Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дэвсгэр дэх Шивээхүрэн боомтоор зорчигч хууль бусаар байгалийн улаан чулуу хил нэвтрүүлэхийг завджээ. Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын Өмнөд бүс дэх газрын шалгагч Б.Уянга энэ сарын 6-ны өдөр улсын хилийн гарах чиглэлийн тээврийн хэрэгслийн үзлэг шалгалт хийсэн байна. Энэ үеэр тус аймгийн Гурвантэс сумын иргэн Н 50 кг байгалийн улаан чулуу автомашиндаа тээвэрлэж явсныг илрүүлж, гаалийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.
Month: October 2014
Завхан голын усыг хуримтлуулснаар 20 км урт, 10 гаруй км өргөнтэй нуур Говь-Алтай аймгийн Тайшир сумын нутагт бий болсон байна. Энэ нь Тайширын усан цахилгаан станцын усан сан юм. Нутгийн иргэд нуураа Гэгээн нуур хэмээн нэрлэж, Монгол орны газрын зурагт тэмдэглүүлэх хүсэлтээ БОНХЯ-нд ирүүлсэн байна. БОНХ-ийн Сайд С.Оюун, Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын дарга А.Хүрэлшагай нарын хамтарсан тушаалаар Гэгээн нуурыг Монгол орны газрын зурагт тэмдэглэн байрлуулах, усны нөөцөд бүртгүүлэх ажлын хэсэг байгуулагджээ.
Ажлын хэсгийнхэн нуурын байдалтай танилцаж, хэмжилт хийхээр удахгүй явна. Хэрвээ Гэгээн нуурыг газрын зурагт тэмдэглэж, усны нөөцөд бүртгэх ажлыг албажуулбал хүний гараар бүтсэн нуурыг газрын зурагт тэмдэглэн бүртгэх анхны тохиолдол болох юм. Нэн цэнгэг ус бүхий Гэгээн нууранд монгол хадран,алтайн сугас гэсэн хоёр төрлийн загас үржиж, усны шувууд суурьшин, мал ундаалах болсон байна.
Гаалийн ерөнхий газрынхан өнгөрсөн онд Сангийн сайдаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу “Улаанбаатар төмөр зам-” нийгэмлэгт бүрдүүлэлтийн дараахь шалгалт явуулж, их хэмжээний санхүүгийн зөрчил илрүүлсэн. Улмаар Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгт 79.5 сая төгрөгийн торгуулийн акт тавьсныг тус нийгэмлэгийнхэн эсэргүүцэж шүүхэд хандсан юм. Анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүх уг хэргийг хэлэлцэж “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийг 48 сая төгрөгийн мөнгөн торгуулийг төлөх ёстой гэсэн шийдвэр гаргасан. Уг хэргийг өчигдөр Улсын дээд шүүх захиргааны журмаар хянан хэлэлцжээ. ЭӨчигдөр болсон шүүх хуралдаанаар тус нийгэмлэг татварт 112.2 сая төгрөг бус 5.3 сая төгрөг төлөх ёстой гэсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна. Ингэснээр “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг татварт дахин мөнгө төлөх нь тодорхой болжээ.
Гаалийн ерөнхий газрын харьяа газар, хороодын барааны ангилал хариуцсан Гаалийн Улсын Байцаагч нарт Барааг Тодорхойлох Кодлох Уялдуулсан Системийн чиглэлээр “Мэргэшүүлэх сургалт”-ыг зохион байгууллаа. Сургалтанд Улаанбаатар хот дахь гаалийн газар, Сэлэнгэ аймаг дахь гаалийн газар, Замын-Үүд дахь гаалийн газар, Буянт-Ухаа дахь гаалийн газар, Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газар, Сайншанд дахь гаалийн газар, Дорнод аймаг дахь гаалийн газар, Гашуунсухайт дахь гаалийн газар, Орхон аймаг дахь гаалийн газар, Говь-Алтай аймаг дахь гаалийн хороо, Бичигт дэх гаалийн хороодоос нийт 30 Гаалийн Улсын Байцаагч нар хамрагдсан байна. Мэргэшүүлэх сургалт нь БТКУС-ийн жагсаалтын XVI хэсгийн 84, 85 дугаар бүлэгт хамаарах машин, тоног төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн эд ангийг оновчтой зөв тодорхойлж ангилах, онол арга зүйн асуудлаар цогц мэдлэг олгох, жижиг, дунд үйлдвэрийн тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг нэг мөр ойлгох чадвар, дадал эзэмшүүлэхэд чиглэгдсэн юм. Мөн ГЕГ-ын Барааны ангилал, үнэлгээний хэлтсийн ГУБ Н.Цолмон, Жижиг, дунд үйлдвэрийн хөгжлийн газрын мэргэжилтэн Н.Энхтөр нар хичээл зааж, хариуцсан чиглэлээр шинэ мэдээ, мэдээлэл өгчээ.
Монголын ахмад, дунд үеийн эмэгтэйчүүдийн дийлэнх нь мэддэг, таньдаг, хүндэтгэн дээдэлдэг “Монголын эмэгтэйчүүдийн хорооны Сийлэгмаа” гэж нэрлэгдсэн эрхмийн тухай уншигчидтайгаа хуваалцаж байна. Энэ жил Ц.Сийлэгмаа даргын төрсөн нутаг Төв аймгийн Баян сумын 90 жил, насаараа ажил, амьдралаа зориулсан МЭБ–ын 90 жилийн ой, өөрийнх нь 85 настай зэрэгцэж байгаа юм.
Монголын эмэгтэйчүүдийн байгууллагын түүхийн элч болсон үе үеийн бүсгүйчүүдийн хүндтэй хүн, үлгэртэй удирдагч эрхэмсэг хатагтай Сийлэгмаа даргатай ярилцахад ухаан уужирч, сэтгэл цэлмэн үнэн үйл хоёрын эзэн болсон түүний зам нь тодрох шиг санагдсан.
Нутгийнханд зориулсан концерт эхлэх цагаас хоцрохгүйг хичээж яаран явах зуур яг урд маань монгол дээлээ сайхан өмсч сугадан яваа хоёрын зүг хараа тусч хамт яваа дүүдээ “Хар даа, Буурлууд маань ийм сайхан, Нутаг зоноо хүндэтгээд гоёчихсон явааг нь гэж хэлээд дуусаагүй байтал нэгний нь бүс саарахыг харуутаа би гүйцэж очоод: “Уучлаарай бүс чинь…” гээд засах зуур “Өө гялайлаа хүү минь” гэж эргэх нь манай Сийлэгмаа дарга байлаа. Бид мэнд усаа мэдэлцэн хамтдаа орж олон танилуудтайгаа уулзаж авьяаслаг хөвгүүд охидын тоглолтонд баярлан хөөрсөөр цаг ч нэлээд оройтсон байв.
Сийлэгмаа даргын ханьтай танилцаж “Миний нэр Сүх, би аймагтайгаа чацуу” (91 настай гэсэн үг) гээд инээхэд нь эргэлзэх сэтгэл төрсөн юм.Тэд маань тоглолтын явцад гэрэл, дохио дуу чимээнд залхсан шинжгүй. Тоглолт тарахад би “Хамтдаа явъя даа. Та хоёрыг дөхүүлж өгье” гэвэл “Зүгээр хүүхдүүд минь харьцгаа. Бид хоёр нутгийн ахан дүүстэйгээ уулзаад гэртээ харьчихна. Зоволтгүй гэлээ. Энэ өдрөөс хойш сайхан буурлууд шигээ л наслах ёстой юм даа гэсэн бодол надаас холдолгүй хэд хоноод Сийлэгмаа даргатай утсаар холбогдож нэрийнхээ ард “дарга” гэсэн давхар нэртэй явсан замыг нь сонирхон ярилцлаа.
Сумын бага сургууль төгсч багш болсон1944 он.Сийлэгмаа дарга Сумынхаа анхны бага сургуулийг онцсайн дүнтэй төгсөхдөө шагнуулсан баярын бичиг сайшаалын үнэмлэхээ ( цагаан цаасан дээр бичсэн ангийн багш, захирлын гарын үсэг, сургуулийн тэмдэг дарсан) хожим надад нам, төр, олон нийтийнбайгууллагаас хүртээсэн өндөр дээд шагналын анхных гэж хүндэтгэн хадгалсаар байгаа. Би сургуулиа төгсөөд шинэ үсгийн бүлгэмийн багш болохдоо сурагч байсан үед минь хамгийн ойр байсан захирал Батмөнх, ангийн багш Балжир, аж ахуйн эрхлэгч Ажин нарыгаа дуурайл болгосон бөгөөд тэдний сайн сайхан намайг дагуулсныг насан туршдаа мартдаггүй.
