Categories
мэдээ улс-төр

Улстөрч У.Хүрэлсүх урлагийн хүн болов

УИХ-ын гишүүн асан У.Хүрэлсүх Тусгаар тогтнолын ордны Их танхимд “Андууд” нэртэй хамтлагынхаа анхны тоглолтыг хийлээ. Тэрбээр эхнэрээ эмчлүүлэх гэж УИХ-ын гишүүний албаа өгснөөс хойш гадаадад нэг хэсэг байж байгаад Монголдоо ирж, улс төрийн үйл ажиллагаагаа идэвхжүүлж, “Зүүний хүчний холбоо” гэх төрийн бус байгууллагаа хуралдуулаад авсан. Түүний холбоо МАН-ын нөлөө бүхий гишүүдээр бүл нэмж, нэгэн баг болж зүтгэхээр шулуудсан гэлцсэн билээ.

Тэгвэл У.Хүрэлсүх чөлөөт цагаараа ангийн найзууд, урлаг уран сайхны авьяастай залуустай нийлж “Андууд” хэмээх хамтлаг байгуулжээ. Монголын хамгийн отгонд тооцогдох “Андууд” хамтлагийн басс гитарчин Чингэлтэй дүүргийн Засаг дарга асан Г.Ариунбаяр, бөмбөрчин Цөмийн инергийн газрын дарга асан Г.Манлайжав нарын гишүүд багтсан аж.

Тэд энэ үеэр 80-90-ээд оны үеийн залуусын сэтгэлд хоногшиж, одоо ч дуулагдаж байгаа дуунуудыг дуулж, үзэгчдийн талархалыг хүлээж байлаа. Тэрбээр хамтлагийнхаа анхны тоглолтын билетийг намынхандаа, тэр дундаа холбооныхондоо үнэгүй тарааж өгсөн аж. Түүний үзэгчдийн дотор, С.Баяр, Сү.Батболд, Д.Бат-Эрдэнэ, Я.Содбаатар, О.Содбилаг, Нийслэлийн Засаг дарга асан Б.Мөнхбаяр тэргүүтэй намын гишүүд, анд нөхөд, ахан дүүс, гар бүлийн гишүүд нь уг тоглолтыг үзэж сонирхсон юм.

Categories
мэдээ спорт

Г.Болдбаатар, М.Уранцэцэг нар дэлхийн чансааг тэргүүлжээ

2016 онд Бразилийн Рио-де-Жанейро хотод болох олимпийн наадамд оролцох эрх олгох жүдо бөхийн оноо олгох цуврал тэмцээнүүд эхэлснээр тамирчдын чансаанд өөрчлөлт орж эхлээд байна. Жүдо бөхийн олон улсын холбооноос жин тус бүрт тамирчдын чансааг шинэчлэн гаргахад эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд манай Г.Болдбаатар 6276 оноотойгоор тэргүүлж, Д.Амартүвшин 1520 оноотой мөн жинд зургадугаарт жагсчээ.
66 кг-д Д.Төмөрхүлэг 1898 оноотой гуравт, 73 кг-д Х.Цагаанбаатар 1360 оноотой зургаад, С.Ням-Очир 1292 оноотой долоод, -100 кг-д Н.Түвшинбаяр 1176 оноотой есөд тус тус бичигдэж байна. Тэгвэл эмэгтэйчүүдээс 48 кг-д М.Уранцэцэг 2893 оноогоор жиндээ дэлхийн чансааг тэргүүлжээ.

