Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Тендерийн хэмнэлт зарцуулах тухай” А/856 дугаар захирамж гаргасан. Баянгол дүүргийн 20 дугаар сургуулийн урлаг зааланд засварйн ажил хийх бөгөөд засварын ажилд 57 сая төгрөг зарцуулна. Харин тус хөрөнгийг нийслэлийн төсвийн хөрөнгөөр санхүүжих 20 дугаар сургуулийн давхрын өргөтгөлийн тендерийн хэмнэлтийн хөрөнгөнөөс гаргахыг үүрэг болголоо. Засварын ажлыг холбогдох хууль журамд нийцүүлэн зохион байгуулан, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар, Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт даалгажээ.
Month: October 2014
“Эмч, эмнэлгийн ажилтан өвчтөнд эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ хариуцлагагүй биелүүлснээс өвчтөн нас барсан” гэх үндэслэлээр Хүний гавьяат эмч Б.Бүлтэн, С.Энхзаяа, н.Цовоо, н.Мөнхцэцэг, Соёлмаа нарын таван хүнд холбогдох хэрэг Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр 14.00 цагт эхэлсэн ч хэрэг нэмэлт мөрдөн байцаалтад буцлаа. Учир нь шинжээчийн дүгнэлтийг хэрэгт холбогдсон эмч тус бүр дээр дахин гаргах шаардлагатай гэж үзжээ.
Нийслэлийн Засаг даргын “2014 оны хоёрдугаар ээлжийн цэрэг халах, татах ажлыг зохион байгуулах тухай” А/774 дугаар захирамжийн дагуу нийслэлийн хэмжээнд цэргийн жинхэнэ алба хаах хугацаа дуусч бэлтгэлээр халагдсан байлдагч, түрүүчийг хүлээн авах, цэргийн жинхэнэ албанд иргэдийг татах, гэрээт цэрэгт элсүүлэх ажлыг 2014 оны 10 дугаар сарын 15-наас 19-ний өдрүүдэд зохион байгуулна. Нийслэлийн хэмжээнд цэргийн жинхэнэ албаны татлагыг удирдан зохион байгуулж ажиллах “Цэрэг татлагын товчоо”-г нийслэлийн ЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун ахалж байгаа бөгөөд дүүрэг бүрт цэрэг татлагын товчоо байгуулсан байна. Дүүргийн товчоод цэрийн албанд татагдагч иргэдэд эрүүл мэндийн үзлэг явуулах байр, нарийн мэргэжлийн эмч, сувилагч нарыг сонгон авч, холбогдох зааварчилгааг өгч, мэргэжлийн удирдлага, эм эмнэлгийн багаж төхөөрөмжөөр хангаж, цэрэг татлагын байрыг бэлтгэнэ. Цэргийн жинхэнэ албаны хугацаа дуусаж, бэлтгэлээр халагдан ирж байгаа цэргийн үүрэгтнүүдийг хүлээн авч, ажлын байраар хангах, төрөл бүрийн сургалтанд хамруулах талаар зохион байгуулалтын арга хэмжээг хэрэгжүүлэх аж.
Нийслэлийн хэмжээнд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй автомашины төлбөртэй зогсоолын үйл ажиллагаа эрхэлж байгаа явдлыг журамлах хамтарсан үзлэг шалгалтыг зохион байгуулахаар боллоо. Уг шалгалтыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба болон нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Авто замын газар, Ерөнхий төлөвлөгөөний газар, Замын цагдаагийн газар, Өмчийн харилцааны газар хамтран гүйцэтгэхээр болжээ.
Нийслэлд 2009 оноос төлбөртэй зогсоол байгуулах тухай яригдаж эхэлсэн. Анх туршлага болгож Спортын төв ордон, Хангарьд ордон, Драмын театрын үүдэнд төлбөрт зогсоол байгуулж, 2012 онд нийслэлийн Засаг даргын 544 дүгээр захирамж гарснаар өнөөдөр нийслэлд албан ёсны зөвшөөрөлтэй 12 төлбөртэй зогсоол ажиллаж байна. Харин бусад төлбөртэй авто зогсоолууд иргэдээс хууль бусаар хураамж авч байна гэсэн үг юм байна.
Өнөөдрийн байдлаар дараах авто зогсоолууд албан ёсны зөвшөөрөлтэй, нийслэлтэй гэрээ байгуулан төлбөртэй зогсоол ажиллуулж байна.
