Categories
мэдээ нийгэм

“Улаанбаатар” олон улсын кино наадам эхэллээ

Олон улсын шилдэг уран бүтээлүүдийг үзэх боломжийг олгодог “Улаанбаатар олон улсын кино наадам” өнөөдөр “Тэнгис” кино театрт эхэллээ. Уг наадмыг ССАЖЯ, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, Соёл урлагийн газар, Туркийн элчин сайдын яам, Монголын урлагийн зөвлөл болон Монголын кино урлагийн зөвлөлтэй хамтран зохион байгуулж байна. Наадам энэ сарын 12-ныг хүртэл үргэлжилнэ.

Эл наадмын зорилго нь Монголын кино урлагийн салбарын хөгжлийг хангах, тус салбарт олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, дэлхийн сор болсон кино бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх явдал аж.

Дашрамд сонирхуулахад, дэлхийн шилдэг арт хаус уран бүтээлүүдийг “Тэнгис” кино театрт 3000 төгрөгөөр үзэх боломжтой бөгөөд тасалбар тун эрэлттэй байгаа гэнэ шүү.

Categories
мэдээ нийгэм

Цагдаагийн зарим удирдлагуудыг сэлгэхээр болжээ

ЦЕГ-ын дарга, тэргүүн комиссар С.Баатаржав цагдаагийн зарим байгууллагын удирдлагуудыг сэлгэн томилохоор болсон байна. Тухайлбал, ЦЕГ-ын Олон нийтийн аюулгүй байдлыг хангах газрын дарга Ж.Амгалан ОХУ-ын Жанжин штабын академийн Аюулгүй байдлын факультетэд суралцахаар явсантай холбогдуулан түүний албан тушаалд ЦЕГ-ын Нийгмийн хэв журмыг хамгаалах газрын дарга П.Энхтогтохыг томилохоор төлөвлөжээ. Харин Хурандаа П.Энхтогтохын албан тушаалд туслах комиссар Н.Алтанбаганыг томилохоор болсон аж.

Мөн дээрх томилгоотой холбоотойгоор Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн дарга, дэд хурандаа Г.Эрхэмбаярыг ЦЕГ-ын Тусгай ажиллагааны хэлтсийн даргын албан тушаалд очжээ. Харин Чингэлтэй дүүргийн Цагдаагийн Нэгдүгээр хэлтсийн даргаар хэнийг томилох нь тодорхойгүй байгаа юм байна.

Categories
мэдээ улс-төр

Хувьсгалын ахмад зүтгэлтнүүдийг урамшуулах тогтоолын төсөл өргөн барив

УИХ-ын гишүүн Х.Баттулга, Д.Ганбат, Л.Эрдэнэчимэг, М.Зоригт нар “Ардчилсан хувьсгалын анхны зүтгэлтнүүдийн талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төсөл өргөн барилаа.

Үндэсний эрх чөлөөний болон ардын хувьсгал, 1939, 1945 оны Халх голын байлдаан, чөлөөлөх дайнд оролцсон ахмад дайчдыг алдаршуулах, мөнгөн тэтгэмж, материаллаг урамшуулал олгох бодлогыг Монгол Улсын төр баримталж хэрэгжүүлсээр байна.

Монголчууд бид Монголын Ардчилсан Холбоогоо байгуулж, Ардчилсан Хувьсгалаа зарлан тунхаглан, Цагаан морин жилд үр дүнг нь үзэж, хүн төрөлхтөний хөгжлийн жам ёсны замд эргэн нэгдэж Ардчилал, зах зээлийн нийгэмд шилжих агуу их шилжилтээ эхэлснээс хойш даруй 25 жил болж байна.

МоАХ-ны түүх бол Монголын Ардчилсан хувьсгалын түүх юм. 2009 онд түүхт 20 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлсэн бөгөөд энэ онд 25 жилийн ой тохиож буйг хуулийн төсөл санаачлагч Улсын Их Хурлын даргад хэлэв. Мөн тэрбээр, 1990 оны цагаан морин жилийн Ардчилсан хувьсгалыг манлайлан оролцсон анхны зүтгэлтнүүдийн нийгмийн асуудлыг зайлшгүй шийдвэрлэх нь хөгжлийн шаардлагаар гараад байна. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Үндсэн хуулийн хорин зургадугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь заалтыг үндэслэн “Ардчилсан Хувьсгалын анхны зүтгэлтнүүдийн талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолыг төслийг боловсруулсан тухайгаа танилцуулсан юм.

Categories
мэдээ улс-төр

Хотын дарга төсвийн төслийг шүүмжлэв

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн дөнгөж сая өндөрлөлөө. Шуурхай зөвлөгөөний үеэр Монгол Улсын Засгийн газраас УИХ-д 2015 оны төсвийн төсөл өргөн барьсантай холбогдуулан нийслэлийн Засаг дарга өөрийн байр сууриа илэрхийлжээ.

Тэрбээр “Монголын парламентын түүхэнд өмнө нь байгаагүй төсвийн төсөл өргөн барьсанд үнэхээр их гайхаж байна. Монгол Улсын Ерөнхий сайдад удаа дараа энэ талаар хандсан ч бидний хүсэлтийг үл ойшоон нийслэлийн өдөр тутмын ажил, бүтээн байгуулалтыг зогсонги байдалд оруулах, иргэдийн эрх ашгийг үгүйсгэсэн төсвийн төсөл өргөн бариад байна. Уг төсөлд зааснаар жилдээ 450-500 тэрбум төгрөгийн төсөвтэй Улаанбаатар хотод багш нар, эрүүл мэндийн байгууллага, соёлын байгууллагын ажилтнуудын цалин, урсгал засварыг хариуцуулахаар заасан байна. Энэ нь бидний тооцоолж буйгаар 330 гаруй тэрбум төгрөгийг гаргана гэсэн үг. Үнэхээр тийм боломж хотод байхгүй. Энэ төслийг УИХ баталвал хот үндсэндээ дампуурна” гэлээ.

Мөн энэ асуудлаар УИХ-ын дарга З.Энхболдод албан бичиг явуулахаар төлөвлөжээ. Уг төсвийн төслийг УИХ баталсан тохиолдолд нийслэлийн Засаг дарга иргэдийнхээ эрх ашгийн төлөө нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн барихгүй, батлуулахгүй гэдгээ албан ёсоор мэдэгдлээ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

ТЕГ- ын Сөрөх тагнуулын газрын дарга асан хурандаа Д. Цогтбаатараас

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж, УИХ-ын дарга З. Энхболд, Ерөнхий сайд Н.Алтанхуяг, УИХ ын ТХДХ- ны дарга Г.Батхүү, Хууль зүйн сайд Х. Тэмүүжин, Монгол Улсын Ерөнхий Прокурор Д. Дорлигжав, ТЕГ-ын дарга Б. Ариунсан, ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж, АТГ-ын дарга Н.Ганболд болон нийт УИХ-ын гишүүдэд