Харин би ямархан шинэ үсгийн багш байснаа санахаар их л сонин байдаг. Миний шавь нар гэж үе тэнгийнхэн, зарим нь надаас ах насны хүүхдүүд байгаа шүү дээ. Улс орны хэрэгцээ шаардлага ийм байсан цаг
Төв аймгийн намын хорооны даргын тушаалаар Авдарбаян сумын Эвлэлийн үүрийн нарийн бичгийн даргын албанд 16 настайдаа томилогдож ажлын гараагаа эхэлснээс хойш алба гүйцэлдүүлж өнөө хүрэхдээ тэр үеийнхээ нийгмийн дэвшил хөгжилд өөрийн оюун ухаан, сэтгэл зүтгэлээ зориулсан.
Эвлэл, эмэгтэйчүүдийн байгууллагад тасралтгүй ажилласан тэртээх он жилүүдийн дурдатгал дурсамж бүхэнд “Дарга” гэсэналбантушаал нэртэй минь хамт. Энэ нь миний сонирхол сонгосон мэргэжилтэй огт холбоогүй тухайн цаг үедээ удирдах байгууллагаас надад өгсөн үүрэг даалгавар, итгэл найдвар байснаар тайлбарлагдана даа гэх даруухан агаад нухацтай үгийг сонсоод ийм л ухаалаг буурлуудын хойч үеийнхэн залгамж нь өнөөгийн залуус шүү дээ гэсэн бодол төрсөн.
Анх залуучуудын дарга болчихоод сумын дарга албаны хүмүүсийн зүгээс өгсөн зааварчилгаа, үүргийг биелүүлж морин дэл дээр баг, сум, айл өрхөөр зай завсаргүй явж байхад ээж аав хоёр минь “Миний охин төрийн ажлыг сайн хийдэг юм шүү! гэж морь сэлгэн хүнс бэлтгэж өгөөд хоцордогсон. Тэд маань бүхий л талаар дэмжиж байсны хүч л дээ гэж яриагаа эхэллээ.
Эмэгтэйчүүдийн байгууллагын холбоотой яриа өрнөсөн үед Сийлэгмаа дарга гэсэн нэр сэтгэлд ойр чихэнд хоногшсон байдаг.
Хүүхнүүд тааралдаад Сийлэгмаа дарга аа! гэхээр нь “Дарга албандаа үлдэж эмээ над дээр ирсэн шүү” гэж хошигноно. Хүндэтгэл гэдэг хүн бүхний хүслээр оногддоггүйзүрх сэтгэлийн илэрхийлэл байдгийн тод жишээ энэ.
Өнөөгийнхөөр бол өсвөр насны охин Сийлэгмаа сумын залуучуудын байгууллагын даргаар томилогдоод ажил үүргээ гүйцэтгэж явах тэр цагт аав, ээж шигээ ахмад хүмүүсийн өмнө үг хэлж үүрэг даалгавар өгөх, санал шүүмжлэлийг нь сонсоно гэдэг яггүй даваа хэдий ч тэдний өмнө мэддэг чаддаг байхын төлөө тэмүүлсэн зүтгэл маань надад ташуур болж байлаа. Нутгийн ард олон, хамтран ажиллагсад, ахмад хүмүүсийн үлгэрлэл, тэдний хичээнгүй байдлаас ихийг сурсан тухайгаа ярилаа.
Тэд яаж нөлөөлж байсны хамгийн энгийн нэгэн дурсамж санаанд нь тод байдаг аж. Мал тооллогоор яваа хүмүүс нэг нь тоог аялгуулан дуудаж, нөгөө нь сампиндаад (ихэнхдээ хятад сампин байх) хонь, ямаа хэдэн тоогоор зөрчихлөө гээд дахин шүүж алдаагаа олж байсан зэрэг зөв шударга ажиллах амьдралын сургуульд суралцсан нь насны минь ажил амьдралын зарчим болж тогтсонгэдгийг сонсоод Үнэн! гэж дотроо талархав.
“Сайн явах санааных” үгийн эзэн болсон Сийлэгмаа охин малчин залуу Бадмаанямбуугийн хамт МХЗЭ-ийн 11 дүгээр их хуралд төлөөлөгчөөр сонгогдож оролцсоны дараа залуу насны ахин дэвших хүсэл тэмүүлэлдээ хөтлөгдөн удирдлагадаа уламжилснаар дэмжигдэн Намын шинэ хүчний дээд сургуульд онц суралцаж төгссөн маань миний насан туршийн боловсролын суурь болон зуунаас зуунд түүх бүтээлцэж явна. Залуу насны дурсамж дүүрэн бидний хэдэн нөхөд уулзахаараа ангийн охид, хөвгүүд гэж хөөрөлдөвч эзгүйрсэн нөхдийнхөө орон зайг үгүйлэн дурсч улс орноо хөгжүүлэхийн төлөө зүтгэж явсан шударга замаараа бахархан баяр гуниг хөөр зэрэгцдэг юм. Эдний маань дотроос олон хүн нэгээс хоёр дээд сургууль төгссөн боловч НБХДС (Намын боловсон хүчний дээд сургууль)-аа хамгийн ихээр дурсдаг даа хэмээн онцолсон юм.
Сургууль төгссөн боловсон хүчнийг салбарын удирдах байгууллага нь эх орны хэрэгцээтэй газарт томилон ажиллуулдаг байсан тэр л зарчмаар 1953 онд сургуулиа төгсөхөд МАХН (хуучин нэрээр)-ын Төв хороо эмэгтэйчүүдийн хэлтэстээ зааварлагчаар томилов.
Тэр үед МАХН-ны ТХ-ын эмэгтэйчүүдийн хэлтэс, Монголын хөдөлмөрчин эмэгтэйчүүдийн хэлтэс, Монголын хөдөлмөрчин эмэгтэйчүүдийн төв зөвлөл гэсэн хоёр байгууллага нэг аппараттай байсан бөгөөд Сийлэгмаа бүсгүйн ажлын анхны гараа нь нам болон эмэгтэйчүүдийн хоёр дээд байгууллагад нэгэн зэрэг ажиллах азтай хариуцлагатай албан тушаалаар эхэлснээс хойш Монголын эмэгтэйчүүдийн байгууллагын удирдах албыгтасралтгүй 27 жил хариуцлагатай хашсан ажээ.
Монголын эмэгтэйчүүдийн байгууллага үе үеийнхний хөгжил дэвшлийн манлайд хошуучлан нийгмийн харилцааг боловсронгуй болгоход онцгойлон анхаарч ирсэн түүхэн цаг хугацаанд өгсөж уруудаж байсан хэдий ч эх орон ард түмнийхээ эрх ашгийн төлөө тууштай, идэвх санаачилгатай ажилласаар 90 жилийн ойтойгоо золголоо гэж Сийлэгмаа дарга ярьж сууна.
Ажиллаж байх хугацаандаа ажил үүргийн хуваариар хариуцсан ажлаас гадна өөрөө санаачлан хэрэгжүүлсэн цөөнгүй ажилдаа сэтгэл баяртай явдаг тухайбидний яриа үргэлжилсэн юм. Улс орны хэмжээнд сүү цөцгийн тосны төлөвлөгөөг биелүүлээгүй аймгуудад “Улаан туг” аялуулан “Арвин саамын баяр”, “Төлийн баяр”-ыг холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулж Архангай аймгийн Хангай сум зорилтоо 106 хувиар давуулан биелүүлж хоцрогдлоос гарч амжилт гаргасны төлөө “Арвин саамын баяр” хийж, МЭХ-оос “Дурсгалын туг” мөнгөн бүслүүртэй агар зандан хувин дурсгаж, амжилт бүтээл ундарч байсан жишээтэй.
