Categories
мэдээ нийгэм

Г.Алтанхүүг шүүх хурал болж байна

Хамтран амьдрагч бүсгүйгээ зодож, амь насыг нь хохироосон гэх хэрэгт сэжиглэгдэж буй Г.Алтанхүүд холбогдох хэргийн анхан шатны шүүх хурал дүүргийн эрүүгийн хэргийн нэгдүгээр шүүхэд өнөөдөр эхэлээ.

Өмнө нь уг хэргийн шүүх хурал болсон ч нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан байдаг. Нийслэлийн прокурорын газраас Г.Алтанхүү нь талийгаач Н.Цэдэн-Ишийг зодож, олон тооны шарх сорви үлдээж, амь насыг нь бүрэлгэсэн болох нь тогтоогдсон талаар мэдээлээд байгаа.

Түүнчлэн уг хэрэгт холбогдуулан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн нэр бүхий эмч нарт эрүүгийн хэрэг үүсгэсэн. Тодруулбал, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хэлтсийн дарга асан Г.Дагиймаа, Б.Ундармаа, Ч.Эрдэнэболор, Д.Долгормаа, Ц.Бадамсэд, З.Хишгээ, Ж.Ганцэнгэл, Ч.Эрдэнэболор, Е.Жандос, Г.Энхбаатар, М.Отгонбаатар, М.Золжаргал тэргүүтэй эмч нарыг холбогдуулан шалгаж байгаа билээ. Шүүх хурлын талаар эргэн мэдээлэх болно.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Нэг есийн хүйтэнд нэрмэл архи хөлдөнө

Идэр есийн хүйтэн өнөөдрөөс эхэлж байна. Есөн есийг давчихвал урин цагтай золгоно. Аргын тооллын арванхоёрдугаар сарын 22-ны өдрөөс эхний ес нь тоологддог билээ. Нэг есөд нэрмэл архи хөлдөнө гэж монголчууд эртнээс хүйтний эрчийг харьцуулсара ирсэн уламжлалтай. Өнөө жилийн өвөл өнтэй сайхан байгаа болохоор өнөөдөр ес эхэлсэн гэхэд тэнгэр хангай харьцангуй тогтуун байна.

Гэхдээ ойрын өдрүүдэд зарим нутгаар өдөртөө -20-25 хэм, шөнөдөө 30-35 хэм хүрч хүйтрэх төлөвтэй байгаа ажээ. Өнөөдрөөс Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Баянхонгор, Дорноговь, Сүхбаатар аймгийн нутгаар цас орж, явган шуурга шуурах юм байна.

Түүнчлэн Увс, Завхан, Говь-Алтай аймгийн ихэнх нутгаар цас их унаж, цасны зузаан 20-30 см хүрсэн байна. Бэлчээрийн даацаас хамаарч нийт нутгийн 30 орчим хувьд буюу Сүхбаатар, Хэнтий, Архангай, Говьсүмбэр аймгуудын ихэнх сум, Хөвсгөл, Увс аймгийн хойд хэсгийн сумдаар өвөлжилт хүндрэх төлөвтэй байгаа аж.

Нийслэл хотын хувьд бямба, ням гариг хүртэл цас орохгүй. Цаг агаар харьцангуй тогтвортой байх нь ээ.

Categories
мэдээ цаг-үе

Зураг төсөл, газар эзэмших гэрчилгээн дээрээ хороо, байрны дугаарыг хүртэл худал бичжээ

Нийслэлд холбогдох хууль дүрэм зөрчин, орон сууцны цонх, орцны үүд, явган хүний зам зэргийг таглан өндөр барилга, байгууламж олноороо баригдах болсон. Үүнээс үүдэн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх нь зөрчигдөх болсон. Эдгээр эрх нь зөрчигдсөн иргэдийн дуу хоолойг олон түмэн, төр засгийнханд хүргэх үүднээсӨдрийн сонин“-ы хамт олонЦонхоо нээцгээехөдөлгөөн өрнүүлж эхэлсэн. Энэ удаад Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны иргэдийн эрх хэрхэн зөрчигдөж буйг сурвалжиллаа.

Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны 16 дугаар байр, “Гарма гаржүд үржин пэрэнлайлин” хийд болон 22 дугаар байрны дундах 0.3 га газрыг “Би Жи Би Жи” компани ил зогсоол, гараа­шийн зориулалтаар түрээсэл­дэг аж. Ил зогсоолын өмнөхөн байрлах “Баялаг” худалдааны төв нь “Би Жи Би Жи” компанийн мэдэлд байдаг гэнэ. Тус компани энэ оны хоёрдугаар сарын 24-нд таван жилийн хугацаатайгаар газар эзэмших эрхээ сунгажээ. Гэрээн дээр нь 0.3 га газрыг гарааш, үйлчилгээний зориу­лалтаар ашиглана гэж тусгасан байдаг аж. Гэтэл өнгөрсөн есдүгээр сарын эхээр энэхүү газарт барилга барихаар газар шорооны ажлаа эхлүүлжээ. Орон сууцны дунд барилга байгууламж барихаар бол ойр хавийн оршин суугчдаас нь зөвшөөрөл авах ёстой гэсэн журмыг НИТХ-аас баталсан. Гэтэл тус 0.3 га талбайгаас 10 хүрэхгүй метрийн зайтай орших хоёр ч нийтийн орон сууцны оршин суугчдаас зөв­шөөрөл авах нь бүү хэл тэдэнд албан ёсоор мэдэгдээ ч үгүй аж. 16 дугаар байрны зүүн талын автозогсоолын талбайг наагуур нь шуудайтай шороогоор хааж, “Нурах аюултай” гэсэн бичиг хаджээ. Гурван машин зөрөх дайны өргөнтэй хатуу хучилттай автозам зүүн захаасаа доош суусан учраас дундуураа хагарчээ. Учир нь газар ухаж эхлэхээс өмнө зогсоолын цаахна бетон далан байжээ. Нийслэлийн өмч болох энэхүү даланг дур мэдэн нураасны улмаас ийн суулт өгчээ. Өмнө нь 16 дугаар байрныхан энэ талбайд машинаа тавьдаг байсан бол өдгөө ямар ч боломжгүй болжээ. Нуралтыг нь зогсоох үүднээс шуудайтай шороогоор тэхий дунд нь ортол өндөрлөн манажээ.

