Categories
гадаад мэдээ

Малала охин Нобелийн шагналтан болжээ

Нобелийн шагналуудаас хамгийн их хүлээлт үүсгэдэг басхүү олны анхаарлыг татдаг төрөл бол Нобелийн энхтайвны шагнал билээ. Өчигдөр буюу аравдугаар сарын 10-ны өдөр Нобелийн хороо энэхүү эрхэм хүндтэй шагналаа хүний эрхийн төлөө тэмцэгч Пакистан охин Малала Юсуфзай болон хүүхдийн эрхийн төлөө тэмцэгч Энэтхэгийн иргэн Кайлаш Сатяартхи нарт олгосон байна.

Малала охины хувьд хүний эрх тэр дундаа эмэгтэйчүүдийн сурах эрхийн төлөө тууштай тэмцсээр ирсэн билээ. Түүний энэхүү үйлдлийг хүчтэй эсэргүүцэгч Талибын зэвсэгт дайчид 2012 оны аравдугаар сард охиныг сургуулиасаа гарч явахад нь буудаж хүнд шархдуулсан боловч тэрээр азаар амьд үлдсэн юм. Малалаг “Тайм” сэтгүүл 2013 оны дэлхийн хамгийн нөлөө бүхий хүмүүсийн нэгээр тодруулж байсан билээ. Харамсалтай нь Талибын алан хядагчдын заналхийллээс болж тэрээр Пакистанд эргэн очих боломжгүй болсон бөгөөд одоогоор Их Британид амьдарч байна.

Харин Кайлаш Сатяартхи бол хүүхдийн эрхийн төлөө дуу хоолойгоо хүргэсээр яваа нэгэн юм. Тэрээр хүүхдийн наймаа, боловсролын хоцрогдол, хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийн эсрэг томоохон жагсаал, цуглаан өрнүүлж, тодорхой үр дүнд хүрч чадсаныг нь Нобелийн хороо өндрөөр үнэлсэн байна.

Дашрамд дуулгахад Нобелийн энхтайвны шагналыг нийт 95 хүн хүртсэн байдаг бөгөөд эдгээрээс 17 нь эмэгтэйчүүд байжээ. Түүнчлэн шагнал хүртсэн хүмүүсийн дундаж нас 62 байсан бол энэ жил 17 настай Малала охин уг шагналыг хүртсэнээр хамгийн залуу Нобелийн энхтайвны шагналтан болжээ.

Categories
мэдээ нийгэм

Эрүүл мэндийн салбарын нээлттэй хаалганы өдөр болж байна

Эрүүл мэндийн салбарын “Нээлттэй хаалганы өдөр” өнөөдөр, маргааш Чингэсийн талбайд болно. Өдөрлөгт ЭМЯ, Нийслэлийн эрүүл мэндийн газар болон 1,2,3 дугаар шатлалын эрүүл мэндийн байгууллагууд оролцож, үйл ажиллагаагаа иргэдэд сурталчлан үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх аж. “Нээлттэй хаалганы өдөр” 10.00-17.00 цагийн хооронд үргэлжлэнэ.

Categories
мэдээ нийгэм

Охидын эрхийг хамгаалах өдөр тохиож байна

Өнөөдөр олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр тохиож байгаа ажээ. НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2011 оноос эхлэн жил бүрийн энэ өдрийг Олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр болгон тунхагласан билээ. Энэ өдөр НҮБ-ын гишүүн 193 орон, цаашлаад иргэний нийгмийн байгууллагуудыг охидын эрхийн асуудалд анхаарал хандуулах, энэ талаарх олон нийтийн ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх, охидын эрхийг хамгаалахыг уриалдаг юм.

Манай улс энэ өдрийг “Охид хүчирхийллийн бай биш”, “Биднийг сонс”, “Бид хүүхэлдэй биш” зэрэг уриатай арга хэмжээнүүдийг зохион байгуулж байгаа юм байна.

Categories
мэдээ спорт

Дугуйн парад хойшилжээ

Залуучуудын байгууллагаас санаачилсан “Спирт үү, спорт уу” аяны хүрээнд өнөөдөр зохион байгуулагдах байсан “Ногоон гудамж-Унадаг дугуйн зам” дугуйн парад хойшилжээ. Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан парадыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан байна. Энэхүү парадыг МЗХ, Эдийн засгийн хөгжлийн яамны “Гудамж төсөл”, “Залуу дугуйчин клуб”, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Замын цагдаагийн газар, Нью имежи клуб, Монголын дугуйн холбоо, Монголын триатлоны холбоо, МЗХ-ны дэргэдэх Найс байк клуб, Аттила дугуйн дэлгүүр, Cannondale дугуйн дэлгүүр, Никель Ганбаа ХХК, МЗХ-ны дэргэдэх Монголын Авто замчин залуучуудын холбоо зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулах юм.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч АСЕМ-ын уулзалтад оролцоно