СХД, 19 хороо, СХД-ийн ЗДТГ-ын ормын авто зогсоол
СБД, 1 хороо,”Гурван гал” худалдааны төвийн баруун талд
ЧД, 4 хороо, ЧД-ийн ЗДТГазар орчимд
ЧД, 4 хороо, Барилгачдын талбай орчмын авто зогсоол
ЧД, 5 хороо, Ялалтын талбай орчмын авто зогсоол
ЧД, 4 хороо, 3-н яамны орчимд
БГД, 5 хороо, Шастины нэрэмжит 3 дугаар нэгдсэн эмнэлэг орчимд
СБД, 2 хороо, Авто тээврийн газрын зүүн талд
СБД, 1-р хороо, ЗЦГ-ын урд талын зогсоол
ЧД, 1-р хороо, Хангарьд ордон
СБД, 8 -р хороо, Спортын төв ордон
Оросын парламентын доод танхим ажилчдын цалин хөлсийг хасалгүйгээр ажлын өдрийг цөөлж, дөрөв болгох саналыг Олон улсын хөдөлмөрийн байгууллагад гаргажээ. Ажлын өдрийг цөөлсөнөөр хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлж, хүн амыг эрүүл энх, аз жаргалтай амьдрахад нөлөөлнө гэж үзэж байна. Мөн уртгасан цагаар ажиллуулж, иргэдийн хөдөлмөрийг мөлжиж буйг багасгах гэнэ. “Дөрвөн ажлын өдөртэй болох нь бидний мөрөөдөл” гэж хөдөлмөрчдийн эрх ашгийг хамгаалах байгууллага мэдэгдэв. Сүүлийн саруудад зах зээлийн шаардлагаар Оросын автомашины салбар ажилчдаа цөөлж байгаа. Гэсэн ч үндэсний хэмжээнд ажилгүйдлийн түвшин 4,9-4,8 болж буурчээ.
Арабын нэгдсэн Эмират улсын Ал Аин хотноо энэ сарын 7-14 ны хооронд зохион байгуулагдах Дэлхийн Оюутны аварга шалгаруулах буудлагын V тэмцээний албан ёсны нээлтийн ажиллагаа дөнгөж сая өндөрлөлөө.
Тэмцээний эмэгтэйчүүдийн хийн урт бууны дасгалд ОУХМ О.Янжинлхам, Г.Нандинзаяа, СМ М.Түвшинжаргал нар багаараа өрсөлдөж, IV байрт шалгарчээ. Мөн ОУХМ Г.Нандинзаяа финалд шалгарсан ба өнөөдөр оройн 20.00 цагт буудах юм.Харин ОУХМ Э.Даваахүү, СМ Н.Цэрэнтогтох, СМ О.Төгөлдөр нарын бүрэлдэхүүнтэйгээр цэц сорьж буй манай эрэгтэй баг 50 метрийн гар бууны дасгалд шагналт IV эзэлсэн байна. ОУХМ Э.Даваахүү финалд шалгарч буудсан ч медальд хүрч чадсангүй.
Дөнгөж сая Монгол Улсын Ерөнхийлөгч бүлгийн дарга нарыг өрөөндөө дууджээ. УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг нар уулзалтад орж байгаа бөгөөд сайдуудыг давхар дээлээ тайлах үүрэг өгч байгаа юм байна.
Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулах тухай асуудлаар санал авахаар хүргүүлэх үед Ерөнхийлөгч сайдуудаа давхар дээлийг нь тайлуулах байдлаар бүтцээ шинэчлэх ёстой гэсэн байр суурийг илэрхийлсэн юм.
Тэгвэл энэхүү байр сууриа хатуу хамгаалахаар шийдэж шинэчлэгдсэн бүтцээр ажиллах гурван яамны сайдуудаас гадна 13 яаманд ажиллах бүх сайдууд давхар дээлгүй ажиллах ёстой гэсэн үүргийг өгч байгаа ажээ.
Монголын тариаланчдын холбооны ерөнхийлөгч Ч.Пэрэнлэй сүүлийн үед маргаан дэгдээгээд байгаа импортын буудайтай холбоотой асуудлаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогтод хандан дэмжлэг хүссэн албан бичиг илгээсэн юм. Тариаланчдын тавьж буй хүсэлтийг судалж үзэээд УИХ дахь МАН-ын бүлгээс Н.Энхболд, Ж.Энхбаяр, Д.Хаянхярваа, Су.Батболд, Ж.Эрдэнэбат нарын гишүүдийн бүрэлдэхүүнтэй Газар тариалангаа хамгаалах бүлгэм байгуулжээ.
Монголын тариаланчдын холбооноос ирүүлсэн албан бичигт “Энэ онд манай тариаланчид идэвх зүтгэлтэй ажиллаж 400.0 мянга орчим тонн улаан буудай хураан авах нөхцөл бүрдэн ургацын балансаа тогтоон, ургац хураалтын ажлаа цаг агаарын амаргүй нөхцөлд гүйцэтгэж байна.
Харамсалтай нь саяхан Засгийн газраас үнэ тогтворжуулах зээл авсан гурилын үйлдвэр нь эх орондоо тарьж ургуулсан буудайгаа худалдан авахын оронд ҮХААЯ-ны өгсөн зөвшөөрлөөр ОХУ-аас эхний ээлжинд 10.0 мянган тонн буудай импортоор оруулж ирж байна. Үүнтэй уялдаад бусад гурилын үйлдвэрүүд будаа худалдан авах үйл ажиллагаагаа хойшлуулж зогсоохоор болоод байгаа нь тариаланчдын сэтгэлийг түгшээж байна.
Ийм байдлаас болоод манай тариаланчдын буудайн борлуулалтын үйл ажиллагаа зогсож, үтрэм дээр маш их буудай нөөцлөгдөж, цаашид хадгалахад хүндрэлтэй нөхцөл бүрдэж, ирэх жилээс улаанбуудай тарьж, эх орныхоо гурилын хэрэгцээг хангах асуудал эргэлзээтэй болж байна.
Иймээс импортын улаанбуудайг хилээр оруулах асуудлыг зогсоож, дотоодын зах зээлээ хамгаалах хүсэлтийг тавьж байна. Хэрэв энэ талаар шийдвэртэй арга хэмжээ авахгүй бол тариаланчид тодорхой хэмжээнд эсэргүүцэл үзүүлж, эрс шийдэмгий үйлдэл хийх тухайгаа бидэнд мэдэгдээд байна. Та бүхэн ойрын хугацаанд холбогдох арга хэмжээг авч өгнө үү” гэжээ.
Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2015 оны Төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэх байсан ч МАН-ын бүлгээс “уг асуудлын намын бүлэг дээр хэлэлцээгүй байгаа” гэх үндэслэлээр тав хоногийн завсарлага авлаа.
Энэ өдрийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэх байснаас эхнийх нь ийн хойшлогдсон бөгөөд Гаалийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дараагаар нь хэлэлцсэн юм.
Хуульд буй 97-р зүйлийн гурван заалтын агуулгад өөрчлөлт оруулахаар хууль санаачлагчид төлөвлөсөн аж. Үүнд, Гадаадын зээл, буцалтгүй тусламжаар хэрэгжиж байгаа төслүүдэд гарч байгаа хүндрэл бэрхшээл үүсдэг бөгөөд “Гаалийн тухай” хуулийн 97.1-р заалтад “Гаалийн нутаг дэвсгэрт түр хугацаагаар оруулах горимд байршуулсан барааг гаалийн нутаг дэвсгэрээс буцаан гаргах хугацаа нь барааг тухайн горимд байршуулсан өдрөөс хойш газрын тосны салбарт бүтээгдэхүүн хуваах талаар Засгийн газартай байгуулсан гэрээний дагуу газрын тос хайх, олборлох, ашиглахад зориулагдсан бараа болон иргэний агаарын зорчигч тээврийн хөлөг онгоцны хувьд 3 жил 6 сар хүртэл, бусад барааны хувьд 1 жилээс дээшгүй байна” гэж заасан байдаг аж. Гэтэл захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний хэрэгжих хугацаа нь авто замын барилгын төслүүдэд 2-3 жил байгаа бөгөөд гэрээнд зааснаар баталгаат засварын хугацаа нь нэг жил байгааг тооцож үзвэл замын барилгын ажлын гүйцэтгэгч нь дор хаяж 3 жилийн хугацаанд машин механизм, тоног төхөөрөмжийг Монгол улсад байршуулах шаардлагатай боловч хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийн дагуу 2-3 жил хэрэгжих төсөл, арга хэмжээнд 2-3 удаа оруулж, гаргахаар болж буй гэнэ.
Түүнчлэн замын барилгын ажилд зөөвөрлөхөд хялбар өөрөө явагч машин, техникээс гадна суурин тоног төхөөрөмжүүд нэлээд байдаг. Тухайлбал: чулуу бутлуур, бетон зуурмагын үйлдвэр, асфальт үйлдвэрийг (Жишээ нь: Асфальт заводыг талбай дээр хамгийн багадаа 1.5-2 сарын хугацаанд угсарч суурилуулдаг) барилгын талбай дээр суурилуулж бүрэн тохируулга хийсний дараа, хилээр гаргах, дахин оруулж угсрахад нилээд зардал гарч хугацаа алдахын зэрэгцээ барилгын ажил зогсч, удаарширснаас зээл, тусламжийн хөрөнгө төлөвлөсөн хугацаандаа ашиглагдахгүй сөрөг үр дагавар гарч байгаа аж. Энэ нь Гүйцэтгэгч болон Захиалагчийн зардлыг өсгөж, улмаар гэрээний хэрэгжилтэд сөргөөр нөлөөлж, барилгын ажил хугацаандаа хийгдэхгүй болж гэрээний дагуу Захиалагчаас Гүйцэтгэгчид торгуульд төлөх зэрэг хүндрэлүүдийг үүсгэдэг байна.
Замын барилгын ажилд шаардлагатай гэрээнд заасан техник, тоног төхөөрөмжийг Гаалийн нутаг дэвсгэрт түр хугацаагаар оруулж, хуулийн 1 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд “Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай” хуулийн дагуу барааг оруулахад барьцаа болгосон тухайн барааны үнийн дүнгийн 15.5%-тай тэнцэх дүнг төлдөг. Нэг бүр нь ойролцоогоор 100.0 мянган ам долларын үнэтэй нийт 100 ш техник, тоног төхөөрөмжийг оруулахад 1.5 сая ам.долларыг гаалийн барьцаанд төлнө. Тоног төхөөрөмжийг хилээр оруулах тээвэрлэлтийн болон бусад зардлуудыг тооцож үзэхэд Гүйцэтгэгчийн ажлын талбайг хилийн боомтоос 100 км-т гэж авч үзвэл 1 ширхэг тоног төхөөрөмжийн тээвэрлэлтийн зардал 2.5 сая төгрөг, бусад зардал 500 000 төгрөг, нийт 3.0 сая төгрөг болно. Ажлын талбай дээр 100 машин механизмыг ашиглана гэж тооцвол 300.0-600.0 сая төгрөгийг зарцуулна. 1 ширхэг машин механизмыг хилээр оруулж гаргахад 2 хоног, гаалийн бүрдүүлэлт хийхэд 4 хоног, 100-200 ширхэг машин, механизмыг 10 ширхэг автотейлерээр 100 км-т зөөнө гэж тооцоход 60-120 хоног зарцуулах тооцоо гарч байгаа юм. Эдгээр нь эргээд гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр, олон улсын хэмжээнд тогтсон жишгийн дагуу хэрэгжиж байгаа бүтээн байгуулалт, дэд бүтцийн төсөл, хөтөлбөрүүдийн хувьд ихээхэн хүндрэлийг үзүүлж, зээл, тусламжийн үр ашиг, эдийн засгийн үнэлэмжийг бууруулж буй юм.
Yahoo компани нь Энэтхэгийн Банглор хот дахь томоохон салбартаа орон тооны цомхотгол хийхээр төлөвлөж байна. Уг салбар нь техник технологийн гол цөм хэмээн тооцогддог юм.
Ойролцоогоор 400 гаруй ажилчид энэ цомхотголд хамрагдах хэдий ч үлдсэн 1000 гаруй ажилчдад ямар ч нөлөө үзүүлэхгүй талаарBBC агентлаг мэдээллээ.
Тус компанийн төлөөлөгчийн мэдээлснээр “Бид цөөн тооны ажилчдыг тодорхой багт нэгтгэж үйл ажиллагаандаа багахан өөрчлөлтүүдийг хийх болно” гэжээ.
Түүнчлэн зарим нэг ажлын байрыг АНУ-ын Калифорни дахь төв байранд нүүлгэж ажилчдаа тус салбарт шилжин ажиллахыг санал болгожээ.