Categories
мэдээ спорт

Э.Даваахүү оюутны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Арабын нэгдсэн Эмират улсад болж буй буудлагын оюутны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс ОУХМ Э.Даваахүү хүрэл медаль хүртэж, Монголын баг шилдэг гуравт багтлаа.

Өчигдөр буюу аравдугаар сарын 11-нд болсон хийн гар бууны эрэгтэйчүүдийн дасгалд нийт 30 буудагч буудсанаас БНСУ-ын Пак Даехун түрүүлж, Чехийн Дубов Жиндвич, ОУХМ Э.Даваахүү нар мөнгө, хүрэл медаль хүртлээ. Э.Даваахүү шигшээ буудлагад 6-р байраар шалгарч 176,1 оноогоор медалийн тавцанд зогслоо. Багийн дүнгээр Польшийн баг тэргүүлж, Румын, Монгол Улсын багууд мөнгө, хүрэл медаль хүртлээ. Манай улсын багийн бүрэлдэхүүнд ОУХМ Э.Даваахүү, спортын мастер О.Төгөлдөр, спортын мастер Н.Цэрэнтогтох нар багтжээ.
Оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр өндөрлөх бөгөөд Монгол Улсын баг нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн амжилтаар тэмцээнийг үргэлжлүүлж байна.
Тэмцээний хоёр дахь өдөр буюу аравдугаар сарын 9-нд болсон эмэгтэйчүүдийн 25 метрийн спорт гар бууны дасгалд ОУХМ Т.Баярцэцэг мөнгөн медаль хүртсэн юм.

Categories
мэдээ спорт

Баянзүрх хайрханы хишиг барилдаан болно

Монголын Үндэсний Бөхийн Холбоо, Бридж групп хамтран зохион байгуулдаг “Баянзүрх хайрханы хишиг” барилдаан өнөөдөр буюу аравдугаар сарын 12-ны өдрийн 14.00 цагаас Монгол бөхийн өргөөд болно. Энэ цагийн бөхийн өнгийг тодорхойлж буй улс, аймгийн алдар цолтой хүчит 256 бөхийн барилдаан болох бөгөөд үзэгчдээс хагас саятан хоёрыг, азтан үзэгч хоёрыг тус тус тодруулах юм байна.

2007 оноос анхлан зохиогдож эхэлсэн Баянзүрх хайрханы хишиг барилдаанд Г.Эрхэмбаяр аварга хоёр удаа түрүүлжээ. Мөн дархан аварга Г.Өсөхбаяр, улсын арслан Д.Азжаргал, улсын заан Б.Соронзонболд, улсын начин Ду.Батбаяр тус тус нэг удаа түрүүлжээ. Харин өнгөрсөн жил улсын харцага Ц.Содномдорж түрүүлж, улсын харцага Н.Батсуурь үзүүрлэсэн байна.

Categories
гадаад мэдээ

“Исламын улс” бүлгийнхэн ирак сэтгүүлчийг хөнөөв

“Исламын улс” террорист бүлгийнхэн Иракийн сэтгүүлчийг дүүгийнх нь хамт хөнөөв. Мөн өөр хоёр хүнийг цаазалсан нь танигдаагүй байна. Амь үрэгдэгсдийн ар гэрийнхний мэдээнээс үндэслэн энэ тухай Agence France-Presse дамжуулав.

Багдадаас хойших Самра тосгонд тэднийг олны өмнө цаазалжээ. Гучин долоон настай сэтгүүлч Раад Аль-Аззави нь Sama Salah Aldeen TV телевизийн зураглаач байжээ. Түүнийг гэрээс нь дүүгийн хамт исламчууд есдүгээр сарын эхээр хулгайлсан юм. Тосгоны хүмүүс түүнийг Засгийн газартай хамтран ажилладаг гэж дайчдад хэлсэн бололтой хэмээн арын гэрийнхэн нь ярьжээ.

