Categories
мэдээ нийгэм

С.Ганбаатар гишүүн хуулийн дагуу хандах ёстой гэв

Оюутолгой компанид ногдуулсан торгуулийн 130 сая ам.доллар 30 сая ам.доллар болж буурсныг УИХ-ын гишүүн С.Ганбаатар эсэргүүцэж буй. Тэрээр 100 сая ам.долларыг Оюутолгой компаниас авч чадахгүй байна гэдэг нь 184 тэрбум төгрөгийг үлдээж байна гэсэн үг. Түүнийг цалин, тэтгэврийг нэмэхэд зарцуулж болох байсан, холбогдох материалуудыг үзье гэхэд татварынхан зөвшөөрөхгүй байгаа гэх мэдэгдлийг хийгээд буй. Тэгвэл энэ асуудалтай холбогдуулж Татварын ерөнхий газрын дарга Т.Батмагнай өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тэрээр УИХ-ын гишүүн С.Ганбаатар хуулиас гадуур шаардлага тавьж байна. Үнэхээр Оюутолгойн татвартай холбоотой баримттай танилцахыг хүсвэл хуулийн дагуу хандах ёстой. Ажлын хэсэг байгуулж, ажиллаад гаргасан шийдвэрийнх нь дагуу татварын бичиг баримттай танилцах хүсэлт гаргасан бол бид зохих журмын дагуу баримтуудыг үзүүлж болох байсан. Мөн Оюутолгой компанид ногдуулсан 130 сая ам.долларын торгуулийг 30 сая болгон бууруулсныг Татварын Маргаан шийдвэрлэх зөвлөл өнгөрсөн есдүгээр сарын 12-нд мэдээлсэн. Гэтэл С.Ганбаатар гишүүн намрын чуулганы эхэлсэн энэ өдрүүдэд гэнэт асуудал болгож тавьж буйг ойлгохгүй байна. Шоу хийж байна гэж хэлмээр байна” гэсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Ирэх онд гудамж, талбайн хяналтын камерыг нэмэгдүүлнэ

