлгүүрт ирсэн хүн шүүрч аваад хаанаас нь ч гарчиглалаа гэхэд, аль нэг хуудаснаас хэдэн мөр уншлаа гэхэд л сэтгэлийг, нүдийг нь уургалж аваад чирээд явчих учиртай гэж. Худалдан авагч аль хуудсыг сөхөж, хаанаас гүйлгэж харахыг манай нэрт хөгжмийн зохиолч Балхжавын хэлдгээр “таашгүй” болой.Тэгэхээр таны ном эхнээсээ аваад дуусан дуустал сонирхол татам, сэтгэл гижигдэм байх төдийгүй, дараагийн чинь бүтээлийг унших хүсэл төрүүлэх учиртай. Ном юуны ч тухай байсан адилхан. Чухам зах зээлийн энэ шаардлага шинжлэх ухааны хамгийн түвэгтэй, явцуу салбарын бүтээлийг хүртэл наад захын уншигчид хүртээлтэй болговой. Нэгэн цагт Ленин багш “Тогооч хүртэл төр барьж сурна” гэж айлдсаныг бид махчлан ойлгоод Ардын их хурлын депутат дотор нэг сайн тогоочийг заавал багтаадаг байж билээ. Харин зах зээл ингэж номлож байна.Харьцангуйн онолыг тогооч хүртэл ойлгож болно. Үнэхээр Стивен Хокингийн “Их тэсрэлт”, “Цаг хугацааны товч түүх”-ийг уншаад ойлгохгүй тогооч бол тэнэг тогооч биш ердөө л бичиг үсэг сураагүй тогооч.Харин манайд бол орчуулгын хүчин зүйл нөлөөлнө л дөө.Аяа зах зээл чи. Оюун санааг хүртэл ардчилагч ажгуу.

Манайд орчин үеийн номын соёл нэвтрэхийн хэрээр ном бичих туурвих шинэ менежмэнтийг бид өөриймшүүлсээр байна.Бас барууны ном зохиолын орчуулгаас бид түүнийг харж, мэдэж авдаг. Харин Радзинскийн “Сталины” зохиомж яг л Сталины амьдрал шиг хэтэрхий тодорхой, тэр хэрээрээ оньсоголог. Бүлэг бүрээс гарах нийлэг дүгнэлт нь заримдаа гарчгаа улам тодруулна. Заримдаа улам бүрхэг бүдэг болгож, бэлэн дүгнэлтэд дассан уншигчийн оюун сэтгэлээр даажигнана.Яг л эрин зууны суут дамшиглаач Сталин чиний оюун ухаанаар тохуурхах мэт. Сосо хэмээх багын нэртэй Сталин болоочийн жинхэнэ овог Жугашвили. Сосо Жугашвилийн төрсөн газарт нэгэн том бөөрөнхий хад байдаг ба тэрийг нэгэн муу зүгийн савдаг өнхрүүлэн наадаж асан домогтой. Сталин болооч бээр энэ хорвоогийн бөмбөрцгийг хүн ардтай нь өнхрүүлэн наадах хувьтай байсан гэж Э.Радзинский өгүүлжээ. Энэ ном ч гэсэн уншигчийн сэтгэлийг тэрхүү чулуугаар наадагч Ландрам мэт, сая сая хүний эцэг эхийг алаад өөрөө “эцэг Сталин” болгосон тэр хүн мэт нэн даажинтайгаар эргэлзүүлэн хөдөлгөх бөлгөө.

Бидний мэдэх Сталин ердөө л хоёр өнгөтэй. Нэг талаас түүний амьд ахуй үед цогцолсон, ямар ч сүүдэргүй, зөвхөн аврал, энэрэл хайр нигүүслээр дүүрсэн Бурхансталин. Нөгөө талаас түүнийг үхсэний дараагаар хагас албан бус байдлаар түгсэн сөрөг ойлголт, ялангуяа коммунизм унасны маргаашаас эхтэй үзэн ядалтаар амьсгалсан алуурч, яргачны гаанстай дүр. (Тэр гаансаараа ч хүн алж байсан байж магад).

