Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Дуучин Д.Оюунтүлхүүр тайзнаа эргэн ирлээ

МУГЖ дуучин Д.Оюунтүлхүүр өнөөдөр хэвлэлийн бага хурал хийн уран бүтээлийн ажилдаа эргэн орж буйгаа зарлалаа.

Энэ удаад тэрээр уран бүтээлийн ажлаа гурван үе шаттайгаар дэлгэж байгаа юм байна. Үүнд, дуучин маань өнгөрсөн хугацаанд ээжийн үүргээ биелүүлэн үр хүүхдүүдээ халамжлан цаг зав багатай байсан ч “Энэрэл хайр”, “Нүдээ аниад бодоорой”, “Зүрхэнд туссан гэгээ” гурван шинэ клипээ олонд хүргэжээ. Мөн энэ сарын сүүлээр түүний уран бүтээл, хүмүүнлэгийн үйлст хийсэн бүтээсэн бүхнийг нь дэлгэх “Бидний мэдэх Оюунтүлхүүр” телевизийн нэвтрүүлэг цэнхэр дэлгэцээр гарах нь ээ. Энэхүү нэвтрүүлгийг “Dual Zet” про агентлагийнхан бүтээж байгаа бөгөөд тэд дуучны шинэхэн гурван клипийг мөн бүтээсэн юм байна.

Нэвтрүүлгийн тухайд олны танил эрхмүүд дуучин бүсгүйн талаар юу боддог тухайгаа дэлгэрэнгүй өгүүлэх гэнэ. Уг нэвтрүүлэгт Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, мэргэжлийн сүмогийн их аварга Асашёорү Д.Дагвадорж, төрийн хошой шагналт, ардын жүжигчин Н.Жанцанноров, Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Такэнори Шимизү, хөгжмийн найруулагч, продюсер Н.Халиун зэрэг олны танил алдартнууд оролцож байгаа аж. Харин нэвтрүүлгийн хөтлөгчөөр жүжигчин Ч.Ундрал ажиллажээ.

Дуучин Д.Оюунтүлхүүрийн үзэгчдэдээ барьж буй хамгийн том бэлэг бол түүний уран бүтээлийн бие даасан тоглолт юм. Тэрээр “Хайрын эгшиг” бие даасан тоглолтоо ирэх арваннэгдүгээр сарын 1,2-нд 19.00 цагаас Соёлын төв өргөөнөө толилуулахаар хэдийнээ бэлтгэл ажилдаа оржээ. Түүний 10 жилийн дараа эгшиглэж буй бие даасан тоглолтод амьд хөгжмийн хамтлаг хамтран ажиллаж байгааг дуулгалаа. Хөгжимчин Ц.Байдраг, гитарчин Т.Мөнх-Оргил, Бука, Золбоо нар түүний тоглолтын амьд хөгжмийн эгшиглүүлэх юм байна. Түүнчлэн дуучин Д.Оюунтүлхүүртэй олон жил хамтран ажилласан Японы тонмейстер дуугаралтыг хариуцан ажиллах гэнэ. Уянгалаг дуунуудаараа Япон, Монголын үзэгчдийг байлдан дагуулж байсан дуучин бүсгүйн шинэ хэмнэл, шинэ өнгө төрхийг энэхүү тоглолтоос тольдож болох нь ээ. Тэрээр тоглолтдоо хуучны болон шинэхэн уран бүтээлүүдээ эгшиглүүлэхээр бэлтгэж байгаа ажээ.

Categories
мэдээ спорт

Зохиолчид сагсан бөмбөгөөр өрсөлдөнө

Монголын хувийн хэвшлийн ууган сургуулиудын нэг Утга зохиол, нийгмийн ажилтны дээд сургуулийн 20 жилийн ой энэ жил тохиож байна. Тус сургууль ойгоо угтаж зохиолч, яруу найрагчид болон төгсөгчид, оюутнуудынхаа дунд сагсан бөмбөгийн тэмцээн зохион байгуулах гэж байгаа ажээ. Ирэх бямба гаригт болох энэхүү тэмцээнд зохиолч, яруу найрагчид эрэгтэй, эмэгтэй баг бүрдүүлэн оролцохоор бэлтгэж байгаа гэнэ. Дашрамд сонирхуулахад, Утга зохиол, нийгмийн ажилтны дээд сургуулиас “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Ш.Лхамноржмаа, Н.Гантулга, “Алтан өд” шагналт зохиолч Х.Болор-Эрдэнэ, “Цагаан уул” яруу найргийн наадмын тэргүүн байрын шагналт яруу найрагч Д.Оюундэлгэр, Л.Ганзул зэрэг олон авьяаслаг яруу найрагч, зохиолчид төрөн гарчээ.