Мөн энэ үеэр ИУ бүлгийн дайчид Сирийн Кобани хотыг хамгаалж байсан курдын цэргийнхний штабыг эзэлсэн байна. Одоо уг хотын 40 хувийг исламчууд хяналтдаа аваад байгаа гэнэ. Хэрэв тэд хотыг эзлэвэл 12 мянган курдууд хэлмэгдэж магадгүй

Categories
мэдээ спорт

Баянзүрх хайрханы хишиг барилдаан маргааш Монгол бөхийн өргөөнд болно

МҮБХ-ноос улирал бүр явуулж хэвшсэн “Бөхийн баяр” цуврал таван барилдаан байдаг. Энэ таван барилдаанд улс аймгийн цолтой, аймаг цэргийн цолтой, сумын цолтой, өсвөр бөхчүүдийн, нийтийн монгол шандастнуудын гэсэн таван барилдаан багтдаг билээ.

Тэгвэл “Намар цагийн бөхийн баяр” барилдааны нэг өсвөр бөх болон нийтийн монгол шандастнуудын барилдаан өнөөдөр 14.00 цагаас Монгол бөхийн өргөөнд болох гэж байна.

Мөн Монголын Үндэсний Бөхийн Холбоо, Бридж групп хамтран зохион байгуулдаг “Баянзүрх хайрханы хишиг” барилдаан маргааш буюу аравдугаар сарын 12-ны өдрийн 14.00 цагаас Монгол бөхийн өргөөд болно. Энэ цагийн бөхийн өнгийг тодорхойлж буй улс аймгийн алдар цолтой хүчит 256 бөхийн барилдаан болох бөгөөд үзэгчдээс хагас саятан 2-г, азтан үзэгч 2-г тус тус тодруулах юм байна.

2007 оноос анхлан зохиогдож эхэлсэн Баянзүрх хайрханы хишиг барилдаанд Г.Эрхэмбаяр аварга хоёр удаа түрүүлжээ. Мөн дархан аварга Г.Өсөхбаяр, улсын арслан Д.Азжаргал, улсын заан Б.Соронзонболд, улсын начин Ду.Батбаяр тус тус нэг удаа түрүүлжээ. Харин өнгөрсөн жил улсын харцага Ц.Содномдорж түрүүлж, улсын харцага Н.Батсуурь үзүүрлэсэн байна.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын гишүүн Д.Батцогт АН-ын гишүүн боллоо

“Монголоо шинэчилье” уриатай Ардчилсан хүчний холбооныхон энэ сарын эхээр чуулга уулзалтаа хийсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Батцогт тус холбоонд нэгдэж, гишүүний үнэмлэхээ гардаж авсан билээ.

Түүнчлэн тэрбээр холбооны дэргэдэх “Шонхор” клубийн гишүүн болсон юм. Тэгвэл Д.Батцогт гишүүн Д.Батцогт АН-ын гишүүн болсон байна. Түүний үнэмлэхийг Сүхбаатар дүүргийн АН-ын дарга НИТХ-ын дарга Д.Баттулга гардуулжээ.

Сонирхуулахад Д.Батцогтын хувьд өнгөрсөн дөрөвдүгээр сард МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгээс гарч, сул гишүүн болоод байсан.

Тэрбээр бүлгээс гарах шалтгаанаа гишүүдтэйгээ олон асуудал дээр санал нэгдэхгүй, үзэл бодол зөрчилдөх болсон хэмээн тайлбарласан билээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

УИХ-ын дарга болон гишүүд мод тарив

Өнөөдөр мод тарих үндэсний өдөр тохиож байгаа билээ. Тиймээс УИХ-ын дарга Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа. Тэрбээр жилд хоёр удаа мод тарьдаг бөгөөд энэ удаад УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт, УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Д.Арвин, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар нар оролцлоо. Мөн УИХ-ын Тамгын газрын ажилтнууд мод тарих арга хэмжээнд оролцож нийт 200 гаруй мод суулгалаа.

УИХ-ын дарга З.Энхболд мод тарих арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ, “Манай улс мод тарих үндэсний өдөртэй болсноос хойш улсын хэмжээнд 34 мянга гаруй аж ахуй нэгж, 800 гаруй мянган иргэн, долоон сая ширхэг мод тариад байна. Манай улсын нийт нутаг дэвсгэрийн 8.3 хувийг ой эзэлдэг.

Тиймээс бид бүх нийтээрээ моджуулах ажлыг идэвхтэй хийх хэрэгтэй байна. Өнөөдрийн мод тарих арга хэмжээнд УИХ-ын Тамгын газрын ажилтнууд оролцож байгааг онцлон хэлмээр байна” гэв.

Энэхүү мод тарих арга хэмжээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Баянзүрх дүүргийн 21 дүгээр дунд сургуулийн 4 дүгээр ангийн сурагчид, Баянзүрх дүүргийн Боловсролын газрын ажилтнууд оролцлоо.

Categories
гадаад мэдээ

Эболагаар 3860 хүн амиа алдаад байна

Баруун Африкийн орнуудад дэгдсэн эбола вирусын улмаас өнөөдрийн байдлаар 3860 хүн амиа алдаж, 8200 хүн халдвар аваад байна. АНУ-ын эболатай тэмцэх албаны дарга Томас Фриедэн хэлэхдээ “Эболагийн халдвар авсан хүмүүсийн 70 хувь нь амиа алдлаа. Ганцхан долоо хоногийн дотор Гвиней, Нигер, Сьерро-Леон, Либерид 356 хүн амиа алдсан. Тэдний ихэнх нь 17-55 насныхан. Эбола нулимс, нус, хөл зэргээр халдвар дамждаг учир олон хүн нэгэн зэрэг халдвар авч байна. ДЭМБ-ын тооцоолсноор энэ оны сүүл гэхэд эбола вирусээр 20 мянган хүн амиа алдах магадлалтай байна. Бидэнд зогсоох хүч дутаж байна. Хэд хэдэн орны эмч нар эболаг зогсоох тариа гаргахаар ажиллаж буй ч үр дүнгээ өгөхгүй байна. Үнэндээ эболаг зогсоох ямар ч арга алга” гэж хэлжээ. НҮБ-ын эрүүл мэндийн хүрээлэнгээс эбола вирус тун удахгүй Европын зарим орнуудад дэгдэх магадлалтай байгаа гэв. Эболагийн халдварыг АНУ-ын таван иргэн, Британийн гурван иргэн, Испанийн гурван иргэн аваад байгаа юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ц.Элбэгдорж: Нэг мод 10 хүний хэрэглэснийг байгальд эргүүлж нөхдөг гайхамшигтай

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2010 оноос эхлэн жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гаригийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” болгон зарласан юм. Тиймээс энэхүү өдөр өнөөдөр тохиож байна. Түүнээс хойш уг өдрийг ес дэх удаагаа орон даяар тэмдэглэж байгаа аж. Ерөнхийлөгчийн зарлиг гарснаас хойш Монгол Улсын хэмжээнд нийт долоон сая мод тарьжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Мод үржүүлгийн “УБТ” компанийн үйл ажиллагаатай танилцаж, нийслэлийн Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр, Дамбадаржаагийн аман дахь Ой судалгааны хөгжлийн төвийн Модлог ургамлын цэцэрлэгт мод тарилаа.

“УБТ” буюу “Улаанбаатар мод” компани нь 2011 оноос эхлэн мод үржүүлэх, уул уурхайн нөхөн сэргээлт, ойжуулалтын чиглэлээр давхар үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж юм. Тус компанийнхан ойгоос ургаа мод сугалж өөр газарт шилжүүлэн суулгах бус модыг үр, мөчрөөр нь үрслүүлж ургуулдаг онцлогтой.