Эмэгтэйчүүдийн чөлөөт цагийг зөв боловсон өрнүүлэхэд туслах,гэгээрүүлэн соёлжуулах зорилгоор эмэгтэй шатарчдын анхны тэмцээн явуулж оюуны өндөр чадавхитай олон сайхан хүүхнүүдээр илтгэгчдийг бэлтгэн лекц ухуулга хийж Зөвлөлтийн эмэгтэйчүүдийн байгууллагын туршлагаар “Гэр бүлийн баяр”-ыг Налайх хотод зохион байгуулан нийтэд дэлгэрүүлж эмэгтэйчүүдийн анхан шатны байгууллагын ажлыг жигд сайржуулах зорилгоор “Улсын тэргүүний зөвлөл” шалгаруулах болзол зарлан үе шаттайгаар шалган дүгнэж тэргүүлсэн байрын зөвлөлийн дарга нарыг Ардын хувьсгалын 50 жилийн ойн баяр, Москвагийн олимпод зочноор оролцуулж байсан гээд өөрөө сэдэж бусадтай хамтарч баггүй ажлыг амжуулж зав чөлөөгүй ажиллаж байдагсан. Олон сайхан хүүхнүүд идэвхийлэн ажиллаж байсны нэг нь ДБЭТеатрын улсын тэргүүний эмэгтэйчүүдийг зөвлөлийн дарга, хүүхдийн дуучин В.Долгор 1985 онд МЭ-ийн V их хурлаар “Монгол Улсын гавьяат жүжигчин” цолыг хүртэж байсан юм. “Хүүхнүүдийн дарга” болж тэднийхээ төлөө нэгэн насныхаа ажил амьдралыг зориулна гэдэг их л сайхан үйлс. Та их азтай хүн юмаа. Энэ чиглэлээр мэргэшсэн удирдагч эмэгтэй юм даа гэж намайг хэлэхэд “Эмэгтэй хүн болж төрсний хувьд эмэгтэйчүүдийн дээд байгууллагад багтаж Монголын эмэгтэйчүүд тэдний гэр бүл, үр хүүхдийн сайн сайхан амьдрал, нийгэмд тустай үүргийн төлөө улс орныхоо хөгжлийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж явахдаа ажлыг нь ч амжуулж буяныг нь эдэлж ирлээ” гэж төр түмний буяныг хүртсэнээ тодотгож хэллээ.
МЭБ-д ажиллахдаа нэгэн зорилгод чиглэсэн хүүхнүүдтэйгээ эв найртай хамтран зүтгэж явсны дотор их жанжин Д.Сүхбаатарын гэргий С.Янжмаа, төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Удвал нартай хамтран ажиллаж байсан маань их хувь тавилан, нэр төрийн хэрэг гэж бахархаж байдаг юм. Тэд маань ухаанаараа нарлаг өдрийн цэлмэг тэнгэр шиг орчноо цэлмээсэн сайн ч удирдагчид, сайхан ч хүмүүс.
Туулсан зам, уулзаж учирсан сайхан хүмүүс, зорьж хийсэн ажил, зорчиж зочилсон орон улсынхаа тухай МЭБ-ынхаа 80 жилийн ойгоор дурсамжийн номоо толилуулсан нь миний гэхээсээ илүү эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэнд тустай бодит үйл явдлын эзний өгүүлсэн баримт болон үнэлэгдэх үнэ цэнэтэй бүтээл. Бидний залуу үед боловсон хүчнийг сонгох, дэвшүүлэх, сургаж дадлагажуулах гээд үе шаттайгаар дарга бэлтгэдэг бодлого хэрэгжиж байж дээ. Намайг эвлэлийн XI их хурал дээр үг хэлсний дараа эвлэлийн ажилтнуудын дунд “Авдарын Сийлэгмаа” (Авдархангай сумын ХЗЭ-ийн үүрийн дарга байсан) гэж нэрлэгдэх болж хөдөө нутгийн залуучуудын даргын ажлын гараанаас удирдах ажилтан болох зам эхэлж, ажил амьдралын замд идэвх зүтгэл, санаачилга, туршлага маань намайг МЭБ-ны хариуцлагатай нарийн бичгийн даргын байранд бат уяж байлаа.
Би хийе гэсэн бодолдоо тууштай, эхэлснээ дуусгаж байж санаа амардаг, энэ нь миний араншин гэж хэлсэн юм. Үнэхээр ч Сийлэгмаа даргын санаснаа ажил болгодог чадвар, төлөвлөсөн ажлын гүйцэтгэлийг хянаж хугацаанд нь үр дүнг тооцдог гээд олон арга барил нь эмэгтэйчүүдийн сонгуультнуудыг ажил хариуцах чадвартай болгон сургаж удирдах ажилд дэвшихэд нөлөөлсөнтэй олон хүн санал нийлнэ.Олон жил хамт ажилласан Г.Улаан: Намайг МЭХ-д дэвшин ирэх үед (1970 оны дундуур) Монголын сор болсон олон сайхан хүүхнүүд идэвхийлэн ажил өрнөсөн ихээхэн өрнүүн бүтээлч үе байлаа. Тэднийг хараад бахархаж бас сүрдэж байсан даа. Манай Сийлэгмаа ажил хариуцах чадвараар өндөр, аливаад итгэл найдварын эзэн хүн дээ. Хувийн талаасаанэг л зантай тайван тогтвортой, найрсаг эмэгтэй учраас хүмүүс ч өөртэй нь энгүүн сайхан харилцаатай байдаг гэж ярихыг нь сонсч байсан минь санагдлаа.
Сийлэгмаа даргын ажил хэрэгч эрхэм чанарын нэг нь гадаад дотоодод томилолтоор явсан тэмдэглэлийг чамбай хөтөлдөг нь ямар ч хүний тусган авах онцлох зүйл.
“Эмэгтэйчүүдийн хорооны Сийлэгмаа” дурсамжийн номыг уншаад монгол эмэгтэйн зүс царай, зүрх сэтгэл, үйлс бүтээл, өнгөрүүлсэн замнал, дурсах хүндэтгэлийн бахдам жишээг мэдэрч баярлаж бас талархсан.
Дэлхийн эмэгтэйчүүдийн V их хуралд оролцохдоо (1963 он) сансрын анхны эмэгтэй нисгэгч В.Н.Терешковагийн хүлээн авах ёслолд оролцсон, Олон улсын уулзалт хөдөлгөөн анх үүссэн Дани улсын нийслэл Копенгаген хотноо Мартын 8-ны 50 жилийн ойд Сүхбаатарын Янжмаа тэргүүтэй төлөөлөгчдийн хамт монгол бүсгүйчүүдийнхээ урласан гар урлалын бүтээлээр гайхагдан Баянхонгор аймгийн Даваагийн Сумъяагийн хатгамлыг хурлын тэргүүлэгчдийн байранд байрлуулсныг хараад догдолж байсан, БНХАУ-ын социалист орны эмэгтэйчүүдийн төлөөлөгчдийн дунд хөдөлмөрийн баатар ногоочин Долгор, ажилчин Дулмаа нарын хамт зочлох үеэр Мао Цэо Дунтай гар барин мэндчилж “Бид нөхдөөс ч сурна, дайснаас ч сурна. Цэцэг бүхэн дэлгэрэг, эрдэмтэн бүхэн уралдаг” гэсэн үзэл санаа дэвшүүлж (бүх нийтээрээ хөх цэнхэр цагаан саарал хувцас өмсч байсан)иргэддээ хандан “Манай ард түмэн цэцэг шиг хувцаслах хэрэгтэй” гэж Дэн Сяо Фин-ийн хэлэхийг сонсч байсан тэмдэглэл нь өнөөдөр номын хуудсаар амилж бидэнд сонсогдож байх жишээтэй.
Эрхэмсэг хатагтай С.Удвалын 90 насны ойн үеэр Сийлэгмаа даргын үг хэлж байхадсуудал зэрэгцэн суусан ахмад сэтгүүлч МУСГЗ Дорждулам “Сайхан үг хэллээ. Сийлэгмаа бол Монголын эмэгтэйчүүдийн байгууллагын анхдагч зүтгэлтнүүдийн нэг төдийгүй ажил хэрэгч сайхан эмэгтэй. С.Удвал дарга ихэд үнэлдэг бас талархан хүндэтгэдэг байсныг нь би ажил төрлийн шугамаар эртний мэдэх болсон юм. Эмэгтэйчүүдийн байгууллагын хамгийн хүндтэй шилдэг эмэгтэйчүүд, удирдагчидтай хамт ажиллаж байсан түүхэн хөгжлийн үе үеийнхний төлөөлөл туршлагатай удирдагч шүү дээ гэж талархан үнэлж байхыг ч сонсч суулаа. Саявтар би гавьяат багш, профессор С.Хандсүрэнтэй уулзах үеэр “Манай сумаас төрсөн томчуудын нэг нь Сийлэгмаа дарга ба түүнийг эмэгтэйчүүдийн байгууллагын удирдагч гэдгээр нь хүүхнүүд ихэд хүндэлдэг юм” гэсэн. Сийлэгмаа даргыг сайн мэдэх цөөн хүмүүстэй ажил төрлийн чиглэлээр түүнтэй холбогдуулсан яриаг эргэн сонссон маань энэ. Хэрэг болгоод хэн нэгэнтэй зориод уулзвал олон сайхан сэтгэгдэл сонсох нь мэдээж билээ. Хэн нэгэнд сэтгэл зүтгэлээрээ, амжилт бүтээлээрээ, алдрын замаараа үнэлэгдэх гэдэг том шагнал. Шагнал бүхэнд дурсамж байдаг. Сийлэгмаа дарга Хөдөлмөрийн хүндэт медаль, Алтан гадас одонгоор 2 удаа, МЭБ-ын 50 жилийн ойгоор Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдсан.