Categories
мэдээ нийгэм

Баталгаажуулалт нь дууссан тоолуураар усны тооцоо хийж байжээ

Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшлийн орон сууцны компаниудын ашиглаж буй хэмжих хэрэгслийн баталгаажуулалт, ашиглалтыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас шалгажээ. Шалгалтад нийтийн аж ахуйн үйлчилгээний тусгай зөвшөөрөлтэй хувийн хэвшлийн 40 аж ахуйн нэгжийн харьяа ус, цахилгааны төлбөр тооцоог гүйцэтгэдэг 74 аж ахуйн нэгжийг хамруулсан аж. Ус сувгийн удирдах газартай усны төлбөр тооцоо хийдэг 194 аж ахуйн нэгж байдгийн 45 нь орон сууцны доторх цэвэр, бохир усны шугам сүлжээний ашиглалт, засвар үйлчилгээний тусгай зөвшөөрөл авсан байдаг аж.
Шалгалтад хамрагдсан аж ахуйн нэгжүүд баталгаажуулалтын хугацаа дууссан тоолуураар усны төлбөр тооцоо хийдэг, хэмжих хэрэгсэл суурилуулах тусгай зөвшөөрлийг Стандартчилал, хэмжил зүйн газраас аваагүй нийтлэг зөрчилтэй байжээ. Мөн зарим аж ахуйн нэгжүүд тусгай зөвшөөрөлгүйгээр цахилгааны төлбөр тооцоо гүйцэтгэдэг, айл өрхийн цахилгааны төлбөрийг аж ахуйн нэгжийн үнээр тооцдог байсан аж. Шалгалтаар 102 зөрчил илрүүлж, 61-ийг нь арилгуулж, усны 185 тоолуурыг баталгаажуулсан байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Энэ онд уул уурхайн хувьцааны ханш 30-40 хувиар буурчээ

Хувьцаа гэдэг бол тухайн зээл дээр өсч яваа компанид хөрөнгө оруулж, түүнийг үндэслэн хувь нийлүүлэгчдийн хуралд оролцож санал өгөх, ногдол ашиг авах, компани татан буугдсан ч дараа үлдсэн эд хөрөнгийг худалдан борлуулснаас олсон орлогоос хувь хүртэх болон хуулиар тогтоосон бусад эрхийг гэрчилсэн үнэт цаасыг хэлдэг. Хувьцаа эзэмшигч нь тухайн компанид өөрийн хөрөнгөө бүрдүүлэх нь дэмжлэг үзүүлэх , ажиллах боломжийг нь олгож байгаагийн хариу урамшуулал гэж ойлгож болно. Монголд 2007 оны дунд үе хүртэл хувьцааны ханш тийм ч хангалттай түвшинд байгаагүй юм. 2007 оны дунд үеэс хойш хувьцааны ханш эрс өсч эхлэсэн байдаг. Гэсэн ч сүүлийн жилүүдэд манай улсад эдийн засгийн тогтворгүй байдлаас үүдэн хувьцааны ханш ч мөн өөрчлөгдсөөр байгаа билээ. Үүнд засгийн газрын тогтвортой байдал ч мөн нөлөөлдөг. Сүүлийн дөрвөн жилийн Топ-20 индексийн графикийг харьцуулан харцгаая.

Зураг 1. 2011 оны Топ-20 индексийн үзүүлэлт

2011 оны эхнээс сүүлч хүртэл манай улсын эдийн засгийн таатай он цаг байсныг доорхи графикаас харах боломжтой юм. Энэ үед “Тавантолгой”, “Багануур”, “Адуунчулуун”, “Шивээ-Овоо”, “Шарын гол” гэсэн Топ-20 индексийн сагсад багтдаг таван нүүрсний уурхайн хувьцааны ханш огцом өссөн байгаа нь Монголын хөрөнгийн бирж дээрх хувьцааны ханшийн өсөлт оргил цэгтээ хүрсэн анхны тохиолдол буюу 32955 нэгжид хүрсэн юм. Тухайн үед “Тавантолгойн” хувьцааны ханш 1.4 сая хүрч байсан нь урьд өмнө нь байгаагүй хамгийн өндөр үзүүлэлт байлаа.

Зураг 2. 2012 оны Топ-20 индексийн үзүүлэлт

Энэ онд өмнөх жилээ бодвол хувьцааны ханш тогтворгүйтэж эхлэсэн бөгөөд Топ-20 индекс 2012 оны 11 сарын байдлаар 16024.75 нэгж хүрсэн бөгөөд өмнөх оны оргил цэгээсээ хоёр дахин буурсан юм. Грекийн “Өрийн хямрал”-аас үүдсэн эдийн засгийн сулрал дэлхийн хөрөнгийн биржүүдэд уналт авчирч байсан үе байлаа. Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ, хувьцаануудын ханш буурч байгаа нь эдийн засгийн өсөлт буурч буйн илрэл.Энэ оны эхэнд “Рио Тинто”-гийн хувьцааны ханш Лондонгийн хөрөнгийн бирж дээр 0,2 хувиар, Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр 1.024 хувиар, Австралийн хөрөнгийн бирж дээр 0.592 хувиар тус тус буурчээ. Канадын “Айвенхоу Майнз”-ын хувьцааны ханш ч мөн адил Нью Йоркийн хөрөнгийн бирж дээр 1.066 хувь, Торонтогийн хөрөнгийн бирж дээр 0.552 хувиар буурсан байна. Рио Тинто бол Оюутолгойн хөрөнгө оруулагч учраас монголд болж буй эдийн засгийн тогтворгүй байдлын үр нөлөө ч мөн тухайн компанийн хувьцааны үнэлгээнд нөлөөлж байдаг.

Зураг 3. 2013 оны Топ-20 индексийн үзүүлэлт

Энэ оны эхэн үед Топ-20 индекс 13.300 нэгжид хүрсэн нь сүүлийн гурван жилийн хамгийн доод үзүүлэлт байсан юм. Харин 2013 оны төгсгөлд Топ-20 индекс огцом өсч эхлэсэн. Хоёрдугаар сарын дунд үе гэхэд индекс 16.913 болов. Тавантолгойн ордоос коксжих нүүрс олборлодог “Тавантолгой” компанийн хувьцааны ханш 3000-6000 төгрөг болж хоёр дахин өссөн жишээг энд дурьдаж болно. Тухайлбал Баянгол зочид буудлын хувьцааны ханш 43.000-59.000, Могойн гол 11.500-15.700, Улсын их дэлгүүр 420-513, Шивээ-Овоо 6500-8300 төгрөг болж өсчээ. Шарын гол компанийн хувьцааны ханш 1500 төгрөгөөр өссөн бол Сүү ХХК 67.000-89.500, Монгол шилтгээн 840-960, Монголиа Девелопмент ресурс 640-800 болтлоо өссөн байна. Хувьцаануудын ханш өссөнөөр хөрөнгийн зах зээлийн нийт үнэлгээ 1.4 их наядаас 1.7 их наяд болж, 300 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн юм. Ингээд шинэ засгийн газар гарч ирэхэд эдгээр үзүүлэлтүүд балансаа барина гэсэн найдлага байсан боловч хангалттай үр дүнд хүрээгүй юм.

Зураг 4. 2014 оны Топ-20 индексийн үзүүлэлт

Монголын болон Монголд үйл ажиллагаагаа явуулдаг гадны хөрөнгө оруулалттай 52 компанийн хувьцаа олон улсын хөрөнгийн зах зээл дээр худалдаалагддаг байна. Үүний 50 гаруй хувь нь уул уурхайн компани байдаг бөгөөд эдгээр компаниудын ашиг орлого энэ оны эхэн үеэс буурч эхлэсэн нь хувьцааны ханшийг 30-40 хувиар буухад хүргэжээ. Учир нь манай улсын эдийн засгийн болоод засгийн газрын тогтворгүй байдал, гадны хөрөнгө оруулалтай компаниудын монгол дахь эрх зүйн орчны асуудал зэргээс үүдэн Монголын уул уурхайн компаниудын хувьцаа олон улсын хөрөнгийн зах зээл дээр уналтын байдалд орсон гэхэд болно. Эдийн засгийн хямралын давлагаанд гүйцэгдсэн манай улсын хувьд дотоод аж ахуй нэгжүүдэд хүртэл санхүүгийн бэрхшээлүүд тулгарч эхлэсэн. Түүнчлэн манай улсын нүүрсний үнэ дэлхийн зах зээлийн үнэ ханшаас доогуур экспортлогдож байгаа юм. Өнөөдрийн байдлаар уул уурхайн салбарын үйл ажиллагаа зогсонги байдалд ороод байна гэж болно. Монгол Улсад хөрөнгө оруулсан, Олон улсын хөрөнгийн биржид бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдийн хувьцааны үнэ өмнөх улирлын хаалтын ханштай харьцуулахад 9 хувиар буурсан үзүүлэлт бий. Монголд үйл ажиллагаа явуулдаг гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн компаниудын хувьцааны ханш сүүлийн саруудад царцанги байдалтай байна. Улс төрийн тогтворгүй байдал хөрөнгийн зах зээлд хэрхэн бодитойгоор нөлөөлж байгааг эндээс олж харж болно.

Categories
мэдээ нийгэм

Стрессийг 5 минутад дарна

Сүүлийн жилүүдэд ” стресс” гэдэг үг их хэрэглэгдэх болсон билээ. Хүн бүр сэтгэл санааны хямралд орж, ингэсний дараа хэвийн байдалд орох гэж нэлээд зүдэрдэг. Тиймээс хэрвээ сэтгэл санаа хямрах бүрийд тайвшруулах эм уугаад байвал, үүндээ дасчихаж мэднэ. Би маш сайн үйлчилдэг аргаа та бүхэндээ хэлэх гэсэн юм.

Та гэнэт цухалдаад эхэлбэл, хоёр гараа дээш нь өргөж, дараа нь өвгөнд дээрээ огцом буулга. Хэд хэдэн удаа ингэхэд, зүв зүгээр болж, та дэмий санаа зовж, сэтгэл түгшихээ болино.

Энэ нь шинжлэх ухааны үндэстэй юм. Стресийн нөлөөгөөр хүмүүс мөрөө өргөж, шуугаа чангалдаг. Ингэснээр өнгөцхөн амьсгалж, улмаар цусанд очих стрессийн дааврыг ихэсгэдэг юм. Гараа өргөснөөр амьсгалаа гүн авч түргэн гаргадаг, ингэхэд цус хүчилтөрөгчөөр баяжиж, цухалдал арилгна. Эрүүл мэндэд тустай ийм хөдөлгөөнийг 15минут тутамд давтан хийж болно. Хийгээд үзээрэй.

Categories
мэдээ нийгэм

УИХ-ын дарга З.Энхболд Сүхбаатар аймгийн Баяндэлгэр суманд ажиллав

Улсын Их Хурлын дарга З.Энхболд өнөөдөр /2014.11.02/ Сүхбаатар аймгийн Баяндэлгэр суманд ажиллалаа. Энэ үеэр тус сумын төвд баригдсан 24 айлын дөрвөн давхар эко орон сууцны нээлтэд оролцов.

Баяндэлгэр суманд эхний ээлжийн 24 айлын орон сууц ашиглалтад орж, хоёр дахь ээлжийн орон сууц баригдаж байна. Хөдөө орон нутаг ялангуяа алслагдсан сумд хөгжлөөс хоцрогдсон нь нийслэлийг зорих их нүүдлийг бий болгож эхэлсэн. Энэ төвлөрлийг сааруулах ажлын хүрээнд хэрэгжиж буй 24 айлын эко орон сууц төсөл нь алслагдсан сумдад хотын орон сууцтай ижил тохилог орон сууцны барилгыг барих төсөл юм. Уг төслийг санхүүгийн зөв хувилбар, гүйцэтгэлийн оновчтой менежментээр чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэж буй жишээг Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сум харуулж байна.

Улсын Их Хурлын дарга хэлсэн үгэндээ, 2012 оны Улсын Их Хурлын сонгуулиар Ардчилсан нам “хүн шиг амьдаръя” уриа дэвшүүлж байсан. Энэ нь хот хөдөөд ялгаагүй амьдралын түвшин адилхан болно гэсэн үг юм. Энэхүү байранд орсон айлуудын тал хувь нь малчид байна. Малчид, малчны найман хувийн зээлд хамрагдаж, сумынхаа төвд тохилог орон сууцанд орж болдог юм. Хамгийн гол нь улсын төсвөөс мөнгө авалгүйгээр хувийн компаниудын хүчин чадлыг дайчилж болдог гэдгийг харуулж байна. Баяндэлгэрээс эхэлсэн энэ буухиа ирэх жил Монгол Улсын бүх сумдад бий болох байх. Моргежийн зээл гэдэг бол ажилтай орлоготой хүн бүхэнд байртай болох боломжийг олгодог. Насан туршдаа мөнгө хураачихаад тэтгэвэрт гарахдаа байранд ордог биш ид ажил хийж байхдаа тохилог сууцанд ордог систем юм хэмээн онцлон тэмдэглэлээ.

Энэхүү төслийн үр дүнд иргэд өөрийн сум, орон нутагтаа тохилог сайхан амьдрах боломжтой болохын зэрэгцээ төрийн албан хаагч, хувиараа аж ахуй эрхлэгч, малчид ипотекийн зээлд хамрагдах боломжтой болж байгаагаараа онцлог юм. Дөрвөн давхар, давхартаа 6 айл бүхий эко орон сууц нь гаднаа 200 м2 автомашины зогсоол, 300 м2 нийтийн эзэмшлийн чөлөөт цагаа өнгөрүүлэх амралтын талбайтай байхаар төлөвлөжээ.

Энэ үеэр Баяндэлгэр сумын засаг дарга М.Гантулга сумынхаа ерөнхий төлөвлөгөөний талаар Улсын Их Хурлын даргад танилцуулав. Дахин төлөвлөлтийн дагуу сумын айлуудын хашааг цэгцэлж инженерийн шугам сүлжээнд оруулах бэлтгэл ажил хийж буйг онцлов. Баяндэлгэр сум нь зургаан багтай 1264 өрх, 4597 хүн амтай, 330 мянган толгой малтай юм байна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Уулбаян сум хоёр км хатуу хучилттай авто замтай боллоо

Улсын Их Хурлын дарга З.Энхболд Сүхбаатар аймагт ажиллах үеэрээ өнөөдөр /2014.11.02/ тус аймгийн Уулбаян сумын бүтээн байгуулалтын ажилтай танилцав.

Уулбаян сум энэ жил түүхт 90 жилийн ойгоо тохиолдуулан “Арж капитал” ХХК-тай гэрээ байгуулан 840.0 сая төгрөгийн өртөг бүхий 2 км урт, 7м өргөн, 5 см зузаан хатуу хучилттай /дөрвөн замын уулзвар/ авто замтай болжээ. Мөн явган хүний замын тоног төхөөрөмж авахад зориулж орон нутгийг хөгжүүлэх сангаас 20.0 сая төгрөгийн санхүүжилт гаргаж орон нутгийн “Дарцагт овоо” ХХК-тай хамтран 1 км урт, 1.5 м өргөн явган замтай болжээ. Үйлдвэрлэлийн явцад орон нутгийн 14 залууг ажиллуулж, түр ажлын байраар хангасан байна. Явган хүний замын өртөг нь 65.0 сая төгрөг болсон бөгөөд сумынхаа төвд хатуу хучилттай замтай болсноор ард иргэд тав тухтай орчинд амьдрах нөхцөл бүрдсэн хэмээн сумын удирдлагууд онцолж байлаа.

Уулбаян сум нь олон жилийн хур хог, элсний нүүдэлд дарагдсан байсан бөгөөд сумын удирдлагууд орон нутгийн иргэдийн оролцоотой есөн сарын турш ажиллаж дээрх тулгамдсан асуудлуудаас салсан байна. Мөн сумын төвдөө жишиг хороолол байгуулахаар эхлэлийг тавьсан аж. Тус сум 2013 оны ажлаар аймагтаа тэргүүлсэн бөгөөд цаашид Улсын хэмжээний жишиг сум болох зорилт тавьсан байна.

Бид улсаас таван тэрбум төгрөг авч сум орон нутгаа хөгжүүлээгүй. Зөвхөн өөрсдийн нөөц бололцоо, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн хүчин чадал дээр тулгуурлаж бүтээн байгуулалтын ажил хийж байна хэмээн сумын засаг дарга Д.Шижирбаатар хэллээ гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Аавууд гэрсэг байгаасай

“Суудаг цаг богиносч, уудаг хэмжээ багассан. Уулзах найз цөөдөж, учрах тоо хасагдсан. Шалтгаан нь энэ хоёр. Гэхдээ уулзаагүй найз, уугаагүй пиво, наргиагүй наргиандаа харамсахгүй байна. Харин, ойлгохгүй ч гэсэн хүүгийнхээ шулганан ярихыг сонсож баясаагүй бол харамсах байсан байх. Түүртмээр олон ажлынхаа дундуур сэтгэлээ гаргаж хийсэн ханийнхаа хоолыг халуун дээр нь идээгүй бол харамсах байсан байх. Ухаан сууж засарсан гэж худлаа ярих гээгүй юм аа. Аз жаргал харин хаана байгааг мэддэг болсон гэх гэсэн юм. Хөхөндөө сүүгүй ч гартаа угжтай, хүйгээр холбоогүй ч сэтгэлээрээ уяатай. Аав нь харьж явна, миний хүү…”. Хэн нэгэн ингэж бичсэн нь facebook-т хагас мянган like авчээ. Зарим нь машин дүүрэн like дарж байгаагаа зургаар илэрхийлсэн байна. Уншсан хүмүүс мундаг аав гэж магтаж, “Эр хүнийг эгшээх ийм л нэг мэдрэмж сайхан” гэж шуугижээ. Хоёр зуу гаруй хүн цааш түгээсний ихэнх нь эмэгтэйчүүд байв. Эндээс харахад аавуудыг үрсэг, гэрсэг байгаасай гэж хүсдэг хүн олон юм. Нөгөө талдаа олон хүн ийм мэдрэмжийг хүсч байна гэдэг нь аавууд гэр бүл, үр хүүхдээсээ холдож байгаагийн илрэл болов уу. Тиймдээ чолон аав үлгэр аваасай гэсэндээ тараасан биз ээ. Аав ороод ирэхэд гэр дүүрч, халуун дулаан болдог. Аавынхаа хайранд өлгийдүүлсэн хүүхэд зоригтой өсдөг гэдэг. Аав гэдэг ганцхан үг таныг хувь нэгэн биш гэр бүлийнхээ төлөө амьдар гэдгийг хэлээд өгч байгаа юм шүү дээ.

