Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг боловсролд тэгш хамруулахын төлөө агаарын бөмбөлөг хөөргөх ёслол өнөөдөр 15 цагт Чингисийн талбайд болно. Хэдийгээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан тусгай дунд сургууль ажилладаг хэдий ч хүүхдүүд сурч боловсрох эрхээ бүрэн эдэлж чадахгүй хэвээр байгаа билээ. Эцэг эхчүүд болоод бусад хүмүүсийн хувьд ч хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд жирийн их, дээд сургуульд эрүүл хүүхдийн нэг адил суралцаж чадахгүй гэж үзсэн хэвээр байна. Тусгай сургууль төгссөн хүүхдүүдийн ирээдүй ч бусдаас тусдаа мэт сэтгэдэг хэвээр байгаа юм. Сонсголын бэрхшээлтэй хүүхдүүд мужаан, дарханаас өөр хийж чадах зүйлгүй, харааны бэрхшээлтэй иргэд сайндаа л массажист болдог. Тэгвэл тусгай сургууль төгссөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд цаашид их, дээд сургууль төгсөх боломжтой, бусадтай адил дээд боловсрол эзэмших эрхтэй гэдгийг сануулж энэ удаа бөмбөлөг хөөргөх ажээ. Хүүхдүүд хөгжлийн бэрхшээлээсээ үл шалтгаалан жирийн сургуульд сурч боловсрох эрхтэй гэдгийг олон нийтэд таниулах үүднээс бөмбөлөг хөөргөнө гэж зохион байгуулагчид хэлж байна.
Month: October 2014
Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулж байна. Өдөрлөг 11.00 цагт Сүхбаатарын талбай дээр нээлтээ хийсэн бөгөөд 17.00 цаг хүртэл үргэлжилнэ. Иргэдийг үнэ төлбөргүй, даатгалын дэвтэргүй үзлэг хийж зөвлөгөө өгнө.
Нээлттэй хаалганы өдөрлөгт Эрүүл мэндийн яамны харьяа эмнэлгүүд болон Нийслэлийн харьяа 16 эмнэлэг үйл ажиллагаагаа иргэдэд тайлагнаж, үзлэгийг хийж байгаа аж.
Улсын Их Хурлын даргын дэргэдэх Зөвлөлийн 2014.10.10-ны өдрийн хурлаар ирэх долоо хоногт УИХ болон байнгын хороодын хэлэлцэх асуудлыг баталжээ.
НЭГ.УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМ, ЭВСЛИЙН БҮЛГИЙН ХУРАЛДААН:
10 дугаар сарын 13-ны Даваа гарагт:
Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “А” танхимд;
Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн хуралдаан “Б” танхимд;
Улсын Их Хурал дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан “В” танхимд.
ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:
10 дугаар сарын 13-ны Даваа гарагт:
Төсвийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00 цагаас 334 тоот өрөөнд;
Зөвшөөрлийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 13.00 цагаас “В” танхимд;
Хүнсний тухай хуулийн хэрэгжилтийг шалгах үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “А” танхимд;
Нягтлан бодох бүртгэлийн тухай /шинэчилсэн найруулга/, Аудитын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төсвийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд;
Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас 334 тоот өрөөнд;
Чөлөөт бүсийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.30 цагаас “В” танхимд;
Төрөөс боловсролын талаар баримтлах бодлогыг шинэчлэн батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 15.00 цагаас 334 тоот өрөөнд;
Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 16.00 цагаас “Г” танхимд.
10 дугаар сарын 14-ний Мягмар гарагт:
Хүнсний тухай хуулийн хэрэгжилтийг шалгах үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 13.00 цагаас 334 тоот өрөөнд;
“Тэтгэврийн даатгалын шинэчлэл” сэдэвт Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хэлэлцүүлэг 14.00 цагаас “В” танхимд.
10 дугаар сарын 15-ны Лхагва гарагт:
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн зарим зүйл, заалтын хэрэгжилтийг хянан шалгах үүрэг бүхий Өргөдлийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 13.00 цагаас “Г” танхимд;
ГУРАВ. БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:
10 дугаар сарын 14-ний Мягмар гарагт:
1.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 08.30 цагаас “А” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх/.
2.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “А” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/;
Нийтийн сонсголын тухай хуулийн төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2014.07.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.
3.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 13.00 цагаас “А” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх, томилох тухай асуудал.
4.Төсвийн байнгын хорооны хуралдаан 13.00 цагаас “Б” танхимд:
Хэлэлцэх асуудал
Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх, томилох тухай асуудал.
5. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “В” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх, томилох тухай асуудал.
10 дугаар сарын 15-ны Лхагва гарагт:
1.Аюулгүй байдал, гадаад бодлогын болон Хууль зүйн байнгын хорооны хамтарсан хуралдаан 09.00 цагаас “Б” танхимд:
Хэлэлцэх асуудал:
“Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж, шийтгэхийн эсрэг НҮБ-ын конвенцийн Нэмэлт Протокол”-ыг соёрхон батлах тухай хуулийн төсөл /соёрхон батлах/.
2.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан “Б” танхимд үргэлжилнэ:
Хэлэлцэх асуудал:
“Монгол-Оросын “Эрдэнэт үйлдвэр” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т өөрчлөлт оруулах тухай, “Монгол-Оросын “Монголросцветмет” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т өөрчлөлт оруулах тухай хэлэлцээрийн төслүүд /зөвшилцөх/.
3.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан “А” танхимд үргэлжилнэ:
Хэлэлцэх асуудал:
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Банкны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2014.06.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг түтгэлзүүлэх санал гаргах тухай, хэлэлцэх эсэх/;
Иргэний хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2014.06.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх хөрөнгийн доод үнийг тогтоох тухай, хэлэлцэх эсэх/;
Ажлын хэсэг байгуулах тухай /Гэмт хэргийн тухай, Зөрчлийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх/.
4.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 13.00 цагаас “А” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Төрийн аж ахуйн үйл ажиллагааг хязгаарлах тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/;
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнээс чөлөөлөх тухай;
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2013 онд баримтлах үндсэн чиглэлийн биелэлт, 2014 оны үндсэн чиглэлийн хэрэгжилтийн явц, байдлын талаар Монголбанкны мэдээлэл сонсох.
5.Төсвийн байнгын хорооны хуралдаан 13.00 цагаас “Г” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Монгол Улсын 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай /төсөвт тусгагдах төсөл арга хэмжээний тухай/ хуулийн төслүүд /Засгийн газар 2014.10.01-ний өдөр Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуулийг дагаж өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Гаалийн тариф, гаалийн татварын тухай хууль болон Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2014.09.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, иргэний агаарын хөлөг, түүний сэлбэгийг татвараас чөлөөлөх тухай, хэлэлцэх эсэх/;
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2014.09.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс илүүгүй аж ахуйн нэгжийн төсөвт төлсөн орлогын албан татварын 90 хувийг буцаан олгох тухай, хэлэлцэх эсэх/.
6.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 15.30 цагаас “Г” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Төрөөс шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах бодлого шинэчлэн батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/;
Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/.
ДӨРӨВ. МЯГМАР, ПҮРЭВ, БААСАН ГАРАГИЙН НЭГДСЭН ХУРАЛДААН:
1.Мягмар гарагийн 09.00 цагаас:
Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх/.
2.Мягмар гарагийн 11.00 цагаас:
Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/.
3.Мягмар гарагийн 15.00 цагаас:
Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх, томилох тухай асуудал.
4.Пүрэв, Баасан гарагийн хуралдаан:
Монгол Улсын 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай /төсөвт тусгагдах төсөл арга хэмжээний тухай/ хуулийн төслүүд /Засгийн газар 2014.10.01-ний өдөр Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуулийг дагаж өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Галын аюулгүй байдлын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх үргэлжилнэ/;
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх/;
Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх/;
Номын сангийн тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/;
Монгол Улсын 2015 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /нэг дэх хэлэлцүүлэг/;
“Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж, шийтгэхийн эсрэг НҮБ-ын конвенцийн Нэмэлт Протокол”-ыг соёрхон батлах тухай хуулийн төсөл /соёрхон батлах/;
Төрийн аж ахуйн үйл ажиллагааг хязгаарлах тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/;
Нийтийн сонсголын тухай хуулийн төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2014.07.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Банкны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2014.06.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг түтгэлзүүлэх санал гаргах тухай, хэлэлцэх эсэх/;
Иргэний хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2014.06.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх хөрөнгийн доод үнийг тогтоох тухай, хэлэлцэх эсэх/;
Төрөөс шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах бодлого шинэчлэн батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/;
Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/;
Гаалийн тариф, гаалийн татварын тухай хууль болон Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2014.09.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, иргэний агаарын хөлөг, түүний сэлбэгийг татвараас чөлөөлөх тухай, хэлэлцэх эсэх/;
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2014.09.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс илүүгүй аж ахуйн нэгжийн төсөвт төлсөн орлогын албан татварын 90 хувийг буцаан олгох тухай, хэлэлцэх эсэх/;
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2014 оны 10 дугаар сарын 16-17-нд Бүгд Найрамдах Итали Улсын Милан хотноо болох Ази, Европын 10 дахь удаагийн дээд хэмжээний уулзалт (АСЕМ)-д оролцоно. Ерөнхийлөгч мөн 10 дугаар сарын 14-15-нд Бүгд Найрамдах Австри Улсад албан ёсны айлчлал, 17-18-нд Унгар Улсад ажлын айлчлал тус тус хийнэ.
АСЕМ-ын дээд хэмжээний уулзалт нь эрх тэгш түншлэл, харилцан итгэлцэлд суурилсан Ази, Европын стратегийн яриа хэлэлцээ, үр ашигтай хамтын ажиллагааг эрчимжүүлэх зорилготой бөгөөд энэ удаагийн уулзалтад Ази, Европын 49 гишүүн улсын төр засгийн тэргүүн, Европын Холбооны Зөвлөлийн Дарга, Европын Комиссын Ерөнхийлөгч, АСЕАН-ы Ерөнхий нарийн бичгийн дарга нар оролцоно.
Австри Улсад хийх айлчлалын үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тус улсын Холбооны Ерөнхийлөгч Хайнц Фишер, Үндэсний Зөвлөлийн Ерөнхийлөгч хатагтай Дорис Бурес нартай тус тус албан ёсны уулзалт хийхийн сацуу Вена хотноо байрлах НҮБ-ын салбар төвийн байраар зочилж, Монгол, Австрийн бизнес форумыг нээж үг хэлнэ.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Унгар Улсад айлчлах үеэрээ тус Улсын Ерөнхийлөгч Янош Адер, Ерөнхий сайд Виктор Орбан болон бусад албаны хүмүүстэй уулзана. Айлчлалын хүрээнд Өтвөш Лорандын нэрэмжит их сургуулийн Төв Ази судлалын тэнхимийн дэргэдэх Монгол судлалын төвд зочилж, Монгол, Унгарын бизнес форумыг нээж үг хэлэхийн зэрэгцээ Төв Европын их сургуульд “Монголын ардчилал ба сургамж” сэдвээр мөн лекц уншина.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлал нь Бүгд Найрамдах Австри Улс, Унгар Улстай хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, ялангуяа эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэх, олон улсын байгууллагуудын хүрээн дэх хамтын ажиллагааг улам эрчимжүүлэхэд чухал түлхэц болно гэж үзэж байна хэмээн Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.
БНСУ-ын Сөүл хотноо Самбо бөхийн өсвөр үе, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. Тэмцээний хоёр дахь өдөр буюу өчигдөр дэвжээнд гарсан манай тамирчдаас өсвөр үеийн эмэгтэйчүүдийн 44 кг-ын жинд хүч үзсэн н.Отгонцэцэг хүрэл медаль хүртсэн бол 70 кг-д барилдсан н.Хулан алтан медаль хүртэж самбо бөхийн өсвөр үеийн дэлхийн аварга боллоо.
Мөн залуучуудын төрөлд барилдсан эмэгтэй бөхчүүдээс 48 кг-д хүч үзсэн н.Бадмаа хүрэл медаль зүүлээ. Харин залуучуудын аваргад хүч сорьсон эрэгтэй бөхчүүдээс 55 кг-д н.Батбаяр, 68 кг-ын жинд н.Баяртүвшин мөнгөн медаль хүртэж, +90 кг-д хүч үзсэн н.Пүрэвбаатар хүрэл меадлийн тавцанд зогслоо.
Ийнхүү тэмцээний эхний өдөр зургаан медаль хүртсэн манай баг тамирчид дахин зургаан медаль энгэртээ гялалзуулж, эх орны төрийн дууллаа эгшиглүүлэн, алтан соёмбот далбаагаа мандуулсан байна.
Тэмцээнд амжилттай оролцож буй баг тамирчиддаа амжилт хүсье.
Гэрэл зургийг “Mongolian sambo” хуудаснаас ашиглав.
Эрүүл мэндийн салбарынхны нээлттэй хаалганы өдөрлөг өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Улсын клиникийн нэг, хоёр, гуравдугаар эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төв, Халдварт өвчин судлалын төв болон дүүргүүдийн эрүүл мэндийн нэгдэл, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн гээд нийслэлд байрлах бүхий л эмнэлгүүд хоёр өдрийн турш Чингисийн талбайд байрлан иргэдэд үйлчилж байна. Эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд эрүүл аж төрөх, эрүүл мэндээ хамгаалах, урьдчилан сэргийлэх зөвлөгөө өгөхөөс гадна чих, хамар, хоолой, зүрх судас, хоол боловсруулах эрхтэн системийн үзлэг хийж, артерийн даралт үзэж байлаа. Эмчийн үзлэг хоёр өдрийн турш дараалал ихтэй байгаа бөгөөд иргэд шууд зорьж очоод үзүүлэх боломжгүй хоёр дахь шатны эмнэлэг буюу клинликийн эмнэлгийн эмч нарын үзлэг илүү их дараалалтай байна. Хүйтэн сэрүүний улирал эхэлсэнтэй холбоотойгоор ханиад, хоолойн өвчлөл их байгаа болохоор чих, хамар, хоолойн эмчид үзүүлэхээр илүү олон хүн дараалан зогссон байна.
Энэ удаагийн “Өдрийн зочин”-оор Инчоны Азийн наадмын аварга Д.Отгондалайг онцолж байна. Тэр бол Дорнодын хүүхэд. Тэнд төрсөн, өссөн, боксын гараагаа эхэлсэн. Дорнодын боксын дасгалжуулагч Ё.Төмөрбатаа гэж сайн эр бий. Зарим үед Монголын боксын шигшээ баг энэ хүний шавь нараар дүүрчих гээд байдаг. Өнөөдөр гэхэд Улсын шигшээд түүний гарын гурван шавь тоглодгийн нэг нь Азийн наадмын аварга болсон Д.Отгондалай юм. Д.Отгондалай бол түүний тэр олон шавь дотроос гарцаагүй Монголын дэвжээнээс хальж тоглох хүүхэд гэж Ё.Төмөрбатаа аль эрт оношилсон. Тэр нь үнэн байсан нь харагдаж эхэллээ. Гурван жилийн өмнө Д.Отгондалайг Тайванийн эзэн хааны цомд түрүүлэхэд нь бокс сонирхогчид “За энэ нөхөр үзүүлж өгөх юм байнаа” гэсэн итгэлээр харж эхэлсэн. Түүнээс хойшхи түүний амжилтууд энэ өдрүүдэд хангалттай бичигдэж байгаа учраас арай өөрийг бичье.
Тэр сая хэлсэн байна лээ, “Энэ жилийн улсын аваргад түрүүлэхдээ мөн л Ё.Төмөрбатаа багшийн удирдлагад бэлтгэлээ хийсэн” гэж. Үүнийг хүмүүс нэг их анзаарахгүй л дээ, харин багаас нь мэдэх миний хувьд анзаарсан. Учир нь тэрхүү Ё.Төмөрбатаа гэдэг нь одоо бараг 70 нас хүрсэн хүн. Дорнод аймгийн Хэрлэн сумын хойд захад хашаанд тахиа нохой тэжээсэн шигээ сууж байдаг хүн. Тэгсэн хэрнээ боксын улсын шигшээгийнхэн дэлхий, ази гэхчлэн том тэмцээнд явахаар эрчимжсэн бэлтгэлд орохоор хөдөөний тэр тагжгар бор өвгөн хотод ирж бэлтгэлийг нь удирддаг. Яагаад гэвэл үеийн үед түүний шавиар улсын шигшээ дүүрчихдэг болохоор түүнд тийм хүнд даалгавар ирдэг юм. 70 настай өвгөн хоёр гартаа өнөө ламп билүү, хүнд хар юмыг нь зүүчихээд хүүхдүүддээ нүдүүлээд байгаа нь аймаар. Энэ хэрийн насны хүн тэсэх үү. Ийм юм хийж яваа хүнийг чинь одоо аймаар гэж хэлэхээс өөр аргагүй. Ядаж мань эр чинь монгол гэхээсээ оросоор голдуу ярина. За тэгээд бэлтгэл хийлгэж байгаа энэ тэр бол бүр үхмээр. Д.Отгондалайгийн ард ийм нэг аймаар өвгөн дасгалжуулагч үргэлж байдаг болохоор тэр ийм эр зоригтой, тэвчээртэй тулаануудыг үзүүлж эхлэв.
Азийн наадмын аварга Д.Отгондалайгийн тоглолтыг үнэндээ ээж нь үзэж чаддаггүй юм. Энэ хүүг миний бие боксод дөнгөж хөл тавьж байсан 2003 оноос мэдэх болохоор ээжийг нь бас мэдээд байна л даа. Тэр айлын бага хүү. Шулуухан хэлэхэд тийм амар хялбар амьдралд өсөөгүй. Нэг ах нь Дорнод аймгийн зах дээр наймаа хийдэг байсан. Энэ ах нь Д.Отгондалайг сайн боксчин болгохын төлөө олсон бүхнээ зориулсандаа. Тэмцээнд уралдаанд явах зардлаас эхлээд хоол унд хувцас хунар юу эсийг тэр гэхэв. Энэ ах нь л наймаа хийж олсон жаахан орлогоороо болгодог байсан. Өнөөдөр нар нь гарч байгаа ганц хүн гэвэл ёстой тэр муу ах нь л байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Эхэнд ээж нь түүний тулаануудыг үзэж чаддаггүй гэж хэлсэн. Сая Инчоны Азийн наадмын аваргын төлөө Монголын боксчдоос Д.Отгондалай ганцаараа тоглохоор боллоо гэсэн шуугианыг ээж нь сонсоод тогтож суухад бэрх болсон гэдэг. “Манай муу жоохон бор банди яасан ч том юманд нь оролцож байгаа юм, тэр хүнийг нь дийлэх юм болов уу” гэхчлэн элдвийг бодсоноо ойр тойрныхондоо ярьсан байна лээ. Ингээд тоглолт нь эхэлж зурагтын өмнө бүгд суусан юм биз дээ. Отгон хүүгийнхээ тоглолтыг үзэхээс үргэлж халгаж, сэтгэлээ өвтгөж ирсэн ээж нь тэвчилгүй нэг харах гэж үзжээ. Чадаагүй гэнэ лээ, өмнөөс нь өвдөөд, байж суухын аргагүй болоод гараад ирлээ гэчихсэн Д.Отгондалайгийн охиныг тэвэрчихсэн тоглолт ид өрнөж байх үед гудамжинд алхаж явсан байна лээ. Хүний эх гэдэг ийм л эмзэг, үхтэл үр харамын жишээ. Өнөөдөр монголын боксоос Азийн наадмын анхны аварга болоод байгаа Д.Отгондалайгийн ээжийн хэлсэн “Спортын энэ олон алдартай тамирчдын ээжүүд бүгд л зовж суудаг байх. Гэхдээ боксын спортоор хүүхдээ тоглохыг харж зогсоо эх хүн шиг хэцүү хүн байддаггүй байх гэж бодох юм” хэмээсэн. Д.Отгондалайдаа хэлэхэд “Эх орныхоо нэрийг дуурсгалаа” гэх мэт том юм бодоод яах вэ, ээжийнхээ ачийг хариулж байгаа чинь л сайхан байна. Ингэж бодож байгаа чинь л их олон амжилтуудын эхлэл юм шүү. Д.Отгондалайдаа амжилт хүсье.
Ерөнхийлөгчийн ангийнхан
Урд эгнээний баруун гар талаас хоёр дахь нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж
“Хөөе, Дарьцэрмаа хаа байна. Бушуул, бушуул. Энэ анги саваа онгойлго” хэмээн он цагийн буурал хүрд духны үрчлээнд нь тодорсон хүрэл бор царайтай нөхөр малгайгаа авангаа хоолой мэдэн хашгична. Түүний энгэрт “Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан” гэх тэмдэг нарны гэрэлд ойн буух ажаам. Харахад урлагийн гэж хэлэхээргүй харин ч эсрэгээрээ хөдөөний сайхан монгол малчин хүмүүсийн нэг байна хэмээн бодогдохоор энэ эрхмийг Банзайн Батмөнх гэдэг. Ховд аймгийн Зэрэг сумын сургуулийн урдаа барьдаг, сургууль ч гэлтгүй сумынхаа нүүр царай болдог энэ шавилхан биетэй шаавай хөдөлгөөнтэй эр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн найман жилийн ангийнх нь хүүхэд. Ангийнхаа урлагийн үзлэгийг Элбэгтэйгээ хамтдаа авч гардаг байсан журмын нөхөр нь юм байсан аж. “Манай Элбэг чинь хэлэмгий гэж жигтэйхэн, мундаг шүлэглэнэ. Мань мэтийг ангайтал нь ярьдаг хүүхэд байсан. За тэр ой тогтоолттой нь ярих юм биш. Нэг уншсан бол шууд тогтоочихдог байлаа. Уншсан үлгэр, үүх түүхээ бидэнд ярина. Багаасаа л ер нь тодорчихсон юм шүү дээ” гэж ирээд л сайрхан ярих. Ерөнхийлөгчийн гэж тодотгож болох энэ ангийнхан 1971 оны намар Зэрэг сумын сургуулийн 1б ангид орцгоон Бааст багшийн шавь нар болцгоожээ. Ахлах ангид ороод монгол хэл, уран зохиолын багш Сүрэнхүүгийн шавь нар болсон түүхтэй. Тус ангийнхан 1979 онд 8б ангийг төгссөн бөгөөд түүнээс хойш 35 жил заримтай нь ч уулзаж чадаагүй одоо л уулзаж байна хэмээн ярьцгааж байсан юм. “Манай ангийн эрэгтэйчүүд Алтантээлийн хөндийг адуу шиг цамнаж өнгөрөөсөн” хэмээн ангийн охид ярьцгаасан бол “Орохын булгийг оргитол охидынхоо инээд дунд найман жилийг өнгөрүүлсэн” хэмээн хөвгүүд нь сайрхаад авсан юм. 35 жилийн ойн уулзалтын үеэр харамсалтай нь багш минь байхгүй байна. 30 жилийн уулзалтаар багш минь бидэнтэйгээ хамт байсан юм шүү” хэмээн самсаа шархируулан ярьцгаах. Ангийн багш нь өөрөө хөдөлмөр хүнийг бий болгодог гэдгийг яс манхандаа шингэтэл ойлгосон байсан тул ангийнхныгаа хар багаас нь ажил, амьдралын ухаанд сургасан юм байна. Сайн багш нарын шавь нар сайн явдаг юм аа.
Улсын аварга ногоочин Ноосонгийн Алтансүх маань Дарханы жимс ногооны Орхонд сайхан л амьдарч явна. Халзангийн Баатархүү, Намидын Дарьцэрмаа, Галигаан Байгалмаа, Тогмидын Уранчимэг гээд манай ангиас мундаг багш нар, Монгол Улсын Ерөнхийлөгч мөн төрөн гарсан байна хэмээн бахархангуй өгүүлэв. Мажгаан Гэндэн ангиасаа төрсөн Ерөнхийлөгчийн тухай ийн ярьсан юм. “Манай хүн чинь дотуур байранд хамт амьдардаг байлаа. Элбэг орой унтахад бидэнд үлгэр ярьдаг ажилтай.
2008 онд 30 жилийн ойгоороо уулзав
Байрны хоолонд орохдоо хоол нэмүүлэх хүүхэд байна уу гэхэд Элбэг бид хэд гараа өргөж нэмүүлнэ. Манай ангийнхан одоо сайн явцгааж байна. Би харин мал эргүүлдэг ажилтай л сумандаа амьдарч байна даа” гэсэн юм. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч 35 жилийн ойн уулзалтдаа ирж амжаагүй. Учир нь Тажикстаны Душанбед ШХАБ-ын орнуудын төрийн тэргүүнүүдийн 14 дэх удаагийн уулзалтад явж таарсан тул ангийнхандаа мэндчилгээ дэвшүүлсэн билээ. Ангийнхан нь “Уг нь манай Элбэг байсан бол сайхан байх байлаа. Гэхдээ Төрийн тэргүүн хүн тэр чухал уулзалтдаа заавал очих ёстой юм шүү дээ” хэмээн зөвтгөлөө. Ерөнхийлөгчийн ангийнхан монгол хэлний хичээлдээ сайн байсан бөгөөд нэг ч алдаатай бичдэг хүн байхгүй. Цэвэр бичгийн тал дээр бүр янзтай хэмээн Ядамын Алтанцэцэг хэлсэн юм. Тэрбээр өдгөө Ховд аймгийн Чандмань сумын Чандмань хөх уулс хоршооны захирлаар ажиллаж байгаа юм байна. Тэдний ангид Ж.Алтанцэцэг, Я.Алтанцэцэг, А.Алтанцэцэг гэсэн гурван Алтанцэцэг байжээ. Гурван алтан цэцгийг өндөр, дунд, намхан алтан цэцэг гэж нуруугаар нь ялгадаг байсан гэнэ. Би өндөр Алтанцэцэг нь байлаа шүү дээ гэв. Тэднийх гурван хүүтэй бөгөөд хамгийн бага нь их сургуульд оюутан, нөхөр нь Чандмань сумын Засаг даргын орлогчоор ажиллаж байгаа юм байна. Тэрбээр Элбэгээгийнхээ тухай ингэж ярьсан юм. “Элбэг их шогч хүүхэд байсан. Багадаа “Баавгай” шүлгийг их уншдаг байлаа” гээд шүлгийг нь цээжээр уншиж ангийнхаа 31 хүүхдийг хөгжөөгөөд авлаа. Мөн “Элбэгээ “Гахай” шүлгийг бас их уншинаа” гэлээ. Б.Батмөнх “Элбэг бид хэд намхан болохоор урдуур суудаг байсан. Юуг нь нуухав. Үймүүлнэ гэж үзүүлж өгнө. Манай энэ Алтаа бид хоёрын нэг онигоо бий. Сургуульд нь АСК тэмцээн болоход Элбэгийн санаачилгаар “Хорвоотой танилцсан түүх” зохиолоор бид жүжигчилсэн тоглолт хийж түрүүлж байсан” гэхэд “Алив би нэг дурсамж хэлье” гээд “Зургадугаар ангид урлагийн үзлэг болж Элбэг бид хоёр хөтөлсөн юм. Манай Элбэг Сүхбаатарын зураг барьж байгаад
“Сүх гэдэг хүү байжээ
Сүүлдээ харин баатар болжээ
Хонгор халиун унага байжээ
Хожмоо тэр хүлэг болжээ” гэж уншиж байсан юм. Бас л шүлэг бичнэ гэж үзүүлнэ шүү. Гурван жилийн өмнө тэр үед би гартаа барьж байсан зургаа хадгалсан зурагныхаа ард энэ дөрвөн мөрийг нь бичээд өгсөн” гэж байсан юм. Ангид ийн яриа өрнөж байтал арын ширээнээс атан тэмээ шиг биерхүү эр “Би нэг зүйл хэлье” хэмээн жаахан хүүхэд шиг ширээний араас гараа өргөдөг юм. Түүнийг Луутын Буяндэлгэр гэдэг. “Элбэг бид хоёр найман жил нэг ангид сурсан. Бид хоёр 1963 оны гуравдугаар сарын наймны өдөр зэрэг хорвоод мэндэлж байсан. Элбэг ангидаа хамгийн намхан нь би харин хамгийн өндөр нь байснаараа ялгаатай. Манай аав дотуур байрны тогооч байсан. Элбэг дотуур байранд амьдрахдаа аавын гарын хоолыг найман жил идсэн моньд доо” гээд инээмсэглэн үгээ залгичихав. Энэ ангиас Даржаагийн Чимэдбалжир Ерөнхийлөгчтэй хамт дотуур байрны нэг өрөөнд хамт амьдарсан юм байна. “Дотуур байранд найман жил амьдрахдаа зургаан жил нь Элбэгдорж бид хоёр нэг өрөөнд амьдарлаа шүү дээ. Элбэгийн аав намын хуралд ирэхдээ боорцог авч ирнэ. Өнөөхийг нь хуваагаад цохьчихно. Хэнийхээс ааруул ирэх бол гээд л өөр хоорондоо яриа үүсгэнэ. Сурагч байхад зурамны арьс авч ирэх даалгавар авч явдаг байлаа. Ангийн эрэгтэйчүүд тойрч сууж байгаад зурам хэрхэн намнаснаа хэд хоног ярьдаг байв шүү. Тухайн үед нэг намар 100 зурамны арьс нэг хүүхэд өгч хичээлийн хэрэгслээр шагнуулж байсан. Элбэг бид хоёр зурамны арьсаараа хичээлийн хэрэгслээр арай шагнуулж чадаагүй. Нөгөө ангийн Амаржаргал хоёр жил дараалан тэгж шагнуулсан. Сүүлдээ “Анчин” Амаржаргал нэр өгсөн дөө” гээд шилээ маажин суулаа. Чимэдбалжир цааш нь “Би яаж жолооч болох вэ гэж боддог байсан. Элбэгийн цээжинд ямар зүйл цохилж явсныг мэдэхгүй. Гэхдээ Элбэг хананд өлгөөтэй Оросын том удирдагч нарын зургийг хараад “Би эдэн шиг хүн болно” гэж хэлж байсан нь санаанаас гардаггүй юм” гэлээ.
35 жилийн дараа ангидаа
Тус ангиас төрсөн дөрвөн багшийн нэг “Алтангадас” одонт Намидын Дарьцэрмаа Зэрэг сумынхаа сургуульд 31 дэх жилдээ багшилж байгаа юм байна. Тэрбээр Сүрэнхүү багшаа дурсан “Оролдлого сайт оройд нь, оролдлого муут ёроолд нь хоцорно гэж багш маань сургадаг байсан. Ерөнхийлөгч маань багшийн энэ үгийг сэтгэлдээ үлдээж оролдлого сайтай байсан болохоор оройд нь гарч чадлаа. Багш маань бидний төлөө үнэхээр их зүтгэдэг байсныг өөрөө багш болоод мэдэрч сууна. 2008 онд Элбэг маань Улаанбаатарт ангийнхаа хүүхдүүд, багшийгаа урьсан. Тэр үед багш маань үнэхээр шавиараа бахархаж байсан” гэсэн юм. Тухайн үед ангиараа тоосго цохиж сургуульдаа өгдөг байсан юм шүү хэмээн Г.Байгалмаа хэлж байв. Тэрбээр “Элбэгдорж, Батмөнх хоёр их дүрсгүй. Манай анги наран талдаа цонхтой болохоор жигтэйхэн халуун. Охидууд гадуур хувцсаа нимгэлж, зарим нь эсгий гутлаа тайлаад хичээлдээ сууна. Тэр үед Элбэг, Батмөнх хоёр ширээн доогуур мөлхөж ороод гуталнууд аваад нуучихдаг байсан. Хичээл завсарлаад гутлаа өмсөх гэтэл гутал олдохгүй шүү дээ” хэмээн инээмсэглэв.
“Элбэг хичээлийн завсарлагаанаар хүүхдүүд шоглосон, толгой холбож шүлэглэж тоглоом наадам хийдэг элдэвтэй гэж жигтэйхэн хүүхэд байв. Бид сурлагаараа хэн нь хэнээсээ даваад гарах хэмжээнд байгаагүй. Харин хичээл зүтгэл хүнд амжилт авч ирдэг юм байна гэдгийг манай Элбэг харууллаа” хэмээн ангийнх нь онцолсон юм. Жужуухайн Шилхүү ангийнхаа хөвгүүдийг магтсаны дараа Дамдины Ундрам нар “Элбэг бид хоёр нэг бригадын хоёр юм аа. Элбэгээгийн ахынх Шовогт байдаг байлаа. Тиймээс ахынх руугаа их очно. Бид гэр рүүгээ явахдаа мөсөн дээгүүр бие биенээ хөөж гүйлдэн тоглож явсаар гэртээ харьчихна. Оройдоо бол тэр намайг ингэсэн тэгсэн гэсэн зарга ярьсаар л харьдаг байв.Элбэгийг Очирлхагва ах нь “Яахаараа чи эмэгтэй хүүхдийг уйлуулдаг юм” гэж ирээд хэд сайн загначихна” гэсэн юм.
Уран зохиолын хичээл орж байхад өгүүллэг уншуулдаг байж. Ангийн хүүхдүүд бүгд уншаад дууссаны дараа Ц.Элбэгдоржийг багш нь самбарын урд дуудан гаргаад уншсан өгүүллэгээ ярьж өг гэдэг байж. М.Гэндэн сурагч ахуй цагийнхаа тухайгаа нэмж ярих хүсэлт гаргасныг ангийнхан нь бүгд дэмжсэн юм. “Дотуур байранд Элбэг, Буянаа бид хэд хамт амьдарна. Дээл хувцасаа урагдтал барилдана. Манай Элбэг хүүхэд байхдаа бас л барилдвал барилдчихдаг, зурвал зурчихдаг, шүлэглэвэл шүлэглэчихдэг мундаг байсан. Бид байрны багшаас их айна. Байрны хүүхдүүд үймүүлж байгаад багшийг хараад нам болно. Багш байрны үүдэнд ирээд сар хийтэл хамрынхаа бөглөөсийг онгойлгоно. Энэ дуунаар нь бид дэг журмандаа ордог байлаа” гэсэн юм. Тухайн үед эмэгтэйчүүд нь ногоон, эрэгтэйчүүд нь хөх дээл өмсдөг байж. Барилдсаны харгайгаар хөөврөө хаяагүй тором шиг юмнууд л салбайсан хувцастай гүйлдэх нь энүүхэнд. Нэг удаа барилдаад дээлийнхээ зүүн ханцуйг тэр чигт нь тасдуулчихлаа. Тэгсэн ээж чинь ирчихлээ гэхээр нь яваад очтол нэг ханцуйтай дээл өмссөн хүүгээ хараад ээж ичсэн гэж жигтэйхэн. Ядаж байхад хотныхоо олон хүмүүстэй хамт ирсэн юм билээ” гэв. Дотуур байранд байхад байрны ах нар нь айлаас бууз хулгай хийлгэдэг байж. Авч ирсэн буузаа данханд чанаад иддэг байж. Олон хавар нэгэндээ гэгчээр нэг удаа баригдсан аж. Хүүхдүүдээс хэдийг идсэнийг нь асуутал 30 гаруй хүүхдээс мань Гэндэн хамгийн олон бууз идсэн болж таарчээ. Гэтэл маргааш нь том цаасан дээр гуашаар том том бууз зураад хүзүүнээс нь зүүгээд ширээн дээр зогсоожээ. Тухайн үед ичиж барихаа ч мэдэхгүй хүзүүн дэх “Том том бууз” гэсэн бичигтэй идсэн дөрвөн буузных нь зурагтай самбараа санжигнуулан зогсож байтал эгч нь ирээд хөлөөс нь чимхээд явжээ. Яахав дүүгийнхээ өмнөөс ичсэн нь тэр байж л дээ. Ахлах ангид байхад нь биеийн тамирын хичээл дээр гүйлгэсэн юм байна. Өнөө сахилгагүй Б.Батмөнх хамгийн ард гүйж явж. Ядаж нэг хүн гүйцье гээд өмнөө гүйж явсан охины араас хичнээн гүйгээд ч өмнө нь гарч чадаагүй тул шаралхсандаа гүйж яваа охиныг дэгээдэж унагачихаад гүйсээр хойноосоо хоёрт оржээ. Амьсгаа ч намдаж амжаагүй байтал ангийнх нь охин араас нь чулуу аваад шидтэл хөлийг яз цохьсон юм байна. Тэрбээр “Алтаа чиний шидсэн тэр чулуу миний хөлөнд ийм сорви үлдээсэн. 30 жил өнгөрөөд байхад ерөөсөө арилаагүй шүү” хэмээн үг хаях аж. Өнөөх нь хариуд нь “Мэхт мэхэндээ хө” гээд инээмсэглээд зогсох. Энэ мэтчилэн Ерөнхийлөгчийн ангийнхны түүх хөврөх ажгуу. Монгол орны алс баруун хязгаар Ховд аймгийг Зэрэг сум хэмээх буйдхан нэгэн суурин бий. Баатархайрханы цаст цагаан өвөрт Алтантээлийнхээ хөндийд хүүхэд насны дурсамжаа 35 жилийн дараа ийн сэргээсэн бүлгээ. Орохын булагт хүүхэд нас нь өдгөө ч оргилж, 60 жилийн түүхтэй сургуулийнх нь хананд тэдний үлдээсэн гэгээн аялгуу өдгөө ч сонсогдох мэт ээ.
Э.ЭНХБОЛД
УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Р.Бурмаатай ярилцлаа.
-Иргэдийн өргөдлийг хүлээн авч тухайн асуудлыг шийдвэрлэж өгөхөд ихээхэн үүрэг гүйцэтгэдэг гэдэг утгаараа Өргөдлийн байнгын хороо иргэдтэй ойр ажилладаг. Иргэдийн зүгээс ямар өргөдлүүд ихэвчлэн ирдэг вэ?
-Өргөдлийн байнгын хороо УИХ-аас батлан гаргадаг хууль тогтоомжийг боловсронгуй болгох, хэрэгжилтэд нь хяналт тавих асуудлаар ирүүлсэн өргөдлийг бүхий л салбараар хүлээн авч ажилладаг. Жилд 2000 гаруй өргөдөл иргэдээс ирдэг. Байгаль орчны нөхөн сэргээлт, учирсан хохирлыг төлүүлэх, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг хязгаарлах, шүтдэг уул ус, малын бэлчээр, байгалийн дурсгалт газруудыг хамгаалалтад авахуулах, тэтгэвэр тэтгэмж, нийгмийн халамжийн асуудал, малын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх, хүнсний аюулгүй байдал, боловсрол, газрын маргаантай асуудлууд гээд бүхий л чиглэлээр өргөдөл ирүүлж байна. Уул уурхайн үйл ажиллагаанаас болж олон салаа зам гарч бэлчээр талхлагдан, тоосжилт үүсэх, мал, хүний өвчлөл нэмэгдэж иргэдийн аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж байгаа талаар хандаж байна. Мөн төрийн албан хаагчдын нийгмийн баталгаа, халамжийн асуудал, шүлхийн голомт дээр олон хоногоор ажилласан байтал ажилласан хугацааны цалин, вакцинжуулах ажил дээр ажилласан зардлыг өгөхгүй байна гэсэн өргөдөл ирж байна.
-Өргөдлийн байнгын хороонд ямар шат дамжлагаар иргэдээс өргөдөл ирдэг вэ?
-Өргөдлийн байнгын хороо болон байнгын хорооны даргын нэр дээр хаяглагдсан бүх өргөдөл шууд ирнэ. Харин бусад байнгын болон дэд хороод Улсын Их Хурлын гишүүдэд ирүүлсэн өргөдлийг манайхаар шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн бол бид хүлээн авдаг. УИХ-ын гишүүн өөрт ирсэн өргөдөлтэй эхлээд өөрөө танилцана. Ингээд манай байнгын хороогоор шийдвэрлүүлэх үү, өөрөө шийдвэрлэх үү гэдэг түүний бүрэн эрхийн асуудал. Өргөдлөө шуудангаар, и-майлээр, ТҮЦ машинаар гээд өргөдөл хүсэлтээ гаргаж болох бүхий л хэлбэрээр хандаж болно. УИХ-ын цахим хуудас, манай байнгын хорооны цахим хуудас, facebook, twitter хуудсаар орж санал хүсэлтээ илгээж болно.
-Байнгын хороо ямар асуудлуудыг хэлэлцэх гэж байна вэ?
Байнгын хорооны дараагийн хуралдаанаар малын хулгайтай тэмцэх талаар иргэнээс ирүүлсэн өргөдлийг хэлэлцэнэ. Гэмт хэргийн тухай хуульд малын хулгайг бие даасан зүйл анги байлгах уу, өмчийн эсрэг бусад гэмт хэргийн хүрээнд шийдвэрлэж явах уу гэдэг дээр санал зөрүүтэй асуудал бий. Тусад нь зүйл анги оруулаагүй нөхцөлд нэг хонь хулгайлсан байлаа гэхэд хохирлын дүнгээрээ хэрэг үүсгэх хэмжээнд хүрэхгүй. Тусгайлсан зүйл анги оруулчихаар малын хулгайг заавал ингэж онцлох уу, бас нийгэмд ямар эерэг, сөрөг үр дагавар авч ирэх вэ гэдэг асуудал байна. Малын хулгайн гэмж хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилтийг шалгаж байна. Цаашлаад Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Газрын тухай хууль, Сэргээгдэх эрчим хүчний тухай, Боловсролын тухай хууль тогтоомжийн хэрэгжилттэй холбоотой олон өргөдлүүдийг хэлэлцэхээр бэлтгэж байна.
-Байнгын хороонос иргэнд ашигтай ямар асуудлууд шийдвэрлэж чадсан бэ?
-Өргөдлийн байнгын хороо 2014 он гарсаар иргэдийнхээ өргөдлийн дагуу 19 асуудлыг хэлэлцэж хуулийн хэрэгжилтийг хангаж, зөрчлийг арилгах асуудлаар Засгийн газарт чиглэл өгөөд байна.
Тухайлбал:
Нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын орлогын дээд хэмжээг Засгийн газраас жил бүр тогтоохтой холбоотой хуулийн заалтыг хэрэгжүүлж ажиллаагүй зөрчлийг арилгуулах, Засгийн газрын 1998 оны 92 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах;
Боловсролын салбарт ажиллаад тэтгэвэр тогтоолгоход олгодог нэг удаагийн мөнгөн тусламжийг зарим шалтгаанаар олгохгүй явж ирснийг шалгаж, иргэдийг хохиролгүй болгох, хуулийн заалтыг хэрэгжүүлэх;
Төрийн албаны хуульд заасан төрийн албан хаагчийн эмчилгээний зардлын 60-аас доошгүй хувийг байгууллагаас олгох хуулийн заалтыг хэрэгжүүлэх, төрийн албан хаагчид тусламж үзүүлэх журмыг өнөөдрийг хүртэл батлан мөрдөөгүй явж ирснийг шийдвэрлэх, шаардагдах зардлыг төсөвт тусгах;
Эрүүл мэндийн салбарын хууль тогтоомжийн хэрэгжилт хангалтгүй байгаа асуудлуудаар 23 заалт бүхий тогтоолыг баталж, Засгийн газарт тус тус чиглэл өглөө.
-Танай байнгын хорооныхон Дорноговь аймгийн Айраг сумын Цагаандэлийн агуйн нөхцөл байдалтай танилцахаар яваад ирсэн гэсэн. Нөхцөл байдал нь газар дээрээ ямар байна вэ?
-Дорноговь аймгийн Айраг сумын иргэдээс гаргасан өргөдлийн дагуу Байнгын хороо ажиллаж байна. Энэ бол олон иргэдийн нийтлэг эрх ашгийг хамгаалж гаргасан өргөдөл. Их хуралд ирж байгаа өргөдлийн дийлэнх нь хувийн шинж чанартай орон гэр хүсэх, сургалтын төлбөр, эмчилгээний мөнгө хүссэн өргөдлүүд байдаг. Өөрөөр хэлбэл УИХ-ын бүрэн эрхэд хамаарахгүй асуудлаар их өргөдөл гаргаж байна. Иргэд хувийн өргөдлөө шийдвэрлэх эрх бүхий байгууллагад хандах хэрэгтэй. Ахуйн шинжтэй асуудлаар туслалцаа хүссэн өргөдлүүд УИХ-ын гишүүний бүрэн эрхэд хамаарахгүйгээс гадна хориглогдсон байдгийг ойлгох хэрэгтэй. Цагаан дэлийн агуйн асуудлыг манай байнгын хорооны төлөөлөгчдөөс гадна мэргэжлийн хяналтын байцаагчид, нөгөө талаас агуй судлаач эрдэмтдийг оролцуулан шалгаж судалсан. Энэ орчмын газрыг лицензээр таван компани дамжуулан эзэмшиж ашигласан. Энэ хооронд бас нутгийн нэг иргэн энэ агуйгаас хууль бусаар ашигт малтмал олборлох явцдаа дэлбэлж, унаган төрхийг нь алдуулсан гэж байгаа. Ажлын хэсгийн санал дүгнэлт удахгүй гарч байнгын хороогоор хэлэлцэгдэнэ.
-Цаашид яахаар болсон бэ?
-Цагаан дэлийн агуйг улсын тусгай хамгаалалтад авч өгөөч гэсэн иргэний хүсэлт байна. Гэвч орон нутаг энэ тухай шийдвэрээ гарган Их хуралд тавих ёстой. Одоогийн байдлаар орон нутгаас Их хуралд энэ талаар ямар нэгэн хүсэлт шийдвэр ирээгүй байна. Сумын тусгай хэрэгцээнд авсан байна. Мэдээж унаган төрх нь алдагдсан энэ агуйг сэргээх хэрэгтэй болно.
-Арева компанийн үйл ажиллагаатай танилцсан гэсэн. Нутгийн иргэд бол маш бухимдалтай байдаг шүү дээ?
-Улаанбадрах сумын иргэнээс өргөдөл ирүүлэхдээ үхрээс бусад малын дотор эрхтэн усжилт явагдсан, уушги нь яр шархтай, элэг нь цагаан толботой болсон байдаг тул хүнсэнд хэрэглэдэггүй гэжээ. Мэргэжлийн байгууллагаар шалгуулж байж энэ талаар ярих боломжтой болно.
Бидний үйл ажиллагаа иргэд та бүхнээс ирүүлсэн өргөдөлд тулгуурладаг тул Улсын Их Хурал, түүний Өргөдлийн байнгын хороонд хандан хууль тогтоомжийг боловсронгуй болгох, хуулийн хэрэгжилтийг шалгуулах, сайжруулахтай холбоотой бүхий л асуудлаар санал, хүсэлт гарган хамтран ажиллаарай гэж хүсч байна.
Э.БОЛД
МАХН-ын дарга Н.Энхбаяр пүрэв гаригийн үдэш Улаанбаатар хотноо хүрэлцэн ирсэн. Тэрээр өчигдөр өглөө эртлэн Төрийн ордноор саатаж намынхаа гишүүдтэй уулзалт хийсэн. Мөн Ерөнхий сайдтай үдээс хойш уулзаж ярилцах цаг товлосон байлаа. Түүнийг “Шударга ёс” эвслийн бүлгийн гишүүдтэй уулзсаны дараа сэтгүүлчид дараахь тодруулгыг авсан юм.
-Бүлгийнхээ гишүүдтэй уулзлаа. Ямар асуудлаар санаа бодлоо солилцов?
-Ойр тойрныхоо хүмүүстэй санаа бодлоо солилцлоо. Гишүүд маань ямар үзэл бодолтой байгаагаа ярьж байна. Үнэндээ өнөөдөр тодорхой шийдвэрүүдийг гаргах гэж ирээгүй. Мэдээлэл авах гэж ирсэн болохоор тодорхой асуудлаар хуралдаж шийдвэр гаргасангүй. Удаан уулзаагүй хүмүүс уулзалдлаа. Биеийн эрүүл мэндээ асуулцлаа. Мэдээлэл солилцлоо. Эвслийн бүлэг гэдэг утгаараа жирийн сайхан уулзалт болсон. Тэгээд өнгөрсөн хугацаанд ингэж ажилласан, ирээдүйд ийм хандлагатай ажиллаж болох юм гэх мэтчилэн үзэл бодлоо солилцсон. Ер нь улстөрчдийн ярьдаг тэр зүйлүүдийг л өгүүлж байна.
-Засгийн газрын бүтцэд ямар өөрчлөлт орох юм. Таныг энэ бүрэлдэхүүний өөрчлөлтөд санал оруулж байгаа гэсэн?
-Санаачилгыг АН гаргасан. Тиймээс Ерөнхий сайдтай, АН-ын бодлогыг тодорхойлогчидтой уулзана. Гол нь тэдний саналыг бид сонсч яваа. Түүнийг л манай гишүүд ярьж байна.
-Бүрэлдэхүүн ямар байхыг ярилцав уу?
-Бүрэлдэхүүний талаар огт ярилцаагүй.
-Ер нь энэ Засгийн газрыг хэр хэмжээнд ажиллаж байна гэж дүгнэж байгаа вэ?
-Сонгууль дууссан учраас эвслийн Засгийн газрын мөрийн хөтөлбөр гэж гарсан. Түүнийг би дүгнэхээсээ илүү Ерөнхий сайд өөрөө УИХ дээр ярих нь зохимжтой байх. Түүнээс биш би “тэр нь тийм” гэж ярих эсвэл өмнөөс нь тайлан тавих нь ёс суртахууны хувьд доголдолтой, мэдээллийн хувьд ч боломж алга.
-Та ирснийхээ маргааш л Төрийн ордныг зорьж буйн учир юу вэ?
-“Шударга ёс” эвслийнхэн уриад “Та эвслийн тэргүүн, түүнийгээ битгий март. Уулзъя” гэсэн учраас л ирлээ. Түүнээс биш би эмчлүүлэх гэж ирсэн хүн шүү. Энэ агаарыг амьсгалж, хөдөө зорчиж, нуур ус, голын эрэг дээр очоод болж өгвөл жаахан цагаан идээ амсч, жирийн иргэдтэй уулзалт хийн эмчлүүлье гэж бодож байгаа. Миний хувьд улс төр чухал биш. Та бүхэн ч ингэж харж байгаа учраас асуугаад байх шиг байна.
Л.ТӨР