Монгол Улсын Ерөнхийлөгчийг тус компанид очиход Биологийн ухааны доктор, дендрологич Б.Чимид болон компанийн ажилтнууд ажлаа танилцууллаа. Тус компани нь мод үржүүлгийн талбайн үрийн хэсэг, бойжуулах хэсэгтэй. Модлог ургамлын хүлэмжийн үрийн хэсэгт 10 хүлэмжид навчит болон шилмүүст мод, сөөгийг үр, мөчрөөр нь бортгонд тарьж ургуулж байгаа бөгөөд одоогийн байдлаар 80 гаруй мянган суулгац ургаж байна. Бортгонд ургуулсан суулгацыг хавар,намар, зуны аль ч улиралд шилжүүлэн суулгах боломжтой юм. Тэгэхдээ нэг га-д 2500 ширхгийг тарих нормтой аж. Үрийг 40 метрээс доошгүй өндөртэй шилмэл сайн чанарын модноос сонгон цуглуулж авдаг юм байна. Самрын нэг боргоцойноос 30-40 үр авдаг. Нэг боргоцой 30-40 хуш мод болж үржих боломжтой, нэг стакан мойлны яснаас моносны бүтэн цэцэрлэг байгуулж болно гэдгийг дендрологич Б.Чимид тайлбарлалаа. Үрийг суулгац болтол нь өсгөөд 2-3 настайд нь тарих газарт нь шилжүүлэн суулгадаг ажээ. Энэ хооронд суулгацын бортого буюу өлгийг хэд дахин сольж томруулан ургах нөхцөлийг нь хангадаг байна.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж модыг үрээр үрслүүлж ургуулдаг аж ахуйн нэгжүүд олон болж, ажлын байрууд шинээр нэмж гаргаж байгааг сайшааж байлаа. Үрээр тарьсан мод нь ердийн тарьцаас гурав дахин түргэн ургадаг. Тэсвэр сайтай, дасан зохицох чадвар өндөр, эрт боловсорч үр жимс, самар өгөх, цэцэглэх чадвартай, үндэс нь өтгөн тул хөрс бэхжүүлж сэргээх боломжоор илүү, нүүрстөрөгчийн шингээлт сайтай зэрэг давуу талтай юм байна. Модлог ургамлын цуглуулгын талбайд 20 гаруй зүйлийн мод тарьжээ.

Модны суулгац бойжуулж буй үйл ажиллагаатай танилцсаныхаа дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сэтгүүлчдэд ярилцлага өгөв. Тэрээр хэлэхдээ “Өнгөрсөн хугацаанд байгаль орчны чиглэлээр дөрвөн удаа зарлиг гаргасан. Эхний зарлигийг 2010 онд гаргаж Мод тарих Үндэсний өдөр бий болгосон. Жилд хоёр удаа мод тарьдаг болсон. Энэ зарлиг гарснаас хойш Мод тарих өдрийг ес дэх удаагаа тэмдэглэж, нийт долоон сая модыг Монгол Улсын хэмжээнд тариад байна. Их ажил хийсэн. Эндээс гарсан нэг сайн үр дүн бол модыг үрсэлж ургуулдаг аж ахуйн нэгж олон болсон байна. Ажлын байр олон болсон. Ой модонд өөрөө ургаж байгаа модыг сугалж хот суурин газарт тарих нэрээр ой сүйтгэх бус, цөмөөд хаядаг самар, боргоцойг үрслүүлж олон төрлийн мод тарьж байгаа нь их сайн. Зуун үр зуун мод, мянган үр мянган мод болж нэмэгдэнэ. Үүгээрээ их сайн. Үрээр үрслүүлж тарьсан модны амьдрах чадвар асар өндөр байдаг. Мод тарих нэг хэрэг. Цаашдаа ургуулах нь чухал. Үрээр тарьсан модны 90 хувь нь амьдардаг гэсэн судалгаа байна.

Бидний гаргасан хоёр дахь шийдвэр бол Улаанбаатар хот, аймаг, сумдад цэцэрлэгт хүрээлэн байгуулах тухай зарлиг гаргасан. Үр дүн их сайн байгаа. Цэцэрлэгт хүрээлэнг уралдаж байгуулдаг болсон байна. Байгууллага, хүмүүс ойр орчиндоо модтой, ногоон байгууламжтай байхыг хичээдэг болжээ. Эндээс их сайн үр дүн гарч байна.

Гурав дахь чиглэл бол ард иргэдийн хамгийн их анхаардаг хууль бус мод бэлтгэлтэй тэмцэхтэй холбоотой зарлиг гаргасан. Энэ чиглэлд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, иргэний байгууллагууд гартаа барих шийдвэртэй болсондоо баярлаж байгаа. Зарлигийн хэрэгжилт жаахан тааруу байгаа ч ард иргэд, аж ахуйн нэгжүүд нийлж хамтарч ажиллахад үр дүн гарахаар харагдаж байна.

Дөрөв дэх нь байгаль орчны дулааралтай холбоотой нийтлэг шийдвэрүүд байгаа. Эдгээр үйл ажиллагаа ажил болж, хэрэгжиж байна” гэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч мөн “Мод тариад орхих нэг хэрэг. Мод ургуулах, хүүхэд арчлах хоёр ижил. Байнга арчилж тордож, өлгийг нь сольж байх учиртай. Монголын үрс маш олон болтугай гэдэг шиг Монголын ногоон мод улам олон болтугай гэж ерөөмөөр байна. Нэг хүн амьдралынхаа туршид маш их ус, хүчилтөрөгч хэрэглэдэг. Нэг мод 10 хүний хэрэглэснийг байгальд эргүүлж нөхдөг гайхамшигтай. Байгалиа бид ойлгох ёстой. Байгаль өөрөө мод гэдэг гайхамшгийг бүтээсэн. Үүнийг үрслүүлж, байгалийн бүтээсэн янзаар нь ургуулна гэдэг дэлхий нийтийн үйлсэд нэмэрлэх том ажил юм. Хууль тогтоох байгууллага, бодлого гаргадаг хүмүүс үүнийг дэмжиж хамтарч ажиллаж байгаад баяртай байгаа.

Нэг мод 500 наслахдаа хэчнээн хүний байгальд учруулсан хохирлыг эргүүлж нөхөх вэ гэдгийг бодох ёстой” гээд телевиз, сонинууд экологийн ногоон булан хөтөлж, түүнийг хариуцсан, экологи, байгаль орчны хойноос хөөцөлддөг зүрх сэтгэлтэй сэтгүүлчидтэй болсонд талархал илэрхийллээ.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн хавар, тавдугаар сард тэмдэглэсэн Мод Тарих үндэсний өдрийн үеэр хэвлэлд ярилцлага өгөхдөө нийт 20 гаруй мянган мод тарьж, 500 гаруй мянган тарьц бий болгосон хэмээж байсан юм. Өнөөдөр түүний тарьсан мод дахин шинэс, хуш модод, улаалзганын суулгацаар нэмэгдлээ.

Categories
гадаад мэдээ

Ким Чен Ун 100 хоногийн эмнэлгийн чөлөө авчээ

Хойд Солонгосын лидер Ким Чен Ун есдүгээр сарын 3-наас хойш олны өмнө харагдаагүй байсан нь шөрмөсөө сунгасантай холбоотой гэнэ. Энэ тухай Хойд Солонгосын Засгийн газар дахь эх сурвалж Reuters-т ярьсан байна.

Түүний хэлснээр, наймдугаар сарын сүүлчээр хийсэн цэргийн хээрийн сургууль дээр уг бэртлээ авсан гэнэ. “Генералууддаа хээрийн сургуульд оролцохыг тушаасан юм. Өөөрөө ч бусдын адил гүйгээд, мөлхөөд өнхөрч байв. Тэр үеэр Ким Чен Ун шөрмөсөө сунгасан” гэж эх сурвалж ярив.

Мөн тэрээр хэлэхдээ, илүүдэл жингийн улмаас лидер нь шагай, өвдгөндөө гэмтсэн гэлээ. Эхлээд хазганаад яваад байснаа сүүлдээ биеийн байдал нь муудсан” гээд биеэ сайжруулахын тулд зуун хоног хэрэгтэй болсон ч тэр төрийн удирдлагаа хийсээр байгаа гэлээ.

Аравдугаар сарын 10-нд Ким Чен Ун Хөдөлмөрийн намын 69 жилийн ойн арга хэмжээнд харагдаагүй нь түүний талаар олон янзын цуу яриаг гаргаад байгаа юм.

Categories
мэдээ улс-төр

“Эрдэнэт үйлдвэр”-ийн үйл ажиллагааны тухай хоёр улсын хэлэлцээрт өөрчлөлт оруулах асуудлыг УИХ хэлэлцэнэ

УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөл өчигдөр хуралдаж ирэх долоо хоногт УИХ болон байнгын хороодын хэлэлцэх асуудлыг батлажээ. УИХ-аар ирэх долоо хоногт Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг авч хэлэлцэхээс гадна өөр нэгэн чухал асуудал нь “Монгол-Оросын “Эрдэнэт үйлдвэр” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т өөрчлөлт оруулах тухай, “Монгол-Оросын “Монголросцветмет” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т өөрчлөлт оруулах тухай хэлэлцээрийн төслүүдөвшилцөх/ багтаж байна.

Түүнчлэн нам, эвслийн бүлэг, ажлын хэсэг, байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар дараахь асуудлуудыг хэлэлцэнэ.