Харин Радзинский огт өөр Сталиныг бидэнд харуулж байна. Сталин аврагч гэдэг талаас нь ч биш, ерөөсөө цусны амтанд орсон махчин гэдэг талаасаа ч биш.

Сталин бол хүн төрөлхтний, ялангуяа Оросын ард түмний лай ланчгийн илэрхийлэл ажгуу. Бүхнийг чадагч БУРХАН бээр хүн төрөлхтний хамгийн их лай ланчиг, үйлийн үртэй хэсгийг зуун зууны туршид бөмбөрцгийн нэг бөөрөнд ялгаж байгаад цаг нь ирмэгч гэсгээлийн илдээ Сосо хэмээх чагаа тэнгэрт атгуулан Сталины дүрээр илгээжээ ч гэмээр.Анхны цусыг тэр урсгаагүй, бас цусанд хэрхэн шунахыг заах гэж ирээгүй аж. Тэрээр цус урсгагчдыг хүсэн мөрөөсч байсан, цус урсгагчдаас өөр хэний ч үгийг дуулах тэнхэлгүй болтлоо толгой нь эргэсэн тэр хүмүүсийн үйлийн үр билээ. Тэр цус урсгагчдаар багшлуулж, цус урсгагчдыг тэжээх гэж амь насаараа дэнчин тавьж, цөлөгдөж явсан намтартай. Орос хүний цус, нулимсыг мөрөөсөн хилийн чанадад тарвалзаж явсан хувьсгалын удирдагч нар нь Сталин болооч Кобагийн террор хийж, банк тонож олсон мөнгөөр наргицгааж байлаа.

Та бүхэн Андрей Кравчукийн “Адмирал” гэдэг киног санаж байгаа байх.Адмирал Колчакийн тухай гардаг. Билиг төгөлдөр энэ жанжин бол Оросын ард түмэнд барьсан бурханы бэлэг. Хиртэй гараар баримгүй, бурханы энэ бэлгийг хир ханхалсан хэдэн улаантан хэрхэн буудаж алаад Ангар мөрний мөсөн доогуур хаяж байгаа хэсгийг киночид сэтгэлд хадмаар харуулсан байдаг нь үнэхээр болсон явдал.

Харанхуй хүнд өдрүүдэд Орос орон сэхээтнийхээ үгэнд ороогүй, орох ч тавилангүй байлаа. Сая сая харанхуйчуул тэднийг өөрөөс нь илүү ухаантай байсны төлөө өсөрхсөн юм. Ингэснээрээ тэд бурханд давхар өсөрхжээ.Бурхан суу билиг, авьяасын охийг зөвхөн сонгосон хайртай хөвүүддээ л бэлэглэдэг юм. Бурхан тэгэхээр яах гэж орос оронд ямар их сэхээтэн бэлэглээ вэ? ХХ зууны дэлхийн сэхээтний түүхээс орос хүмүүсийн нэрийг хасаад унших гээд үзээрэй.

Уул нь орос хэлний “хаанаа хөнөөгч”(Цареубийца) гэдэг үгээр төрсөн эхээ хөнөөснөөс дутахгүй нүгэлтэнг хэлдэг гэсээн. Гэтэл тэд хаанаа хөнөөгчийн дүү Ленинийг даган, хаанаа хөнөөлцсөн төдийгүй. Деникин, Врангель, Колчакийн мянга мянган дайчид “хаанаа хөнөөгчидтэй” нийлэхээр урван ирж, улаантныг зузаатгаж байлаа.Угтан айсуй гашуун тавилан бол ард түмний өөрийн сонголт байж. Ажилгүй залхуу, анхилгүй сая сая амьтас нийлж байгаад өөрсдөөс нь хамаагүй ажилсаг учраас сайхан амьдарч байгаа эзэд, чинээлэг тариачдаа зааж өгөн бариулж, өөрснөө нийлэн улаан засгийн өмнөөс яллаж байлаа. Үүнийг нударгантай тэмцэх гэж нэрлэдэг. Хожим тэднийг чекистүүдийн бууны амыг долоонгоо гуйх залбирлыг нь бурхан хичнээн тохуутай харж байсан бол. Яг л гаансаа шившин инээвхийлэх Сталин нүдэнд буунам. Тиймээ, Сталин бурханы илгээлт байж.