Ил захидал

2014 оны 10 сар Улаанбаатар хот

ТЕГ- ын Сөрөх тагнуулын газрын даргаар ажиллаж асан Д. Цогтбаатар би тодорхой албан тушаалтны хувийн өс хонзонгийн улмаас 245 дэх хоногтоо цагдан хоригдож байна. Энэ хугацаанд та бүхэндтус бүр /2-7/ удаа захидлаар хандсан боловч хариу ирүүлээгүй. Та бүхэнд хүрсэн эсэх нь тодорхойгүй тул ийнхүү хэвлэлээр хандахад хүрэв. Намайг 2013 оны 5 сараас ЭХ- ын 91-II, 148-III-т заасан гэмт хэргүүдэд сэрдэн шалгаж байснаа сүүлдээ ТЕГ- т шалгагдаж байсан иргэдийг эрүүдэн шүүсэн, иргэний өргөдлийг харьяаллын дагуу АТГ- т шилжүүлсэнийг Төрийн нууц задруулсан гэж буруутгаж байгаа юм байна.. Мөрдөн байцаалт явуулсан хэргийн материалтай танилцахад 2013 оноос эхэлсэн хувийн өш хонзонгоо авах зорилгоор намайг буруутгахад чиглэсэн хууль бус үйл ажиллагаа 2 жилийн турш явагдсан нь ил болж байна. Тухайлбал Д. Цогтбаатар намайг 2013 онд “Германы гэх” хэрэгт гүтгэсэн , илт гэм буруугүй хүнийг Эрүүгийн хэрэгт татсан, цагдан хорьсон, АТГ харьяаллын бус хэргийг шалгасан, миний эсрэг мэдүүлэг авахын тулд бусдыг айлган сүрдүүлж эрүүдэн шүүсэн, зохиомол ньнотлогдсон хэргүүдийг ашиглаж хууль бусаар олон сараар хорьсон, АТГ хэргийг шалгах нэрээр төрийн нууцад халдсан , илт нэг талыг барьж мөрдөн байцаах ажиллагаа явуулсан зэргээр 4 хуулийн 10 заалтыг ноцтой зөрчжээ. Өөрөөр хэлбэл эдүгээ буруутгаж буй“хэрэг”үүд нь ч ямар ч үндэслэлгүй, хууль зөрчиж ЭБША явуулсан үйл ажиллагааны үр дүн болохыг мэдлээ. Түүнчлэн өнгөрсөн хугацаанд намайг ийнхүү хэлмэгдүүлж өс хонзонгоо авч буй албан тушаалтан нь Д. Цогтбаатар нь амьд явах эрхгүй би түүнд ямар ч аргаар хамаагүй ял өгүүлнэ, би хувийн өс хонзонгоо авч байхад бүү саад бол гэж ил мэдэгдэл хийж байсан бол миний эхнэрийг айлган, сонин хэвлэлээр олон юм ярьж байгаад 2 сарыг нь 20 жил болговоо гэж сүрдүүлэх гэр бүлийн гишүүдийг минь хууль бусаар тагнаж мөрдөх зэрэг хууль бус дур зоргоороо авирласан үйл ажиллагаа явагдсаар байна. Иймд миний бие та бүхнээс дараахь асуудалд анхаарч хариу өгөхийг хүсч байна.

  • 1.Тодорхой албан тушаалтан Олон улсын конвенци, Үндсэн хуулиар хамгаалагдсан амьд явах эрхийг минь дур мэдэн хасч, хууль шүүхээс гадуур ял шийтгэл оногдуулах талаар ил мэдэгдэл хийж, үүнийгээ бодитоор хэрэгжүүлж нэг айлын амьдралаар тоглож байгааг та бүхэнд тодорхой бичсээр атал яагаад хэнч намайг хамгаалахгүй байгаа юм бэ? Хууль шүүхээс гадуур ял шийтгэл урьдчилан оноодог үүнийгээ прокурор шүүхэд нөлөөлж бусдыг хэлмэгдүүлдэг эрхийг хэн олгосон юм бэ? Энэ хүн юу ч хийж болох эрхтэй дархлагдчихсан хүн юм уу? Хянаж нягтлах үүрэгтэй та бүхэн Монгол Улсын иргэн надад тохиолдоод байгаа тодорхой баримт бүхий гэмт халдлагаас намайг хамгаалахгүй юм бол хэн хамгаалах вэ?
  • 2.Өмгөөлөгч нар эрх бүхий албан тушаалтануудтай уулзан гомдол хүсэлтийг гарган танилцуулж,хуулийн дагуу зөрчигдсөн эрхийг сэргээх талаар хандахад: “Улс төр оролцсон хэцүү хэрэг” гэжээ. Энэ юу гэсэн үг вэ? Нэг агентлагийн дэд даргын хувийн өс хонзонгоо надаас авч буй гэмт үйлдэл Улс төрийн үйл ажиллагаа юмуу?Тагнуулын ажилтан, түүний хуулийн дагуу маш хязгаарлагдмал хүрээнд явуулдаг үйл ажиллагаанд улс төр ямар хамаатай юм бэ?.Би та бүхнээс хэнийг нь ч танихгүй шүү дээ?
  • 3.Би Төрийн өмнө хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх явцдаа гадаадын тагнуулын албанд ашиглагдаж байсан болон төрийн эсрэг иргэдийг турхирч үймээн самуун дэгдээх гэж байсан хүмүүсийг илрүүлж, болзошгүй аюулаас сэргийлж таслан зогсоож байсан. Гэтэл эдгээр хүмүүс ТЕГ- ын ажилтнуудаас өс хонзонгоо авахыг эрмэлзэж үүнийг нь тодорхой хүмүүс ашиглаж зоригжуулан бусдыг гүтгүүлж хилс хэрэгт оруулж байхад ТЕГ болоод Монголын Төр яагаад ямар ч арга хэмжээ авахгүй хамгаалахгүй байгаа юм бэ? . Ийм байдлаар хандвал цаашид улс эх орныг хэн хамгаалах вэ? /УИХ- ын ТХДХ зэрэг эрх бүхий байгууллагаас чухам юу болж өнгөрсөнийг нягтлан үзэж болно шүү дээ. /
  • 4.АТГ- ын даргаа‼ Танай мөрдөн байцаагч П. Болд намайг германы гэх хэрэгт дахин шалгаад холбогдолгүйг нотлож Прокурорт саналаа гаргасан байхад та “Eagle TV”- ээр намайг 13 сая ерогийн хэрэгтшалгагдаж байгаа мэтээр ямар зорилгоор нийтэд зарлаж байгаа юм бэ?. Би таны л адил гэр бүл, найз нөхөд,нэр төр, хүсэл мөрөөдөлтэй Хүн шүү дээ. Н. Ганболд даргаа‼ Таны төсвийг ньзахирч буй АТГ- ын төсвөөс чинь бусдыг хууль бусаар тагнах болон хэвлэл мэдээллээр гүтгэн доромжилоход зориулан татвар төлөгчидийн мөнгө урссаар байгааг та мэдэж байгаа юу?
  • 5.Монгол Улсын Ерөнхий Прокурор оо‼ Надад холбогдуулан шалгаж буй хэргүүдэд дээд тал нь 4 сар хорих атал намайг 9 дэх сардаа хорьж байна. Намайг анх Эрүүгийн хуулийн 264 дүгээр зүйл анги буюу албан тушаалаа урвуулан ашигласан гэж АТГ-аас баривчилсан. Намайг заналхийлсэн хүн харъяалал зЮрчин өөрийн удирддаг АТГ-т хэрэг үүсгэхийн тулд ийм үндэслэлээр баривчилсан бөгөөд 2014 оны 04 сарын 4-нөөс эхлэн өмгөөлөгч болон миний бие Танд болон Нийслэлийн прокурорт удаа дараа хандаж байсан. Гэтэл өчигдөр прокуророос дээрх хэргийг хэрэгсэхгүй болгосон нь мөрдөн байцаалтын явцад цуглуулсан бүх баримт материал ньхууль бус гэдгийг харуулж байгаа юм биш үү. АТГ-ын мөрдөн байцаагч болон НПГ-ынпрокурор Т.Оргил-Очир нарын хорих үндэслэл болгоод байсан Германы гэх хэрэг 2014 оны 08 сарын 13-нд хэрэгсэхгүй болсон, бусдыг далайлган сүрдүүлсэн гэх хэрэг нь 2014 оны 04 сарын 30-нд авсан мэдүүлгээр миний бие буруугүй болох нь нотлогдчихсон байх тул суллаж өгнө үү?
  • Эрхэм Төрийн түшээд ээ

Миний бие эрх зүйт ардчилсан нийгэмд амьдарч буй хэмээн итгэж хууль шударга ёсонд найдаж өнөөдрийг хүрлээ. Би ямар нэг хууль бус зүйл хийсэн бол ингэж хандах ёс суртахууны эрхгүй билээ. Гэвч би болон миний гэр бүл өнөөгийн нийгэмд байж боломгүй гэмт халдлагад өртөж эрүүл мэнд бүх зүйлээрээ хохирч байгаа тул та бүхэн /ТӨР/ иргэдээ гэмт халдлагаас хамгаалах үндсэн чиг үүргээ хэрэгжүүлж шаардлагатай арга хэмжээ авч өгнө үү. Та бүхэн надад хариу өгөхгүй байсаар байвал би болон миний гэр бүл яах ёстой вэ? XXI зууны ардчилсан Монгол улсад хүчтэй нь хүчгүйгээ барьж иддэг зэрлэг ширэнгийн хууль үйлчилж буй гэж үзэж , үр удмаа хамгаалах адгуусны адилаар бүх арга хэрэгсэл боломжоо ашиглаж хуулиас гадуур тэмцэх үү? Эсвэл албан тушаалтаны дур зоргоороо өс хонзонгоос иргэдээ хамгаалж чаддаг ардчилсан оронд орогнол хүсэх үү?