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, дүүргийн Засаг дарга нар өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
Багахангай дүүрэг гамшиг ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор 5 объектод төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус үзлэг шалгалт явуулж явуулж давхардсан тоогоор 16 зөрчил илрүүлж 4 зөрчлийг газар дээр нь арилгуулж галын аюулгүй байдлыг хангаж ажиллажээ. Нийт 1443 тээврийн хэрэгсэл шалгаж, 447 зөрчил илрүүлэн, зөрчилтэй явсан 442 жолоочийг /бэлэн бусаар/ 6.850.000 төгрөг, 3 жолоочийг /бэлнээр/ 467,000 төгрөгийн торгууль ногдуулж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 2 жолоочийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 сараас 2 жилийн хугацаагаар хассан байна.
Багануур дүүрэг 2014 оны 09 дугаар сарын 04-ны өдрөөс 09 дүгээр сарын 18-ны хооронд 14 хоногийн хугацаанд иргэд, албан тушаалтнаас гэмт хэрэг, захиргааны зөрчлийн шинжтэй 106 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн нь өмнөх 14 хоногоос 50 нэгжээр буюу 32,5 хувиар буурсан. Архи согтууруулах ундаа худалдаалдаг, түүгээр үйлчилгээ явуулдаг 9 аж ахуйн нэгжийн 14 салбар нэгжид хяналт хийж нийт 41 зөрчил илрүүлж газар дээр нь 15 зөрчлийг арилгуулж, улсын байцаагчийн 38 заалт бүхий 7 албан шаардлага хүргүүлж 7 аж ахуй нэгжид 2688000 шийтгэврийн арга хэмжээг авч, 25 нэр төрлийн 4,45 кг, 328906 мянган төгрөгийн хүнсний барааг актаар хураан авч устгажээ. Шалгалт үргэлжилж байгаан байна.
Баянзүрх дүүрэгт гал түймрийн 23 дуудлага гарсан нь өмнөх 14 хоногийн хугацаатай харьцуулахад 4 хувиар буурчээ.
Чингэлтэй дүүргийн Замын Цагдаагийн тасгаас 2014 оны 9 сарын эхний 14 хоногт 297, 2014 оны 9 сарын сүүлийн 14 хоногт 201 зам тээврийн осол, хэргийн материалыг хүлээн авч шийдвэрлэжээ. Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах 10 дугаар ангийн бие бүрэлдэхүүнээс энэ хугацаанд нийслэлийн үйлчлэх хүрээний хэмжээнд гал түймрийн 31 удаагийн дуудлагаар ажиллан аж ахуй нэгж байгууллага, иргэдийн 515,0 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран, 8 байшин барилга, объектыг гал түймрийн аюулаас хамгаалж 22 хүний амь насыг аварчээ.
Хан-Уул дүүрэг, Цагдаагийн 1 хэлтэст нийт 510 дуудлага ирсэн байна. Ирсэн дуудлага мэдээллийн 463 нь жижүүрээр, 47 нь өргөдлөөр бүртгэгдэж, өнгөрсөн 14 хоногт өдөрт дунджаар 51 дуудлага мэдээлэл хүлээн авч, гал түймрийн 2, гал түймрийн зөрчлийн 5 дуудлага, нийт 7 дуудлаганд Аврах гал унтраах ангиуд ажилласан байна. 2014 оны 09 дүгээр сарын 22-ний өдөр Хан-Уул дүүргийн 2-р Нэхмэлийн 7-р байр 7 тоотод гал түймэр гарч байсныг нь хохирол багатай унтрааж 45 настай эрэгтэй Ж.Жаргалсайхан угаартсан байдалтай байсныг аварч эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгчээ.
Харин Сүхбаатар дүүрэг Өнгөрсөн 14 хоногт дүүргийн хэмжээнд Захиргааны хариуцлагын тухай хуулиар 1586 хүнийг 2,051,500 төгрөгөөр, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулиар 15 хүнийг 1,000,000 төгрөгөөр, тамхины хяналтын тухай хуулиар 11 хүнийг 100,000 төгрөгөөр, эрүүлжүүлсэн 504 хүнийг 939,400 төгрөгөөр торгож арга хэмжээ авчээ. МХЕГ-ын даргын удирдамжаар 60 объектын 86 аж ахуйн нэгж байгууллагад хяналт шалгалт хийж, аюул ослоос урьдчилан сэргийлэх зөвлөмж 86, НЗД-ын албан даалгавар 80, илэрсэн зөрчлийг арилгуулахаар 16 байгууллагад 128 заалт бүхий албан шаардлага хүргүүлж, 3 барилгын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоосон байна.
Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт сүүлийн 30 хоногийн хугацаанд объектын 42 удаагийн гал түймрийн дуудлага гарч Онцгой байдлын хэлтийн Аврах гал унтраах ангиуд цаг алдалгүй газар дээр нь очиж ажиллан иргэд аж ахуй нэгж байгууллагад учирч болох 510 сая төгрөгийн өмч хөрөнгийг гал түймрийн аюулаас авран хамгаалсан байна. Нийслэлд тарваган тахал өвчний халдвар орж ирэхээс урьдчилан сэргийлж дүүргийн Онцгой байдлын хэлтэс, нийслэлийн мэргэжлийн хяналт, цагдаагийн байгууллагын ажлын хэсэг Эмээлт, Баруунтурууны авто вокзалууд дээр 24 цагаар үүрэг гүйцэтгэж хоногт дунджаар 1200- 1500 автомашинд хяналт шалгалтыг явуулж ажиллаж байна.
Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт өнгөрсөн 9 дүгээр сард нийт 2052 дуудлага мэдээлэл ирж, 15753 зөрчил илрүүлжээ.Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 597 жолоочид арга хэмжээ авч, нийт 14.895 иргэнд 144.687.000 төгрөгийн торгох шийтгэл ноогдуулан ажилласан байна.Улаанбаатар хотод усархаг бороо орсоны улмаас үертэй холбоотой 16, бусад 3 дуудлага мэдээлэл ирсэнийг шийдвэрлэжээ.
Дүүргийн Засаг дарга нарын мэдээлэлтэй холбогдуулан нийслэлийн Засаг дарга “Гэмт хэргийн гаралт нийслэлийн төвийн дүүргүүдэд нэмэгдэх хандлага ажиглагдаж байна. Иргэдийнхээ аюулгүй байдлыг хангахыг тулд ирэх оны төсөвт хяналтын камержуулалтад багагүй мөнгө тусгаж, шийдвэрлэнэ” гэдгээ хэлсэн юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Эхний айлууд шинэ байрандаа орно

УИХ-аар батлагдсан “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөр, 2030 он хүртэл чиг хандлага”-ын баримт бичиг, нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагаа хөтөлбөрт тусгагдсаны дагуу, НИТХ-аас тогтоосон 21 байршилд Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн ажил эхлээд жил гаруй болж байна. Төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан аж ахуйн нэгжүүд эхний ээлжийн 4000 орчим орон сууцыг 2014 оны 4, 2015 оны 1-р улиралд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Өнөөдөр “Хера пропертийз” ХХК Сонгинохайрхан дүүргийн 5, 6, 7 дугаар хорооны нутаг Ханын материал орчимд барьсан189 айлын гурван блок орон сууцны барилгаа Улсын комисст хүлээлгэн өгөх гэж байна. Улсын комисс хүлээгээд авчихвал Гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдсан эхний айлууд 10-р сарын 15-нд шинэ байрандаа орох ажээ.

Categories
гадаад мэдээ

“Севол”-ын хөлөг онгоцны ахмадыг шүүх хурал эхэлжээ

Өмнөд Солонгосын Жиндо арлын ойролцоо өнгөрөгч дөрөвдүгээр сарын 16-нд осолдож живсэн “Севол” хөлөг онгоцны ахмад И Жун-сукийг шүүх хурал өнөөдөр эхэлжээ. Ослын үед аврах ажиллагааны зааварчилгааг буруу өгсөн, хөлгөө түрүүлж орхисон гэх шалтгаанаар ахмад И Жун-сук болон багийн өөр гурван гишүүнийг хүн амины хэрэгт буруутгаж буй юм. Харин хөлөг онгоцны ослоос эсэн мэнд аврагдсан багийн бусад 11 гишүүнийг ажил үүрэгтээ хайхрамжгүй хандсан хэрэгт буруутгажээ. Шүүх хурлын үеэр 68 настай ахмад И Жун-сук “Би ноцтой гэмт хэрэг үйлдсэн. Намайг өршөөгөөрэй. Өмгөөлөгч бас бурхан надад хичнээн их тусалсан ч шоронгоос зугтаж чадахгүй гэдгээ ойлгож байна. Гэхдээ би миний хүүхдүүд, ач, зээ нарыг маань алуурчны гэрийнхэн гэж дуудахыг тэвчиж чадахгүй. Би хэзээ ч хүнийг алах санаатай зүйл хийгээгүй” гэж мэдэгджээ.

“Севол” хөлөгтэй холбогдох хэрэгтнүүдийн шүүх хурал ирэх арваннэгдүгээр сард эцэслэн шийдвэрлэгдэх аж.

Хэргийг сануулбал, өнгөрөгч дөрөвдүгээр сарын 16-ны өдөр Өмнөд Солонгосын Чежү арлыг чиглэн хөвж явсан “Севол” гатлага онгоц даац хэтрүүлэн ачсан байснаас огцом эргэлт дээр тэнцвэрээ алдан хөмөрч, осолдсон юм. Хөлөг онгоцон дээр 475 зорчигч байснаас ердөө 170 гаруй хүнийг аварч чадсан юм. Харин онгоцтой хамт живсэн 304 зорчигчийн 159-ийнх нь цогцсыг далайгаас гаргаж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ. Үлдсэн 100 гаруй хүний цогцсыг олж чадаагүй тул ор сураггүй болсонд тооцсон юм. Хөлөг онгоцны ослоос эсэнд мэнд аврагдсан хөлгийн ахмад И Жун-сук болон багийн бусад 15 гишүүн зорчигчдыг бүхээгнээсээ гарахгүй байхыг анхааруулсан хэрнээ өөрсдөө хөлгөө орхижээ. “Севол” хөлөгт Ансан хотын Данвон ахлах сургуулийн 350 гаруй сурагч, багш нар зорчиж явсан билээ.

Үүний зэрэгцээ “Севол” хөлгийн ослын дараа далайн тээврийн компанийн эзэн Ю Бён- Ун болон гэр бүлийнхнийх нь олон гэмт үйлдэл илэрсэн юм. Юн Бён-Уныг баривчлахад цагдаагийн газраас Өмнөд Солонгосын түүхэнд байгаагүй өргөн хүрээтэй эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулжээ. Гэвч түүний цогцосыг өнгөрсөн зургадугаар сард олсон бөгөөд үхлийн шалтгааныг нь тогтоож чадаагүй байна.

Categories
мэдээ нийгэм

Б.Бүлтэн эмч, түүнтэй холбоотой хүмүүсийн шүүх хурал эхэллээ

“Эмч, эмнэлгийн ажилтан өвчтөнд эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ хариуцлагагүй биелүүлснээс өвчтөн нас барсан” гэх үндэслэлээр Хүний гавьяат эмч Б.Бүлтэн, С.Энхзаяа, н.Цовоо, н.Мөнхцэцэг, Соёлмаа нарын таван хүнд холбогдох хэрэг Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр 14.00 цагт эхэллээ. Шүүгдэгчдийн өмгөөлөгчдийн зүгээс шинжээч н.Энхтуулыг оролцуулах хүсэлтэй байсан ч шүүх хуралдааныг эхлүүлжээ.

Уг хэргийн шүүх хурал өмнө нь гурван удаа товлогдсон ч хойшлогдоод байсан бөгөөд шүүх бүрэлдэхүүн бүрэн цугласан гэж үзэж, шүүх хурлыг эхлүүлээд байна.

Хэргийг сануулбал өнгөрөгч 2013 онд III амаржих амаржих газарт Баянзүрх дүүргийн иргэн Ц дөрвөн кг гаруй жинтэй хүүхэд төрүүлсэн байна. Том хүүхэд тээж байгаа гэдэг үндэслэлээр иргэн Ц-д кесарево хагалгаа хийхдээ эхэсийг нь гүйцэд гаргалгүй саванд үлдээснээс гурван удаа хагалгаанд орж, амь насаа алджээ. Шүүхийн шинжилгээний үндэсний төвийн дүгнэлтээр эмч нар ажил үүрэгтээ хайнга хандаж, хохирогч эмэгтэйн саванд эхэсийг дутуу үлдээснээс үүдэн амь насаа алдсан гэж дүгнэсэн байна.

Эх сурвалжийн мэдээллээр Гавьяат эмч Б.Бүлтэн өмнө нь энэ төрлийн хэрэгт шалгуулж байсан ч 2009 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн хүрээнд прокурорын шатнаас хэрэг нь хэрэгсэхгүй болж байжээ .Тэднийг Эрүүгийн хуулийн 106.2-т заасан үндэслэлээр БЗД-ийн цагдаагийн I хэлтэст шалгаж харьяа прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлээд байгаа юм. Хүний гавьяат эмч Б.Бүлтэн нарын гэм буруутай нь тогтоогдвол албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасч гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх хуулийн заалттай юм байна.

Categories
мэдээ спорт

Т.Санчирт санал ирсэн нь үнэн гэв

Сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин Т.Санчирт Японы улсын лигт тоглох санал ирсэн талаар мэдээлэл өнөөдөр өглөө цахим ертөнцөөр тархсан билээ. Тэгвэл шигшээ багийн дасгалжуулагч О.Баярцогт уг асуудлыг үгүйсгэсэнгүй. Өөрөөр хэлбэл, өчигдөр орой сагсчин Т.Санчир руу Японоос утсаар ярьжээ. Гэхдээ ямар цалин хангамжтай байх талаар нарийн ярилцаагүй байна. Энэ талаар Т.Санчир дасгалжуулагчдаа хэлжээ. Дасгалжуулагчийнх нь хувьд үнэхээр сайхан нөхцөл амлах юм бол залуу хүн явах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа ч мөн илэрхийлжээ.

Categories
мэдээ спорт

Буудлагын ахмадын УАШТ эхэллээ

Буудлагын ахмадын улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр хийн урт бууны төрлөөр эхэллээ. Тамирчид 40-49, 50-59, 60-69, 70-аас дээш гэсэн насны ангилалаар цэц сорьж байгаа юм.

Улсын аварга шалгаруулах тэмцээн маргааш хийн гар бууны төрлөөр өрсөлдөх ба тэмцээний хаалт бямба гариг болох юм байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Нийслэлийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих зээлийг Капитал банктай хамтран олгоно

Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу жижиг, дунд үйлдвэрийн салбарыг хөгжүүлж, бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн зургадугаар сарын 06-ны өдрийн хуралдаанаар “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн журам”-ыг баталсан.
Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаар дамжуулан жижиг дунд үйлдвэрлэлийн санхүүжилт олгох, Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэлийг дэмжин хөнгөлөлттэй зээл олгох, батлан даалтын үйлчилгээг нэвтрүүлэх юм.
Журмын дагуу хөнгөлөлттэй зээлийг иргэдэд олгох ажлыг хамтран зохион байгуулах зорилгоор арилжааны банкуудад хүсэлт тавьсан байна. Хүсэлтийн дагуу таван арилжааны банкнаас санал ирж, уг саналыг хэлэлцэн Капитал банктай хамтран ажиллахаар болжээ. Өнөөдөр нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч, нийслэлийн жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн дарга Т.Бат-Эрдэнэ, Нийслэлийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн дарга Б.Одгэрэл, Капитал банкны Гүйцэтгэх захирал А.Ариунболд нар хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.
Энэ үеэр нийслэлийн Засаг даргын орлогч Т.Бат-Эрдэнэ “Нийслэл анх удаа жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, иргэдийнхээ үйлдвэрлэлийг хөгжүүлэх, орлогыг нь нэмэгдүүлэх зорилгоор зээл олгох гэж байна. Ингэхдээ хамгийн хөнгөлөлттэй буюу жилийн 5 хувийн нөхцөлтэйгээр Батлан даалтын сантай хамтран олгоно. Жил бүр нэг салбарыг онцолж зээл олгох бөгөөд энэ жил мал аж ахуйн чиглэлээр бизнес эрхэлдэг иргэдийг дэмжинэ. Энэ нь нийслэлийн иргэдийн сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээг малын гаралтай бүтээгдэхүүнээр хангах зорилттой уялдаж байгаа” гэдгийг онцлон хэллээ. Хөнгөлөлттэй зээлээ тус салбарыг дэмжихээс гадна ажлын байр бий болгох олон давуу талтай гэдгийг албаныхан тодотгож байгаа юм. Тус сантай холбоотой мэдээллийг Капитал банк болон Нийслэлийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвөөс авах боломжтой гэж Нийслэлйн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Г.Сарангэрэл Улсын дээд шүүхэд хандав

Бүлэглэн сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн хэргээр 1.6 жилийн хорих ял сонссон Г.Сарангэрэл ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр ангид хоригдож байгаа билээ.
Тэрбээр, найзуудтайгаа дарвиж явахдаа хар тамхи хэрэглэсэн байсныг Цагдаагийн ажилтнууд шуурхай илрүүлэн охидыг хорьсон билээ. Гэсэн ч Г .Сарангэрэл Х.Тэмүүжин сайдыг унагах гэсэн цагдаагийн хурандаа нарын золиосонд зохиомол хэрэг үүрлээ хэмээн эсэргүүцэж давж заалдсан билээ.
Гэсэн ч давж заалдах шатны шүүхээс Г.Сарангэрэлийн ялыг хэвээр үлдээсэн юм. Тэгвэл, түүний өмгөөлөгч Г.Батбаяр Улсын дээд шүүхэд ханджээ. Г.Сарангэрэлийг хурандаа нарын явуулгаар хорьсон учир ялаас чөлөөлж өгөхийг энэхүү хүсэлтэд дурьдсан байна.

Categories
мэдээ эдийн-засаг

169 аж ахуй нэгж зээлийн батлан даалтад хамрагджээ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Зээлийн батлан даалтын сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх, эсэх асуудлыг хэлэлцлээ. УИХ-аас 2012 онд Зээлийн батлан даалтын сангийн тухай хуулийг баталж, хэрэгжүүлж байдаг. Энэ хүрээнд жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зээлийн барьцаа хөрөнгийнэ 60 хүртэлх хувьд баталгаа гаргаж буй билээ. Гэсэн хэдий ч өнгөрсөн хоёр жилд зээлийн батлан даалтад хамрагдсан аж ахуйн нэгжийн тоо нийт аж ахуйн нэгжүүдийн ердөө 0.7 хувийг эзэлж байна. Тодруулбал, хоёр жилийн хугацаанд ердөө 169 аж ахуйн нэгж зээлийн батлан даалтад хамрагджээ. Түүнчлэн зээлийн батлан даалтад хамрагдсан аж ахуйн нэгжүүдийн дийлэнх нь нийслэлд байгаа бөгөөд хөдөө орон нутагт батлан даалтын үйл ажиллагаа мөн л хангалтгүй байгааг төсөл санаачлагч дурьдлаа. Улмаар сангийн үйл ажиллагааг өргөтгөх зорилгоор тодорхой өөрчлөлтүүдийг оруулах, батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх асуудлыг хуулийн төсөлд тусгажээ.

Хуулийн төсөлтэй холбоотойгоор гишүүд асуулт асууж хариулт авлаа. УИХ-ын гишүүн Г.Уянга зээлийн батлан даалтын сангийн үйл ажиллагаа яг газар дээрээ тун хангалтгүй байгааг дурьдлаа. Мөн батлан даалт хүсэгчдийн дийлэнх нь сарын 2-3 сая төгрөг, ихдээ 5 сая төгрөгийн эргэлттэй жижиг, аж ахуйн нэгжүүд байдаг. Тэдгээрт хандсан ямар өөрчлөлт шинэ хуульд орж ирж байгаа талаар тодруулсан юм. Хууль батлагдсанаар зээлийн батлан даалтын санд жилд төвлөрөх хөрөнгө ойролцоогоор таван тэрбум төгрөг байх бөгөөд хуулийн дагуу энэ хэмжээний хөрөнгөөр 100 хүртэлх тэрбум төгрөгийн зээлд баталгаа гаргах боломж бүрдэж байгааг ажлын хэсгийнхэн танилцууллаа. Мөн сангийн үйл ажиллагааг хөдөө орон нутаг руу илүү төвлөрүүлэх, хөдөө орон нутагт сум хөгжүүлэх сангийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, сумдад төвлөрүүлэх хөрөнгийг нэмэгдүүлнэ. Ингэснээр жижиг бизнес эрхлэгчдэд зээлийн үйлчилгээ илүү ойр болох боломжтой гэдгийг төсөл санаачлагч Сангийн сайд Ч.Улаан танилцууллаа.

Мөн хуралдааны үеэр гишүүд зээлийн батлан даалтын сангийн үйл ажиллагаа хангалтгүй байгаа нь иргэд, аж ахуйн нэгжүүдэд өгч буй мэдээлэл дутмаг байгаатай холбоотой гэж байлаа. Харин Санхүүгийн зохицуулах хорооноос үзэж буйгаар мэдээлэл, сурталчилгааг хангалттай өгч байгаа гэнэ. Гэсэн ч төсөлд хамрагдалт хангалтгүй байгаа нь банкны шалгууртай холбоотой гэв. Санхүүгийн зохицуулах хорооны газрын дарга н.Хэрлэн уг асуудлаар “Зээлийн батлан даалтын санд хамрагдахын тулд иргэн, аж ахуйн нэгж эхлээд банкинд ханддаг. Банк баталгаа гаргуулах боломжтой гэж үзвэл батлан даалтын санд ирдэг. Тэгэхээр банкны шалгуур өндөр байгаа, жижиг, аж ахуйн нэгжүүд банкны шалгуурыг давахгүй байх тал элбэг байна” гэсэн. УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл үүнтэй холбоотойгоор аливаа эдийн засагтай холбоотой хууль, тогтоомж батлахдаа ингэж банкны гар хардаг байдлаа болих хэрэгтэй гэлээ.

Гишүүд энэ мэтээр хэлэлцүүлэг өрнүүлсний дараа хуулийн төслийг хэлэлцэх, эсэх асуудлаар санал хураалт явуулахад гишүүдийн олонхи нь дэмжсэнээр хуулийн төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэхээр боллоо. Өнөөдрийн Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар дээрхээс гадна 2-3 хуулийн төсөл хэлэлцэхээр байсан ч тодорхой шалтгааны улмаас хойшлогсдон юм.