Categories
мэдээ спорт

Т.Баярцэцэг мөнгөн медаль хүртлээ

Арабын нэгдсэн Эмират улсын Ал Аин хотноо Оюутны дэлхийн аварга шалгаруулах буудлагын V тэмцээний эмэгтэйчүүдийн 25 метрийн спорт гар бууны дасгалд Олон улсын хэмжээний мастер Т.Баярцэцэг цэц мэргэнээ сорьж мөнгөн медаль хүртлээ.Мөн өчигдөр болсон эмэгтэйчүүдийн хийн урт бууны дасгал, эрэгтэйчүүдийн 50 метрийн гар бууны дасгалд манай тамирчид тус тус дөрөвдүгээр байрт шалгарсан амжилт үзүүлжээ. Уг тэмцээнд манай эрэгтэй, эмэгтэй есөн тамирчин оролцож 28 орны шилдэг тамирчидтай цэц мэргэнээ сорьж байна.

Categories
мэдээ цаг-үе

Борлуулагчийг хөнөөсөн гэх Т.Пүрэвсүрэн цагдаад худал мэдээлэл өгч чулуу хөөлгөхийг оролджээ

-ТАЛИЙГААЧ ХАМГИЙН СҮҮЛД Т.ПҮРЭВСҮРЭНГИЙН “ХАДАТ МЯНГАН-2” ДЭЛГҮҮРТ БАРАА БУУЛГАСАН БАЙДАГ-

АПУ компанийн бараа бүтээг­дэхүүнийг хувиараа борлуулж байсан Б.Алтанхуяг өнгөр­сөн сарын 15-ны өдөр гэрээсээ гараад сураггүй болсон талаар “Өдрийн сонин” мэдээлж байсан. Сураггүй болсноос нь хойш хагас сарын дараа Налайх дахь уурхайн нүхнээс цогцос нь олдсон. Цагдаагийнхан талийгаачийг хөнөөсөн этгээдийг илрүүлжээ. Сэжиг­­тэн нь талийгаачийн хам­­гийн сүүлд очсон дэлгүү­рийн эзэн аж. Тэрбээр цагдаа нарт худал мэдээлэл өгч, чулуу хөөлгөхийг оролдож байжээ. Уг хэргийг нэхэн сурвалжиллаа.

ГАР УТАСНААС НЬ ИРСЭН МЕССЕЖ СЭЖИГ ТӨРҮҮЛЖЭЭ

Талийгаач “Ариун алтан тэвш” дэлгүүрийг түрээслэн ажиллуулдаг. Мөн АПУ ком­па­нийн бүтээгдэхүүнийг хувиа­раа борлуулдаг байсан. Өнгөрсөн сарын 15-ны өдөр тэрээр Хужирбулан, Гачуурт, Налайхад борлуулалт хийхээр 7-8 сая төгрөгийн бараатай, дөрвөн сая төгрөгтэй явсан гэдэг. Тэр өдөр 11.00 цагийн орчимд дэлгүүрээсээ хөдөлж, Хонхорт гурван дэлгүүрт бараа­гаа буулгасан байдаг. Хамгийн сүүлд Хонхорын автобусны буудлын дэргэдэх “Хадат мянган-2” хүнсний дэлгүүрт бараа буулгаад хот руу хөдөлсөн гэх таамгийг цагдаагийнхан гаргаж байсан. Учир нь тэр өдрийн 15.40 цагийн орчимд 29-83 УНК улсын дугаартай ачааны микро­автобусаараа хот руу явж байгаа дүрс замын камерт үлдсэн аж.

Замын камерт бичигдэхийн өмнө буюу 14.30 цагийн орчимд эмнэлэгт хэвтэж байсан эхнэр рүүгээ “Хонхороос гарах гэж байна. Эндээс шууд эмнэлэгт очоод авъя” гэж ярьсан аж. Төд удалгүй эхнэр нь залгатал утсаа авахгүй байжээ. Дараа нь 16.00 цагийн орчимд “Одоо­хон очлоо” гэсэн мессеж нөхрийнх нь утаснаас ирсэн нь сэжиг төрүүлжээ. Учир нь талийгаач хэрэглэж байсан гар утаснаасаа мессеж бичиж чаддаггүй байж. Мөн эхнэр нь яаруулаагүй байхад ийм мессеж бичсэн нь сэжиг төрүүлжээ. Тэр орой эмнэлэгт ирж, эхнэр хүүхдээ гаргаж аваагүй, утас нь холбогдохгүй болчихоор гэр бүлийнхэн нь хайж эхэлсэн байдаг. Мөн тэр өдрөө цагдаагийн бай­гуул­лагад мэдэгджээ. Эхний ээлжинд Баянзүрх дүүргийн цаг­даагийн алба хаагчид эрэл хийж байсан. Мөн ар гэрийн­хэн нь хувиараа Налайх, Хонхор, Богд уулыг самнасан ч эд мөрийн баримт ч олоогүй. “Өдрийн сонин”-нд энэ талаарх мэдээлэл гарсны дараа цагдаа нар хүч нэмэгдүүлж, Хонхор, Гачуурт, Налайх, Богд уул, Төв аймгийн нутгийг самнаж байсан.

