Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Сумынхаа нэрийг дуудуулсан бөхчүүдийг байр, машинаар буллаа. Харин Монголоо дэлхийд цуурайтуулсан Сэр-Одод юу өгсөн бэ?

Инчёны Азийн наадмын марафон гүйлтийн төрөлд Монгол Улсын гавьяат тамир­чин Б.Сэр-Од дөрөвдүгээр байрын шагнал хүртсэн. Энэ бол түүний үзүүлээд буй амжил­туудын нэг . Ази тивийн олимп болох уг наадмын мара­фон гүйлтийг манай Сэр-Од эхний 30 километр замд нь ганцаараа тэргүүлсэн. Үнд­сэндээ 30 километр замын турш Мон­голынхоо нэрийг олон улсад дуу­дуулсан хэрэг.

Тэр бол ингэж чамархай­ныхаа судсыг гүрийтэл монгол хүний зориг тэвчээрийг үзүүлж, эх орныхоо нэрийг мандуулж яваа тамирчин юм. Хонконгт болсон Азийн 14 дэх удаагийн марафон гүйлтэд 42 километр замыг хоёр цаг 17 минут, 47 секундэд туулж аварга болж байсан. Монголын хөнгөн атлетикийн спортын түүхэнд анх удаа Ази тивийн аварга болсон тамирчин нь мэдээж Сэр-Од л доо.Мөн тэрээр хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэдэл олимпийн наадамд Монгол Улсаа төлөөлж оролц­сон анхны тамирчин бөгөөд 2004 оны Афины олимпод хэдийгээр медальт байрт шалгараагүй ч гэсэн эхний үед манлайлан гүйж “Чингэсийн Монгол” хэмээн дэлхий дахинд шуугиулсныг бид мэдэх юм.

Тэрээр Монгол Улсын рекордыг арав гаруй удаа шинэчлэн тогтоогоод байгаа. Одоогоор үзүүлсэн дээд амжилт 42 километр замыг хоёр цаг 11 минут, 05 секундэд туулсан нь бичигдээд байна. Японы Оитад болсон тэмцээний үеэр гавьяат маань уг амжилтыг үзүүлсэн билээ. Ийнхүү 42 километр замыг хоёр цаг, 11 минут, 05 секунд туулж буй Сэр-Од дэлхийд гайхагдаж байна. Азидаа хамгийн нэртэй тамирчдын нэгээр нэрлэгдэж, Япон тэргүүтэй олон орон түүнийг өөрийн харьяалалдаа авах гэж, иргэнээ болгох гэж зүтгэцгээж байна. Тэгтэл хүчээ шавхаж, тамираа тасартал эх орныхоо төлөө явж ирснийх нь хариуд бид яаж хандаж байгаа билээ. Ази тивийн аварга болоод ирэхэд нь яаж хүлээж авсан бол. Ганц баярын бичиг бариад угтсан газар ховор байх. Үндсэндээ хэн ч тоогоогүй шүү дээ. Сонин хэвлэлүүд л мэдээлээд өнгөрсөн байдаг.

Гэтэл манайхан Эрдэнэ­чулууны шарга азарга гэхээр бүгд л орилолдоод явчихна. Төрийн наадамд зургаан удаа манлайлсан азарганд “Амгалан төрийн ажнай шарга” хэмээх цол өгч, хөшөөг нь босгож юм, юм л боллоо. Шарга азарга зодог тайлсны баяр гэж бөөн дуулиан болсон. Их хурлын гишүүн Б.Наранхүү Дундговийн 70 жилийн ойн баярын үеэр ажнай шаргынхаа хөшөөг босгож уг наадамд түрүүлсэн зургаан насны морьдыг тус бүр “Ланд-200” машинаар байлжтэрбумаар нь мөнгө цацсан. Үндэсний их баяр наадмын журмын дагуу улсын наадмын азарганы уралдах талбай 22 километр. Уг километр замыг шарга азарга ойролцоогоор 33 минутанд туулж ирдэг гэх тооцоо бий.