Categories
мэдээ нийгэм

Туркийн кино өдөрлөг нээлтээ хийлээ

“Улаанбаатар” олон улсын кино наадам 2014″үзэсгэлэнгийн Туркийн кино өдөрлөгнээлтээ хийлээ. Уг өдөрлөг 2014 оны 10 дугаар сарын 9 –ний өдөр “Тэнгис” кино театрт болсон юм. Өдөрлөгийн үеэр олон улсын кино наадмуудын шагналт Туркийн алдарт “Эрвээхэйн зүүд”, “Өвлийн ичээ”, “Хонь” зэрэг бүтээлүүд дэлгэцнээ гарч үзэгчдийн хүртээл болох юм. Тус өдөрлөгийг Нийслэлийн урлаг Соёлын газар, Туркийн элчин сайдын яам, Монголын Урлагийн зөвлөл, Монголын Кино Урлагийн зөвлөлтэй хамтран зохион байгуулж бөгөөд олон улсын кино наадам нь энэ сарын 12 –ныг хүртэл үргэлжлэх аж. Турк улс манай оронтой найрамдалт харилцаа тогтоосны 45 жилийн ойг дохиолдуулан тус кино өдөрлөгийг зохион байгуулж байгаа гэдгийг Туркийн элчин сайдын яамны хэвлэл мэдээллийн албанаас мэдэгдлээ.

З.Батхуяг

Categories
мэдээ нийгэм

Анкарагийн гудамжийг хаах гэнэ

Нийслэлийн 375 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд “Хотын гудамж – Миний нутаг” өдөрлөгийг Чингэлтэй дүүрэг, Бага тойруу, Анкарагийн гудамжинд хоёр дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Уг арга хэмжээ 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 13:00 цагаас 2014 оны 10 дугаар сарын 11-ний 18:00 цаг хүртэл Соёл урлагийн их сургуулийн зүүн урд уулзвараас “Зоос гоёл” ХХК-ий уулзвар хүртлэх замд явагдах тул замын хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлахаар болсныг Нийслэлийн Замын цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсээс мэдээлж байна.

Categories
мэдээ нийгэм

Харааны хугарлын гажгийг зургаан наснаас өмнө эмчлэх ёстой

“Олон улсын хараа хамгаалах өдөр” өчигдөр боллоо. Эл өдрийг дэлхий нийтээр аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн пүрэв гаригт тэмдэглэдэг билээ.Өнөөдрийн байдлаар Монгол улсын хэмжээнд хараагүй 15 мянган иргэн байдаг байна. Сул хараатай болон хараагүй иргэдийн 80 хувь нь өвчнөөсөө урьдчилан сэргийлэх боломжтой байдаг ч, мэдээлэл дутмаг, урьдчилан сэргийлэх эмчилгээ авдаггүй, нүдээ хайрладаггүй нь улмаас хараагүй болдог аж. Түүнчлэн сүүлийн үед техник, технологи өндөр хөгжих болсонтой холбогдуулан харааны эмгэг эхсэж, бага наснаасаа залхуу нүдтэй, харааны гажигтэй болох нь ихэсчээ. Иймд “Олон улсын хараа хамгаалах өдөр”-ийг “Хүүхдийн харааг хамгаалъя” уриан дор тэмдэглэн 58 дугаар сургуулийн бүх нэгдүгээр ангийнхүүхдүүдийн харааны түвшинг тогтоож өгчээ.Харааны бэрхшээлээс урьдчилан сэргийлэхийн тулд хүүхдээ 3-5 насанд нь нүдний эмчид үзүүлж, харааны хугарлын гажгийг илрүүлэнулмаар шил зүүлгэн эмчлэх ёстой аж.Зургаан наснаас хойш нэгэнт муудсан хараа эмчлэгдэх нь муу байдаг байна. Иймд жил бүр хүүхдийнхээ нүдийг шалгуулж тохирсон шил зүүлгэж, нүдний дасгал хийлгэж байвал хараа муудахаас сэргийлэх боломжтой талаар нүдний эмч, анагаах ухааны доктор Т.Булган ярьсан юм.