Талийгаачийг сураггүй болсноос хойш 15 хоногийн дараа эхнэр нь хэвлэлийн бага хурал хийж иргэдээс тусламж гуйсан юм. Тэрбээр “Ханийг минь амьд л өгчихвөл бид юу ч хэлэхгүй. Барьцаалсан бол бусад бараа, мөнгө төгрөгийг нь аваад өөрийг нь өгчихөөч. Энэ талаарх сураг сонссон хүн байвал туслаач” уйлан байж гуйсан. Харамсалтай нь тэр өдрийн үдээс хойш талийгаачийн цогцсыг Налайхын нүүрсний уурхайн нүхнээс олсон юм. Нүүрс ухах гэж байсан хүмүүс уурхайн гүнд цогцос байгааг цагдаагийнхан мэдүүлсэн байдаг. Талийгаачийн цогцос танигдахын аргагүй болсон байсан бөгөөд ар гэрийнхэн нь талийгаачийг өмсөж явсан хувцсаар нь таньсан гэдэг.

Т.ПҮРЭВСҮРЭН ХЭРХЭН ЧУЛУУ ХӨӨЛГӨВ

Талийгаачийг хагас сарын хугацаанд хайж бай­хад ч, бусдын гарт амиа алд­сан нь тодорхой болсны дараа ч “Хадат мянган-2” дэл­гүүрийн эзэн Т.Пүрэвсүрэн ар гэрийнхэнд нь болон, цагдаа­гийнханд худлаа мэдээлэл өгч чулуу хөөлгөж байжээ. Тэр­бээр талийгаачийг өөртэй­гөө чацуу болов уу гэмээр, адилхан нуруутай залуутай инээлдэн ярилцаад явсан гэдгийг ярьж байжээ. Мөн ачаа буулгахад нь тэр залуу тусалж байсан гэж ярьсан байна. Тиймээс эхний үед талий­гаачийн ойр дотно байдаг, найзалдаг хүмүүсийг сэжиглэж байжээ. Бүр түүний ярьсанд үндэслэж нэг хүнийг сэжигтнээр байцаасан гэх мэдээлэл ч бий. Гэхдээ талий­гаа­чийн хамгийн сүүлд очсон дэлгүүр гэдэг үндэслэлээр цагдаагийнхан Т.Пүрэвсүрэнг хараандаа байлгаж байсан бололтой.

Үүнээс гадна талийгаачийн цогцос олдсоны дараа маши­ныг нь Төв аймгийн нутаг, эзгүй газраас машиныг нь олсон. Түүний ачиж явсан бараа хаана байгааг цагдаагийнхан хайж байсан бололтой юм. Ингээд Т.Пүрэвсүрэнгийн дүү­гийн гараашид нэгжлэг хийхэд талийгаачийн авч явсан бараа гарч иржээ. Сэжигтэн хэргээ хүлээсэн ч тоймтой мэдүүлэг өгөөгүй байгаа аж. Энэ хэргийг шунахайн сэдэлтээр үйлдсэн гэж таамаглаж байгаа аж. Талийгаач “Хадат мянган-2” дэлгүүрт бараагаа өгөхдөө их хэмжээний мөнгөтэй бай­гаагаа харуулсан. Үүнээс үүдэж мөнгө, барааг нь ава­хаар дээрх хэргийг үйл­дэх сэдэл төрсөн гэдэг таа­маг бай­гаа аж. Мөн Т.Пүрэв­сүрэнгийн хүүхдүүд хотод сургуульд сурдаг. Хүүх­дүү­дээ авах нэрийд­лээр талийгаачийн машинд дайгдаад хотод орж ирээд гэмт хэргээ үйлдсэн байж магадгүй аж. Талийгаачийн гэр рүүгээ холбоо барьсан, камерт үлдсэн дүрс бичлэгийн цаг хугацаа ч ингэж таарч байгаа гэнэ.

ХЭРГИЙГ БҮЛЭГЛЭЖ ҮЙЛДЭВ ҮҮ

Цагдаагийнханд ийм таамаг бас байгаа бололтой. Учир нь талийгаачийн цогцсыг 15 метрийн гүнд нуусан. Ганцаараа ийм зүйл хийхэд хүндрэлтэй. Мөн сэжигтэн өөрөө талийгаачийн машиныг Төв аймгийн нутагт хүргэж хаясан байдаг. Машиныг нь жолоодож очсон гэхэд эргээд өөр хүний машинтай ирсэн нь тодорхой. Хамт явсан хүн нь анхнаасаа энэ хэргийг мэдэж байв уу гэдэг асуулт бас байгаа. Мөн их хэмжээний барааг гараашдаа нуулгасан нь сэжиг төрүүлж байгаа аж. Т.Пүрэвсүрэнгийн дүү эхнэр, хүүхэдгүй залуу байдгийг ойрынхон нь ярьсан.

Т.ПҮРЭВСҮРЭН ГЭЖ

ХЭН БЭ?

Т.Пүрэвсүрэн 35 орчим настай. Хонхорт төрж өссөн нэгэн. Тэрбээр ах дүү зургуулаа гэсэн. Аав нь хорих ангид ажиллаж байсан гэх яриа байна. Ээж нь насаараа цэцэрлэгийн багш хийсэн нэгэн. Аав ээж нь Хонхорт амьдардаг бөгөөд тэтгэврийн насны хөгшчүүд аж. Т.Пүрэвсүрэн дээрээ гур­ван эгчтэй. Арваад жилийн өмнө гэр бүл зохиож байжээ. Тэднийх бага насны гурван хүүхэдтэй. Том нь гуравдугаар анги бол бага нь хоёр ойтой гэнэ. Эхнэр нь хорооны Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаад өнгөрсөн жилийн хоёрдугаар сард жинхэлсэн аж. Тухайн үед түүнийг хууль бусаар хорооны Засаг дарга болсон гэх мар­гаан гарч, хэдэн хүмүүс хэв­лэлийн бага хурал хүртэл хийж байсан. Хэвлэлийн бага хурал хийсэн хүмүүс түүний тухай “Засаг даргаар ажиллаж байсан Б.Хоожин руу дугаар нууцал­сан утсаар залгаж “Засаг дар­гынхаа тамга, тэмд­гийг өг. Тэгэхгүй бол гэрийг чинь шатаана” гэх зэргээр заналхийлсэн” гэж ярьж байсан юм. Энэ мэт хэл амнаас болж эхнэр нь хоёр сарын өмнө ажлаа өгсөн байна.