Сталины аллага ч ёсорхог, оньсоголог, утгалаг. Тэрээр алахаар шийдсэн “алуурчнаа” эхлээд дэвшүүлнэ, магтана.Тэгээд бусдын цустай хутгана.Дараа нь гэртээ урина, эрүүл мэндийнх нь төлөө хундага өргөнө. Бөөн баяр хөөр харихад нь дотоодыг хамгаалахынхан хүлээж сууна. Одон гардуулж үнсэхдээ чихэнд нь “ална даа” гэж шивэгнэнэ. “Нөхөр Кольцов танд гар буу байдаг юм биш биз? Арай өөрийгөө буудчихгүй биз дээ” хэмээн тохуурхана. Мөн ч олон хүнд “амиа хорлох боломж” олгосон доо

Сталины гараар хөнөөгд­сөн Бухарин, Киров, Зиновьев, Трокцийн шарилд ойртох аваас өөрийнх нь цуснаас гадна тэдний гарт шууд болон дам үрэгдсэн сая сая хүний цус ханх тавих ажгуу. Сталин алуурчдыг ттөрүүлсэн эхийг, халамжлан хүмүүжлэгчдийг, алуурчдыг, алуурчдын алуурчдыг хөнөөгөөд харьжээ. Үнэн хэрэгтээ Ленин багш нь “Тавь хүрсэн хувьсгалчийг талийгаач болгох нь зохистой”-г зөвлөж, шүтээн-ах Ткачёв нь болохоор “хувьсгалаар хэдийг алах вэ гэдгээс илүү хэдийг алахгүй үлдээх вэ гэдэг нь” чухал болохыг дүүдээ захижээ. Ингээд харахаар бүх юм жамаараа болсон ч юм шиг.

Төвдийн буддизмын гэгээдийн нэгнийх нь лүндэнд “Хортныг дарагч бурхад номхон дүрээр үл заларна” хэмээжээ.

Бидний төсөөлдөгчлөн инээд алдсан Лха тэнгэр морилж ирээд, ганц болдоггүй амьтныг зүйл дуусгах мөртлөө үлдэгсдийн толгойг илж “аав, ээжийнхээ үгэнд сайн орж, хичээл номоо давтаарай” гэчихээд явчихдаггүй аж.

Бурхан тэнгэрийн уур хилэнг төлөөлсөн илдэч бээр ландрамыг өөрийг нь төдийгүй, ландрамийг төрүүлэгчдийг, өсгөж бойжуулагчийг, анхны цусаа амсаж байхад хөхин баясагчдыг, хайртай бүхнийг нь хөнөөж байхад эсэргүүцэх боломжтой чадалтай байсан хэрнээ үл хөдлөн өөгшүүлэгчдийг, нүгэлт ландрамыг мөрөөдөн бурханы ариун бэлгийг хөнөөгчдийг хамтад гэсгээхээр газар дэлхийд буудаг ажгуу. Үүргээ дутуу гүйцээсэн нь үгүй хэмээмой. Дүгнэлт нь ард түмнийхээ удирдагчийнхаа төлөө хариуцлага хүлээдэг.

Сталин, коммунизм, аллага хядлага, социалист систем бүгд нийлээд, нийлээд ганцхан жоохоон юмыг л бидэнд сургах ажээ. Ямар ч аугаа үйл хэрэг, аугаа сайхан санаа, аугаа ирээдүй байлаа гээд хувь хүний эрх ашгаас ганц санжметрээр болов илүү гарах учиргүй, ёсгүй. Хэрвээ “ийм аугаа их үйл хэргийн төлөө ганц тэр хохирч болох бололгүй дээ” л гэж бодож байгаа бол дараагийнх нь золиос чи өөрөө шүү. Сталины бүх золиос ба золигчид “зөвлөлт гэдэг, социализм гэдэг аугаа их үйлсийн дэргэд энэ муугийн ба миний амь юу ч биш юм даа” гэсэн ганцхан л бодолтой байсан юм. Тэд “Сталин тандаа үнэнч шүү” “хайртай шүү,ЧИ шүү” гэсээр амиа тавьж байж дээ.