Эл өдрийг угтан эхлүүлсэн бас нэг ажил нь Монголын Хараагүйчүүдийн үндэсний холбооноос төсөл санаачлан,Таван Богд ХХК-ийн Л’Окситан брэндтэй хамтран “Хараа хамгаалах төв”-ийг байгуулахаар болж гэрээ хийжээ. Уг төв нь нийт ард иргэдэд болон ялангуяа хүүхэд залууст хараагаа хэрхэн хамгаалах талаар мэдээлэл түгээж зөвлөгөө өгөх зорилготой аж.

Categories
мэдээ улс-төр

Эмийн талаар төрөөс баримтлах бодлогыг баталжээ

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан 15.00 цагийн орчимд эхэлж, үдээс өмнөх хуралдаанаар хэлэлцэж байсан Эмийн талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн 78.6 хувийн саналаар баталлаа.

Үүний дараа Эрүүл мэндийн албан журмын даатгалын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэж эхлээд байна.

Үзэл баримтлалтын тухайд, иргэн бүр эрүүл мэндийн даатгалд хамрагдаж байхаар зааж өгчээ. Мөн даатгуулагч 14 төрлийн үйлчилгээ авах боломжтой болгож, одоогийн авч буй үйлчилгээний нэр төрлийг олшруулсан юм байна.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.

Categories
мэдээ нийгэм

Дүүргийн иргэддээ үнэгүй нүүрс бэлгэлжээ

“Багануур”компани Багануур дүүргийнхээ төв талбайд нээлттэй өдөрлөг зохион байгуулжээ. Өдөрлөгийн үеэр дүүргийнхээ ЕБС-ын нийт сурагчдын дунд “Миний мэдэх Багануурын уурхай” сэдэвт зохион бичлэг, гар зургийн уралдааныг нас насны ангилалаар зохион байгуулж,ЕБС-ын дунд ахлах ангийн 2300 сурагчдад “Алтан уурхай Багануур ХК”сэдэвт нэг цагийн хичээл бэлтгэн мэргэжлийн багш нараар заалгажээ. Мөннийт уурхайчдаасаа хандив цуглуулж 4.6 сая төгрөгөөр Багануур дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн төрөх тасагт шаардлагатай байсан ургийн монитор, пульс аксиометр гэсэн хоёр тоног төхөөрөмжийг авч өгсөн байна. Дүүргийн тавдугаар хорооноос судалгаа авсны үндсэн дээр нийгмийн эмзэг бүлгийн 20 өрхөд тус бүр 1.2 тонн нүүрс үнэ төлбөргүй өгч буцалтгүй тусламж үзүүлжээ.

Categories
мэдээ нийгэм

Залуусын саналаар “Залуу хүн” лекцийн зочдыг тодруулна

Монголын залуучуудын холбооноос жил бүр уламжлал болгон “Залуу хүн” цуврал лекцийг зохион байгуулдаг билээ. Оюутан, залуусыг хөгжүүлэх зорилготой тус цуврал илтгэлд “Эзэнт гүрний туульс” номын зохиогч С.Эрдэнэболд, УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатар, СТА жүжигчин Б.Навчаа гэх мэт амжилт бүтээлээрээ тэргүүлж яваа олны танил алдартнуудыг урин оруулдаг. Зөвхөн хаврын улиралд зохион байгуулдаг байсан тус лекцийг энэ жилээс залуусын хүсэлтээр хавар, намарт цувралаар хүргэхээр болжээ. Түүнчлэн залуусын хүсэлтийг харгалзан үзэх үүднээс онлайн санал асуулга явуулж , оролцогчдыг тодруулдаг болжээ.

Саналыг https://www.facebook.com/events/1476346985965903/?fref=tsгэсэн хаягаар хүлээн авах аж.

Categories
гадаад мэдээ

ОХУ манай улсаас мах экспортлохоор болжээ

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин саяхан манай улсад айлчлах үеэрээ хөдөө аж ахуйн гаралтай зарим барааг 20 жилийн хугацаанд тарифийг тэглэсэн нөхцөлтэйгөөр, хэмжээ харгалзахгүй ОХУ-д нийлүүлэхэд хамтран ажиллана гэж мэдэгдсэн. Хамтран ажиллах эл зарчмын тохиролцооны хүрээнд Ерөнхий сайдын баталсан удирдамжийн дагуу ҮХАА-н сайд Ш.Түвдэндорж холбогдох албаны хүмүүстэй хамт энэ сарын 7-8-нд Москва хотноо ажлын айлчлал хийлээ.