Тэгвэл Сэр-Од шарга азар­ганы уралдсан зайг хоёр дахин сунгасан буюу 42 километр замыг 2 цаг 11 минут, 05 секунд туулсан гэж байгаа.Сэр-Од гавьяат болоод шар­га азарганы үзүүлсэн амжилт энэ л дээ. Гэхдээ Сэр-Од нь дэлхийн шилдэг тамирчидтай уралдаж ийм амжилт үзүүлсэн. Шарга нь мэдээж жалгынхаа наадамд гэдэг шиг Монголдоо. Дэлхийн нэртэй тамирчныг зүгээр нэг нүүрэндээ үстэй адгуустай жишээд байгаа нь доромжлол мэт санагдаж магадгүй. Гэвч манайхны морь, бөхөө шүтсэн өрөвдмөөр сэтгэлгээ ийм байна. Өнөөдөр Монголд, эх орныхоо нэрийг дэлхий дахинд цуурайтуулсантамирчин, олон улсын жишгээр бол супер од адгууснаас дор нэр хүндтэй байгаа нь эмгэнэл юм.

Бөхчүүддээ бид яадаг билээ. Ёстой нөгөө байдаг бүхнээ тавьж туугаад эцэст нь өөрсдийгөө доромжлуулаад дуусдаг гэж гомдоцгоодог. Төрийн наадамд аль нэг нутгийн бөх түрүүлж үзүүрлэх юм уу, улсын ямар нэгэн цолонд хүрэхэд тухайн айм­гийнх нь нутгийн зөвлөл тэр дороо цуглаад байр машинаар булж орхидог. Мөөеө, Баянаа, Цэрэнтогтох, Бат-Эрдэнэ, Сүхбат, Өсөхбаяр, Сумъяабазар гээд үе үеийн аваргууд бүгд л ард түмний хайр хүн­дэтгэлийн дор явж ирсэн.

Ард түмэн тэдэнд байгаа бүхнээ өгсөн. Тэд өргөл барь­цыг нь аваад ханасан болов уу. Бөхийнхөө нэр хүн­дээр Их хуралд сууж, төр түшил­цэж алдрын оргилд хүрч Мон­голдоо Султан хаан мэт аяглацгаадаг. Тэгэхдээ ард түмэндээ эргүүлж ямар хариу барьж байгааг бол мэдэхгүй. Бөхчүүд нутгийнхандаа тусалж байна, тэрхүү өндөр настанд хүндэтгэл үзүүлж гэнэ, тэр тэр хүүхдийн сургалтын төлбөрийг төлсөн гэнэ, тэгж тамирчдынхаа бэлтгэлд хандив өгсөн гэнэ гэх зүйлийг даанч сонсоогүй. Харин тэгж найраа хийв, тэр тэрнээс төдөн саяыг авсан гэнэ, тэгж хүн зодож танхайрав, муу махны хэрэгт холбогдов, тэгж хоорондоо зодолдов гэсэн зүйл дуулддаг бус уу. Сүүлийн хэдэн жил улсын наадамд түрүү хүртээд байгаа Увсын Мөнхбат, Бүрэнтөгс, Батсуурь, Сэлэнгийн Эрхэмбаяр нарын бөхчүүдэд нутаг орныхон нь юу юу өгснийг манайхан мэдэж байгаа.

Эрхэмбаяр аваргадаа зориулж Сэлэнгийнхэн маш том наадам зохион байгуул­сан. Түүнийх нь өртөг зардлыг тооцвол аманд багтахгүй мөнгөний тоо дуулдах нь дам­жиг­гүй. Өнөө жилийн түрүү бөх Батсуурьт хич­нээн ч машин, хичнээн ч байр өгөв дөө. Байсгээд л гурван өрөө, дөрвөн өрөө байр өглөө гээд дуулдаж байсан. Ингэхэд төрийн наадамд түрүүлээд оодроод байгаа тэднийг дэлхийн хүн төрөлхтөн мэдэх үү. Мөөеө, Баянаа, Цэрэнтогтохыг бол тухайн цагт нь Монголын тамирчин гэдгээр нь мэддэг байсан. Харин одоогийн энэ залуучуудыг мэдэхгүй шүү дээ. Уул даваад таних ганц хүнгүй хүмүүс л байхгүй юу. Бүрэнтөгсийг, Мөнхбатыг, Батсуурийг, Эрхэмбаярыг дэлхийн аль нэгэн оронд очиход “нэг монгол явж байна” гэхээс өөрөөр хэн мэдэх билээ. Монголчуудын бөх тэх, нүүрэндээ үстэй адгуусаа шүтсэн энэ сэтгэлгээ улс орны хөгжилд дандаа ухрал авчирдаг.

Бөх тэх гэх аливаа юмны учир мэдэхгүй нөхөд баялаг бүтээж үзээгүй. Улс оронд хэрэгтэй юм нэгийг ч хийж үзээгүй гэхэд даваадуулсан болохгүй байх. Зүгээр л ард түм­нийг зугаацуулан цэнгүү­лэх үүрэгтэй. Манайд нутгийн зөвлөл гэж наадмын түрүү бөхөө дагаж хошуурсан нэг бай­гууллага бий. Энэ байгууллага бол бөх, морь гэж хийрхсэн хэдэн нөхдийн л цуглуулга. Аймаг аймгийн нутгийн зөвлөлийнхөн гэхээр улс төр, бизнесийн бүлэглэлүүд байдаг юм билээ. Тэдэн дээр бөх, морь ярьж очвол дэмжигдэнэ. Өөр зүйл ярьж очвол нэмэргүй. Түүнийх нь нэг баталгаа бол дэлхийн тамирчин Сэр-Од. Тэрээр гавьяат тамирчин цол хүртсэнийхээ дараа манай сонинд өгсөн ярилцлагадаа “Өнөөдөр би өөрийн гэсэн гэр оронгүй л явж байна. Гадаадад тэмцээн уралдаанаар явах, бэлтгэл хийхэд мөнгө төгрөг их хэрэгтэй болдог. Би одоогоор хадам ээжийнхээ хажуу өрөөнд эхнэр, хүүхдүүдийнхээ хамт амьдарч байгаа шүү дээ. Уул нь Говь-Алтай хүн л дээ. Гэвч нутаг нугынхнаас намайг дэмждэг хүн байхгүй” гэж хэлсэн байдаг.

Энэ бол гарцаагүй үнэн. Түүнд бид үнэхээр дэмж­лэг үзүүлээгүй. Тэр өөрөө л чардайж зүтгэдэг байсан. Ямар сайндаа дасгалжуу­лагчдаа өгөх мөнгөгүй учир эхнэрээ хөнгөн атлетикийн дасгалжуулагч болгосон байдаг. Гадагшаа тэмцээн уралдаанд ганцаараа явна. Зардал мөнгө нь тэгж таардаг байсан биз. Ийм л зовлон бэрхшээлийг тэр туулж ирсэн. Аргагүйн эрхэнд Японы NTN компанид ажилд орж, тус компанийн нэрийн өмнөөс уралдах болсноо Японд бол­сон олон улсын марафон гүйл­тийн үеэр хэвлэлийнхэнд мэдэгдсэн байдаг. Сая Азийн наад­маас харж байхад манай тамирчинг “Японд амьдарч бэлт­гэлээ хийж байгаа Мон­голын тамирчин” гэж албан ёсоор зар­­лах болсон байна лээ.

Тэнэгүүдийн дунд тэвчээр барагдана гэгчээр хүнд чинь тэвчээр барагдана гэж нэг юм байна. Дээр нь хувь хүн хичнээн амжилт үзүүлээд, улсынхаа нэрийг гаргаад, бахархам сайхан гавьяа бай­гуу­лаад ирэхэд тоох хүнгүй бол хэн тэгж эх орныхоо өмнө гавьяа байгуулахыг бодох юм бэ. Сэр-Од бол хэдэн ч олимп дараалж уралдсан тамирчин. Түүнд одоо нэг л мөрөөдөл байгаа. Хэзээ нэг өдөр Монголын хөнгөн атлетикийн тамирчин олимпийн аварга болно гэж тэр бодож, түүнийхээ төлөө дөрвөн мөчөө тэлүүрдэн зүтгэж явна. Улсад түрүүлсэн, арслан заан цол хүртсэн бөхчүүдийг сумынхаа нэрийг орон даяар мандууллаа гэж байгаа бүхнээ өгдөг байлгүй. Тэгвэл эх орныхоо нэрийг дэлхий дахинд цуурайтуулж байгаа Сэр-Одыг бид яагаад баярлуулж чадахгүй байна вэ. Морь, бөх мандуулж байснаас Монголынхоо нэрийг дэлхийн дэвжээнд гаргаж яваа Сэр-Одод шагнал урамшуулал хайрлах сан.

Н.ГАНТУЛГА

Categories
мэдээ нийгэм

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин туулай өдөр

Аргын тооллын 10 сарын 11, Санчир гараг. Билгийн тооллын18, Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, хөхөгчин туулай өдөр. Өдрийн наран 7 цаг 27 минутад мандан, 18 цаг 24 минутад жаргана. Тухайн өдөр хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж биеэ эхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах , ус булгийн эх малтах, сэтгэлд сэвтэй газар очих, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулхад тохиромжгүй.

Categories
мэдээ нийгэм

Хилээр нэвтрэхэд хэдхэн секунд л зарцуулна

Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын санаачлагаар цахим гарц буюу автомат шалган нэвтрүүлэх төхөөрөмжтэй боллоо. Зорчигчдыг цахим гарцаар улсын хил нэвтрүүлэх нээлтийн ажиллагаа өнөөдөр “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд болж, цахим гарцаар анхны зорчигчийг хил нэвтрүүлсэн юм. Нээлтийн арга хэмжээнд Хууль зүйн дэд сайд Ц.Уугангэрэл, Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын дарга Б.Пүрэвдорж, БНСУ-ын олон улсын хамтын ажиллагааны “Койка” байгууллага, төслийн гүйцэтгэгч Sysone компани болон албаны бусад төлөөлөл оролцсон юм. Цахим гарцаар Монгол Улсад орох, гарах эрхийн хүчин төгөлдөр баримт бичиг бүхий Монгол Улсын болон гадаад улсын иргэнийг биеийн давхцахгүй өгөгдөл /хурууны хээ, нүүрний зураг/-ийн тоон мэдээллийг ашиглан улсын хил нэвтрүүлнэ. Зорчигч нь өөрийн хурууны хээ, цээж зураг, гадаад паспорт, иргэний үнэмлэх эсвэл оршин суух үнэмлэхний мэдээллийг урьдчилан бүртгүүлж уг гарцаар үйлчлүүлэх эрхтэй болох аж. Ингэснээр нэг хүн дунджаар 14-18 секундын дотор хилээр нэвтрэх боломжтой боломжтой юм байна. Харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын дарга Б.Пүрэвдорж уг арга хэмжээний нээлтийн үеэр “Энэ программ одоохондоо хязгаарлагдмал хүрээнд ажиллана. Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс э-иммигрэйшн төсөл хэрэгжиж эхэлснээр Монгол Улсын иргэн урьдчилсан бүртгэл хийлгэлгүй шууд нэвтрэх нөхцөл бүрдэнэ. Хязгаарлагдмал хүрээнд ажиллах хугацаанд тухайн иргэн нэг минут орчмыг өөрийн нүүрний зураг, хурууны хээн мэдээллийг өгөөд 15 секундын дараа нэвтэрнэ. Хурууны хээний тоон хэлбэрт шилжсэн мэдээллийг өөр зориулалтаар ашиглах боломжгүй, мэдээллийн санд тухайн зорчигчийн хурууны хээний зурган мэдээлэл хадгалагддаггүй учраас аюулгүй байдал бүрэн хангагдана. Цахим гарцаар зорчиж байгаа иргэн өөрийнхөө сонголтоор аль ч хэлбэрээр хилээр нэвтэрч болно” гэж ярилаа.

2015 оны нэгдүгээр сарын 1-нээс э-иммигрэйшн программ ашиглалтад орох аж. Үүний дараа Монгол Улсын иргэн заавал бүртгүүлэхгүйгээр хурууны хээгээр хил нэвтрэх боломжтой юм байна. Харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар УБЕГ-ын мэдээллийн сангаас хурууны хээний мэдээллийг татах гэнэ.

Categories
мэдээ нийгэм

Сэлбийг гурван жил цэвэрлэсэн хүүд С.Оюун сайд бэлэг өглөө

БОНХ-ийн Сайд С.Оюун Сэлбэ голын ойр ойрчмыг цэвэрхэн байлгахыг зорьдог 117-р сургуулийн 7б ангийн сурагч З.Буянхишигийг хүлээн авч уулзаж, гэрэл зургийн аппарат, Улаан номын дээжээс бэлэглэлээ. С.Оюун сайд З.Буянхишиг хүүг магтаад “Хүүхдүүд байгаль дэлхийгээ хайрлаж байвал эцэг эхчүүд ч хайрладаг болно. Хүүтэй хамт хог цэвэрлэх нь чухал ч, хог хаяхгүй байх хамгийн чухал” гэж хэлэв. Хүүгийнх найман жилийн өмнө Чингэлтэй дүүргийн 119 дүгээр хороонд нүүж иржээ. Тэр үеэс л хүү Сэлбэ голын ойролцоох хогийг цэвэрлэх болсон аж. З.Буянхишиг хүү “Зарим хүмүүс намайг гэртээ урьж халуун цай уулгадаг. Битгий шантраарай, голоо сайн цэвэрлээрэй, сайн хүүхэд байна, цаашид цэвэрлэнэ биз дээ гэж хэлдэг. Хагас, бүтэн сайн өдөр энэ хавийн айлууд бүгдээрээ нийлээд голынхоо хогийг цэвэрлэдэг болвол үнэхээр сайхан даа гэж боддог. Манай энэ хавийн айлууд нэг их хогоо хаядаггүй юмаа. Зарим нэг айл л хогоо хашаа давуулж шидчихдэг. Харин архи уудаг хүмүүс уусан архиныхаа шилийг хаядаг. Тэрийг нь жаахан хүүхдүүд тоглож байгаад гол руу шидэж хагалаад байдаг. Бас зуны улиралд хүмүүс машинаа голд угаачихаад хогоо орхиод явчихдаг” гэж ярилаа. Долоо хоног цэвэрлэхгүй байхад арван шуудай хог гардаг гэнэ. Хашааныхаа гадаа овоолохоор хогны машин ачдаггүй учраас өөрийнхөө хог гэж хэлээд ачуулдаг болжээ. Хүү хог хаядаг хүмүүст хандан “Ухамсартай байж хогоо битгий хаяж байгаасай гэж боддог. Хүүхэд эхээсээ төрөхдөө ямар ч муу бодол байхгүй төрдөг гэсэн. Тийм учраас эцэг эхчүүд хүүхдээ багаас нь байгаль дэлхийгээ хайрлаж хамгаалахад сургаасай. Хэрвээ намайг бага байхад өвөө эмээ, аав ээж нар маань байгаль орчноо хамгаал, гол усаа цэвэрхэн байлгаж хогийг нь цэвэрлэх хэрэгтэй гэж хэлдэггүй байсан бол би өнөөдөр Сэлбэ голын хогийг сайн дураараа цэвэрлэхгүй байсан байх. Бусад хүүхдүүдийн адил гадаа тоглоод л гүйх байсан” гэж хэллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Зам тавилтын хурд 2,5 дахин өслөө

Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл өнөөдөр нийслэлд хийгдэж байгаа замын ажлын явцтай биечлэн танилцлаа. Хамгийн түрүүнд саяхан зорчих хэсгээ нээсэн БНХАУ-ын буцалтгүй тусламжаар хийгдэж байгаа Бээжингийн гудамжны ажилтай танилцсан юм. Тус гудамжны 0,9 км замын ажил 90 хувийн гүйцэтгэлтэй, 74 метр урт гүүрбарих ажил үргэлжилж байна. Цаг агаар хүндрэхгүй бол тус замыг 10 дугаар сарын 27-нд хүлээлгэн өгөхөөр төлөвлөж байна.Гэрээнд зааснаар бол 11 дүгээр сарын 31-нд дуусах байсан ч сарын өмнө хүлээлгэн өгөх гэж байгааг гүйцэтгэгч компанийн зүгээс онцоллоо.

Төмөр замын урдуурх хэвтээ тэнхлэгийн гол зам Дүжингарав захаас Улиастайн замын уулзвар хүртэлх 6 км хоёр эгнээтэй 14 метр өргөнтэй замын ажил энэ сарын 15-нд дуусах төлөвлөгөөтэй байсан ч хугацааг сунгаж, 10-р сарын 25-нд хүлээлгэн өгөхөөр болжээ. Явган хүний зам, 3 метр өргөн дугуйн зам, гэрэлтүүлэг, борооны ус зайлуулах шугамын ажлыг давхар хийж байна. Энэ зам ашиглалтад орсноор хотын зүүн чиглэлийн урсгалд голлох нөлөө үзүүлэх юм.

Концессын анхны гэрээгээр баригдаж байгаа Өлзийт хорооллоос Биокомбинат хүртэлх 9 км замын ажил 6-р сарын 20-доор эхэлсэн одоо 65 хувийн гүйцэтгэлтэй явж байна. “Ди Ар Жэй” компани ажлыг гүйцэтгэж байгаа бөгөөд энэ жил суурийн ажлаа дуусгаж, ирэх онд өнгө хучилтхийх юм.
Нисэхийн товчоо-Биокомбинат-Шувуун фабрик чиглэлийн 22,5 км авто зам 99,2 урт метр гүүрийн ажлын ихэнх хэсэг хийгдэж дуусчээ. “Тотал инж” компанийхан ажлаа төлөвлөсөн хугацаандаа буюу энэ сардаа багтаан дуусгана гэж хотын даргад хэллээ. Зам барилгын ажлын хүрээнд Бөхөгийн гол, Түргэний гол дээр 30 метр урттай 2 гүүр барих юм.

Нийслэлд хийгдэж байгаа бас нэгэн том бүтээн байгуулалт бол Гудамж төслийн хүрээнд хийгдэж байгаа Сонсголонгийн уулзараас Нисэхийн уулзвар хүртэлх 5,5 км замын ажил. Энэ нь ХБНГУ-ын WIRTGEN SP500 бетон дэвсэгч шинэ техник ашиглан тавьж байгаа 60 жилийн настай, анхны бетон хийцтэй зам юм. Санхүүжилтийн хувьд өндөр өртгөөр баригдаж, том оврын машин явахад зориулагдсан. Гүйцэтгэгчээр “Арц суварга” компани ажиллаж байгаа бөгөөд Японы Ситлай компани зөвлөхөөр ажиллаж байгаа юм байна. Ситлай компани нь Нарны гүүр, Нарны зам, Оюу толгойн аэропдром зэрэг бүтээн байгуулалтуудыг барьж байсан туршлагатай юм байна.

Хувьсгалчдын гудамж, Зурагтын шинэ эцсийн буудлаас Баянхошууны хуучин уулзвар хүртэлх 14 метрийн өргөнтэй 4 эгнээ 2 талаар гэрэлтүүлэгтэй 4.6 км авто замын ажил дуусаад, тохижилтын ажил хийгдэж байна. Энэхүү замд хамгийн хүндрэлтэй байсан зүйл нь айл чөлөөлөлт байсан ч газрын алба ажлаа сайн гүйцэтгэсэн гэдгийн хариуцагч компаниуд хэлж байлаа. Тус замын ажлыг “Экспресс зам” ХХК гүйцэтгэж байгаа юм.