Тэднийх “Мянганы гол” хэмээх компанитай. Тус компани нь боловс­руулсан махан бүтээг­дэхүүн борлуулах эрх­тэй­гээр байгуулагдаж байжээ. Энэ компанийнхаа нэр дор “Хадат мянган-2” дэлгүүрээ ажиллуулдаг. Засаг даргаар ажиллаж байх үед нь “Дэлгүүрээ шөнө орой болтол ажиллуулж хууль зөрчдөг” гэх хэл ам ч гарч байжээ.

Т.Пүрэвсүрэнг хонхорын­хон даруухан, тийм гэмт хэрэг үйлдэхээргүй залуу гэж тодорхойлох юм билээ. “Өр зээлнээс болж мөнгөнд шунаж хэрэг үйлдсэн байж болох талтай” ч гэх хүмүүс байсан. Гэхдээ арав гаруйхан сая төгрөгөөс болж хүний аминд хүрч, айлын гурван хүүхэд өнчрүүлж, өөрийнхөө гурван үрийг амьдын хага­цалд оруулсан гэхэд үнэхээр харам­салтайг хонхорынхон ярьж байсан. “Тэрээр prius-20 маркийн машинтай. Өрөнд орсон бол машинаа зараад өгчихмөөр юм. Олон жил дэлгүүр ажиллуулсан учраас овоо хөл дээрээ тогтчихсон. Одоо дэлгүүртээ худалдагч ажиллуулдаг” гэх хүн ч байлаа. Т.Пүрэвсүрэнгийнх дэлгүүрийнхээ хойд талыг өргөтгөж өөрсдөө амьдардаг юм билээ.

Ц.ӨРНӨХ

Categories
мэдээ цаг-үе

Ж.Энхбаяр: Манайхан хамтарч МАНАН байгуулна гэдэг зүүднээсээ сэр

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяртай ярилцлаа.

-Засгийн газрын бүтцийг Их хурлаар баталчихлаа. Танай бүлгийн гишүүд нэлээд шүүмжлэлтэй хандаж байсан. Та үүнд ямар байр суурьтай байгаа вэ?

-Засгийн газар өөрсдийн алдааг ухаарсан улс төрийн томоохон үйл явц болж байна. Хоёр жилийн өмнө цөөнхгүйгээр баталсан Засгийн газрын бүтэц нь улс орноо цаашид авч явж чадахаа байгаад, бодлого зохицуулалт нь хэрэгжихээ больсон гэдэг нь эдийн засгийн уналт, ажилгүйдэл, төгрөгийн ханшийн уналт, хөрөнгө оруулалт багассан байдал гээд бүхий л зүйл дээр харагдаж байна. Төрийн байгууллага нь авлигад хэр идэгдсэн, бизнесийн орчин хэр байгаа талаар олон улсын хурал боллоо. 126 орны жагсаалт гарахад Монгол Улс 125 дугаарт жагссан байна. Үнэхээр харамсмаар, гутамшигтай байдал нүүрлэчихлээ. Ерөнхий сайд сая улс төрийн алхам хийе гээд бүтцээ өөрчиллөө. Цаашид бүрэлдэхүүнээ нэлээд өөрчлөх байхаа гэж харж байгаа. Нэгэнт нийгэм энэ Засгийн газрыг хүлээж авахаа больчихлоо. Тиймээс нэр бүхий сайдуудыг өөрчлөх ёстой гэж байна.

-Танай бүлгийн зүгээс зургаан яамыг гурав болгохоос гадна зарим сайдуудыг солих шаардлагатай гэж байсан?

-Бүтцийн өөрчлөлттэй холбоотойгоор гурван яамаар тогтохгүй байх гэж харж байна.

-Хариуцсан салбартаа ажил сайн хийгээгүй сайд нарт хариуцлага тооц гээд байгаа билүү?

-Тэгэлгүй яахав. Үндсэндээ зургаан сайд томилогдоно гэсэн үг. Зургаан яам нэгдэж гурван яам болох тул гурван сайдын асуудал хөндөгдөнө. Түүнчлэн бүтцийн өөрчлөлт ороогүй зарим сайд нарыг өөрчлөх ёстой.

-Тухайлбал?

-Эрүүл мэндийн салбарын ажлын үзүүлэлт маш муу байна. ССАЖЯ-ны ажил муу байна. Мөн ҮХААЯ байна даа. Энэ гурван салбар хөндөгдөх байх гэж найдаж байгаа.

-ССАЖЯ-ыг холбогдох яамдад хуваарилж өгөх ёс­той гэдэг санал Төрийн байгуулалтын байнгын хо­роон дээр дэмжигдсэн ч чуулган дээр унасан. Тиймээс ингээд байгаа юм уу?