Айлчлалын хүрээнд Монгол Улсаас ОХУ руу экспортлож буй мах, махан бүтээгдэхүүн болон хөдөө аж ахуйн уламжлалт зарим бүтээгдэхүүнд ОХУ-аас ногдуулж буй татварыг тэглэх, махны экспортын хорио цээрийн нөхцөлийг хөнгөвчлөх, Монгол-Оросын Засгийн газар хоорондын комиссын хөдөө аж ахуйн ажлын хэсгийн анхдугаар хурлын мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээ гэсэн гурван багц асуудлын хүрээнд ярилцаад тохиролцоонд хүрч чаджээ. Ингээд Монгол Улсаас ОХУ-д экспортлох зарим бараа бүтээгдэхүүнд ногдуулж буй тариф тэглэх боломжийг судлах хамтарсан ажлын хэсгийг энэ онд багтаан байгуулж хэлэлцээ хийх, Монголын талын хүсэлтийг ОХУ-ын Засгийн газарт уламжилж нааштайгаар шийдвэрлүүлэхэд дэмжлэг үзүүлэхээр болсон байна. Харин экспортлох махны тухайд эрүүл, аюулгүй байдлын баталгааг хангасан тохиолдолд Монголын нийлүүлж чадах хэмжээгээр Оросын тал махны импортын зөвшөөрөл, квот өгөхөд бэлэн гэдгээ илэрхийлжээ.

Түүнчлэн уулзалтын үеэр Монголын мах бэлтгэлийн үйлдвэрүүдийг С ангилалаас В ангилалд оруулах, мөн ойрын үед Монголын мах ангилах, мах нөөшлөх ба хиамны үйлдвэрүүдийг аттестатчилах ажлыг эхлүүлэх зорилгоор нөөшилсөн мах экспортлох аж ахуйн нэгж, байгууллагын жагсаалт, хүчин чадал, бараа бүтээгдэхүүний төрөл зүйл зэрэг тодорхой мэдээллийг багтаасан албан хүсэлтийг ОХУ-ын хөдөө аж ахуйн байгууллагад хүргүүлэхээр тохиролцсон байна. 2014 оны есдүгээр сард Монголын махны үйлдвэрүүдийг аттестатчилсан дүнгийн урьдчилсан байдлаар зургаан үйлдвэрийн экспортлох эрхийг сэргээх, хоёр үйлдвэрт шинээр зөвшөөрөл олгох асуудлаар Гаалийн холбооны улсуудтай зөвшилцөн ойрын үед эцсийн хариуг ирүүлэхээр болсон байна. Харин хянан баталгаажуулалтад тэнцээгүй үйлдвэрийн стандартыг сайжруулах зөвлөмж ирүүлж, улмаар дахин аттестатчилахаар талууд тохиролцсон байна.

