Categories
мэдээ улс-төр

Цалин тэтгэврийг 30 хувиар нэмэгдүүлэх санал гаргажээ

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан өндөрлөлөө. Энэ удаагийн хурлаар бүлгийн гишүүд ирэх оны төсвийн төслийг хэлэлцэн саналаа нэгтгэжээ. УИХ дахь МАН-ын бүлэг ирэх оны төсвийн төслийг тооцоо судалгаа, үндэслэл муутай, цалин тэтгэврийг нэмэхэд зориулж 500 тэрбум төгрөг төсөвлөсөн ч хэдэн хувиар нэмэгдэх нь тодорхойгүй байна гэж дүгнэжээ.

Тус намын бүлгээс ирэх оны төсвөөс 150 тэрбум төгрөгийн зардал буурах санал оруулахаар болсон байна. Ингэхдээ хүүхэд бүрт сар бүр олгодог 20 мянган төгрөгийг 30 мянга болгон зорилтот бүлэгт олгох, цалин, тэтгэврийг 30 хувиар нэмэгдүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгодог тэтгэмжийг нэмэх санал тусгажээ. Харин Засгийн газрын тусгай сангийн зардлыг бууруулж, 135 тэрбум төгрөг хэмнэхээр тооцжээ. Засгийн газрын 15 тусгай санд нийтдээ 2,5 их наяд төвлөрдөг бөгөөд төсөвт зарцуулсан задаргаагаа тайлагнадаггүй байна. Дотоод томилолтын зардлыг 2012 оныхтой дүйцүүлэн барьсанаар найман тэрбум төгрөг хэмнэх боломжтой гэнэ.

Эмнэлэг, онцгой байдал, цагдаагийн байгууллагынхаас бусад төрийн албаны шатахууны зардлыг 20 хувиар бууруулах саналыг тус намын бүлэг гаргажээ. Түүнчлэн Орон нутгийн хөгжлийг дэмжих сангийн хөрөнгийг хэвээр тусгаад, харин зарцуулалтыг нь тодорхой болгож өгөх хэрэгтэй гэж үзжээ. Мөн төрийн захиргааны албаны орон тоог 10 хувиар бууруулвал 11 тэрбум төгрөг төсвөөс хэмнэх болно гэж тооцоолсон байна.

Categories
мэдээ улс-төр

Швейцарийн Хөгжлийн агентлагийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан өнөөдөр Швейцарийн Хөгжлийн агентлагийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Уулзалтад Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Дашдорж, Швейцарийн Хөгжлийн агентлаг/ШХА/-ийн орлогч дарга Дийпак Элмер, ШХА-ийн Засаглалыг дэмжих, төвлөрлийг сааруулах хөтөлбөрийн менежер Жак Мера, Засаглалыг дэмжих, төвлөрлийг сааруулах хөтөлбөрийн хоёрдугаар шатны төлөвлөлтийн багийн ахлагч Франсуй Парве нарын зэрэг төлөөлөгчид байлцав.

Уулзалтын эхэнд ШХА-ийн орлогч дарга Дийпак Элмер хэлэхдээ тус агентлагаас Монгол Улсад олон төсөл хөтөлбөр арга хэмжээг хэрэгжүүлж байгааг дурдаад Монгол Улын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн санаачилгаар хэрэгжүүлж буй Шууд ардчилал, Иргэдийн оролцоог хангах, төсвийг ил тод, тунгалаг нээлттэй болгох ажлууд эхнээсээ үр дүнгээ өгч байгаад нь сайшаалтай хандаж байгаагаа илэрхийлэв. Мөн энэ чиглэлд хийж хэрэгжүүлж буй ажлуудыг нь дэмжиж хамтран ажиллана гэв.

Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан хэлэхдээ Ерөнхийлөгчийн санаачилгаар олон сайн санал санаачилга хэрэгжих шатандаа явж байгааг дурдлаа. Тэрээр Иргэдийн оролцоо, төсвийн ил тод байдал, тунгалаг тогтолцоог бий болгох хүрээнд Ерөнхийлөгчийн санаачилсан Шилэн дансны тухай хууль батлагдаж 2015 оны нэгдугаар сараас хэрэгжиж эхлэх гэж байгааг дуулгаад ШХА-аас Монгол Улсад хийж хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдэд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Мөн илүү нягт уялдаатай хамтран ажиллахыг хэлж, төлөөлөгчдийн ажилд амжилт хүсэн ерөөлөө гэж Ерөнхийлөгчийн олон нийттэй харилцах, мэдээлэл боловсруулах албанаас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Тавантолгойн ТУЗ-ын гишүүд, дарга нар нь маш өндөр цалин авч байна гэв

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо үдээс хойш хурладлаа. Энэ удаагийн хуралдаанаар Тус байнгын хорооны тогтоолоор байгуулагдсан ажлын хэсгээс “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн үйл ажиллагаанд Үндэсний аудитын газартай хамтран хийсэн шалгалтын дүнг сонсох ёстой байсан ч хуралдаанд оруулах бэлтгэл ажил хангагдаагүй хэмээн хэлэлцээгүй юм.

Дөч гаруй хуудас уг дүгнэлтэнд хууль зөрчсөн ноцтой асуудлууд цөөнгүй байгаа хэмээсэн тул ажлын хэсгийн ахлагч А.Тлейханаас энэ талаар тодруулсан билээ. Тэрээр “Тавантолгой компанийг хувьчлах ёстой гэж ажлын хэсгийн дүгнэлт гарсан. Тус компани нь эдийн засгийн хувьд хүнд байдалтай хэрнээ санхүүгийн хувьд зөрчилтэй зүйл ихтэй байна. Аудит, төрийн өмчийн хорооныхон шалгасны дараагаар санхүүгийн зөрчилтэй гэдэг нь харагдсан. Нэгд, олон төрлийн хэрэггүй эд ангиуд худалдан авсан байна. Мөн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд, дарга нар нь маш өндөр цалин хангамж авч байна. 2012 оны сүүлээр гарсан тогтоолоор бол “Эрдэнэс Тавантолгой” компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга нь Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга байдаг юм билээ. Гэтэл тэр хүнд сарын 6 сая төгрөгийн цалин өгөх юм. Гишүүд нь сард 1,8 төгрөгийн цалин авч байна. Засгийн газрын тогтоосон журмаар бол төрийн өмчийн компанийн захирал, удирдах зөвлөлийн дарга, гишүүд нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлснээс дээш хэмжээний цалин, урамшуулал авч болохгүй гэх журам байдгийг зөрчсөн байна. 400 мянга орчим төгрөгийн цалин авах ёстой хүн зургаан саяыг авч байна шүү дээ. Компанийн үрэлгэн байдал, орон тоо ихээр нэмэгдсэн байна. Төв оффист нь 120 гаруй хүн ажиллаж байна. Төрийн өмчийн компани хэрнээ Төрийн өмчийн хорооны хяналтанд байдаггүй юм байна. Иймд цаашид үр ашигтай ажиллах уу гэдэг нь эргэлзээтэй байна” гэсэн юм.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Үндэсний үйлдвэр худалдааны төв байгуулна

Дотоодын үйлдвэрлэгчдийг дэмжих зорилготой Үндэсний үйлдвэр худалдааны төв үүдээ нээх гэж байна.

Хэрэглэгчдэд дотоодод үйлдвэрлэгдсэн бүхий л бараа, үйлчилгээг нэг дороос авах цэг байхаас гадна үндэсний үйлдвэрлэгчдийн борлуулалтыг дэмжсэн худалдааны төв болох аж.

Энэхүү худалдааны төв байгуулагдсанаар Монголд үйлдвэрлэл үйлчилгээ явуулж буй бүхий л үндэсний үйлдвэрүүд өөрсдийн бараа, бүтээгдэхүүнээ борлуулах юм.

Харин эл худалдааны төв нь “Нарантуул” олон улсын худалдааны төвийн хажуу талд байрлах Шөнийн захад байршихаар бэлтгэл ажлаа хангаж байна гэж ҮХААЯ-наас мэдээллээ.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

МБ валютын дуудлага худалдаа зохион байгууллаа

2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд ам.доллар, юань худалдаж авах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк 1871.11 төгрөгийн хаалтын ханшаар 12.0 сая ам.доллар, 305.85 төгрөгийн хаалтын ханшаар 74.0 сая юань тус тус худалдаж валютын захад ам.доллар болон юань нийлүүлэв.

2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 70.0 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцэл, 10.0 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл байгуулах санал тус тус ирүүлж, Монголбанк саналуудыг 100 хувь биелүүлэв.

Categories
мэдээ нийгэм

“Нийслэлийн орон сууцны хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгууллаа

Нийслэлийн Засаг даргын “Ажлын хэсэг байгуулах тухай” А/933 дугаар захирамжийн дагуу “Нийслэлийн орон сууцны хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх, гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд баригдаж буй орон сууцны эрэлтийг дэмжих зорилгоор орон сууцны санхүүжилтийн оновчтой механизмыг боловсруулах чиг үүрэг бүхий Ажлын хэсэг байгууллаа.

Ажлын хэсгийн даргаар нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат ажиллана. Орон сууцны санхүүжилтийн хувилбарыг боловсруулж Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралд 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор танилцуулахыг тус Ажлын хэсэгт даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ спорт

Ичиножёо дахиад эмнэлэгт хэвтэнэ

Монголын сүмогийн шинэ од Ичиножёо А.Ичинноров энэ сарын 9-нд эхлэх Кюүшюү башёод сэкивакэ цолтой барилдахаар болоод байгаа. Дээд зиндаанд хоёр дахь тэмцээндээ шууд сэкивакэ цолтой барилдах нь сүмогийн түүхэнд дээд амжилт болж буй. Мэргэжлийн сүмогийн олон амжилтыг шинэчлэн тогтоож буй түүний өмнө хамгийн хурдан озэки болсон, башёод түрүүлсэн зэрэг олон шинэ рекорд тогтоох зорилго хүлээж байгаа билээ.

Гэвч манай бөх сүүлийн үед өвчин хуучин, гэмтэл бэртэлд ороогдоод бэлтгэлээ хийж ч чадахгүй байгаа гэнэ. Есдүгээр сарын тэмцээнд тодорч эхэлснээс нь хойш хэвлэл мэдээллийнхэн даган хошуурч, одоо хүртэл дэвжээнийх нь гадна жижүүрлээстэй хэвээр. Гэнэт алдаршин, хэт олны анхааралд орсон нь Ичиножёогийн хувьд стресс, ядаргаанд орох шалтгаан болжээ. Хэчнээн аварга том, үлэмж биетэн ч 22 настай залуу хүү байнга анхаарлын төвд байх хэцүү зүйл. Намрын тойргийн барилдааны үеэр бүслүүр үлд-Herpes zoster өвчин тусан эмнэлэгт 10 хоног хэвтээд гарсан ч биеийн байдал сайжирсангүй. “Нэг л хүч чадал орохгүй байна. Хөл хөдөлж өгөхгүй сонин болоод” хэмээн ярьж байсан тул ояката багш нь түүнийг эмнэлэгт үзүүлжээ. Эмч нар шинжилгээ хийгээд “Аарцагны яс хэдэн милиметр зөрж, аарцагны ясанд гажуудал үүссэн байна. Байнга бэлтгэл хийдэг хүн эмнэлгийн орон дээр юу ч хийлгүй удаан хугацаагаар хэвтэхэд үүсдэг өвчин. Ичиножёо эмнэлэгт хэвтэж байхдаа өдөрт гурван удаа дусал хийлгэн, зургаан цаг хэртэй хөдлөхгүй хэвтдэг байсан нь нөлөөлжээ” гэж оношилсон байна. Ингээд Фүкүока хотноо бэлтгэл хийж байсан Ичиножёо маргааш буюу 5-ны өдрөөс эхлэн Осака хотын эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхээр болсон байна. Хоёр өдрийн эмчилгээний дараа Фүкүокад эргэн ирж, 9-нд эхлэх тэмцээний бэлтгэлдээ дахин гарах юм.

Минато ояката “Аарцагны ясны гэмтлийг эдгээхэд тусгай ор хэрэгтэй байдаг. Худалдаад авах гэсэн боловч нэг сая иенээс үнэтэй эд байлаа. Тийм болохоор Осака хотын эмнэлэгт хэвтүүлэх болсон. 7,8-ний өдөр хоёр хоног хөнгөхөн бэлтгэл хийгээд тэмцээнд орно. Дээд зиндааны бөхчүүдтэй ер бэлтгэл хийж чадсангүй. Яах ч арга алга” гэж ярьсан байна.

Categories
мэдээ соёл-урлаг

Б.Болдбаатар уран бүтээлийн цэнгүүнээ хийнэ

Монголын чөлөөт зохиолчдын холбооны гишүүн, яруу найрагч Б.Болдбаатар “Онгод хөглөсөн хийморь” уран бүтээлийн цэнгүүнээ ирэх 18-нд Монгол бөхийн өргөөнд хийхээр болжээ. Тус цэнгүүнд АЖ Мөнхшүр, Чимэдцэеэ, МУГЖ Ж.Одмаа, Н.Төмөрхуяг нарын 20 гаруй уран бүтээлч ая дуугаа өргөхөөс гадна АУЗ П.Бадарч, СГЗ Д.Нямаа нар мялаалга өргөх ажээ.

Дашрамд сонирхуулахад, тус цэнгүүнийг зохион байгуулагчдын зүгээс азтай үзэгч шалгаруулж Хөвсгөл далайд амрах эрхийн бичиг олгох юм байна. – See more at: http://entertainment.time.mn/content/50797.shtml#sthash.iYjJRaYz.dpuf

Categories
мэдээ нийгэм

Малын хулгайчийн талаар мэдээлэл өгвөл урамшуулал олгож болно

УИХ-ын Өргөдлийн байн­гын хороо Увс аймгийн малчин С.Доржоос ирүүлсэн мал хул­гай­лах гэмт хэрэгтэй тэмцэх талаар шуурхай арга хэмжээ авч өгөхийг хүс­сэн өргөдлийг лхагва гари­гийн хуралдаанаараа авч хэлэлц­лээ. Байнгын хороо асуудлыг хэлэлцээд Засгийн газарт чиглэл өгөх тухай тогтоол гаргасан бөгөөд дараахь асуудлуудыг хөндсөн юм.

ТУСАД НЬ ЗҮЙЛ ЗААЛТ БОЛГОН ХУУЛЬЧИЛЪЯ

Иргэд, малчдаас сүүлийн дөрвөн жилд малаа хулгайд алдсан талаар 9687 удаагийн дуудлага, мэдээлэл ирснээс 5050 буюу нийт хэргийн 52.1 хувьд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, 47.9 хувьд нь эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан байна. Мал хулгайлах үйлдэл нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 192000 төгрөгийн хэмжээнд хүрэхгүй тохиолдолд гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй болж эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалздаг байна. Иймд “Бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэргээс мал хулгайлах гэмт хэргийг тусад нь гэмт хэргийн зүйл болгон оруулах хуулийн төслийг УИХ-ын гишүүн Ё.Отгон­баяр, О.Содбилэг нарын 8 гишүүн санаачлан УИХ-д өргөн мэдүүлээд байна.

ХУЛГАЙД АШИГЛАСАН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙГ ОРОН НУТГИЙН ОРЛОГО БОЛГОХ ЁСТОЙ

Бэлтгэсэн мах зөрчил гаргахад ашигласан уналга, тээврийн хэрэгслийг хураан зөрч­лийг илрүүлсэн орон нут­гийн төсвийн орлого болго­но гэсэн хуулийн заалт яагаад хэрэгжихгүй байгааг тодруулахад. Хууль зүйн сайд Х.Тэмүүжин Гэмт хэргийн тухай хууль, Зөрчлийн тухай хууль батлагдахаар энэ асуудал нэг мөр шийдэгдэнэ гэсэн хариулт өглөө.

ЗАСАГ ДАРГА НАРААС ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ШААРДАНА

Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилтийн мэдээллийг ирүүлэх асуулгыг 21 аймгийн Засаг дарга нарт явуулахад Баян­хонгор, Говь-Алтай, Дархан, Увс аймгаас бусад аймаг мэдээлэл ирүүлээгүй байна.

Засгийн газрын 2005 оны 2 дугаар тогтоолоор “Мал хул­гай­лах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх сангийн үлгэрчилсэн дүрэм”-ийг баталсан хэдий ч орон нутгуудад энэ зориулалтын санг бий болгоогүй, дүрмийг батлаагүй байна.

Энэ санг байгуулж, малын индексжүүлсэн даатгал, зөрч­лийн улмаас хураагдсан мах, тээврийн хэрэгслийг худалдан борлуулсны орлогоос хөрөнгө төвлөрүүлж малын хулгайтай тэмцэх ажилд зарцуулж болохгүй юм уу гэсэн асуудал мөн хурлаар хөндөгдлөө.

МАЛЧИН Ч ХУУЛИАР ХҮЛЭЭСЭН ҮҮРЭГТЭЙ

Мал бүхий иргэн, аж ахуйн нэгж, байгууллага өөрийн өмч­лөл, эзэмшилд байгаа малаа им тамга, бусад таних тэмдэгтэй болгох, бод малд зүсийн бүртгэл хөтлөх үүрэг хүлээдэг. Энэ үүргээ биелүүлээгүй тохиол­долд 30 000 төгрөгөөр торгохоор заажээ. Хуульд мал бүхий иргэн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэг нэгжээс өөр нэгжид түр хугацаагаар оторлох болон тууварлах, шилжин суурьших тохиолдолд тухайн малчин малдаа бүртгэл хөтөлж, уг бүртгэлийг тухайн сум, дүүргийн Засаг дарга батламжилна гэсэн заалт ч хэрэгжээгүй байлаа. Түүнчлэн малчны бүртгэлийг батламжлах журам, хугацаа, хүлээлгэх хариуцлагыг тодорхой зааж өгөхөөр боллоо.

ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАА ДЭМЖИНЭ

Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг анхан шатны нэгжид 21 аймгийн 330 суманд хэсгийн төлөөлөгч нар гүйцэтгэж байгаа бөгөөд мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүрэг бүхий цагдаагийн тасаг Дорнод, Хэнтий, Төв аймгуудад, цагдаагийн хэсэг Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Дархан, Дундговь аймгууд, Багануур, Налайх дүүргүүдэд ажиллаж байгаа бөгөөд тэдгээрийн орон тоо, унаа машин техникийг сайжруулахыг даалгалаа.

Орон нутагт цагдаагийн албаны үйл ажиллагааг дэм­жих зорилгоор сайн дурын үүсгэл санаачилгыг дэмжих, тухайлбал цэргийн дүйцүүлэх алба хаагчдыг эргүүл хийх, шуурхай мэдээлэл дамжуулах үйл ажиллагаанд татан орол­цуулах боломжийг ашиглах, Мал хулгайлах гэмт хэргийн талаар мэдээлэл өгсөн иргэдийг урамшуулахыг байнгын хороо­ны хурлаар мөн санал болголоо.

Мөн аж ахуй Монголчуудын үндэсний амин чухал асуудал мөн хэдий ч Үйлдвэр хөдөө аж ахуйн яам хэтэрхий их нүсэр, үр дүнгүй ажлууд хийж ирсэн нь харамсалтай байгааг онцолж цаашид бодлогын өөрчлөлт хийж, малчин хүн өмч хөрөнгөө хамгаалах, хариуцлагажуулах талаас анхаарч ажиллах шаард­лагатай байгааг анхааруулсан юм.

ГАРАЛ ҮҮСЭЛ АРИУН ЦЭВРИЙН ГЭРЧИЛГЭЭГҮЙ МАХЫГ УЛСЫН ОРЛОГО БОЛГОНО

Гарал үүслийн гэрчилгээнд тавих хяналтыг чангатгаж, хууль бусаар гэрчилгээ олгосон тохиолдолд Засаг дарга болон малын эмчид хариуцлага тооцох ёстой. Мөн хуурамчаар хийсэн гарал үүслийн гэрчилгээгүй мах худалдаанд нийлүүлсэн бол хурааж улсын орлого бол­гох заалттай гэдгийг хатуу санууллаа.

Ийнхүү малчны өргөдлөөр УИХ-аас баталсан хуулийн хэрэгжилтийг Засгийн газраас нэхэж шаардсан Өргөдлийн байнгын хорооны ажлын хэсгийн ажил өндөрлөж, Байнгын хороо шийдвэрээ гаргалаа. Одоо Засгийн газар хэрхэн биелүүлэхийг харах үлдсэн бөгөөд энэ намрын чуулганы хугацаанд багтаан гаргасан тогтоолынхоо хэрэгжилтийг авч хэлэлцэх ажээ.

Categories
редакцийн-нийтлэл

Туулын хурдны зам ашиглалтад орвол нийслэлчүүдийн шатахууны зардал гурав дахин багасна

CPC группийн захирал Ж.Батсайхантай ярилцлаа.

-Танай компани Туул голын хойд хэсгээр тавиг­дах хурдны замын зураг төслийн ажлыг хийж гүйцэт­гэсэн. Яг хаанаас хаана хүртэл тавигдах билээ?

-“Туулын хурдны зам” төслийн хувьд Улаанбаатарын зүүнээс баруун чиглэлд буюу Баянзүрхийн товчооноос 22-ын товчоо хүртэл Туул голын хойд талаар явах юм. Нийтдээ 36 километр. Хурдны замын нэг онцлог нь техникийн шийдлээрээ хамгийн хүндэд тооцогддог. Япон гэхэд анхны хурдны замын зураг төслөө хийхдээ германчуудаас техникийн тусламж авч байсан. Хэрэгжүүлэх явцдаа өөрсдөө асар сайн суралцсан, судалсан. Тийм ч учраас Японд анхны хурдны замын төсөл хэрэгжиж эхлэхэд л япон мэргэжилтнүүд өөр орнуудад хурдны замын төсөл хэрэгжүүлж эхэлсэн байдаг юм. Энэ талаас нь харахаар хэлэхгүй орхиж болохгүй нэг өнцөг бий л дээ. Монголд анхны хурдны замын зураг төслийг хийхэд монгол компани шалгараад амжилттай гүйцэтгэнэ гэдэг бол бидний мэргэжлийн түвшний илэрхийлэл гэж боддог. Хурдны замын энгийн замаас ялгаатай нэг зүйл нь уулзварууд нь хоёр түвшинд явах юм.

-Хоёр түвшинд гэдгээ тодруулаач?

-Гүүрэн замаар дээшээ, доошоо явна гэсэн үг. Нэг түвшинд орчихоор гэрэл дохио таарах зэргээс эхлээд зогсч цаг алддаг. Харин хурдны замын хувьд тийм юм байхгүй. Туулын хурдны зам руу орлоо гэхэд ямар ч саадгүйгээр давхиж хотын нэг захаас нөгөө захад хүрэх боломжтой.

-Хурдны замын нэг том давуу тал нь нийслэлийн замын түгжрээг бууруулах гэж ярьдаг. Туулын хурдны зам баригдсанаар нийслэлийн замын түгжрээг төчнөөн хувиар бууруулна энэ тэр гэсэн бодитой судалгаа бий юу?

-Бидний хийсэн судалгаагаар автомашинууд Улаанбаатарын зам дээр 4.2 км/цаг хурдлах боломжтой гэсэн тооцоо гарсан. Явган хүн цагт дунджаар таван км/цаг алхдаг. Тэгэхээр хотын ачаалалтай замаар явж байгаа машин явган хүнээс удаан явдаг болж таарч байна. Ер нь ганц Улаанбаатарт ч биш хот суурин газрын замын бодит хурд 30км/цаг орчим гэсэн судалгаа бий. Түгжрэлгүй хэсэгт 80 км/цаг гишгэж хурдалсан байлаа ч үндсэндээ A цэгээс B цэг рүү очиход цагт 30 км хурдтай явах л боломж бий гэсэн үг. Хурдны зам барьснаар Улаанбаатар хотын нэг хязгаараас нөгөө рүү нь хүрэхэд цагт 100 км хурдлах боломжтой болох юм. 100 км/цаг бол бидний тооцоолж байгаагаар жирийн хурд. Үүнээс ч нэмэх бололцоотой. Гэхдээ өнөөдөр манай улсад мөрдөгдөж байгаа хөдөлгөөний дүрмээр бол 100 км-ээс илүү гарч болохгүй. Ийм хурдтайгаар зүүнээс баруун чиг рүү явахад ердөө л хориод минут зарцуулна. Замын түгжрээг яг төчнөөн хувиар буулгана гэсэн нарийн тоо хэлэх боломжгүй байна. Гэхдээ нэг тооцоо бий. Улаанбаатар хот 400 хүрэхгүй км замын сүлжээтэй. Туулын хурдны зам баригдсанаар Улаанбаатар хотын замын сүлжээг гучаад хувиар өргөтгөсний хэмжээний үр дүн гарна гэсэн тооцоо байдаг. Тэр хэмжээний өчнөөн км замыг гучхан км зам бариад шийдчихнэ гэсэн үг. Түгжрэлээс гарах олон арга бий. Гэхдээ хамгийн үр дүнтэй арга нь хурдны зам.

-Улаанбаатарын өнөөдрийн замын түгжрэл мэдэгдэхүйц буурна гэж ойлголоо?

-Улаанбаатар хот зүүнээс баруун тийшээгээ сунаад тогтчихсон учраас зүүнээс баруун чиг рүү хамгийн их хөдөлгөөнтэй байдаг. Одоогоор Энх тайвны гудамж, Нарны зам, Зуун айлын зам гэсэн гурван чиглэлийн зам зүүнээс баруун чиг рүү нэвтрүүлж байгаа. Туулын хурдны замыг барьсны дараа энэ гурван чиглэлийн хөдөлгөөн эрс буурах бололцоотой. Хурдны замын үр ашгийг сайн байлгахын тулд хөндлөнгөөр нь холболтууд хийх ёстой л доо. Хойноосоо урагшаа холболт хийгдэх учиртай. Жишээ нь Сэлбийн хурдны замыг дагаад урагшаа холбоно гэж яригдаж байгаа.

-Баянзүрхийн товчоо­ноос 22-ын товчоо хүртэл Туулын хойд талаар энэ замыг тавина гэсэн төсөөлөл хүмүүст бий. Маршрутыг нь нарийн хэлж өгөөч, таны түрүүний хэлсэн гүүрэн замаар бусад замтай огтлолцох хэсэг нь яг хаагуур байх вэ?

-Маршрутын хувьд 22-ын товчооны Дархан, баруун аймгууд руу явдаг дугуйрсан хэсгээс Хөлийн голын цаахна буюу Баянзүрхийн товчооны цаад талд Налайхын замтай холбогдож байгаа хэсэг хүртэл явна. Баянзүрхийн товчооноос наашлаад Маршалын гүүрний дээгүүр гарах юм. Ажилчны гудамж буюу Барилгын эрдэм шинжилгээний институтийн хажуугийн замыг урагшаа Зайсангийн замтай холбосон уулзвар гарна. Мөн Сонсголонгийн зам дээр хоёр түвшний байр байраа сольдог уулзвар гарах юм. Гурвалжингийн гүүр рүү явдаг зам бас ийм уулзвартай байна.

-Энэ хурдны зам баригдсанаар эдийн засаг талаасаа ямар үр өгөөжтэй вэ, хийсэн тооцоо судалгаа бий юу?

-Ер нь банк, санхүүгийн байгууллагууд арваас дээш хувийн ашигтай төсөлд мөнгө өгөх бололцоотой гэж үздэг. Найман хувийн ашигтай бол ашигтай гэсэн тоо ч яригддаг. Энэ бол олон улсын жишиг. Туулын хурдны зам төслийн хувьд эдийн засгийн үр ашиг нь 23 хувь гэж гарсан. Яах аргагүй ашигтай төсөл гэсэн үг. Улаанбаатар хотын хөдөлгөөний эрчмийн төсөөлөл гэсэн судалгаа хийсэн. Энэ төсөөллөөр бол тээврийн нэгж өртөг гурав дахин хямдарч байгаа. Тээврийн нэгж өртөг гэдэгт цаг хугацаа, машины шатахуун болон элэгдэл хорогдлын зардал, хугацаанаас үүдээд тухайн хүний үйл ажиллагаа явуулах зардал гэсэн гурван зүйл багтдаг юм. Мөн байгаль орчинд нөлөөлөх нөлөө талаас нь харвал үр өгөөж нь өндөр. Наад зах нь агаарын бохирдлоос илүү аюултай гэгддэг хотын тоосжилт эрс багасна.

-Төслийн хэрэгжилт ямархуу байгаа бол?

-Захиалагчийн ярьж байгаагаар санхүүжилтийн хувьд шийдэх боломж байгаа юм билээ. Гүйцэтгэгчээр нь урьдчилсан байдлаар дөрөв таван компани сонгогдчихсон. Богино жагсаалт нь гарчихсан гэсэн үг. Жагсаалтад байгаа компаниудын дунд тендер зарласан гэж сонссон.

Ц.БААСАНСҮРЭН