-Чуулган дээр дэмжигдээгүй ч гэсэн улс төрч хүн л юм бол Ц.Оюунгэрэл сайд онцгой анхаармаар зүйл болсон. Энэ хүн хоёр саналын илүүгээр яамтайгаа үлдлээ шүү дээ. Салбарын бодлого ямар муу байгааг, улс төрийн хэмжээнд хэрхэн дүгнэж байгааг харуулсан тод жишээ. Манай бүлгийн гадагшаа томилолттой явсан хоёр гишүүн ирээд санал өгсөн байхад өнөөдөр Монгол Улсад энэ салбар сайдаасаа болоод байхгүй болох нь байна гэдэг бололцоо бүрэн бүрдсэн гэдгийг энэ хүн харсан байх. Ц.Оюунгэрэл сайд улс төрийн мэдрэмжтэй бол өргөдлөө өгөөд сайдаасаа татгалзах ёстой. Тэгж чадвал яамандаа болон өөртөө зовлон бага хураах юм даа. Цөөнх дээр нэмэгдээд олонхийн 10 гаруй гишүүд санал өгч байна гэдгийг онцгой анхаарах хэрэгтэй. Өчигдөр 10 гишүүн байхгүй байсан тул санал өгөөгүй.

-Ерөнхий сайд өөрийн бүтцийг батлуулчихлаа. Сайд нар томилогдоод явлаа гэхэд эдийн засгийн хүндрэл, ажилгүйдэл, хөрөнгө оруулалт нэмэгдэх юм уу?

-Одоо үндсэндээ нэг жил зургаан сар ажиллах хугацаа үлдлээ. Гуравны хоёр нь дууссан гэсэн үг. Шулуухан хэлэхэд өнөөдөр макро эдийн засгийн үзүүлэлтүүд хангалтгүй хэвээрээ л байна. Дандаа л муу мэдээ дуулдаж, өсөлт гарахгүй гэж байна. Гадаадын хөрөнгө оруулалт багассан хэвээрээ байгаа. Хөрөнгө оруулалтын орчин муудсан хэвээрээ л байна. Бизнес эрхлэх орчин муудсан хэвээрээ л байна. Монгол Улсын зээлжих зэрэглэл унасан хэвээрээ л байна. Бондын үнэ унасан хэвээрээ л байна. Монгол Улстай холбоотой үнэт цаасны үнэ уналтад орсон хэвээрээ л байна. Гадныхан манайд оруулсан хөрөнгөө татаж эхэллээ. Манай орны уул уурхайн үйлчилгээнд ажиллаж байсан голлох компани болох “Вагнер Ази” тоног төхөөрөмжүүдээ буцаан татаж эхэлсэн. Монголын хамгийн баталгаатай нөөцтэй хоёр том ордын нэг болох Оюутолгойн хувьцаа 23 ам.доллар байсан бол одоо гурван ам.доллар болчихсон. Мөн манайхны үндэсний аж ахуй нэгжүүдийн хөрөнгөө оруулсан Энержи ресурсийн 11 ам.доллар байсан хувьцаа өнөөдөр “0” доллар хэвээрээ л байна. Ямар ч өөрчлөлт анзаарагдахгүй байгаа юм. Түүнчлэн төр өөрөө зэрэгцээд нүүрс ухах гээд орчихсон. Төрийн өмчит Тавантолгойн өр 900 тэрбум төгрөгт хүрчихлээ. Монголбанкны алдагдал нэг их наяд төгрөгт хүрчихсэн байна. Хуулиараа Засгийн газар Монголбанкны алдагдлыг төсөвтөө суулгаад өгчих хэрэгтэй. Валютын нөөц ноцтой байдал хүрсэн. Үнэхээр гэрэл алга. Монголчууд бид харалган бодлогын үрээр алтан боломжийг алдсан.

-Гурван яамыг цөөлс­нөөр нэг тэрбум төгрөг хэм­нэгдэнэ. Тиймээс заавал гурван яам татан буулгаж хөдөлгөөн хийх боломж байгаагүй юм уу?

-Дарга сайд нарын түвшинд л нэг тэрбум төгрөг хэмнэгдэж байна. Доод хөл буюу чиг үүрэг дагасан байгууллагууд хэмнэлт гаргавал их л хэмнэлт гарна. Ингээд цөөлж өгч байгаа нь эдийн засаг дахь төрийн оролцоо тэр хэмжээгээр багасна гэсэн үг. Буруу бодлого, хэм хэмжээгээ алдсан энэ олон тендерүүд, түүнийг дагасан хулгай үүнийг дагаад алга болно. Асар их үр дүн гарах байх.

-Шинээр орж ирэх сайдууд дан дээлтэй байж чадах болов уу. Хуулийн хүрээнд оруулж ирнэ гэсэн битүү хариулт л байгаа?

-Дан дээлтэй байж чадахгүй.

-Та яаж мэдэж байгаа юм?

-Засгийн газарт ажиллах нэг жил л үлдсэн. Одоо эрээ цээрээ алдаж байна. Дээд, доод бүх түвшинд амжих гэсэн асуудал эрчээ авчихлаа. Засгийн газар үүнийгээ хянаж чадахгүй. УИХ дахь олонхийн бүлэг ч хянаж чадахгүй. Хэлхэлдсэн эрх ашгийн зөрчилд орчихсон. Аваа, өгөөнд орчихсон. Одоо ёстой л бужигнуулж өгч байна.

-Хэд хоногийн дараа сайд нар нь томилогдоод гараад ирэх байх. Та харин ирэх хэд хоногийн үйл явцыг хэрхэн харж байгаа вэ?

