Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Намрын дунд сарын шинийн 17-ны өдөр өө гэж

Намрын дунд сарын шинийн 17-ны өдөр ямар их нөлөөтэй болоо вэ, Монголд. Балжинням, Дашням давхацсан намрын дунд сарын шинийн 17-ны билэгт сайн өдөр гэдэг нь “Хүчин төгсөхийн барилдлагатай, буяны үйл хийгээд шинэ хувцас өмсөх, чимэг зүүх, аливаа үйлийг хийхэд жилийн бусад бүх сайн өдрүүдийн дотроос онцгой, нэн өлзийтэй сайн өдөр” гэж байна. Үүнийг нь Монголын бүх хүмүүс мэддэг юм байна. Тийм болохоор монголчууд энэ өдрийг хүлээж, сонгож байгаад хүссэн бодсоноо хийдэг бололтой. Энэ удаагийн 17-ны өдөр нь хавтгайдаа хуртай байлаа. Тэгээд хуримтай. Хурим найр нь лав урьд хожид байгаагүй олон болсон дуулдана. Урьд жил нийслэлд 1400 орчим хурим болсон бол энэ тоо энэ жил 600-аар нэмэгджээ. Хурим ийн болсон бол түүнээс хол давсан бэр гуйх ажиллагаа Монголд энэ өдөр явагджээ. Эдгээрээс дутахгүй олон тооны хүүхдүүдийн даахины үргээлэг болсон сурагтай. Энэ бүгд найр ёслолын том жижиг ажиллагааг заавал дагуулдаг учиртай. Найр ёслолын ажиллагаа ямар нэг хэмжээгээр хаа сайгүй болж байна гэдэг чинь угтаа эдийн засаг шүү дээ. Эдийн засаг хямарлаа, мөнгө ховордлоо л гэнэ үнэндээ мөнгө хэзээ ч алга болдоггүй. Эдийн засгийн хямралтай холбоотойгоор мөнгөтэй хүмүүс бүгдээрээ “За энэ чинь юу болох гээд байна” гэж болгоомжлоод хав дарчихдаг. Ингэхээр л эдийн засаг царцчихаж байгаа юм. Ойрын төсөртөө ийм хөлдүү болчихоод байсан Монголын нийгэм дэх мөнгийг энэхүү намрын дунд сарын шинийн 17-ны өдөр гэсгээж өгөв. Одоо тоо бодоцгооё. Одооны залуус айхавтар болсон, заяа нь хадмынхантайгаа хамт амьдрахгүй. Тэгэхээр яахав, тусдаа гарна. Нийслэлд гэрлэсэн 2000 орчим хосын дийлэнх нь шинэ байранд орсон багцаа тоо байна. Дор хаяж 1200 орчим орон сууц ямар үнээр зарагдсан байна, нэг тоо гарна. Ингээд л эдийн засаг эргэлдэж байгаа нь энэ. Намрын дунд сарын шинийн 17-ны өдрийн хамгийн том эдийн засгийн тоо юм. Залуу хосод худын нэг тал нь машин бэлэглэж байгаа, за тэгээд хурим найрын бусад зардал бүгд л эдийн засаг. Ингэхээр энэ өдөр лав нийслэлийн хувьд эдийн засаг сэргэчихэж. Орон сууцаа зарсан барилгын компаниуд, машины худалдаа, ресторанууд, хувцасны дэлгүүрүүд… тэр байтугай малчны хотноос ууцаа авна шүү дээ. Хурим болохоор энэ. Тэгвэл бэр гуйна гэж яадаг юм. Нэг нөхөр хадаг хармаалж очоод хаалгаар нь шагайгаад “Охиноо өгвөл өг, байвал бай” гэж шидчихээд явчихдаг юм уу. Үгүй, хоёр талынхан сууж байгаад ёс горим хийнэ, найрлана шүү дээ. Энэ ч гэсэн бичил эдийн засаг. Ийм эдийн засгийн үйл явц өнгөрсөн баасанд нийслэлд лав хэдэн мянгаараа өрнөжээ. Хөдөөд бол бүр тоогоо алдаа биз. Хүүхдийн үсний үргээлэг мөн л хурим руу дөхөж мэдэх том эдийн засаг. Яагаад гэвэл монголчууд нялх амьтандаа голоосоо хайртай, гүн хүндэтгэлтэй ханддаг ард түмэн. Даахиа үргээлгэсэн өнөө муу жаахан амьтанд чинь мөнгө өгнө шүү дээ. Одоо бол шууд л нэр дээр нь нээсэн хадгаламжийн дэвтрийг гардуулаад байдаг болсон байна лээ. Банк багаар ч гэсэн авч байна. Ингээд яривал их юм бий. Өнөө царцсан мөнгөний нэг хэсгийг эдийн засгийн эргэлтэд оруулж өгсөн энэ удаагийн намрын дунд сарын шинийн 17 танд баярлалаа. За баахан эдийн засаг ярьчихлаа. Өөр энэ өдөр юу болов.

Энэ жилийн 17-ны өдөр Н.Энхбаяртай байв. Н.Энхбаяр энэ өдрийг сонгож Монголд орж ирсэн, тэгээд Төрийн ордон руу орсон юм билээ. Мань эр Солонгост байхдаа намрын дунд сарын шинийн 17-ны өдөр гэхэд олон жил “хаан ширээн”-д заларсан ордондоо ямар ч байсан очно гэж буддын шашинтай хүний хувьд шийдсэнээ ойрынхондоо хэлжээ. Ингэх аваас цаашдын зам мөрд маань учрал ерөөлтэй байх магад гэж тэр сүсэглэсэн байна. Өнөө хүчин төгсөхийн барилдлагатай-аливаа үйлийг хийхэд нэн өлзийтэй сайн өдөр гэдэгтэй нь холбоотой буй заа. Элдэв үйл, хилэнц ихтэй энэ эрийн яах гэж ирснийг нь янз бүрээр тааварлан мэргэлж буй хүмүүст хэлэхэд ийм юм билээ шүү.

Мөн энэ өдөр Хангарьд ордныхоо хаалгаар барагтай бол шагайдаггүй Үүл баатар хамаг албатаа, олон сэтгүүлчидтэй дагуулан давхиж баахан замын ажилтай танилцсан нь өнөөх л шинэ хувцас өмсөх, чимэг зүүх, аливаа үйлийг хийхэд нэн өлзийтэй сайн гэх энэ өдөртэй холбоотой юм билээ. Үнэхээр сайн өдөр юм бол Үүл баатар нь цас бороог үл тоон бүтээн байгуулалтын жаал жуул ажилтай танилцаатахъя, нэн өлзийтэй сайнаар бүтэж магад гэж тэр ярьсан байна лээ.

Аливаа үйлийг хийхэд сайн явдлууд энэ өдөр цааш үргэлжилсэн аж. Монголын барилгын салбарт том үйлдвэр нээгдсэн нь “Weiler” нэртэй. Төмөр бетон хана хийц үйлдвэрлэдэг “Weiler” үйлдвэр нь “Гранд байшин” ХХК-ийнх бөгөөд Герман улсын “WEILER” брэндийн шинэ технологи болох угсармал барилгын материалын үйлдвэрийг эх орондоо оруулж ирж буй нь энэ аж. Ингэснээр манай улсын барилгын салбар хүйтний улиралд сул зогсолт хийлгүй жилийн дөрвөн улиралд, цаг агаарын ямар ч нөхцөлд барилгын ажил явуулах боломжтой болж байгаа юм бус уу.

Сайн үйл хийх энэ өдрийг бас муу үйлээ хийхэд сайн өдөр гэж сэтгэсэн нөхөд байна. Намрын дунд сарын шинийн 17-ны өдрийн 16.00 цагийн орчим ломбард ухаж байгаад хоёр нөхөр баригдсан нь энэхүү билэгт сайн өдрийг хүлээж байгаад хийсэн үйлдэл гэнэ. Хороололд болсон хэрэг явдал аж. Тэр өдөр дүүгийнхээ хуримд оролцохоор ломбардын эзэд явах ёстойг мань хоёр урьдчилж мэдэж байжээ. Анхны мэдүүлгээрээ тэд бас сонин мэдүүлэг өгсөн дуулдах юм. Ямар өдөр, яаж хулгай хийвэл зохилтойгоо ламаас асуусан гэж. Тийм юм асуудаг нөхөд, асуусанд нь мэрэг төлгөө буулгадаг лам байдаг байх нь. Ингээд өнөө лам нь тэр хоёрт “Намрын дунд сарын шинийн 17-ны өдөр л тэр ломбардаа ухвал өлзийтэй сайн” гэсэн юм биз дээ. Лам багшийнхаа зааснаар мань хоёр хөдөлжээ. Гэгээн цагаан өдөр болохоор хүмүүс ломбардын эзэд нь л түлхүүрээ хаячихаад цоожоо ухаад мунгинаж байна даа гэж бодоод ер харгүй байсан гэсэн. Авдгаа аваад гардгийн даваан дээр бас л 17-ны өдөр тэр хоёрыг барьж өгсөн байгаа юм. Ломбардын эзэд энэ сайн өдөр ажил дээрээ даллага авахуулахаар ламтай тохирсон байгаад амжиж иртэл өнөө хоёр хамаг байдгийг нь цүнхэлчихсэн зогсож таараад баригджээ. Эндээс харахаар хулгайч, хударгагүй хүмүүс бас үйл хийхдээ энэ өдрийг өлзийтэй сайн гэж үздэг юм бус уу.

Намрын дунд сарын шинийн 17-ны буян хишиг маргааш нь ч үргэлжилж байна лээ.Нийслэлийн замууд ямар ч түгжрэлгүй сайхан байна лээ. Урьд өдрийн их хурим найраас хишиг хүртэгсэд гэртээ л хэвтээд байх шиг байсан.

Categories
арын-нүүр булангууд мэдээ нийгэм

Худлаа ярьсан чинь баригдаад…

Фэйсбүүк, твиттер хоёроос болоод захиралдаа, эхнэртээ, нөхөртөө худлаа яриад баригдсан жишээ олон байна шүү. Багын найз маань саяхан найзуудтайгаа салхинд гарахаар болж дарга руугаа “Бие өвдөөд босч чадахгүй халуураад байна. Өнөөдөр эмнэлгээр явахаас” гэж амьсгаадаж ярагласан хүн ярьжээ. Дарга нь ч сандарч “Яаж туслах уу. Мөнгө төгрөг байгаа юу. Таньдаг эмчдээ хэлж өгье” гээд сүйд болж. Гэтэл тэр өдөр нь даргаас дуудлага ирж гэнэ. Манай хүн ч яахав өрөвдүүлэх санаатай нам дуугаар ярьж эхэлтэл захирал нь ууртайгаар “Чи худлаа ярьснаа нууя гэвэл найзаасаа нэг зүйл гуй. Фэйсбүүктээ миний зургийг битгий тавиач гэж хэл дээ” гээд утсаа салгачихаж. Мань эрийн найз амралтанд олуулаа авахуулсан зургаа фэйсбүүктээ тавьчихсан байсныг дарга нь харсан хэрэг. Их сургуулийн найзтайгаа таарсан чинь бас нэг хөгтэй явдал ярьж байна. Ажлынхантай ресторанд суухдаа эхнэртээ “Хуралтай байна” гээд худлаа ярьчихсан гэнэ. Ресторанд ид дундаа суутал эхнэр нь залгажээ. Дуу нь нэг л янзгүй сонсогдохоор нь хар авалгүй “Хурал дээр их чухал асуудал ярьж байна” гэж ажил хэрэгч царайлаад утсаа тавьчихаж. Орой юу болсон нь тодорхой. Эхнэр нь худлаа ярьж ресторанд суусныг нь мэдчихсэн байжээ. Найзыг маань худлаа хэлсний дараахан ажлын газрын бүсгүй нь фэйсбүүктээ “Ажлынхантайгаа гоё сууж байна” гэсэн тайлбартайгаар бөөнөөрөө сууж байгаа зургаа оруулсан байж. Энэ мэтээр худлаа ярьсныг нь фэйсбүүк, твиттер илчлээд байдаг болж дээ, цаана чинь.

Э.ХҮРЭЛБААТАР

Categories
гадаад мэдээ

Төрсөн өдрөөрөө парад зохион байгуулав

“Яахаас ч буцахгүй эзэгтэй нар” цувралын од, холливуудын нэрт жүжигчин Тери Хэтчер өчигдөр 50 нас хүрлээ. Тэрбээр 50 насныхаа төрсөн өдрөөр Нью Йорк хотноо “Бид эболаг зогсоож чадна” хэмээх парадыг зохион байгуулсан тухай “TMZ” сайт мэдээлэв. Энэхүү парадад бүгд хөл нүцгэн оролцжээ. Тэд ойролцоогоор нэг км орчим хөл нүцгэн алхсан байна.

Тери Хэтчер “Би 50 насныхаа төрсөн өдрийг мартагдахааргүй тэмдэглэхийг хүссэн. Би өмнөх төрсөн өдрүүд шигээ ширээний ард суухыг хүсээгүй. Тиймээс л “Бид эболаг зогсоож чадна” гэх парадыг зохион байгуулах санаа төрсөн юм. Би барианы цаана бэлдсэн лаатай бялууг үлээхдээ “Баруун Африкийн орнуудад дэгдсэн эболаг зогсоох тариаг хурдан гаргаж аваасай” хэмээн хүсэх болно” гэж хэлжээ.

Дээрх парадад жүжигчин Жессика Алба, Камерон Диаз, дуучин Кейти Перри тэргүүтэй 100 гаруй хүн оролцсон байна.

Categories
мэдээ нийгэм

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг боловсролд тэгш хамруулахыг уриаллаа

“Хүүхдийн төлөө өндөрт нисье” нэртэй дэлхийг тойрсон агаарын бөмбөлөгтэй аялал өнөөдөр монголд ирлээ. НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэй хэрэгжиж байгаа тус аялалыг Шинэ Зеланд улсын иргэн Эндрью Паркер анх санаачилжээ.

Тэрээр дэлхийн 100 гаруй улсад халуун агаараар ажилладаг нисдэг бөмбөлөгийг хөөргөх бөгөөд ингэхдээ НҮБ-ын Хүүхдийн сангаас боловсролын салбарт хэрэгжүүлж буй олон төсөл хөтөлбөрийг сурталчилан тус хөтөлбөрүүдэд зориулан нэг сая долларын хөрөнгө босгох төлөвлөгөөтэй ажээ.
Харин энэ удаагийн Монгол Улсад болж буй арга хэмжээ нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг боловсролд тэгш хамруулахын төлөө “Хамтдаа сурч, хөгжье” уриан дор өнөөдөр Чингисийн талбайд болж байна. Тус аждыг БШУЯ, Хүүхдийн төлөө үндэсний газар, Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төв, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эхчүүдийн холбоо, “Түгээмэл хөгжил” ТББ, “Монголын Дауны холбоо” ТББ, НҮБ-ын Залуучуудын зөвлөх хороо, 29, 70-р дунд сургууль, ШИнэ эрин сургуулиуд хамтран зохион байгуулж байгаа юм.
Өнөөдрийн байдлаар манай улсад хөгжлийн бэрхшээлтэй 32 мянган хүүхэд байгаагийн тал хүрэхгүй хувь нь л сургуульд сур байгаа гэсэн судалгаа байдаг аж. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг тусгай сургуульд сургах биш ердийн сургуульд бусад хүүхдүүдийн хамт суралцуулах нь тэднийг хөгжиж боловсроход илүү үр дүнтэй гэдгийг албаныхан онцолж байлаа.

Categories
мэдээ нийгэм

Дугуйн парад хойшлогджээ

Монголын залуучуудын холбооноос “Унадаг дугуйн парад”-ыг аравдугаар сарын 11-нд зохион байгуулна хэмээн мэдээлж байсан юм. Гэвч өчигдөр болох байсан дугуйн парад цаг агаарын таагүй байдлаас шалтгаалан түр хойшилжээ. Чухам хэдий болтол хойшлуулсан талаар холбогдох албаны хүнээс тодруулахад “Одоогоор бид дугуйн парадыг цагийг нарийн товлоогүй байна. Парадад сайн дураараа олон хаүмүүс нэгддэг. Тэдний дунд хүүхэд багачууд цөөнгүй. Гэтэл хүүхдүүд дугуй унахдаа хамгаалалтын малгай, зориулалтын хувцастай ирдэггүйгээс хаьтрах гулгах, бэртэж гэмтэх авулд өртөх вий гэж болгоомжлоод цас орсон өдөр парад хийсэнгүй. Цаг агаар харж байгаад аль нэг амралтын өдрөөр парадаа хийнэ” гэлээ.

Энэ намрын хаалт “Ногоон гудамж-Унадаг дугуйн зам” унадаг дугуйн парад “Гоё мэдээ, гоё парад” гэсэн уриатайгаар зохион байгуулагдах юм байна. Парад дээр Эдийн Засгийн Хөгжлийн Яам “Гудамж” төслийн санаачлан хэрэгжүүлэхээр төвөвлөж байгаа “Ногоон гудамж-Унадаг дугуйн зам” төслийг таницуулах ажээ.

Categories
мэдээ нийгэм

Цэцэрлэгийн өргөтгөлийг нээнэ

Сүхбаатар дүүргийн 42 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн нээлт маргааш болно. Цэцэрлэгийн нээлтэд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, Дэлхийн банкны суурин төлөөлөгч Жэймс Андерсон, Сүхбаатар дүүргийн Засаг дарга Д.Бадарсан нар оролцох ажээ. Энэхүү цэцэрлэгийн өргөтгөлийг Дэлхийн банкны хөрөнгөөр барьж байгуулсан юм. Тус цэцэрлэгт Сүхбаатар дүүргийн VIII хорооны хүүхдүүд хүмүүждэг бөгөөд цэцэрлэгийн шинэ өргөтгөл барилга ашиглалтанд орсноор 400 хүүхэд нэмэгдэж, энэ онд шинээр элсэх хүүхдийн тоо 1526 болжээ.

Categories
мэдээ спорт

“Морин хуур” чуулгынхан хандивын тоглолт хийнэ

“Морин хуур” чуулгыг монгол хүн бүр, Монголд ирж үзсэн гадаад хүмүүс цөм мэддэг. Монгол Улсын нүүр царайг олон газарт, мянгантаа дархалсан энэхүү чуулгыг үүсгэн байгуулагч, Ардын жүжигчин, морин хуурч, “Морин хуур” чуулгын удирдаач, Цэндийн Батчулуун хүндээр өвджээ. Тиймээс тус хамтлагийн уран бүтээлчид удирдаачийнхаа эмчилгээний зардалд ханвив болгох үүднээс тоглолт хийхээр болсон байна. Тус чуулга аравдугаар сарын 20, 21, 22-ний өдрүүдэд Соёлын төв өргөөнд тоглолтоо хийхээр товложээ. Чуулгынхан Монголын маань бахархал болсон энэ хүний төлөө, нэгэн үдшийг морин хуурын аялгуунд өнгөрөөх хүсэлтэй хэн бүхнийг шинэхэн тоглолтоо урьж буй ажээ. Тоглолтын билетийн үнэ 25000 төгрөг бөгөөд захиалгыг 99992573 утсаар авч байгаа юм байна.

Categories
мэдээ нийгэм

ТЭЦ-3 станцад хоёр дахь шатны шинэчлэл хийнэ

Засгийн газрын 2014 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн ээлжит хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Дулааны III цахилгаан станцад хоёр дахь шатны шинэчлэл хийх тухай Засгийн газрын тогтоол гаргахаар шийдвэрлэлээ. Тус ТӨХК-ийн хүчин чадлыг 50 мВт-аар нэмэгдүүлсэн эхний ээлжийн өргөтгөлийг богино хугацаанд амжилттай хэрэгжүүлж, энэ оны долдугаар сарын 1-нээс турбин-генераторыг сүлжээнд залган бүрэн хүчин чадлаар ажиллуулж байна.

Харин хоёр дахь шатны шинэчлэлээр 2×125 мВт хүчин чадалтай дулааны цахилгаан станц байгуулахаар төлөвлөж байна. Бүтээн байгуулалтад шаардлагатай хөрөнгийг Хөгжлийн банкны зээл болон бусад эх үүсвэрээс 2014 оноос гаргаж эхлэхийг Эдийн засгийн хөгжлийн яам, Эрчим хүчний яам, Хөгжлийн банкинд даалгалаа. Санхүүжилтийг 2015-2019 онд үе шаттайгаар эргэн төлөхөөр шийдвэрлэлээ.

Хоёр дахь шатны шинэчлэлийн үр дүнд хүчин чадал нэмэгдэхээс гадна тус станцаас агаарт ялгаруулж буй хорт бодисын хэмжээг 98 хувь бууруулж чадна гэж мэргэжлийнхэн тооцоолжээ. Хотын төв буюу Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул дүүргийн хэрэглэгчдийг дулаанаар хангадаг гол эх үүсвэр ТЭЦ-3 шугам сүлжээний горимын хувьд хамгийн оновчтой байршилтай ч хэт хуучирсан тоног төхөөрөмж дээр суурилсан учир байгаль орчинд их хэмжээний бохирдол үүсгэж байгаа юм.

Categories
гадаад мэдээ

Анжелина Жоли “Хүндэт хатагтай” болжээ

Британийн хатан хаан II Елизавета Анжелина Жолид “Honorary Dame” буюу “Хүндэт хатагтай” өргөмжлөлийг гардуулсан байна. Хатан хаан нэрт жүжигчний дайны бүс бэлгийн хүчирхийллийн эсрэг тэмцэж буй үйл ажиллагааг дэмжиж энэхүү шагналыг гардуулжээ. Тэрээр шагналыг гардаж авахаар Букингемийн ордонд нөхөр Брэд Питт болон зургаан хүүхдийн хамтаар ирсэн аж.

Жоли уг шагналд дэвшигдсэн нь өнгөрсөн зургадугаар сард тодорхой болсон юм. Тэр цагт Хатан хааны төрсөн өдрийн өмнө янз бүрийн шагналд нэр дэвшүүлсэн хүмүүсийн тоонд Жоли байгааг тэр үед зарлажээ. Жоли “Хүндэт хатагтай”гэх цолыг нэрийнхээ өмнө дуудуулахгүй аж. Учир тэр Британийн иргэн биш цэвэр бэлгэдлийнх юм.

Categories
гадаад мэдээ

Нууц бүлэглэлийн гишүүдэд ял оноов

БНХАУ-ын Шандун мужийн Янтайн иргэд хоорондын шүүх өнгөрсөн тавдугаар сард тус хотод гарсан хүн амины хэргийг үйлдсэн бүлэглэлийн гишүүдийн хэргийн авч хэлэлцлээ. Синьхуа агентлагийн дамжуулснаар Шандун мужийн МакДоналдст зоогийн газарт бүлэг этгээд нэгэн эмэгтэйг зодож, улмаар амь насанд нь хүрсэн юм. Гэмт этгээдүүд Бүхнийг чадагч бурханы сүм хэмээх бүлэглэлийн бөгөөд хохирогч эмэгтэйг эгнээндээ элсүүлэх гэж оролдон утасныхаа дугаарыг өгөхөөс татгалзсных нь төлөө бүрэлгэсэн аж.

Гэмт этгээдийн хоёр нь болох аав охин Жан Фан, Жан Лидон нарт цаазаар аваачих ял оноожээ. Тэдний хамтрагч Лу Инчун гэгчид бүх насаар нь хорих ял оноосон байна. Үлдсэн хоёр нь болох Жан Хан , Жан Чиаолин нарт 10 ба долоон жилээр хорих шийтгэл тус тус оноожээ. Харин хохирогч эмэгтэйн хувьд 37 настай Ву Шоуян гэгч байсан байна.

БНХАУ-д хуулиар дээрх бүлэглэлийн үйл ажиллагааг хатуу хориглодог юм. Гэвч тэд нууцаар үйл ажиллагаа явуулан хүрээгээ хэдэн сая гишүүдээр тэлээд байгаа юм байна.