Тус газрын эзэмших эрхийн гэрчилгээг авахаасаа л бичиг баримтын зөрчилтэй явж иржээ. Таван жилийн хугацаатай эзэмших гэрчил­гээгээ 2014 оны хоёрдугаар сарын 24-нд авахдаа Баянгол дүүргийн 15 дугаар хороонд гэж бичүүлжээ. Угтаа бол тэр газар нь Баянгол дүүргийн 14 дүгээр хороо юм байна. Дээр нь өнгөрөгч тавдугаар сард Нийслэлийн Ерөнхий төлөвгөөний газрын Барилга хот байгуулалтын хэлтсээр зураг төслөө батлуулахдаа баруун хойхно талд нь хамгийн ойр орших 16 дугаар байрыг бус цаад талынх нь 15 дугаар байрыг тусгажээ. Мөн зүүн талд нь 22 дугаар байр хамгийн ойр оршдог атал зураг төсөл дээрээ 21 дугаар байрыг тэмдэглэжээ. Өөрөөр хэлбэл тайлбар дээрээ 22 дугаар байр гэж бичсэн мөртлөө зураг дээрээ зүүн хойд талынх нь 21 дүгээр байрыг тодотгон тэмдэглэсэн байна. Энэ талаар 14 дүгээр хорооны 16 дугаар байрны иргэн М.Отгон “Ингэж л анх зөвшөөрөл авахаасаа л залилан хийж эхэлсэн. Угтаа бол барилгын ажил явагдахад зураг төсөл дээр нь тусгагдсан 15, 21 дугаар байр бус түүнээс ойр орших 16, 22 дугаар байрны оршин суугчдын тав тух алдагдана. Тэр утгаараа 16, 22 дугаар байрны оршин суугчдад албан ёсоор хэлж, тайлбарлах ёстой. Тэгтэл эдгээр байр эскиз зураг дээр нь тэмдэглэгдээгүй. Биднийг зөвшөөрлийн бичиг сэлтийг нь үзье, гэхээр “Өө энэ газар нутаг танай 14 дүгээр хороонд ямар ч хамааралгүй. Газрын гэрчилгээн дээрээ 15 дугаар хороо гэж байгаа биз дээ” гэж дунд нь замхруулж, хугацаа хожсоор байна. Бас “Гарма гаржүд үржин пэрэнлайлин” хийдийг IV хорооллын Л.Энэбишийн өргөн чөлөө гэж хүртэл тэмдэглэсэн. Ингэж явсаар нэг л мэдэхэд барилгаа ашиглалтанд хүлээлгэж өгөх хугацаа нь тулчихна биз. “Би Жи Би Жи” компани газар эзэмших эрхээ гарааш үйлчилгээний зориулалтаар гэж хоёрдугаар сард авсан мөртлөө зургадугаар сард зураг төслийн магадлалын ерөнхий дүгнэлт дээрээ худал­даа, үйлчилгээ, орон сууцны 18 давхар барилга болгож өөрчлөөд батлуулчихсан. Тэгтэл 16-аас дээш давхар болохоороо нийслэлд огт хамааралгүй, харьяа яаманд хамааралтай болоод явчихсан” гэсэн юм.

Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны иргэн Ю.Болдбаатар “Үүссэн нөхцөл байдлаахорооноосоо сонгогд­сон НИТХ-ын гишүүн, хороо­ны удирдлагуудад танилцуулахад “Естой анхааралдаа авлаа. Энэ асуудлыг тань шийдэж өгнө” гэчихээд таг болчихно. Орон сууцны ойр орчимд барилга барихаар бол иргэдээс нь зөвшөөрөл авах санал санаачилга гаргаснаар нь Засаг даргатай уулзах хүсэлт тавьсаар хоёр сарын нүүр үзэж байна. “Дарга таньтай удахгүй уулзана” гээд наагуурх хүмүүс нь аргалаад байдаг. Аргаа бараад дүүргийн газрын албан дээр очихоор “Дээрээс өгчихсөн бол бидэнд хамаагүй” гэдэг. Баянгол дүүрэгт бол “70 давхар”-ыг л иргэдэд өгөх гээгүй юм бол өөр хуваарилах газар байхгүй шүү дээ” гэв.

М.УУГАН-ЭРДЭНЭ

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
нүүр-хуудасны-онцлох туслах-ангилал

ПОПУЛИЗМЫН ХОРИГ

УИХ-ын гишүүн, Эдийн засагч С.Одонтуяа

Крымийг нэгтгэснийх нь төлөө ОХУ-ын эдийн засагт АНУ, Европын Холбоо хориг тавьж, гаднаас ирэх хөрөнгө оруулалтын бүх сувгуудыг нь хаасан. Үр дүнд нь мөнгөгүй болсон хойт хөршийн банк төрийн санхүүжилтээр торгоож, гадны хөрөнгө оруулагчид үргэж, үндэсний компаниудынх нь хувьцаанууд бирж дээр унаж, бизнесүүд хаалгаа барьж, Оросын эдийн засаг доголдож, рублийн ханш өглөө бүр унаж, дэлгүүрийн лангуу иргэдийнх нь халаас адилхан дундарч эхлэв.Гадаадын хориг хүчтэй гэдгийг бүгд харж жишээ авцгаалаа.

БИД ӨӨРӨӨ ӨӨРСДӨДӨӨ ХОРИГ ТАВЬЧИХАЖ

Дээрхтэй адилхан зах зээлийн үзэгдэл манай улсад ч тохиолджээ. Мөнгөгүй болж төсөв улайсан тул улс цалин тэтгэвэрээ арайхийн тавьж, гадны хөрөнгө оруулагчид үргэж, үндэсний компаниудынх нь хувьцаанууд бирж дээр навс унаж, бизнесүүд хаалгаа барьж, эдийн засаг доголдож, төгрөгийн ханш өглөө бүр унаж, дэлгүүрийн лангуу иргэдийнх нь халаас адилхан дундарч эхлэв. Орост тавьсан хоригийн үр дүнтэй ижилхэн сонсогдож байна. Хэн нэгэн манай эдийн засагт хориг тавьжээ. Буруутныг ойроос хайсан нь зөв байх. Бид өөрөө өөрсдөдөө хориг тавьчихаж. Дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдыг хөөсөн популист улстөрчид манайд гаднаас ирэх хөрөнгө оруулалтын бүх сувгийг хаачихжээ. Популистуудын хэн нь юу хэлснийг сүүлийн жилүүдэд цээжилтлээ сонссон. Өнөөдөр ч зурагт асаахад тэд ярьдгаа ярьсаар шударга царайлаад оройн мэдээгээр гарч байгаа.

Эдийн засаг шударга, хямралын мөчлөг баян ядуу бүгдэд тохиолдддог. Тоо худлаа хэлдэггүй. Зөв тайлж унших хэрэгтэй. Оросууд юуны төлөө төлж, тарчиг амьдарч, эрсдэл үүрч байгаагаа бүгд мэднэ. Крымийн төлөө. Бид юуны төлөө төлж, тарчиг амьдарч, эрсдэл үүрч ирснээ бүгд мэднэ. Аман улстөрчдийн төлөө.

ГАРЦ

Дотоодын хоригоо цуцалъя. Тэгэхээр сэтгэл хөдлөлөө дагаж үймэлгүй, шийдвэр гаргахаасаа өмнө тоо бодож, гаргах шийдвэрээ хооронд нь харьцуулж өрсөлдүүлж, хөрөнгө оруулагчдыг хөрөнгө оруулах хөшүүрэгтэй болгох, иргэдээ хувийн өмчтэй болгох, худалдаа хийх, санхүүжилт хийх сонирхолтой болгох шийдвэр гаргаж, хамгийн гол нь зах зээлээс төр “савраа татах” бодлого зөв биз. Путин ч бизнесийнхэнд өршөөл үзүүлэхээ зарлачихлаа.

Ямарч популизм хэрэггүй. Гадныхан л гэхээр чөтгөр биш , бас бурхан ч биш гагцхүү тэдэнтэй тэднээс илүү ухаалгаар хэлэлцээр хийх нь өнөөдрийн бөмбөрцөг дээрх шалгуур, өрсөлдөх чадварын хэм хэмжүүр юм.

Гадаадынхнаас буцалтгүй тусламжийг нь инээж байгаад авчихаад, дотоодынхнаас татварыг ньгуядаж байгаад авчихдаг хэрнээ хөрөнгөө оруулж, хөдөлмөр шингээж,баялаг бүтээх гэсэнхөрөнгө оруулагчдаа адлаад байдаг энэ сэтгэхгүйгээсээ салцгаая. Сэтгэхүйн хувьсгал хийхгүйгээр эдийн засгийн хувьсгал амжилтанд хүрэхгүй.