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР

Categories
мэдээ нийгэм

“Нүүдлийн хотоос-Суурин хот” үзэсгэлэн энэ сарын 07-ныг дуустал гарна

Нийслэлийн 375 жилийн ойн хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Архивын газраас хамтран “Нүүдлийн хотоос-Суурин хот” нэн үнэт баримт болон гэрэл зургийн үзэсгэлэн Үндэсний музейд гарч байна. Энэхүү үзэсгэлэн нь нийслэлийн ард иргэд, хүүхэд багачууд, хойч үеийнхэнд Нийслэл Улаанбаатар хотын түүхэн хөгжил, түүхийг таниулах, судлах, сурталчлах, их хотоо хайрлан хамгаалах хүмүүжил олгох зорилготой юм. Үзэсгэлэнд 1639-2014 он хүртэлх нийслэлийн түүхэнд холбогдох нэн үнэт 20 гаруй уран зураг, газрын зураг, 240 гаруй гэрэл зураг, Өргөө, Нийслэл хүрээ, Улаанбаатар хотын түүхэнд холбогдох 30 гаруй зарлиг, тогтоол, шийдвэр мөн баримтат кино, нийт 40 гаруй, дижитал хэлбэрээр үзүүлэх 50 гаруй үзмэрийг дэлгэн тавьсан байна. Үзэсгэлэнг арваннэгдүгээр сарын 07 хүртэл үнэ төлбөргүй олон нийтэд үзүүлнэ гэж Нийслэлийн Архивын газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Хаягдал усыг цэвэршүүлэх, ариутгах, дахин ашиглах байгууламжийг байгуулна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнгөрсөн бямба гарагт болж дараах асуудлыг хэлэлцэн, шийдвэрийг гаргалаа. Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Улаанбаатар, Дархан хотын гадна Арьс, ширний үйлдвэрийн цогцолбор байгуулах дэд бүтцийг шинээр барьж эхлэх зорилт тавьсан. Мөн УИХ-ын 2012 оны 74 дүгээр тогтоолоор арьс, ширний үйлдвэрүүдийг үйлдвэрийн шинэ бүс рүү шилжүүлэх арга хэмжээг үе шаттайгаар зохион байгуулахыг Засгийн газарт үүрэг болгосон юм. Дээрх шийдвэрүүдийг хэрэгжүүүлэх хүрээнд Засгийн газрын 249 дүгээр тогтоол гарчээ.

Арьс, ширний үйлдвэрлэлийн талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 2013 оны долоодугаар сарын 6-ны өдрийн энэ тогтоолын нэгдүгээр зүйлийг “Арьс, ширний үйлдвэрүүдийн цогцолборыг Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг “Шар хөцийн хоолой” гэдэг газарт төвлөрүүлэн байршуулсугай” гэж өөрчлөхөөр боллоо.

Арьс, ширний үйлдвэрүүдийн цогцолборын дэд бүтцийн бүтээн байгуулалтын болон хаягдал усыг цэвэршүүлэх, ариутгах, дахин ашиглах орчин үеийн дэвшилтэд технологитой цэвэрлэх байгууламжийг байгуулах ажлыг 2014 оны арваннэгдүгээр сараас эхэлж, Зам, тээвэр, барилга хот байгуулалтын яамтай хамтран шуурхай зохион байгуулахыг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Ш.Түвдэндорж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл нарт үүрэг болголоо.