Categories
мэдээ спорт

ССАЖЯ спортын наадамд оролцоход дэмжлэг үзүүлсэнээ “тайлагнав”

“Инчёон-2014” Азийн спортын XVII наадамд Монгол Улсын баг тамирчдад төрөөс дэмжлэг үзүүлээгүй, өөрсдийн зардлаар уг наадамд оролцсон гэх мэт таагүй үгс яригдаад байгаа. Харин Соёл, спорт аялал жуулчлалын яамныхан тамирчдад ямар хэмжээний дэмжлэг үзүүлсэнээ өөрийн сайтанд мэдээлж, түүнийг нь сайд нь твитертээ байрлуулжээ.

Уг мэдээлэлд “Инчёон-2014” Азийн XVII наадамд оролцох баг тамирчдын замын зардалд хөнгөлөлт үзүүлэх тухай Соёл, спорт, аялал жуулчлалын сайдынхүсэлтийг Зам тээврийн яам хүлээн авч МИАТ компаниар зорчсон тохиолдолд 30хувийн үнийн хөнгөлөлт үзүүлэхээр шийдвэрлэсэн бол Азийн Паралимпийн наадамд оролцох баг тамирчдад 50 хувийн үнийн хөнгөлөлт үзүүлэхээр шийдвэрлэсэнд нийт тамирчдынхаа нэрийн өмнөөс талархал илэрхийлье.

Түүнчлэн ССАЖЯ-ны зүгээс 2014 онд зохиогдсон дээрх 5 наадамд оролцох оролцох үндэсний шигшээ баг тамирчдын зардлаас гадна бусад баг тамирчиддаа дараах дэмжлэгийг үзүүлсэн болно. Үүнд:

– “Сочи-2014” Өвлийн Олимпийн XXII наадам – 30 сая төгрөг

– “Сочи-2014” Өвлийн Паралимпийн XI наадам – 20 сая төгрөг

– “Нанжинь-2014” Залуучуудын Зуны Олимпийн II наадам – 30 сая төгрөг

– “Инчёон-2014” Азийн XVII наадам – 47 сая төгрөг

– “Инчёон-2014” Азийн Паралимпийн XI наадам – 40 сая төгрөгийн дэмжлэгийг тухайн спортын наадамд Монгол Улсын баг тамирчдыг зохион байгуулж оролцуулах эрх бүхий Төрийн бус байгууллагуудаар дамжуулан олгосон.

Өмнө нь томоохон наадмуудад оролцоход зөвхөн үндэсний шигшээ багийн тамирчдын зардлыг төр хариуцдаг байсан бол 2013 оноос үндэсний шигшээ багийн бус тамирчдын зардалд дэмжлэг үзүүлж эхэлсэн бөгөөд 2013 онд “Казань-2013” Оюутны Универсиад наадамд 260 сая төгрөг, “Кали-2013” Дэлхийн спортын наадамд (

олимпийн бус төрлийн спортын төрлүүдийн наадам

) 30 сая төгрөг, “Софи-2014” Дифлимпийн Зуны наадам (

сонсголын бэрхшээлтэй иргэдийн наадам

)-д 30 сая төгрөгийг тус тус тусгайлан нэр зааж төлөвлөгөөнд тусган дэмжлэг үзүүлсэн байдаг” хэмээн дурджээ.

Categories
мэдээ улс-төр

ССАЖЯ-г аль нэг яамтай нэгтгэх асуудал дэмжигдсэнгүй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж Засгийн газрын бүтцийн асуудлын анхны хэлэлцүүлгийг хийж байна. Уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хороогоор хийх явцад УИХ дахь МАН-ын бүлгийн зүгээс ССАЖЯ-ыг өөр аль нэгт яамтай чиг үүргийн хувьд нэгтгэх санал гаргаж олонхийн дэмжлэг авсан.

Үүний дагуу үдээс хойш УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болж мөн уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Энэ үеэр ССАЖЯ-ыг өөр аль нэг яамтай нэгтгэх саналын талаар хэлэлцсэн юм.

ССАЖЯ-ыг өөр яамтай нэгтгэх асуудлыг УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Р.Гончигдорж нар эсэргүүцсэн бол УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Б.Бат-Эрдэнэ дэмжиж буйгаа илэрхийлж үг хэллээ.