Ганцхан өгүүлбэрт багтаах жоохоон үнэнийг тавин сая хүний амиар хэлж өгдөг Бурхан, Сталин хоёр яасан ч их даажинтай юм бэ?

Радзинский ингэж хэлэхгүй байгаа ч ингэж ойлгуулж байна. Христ мэндлэхээс даруй мянга таван зуун жилийн тэртээд гэгээрсэн Будда “Өөрийн хийсэн үйлийн үрийг алгасах юм шиг найдах хэрэггүй, өрөөл бусдын үйлийн үрийг амсах юм шиг сандрах хэрэггүй” хэмээн сануулсан билээ л.

Хүн төрөлхний хамгийн аугаа, нандин тунхаг бол ердөө л “хүн бүр өөрийнхөө үхлээр үхдэг байх” л шүү дээ.

2009.11.20

Categories
мэдээ соёл-урлаг

“Монгол уран бичлэг” номын нээлт болно

“Монгол уран бичлэг” номын нээлт өнөөдөр Монголын үндэсний музейд болно. “Монгол уран бичлэг” буюу “Mongolian Calligraphy” ном нь “Монгол бичиг үгсийн түүхэн дэх уран бичээс”, “Монголын орчин үеийн уран бичлэг” гэсэн хоёр бөлгөөс бүрдсэн байна. Мөн эртний түүх соёлын дурсгалууд болон бичиг номын дотроос монгол уран бичлэг буюу каллиграфийн үүсэл гарлыг эрэн тодруулах оролдлого хийжээ.

Монгол уран бичлэгийн үүсэл хөгжил, ололтыг тольдон үзэж болох “Монгол уран бичлэг” хэмээх энэ номыг Соёл, спорт аялал жуулчлалын яамны Соёл урлаг хөгжүүлэх сангийн тэтгэлэгээр Соёл яруу найргийн академиас эрхлэн, яруу найрагч Г.Мэнд-Ооёо өмнөтгөл үг бичиж, монгол англи тайлбартайгаар хэвлүүлжээ.

Categories
мэдээ нийгэм

16 настай залуу интернэтээр бусдыг хүчирхийлж, дарамталжээ

Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Цахим гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс фээсбүүктэй холбоото гарсан 59 гэмт хэргийг шалгаж байна.
Тухайлбал, охид, бүсгүйчүүдтэй фэйсбүүк хуудсаар танилцан харилцаж, улмаар тэдний итгэлийг олж аван, хувийн мэдээлэл, 1075 зургийг хууль бусаар цуглуулж нийтэд дэлгэнэ гэж бэлгийн болон санхүүгийн дарамт үзүүлдэг 16 настай иргэнийг цагдаагийн байгууллагад шалгагдаж байна. Түүнд Эрүүгийн хуулийн 123 /садар самууныг сурталчилах/, 149 /бусдын эд хөрөнгийг авахаар далайлган сүрдүүлэх/ дүгээр зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа юм.

Манай улсын 7000 гаруй фээсбүүк хэрэглэгчийн олонх нь өсвөр насны хүүхдүүд, залуучууд байдаг тухай судалгаа бий. Өсвөр насны охидыг модель болгоно, клипэнд тоглуулна гэж хууран хувийн мэдээллийг авч, бэлгийн дарамтад оруулсан хэрэг ч бүртгэгджээ. Гэмт хэргийн хохирогчдын дунд охид, эмэгтэйчүүдээс гадна хөвгүүд хүртэл байгаа аж. Фэйсбүүк ашиглан гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийн хоёр нь Монгол Улсын иргэн байгаа бол бусад нь гадаад улсын иргэн байгаа гэнэ. Иймд фэйсбүүкийн хэрэглэгчид үл таних этгээд, ялангуяа гадаад иргэний найзын хүсэлтийг хүлээн авч, танилцан хувийн мэдээллээ солилцохгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулсан.