Categories
мэдээ нийгэм

“Трансперенси Интернешнл” байгууллагатай авлигатай тэмцэх чиглэлээр хамтарна

Нийслэлийн цагдаагийн газраас авилгатай тэмцэх, иргэдэд өөрсдийн үйл ажиллагааг нээлттэй болгож ажлын чанар, үр дүнг дээшлүүлэх зорилгоор “Трансперенси Интернешнл” авлигын эсрэг дэлхийн хөдөлгөөний тэргүүлэгч, иргэний нийгмийн байгууллагатай хамтран ажиллах талаарх санал солилцох уулзалтыг зохион байгуулжээ.

Уулзалт ярилцлагад Нийслэлийн цагдаагийн газрын Хууль тогтоомжийн хэрэгжилт хяналт шалгалт, аюулгүй байдлын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ж.Баясгалан, тус хэлтсийн гадаад харилцаа, гадаадын иргэдийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч П.Даваажаргал, Монгол Улс дахь “Трансперенси Интернешнл” авилгын эсрэг дэлхийн хөдөлгөөний тэргүүлэгч иргэний нийгмийн байгууллагын үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Л.Төр-од, БНСУ дахь Трансперенси Интернешнл байгууллагын үүсгэн байгуулагч, Жуёонги аймгийн боловсролын газрын удирдагч профессор Жео-Сунг Ким нарын хүмүүс оролцсон байна.
Ярилцлагын үеэр Монгол Улсын цагдаагийн байгууллагад тулгамдаж буй асуудлууд, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, бусад орны цагдаагийн байгууллагын авилгатай хэрхэн тэмцэж байгаа талаар ярилцаж цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцлаа.

Categories
мэдээ нийгэм

Дохионы хэлний сургагч багшийн сургалт эхэлжээ

Сонсголын бэрхшээлтэй иргэд цагдаагийн газарт тусламж хүсч мэдээлэл өгөх тохиолдолд ярьж чаддаггүйн улмаас харилцааны хүндрэл гарч, сэтгэл санаа, амь, нас, эрүүл мэндээрээ хохирох явдал олон гардаг юм байна. Ийм шалтгаанаар Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас сонсголын бэрхшээлтэй иргэд цагдаагийн газар, онцгой байдлын албанд яаралтай түргэн тусламж хүсч мэдээлэл өгөх, мэдээлэл авах мессэж үйлчилгээг шинээр нээхээр ажиллаж эхэлжээ. Сонсголын бэрхшээлтэй иргэдэд үйлчилгээ үзүүлэхэд дохионы хэлийг сурах зайлшгүй шаардлагатай байдаг учраас Нийслэлийн цагдаагийн газар холбогдох байгууллагатай хамтран дуудлагаар очиж буй цагдаа нарыг бэлтгэх, дохионы хэлний сургагч багшийн анхан шатны мэдлэг олгох сургалтыг энэ долоо хоногийн лхагва гаригаас эхлүүлжээ. Уг сургалт сарын турш үргэлжилнэ.

Categories
гадаад мэдээ

Япон руу хүчтэй хар салхи ойртож байна

Японы өмнө зүгийн Окинава арал дээр болон арлын өмнө хэсгийн Кюсюд ээлжит “Оса” хар шуурга ойртож байгаа аж. Энэ нь хар салхины улиралд Номхон далайд дэгдээд буй 19 дэх шуурга юм байна. цаг уурчдын тооцоолж байгаагаар хамгийн хүчтэй нь энэ удаагийн шуурга болох нь. “Оса” шуурга Окинава арлаас хойд зүг хөдлөн, энэ сарын 11-ний бямба гаригт эрэгт хүрэх гэнэ.

Categories
гадаад мэдээ

Ерөнхий сайдаар хоёр өдөр ажиллаад огцрохоо мэдэгдэв

Йемений Ерөнхий сайд Ахмед Авад бен Мубарак огцрохоо мэдэгдсэн талаар “Франс Пресс” агентлаг мэдээлжээ. Тэрээр Йемений Засгийн газрын тэргүүнээр энэ сарын 7-нд томилогдсон юм. Түүний сайдаар ажилласан хугацаа ердөө хоёрхон өдөр гэж “Франс Пресс” мэдээлэлдээ онцолжээ. Суудлаа өгөх болсон шалтгаан нь Йеменид гарсан эсэргүүцлийн бослоготой холбоотой юм байна. Шийт үндэстнүүд түүнийг дэмжихгүй байгаа аж.

Categories
мэдээ улс-төр

Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслүүдийг дэмжлээ

Чуулганы нэгдсэн хуралдааны үдээс өмнөх хуралдаанаар Зөвшөөрлийн тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэв. Энэ хуулиар үндэсний аюулгүй байдал, нийтийн ашиг сонирхол, хүн амын эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд хохирол учруулж болзошгүй, орчиндоо аюултай аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх, хязгаарлагдмал нөөц бүхий нийтийн өмч, эрхийг эзэмших, ашиглахад зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох, цуцлах, зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд хяналт тавихтай холбоотой нийтлэг харилцааг зохицуулах юм.Зөвшөөрлийг хянах, олгох үйл ажиллагааны арга, дэглэмийг тогтоох зорилгоор “онцгой”, “тусгай”, “энгийн” гэсэн гурван бүлэгт ангилахаар тусгажээ. Онцгой зөвшөөрлийг өргөдөл, нөхцөл байдлыг магадлан шалгах ажиллагааг явуулж, ажлын хэсэг, зөвлөлөөр хэлэлцсэний үндсэн дээр Засгийн газар, Засгийн газрын гишүүн, тусгай зөвшөөрлийг ердийн журмаар буюу өргөдлийг түүнд хавсаргасан баримт бичгийг хянаж үзэх ажиллагааг явуулсны үндсэн дээр төрийн захиргааны төв байгууллага, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга, эсхүл эдгээрээс эрх шилжүүлэн авсан этгээд, энгийн зөвшөөрлийг хялбаршуулсан журмаар буюу тодорхой болзол хангасан тохиолдолд төрийн захиргааны байгууллага, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга, эсхүл эдгээрээс эрх шилжүүлэн авсан этгээд олгохоор тусгасан байна. Мөн зөвшөөрөл олгох үйл ажиллагааны нийтлэг журмыг төсөлд нарийвчлан тодорхойлж, онцгой зөвшөөрлийг 30, тусгай зөвшөөрлийг 14, энгийн зөвшөөрлийг долоо хоногийн дотор шууд олгохоор тусгажээ. Гэхдээ онцгой зөвшөөрлийг 10, тусгай зөвшөөрлийг 15 жилийн хугацаатай, харин энгийн зөвшөөрлийг хугацаагүйгээр олгох юм байна. Түүнчлэн зөвшөөрлийг түдгэлзүүлэх, цуцлах, хүчингүй болгох, цуцлах үндэслэл, журмыг хуулийн төсөлд нарийвчлан тодорхойлсон байна. Тухайлахад, тухайн этгээд нь иргэний эрх зүйн чадамжгүй болох нь илэрсэн, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, хууль бусаар зөвшөөрөл авсан нь тогтоогдсон нөхцөлд тухайн зөвшөөрлийг хүчингүй болгох, харин сунгахдаа өргөдөл хүлээн авснаас хойш 10 хоногт багтаан шийдвэрлэх, хууль зөрчөөгүй бол зөвшөөрлийг сунгахаас татгалзах эрхгүй байхаар төсөлд тусгажээ.Санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 52 гишүүний 48 нь буюу 92.3 хувь нь төслүүдийг хэлэлцэхийг дэмжсэн тул Зөвшөөрлийн тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.

Categories
мэдээ нийгэм

Мэргэжлийн хяналтынхан барилгын компанийн захирлуудтай уулзлаа

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын удирдлагууд барилгын салбарынхантай хэлэлцүүлэг өрнүүллээ. Уг зөвлөгөөнд барилгын салбарын 50 орчим төлөөлөл оролцож зөрчил маргаан, осол гэмтлийн талаар хэлэлцсэн юм. Мэргэжлийн хяналтын байгууллагын мэдээлснээр энэ оны гуравдугаар улиралд зөвхөн барилгын салбарт 205 хүн үйлдвэрийн осолд өртсөнөөс 23 хүн амиа алдаж, 16 хүн тахир дутуу болж, 183 хүн хөдөлмөрийн чадвараа алджээ. Үүнээс үүдэлтэйгээр барилгын компаниудын техникийн болон хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа хангалтгүй байна гэсэн дүгнэлтийг мэргэжлийн хяналтын улсын байцаагчид гаргасан бол төрийн байгууллагын хяналт, үнэлгээ хангалтгүй, улсын байцаагчдын орон тоо цөөн учраас бүх барилгууд дээр хяналт тавьж ажиллаж чаддаггүй, тухайн салбарын компаниуд ч дотоод хяналт, техникийн бүрэн бүтэн байдал, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаанд анхаарал хандуулдаггүй болохыг “Зуншин” ХХК –ийн ерөнхий инженер Ганбаатар, “ECC” ХХК –ийн хөдөлмөр, аюулгүйн ажиллагааны инженер Ч.Чинзориг нар хэлж байлаа. Мөн уг хэлэлцүүлгээр МХЕГ –аас хөдөлмөрийн аюулгүй байдлын талаар авч хэрэгжүүлж буй бодлого, сургалт хөтөлбөрүүдээ танилцуулсан юм. Цаашид төр, хяналтын байгууллагын зүгээс энэ асуудал дээр хэрхэн ажиллах, барилгын салбартай холбоотой зөрчил маргааныг багасгах ямар арга, боломж байгаа талаар хэлэлцүүлэгт оролцогчдыг саналыг сонсож, сонирхсон асуултанд нь хариу өгч байлаа.

Categories
мэдээ улс-төр

Н.Энхбаяр бүлгийн хуралд оролцов

МАХН-ын дарга Н.Энхбаяр өчигдөр орой “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд буусан юм. Түр хугацаагаар ирээд байгаа гэж мэдэгдсэн ч намынхаа үйл ажиллагаанд оролцож эхэлжээ. Н.Энхбаяр өнөөдөр МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаанд оролцлоо.

Categories
мэдээ нийгэм

Хөшигтийн хөндийн бүтээн байгуулалт 23 хувьтай байна

Олон улсын шинэ нисэх онгоцны буудал барих төслийн бүтээн байгуулалтын ажил Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Хөшигийн хөндийд өнгөрөгч оны зургаадугаар сараас эхэлсэн. Уг төслийн хэрэгжилт ямар байгаатай ЗТЯ, ИНЕГ-ын удирдлагууд өчигдөр танилцжээ.

Төслийн бүтээн байгуулалтын ажлын явц 23 хувьд хүрчээ. Бүтээн байгуулалтын ерөнхий гүйцэтгэгчээр Японы “Мицубиши Чиёода” түншлэл, ерөнхий туслан гүйцэтгэгчээр Солонгосын “Самсунг Си энд Ти” корпораци ажиллаж байгаа аж. Туслан гүйцэтгэгчээр ажиллаж буй 40 гаруй компанийн 70 гаруй хувь нь Монголын аж ахуйн нэгжүүд юм байна. Төслийн хүрээнд 30 гаруй барилга байгууламж баригдах юм байна. Жилдээ гурван сая зорчигчид үйлчлэх үндсэн терминал, жилд 22 мянган онгоц хөөрч буух зурвас, нислэг хөдөлгөөний удирдлагын цамхаг, гал унтраах авран хамгаалах албаны барилга, цахилгааны үндсэн дэд өртөөнүүд, бие даасан бохир цэвэр усны хангамжийн барилгууд, дулааны зуухны барилга болон 1490 метр урт инженерийн шугам сүлжээний хонгил барих ажлууд ид хийгдэж байна.

Categories
мэдээ нийгэм

Бэлэн гоймонгийн амтлагчийг хаягдал тосоор хийдэг гэв

Канадад амьдардаг Монголын иргэн олон улсын “OMNI 2” телевизийн сувгаар гарсан бэлэн гоймонгийн талаарх сэрэмжлүүлэг мэдээг илгээжээ. Тэрбээр “БНХАУ-д үйлдвэрлэдэг /康师傅/ Канг ши фу гэдэг бэлэн гоймонгийн дотор жижиг ууттай амтлагч байдаг. Түүнийг муу усны нүхнээс гаргаж авдаг хаягдал тосоор хийдэг тухай Хонгконгчууд дэлгэлээ” хэмээн мэдээлжээ. Энэ хүний илгээсэн хятад ханзаар хайлт хийхэд тус гоймонгийн үйлдвэрийн үйл ажиллагааны талаар 837 мянган илэрц гарч ирж байгаа аж.

Categories
мэдээ улс-төр

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн II хороо хуралдаж байна

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 69 дүгээр чуулганы Хоёрдугаар хорооны ерөнхий санал шүүмжлэлд оролцож байгаа ГХЯ-ны Олон улсын байгууллагын газрын захирал Г.Ганболд тус хорооны хэлэлцэж буй зарим асуудлаар үг хэлж, манай улсын байр суурийг танилцуулав.

Тэрбээр хэлсэн үгэндээ 2015 оноос хойших хөгжлийн хөтөлбөрийг боловсруулахад Хоёрдугаар хорооны оролцоо чухлыг онцлоод Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын өвөрмөц хэрэгцээ, шаардлагыг холбогдох баримт бичгүүдэд тусгахыг эрхэмлэж буйгаа илэрхийлэв.
Хоёрдугаар хороогоор хэлэлцэх уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой асуудалд Монголын төлөөлөгчид ач холбогдол өгч буйг тэр мэдэгдэж, тогтвортой хөгжлийн загвар, хүлэмжийн хийг бага ялгаруулах эдийн засагт шилжихээр Монгол Улсын Их Хурлаас баталсан Ногоон хөгжлийн бодлого, түүний ач холбогдлын талаар ярьж танилцуулав.
Улаанбаатар хотноо өнгөрөгч 6 дугаар сард болсон “Дэлхийн Худалдааны Байгууллагын худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр: ДГХБО-дад үзүүлэх нөлөөлөл” сэдэвт олон улсын хурал Алматын Үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хянан хэлэлцэх үйл явцад түлхэц үзүүлэх ач холбогдолтой болсныг Г.Ганболд тэмдэглэв. Мөн ДГХБО-уудын Олон улсын судалгааны төвийг бүрэн ажиллагаанд оруулахын тулд тус төвийг байгуулах тухай олон талт хэлэлцээрт нэгдэн орох, батламжлахыг ДГХБО-уудад тэр уриалав.
Австри Улсын нийслэл Вена хотноо ирэх 11 дүгээр сард болох Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын НҮБ-ын Хоёрдугаар бага хурлаар далайд гарцгүй хөгжиж буй орнуудын өмнө тулгарч буй олон чухал асуудлыг хэлэлцэж, дараагийн 10 жилд хэрэгжүүлэх үйл ажиллагааны цогц хөтөлбөрийг гаргана хэмээн найдаж байгаагаа мөн илэрхийлэв.