Бид хоёрын яриа аав ээжийнхээ тухай ярианд очлоо. Дарга ярьж байна.
“Аав минь их гүдэсхэн, ажилсаг, түшигтэй, ….нуруутай шударга, жинхэнэ өрхийн тэргүүн. Ээж минь ажилсаг, уран, үг дуу цөөнтэй, олон хүүхэд төрүүлж өсгөсөн урт насалсан буурал байсан.
Би тэтгэвэрт гарснаасаа хойш монгол дээл оёж сураад 50 орчим дээл оёлоо. Хүүхэд залуучуудыг монгол дээлээ сайхан өмсч байхыг зөвлөдөг. Гэрийнхээ бүх хүмүүст оёсон дээлээ өмсгөөд зургаа татуулснаа сонирхуулав.
Хүн гэдэг ертөнц өөрөө өөрийнхөө түүхийг бүтээдэг болохоор итгэл зүтгэл, санаачилга тэмүүллээрээ орчноо гэрэлтүүлж байдаг тэр л тод гэрлийн нэг нь Сийлэгмаа дарга мөнөөс мөн. Одоо тэрээр МЭБ-ын ахмадын зөвлөлийн дарга. Дарга гэдэг нэр хүндийг даруухан бас хүч чадалтай хийж гүйцэтгэсэн сайхан эмэгтэйн тухай цухас өгүүлэхийг зорьсон минь энэ. Насаараа бие биеэ түшиж үр хүүхдээ тойруулан суугаа Сийлэгмаа даргын хань Сүх гуайтай ярихад бас л сайхан. Намайг цай уух зуур “Өвгөн маань сүү, тараг авахаар явсан. Уул нь чамайг ирэхээр өөрийнхөө гарын хуушуур хийж өгнө гээд л байсан энэ хоол манай гэрийн брэндшүү дээ гэж Сийлэгмаа даргыг хэлэхэд нь би дотроо их л баярлаж ийм өндөр насалсан буурлаар хоол хийлгэж иднэ гэдэг буян нь ахадсан хэрэг болох байх даа гэж бодсон. Төдөлгүй хаалга дуугарч зээ охин нь орж ирээд бид хоёрыг ярих зуур өвөөгийнхөө захиалгат хоолыг хийгээд оруулж ирэв. Үдийн хоолонд Сүхээ гуай бид хамтдаа байж ойр зуурын сонин ярьж суухдаа энэ давхарт хүргэнийх нь байдаг, ойрхон амьдарч хүүхдүүд ньсанаснаараа аав ээж хоёрыгоо амар тайван суулгаж хайрыг нь хүртэж халамж анхаарлаа тавьж байгаа нь сайхан санагдлаа. Хэд хоногоос зусландаа гарна гээд хоёр хөгшний хөл хөнгөрсөн харагдана. Сүх ах Хар хорин захаас авчирсан шинэ таргаараа намайг дайлав.
Хоёулаа Төв аймгийн Баян сумын улс. Бага наснаасаа айл саахалт байж малчин айлын хүүхдүүдийн адил хурга тугал хариулж, аргал ус зөөж дулааны улиралд ихэвчлэн хөл нүцгэн өргөс харгананд хатгуулж зуны сайхан шиврээ бороонд нүцгэн гүйж өссөн хүүхдүүд. Харин Сүх ах багадаа ламын хүрээнд шавилан сууж оюун ухаан задарч бурханы номд суралцаж байсан гэсэн.
Тэрээр багш, ня-бо гэсэн хоёр мэргэжилтэй. Манай аймгийн төв нийслэлд байх үед шинэ үсэг бичгийн анхдугаар курс нээгдэхэд Баян сумаас Цэндийн Намхайдорж бид хоёр суралцаж эхлээд латин үсэг залгаж байгаад дараа нь шинэ үсэгболон шийдвэрлэгдэж шинэ үсгийн эхний бүлгэмийн тайлагдсан бидний 3 хүн 100 төгрөгөөр шагнуулж сумынхаа анхны шинэ үсгийн багш болоод хуучин үсгийн багш нар, сумын дарга удирдах хүмүүст багшнь болсон маань ажлын гараа байсан бөгөөд 6 сар багшлаад 600 төгрөгийн цалин авч гэртээ баяр хөөр дүүрэн харьж байсан маань мартагддаггүй юм.
Бид хоёр багаасаа ижил дасал болж үерхсээр 1952 оны хавар намын сургуулийн дэргэд сангийн гэр барьж өөрсдийн хүчээр айл болно гэсэн бодлоороо хоёулаа ажил хийж гэрээ төвхнүүлээд аав, ээж ахан дүүс маань цугларсан хүнс хоол элбэгтэй, хүн хөл ихтэй сайхан айл болж 60 гаруй жил амьдарч өнөөг хүрлээ.
Нэгэн үе Сийлэгмаа маань МЭХ-д би Улсын хянан шалгах комисст ажиллаж байлаа. Төмөр замын анхны албаны ерөнхий нягтлан байж, Гадаад худалдааны яаманд ажиллаад тэтгэвэрт гарсан.
Хүн бүхэн зөвийг санаж сэдэж явбал бүтэхгүй зүйл гэж үгүй. Аливаа бүтээх үйлд эв нэгдэл хэрэгтэй. Миний бахархал бол Авдарбаяны хурдан морьтой удмын хүн. Манай удмын морь 1938, 39 оны улсын наадмаар төвд 3 түрүү улсад 3 түрүү авч байсан. Хурдны морийг унаж байсан 2 хүүхэд одоо амьд сэрүүн байна. Улсдаа үнэн сэтгэлээр хөдөлмөрлөсөндөө сэтгэл тэнийн үр хүүхдүүд өргөн олныхоо сайн сайхныг үзэж, сонсч сууна гэдэг насны буян юм даа, Аав минь надад “Олонтой яв. Хүнд тус бол” гэсэн үгийг захьсныг би насан туршдаа санаж явдаг даа гэх Сүх гуайн яриа бол хүн бүхний санаад явах аавын үг.
Удамтай, ухаантай Сүхээ, Сийлэгмаа гэдэг хоёр сайхан бууралтай ярилцаж суусан сайхан хугацааг санах бүрдээ уулзсан ерөөлдөө баярлаж айл гэр бүхэнд амар амгалан тэгш дүүрэн байхын жаргалыг бэлгэдэж суулаа.
С.МӨНХДЭЛГЭР
2014 о
“Үлэмж биет” А.Ичинноровын багын найзтай уулзахаар Батцэнгэл сумын нутаг дахь Хутагтын амыг зорьсон юм. Тэнгэр хангай хуйсагнаж, бороо ганц хоёр дуслах ажээ. Мөн Хутагтын эхний модот уулсын хэнхдэгээр манан буужээ. Холоос хангай нутгийн уулс сүрдэм харагдана.
“Хадаа аварга жижигхэн биетэй Бадарч гэдэг хүнтэй үй зайгүй найзалдаг байсан гэдэг. Ичко бид хоёр яг тэдэн шиг. Нэг нь динозавр шиг том, нөгөөх нь хариугүй жижигхэн биетэй. Манай сумын үеийнхэн, сургуулийнхан бид хоёрыг тэмээ, ямаа хоёр явж байна гээд л их шоолдог байлаа. Бид хоёр ёстой л хар багын найзууд” хэмээн ярих залууг Б.Гомбосүрэн гэдэг. Батцэнгэл сумын хоёрдугаар багийн малчин.
“ЯПОН ХЭЛ ЯАЖ СУРСНЫГ НЬ ГАЙХААД БАЙГАА. БИД ХОЁР ГАДААД ХЭЛЭНДЭЭ МУУ Л АВДАГ БАЙСАН ДАА”
Ичкогийн багын найз Б.Гомбосүрэн саяхан шинэ гэр барьж, хурим найр хийжээ. Гэргий нь амаржаад удаагүй болохоор сумын төвд дулаан газар хэд хоног байж шинэ хүнээ торниулахаар явсан байв. Харин гэрийн эзэн Б.Гомбосүрэн аавынхтайгаа айлсан намаржиж байна. Намрын сүүлч сараас өвөлжөө рүүгээ нүүх гэнэ. Түүнтэй найзынх нь талаар хөөрөлдлөө. Түүнийг нутгийнхан нь Өөдөө хэмээн дууддаг байна.
–А.Ичинноров та хоёрыг бүүр багын найзууд гэж сонсоод таныг зориод ирлээ. Найзынхаа ямархуу хүүхэд байсан талаар ярихгүй юу?
-Ичкотой саяхан утсаар ярьсан. Япон явснаас нь хойш холбоо бариагүй ч сэтгэлдээ бол мөнхийн найзууд шүү дээ.Тэгээд мэргэжлийн сумод амжилттай яваа юм чинь аягүй бол утсаа авахгүй байх гэж бодсон ч “Залгаад үзье. Хуримаа хийсэн гэдгээ хэлнэ” гэж бодоод залгасан. Тэгсэн хэдхэн дуудуулаад л утсаа авч байна лээ. “Зурагтаар чиний барилдахыг хараад л байгаа шүү. Найз нь хөдөө малаа хариулаад л байж байна даа” гээд ярьсан. Бид хоёр дөрөв дэх өдрийн барилдааны үеэр ярьсан юм аа. Ичко яг л хэвээрээ байна лээ. “Найз нь бэлтгэл сургуулилтаа хийгээд тэмцээндээ ороод л байж байна. Хуримаа хийсэнд баяр хүргэе. Тэгж байгаад найзындаа тухтай очно” гэж байна лээ. Би Ичкогоос “Чи япон хэл яаж сурсан юм бэ” гэж сонирхоод асуусан. Бид хоёр гадаад хэлэндээ тааруу, муу л авдаг байсан. Орос, англи үг ерөөсөө хэлж чадахгүй. Хэл дультраад, дандаа буруу хэлдэг байсан байх өө. Тэгээд яаж Япон хэл сурсан гэдгийг асуусан. Тэгсэн өөдөөс японоор яриад гайхшруулсан. Япон хэлээр ус, цас шиг л ярьдаг болсон байна лээ. Тэгээд намайг шоолж инээж байснаа “Хичээвэл их амархан сурдаг юм байна. Чи япон хэл сурна гэвэл би зааж өгнө шүү” гэж байна лээ. Бас манай ямааг хамт самнаж, хөглөж байсан дурсамжаа ярьж зөндөө инээлдсэн.
–Ямархуу хүүхэд байв?
-Ичко бага байхын л уургүй, тайван, сайхан ааштай хүүхэд байсан. Бүдүүн биетэй мөртлөө их хурдан гүйнэ. Бага байхдаа бусад хүүхэдтэй хөөцөлдөөд гүйхээр бүгдийг нь бариад авдаг байсан. Ангийнхаа хүүхдүүдийг хочилж шоолдог, хамгийн сахилгагүй, их үймүүлдэг хүүхдүүд байлаа. Ер нь Д.Дашдорж бид гурав салахгүй найзалдаг байсан. Өглөө хичээлд явахдаа, өдөр хичээлээ тараад, орой бараг л нэгнийдээ хонох шахна. Хаврын сурагчдын амралтаар хамт ямаа самнана. Манайх Ш.Алтанхуяг ахынхтай хаваржаа ойрхон. Тэгээд л жижиг гэрт ямаа оруулж байгаад самнана гэж үзүүлж гарна. Сумын төвд байхаараа таалагддаг охидууд дээрээ очиж дуудна. Манай хүн ангийн нэг охинд сайн. Бид хоёр тэр охиныд мөн ч олон удаа очсон доо. Оччихоод юу ч ярихгүй зогсож, зогсож бараг шөнө болсон хойно ээж, аавд нь хөөгдөх шахам явцгаана.
–Тоглож өссөн найзыгаа барилдахыг зурагтаар харах сайхан биз?
-Үнэхээр сонин, огшоод л явчихна. Барилдаан нь дөнгөж эхлэх үед нь би хот орж таарсан. Тэгээд хотод байдаг найзууддаа “Энэ миний багын найз” гэж хэлэхээр хүмүүс надад хүртэл баяр хүргээд байна лээ. Тоглож өссөн найзыгаа барилдахыг нь зурагтаар хараад сууж байх үнэхээр сайхан байдаг. Ирэх жилийн зун ирэхээр нь хэдэн гүүгээ уяж байгаад сайхан хүлээж авна, найзыгаа. Надтай утсаар ярихдаа “Уулзах юмсан гэж байнга боддог” гэж байна лээ гэв.
“ХОНЬ ХАРИУЛЖ ӨССӨН НАЙЗ МИНЬ ЮМ ШҮҮ”
Ичиножо Ичинноровын багын найзтай ингэж ярилцаад Ш.Алтанхуягийн гэр лүү эргэн явлаа. Биднийг очих үед зүүн хойноос мотоцикльтой залуу давхин ирэв. Мэнд мэдэлцээд цөөн зүйлс ярив. Адуундаа явж байгаа гэнэ. Мөн “Ш.Алтанхуяг ахаас хэдэн адуугаа сурахаар явж байгаа” гэв. Тэгсэн гэрийн эзэгтэй Н.Болортуяа “Хүүе, Даашка ойрд үзэгдэхгүй юу болов. Манай хүүгийн ангийн хүүхэд байгаа юм. Хамгийн ойр байдаг найзуудын нэг. За, Даашка найзынхаа талаар сэтгүүлчид яриад өгөөрэй. Ах, эгч хоёр нь яриад дуусчихсан” гээд инээв. А.Ичинноровын ангийн найз Д.Дашдоржоос цөөн асуултад хариулт авсан юм. Тэрбээр сургуулиа төгсөөд малчин болсон байна.
–Найзынхаа барилдахыг үзэж байна уу?
-Үзэлгүй яах вэ. Байнга л үзэж байгаа. Миний найз үнэхээр сайн барилдаж байгаа. Ирэх сарын башёг нь догдлоод л хүлээгээд байгаа. Ичко бид хоёр нэг ангид сурдаг. Бас манай хоёр гэр олон жил өвөлжиж, хаваржиж байсан. Бид хамт хонь хариулдаг байсан. Сургуульд орохын өмнөөс хургатай хонь хариулах, ишиг эхэд нь тавьж өгөх, тугалдаа хамт явах гээд байнга хамт байсан. Бид хоёр тугал уургалж тоглоод хүмүүст мөн ч их загнуулдаг байсан даа.
–Чамайг хүүхдүүд дээрэлхэхээр өмөөрдөг байсан гэсэн?
-Ичко өөрөөсөө болж хүнтэй ер муудалцахгүй. Харин ангийнхаа хүүхдүүдийг бусад хүүхдээс их өмөөрдөг. Дээд ангийнхантай биднийг өмөөрөөд олон удаа зодолдож байсан. Би Ичкотой сургуульд орохоосоо эхлээд есдүгээр анги төгстөлөө барилдахдаа нэг ч удаа давж үзээгүй. Уг нь сургуулийнхаа том биетэй бусад хүүхдийг ямар нэгэн аргаар давчихаад л байдаг юм. Ичког ерөөсөө барахгүй. Ичко тавдугаар ангид байхдаа есдүгээр ангийн ах нартай барилдаад давдаг байсан. Их бяртай шүү дээ. Бид хоёрдугаар ангид байхдаа өвлийн амралтаар бяруу уургалж тоглож байгаад Ичко цасан дунд чирэгдээд уургаа алдчихсан. Өдөржин уургаа салгаж авах гэж хөөцөлдөж байлаа” гэв.
Биднийг ийн ярилцаж байх зуур гэрийн эзэд ирсэн зочиддоо хонь гаргаж байв. Н.Болортуяа эгч гаргасан хонины гэдсийг арилгах зуураа “Хотын хүүхдүүд та нар хоол унд муутай л явдаг хүмүүс. Шөл ууж, ядаргаагаа тайл. Бас өөх идэж чадахгүй юм биш биз дээ. Манай хонь энэ жил тарга сайхан авчээ” гэх. Хөдөөний малчин монгол айл ийм л зочломтгой байдаг даа хэмээн бодогдох ажээ. Малынхаа үр шимийг бүрэн хүртэж байгаа малчин Ш.Алтанхуягийнх бууж, мордох нутгийнхан, холоос зорьж ирсэн зочин гийчиддээуруул чимчигнүүлж, тос хөвсөн айраг хул хулаар нь сөгнөж, цөцгий нь урссан хуруу зузаан өрөм таваглаад их зочломтгой. Бүр хүүгийнхээ авчирч өгсөн гэх архийг хүртэл задалж, амсуулаад цааш нь тавих ажээ. Сумо бөхийн ертөнцөд олон түүхэн амжилт эвдэж, шинэ хуудсыг нээгээд байгаа А.Ичинноров гэх залуугийн төрж өссөн гэр, аав, ээж энгийнээс энгийн, тайван сайхан юм. Бид өглөө эртлэн тэдэнтэй дахин уулзах ерөөл тавиад сумын төв рүү хөдөллөө. Гэрийн эзэгтэй сүүнийхээ дээжийг өргөсөөр, Ш.Алтанхуяг ах бидний араас харсаар хоцорсон юм.
Хүрэн морь гэдсээ нум болтоо татаж уяа дэрлэн зүүрмэглэх, намаршаад зүс нь гундсан унага бэлчээрт гарсан эхийнхээ хойноос зэлэн дээр цолгиун дуугаар янцгаан, газар цавчлан зогсох тансаг дүр зураг, дун цагаан гэрүүд алсарсаар бид уул давлаа. Улсдаа хамгийн олон бөхтэй сум хэмээн алдаршаад байгаа Батцэнгэл сумынхан Ичиножо Ичинноровоор хэрхэн бахархаж байгаа талаар сурвалжлахаар сумын төв рүү орлоо.
Э.ХҮРЭЛБААТАР
Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН
Хар тамхины ургамал түүж татах хэмжээнд энэ төрлийн хэрэг илэрч буйгэж бодох нь өнөөдөр ташаа ойлголт болжээ. Хоёрхон сая хүн амтай манай орны хувьд энэ хар тамхи гээч зүйлийг тээвэрлэж яваад баригдсан хүмүүсийн тоо ихсээд зогсохгүй түүний цаана гэр бүлийн амьдрал нь сүйрэх тохиолдлууд гарах болсон. Сүүлийн үед хар тамхи зөөвөрлөн ашиг олж энэ хэрэгтэй өөрийнхөө төрсөн ээжийг, хадам ээжээ татан оролцуулж баригдсан тохиолдол ч гарсан байх юм. Өнөөдөр гэр бүлийн амьдралыг сүйдэлж буй энэ төрлийн гэмт хэргийн хохирол нь иргэдэд дэндүү хүндээр тусч байгааг энэ нийгмээс харахад хангалттай дүр зураг буух биз. Хэдийгээр энэ төрлийн хэрэг хавтгайрчихаагүй байгаа ч одоо л таслан зогсоож чадахгүй бол гэсэн айдас байна. Амгалангийн хорих ангид л гэхэдхар тамхи татаж мансуурсан үедээ нас өндөр болсон аавтайгаа муудалцаж амийгнь хөнөөсөн хэрэгтэн ялаа эдэлж сууна. “Цаг хугацааг хэрэв буцааж болдогсон бол” хэмээн тэр харамсал тээн өдөр хоногуудыг өнгөрөөх аж. Гэвч тэр цаг хугацааг хэн ч хэзээ ч эргүүлж чадахгүй. Тийм болохоор энэ төрлийн хэргээс иргэд ялангуяа өсвөр үеийнхэн хэн нэгэнд уруу татагдах бус өөрийн ухамсраар болгоомжлох цаг ирснийг хэлэх нь зүйтэй байх. Хар тамхинд донтсон хүн тийм ч их бишбайгаа ч гэсэн ирээдүйн донтонгууд бэлтгэгдэж буйд хамаг асуудал оршиж байгаа юм. 35 орчим насны залуу саяхан хар тамхи хэрэглэж байгаад цагдаагийнханд баригдсан байна. Тэрбээр донтолтын байдалтай баригдсан бөгөөд мэдүүлэг өгөхдөө хар тамхинд нийт300 сая төгрөг зарцуулсан” тухайгаа ярьжээ. Тэр хар тамхины мөнгө олохын тулд орон байраа хүртэл зарж, эхнэр хүүхдээсээ салсан байх юм. Ийм түүхийг олон хүнбүү давтаасай гэдэг үүднээс энэ тухай дурдаж буй юм. Мөн хар тамхины хор хөнөөлийн талаарсэрэмжлүүлэх үүднээсэнэ хэргээр шийтгүүлж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 421 дүгээр хорих ангид ял эдэлж буй хоёр хоригдолтой ярилцлаа. Тэднийг хоригдол Б. А хэмээн нэрлэе. Б-тэй ярилцсанаа эхлээд хүргэе.
–Яаж яваад хар тамхины хэрэгт холбогдчихов?
-Би нэг найзынхаа төрсөн өдөрт очсон юм. Тэд төрсөн өдрөө буудалд хийж байв. Түүний найзууд, миний таньдаг хүмүүс ч тэнд очсон байсан. Намайг очиход төрсөн өдрийн эзэн “Ээгий үүнийг Америк явахдаа надад үлдээгээд явсан. Төрсөн өдрөөрөө хэрэглэе гэж бодоод хадгалаад байсан юм” гэж хэлээд харуулсан. Нэг ширхэг тамхи шиг л зүйл байсан. Гэтэл цагдаагийнхан орж ирээд нэгжлэг хийсэн. Тэр хар тамхийг бид татаагүй байсан. Нэгжлэгээр хар тамхи илрээд тэгээд л бид энэ төрлийн хэргээр шийтгүүлсэн.
–Хэзээ болсон хэрэг вэ. Хар тамхины нэрийг нь мэдэх үү?
-2013 оны арваннэгдүгээр сард болсон хэрэг. Эрдэнэтэд ургадаг зэрлэг олс гэж хэлж байсан. Бид жаахан ууцгаасан. Тэгээд сорж үзэх үү гэсэн. Сорж үзэх гээд байж байтал цагдаагийнханд баригдсан.
–Өмнө ньхар тамхи хэрэглэж байгаагүй юу?
-Огт хэрэглэж байгаагүй.Бодитоор нь харж байгаагүй. Яах вэ кино, клипнээс бол харж л байсан. Түүнээс би олон жил хэрэглээд байсан зүйл байхгүй.
–Танай найз нар дунд хэрэглэж байсан хүн бий юу?
-Байсан л байх. Гэхдээ хар тамхи хэрэглэж байхад нь би таарч байгаагүй. Мэр сэр уулзахаар ярьдаг л байсан. Хар тамхины ургамалд явдаггэж сонсож байсан. Түүнээс би хамт явж байгаагүй. Хэн нэгний тухай биш өөрийнхөө л тухай ярья тэгэх үү.
–Хар тамхинытөрлийн ургамал ямар үнэтэй байдаг юм бэ. Нууц биш бол хэлэхгүй юу. Хаанаас түүдэг юм?
-Дархан, Эрдэнэтийн чиглэлд байдаг гэсэн. Түүгээд борлуулахад нэг янжуур нь10 мянган төгрөгөөс эхэлдэг. Тэгээд л янз янзын үнэтэй л дээ. Оюутнууд бас их авч татаж үздэг юм билээ. Гэхдээ донтсонхүмүүс байдаггүй байх. Сонирхоод л татажүздэг.
–Та нар хэдүүлээ цагдаагийнханд баригдсан юм бэ?
-Тавуулаа гурав нь жил гаруйн ял аваад хоёр нь жил гаруй хугацаагаар ял эдлэх болсон. Би уг нь хар тамхи татаж үзээгүй байсан. Гэтэл намайг шийтгэчихсэн.
–Тэгэхээр хар тамхи татаж үзээд баригддаг байж гэсэн бодол төрж байгаа гэж ойлгож болох уу?