Гэвч миний бие Монгол Төр ийм бусармаг үйл ажиллагааг таслан зогсоож шударга ёсыг тогтоож өгнө гэдэгт итгэж байна. Үр хүүхдүүд, улс орны маань ирээдүйг ийм хууль бус ёс суртахуунгүй зүйлсээр дүүргэхгүйн тулд ардчилалын фундамент болсон хуулийнзасаглалыг нураалгахгүйн тулд миний бие бүх хэлбэрээр тэмцэх болно. Эцэст нь хувийн жижиг хонзонгоос үүдэн Төрийн хамгийн чухал бөгөөд эмзэг байгууллага болох Тагнуулын байгууллагын ажилтныг ийнхүү хэлмэгдүүлж, хэвлэл мэдээллээр ил гарахад хүргэж, энэ хэрээр ТЕГ- ын хэвийн үйл ажиллагаанд хохирол учруулж буйд маш ихээр харамсаж байгаагаа илэрхийлэхийн сацуу, намайг сургаж хүмүүжүүлсэн, тодорхой үүрэг даалгавар, албан тушаалд итгэж томилж байсан, эх орны өмнө гавьяа байгуулах оргилуун сэтгэлээр хамтран зүтгэж байсан бүх хүмүүсээс гүнээ хүлцэл өчиж байна.

Та бүхнийг хүндэтгэсэн хурандааД. Цогтбаатар

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Засгийн газрын бүтцийг 13 яамтай байхаар баталлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн бүтцийн өөрчлөлт хийнэ гэсэн мэдэгдэл нэлээдгүй хугацаанд олны анхаарлын төвд байлаа. Тэгвэл өчигдөр үдээс хойш хуралдсан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн яамыг нэгтгэн Сангийн яам, Уул уурхайн яам, Эрчим хүчний яамыг нэгтгэн Уул уурхай, эрчим хүчний яам, Барилга хот байгуулалтын яам, Зам тээврийн яамыг нэгтгэн Зам тээвэр, хот байгуулалтын яам болгон өөрчилж нийт 13 яам, 11 тохируулагч агентлаг, 19 хэрэгжүүлэгч агентлагтай ажиллахаар бүтцийг өөрчиллөө. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан өчигдөр 08.30 цагт зарлагдсан ч байнгын хорооны хуралдаанд оролцох гишүүдийг хүлээсээр нэг цаг орчим болж, 12 гишүүнтэй болсноор Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр асуудлаа баталсан юм. Асуудлыг хэлэлцэж эхлэхэд УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Засгийн газрын бүтцийн тухай хуулиар Ардчилсан намын бүлэг нэг ажлын хоногийн завсарлага хүсч байна” гэсэн юм. Ажлын нэг хоног гэдэг нь тухайн өдөртөө байнгын хороо дахин хуралдах боломжтой юм байна. Харин 13 цагт Төрийн байгуулалтын байнгын хороо дахин хуралдсан. Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Завсарлага дууссан. Хэлэлцэх асуудалдаа оръё” гэснээр байнгын хорооны хуралдаан эхэллээ. Хэлэлцүүлгийн шатанд УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд Соёл, спорт, аялал жуулчлалын яамыг татан буулгаж, эрхлэх асуудлыг нь Эрүүл мэнд, Боловсрол, Байгаль орчны яаманд шилжүүлэх санал гаргасан нь дэмжигдлээ. Хэрэв уг саналыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцох гишүүдийн олонхи дэмжвэл Соёл, спорт, аялал жуулчлалын яамыг бусад яаманд нь нэгтгэх шийдвэр батлагдах байсан юм. УИХ-ын гишүүн М.Энхболд”ССАЖЯ-ыг нэгтгэх хэрэгтэй. Бие даасан яам байх шаардлагагүй. Хоёр жил ямар ч уялдаа холбоогүй ажилласан. Үүрэг функцийг нь өөр яаманд нэгтгэх хэрэгтэй. Ерөнхий сайд үүнийг дэмжих байх” гэхэд Ерөнхий сайд Н.Алтанхуяг “М.Энхболд даргаа өршөөгөөрэй. Богино хугацаа үлдсэн юм чинь энэ чигт нь явуулчихъя” гэсэн юм. Уг асуудлаар санал хураалт явуулахад гишүүдийн олонх, “Шударга ёс” эвслийн бүлгээс Г.Уянга, Л.Цог нар МАН-ын бүлгийн гишүүдийн саналыг дэмжсэн. Энэ мэтчилэн байнгын хорооны гишүүд өөрсдийн байр суурийг хэлцгээж саналаа нэгтгэн чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болсон. Чуулганы хуралдаан 15:30 цагт эхэллээ. УИХ-ын гишүүн Д.Батцогт, Д.Эрдэнэбат нарын гаргасан Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын эрхлэх асуудлын хүрээнд байгаа хүнд үйлдвэрлэлийн салбарын асуудлыг Уул уурхай, Эрчим хүчний яаманд хариуцуулах гэсэн санал, Шадар сайд бөгөөд Гадаад харилцааны сайдын эрхлэх асуудлын хүрээнд харьяалагдаж байгаа чөлөөт бүсийн эрхлэх асуудлыг Ерөнхий сайдын мэдэлд авчрах зэрэг саналууд байнгын хорооны гишүүдийн олонхийн дэмжлэгийг хүлээлээ.

Чуулганы нэгдсэн хуралдаан эхлэхэд УИХ-ын гишүүн Д.Гарамгайбаатар “ҮХААЯ-ыг салгаж байгаа юм байна. Дэд бүтцийн яамыг Зам, тээврийн яам болгож байгаа юм байна. Яагаад өөрчлөгдөөд байгаа юм бэ. Ерөнхий сайдын өргөн барьсан төсөл дээр зургаан сайдын асуудал хөндөгдсөн. Одоо дахиад нэг сайдын асуудал хөндөгдөх нь. Энэ нь Засгийн газарт нөлөөлөх үү” гэхэд “Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулах тухай төслийг хэлэлцэх үед дэд бүтцийн чиглэлийн яамдыг нэгтгээд Уул уурхай, эрчим хүчний яаманд байвал дэд бүтэц хөгжинө, ҮХААЯ-нд дотоод худалдаа байх нь зүйтэй гэдэг асуудал дэмжигдсэн. Төслөөр Дэд бүтцийн хөгжлийн яам гэж орж ирсэн. Энэ өөрчлөлт нь Засгийн газрын 50 хувьд хамаарахгүй учир бүтцэд нөлөөлөхгүй” хэмээн Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей хариулсан юм. УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Гадаад харилцааны сайдад нэр томъёо нэмэх нь ямар хэрэг байна вэ” гэхэд “Монгол Улсын Шадар сайд бөгөөд Гадаад харилцааны сайд гэсэн томъёоллоор оруулж ирсэн. Үүнийг нэр бүхий гишүүдийн саналаар Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны сайдгэдэг нэр томъёоллоор оруулахыг байнгын хороо дэмжсэн. Европын зарим орнуудад Гадаад харилцааны сайд нар нь эдийн засгаа давхар авч явдаг хууль түгээмэл байдаг юм билээ. Бүтцийн шинэ өөрчлөлтөөр гадаад харилцааны салбарт эдийн засгийн чиг үүрэг тодорхой хэмжээгээр орж байгаа. Гадаад харилцааг эдийн засагжуулах санал тавигдаж байгаа.Ингэснээр ямар нэг хөрөнгө зардал шаардагдахгүй. Нэр нь л өөрчлөгдөж байгаа юм” гэлээ. УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “Гадаад яамны шинэ бүтцийн асуудлыг хоёр гуравхан гишүүний саналаар байнгын хороогоор 30 минут хэлэлцээд үндсээр нь өөрчлөөд оруулаад ирлээ. Эдийн засгийн агуулгаа түлхүү тавьжээ. Улс орны язгуур эрх ашгийг илэрхийлэх бодлогыг нь гадаад эдийн засаг тал руугаа түлхүү оруулжээ. Монгол Улсын гадаад бодлогын асуудлыг эдийн засгийн асуудлаас тусад нь авч үзэх шаардлагатай байдаг. Төрийн гадаад бодлогын асуудлыг эдийн засгаас тусад нь авч үзэх ёстой. Эдийн засаг нь гаднын хараат болчих гээд байна. Мөнгө олж байх нь Гадаад харилцааны яамны үүрэг болох нь ээ. Хөрөнгө оруулалт татаж л байвал Гадаад харилцааны асуудал гэж ойлгож байна. Үүний цаана улс төрийн фракц хоорондын тэмцэл байдаг л байх. Гэхдээ Монгол төрийн гадаад бодлогын асуудлыг ингэж хутгаж болохгүй. Хэт улс төрийн өнцөгтэй шийдвэр, фракцын бялуу хуваах асуудалд хандуулсан нь харамсалтай” гэсэн юм. Харин Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга “Засгийн газрын бүтэц, үйл ажиллагааг Ерөнхий сайд оруулж ирээд, УИХ-аар хэлэлцдэг. Үүнийг УИХ олноороо хэлэлцэж, хамтын шийдвэр гаргадаг. Байнгын хороо ч гэсэн танай бүлгийн гишүүдтэй хамтаараа шийдвэрлэсэн, энэ хамтын шийдвэр” гэсэн хариуг өгсөн юм. Харин УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр “2008-2012 оны бүтэц эргээд сэргэж байх шиг байна. Толгойг нь хуучин бүтэц рүүгээ оруулж байгаа бол хөлийг нь бас энэ чиглэлд оруулаач. Ч.Улаан сайд зургаан яамыг гурав болгож нэгтгэснээр нэг тэрбум төгрөг хэмнэнэ гэсэн. Тэгвэл дагаж томорсон бүтцээ цөөлж хэмнэгдэх 200 тэрбум төгрөгөөр цалин, тэтгэврийг нэмэх ёстой” гэсэн юм. “Байнгын хороогоор анхны хэлэлцүүлэг хийх үед төрийн албаны чиглэлээр санал дүгнэлт гараагүй. Хууль санаачлагчийн оруулж ирсэн төслөөр чиг үүргийн давхардал арилна. Төрийн албан хаагчдын тоо, төсөв зохих хэмжээгээр хэмнэгдэнэ гэж байсан. ССАЖЯ-ны төсөв хомс гэдэг нь үнэн. Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн гол чиглэл нь дэлхийд үнэ цэнтэйд тооцогдож байгаа нүүдэлчдийн соёл, уламжлалыг хамгаалан хөгжүүлэхийг зорьсон. Тус яам энэ чиглэлээр ажилласан хэдий ч төсөв бага байсан” гэсэн юм. Үүний дараагаар ССАЖЯ-ыг татан буулгах талаар Байнгын хороон дээр дэмжигдсэн тул өөрсдийн гишүүд байр сууриа илэрхийллээ. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “ССАЖЯ-ыг салгаж, эрхлэх асуудлыг бусад яамдад хуваарилсныг дэмжиж байгаа юм. Энэ яам байгуулагдсанаар их спорт бүхэлдээ орхигдсон. Ажлын уялдаа алдагдсан. Спортын салбар өмнө нь Эрүүл мэндийн яамны харьяанд байсан. Энэ яамыг байхгүй болгохыг дэмжиж байна”гэсэн бол УИХ-ын гишүүн Р.Гончигдорж “Даяаршиж байгаа энэ нийгэмд нүүдэлчин монгол энэ хэвээрээ яаж үлдэх вэ. Би энэ саналыг дэмжихгүй байгаа юм. Өнөөдөр Б.Бат-Эрдэнэ гишүүний хэлж байгаа зарим зүйл гарч ирсэн л байх. Гэхдээ соёл, аялал жуулчлал их хөгжсөн. Монголын аялал жуулчлалын онцлогийг дэлхийд харуулахад энэ яам гаргаж ирэх ёстой. Спортын тал дээр алдаа дутагдал бий л байх. Үүнийгээ засаад яваг л дээ” гэхэд Б.Бат-Эрдэнэ гишүүн чуулганы танхимыг орхин гарсан юм. Харин УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Ардын намынхныг ойлгохгүй байна. Энэ намд уг нь бөхчүүд спортынхон олон. Би хуульч хүн. Хууль зүйн яамыг байхгүй болгохсон гэж боддог. Яагаад гэхээр алдаа дутагдал бий учраас тэр. Харамсалтай миний хүссэнээр болохгүй. Учир нь энэ яам зайлшгүй байх ёстой. Түүнтэй яг адилхан” гэсэн бол УИХ-ын гишүүн Ц.Цолмон “Энэ яам цаашид үйл ажиллагаагаа явуулах ёстой” гэлээ. Харин Л.Болд гишүүн “ССАЖЯ байх ёстой. Өмнө нь манайхан хоёр хөрштэйгээ эвтэй болоод ирэнгүүт Батлан хамгаалах яамаа татан буулгаж байсан түүхтэй улс. Уугуул хүмүүстэй улсуудад Соёлын яам байдаг. Болохгүй бол спортыг нь Ерөнхий сайдад өгчих. Соёл, аялал жуулчлалын яам байх нь зөв” хэмээн байр сууриа илэрхийлсэн юм. Ийнхүү чуулганы нэгдсэн хуралдаанаарТөрийн байгуулалтын байнгын хорооны дүгнэлтээр ССАЖЯ-ыг татан буулгахыг дэмжих санал явуулахад 53 хувиар буюу 35 саналаар дэмжлэг авч чадсангүй. Хамгийн сонирхолтойнь эрх баригчдаас Б.Гарамгайбаатар, Л.Цог, Б.Болор, Р.Бурмаа, М.Зоригт нар яамыг татан буулгах ёстой гэдэг дээр кноп дарсан юм. Хуулийн төсөлд орж ирсэн Тэргүүн Шадар сайд гэдгийг Шадар сайд хэвээр нь үлдээх харин Гадаад харилцааны яамыг Гадаад харилцаа, эдийн засаг хамтын ажиллагааны яам болгох нь зүйтэй гэдэг дээр гишүүд санал нэгдэв. УИХ-ын гишүүн Су.Батболд “Фракцуудад тохируулж яам бий болгож болохгүй” хэмээн хатуухан сануулав. Энэ мэтчилэн гишүүд өөрсдийн байр суурийг илэрхийлж дууссаны дараа чуулганы нэгдсэн хуралдаан түр завсарлаж Төрийн байгуулалтын байнгын хороо эцсийн хэлэлцүүлгээ хийхээр боллоо. 17:50 цагт байнгын хорооны хуралдаан эхэлсэн. Байнгын хорооны хуралдааны үеэр ҮХААЯ гэдгийг Хүнс хөдөө аж ахуйн яам гэсэн нэршлээр явъя гэдэг саналыг Х.Болорчулуун гишүүн оруулсан ч анхны хэлэлцүүлгээр оруулаагүй тул хэлэлцэх боломжгүй гэлээ. Хүнд үйлдвэрийн салбарыг Уул уурхай, эрчим хүчний яам, хөнгөн үйлдвэрийг ҮХААЯ-нд харьяалагдаж байхаар гишүүд дэмжсэн юм. УИХ-ын гишүүн Н.Энхболд “Функц шилжихээр олон хүнийг ажлаас халдаг шүү” гэлээ. Байнгын хорооны хуралдаан удалгүй өндөрлөсний дараа чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайдын оруулж ирсэн хуулийн төслийг батлахаар боллоо. Чуулганы хуралдаан эхлэхийн өмнө гишүүд чуулганы танхимд хуушуур идэцгээсэн юм. Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжлэхэд төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Н.Энхболд, Ё.Отгонбаяр нар асуулт асууж тодруулсны дараа Байнгын хорооноос дэмжсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 70 гишүүний олонх нь дэмжсэн. Ингээд Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын бүтцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 69 гишүүний 51 нь буюу 73.9 хувь нь, уг хуулийн төслүүдтэй хамт өргөн баригдсан “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг батлах тухай Улсын их хурлын 2012 оны 14 дүгээр тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын их хурлын тогтоолын төслийг 75.4 хувь нь дэмжсэнээр хууль тогтоомжийн төслүүд батлагдсанаар чуулганы нэгдсэн хуралдаан 19:50 цагт өндөрлөлөө.

Э.БОЛД

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Бид уул нь хүлэг нь ирлээ, хүү төрөх нь гэж бэлгэшээдэг ард түмэн юмсан

Өнгөрсөн баасан гаригт Засгийн газар “Эзэн 100” хөтөлбөрийнхөө тайланг тавилаа. Энэ үеэр гишүүн Ё.Отгонбаярын хэлсэн үг сүрхий анхаарал татжээ. Танхимд байгаа хүмүүс нирхийтэлинээлдэж, сошиал ертөнц шаагилданэрхэм гишүүний ухаантай мундагийг гайхацгаав. Хичнээн мянган лайк авлаа, гишүүн од боллоо гэлцэн бахдах маягтай байна лээ. Тэрээр “Засгийн газраас ирүүлсэн тайланг уншаад ангайгаад сууж байна. Кызыль руу автобус явсан гэнэ. Эрээн рүү онгоц нисдэг болж. Барилгын компанийг шалгахаа болиод зөвлөдөг болж. Наадмаар тав хоног амардаг болсон юм байна. Казиногийн хууль бэлэн болж. Эдгээрүүд эдийн засаг сайжрахад ямар хамаа байна. Адуу гурван сая хүрч унаагаа юүлж уналгаа бэлдсэн болохоор удахгүй гурван сая дахь иргэнээ тосч авах гэж байна гэж тайландаа дурдаж. Адуунаас болоод хүүхэд өсөөд байгаа юм уу, урьд нь хүүхэд өсдөггүй байсан нь адуу багадаад байснаас болоод байгаа юм уу” гэж ирээд л баахан асуув. Ингэж шальчиганаж байгаа улсууд үнэхээр эмгэнэлтэй байна.

Кембрижийн их сургуулийн эрдэмтэн судалгаандаа “Тал нутагт маш сайханзун болж, адуу нь өссөн учраас дэлхийг эзлэх аян дайнд мордсон гэж бичсэн. Гумилёв ч бас үүнтэй утга нэгэн бичсэн. Адуу нь өссөн, хүн нь өссөн, иймээс тал нутгийн монголчуудын хүчирхэг байсныг ийн зүйрлэсэн байдаг. Тал нутгийн ард түмэнд адуу өсөх бол хүч чадал нэмэгдэж байгаа гэсэн үг юм. Унага ихэрлэлээ дайн болох нь гэж баярладаг байж. Дайн гэхээр үхэл хагацал үгүйрэл хоосрол, ядуурал гэж бодож байна уу. Тэр үед дайн гэдгийг олз омог, хөгжил хөдөлгөөн, хөөр баяраас ялгаагүй гэж хүлээж авдаг байж. Дайн болоход эдийн засгийн их эргэлт болж байна гэсэн үг. Одооны наймаатай яг адил. Орчин үеийнхээр бол шинээр олзны хүмүүс авчирч шинэ мужаан, шинэ боол, шинэ соёл нэвтэрч цоо шинэ эдийн засгийн болон соёлын эргэлтүүд болдог байж. Тэгээд ч монголчууд түүхэндээ ялж байснаас ялагдаж байгаагүй. Үүнийг арлын Японд сумогийн ертөнцөд монгол залуус ялагдахгүй хэдэн жил ноёлж байгаагаас харж болно. Дайнд ялаад ирэхдээ олз омогтой ирдэг байсан. Тиймээс адуу өсөхийг бэлгэшээдэг. Үнээ ихэрлэвэл муу ёр, адуу ихэрлэвэл сайны ёр гэдэг байв. Ийм философи сургаалтай, ийм бэлгэтэй ард түмэн. Монгол хүн амны билгээр гэдэг. Энэ бэлгээр бол адуу өсөх шиг сайн мэдээ алга.

Тийм байтал адуу өсөх хүн өсөхтэй харьцуулсныг гутаан доромжилж, дамжуулан хөөрөлхөх нь монголчуудын эсрэг байна уу, эсвэл монгол хүн мөн үү гэж асуухад хүргэж байна.Ингэхээр Н.Алтанхуягийн Засгийн газрыг өмөөрөх гэлээ гэж андуурав. Бичиж буйд Н.Алтанхуягийн сайн муугийн тухайд, түүний удирдаж байгаа Засгийн газар сайн, муу ажилласантай огт хамаагүй гэдгийг хэлчихье.

Энд монголоо алдсан гишүүн, түүнийг дэмжиж буй хүмүүсийн тухай л ярьж байна. Ёс заншил, ардын аман зохиол, язгуур урлаг, ёс, бэлгэ, бэлгэдэл зүйн анхны мэдэгдэхүүн байхгүй, егөө, доромж болгох ийм амархан болчихож. Яасан олноороо хөгжөөн дэмжив.

Тал нутгийн ард түмний энгийн ёс бэлгэдлийг мэдэхгүймөртлөө мэддэг юм шиг ярьж, түүнийг нь хөгжөөн дэмжиж байгаа нь зэвүүцэл төрүүлж байна. Үүнийг нь дагалдагч хэмээх улс төрийн сэдэлтэй хэдэн жиргээч, фэйсбүүкчид шагшин магтлаа. Боловсролын сайд байсан хүн үндэсний уламжлалаа, ёс заншлаамэдэхгүй доог тохуу ярьж суух юм. Хүний үгийг мушгиж суухаар өөрийнхөө хэлжбайгаа үгийг нэг бод.

Гүжрийн өмнө үнэн хүчгүй гэж үг бий. МАН-ын нэг хэсэг хүмүүс байна. Юу л бол мушгин гуйвуулж тоглоом наадам, хоосон улс төр болгох юм.

Улаангом Кызылийн хооронд автобус явдаг болсон нь эдийн засагтай ямар хамаатай юм гэнэ. Эдийн засагт хамаагүй, ашиггүй бол тэр хооронд автобус явах уу, Эрээн рүү онгоц нисдэг болж гэнэ. Эдийн засагт энэ чинь хамаагүй хэрэг үү. Хэдэн наймаачид нь Эрээнээс бараа зөөхөө больчихоогүйбол эдийн засагт хэрэгтэй л баймаар. Казиногийн хууль эдийн засагт хамаагүй гэх юм. Хамаатайгаас илүү хамаатай. Энэ бүхнийг сонсоод гудамжинд байгаа хүмүүсийн уур хүрч байгаа гэх юм. Монголчууд бүгд гудманд гарчихаагүй байна. Траншейны гэх цөөн хэдэн хүн гудманд байгаа. Бусад нь бүгд гэр оронтой. Эрхэм гишүүний хэлснээр монголчууд бүгдээрээ гудамжныхан болчихоогүй. Энэ улс орон чинь өнхрөөд ойчлоо гэлээ. Хаана тэр улс орон өнхрөөд ойчих гээд байна. Хэн хүрч ирээд энэ улсыг байхгүй болгох гээд байгаа юм.

Дахин хэлье. Н.Алтанхуяг болон Засгийн газрыг өмөөрөөгүй. Анхнаасаа л энэ бүтцээ өөрчилж сайд нараа цөөлөх хэрэгтэй байсан юм. Алдаа оноо зөндөө л бий биз. Энэ удаа тэр хүний сайн муу хийсэн тухай ер ярих гээгүй. Харин хүний хийснийг мушгиж гуйвуулж буруу яриад тэрийг нь даган баясаад байгаа хүмүүсийнтухай нь хэлэх гэсэнюм. Учир нь Ё.Отгонбаярын хэлсэн үгийг шүүмжлэхээр Н.Алтанхуягийг өмөөрч, захиалга гүйцэтгэлээ гэж мушгихыг нь мэдээд ингэж дахин дахин анхааруулж хэлээд байгаа юм шүү.

Боловсролын сайд асан одоо УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын хэлсэн үг,түүнийг шагшин гайхаж магтаад байсан хүмүүсийн үйлдэл В.Шукшины зохиолын баатар болон түүнийг хөөргөн баясагч нартай яг давхцаж байгаа тул уншигч авхай нарт сануулсу. В.Шукшины “Мад тавьсан нь” өгүүллэгттосгонд ирсэн олны мэдэх гайгүйалба ажилтай эсвэл эрдэмтнийгбайюу ч ярьсан мад тавьдаг Глеб Капустин гэх дөч орчим насны нэгэн эр байх бөгөөд түүний энэ үйлдэлд нь хүмүүс дургүй ч зарим нь “Энэ удаа хэрхэн мад тавих бол” гэж жүжиг үзэх мэт сонирхох нь цөөнгүй. Энэ нь мэдээж Глеб Капустины хувьд таатай. Нэгэн хурандаа дайны тухай ярьж байгаад Москваг шатаах тушаал хэн өгснийг санадаггүй. Мэгдэхдээ өнөөх хурандаа Распутин гээд хэлчихэж. Глебийн хувьд энэ мөчийг л хүлээж байсан гэлтэй хурандаад хандан “Тайван бай хурандаа, бид ямар Филид байгаа юм биш, тийм үү” гэж хэлснээр Глеб ялагч, хурандаа ялагдагч болж хувирав. Филид байгаа биш гэж яагаад хэлсэн юм бол гэж хөгшүүл гайхавч нэгэнт үйл явдал дуусахад хурандааг ялсан Глебийн үгмоод болсон байлаа. Үүнээс хойш түүнийг нөгөө догион хөөрөгдөгчид нь хэнийг мад тавихыг сонирхож, мань Глеб бүр ч омойтно. Тосгонд ирсэн дэд эрдэмтнийг Глеб мөн л өнөөх аргаараа мад тавина.Тэр зүгээр л мад тавьж ялдаг,үнэн үг хэлэх эсэх нь түүнийг дөгөөгчдөд сонин биш,ямар ч утга авцалдаагүй үг хэлээд л ялсан л бол ялсан. Түүний утга авцалдаагүй хариултанд ухаантай хүн логиктой хариулт хэлж амжихааргүй болтол утгыг алдуулж займруулна.Ухаантан яаж ч хариулах боломжгүй үед өнөөх Глеб мад тавих үгээ олчихно. Учрыг тунгаагаагүй нөхөд юуг ч ойлгоогүй хэрнээ Глебийг л ялсан ухаантан гэж ойлгоод дуусдаг. Эрхэм гишүүн Ё.Отгонбаяр ямар ч хүн ойлгохоор юмыг хүн ойлгохооргүй болгож тайлбарлахад жиргээч хэмээх дагалдагчид, хөгжөөгчид нь баатар мэтээр хөөргөв. Москвагийн олон улсын харилцааны их сургуульд Ц.Мөнх-Оргил, Сү.Батболд, Ж.Оджаргал нарын онц сурлагатнуудыг явуулахын өмнө 45 хоног цэрэгт явуулж тангараг өргүүлсэн байдаг. Харин тэд хойшоо сургуульд явж төгсч ирээд бичиг цаастай ноцолдсон уу гэхээс биш монгол ёс заншлаа мартаж хар бор амьдрал мэдэхгүй болж дээ. Тийм дээ ч ардын ухааныг хошигнол болгож тайлбарлаад үүнийг нь шууд улс төр болгочихож байгаа нь эмгэнэл шүү.

Н.Алтанхуягийг мад тавилаа гэж бодоод маадгар суугаа бол энэ эндүүрэл, ардын ёсоо уландаа гишгэсэн үйлдэл чинь л муухай байлаа.Бид уул нь хүлэг нь ирлээ, хүү нь төрөх нь гэж бэлгэшээдэг ард түмэн. Унаа нь ирлээ, улс нь хөгжих нь ч гэж орчин үед хэлж болох юм. Мань Глеб үүнийг ч бас мушгиж дөнгөнө л дөө.

М.СҮЛД

Categories
мэдээ цаг-үе

Хууль сахиулагчдын өмнөөс ажиллаж хуулиа зөрчих эрх тэмцэгчдэд бий юү

Баянхонгор аймгийн Гурванбулаг суманд үйл ажиллагаа явуулдаг “Жи энд Юу голд” компанийн талбайд “Дэлхийн монгол ногоон нэгдэл”, “Босоо хөх монгол” төрийн бус байгууллагынхан дайрч орж, удирдлагуудаас нь бичиг баримт дээрэмдэж, дөрвөн хүнийг хүчээр машиндаа суулгаж барь­цаал­сан талаарх мэдээлэл цахим хуудсаар тарсан юм. “Жи энд Юу голд” компанийн ажилтнууд байгаль орчны төлөө гэх төрийн бус бай­гууллагуудын үйл ажилла­гааг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн бичгийг Ерөн­хий сайд болон Хууль зүйн сайдад хаяглажээ. Түүнээс үзэхэд төрийн бус байгууллагынхан сумын зарим иргэнтэй нийлж сог­туугаар компанийн талбайд дайрч, хууль бус шаард­лага тавин, зодоон цохион үүсгэснээс гадна удирдлагуудыг нь хүчээр машинд суулгаж барьцаалсан байна. Хөдөл­гөө­нийхөн болон компанийн хооронд уржигдар эхэлсэн энэ тэмцэл одоо ч үргэлжилж байгаа аж. Бид үйл явдлыг сурвалжиллаа.

Г.ЧИНТӨМӨР: НУТГИЙНХАН, ХӨДӨЛГӨӨНИЙХНИЙ ДАРАМТААС ХЭДЭН МЯНГАН АМ.ДОЛЛАР АЛДЛАА

Жи энд Юу голд” компанийн ерөнхий захирал Г.Чинтөмөртэй утсаар холбогдож ярилцлаа.

Танай компанийн ажилт­нуудын гарын үсэгтэй, Ерөн­хий сайд, Хууль зүйн сайдад хаягласан бичгийг харлаа. Чухам юу болсон юм бэ?

-Манай компани 100 хувь үндэсний хөрөнгө оруулалттай. Хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа. Манай компанид 150 залуу ажилладаг. Энэ хүмүүс ажил хийж, амьдралаа залгуулах гэж хөдөө хээр, үр хүүхдээсээ хол яваа. Тэдний ард 500 орчим хүмүүсийн амьдрал бий. Гэтэл өөрсдөдөө гоё нэр өгсөн рекетчид дайрч ирээд үймээн дэгдээж, эрх чөлөөнд нь дураараа халдаж байна. Бүр заримыг нь барьцаалаад явчихлаа. Үүнд манай хамт олон үнэхээр бухимдаж байна. Олон жил хуулиас гадуур дарамтлуулж, дээрэлхүүллээ. Арга ядахдаа гарын үсгээ цуглуулаад Ерөнхий сайд, Хууль зүйн сайдад хандаж байна шүү дээ.

Ням гаригт хөдөлгөөний жийп хөлөглөсөн залуус, сумын иргэдийг дагуулж ирээд бидэнд “Бичиг баримтаа шалгуул” гэсэн хууль бус шаардлага тавьж, хэл амаар доромжилж эхэлсэн. Хуулийн дагуу харьцахыг сануулсан ч бичиг баримт дээрэмдэж, зодоон хийлээ. Бүр дөрвөн хүнийг ачааны машины тэвшин дээр хүчээр авч шидээд сумын төв рүү авч явсан. Үүнийг “Хүн барьцаалсан” гэхээс өөрөөр нэрлэх арга алга (Тэрбээр тухайн үед болсон явдлыг дүрсжүүлж хадгалснаа үзүүллээ. Бичлэгт дээлтэй, хамгаалалтын хувцастай залуучууд гурван ч хүнийг хүчээр машины тэвшин дээр суулгаж байгаа харагдав).

Хүчээр авч явсан хүмүүсээ хаана аваачсан хэрэг вэ?

-Сумын төвд хүмүүс хуралдаж байсан юм билээ. Тэр хурал дээр аваачиж, хоёр цаг гаруй байцааж, хэл амаар доромжилсон. Үндсэн хуульд заасан хүний эрх хаана байна вэ. Хэн дуртай нь барьцаалдаг, хорьдог байж болох уу.

Та бүхэн цагдаагийн байгууллагад гомдол гаргасан уу?

-Албан ёсоор гомдол гарга­сан. 2011 онд мөн л ийм зүйл болж байсан. Нутгийн хэдэн залуус манай компанийн хүмүүсийг уурхайгаас хүчээр авч яваад уурын зуухны байранд дөрвөн цаг хорьсон. Гэтэл хуулийн байгууллага авч хэлэлцээгүй. Тоогоо ч үгүй. Тиймээс тэд хууль зөрчиж болдог гэж ойлгочихоод үйлдлээ давтаж байх шиг байна. Өмнө нь ингэж дарамтлуулж байсан учраас энэ удаад олон нийтэд хүргэе гэж бодсон юм. Танай сонин хамгийн олон уншигчтай, нийтлэл бүрт чинь албаныхан анхаарлаа хандуулдаг. Бидэнд тохиолдоод байгаа энэ үйл явдалд ч анхаарлаа хандуулна гэдэгт итгэж байна. Орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа компаниудад ийм хууль бус явдал, дарамт байгаа нь хэвийн зүйл мэт болсон.

Хөдөлгөөнийхөн танайд ирэхдээ хуулийнхныг дагуулж ирсэн үү?

-Хууль сахиулах, шалгах эрхтэй нэг ч хүн ирээгүй. Тэгсэн атлаа өнөөг хүртэл Гурванбулаг суманд байж, өөрсдийгөө хуулийн дагуу байсан мэтээр олон нийтэд худлаа мэдээ тарааж байгаа.

Нутгийн иргэд ямар учраас танай компанийг дарамтлаад байдаг юм бэ?

-Хоёр, гуравхан хүний зохион байгуулж бай­гаа ажил. Уул уурхайн ком­пани олбор­лолт хийж байгаа сумынхаа татварын байцаагчтай газрын гэрээ хийж, татвар төлөх ёстой. Гэтэл татварын байцаагч Шаравсэнгэ гэдэг хүн энэ гэрээг хийдэггүй. Бид өнгөрсөн гуравдугаар сард гэрээ хийх хүсэлтээ хүргүүлсэн ч өнөөг хүртэл гэрээ хийгээгүй. Бид зохих ёсны зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж байхад татварын байцаагч гэрээ хийгээд татвараа авах нь үүрэг. Гэтэл өөрөө гэрээ хийдэггүй байж “Газрын гэрээ байхгүй” гэж шантаажлаад, дарамтлаад байдаг. Энэ удаад ч хөдөлгөөний залуус энэ гэрээг шалгах гэж ирсэн. Хийгээгүй гэрээ бидэнд байхгүй шүү дээ. Тэгэхээр л бичиг баримт дутуу гэж дарамталдаг юм.

Бас яагаад үйл ажилла­гааг чинь зогсоогоод байдаг юм бэ?

-Бид Ашигт малтмалын газар, Байгаль орчны яам гээд холбогдох бүх зөвшөөрлөө аваад хуулийн дагуу ажиллаж байгаа. Гэтэл сумын байгаль орчны байцаагч дээрх гэрээ зэргийг нэхэж ирээд, үйл ажиллагаа зогсоочихдог. 2011 оноос хойш ийм байдалтай байна.

Танайх голын эхэн дээр алт олборлоод “Урт нэртэй хууль” зөрчөөд байдаг юм биш үү?

-Хууль зөрчсөн бол холбог­дох байгууллагууд зөвшөөрөл өгөхгүй шүү дээ. “Урт нэртэй хууль” зөрчсөн ямар ч асуудал байхгүй.

-2011 оноос хойш нутгийн иргэд, хөдөлгөөнийхний дарамтаас болж олборлолт явуулж чадахгүй байсан гэлээ. Энэ хооронд танай компани хэр их алдагдал хүлээв?

-Манайх хоёр төсөл дээр 1.5 тонн орчим алтны нөөцтэй байсан. “Урт нэртэй хууль”-ийн хүрээнд 500 кг орчим нөөцтэй талбай маань эргэлтэд орж чадахгүй гацчихсан. Одоо талбайд маань 600 кг алтны нөөц бий. Энэ алтыг 2011 онд олборлож чадсан бол тэр үед алтны ханш нэг унци 1800-1900 ам.доллар байсан. Гэтэл одоо 1190 ам.доллар байна. Зөвхөн ханшийн зөрүүнээс нэг унци тутамд 700-800 ам.дол­ларын алдагдал хүлээж байна. Ингээд тооцохоор хэдэн мянган ам.доллар алдсан. Сүүлийн гурван жилд нутгийн иргэд, хөдөлгөөнийхөн болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацдаг сөрөг мэдээл­лээс болж манайх олборлолт хийж чадаагүй. Одоо олборлолтоо хийх гэтэл дахиад ийм зүйл болж байна. Хуулийн дагуу дарамтгүй ажил­лаж болдог байсан бол манайх эдийн засагт хэр хэм­жээний мөнгө оруулж чадах байсан билээ. Дэлхийн зах зээл дээрх алт, нүүрсний үнийн өсөлтийг үндэсний компаниуд ашиглах бүрэн боломжтой байсан. Гэтэл иргэний хөдөлгөөнийхөн, хэдхэн хүний балагаар энэ боломжийг алдсан. Бүр бие махбодидоо халдуулж, барьцаалуулдаг боллоо гэв.

Д.БАНЗРАГЧ: ҮЛ ОЙЛГОЛЦОЛ БОЛООД БАЙХ ШИГ БАЙНА

Гурванбулаг сумын Засаг даргаас болсон үйл явдлыг тодруулахад “Би хотоос одоо л буцаж байна. Хөдөлгөөнийхөн ирээд үл ойлголцол болоод байх шиг байна. Манай сумынхан тэр залуусыг дуудсан бололтой юм. Ирээд хууль бус шаардлага тавьсан гэж сонслоо. Иргэдийн хүсэлтээр гэх нэрийдлээр бичиг баримтыг нь шалгах нь хуульд нийцэхгүй нь ойлгомжтой. Гэхдээ “Жи энд Юу голд” компанийнхан өөрсдөө аймаг, сумын удирдлагуудтай гэрээ хийгээгүй атлаа алт олборлож бай­гаад иргэд дургүйцээд бай­гаа юм болов уу даа” гэлээ.

ҮЙЛ АЖИЛЛАГААГ НЬ ЗОГСООЛГОХООР ИРЛЭЭ”

Дэлхийн монгол ногоон нэгдэл”, “Босоо хөх монгол” төрийн бус байгууллагынхан Гурван­булаг суманд ажиллаж байгаа учраас уулзах боломж байсангүй. Лавлах утсанд тэмдэглүүлсэн 9911..-тэй дугаарууд нь бүгд холбогдох боломжгүй байв. Харин”Дэлхийн монгол ногоон нэгдэл” ТББ-ын ажлынх нь утсыг авсан эмэгтэйгээс зарим зүйлийг тодрууллаа.

Танай хөдөлгөөнийхөн Гурванбулаг суманд очоод уул уурхайн компа­нийн талбайд дайрч орж, ажилтнуудыг нь барьцаал­сан гэж сонслоо. Тэнд ямар зорилгоор очсон юм бэ?

-Нутгийн иргэдтэй хамт очиж, бичиг баримтыг нь үзэж тодруулга хийх л зорил­готой байсан. Гэтэл тэр компанийнхан нь бичиг баримтаа үзүүлэхгүйгээс үл ойлголцол үүссэн бололтой юм билээ.

Компани, аж ахуйн нэгжийн баримт бичигтэй танилцаж, тодруулга хийх эрх хөдөлгөөнийхөнд бий болов уу. Эсвэл тийм эрх авчихсан байдаг юм уу?

-Хэнд ч тийм эрх байгаа. Төрийн байгууллагаас тэр компанийн үйл ажиллагааг зогсоосон баримт бичиг гаргаж байсан гэсэн. Түүнтэй нь танилцах эрх байгаа.

Танайхан хөдөө, орон нутагт их ажиллах юм. Зар­дал мөнгө олоход хүнд­рэлтэй л байдаг болов уу?

-Бид нэг ч төгрөгийн цалин авахгүйгээр ажилладаг. Зардал мөнгөө ч хувиасаа зохицуулдаг. Байгаль орчноо онгон дагшнаар нь үлдээх хүсэл нэг ч гэсэн монгол хүнд байдаг юм шүү дээ. Голын эх дээр алт ухаж байгааг болиулах сэтгэлтэй хүмүүс байгаад баярлаж яв.

Байгаль орчноо гэх сэт­гэл­тэй байгааг нь буруут­гаагүй шүү дээ. Тэглээ гээд компанийн өмчид халдаж, хүн барьцаалж болдог юм уу?

-Сүртэй юм болоогүй шүү дээ. Битгий сүр бадруулаад бай гэв.

Гурванбулаг суманд бай­гаа хөдөлгөөнийхөн facebook хуудастаа “Босоо Хөх Монгол”, “Дэлхийн монгол ногоон нэгдэл” төрийн бус бай­гууллагынхан бидБаянхонгор аймгийн Гурванбулаг сумын ард иргэдийн хүсэлтийн дагуу тус орон нутагт хууль бусаар алт ухаж, ус ургамал, ан амьтан, хүн мал хордуулж, нутгийн ард иргэдийн санал бодлыг үл тоон илтэд дарамт­лан дураараа дургиж байгаа “Жи энд Юу гоулд” ХХК-ны үйл ажиллагаатай танилцаж хууль хяналтын байгууллагаар үйл ажиллагааг нь зогсоолгохоор ирлээ. Уул уурхайн яам тус компани нь ашигт малтмалын тухай хэд хэдэн заалтыг зөрчсөн тул хуулийн хариуцлага хүлээл­гэхийг мэдэгдсэн байхад үл тоон, мөн аймаг сумын тусгай хамгаалалтанд авсан газрыг дураараа ухаж сэндийчиж мөнгөөр бүхнийг шийдэж байна. Биднийг хүн зодсон, дээрэм хийгээд явж байна л гэнэ. Баас хатавч өмхийгөө тавихгүй гэдэг шиг эд булхайгаа нуухын тулд аргаа барж биднийг гүтгэж эхэлж байна. Гэхдээ бид ямарч дарамт шахалт, гүтгэлгээс айхгүй ээ, харин ч энэ уурхайг хаалгахдаа л хаалгана” гэж бичсэн байв. Мөн сумын иргэдийн хурлын хойморт сууж байгаа зургаа түгээсэн байв.

Ц.ӨРНӨХ

Categories
мэдээ нийгэм

Монголчуудын түгээмэл өвддөг 10 өвчний шинж тэмдэг

Өвчин хэлж ирдэггүй ч бидний биед өөрийн дохиогоо өгсөөр л байдаг. Шинж тэмдэггүй “ДҮЛИЙ” гэгддэг элэгний өвчин хүртэл бидний биед шинээр нэмэгдсэн шинж тэмдэг буюу өөрийн “хэл”-ээр бидэнтэй ярьдаг. Гэвч үүнийг нь бид ойлгож сонсддоггүй гэж хэлж болно. Тэгвэл монголчуудын түгээмэл өвддөг 10 өвчний үед илрэх шинж тэмдгийг доор жагсаалаа.

Ходоодны шархлаа

Хэвлийн дээд хэсэгт өвдөнө

Шөнөдөө өвдөж эхлэх ба өвчнийг намжаахын тулд ямар нэг юм идэх хэрэгтэй болдог. Ихэнхдээ хоол идсэнээс хойш 2-3 цагийн дараа цээж хорсох, дотор эвгүйрэх, гашуун зүйлээр огиулна

Өтгөн хатна, “А” гастритын vед тvvхий өндөгний эвгvй vнэрээр хэхрvvлэх тохиолдол бий.

Зарим тохиолдолд ходоодны шархлаа өвдөлтгүй, чимээгүй явагдах бөгөөд зөвхөн хар өнгөтэй, хатуу баас гарснаар л анх мэдэгддэг

Цөсний чулуу, үрэвсэл


Цөс vрэвссэн үед аюулхайгаас арай баруун тийш, баруун хавирганы нуман доогуур өвдөнө.

Цөс бусад эрхтэнээс илvv хvчтэй өвддөг бөгөөд хатгуулах маягтай, баруун гаp, дал мөр рvv дамжих хандлагатай өвддөг.

Цөсний өвчний vед ам хатах, гашуун оргих, гvйлгэх эсвэл өтгөн хатах, арьс загатнаж vе мөч бадайрч өвдөх зэрэг зовиур илэрдэг.

Цөс чулуутай болсон vед бөөлжис цутгах, хооллосны дараа аюулхай орчимд эвгvй болох, ам гашуу оргих, хэхрэх зэрэг шаналгаа илэрдэг.

Нойр булчирхайн үрэвсэл


Нойр булчирхайн өвчний vед хаана өвдөж байгаа нь тодорхой бус байдаг. Өвдөлт маш хурц, шаналгаа ихтэй , цоргих төөнөх маягтай, аюулхайгаас эгц ар тийш юм уу эсвэл зvvн талыг ороож өвдөнө.

Нойр булчирхайн өвчтэй хvмvvс голдуу өглөөгүүр тосорхог өтгөнөөр гvйлгэдэг. Зарим тохиолдолд зүрхний орчимд зүрх дэлсэж буй мэт өвдөнө. Урагш бага зэрэг тонгойж бөгтийх болон суух үед өвдөлт багасч гэдрэг харж хэвтэхэд улам нэмэгдэнэ.

Гүйлгэх, гэдэс дүүрэх, хэхрэх, дотор муухайрах, үе үе бөөлжих

Хоолонд дургүй болох

Өтгөний хэмжээ ихсэж, эвгүй үнэртэй болдог.

Сүрьеэ


Ядарч сульдах

Жин 5-10 кг хасах

Хоолонд дургүй болох

Тогтмол 37-37.5 хүртэл халуурах

Нүдний харц гялалзсан болох

Шөнө хөлрөх

Хоёр долоо хоног түүнээс дээш хугацаагаар ханиалгах

Цээжээр өвдөх

Цустай буюу цэртэй ханиалгах

Чихрийн шижин


Ам цангах, хатах

Ойрхон шээх

Ядарч сульдах, турах

Шарх удаан эдгэрэх, өвчлөмтгий болох

Хараа муудах

Нойронд муу болох

Арьс загатнах

Яс сийрэгжилт


Яс сийрэгжилт гүн шатанд орсон үед өвчин эмгэгийн шинж тэмдэггүй ч нурууны хэлбэр өөрчлөгдөн бөгтөр болж эхэлдэг

Тухайн хүний өндрийн хэмжээ 2 болон түүнээс их см-ээр багасна. Гэхдээ хамгийн эхний сонгодог шинж тэмдэг нь ихэвчлэн ясны хугарал, гэмтэл байдаг.

Эрүүл яс тухайн хүний өндрийн хэмжээтэй өндрөөс унахад хугарч бэртдэггүй байх учиртай.

Даралт ихдэх өвчин

Толгой өвдөх, эргэх,

Чих шуугих,

Нойргүйдэх,

Бие сулрах, залхуу хүрэх,

Ямар нэг зүйлд санаа зовоод байгаа мэт болж ажил албандаа идэвх сулрах

Зарим хүнд чамархай орчим хүчтэй лугших, гарын хуруу бадайрах, ирвэгнэх, чичрүүдэс хүрэх

Амьсгаадах, цээж давчдах, явж байснаа гэнэт зогсохоос аргагүй болон хөл бадайрах.

Бөөрний үрэвсэл


Нуруу бөөрөөр хөшиж өвдөх

Хурц үрэвслийн үед халуурах, шээхэд зовиуртай байх

Ойр ойрхон шээх, уураг алдаж буй тохиолдолд шээс булингартай, хөөстэй гардаг

Өглөөгүүр нүд хавагнаж, нүүр цэлхийсэн байх

Бөөрний өвчин хүндэрсэн тохиолдолд мөчдөөр хаван үүснэ

Бөөрний архаг дутагдлын үед

Ядарч сульдах, хоолонд дургүй болох

Нойргүйдэх, огиж бөөлжих, хоолоо идэж чадахгүй болно

Бүр даамжраад ирэхээр цус багадалт, даралт ихэсч, бөөрний бүх үйл ажиллагаа алдагдана, эвшээхэд амнаас нь шээс үнэртэнэ

Зүрхний цусан хангамж дутагдах өвчин


Ихэнхдээ өвдөлт зүүн гар (хоёр гар руу), зүүн мөр, хүзүү, эрүү, зүүн дал заримдаа аюулхай руу дамжих мэтээр мэдрэгдэнэ.

Салхи сөрж явах, шатаар өгсөх үед өвчин илүү мэдрэгдэнэ

Эхлээд шагай орчим дараа нь шилбэ хавагнаж, орой болохын хэрээр нэмэгдсээр өглөөд алга болж эсвэл багасна.

Элэгний хатуурал


Ядарна, хоолонд дургүй болж гэдэс ходоод хямарна.

Арьс шөнө их загатнана.

Биеийн булчингийн дээд хэсэг гарын булчин шуугдаж багасна.

Гарын алга халуун оргиж халуун болно.

Эрэгтэй хүний хөх томорно.

Арьс хуурайшиж харлана.

Categories
гадаад мэдээ

Мексикт гашуудал зарлалаа

Мексикийн Герреро мужийн цагдаагийнхан өнгөрсөн сарын 26-наас хойш сураггүй алга болсон 43 оюутны цогцосыг олсон юм. Тэдний цогцсыг Герреро хотоос 800 км-ийн цаана байрлах Мерижун мужаас олжээ. Оюутнуудын үхэлтэй холбоотойгоор тус улсын Ерөнхийлөгч Пена Нието мэдэгдэл хийлээ. Тэрбээр “Оюутнуудын үхэл намайг шоконд орууллаа. Тэдний үхлийг захиалсан гэмт этгээдүүдийг нэн даруй шийтгэхээ амлаж байна. Энэ үйл явдлын дараа Мексик улсын нэр хүн олон улсад уналтад орлоо” гэж хэлжээ.

Ерөнхийлөгч ийнхүү хэлснийхээ дараа орон даяар гашуудал зарлаж, амиа алдсан оюутнуудын гэр бүлд эмгэнэл илэрхийлсэн тухай “www.theguardian.com” мэдээллээ. Энэ долоо хоногийн эхээр цагдаагийнхан 15 оюутны цогцосыг эхэлж олсон бол өчигдөр үлдсэн 28 оюутны цогцосыг Мерижун мужийн Сарим хэмээх тосгоноос олсон юм. Амиа алдсан оюутнуудын 18 нь эмэгтэй байжээ. Өнгөрсөн сараас эхэлж тус улсын хэдэн мянган оюутнууд Засгийн газраа эсэргүүцэж, жагсаал зохион байгуулсан юм.