  • НЭГ.УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМ, ЭВСЛИЙН БҮЛГИЙН ХУРАЛДААН:

10 дугаар сарын 13-ны Даваа гарагт:

  • Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “А” танхимд;
  • Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн хуралдаан “Б” танхимд;
  • Улсын Их Хурал дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан “В” танхимд.

ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:

10 дугаар сарын 13-ны Даваа гарагт:

  • Төсвийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00 цагаас 334 тоот өрөөнд;
  • Зөвшөөрлийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 13.00 цагаас “В” танхимд;
  • Хүнсний тухай хуулийн хэрэгжилтийг шалгах үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “А” танхимд;
  • Нягтлан бодох бүртгэлийн тухай /шинэчилсэн найруулга/, Аудитын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төсвийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд;
  • Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас 334 тоот өрөөнд;
  • Чөлөөт бүсийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.30 цагаас “В” танхимд;
  • Төрөөс боловсролын талаар баримтлах бодлогыг шинэчлэн батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 15.00 цагаас 334 тоот өрөөнд;
  • Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 16.00 цагаас “Г” танхимд.

10 дугаар сарын 14-ний Мягмар гарагт:

  • Хүнсний тухай хуулийн хэрэгжилтийг шалгах үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 13.00 цагаас 334 тоот өрөөнд;
  • “Тэтгэврийн даатгалын шинэчлэл” сэдэвт Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хэлэлцүүлэг 14.00 цагаас “В” танхимд.

10 дугаар сарын 15-ны Лхагва гарагт:

  • Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн зарим зүйл, заалтын хэрэгжилтийг хянан шалгах үүрэг бүхий Өргөдлийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 13.00 цагаас “Г” танхимд;

ГУРАВ. БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:

10 дугаар сарын 14-ний Мягмар гарагт:

1.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 08.30 цагаас “А” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх/.

2.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “А” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/;

3.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 13.00 цагаас “А” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх, томилох тухай асуудал.

4.Төсвийн байнгын хорооны хуралдаан 13.00 цагаас “Б” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх, томилох тухай асуудал.

5. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “В” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх, томилох тухай асуудал.

10 дугаар сарын 15-ны Лхагва гарагт:

1.Аюулгүй байдал, гадаад бодлогын болон Хууль зүйн байнгын хорооны хамтарсан хуралдаан 09.00 цагаас “Б” танхимд:

Хэлэлцэх асуудал:

2.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан “Б” танхимд үргэлжилнэ:

Хэлэлцэх асуудал:

3.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан “А” танхимд үргэлжилнэ:

Хэлэлцэх асуудал:

  • Ажлын хэсэг байгуулах тухай /Гэмт хэргийн тухай, Зөрчлийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх/.

4.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 13.00 цагаас “А” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнээс чөлөөлөх тухай;
  • Төрөөс мөнгөний бодлогын талаар 2013 онд баримтлах үндсэн чиглэлийн биелэлт, 2014 оны үндсэн чиглэлийн хэрэгжилтийн явц, байдлын талаар Монголбанкны мэдээлэл сонсох.

5.Төсвийн байнгын хорооны хуралдаан 13.00 цагаас “Г” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Монгол Улсын 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай /төсөвт тусгагдах төсөл арга хэмжээний тухай/ хуулийн төслүүд /Засгийн газар 2014.10.01-ний өдөр Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуулийг дагаж өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

6.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 15.30 цагаас “Г” танхимд:

Хэлэлцэх асуудал:

ДӨРӨВ. МЯГМАР, ПҮРЭВ, БААСАН ГАРАГИЙН НЭГДСЭН ХУРАЛДААН:

1.Мягмар гарагийн 09.00 цагаас:

  • Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх/.

2.Мягмар гарагийн 11.00 цагаас:

  • Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/.

3.Мягмар гарагийн 15.00 цагаас:

  • Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх, томилох тухай асуудал.

4.Пүрэв, Баасан гарагийн хуралдаан:

  • Монгол Улсын 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай /төсөвт тусгагдах төсөл арга хэмжээний тухай/ хуулийн төслүүд /Засгийн газар 2014.10.01-ний өдөр Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуулийг дагаж өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Монгол Улсын 2015 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /нэг дэх хэлэлцүүлэг/;
  • Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл.