Categories
мэдээ улс-төр

МАН-ын бүлэг албан ёсны байр сууриа танилцуулна

МАН-аас өнөөдөр 12.00 цагт Төрийн ордонд хэвлэлийн бага хурал зарлажээ. Ардчилсан намаас Ерөнхий сайдад Ч.Сайханбилэг гишүүнийг нэр дэвшүүлэхээ мэдэгдэж, намын бүлгүүдтэй зөвшилцөл эхлүүлсэн. Анхны зөвшилцлийг УИХ дахь МАН-ын бүлгээс эхлүүлж, өчигдөр тус бүлгийн хуралдаанд Ардчилсан намын дарга, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайдад нэр дэвшсэн Ч.Сайханбилэг гишүүн нар оролцсон. Үүний дараа тус бүлэг Удирдах зөвлөлдөө танилцуулж, шийдэл гаргасан юм. Энэ талаарх албан ёсны мэдээллээ МАН-ын удирдлагууд хэвлэлийнхэнд танилцуулахаар болсон байна.

Categories
мэдээ улс-төр

М.Батчимэг: Үндсэн хуулиар УИХ, Засгийн газрыг зааглах цаг болсон

УИХ-д суудалтай намуудын найман гишүүн нэгдэж “Маргаашийн төлөө” нэртэй тунхаг гаргасан билээ. Тунхагийг санаачлагчдын нэг УИХ-ын гишүүн М.Батчимэгтэй ярилцлаа.

Юуны түрүүнд энэ тунхагийг гаргах болсон шалтгаан, тунхаг бичгийн агуулга, зорилгын талаар ярихгүй юу?

-Энэ тунхагийг гаргах болсон гол шалтгаан нь өнөөдөр бий болоод буй улс төрийн хүндрэл, засаглалын хямралыг даван туулах бодитой арга замуудыг цаг алдалгүй хурдан хугацаанд хэрэгжүүлэх. УИХ-ын олон гишүүд өнөөдрийг хүртэл туулсан зам, туршлагаасаа улс төрийг тогтворжуулах, эрүүлжүүлэхийн тулд юу хийх вэ гэдгийг мэдэж байгаа. Гол нь үүнийг хийх, хамтарч ажиллаад болохгүй байгаа асуудлуудаа хурдан шийдвэрлэх бүтээлч үйл ажиллагаа чухал байна. Бид энэ УИХ-ын үлдэж байгаа жил гаруй хугацаанд шаардлагатай өөрчлөлтийг хийх хуулиудаа гаргаж чадахгүй бол дараагийн 4 жилд хямрал үргэлжилнэ. Тиймээс бидний 8 гишүүн гишүүддээ хандаж уриалга гаргаж байгаа юм.

Улс төрийн тогтворгүй байдал газар аваад байгаа энэ үед “Маргаашийн төлөө тунхаг” цагаа олсон уриалга болжээ. Та бүхэн хэд хэдэн хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзсэн байна. Тухайлбал, Үндсэн хуульд чухам ямар өөрчлөлт оруулах шаардлагатай байна гэж үзсэн бэ?

-Нэн түрүүнд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах, түүний дотор гол нь сайд нарыг УИХ биш, Ерөнхий сайд өөрөө мэдэж томилдог болъё гэж байгаа юм.

Манай улс өнгөрсөн 24 жилд 14 Ерөнхий сайдтай байсан. Одоо 15 дахь нь томилогдох гэж байна. Нэг Ерөнхий сайд дунджаар хоёр жил ч ажиллаж чадахгүй байна шүү дээ. Тухайн Ерөнхий сайдын сайн муугаас үл хамаараад тогтвортой ажиллах боломж хомс байна гэсэн үг. Одоогийн МАН УИХ-д дангаараа үнэмлэхүй олонхийг бүрдүүлж байсан үед л П.Жасрай, Н.Энхбаяр гэж хоёр хүн сонгуулийн 4 жилд бүтэн ажиллаж. Цаашид нэг нам УИХ-д тийм суудал авах магадлал тун бага. Ийм нөхцөлд алсаа харсан хөгжлийн тогтвортой бодлого гарах, хэрэгжих боломж байхгүй. Бид Үндсэн хуулийн одоогийн зохицуулалтаар Засгийн газар тусдаа инститүц болж ажиллах боломжгүй, УИХ-аас чөдөрлүүлчихсэн байна гэж харж байгаа. МанайдЕрөнхий сайд бусад парламентын засаглалтай орнууд шиг өөрөө сайд нараа томилоод улс төржихгүй ажлаа хийгээд явах боломж байхгүй. УИХ бүх сайд нарыг томилно, томилсон сайд нараа хүссэн үедээ огцруулна. УИХ-ын гишүүд сайд нарыг томилдог учраас УИХ дээрх бүх хэрүүл тэмцэл Засгийн газар дээр үргэлжилж, тэнд төрийн нэгдмэл бодлого биш, томилсон гишүүд, фракцуудын бодлого, эрх ашгийн өрсөлдөөн үргэлжилдэг. Засгийн газар танхимын зарчмаар ажиллах, Ерөнхий сайд нэг гараар Засгаа удирдах боломжгүй.

Тэгэхээр Ерөнхий сайд өөрөө л сайдаа томилж, чөлөөлж танхимаа байгуулдаг болохгүй бол сайд нар УИХ-ын гаднаас томилогдсон ч томилсон фракц, гишүүдийн барьцаанд хэвээр байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, давхар дээлний хууль бүрэн шийдэл болж чадахгүй гэдэг нь харагдаад байна. Ийм учраас л Үндсэн хуулийн өөрчлөлтийг цаг алдалгүй хийе гэж байгаа юм.

Энэ өөрчлөлтийг хийхгүй бол дараагийн Ерөнхий сайд хэн ч болсон удаан тогтвортой ажиллах хэцүү, Ерөнхий сайд өөрөө мэдэж багаа бүрдүүлэхэд хуулийн хувьд боломжгүй, гаднаас мэргэжлийн сайд нар томилогдсон ч фракцуудаас хамааралгүй, улс төржихгүй ажиллаж чадахгүй гэж үзэж байна гэсэн үг үү?

– Яг тийм. Нэн ялангуяа энэ удаагийн УИХ дахь хүчний харьцаа ийм эмзэг, байгаа үед, хамгийн олон суудалтай байгаа манай нам дотроо ийм бэрхшээл, хагаралтай байгаа үед. Парламентын засаглалтай ямар ч оронд их хурал дээрээ улс төржилт, хэрүүл тэмцэл болж л байдаг. Тэр нь тэр болгон Засгийг бужигнуулах тэмцэл болдоггүй нь парламент, Засгийн газар нь огт хоёр өөр инститүц байж бие дааж ажиллаж болдогт байгаа юм.

Тэгэхээр Засгийн газ­рын тэргүүн танхимаа бүр­дүүлдэг болбол давхар дээл­ний асуудал ч мөн цэгц­лэгдэнэ гэж харж болох уу?

-Би дээр хэлсэн. УИХ сайд нарыг томилдог эрх нь хэвээр үлдэх л юм бол сайд нар хичнээн гаднаас томилогдсон ч УИХ-ын гишүүний барьцааны хүмүүс хэвээр үлдэнэ. Тиймээс УИХ сайд нарыг томилдгоо болих нь эхний бөгөөд суурь асуудал, үүн дээр УИХ-ын гишүүн сайд хийдэггүй, дан дээлтэй болчихвол асуудал маш их цэгцэрнэ.

Зөвхөн Үндсэн хууль биш, бусад хэд хэдэн хуулиудыг өөрчлөх санал гаргасан байна лээ. Энэ талаар?

-Үндсэн хууль бол эхний бөгөөд хамгийн чухал асуудал нь. Гэхдээ дан Үндсэн хуулиар асуудал шийдэгдэхгүй. Бид Төрийн албаны хууль, Улс төрийн намын тухай хууль, Сонгуулийн тухай хууль, хуулийн шинэчлэлийг тууштай үргэлжлүүлэх асуудлуудыг тунхагт тусгасан.

Шүүх засаглал улс төрөөс хамааралтай, улс төр нь бизнестэйгээ хутгалдчихсан өнөө үед та бүхний дэвшүүлсэн са­наачилга УИХ-аас дэм­жигдэж хэрэгжих магадлал хэр байна вэ. Тунхаг гарснаас хойш УИХ-ын бусад гишүүд байр сууриа илэрхийлж байна уу?

-Ер нь ийм өөрчлөлтийн талаар зөвхөн бидний хэдэн гишүүн эхэлж ярьж байгаа юм биш. Манай эрдэмтэн судлаачид, УИХ-ын олон гишүүн ийм чиг рүү явах нь зүйтэй гэдэгтэй санал нэг байгаа. Бид гол нь ажлыг шуурхайлуулах алхмыг эхлүүлье, ярьж сууж цаг алдахгүй байя гэж санал нэгдсэн. Өнөөдөр асуудлыг зөвхөн хэнийг ямар албан тушаал, сандал ширээ хуваах өнцгөөр хармааргүй байна. Хэн гэдэг хүн, ямар ажил хийх гэж сайд дарга болох вэ, улс төрийн намууд Засгийн газарт орвол яг юуны төлөө эвсэх вэ гэдгээ нухацтай ярилцах цаг. Намуудын эвсэх зорилго албан тушаал, бие биеэ хаацайлах хуйвалдаан байж болохгүй. Санаачилга гаргасан гишүүд дотор бүх намын төлөөлөл байгаа. Бид олонхиороо дэмжиж, санаа нэгдэх бүрэн үндэстэй энэ асуудал дээр УИХ-ын удирдлага, бусад гишүүд, намын бүлгүүдтэй хамтран ажиллая, субботникийг нь хийе гэж байгаа. Олон гишүүд энэ асуудлыг дэмжинэ, хамтдаа ажиллая гэж хэлж байна.

УИХ-д суудалтай намуудын төлөөлөл нэгдэж тунхаг бичиг гаргасан нь Үндэсний эв нэгдлийн Засгийн газар байгуулъя гэж нэг талаар уриалж байгаа мэт харагдаж байна?

-Магадгүй намууд ойлголцолд хүрээд Үндэсний эв нэгдлийн Засгийн газар байгуулагдвал энэ асуудлыг шийдэхэд тус дэм болох талтай. Гэхдээ Үндсэний эв нэгдлийн Засгийн газар байгуулагдахгүй байлаа гээд асуудлыг шийдэхгүй орхиж болохгүй. Хууль өөрчлөх нь УИХ-ын бүрэн эрхийн асуудал учраас энэ чухал асуудлыг Засгийн газраар барьцаалж гацааж, хойшлуулж болохгүй. Тиймээс бид тунхагтаа Засгийн газар хэрхэн бүрдэхээс үл хамаарч УИХ энэ ажлыг хийх ёстой гэдгийг онцолсон. Монголын төр бат бэх, тогтвортой эрүүл саруул байх нь ямар ч улс төрийн зорилгоос илүүтэй улс төрийн намуудыг, гишүүдийг нэгтгэх, цаг үеийн бэрхшээлийг харгалзахгүйгээр урагшуулал асуудал гэж бодож байна.

Шүүхийн шинэчлэлийн хүрээнд олон ажил хийсэн ч хангалттай үр дүн өгөхгүй байна гэх шүүмж бий. Маргаашийн төлөө тунхагт шүүхийн шинэчлэлийг үргэлжлүүлэх ёстой гэж тусгасан байсан. Чухам яаж ажиллах ёстойг асуумаар байна л даа?

-Хууль шүүхийн байгууллагууд улс төрөөс хамааралгүй байж, хууль дээдэлж, хүний эрхийг хамгаалж ажиллах ёстой. Сүүлийн үеийн судалгаагаар шүүх хуулийн байгууллагад авлига хамгийн их байна гэж иргэд үзэж байна. Хамгийн цэвэр, шударга, ёс зүйтэй байх ёстой шүүх хуулийн байгууллага ийм байгаа бол Монголын ирээдүй маш хүнд байдалд оржээ гэсэн үг. Тэгэхээр одоо хэрэгжиж байгаа шүүхийн шинэтгэлийг үргэлжлүүлэх ёстой. Шүүгчдийн цалин хангамжийг нэмэгдүүлснээр авлигын асуудал буурна гэсэн найдлага бидэнд байсан.Өнөөдөр аль ч шатны шүүгч УИХ-ын гишүүдээс хавьгүй өндөр цалин авч байна. Гэтэл байдал сайжрахгүй байна. Бид үүнд дүгнэлт хийх ёстой.

Тэгэхээр нэг талаас шүүхийн шинэтгэлийг тууштай үргэлжлүүлэх, нөгөө талаас манай хууль шүүхийн байгууллагынхан өөрсдөө ч, улстөрчид ч нийгэмд үлгэрлэхнь чухал байна.

Тэр ч утгаараа Маргаашийн төлөө гэсэн нэрнээсээ авахуулаад энэ тунхаг ирээдүй рүү хандаж ээ дээ?

-Үнэхээр тийм. Бидний ярьж буй энэ асуудал зөвхөн улс төрийн асуудал биш. Хойч үе, үр хүүхдийнхээ амьдрах нийгмийг сайн сайхан болгоход бид өөрсдөөс хамаарах ажлыг хийх ёстой. Аль нэг нам, хувь хүнд биш, нийт монголчуудад хэрэгтэй энэ ажлыг олон хүн дэмжээсэй гэж хүсч, уриалж байна. Үүнийг хэвлэл мэдээллийнхэн маань, хууль, эдийн засгийн салбарынхан, засаглал сайжирч, бизнес нь хөгжөөсэй гэж хүсч байгаа бүх хүмүүс өөрсдөөсөө хамаарах дуу хоолойгоо гаргаасай гэж бид хүсч байгаа. Энэ ажлыг богино хугацаанд хийж чадвал урт хугацааны өөрчлөлт авчирна гэж итгэж байна.

Та Засгийн газар тогтвортой ажиллах ёстой гэсэн уриалга гаргаж байна. Гэтэл Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг чуулганаар хэлэлцэж, санал хураалт явуулахад та танхимыг орхин гарсан. “М.Батчимэг шинэ гишүүн байж намынхаа эсрэг ажиллалаа” гэсэн шүүмж таныг тойроогүй. Нөгөө талаар танд итгэж байсан олон хүний урам хугарсан болов уу. Ямар тайлбар өгөх вэ?

– Миний одоо хийж, илэрхийлж байгаа байр суурь, чуулган дээр санал өгөөгүй хоёр хоорондоо зөрчил байхгүй гэж би бодож байна. Нөхцөл байдал өнөөдрийг хүртэл тасралтгүй муудаж ирлээ. Дорвитой өөрчлөлт гарахгүй бол байдал улам муудна. Эдийн засаг улам хүндэрнэ, намын дотоод зөрчил цаашид улам хурцадна гэж харж байсан. Улс орон хохироод зогсохгүй Ардчилсан нам ч 2016 онд маш хүнд байдалд орно гэж намын гишүүний хувьд харж байсан. Би гэнэтийн шийдвэр гаргаагүй. Бүлэг дээрээ энэ байр сууриа бүтэн сарын өмнө хэлсэн. Гэхдээ санал хураалтаар унасан нөхцөлд намд ямар хагарал гарахыг төсөөлж байсан. Иймээс би санал хураах сүүлийн мөчийг хүртэл чуулган дээр товч даруулахгүйгээр ойлголцоод асуудлаа шийдээч гэдгийг нам, бүлгийн удирдлагад хэлсэн. Ингээд үр дүнд хүрээгүй учраас би санал хураалтад оролцохгүйгээр шийдсэн. Ийм л зүйл болсон, байдлыг ийм түвшинд хүртэл бугшуулж хурцатгасанд Н.Алтанхуяг даргад би илүү бурууг өгч байгаа юм. Н.Алтанхуяг дарга нэгэнт байдал тэгтлээ хүндэрснийг мэдсээр байж өөрийг нь огцруулах санал хураалтаас өмнө өөрөө өргөдлөө өгчихсөн бол нам хагарахгүй, улс төр бага савлагаатай, Засаг их донслохгүй байж болох байлаа.

Стратеги судлаачийн тань хувьд сэдвээс хазайсан ганц асуулт байна. Монгол- Хятадын харилцааг та яаж харж байна вэ?

-Улс төрийн түвшинд хоёр талын харилцан ойлголцол сайн байгаа. Хятадын удирдлагын зүгээс манай улстай хамтран хөгжье, эдийн засгийн хөгжлийн боломжийг хөрш орондоо бүрдүүлж өгөхийн төлөө ажиллая гэдгээ илэрхийлж байна. БНХАУ-ын дарга Си Жиньпиний айлчлалын үеэр транзит тээврийн, далайн боомтын гэрээ хэлэлцээрийг байгуулсан нь далайд гарцгүй манай улсад урт хугацаанд хөгжлийн томоохон боломжийг нээж байна.

Харин бидний зүгээс хөрш орнуудаас олгож байгаа хөгжлийн боломжийг үр бүтээлчээр ашиглахын төлөө ажиллах ёстой. Үүний цаана бас эдийн засгийн аюулгүй байдал, бие даасан байдал гэж том асуудал байгааг бодох учиртай. Тусгаар улсын хувьд нэг орноос хэт хамааралтай болохгүй байх нь үндэсний эрх ашгийн асуудал. Үүнийг манай хөршүүд ч мэдээж ойлгож байгаа. Бий болгсон боломжийг Монголын төр ашиглаж чадах эсэх нь биднээс л хамаарна. Хөрш оронтойгоо аливаад авах гээхийн ухаанаар хандаж, тэнцвэртэй, хэт нэг талыг барихгүй найрсаг харилцаа хөгжүүлэх ухаалаг бөгөөд уян хатан бодлого явуулах нь чухал байна.

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
мэдээ цаг-үе

Малын эмийг амьд ус хэмээн хөөрцөглөж эрүүл мэнд, үр удмаа хөнөөж байна

-“САЙН” ГЭХ АМ ДАМЖСАН ЯРИАГААР МАЛЫН АСД ГЭХ ЭМИЙГ ХҮМҮҮС ИХЭЭР ХЭРЭГЛЭХ БОЛЖЭЭ-

Хүн эрүүл мэнддээ хамгийн хариуцлагатай байх ёстой. Гэтэл иргэд “сайн” гэх аман ярианы үнэн эсэхийг өөр дээрээ туршиж байгаа нь харамсалтай. “Бүх төрлийн өвчинд сайн. Төгс эдгээнэ” гэх ам дамжсан аман яриагаар “АСД” хэмээх малд зориулсан эмийг ихээр хэрэглэх болжээ. Мэргэжлийн хяналтын газраас сэрэмжлүүлсэн ч хүмүүс авч хэрэглэсээр байгаа аж. Тиймээс энэ эмийн талаар, хэрхэн яаж борлуулагддаг талаар сурвалжиллаа.

ҮР ХҮҮХЭД ЗАЯАЛГАДАГ ЭМ ГЭВ ҮҮ

Зар түгээдэг вэб сайтуудаас хайхад “АСД эм зарна. Монгол заавартайгаа. Үйлдвэрийн оргинал нь” гэх зар хэдэн янзаараа гарч ирнэ. Зарын дагуу холбогдоход бүгд сайн, сайхан гэж магтах аж. Тэдэнтэй ярихад анхаарал татаж байсан зүйл нь бүгд хувиараа ганц, хоёр ширхгийг л оруулж ирж байгаагаа хэлсэн юм. Үнэхээр эм бол Монголын Улсын хилээр тусгай зөвшөөрлийн дагуу орж ирж, хүнд зориулагдсан гэдгээр бүртгэгдэх учиртай. Гэтэл хүмүүс нууцаар оруулж ирээд нууцаар зараад байгаа нь анхаарал татав. 9918-тай утасны дугаараар зар өгсөн эмэгтэй “Манай өвөө хавдартай хүн байсан юм. Уугаад амьдрах хугацаа нь уртассан. Бурханы оронд очтол ухаан санааг нь эрүүл байлгадаг юм. Одоо манайхан бүгд хэрэглэж байгаа. Би гэр бүлийнхэнтэйгээ хэрэглэх гэж хоёр ширхгийг авчирснаа хямд зарах юм. Хүсвэл хүргээд өгнө” гэв. “Танай гэрийнхэн бүгд хавдартай болоод АСД хэрэглээд байгаа юм уу” гэж асуутал ихэд уурлаж “Зөвхөн хавдартай хүн хэрэглэдэггүй. Дархлаагаа дэмжих зорилгоор хүн бүр хэрэглэж болно. Бүр турах зорилгоор ч уудаг хүн олон бий. Үр хүүхэдтэй болж чаддаггүй хүмүүс уугаад үр хүүхэдтэй болсон гэдэг яриа байгаа. Хүүхэд заяахгүй байх чинь дархлаатай холбоотой юм байна. Дархлааг нь дэмжээд өгөхөөр аяндаа хүүхэд заяадаг. Харин тэр дархлааг нь АСД дэмждэг” гэв. Яг ямар өвчинд хэрэглэдэг талаар дахин лавлахад “Би эмч хүн биш яаж мэддэг юм. Оросууд тэр чигээрээ хэрэглээд сайхан байгааг хүмүүсээс асуугаач” гэж бухимдангуй хариулав. Ер нь малд зориулсан АСД эмийг зарж байгаа хүмүүс эрүүл мэндийн ямар ч мэдлэггүй, ам дамжсан яриаг эх сурвалж болгон бүтээгдэхүүнээ борлуулдаг нь ажиглагдаж байв. Ядаж тэр эмийнхээ найрлагыг хэлж мэдэхгүй үүх, түүх ярих хүн олон байлаа.

АСД-ИЙН ТАЛААР ТҮҮХ ХҮРТЭЛ ЗОХИОЧИХОЖ

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн үүдэнд малын “АСД” эм нууцаар зардаг хүн олон юм. Ойр дотнынх нь хүн өвчиндөө шаналж байгааг харсан хүн хэд хоног ч гэсэн зовлонгүй байлгахын тулд юуг ч хамаагүй худалдаад авчихаж мэдэхээр байдаг юм байна. Энэ зовлон дээр нь тоглож малын эмийг амьд ус гэж нэрлэн зарж байгаа нь харамсалтай санагдав. Өвчтэй хүмүүст малын эмээ “Амьд ус” гэж нэрлэн зарахдаа түүх хүртэл зохиочихож. Тэр түүхийг нь уншихад их нь нууцлаг эм бололтой юм. АСД эмийн түүх “Михайл Иванович эмнэлэгт хэвтэж байхдаа эмнэлгийн цонхны тавцан дээрээс шарлаж, урагдсан сонингийн тасархай олсон нь түүний амьдралыг орвонгоор нь эргүүлсэн. Иванович энэ сонингийн тасархай түүний гарт ирсэн нь тохиолдол биш бурхны явуулсан гайхамшиг гэж үздэг” гэж эхэлнэ. Улмаар тэр өвчтөн АСД хэмээх гайхамшигт эмийн талаарх мэдээллийг сонины тасархайнаас уншиж, эхнэр нь эрэл сурал болж олсны хүчинд эрүүл болж байгаагаар түүх үргэлжлэх юм. Бас “1943 онд Засгийн газар олон арван янз бүрийн шинжлэх ухааны академийн лабораторид хүн болон амьтныг цацраг идэвхит бодисоос хамгаалах, хүний биеийн эсэргүүцлийг өндөржүүлэх эм гаргаж авах нууц даалгавартай байлаа. Зөвхөн Дорогов АСД-г байгуулсан холбоот улсын мал эмнэлгийн туршилтын лабораторид амжилт олсон юм” гээд “Ихэнх эмч нар малын эмчийг хоёрдугаар сортын буюу өөрсдөөсөө дорд үзсээр ирсэн явдал байлаа. Тиймээс эмийг анх нээсэн Дорговыг АСД гэсэн эмнээс Д-г хасаж анагаах ухаанд хэрэглэх саналыг тавихад өөрийг нь устгах боломжтой гэж үзээд зөвшөөрөөгүй” гэжээ. АСД-г тойрсон энэ мэт зохиомол яриа олон юм. Мэлхийний арьс, өндөгний уурагнаас гаргаж авсан л гэнэ, шоронд цаазаар авах ялаар шийтгүүлсэн хүмүүст туршиж байсан л гэнэ. Орост цэргийн өндөр албан тушаалтнууд нууцаар хэрэглэдэг байсан, зохиогчийнх нь амийг бүрэлгэсэн гэх мэт аман яриа их байх юм билээ. Оросын сайтуудаас хайхад ч албан ёсны бус сэтгэгдэл, аман яриа хэлбэрээр энэ эмний тухай их бичжээ. Харин албан ёсны сайтууд, албан байгууллагын мэдээлэлд АСД-г зөвхөн малд хэрэглэдэг гэдэг мэдээлэл тавьсан байсныг онцолъё.

АМЬД УС” ГЭВ ҮҮ

Монгол заавар гээд байгаа гурван хуудас цаасан дээрх түүх мэт зүйлийг бичсэнээс гадна хэрэглэх заавар, ямар өвчний үед яаж хэрэглэхийг заажээ. Дур мэдэн заавар гаргахдаа бүр хүүхдэд хэрэглэж болно гэж онцолжээ. Тодруулбал, “АСД нь маш хурц тааламжгүй үнэртэй тул бүх тохиолдолд буцалсан хүйтэн ус хэрэглэнэ. Хүүхдэд сүүтэй хэрэглэж болно” гэжээ. Таван дуслаар таван өдөр уухаас эхлээд 20 дусал хүртэл уух гэнэ. Дараа нь бууруулаад буцаад таван дусал дээрээ барих юм байна. Танилцуулгад дурдсанаар ямар ч өвчинг цааш нь явуулахгүйгээр бүрэн зогсоож чаддаг гэнэ. Уушгины сүрьеэ, бөөр, бэлгийн замын өвчин, арьсны өвчин, нүдний эмгэг, чихний үрэвсэл гээд ер нь бүх төрлийн өвчинг анагаах шидтэй мэтээр бичжээ. Хачирхалтай нь эмийн найрлагын талаар ганц үг тавиагүй байв. “Шидтэй эм мэтээр тайлбарлаж, бүх өвчинд сайн гэж ухуулж, нууц жортой мэтээр ярих нь хуурамч бараа бүтээгдэхүүнийг зарах нэг арга. Ийм учир битүүлэг зүйлийг хэрэглэх нь өөрөө маш том эрсдэл дагуулдаг” гэдгийг учир мэдэх хүмүүс ярьж байв.

Зарж байгаа хүмүүс нь малын АСД эмийг “Амьд ус” хэмээн зарахдаа ихэвчлэн өөрөө хэрэглэж байсан, ойр дотнынх нь хавдартай хүн хэрэглээд эрүүл болсон мэтээр ятгадаг юм байна. Гэвч АСД хэмээх эм нь зөвхөн малд өгөхөөр зориулагдсан бөгөөд Орост ч, Монголд ч малын эм гэдгээрээ л борлуулагддаг юм байна. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас “Сүүлийн үед иргэд “Хүний аливаа өвчинд сайн байна” гэсэн ам дамжсан яриагаар АСД-3Ф, АСД-2Ф гэсэн малын эмийг өөрсдөө дур мэдэн малын эмийн сангаас авч хэрэглэх явдал гарсаар байна. Эдгээр эмүүдийг Малын эмийн сорилт баталгаажуулалтын улсын лабораторид шинжилгээнд хамруулан ҮХААЯ-ны “Малын эмийн салбар зөвлөл”-ийн хурлаар хэлэлцэж ОХУ-ын Агроветзащита, Армавирская биофабрика гэсэн үйлдвэрүүдэд үйлдвэрлэгдсэн хэлбэрээр “Монгол Улсын малын эмийн бүртгэл”-д бүртгэсэн бөгөөд мал эмнэлгийн практикт хэрэглэдэг.

Аливаа эмийг шинээр бүтээхдээ эм зүй, хор судлал, эм судлалын буюу эмийн кинетик, динамикийн чиглэлээр судалгаа хийж аюулгүй, эмчилгээний өндөр идэвхтэй гэж тогтоосон нөхцөлд шинжлэх ухааны үндэслэлтэй батлагдсан аргачлалаар эмнэл зүйн буюу практикт туршилтыг явуулдаг. Туршилтын үр дүн сайн, зохимжтой гарсан тохиолдолд зохих журмын дагуу эмийг хэрэглээнд гаргадаг.

АСД-3Ф, АСД-2Ф эмүүдийг энэ дагуу судалж, шинжлээд хүн эмнэлгийн бус мал эмнэлгийн хэрэглээнд зориулан гаргасан байна.

Иймд АСД-3Ф, АСД-2Ф эмийг хүнд дур мэдэн хэрэглэхгүй байхыг зөвлөж байна. Аливаа эм, бэлдмэлүүд өөрийн үзүүлдэг гаж, дагалдах сөрөг нөлөөтэй. Энэ нь эмийг хэрэглэсэн үед эсвэл хэсэг хугацааны дараа хүний биед сөрөг нөлөө илэрч болох талтайг анхаарна уу” гэдэг сэрэмжлүүлгийг дайсан юм.

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР

Categories
мэдээ цаг-үе

Визгүй зорчдог болсноор хамаатан садангууд Эрээнцавын хил дээр уулзалдаж байна

Монгол, Оросын иргэд энэ сарын14-нөөс харилцан визгүй зорчиж эхэлсэн билээ.ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины манай улсад хийсэн ажлын айлчлалын үеэр Монгол, Оросын иргэд харилцан визгүй зорчих хэлэлцээрийг баталсан. Энэ хэлэлцээрийн дагуу хоёр улсын иргэд 30 хоногийн хугацаанд харилцан визгүй зорчих юм. Уг хэлэлцээр хэрэгжиж эхэлсний эхний өдөр буюу энэ сарын 14-нд Монголын 530 гаруй иргэн ОХУ руу хил гарч, Оросын 300 орчим иргэн Монгол Улсад нэвтэрсэн гэдэг мэдээллийг ИХШХЕГ-аас өгсөн юм. Тэгвэл Гурван улсын хил дээр оршдог Дорнод аймгийн Чулуунхороот сум буюу Эрээнцавын хилийн боомтоор хоёр орны иргэд визгүй зорчдог болсонтой холбогдуулан ямар үйл явдал болж байгаа талаар иргэдээс тодруулсан юм. Бид Эрээнцавын гаалийн ажилтанЖ.Ганчимэгээстодруулахад “Манай улсаас энэ сарын 14-нөөс эхлэн ОХУ-тай харилцан визгүй зорчдог болсноор олон иргэн хил гарлаа. Хилээр гарсан иргэдийн ихэнх нь наймаа эрхэлдэг иргэд. Манай сумын 150 гаруй хүн урд хөршийн барааг ОХУ-ын хил давуулан Чита муж руу гаргадаг юм. ОХУ-аас өдийд цөөхөн хүн манай улс руу орж ирдэг. Долоо хоногтоо хоёр гурван хүн л манай улсад ирдэг юм. Тэгсэн визгүй болсон чинь олон хүн манай улсын хилээр нэвтэрлээ” гэв.

СУМАНД ЗОЧИД БУУДАЛ,ДЭЛГҮҮР, САУН, ЦАЙНЫ ГАЗАР БАРИГДАЖ ЭХЭЛЛЭЭ

Чулуунхороот сумын Засаг дарга З.Гэрэлт-Одоос цөөн асуултад хариулт авсан юм.

ОХУ-тай манай орон харилцан визгүй зорчдог болсон. Танай суманд визгүй зорчдог болсноор хөл хөдөлгөөн хэр нэмэгдэж байна вэ?

-Манай сумын иргэдээс эхлээд ойролцоо сумынхан хүртэл хилийн дагуу байдаг тосгод, Чита муж руу явцгааж байна. Мөн Манжуур орох гэж байгаа хүмүүс ч хилээр нэвтэрч байна. Өдийд хөл хөдөлгөөн бага байдаг бол одоо манай сумаар хөл хөдөлгөөн ихтэй байна. ОХУ-ын иргэд ч манай суманд ирээд хонож, өнжөөд явж байна. Суманд хөл хөдөлгөөн нэмэгдэж байгаагаас бизнес эрхэлдэг иргэдэд таатай орчин бий болж байгаа нь ажиглагдаж байна. Зарим иргэн зочид буудал бариад эхэлж байхад дэлгүүр, саун, цайны газар гээд үйлчилгээний төвүүд баригдаж эхэллээ. ОХУ-ын компаниуд ч манай сумын Засаг даргын Тамгын газрынхантай уулзаж байна.

Тэд ямар ажлаар та бүхэнтэй уулзаж байна вэ?

-Дөнгөж сая гэхэд ОХУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд ирж уулзлаа. Тэд хоёр орон визгүй зорчдог болсонтой холбогдуулан хоёр орны иргэдийг аялуулах гэж байгаа гэдгээ бидэнд хэллээ. Мөн том худалдааны төв сумын төвд баримаар байна гэсэн гэв.

ОРОС НАЙЗ МААНЬ ИРЖ УУЛЗЛАА

Эрээнцавын сумаас ОХУ-ын Соловьевск тосгон километр хүрэхгүй зайд оршдог. Гэвч дээрх хоёр сум тосгоны иргэд сүүлийн 20 гаруй жилийн өмнөөс харилцаа нь тасарчихсан гэхэд болно. Улз голын хоёр захад орших мөртлөө бие биенээ огт танихгүй мэт нам гүм амьдардагбайна.Уг нь 1990 оноос өмнө сум, тосгоны иргэд бие биенийхээ гэрт айлчилдаг.Эрээнцавд хамтарч газар тариалан эрхэлдэг байсан юм. Бүр дотнын найз, гэр бүлийн найзууд болсон хүмүүс ч олон.Их найрагч Д.Нямсүрэн гэхэд зундаа гэрээсээ хөл нүцгэн явсаар хил гарч орос найзуудтайгаа уулзалдаж найрлаж байгаад орой гэртээ ирдэг байсан гэдгийг сумын төвийнхөн ярьж байсан юм. Тэгвэл харилцан визгүй зорчиж байгаатай холбогдуулан голын хоёр захаас бие биеэ санагалзаж суусан монгол, орос найзууд уулзалдаж байгаа гэнэ. Энэ талаарЧулуунхороот сумын иргэн Б.Цогтсайхан “Эрээнцавын сангийн аж ахуй байх үед оросууд ирж газар тариалан эрхэлж байсан юм. Ёстой л цэл залуухан байхдаа атрын шан таталцаж найган шаргалтсан тариаг хамт хурааж байлаа. Тэгсэн 1990 оноос хойш орос найзуудтайгаа уулзаж чадахаа байсан. Уг нь саахалтын зайд л амьдраад байгаа мөртлөө хилээр хашигдаад уулзаж чадахгүй байлаа. Визгүй зорчдог болсон чинь манай найз Саша намайг сураглаад ирж уулзалдлаа. Уг нь манай сумынхан ч Орос руу цагаан хуудсаар нэвтэрч болдог байсан. Бигадаад паспорт байхгүй гээд хилээр нэвтэрч чадахгүй өдий хүрсэн юм. Манай сумын хэдэн хөгшчүүл бүгдээрээ хил нэвтэрч найзуудтайгаа уулзана гээд л яриад байгаа” гэв.

ӨВӨӨГИЙНХӨӨ ХАМААТНУУДТАЙ УУЛЗАХ ГЭЖ БАЙНА”

Эрээнцавын хил дээр хамаатан садангуудын уулзалт болж байгаа гэнэ. ОХУ-д амьдардагБуриад зоныхон ах, дүү хамаатан садангаа дагуулаад Монголд байдаг хамаатнуудтайгаа уулзалдахаар ирж байгаа аж. Харин Монголын талаас хамаатнуудаа тоссон хүмүүс Эрээнцавын хил дээр ирээд баярлаж хөөрч байгаа гэнэ. МөнОХУ-д амьдардаг хамаатан садантайгаа үр, хүүхдээ танилцуулах гэж гэр бүлээрээ хилээр гарч байгаа хүмүүс ч байгаа гэнэ. Өмнө нь “Алтаргана” наадам зохион байгуулж Монголын буриадууд ОХУ-д амьдарч байгаа хамаатнуудтайгаа уулзалддаг байсан бол визгүй зорчдог болсноор дуртай үедээ бие биенийдээ зочилж болох гэнэ. Дорнод аймгийн Гурванзагал сумын иргэн Б.Батсүрэнтэй холбогдлоо. “Манай өвөөгийн хамаатнууд агийн буриадууд юм. Уг нь Эрээнцавынхилээс холгүй байдаг. Хэлмэгдүүлэлтийн үед л хил гараад явчихсан гэж өвөө ярьдаг байсан юм. Өвөөгийнхөө хамаатнуудтай уулзах гээд явж байна. Хилийн цаана Багадаев ахын хүү биднийг машинтай тосч байгаа гэсэн. Өвөөгийнхөө хамаатнуудтай уулзахаар явах гэж байна” хэмээн ярив. ОХУ-тай харилцан визгүй зорчдог болсноор гурван улсын хилийн зааг дээр оршдог Эрээнцавын хил дээр ийм үйл явдал өрнөж байгаа аж.

Э.ХҮРЭЛБААТАР

Categories
мэдээ цаг-үе

Г.Ундармаа: “Итгэлийн танхим” төсөл цаашид ч үргэлжилнэ

Жүжигчин Г.Ундармаатай ярилцлаа.

Та “Шинэ үе” продакшныхаа тоглолтод оролцолгүй нэлээд удлаа. “Шинэ үе”-ээс гарсан гэх юм?

-Одоохондоо тоглолтод орохгүй байгаа. Хамтлагаасаа гараагүй. Чөлөө авсан.

Тэгвэл хэзээнээс “Шинэ үе”-ийн уран бүтээлд оролцох вэ?

-Одоогоор төлөвлөсөн ажлууд байна. Ажлуудаа цэгцэлчихээд хамтлагийнхаа уран бүтээлд орох байх.

-“Single ladies” уран сайхны кино амжилттай болсон. “U-Фильм”-ийн дараагийн уран бүтээл хэзээ гарах бол?

-“U-Film” хоёр дахь уран бүтээлээ удахгүй үзэгчдэдээ хүргэхээр ажиллаж байна. Зураг авалт дууссан. Дуу оруулалт, хөгжим гэх мэт ажлууд яг одоо хийгдэж байна. Миний хамгийн сайн мэдэх, хамгийн ойр сэдэв бол эмэгтэйчүүдтэй холбоотой гэж би боддог. Учир нь би охин, хүүхэн, бүсгүй, эмэгтэй, эхнэр хэмээн нэрлэгдсэн эмэгтэй хүн. Хэдэн жилийн дараа эмээ гэж бас нэрлэгдэнэ. Эмэгтэй хүний сэтгэлийг, эмэгтэйчүүдийнхээ хүсэл мөрөөдлийг, тэднийхээ амьдралыг ямар ч эрдэм номноос илүүтэйгээр мэдэх учраас л уран бүтээлийнхээ сэдвийг эмэгтэйчүүдтэй холбоотой сэдвээр бүтээж туурвих хүсэлтэй байгаа.Анхны бүтээл маань “Single ladies” инээдмийн кино. Хүмүүс ам сайтай байдагт, бас өнөөдрийг хүртэл “Univision” дээр хүмүүс давтаж үзсээр байгаа гэсэн мэдээллийг сонссондоо баяртай байгаа.

Хоёр дахь кино ямар сэдэвтэй байх бол. Хэзээнээс үзэгчдийн хүртээл болох вэ?

-Уянгын драм байна. Энэ бүтээлээрээ ямар бүсгүй хамгийн аз жаргалтай вэ гэсэн асуултад хариулт өгөхийг, харуулахыгхичээлээ. Киноны нээлт нэгдүгээр сард товлогдсон. Энэ удаа их цаг хугацаа, хүч хөдөлмөр шаардсан зураг авалтуудыг хийсэн.

Найруулагчаар нь та өөрөө ажилласан уу. Кинондоо дүр бүтээсэн үү?

-Ерөнхий найруулагчаар ажилласан. Энэ удаа дүр бүтээсэнгүй. Харин “Single ladies”-ыг манай “U фильм”-ийн анхны уран бүтээл гэдэг утгаараа хоёр бүсгүйтэй хамтарч тоглосон.

Ямар уран бүтээлчидтэй хамтран ажиллаж байгаа вэ?

– Хамтарч ажилласан уран бүтээлчид болон шинэ уран бүтээлийн тухай мэдээлэл удахгүй цацагдаж эхэлнэ. Тэр үед бүх мэдээллийг өгье.

ЭХЭМҮТ-ийн хүлээлгийн танхимыг тохижуулсныг тань харсан. Дараагийн “Итгэлийн танхим” төсөлт ажил эхэлсэн үү?

– Хэдий би санаачилсан ч гэсэн энэ ажил бүхний ард маш олон сайхан сэтгэлтэй бие биенээ дэмжье, хамтын хөдөлмөрийн үр шимийг үзье, хамтдаа бүтээе гэсэн хүсэл эрмэлзэлтэй олон хөдөлмөрч бүтээлч хүмүүс байдаг юм шүү гэдгийг онцлон хэлмээр байна.

Гурав дахь төслөө хэрэгжүүлэхээр судалгааны ажлаа эхлүүлсэн байгаа.Маш сайн судалгаа, тооцоо, төлөвлөлт, бэлтгэл ажлын үр дүнд ажил хурдацтай мөн үр дүнтэй хэрэгждэг. Одоо харьцангуй туршлагажсан байна. Тэгэхээр үйлчлүүлэгчид, мөн төсөл хэрэгжих байгууллагадаа аль болох хүндрэл учруулахгүйгээр түргэн шуурхай чанартай бүтээн байгуулалтыг хийж гүйцэтгэж өгч чадна гэдэгтээ улам л итгэлтэй болж байна.

-“Итгэлийн танхим” төслийг хэрхэн эхлүүлж байсан юм бэ?

-Ер нь хамгийн анхны ажил бол Улсын Клиникийн нэгдүгээр амаржих газрын хүлээлгийн танхимыг засаж тохижуулах ажил байсан. Гэхдээ энэ нь телевизийн реалити шоунд оролцож ялагч болсон сайхан түүх юм. Харин яг “Итгэлийн танхим” ТББ байгуулаад эхэлсэн анхны ажил бол Улсын клиникийн төв эмнэлгийн Яаралтай түргэн тусламжийн хүлээлгийн танхимыг сэргээн засварлах, тохижуулах ажил байлаа. Тэндхийн хоёр хүлээлгийн танхим, үзлэгийн өрөө, хоёр ариун цэврийн өрөө, коридор, эмч нарын өрөө, эмч нарын амралтын өрөө зэргийг нийт 88 сая төгрөгийн төсөвтэйгөөр засаж тохижуулсан.

Дараагийнх нь ЭХЭМҮТ-ийн зөвлөх поликлиникийн хүлээлгийн танхимыг мөн л 80 гаруй сая төгрөгийн төсөвтэйгөөр сэргээн засварлаж тохижуулсан. Маш их ачаалалтай эмнэлэг шүү дээ. Өдөрт 600-700 хүн үйлчлүүлдэг. Тохижилтын ажил дажгүй болсон шүү. Надад бол таалагдсан. Яг л нэг орчин үеийн эмнэлэг шиг болсон гэж бодож байгаа.

Төсөл хэрэгжүүлэхдээ та өөрөөсөө хэдэн төгрөг гаргасан бэ?

– Эхнийхээ төсөл дээр хувиасаа найман сая төгрөг,хоёр дахь төсөл дээрээ арван хоёр сая төгрөг зарцуулсан байгаа.

Тохижилтын зураг, дизайныг хэн гаргадаг вэ?

-Заслын тухайд мэргэжлийн компанид ханддаг юм. Тэдний гаргасан зургийг би өөрөө батална. Мэдээж хэрэг өөрийнхөө санааг тусгана. Харин материал сонголтыг цэвэр өөрийнхөөрөө сонгосон. Барилгын инженертэйгээ ярилцаж байгаад материалаа авдаг. Зуун айлаар зуун удаа явна шүү дээ. Өглөө эрт бэлтгэлийнхээ хувцасыг өмсөж аваад л цемент, шохойгоо машиндаа ачаад л явж өгнө. Олон өдөр ингэж гүйдэг ч нэг л өдөр үсээ янзлуулчихсан, гоёлын даашинзаа өмсөөд хийсэн ажлаа хүлээлгэж өгөхөөр хамтарч ажилласан хүмүүстэйгээ гар барилцаад баярлаж зогсох тэр мөч хамгийн амттай байдаг.

Эмнэлгийн удирдлагууд, ажилтнууд таны саналыг яаж хүлээж авдаг вэ?

– Мэдээж дуртай хүлээж авна. Мянга мянган хүний эрүүл мэндийн төлөө өдөр шөнөгүй зүтгэж байгаа хүмүүс тухтай орчинд ажиллах ёстой шүү дээ. Энэ ажлыг эхлүүлснээрээ маш олон хүнээс талархлын үг сонсож байгаа. Фэйсбүүкээр баяр хүргэсэн, урам хайрласан захиа их ирнэ. “Эмнэлэг дээр очиж үзлээ. Зүгээр л нэг жижиг өрөө тохижуулсан юм байх гэж бодсон чинь том заалыг тэр чигээр нь тохижуулсан юм байна” гэж хэлнэ. Хүнд гоё үг хэлж чаддаг хүмүүс сайхан энергитэй шүү дээ. Түүнээс нь бас их эрч хүч авна. Ирсэн захиа бүрт ажлынхаа заваар хариу илгээхийг боддог юм. Ер нь хүний төлөө хийсэн сайн сайхан үйл бүхэн эргээд өөрт маш гоё энерги, хүч чадал, урам зориг, баяр баясгалан бэлэглэдэг шүү дээ. Нэг удаагийнхаа төрсөн өдрөөр нэгдүгээр амаржих газарт мэндэлсэн 50 хүүхдэд бэлэг тараалаа. Тэгсэн энэ жил захиа ирж байна аа. “Өнөөдөр манай охины төрсөн өдөр болж байна. Бас таны төрсөн өдөр. Охин минь хорвоо дээр мэндлээд анхныхаа бэлгийг танаас авсан. Нөхөр бид хоёр охиндоо таны нэрийг өгсөн” гэж бичсэн байсан.

Компаниудад хамтарч ажиллах санал тавиад үгүй гэсэн хариулт сонсож байв уу?

-Ганц хоёр тийм газар бас байна. Мэдээж хэрэг сэтгэлд нь тусалчих юмсан гэсэн санаа байдаг л байх. Төсөв мөнгө нь тусгагдаагүй, энэ удаадаа боломжгүй гэх мэт шалтгаанууд гардаг. Харин миний сэтгэл нэг зүйлд их зовдог. Надад тусалж, төслийг минь дэмжсэн албан байгууллага, найз нөхөд, хувь хүмүүстээ баярлалаа гэж хэлэхээс өөрийг хийж чадахгүй байна. Тэднийгээ баярлуулж чадахгүй байна даа гэж санаа зовдог. Танай сониноор дамжуулаад хамтран ажилласан, тусалж дэмжсэн бүх хүндээ баярлалаа гэж хэлье. Бүр чин сэтгэлээсээ дахин дахин үргэлж баярлаж явдаг шүү гэдгээ илэрхийлье.

Төслийн ирээдүйтэй холбоотой таны мөрөөдөл юу байдаг бол?

-Их гоёор мөрөөддөг юм. Гадныхны хөлөө олчихсон буяны байгууллагыг хараад дотроо битүүхэн атаархана. Гэхдээ хүмүүсийг авч ажиллуулахад цалин өгөхгүй байж болохгүй. Цалин өгөхөөр нэг ч гэсэн материалаа авчихмаар байдаг. Ер нь ажлаа явуулахад заримд нь цалин өгнө. Бас сэтгэлээрээ мөнгө, төгрөг гэхгүй ажиллаж байгаа залуучууд бий. Яваандаа тогтсон цалинтай хэдэн ажилтантай, олон хүнд хүрэх сайхан ажил хийнэ л гэж боддог. Харин би өөрийнхөө уран бүтээлийг хийхдээ хүнээс мөнгө гуйж чаддаггүй. “Single ladies” киног хийхдээ өөрийнхөө ахад хандсанаас биш аль нэг байгууллагаар ивээн тэтгүүлээгүй. Тэгж гуйж чадахгүй юм билээ.

С.АЛТАНЦЭЦЭГ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Рональд Сайханбилэг

2007-2008 онд Канадын МкГилл их сургуулийн Агаар сансрын эрх зүйн институтэд суралцах завшаан надад тохиолдсон юм. Тус институтийн захирал нь доктор Пол Демпси хэмээх америк багш бий. Демпси болАмерикийн тээврийн яаманд олон жил ажилласан асар туршлагатай хуульч билээ. Бидэнд Public International Air Law, Private International Air Law, Airline Business and Law гэдэг 3 хичээлийг Демпси заадаг байв. Одоо ч тэндээ тэр хичээлүүдээ заасаар л байгаа. Түүний бичсэнномууд нь асар уншууртай, уран хэллэгтэй, учиг гаргалгаа нь янзтай, уншаад нэг эхэлбэл хоолоо ид, пиаваа уу гэж дуудуулж байж л салахаар тийм шимтэй бичдэг багшсан.Демпси хичээл дээрээ маш их түүх ярьдаг, гоё ч тайлбарладаг ер нь миний амьдралдаа хичээлд нь сууж байсан багш нараас тооны (гавьяат) багш Ж.Нямжавтай л дүйж очихоор мундаг заадаг багш байж билээ.

Public Law дээр тэр нэг түүх ярьсныг та нартай хуваалцъя.Агаарын навигацын эрх зүйн лекц дээр 1981 оны нислэгийн удирдагч нарын ажил хаялтыг Рейган хэрхэн шийдсэн кейсийг ярьж байлаа. Тэр үед нислэгийн удирдагчид орон даяар ажил хаялт зарлаад Америкийн бүх иргэний нислэг зогсож, нислэгийн удирдлагын цамхагууд хоосорч засаг төр нь нуман тулгуурт ороод байсан гэдэг. Рейган 48 цагийн дотор ажилдаа ирэхийг сануулсан боловч нислэгийн удирдагчдын холбоо байр сууринаасаа хөдөлсөнгүй. 48 цагийн хугацаа дуусмагц бүх 11345 нислэгийн удирдагчдыг бүгдийг ажлаас нь халаад оронд нь цэргийн нислэгийн удирдагчид болон менежер дарга нарыг нь нислэгийн хяналтын цамхагт түр суулган өөр нислэгийн удирдагчид ажилд авч, сургаж дуустал ажиллуулсан байгаа юм. Шинэ нислэгийн удирдагч ажилд авч өмнөх орон зайг дүүргэх энэ процесс юутай ч 2007 он хүртэл дуусаагүй байсан бөгөөд намайг энэ түүхийг сонсож суухад мөн л Америкийн нислэгийн удирдлагын цамхагуудын 20 орчим хувьд нь хоосон, маш олон жижиг нисэх буудлууд нислэгийн удирдагчгүй хэвээрээ л байсан билээ.

Хамгийн гол нь тэр лекц дээр ярьсан нисэхтэй холбоогүй түүхийг одоо ярихыг хүсэж байна. Демпси ийн ярьсан юм. Багшийн ярьсныг үг үсгээр нь санахгүй ч багцаалбал нэг иймэрхүү зүйл ярьсан нь санаанд тод байна.

Рейганы өмнө Жимми Картер гэж ерөнхийлөгч байв аа. Картер бол хэдийгээр хөдөөний фермер боловч цөмийн физикчийн боловсролтой, атомын шумбагч завины төсөл дээр ажиллаж байсан, ажилд маш няхуур, ажлын деталь руу орж шийдэл хайдаг тийм ерөнхийлөгч байжээ. Тэр кругозор өргөнтэй, энцоклопед ой санамжтай, ухаалаг шийдэл ч олон гаргасан хүн байсан ба бүх л зүйлийн шийдлийг өөрөө олж зөв болгохоор уйгагүй ажилласан байдаг. Гэвч улс орны асуудал арвин, Картер ганцаархнаа болохоороо асуудал үүсэж эхэлсэн юм билээ. Картераас шийдлээ хүлээсэн асар олон асуудал цагаан ордонд очерлоод нам зогсож эхэлсэн байна. Картер зүгээр л бүх асуудлын шийдэлд оролцож физический хүчрэхээ больж. Гэвч асуудлууд овоорсоор. Шийдээгүй үлдээсэн асуудлын тоогоор эдийн засаг хохирсоор, хумигдсаар, инфляци 12 хувьд хүрч иргэдийн амьжиргааны түвшин буурсан байна. Картер ганц биеэр барж шийдэхгүй их асуудлыг шийдэхээр Цагаан ордонд төвлөрүүлсэн нь фатальный алдаа болж 80 оны сонгуульд ялагдан Калифорнийн амбан захирагч, жүжигчин асан Рональд Рейган хэмээх өндөр эрд халаагаа өгсөн байдаг. Картерийн үед олон шинэлэг зүйл хийсний нэг нь 1938-1978 оны хооронд 40 жил нарийн зохицуулалттайгаар бойжуулж өндийлгөөд байсан агаарын тээврийн салбарын либеральчлал (deregulation) билээ. Үүний үр дүнд 1978-2005 оны хооронд л гэхэд нийт 165 авиакомпани дампуурлаа зарласан ширүүн өрсөлдөөн болж агаарын тээврийн компаниуд арга буюу нэгдэж, консолидацид орсоор өнөөдрийн байдлаар Southwest-Air Tran, Delta-Northwest, American-USAirways, United-Continental гэсэн 4 том нэгдэлд ортлоо цөөрчээ. Зах зээлд тэсэн гарахын тулд үүнээс өөр арга ч тэдэнд үлдсэнгүй.

Рейган гарч ирээд би жүжигчин хийж байсан улс төрч хүн, надад тийм нарийн мэдлэг ч байхгүй, энэ бүх асуудлуудыг мэддэг чаддаг хүмүүст нь өгч шийдүүлж бай, надад зөвхөн үр дүнг нь л илтгэ, өмнөхөөс дордуулсан үр дүн байх ёсгүй, би эдийн засгийн том бодлого, гадаад бодлого руугаа анхаармаар байна гэсэн гэдэг.

Рейганы энэ эрхийн шилжүүлэлтийн (delegation of authority) шийдэл үр дүнгээ өгч салбарын асуудлыг салбарын професионалууд шийдээд эхэлмэгц маш эерэг үр дүнгүүд гарч эхэлсэн. Учир нь салбарын професионалууд гэдэг бол тухайн салбартаа хайртай хүмүүс л байдаг билээ. Ажилдаа хайртай дуртай хүмүүс хэзээ ч хоноцын сэтгэлтэй шийдвэр гаргадаггүй. Тэд үүсэж буй асуудлуудын шийдлүүдийг гайхалтай бүтээлчээр олоод эхэлсэн нь бүх салбар хөл дээрээ зөв босох үндсэн шалтгаан нь болжээ.

Рейган хувийн хэвшлийг уухайлан дэмжигч нь байв. Татварыг бууруулж татвар төлөгчийн баазыг нэмэгдүүлэхээс гадна хамгийн чухал нь ажилд саад болдог үйлдвэрчний байгууллагуудын хандыг нь хага дарж чадсан явдал эдийн засгийн өсөлтөнд их нөлөөлж чаджээ. Нислэгийн удирдагчдыг бөөнөөр нь халсан үйлдэл нь хувийн хэвшлийнхэнд үйлдвэрчний эвлэлээс айх хэрэггүй гэсэн маш хүчтэй сигналыг өгч чадсанаар хувийн хэвшил өндийх бас нэг боломж гарсан билээ. Атлантын далайн нөгөө эрэг дээр Тэтчэр Ерөнхий сайд бас эхлээд үйлдвэрчний эвлэлийг нугалж авч байж дараа нь эдийн засгаа босгосныг бид санаж байгаа.

Рейганы засаглалын үед хүйтэн дайныг дуусгаж, дээд шүүхэд анхны эмэгтэй жастис томилон, эдийн засгийг сэргээж, инфляцыг 4 хувь хүртэл бууруулсан байдаг нь одоо ч домог болон яригддаг.

Саяхан бид Алтанхуяг гэдэг физикч Ерөнхий сайдтай байв. Тэр манай бүх дарга нартай адилхан мэдлэг сайтай, ер нь л бүх асуудлын шийдлийг олчихдог чадварлаг удирдагч билээ. Олон ч том, олон ч жижиг асуудал тэр хүний оролцоотойгоор шийдлээ олж байсныг бүгд мэднэ. Vцахилгаан станцаас эхлээд “утаагүй зуух”-ны гал ноцоохыг хүртэл зааж өгч байсныг ч санаж байна.Гэвч асуудлын тоо улс орны хэмжээнээс огт хамаардаггүй. Улс л бол улс тул асуудал том улсад ч жижиг улсад ч ижил. Яг үнэндээ бол Алтанхуяг үүсэн хуримтлагдсан асуудлууддаа Картер шиг дарагдаад огцорчихлоо. Популистууд мэргэжлийн байгууллагуудын шийдвэрийг гурилдаж, үйлдвэрчнийхэн ажил олгогч, хөрөнгө оруулагч нартай хаа сайгүй заамдалцан, хажууд нь зөвлөхүүд нь нөхцөл байдлын шийдлийг ололцохоосоо илүүтэйгээр нэрийг нь барьж хий эргэсээр хүндрэлийг гааруулчихсанаас огцорлоо. Мөн энэ үед бойжиж бэхжээгүй агаарын тээврийн зах зээл дээр либеральчлал эхлүүлснээс нэг компани дампуурч, дараагийнх нь дампуурлаа хүлээн байна.

Дараагийн Ерөнхий сайд Сайханбилэг болох байх. Ардчилсан хувьсгалын тугийг барилцаж 30-аад насны ах нарынхаа хамт уухайлан явсан 20-иод настнууд болох бидний үеийн төлөөлөл. Түүнийг ажлаа аваагүй байхад нь л огцруулахаар зарим нь миалан орилолдоод эхэлчиж. Би бол харин ч түүнийг Ерөнхий сайд болчоосой, мэргэжлийн Засгийн газраа байгуулаасай гэж бодож байна. Сайханбилэгийн хувьд хамгийн давуу тал нь бол түүний сул тал нь юм. Тэр түүхийн багш, хуульч хүн. Салбар бүрийн нарийн ширийнийг мэдэхгүй. Ер нь бол мэдэж амжих ч үгүй, мэдэх ч шаардлагагүй.Түүний хувьд яг Рейган шиг професионалуудад л ажлыг даатгаж шийдлийг олуулахад болчихно. Рейган бол мэргэжлийнхний үгийг улс төрчдөөс илүү анхааралтай тэвчээртэй сонсдог, бодит үнэнийг муу ч байсан хэлж байхыг хүсдэг нэгэн байв. Сайханбилэгтүүнийг л копидоход хангалттай. Сайханбилэг Рейганы нэгэн адилаар үйлдвэрчний байгууллагыг байранд нь тавих хэрэгтэй. Ажил олгогчдыг самарч, улмаар эдийн засгийн өсөлтийг хорложбайдаг улс төржилтөөс хувийн хэвшил, гадаадын хөрөнгө оруулалттай байгууллагуудыг хамгаалж байж эдийн засгийн өсөлтийг буцаан авчрах болно.

Бослого тэмцэлгүй газарт ямар ч хөрөнгө оруулагч эрсдэлээ өөрөө үүрээд л ороод ирдэг. Босоод үймүүлээд байдаг газраас ямар ч ашигтай байсан гараад явчихдаг. Өнөөдөр гадны хөрөнгө оруулагчдыг үргээж хөөсөн гарууд өөрсдийн бурууг Алтанхуягт тохон чичилсээр огцруулчихлаа.Энэ байдлыг засахгүй бол Сайханбилэгийг ч тэд удахгүй чичилнэ. Ардчилсан намын ҮЗХ явж явж хамгийн зөв хүнээ гаргаад ирлээ. Түүнд одоо Ерөнхийлөгч, УИХ хоёр итгэл хүлээлгээд ажиллуулах хэрэгтэй. Сайханбилэг бол азтай Ерөнхий сайд байх болно.Учир нь түүний засгийн газрыг мэргэжлийн Засгийн газар болгох улс төрийн тохироо бүрдчихлээ. Эдийн засгийн өсөлтийг уяад байсан төмөр замын хэрүүлийг өмнөх Ерөнхий сайд өөртөө үүрч шийдчээд буугаад явчихлаа. Тэр одоо Рейган шиг засгийн професионалуудаа л дэмжээд явахад болчихно. Түүний өөртөө дайсан хураадаггүй, багийн тоглолттой улс төрчийн туршлага нь ч гадны сөрөг нөлөөллөөс засгийг нь хамгаалах болно. Мэдээж хөрөнгө мөнгөний асуудал үүсэх л байх. Гэхдээ хоёр хөршийн томчуудын айлчлалаар тавигдсан эдийн засгийн том боломжууд өмнө нь байна. Нефтийн үнэ ч эрчимтэй бууж байна. Энэ бол алтан боломж. Зөвхөн уул уурхайгаас хамааралтай эдийн засгаа солонгоруулахаар жинхэнээсээ ажиллах өргөн боломж түүний гарт байгаа. Учир нь засгийн ажилд популизм, улс төр хутгалдах цаг бишийг өнөөдөр л бүгд ойлгож ухаарлаа. Иймд түүний Засгийн газарт хамгийн том боломжууд байна. УИХ-аар саяхан баталсан популизмгүй төсөв шинэ засгийн хувьд гарааны маш сайхан нөхцөл билээ.

Нэгэнт улс төрийн тогтвортой байдал, мэргэжлийн түвшний шийдвэр гаргагчид төрд цуглараад, популистуудын дуу сулраад ирмэгц гадаадын хөрөнгө оруулагчид, үндэсний бизнесүүдийн итгэл сэргээд ирэх болно. Үр дүн нь эдийн засгийн өсөлт болж бууж ирнэ.

Өнөөдөртөө зарим хүмүүс Сайханбилэгийн нам олонхи болоогүй цагийн сонгуулиудын сурталчилгааны ролик, амлалтын самбаруудыг “илрүүлэн” шоолцгоож л байна. Гэвч Сайханбилэгийн хувьд амлалтаа биелүүлэх бодит боломж одоо л гарч байгааг бас санах хэрэгтэй. Тэр саяхан засаг дээр ярьж байсан зүйлсээ ажил болгож суурь үнийн pricefixing-тэй тэмцэх замаар талхны төдийгүй нийт үнийн өсөлтийг зогсоож бүүр бууруулж ч чадна, интернэтийг эдийн засгийн чухал багаж болгож ч дөнгөнө.Харж л бай. Цагтаа Америк даяараа Рейганыг жүжигчин гэж шоолж л байсан. Худлаа гэвэл 1985 оны”Ирээдүй рүү буцсан нь” киног дахин үзээрэй.

Дээр өгүүлсэн Рейганы туршлагыг бид 2011 оны хавар МИАТ-т давтан хэрэгжүүлж туршсан нь маш амжилттай болсон юм. 2011 оны гуравдугаар сард зарим инженер ажил дахин зогсоохоор заналхийлж эхэлсэн боловч бид яаралтай хөдлөн тэдний оронд түр ажиллуулах гэрээг Шанхай-Боинг компанитай байгуулж, түрээсийн компаниудтай холбогдон хүндрэлтэй асуудалд авах арга хэмжээний нөхцөлүүдийг тохиролцон, МИАТ-ийн удирдлагад байсан инженерүүд өөрсдөө ч ажиллахад бэлэн байдалд орцгоосон. Үр дүнд нь инженерүүдийг оройлон буруу уриалж байсан нөхдүүд ажлаасаа сайн дураараа халагдан гарч явцгаасан бөгөөд ажил хэвийн үргэлжлэх горимдоо орж билээ.

ИНЖЕНЕР Ц.БАТ

Categories
мэдээ улс-төр

МАН-ын удирдах зөвлөл Ч.Сайханбилэгийг дэмжих боломжгүй гэв

УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр ээлжит бусаар хуралдаж, Ерөнхий сайдад нэр дэвшигчийн тухай хэлэлцсэн. Бүлгийн хуралдаанд УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайдад нэр дэвшсэн сайд Ч.Сайханбилэг нар оролцож, зургаан цаг орчим “байцаагдсан” гэхэд болно. МАН-ын бүлгийн хурлын дараа үргэлжлүүлэн Удирдах зөвлөл нь хуралдсан.

Удирдах зөвлөл Ерөнхий сайдад нэр дэвшигчийн талаар хэлэлцсэн ч гишүүдийн олонхи нь Ч.Сайханбилэгийг дэмжихгүй гэж үзсэн бололтой.

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар энэ талаар өөрийн фэйсбүүк хуудаснаа “АН-аас МАН-д хандсан Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдад зөвшилцөх бичигт “Сайханбилэгийг дэмжих боломжгүй” гэсэн хариу өгөх шийдвэрийг гаргалаа” гэжээ.

Categories
мэдээ нийгэм

ТҮК-ийн 24 ажилтан Хонконг, Сингапур улсруу аялах эрхийн бичгээ гардан авлаа

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай цэвэрлэдэг шар хантаазтангуудын дунд “Хоггүй гудамж-Хоггүй хороо” болзолт уралдааныг хоёр дахь жилдээ зохион байгуулж, уг уралдаанаас шалгарсан тохижилт үйлчилгээний ажилтануудыг хөгжингүй орноор аялангаа туршлага судлах эрхийн бичгээр шагнадаг. Өнгөрсөн жил тус уралдаанд шалгарсан 17 шар хантаазтанг Азийн бар гэгддэг Хонконг, Сингапур улсруу аялуулж байсан бол энэ жил 24 ажилтнуудад Хонконг Сингапур улсруу аялах эрхийн бичгийг гардлаа.
Эрхийн бичгийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал гардууллаа. Тэрээр “Юуны өмнө өөрийн хичээл зүтгэл, ажлын чадвараараа “Хоггүй гудамж- Хоггүй хороо” болзолт уралдаанаас шалгарч хөгжингүй орнуудаар аялахаар болсон та бүхэнд баяр хүргэе. Та бүхний хийж байгаа ажил Улаанбаатар хотын өнгө зүсийг сайжруулахад ихээхэн хувь нэмэр оруулдаг юм шүү. Тийм ч учраас цаашид цэвэр цэмцгэр хотын төлөө хичээнгүйлэн ажиллана гэдэгт итгэж байна” гэлээ.
Эрхийн бичиг гардсан шилдэг ажилтнууд энэ сарын 20-ноос 25-ны хооронд 5 шөнө, 6 өдрийн аялал хийнэ. Аялалын өдрүүдэд Хонконгийн Алтан Ляньхуа төв талбай, дэлхийн хамгийн том архитекторын гайхамшигийг харуулсан үзэсгэлэн яармагийн төв, оддын гудамж, Хятадын болоод Хонконгийн үе үеийн алдар цуутай дуучин, жүжигчдийн гарын хээтэй гудамж, далайн паркаар зугаалж, далайн хав болон дельфины тоглолт үзэж, Хонконгийн орчны тохижилт үйлчилгээний газрын ажилтай танилцах юм байна. Мөн Сингапурын Мерлион парк дахь Парламентийн ордон, Дээд шүүхийн ордон, Санхүүгийн төв, Сингапурын имидж болсон далайн эрэг дахь соёлын ордон, Хятад хорооллоор зугаалж, Сингапурын хоёр дахь өндөр уул болох Фабер уулан дээрээс тус улсын үйлдвэр худалдааны төвүүдийн өндөр барилга, Сентоза, Индонейзийн арлыг харах зэрэг олон газраар аялангаа туршлага судлахаар төлөвлөжээ.

Categories
мэдээ нийгэм

Налайх дүүргийг нийслэлийн дагуул хот болгох саналыг иргэд дэмжиж байна

УИХ-аар батлуулсан Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага, Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагаа хөтөлбөрт тусгасны дагуу Хотын захиргаанаас “Хотын үндсэн дүрэм”-ийг боловсруулж байна. Шат дараатайгаар хийгдэх уг ажлыг нийслэлийн иргэдэд танилцуулж, хэлэлцүүлэх санал авах ажлыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас зохион байгуулж байна. Налайх дүүрэгт Хотын үндсэн дүрмийн хэлэлцүүлэг боллоо.
Хэлэлцүүлэгт нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, Нийслэлийн ЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун, Налайх дүүргийн Засаг дарга Х.Болдбаатар, дүрмийн төслийг боловсруулж буй “Ач холдинг” ХХК-ийн Ерөнхий менежер Г.Даваа, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дэд дарга Э.Анар болон иргэд оролцлоо.
Нийслэлийн Засаг дарга хэлэлцүүлгийг нээж “Нийслэлийн нийгэм, эдийн засгийн хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотын дүрмийг иргэдийн оролцоотой боловсруулж, батлан мөрдөхөөр болсон. Энэ ажлын дагуу Налайх дүүргийг Улаанбаатар хотын дагуул хот болгохоор үндсэн дүрмийг анх удаагаа иргэдийн оролцоотойгоор хэлэлцэх гэж байна. Бидний төлөвлөж байгаагаар одоогийн Налайх дүүргийг нийслэлийн алслагдсан дүүрэг гэдгээр биш хотын статустай болгохыг зорьж байна. Энэ дүүрэг нь нийслэлийн нутаг дэвсгэр дээрх хамгийн ирээдүйтэй, их баялаг, газар нутагтай буюу нийслэлийн дагуул хот болон хөгжиж дэвших бүрэн боломжтой юм. Налайх хот болсноор нийслэлээс татвар, орлого, төсвийн эрх мэдлийг бүрэн шилжүүлж, өөрийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн татварыг төсөвтөө төвлөрүүлэн түүгээрээ асуудлаа шийддэг болно. Хот төлөвлөлтөө өөрсдөө хийж, хамтын хүчээр хөгжих боломж, эрх, эдийн засгийн эрх мэдлийг бид өгөхөөр төлөвлөж байна. Та бүхэн хотынхоо Захирагчийн хүртэл ямар нэгэн намын оролцоогүйгээр өөрсдөө сонгодог болно. Энэ мэт олон давуу тал хотын үндсэн дүрэмд бий” гэлээ.
Хотын үндсэн дүрмийн хэлэлцүүлэгт оролцсон Налайх дүүргийн иргэд уг төслийг дэмжиж буйгаа илэрхийлж, алслагдсан дүүрэг биш хот болон хөгжих боломж, бүтээн байгуулалтандаа оролцох эрх олгож байгаад баяртай байгаагаа илэрхийлж, төслийн боловсруулалтын санал авах ажиллагаанд идэвхтэй оролцоно гэлээ.
Нийслэлийн ЗДТГ-аас боловсруулж буй Хотын үндсэн дүрэм нь хотын иргэдийн санал асуулгаар дэмжигдэн батлагдах бөгөөд хотыг үүсгэн байгуулахыг тунхагласан, баталгаажуулсан эрх зүйн баримт бичиг юм. Иргэд эвлэлдэн нэгдэж, хотыг байгуулахдаа хотын үндсэн дүрмийг боловсруулан баталж, хотынхоо бүрэн эрхийг тогтоож өгснөөр бүхий л асуудлыг удирдан шийдвэрлэх болно.
Налайх хотын үндсэн дүрмийн төслийг нийслэлийн ЗДТГ-ын www.ulaanbaatar.mn цахим хуудсын баннер хэсэгт байрлуулсан байна. Иргэд уг төсөлтэй танилцан 12 дугаар сарын 17-ны өдрийг дуустал ажлын цагаар 11-329169, 11-327145 утсаар холбогдож өөрийн саналаа илэрхийлэх боломжтой. Мөн www.enkhjil_s@yahoo.com, www.bayalag_d@yahoo.com хаягаар захидал илгээгээрэй. Дүрмийн төслийн хэлэлцүүлэг өнөөдөр Багануур дүүрэгт үргэлжилж байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар хэвлэгдэн гарлаа

“Монголд зөвхөн “Өдрийн сонин” л үнэнийг хэлж чаддаг” уриатай “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн цоо шинэхэн дугаар уншигч таны гар дээр очлоо. Энэ өдрийн дугаарын онцлох сурвалжлагаар “Буриадууд манайд ирж дэлгүүр хэсдэг болжээ” нийтлэл хэвлэгдлээ. Манай улс ОХУ-тай харилцан визгүй зорчдог болоод сар арай хүрээгүй байгаа билээ. Тэгвэл энэ хугацаанд буриад иргэд олноор ирж, манай томоохон дэлгүүрүүдээр үйлчлүүлэх нь ихэссэн байна. Тиймээс энэ талаар дэлгэрэнгүй сурвалжлага бэлтгэлээ.

Түүнчлэн манай сонины тэргүүн нүүрт УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнтай ярилцлаа. Тэрээр энэ удаа ирэх оны төсвийн сайн бөгөөд муу талын талаар ярьсан юм. Түүнчлэн үүсээд буюу эдийн засгийн хямралтай байдлын талаар санал бодлоо хуваалцсан юм.

Баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт нэрт нийтлэлч Баабарын “Шинэ Засгийн газар юуг яаралтай хийх ёстой вэ” нийтлэл хэвлэгдлээ. Нэрт нийтлэлч маань удахгүй бүрэлдэх Засгийн газарт ямар зөвлөгөө өгснийг зөвхөн манай сониноос уншаарай.

Манай сонины мягмар гаригийн дугаарт “Малын эмийг амьд ус хэмээн хөөрцөглөж эрүүл мэнд, үр удмаа хөнөөж байна” сурвалжлагын үргэлжлэл хэвлэгдлээ. АСД хэмээх уг эмийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг өнөөдрийн дугаараас аваарай.

“Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Г.Эрхэмбаяртай ярилцлаа. Хошин урлагийн салбарт хүч түрэн орж ирж буй залуусын төлөөлөл болсон чадварлаг уран бүтээлчийн ярилцлага танд таалагдана гэдэгт итгэлтэй байна.

Юань гүрнийг үндэслэгч Хубилай хааны талаар арав гаруй жил судалгаа хийж буй О.Батсүхтэй мөн ярилцлаа. Тэрээр “Жек Уотерфорд” сангаас зохион байгуулсан Монголын түүхийн салбар дахь 2013-2014 оны шилдэг бүтээлийн тэргүүн шагналын эзнээр шалгарсан юм. Түүний яриа сонирхолтой байх биз ээ.

“Их гүрнүүдийн хоорондын зөрчил Монголын эдийн засагт шинэ боломж өгнө гэв” нийтлэл манай өнөөдрийн дугаарт нийтлэгдлээ. Энэ бол “Мандал даатгал”-ын эрсдлийн шинжээчид олон улсын эдийн засгийн эрсдэл, Монголд үзүүлэх нөлөөллийнх нь талаар ээлжит тайлангаа ийнхүү гаргасан байна. Эдийн засгийг сонирхон уншдаг уншигч танд энэхүү нийтлэл олон мэдээллийг өгнө гэдэг итгэлтэй байна.