Categories
мэдээ цаг-үе

Ягаан Гажидаар овоглосон гавьяатынх

Монголын их урлагийн гал тогоонд тоглосон дүрийнхээ нэрээр мөнхөрч, үзэгч олондоо танил болсон хүн бол яах аргагүй Ягаан Гажид буюу Монгол Улсын гавьяат жүжигчин Цэндийн Цэнд-Аюуш юм. Ширмэн тогоо хагармаар тачигнатал инээдэг тэрхүү говийн эгэл бүсгүйн дүр “Нийслэл хүү” киног олонд хүргэхэд их нөлөөлсөн гэдэг. Хотын цэмцгэр залуу хөдөө очоод хэрхэн хөгөө чирч байгаа хөгжилтэй киноны зохиолч нь Жагван гэж хүн байв. Л.Ванган гуай зохиолчид хандан нэгэн дүр нэмэх зөвшөөрөл авсан нь Ягаан Гажидыг оруулж ирж л дээ. Энэ дүр зөвхөн Ц.Цэнд-Аюуш гэдэг хүнд зориулж төрснийг урлагийн ахмад үеийнхэн ярих юм билээ. Ёстой жүжигчнийхээ характер, авьяас билгийг нь нарийн мэдэрч, судалж чадсан хүн л ингэж тусад нь дүр бий болгож онооно гэж бодогдохоор. Ер нь түүнд тухайлан бичигдсэн дүр үүгээр зогсохгүй гэлцэнэ.

Олон сайхан уран бүтээлээрээ ард түмний хайр хүндэтгэлийг хүртсэн гавьяат жүжигчнийд өнжлөө. Гэр нь “Гэсэр” сүмийн зүүн талд байрладаг.

Ягаан Гажид гуайнх аль вэ гэж байрны гадна явж байсан захын хүнээс асуухад түвэггүйхэн хэлээд өгөв. Үүдэнд нь очоод хонхыг нь дартал гавьяат маань хаалгаа нээлээ. Цэнхэр дээл өмссөн Ягаан Гажид эгч нүүр дүүрэн инээмсэглэсээр биднийг угтсан юм. Гэртээ ганцаараа байгаа бололтой нам жим байхаар нь лавлатал “Манай зээ өрөөндөө байгаа. Оюутан хүү л дээ. Сонин, хэвлэлийнхэн ирсэн болохоор өрөөнөөсөө цухуйхгүй байх. Лут том эр бий” гэв. Ц.Цэнд-Аюуш гуайойрын үед шинэ жилийн урилгад дарагдаад байгаа аж.

“Өдөр болгон л ямар нэг арга хэмжээнд очиж байна даа. Өнөө орой ч бас явна” гэж дараагийнхаа ажлын төлөвлөгөөг бидэнд дуулгав. Гавьяат маань одоо охин болон зээ нартайгаа амьдардаг гэсэн. “Хүүхдүүд маань тус тусын ажилтай болохоор манайд үзэгдэх нь ховор доо. Баяр ёслолоор л цугларцгаах юм байна шүү дээ, хүү минь” гэлээ.

17 НАСТАЙ ЖААХАН ОХИН УРЛАГИЙН ЕРТӨНЦТЭЙ ХОЛБОГДСОН ТҮҮХ

Ц.Цэнд-Аюуш гуай багшаараа маш их бахархана. Байн байн л түүнийг дурсаж, “Миний энэ дайны явж байгаа нь Лхамжавын Ванган гэдэг хүний ач гавьяа” гэх аж. Тэрбээр ёстой л Л.Ванган гуайн бүтээгдэхүүн. Анх театрт орж, урлагийн алтан өргөөний босгыг алхсан цагаас багш нь бурхан болтлоо түүнийг гараасаа хөтөлж явсан гэх юм билээ.

Долдугаар ангийн жаахан охин байхдаа Хүүхэлдэйн театрт жүжигчнээр орж байжээ. “Хүний хувь тавилан гэж сонин юм шүү. Театрын өмнүүр гүйж явтал үүдэнд нь “Жүжигчин шалгаруулж авна” гэсэн зарлал наасан байхыг олж хараад шууд л орохоор шийдэж билээ. Дуулж, бүжиглэж, шүлэг уншлаа. Тухайн үед ямар шүлэг уншсанаа ч би одоо санадаггүй юм. Улаан галзуу амьтан явсан шиг байгаа юм. Багшийн анхааралд өртсөнийг бодоход их л сэргэлэн, бууж өгөхөөргүй хүүхэд байсан бололтой” гээд Ц.Цэнд-Аюуш гуай инээв. Тэрбээр 1954 оны дөрөвдүгээр сарын 22-д Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар Ц.Гантөмөртэй хамт нэг өдөр Хүүхэлдэйн театрын дансанд бүртгэгджээ. Сар гаруйн хугацааны дараа хөдөөгүүр бригад явах болов. Сурагчийн ширээнээс шууд урлагт хөл тавьсан жаахан охины хувьд 90 хоногийн турш хөдөө тоглолтоор явна гэдэг том боломж. Тэр үед олон жүжигчин нялх хүүхэдтэй гээд урт хугацаанд хөдөө явахаас чөлөөлөгдсөн байна. Харин тэдний тоглох ёстой дүрүүд өнөөх 17 настай Ц.Цэнд-Аюуш охинд оногджээ. Тэрбээр хөгшин авгайгаас авахуулаад бүжин, зээр гээд тус бүр таван жүжигт дүр бүтээсэн байна. Гурван сарын дараа шинэхэн жүжигчин маань бараг партизан болоод, их сургуулийг нь төгссөн дайны болоод иржээ. Төд удалгүй Оросын “Нэрсийг нь дурсаад яахав” орчуулгын жүжигт 70 гаруй насны Хөдөлмөрийн баатар авгайн дүрд тоглосон байна. Ардын жүжигчин Цэндээхүү гуайн эгч нь болж тайзан дээр гарсан гэдэг. Хорь ч хүрээгүй охин өндөр настны дүрийг чадварлагаар бүтээсэнд тухайн үеийн сонин хэвлэлээр ёстой нэг шуугиж л дээ. Эндээс л түүний сайн жүжигчин болох суурь нь тавигдсан ажээ.

ОЧИЖ, ОЧИЖ ЯГААН, БАС ГАЖИД ШҮҮ”

Ц.Цэнд-Аюуш гуай тайзны уран бүтээлээс гадна олон сайхан киноны дүрээрээ ард түмний сэтгэлд хоногшсон. “Нийслэл хүү” киноны зохиол Уран сайхны зөвлөлөөр батлагдсан тэр даруйд хүмүүс түүнийг Ягаан Гажидаа гээд дуудацгааж л дээ. Тэгэхэд нь эгч ихэд гайхаж “Зүгээр байж байгаад яагаад намайг ингэж нэрлэв. Ямар ч муухай нэр юм дээ. Очиж, очиж яагаан, бас гажид нь ч юув дээ. Өөр нэр олдоогүй л юм байх даа” гээд бухимджээ. Зохиолд түүний дүрийг нэмсэн багшдаа “Та яагаад ийм муухай нэр өгөв” гэж гомдоллоход “Хөөрхөн ш дээ, зүгээр ш дээ” гээд инээд алдан зугтаж байсан аж. Ер нь бол тэр зохиолд Ягаан Гажид гэдэг хүнийг нэмээд “Нийслэл хүү” кино төрсөн гэдэг юм билээ.Жүжигчинд зориулж дүр бичнэ гэдэг юм тийм ч амар ажил биш. Тэр болгон нэг хүнд зориулаад дүр бичнэ ч гэж байхгүй. “Багш маань намайг чадна гэж итгэсэн болохоор хэн гэдгээ харуулахаар хичээж тоглосон юм. Киноны хар зургийг үзэхэд миний зүрх хагарах шахсан. Багш маань үзчихээд ийм юм хийлээ гээд загнах байхдаа гэж ихэд айж, хамгийнард хулганан сууж байлаа. Харин багш маань гарахдаа “Молодец Цэнд-Аюуш” гэж билээ. Тэгэхэд хачин их баярласан сан. Өнөөдрийг хүртэл би Ягаан Гажидаа гэж дуудуулсаар ирсэн. Жинхэнэ нэрийг минь мэдэх хүн ховор. Энэ нэрээр би өдий болтол хоолоо олж идэж, та бүхний дунд нэр төрөө олж, байр суурь эзэлж явж байна даа. Багш маань миний насны хоолыг бэлдэж өгч дээ гэж бодож явдаг” хэмээн гавьяат ярилаа. Тэрбээр одоо болтол Ягаан Гажид гэдэг нэртэй хүнтэй таараагүй гэсэн. Тэгэхээр Л.Ванган гуай яах аргагүй брэнд нэр оноосон байгаа биз. Анхандаа ичингүйрч, уурлаж байсан энэ нэрэндээ Ц.Цэнд-Аюуш гуай одоо хайргүй байхын аргагүй гэсэн шүү.