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ сарын 16-17-нд Бүгд Найрамдах Итали Улсын Милан хотноо болох Ази, Европын 10 дахь удаагийн дээд хэмжээний уулзалт (АСЕМ)-д оролцоно. АСЕМ-ын дээд хэмжээний уулзалт нь эрх тэгш түншлэл, харилцан итгэлцэлд суурилсан Ази, Европын стратегийн яриа хэлэлцээ, үр ашигтай хамтын ажиллагааг эрчимжүүлэх зорилготой юм. Энэ удаагийн уулзалтад Ази, Европын 49 гишүүн улсын төр засгийн тэргүүн, Европын Холбооны Зөвлөлийн Дарга, Европын Комиссын Ерөнхийлөгч, АСЕАН-ы Ерөнхий нарийн бичгийн дарга нар оролцох аж.

Мөн Ерөнхийлөгч мөн энэ сарын 14-15-нд Бүгд Найрамдах Австри Улсад албан ёсны айлчлал, 17-18-нд Унгар Улсад ажлын айлчлал хийх юм байна. Австри Улсад хийх айлчлалын үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тус улсын Холбооны Ерөнхийлөгч Хайнц Фишер, Үндэсний Зөвлөлийн Ерөнхийлөгч хатагтай Дорис Бурес нартай албан ёсны уулзалт хийж, Вена хотноо байрлах НҮБ-ын салбар төвийн байраар зочлон, Монгол, Австрийн бизнес форумыг нээж үг хэлэх аж.

Харин Унгар Улсад айлчлах үеэрээ тус Улсын Ерөнхийлөгч Янош Адер, Ерөнхий сайд Виктор Орбан болон бусад албаны хүмүүстэй уулзахаар төлөвлөжээ. Айлчлалын хүрээнд Ерөнхийлөгч Өтвөш Лорандын нэрэмжит их сургуулийн Төв Ази судлалын тэнхимийн дэргэдэх Монгол судлалын төвд зочилж, Монгол, Унгарын бизнес форумыг нээж үг хэлнэ. Мөн Төв Европын их сургуульд “Монголын ардчилал ба сургамж” сэдвээр мөн лекц унших юм байна.

Categories
мэдээ цаг-үе

Хонины ноосоор дулаан хадгалах өндөр чанартай дулаалгын материал үйлдвэрлэдэг болжээ

Монгол хонины ноосны сийрэг, дулаан хадгалах чанарыг нь ашиглан өндөр чанартай барилгын дулаалга материал хийж байгаа компанийн үйл ажиллагааг сурвалжиллаа. “Дулаан гэр” нэртэй энэхүү компанийн үйлдвэр нь “Нэгдүгээр хороолол”-д байрладаг ажээ.

Үйлдвэр рүү ороход хонины шивтэр хамар цоргиж байв. Байрны нэг хэсэгт том тоног төхөөрөмжүүдийг угсарч, ажилчид ид ажиллаж байна. Харин нөгөө хэсэгт өвсийг дөрвөлжлөөд баглачихдаг шиг хар, бор, цагаан өнгөөр холилдсон ноосыг сайтар шахаж нягтаршуулан баглаж боон, хэдэн давхар болгон хураажээ.

Үйлдвэрийн дарга А.Батсүх үйлдвэрийнхээ үйл ажиллагааг дэлгэрэнгүй танилцуулсан юм. Түүний хэлснээр “Дулаан гэр” компани өнгөрсөн нэгдүгээр сард “Таван богд” группын охин компани хэлбэрээр байгуулагджээ. Дөрөвдүгээр сараас Австри улсын “Демь Вүүл” компанийн барилгын дулаалга хийх технологийг судалж эхэлжээ. Ингэснээр тавдугаар сар гэхэд шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг оруулж ирэн үйлдвэрлэлээ эхэлсэн бөгөөд өдгөө байгууллага, хувь хүмүүсийн захиалгаар бүтээгдэхүүнээ борлуулж байгаа юм байна.

Үйлдвэрлэлийн технологийн хувьд хонины хоёрдугаар зэргийн угаасан ноосыг дээр хэлсэн зориулалтын тоног төхөөрөмж ашиглан самнаж задлан, зулаад дөрөв, найман см-ын зузаантайгаар барилгын дулаалга хийдэг юм байна. Өөрөөр хэлбэл, өөр ямар нэг материал оролцуулалгүйгээр дан хонины ноосоор дулаалга хийдэг. Гэхдээ дан ноос нь тээвэрлэх болон ашиглах явцад тасрах, урагдах зэрэг эрсдэл гарч болзошгүй тул нарийн сатуркан утас бүхий торыг ар талд нь бэхжүүлэгч болгон ашигладаг ажээ. Зузааны хувьд хэрэв захиалагч хүсвэл үүнээс зузаан эсвэл нимгэн ч хийх боломжтой юм билээ.

Уг үйлдвэр нь цагт дунд­жаар 150-200 кг ноос боловс­руулдаг бөгөөд 150-200 метр квадрат дулаал­гын материал үйлд­вэрлэх хүчин чадалтай ажээ.

ХОНИНЫ НООС ШАТДАГГҮЙ ШИРХЭГТЭЙ

Хонины ноосоор барилгын дулаалга хийх нь хэд хэдэн давуу талтай ажээ. Энэ дулаалга нь хэдийгээр эсгийтэй ижил дан хонины ноос боловч дулаан хадгалах чадвар нь 1.5-2 дахин их гэнэ. Учир нь тусгай шинжилгээгээр ноосны ширхэг бүр нь голдоо хөндийтэй нь нотлогдсон байдаг аж. Ингэж хөндийтэй байх нь агаарын солилцоогоо хязгаарлачихаж байгаа хэрэг юм байна. Тиймээс ноосон дулаалга нь хөвсгөр байх тусмаа дулаан хадгалах чадвар нь өндөр болдог байна. Харин эсгий нь нягт болох тусам дулаанаа алдах нь илүү байдаг гэнэ.

Хонины ноосны өөр нэг давуу тал нь хөндий­тэй учир чийг тэнцвэржүүлэх чадвар нь өндөр байдаг аж. Тиймээс тасалгааны чийг ихсэх үед 35 хүртэл хувийг нь өөртөө шингээж авч чаддаг байна. Гэхдээ бас тасалгааны агаар хуу­рай­шаад ирвэл чийгээ буцаа­гаад өгдөг онцлогтой гэсэн. Ингэснээр чийгийг тэнц­вэржүүлж, дотроос нь халуун агаараа гаргахгүй ч, гаднаас цэвэр агаар оруулж ирдэг эерэг нөлөөтэй гэж үйлдвэрийнхэн ярив. Түүнчлэн агаарын бохирдол гэх мэт хортой бодисыг өөртөө шингээж устгах чадвартай нь лабораторийн олон удаагийн судалгаагаар нотлогджээ.

Хонины ноосны өөр нэг давуу тал нь галд тэсвэртэй байдаг. Энэ онцлог нь бусад төрлийн ноосыг бодвол хонины ноосны ширхэгээс хамаа­ралтай юм байна. Ноос нь шатал­тын олон улсын Е зэрэглэлд багтдаг. Өөрөөр хэлбэл, шаталтыг дэмждэггүй ширхэгт гэсэн үг юм байна. Тиймээс ноосыг шатаахаар уугисан ч өөрөө аяндаа унтардаг давуу талтай ажээ. А.Батсүх дарга ноосны давуу талыг энэ мэтээр танилцуулав. Тэрээр энэ чиглэ­лээр олон судалгаа хийсэн мэргэжилтэн аж. Энэ сарын эхээр барил­гын дулаал­гын материалын стан­дар­тыг Стандартчлал хэмжил­зүйн газраас батлахад чухал үүрэгтэй оролцсон хүн юм байна.

“Дулаан гэр” нь бүтээг­дэхүүнээ үйлдвэрлэхдээ угаасан буюу шороо тоос, зунгагаас нь салгасан ноос ашигладаг тул эрүүл ахуйн талаасаа маш цэвэр байдгийг ч үйлдвэрийн ажилчид онцолж байсан юм.

Үйлдвэрийн удирдлагын зүгээс тун удахгүй энэхүү материалдаа цагаан эрвээ­хэй­ний боловсруулалт хийх гэж байгаа тухайгаа танилцуулав. Энэ нь эсгийг цагаан эрвээхэй идэж, сүйтгэдэгтэй холбоо­той аж. Өөрөөр хэлбэл, тус үйлд­вэ­рийнхний зүгээс бүтээг­дэхүүндээ боловсруулалт хийс­нээр ноосыг цагаан эрвээ­хэй идэж, сүйтгэнэ гэсэн ойл­голт үгүй болох юм байна.

Түүнчлэн гал тэсвэрлэх, чийгнээс хамгаалах тал дээр ч нэмэлт боловсруулалтуудыг хийж, бүтээгдэхүүний чанартаа анхаарах төлөвлөгөөтэй ажил­лаж байгаа гэдгээ үйлдвэрийн удирдлага хэлж байв.

Ийм онцлог, давуу талтай дулаалгын материалын нэг метр квадратын үнэ нь 3500 төгрөг гэсэн. Дөрвөн см-ын зузаантай нь ийм үнэтэй. Харин найман см-ын зузаантай нь 7000 төгрөг юм билээ.

ЭНЭХҮҮ ДУЛААЛГЫГ МОНГОЛ ГЭРТ Ч АШИГЛАХ БОЛОМЖТОЙ

Өнөөдрийн байдлаар канад технологиор байшин барьдаг компаниуд ихэвчлэн “Дулаан гэр”-тэй хамтарч ажиллаж байгаа юм байна. Учир нь Монголдоо анх удаа ноосоор дулаалга хийж байгаа шинэ туршлага тул эхний ээлжинд компанийн зүгээс бүтээгдэхүүнээ сурталчлах, чанарыг нь таниулах тал дээр нэлээд шаргуу ажиллаж байгаа талаар тус үйлдвэрийн дарга А.Батсүх хэлж байсан. Өнөөдрийн байдлаар хонины ноосон дулаалгыг дээр хэлсэнчлэн канад техно­логиор байшин барьж буй цөөн хэдэн байгууллагаас гадна хувийн байшин барьж буй мөн цөөн тооны хүмүүс захиал­гаар хийлгэж байгаа гэсэн.

Энэхүү дулаалгын бүтээг­дэхүүнийг зөвхөн барилга төдийгүй монгол гэрт ашиглах бүрэн боломжтой. Тиймээс үйлдвэрийн дэргэд тусгай оёдлын цех байгуулан мон­гол гэрийн бүрээс, туурга хэл­бэрээр эсгэж хийж эхэлжээ. Өөрөөр хэлбэл, таван ханатай гэрт тааруулж эсгэж бэлтгэсэн ноосон дулаалгыг ямбуу даа­вуу­гаар бүрж бүрээс хийж байгаа аж. Үүнийг мөн л захиалгын дагуу оёх юм билээ. Дашрамд хэлэхэд, гэрийн бүрээсээр ашиглах уг дулаалгын зузаан нь найман см бөгөөд хоёр, гурван ч давхар хийх боломжтой гэдгийг үйлдвэрийн дарга хэлж байсан. Учир нь хөвсгөр ноос нь маш хөнгөн тул эсгий шиг гэрийн модонд хүнддэнэ гэсэн зүйл огт байхгүй юм байна. Яг ийм буюу гурван давхраар нь ашиглаж байгаа айл өрхүүд ч бий гэсэн.

Нөгөө талаас барилгын дулаалгыг зөвхөн гэр гэлт­гүй орон сууцанд ч ашиглах боломж бий гэнэ. Ингэ­хийн тулд барилгын техно­логио л тодорхойлох шаард­ла­гатай юм билээ. Энэхүү дулаалгыг ашиглаж байгаа байшингуудын хувьд мод эсвэл төмрөөр карказ хийж байгаа бол түүн дотроо хийж, ханандаа бэхлэх байдлаар хийдэг байна. Тиймээс өндөр буюу олон давхар барилгуудад хэрхэн бэхлэх эсэхээ л шийдчих юм бол хэрэглэх боломжтой аж. Өнөөдрийн нөхцөлд арай хялбар талыг нь бодолцон гурав хүртэл давхар, канад технологиор баригдаж байгаа барилгуудад л илүү тохиромжтой гэж үзэж байгаа аж.

ХОНИНЫ НООС БАЙГАЛИЙН ГАРАЛТАЙ, ЭКО ХЭРЭГЛЭЭ

Өнөөдрийн байдлаар үйлдвэр хүчин чадлынхаа 50 хүрэхгүй хувийг ашиглаж байгаа юм байна. Энэ нь дээр хэлсэнчлэн бүтээгдэхүүн нь зах зээлд бүрэн танигдаа­гүй­тэй холбоотой. Тиймээс үйлдвэр ашиглалтад орсноос хойш 50 тонн ноосыг л ашиг­лаад байгаа аж. Уг нь бүрэн хүчин чадлаараа ажиллах юм бол жилдээ 1000 тонн хоёрдугаар зэргийн ноосыг боловсруулж, ашиглах боломжтой юм байна.

Манай ноосон бүтээгдэ­хүүн үйлдвэрлэгчид хонины нэгдүгээр зэргийн буюу маш нарийн ширхэгтэй, цагаан өн­гөтэй ноосоор бүтээгдэхүүнээ хийдэг. Өөрөөр хэлбэл, хоёр­дугаар зэргийн ноос нь бараг шууд хаягддаг гэж хэлж болно. Ийм үед тус үйлдвэр ажиллаж эхэлж байгаа нь малчдын хувьд томоохон дэмжлэг болно гэдгийг ч үйлдвэрийн удирдлага хэлж байна лээ.

“Дулаан гэр”-ийнхэн одоо­хондоо ноос угаадаг үйлдвэртэй гэрээ байгуулж, түүхий эдээ авч байгаа юм байна. Гэхдээ яваандаа үйлдвэрийн үйл ажиллагаа жигдрээд ирмэгц малчдаас шууд авч, өөрсдөө угаах ажлыг төлөвлөн ажиллаж байгаа юм билээ. Ингэснээр үйлдвэрийн зүгээс дамжлага буюу ченжүүдэд нэмж өгдөг өртгийг малчдад өгөх давуу тал үүсэх ажээ.

Өнөөдөр манай барилгын дулаалгын зах зээл нь бүтээгдэхүүнийхээ 90 гаруй хувийг гаднаас авч байгаа. Шилэн хөвөн, базальт, хөөсөнцөр гээд гаднаас авдаг зүйл олон. Импортоор орж ирж буй дулаалгын материал хүний биед хортой нөлөө үзүүлдэг гэнэ. Арьсанд харшил өгдөг зэрэг сул тал ч байдаг аж. Түүнчлэн дулаан хадгалах чадварын хувьд ч ноостой харьцуулшгүй байдаг гэнэ.

Энэ технологийн мате­риал нь Европын болон гадаа­дын олон оронд танигдсан бүтээгдэхүүн юм байна. Учир нь хонины ноос нь бай­га­лийн гаралтай, хүний эрүүл ахуйд ямар нь сөрөг нөлөөгүй. Тиймээс Канад, Австри, Европын холбооны улсуу­дад энэ төрлийн дулаал­гын мате­риалыг өргөн ашиг­ладаг байна. Учир нь дэлхий нийтээрээ байгалийн гарал­тай, эко хэрэглээг эрхэм­лэдэг болсон тул энэ бүтээгдэхүүн Европын зах зээлд хэдийнэ танигджээ. Нөгөө талаас Европт өндөр барил­га барихаасаа илүүтэйгээр ихэвчлэн хаус барьдаг тул хэрэглэгч олонтой аж. Түүнчлэн сүүлийн үед япончууд хонины ноосны чийг тэнцвэржүүлэх чанарыг онцгойлон ашиглах болсон гэсэн мэдээлэл ч байгаа юм.

Энэхүү барилгын дулаал­гыг Австри улсын технологиор хийж байгаа тухай дээр хэлсэн. Тэгвэл Австри улсын цаг агаа­рын байдлыг манайхтай харьцуулахад харьцангуй хүйтэн тул чанар нь хэр байхыг үйлдвэрийн даргаас лавласан юм. Нөгөө талаас бүтээгдэхүүн хэрэглэгчдэд очсоноос хойш анхны өвлөө угтах гэж байгаа билээ. А.Бат­сүх даргын хэлснээр олон улсын болон Монголын барилгын материалын дулаан дамжуулах итгэлцүүр гэх үзүү­лэл­тээр аливаа дулаалгын материалуудыг дүгнэдэг юм байна. Энэ үзүүлэлтийн дагуу бусад дулаалгын материал буюу шилэн хөвөн, базальт гэх мэттэй харьцуулахад дулаанаа хэр зэрэг хадгалж байгаа нь шууд тогтоогддог ажээ.

Т.ГЭРЭЛМАА

Categories
гадаад мэдээ

ОУВС эбологоос болж Африк дахь зээлээ нэмнэ гэв

Дэлхийн улсуудыг түгшээж буй Эбола вирусын халдвараас болж Африкийн гурван оронд олгох зээлээ нэмэгдүүлэх, төсвийн зарлагаа нэмэхийг Олон улсын валютын сан зөвшөөрчээ. Энэ талаар The Guardian сонин мэдээллээ. Энэ талаар ОУВС-гийн тэргүүн Кристин Лагард өвчинд хамгийн ихээр нэрвэгдэж байгаа Сьерра-Леоне, Гвиней, Либери гуравын талаар энд ярьж байна хэмээн мэдээлжээ. Энэ вирусын халдвараас болж өнөөдрийн байдлаар 4000 гаруй хүн үрэгдээд байгаа юм. Эбола вирусийн тархалтад улс орнуудын хийж буй үйлдэл хангалтгүй байгаа тухай НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун хэлжээ. Тэрээр өвчинтэй тэмцэхэд 20 дахин их мөнгө хэрэгтэй гэжээ. Африкийн эдгээр гурван орон НҮБ-д хандан тусламж гуйсан аж.

Categories
мэдээ цаг-үе

“Гадаадын иргэн нь Хууль зүйн сайдын тусгай зөвшөөрлөөр БНСУ-ын иргэншлийг авч болно”

БНСУ-ын өдөр тутмын зарим хэвлэл “Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын иргэншил солих хүсэлтийг БНСУ хүлээн авсан” гэж бичиж байгаа. Энэ мэдээлэлдН.Энхбаяр нь өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 2-ны өдөр БНСУ-ын иргэн болох хүсэлтээ тавьсан хэмээн тодотгодог. Гарч буй мэдээллүүдээс сонирхвол “Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр нь Монгол Улсад авлигын хэргээр шүүхээс ял сонсч, ял эдэлж байхдаа эрүүл мэнд нь муудаж,хугацаанаасаа найман сарын өмнө суллагдсан.Түүнээс хойш Солонгос улсад эрүүл мэнд, сэтгэл санааны эмчилгээг ойролцоогоор хоёр жил хийлгэж байна. Тэрбээр гэр бүлийнхээ хамтаар Солонгос улсаас иргэншил хүсчээ. Цагтаа улсын Ерөнхийлөгч байсан хүн манай улсаас иргэншил хүссэн нь Монгол Улс түүнийг цөлсөн учраас энэ шийдвэрийг гаргасан. Солонгос улсын Засгийн газрын төлөөлөгч “Н.Энхбаяр нь одоогоор өршөөгдсөн учир Солонгос улсын иргэншил олгоходхоёр орны найрамдалт харилцаанд асуудал учруулахгүй” хэмээн тайлбарласан байдаг. Гэхдээ БНСУ-ын гол томоохон хэвлэлүүдээр энэ мэдээлэл гарахгүй байгааг ажиглагчид хэлж буй юм. Уг мэдээлэлүнэн худал ньнотлогдохгүй байгаа ч Н.Энхбаярын тухай мэдээлэл анхаарал татсаар байна. Иймд энэ талаарх хуулийн заалтууд болон солонгос судлаачийн яриаг тоймлон хүргэе.

БНСУ-ААС ИРГЭНШИЛ ХҮСЭХ ТОХИОЛДОЛ

Тус улс ньцагаачлалын асуудалд болгоомжтой ханддаг орнуудын нэг юм. 1948 оноос хойш тус улсаас гадаадын иргэн улс төрийн орогнол хүссэн түүх байхгүй гэнэ. Харин БНСУ-ындотоодын хуулиар иргэншил хүсэхгурван тохиолдол бий аж. Тухайлбалгэр бүлийн асуудал. Энэ ньтус улсын иргэн гадаадын иргэнтэй гэр бүл болсон бол тухайн улсын иргэншилтэй болохыг хүсэх тохиолдол. Нөгөө нь Гадаадын орнуудад иргэншилтэй байгаа солонгос үндэстэнг иргэншилдээ авах, гурав дахь ньтус улсад удаан хугацаагаар оршин суух буюу таван жилээс дээш хугацаагаар амьдрах гэх мэт зорилтод хүсэлтийг хүлээж авдаг байна. Эдгээр шалтгаанаас гадна БНСУ-д 500 сая воноос дээш хөрөнгө оруулалт хийсэн хөрөнгө оруулагчид удаан хугацаагаар оршин суух эрх олгодог аж.Бас оршин суух эрхийг мөн олгодог. Тэр нь удаан хугацаагаар тус улсад эмчлүүлж буй бол эмнэлгийн бичгийг үндэслэн сар бүр өвчтөнийг тус улсадбайх эрхийг сунгадаг. Эмчилгээ хийлгэж дуусах хүртэл нь оршин суух хугацааг сунгаж болдог байна. Зарим тохиолдолд буюу удаан эмчилгээ хийлгэх нь тодорхой хүнд байнга оршин суух түр паспортыг олгодог бөгөөд өөрийн улсаас явахад ньхурааж авдаг аж.

УЛС ТӨРИЙН ОРОГНОЛ ХҮСВЭЛ ГЭР БҮЛД НЬ ЯМАР ХАМААРАЛТАЙ ВЭ

Хэрэв үнэхээр Н.Энхбаяр гэдэг хүн улс төрийн орогнол хүсч тус улсын иргэншилтэй болсон бол гэр бүлд нь ямар хамааралтай вэ. Үүнийг солонгос судлаач тайлбарлав. Аливаа нэг хүн гадаадын иргэншилтэй болоход тэр хүнийг дагаад гэр бүлийнхэн нь тэр иргэншлийг авч болдог. Тухайлбал, Н.Энхбаяр улс төрийн орогнол хүсч тус улсаас иргэншил хүссэн бол хүлээж авсан тал энэ талаар манайд заавал мэдэгдэх албагүй. Мэдэгдэхийг хүсвэл албан ёсны товч мэдээлэл гаргах боломжтой гэдгийг хэлж байна. Энэ нь олон улсын хууль тогтоомжуудаарбаталгаажсан байдаг гэнэ. Н.Энхбаяр иргэншлээ солилоо гэхэд түүний насанд хүрээгүй хүүхдүүд түүнийг дагах боломжтой. Хариннасанд хүрсэн буюу 20-иос дээш насныханд хамаагүй байдаг гэнэ. Гэхдээ тухайн орогнол хүсэгч өөрөө гэр бүлийнхээ бүх гишүүдийг хүсэлтдээ дурдсан бол ёсоор нь болгож болдог бололтой. Хэрэв хүсэлтдээ дурдаагүй тохиолдолд хамааралгүй юм байна. Нэг үгээр хэлбэл Н.Энхбаяр улс төрийн орогнол хүсч,өөр улсын иргэншилтэй болсон бол түүний хүү Э.Батшугар Монгол Улсын төрийн албанд ажиллах нь ямар нэгэн хууль тогтоомжид харшлах зүйл биш бололтой.

ТУС УЛСЫН ХУУЛЬД ИРГЭНШЛИЙН ТУХАЙ ИЙН ЗААЖЭЭ

БНСУ нь гадаадын улс төрийн орогнол хүсэх асуудлыг хуулиараа хориглосон байдаг гэнэ.Гэсэн хэдий ч Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр нь тус улсаас улс төрийн орогнол хүссэн байж болохыг үгүйсгэх аргагүй юм. Тус улсын Иргэншлийн тухай хуулийн дөрөвдүгээр зүйлд иргэншил авах тухай заажээ. Энэ зүйл ангийн нэгдүгээрт, “БНСУ-ын иргэн болох хүсэлтэй гадаадын иргэн нь Хууль зүйн сайдын тусгай зөвшөөрлөөр БНСУ-ыниргэншлийг авч болно” хэмээжээ. Хоёрдугаарт “Хууль зүйн сайд нь иргэншлийн зөвшөөрөл хүссэн тухай хүсэлтийгхүлээн авбал 5-7 дугаар зүйлд заасаннөхцөлийг хангасан тохиолдолд шалгасны дараа хүсэлт гаргагчидиргэншлийн зөвшөөрөл олгоно” гэсэн байх юм.

Долдугаар зүйлд тусгай зөвшөөрлөөр иргэншил олгох хэмээгээд Нэгдүгээрт, Эцэг болон эх нь БНСУ-ын иргэн, Хоёрдугаарт, БНСУ-д онц их гавьяа байгуулсан хүн, Гуравдугаарт, Шинжлэх ухаан, эдийн засаг, соёл, биеийн тамир спортын салбарт өндөр амжилт гаргасан, энэ нь БНСУ-дхувь нэмэр оруулсан хүн гэж тодотгожээ.

БНСУ-Д ГАДААД УЛСЫН ИРГЭНШЛИЙГ АШИГЛАХГҮЙ БАЙНА

Энэ хуулийн аравдугаар зүйлд анхаарал татах нэгэн заалт байгаа юм. Тэр нь БНСУ-ын иргэншил авсан этгээд гадаадын иргэншлээс татгалзах үүргийг нь зааж өгсөн байна. Дээрх зүйлийн нэгдүгээрт БНСУ-ын иргэншил авсан иргэн нь иргэншил авсан өдрөөс эхлэн нэг жилийн дотор гадаад улсын харьяат иргэншлээс гарах ёстой.

Хоёрт ньдээрх нэгдүгээр зүйлд зааснаас өөрөөр дараахь нөхцлүүдийн (иргэншил авах болзолт нөхцөлүүд долдугаар зүйлийн хоёр болон гурав дахь хэсэг) аль нэгэнд БНСУ-ын иргэншил авсан эхний өдрөөс нэг жилийн дотор гадаад иргэншлээс татгалзах юм уу эсвэл Хууль зүйн сайдын тогтоосноор БНСУ-д гадаад улсын иргэншлийг ашиглахгүй байна хэмээжээ. Энэ хууль нь 2010 онытавдугаар сарын 4-нд шинэчлэгдэн найруулагдсан юм байна. Хууль талаасаа ийм байгаа ч улс төрийн орогнолын тухай асуудал бол тодорхой хүрээний хуулиуд болон зарим шалтгаан нөхцөлийн улмаас шийдвэрлэх бас боломжууд байдаг бололтой.

Н.ЭНХБАЯРТАЙ ХОЛБООТОЙ ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ЮУ БОЛЖ БАЙНА ВЭ

МАХН-ын дарга Н.Энхбаяртай холбоотойэрүүгийн хэрэг дахинүүсгэн шалгаж буй тухай мэдээлэлөнгөрсөн наймдугаар сарын эхээр манай хэвлэлээр гарч эхэлсэн. Харин үүний дараа буюу есдүгээр сарын сүүлээр түүнийг БНСУ-ын иргэншилтэй болсон хэмээсэн анхны мэдээлэл гарсан.Харин энэ сарын эхээр БНСУ-ын зарим хэвлэл Н.Энхбаярыг тус улсын иргэншилтэй болсныг зарласан. Цаг хугацааны хувьд дээрх мэдээллийн уялдаа холбоо ийн өрнөж байна. Тэгвэл түүнийг буруутган шалгаж буй хэрэг юу болж байгааг сонирхлоо.

МАХН-ын дарга Н.Энхбаяр нь 2011 онд “Империал Гоулд” ХХК-ийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн I хороо, Гэндэнгийн гудамжинд орших 900 метр квадрат талбай бүхий (одоогийн МАХН-ын байрлаж байгаа) хоёр давхар байрыг эзэмшил газрынх нь хамт 1.5 сая ам.доллараар худалдан авахаар тохиролцсон байдаг. Улмаар өөрийн төрсөн дүү Н.Энхтуяагийн нэр дээр бүртгэлтэй “Эскон” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Цэнгэлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулуулсан. Гэрээнд тухайн байрыг худалдан авах үнийг 500.000 ам.доллар гэж тусган үлдэгдэл нэг сая ам.доллараа өнөөдрийг хүртэл төлөлгүй АНУ-ын иргэн “Г”-д онц их хэмжээний хохирол учруулсан хэмээн үзэж буруутгасан. Түүнд Эрүүгийн хуулийн 148.4-ийн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Энэ зүйл ангид”Бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах гэмт хэргийг онц аюултай гэмт хэрэгтэн, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, түүнчлэн энэ хэргийн улмаас онц их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хурааж, 10-15 жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ” хэмээн заасан байдаг. Энэ хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа хийж дусаагүй байгаа гэдэг мэдээллийг эх сурвалж өглөө. Өөр ямар нэгэн хэрэг мөрдөн байцаалтын ажиллагааны үед нэмэгдээгүй гэнэ.

Г.ЯЛГУУН

Categories
мэдээ спорт

Олимпийн төгөлийн нээлт боллоо

Монгол Улс зуны Олимпийн наадамд анх удаа оролцсоны 50 жилийн ойн энэ жил тохиож байна. Ойн арга хэмжээнд Олимпийн алдартнуудын дурсгалыг мөнхлөх Олимпийн төгөлийн нээлтийн ёслол өнөөдөр буюу аравдугаар сарын 11-ний 11.00 цагаас Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд боллоо. Тус үйл ажиллагаанд “Токио-64” Олимпийн наадамд оролцсон ахмадууд, МҮОХ, ССАЖЯ, Спорт бэлтгэлийн төв, шигшээ багийн ба өсвөрийн тамирчид оролцсон юм. Олимпийн төгөлийн нээлтээр үе үеийн тамирчид 100 ширхэг мод тарив.

Categories
арын-нүүр булангууд мэдээ нийгэм

Намрын дунд сарын арван долоон

Монголчууд намрын дунд сарын арван долооны өдрийг хэзээнээс бэлгэшээж насны хань болох сэтгэлийн амрагтайгаа заяагаа зангиддаг уламжлалтай. Энэ жилийн хувьд бар өдөр давхцаж тал нутгийнхан унага тамгалах найраа хамтатган ёсолж байгаа. Эл билэгт сайн өдөр Гэрлэх ёслолын ордонд далан долоон хос гал голомтоо бадраах ёсоо үйлдлээ. Хөдөө нутагт ч олон хос тоонот гэрт толгой холбож, жаргалын дугараа мэлтрүүлж байгаа. Хүдэр залуус ороолон чавхдах унагадыг уургалан барилж, галд улайдсан тамгыг шархийтэл даран, хүлэг эрдэнээ эзний ёсоор тойлж байгаа. Намрын дунд сарын арван долооны өдөр орой намрын бороо шивэрч, уулсын орой будантан байна. Сэтгэлд гуниг, баяр ээлжлэн хургана. Угаас хүний амьдрал жаргалтай бас зовлонтой. Намар хэдий гунигтай ч залуу хосын сэтгэлд гэрэл гэгээтэй дурсамжаар дүүрэн үлддэгээрээ сайхан. “Жаргалтайн дэлгэр ээ” гэсэн уртын дууны шуранхай өргөө гэрийг нисгэх шахан жигүүрлэж, улаа бутарсан халмаг хүмүүс мөнөөх дууны үгийг гүйцэд мэдэхгүй ч “Ээ ээхийгээ” хэмээн баясгалантай сайхнаар түрэн дуулцгаана. Уяа шузга дээр мөнгөн тоног бүхий ганган боржигон эмээлтэй морьд молор эрдэнийн толгойгоо хаялан дүүхэлзэж, хазаарын амгайгаа хазлан эвшээцгээнэ. Залуу хос биесийг түшин жаргалтайхан залхуу маягаар талимааран хоймор голлоно. Өвгөд настан намбатайхан дүмбийцгээж, хэд гурван дугарааны дараа сургааль айлдан, “Халзан цагаан хонь, халтар гүүний унага аваарай” гэж халуун хошуут мал амлан мөнгөн аягатай сүүг цэнхэр хадган дээр мэлтэгнүүлэн барина. Найр хавтгайрч, өрх үүсгэж сум сунгасны жаргалтайн дэлгэр бүрдэнэ. Намрын дунд сарын арван долоонд найр хурим өрнөж, насны жаргал ирнэ.