Монгол-Оросын хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагаа цаашдаа эрчимжих учраас Улаанбаатарт шинээр байгуулагдах Оросын Худалдааны төлөөлөгчийн газарт мал эмнэлгийн хорио цээрийн асуудал хариуцсан байнгын төлөөлөгч томилон ажиллуулах боломжтой гэдгийг ОХУ-ын хөдөө аж ахуйн салбарынхан онцолсон байна. Энэ талаар ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн яамтай зөвшилцөн шийдвэрлэнэ гэдгээ ч амлажээ. Уулзалтын үеэр яригдсан асуудлуудын нэг нь Монголын хөдөө аж ахуйн салбарын мэргэжилтнүүд, малын эмч, байцаагч зэрэг 100 хүнийг ОХУ-д сургахад хамтран ажиллахаар болжээ. Ийнхүү хамтын ажиллагаа өргөжиж байгаа тул Мал эрүүлжүүлэх хөтөлбөрийн хоёрдугаар үе шатны хөтөлбөрийг шинэчлэн үйл ажиллагаа, хамрах хүрээг тодорхойлох зорилгоор энэ оны арваннэгдүгээр сард Оросын талын экспертийн багийг хүлээн авч хамтран ажиллах, 2015 оноос хэрэгжүүлж эхлэхэд хамтран ажиллахаар болсон байна. Хөтөлбөрийн хүрээнд манай талаас хоёр аймгийн мал эмнэлгийн лабораторийн оношилгооны тоног төхөөрөмжийг шинэчлэх, гурван жил дараалан тус бүр 12 сая тун вакцин тусламжаар авах, вакцин тээвэрлэх тусгай зориулалтын автомашин авах, ОХУ-ын Владимирын институтэд жилд 2-4 малын эмчийг магистр, докторын зэрэгт сургах тодорхой сэдвийн хүрээнд хамтарсан судалгаа хийх санал тавьсныг Оросын тал зарчмын хувьд дэмжиж байгаагаа энэ үеэр илэрхийлжээ. Энэ дагуу Монгол Улсын Засгийн газраас мал эрүүлжүүлэх хөтөлбөрийг хүмүүнлэгийн тусламжийн хүрээнд хэрэгжүүлэх албан ёсны хүсэлтийг ОХУ-ын Засгийн газарт хүргүүлэхээр болсон байна. Цаашдаа Европ, Зүүн хойд Азийн улс орнуудаас амьд мал, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн экспортолж, импортлох үеийн дамжин өнгөрөх хорио цээрийн асуудлаар Оросын талтай хамтран ажиллахаар ч тогтсон байна. Хоёр улсын хөдөө аж ахуйн сайдууд ганц махны экспортыг ярилгүй Монголын цаг уурын нөхцөлд тохирсон үр тарианы шинэ сортыг үржүүлэх, нутагшуулах хамтарсан хөтөлбөр боловсруулахад хамтран ажиллахаар боллоо.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Өнөө шөнө цас орж, хүчтэй шуурга шуурна

Малчид, тариаланчид ард иргэдийн анхааралд: Өнөө шөнө нутгийн баруун хагаст, маргааш ихэнх нутгаар, 11-нд нутгийн зүүн хагаст хур тунадас, цас орж хүчтэй салхи шуурга шуурч, хүйтэрхийг анхааруулж байна.

Өнөөдөр 16 цагаас 20 цаг хүртэл Улаанбаатарт: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс 5-10 м/с, зарим үед 12-14 м/сек хүрч шороон шуурга шуурна. 17 цагт 17 хэм, 20 цагт 12 хэм дулаан байна.

15 цагт Улаанбаатарт:
17 хэм дулаан, харьцангуй чийгшил 25 хувь, агаарын даралт 866 гектопаскаль байлаа. Даралт оройдоо буурна.

2014 оны 10 дүгээр сарын 09-ний 20 цагаас 2014 оны 10 дугаар сарын 10-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр хур тунадас, цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр түр зуур секундэд 18-20 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. Хүйтэрч шөнөдөө Баян-Өлгий, Увсын нутгаар 3-8 хэм, бусад нутгаар 0-5 хэм хүйтэн, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр 5-10 хэм дулаан, өдөртөө Баян-Өлгий, Увс, Завханы нутаг, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, бусад нутгаар 2-7 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар хур тунадас, цас орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө хүйтэрч 2-7 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР:
Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар хур тунадас, цас орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Хэнтий, Дорнодын хойд хэсгээр шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 7-12 хэм, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 14-19 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орно. Салхи зүүн хойноос секундэд 8-13 метр. Шөнөдөө 0-2 хэм, өдөртөө 7-9 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө зарим газраар хур тунадас орно. Салхи өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр 7-12 хэм, бусад нутгаар 10-15 хэм, өдөртөө Дорноговийн нутаг, Өмнөговийн зүүн хэсгээр 19-24 хэм, бусад нутгаар 10-15 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Шөнөдөөхур тунадас орохгүй. Өдөртөө хур тунадас орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 16-18 метр хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. Шөнөдөө 2-4 хэм, өдөртөө хүйтэрч 5-7 хэм дулаан байна.

2014 оны 10 дугаар сарын 11-нээс 2014 оны 10 дугаар сарын 15-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

Аравдугаар сарын 11-нд нутгийн зүүн хагаст, 13-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 14-нд төв, зүүн зүгийн нутгийн зарим газраар хур тунадас, цас орно. Салхи 11-нд говь, талын нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна, 13-нд Алтайн уулсаар, 14-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд хүйтэн. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 0-5 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, өдөртөө 5-10 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан байна.