“Өглөө” киноны Дамирангийн ааштай хадам ээжид тоглосон дүр мөн л түүнд зориулагдаж бичигдсэн гэх юм билээ. Зохиол нь батлагдахгүй, Бодоогийн дүр тодорхойбиш байна гээд л Улс төрийн товчооноос буцаагджээ. Энэ зохиол дээр Ванган гуай шөнөжин сууж ажиллаад нэг бүлэг нэмсэн нь Бодоогийн хадам ээжийн дүр багтсан аж. Ингээд л кино зохиол түвэггүйхэн батлагдаж, дэлгэцийн бүтээл болсон түүхтэй. Хорь гаруйхан настай залуу бүсгүйг хөгшин хүний дүрд хувиргана гэдэг чанга ажил. Дээрээс нь түүний хүргэнд тоглож байгаа Лхасүрэн арав гаруй насаар ах байгаад байдаг. Харин охинд нь тоглосон эмэгтэй есөн насаар дүү. Ингээд хөгшин залуу хоёрын дундаас настай хүн болж гарч ирнэ гэдэг амаргүй. За тэгээд тухайн үеийн кино судлаачид гэж айхавтар “өлөн” нүдтэй хүмүүс байж. Жаахан л өө харангуутаа шүүмжилж өгнө гээч. Энэ бүгдэд Ц.Цэнд-Аюуш бүсгүй ихэд санаа зовж, “Хүргэнээсээ ялгарсангүй гээд л олны аманд унах нь дээ” хэмээн эмээж байжээ. Харин жүжигчний чадвар, дээрээс нь нүүр хувиргагчид сайн ажилласан болохоор кино олны хүртээл болсон даруйдаа ам сайтай байв. Одоо ч энэ киног үзсэн хэн бүхэн түүнийг хүргэнээсээ залуужсан шүү гэдэггүй.

Мөн Ц.Цэнд-Аюуш гуай “Тамирын охин” киноны Норов гэдэг айхавтар авгайн дүрээр ард түмэнд буух нь бий. Чимэд-Осор гуай уг дүрийг түүнд зориулан бичсэн гэдэг. Энэ талаар гавьяатаас тодруулахад “Би ч энэ талаар хүнд тэр болгон ярьдаггүй. Өөрийгөө дөвийлгөсөн болно. Хамт олныхоо итгэлийг даана гэдэг том шагнал шүү” гэж хариуллаа.

Гавьяат маань орчуулгын болоод уран сайхны олон кинонд дуу оруулсан байдаг юм. Тухайлбал, Оросын “Ийм нэгэн явдал” киноны дарга Л.П.Калугина хэмээх эмэгтэйд дуу оруулжээ. Ээрч, сандруу ярьдаг түүний дууг хийсний дараа өөрийн эрхгүй тэгж ярьдаг болчихсон байж л дээ. Хийж байгаа ажилдаа сэтгэл гарган, дүрдээ орж ажиллана гэдэг энэ биз ээ. Тэрбээр саяхныг хүртэл кинонд дуу оруулж байгаад гэнэтхэн болихоор шийджээ. Учир нь орчин цагт дуу оруулагчид тухайн киноны баатрын дүрийг гаргахад анхаарахгүй, ёстой нэг халтуурны маягаар энэ урлагийг авч явж байгаа нь түүнийг гонсойлгосон бололтой. Хуучин цагт тухайн кинонд жүжигчин уйлах, инээх, амьсгаа авах гээд ямар ааш аяг гаргана дуу оруулагчид яг түүнийг нь дагана. Тиймээс дээхний кинонуудыг үзэхээр ёстой нэг кино үзсэн юм шиг болж, дүр нь санаанд тод бууж үлддэгсэн. Ахмад уран бүтээлчмаань арвин туршлагаасаа орчин цагийн кинонд дуу оруулж суухдаа хамт ажиллаж байсан залуу жүжигчинд зөвлөхөд үгийг нь тоогоогүй байна. Мань хүн тэндээс “Би дахиж орчуулгын кинонд дуу оруулахгүй” гэж хэлээд гарснаасаа хойш үзэл бодолдоо үнэнч хэвээр байгаа гэсэн.

Тэрбээр сүүлийн үед хэд хэдэн тайз, дэлгэцийн уран бүтээлд тоглосон. “Black box” театрын тавьсан хоёр гурван жүжигт ажиллажээ. Энэ онд гэхэд дөрөв, таван кинонд тоглосон байна. “Кино энгийн байх тусмаа хүнд хүрдэг урлаг. Давхар хүнийг хүмүүжүүлдэг. Тухайн киноны дүрээс хүн үлгэр авдаг байх ёстой” гэж түүнийг хэлэхэд одоо үед тийм бүтээл төрөхгүй байгаад оносон шүүмжлэл шиг санагдав. Гавьяат маань цааш нь ярихдаа “Бид ямар их бэрхшээл туулж ирсэн юм бэдээ. Төдөн кинонд дуу оруулж, тэдэн кинонд тоглох ёстой гээд л төлөвлөгөө ар араасаа ундарна. Кинонд тоглоход гурван удаа дубель хийлгэх эрхтэй. Дөрөв дэх удаагаа зураг авахуулбал хальсны мөнгө төлнө. Тэр үед хальс валютын ханшаар үнэлэгддэг байсан санагдана. Үгээ цээжилж ядаж байхад хальс нүдэнд эргэлдэж харагдаад л мөн ч хариуцлагатай ажилладаг байж дээ. Харин одоо улс хөгжиж, техник технологийн дэвшил сайхан юм. Харамсалтай нь тэрэндээ эрдээд жүжигчний дутуу гүтүү тоглох юм ажиглагдаж л байна. Кино үзчихээд гараад ирэхэд юу билээ гээд үйл явдал нь санаанд үлдээгүй ч байх шиг. Бидний үед бол тэр чигээрээ үзэгчид тухайн кинонд орчихно. Дараагаар нь жүжигчдийн хэлдэг үгийг дагаж, хэв маягийг нь дуурайна. Дүрд нь ороод л, тэрэн шиг, энэн шиг гээд л үгийг нь дагаад хэлдэг байсан юм. Алтан үеийн агуу хүмүүс маань үнэхээр мундаг, байгалиас заяасан авьяастай байжээ гэж бодогддог.

МИНИЙ ХАНЬ

ЖИНХЭНЭ МОНГОЛ ЭР ХҮН БАЙСАН ЮМ”

Ц.Цэнд-Аюуш гуай Дундговь аймгийн харьяат. Эхээс хоёулаа. Ганц эрэгтэй дүү нь ШУТИС-д багшилж байгаад тэтгэвэртээ суусан тухай бидэнтэй хуучлахдаа дурдаж байв. Түүнээс ханийнх нь тухай асуухгүй өнгөрч чадсангүй.Хүүхэлдэйн театраар овоглодог Ч.Авирмэд гэж хүн байв. “Мандухай цэцэн хатан”-ы Иштөмөр, “Хоньчин найдан”-гийн лам, “Цэргийн эцэг” киноны морь унаад салхилж давхидаг залуугийн дүрүүдээр нь хүмүүс андахгүй. Мөн “Зэрэг нэмэхийн өмнө” киноны ноёны дүрийг бүтээдэг Доржсүрэн гуайн орлон тоглогчоор уг кинонд ажилласан байдаг юм. Ер нь Ч.Авирмэд гуай тэр хоёр тун адилхан. Кино зураг авалтын үеэр авахуулсан зураг нь хэн нь хэн бэ гэдгийг ялгахааргүй юм билээ.

Ч.Авирмэд гуай дэлгэцийн бүтээл гэхээсээ тайзны бүтээлүүдэд олонтой ажиллаж Ц.Цэнд-Аюуш гуай ханийнхаа уран бүтээлийн дүрүүдээр маш их бахархаж байв. Тэрбээр “Уг нь Монгол Улсын гавьяат жүжигчин цолыг хүртэх л ёстой хүний нэг байсан даа. Гэвч Хүүхэлдэйн театр нь ч тарчихлаа. Өвгөн маань ч бие ньмуудаад дуусах шив дээ” гээд урт амьсгаа авлаа. Тэд нэг дор ажилладаг байсан болохоор эртнээс учир ургуулжээ. Гавьяат маань энэхүү дурсамжаа уудлахдаа “Бидний үед нэг л хүн бариад авбал насны ханиа гэдэг байсан. Тэрнээс сална гэсэн ойлголт байхгүй. Нөхөртэйгээ нэг тайзан дээр ажиллаж байгаад л дасаад гэр бүл болж, зургаан хүүхдийн эцэг, эх болсон доо. Миний хань Архангай аймгийн хүн байсан юм. Амьдралын эцсийн цэг хүртэл энэ хүнтэй амьдарна гэж боддог байлаа. Бид 40 гаруй жил хамт амьдарчээ. Өвгөн маань намайг эрт орхисон доо. Гэхдээ хэдэн хүүхдийнхээ буянаар болж байна” гэв.

Хоёул, хоёулаа урлагийн хүн. Гэртээ үзэгдэхгүй нь их. Хоёр, хоёрхон насны зайтай төрсөн эдний зургаан хүүхдийг өвөө, эмээ нар нь хүн болгожээ.”Тэр үед олон төрөхөөр гахай, тахиа шиг гээд л ад үзэгдэнэ. Дээрээс нь нярайлаад 45 хонов уу үгүй юу ажилддуудна. Гэртээ шөнө дөлөөр л бараагаа харуулна даа. Ижий минь сувилагч байсан юм.Намайг анхныхаа хүүхдийг төрүүлэнгүүд зээгээ харна гээд ажлаасаа гарсан. Ижий минь л хуурай хөхөө хөхүүлсээр байгаад бүгдийг нь өсгөсөн дөө. Нөхөр бригад гээд хөдөөгүүр явж зуны цагтаа гэрийн бараа харахгүй. Өвөлдөө л нэг үзэгдэнэ. Хадам аав Чойжил гэж хөгшин, миний ээж хоёр л хэдэн хүүхдүүдийг минь өдий зэрэгтэй өсгөж, хүмүүжүүлсэн юм шүү дээ. Энэ сайхан буянтай буурлуудынхаа ачийг хариулж чадаагүйдээ харамсах юм” гэж Ц.Цэнд-Аюуш гуай өгүүлэв.

Эднийх гурван охин, гурван хүүтэй. Хүүхдүүдээс нь урлагийн хүн хараахан төрөөгүй гэсэн. Уг нь дэмжсэн бол хоёр ч хүүхэд нь аав ээжийнхээ авьяасыг өвлөх байжээ.Эцэг, эх нь өөрсдийнхөө туулсан амьдралаас халгаж, жүжигчин болгоогүй гэнэ лээ. Гэхдээ ач, зээ нараас нь өвөө, эмээгийнхээ эрийг дуурсгахаар цоорч гарч ирэх хүүхдүүд бий аж.

Саяхны нэг өдөр Ц.Цэнд-Аюуш гуайн хүүхдүүдийнх нь дунд нэгэн хөгжилтэй яриа өрнөж л дээ. Энэ нь ээжийнх нь ажлын сонголтоос урган гарчээ. Тэрбээр театрт зургаан жил гаруй ажиллаад радиогийн нэвтрүүлэгч болжээ. Дуу хоолой сайтай юм гээд түүнийг радиод ажиллах санал ирэхэд нь шууд зөвшөөрсөн байна. Цалин нь театрын жүжигчнээс 200 төгрөгөөр илүү, дээрээс нь Москвад дөрвөн жил суудагт нь дурлажээ. Ингээд мань хүн радиод гурван жил орчим ажилласан гэнэ. Тухайн үед Л.Ванган багш нь Кино үйлдвэрт уран сайхны удирдаачаар очоод “Радиод юу хийгээд байгаа юм бэ. Хурдан энд ирж ажилла. Бэлэн орон тоо гаргачихлаа” гэж. Багшийнхаа үгэнд ормоор байдаг. Гэтэл Орос оронд амьдрах оочир нь ойртчихсон байдаг. Москвад очно гэсэн мөрөөдлөө гээж чадахгүй шийрэгнэж гэнэ. Ингээд нөхөртөө хэлтэл “Ванган багш хоёр удаа чамайг дуудлаа. Кино үйлдвэр гээд шинэ сэргэг юм нээгдэж байна. Багш мэдэж байгаа байх оч” гэжээ. Ц.Цэнд-Аюуш гуай радиогоосоо гарч багшийнхаа удирдлагад ажиллахаар шийдсэн байна. Тухайн үед том хүүхдүүд нь гарчихсан байсан болохоор ээжийгээ яах гэж ажлаасаа гарч байгаа юм бэ, Орос руу явах байсан юм гээд л гоншигонож байсан гэдэг. Харин хэдхэн хоногийн өмнө энэ яриа бага хүүхдүүдийнх нь дунд дахиад л өрнөжээ. “Ээж Москвад очсон бол бид нар орос сургуульд сураад л, тэр хэлээр ус цас байхгүй юу” гээд л ярьж өгчээ. Гэтэлнэг хүү нь “Мөн горидов оо. Хэрэв ээж Москвад очсон бол бид хэд төрөө ч үгүй байгаа. Хүн болж төрсөндөө ээжид баярла. Юу гээд л тэнд хүүхэд төрүүлээд суухав дээ” гэж бөөн инээдэм болжээ.