-Хар тамхи татаж үздэг байж гэж боддоггүй. Харин яах гэж тэр үед саваагүйтэж төрсөн өдөр дээр нь очив гэж боддог. Тэнд хар тамхи татахаар авчирсан гэдгийг ч мэдээгүйбайсан.
–Эрх чөлөөгөөрөө хохироод сууж байхад юу бодогдох юм. Бусдад хэлэх зүйл байна уу?
-Миний бодлоор найз нөхдөө таних хэрэгтэй л гэж хэлмээр байна. Ер нь монголчуудад хар тамхи огт хэрэггүйзүйл байгаа юм. Хэдийгээр би хар тамхи татаж хоригдоогүй ч гэсэн эрх чөлөөгөө хасуулчихаад сууж байна. Энэ л хамгийн харамсалтай. Хар тамхи байсан гэдгээр л шүүхээр шийтгүүлсэн. Хэрэв хэрэглэсэн бол үүнээс ч олон жилээр шийтгүүлж, залуу насаа шоронд өнгөрөөх байж гэж боддог.
Тэрбээр үүнээс өөр онц зүйл ярьсангүй. Хуулийнхны ярьж байгаагаар энэ төрлийн хэрэг хийсэн хүмүүс өөрийгөө хэрэг хийсэн гэж хүлээн зөвшөөрдөггүй гэнэ. Би буруугүй гэх нь тэдний өөрийгөө цайруулдаг ганц арга аж. Тийм болохоороо үнэнээ ярих дургүй байдаг гэдгийг нь хэлж байсан юм. ХаринА энэ хэргийн талаар арай дэлгэрэнгүй мэдээллийг өгсөн юм.
–Тухайн үед юу болсон юм бэ. Тэр талаараа дэлгэрэнгүй ярихгүй юу?
-Манай хэсэг найз Эрдэнэт явъя гэсэн юм. Тэгээд бид замд гарсан. Жаахан ууцгаасан. Явж байгаад бие засах гэтэл нэг найз маань энджалганд хар тамхинытөрлийн ургамал байна гээд түүсэн. Түүнийг авчирч хувааж татаж байгаадцагдаад баригдсан. Бид ч бас буудлаас баригдсан.
–Хэдүүлээ явж байсан юм бэ?
-Тавуулаа, найз охидуудтайгаа явж байсан. Найзууд дунд бага ангийн, бие биенээрээ дамжуулж дам танилцсан нэг нэгийгээ мэдэх болсон залуус байсан.
–Тэндхар тамхины төрлийн ургамал байсан гэдгийг яаж мэдсэн юм бэ?
-Ам дамжсан ярианаас л мэдсэн. Бидэнтэй хамт байсаннэг залуу энэ тухай сайн мэдэж байсан.
–Өмнө ньхар тамхи татахад ямархуу байв?
-Тухайн үед толгойжаахан манарсан. Түүнээс өөр мэдрэмж төрөөгүй. Зүйрлэж хэлбэл 100 гр архи уусан юм шиг л болдог юм билээ. Татахад хоолой хорсгосон, заваан үнэртэй л байдаг.
–Зарим хүн архи ууснаас хар тамхи татсан нь дээр гэж боддоггэж сонссон. Та нар бол ямар зорилготойтатаж үзсэн юм бэ?
-Сонирхоод л татаж үзсэн. Архинаас өөр мэдрэмж өгдөг гэж тухайн үед нэг найз маань хэлсэн. Тэгээд л бид сонирхсон.
–Шүүхээр шийтгүүлэхээсээ өмнө яг ямар ажил хийдэг байсан бэ?
-Би нэг байгууллагын маркетингийн менежерийн алба хашиж байсан. Ийм хэрэгт холбогдож хоригдож байгаадаа харамсаж байна. Жил арван сар гэдэг бага хугацаа биш. Тэр үед би дөнгөжамьдралд хөлөө олоод үр хүүхэдтэй болж байсан.
–Хар тамхи татсаны маргааш архи ууснаас илүү өвдөлт мэдрэгддэг гэдэг. Архи уугаад мэдрэгддэг тэр шарталтаас 60 дахин илүү өвдөлт мэдрэгддэг гэдэг юм билээ. Хар тамхи татсаны маргааш зовиур илэрч байсан уу?
-Дараа нь толгой өвдөхөдтэсвэрлэхийн аргагүй байдаг юм билээ.
–Буудлаас баривчлагдсан хүмүүсийн дийлэнх нь өмнө хар тамхи татдаг байсан гэдэг юм билээ. Та нар өмнө нь татаж байв уу?
-Өмнө нь татаж байгаагүй.
–Хамт хоригдож буй хүмүүс чинь яагаад хар тамхи татсан юм, ямар байна гэх мэтээр асуудаг л байх даа?
-Сонирхож асуудаг.Ер нь хүмүүсийн дундхар тамхи татвал донтчихдог гэсэн ойлголт байна. Ганц татааддонтоно гэж байхгүй л дээ. Хамт хоригдож буй хүмүүс бие чинь яаж байна гэж их асуудаг.
–Та бол нэг их залуу хүн биш байна. Хар тамхитай орооцолдохгүй байж болоогүйюм уу?
-Санамсаргүй л ийм зүйлд хутгалдчихлаа. Энд хоригдож байхад залуучууд хэрэглээд байна гэж сонсогдож байна. Хар тамхинаас болж эд хөрөнгө, эрх чөлөөгөөрөө хүнхохирох хэрэггүй юм.
–Энэ бүхнээс болгоомжлохын тулд яах ёстой вэ?
-Интернэт, Feecbook-ээр хар тамхины сурталчилгаа их явж байна. Гадуур ч гэсэн алхаад явж байхад зарим хүнмарихуаны эмблэмтэй малгай өмсчихсөн явж л байдаг. Энэ бол далд сурталчилгаа юм билээ. Бас кино, клип байна.
–Мэдээллийн хэрэгслүүдээс болж хар тамхи татаж байна гэх юм. Энэ чинь зөвхөн шалтаг юм биш үү. Тэр бүхнийг хараад тоохгүй өнгөрч байгаа хүн нь олон шүү дээ. Ямар хүмүүс ньтэр бүхнийг сэдэл болгоод хэрэглэж үзэх санаа аваад байна гэдэг өөрөө сонин асуудал мэт санагдаад байх юм?
-Тухайн хүнээсээ л болно. Гэхдээ хүний сониуч зантай л холбоотой юм билээ. Интернэтээсхар тамхины талаах мэдээллийг олоод үздэг. Гараад ирэхээр нь сонирхоод хардаг. Тэгээд хэрэглэж үздэг юм билээ.
–Яагаад буудал хар тамхи хэрэглэх газар болоод байна вэ?
-Ер нь буудал бол бусдын хяналтаас хол байх газрын нэг. Гэр орныхондоо мэдэгдэхгүй. Хэдэн хүнөрөө аваад ороход орлогоо бодоод буудлынхан янз бүрийн зүйл асууж шалгаахгүй. Дуудаагүй цагт хүн орж ирэхгүй. Энэ бүхэн нь залуучуудыг буудалд орох шалтгаан болдог юм шиг санагдсан гэв.
Сүүлийн үед дэлгэрээд буй нэг зүйл нь эмэгтэйчүүд хар тамхинд донтох нь ихэссэн гэдгийг эмч нар ярьж байна. Тураадаг гэсэн тодотголтой зарим бүтээгдэхүүнүүд санамсаргүй байдлаар эмэгтэйчүүдийг хар тамхинддонтуулах болсон гэнэ. Тухайлбал, нэг бүсгүй ийм явдлын золиос болсон байна. Танилаасаа тураадаг эм авч хэрэглэдэг байжээ. Тэр эмийг уухад хоолны дуршил байхгүй болдог аж. 5-10 өдөр хоолгүй явж чаддаг байна. Эцэстээ нөгөө эмээ хэрэглэхгүй л бол болохгүй байдалд хүргэдэгаж.
Дархан-Уул аймгийн чанга дэглэмтэй 435 дугаархорих ангийн сэтгэлзүйч Г.Мөнгөнцэцэгтэйхар тамхи татсанхоригдлуудын сэтгэлзүйн талаар ийн ярив.
Өсвөр насынхан энэ хэрэгт холбогдох магадлал өндөртэй байна. Энэ талаар сэрэмжлүүлэх ажил хийх хэрэгтэй. Нийт дунд нь хар тамхи гээд ярихаархүүхдүүд сонирхоодтатаад байна. Тэгэхээрсудалгаа явуулж байгаадямар хэсэгт нь урьдчилан сэргийлэх чиглэлээр ярьж ойлгуулах вэ гэдгээ мэдэх хэрэгтэй. Хар тамхины хэрэгт холбогдсон залуучуудын ярианаас анзаарч байхад ийм бодол төрсөн. Мөнэцэг эхчүүд хүүхдүүдийнхээ боловсролд анхаарч гадаадад арван жилийн боловсрол олгодог болсон байна. Энэ нь өсвөр насынхныг эцэг эхийн хараа хяналтнаас хол элдэв зүйлд уруу татагдах нэг шатгаан болж байна уу гэж бодоход хүргэж байна. Хар тамхины хэргээр хорих ял эдэлж буй залуусын сэтгэц нь хэвийн, өөрчлөлттэй янз янз л байна. Тэд хар тамхи татдаг, үнэрлэдэг, ихэвчлэн тариаг нь манайд хэрэглэдэг гэж ярьдаг. Мөн биеэ үнэлэгч хүүхнүүд их хар тамхи хэрэглэдэг гэнэ. Зарим нэг хоригдол мэргэжлийн сэтгэл судлаачтай уулзмаар байна гэдэг хүсэлтийг тавьдаг. Энэ талын дэмжлэг бас хар тамхины хэргээр хоригдсон хүмүүст хэрэгтэй байдаг юм билээ. Тэр хүмүүсийг гараад дахин ийм хэрэгт холбогдохгүй байх талаас нь бид анхаардаг.
Г.ЯЛГУУН
Нэг лаа нөгөөгөө асаахдаа юугаач алддаггүй гэж нэгэн мэргэн хүн сургажээ. Харин үүний үр дүнд гэрэл л нэмэгддэг. Харанхуй өрөөнд нэг лаа гэрэлтэй, харин хоёр болбол бүүр илүү гэрэлтэх нь ойлгомжтой.
Мэргэд хэн нэгний оюун ухааныг гэгээрүүлэхэд ямар ч зардал гарахгүй харин үүний үр дүнд нийгэм илүү сайхан, илүү аз жаргалтай болдгийг л ингэж зүйрлэн хэлсэн байна. Тэгэхлээр мэддэг чаддаг зүйлээ бусдадаа харамгүй хэлж өгөх нь, мэдлэг туршлага дутмаг хүмүүст зааж зөвлөх нь та өөрөө өөртөө тусалж байгаа хэрэг аж.
Хүн болгон мэдлэг туршлагатай, ухаалаг амьдарч эхэлбэл нийгэм маань гэрэл гэгээгээр дүүрэн байх болно. Нийгэм илүү гэрэл гэгээтэй байвал танд л амар амгалан аз жаргалтай амьдрахад амар байна биз дээ. Орчин үед хүмүүс бүүр их нийгэмшсэн цагт амьдарч байна. Нийгмээс өөрийгөө тусгаарлах оролдлого бүр амжилтгүй болж ирсэн түүхтэй.
Иймээс хүн бүр өөрийнхөө амьдралыг ухаалаг, бас аз жаргалтай авч явах ёстой. Хүн болгон аз жаргалтай байвал энэ хүн төрөлхтөн тэр чигтэй аз жаргалтай байх болно. Тэгэхлээр яаж аз жаргалтай байх аргаа бусдадаа харамгүй хэлж өгөөрэй. Ингэлээ гээд хувь хүний нийгмийг бүрэлдүүлэх байр суурь чинь бүдгэрэхгүй шүү гэсэн сургаал юм даа гэж дээрх үгийг уншаад бодож байлаа.
Ж.САНДАГДОРЖ
Аравдугаар сарын 30-наас арваннэгдүгээр сарын 4 өдрүүдэд Тайвань улсад болох Оюутны азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор Монгол улсын залуучуудын шигшээ баг бэлтгэлээ базаасаар сар гаруй болж байна. Тус тэмцээнд 1990 оноос хойш төрсөн тамирчид оролцоно. Мөн уг тэмцээнд оролцсон Үндсэн бүрэлдэхүүн дээр тулгуурлан ирэх жил БНСУ-ын Гванжоу хотноо зохион байгуулагдах Дэлхийн бага олимп хэмээн нэрлэгддэг Дэлхийн Оюутны универсиад наадамд оролцохоор МVCБХОЛБОО МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО-той гэрээ байгууллаа. 2015 оны наадамд 1991 оноос хойш төрсөн тамирчид оролцоно. 2012 онд ОХУ-ын Казань хотноо зохион байгуулагдсан Дэлхийн наадамд манай баг Монголын Оюутны Спортын холбооны дэмжлэгтэйгээр эрэгтэй, эмэгтэй багууд бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож эрэгтэй шигшээ баг шилдэг 16-д багтан дараагийн Дэлхийн Оюутны Универсиад наадамд оролцох эрхээ авсан юм. 2012 оны наадмын сагсан бөмбөгийн төрөлд хүч үзсэн олон тамирчид 2014 Испаний ДАШТ, Европын АШТ-нд шигшээ багаасаа хүчин зүтгэж Сергей Карасиев зэрэг тоглогчид NBA-д драфлагдсан байна.
УИХ-ын намрын ээлжит чуулган нэгдсэн хуралдаан өнөөдөр болно. Энэ өдрийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.
1.Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2014 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 05 дугаар дүгнэлт- Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ш.ЦОГТОО танилцуулна;
-Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн О.БААСАНХҮҮ танилцуулна.
2.”Хүчээр алга болгохоос бүх хүнийг хамгаалах тухай олон улсын конвенц”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2014.07.08-ны өдөр өргөн мэдүүлсэн/: Хууль санаачлагчийн илтгэлийг Хууль зүйн сайд Х.ТЭМҮҮЖИН танилцуулна;
– Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн М.БАТЧИМЭГ танилцуулна.
3. Монгол Улсын Засгийн газар, Бельгийн Вант Улсын Засгийн газрын хооронд 2014 оны 06 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан “Баруун бүсийн оношилгоо, эмчилгээний төвийг бэхжүүлэх төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2014.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн/: – Хууль санаачлагчийн илтгэлийг Эдийн засгийн сайд Н.БАТБАЯР танилцуулна;
– Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн М.БАТЧИМЭГ танилцуулна.
4.Эмийн талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /эцсийн хэлэлцүүлэг/:
– Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Д.САРАНГЭРЭЛ танилцуулна.
5.Эрүүл мэндийн албан журмын даатгалын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2014.09.04-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/: – Хууль санаачлагчийн илтгэлийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.ЭРДЭНЭ танилцуулна;
6.Зөвшөөрлийн тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх/: – Хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.САЙХАНБИЛЭГ танилцуулна;
– Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.ДЭМБЭРЭЛ танилцуулна.
7.Зээлийн батлан даалтын сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/; – Хууль санаачлагчийн илтгэлийг Сангийн сайд Ч.УЛААН танилцуулна;
– Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их гишүүн Л.ЭНХ-АМГАЛАН танилцуулна.
8.Гаалийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2014.09.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, гаалийн нутаг дэвсгэрт түр хугацаагаар байршуулсан барааг буцаан гаргах хугацааг шинэчлэн тогтоох тухай, хэлэлцэх эсэх/. – Хууль санаачлагчийн илтгэлийг Зам, тээврийн сайд А.ГАНСҮХ танилцуулна;
-Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.ЭРДЭНЭБАТ танилцуулна.
9.Галын аюулгүй байдлын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх/: – Хууль санаачлагчийн илтгэлийг Шадар сайд Д.ТЭРБИШДАГВА танилцуулна;
– Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.ЛҮНДЭЭЖАНЦАН танилцуулна.
10.Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх/: – Хууль санаачлагчийн илтгэлийг Хууль зүйн сайд Х.ТЭМҮҮЖИН танилцуулна;
– Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.БАТЗАНДАН танилцуулна.
11.Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд
/хэлэлцэх эсэх/: – Хууль санаачлагчийн илтгэлийг Хууль зүйн сайд Х.ТЭМҮҮЖИН танилцуулна;
– Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.ЛҮНДЭЭЖАНЦАН танилцуулна.
12.Номын сангийн тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/: – Хууль санаачлагчийн илтгэлийг Соёлын сайд Ц.ОЮУНГЭРЭЛ танилцуулна;
– Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.САРАНГЭРЭЛ танилцуулна.