-Ардчилсан нам сонгуульдаа орж байна. 2016 оны сонгуульд орох шатрынхаа өргийг өрчихлөө. Мэдээж МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээ дэргэдээ авч явахын тулд тэднийхээ уурыг бага хүргэж, тэднийгээ аргадна. ИЗНН-аа дэргэдээ жаахан чирээд явна. Тэр хэмжээндээ суудал нь хадгалагдана гэсэн үг. Дотооддоо улс төрийн асуудлуудаа шийдвэрлэн, үгэнд орохгүй байгаа зарим нэг улстөрч, фракцуудаа тоглолтоос гаргах буюу сонгуульд орох бодлогоо тодорхойлчихлоо. Н.Алтанхуяг улстөрчийн хувьд маш зөв алхам хийж байна. Шинэ бодлого, шинэ бүтцээр явна гээд өнөө гоё үгээ яриад явна. “ЭЗЭН 100” буюу өнгөрсөн хугацааны хариуцлагыг бүтцийн өөрчлөлтөөр аргалаад гарч байна. Энэ бол улс төрийн сайн нүүдэл.

-Сөрөг хүчин хариуцлага тооцно гэдэг асуудлыг их ярьдаг хирнээ “ЭЗЭН 100”-гаар далимдуулан ха­риуцлагаас мултарч байгаа энэ үйлдлийг яагаад дуугүй хараад байгаа юм бэ?

-Ний нуугүй хэлэхэд манайхнаас эвсчих, албан тушаал аваад явчих сонирхолтой хүмүүс байсан. Одоо ч байгаа.

-Тэр нь ямар хүмүүс юм бэ?

-Тэрийг тодруулах нь сэт­гүүлч таны авьяасын асуудал. Бид хангалттай хууртагдсан. Урд бяслаг уячихаад яваад очихоор урагш нь гүйлгээд байдаг даа. Түүн шиг л байлаа. Хамтарна гэдгээр нэг жил улс төрийн ов мэх хэрэглэж МАН-ыг идэвхтэй байх, ширүүн тэмцэл хийх хүчийг нь сааруулсан. Энэ ярилцлагаар дамжуулан өөрийн намынхандаа ч гэсэн үг хэлье. Бид хууртагдаж ханасан. Хамтарч МАНАН байгуулна гэдэг зүүднээсээ сэр.

Энэ бүтцээрээ АН сонгуульд орох бодлогоо тодорхой болгоно. 2016 оны сонгууль бол МАН болон бусад нам гэдэг сонгууль явах нь ээ. Тиймээс урьд өмнө нь байгаагүй хатуу, ширүүн сонгуулийг бид хийнэ. Улс төрийн намууд+цагдаа, шүүх, тагнуул+Ерөнхийлөгчийн институцитэй бид улс төрийн сонгуульд өрсөлдөнө. Сонгуульдаа бэлд. Намынхаа дотоод үйл явцыг шинэчлэх ажил руугаа ор. Анхан шатны үүр хороодынхоо ажлыг сайжруул. Ард түмэндээ хүр. Амьдралын доод түвшиндээ дахиад буу. Та нарынхаа итгэлийг хүлээж чадсангүй гээд уучлалт гуй. Ард түмнийхээ итгэлийг авахын тулд бид хичээн ажиллана гэдгээ ард түмэндээ амла. Бүх зүйлийг доороосоо эхэл. Одоо эвсч эрх мэдэлд хүрээд цаг хожихыг намын гишүүд хүсэхгүй байгаа. Ард түмэн ч хүсэхгүй байгаа гэж би ойлгож байгаа.

-АН сонгууль эхэлсэн гэж хэллээ. Тэгвэл танай намынх хэзээнээс сонгуулийн ажлаа эхлэх юм бэ?

-Бүтцийн өөрчлөлт гэдэг том үйл явцаар маш олон зүйлийг шийдчихлээ. АН+бусад намууд Ардын намын эсрэг сонгуульд орох нь тодорхой боллоо. Эвсэл задрахгүй.

-Та яаж мэдэж байгаа юм?

-Бүтцийн өөрчлөлтөөр мэдэрлээ.

-Одоо Засагт ямар хүмүүс сайдаар орж ирэхийг мэдэж байгаа юм биш биз дээ?

-Одоо хэн сайд болж орж ирэх нь сонин биш. Яаж ажиллах нь ч сонин биш. Одоо сонгуульдаа бэлд. Намынхаа сахилга хариуцлагыг сайж­руулах, анхан шат, үүрийнхэндээ хүрч ажиллах нь бидний эхний хийх ёстой ажил.

-Энэ Засгийн газраас хүлээх хүлээлт байна уу?

-Бодлогын алдаанууд нь хоёр жилийн өмнө хийгдчихсэн. Бид дэлхий ертөнцөд нүүрээ барчихсан. Дэлхийн бизнесийн орчинд монголчууд хулхи, худалч гэдгээ бид харуулчихсан. Монголын ардчилал хулхи гэдгийг дэлхий мэддэг болчихсон. Ардчилал нэрийн доор, улс төрийн намуудын цаана цөөхөн хүмүүсийн хуйвалдаан байна гэдгийг мэддэг болчихлоо. Улс төрийн намуудад итгэх ард түмний итгэл эрс унасан. Хэзээ ч улс төрийн намууд ингэж доошоо орж байсангүй.

-Ирэх оны төсвийн төсөөллийг та хэрхэн харж байгаа вэ?

-Ирэх оны төсвөөр олигтой юм гарахгүй ээ. Энэ бол сонгуулийн төсөв. Нийгмийн зардлыг нэмж цалин, тэтгэвэр эрс нэмэгдэх байх. Ардчилсан нам сонгуульд “Бид цалин, тэтгэвэр нэмсэн” гэж орно биз. Зээлийнхээ үлдэгдлээр зам тавиад “Бид зам тавьсан” гэх байх. “Бид олон байшин барьж орон сууцтай болгосон” гэж сонгуульд орно. Ирэх онд улсын төсвөөр олигтой ажил явахгүй биз дээ. Харин цалин тэтгэврийг нэмэхээс өөр аргагүй байдалд орно. Гэхдээ энэ нь туйлын хортой. Монголын эдийн засаг нийгмийн зардлаа дийлэхээ больно. Олон хүнийг байртай болгоно гэж хэт хөөрөгдсөн зах зээлийн бус зохиомол хэт их нийлүүлэлт, үүнд оролцох төрийн оролцоо үл хөдлөхийн салбарыг дампууруулна. Үл хөдлөх хөрөнгийн салбарт мөнгөө оруулсан хүмүүсийн хөрөнгө үнэгүйдэх тал руугаа орох байх. Энэ өвлөөс эхлээд үл хөдлөхийн салбар хүчтэй доргино. Харин байр авах гэж байгаа хүмүүст хандаж хэлэхэд “Орон сууц хямдрах байхаа” гэж хэлье. Бид дэндүү их үнэ цэнээр, дэндүү их боломжоо алдаж байж ухааралд хүрэх нь ээ.

Э.ЭНХБОЛД

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын чуулган хуралдана

УИХ-ын нэгдсэн чуулган өнөөдөр хуралдана. Энэ өдрийн хуралдаанаар долоон асуудал хэлэлцэх юм байна.

1.Зөвшөөрлийн тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх үргэлжилнэ/.

2.Зээлийн батлан даалтын сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/; – Хууль санаачлагчийн илтгэлийг Сангийн сайд Ч.УЛААН танилцуулна;

– Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.ЭНХ-АМГАЛАН танилцуулна.

3.Гаалийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2014.09.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, гаалийн нутаг дэвсгэрт түр хугацаагаар байршуулсан барааг буцаан гаргах хугацааг шинэчлэн тогтоох тухай, хэлэлцэх эсэх/.

Хууль санаачлагчийн илтгэлийг Зам, тээврийн сайд А.ГАНСҮХ танилцуулна;

-Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.ЭРДЭНЭБАТ танилцуулна.

4.Галын аюулгүй байдлын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн /хэлэлцэх эсэх/:

Хууль санаачлагчийн илтгэлийг Шадар сайд Д.ТЭРБИШДАГВА танилцуулна;

– Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.ЛҮНДЭЭЖАНЦАН танилцуулна.

5.Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх/: -Хууль санаачлагчийн илтгэлийг Хууль зүйн сайд Х.ТЭМҮҮЖИН танилцуулна;

-Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.БАТЗАНДАН танилцуулна.

6.Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх/:- Хууль санаачлагчийн илтгэлийг Хууль зүйн сайд Х.ТЭМҮҮЖИН танилцуулна;

Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.ЛҮНДЭЭЖАНЦАН танилцуулна.

7.Номын сангийн тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/: – Хууль санаачлагчийн илтгэлийг Соёлын сайд Ц.ОЮУНГЭРЭЛ танилцуулна;

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.САРАНГЭРЭЛ танилцуулна.

Categories
мэдээ нийгэм

Хороодыг шилэн кабельд холбох ажил үргэлжилж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Том төрөөс – Ухаалаг төр рүү” санаачилгыг нийслэлд хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийг боловсруулж НИТХ-аар батлуулсан. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл “Төрөөс иргэдэд үзүүлэх үйлчилгээг анхан шатны нэгж хороодод шилжүүлснээр төрийн үйлчилгээ иргэнд ойртож, нийслэлийн иргэд чирэгдэлгүйгээр, хүнд сурталгүйгээр, олон шат дамжлагагүйгээр үйлчилгээ авах боломжтой” хэмээн онцолсон. Одоогийн байдлаар Сонгинохайрхан дүүргийн 12, Сүхбаатар дүүргийн 13, Баянзүрх дүүргийн 7, Хан-Уул дүүргийн 12, Чингэлтэй дүүргийн 6 хороог шилэн кабельд холбоод үйл ажиллагаа хэвийн явуулж байна. Тухайлбал, иргэдийн шилжилт хөдөлгөөний бүртгэл, байнгийн оршин суугаа газрын хаягийн бүртгэл, иргэний гэрлэлтийн бүртгэл, гэрлэлтийн баталгааны цуцлалт, гэрлэлтийн баталгааны сэргээлт, дахин олголт, иргэний үнэмлэхийн болон хаягийн бүртгэлийн лавлагааг олгож байна. Дээрх ажлын үргэлжлэл болох есөн дүүргийн үлдсэн 102 хороог батлагдсан хуваарийн дагуу үе шаттай холбох ажил эхлээд байна гэж Нийслэлийн Мэдээллийн технологийн газар мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Допингийн эсрэг мэдээллийн цахим хуудас нээгджээ

“Допингийн эсрэг үйл ажиллагаа Монголд” төслийн хүрээнд www.antidoping.mn вэб хуудас нээгджээ. Тус сайт нь тамирчин, дасгалжуулагчид, спортын холбоодод зориулсан допингийн эсрэг зайн сургалтын мэдээллийн үндсэн бааз болгоход оршиж байгаа аж. Уг вэб хуудас нь дасгалжуулагч, тамирчин, спортын эмч, сэтгүүлч, сонирхогч хүн бүр допингийн эсрэг сонирхсон мэдээллээ иж бүрнээр нь авах боломжийг бүрдүүлснээрээ онцлог юм байна. Вэб хуудсанд зочилсоноор допинг гэж юу болох, допингийн эсрэг үйл ажиллагааны түүх, допингийн хяналтын хөтөлбөр, допингийн эсрэг дүрмийн зөрчил, допингийн шинжилгээ авах процедур, допинг хэрэглэсэн тохиолдолд авах арга хэмжээ, допинг хэрэглэхийн хор холбогдол, гарцаагүй допинг хэрэглэх тохиолдолд ямар арга хэмжээ авах тухай зэрэг бүх төрлийн мэдээллийг нэг дороос авах боломжтой аж.

Categories
мэдээ нийгэм

Орхон, Өмнөговь, Дархан-Уул аймаг өрсөлдөх чадвараар тэргүүлжээ

Аймгуудын өрсөлдөх чадварын тайланг Конрад Аденауэрын сангийн дэмжлэгтэйгээр Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс боловсруулан гаргасан байна. Судалгааны дүнг нийтэд танилцуулахаар “Аймгуудын өрсөлдөх чадварын анхдугаар чуулган”-ыг аравдугаар сарын 8, 9-нд зохион байгуулсан юм. Уг чуулганы хаалт өчигдөр боллоо. Тус тайланг 2012 оноос эрхлэн гаргаж эхэлжээ. Ингэснээр аймаг бүр хөгжлийн бодлогоо тодорхойлох, үнэлэх боломжийг олгохоос гадна орон нутгийн удирдлагууд бүсийн хэмжээнд хэрхэн хамтран ажиллах гарц, шийдэлд хүргэхэд тустай юм байна. Аймгуудын өрсөлдөх чадварын тайланг гаргахад 140 үзүүлэлтийг харгалзсан аж. Монгол Улс өнгөрсөн жилийн байдлаар өрсөлдөх чадварын оноогоор 2012 оныхоос 39-өөс 62 болж өссөн ч эрэмбийн хувьд ямар ч өөрчлөлт гараагүй аж. Харин аймгуудын өрсөлдөх чадварын ерөнхий үзүүлэлтээр Орхон, Өмнөговь, Дархан-Уул аймаг тэргүүлжээ. Тайланг зөвхөн аймаг, орон нутгийн удирдлагууд биш, бодлого боловсруулагчид ч ашиглаж байгаа гэнэ. Тайланг үндсэн 140 шалгуур үзүүлэлтээр гаргажээ. Орхон аймаг гэхэд дэд бүтэц, бизнесийн орчин сайн гэсэн дүгнэлт гарчээ. Цаашид энэ давуу талаа ашиглавал илүү амжилт олно гэж Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийнхөн хэлж байна.

Categories
гадаад мэдээ

Ким Чен Уны охин дүү улсаа удирдаж байгаа гэв

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун хэсэг хугацаанд олон нийтийн үйл ажиллагаанд оролцоогүйгээс дэлхийн хэвлэл мэдээллээр түүнийг нас барсан гэх мэдээлэл тараад байсан. Сүүлийн үед нэг шинэ мэдээлэл цацагджээ. Ким Чен Уныг сар гаруйн хугацаанд нөхөн сэргээх эмчилгээнд хамрагдаж байх хооронд охин дүү Ким Ё Жүн нь төрийн эрхийг барьсан гэх мэдээллийг CNN дамжуулсан байна. Удирдагчийн дүү Ким Ё Жүн нь улсынхаа Хөдөлмөрчдийн намын орлогч дарга гэнэ. Ахтайгаа хамт Швейцарьт боловсрол эзэмшсэн юм байна. Тэрээр дөрвөн эгч, дүү нараасаа илүү өндөр албан тушаал хашдаг аж.

Categories
мэдээ нийгэм

Анкарагийн гудамжийн замын хөдөлгөөнийг түр хаана

Нийслэлийн 375 жилийн ойг тохиолдуулан нийслэлийн Засаг даргын Тамгын газар Соёл Урлагийн Их Сургуультай хамтран “Хотын гудамж-Миний нутаг” өдөрлөгийг 10 дугаар сарын 11-ний 11 2 дахь жилдээ зохион байгуулах гэж байна.Анкарагийн гудамжинд /СУИС-ийн зүүн урд уулзвараас Зоос гоёл ХХК-ны баруун урд уулзвар/ үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж болон нийслэлийн иргэд оролцдог тус өдөрлөгөөр СУИС-ийн үе үеийн төгсөгчид, оюутнууд урлагийн тоглолтоор бэлэг барьж, үлээвэр найрал хөгжмийн хамтлагаар удирдуулсан ёслолын парад хийх юм. Мөн энэ үеэр нийслэлийн шилдэг тохижилттой байгууллага аж ахуйн нэгж, “Дулаан байр-Тохижилт” орон сууцны шилдэг СӨХ-г шалгаруулдаг уламжлалтай. Өдөрлөг болохтой холбогдуулан СУИС-ийн зүүн урд уулзвараас Зоос гоёл ХХК-ны баруун урд уулзвар хүртэлх замын хөдлөгөөнийг 10 дугаар сарын 10-ны 13 цагаас 11-ний 18 цаг хүртэл замын хөдөлгөөнийг түр хугацаанд хаана. Энэ хугацаанд тус чиглэлд явдаг нийтийн тээврийн хэрэгслийг Нийслэлийн Тээврийн газраас зохицуулалт хийж, маршрутыг өөрчилжээ. Өөрчлөгдсөн маршрутыг зургаар танилцуулъя гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

ОХУ руу мах гаргана

Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Ш.Түвдэндорж холбогдох албаны хүмүүстэй хамт энэ сарын 7, 8-ны өдрүүдэд Москва хотноо айлчилжээ. Айлчлалынхаа үеэр ОХУ-ын Хөдөө аж ахуйн сайд Н.В.Федоров, Мал эмнэлэг хорио цээрийн албаны дарга А.С.Данкверт нартай уулзжээ. Ийнхүү уулзахдаа ОХУ руу экспортлох мах, махан бүтээгдэхүүн болон хөдөө аж ахуйн уламжлалт зарим бүтээгдэхүүнд тус улсаас ногдуулж буй татварыг тэглэх, махны экспортын хорио цээрийн нөхцөлийг хөнгөвчлөх, Монгол-Оросын Засгийн газар хоорондын комиссын хөдөө аж ахуйн ажлын хэсгийн анхдугаар хурлын мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээ гэсэн гурван багц асуудлаар тохиролцоонд хүрсэн байна.

Ингээд Монгол Улсаас ОХУ-д экспортлох зарим бараа бүтээгдэхүүнд ногдуулж буй тариф тэглэх боломжийг судлах хамтарсан ажлын хэсгийг энэ онд багтаан байгуулж хэлэлцээ хийх, Монголын талын хүсэлтийг ОХУ-ын Засгийн газарт уламжилж нааштайгаар шийдвэрлүүлэхэд дэмжлэг үзүүлэхээр болсон байна. Харин экспортлох махны тухайд эрүүл, аюулгүй байдлын баталгааг хангасан тохиолдолд Монголын нийлүүлж чадах хэмжээгээр Оросын тал махны импортын зөвшөөрөл, квот өгөхөд бэлэн гэдгээ илэрхийлжээ.

Түүнчлэн уулзалтын үеэр Монголын мах бэлтгэлийн үйлдвэрүүдийг С ангилалаас В ангилалд оруулах, мөн ойрын үед Монголын мах ангилах, мах нөөшлөх ба хиамны үйлдвэрүүдийг аттестатчилах ажлыг эхлүүлэх зорилгоор нөөшилсөн мах экспортлох аж ахуйн нэгж, байгууллагын жагсаалт, хүчин чадал, бараа бүтээгдэхүүний төрөл зүйл зэрэг тодорхой мэдээллийг багтаасан албан хүсэлтийг ОХУ-ын хөдөө аж ахуйн байгууллагад хүргүүлэхээр тохиролцсон байна. 2014 оны есдүгээр сард Монголын махны үйлдвэрүүдийг аттестатчилсан дүнгийн урьдчилсан байдлаар зургаан үйлдвэрийн экспортлох эрхийг сэргээх, хоёр үйлдвэрт шинээр зөвшөөрөл олгох асуудлаар Гаалийн холбооны улсуудтай зөвшилцөн ойрын үед эцсийн хариуг ирүүлэхээр болсон байна. Харин хянан баталгаажуулалтад тэнцээгүй үйлдвэрийн стандартыг сайжруулах зөвлөмж ирүүлж, улмаар дахин аттестатчилахаар талууд тохиролцсон байна.

Монгол-Оросын хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагаа цаашдаа эрчимжих учраас Улаанбаатарт шинээр байгуулагдах Оросын Худалдааны төлөөлөгчийн газарт мал эмнэлгийн хорио цээрийн асуудал хариуцсан байнгын төлөөлөгч томилон ажиллуулах боломжтой гэдгийг ОХУ-ын хөдөө аж ахуйн салбарынхан онцолсон байна. Энэ талаар ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн яамтай зөвшилцөн шийдвэрлэнэ гэдгээ ч амлажээ. Уулзалтын үеэр яригдсан асуудлуудын нэг нь Монголын хөдөө аж ахуйн салбарын мэргэжилтнүүд, малын эмч, байцаагч зэрэг 100 хүнийг ОХУ-д сургахад хамтран ажиллахаар болжээ. Ийнхүү хамтын ажиллагаа өргөжиж байгаа тул Мал эрүүлжүүлэх хөтөлбөрийн 2 дугаар үе шатны хөтөлбөрийг шинэчлэн үйл ажиллагаа, хамрах хүрээг тодорхойлох зорилгоор энэ оны арваннэгдүгээр сард Оросын талын экспертийн багийг хүлээн авч хамтран ажиллах, 2015 оноос хэрэгжүүлж эхлэхэд хамтран ажиллахаар болсон байна. Хөтөлбөрийн хүрээнд манай талаас хоёр аймгийн мал эмнэлгийн лабораторийн оношилгооны тоног төхөөрөмжийг шинэчлэх, гурван жил дараалан тус бүр 12 сая тун вакцин тусламжаар авах, вакцин тээвэрлэх тусгай зориулалтын автомашин авах, ОХУ-ын Владимирын институтэд жилд 2-4 малын эмчийг магистр, докторын зэрэгт сургах тодорхой сэдвийн хүрээнд хамтарсан судалгаа хийх санал тавьсныг Оросын тал зарчмын хувьд дэмжиж байгаагаа энэ үеэр илэрхийлжээ. Энэ дагуу Монгол Улсын Засгийн газраас мал эрүүлжүүлэх хөтөлбөрийг хүмүүнлэгийн тусламжийн хүрээнд хэрэгжүүлэх албан ёсны хүсэлтийг ОХУ-ын Засгийн газарт хүргүүлэхээр болсон байна. Цаашдаа Европ, Зүүн хойд Азийн улс орнуудаас амьд мал, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн экспортолж, импортлох үеийн дамжин өнгөрөх хорио цээрийн асуудлаар Оросын талтай хамтран ажиллахаар ч тогтсон байна. Хоёр улсын хөдөө аж ахуйн сайдууд ганц махны экспортыг ярилгүй Монголын цаг уурын нөхцөлд тохирсон үр тарианы шинэ сортыг үржүүлэх, нутагшуулах хамтарсан хөтөлбөр боловсруулахад хамтран ажиллахаар боллоо.