МЕТРИЙН МААРЛИАР ГОЁСОН ЦАСАН ОХИН

Ц.Цэнд-Аюуш гуай бага байхын урлагт хорхойтой нэгэн байжээ. Хүүхэд насных нь дурсамжид тодоос тод үлдсэн баяр бол шинэ жил аж. Нийслэлийн Хоёрдугаарсургуульд сурдаг байсан гэнэ. Өвлийн өвгөн бэлгээ тараахаар ирэхэд нь цасан охид даган бүждэг байсны нэг нь тэр байжээ. Даанч одоогийнх шиг гоё тансаг хувцас байхгүй. Ээж нь метрийн цагаан маарлийг элсэн чихэртэй усанд базаж хатаагаад даргар болгож байгаад цасан охины хувцас урлаж өгдөг байж л дээ.Бас болоогүй ээ, бор хөвөн энд тэнд нь шигтгэж, цасан ширхэг болгоно. Хүүхэд бүрийн оёж авчирсан бэлэгний даавуун уутанд өвгөн аав бэлгээ хүртээнэ. Бэлгэнд голдуу ховор барааны нэг алим байна. Ногоон өнгөтэй жижигхэн бөгөөд хөлдүү. Хүүхдүүд алимаа шалаар нэг өнхрүүлж, өшиглөж тоглоно. Зарим нь тэндээсээ түүж идэж ч байх шиг. Сургууль даяар алимны үнэр ханхалж, шинэ жил маш гоё болдог байсан тухай цасан охин бидэнд сонирхуулав. Шинэ жилийн тухай ийн ярихад түүний нүдэнд гэрэл тодорч, тэр үедээ оччихсон юм шиг хачин их аз жаргалтай байлаа.Ажил дээр гарсны дараа Кино үйлдвэрийн шинэ жил сүрлэг сайхан болдог байсан нь гавьяатын сэтгэлд тод үлджээ.Зассан ширээ, сандал нь хаад ноёдынх шиг. Тэнд сууж байгаа хүмүүс хичнээн эрхэмсэг ялдам харагдана гээч.Кино үйлдвэрийн гачгаар, зураглаач гээд бүгд нийлсэн хөгжмийн хамтлагтай. Тэд үүр цайтал хөгжмөө тоглоно. Өвгөн аав үг хэлэхэд бүгд жижигхэн хундагатай архи бариад тулгана. Хаалга онгойнгуут уур цан савсаж, цаана нь дотогш орж чадаагүй олон хүн харагдана. Үүд онгойх сиймхийгээр тэд “Хэнийг дуудаад өгөөч, ингэж дамжуулаад хэлээдхээч” гээд л орилолддог байжээ. Улаанбаатарын хамгийн гоё шинэ жилийн энэхүү цэнгүүний тасалбар ховор. Харин оролцох гэсэн иргэд хэд дахин их байсан гэнэ.

Ц.Цэнд-Аюуш гуайг бүжигчин байсан гэхээр одоо хүмүүс гайхах байх. Тэгвэл гавьяат жүжигчин Энхтуяа тэр хоёр ёстой нэг янзага шиг л бие хаатай, хачин сайхан охид байсныг эдний үеийнхэн ярих юм билээ. Бүжгийн тэмцээний тэргүүн байруудыг энэ хоёр бүсгүй түүдэг байж. Эрчүүдийг араасаа нэг хуйлруулах шиг болдог байсан гэж байгаа. Энэ тухай түүнээс тодруулахад “Театрт данстай л бол Учиртай гурван толгой, Жаргалын зам жүжгийн олны хэсэгт бүгдээрээ орно. Зүгээр ч үгүй дуулцгаана шүү. Учиртай гуравын нэгдүгээр үзэгдлийн ардуудын хэсэгт би даалимбин дээл өмсчихөөд дуулаад суудаг байлаа. Нэгдүгээр үзэгдэл дуусангуут дээлээ тайлж шидчихээд Энхтуяа бид хоёр “Элдэв-Очир” кино театр руу гүйж ороод жаал бүжиглэнэ. Энхтуяа болохоор тавдугаар үзэгдэл дээр гарна. Тэрнээс өмнө хоёулаа хоорондоо баахан бүжиглэж байгаад л гарч ирнэ дээ. Бүжиглэх зав олдохгүй. Тоглолтынхоо завсраар ингэж бүжиглэдэг байлаа шүү дээ” гэж ирээд инээв.

БИ ЖҮЖИГЧИН БОЛОХ ГЭЖ ХИЧЭЭЖ Л ЯВНА”

Ягаан Гажид гэж ард түмэндээ 50 гаруй жил дуудуулж яваа гавьяат маань найз нөхдөөр хүрээлүүлсэн нэгэн. Өөрөө ч олонтойгоо явах сан гэж бодож, хичээдэг ажээ. Найзуудыгаа гэртээ урьж, тоглох дуртай гэсэн. “Хүн аль болох ном уншиж, тоглоом тоглож байвал тархины үйл ажиллагаа сэргэдэг юм. Тогтохжаргал, Эрдэнэ, Амгалан, Вандан, Цэвэгжав гээд хар багаас нөхөрлөсөн найзууд олон бий. Хүмүүс нэг нэгэндээ аль болох сайхан үг хэлж, тэдэнд урам хайрлах хэрэгтэй л дээ. Урмын үг хэллээ гээд надаас юу ч хорогдохгүй. Харин ч найзууд маань баяртай байхыг харахаар сайхан санагддаг. Би ер нь гуниглаж, стресстэх дургүй. Тийм сэдэл төрвөл хурдхан найз нөхөд рүүгээ утасдаж, тэр байдлаасаа амархан гарчихдаг” гэлээ. Тэрбээр наснаасаа хамаагүй залуу харагддаг нууц өөдрөг философитой нь холбоотойбайх гэж бодогдов. Залууст хандан “Бүх зүйл өөрөөс шалтгаална. Дотор хүнтэйгээ сайн ярьдаг байх ёстой. Өөрөө өөртөө эзэн байж, байнга цэнэглэж бай. Би хөгширлөө гээд хэвтээд өгвөл аяндаа өтөлнө. Миний нас залуу байна, би өшөө хийж бүтээж чадна гэж тэмцэж явах ёстой. Гэтэл манайхан 40 гарчихаад өөрсдийгөө хөгширлөө, өвөө, эмээ болоод л өндөр настан гэж боддог. Миний үеийнхэн таяг баримаар байна гэх юм. Би таягнаас хол явдаг. Аргаа баривал таяг барилгүй л яахав. Гэхдээ барихгүй байхын төлөө тэмцэж, өөрийгөө цэнэглэж байна. Цэнэглэж дуусвал амьдрал дуусна. Хүнд дараа болохгүй өөдрөг байцгаая” гэж манай сониноор дамжуулан захиж байлаа. Гавьяат маань одоо бие дааж англи хэл сурч байгаа гэсэн. “Энэ хэлээр ярихгүй ч гэсэн англиар хүн юу гэж байгааг мэддэг байя л даа. Хүүхдүүд маань намайг мэдэхгүй байгаа. Нэг л өдөр “Өглөөний мэнд, сайн байна уу” гээд мэндэлнэ дээ” гэсээр бөөн инээдэм болсон шүү.

Түүнтэй олон цаг хөөрөлдөн сууж байтал урлагтай амьдралаа холбоод 60-аад жил болсон хэрнээ өнөөдрийг хүртэл өөрийгөө жүжигчин болчихсон гэжхэлж чадахгүй гэх нь тэр.Сайтар лавлатал “Өнгөрсөн хугацаанд чадахаасаа чадахгүйг нь хүртэл хийлээ. Бүгд хачин сайхан болсон гээд бахархаад байх юм алга. Гэхдээ өдий болтол зүгээр суугаагүй. Жүжигчин болох гэж оролдлоо. Одоо болтол чадаагүй л явж байна. Жүжигчин болно гэдэг бол тийм ч амархан санасны зоргоор болчихдог юм биш. Энэ л дүрд мөн ч сайхан тоглож дээ гээд хэлчих зүйл байхгүй явж байна. Тэгэхээр урлаг гэдэг айхавтар нарийн хэмжүүртэй. Хүн насжих тусмаа, өөрийнхөө юу хийж байсныг их дүгнэдэг юм байна. Хэнийг гомдоож, хэнийг баярлуулж байлаа гээд өөрийнхөө ажилласан байдлыг хүртэл бодож байх жишээний. Одоо ч гэсэн нэг эмгэний дүрд тоглоодхооч гэх санал ирэхэд биеэ бариад, “За” гээд итгэлтэйхэн хэлж чадахгүй л юм байна шүү дээ. Ягаан Гажид гэдэг нэрийг худалч хүнд кинонд дөрвөн өгүүлбэр хэлээд авсан. Би айхавтар сайн дүр бүтээсэндээ ингэж дуудуулж байна гэж боддоггүй. Одооүеийн хүмүүсийн дунд үгүйлэгдээд байгаа нэг л дүр тэр кинонд байсан юм байна. Тачигнатал инээх цагаан сэтгэлтэй, санасан бодсоноо хамаагүй хэлчихдэг нэгэн сайхан охин байсан. Түүнийг хүмүүс одоо болтол санаж байгаа нь тэр дүр амьдралд байж л байгаа хэрэг” гэлээ. Тиймдээ ч тэрбээр яг бэлдсэн гарын шавь гээд байхгүй гэлээ. “Үржинбадам, Батцэцэг хоёр намайг багшаа гээд ихэд хүндэлдэг л юм. Миний зааж сургах гэж гавьсан юмгүй дээ. Тэд маань сайн сайхан явж байна” хэмээв.

ГАВЬЯАТЫН ТЭМДГЭЭ ГАРДАХДАА ХАНИЙНХАА ХЭЛСЭН ҮГИЙГ БОДОЖ, НУЛИМСАА ЗАЛГИЖ БАЙЖЭЭ

Ахмад киночдоо хэрхэн харж үзэж байгаа талаар асуухад сэтгэл өвдмөөр гэж Ц.Цэнд-Аюуш гуай хариулсан юм. “Манай киноны ахмадуудаас одоо цөөхөн хэдэн хүн үлдсэн байна. Хожуу гавьяат болцгоосон доо. Хөөцөлдөх хүн байхгүй болохоор тэр. Би гэхэд гавьяатынхаа шагналыг 2009 онд авч байлаа” гэв. Тэрбээр энэ шагналыг авах гэж хөглөж байжээ. Түүнийг эмнэлэгт хэвтэж байтал “Та гавьяат жүжигчин цол авлаа. Маргааш 11 цагт ирээрэй” гээд шөнө болсон хойно Ерөнхийлөгчийн Тамгын газраас ярьжээ.Үдэш оройн цагаар хэн нэгэн нь дамшиглаж байна гэж санажээ. Өрөөнийх нь өвчтөнүүд бас тэгж хэлэхээр нь ихэд гайхжээ. “Даралт өндөртэй гээд эмнэлэгт хэвтсэнийг ч хэлэх үү, намайг цус харвуулж алах гэсэн хүн тоглож байна даа” гэж боджээ. Ингээд Дээд шүүхэд ажилладаг охиноосоо шагнал авахаар болсон нь үнэн болохыг мэдээд яаран сандран бэлтгэл базаажээ. Ингээд маргааш өглөө нь 11 цагт Төрийн ордонд очтол яах аргагүй нэрийг нь дуудаад жагсааж байна гэнэ. Хүүхдүүд нь ч “Ээжээ хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон өгдөг юм шүү. Яавч гавьяат биш” гэж сэтгэл зүйн бэлтгэл өгчээ. Харин Ерөнхийлөгч түүнд Монгол Улсын гавьяат жүжигчин гэдэг цол өгөх зарлиг уншихад сая нэг юм итгэжээ. Тэрхэн агшинд өвгөнийх нь хэлж байсан үг толгойд нь оржээ. Өмнө түүний хөгшин “Энэ төр яасан хачин юм бэ. Чамд минь гавьяат өгчихдөггүй юм байх даа. Чинийхээ гавьяат авахыг харааднэг угаачихаад нүд аних юм сан” гэж ярьдаг байжээ. Ингэж хэлж байсан нь бодогдоод самсай шархирч, нүднийх нь аяга нулимсаар бүрхээд ирсэн гэдэг. “За би уйлж л болдоггүй юм шүү. Хүмүүс энэ Цэнд-Аюуш хожуу гавьяат болоод баярласандаа уйлж байна гэж бодно. Ямар намайг өвгөнөө бодож байгааг мэдэх биш” гээд нулимсаа барьжээ.

Ийнхүү бидний яриа түүний Ягаан Гажид болсон түүхээс авахуулаад амьдралынх нь баяр баясалтай, дурсамж хөөртэй он цагуудад нь айлчилсан юм. Цаг ч орой болж шинэ жилийн цэнгүүнд очих цаг нь дөхсөн байв. Тэрбээр толиныхоо өмнө сууж, бэлтгэлээ базаав.

“Нийслэл хүү”-гийн Ягаан Гажид одоо ч бидний дунд гал цогтой хэвээрээ байна.

М.МӨНХЦЭЦЭГ

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ нийгэм

“100 өвлийн өвгөн” парад болов

Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын санаачилгаар “100 өвлийн өвгөнтэй хамт” баярын парадыг зохион байгууллаа. Бүх нийтийн шинэ жилийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд болж буй энэхүү баярын парадад дүүргийн удирдлагууд болон 100 өвлийн өвгөн, үлгэрийн баатрууд, иргэд оролцов.

Уг баярын парадын үеэр циркийн тоглолт болж, флаш моб бүжиг бүжиглэж, өвлийн өвгөд хүүхэд багачуудад бэлэг гардуулж, иргэдэд халуун аарц, чацарганаар үйлчилсэн байна. Баярын парадыг иргэд сэтгэл өндөр хүлээн авсан бөгөөд шинэ жилийн халуун дулаан уур амьсгал, инээмсэглэл бэлэглэсэн сайхан арга хэмжээ боллоо хэмээн талархалтай хандаж байлаа.

Categories
мэдээ спорт

Чин Ван Ханддоржийн нэрэмжит шилдэг шатарчдын тэмцээн болов

Монгол Улсад Дипломат алба үүсч хөгжсөний ойг тохиолдуулан Гадаад харилцааны ууган сайд Чин Ван Ханддоржийн нэрэмжит шатрын түргэн тоглолтын тэмцээн 12 дугаар сарын 20-21-ний өдрүүдэд ГХЯ-нд боллоо.

Тэмцээнийг нээж Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн хэлэхдээ,”Монгол Улсын Дипломат алба бол улсынхаа тусгаар тогтнолын тэргүүн эгнээнд бичигддэг чухал алба. Өөрөөр хэлбэл, үзэг барьсан тусгаар тогнолын тэмцэгч юм. Тиймээс дэлхийн шатрын өрөг дээр үйл ажиллагаа явуулдаг гэж болно. Тиймээс Монгол Улсын Дипломат алба байгуулагдсаны ойгоор бөх барилдах бус шатрын тэмцээн зохион байгуулдаг уламжлалтай. Энэ спорт бол Монголыг дэлхийд сурталчлах том боломж юм. Тиймээс шатрын спортыг дэмжиж ажиллах болно” гэв.

Нээлтийн үеэр Монголын шатрын холбооны Ерөнхийлөгч Г.Занданшатар Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнг Монголын шатрын холбооны Хүндэт Ерөнхийлөгчөөр өргөмжилж, батламжийг гардуулан өгөв. Тэрбээр “Л.Пүрэвсүрэн сайд Монголын шатрын спортыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан. Монголын шатрын спорт өдрөөс өдөрт хөгжиж байгаа. Тиймээс Л.Пүрэвсүрэн сайдыг Дэлхийн шатрын холбоотойтой нягт хамтран ажиллаж, Монголын шатарчдыг дэмжиж ажиллана гэдэгт итгэж байна” гэлээ.

Уг тэмцээн 24 дахь жилдээ болж байгаа бөгөөд энэ онд чансаагаараа тэргүүлсэн эхний 66 шатарчин, ГХЯ-ны 10 төлөөлөл болон олон улсын тэмцээн уралдаанд амжилттай оролцсон өсвөрийн 10 тамирчин оролцсон юм. Шатрын тэмцээн Швейцарь системээр найман өрөг тоглох бөгөөд их мастер хоёр, олон улсын мастер дөрөв, үндэсний мастер найм, дэд мастер 13 оролцож оюун ухаанаа сорьж шилдгүүдээ тодрууллаа.