Нийслэлийн Засаг дарга “Улаанбаатар хот өмнө нь 5 жил хийдэг байсан урт замыг хоёр жилийн дотор хийж, зам тавилтын хурд 2,5 дахин өслөө. Замыг ажил ашиг сонирхолын зөрчилгүйгээр явж байгаа болохоор бие биенээ шахаж шаардаж, хариуцлага нэхэж байна. Тийм ч учраас замын ажлын бүтээмж, хурд өсч байна.Замын чанар маш их дээшилсэн. Цаашид чанартай зам хийх санхүүгийн эх үүсвэрийг нь шийдэж чадвал манай замчид ажлаа сэтгэлээсээсайн гүйцэтгэж байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Шингэрүүлсэн хийн плиткийг хөнгөлөлттэй үнээр нийлүүлнэ

Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны өчигдөр болсон ээлжит хурлаар шингэрүүлсэн хийн хангамжийг нэмэгдүүлэх, нөөцлөх, хадгалах агуулахыг өргөтгөх болон гэр хорооллын айл, өрхийн хийн түлшний хэрэглээ нэвтрүүлэх ажлын явцын талаар хэлэлцлээ.

Хийн агуулахыг өргөтгөж, нийслэлийн айл өрхүүдэд хийн плитканы иж бүрдэл нийлүүлэх тендерт “Дашваанжил”, “Юни газ”, “Гор газ” гэсэн гурван компани шалгарч, хариуцсан ажлаа 11 дүгээр сарын 15-наас өмнө дуусгахаар гэрээ байгуулсан юм.

Хийн агуулахын багтаамжийг 1100 тн-оор нэмэгдүүлэх ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна.

Харин хийн плитканы иж бүрдэл нийлүүлэх ажил тоног төхөөрөмж татан авалт, угсралтын шатандаа явна. Баянхошууны эцсээс Долоон буудал хүртэлх хэсэг буюу Сонгинохайрхан, Баянгол, Чингэлтэй дүүргийн утааны голомтын бүс дэх 5000 өрхөд 11 дүгээр сарын 1-нээс хийн плитканы иж бүрдэл нийлүүлж эхэлнэ.Дээрх гурван дүүрэгт хийн плитканы иж бүрдэл нийлүүлэх борлуулалтын цэг байгуулах, айл өрхүүдэд хүргэж суурилуулж өгөх дуудлагын баг ажиллуулах зэрэг бэлтгэл ажил үргэлжилж байна.

Хийн плитканы иж бүрдэл 200 мянган төгрөгийн өртөгтэй. Энэ үнийн дүнгийн 70 хувийг хөнгөлж, 60 мянган төгрөгөөр айл өрхүүдэд нийлүүлэх юм. Иж бүрдэлд плитка, баллонтой хий, аюулгүйн хамгаалалтын хэрэгслүүд багтана.

Нүүрс, цахилгааны аль алинаас хурдан халдаг, эдийн засгийн хэмнэлттэй энэ бүтээгдэхүүнийг үйлдвэржсэн орнууд айл өрхийн хэрэглээнд өргөн нэвтрүүлж, агаарын бохирдлыг бууруулах ажилдаа хөшүүрэг болгосон байдаг. Манай орны хувьд хийн буюу газан плиткийг нийтийн хоолны газруудад түлхүү ашиглаж, айл өрхийн хэрэглээнд төдийлөн сайн нэвтрээгүй байна. Иймд дэвшилтэт энэ төрлийн хэрэглээг өргөжүүлж, дадлагажуулахын тулд энэ онд эхний ээлжинд 5000 өрхөд хийн плитка нийтүүлэх юм. Ирэх жилүүдэд энэ ажлыг далайцтай үргэлжлүүлнэ.

АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ҮНДЭСНИЙ ХОРОО

Categories
гадаад мэдээ

Самсунг компанийн орлого 60 хувиар буурчээ

Ухаалаг утас үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч БНСУ-ын “Самсунг электроникс” компани өчигдөр гурав¬дугаар улирлын /7-9 сар/ үйл ажил¬лагааны орлого өм¬нөх жилийн мөн үеийнхтэй харь¬цуулахад бараг 60 хувиар буурсан гэ¬сэн дүн гарсан талаар мэдээл¬сэн байна. Тус компани дөрвөн их наяд зуун тэрбум воны орлоготой ажиллажээ. Борлуулалтын орлогын хувьд өмнөх жилийн мөн үеийнхээс 20.4 хувиар буурч, 47 их наяд вонд хүрчээ. “Самсунг”-ийн орлогын бууралтыг ухаалаг утасны сал¬бар дахь өрсөлдөөн улам ширүүс¬сэнтэй холбоотой гэж шинжээчид онцолж байна. Солонгосын валютын чангарал ч тодорхой хэмжээгээр нөлөөлсөн гэнэ.

Categories
мэдээ нийгэм

Говь-Алтайд дулааны станц барина

Эрчим хүчний зохицуулах хорооны ээлжит хорин тавдугаар хурал өнөөдөр болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэжээ. “Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн цахилгаан түгээх, цахилгаанаар зохицуулалттай хангах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөшөөрлийн хугацааг 5 жилээр сунгах асуудлыг шийдвэрлэснээс гадна “Энерго сервис монтаж” ХХК-д Дундговь аймгийн Сайнцагаан суманд Эрчим хүчний барилга байгууламж /35 МВт-ын хүчин чадалтай дулааны станц/ барих ,”Мандал Голомт”ХХК-д Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд Эрчим хүчний барилга байгууламж /35 МВт-ын хүчин чадалтай дулааны станц/ барих тусгай зөвшөөрлүүдийг гурван жилийн хугацаатай олгов. Дээрх дулааны станцууд ашиглалтанд орсноор Мандалговь болон Алтай хотуудын дулаан хангамж найдвартай болж оршин суугчдын ая тухтай байдал дээшлэх юм.өМөн “Клин Энержи Ази” ХХК-ийн Өмнөговь аймгийн Цогтцэций суманд баригдах 50МВт-ын салхин цахилгаан станцын “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-тай байгуулах Цахилгаан эрчим хүч худалдах худалдан авах загвар гэрээг баталжээ.

Categories
мэдээ нийгэм

Бээжингийн гудамжийг энэ сарын 27-нд ашиглалтад оруулна

БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар засварлагдаж байгаа Бээжингийн гудамжийг энэ сарын 27-нд ашиглалтад оруулах гэж байна. Энэ гудамжны бүтээн байгуулалт ид үргэлжилж байна. Бүтээн байгуулалтын ажлын хүрээнд 0.9 километр авто зам, 74 метр урттай гүүрийг бүрэн засварлаж байгаа юм.

Categories
мэдээ соёл-урлаг

”Сүүлчийн шөнө” уран сайхны кино өнөөдөр нээлтээ хийнэ

Төрийн соёрхолт, УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатарын шинэ уран бүтээл “Сүүлчийн шөнө” уран сайхны киноны нээлт өнөөдөр “Тэнгис” кино театрт 15:30 цагт болох гэж байна. Кино зохиолыг СГЗ Ш.Гүрбазар бичжээ. Уг кинонд хүний амьдралын гурван үеийн хайр дурлал гарах аж. Анхны хайр, амьдралд ямар үнэ цэнэтэй, хүний амьдралыг тэтгэгч хүч нь болсон хайр, зүрх бүхний гүнд удаан оршиж байдаг талаар өгүүлсэн кино юм байнаэ. Киноны голд дүрд Төрийн соёрхолт, Гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар, Гавьяат жүжигчин Н.Батцэцэг, Соёлын тэргүүний ажилтан О.Оюун, С.Болд-Эрдэнэ, О.Гэрэлсүх, Н.Отгонтогос, УДЭТ-ын жүжигчин М.Тогтохжаргал, Баярмаа, залуу жүжигчин Т.Билэгжаргал, Н.Мөнгөнсүх, О.Дөлгөөн нар тогложээ.