Ингээд ССАЖЯ-ыг нэгтгэх талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны дүгнэлтийг дэмжих талаар гишүүдээс санал хураалаа. Ингэхэд гишүүдийн олонх нь эсэргүүцсэн юм. Өөрөөр хэлбэл, ССАЖЯ-ыг өөр яамтай нэгтгэх асуудал чуулганы нэгдсэн хуралдаанд дэмжигдсэнгүй.

Categories
мэдээ нийгэм

Томуугийн вакцин тарьж байна

Энэ онд улсын хэмжээнд 50 мянган хүнд томуугийн вакциныг сайн дурын үндсэн дээр тарихаар болжээ. Хүйтний улирал ирж байгаатай холбоотойгоор томуугийн эсрэг вакцин тарих ажил улсын хэмжээнд эхлээд байна. Томуу, томуу төст өвчин одоогоор эмнэлэгт хандаж оношоо тодруулсан нийт иргэдийн дөрөв орчим хувийг эзлэж байгаа юм. Ханиад томуу ид дэгдэлтийн үедээ нийт өвчлөлийн 7-8 хувьд хүрдэг байна. Тиймээс энэ өвчнөөс сэргийлж иргэд сайн дурын үндсэн дээр томуугийн вакцин хийлгэхийг эмч мэргэжилтнүүд анхаарууллаа.

Categories
мэдээ нийгэм

Энтеровирүсийг судлах, тандалтыг сайжруулах шаардлагатай байна

Эрүүл мэндийн сайд асан, академич П.Нямдаваа “Энтеровирусийг судлах, тандалтыг сайжруулах шаардлагатай байна” хэмээн дүгнэжээ. Тэрбээр дараах үндэслэлийг судлаад ийм дүгнэлт хийсэн аж.

Энэ оны 8 дугаар сарын дунд үеэс АНУ-ын Миссури болон Иллиной муж улсуудад хүүхдийн эмнэлгүүдийн эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлэгсэдийн дотор D68 энтеровирүсээр (EV-D68) сэдээгдсэн хүнд явцтай амьсгалын замын халдварын дэгдэлт гарч эхэлснийг АНУ-ын Өвчний хяналт сэргийлэлийн төв саявтар мэдээлсэн билээ [1].

9 дүгээр сарын 18-ны байдлаар энэ халдвар АНУ-ын 18 муж улсад тархаж, нийт 153 хүнийг өвчлүүлээд буй [2; зураг 1;] тул ДЭМБ амьсгалын замын цочмог халдвараар өвчлөгсөдийн дотор, ялангуяа багтраа зэрэг хүндрэх хандлагатай хүүхдүүдийн дунд энэ халдвар тархаж болох эрсдэл ихсэж буйг гишүүн орнууддаа анхааруулсан байна [3].

EV-D68-аар сэдээгдсэн амьсгалын замын хүнд халдвар бүртгэгдээд буй АНУ-ын муж улсууд: Алабама, Коларода, Коннектикут, Иллиной, Индиана, Айова, Канзас, Кентакки, Луйзанниа, Миннесота, Миссури, Монтана, Небраска, Нью Жерси, Нью Йорк, Оклахама, Пеннсильвани, Виржиниа.

Манай ТҮТ-д хийж буй вирүс судлалын тандалтаар одоогоор энтеровирүс илэрсэн тохиолдол бүртгэгдээгүй байна. Гэхдээ 2008-2013 оны судалгааны дүнгээс үвэл томуугийн вирүс илрээгүй сорьцонд амьсгалын замын бусад вирүс илрүүлэхээр хийсэн мультиплекс ПГУ-ын шинжилгээгээр нийт эерэг сорьцны 3.7% (55/269)-д нь энтеровирүс илэрч байсан [4] бөгөөд 2007-2013 онд амьсгалын замын цочмог халдвараар өвчилсөн хүүхдүүдээс цуглуулсан хамар залгиурын арчдасанд ретроспектив шинжилгээ хийж үзэхэд 2012 онд шинээр бичигдсэн С117 энтеровирүсээр сэдээгдсэн халдвар 2 хүүхдэд илэрч байсан [5] билээ. Тиймээс бид амьсгалын замын хүнд халдвар сэдээгч шалтгааны дотор энтеровирүсийг оруулан судлах, тандалтыг сайжруулах шаардлага бий болж байна.

Ном зүй:

1. Midgley, C.M. et al (2014): Severe respiratory illness associated with enterovirus D68 – Missouri and Illinois, 2014, CDC MMWR, 63(36): 798-799;
2. CDC: States with lab-confirmed enterovirus D68, http://www.cdc.gov/non-polio-enterovirus/about/EV-D68-states.html accessed on Sept.18, 2014;
3. WHO GAR: Enterovirs D68 in the United States of America, http://www.who.int/csr/don/17-september-2014-enterovirus/en/# accessed on Sept.18, 2014;
4. P.Nymadawa, C.Maitsetseg, S.Tsatsral (2013): Non-influenza respiratory pathogens in Mongolia: results of multiplex real-time polymerase chain reaction (mx-rt-PCR) surveillance in 2008-2013, In: Options for Control of Influenza VIII, Abstracts, p.560;
5. Xiang, Z., Tsatsral, S., Liu, C., Li, L., Ren, L., Xiao, Y., Xie, Z., Zhou, H., Vernet, G., Nymadawa, P., Shen, K., Wang, J. (2014): Respiratory infection with enterovirus genotype C117 in China and Mongolia, Emerg.Infect.Dis., 20(6): 1075-1077;

Categories
мэдээ нийгэм

“1”, “5” дугаартай хуванцар сав аюулгүй

Манай иргэд ундны ус, айраг, сүүгээ хуванцар саванд хийж, хадгалах нь түгээмэл болсон. 2008 онд Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс хийсэн судалгаанаас үзэхэд хот, хөдөө орон нутгийн айл өрхийн 63 хувь нь хүнсний бус хуванцар сав ашигладаг гэнэ. Иргэдийн санал хүсэлтийн дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газрынхан хүнсний зориулалтаар ашиглаж байгаа хуванцар саванд шинжилгээ хийлээ. Ингэхдээ “Нарантуул” захад худалдаж байгаа 10-120 литрийн багтаамжтай, долоон төрлийн хувцанцар савыг сонгон авчээ. Ийм саванд хадгалсан усан дахь хар тугалганы хэмжээ Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмж болон манай улсад мөрдөж байгаа стандартад заасан зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс /хар тугалга-0,01мг/л/-ээс 60-800 дахин их, формальдегид дээд хэмжээнээс /формальдегид – 0,1 мг/л /-ээс 1800-6900 дахин их байгаа нь тогтоогдлоо. Хүнсний зориулалттай саванд формалины үлдэгдэл илрэх ёсгүй атал 27,0 – 53,43 мг/л хэмжээтэй гарч, цаг хугацаа явахын хэрээр улам ихэсч байна. Хуванцар саванд хадгалсан усан дахь төмөр, нитрит манайд мөрдөж байгаа стандартад заасан зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтрээгүй бол аммиак зөвшөөрөгдөх хэмжээнээс 27 дахин их байлаа. Саванд хадгалсан сүү, айрганд кадьми 0,001 мг/л-ээс бага, хар тугалга сүүнд зөвшөөрөгдөх хэмжээнээс 3-4 дахин их, айрганд дөрөв дахин их гарсан байна.Хар тугалга, химийн бусад бодис нь хүний биед хуримтлагдаж, мэдрэлийн системийг хордуулан, эд эрхтэнг өвчлүүлэх эрсдэлтэй тул “3”, “6”, “7” гэсэн тэмдэглэгээ кодтой, эсвэл огт тэмдэглэгээ, кодгүй, хүнсний зориулалтын бус хуванцар савыг хүнсний бүтээгдэхүүн хадгалах зориулалтаар огт хэрэглэхгүй байх, “2”, “4” тэмдэглэгээ, кодтой хуванцар савыг хэрэглэхээ багасгахыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар сэрэмжлүүлж байна. Харин “1”, “5” дугаартай хуванцар савыг хүнсний зориулалтаар ашиглахад ямар ч аюулгүй юм.

Categories
мэдээ улс-төр

Европын цөмийн судалгааны байгууллагатай хэлэлцээр байгууллаа

Монгол Улсын Засгийн Газар, Европын Цөмийн Судалгааны Байгууллага (ЦЕРН) хооронд Их энергийн физикийн салбарт шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааг хөгжүүлэх тухайн хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Тус хэлэлцээрт Монголын талаас Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, ЦЕРН-ний талаас Гадаад харилцаа эрхэлсэн ноён Р.Форс нар гарын үсэг зурсан юм. Их энергийн физикийн судалгаа нь суурь шинжлэх ухаан болон манай орны технологийн дэвшлийг цаашдын хөгжилд чухал ач холбогдолтой. 2014 оны 10 дугаар сарын 6-ны өдөр хийгдсэн уг хэлэлцээрийн үр дүнд ЦЕРН-ийн эрдэм шинжилгээний хөтөлбөрүүдэд манай орны эрдэмтэд, судлаачид, оюутан залуучууд оролцох бололцоо нээгдэж байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Нийслэлийн ойгоор 8 ихэрт орон сууц бэлэглэнэ

Удахгүй болох гэж байгаа Улаанбаатар хот байгуулагдсаны 375 жилийн ойн өдрөөр буюу 10 дугаар сарын 29-ны өдөр монголд өвөрмөц “рекорд” тогтоож 4 удаагийн төрөлтөөр 8 ихэр төрүүлсэн гэр бүлд шинэ орон сууц олгох шийдвэрийг Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл гаргажээ.Нийслэлийн Сүхбаатар дүүргийн иргэн Э.Энхтөрийн гэргий Ц.Ундрах дөрвөн удаа хүүхэд төрүүлэхдээ ихэрлэж 8 хүүхэдтэй болсон байна. Тэрээр 8 хүүхэдтэй, “Алдарт эх”-ийн нэг, хоёрдугаар одонтой болжээ. Энэхүү ховорхон хувь заяаг нь төр засаг анхааралдаа авч өнгөрсөн онд орон сууц хүссэн өргөдлийг нь Засаг даргын зөвлөлийн хурлаар авч хэлэлцэн дээрх шийдвэрийг гаргажээ. Энэ тухай Хотын хэвлэл мэдээллийн албаны дарга Б.Түвшинтөгсөөс лавлавал, “Ихрүүдэд тун удахгүй орон сууц өгөхөөр болсон нь үнэн. Харин яг хэзээ, хаана байр өгөх нь 375 жилийн ойн өдөр тодорхой болно” гэлээ.Ихрүүдэд байр өгөхөөр хэлэлцэх үеэр бас нэгэн өргөдлийн тухай сонирхолтой яриа өрнөсөн байна. 6 дахь ихрийг төрсний дараа 94 настай өндөр настан хотын захиргаанд хандан ихэр хүүхдүүдэд орон сууц олгоход туслаач гэсэн өргөдөл ирүүлснийг ЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун үзүүлж, сонирхуулсан нь шийдвэрийг түргэн гаргахад ихээхэн түлхэц болсон гэнэ. Ихрүүдийг тэтгэсэн хотын удирдлагуудын шийдвэр нь хүн амаа өсгөх, удахгүй 3 сая дахь иргэнээ хүлээж буй төр засгийн бодлогын хувьд туйлын бахдалтай алхам болж байгааг иргэд үнэлж байна.

Categories
мэдээ нийгэм

Хүүхдүүд гэдэсний бүлгийн савханцараар өвчилжээ

Дархан-Уул аймгийн Дархан сумын долдугаар цэцэрлэгийн хүүхдүүд хоол хүнсээр дамжсан гэдэсний бүлгийн савханцараар өвчилсөн нь лабораторийн шинжилгээгээр тогтоогдлоо. МХЕГ-ын Хүнсний аюулгүй байдлын лавлагаа лабораторид хийсэн шинжилгээгээр цэцэрлэгийн ундны ус нянгийн бохирдолттой гарсан байна. Хордлого аван эмчлүүлж байсан хүүхдүүдийн бие сайжирч эмнэлгээс гарсан, одоогоор цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосон хэвээр байгаа тухай аймгийн Мэргэжлийн хяналтын байгууллага мэдээллээ. Аймгийн Засаг дарга цэцэрлэгт ариутгал, халдваргүйжүүлэлт хийх, инженерийн шугам сүлжээг засварлах зэрэг 26 заалт бүхий захирамж гарган хэрэгжүүлж байгаад Мэргэжлийн хяналтын байгууллага хяналт тавьж байна. Есдүгээр сар гарснаас хойш нийтийг хамарсан хоолны хордлого хэд хэдэн удаа гарсан учир хүнсний бүтээгдэхүүнийг тээвэрлэхдээ юунд анхаарах зэргийг тусгасан Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга, улсын Ерөнхий байцаагчийн 20 заалттай зөвлөмжийг аймаг, нийслэлд хүргүүллээ. Мөн аймгууд “Үдийн цай” хөтөлбөрт шалгалт хийн шаардлага хангахгүй, мэргэжлийн бус тогооч ажиллуулж байсан зөрчлийг илрүүлж, тогооч нарыг сургаж бэлтгэх явцад хяналт тавьж байна хэмээн МХЕГ-аас мэдээллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Нарантуул”-ын өргөтгөлийг хааснаар бараа бүтээгдэхүүний үнийн хөөрөгдөл үүснэ гэлээ

“Нарантуул” захын өргөт­гөл буюу хүнсний худал­дааны хэсгийг өчигдрөөс эхлэн хаалаа. Энэ талаар сурвалжлахаар тус худалдаа­ны төвийг зорьсон юм.

Барааны захын хэсэг болон хөдөө орон нутгийн зогсоолын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна. Харин хүнсний худалдааны хэсэг буюу хүмүүсийн нэрлэж заншсан “Өргөтгөл”-ийн хэсэг рүү орох хаалгануудыг төмөр цоожоор түгжжээ. Гэсэн ч хаалганы завсраар харахад олон хүмүүс нааш, цааш холхилдож байгаа харагдана.

Бусдын нэгэн адил цоожтой хаалганы завсар зайгаар дотогш орлоо. Энд ажиллаж байгаа нэг ч павильон алга. Гэхдээ түрээслэгчид бужигналдаж байна. Тэдний дундаас чанга яригч барьж, бусдадаа заавар зөвлөгөө өгч буй эмэгтэйтэй уулзлаа. Түүнийг А.Намчинсүрэн гэдэг бөгөөд буцаад ажлын байраа олж авах зорилго бүхий түрээслэгчдийн түр хорооны гишүүн гэнэ.

Түүний хэлснээр Нийслэ­лийн Мэргэжлийн хяналтын газраас бараа бүтээгдэхүүний чанар алдагдсан, бохир заваан орчинтой, худалдааны павильонууд нь дулаалгагүй буюу гадаа нөхцөлтэй гэсэн гурван үндсэн шалтгаанаар “Өргөтгөл”-ийг хаажээ. Тиймээс түрээслэгчдийн хувьд өөрсдөөс шалтгаалах зүйлээ хийе хэмээж, орчин тойрноо цэвэрлэн ийн бужигнаж байгаа аж.

Тэрээр мөн “Манай өргөт­гөл бол хуучны бэлтгэн нийлүү­лэх баазын үүрэг гүйцэтгэдэг. Энд 30-36 мянган хүний ажлын байрны эрх ашиг яригдаж байгаа. Энэ тоонд зөвхөн түрээслэгчид төдийгүй эндээс очсон барааг нийслэл болоод орон нутагт зарж, борлуулдаг олон мянган хүн, орон нутагт ачаа зөөдөг автомашины жолооч нар ч багтаж байгаа. Тэдгээр хүмүүсийн 20, 30 жил амьдралаа залгуулж ирсэн асуудал хөндөгдөж байна. Тиймээс энэ бол ганцхан Ш.Сайхансамбуугийн бус бидний өөрсдийн хэрэг учир ажлын байрныхаа төлөө тэмцье хэмээн ярилцаад өнөөдөр тайван замаар үзэл бодлоо илэрхийлэх гэж байна” гэлээ.

“Нарантуул” захын өргөтгөлд 450 павильон худалдаа үйлчилгээ үзүүлж, хүнсний бүтээгдэхүүн худалддаг бөгөөд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас өнгөрөгч сарын 16-19-ний хооронд явуулсан шалгалтаар худалдаалж буй зарим бүтээгдэхүүний хугацаа хэтэрсэн, чанарын шаардлага хангаагүй нь тогтоогдсон байна. Гэхдээ ийм асуудлаар “бүдэрсэн” нь цөөн хэдэн павильон байгаа юм байна. Харин 450-ууланг нь зэрэг хаасан шалтгаан нь зориулалтын дулаан байргүй гэсэн шалтгаан байжээ.

Өргөтгөлийн нэг павильонд л гэхэд ачих, буулгах, худалдах зэрэг үүрэг бүхий таван хүн ажилладаг гэж байгаа. Ингээд бодоод үзвэл хоёр мянга гаруй хүний ажлын байр тасалдахад хүрч байгаа гэнэ. Тасалдахад гэсний учир нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас ирүүлсэн Улсын ахлах байцаагчийн актанд “хугацаагүйгээр” буюу зөрчил арилах хүртэл хугацаанд үйл ажиллагааг зогсоох ёстойг заасан байгаа юм.

Түрээслэгчдийн түр хорооны дарга Ч.Жаргалсайхан болон гишүүн А.Намчинсүрэн нарын хэлж буйгаар бараа бүтээгдэхүүнийхээ чанарыг сайжруулж, бохир орчноо цэвэрлэсэн ч дулаан байртай болох боломж ойрын хэдэн сардаа л байхгүй тул мэргэжлийн хяналтын газрын актыг биелүүлэх боломжгүй болж таарах нь. Үүнийг дагаад “Өргөтгөл”-ийн хэсэг нээгдэж, үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болно. Үүнд л түрээслэгчид гол анхаарлаа хандуулж, бухимдаж байгаа юм байна.

Ийн түр хорооны гишүүдтэй уулзаж байх зуур түрээслэгчид тохиролцсон ёсоороо Өргөтгөлийн төв хэсгийн талбайд уриа, лоозон барьж жагссан юм. Тэд “50 мянган ажлын байрны төлөө”, “Бид төр засгаас юу ч гуйгаагүй”, “Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын эрхэм та бидний банкны өр зээл болон амьжиргаанд баталгаа гаргаж өгөх үү”, “Ард түмний захаар бүү оролд” зэрэг уриа лоозон барьжээ. Харин тэднийг ийн жагсаж, чанга яригчаар хашгирах зуурт “Нарантуул” худалдааны төв байрлах Баянзүрх дүүргийн XIV хорооны хороо хариуцсан цагдаа С.Батхуягаар ахлуулсан цагдаа нар ирж, жагсаал цуглаан зохион байгуулах зөвшөөрөлтэй эсэхийг шалгасан юм. Түрээслэгчдийн хувьд “Бид жагсаал цуглаан хийгээгүй. Эвлэлдэн нэгдэх ардчиллаар олгогдсон эрх чөлөөгөө л эдэлж байна. Бид элдвийн шуугиан гаргаж жагсахгүй. Зөвхөн цаашид хэрхэн ажлын байраа авч үлдэх тухайгаа ярилцах зорилготой” хэмээж байлаа.

Түрээслэгчдийн хэлж буйгаар энд ажиллаж байгаа хүмүүсийн дунд банкны зээлгүй нэг ч хүн байхгүй гэнэ. Түүгээр ч зогсохгүй өдөр бүр зээл төлөлт хийж, мөнгө тушаадаг нэгэн ч бий ажээ. Тиймээс ажилгүйчүүдийн тоог нэмж байна хэмээн бухимдах нэгэн ч байв. Зөвхөн бэлэн мөнгөөр зээл төлөлт хийдэг түрээслэгчдээс гадна лизингээр автомашин худалдан авч, орон нутагт бараа зөөдөг олон зуун жолооч нарын тухай ч энд яригдах ажээ. Ер нь эндээс бараагаа татдаг 21 аймаг, гурван хотын хүнсний дэлгүүрүүдийн үйл ажиллагаа бүрэн мөсөн зогсоход хүрэх гэнэ. Ингэж барааны хомсдол үүссэнээр үнийн хөөрөгдөл дээд цэгтээ хүрнэ гэдгийг олноороо цугласан түрээслэгч нар тал талаас учирлах ажээ. Нөгөө талаас тус худалдааны төвд бараа нийлүүлдэг дотоодын үйлдвэрүүдийн үйл ажиллагаанд доголдол үүсэх гэнэ. Учир нь дотоодын томоохон үйлдвэрүүдийн бараа бүтээгдэхүүний 70 хувийг тус худалдааны төв буюу түрээслэгч нар авч худалдан борлуулж өгдөг ажээ. Павильонуудын үйл ажиллагааг ингэж хааснаар нэг павильон өдөрт 5-6 сая төгрөгийн алдагдал хүлээх гэнэ.

Түрээслэгч нарын хувьд алдаа дутагдалтай гэдгээ хүлээн зөвшөөрч байв. Тиймээс ч өөрсдөөс шалтгаалах зүйлээ цаашид ч хийх тул ажлын байрыг нь л ингэж бүрмөсөн хаахгүй байхыг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хүсч байгаа юм байна. Тиймээс энэ өдөр цугласан түрээслэгч нар 500 хүний гарын үсэг бүхий өргөх бичгийг Нийслэлийн Засаг дарга болон Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын удирдлагуудад өгөхөөр бэлджээ.

Төрд хандсан ямар нэг бичиг баримтын хариуг эргүүлж өгөх хугацаа хуулийн хүрээнд 30 хоног байдаг. Гэвч түрээслэгч нарын хувьд орлого, зарлага нь өдөр, цагаар хэмжигдэж байдаг тул тийм удаан хүлээх боломжгүйгээ хэлж байв. Тэдний хэлж буйгаар мягмар гариг буюу өнөөдөр тус худалдааны төв амрах ёстой. Харин маргааш буюу лхагва гариг гэхэд Өргөтгөл хэвийн ажиллаж байх шаардлагатай ажээ.

Д.ТҮВШИНБАТ: ЗАХЫН УДИРДЛАГЫН ЗҮГЭЭС ЯМАР НЭГ АРГА ХЭМЖЭЭ АВАХ БОЛОМЖГҮЙ

Гаднах талбайд ийн үйл явдал өрнөж байх зуурт дотогш орж, “Нарантуул” трейд компанийн гүйцэтгэх захирал Д.Түвшинбатаас дараахь тодруулгыг авлаа.

-Гадаа түрээслэгч нар бужигнаж байна. Үүнд захын удирдлагын зүгээс ямар арга хэмжээ авч байна вэ?

-Бидэнд зөрчил байсан. Өнөөдөртөө шийдвэрлэж болох, бүр тодорхой хугацаа шаардах ч зөрчил бий. Энэ нь үйл ажиллагаа явуулж буй павильонуудыг ажлын байрны шаардлага хангахгүй гэсэн. Үүнийг шийдэхийн тулд дулаан байр барих шаардлагатай. “Нарантуул” 1999 оноос эхлэн өнөөдрийн ашиглаж байгаа ажлын байртай явж ирсэн. Тиймээс худалдааны төвийн удирдлагын зүгээс одоо шууд ямар нэг арга хэмжээ авахад хүндрэлтэй байна. Түрээслэгч нар эсэргүүцлээ илэрхийлнэ гэж байна. Бид үүнд нь оролцох боломжгүй. Ямар ч байсан эхний ээлжинд төрийн байгууллагын шаардлагыг биелүүлээд үйл ажиллагааг нь зогсоочихоод байж байна.

-Ер нь энэ асуудал үргэлж яригддаг. Яагаад эртнээс яригдсан уг асуудлыг шийдчихэж болдоггүй юм бэ?

-Одоогийн байрыг бид судалж үзсэн. Халаалт оруулах ямар ч боломжгүй. Хэрэв оруулбал дулааны алдагдалтай. Тиймээс бидний хувьд зүгээр байгаагүй. Өөрөөр хэлбэл, томоохон хэмжээний худалдааны төв барихаар зураг төслийг нь гаргаад Хотын захиргаанд батлуулах гээд өгчихсөн. Одоо энэ өргөтгөлийн газар дээр барих юм. Гэсэн ч хотын захиргаанаас гарын үсэг зурах буюу зөвшөөрлийг нь өгөхгүй байна. Хэрэв энэ зөвшөөрлийг өгчихвөл уг асуудал шууд шийдэгдчих боломжтой юм.

-Хотын захиргаанд зураг төслөө хэзээ өгсөн юм бэ. Яг ямар албан тушаалтан гарын үсэг зурах ёстой юм?

-Бараг нэг жил болох гэж байна. Энэ хэсгийг барилгажуулах хотын ерөнхий төлөвлөгөөнд л оруулах гэж өгсөн хэрэг шүү дээ. Өнөөдөр яг хаана, ямар хүн дээрээ гацчихаад байгааг мэдэхгүй байна.

-Танайх нэг түрээслэгчээс хичнээн төгрөг авдаг юм бэ?

-Павильонуудаас нэг сарын 190 мянган төгрөг авдаг. Харин бараан захын жижиг лангуунаас 30-60 мянган төгрөгийн түрээс авдаг.

-Танай зах дотооддоо бараа бүтээгдэхүүндээ хяналт тавьдаггүй байсан юм уу?

-Байлгүй яахав. Манайд эрүүл ахуйг хариуцсан байцаагч, бараа бүтээгдэхүүнийг шинжилдэг лаборатори ч бий. Нөгөө талаас манайх түрээслэгч нэг бүртэй түрээсийн гэрээ байгуулдаг. Энэ гэрээнд чанар, стандартын шаардлага хангасан бараа бүтээгдэхүүн худалдаална гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл, өнөөдрийн үйл ажиллагаа нь тодорхой хэдэн хүмүүс түрээсийн гэрээгээ зөрчиж далд, нууц байдлаар шаардлага хангахгүй бүтээгдэхүүн худалдаж байснаас үүдэлтэй. Тиймээс удирдлагын зүгээс түрээсийн гэрээ цуцлах хүртэл арга хэмжээ авахаар төлөвлөөд байгаа.

Д.ЭНХБАТ:”НАРАНТУУЛ”-ЫН УДИРДЛАГА ОЛОН УДААГИЙН ШААРДЛАГА БИЕЛҮҮЛЭЭГҮЙ

“Нарантуул” худалдааны төвд үүсээд буй нөхцөл байдлын талаар акт тогтоосон Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Хүнс, хөдөө аж ахуй, үйлдвэр, үйлчилгээний хяналтын хэлтсийн дарга, улсын ахлах байцаагч Д.Энхбатаас зарим зүйлийг тодрууллаа.

-“Нарантуул” захын хүнсний худалдааны хэсэгт акт тогтоосны улмаас бужигнаан үүсээд байна. Мэргэжлийн байгууллага ямар учраас ийм шийдэлд хүрсэн юм бэ?

-Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан манай улсын байцаагч нарын тавьсан, хүргүүлсэн шаардлага өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй тул бид ийм арга хэмжээ авсан. Манайхаас тавьж буй хамгийн гол асуудал нь энд ажиллаж байгаа хүмүүсийн хөдөлмөрийн аюулгүй байдал зөрчигдөөд байна. Энд худалдаалж буй хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал алдагдаж байна. Үүнд захын удирдлагын зүгээс арга хэмжээ аваач гэж хэсэгчлэн хаасан нь энэ юм. Тиймээс наймаачдын хувьд удирдлагууддаа ажиллах нөхцөл байдлаа сайжруулах, ялангуяа дулаан байртай болгох асуудлыг тавих ёстой юм.

-Актанд зориулалтын байртай байх гэсэн байсан. Түүнийг барьтал хугацаа шаардлагатай болно. Тэр болтол ажлын байргүй болох нь хэмээн түрээслэгчид бухимдалтай байна лээ?

-Зориулалтын байр гэж заагаагүй. Одоо байгаа байраа л дулаанд холбодог ч юмуу, эсвэл цахилгаанд холбодог ч юм уу. Ямар л арга байна, тэр бүхнээр шийдэх шаардлагатай гэсэн. Ер нь бол уг асуудлыг ганцхан өнөөдөр шаардаж байгаа юм биш. Олон удаа шаардсан, биелүүлэхгүй байгаа.

-Захын удирдлагын хэлж буйгаар одоогийн байрны дулааныг цахилгаан гэх мэт асуудлаар шийдэх боломжгүй гээд байна лээ. Заавал л шинэ барилга барьж таарах нь. Тэгээд л хугацаа гээд байна л даа?

-Эднийх дандаа ийм тайлбар хийдэг юм. Зургаа өгчихсөн л гэнэ, хүлээж байгаа л гэнэ. Хамгийн гол нь ийм тайлбартай яваад байвал дахиад хэдэн ч жил явж мэднэ.

Т.ГЭРЭЛМАА

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
гадаад мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

11 хүн аянганд ниргүүлэн нас баржээ

Колумбийн хойд нутагт Гуачака хотоос холгүй Сьерра-Невада ууланд шашны баярын арга хэмжээний үеэр 11 хүн аянганд ниргүүлэн нас баржээ. Амь үрэгдсэд бүгд Колумбийн уугуул иргэд болох вива үндэстэн аж. Түүнээс гадна 15 хүн түлэгдсэний улмаас Санта-Марта хотын эмнэлэг хүргэгдсэн байна. Нэгэн омгийн 60-аад хүн уулан дахь дээврийг нь далдуу модны навчаар бүрсэн сүмд цугларсан байжээ. Гэтэл байшин аяганд ниргүүлснээс хүний амь эрсэдсэн аж.

Ю.Дэлгэр