Categories
мэдээ улс-төр

Эмнэлгийн барилгын явцтай танилцана

Төрийн ордонд өнөөдөр ажлын хэсгүүдийн хуралдаан болох гэж байна. Өнөөдөр Эрүүл мэндийн салбарын барилга байгууламжийн явцтай танилцах ажлын хэсэг 14 цагаас Засгийн газрын XIII байр болон шинээр баригдсан төрийн тусгай албан хаагчдын эмнэлэгийн байранд ажиллана.

Ажлын хэсгийн хуралдааны хуваарь:

Зөвшөөрлийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00 цагаас 334 тоот
өрөөнд;

Эрүүл мэндийн албан журмын даатгалын тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “А” танхимд;

Эрүүл мэндийн салбарын барилга байгууламжийн явцтай танилцах ажлын хэсэг 14.00 цагаас Засгийн газрын XIII байр болон шинээр баригдсан төрийн тусгай албан хаагчдийн эмнэлгийн байранд ажиллана;

Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Гадаад бодлогын үзэл баримтлалын хэрэгжилтэд хяналт, үнэлгээ хийж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд;

Шүүгч, ерөнхий шүүгчийн албан тушаалын цалингийн хэмжээг тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас “В” танхимд.

Categories
мэдээ нийгэм

2014 оны зорилтын биелэлтийг “бүрэн хангалттай” гэж дүгнэлээ

Жил бүр улс, нийслэлийн хөрөнгө оруулалт, иргэдийн санал хүсэлтэд тулгуурлан нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх нийслэлийн эдийн засаг, нийгмийн тухайн оны зорилтыг боловсруулан Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлуулж, жилийн эцэст хэрэгжилтийг тооцдог. Үүний дагуу нийслэлийн ИТХ-ын ээлжит 21 дүгээр хуралдаанаар нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2014 оны зорилтын хэрэгжилт тайлагнаж дүгнүүллээ.

Өнгөрч буй 2014 он нийслэлийн нийгэм, эдийн засгийн зорилтыг хэрэгжүүлэхэд багагүй онцлогтой байсныг Нийслэлийн ЗДТГ-аас онцолж байна. Тухайлбал 2014 оны зорилтыг хэрэгжүүлэхэд шаардагдах нийслэлийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг боловсруулахдаа анх удаа “Иргэдийн оролцоотой төсөв-2014” санал асуулга хэлэлцүүлэг зохион байгуулж, иргэдийн саналыг тусгасан. Энэ нь хэрэгцээтэй, нэн шаардлагатай ажлыг хугацаа алдалгүй шийдвэрлэхэд бодитой санал болжээ. Мөн 2013 оноос шилжин хэрэгжиж байгаа төслүүдийг энд онд дуусгах, шинээр эхлэх барилга байгууламжийн техник эдийн засгийн үндэслэл, зураг төслийг хангагдсан байх гол шалгуур үзүүлэлт болгосон байна. Зорилтын хэрэгжилтийг хангах, хариуцлагын тогтолцоог бүрдүүлэх зорилгоор шинэ аргачлалыг нэвтрүүлж, төлөвлөгдсөн ажлуудыг нийслэлийн удирдлагын зөвлөлийн 9 гишүүн, нийслэлийн 66 байгууллага бүрт хариуцуулан, хэрэгжилтийг улирал бүр тооцон ажиллажээ.

Нийслэлийн ИТХ-аар батлагдсан 2013 оны 13/53 дугаар тогтоолоор “Нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2014 оны зорилт”-д 5 бүлэг 24 зорилт, 344 хэрэгжүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Тухайлбал “Аюулгүй амгалан Улаанбаатар” зорилтын хүрээнд 88 ажил буюу нийт ажлын 25 хувийг, “Авлигагүй Улаанбаатар” зорилтын хүрээнд 47 ажил буюу нийт ажлын 14 хувийг хийхээр төлөвлөсөн байсан.

Эдгээр ажлуудыг хэрхэн хэрэгжүүлж, биелүүлсэн талаар нийслэлийн ИТХ-д тайлагнаж, хэлэлцүүлэхэд нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2014 оны зорилтын хэрэгжилтийг “Бүрэн хангалттай” гэж дүгнэсэн байна. Тус чуулганы хуралдаанаар нийслэлийн нийгэм, эдийн засгийн 2015 оны зорилтын төлөвлөгөөг батлуулсан юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Нийслэлийн Засаг дарга АНУ-ын Сан Франциско хотод албан айлчлал хийлээ

АНУ-ын Сан Франциско хотод ажлын айлчлал хийж байгаа Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл тэргүүтэй төлөөлөгчид 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Сан Франциско хотын захирагчийн ажлын албанд зочилж, тус хотын Олон улсын бизнесийн хөгжлийн газар, Бизнесийн хөгжлийн газар болон Эдийн засгийн хөгжлийн агентлагийн удирдлагатай уулзав.

Уулзалтын үеэр Олон улсын бизнесийн хөгжлийн газрын захирал У.Фаннон Сан Франциско хот нь биотехнологи, мэдээллийн технологийн салбарт шинэ санаа санаачлагыг эдийн засаг, татварын бодлогоор дэмжиж, технологийн паркийн томоохон төслүүдийг амжилттай хэрэгжүүлснээр АНУ-даа инновацийн тэргүүлсэн хотын нэг болсон талаар товч танилцуулж, хоёр тал Сан Франциско болон Улаанбаатар хотуудын хөгжлийн бодлого, хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар харилцан ярилцаж, санал солилцлоо.
Цаашид хоёр хотын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж, манай тал Сан Франциско хотын эдийн засгийн хөгжлийн инновацийг дэмжих бодлого, технологийн үйлдвэрлэлийн парк байгуулсан туршлагаас суралцахаар тохиролцлоо.

Уулзалтынхаа дараа Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл Станфордын их сургуулийн Нийтийн төлөөллийн ардчиллын төвийн захирал, профессор Жэймс Фишкин, дэд захирал Алис Сью нартай уулзаж, Монгол Улс дахь ардчиллын явцын талаар танилцуулж, орон нутгийн засаг захиргааны байгууллагын шийдвэр гаргах үйл явцад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, Deliberative Democracy буюу Нийтийн төлөөллийн ардчиллыг манай улсад төлөвшүүлэх талаар санал солилцож, энэ чиглэлээр тодорхой ажлуудыг хамтран хэрэгжүүлэхээр тохирлоо.

Мөн Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл Сан Франциско хотод суугаа Ерөнхий консулын газарт зочилж, Сан Францискогийн Бей Аэриагийн монгол иргэд, иргэдийн үүсгэл санаачилгаар байгуулагдсан зарим төрийн бус байгууллагын төлөөлөлтэй уулзалт хийлээ. Уулзалтын эхэнд Нийслэлийн засаг дарга улс орны өнөөгийн байдал, Улаанбаатар хотыг хөгжүүлэх, дэд бүтцийг сайжруулах, сайн засаглалыг бэхжүүлэх, авилгатай тэмцэх талаар хийж байгаа ажлынхаа талаар товч танилцуулж, цаашид Улаанбаатар хотыг дэлхийн жишигт хүргэн хөгжүүлэхэд гадаадад ажиллаж, амьдарч байгаа иргэдийн оролцоог нэмэгдүүлэх талаар санал солилцов. Уулзалтад Бей Аэриагийн Монголчуудын холбоо, Эмэгтэйчүүдийн холбоо, Монгол оюутны холбоо, Шагайн харвааны холбоо, Оакландын “Гэр” хүүхдийн төвийн дэргэдэх “Би Монгол” сургууль, Сан Франциско хотын “Мэдлэг” монгол сургуулийн төлөөлөл оролцлоо.

Нийслэлийн Засаг дарга тэргүүтэй төлөөлөгчдийн Сан Франциско хот дахь айлчлал өндөрлөж, Жоржиа мужийн Оберн хотыг зорилоо гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.